Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчид 2.4 дахин өсчээ DNN.mn

Манай улсын хилээр 2023 оны эхний есөн сард 3 879 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 614 (3.1 дахин) мянгаар нэмэгджээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар 1 942 мянган зорчигч хилээр орсон байна. Тэдний

  • 28 хувь нь Чингис Хаан,
  • 26 хувь нь Замын-Үүд,
  • 12 хувь нь Гашуун сухайт,
  • 11 хувь нь Алтанбулаг,
  • 5.3 хувь нь Шивээ хүрэн,
  • 17 хувь нь бусад боомтоор оржээ.

Улсын хилээр орсон зорчигчдын 1 421 (73.2%) мянга нь Монгол Улсын иргэд, 521 (26.8%) мянга нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр энэ оны эхний есөн сард гадаадын 521 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 299 мянгаар буюу 2.4 дахин нэмэгдсэн байна. Тэдний

  • 89 хувь нь 30 хүртэл хоног,
  • 2.5 хувь нь 60-аас 90 хүртэл хоног,
  • 8.1 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ.

Энэ оны эхний есөн сард улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 486 (93.3%) мянга нь насанд хүрсэн хүн, 35 (6.7%) мянга нь хүүхэд, 293 (56.3%) мянга нь эрэгтэйчүүд, 227.7 (43.7%) мянга нь эмэгтэйчүүд байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын

  • 54 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг,
  • 40 хувь нь Европ,
  • 2.9 хувь нь Америк,
  • 1.3 хувь нь Ойрх Дорнод,
  • 1.0 хувь нь Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын

  • 34 хувийг ОХУ-ын иргэд,
  • 24.0 хувийг БНСУ-ын улсын иргэд,
  • 19 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 3.3 хувийг Казахстан улсын иргэд,
  • 3.2 хувийг Япон улсын иргэд,
  • 2.4 хувийг АНУ,
  • 14.1 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлжээ.

Хилээр орсон жуулчдын тоо энэ оны эхний есөн сард 486 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 275 мянгаар буюу 2.3 дахин өссөн байна. Улсаар ангилбал энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс

  • ОХУ-ын жуулчид 68.4 мянга буюу 67.3 хувиар,
  • БНСУ-ынх 78.4 мянга буюу 2.7 дахин,
  • БНХАУ-ынх 73.1 мянга буюу 11.6 дахин,
  • Япон улсынх 11.4 мянга буюу 3.4 дахин тус тус нэмэгджээ.

Манай улсын 1 437.5 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ оны эхний есөн сард гадаадад зорчжээ. Тэдний 961 (66.9%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 680.8 мянгаар буюу 3.4 дахин өссөн. 475.9 (33.1%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 328.0 мянгаар буюу 3.2 дахин өсжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МСНЭ-ээс Хууль зүйн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ DNN.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс өнөөдөр /2023.10.16/ Хууль зүйн сайд Б.Энхбаярт мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал, “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалтыг хасах шаардлагыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүлэв.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр “МСНЭ-ээс хүргүүлж буй шаардлагатай танилцсан. Энэ асуудлаар товчхон танилцуулга хийе. Сэтгүүлчид гэхээсээ илүү та бүхнээр уламжилж иргэд олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх шаардлага байгаа байх” гэх мэдээллийг өглөө.

Үргэлжлүүлэн төрийн ордонд уг шаардлагыг хүргүүлэх юм.

Мөн МСНЭ-ээс өчигдөр мэдэгдэл гаргасан.  Тус мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдхэн хоногт боловсруулан 2023 оны аравдугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаараа яаран хэлэлцэж, төслийг дэмжээд байгаагийн дотор “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялын хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан.

Энэ нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоох, ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй байгаа тул үүнийг МСНЭ эрс эсэргүүцэж байна.

Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэл ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна.

Аливаа эрх, эрх чөлөөг төрийн зүгээс хязгаарлах алхмыг хэрэгжүүлэхдээ олон нийтийг цочроосон гэмт хэргийн дуулиан, түүнд хандах олон нийтийн сэтгэл хөдлөл, эс бөгөөс цар тахал, халдвар, байгалийн гамшиг зэрэг цөөн давтамжтай үзэгдэл, үйл явдлаар халхавчилдаг бөгөөд  Засгийн газрууд сүүлийн жилүүдэд уг технологийг чадамгай ашиглан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг илтэд хумих хууль, дүрэм, журмыг удаа дараа батлан гаргахыг санаархсаар ирсэн.

Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд оноох ялыг чангалах гэж байгаа бодлогоо УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа энэ нь “иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй” хэмээн мэдэгдсэн байх хэдий ч юун түрүүнд сэтгүүлчийг хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь улмаас цагдаад шалган “эх сурвалжаа илчлэхийг” шаардах замаар нууц задруулсан ажилтныг олж тогтоох мөрдлөгийг эхлүүлдэг өнөөдрийн нөхцөл байдал улам бүр хүндрэх нь тодорхой байна. Ийм замаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг хөндөгдөн улмаар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, энэхүү үндсэн эрх, эрх чөлөөгөө алдсан иргэн хэн боловч бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүйд хүрэх аюул заналхийлж байгаа тул МСНЭ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол төрийн сонгууль үндэснийхээ хэвлэлээр сурталчлуулах ёстой DNN.mn

лсын Их хурлын сэтгүүлч мэргэжилтэй гишүүдэд)

Сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах шаардлагатай. Гадаадын буюу нэг улсын нэг компанийн эзэмшилд буй сошиал платформыг тэтгэх нь эргээд үндэсний аюулгүй байдалд хортой тул үндэсний хэвлэлээ дэмжихийн зэрэгцээ гадагшаа чиглэх мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэх нь тухайн улсын эдийн засагт ашигтай. Өнөө үед сошиал медиа хүчтэй хөгжиж байгаа нь үнэн. Дэлхий нийтээрээ цахим сүлжээг ашиглаж байгаа нь ч худлаа биш. Гэхдээ ямар үед яаж ашиглах ёстой вэ гэдгээ дэлхий нийт мэддэг. Тухайлбал, сошиал платформыг дэлхийн бусад орон, тэр дундаа өндөр хөгжсөн улсууд яаж ашиглаж байна вэ. Улс болгон төрийн эрхээ ээлжлэн барихын тулд тодорхой хугацаанд сонгууль явуулдаг. Сонгууль гэдэг бол нэг талдаа ард түмэн нь төр барих эрхээ эдэлж байгаагийн шууд хэлбэр. Нөгөө талдаа тухайн улсын ард түмний нийтлэг оролцоог хангадаг учир тодорхой хэмжээний мөнгө зөвхөн сонгууль тойрсон салбарт эргэлддэг. Үүнийг өндөр хөгжсөн орнууд маш ухаалаг эдийн засгийн системээр өнөөг хүртэл зохицуулж ирсэн байна. Сонгууль гэдэг тухайн улсын асуудал. Тиймээс энэхүү нийтийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөө улс дотроо л эргэлдүүлэх зарчмыг төрийн бодлогоороо зохицуулж ирснийг ухаалаг систем гэж байгаа юм.

Ерөөс өндөр хөгжсөн болон эдийн засгийн өсөлт нь хурдацтай нэмэгдэж байгаа улсуудын энгийн мөрддөг зарчим бол мөнгөний урсгалыг гадагшаа биш дотооддоо эргэлдүүлэх явдал. Нэмээд гадаад валютын урсгалыг эх орон руугаа нэмэгдүүлэх туйлын сонирхолтой байдаг нь тухайн улсын эдийн засаг өсөх гол шалтгаан болдог гэдгийг наад захын эдийн засагчид хэлнэ. Гэтэл манайд төрийн бодлого хаашаа чиглэж байгаа билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Уг өөрчлөлтөөр гуч гаруй жил явж ирсэн 76 гэх тоог 126 болж нэмэгдүүллээ. Дагалдаад сонгуулийн тогтолцоогоо ч өөрчлөв. Энэхүү хуулийн хэрэгжилт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс бид ирэх 2024 оны УИХ болон орон нутгийн ээлжит сонгуулийг шинэ дүрмээр явуулахаар болсон. Гишүүдийн тоо нэмэгдэх, сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн учир урьд өмнөхөөсөө илүүтэйгээр сонгуулийн сурталчилгаа хийгдэнэ гэсэн үг. Тэр ч утгаараа зардал өсөх нь тодорхой. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах зардлын тодорхой хувийг улсын төсвөөс гаргадаг. Тухайлбал, ирэх жилийн сонгуулийн сурталчилгаанд зориулж 80 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт суулгаад байна. Энэ бол манайх шиг эдийн засагтай улсын хувьд өндөр тоо. Тиймээс ард түмэн зардал багатай сонгууль явуулахыг байнга шаарддаг. Харин иргэдийн энэхүү шаардлагыг эрх баригчид хүлээж авсан нэрийдлээр сурталчилгаа явуулах зардлаас танаж эхэлдэг. Ингэж танахдаа үндэснийхээ хэвлэлээр явуулах сурталчилгааны зардлаас танадагт асуудал оршиж байгаа юм. Үндэснийхээ хэвлэлээр гаргах сурталчилгааны зардлыг танаж байгаа ч гадны хэвлэлээр гаргах сурталчилгаагаа эсрэгээр нь нэмдэг Монгол төрийн бодлого эсрэг зүгт явж байгаагийн нэг тод үйлдэл. Тиймээс энэхүү алдааг бид ирэх жилийн сонгуулиар давтах шаардлага байхгүй

