Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 26 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 2 мэдэгдэл холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 2 хэрэгт нийт 26 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Ж” нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
  • Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагч “Ц” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Хөвсгөл аймгийн удирдах албан тушаалтан “И”, “М” нар нь бусдад давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Г” нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Яллагдагч “Г” нь  Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа “С”, “Н” нараас хахууль авсан гэх
  • “С” нь Экологийн цагдаагийн албаны цагдаагаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтан “Т”, “М” нар нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Г”, “Б” нар нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 09-ний өдрийн хуралдаан болон хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан
10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
10.00 “Их засаг”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
11.00 334 тоот
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
14.00 “Их засаг”
4 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
“Биокомбинат” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцах
14.00 “Биокомбинат” ТӨХХК
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
1 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо
  • “Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг
14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо
  • “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлэг
14.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

 Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс баруун хойд зүгт 16 километрийн зайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт Улаанбаатарын 6.42 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Categories
мэдээ нийгэм

Тусгай дугаарт хуурамч дуудлага өгвөл 50 мянган төгрөгөөр торгоно DNN.mn

Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугааруудад хуурамч, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг иргэнээс гаргуулна гэдгийг анхааруулж байна.

Тусгай хэрэгцээт буюу сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс богино зурвасаар мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тусгай дугаарт хуурамч дуудлага өгөхгүй байхыг эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарулахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны нөөц хэвийн байна DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцад АИ-92 шатахуун дуусаж, иргэдэд шатахуун олдохгүй байна гэх асуудал үүссэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Зарим нэг компани өөрсдийнхөө дотоод нөөцөө сайн хангаж чадаагүйн улмаас нэг, хоёр газар тасалдсан нөхцөл байдал үүссэн. Нийтээрээ тасалдсан зүйл байхгүй. Улсын хэмжээнд АИ-92 шатахууны нөөц гайгүй байгаа. Гэхдээ сүүлийн 15, 16 хоног орж ирээгүй учраас зарим компанийн шатахууны нөөц дундарч эхэлсэн нөхцөл байдал үүссэн.

Бямба, ням гаригаас ОХУ-аас бүтээгдэхүүний ачилт хэвийн болж эхэлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөнгөлөлттэй үнээр 590 нэр төрлийн эм авах боломжтой DNN.mn

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авдаг. Тухайлбал, эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Эрүүл Мэндийн Даатгалын сан /ЭМД/-гаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчилсэн тогтоолыг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Тогтоолд зааснаар ижил төрлийн эмийн үнийг жишиг болгож, шинээр нэмэгдсэн эмийн үнийн дээд хязгаар болон хөнгөлөлт үзүүлэх хэмжээг тогтоосон юм.

Мөн төрөөс зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад орсон тархины саажилт, уналт таталттай 0-19 насны хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Шинэчилсэн жагсаалтын нэршилд нийт 590 төрлийн эм багтсан байна.

Өмнө нь иргэд 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд багтсан эмийг даатгалаар хөнгөлөлттэй авч байсан юм. Эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр 33 худалдааны нэршлийн эмийг нэмсэн. Түүнээс хойш жагсаалтад эм нэмээгүй байв.

Ингэснээр 574 худалдааны нэршлийн, 174 ерөнхий нэршлийн эмийг олгож байгаа. Өнгөрсөн жил хөнгөлттэй 370 мянга гаруй эм иргэд авсан байна.

Харин одоо иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөсөө асууж, эмээ бичүүлэх боломжтой. Хөнгөлөлттэй эмийн тухайд тархины цусан хангамж, ходоод, элэг цөс, зүрх судас, дотоод шүүрлийн эмийг 60 хүртэлх хувь, харин бусад төрлийн эмийг 30 хүртэлх хувь хөнгөлдөг. Эдгээр эмүүдээс жагсаалтаас хассан зүйл байхгүй. Зөвхөн программын сүлжээ зарим үед унадаг болохыг албаны хүн онцлов. Эмийн жагсаалтыг Emd.gov.mn сайтаас бүрэн харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголоос Австрали улс руу шууд нислэгтэй болно DNN.mn

Монголчууд хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Ингэснээр тус улс руу шууд нислэгтэй болох юм байна.

