Categories
мэдээ нийгэм

Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй хэргийг анхан шатны шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.798, мөрдөн байцаалтын 3513 хэрэгт хяналт тавьж, нийт 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 76, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хууль бусаар газар орны нэр өөрчлөх 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

БНХАУ-ын иргэн Х нь Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааг зогсоох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай дүүргийн хэргийн анхан шатны шүүхэд;

– “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн мэргэжилтэн Г.Э нь албан тушаалаа урвуулан, мэргэшсэн жолоочийн болон ангилал ахиулах шалгалтад оролцогчдыг тэнцүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Хутаг-Өндөр сумын Сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Ш, техникч Б.М, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан “У” ХХК-тай мод бэлтгэх гэрээ байгуулж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт газар хөдөлжээ DNN.mn

Дорнод аймгийн Матад сумаас зүүн  хойд зүгт 192 километр зайд 10 дугаар сарын 29-ний өдрийн 00:12:36 цагт газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн хүч 3,7 магнитуд байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Татварын хувийг багасгаж байж, татвар төлөгдөнө, далд орлого ил болно DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.10.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  УИХ-ын гмшүүн Б.Пүрэвдорж “Иргэдэд боломж олгох, бизнесийг өргөжүүлэх тал дээр Ардчилсан нам үргэлж дэмжиж ажиллана. Татварын хувийг багасгаж байж, татвар төлөгдөнө, далд орлого ил болно. Г.Занданшатар дарга 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан учраас хуулиа хэлэлцүүлэхээс өөр аргагүй нөхцөлд байгаа. Мөн миний бие НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг хамтад нь хэлэлцэх санал гаргана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын бяцхан Бонсай буюу үзэсгэлэнт Ниншя DNN.mn

Намуухан тал, сүрлэг өндөр уулс дундуур мөрөн гол мушгиран урсана. Тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэн сунайх нурууд цэнхэртэн дүнсийнэ. Элээж барахааргүй энгүй их элсэн цөл намрын шаргал наранд бүгээндүү оршино. Үзэсгэлэнт байгаль сүлэлдэн хослох нь сэтгэлийн гүнд амар амгалан ноёлох ажээ. Уран зураг мэт тансаг өгөгдөлтэй энэ нутаг бол урд хөршийн Ниншя-Хотон үндэстний өөртөө засах орон юм. Хятадын баруун хойд бүсийн цорын ганц умардаас өмнөд рүү чиглэдэг Хэлан уул энд дүнхийхээс гадна Шар мөрөн 397 км урт газрыг сүлждэг гээд бодохоор Ниншя аргагүй л гайхамшигт сав шимийн ертөнц гэлтэй.

Саяхан БНХАУ-ын дарга Си Жиньпиний санаачилгаар “Бүс ба Зам” олон улсны дээд түвшний гурав дахь уулзалт Бээжин хотноо болсон билээ. Дэлхий 140 гаруй орны удирдлагууд нэг дор цугларсан уг чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцсон тухай хэвлэлийн хуудаснаа олонтаа дурдагдсан. Тэгвэл энэ үеэр Монгол Улсын Төрийн тэргүүн Ниншя-Хотон үндэстний өөртөө засах оронд зочилсон юм. Ерөнхийлөгчийг дагалдах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд цомхон мэдээллийн хэрэгсэл явсны дотор хэвлэлээс зөвхөн “Өдрийн сонин” байв.

Очсон газрынхаа сонин сайхнаас ийнхүү сийрүүлье.