Засахын тулд эхлээд хууль гаргах ёстой. Хуульдаа Монгол төрийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн үндэснийхээ хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Гаднын хэвлэл буюу сошиал платформыг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг оруулах хэрэгтэй

Яг одоо намрын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.

Тиймээс энэхүү хуулийн төсөлд дээрх заалтыг оруулснаараа эдийн засаг болоод Үндэсний аюулгүй байдал, улсын хөгжилд томоохон өөрчлөлт гарч ирнэ. Үүнийг парламентын түвшинд санаачлан, ажил хэрэг болгоход хэвлэлийн салбараас улс төр лүү орсон эрхэм гишүүд та бүхэн манлайлан оролцох учиртай. Хэвлэлийн салбараас төрийн эрх барих дээд байгууллагад суугаа олон улс төрчид бий. Эдгээр эрхмүүдийн хамгийн том төлөөлөл, нөлөөлөл нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та билээ. Таны дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” гэдэг угтаа эдийн засгаа сэргээх бодлого гэж ойлгож байгаа. Эдийн засгаа сэргээхийн тулд одоо ашиглаж байгаа 40-ийн бетоноо бид 80, 120, 200 болгох ёстой гэж та хэлсэн. Эдийн засгаа тэлэхийн тулд мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлж, гадаад валютаа нэмэгдүүлэх шаардлагатай. Энгийнээр хэлбэл гадагшаа бид мөнгө гаргахгүйгээр гаднаас дотогшоо чиглэсэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх ёстой биз. Гадагшаа мөнгө гаргахгүй, эдийн засгаа өсгөхийн тулд ядаж Монгол төрийн

сонгуулийн сурталчилгааг үндэснийхээ хэвлэлээр явуулах ёстой. Эсрэгээрээ гадаад хэвлэл рүү бид нэг ч төгрөг оруулах учиргүй. Ингэж чадвал эдийн засаг бодитой өснө, тэлнэ. Ингэж чадвал үндэсний хэвлэл хүчирхэгжинэ. Хэвлэл хүчирхэг байх тусам хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлын бат нот цайз бий болно. Ингэснээр том зургаараа ардчилал жинхэнэ утгаараа төгөлдөржинө. Ардчилал төгөлдөржсөнөөрөө нийгэм эрүүлжинэ. Эрүүл нийгэмтэй, эрүүл төртэй, эрүүл ардчилалтай улсын хөгжил бодит утгаараа гараанаасаа хөдөлнө. Энэ л монголчуудын хүсээд байгаа ирээдүй. Монголын ард түмэн төр засгаасаа энгийн хүн ёсны зарчмыг л хүсдэг, шаарддаг. Үүнийг нь хүлээн авч чадаж байгаа засгийн эрх баригчид л бодит утгаараа Монголын хөгжлийг урагшлуулна. Тиймээс бид эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, улсынхаа хөгжлийг бодож, түмний шаардлагын дагуу Төрийн сонгуулийн

сурталчилгааг үндэснийхээ хэвлэлээр явуулах ёстой. Үндэснийхээ хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулах нь нэгдүгээрт, улс орны эдийн засагт олон давуу талыг үүсгэнэ. Хоёрдугаарт, монголчууд тусгаар улсынхаа төрийг байгуулах язгуур эрх ашигт нийцэж байна гэсэн үг. Гуравдугаарт, Монголын ардчиллын баталгаа болсон хэвлэл мэдээллийн эдийн засгийн байдлыг сайжруулна.

