Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10-р сарын 29-ний 20 цагаас 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийт 1677 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1363, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2023.10.30/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00-17.30 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”

 

4 Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”

 

5 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.30 “Их засаг”
6 Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 5895 өрхөд ипотекийн зээл олгожээ DNN.mn

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд банкууд Монголбанк болон өөрийн эх үүсвэрээр 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгоод байгаа ба үүнээс Улаанбаатарт 398.7 тэрбум төгрөгийн зээлийг, 3332 өрхөд, орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгоод байна.

2022 оны мөн үед хөтөлбөрийн хүрээнд 532.4 тэрбум төгрөгийн зээлийг 5895 өрхөд олгосон бөгөөд үүнээс Улаанбаатарт 436.4 тэрбум төгрөгийн зээлийг 4422 өрхөд, орон нутагт 96.0 тэрбум төгрөгийн зээлийг 1473 өрхөд олгосон байна. Ипотекийн зээл олголт Улаанбаатарт 37.7 тэрбум төгрөгөөр буурч, орон нутагт олгосон зээл 57.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Орон нутгийн ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийн хүрээнд 2023 оны эхнээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 32.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Урьдчилгаа төлбөрийн батлан даалтын сангийн хүрээнд нийт 7.9 тэрбум төгрөгийн, 97 өрхийн зээл олгож, 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарын замуудад давс, бодис цацаж эхэлжээ DNN.mn

Улаанбаатарт цас орсонтой холбогдуулан давс тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны долоон камаз, шүүрийн машин найм, бичил техник 12, хог тээвэр 14 мөн үйлчилгээнд 10 техник, 423 хүний бүрэлдэхүүнтэй хариуцсан гудамж, авто замуудад ажиллаж байгаа аж.

Одоогоор Нарны гүүр, Энх тайвны гүүр, Их тойруу, Сансарын туннель, Энх тайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж эхэлсэн талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ХМОНХТ-ээс мэдээлэв.

Нийслэлд энэ өвөл 5,504 тонн давс, 7,258 тонн буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бодис нөөцлөхөөр төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 2,759 тонн бодис, 4,145 тонн давс нөөцөлсөн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер танилцуулж байв. Зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллага 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт зорчих зам даваа саадгүй байна DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны ѳдрийн 08:30 цагийн байдлаар Завхан, Хөвсгөл , Баянхонгор, Архангай, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар үүлэрхэг зарим хэсгээр нойтон цас орж байна.
Бусад нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдүүдийн хамгийн дуртай Halloween-ий баярыг хүүхэд гомдоох зан үйл болгож байгаа нь буруу DNN.mn

Дэлхий нийтээр тэмдэглэдэг halloween-ий баяр удахгүй тохиох нь. Өнөө үед бол хүүхдийн хамгийн дуртай баяр нь hal­loween буюу бидний нэрлэж заншсанаар аймшгийн баяр болоод байна. Энэ баярын үеэр хүүхдүүд нүүрээ будаж зүсээ хувиргаад хөрш айлынхаа хаалгыг тогшиж чихэр цуглуулдаг. Энэ баяртаа хэдэн өдрийн өмнөөс бэлтгэж өмсөх хувцас, зүүх багаа бэлэн болгодог. Орчин үеийн эцэг, эхчүүд ч үүнд нь ач холбогдол өгч хэрэгцээтэй зүйлсийг нь бэлтгэж өгдөг болж. Баярын бэлтгэлээ сайтар базаасан хүүхдүүд нийлж хөрш айлынхаа хонхыг дарж чихэр авдаг. Хүүхэд байхад хөдөө суманд Цагаан сараар ангийнхантайгаа нийлж гудамжныхаа бүх айлаар хэсч тор дүүрэн чихэр цуглуулчхаад дэлхий даахгүй баян амьтан хөл газарт хүрэхгүй гэртээ харьдагтай ижил мэдрэмжийг өнөөгийн багачууд halloween-ий баяраар л авч байна. Хэнийх хэнд ямар чихэр өгсөн, үүнийгээ хэн хэнтэй хуваах талаараа найзуудтайгаа ярилцдаг тийм цайлган мэдрэмжийг өнөөдөр хүүхдүүд үндсэндээ halloween-ий баяраас л авч байгаа юм. Найзуудаараа нийлж танихгүй айлаар зочилж атга чихэр торлоод баярладаг баяр үндсэндээ halloween-ээс өөр алга.