Бээжингээс хоёр цаг хэртэй орон нутгийн нислэгээр зорчоод Ниншягийн төв Иньчуаньд буув. Энэ хоттой Монголоос Баянхонгор аймаг хамгийн ойр юм байна. Ногоон байгууламжаар бялхах Иньчуань хот эмх цэгцтэй гэж жигтэйхэн. Орчин үеийн тансаг хийц загвартай байшин барилгууд олон сүндэрлэжээ. Тэр дунд исламын сүм хийд бололтой пөмбөгөр оройтой байшингууд ялгарч харагдана. Энэ хотын хүн ам бараг Улаанбаатартай ойролцоо хэрнээ хөл хөдөлгөөн сэлүүхэн гэж ээ. Гудамжаар алхах иргэдийн дунд толгойдоо цагаан алчуур зангидаж, нэлэмгэр урт хормойтой хувцас өмссөн хүмүүс содон тусав. Тэд бол хотон угсаатнууд аж. Исламын зан үйлийг ёсчлон дагадаг хотончуудын соёл, идээ ундаа нь хятадуудаас ондоо. Түүхэнд тэдний тухай өгүүлэхдээ Юань, Тан, Сүн улсын үеэс Араб, Перс, Дундад Азиас ирж нутагшсан гэж тэмдэглэсэн байдаг. Тухайн үед худалдаа наймаа эрхлэх юм уу, ноёд түшмэлийг дагалдаж ирээд энэ нутгийн улстай гэр бүл болж, хотон угсаатан үүссэн гэх таамаг ч бий. Ниншя-Хотонгийн өөртөө засах орон нь 7.3 сая хүн амтай. Хотон угсаатан хүн амынх нь гуравны нэгийг бүрдүүлдэг. Тийм болохоор Хятад улсын цөөнхийн өөртөө засах таван мужийн нэг ажээ. Засаг захиргаанд нь Иньчуань, Шизүйшань, Үжүн, Гүюань, Жүнвэй гэсэн таван хотын 22 дүүрэг багтдаг байна.

Ниншя нь газар зүйн байршлын хувьд Шэньси, Ганьсу, Өмнөд Монголоор хүрээлүүлдэг. БНХАУ-ын баруун хойд хэсэгт 66 мянга гаруй ам.км талбайд орших харьцангуй жижиг нутаг дэвсгэртэй, сийрэг нутаг юм байна. Гэхдээ энд газар тариалан, хөдөө аж ахуй сүрхий хөгжжээ. Бүр МЭӨ III зуунаас эхлүүлсэн баялаг түүхтэй ард түмэн аж. Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуан нь Ниншягийн Бэйди муж улсыг байгуулж, цэрэг илгээн газар тариалан эрхлүүлж байжээ. Тэр цагт усаа хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд Шар мөрөн ай саваа дүүргэн цалгилан урсаж байсан гэлцдэг юм билээ.

Эдний хөдөө ахуйн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд хэдийнээ танигджээ. Тухайлбал, Хятадын усан үзэмний дарсны хөгжлийг Ниншя тодорхойлдог гэж хэлж болно. Яагаад гэвэл дарсны өлгий нутаг Францын Бордотой бөмбөрцөгийн нэг өргөрөгт оршдог байна. Си Жиньпин хэдэн жилийн өмнө Ниншяд очиход түүнийг дагалдаж явсан мэргэжилтнүүд нь газар зүйн байршлын энэ онцлогийг анзаарч, дарсны үйлдвэрлэлээр Хятад улсад ялгарах боломжтойг олж харсан байна. Одоо Ниншягийн дарс Хятадын дотоодын хэрэгцээний болон экспортын том нийлүүлэгч болжээ. Мөн энэ нутагт ургадаг чонон хармаг жимсээр хийсэн бүтээгдэхүүн бас л брэнд бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байв. Жимсний охь, цай, ундаа хэлбэрээр хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж онцолж байсан. Ниншягийн бүсгүйчүүдийн царай гэрэлтсэн тунгалаг байдаг нь чонон хармаг жимсний ач тус гэнэ лээ. Энэ нутагт махны чиглэлийн үхэр, хонины төрөлжсөн хөдөө аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа аж.

Ниншя аялал жуулчлалын баялаг нөөцтэй орон. Байгалийн өвөрмөц төрхөөрөө жуулчдын урсгалыг татаж чаджээ. Тиймдээ ч Хятадын аялал жуулчлалын салбарт тэргүүлэх хэмжээнд жин дардаг байна. Гол нь цөлжилтийн эсрэг тэмцэж буй арга барилаараа улсдаа үлгэр жишээ бүс нутгаар шалгарчээ. Өнөө цагт Ниншяг Хятадын экологийн бяцхан Бонсай хот хэмээн зүйрлэх болжээ. Бонсай бол байгальд ургадаг олон төрлийн моддын жижигрүүлсэн хувилбар гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Үүнийг ургуулахад маш их арчилгаа, тордолгоо, хүний хүч хөдөлмөр ордог учраас үнэ цэнэтэй байдаг. Тэгвэл Ниншяг яг ямар агуулгаар ийм давжаа модтой зүйрлэж байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татаад явчихав. Түлхүүр нь өнөөх байгалийн тансаг төрх ажээ. Олон мянган жилийн турш өргөн мөрний наран шингэх үлгэрийн гэмээр дүрслэл, алсран бараантах уул нуруудаас гадна хараа алдам элсэн цөл, үзэсгэлэнт усан хотууд гээд төгс оршдог болохоор экологийн Бонсай гэж нэрлэсэн байна. Хамгийн гайхамшигтай нь элсэн цөлийн ганц бууц гэх хүн байгалийн уялдааг эндээс мэдэрч болох аж.