Нөгөөтэйгүүр үндэснийхээ хэвлэлээр сурталчилгаа эс явуулах нь яагаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой вэ гэж та асууж магадгүй. Дээр хэлсэнчлэн сонгууль гэдэг бол тухайн улсын асуудал. Тухайн улсын ард түмэн улс орон, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, төлөөний хүнээрээ дамжуулан төрийн эрхээ барих үндсэн язгуур эрхээ эдлэх гэж байна. Тиймээс энэхүү язгуур эрхээ эдлэх үйл явцад гадны ямар нэгэн нөлөөлөл орох ёсгүй юм. Гадны нөлөө гэдэг ямар ч утгаараа ойлгогдож болно. Аль ч утгаар нь ойлгосон Монгол төрийн асуудал гадныханд ямар ч хамаагүй зүйл. Адаглаад бид сонгууль явуулахдаа сурталчилгаанд урсах мөнгөө үндэснийхээ хэвлэлд зарцуулчих хандлагатай байх хэрэгтэй. Сошиал платформын цаана дандаа гадаад эзэд бий. Тэр утгаараа сонгуулиар хэн нэгэн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ямар хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өгч байгаагаас нь хамаарч сонголтоо хийх ч боломжтой. Жишээлбэл, танай тойрогт нэр дэвшиж байгаа улс төрч өөрийн болоод намынхаа мөрийн хөтөлбөрийг сошиалаар явуулж байна уу, сониноор дамжуулж байна уу гэдгийг нь сонгогч та хараарай. Сошиалаар явуулж байгаа бол эдийн засгийн наад захын ойлголтгүйгээс гадна эх орныхоо төлөө зүтгэх хүн биш гэж бодох хэрэгтэй. Харин үндэснийхээ хэвлэлээр сурталчилгаагаа явуулж байгаа улстөрч бол зөв хүн гэдэг нь танигдана.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрс, нийслэл, “49”… намрын нанчилдаан одоо л эхэлж байна DNN.mn

“Намрын улс төр ширүүснэ, нанчилдана” гээд л байсан. Батлах мэт ногоон автобусны дуулиан гарч ирж, МАН-ын хэдэн нөхөр хоорондоо үзэж тарж эхэлсэн. Нам талаасаа гэвэл МАН-ын генсек, Нийслэлийн МАН-ын дарга нар, Засаг талаас нь харвал ЗГХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга хоёр нь нанчилдсан. Тэр нь одоо ч дуусаагүй байна.

Гэхдээ тэр нь киногоор триллер нь байсан аж. Улс төр одоо л, энэ долоо хоногоос л жинхэнэ утгаараа халуурч эхлэх бололтой.

Нэгдүгээр шалтгаан бол нүүрс. Нүүрсний хулгай үндсэндээ нам зогсоон. Баригдаж, шүүхээр орсон ганц хэрэгтэн Төмөр замын С.Батдөлийн ялыг шүүх өнгөрсөн долоо хоногт хоёр жилээр хасчихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг хоригдож байна. Тэрбээр “Үгээ хэлье” гэж байнга хэлж байгаа. ХЭҮК-т ч хандсан. Шүүх ч, ХЭҮК ч түүнийг үг хэлэх эрхээр хангах эсэх нь тодорхойгүй. Хэрэв тэр үгээ хэлбэл нүүрсний хэргийн үнэн мөн илэрнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Б.Ганхуягт бололцоо олгох, нүүрсний хэрэгт гарц болох ганц зүйл нь Нүүрсний сонсгол болчихоод байна. УИХ энэ ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн долоо хоногт Нүүрсний сонсгол хийх гол хүнээр Хууль зүйн сайд Б.Энхбаярыг сонгожээ. Угаасаа Б.Энхбаяр нүүрсний сонсгол хийх л гэж сайдаар томилогдсон. Ерөнхий сайд нь томилохдоо тийм чиглэл өгсөн гэх яриа гарч байна. Тэр талаас нь харвал Б.Энхбаяр нүүрсний сонсголыг заавал хийнэ гээд гүрийчих магадлал өндөр. Тэгж чадвал алдарт нүүрсний хулгайн мэдээлэл ил тод болно гэсэн үг. Харин нүүрсний сонсгол хийлгэхгүй байх сонирхолтой улс төр, бизнесийн маш том бүлэглэл бий. Нүүрсний сонсгол болох л юм бол тэд баларна. Томчуудынх нь үйлдэл нь эхнээсээ ил гарч байна. Том улстөрчид, том бизнесмэн гээд л. Гэхдээ тэд өнөөдөртөө маш хүчтэй байгаа. Тэд Б.Энхбаяраар нүүрсний сонсгол хийлгэхгүй байх санал ч, шантааж ч тавьж чадна. Тиймэрхүү үйл явдлууд нүднээс далд өрнөж байгаа юм байна. Б.Энхбаяр тэрэнд нь тэсэх үү үгүй юу гэдэг удахгүй харагдана. Хэрвээ нүүрсний сонсгол хийх юм бол нам чинь баларна шүү гэх зэргээр айдсын шанаа өгөөд эхэлжээ. Бас нүүрсний сонсгол хийвэл огцруулна гэж айлгасан гэх ч мэдээлэл байна.