Манай улсаас 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болоод байгаа бөгөөд тийзийн үнэ 1,000-1,500 ам.доллар болж буурч, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болох юм байна. Эхний ээлжид АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Мөн энэ оны наймдугаар сард Монгол улсаас Грек улс руу шууд нислэгтэй болох хэлэлцээрийг байгуулсан билээ.

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас 34 улсыг чөлөөлсөн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлжээ.

Тухайлбал БНСУ-тай агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдсэн байна.

Харин Япон улс руу  долоо хоногт 61, Турк руу 28 нислэг үйлдэж байгаа аж

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27, аврах ажиллагааны хоёр дуудлага бүртгэгджээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, хоёр тэрбум 311 сая төгрөгийн өмч хөрөнгийг аюулаас хамгаалсан байна

Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрстэлтэй бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрстлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

Түүнчлэн гал унтраагуурыг/галын хор/ иргэн бүр хэрэглэж мэддэг байх хэрэгтэй.

Гал унтраагуур нь дөнгөж гарч байгаа галыг унтраах, нунтаг гал унтраагуур нь дөрвөн төрлийн галыг унтраах зориулалттай.

Галын хорыг ажиллуулж, гал унтраах арга:

  1. Ломботой чагтыг мултална.
  2. Хошууг галын голомт руу чиглүүлнэ.
  3. Хөшүүргийг атгана.
  4. Галыг унтраана.

 

Эх сурвалж: НОБГ 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Авлигад идэгдсэн орон ямар болдгийг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна DNN.mn

Авлига улс орныг мөхөөдөг гэж алдар суутнуудын хэлсэн үг бий.Тухайлбал, “Улс орон гадаад улсын булаан эзлэлтээс бус ард түмнийхээ итгэлийг алдсан авлигажсан албан тушаалтнуудын шуналаас болж сүйрдэг” гэж Солонгосын сэтгэгч Жон Яг Юун хэлсэн юм гэдэг. Хүн төрөлхтний их сэтгэгч суутнуудын ийн хэлсэн нь гарцаа байхгүй үнэн байна. Авлигад идэгдсэн улс орон хэрхэн яаж уруудан доройтож, бүх зүйл нь урвуугаараа эргэж, нийгэм нь тэр чигтээ там шиг болдгийн бодит баталгааг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна. 2008 оноос хойш нийт нэг их наяд төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зориулсан гэх тооцооллыг өнгөрсөн жил гаргасан. “Цэвэр агаар сан”, “Утааг бууруулах сайжруулсан түлш”, “Утаагүй түлш” гээд янз бүрийн нэр өгч төсөл нэрээр нэг их наяд төгрөгийг зүгээр л идээд уучихсан. Зарим жилүүдийн тоо баримтын судалгааг сөхөхөд, 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум нийт 164.1 тэрбум, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг утаанд зарцуулах нэрээр хуваагаад идчихсэн байх жишээний.

2017-2020 онд гэхэд улсын төсвөөс 273.1 тэрбум, Азийн хөгжлийн банк Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, Хятадын зээлээр нийт 168.9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум нийт 456.1 тэрбум төгрөгийг мөн л утаа нэрээр эрхтэн дархтнууд нь цусалчихсан. Утааг багасгая, утаа хэрээс хэтэрлээ, “Утаагүй Улаанбаатарын төлөө” гэж ярьсан, тэмцсэн, бусдыгаа оройлсон бүхэн утааны мөнгийг хувааж хулгайлсан байдаг. “Утааны эсрэг ээж аавуудын групп” гээчээс аваад төр засгийн удирдлага, дарга сайдаасаа аваад энгийн иргэд хүртлээ бүгд утаа нэрээр улсын төсөв, гадны дотны зээл тусламж бүгдийг үлдээлгүй хувааж тоносон. Агаарын бохирдол гэж дуугарсан бүхэн авлига байсан. Одоо “Хятадын хагас кокс” нэрээр 177 тэрбумыг идэх гээд эрх баригчид шүлсээ залгиад “амташсан хэрээ” гэгчээр зогсож байна.