Иньчуаниас Жунвэй хүрэх хөдөө замд толь шиг хурдны замаар энэ нутгийн байгалийг ажин явахад үе, үе Монголдоо байгаа мэт сэтгэгдэл буугаад амжив. Говь, хээр хослох өргөн уудам хөндийд эгц өндөр хайрханууд нөмөрлөх нь Говь-Алтай аймгийн нутагт давхиад ч байгаа юм шиг санагдуулна. БНХАУ-ын дэд бүтэц үнэхээр эрчимтэй хөгжиж байгаагийн тод жишээ бол алс хөдөөд ч хурдны замыг өндөр чанартай барьснаас харж болно. Үүгээр зогсохгүй энэ бүс нутагт тавьж буй хурдны галт тэргийн бүтээн байгуулалт зогсолтгүй урагшилж байв. Бидний хэдэн сэтгүүлч ийн хөөрөлдсөөр бүгд нэгэн зүг харж уулга алдацгаалаа. Хөндий талд зах хязгааргүй хөхрөх далай мэт дүрслэл нүдний өмнө мэлтэлзэв. Бүгд “Далай юу даа. Ямар том юм бэ. Юу гэдэг нэртэй бол” гэцгээлээ. Харин энэ нь усан далай биш, нарны панелууд байсныг ойртож очоод мэдэх нь тэр.

Хэдэн арван км үргэлжлэх нарны эрчим хүчний хураагуурыг уул толгодыг дамнуулаад жигтэйхэн эгнүүлжээ. Ниншя муж Шаньси, Ганьсу, ӨМӨЗО-ны уулзвар хэсгийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн “Алтан гурвалжин”-д оршдог болохоор эрчим хүчний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг байна. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүч маш сайн хөгжсөн юм билээ. Нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийх нь бараг тэн хагасыг эзэлдэг гэсэн. Суурин тосгодын байшингуудын дээвэр дээр нарны панелууд гялалзаж байгаагаас харахад өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч бололтой.

Ниншя ашигт малтмалын 50 гаруй талбайд батлагдсан нөөцтэйгээс нүүрсээрээ Хятаддаа эхний зургаад бичигддэг байна. Бас нэг онцлог нь дэлхийн анхны сая кВт-ын дулааны цахилгаан станцтай. Дэлхийд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хамгийн том төсөл энд хэрэгжиж байна.

Сонирхуулахад нээлттэй эдийн засагтай Ниншя нь Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлээд эхэлжээ. Бид тус мужтай олон чиглэлд түншлэх боломжтой. Тухайлбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал гээд бүхий салбарт хамтран ажиллахад Ниншягийн удирдлагууд таатай байгаагаа илэрхийлж байв.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ улс-төр

Ц.Уянга: Дараагийн 700 автобусыг урьдын адил бусармаг аргаар авах гэж байна DNN.mn

“НОГООН АВТОБУС” ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Ардчилсан Нам(АН) өнгөрсөн долоо хоногт “Ногоон автобус”-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсгээс хотын дарга Х.Нямбаатарын өнөөдрийн мэдээлэлтэй холбоотойгоор дахин 700 автобус авах асуудал нь олон хардлага дагуулж байна гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн дарга Ц.Уянга “Ногоон автобустай холбоотой асуудал дарагдаж дуусаагүй байтал ахиад парк шинэчлэлтийн асуудлыг шинээр томилогдож ирсэн Х.Нямбаатар танилцуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчид, иргэдийн асуултад нэг ч хариулт байхгүйгээр дараагийн худалдан авалтыг нэн яаралтайгаар явуулж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэх хардлагыг дагуулж байна.