Хоёр дахь шалтгаан нь нийслэлийн асуудал. Намрын чуулгантай зэрэгцээд нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотой хэрэг гарч ирсэн. Ногоон автобусны луйвар илэрсэн. Маш бохир луйвар тэнд болсон нь тодорхой болсон. Одоогоор цаад эзэн нь тодорхойгүй байна. Гэхдээ удахгүй илрэх магадлал өндөр ажээ. Бас л улстөрчийн нэр дуулдаад эхэлсэн. Ногоон автобуснаас болоод нийслэлд ч, Засагт ч сэлгээ орсон. Л.Оюун-Эрдэнийн цорын ганц шадар гэгддэг Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг дарга болсон. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыгаа тийш нь томилсон учир тодорхой. Энэ долоо хоногт нийслэлд том хэргүүд дараалан илэрч, томоохон баривчилгаа болоод эхэлнэ. Нийтийн тээврээс гадна газрын наймаа гэж том хэрэг бий. Газрын наймааны дэргэд ногоон автобус бол юу ч биш. Үе үеийн нийслэлийн дарга нар үүнд холбогдоно. Энэ долоо хоногт гэхэд л Нийслэлийн Засаг дарга байсан нэр бүхий том улстөрч хэрэгт татагдахаар болжээ. Барилгын зөвшөөрөл гэж бас том маапаан байдаг. Ерөөсөө нийслэлийн гэх багц хэрэг АТГ, ЭЦА-аар шалгагдаж эхэлнэ л гэсэн үг. Нийслэл дэх авлигын том хэрэг ганц Нийслэлийн Засаг дарга асанаар тогтохгүй. Үе үеийн маш олон хүнийг хамарсан сүлжээ байдаг байна.

Гурав дахь нь Эрдэнэтийн 49-тэй холбоотой. Энэ хэрэг шүүхэд шилжилгүй олон жил болсон. Өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжсэн. Бас л ганцхан Д.Эрдэнэбилэгийн асуудал биш. Зөвхөн шүүхэд шилжсэн нь гэхэд л 20 шахам хүний нэр яригдаж байна. Цаана нь үлдсэн өчнөөн хүний нэр дуулддаг. Энэ хэрэг шүүхээр орох нь Д.Эрдэнэбилэгт бараг ашигтай. Нэр нь тодроогүй хүмүүст хортой.

Энэ гурван шалтгаан намрын улс төрийн нанчилдааныг эхлүүлжээ. Энэ нанчилдаан чуулган эхлэхтэй зэрэгцээд далдуур болоод байжээ. Их олон явдал болсон байна. Одоо ил болох цаг нь болоод тэсэрч байгаа бололтой.

Өнгөрсөн өдрүүдэд нүүрс, нийслэл, 49-ийн асуудлаар хохирч мэдэх хүмүүс нэг талдаа гарсан гэх мэдээлэл яригдаад байна. Энд тэнд уулзалтууд ч зохиох болжээ.

Мөдхөн Монголын улс төрд ямар нэг томоохон үйл явдлууд л өрнөнө гэсэн үг. Нүүрс, нийслэл, 49-өөр олон хүний эрх ашиг хөндөөд байгаа нөхөд хонгоо уруулж мэдэх л юм. Ерөөсөө л нүүрс, нийслэл, 49 ялах уу, тэдний мууг үзээд байгаа Л.Оюун-Эрдэнэ нар нь дийлэх үү гэдэг мөд тодорхой болох нь.

Мөн энэ нанчилдааны хажуугаар энэ өдрүүдэд Францад хийгдэж байга ураны гэрээ ч улс төрийн хэрүүл дагуулж, өнгө чимэг нэмэхээр боллоо. Энэ нь Дубайн гэрээг хийж, Эрдэнэтийн 49-ийг авчрахад яригдаж байсантай ижил. Эдгээр дээр “УИХ-аар хэлэлцээгүй” гэдэг асуудал гарч ирсэн. Түүн лүгээ Францтай хийсэн ураны гэрээг ч УИХ огт мэдээгүй байгаа юм. Нэмж хэлэхэд сүүлийн үед Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд шиг ажиллаад байгаа тухай хаа сайгүй ярьдаг болж. Байгаль орчны сайд шиг мод тарьдаг. Хөдөө аж ахуйн сайд мэт хүнс ярьдаг. Зам тээврийн сайд шиг төмөр зам тавьдаг. Энэ мэтээр яриад л байх болсон билээ.