Өнөөдөр суурин газрын Цагаан сар хуучны хэв маягаа алдсан. Бөөн ёс заншил, маяг төвөг болсон. Тиймээс төв газрын Цагаан сараар хүүхдийн сэтгэл хөөрөхөө болиод удаж байна. Түгжирч, түгжирч аавынхаа ч юм уу, ээжийнхээ ах дүү дээр очно. Түм түжигнэж бум бужигнасан олон дунд бага насны хүүхдийг тоож ач холбогдол өгдөг нь тун ховор. Дээгүүр томчууд шуугилдаж, зарим нь зуу татаж дуулалдана. Энэ бүхний хажуугаар хүүхэд уур савссан халуун гэрт уйдталаа суудаг. Ингээд сүүлд нь хүүхэд шинэлсэн айлаасаа ширхэг тоглоом юм уу эсвэл оймс аваад л харина. Ийм хэв маягийн Цагаан сараар орчин үеийн хүүхдүүд баярлаж хөөрөхөө больчихоод байгаа юм. Үеийнхэнтэйгээ нийлээд танихгүй айлаар хэсвэл бараг цагдаад баригдах, тавигдахдаа тулна.

Ийм учраас л хамтдаа айл хэсч чихэр цуглуулах завсраа хөгжилддөг halloween-ий баярыг хүүхдүүд хоног тоолж хүлээдэг хэрэг. Зүгээр ч нэг айл хэсэхгүй аймшгийн хувцас, будалтаар гангараад найзуудтайгаа нийлээд хэсэх бол яаж ч бодсон хөгжилтэй.

Яг ийм үед МАН-ын Засгийн газраас хүүхдүүдийг инээд хөөрт автуулдаг halloween-ий баярыг хорьчихсон. Энэ нь хуучин цагт Цагаан сарыг хориглож байсан коммунистуудын ааш аягийг шууд санагдуулж байна. Хүүхдүүд баярлаж айлуудын хаалга тогшиж чихэр аваад гарч байхад хорих ямар шаардлага байна вэ? Тэд баярлаж байгаа нь боловсролын сайдад яагаад таалагдахгүй байгааг гайхаад баршгүй.

Halloween-ий баяр нь эртний Кельт үндэстний уламжлал болсон Савин наадмаас үүсэлтэй. Энэ баярын өдөр амьд ертөнц ба сүнслэг ертөнцийн хоорондох зааг бүдгэрч, гаднаас сүнс амьдын ертөнцөд зочилж, мангасууд хүмүүсийн гэрт орж ирдэг гэж үздэг. Баяраа тэмдэглэхдээ тэд аль болох муу зүйлээс урьдчилан сэргийлэхийг эрэлхийлэн мангас, шулам, муу дагина нарыг хол байлгахын тулд тусгай ёслол үйлддэг байв. Хүмүүс домогт баатрууд болон газар доорх ертөнцийн тухай үлгэр домог ярьж, муу ёрын зүйлсээс сэргийлж, өөрсдийгөө тэдний дүрд хувиргаж, жинхэнэ мангас, шулмуудад хулгайлагдах, идэгдэхээс зайлсхийхийн тулд аймшигтай хувцасладаг байв. Манайхаар бол могой цайлах гэдэгтэй их төстэй зүйл гэсэн үг. Муу юмыг гэртээ урьж оруулснаар, түүний хүссэнийг өгсөнөөр муугийн хорлолоос гэтэллээ гэж үздэг дом юм. Христийн шашин эрчтэй дэлгэрч эхэлснээр, halloween-ий баярын үеэр тохиодог католик шашны зарим баяр нэмэгдэж, шашны болон паган шашны уламжлал холилдсон баяр болж, энэ нь католик шашин руу шилжих шилжилтийг дэмжсэн байдаг. Энэ өдрийн түүдэг, жагсаал, хувцаслалт зэрэг нь эртний Самхайн олон шинж чанарыг агуулдаг ч одоо