КОВИД-19-ийн төсвөөр 22 их наяд төгрөг хаашаа явсныг тайлагнаж чадахгүй байгаа одоогийн эрх баригчид эхнийхээ асуудлуудыг замхруулдагтайгаа адил бодож байгаа бол эндүүрчээ.

Дараагийн 700 автобусыг урьд өмнө хийсэн бусармаг аргаараа тулгаж худалдан авалт хийх гэж байгаа юм шиг байна.

Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулаад энэ асуудлыг замхруулах тийшээ хандуулчихлаа. Хамгийн сүүлд явж байгаа мэдээллээр биднээр илэрхий тохуурхаж захиалагч, нийлүүлэгч нь олдохоо байгаад Монголбанкны хяналтгүйгээр эхний багц болсон 100 автобусны 100 сая ам.доллартой тэнцэх хэмжээний өндөр дүнтэй гүйлгээг Засгийн газрын тэргүүн өөрөө мэдэхгүйгээр даалгавар батлаад түүнийг нь Монголбанк анзаарахгүйгээр шилжүүлээд явдаг асуудал байхгүй. Үүний цаана Монгол Ардын Нам(МАН)-ын бүлэг эдийн засгийн луйвар хийж байна гэдэг нь тодорхой байна.

Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан. Х.Нямбаатар Хууль зүйн сайд хийж байхдаа парк шинэчлэлтийн 600 автобусыг Засгийн газраар батлуулаад явж байхад хараагүй, хянаагүй, ойлгоогүй өнөөдөр гэнэт сэрж байгаа юм шиг ярьж болохгүй. Авлигатай Тэмцэх Газар(АТГ) шалгаж байгаа гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг ирэх сарын 13-ны өдөр товлолоо DNN.mn

Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 11 цагт товлогдсон.

Тэгвэл өмгөөлөгч нарын зүгээс шинжээч нар болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн Б.Ганхуяг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн ч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаа. Ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх арваннэгдүгээр сарын 13-ны 11:30 цагт товлолоо

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батсүх: Импортын барилгын материалын 40 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй байна DNN.mn

ЗАМЫН-ҮҮДЭД БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ НЭЭГДЭЖ БАЙГАА

“Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяртай ярилцав.


-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж, Засгийн газарт өргөн барина гэсэн. Голцуу ямар саналууд ирж байна вэ?

-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж Шадар сайдад танилцуулна. Тэгээд холбогдох арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтүүдийг нэгтгэж байна. Холбогдох байгууллагууд санал хүсэлт, дүгнэлтээ бичгээр өгсөн. Тэр асуудлуудыг бид нэгтгээд, нэгдсэн зохион байгуултад оруулаад төрийн байгууллага нь ийм ийм чиг үүргийг хэрэгжүүлье, хувийн хэвшил нь үүн дээр анхаарч ажиллая гэдэг дээр нэгдсэн санал дүгнэлтүүд гарна.

-Монголд барилгын материалын стандарт ямар баталгаажилтаар явдаг вэ. Муу материалууд орж ирдэг гэж хүмүүс их ярьдаг шүү дээ?

-Барилгын салбарт нийт 618 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнээс барилгын материалын стандарт 155 байна. Стандарт нь байгаад байна. Хэрэгжилтийн түвшинд нь анхаарах асуудлууд бий. Заавал баталгаажуулалтад хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт гэж байдаг. Хүний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхэд заавал стандартын шаардлага хангуулсан байна гэдэг. Үүний хүрээнд 644 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс 230 нь барилгын материалтай холбоотой асуудлууд байдаг. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай. Үүнд тодорхой хэмжээгээр хамрагдаад явж байна. Гэхдээ гаалийн хяналтын байгууллагаар магадгүй баталгаагүй оруулж ирж байгаа асуудлууд бий. Тэр чиглэл рүү нэлээд ач холбогдол өгч анхаарч ажиллахаар болж байгаа.

-Үүний хэрэгжилтийг хаанаас хянаж ажиллах вэ. Одоо Мэргэжлийн хяналтын газар гэж байхгүй болчихсон шүү дээ?