П.Хуяг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болорчулуун: Бүх төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт, квот тогтоохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа.

-Намрын тариа хураалтын ажил ид явагдаж байна. Энэ жилийн тухайд хичнээн хэмжээний үр тариа хурааж авахаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд дунджаар нэг га-гаас 15 центнер буюу 1.5 тонн улаанбуудай хураан авч байна. Энэ бол сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. Ургац хураалтын урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. Аравдугаар сарын 10-ны байдлаар үр тариа хураалтын ажил 30 гаруй, төмс хүнсний ногооны хураалт 75 орчим хувьтай явагдаж байна.

-Цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж байна?

-Есдүгээр сарын сүүлээр тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас ургац хураалтын ажил долоогоос найман хоногоор саатсан.

Цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор буудайн хатаалгын үйлчилгээ, ургац тээврийн 100 км доторх зардлыг хариуцах, элеватор агуулах түрээслэх, бүтээгдэхүүний стандартын зарим үзүүлэлтэд зохицуулалт хийж түр горимоор ургац хүлээн авах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.

-Хүнсний ногооны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байгаа вэ?

-Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа дээд амжилт тогтоохоор ажиллаж байна. Бид энэ оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан. Төмс хүнсний ногоо хураалтын механикжуулалтыг дэмжих зорилгоор худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн 50 хүртэл хувийг хөнгөлөх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн

Хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 нэр төрлийн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлсөн. Түүнчлэн эцсийн бүтээгдэхүүнд нь урамшуулал олгож эхэлснээр тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 18.3 хувиар өсөх төлөвтэй байна.

-Тэгвэл төмс хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн үг үү?

-Энэ жил улсын хэмжээнд 18.4 мянган га талбайд төмс, 13.9 мянган га талбайд бусад хүнсний ногоо тариалсан. Урьдчилсан байдлаар төмсний хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны 82 хувийг дотоодын ургацаас хангахаар ажиллаж байна. Хүнсний ногооны хувьд тариалалтаас илүүтэй хадгалах ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг жилийн хугацаанд дотоодын хэрэглээгээ бүрэн хангахуйц ургац авах нөхцөл боломж бий. Гэхдээ хурааж авсан хүнсний ногооныхоо 30 орчим хувийг хадгалалтын горимоос болж алдах эрсдэл өндөр. Тэгэхээр хадгалах, хамгаалах нь тарьж ургуулахаас илүү асуудал болоод байна гэсэн үг юм. Түүнчлэн хүнсний ногоочдоо дэмжиж, тэдний амьдралын түвшинг дээшлүүлэх, энэ салбарт ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг болох үнэ ханшийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, импортоор орж ирж байгаа төмс хүнсний ногооны татварыг нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай. Тэгж байж бид жилийн дөрвөн улиралд дотоодын хүнсний ногоогоо хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

-Үр тариа, улаанбуудайн тухайд ирэх жилийн нөөцийн хэмжээ ямар байгаа вэ. Энэ жил ОХУ-аас импортоор үр тариа авах уу?

-Энэ намрын ургацаас 55 мянган тонн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай дээд сортын үрээр тариалалт хийхийн тулд ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг Орос улсын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг нь 30 хувиар хөнгөлж, дээрээс нь нэмээд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон. Товчоор хэлбэл, тариаланчдаа бүх талаар дэмжин ажиллаж байна.

-Бензин шатахууны тасралт үе үе гарч байна. Хөдөө аж ахуйн салбарт шатахууны хэрэгцээ өндөр байдаг. Тэр утгаараа яамны зүгээс ямар бодлого зохицуулалтаар хангаж ажиллаж байгаа вэ?

-Ургац хураалтад шаардагдах шатахуун, түлшний асуудлыг тасалдуулахгүй нийлүүлэх тал дээр яамны зүгээс онцгой анхаарч байна. Өвлийн түлшний үнэ нэмэгдсэн. Улсын ургацын комиссын гишүүн Ашигт малтмал, газрын тосны газарт чиглэл өгсөн. Түүнчлэн тээвэрлэлт, зам талбай, гүүрний засвар, ялангуяа цахилгаан, эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангахад онцгойлон анхаарч цаг хугацаатай уралдаж байна. Бидэнд үр дүн л чухал.