хүмүүс ихэвчлэн гэгээнтэн, сахиусан тэнгэр, чөтгөрийн хувцас өмсдөг болсон. Харин орчин үед хүүхдүүдийн тэмдэглэлт баяр болж хувирсан. Өнөөдөр дэлхий даяар аравдугаар сарын 31-нийг хүмүүс “аймшгийн” сэдэвтэй багт наадам болгон тэмдэглэж, бие биеэ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэдэг. Энд зарим улсын мэдэмхийрээд байгаа шиг муу муухай зүйлийг сурталчилсан зүйл нэгээхэн ч үгүй. Дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд баярлаж тэмдэглэдэг энгийн л үзэгдэл.

Боловсролын яамнаас энэ баярыг яаж ч хориглосон хүүхдүүд сургуулиас гадуур бараг бүгд тэмдэглэж байгаа. Айлууд ч үүнд нь дуртай. Хаалга тогшсон хүүхдийг баярлуулах чихрээ бэлдээд хүлээж байдаг болсон. Хөршийнхөө жаалд атга чихэр өгчихөөд сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд үддэг. Хүүхэд баярлуулсан хүмүүс ч сэтгэл хангалуун үлддэг. Тэр дундаа хүүхэд баярлуулсан хөгшдийн сэтгэл нь ч тэнийгээд л явчихдаг. Үнэндээ сэтгэл нь цагаахан нялх амьтдад чихэр атгуулдаг баярыг эсэргүүцэж сүр үзүүлж байгаа хүн Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас өөр алга. Баримт судалгаагүйгээр цахимд цэцэрхэж би төвөө тэжээдэг, ажил хийдэггүй хэдхэн нөхөр энэ баярыг эсэргүүцэж байж мэдэх юм. Тэдний нөлөөнд орж halloween-ийг хориглож байгаа нь технологийн эрин зуунд дэндүү бүдүүлэг харагдаж байна. Нүүрээ будаж зурагтаар хардаг баатрынхаа дүрд хувираад хөршийндөө орж атга чихэр авдаг энэ баярыг хориглосон, хориглоогүй тун удахгүй үндэсний баярын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэдэг болох байх. Тэр үед halloween-ийг хориглосон МАН-ын Засгийн газрын шийдвэр онигоо болж яригдах болов уу.

Нялх амьтдын нар нь гарч инээд хөөр цацардаг энэ баярын юуг нь тэгж их хориглоод байна вэ? Хүүхэд баярлуулна гэхээс л ухаан алдчих шахах юм. Энэ ажил нь цаагуураа үр хойчдоо хайр, энэрэлгүйг нь л харуулаадахлаа. Хүүхдэдээ хайртай хүмүүс дуртай зүйлд нь амиа тавьж зүтгэдэг. Үр хүүхдэдээ хамаг сайхныг ерөөж юу хүссэнийг нь гүйцэлдүүлэхийн төлөө юугаа ч харамладаггүй шүү дээ. Бяцхан зүрхэнд гэрэл түгээдэг баярыг нь хааж, хүүхдийг гомдоохоо больё. Энэ шийдвэрээ эргэж харъя. Хэдэн хүүхдэд атга чихэр өгч баярлуулснаараа улс нийгэм сүйрчихгүй байх. Харин ч буян болдог гэж манай шашинд үздэг биш бил үү.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Уламбаяр: Монгол, Францын ураны салбарт тохиролцсон хамтын ажиллагаанд аль нэг улс саад тээг хийх боломжгүй DNN.mn

 

ХИС-ийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяртай Монгол Улсын гадаад харилцаанд өрнөж буй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Монгол Улсын гадаад харилцаа эрч хүчтэй урагшилж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсын ерөнхийлөгч Э.Макроны урилгаар тус улсад анх удаа төрийн айлчлал хийлээ. Айлчлалын гол үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ?

-Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны манай улсад хийсэн анхны түүхэн айлчлалын үеэр талууд хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд “Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш гэж үзэж байгаа бол Франц улс Монгол Улсыг Онцгой түнш” гэж тодорхойлсон. “Онцгой эрхт түншлэл” буюу зарим тохиолдолд “давуу эрхтэй түншлэл” хэмээн европчууд нэрлэдэг. Энэхүү түншлэлийн үндсэн агуулга нь хамтын үнэт зүйлд суурилсан нийтлэг зорилгод хүрэхийн тулд Европын холбоо болон тус холбооны гишүүн бус улсуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн баяжуулж, улмаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хэрэглэдэг чухал ач холбогдолтой нэр томьёо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн Франц улсад хийсэн айлчлал нь францчуудын тодорхойлсноор анх удаагийн төрийн айлчлал гэдгээрээ онцгой ач холбогдолтой байв.

Өмнөх ерөнхийлөгч П.Очирбат , Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Франц улсад хийж байсан айлчлалууд нь албан ёсны айлчлалууд байжээ. Төрийн айлчлалын онцлог нь угтан авах, хүндэтгэлийн арга хэмжээнүүд, хэлэлцэгдэж буй асуудлын түвшингээс тодорхой харагдаж байна.

Нөгөө нэг онцлон дурдах зүйл бол нэг жилийн дотор буюу хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр улсын төрийн тэргүүнд харилцан бие биедээ төрийн айлчлал хийж байсан дипломатын түүхийн практик нэн ховор болов уу. Бүр социализмын үед ч Монгол, Зөвлөлтийн “ах дүүгийн ган бат найрамдал”-тай байх цаг үед ч ийм үйл явдал тохиож байгаагүй санагдаж байна. Улмаар айлчлалын үеэр хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр орны харилцааны түвшнийг “ Онцгой түншлэл”-ээс стратегийн түвшинд хүргэхээр харилцан тохиролцсон явдал юм. Энэ талаар Монгол, Францын Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан “Монгол, Францын 2023-2028 оны хамтын ажиллагааны үйл ажиллагааны хөтөлбөр” буюу замын зурагт тусгагдсан байна . Хувийн сайн харилцаанаас улс хоорондын харилцан итгэмжлэгдсэн харилцаа өргөжиж хөгжиж байсныг дипломатын түүх маш тодорхой харуулдаг. Өнөөдөр ч харуулсаар байна. Өөрөөр хэлбэл, хоёр Ерөнхийлөгчийн хооронд маш сайхан дотно, найрсаг, итгэмжлэгдсэн харилцааны үндэс суурь тавигдсан гэж харж байна.

-Манай улстай ураны салбарт хамтран ажиллах сонирхлоо цөөнгүй улс илэрхийлж байсан. Тэр дундаас Францыг сонгож хамтарч ажиллахаар болсныг гуравдагч хөршийн хамгаалалт гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, хоёр тал ураны салбарт хамтран ажиллах санхүүгийн үндсэн зарчмуудаа харилцан тохиролцсон гэж ойлгож болох юм.

Протоколд тэмдэглэснээр энэ төслөөс Монгол Улс 34 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.6 тэрбум орчим долларын орлогыг татвар, жил тутам АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр105 сая ам.долларын ашиг хүртэхээр болж байгаа. Үүнийг өндөр хувь хэмжээ гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа нь үлэмж ач холбогдолтой. Өсөн нэмэгдэх АМНАТ 11-19 хувь гэдэг бол дэлхийн ураны салбар дахь хамгийн өндөр хувь юм байна. Түүнчлэн орон нутагт жилд нэг сая хүртэлх ам.долларыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулахаар тохиролцсон. Тэгэхээр төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 34 сая ам.долларыг дурдсан чиглэлд зарцуулна гэсэн үг юм. “Зөөвч Овоо”-н хөрөнгө оруулалтын хэмжээ Оюу толгойн төслөөс тав дахин бага. Гэхдээ АМНАТ төлөлтөөр Оюу толгой төслийн 50 хувьтай тэнцэх хэмжээнд очно гэж албаны хүмүүс онцолж байна лээ. Нөгөө нэг зүйл бол зөвхөн Монголын талын ашгийг ярих боломжгүй юм. Даяаршлын эдүгээ үед харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтаар хожиж, хамтдаа ашиг хүртэх буюу win-win хэмээн нэрлэгддэг тэр суурь зарчмаа барьж явснаар хамтын ажиллагаа тогтвортой, урт настай байж чадна. Ураны салбарт Францтай ойрын хугацаанд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюу толгой төслийн дараа Монголын Засгийн газрын түвшинд оролцож буй хоёр дахь том гэрээ болж байгаа. Энэ ондоо багтааж Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулсан үйл явдал болсон гэж чухалчлан үнэлэх хэрэгтэй.