Утаа нь авлигал болоод зогсохгүй эцэстээ албан тушаал эрх мэдлийн илд бамбай болсон. Утаа арилгасан нэрээр одоогийн Ерөнхийлөгч, тухайн үед намын дарга байхдаа Их хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг яаж дахин авч байв.Мөн “Утааг ялчихлаа, одоо түгжээг тайлна” гээд улайм цайм суртал ухуулга хийсэн Ж.Батбаясгалан гэдэг нөхөр НИТХ-ын даргын суудалд заларч байна. Ингэж эрх баригчид утааны мөнгийг их наядаар нь зүгээр ч бас гударчихгүй ард түмнээ доог тохуу хийгээд сууж байна.Энэ бүхний эцсийн үр дүнд Улаанбаатарын утаа дээд цэгтээ хүрч, хорт хавдар болоод үр зулбалтын энэ олон шалтгааныг эрдэмтэд утааны хор хөнөөлтэй холбон тайлбарлах болсон. Утаатай тэмцсэн гэх сүүлийн 20-иод жил утаанд зарцуулсан мөнгөөрөө хотын гэр хорооллын 220 мянган өрхийг бараг 100 хувь орон сууцтай болгож, Улаанбаатар жинхэнэ ёсоороо утаагүй хот болох бүрэн боломжтой байсан нь тодорхой.

Тэгвэл замын түгжрэл хэмээх жинхэнэ “там-тай учирснаар мөн хориод жилийн нүүр үзлээ.Улаанбаатар хот удахгүй метротой болно гэдгээс аваад тэнгэрийн зам, цахилгаан соронзон галт тээвэр, дүүжин тээвэр, LRT хөнгөн галт тэрэгний шугам гээд замын түгжээг бууруулах мөн ч олон янзын үлгэр ярьсан. Хамгийн хорлонтой нь тэр бүгдэд гадны зээл тусламжийн мөнгийг ховх сороод зогсохгүй манай луйварчид гадныхантай нийлж улс орноо цөлмөсөн. Ганцхан жишээ хэлэхэд, Баянхошуунаас гэмтлийн эмнэлэг, ХААИС-иас Богд хааны музейгээр дамжаад Хүүхдийн ордон орох хойд урд хоёр маршруттай хотын захиргаа, Францын ПОМА компанийн хамтарсан төсөлд 180 орчим тэрбум төгрөгийг нийслэлээр шийдүүлсэн байдаг. Төслийн гүйцэтгэгч компани ПОМА руу 16.1 тэрбум, Эжис рэйл ХХК руу 6.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн ч хийгдсэн ажил алга гээд нэг хэсэг шуугиад л өнгөрсөн.

Гэтэл сая юу болов. “Түгжрэлийг бууруулах гол гарц нь нийтийн тээвэр, гэвч энэ салбар уналтад орчихлоо. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарыг цогцоор нь шийдвэрлэнэ” гэх мэдээллийг хот хариуцсан сайд, хотын удирдлагууд нь гаргаад 2023 оны төсөвт 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан.

Гэвч энэ мөнгийг улсын нууцад оруулж байгаад хот хариуцсан сайд, нийтийн тээврийн газар, худалдан авах ажиллагааны газар зэрэг бүх эрх мэдэлтэн, автобус компани хувийн хэвшилтэйгээ нийлээд шуналаа барьж дийлэлгүй хэдэн талаас нь дайраад орчихсон. Зүгээр л хуваагаад иддэг тэр жишгээрээ хувааж аваад идэх гэж үхэлджээ. 330 хэдэн тэрбум гэдэг бол үнэндээ бага мөнгө биш. Энэ мөнгөөр дэлхийн аль ч орноос орчин үеийн автобус худалдаж аваад нийтийн тээврээ олон улсын стандартад хүргэчих бүрэн боломжтой.