-Хөдөө аж ахуйн салбар бол Монголын эдийн засгийг өсгөх, солонгоруулах хоёр дахь том салбар. Малчдыг дэмжих бодлого орхигдсон талаар иргэд шүүмжилдэг, энэ талаар?

-Хэдхэн хоногийн өмнө “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Энэ удаа 800 орчим залуу малчид чуулж, тэдний зарим төлөөлөл өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн. Чуулганаар малчдад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор E-malchin, Малчдад мэргэжлийн боловсрол олгох, Мал аж ахуйн кластер зэрэг 10 төсөл хөтөлбөр ажил хэрэгжүүлэхээр болсон. Малчдын зүгээс маш олон санал, шүүмжлэлийг дэвшүүлсэн. Том зургаар нь харвал залуу малчид маань өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон малын махаа зах зээлд хэрхэн яаж боломжит үнээр нийлүүлэх асуудлыг ихээхэн хөндлөө. Угтаа бол бид дотоодын хэрэглээгээ хангахаас гадна гадаад улсад их хэмжээгээр, мөн өндөр үнээр махаа экспортлох бүрэн нөөцтэй. Гэхдээ малын махаа олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

-Малын эрүүл бүс байгуулах асуудал ихээхэн яригдах болсон. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний голлох салбар, тэр дундаа хүнсний салбарт томоохон хувийг эзэлдэг малын махаа эрүүлжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Эрүүл монгол малын мах бий болгож, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэгэхээр мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулж малаа бүрэн эрүүлжүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Ингэж байж бид дэлхийд махны экспортын хэмжээгээрээ хүчтэй өрсөлдөгч болж чадна. Хорио цээрийн бүс буюу эрүүл бүсэд бэлчээрлэж буй малыг хуваарьт вакцинжуулалтад хамруулж, гаднаас өвчтэй байж болзошгүй мал нэвтрүүлэхгүй байх дэглэм тогтооно. Зарим аймгуудын зүгээс өөрсдийн саналаар эрүүл бүсэд хамрагдах хүсэлтээ яаманд ирүүлж байгаа нь энэ талын ойлголт сайжирсныг харуулж байгаа нэг үзүүлэлт юм. Тухайлбал, Хөвсгөл аймгийн зургаан сумыг эрүүл бүсэд хамруулах тогтоол гарсан боловч аймгийн удирдлага, иргэдийн зүгээс нь бүх сумаа эрүүл бүсэд хамруулах хүсэлт ирсний дагуу Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон.

-Эрүүл бүс олон байгуулах нь мах экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Салбар яамны зүгээс малын махыг гадаад улсад нийлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Монгол Улс малын махныхаа чанарыг дэлхийн жишигт хүргэж, зах зээлийн үнийг өсгөхөд онцгой анхаарах ёстой. Би ХХААХҮЯ-нд сайдаар ирэхдээ “малын махны экспортод эрс өөрчлөлтийг авчирна” гэж хэлж байснаа санаж байна. Өнгөрсөн жил үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт буюу квот тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, адуу, хонь, ямааны мах экспортлоход ямар нэгэн квот зарлаагүй гэсэн үг юм. Энэ шийдвэр махны экспорт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн нь тоон судалгаанаас харагддаг. Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортолсон бол өнөө жилийн хувьд аравдугаар сарын 1-ний байдлаар 53.2 мянган тонн мах экспортод гаргаад байна. Оны сүүл гэхэд энэ тоо улам нэмэгдэнэ. Квот ямар их саад тушаа болж байсан нь эндээс харагдах байгаа. Тэгвэл саяхан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж бүх төрлийн махны экспортод квот тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Гадаад улсад нийлүүлэх махны квот тогтоох нь олон талын учир дутагдалтай талаар аж ахуй нэгжүүд болон иргэд байнга шүүмжилдэг. Ямар нэг хязгаар тогтоох нь шударга бус өрсөлдөөн, авлига хээл хахууль зэрэг олон талын сөрөг үр дагавартай шүү дээ.

Тиймээс эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан үйлдвэр аж ахуй нэгжүүд сайн чанарын махаа ямар нэг тоо хэмжээний хязгаарлалтад баригдалгүйгээр нийлүүлэх эрх зүйн орчин бүрдлээ гэж ойлгож болно. Энэ нь төрийн зүгээс аж ахуй нэгжүүдийг тэгш боломжоор хангах сайн талтай гэж харж байгаа.