-Манай ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үр дүнд олон жил хүлээлт дагуулсан ураны төсөл хэрэгжихээр боллоо. Манайхаас олборлосон ураны шар нунтагийг экспортлох асуудалд Франц, Хятадын тал тохиролцсон гэв үү. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-БНХАУ 53 цөмийн станцтай. Нийт хүчин чадал нь 55.6 гигаватт буюу нийт эрчим хүчний 4.9 хувийг цөмийн станц хангаж байна. Хятад улс хоёр дахь 100 жилийн зорилтын нэг чухал чиглэл нь Ногоон Хятад улсыг цогцлоох. 2060 он гэхэд хүлэмжийн хийг “0” хувь болгох зорилт тавьсан. 2030 он гэхэд “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд 30 цөмийн реактор барьж байгуулна. Тэгвэл 2100 онд цөмийн эрчим хүчний чадавхыг 1400 гигаваттад хүрэхээр төлөвлөсөн. Тиймээс Хятадад цөмийн эрчим хүчний түүхий эд чухал шаардлагатай байгаа нь мэдээж.

2022 оны хоёрдугаар сард Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон цөмийн эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж байгааг зарласан. Энэ хүрээнд 2050 он гэхэд шинээр 14 цөмийн реактор барьж байгуулахаар төлөвлөсөн. Францын эрчим хүчний 70 орчим хувийг цөмийн цахилгаан станц хангадаг байна. Тиймээс Орос, Украины дайны үеэр өнгөрсөн өвөл эрчим хүчний салбарт бага хохирол амсчээ. Мөн 1970-аад оноос хойш ажиллаж байгаа зарим хуучин станцуудаа шинэчлэх юм билээ. Үүний өмнөхөн 2022 оны хоёрдугаар сард Европын холбооны цөмийн эрчим хүчийг “ногоон” буюу цэвэр эрчим хүчний ангилалд оруулах бодлогын баримт бичгийг баталсан. Тиймээс Франц улс “Зөөвч-Овоо”-гийн бүтээгдэхүүнийг импортолно.

-Сая Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс Улаанбаатарт хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдлээ. Тэр дунд Оросын тал манайд атомын цахилгаан станц барьж өгөх талаар яригдсан байна. Үүнийг улс төрийн хүрээнийхэн поп амлалт гэж үзэж байх шиг. Учир нь оросууд өмнө нь манайд төмөр зам тавьж өгнө гээд тэр нь ажил хэрэг болоогүй. Дараа нь Мардайн орд дээр оросуудад тонгоруулсан. Энэ удаа оросууд бидэнд цөмийн станц барьж өгнө гэж байгаа нь “Орано майнинг”-тай хамтрах ураны төсөлд тээг болох гэсэн санаархал уу. Судлаачийн хувьд та юу гэж харж байна?