-Барилгын материалын стандартын шаардлага хангахыг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага нь гаалийн байгууллага. Барилгын материалыг стандартын шаардлага хангасныг хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага нь гаалийн байгууллага гэсэн үг.

-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал маш их нөлөөлдөг гэсэн. Үүнийг шинжилж судлах хангалттай хэмжээний лаборатори, мэргэжлийн шинжээч Монголд бий юу?

-Хэд хэдэн тохирлын үнэлгээний байгууллагууд байдаг. Барилгын хөгжлийн төв, Барилга архитектор корпораци, Барилгын хөгжлийн нэгдсэн төв гэх мэт. Эдгээр байгууллагууд тодорхой төрлийн үнэлгээг хийгээд явж байгаа.

-600 гаруй нэр төрлийн барилгын материал гаалийн байгууллагаар л дамжиж орж ирж байгаа. Гаалийн байгууллага тэдгээр бараа материалд бүрэн хяналт тавьж чаддаг болов уу?

-Түүнийг гаалийн байгууллагаас нь л тодруулах байх. Өөр байгууллагын өмнөөс би хариулт өгөх боломжгүй. Ер нь тохирлын гэрчилгээ буюу тохирлын үнэлгээний үр дүнг үндэслээд бараа материалыг оруулж ирж байх ёстой. Үүн дээр зохих хэмжээний зүйлүүд байгаа талаар Гаалийн ерөнхий газар, холбогдох албан тушаалтнууд нь тодорхой тайлбар мэдээллүүдийг өгч байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж ажиллая гээд мэдэгдсэн. Нөгөө талаар барилгын материал оруулж ирж байгаа имспортлогчид стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг л оруулж ирэх хандлагын өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Түүнээс бид чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд та нар өөрсдөө хяналтаа тавьж чадахгүй байж гэдэг хандлага байж болохгүй. Тэгэхээр аль аль тал нь үүн дээр анхаарах ёстой. Гаалийн байгууллага ч хяналтаа сайжруулах ёстой. Нөгөө талаас бараа материалаа импортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгж байгууллага ч гэсэн чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирэх ёстой. Ингэж байж эрүүл аюулгүй орчин хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Нөгөө талаас стандартын байгууллага шаардлагатай стандартыг батлах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллана.

-Барилгын материал импортын хувьд хамгийн их тулгамддаг асуудлууд юу байна вэ?

-Чанаргүй бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа л асуудал байна. Үүн дээр хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл нь дотоод орчны агаарын бохирдолд шатамхай дэгдэмхий бодисууд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан байх ёстой. Стандарт гэдэг нь аюулгүй байдлыг л хангуулах гээд байгаа юм. Шаардлагатай стандартуудыг баталдаг байх ёстой. Замын-Үүдэд барилгын материалын лаборатори нээгдэж байгаа. Тэгэхээр нэлээд цэгцрэх байх.

ЧАНАРГҮЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛААС БОЛЖ ЧАНАР МУУТАЙ БАРИЛГА БАРИГДАЖ, БАРИЛГУУД НУРАХ, НАСЖИЛТ НЬ БОГИНОСОХ, УРСГАЛ ЗАСВАРЫН ЗАРДЛУУД ИХ ГАРДАГ БОЛЛОО

Мөн энэ үеэр Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын тэргүүн Г.Батсүхтэй ярилцлаа.


-Хэлэлцүүлгээс гарсан ямар санал зөвлөмжүүдийг Засгийн газарт өргөн барина гэсэн. Хамгийн их хөндөгдсөн асуудлууд юу байв?

-Голцуу барилгын материал нь хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байна. Чанаргүй барилгын материалаас болж чанар муутай барилга баригдаж, үүнээсээ болоод барилгууд нурах, насжилт нь богиносох, урсгал засварын зардлууд их болж байна.

-Монголд импортоор хэчнээн төрлийн барилгын материал орж ирдэг юм бэ?

-10 мянга гаруй нэр төрлийн барилгын бараа материал орж ирдэг.

-Эдгээр 10 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шинжилж судлах боломж нь хэр байдаг вэ. Лабораториудын хүчин чадал нь хүрдэг үү?