-Манай улс дэлхийн хэдэн оронд мах нийлүүлж байгаа вэ?

-Хятад, Япон, Орос, Казахстан, Узбекстан, Иран зэрэг арав орчим улсад их бага хэмжээгээр махаа экспортолж байна. Адуу, хонины махыг хөлдөөсөн, бусад махыг дулааны аргаар боловсруулсан хэлбэрээр экспортолдог.

-Экспортолж байгаа махны үнийг цаашид нэмэгдүүлэх боломжтой юу?

-Үнэ ханшийн хувьд экспортод гарч байгаа махны үнэ дотоодод худалдаалагдаж байгаа махны үнээс зарим тохиолдолд доогуур байгааг үгүйсгэхгүй. Учир нь яг одоогоор гадагшаа гарч байгаа малын мах олон улсын стандартыг 100 хувь хангаж чадахгүй байгааг нуухгүй. Жишээлбэл, Америк, Европ зэрэг орны хүмүүс үхрийн махыг шүүрхийгээр болон хагас болгож хүнсэндээ хэрэглэдэг. Ингэж шүүрхийгээр хэрэглэхийн тулд тухайн малыг төрснөөс эхлээд хүнсэнд хэрэглэх хүртэлх хугацааны бүртгэл, мэдээлэл заавал байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэг үхрийн хувьд ямар өвчин тусч байсан, ямар эм бэлдмэл, вакцин, туулга, тарилгад хамрагдаж байсан эсэх нь бүртгэлийн мэдээлэлд бичигддэг. Яг ийм бүртгэлжүүлэлтэд хамрагдсан малын мах олон улсын зах зээлд үнэ хүрч байна. Бид өөрсдөө ямар нэг стандарт зохиогоод байгаа юм биш. олон улс биднээс ийм эрүүл ахуйн стандартад нийцсэн мах авах шаардлага тавиад байгааг иргэд маань ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хувьд Малын генетик нөөцийн тухай хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар бүртгэл хяналтад хамруулахыг хуульчилсан. Судалгаанаас харахад үхрийн мах нь шүлхийгээс гадна 40 орчим төрлийн өвчин тээгч шимэгчтэй гэж үздэг.

Ялангуяа үхрийн махан дээр Мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу махны экспортын зөвшөөрөл өгдөг газар нь бүртгэл хяналтад оруулсан байх ёстой. Тэгэхээр энэ асуудлаа дотооддоо нэн тэргүүнд шийдэж байж олон улсад махаа өндөр үнээр борлуулна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 16, Сумьяа гариг. Билгийн тооллын 2, салхины эх одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 07:12 цагт мандан, 18:04 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
story-news

Х.Болорчулуун: Бүх төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт, квот тогтоохгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

10 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Үндэсний компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулдаг болъё ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын ерөнхий менежер зам дагуу ажиллав DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын төлөөлөлтэй Наадамчдын зам дагуу ажиллалаа. Гудамжны болон ногоон байгууламжийн цэвэрлэгээ, хог тээвэрлэлт хэвийн байгаа ч авто зам замын байгууламж дагуух нийтийн эзэмшлийн эд хөрөнгө ихээр дайрагдаж эвдэрсэн, явган болон дугуйтай зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахуйц шон, рекламны байгууламжууд хөдөлгөөнд саад учруулж, хонхойж суулт өгсөн явган замууд багагүй байх тул мэргэжлийн байгууллагуудад анхаарч аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Согтуугаар дайрсан, эзэн холбогдогч нь олдоогүйгээс нөхөн хийгээгүй 20 орчим гэрэлтүүлгийн шон байгааг нөхөх, автобусны буудлуудын хогийн сав суллах давтамжийг нэмэгдүүлэх, чийгтэй цэвэрлэгээг 7 хоногт 1-ээс доошгүй удаа хийж тоосжилтыг багасгах, авто зам сэтэлж сүвлэсний мөрөөр нөхөн сэргээлт хангалтгүй хийж, замын урд талдаа эвдрэл их байгаа тул ирэх жил засварлахыг албаныханд даалгав. Түүнчлэн “Нэг байгууллага асуудлаа шийдээд гудамж цэгцрэхгүй, байгууллагууд хамтраад цогцоороо асуудлуудаа шийдэж байж хотын гудамж өнгө засна” гэдгийг энэ үеэр онцлоод холбогдох албаныханд арга хэмжээ авахыг үүрэгдлээ.