Солонгосын “Хьюндай”-гийн шинэ автобусууд оруулаад ирсэн бол бид яаж баярлах бол. Үнэ нь жаахан нэмчихсэн байсан ч тоохгүй, шинэ юм чинь арга үгүй л гэнэ. Тэгтэл Солонгосоос “сэг” ачаад, түүнийгээ Вьетнамд аваачиж угсраад парк шинэчлэл нэртэй 330 хэдэн тэрбумаар ёстой нэг тоглосон байгаа юм. Яагаад шинэ автобус аваагүй юм бэ гэхэд орчин үеийн автобус гоёдоно, бид дор нь хэмхлээд дуусна гэж дарга нар ярьсан гэсэн. Тэгвэл монголчууд өнөөдөр хамгийн орчин үеийн машин, тэр ч бүү хэл онгоц нисдэг тэрэг хөлөглөж байна. Шинэ автобус авбал нөгөө хулгайлах мөнгө нь бага болно гэж голоод ийм сэг босгож ард түмэндээ шахаж байгаа нь тэр.

Дээрээс нь бид үнийн өсөлт том дарамтад бүгд сөхөрчихсөн. Саяхан манай сонинд дэлхийн зарим орны хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ болон Монголын барааны үнийг иргэдийн авч буй цалингийн хамт хүснэгтээр харуулсан. Манайд нэг кг үхрийн мах 19 мянга 500 төгрөгийн үнэтэй байхад Хятадад 21000, Польшид 25000 байна. Сүү Монгол 3600, Польшид 2500, элсэн чихэр Монгол 5800, Германд 7600, тахианы мах Монголд 1 кг нь 14000, Солонгост 26000, Польшид 14000, Германд 20000 байх жишээтэй. Тэгвэл монголчуудын сарын дундаж цалин 350 доллар буюу 1.2 сая, польшийн цалин 1608 ам.доллар буюу 8.9 сая, Солонгосынх 2 сая вонн буюу 5.2 сая, Хятадынх 600 ам.доллар буюу 2 сая байх жишээний. АНУ-ын дундаж цалин 3500-4000 ам.доллар гэдэг. Манай өргөн хэрэглээний барааны зарим үнэ Америкийнхтай ойролцоо гэдгийг иргэд хэлдэг. Манай цалин нь 1.2 сая, польшын цалин 8.9 сая гэдэг ч хэрэглээнийх нь үнэ нь ижил түвшинд байна гэдэг аймшигтай. Юу ч үйлдвэрлэдгүй зүгээр л хятад барааг авч ирж нутаг нэгтнүүддээ дамлан зардаг улс орон ийм болохоос ч өөр яах билээ.

Монголчууд бид өөрсдөө ийм л улс орныг бий болгосон. Энэ бүхэн монголчууд бид дээд албан тушаалтнаасаа доодох хүртлээ авлигад гүн шигдсэний баталгаа.

Томчууд нь тэрбум тэрбумаар, их наядаар нь хулгай хийж улс орноо тонодог. Доод дунд шатных нь бас л өөр өөрсдийнхөө хэр хэмжээнд хулгай хийдэг. Яг л утаа гэдэг нэрээр улсаа цөлмөсөн шиг, саяны автобусны хулгай, цавчаа шиг бүх л салбарт авлига, хулгай дээрэм, нүүрлэсэн.Наад захын жишээ хэлэхэд, машины зогсоолын төлбөр авч байгаа нөхөр сүлжээ болохгүй байна гээд НӨАТ өгдөггүй. Тэгсэн хэрнээ кассын машин нь мөнгө уншаад сүлжээ нь зүгээр байдаг. Хүмүүсийн НӨАТ-ыг бөөгнүүлж байгаад хувьдаа уншуулж амьхандаа л ажлаасаа ашиг унаган бусдыг шулж байгаа нь тэр. Яавал бусдаас таван төгрөг илүү авчих вэ гэж үхэн хатан чичирдэг ийм өлмөн зэлмэн, ёс зүйгүй сэтгэлгээ монголчуудын өнөөгийн энэ авлигын нийгмийг цогцлоосон.

Түүнийхээ хүчинд утаандаа угаартаад, үнийнхээ өсөлтөд дарлуулаад, түгжрэлдээ гарах гарцгүй ядуу хоосон амьдарч, эцэстээ нэгнээ барьж идэхдээ тулж байна. “Монголчууд хөгжихгүй, учир нь хөгжлийг бий болгодог ёс суртахуун та нарт байхгүй” гэж Япон жүжигчний хэлснийг хүн бүр бодож, ёс суртахуунаа өөрчлөх цаг болсон. Тэгж байж бид бүхэн өөдөө нар харна. Нэгнээ шулж, энэ чинь зах зээл хэмээн тэнэглэдэг адгийн сэтгэл зүйгээ одоо больё. Харин зах зээлийн нийгэм хамгийн ёс зүйтэй байхыг шаарддаг гэдгийг бүгдээрээ ойлгож хүн бүхэн дор бүрнээ хичээж өлөн сэтгэхүйгээ өөрчилж хулгайгаа зогсооё.