-Тийм яриа хөөрөө гарсан талаар сонссон. Миний ойлгож буйгаар нэгд, оросууд БНХАУ, Энэтхэг, Турк, Иран, Египет зэрэг орнуудад цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах төсөл дээр ажиллаж байна. Оросууд том хэмжээний цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах туршлагатай. Харин жижиг оврын цөмийн станц барьж байгуулах тал дээр хэр туршлага хуримтлуулсан талаар мэдээлэл миний хувьд хомс байна. Хоёрт, Орос санхүүгийн хувьд хүнд байгаа болов уу. Гуравт, Монгол, Орос хоёр улсын хооронд цөмийн станц байгуулах албан ёсны тохиролцоо байхгүй. Монгол Улсад Цөмийн цахилгаан станц барьж байгуулах чиглээр Засгийн газар, УИХ-ын түвшинд ч тэр гарсан ямар нэг албан ёсны шийдвэр гараагүй. Эрчим хүчний аюулгүй байдал маш чухал, цаашдаа дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зөвхөн хатуу малтмал түлшээр эрчим хүчээ хангах боломжгүй. Монгол Улс алсдаа бага оврын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ ойрын ирээдүйд энэ чиглэлд хоёр болон олон талт мэргэжилтэн судлаачдын хамтарсан ажлын хэсгийн судалгаа, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх боломжтой гэж хардаг. 2011 оны гуравдугаар сард Японд өндөр магнитудын газар хөдлөлт болж, үүний улмаас Фукушима Дайчи цөмийн станцад осол гарсан. Түүнээс хойшхи сүүлийн 10 гаруй жилд цөмийн цахилгаан станцын аюулгүй ажиллагааны технологийн хөгжүүлэлтэд асар их дэвшил гарсан гэж мэргэжилтнүүд нь онцолж байна. Монгол, Францын ураны салбарт тохиролцсон хамтын ажиллагаанд аль нэг улс орон саад тээг хийх боломжгүй. Галт тэрэг аль хэдийнээ замдаа гарсан.

-Өнөөдөр Орос орон дайнтай, эдийн засгийн томоохон хоригт орсон. Дэргэд нь хөдөө аж ахуй, мал сүргээр далай шиг орон байхад татварын хатуу бодлого баримтлах нь өөрсдөд нь ашиггүй. Иймд Монголоос мах авахаас өөр замгүй болохоор өдий хүртэл өндөр татвартай явж ирсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын гаалийн татвараа тэглэх шийдэлд хүрэх шиг боллоо…

-Саяхан хуралдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар Монголын ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх зорилгоор Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулж, мал эрүүлжүүлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна лээ. ОХУ Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн улс. Тиймээс Орос нь бусад улстай худалдаа-эдийн засгийн бие даасан хэлэлцээр байгуулах эрх зүйн боломж байхгүй юм. Энэ удаа чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гарц шийдлийг гаргаж ирж байгаа нь сайшаалтай.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон “Бүс ба Зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцоод ирлээ. Арван жилийн өмнөөс эхэлж хэрэгжсэн Си Жиньпинийн энэ санаачилга манай улсад хэрхэн үр өгөөжтэй байна вэ. Цаашид ямар байх вэ?

-“Бүс ба Зам” суурь, дэд бүтэц, ложистикийн санаачилгын хүрээнд гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газар боомтын сэргэлтийн бодлогыг маш амжилттай явуулж байгаа. “Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь ногоон хөгжлийн асуудлыг хоёр улс хамтдаа чухалчлан үзэж буйн илрэл боллоо. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр улсын ногоон хөгжлийн хамтын ажиллагааны бодит жишээ юм. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр “Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан нь Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан төмөр замыг холбох ажлыг нэг шат урагшлуулах төдийгүй Монгол, Хятадын дэд бүтцээр харилцан холбогдох томоохон төслүүдийг урагшлуулахад ач холбогдолтой болсон.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд ШХАБ-ын уулзалтад оролцож байгаа. Манай улс ажиглагчийн статустай. Гэтэл сүүлийн үед гишүүнээр элсэх байр суурьтай байгаа гэлцэх юм. Манай улсын хувьд ШХАБ-д гишүүнээр элсэхийн эерэг болон сөрөг талыг та хэлж өгөөч?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны есдүгээр сард Узбекстаны Самарканд хотноо зохиогдсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхдээ “Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс цаашид ч ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирсэн” гэдгийг онцолсон байдаг. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин нотоллоо.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын 10 сарын 30, Сумъяа гариг. Билгийн тооллын 17, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.