Д.Батболд

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Сонгуулийн жилийн төсөв учраас ил далд сонгуулийн мөнгөө босгох, дахин сонгогдох зорилготой элдэв зардалыг гишүүд төсөвт суулгах гэж зүтгэдэг DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сайхан намаржиж байна уу?

-Тавтай сайхан намаржиж байна, намаржаа тавлаг уу.

-Тавлаг сайхан. Та бид хоёр малын бэлчээр дээр уулзаж байгаа юм шиг санагдчихлаа?

-Сая тойрогтоо ажиллаж байгаад ирлээ. Сар шахам хугацаанд 48 багаар явж ард иргэдтэйгээ уулзаж санаа бодол, төрд хэлэх үгийг нь сонсож, хийсэн ажлаа тайлагнаж, цаашдаа хийх ажлын даалгавар захиасыг нь аваад ирлээ.

-Сонгууль дөхөөд гишүүд тойрогтоо их ажиллаж байх шиг байна, тийм үү?

-Би сонгогдсон цагаасаа хойш жилдээ 2-3 удаа ингэж тойрч иргэдтэй уулзаад хэвшил болсон зүйл. Сонгуультай холбоотой ч юм биш. Зөвхөн сонгогдсон тойрогтоо ажиллахаас гадна бусад аймаг сумдуудаар ч явж ард иргэдтэй уулзаж учирч явдаг. Сая гэхэд л Архангайн аймгийн 5-6 сумдаар уулзалт хийгээд ирлээ. Сүүлийн долоон жилд нийтдээ 16 аймгийн 90 гаруй суманд ард иргэдтэй уулзсан байна.

-Ямар зорилготой болоод өөрт хамаагүй тойргоор уулзаад байдаг юм бэ?

-Үндсэн хуулинд УИХ гишүүн нь нийт ард иргэдийн төлөөлөл, тэдний ашиг сонирхлыг харгалзаж ажиллах ёстой гэж заасан байдаг. Тиймээс би өөрийн тойрог гэлтгүй өөр аймаг сумдын иргэдтэй уулзалт хийдэг. Цаашдаа Монголын бүх 330 сумын иргэдтэй уулзана гэж төлөвлөсөн байгаа. Малчдын ажил хөдөлмөр ачааллыг бодохоор намар л уулзалт хийхэд арай илүү тохиромжтой байдаг. Ер нь мэргэн ард гэж үг байдаг даа. Иргэдтэй уулзаж, тэднээс л хийх ёстой ажил, санаачлах хууль, шийдлийг сонсож олж мэддэг. Иргэд л надад эрч хүч, урам зориг өгдөг.

-Намрын чуулган эхэллээ. Сонгуулийн жилийн төсөв гэж айхтар юм хэлэлцэнэ. Сөрөг хүчний хувьд, төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд тун завгүй, тэмцэлтэй чуулган болох нь дээ?

-Сөрөг хүчин гээд заавал бүх юман дээр тэмцээд эсэргүүцээд байдаг юм биш л дээ. Шүүмжлэх юмаа шүүмжлэнэ, эсэргүүцнэ. Зөв зүйтэй юмыг хөндлөн хэвтээд эсэргүүцээд байдаггүй. Мэдээж сонгуулийн жилийн төсөв маш их данхайж, ил далд сонгуулийн мөнгөө босгох ч юм уу, дахин сонгогдчих гээд пиарын зорилготой ч гэх үү, элдэв хэрэгтэй хэрэггүй зардлыг гишүүд төсөвт суулгах гэж зүтгэдэг.

-Та бас юу суулгах гэж зүтгэх вэ?

-Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоох хууль, долоон жилийн дунджаар тогтоолгосон иргэдэд таван жилийн дунджаар тогтоож, зөрүү гарвал нөхөн олговор олгох гээд хоёр хууль өргөн барьж батлуулсан. Тэрэнд зарцуулагдах хөрөнгийг дараа жилийн төсөвт суулгахгүй бол хууль маань хэрэгжихгүйд хүрнэ. Гишүүдийг ч энэ ажил дээр хамтрахыг уриалж байна.

Тойрогтоо байшин барилгын төсөв суулгаж, тендерээс сонгуулийн мөнгөө босгохгүй юм уу?

-Сөрөг хүчин нэг хазгай гишгэхэд л ачаад явчихна. Ер нь мөнгө төгрөгний асуудалд би хутгалддаггүй. Ховдод хөрөнгө оруулалтын ажлыг МАН-ынхан шалгаруулдаг.

-Нүүрсний хулгай гэж сенсаци дэгдэхээс өмнө та нүүрсний тээвэр дээр нэлээд их дуугарсан даа?

-Тэр ч бүр арай дэндсэн хулгай байсан л даа. Төсөвт орох ёстой байсан мөнгийг л тээвэр нэрээр хулгайлсан асуудал. Тэрийг хууль хяналтынхан бас шалгах байлгүй дээ. Нүүрсний хулгайг сөхөж олны анхаарлыг хандуулж чадсанаар нүүрсний экспортын хэмжээ өдөртөө 350 мянган тонн болж өссөн. Үүний үр дүнд төсвийн орлого хагас жилээр 23 хувиар давсан. Гэхдээ энэ эдийн засгийн өсөлт нь ард түмэнд хүртээлгүй байгаад байгаа нь харамсалтай. Тоо баримт харахаар улс орны эдийн засаг өсөөд байгаа боловч ард иргэдийн орлого, амьжиргаа улам муудаад байдаг. Үнийн өсөлт, инфляци, аж ахуйн нэгжүүдийн дампуурал маш их байна. Олонхоороо хүч түрээд нүсэр төсөв батлаад байхаар инфляцидаа идүүлээд төрийн албан хаагчид, багш эмч нарын цалин хаанаа ч хүрэхээ байж байна шүү дээ. Үүнээс улбаалаад мэргэшсэн боловсон хүчнээ гадагш нь алдаж эхэллээ.

-Үүнээс гарах арга зам юу байна гэж хараад байна вэ?

-Юуны өмнө инфляциа хязгаарлаж төсвийн зарлагыг эрс багасгаж төгрөгийн худалдан авах чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Тэрнээс уралдаж барьцалдаад цалин тэтгэвэр нэмээд байвал яван явсаар хэт инфляци руу л ордог жишээг бусад орны гашуун туршлагаас харж болно. Хоёрдугаарт, хувийн хэвшлийг дэмжих үүднээс татвар хураамжуудаа багасгах хэрэгтэй, ингэснээр тэд цалин хөлсөө нэмэх, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах боломжийг бий болгоно. Гуравдугаарт, нийгмийн бүх л давхаргад шууд ордог орлогын эх үүсвэрүүдийг нээж, төрийн элдэв зөвшөөрөл лиценз квотоос чөлөөлж өгөх хэрэгтэй. Жишээ нь махны экспортонд төр оролцоод, квот тогтоогоод хэн гаргаж болно, хэн нь болохгүй гэдгийг шийдээд байхгүй бол төрөөр дамжиж хувиарлагдахгүй иргэдийн орлого шууд нэмэгдэх боломжтой. Ийм сувгуудыг шинээр бий болгох, өргөжүүлэх, төрийн оролцоогоо багасгах л чухал байна.

-Гадны хөрөнгө оруулалт чухал юм биш үү?

-Гадны хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого хоёроо уялдаа холбоотой болгомоор байна. Одоо бол тийм юм харагдахгүй байна. Гадны хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, хамгаална гэчихээд л эхнээс нь дээрэмдүүлсэн, залилуулсан хөрөнгө оруулагчдын асуудлыг шийдэхгүй замхруулна. Нэмээд газрын ховор элемент, уран зэрэг олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол татсан төслүүдээ элдэв шалих шалихгүй шалтгаанаар гацаадаг, эс үйлдлээр эсэргүүцдэг баймааргүй байна.

-Та уран олборлохыг дэмждэг юм уу?

-Дэмждэг, магадгүй улс төрчдөөс хамгийн их дэмждэг нь байх. Хүн төрөлхтөн гал эзэмшин харьцаж сураад сая жил болсон. Харин цөмийн эрчим хүчийг нээж ашиглаад зуун жил ч болоогүй боловч энэ хугацаанд техник технологийн дэвшил сая жил эзэмшсэн галнаас илүү аюул багатай, хяналттай ашиглах боломжтой болголоо. Цаашдаа ч улам боловсронгүй болно. Тиймээс Монгол Улс уран олборлож, экспортлож, улмаар Монголдоо ч цөмийн эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох боломжтой гэж үздэг.

-Цөмийн хог хаягдал, цацраг идэвхитэй олборлолт гээд ард иргэд эсэргүүцээд байдаг шүү дээ?

-За хоёулаа ярьсаар цэвэр мэргэжилтнүүдийн ярилцдаг шийддэг асуудал руу хазайж орох нь. Мэргэжлийн бус ч шинжлэх ухааны наад захын ойлголтоор бол цацрагын үндсэн фон гэж байдаг. Уран олборлох газар ялимгүй өндөр, бусад газар ерөнхийдөө харилцан адилгүй ч тодорхой цацрагийн фонтой. Бүх амьд бодьгал тэр фонд дасан зохицоод, амьдраад үржээд ирсэн. Шар нунтаг ч тодорхой фонтой, олборлож буй газрын фоноос хэтрэхгүй. Шар нунтагаас хойш хоёр өөр боловсруулалтад ороод, идэвхижүүлж байж цөмийн түлш болдог. Тэрнийг манайд хийхгүй. Тэгэхээр уранаа олборлож борлуулахыг би дэмждэг. Ойроос гэвэл манай хоёр хөрш, Казахстан, Узбекистан уран олборлож экспортлож байна. Казахстан дэлхийн хэрэгцээний бараг тэн хагасыг ганцаараа гаргаж байна. 2022 онд зөвхөн уранаас 2.6 тэрбум ам.долларын орлого олсон байна. Нөөцөөрөө бол манайх Казахстанаас илүү байх ч боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг юм байна лээ.

Нутгийн ард иргэд эсэргүүцдэг шүү дээ?

-Тодорхой зорилготой, гадны санхүүжилттэй бүлэглэлүүд очиж үймүүлдэг, нутгийн ард иргэдийг турхирдаг гэж би хардаг. Үнэндээ цахилгаан, машин, уурын тэрэг, радио гээд өнөөдөр бүгд мэддэг хэрэглэдэг зүйлсийг тухайн үедээ бас л ард иргэд нь эсэргүүцээд бөөн юм болж л байсан түүх бий. Таньдаг мэддэг болохоороо дайсагнахаа больчихдог л доо.

-Ураны асуудлаар Францын ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Уг айлчлалын дараагаас урантай холбоотой асуудал олны анхаарлыг их татаж байна л даа…?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад удахгүй төрийн айлчлал хийх гэж байна. Уг айлчлалаар олон жилийн турш шийдэгдээгүй байсан Улаанбадрах дахь ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажил байгаа. Тус орд газар ашиглалтад ороод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал Монгол Улсын төсөвт жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого оруулах боломжтой. Уран бол стратегийн том бүтээгдэхүүн. Тэгэхээр Монгол Улсын ураны салбарт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байдаг таван орныг орж ажлаасай гэж хувьдаа боддог.

-Ямар таван орныг аль орд газарт оруулна гэж…?

-ОХУ-ыг Мардайн ордод, Франц бол Улаанбадрахын ураны ордод ороод явна. БНХАУ хоёр гурван ордуудад хөрөнгө оруулалт хийхээр байгаа. Цаашлаад Англи, Америк улсыг бусад ураны томоохон ордуудад хөрөнгө оруулалт хийж ороосой гэж боддог. Эдгээр таван орон тавуулаа автомын цахилгаан станцтай улс. Өөрөөр хэлбэл цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг орнууд. Тиймээс эдгээр орнуудын хөрөнгө оруулалтыг татсанаараа илүү том боломж манай улсад бий болно гэж харж байгаа.

-Уран гэснээс таны сонгогдсон тойрог буюу Ховдод Халзан бүргэтэйн орд газар бий. Үүнийг ашиглана, ашиглахгүй гээд янз бүрээр л бичдэг. Таны хувьд ямар байр суурьтай явдаг юм бэ?

-Засгийн газрын зүгээс тодорхой шийдвэр гаргасан юм билээ. Ер нь аливаа уул, уурхайн орд газруудыг ашиглах, хайгуул хийх эсэхийг тухайн орон нутгийн иргэдээс заавал асуух ёстой. Асуухаас гадна асуудлаа нээлттэй хоёр талдаа ярилцаж, маш сайн ойлголтыг өгсний үндсэн дээр тохиролцох ёстой. Өөрөөр хэлбэл орон нутгийн ард иргэдтэй ойлголцсоны дараа л орд газрыг ашиглах асуудлаа ярих учиртай юм. Хэрэв ард иргэд нь эсэргүүцээд, ойлголтын зөрүү үүсэж байгаа бол хайгуул болон ашиглалт явуулж огт болохгүй.

-Таны хувьд хуурамч шатахууны асуудал олон удаа ярьсан. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг ч өргөн барьж, улмаар таны төслийг унагасан. Дахиад энэ хуулийн төслөө өргөн барих уу?

-Миний энэхүү хуулийн төслийг Цэцээр хүчингүй болгуулсан. Тэгэхээр дахиад өргөн барих эсэхээ одоогоор шийдээгүй байна. Хамгийн гол нь хуурамч шатахууны хор хохирлын асуудлыг олон нийтэд таниулах, сайн мэдээллээр иргэдийг хангах нь илүү чухал байгаа.

-Ярианыхаа төгсгөлд нэг зүйл асууя. Эрх баригчид нийгмийн бухимдсан салбар дээр халаа сэлгээг шуурхай хийж байна. Хүнийг нь солиод асуудал өөрчлөгдөнө гэж байх уу?

-Орон нутаг, УИХ-ын сонгуулиар тухайн нэр дэвшигчийн олон жилийн хөдөлмөрөөр бий болж ялалт авдаг. Ялалт авснаараа ИТХ болон УИХ-ын гишүүнээр сонгогддог. Гэтэл энэ хүмүүсийн олон жилийн хөдөлмөрийг уландаа гишгэж, Ерөнхий сайд нь шууд тухайн орон нутгийн засаг даргыг томилож, чөлөөлж байна. Ерөнхий сайд шууд ийм шийдвэрийг бие даан гаргаж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсонд шууд халдаж байгаа үйлдэл болоод байгаа юм. 2022 оны сүүлээр батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгж, удирдлагын тухай хуулиар маш олон багийн болон сум, аймгийн ИТХ-ын эрх мэдлийг хязгаарласан. Цаашлаад хуучин нийгмийн босоо удирдлагын систем рүү чиглэсэн хуулийг баталсан. Тухайн үед би хэлж л байсан. Ерөнхий сайд гэдэг хүн өөрийнхөө намын ялсан орон нутгийн болоод нийслэлийн засаг дарга, удирдлагуудыг шууд халах, солих, өөрчлөх эрх мэдэлтэй болж байна шүү гэж. Яг л энэ дагуу л болж байна. Ер нь нутгийн өөрөө удирдах ёсны эрх рүү шууд ингэж халддаг байдал нь цаашдаа орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын итгэл, зоригийг мохооно. Сум, багийнхаа иргэдийн итгэлийг хүлээгээд төлөөлөгчөөр очдог. Дараа нь аймаг руу явдаг зарчим алдагдана. Өөрөөр хэлбэл намын анхан шатны гишүүдийн итгэл, урам зоригийг хугалсан үйлдэл боллоо гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээрх хуулийн алдаатай байдал нь яваандаа МАН-ыг том доголдол руу чирнэ. Даргад ойрхон байсан нь дарга болдог зарчим МАН-д томоор үйлчилж байна.

Э.МӨНХТҮВШИН