-Тодорхой хэмжээг нь шинжлэн судлах боломжтой. Одоо бол заавал бүгдийг нь шинжлэн судлах шаардлагагүй болсон. Монгол олон улсын конвенцид нэгдчихсэн. Тэгэхээр тухайн улс орнуудын шинжилсэн лабораторийн дүгнэлт, тохирлын гэрчилгээг Монгол Улс хүлээн зөвшөөрдөг болчихсон гэсэн үг. Тиймээс заавал Монголдоо нарийн лаборатори байгуулаад байх шаардлагагүйгээр тухайн улсын лабораторийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзээд, түүнийг нь бид үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч импортоор оруулж болно.

-10 мянга гаруй нэр төрлийн бараа материалаас хэчнээн нь стандартын шаардлага хангахгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн импортоор орж ирж байна вэ?

-Зах зээл дээр импортоор орж ирж байгаа барилгын материалын 40 хувь орчим нь чанарын шаардлага хангахгүй байна.

-Чанарын шаардлага хангахгүй бараа материал оруулж ирж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хараа хяналтыг хаанаас тавьж байна вэ. Ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хараа хяналтыг хэн ч тавихгүй байна. Ямар ч хариуцлага байхгүй.

-Үүнийг яаж таслан зогсоох вэ?

-Хуулиа хэрэгжүүлээд л явах шаардлагатай. Үүний дагуу дагаж мөрдөх дүрэм журам баталж гаргах хэрэгтэй байгаа.

-Мэргэжлийн хяналтын газар нь татан буугдчихсан. Үүнийг хянах тусгай чиг үүргийг хаанаас хангах вэ?

-Үүний эрх нь Барилга хот байгуулалтын яам руу шилжчихсэн. Түүнийг нь хийх боловсон хүчин байхгүй юм билээ.

-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал их нөлөөлдөг гэдэг. Барилгын материалыг чанаржуулахын тулд та бүхний хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, саналууд юу байна вэ?

-Хэн дуртай нь барилгын материал зөөдөг биш аж ахуйн нэгж зөөдөг болгоё гэж байгаа. Одоогоор дийлэнх нь Зуун айлын барилгын материалын худалдаа явуулдаг иргэдийн нэрээр буюу гааль бүрдүүлэлт хийлгүй, бараа материалаа мэдүүлэлгүй шууд оруулж ирээд байгаа. Тиймээс нэгдүгээрт, тохирлын гэрчилгээтэй, хоёрдугаарт, аж ахуйн нэгж барилгын материал оруулдаг болъё гэж байгаа юм.

С.ОТГОНБАЯР

 

Categories
гадаад мэдээ

Арктикийн бүсэд хэрэгжих төлөвлөгөө DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены засаг захиргаа ойрын арван жилд баримтлах бодлогоо тодорхойлсон, Арктикийн бүсэд хэрэгжүүлэх үндэсний стратегийн төлөвлөгөө (NSAR)-г нийтлүүлэв. Үүний өмнөх хувилбарыг Барак Обамагийн засаг захиргаа 2013 онд баталж байсан юм. Шинэ баримт бичигт “АНУ энэ бүс нутагт хойшид гарч болзошгүй цэргийн мөргөлдөөн, тухайлбал геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Орос, Хятадтай үүсэх эрсдэлийг зохицуулахын тулд Арктикийн холбоотнууд, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.

Энэ нь үндэсний аюулгүй байдал төдийгүй Аляска муж улсын иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэжээ. Уг төлөвлөгөөний оршил дахь Арктик дахь АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхол гэсэн хэсэгт “Үндэсний батлан хамгаалах чадвар, дотоодын аюулгүй байдал, эрсдэлгүй худалдаа, арилжаа ба шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах зэрэг олон асуудлыг багтаасан” гэж тэмдэглэжээ.

АНУ нь мөн “Агаарын орон зай болон далайд учирч болзошгүй аюул заналыг илрүүлэх, хянах зорилгоор Арктик дахь өөрийн хариуцсан бүсийн хяналтын системийг шинэчлэх, мөн далайн мөс, хөлөг онгоцны хөдөлгөөн, цаг агаарын өөрчлөлтийг мэдэж байх зорилготой тандалт хийх чадавхаа сайжруулахад нэмэлт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна” гэсэн байна. Мөн АНУ-ын эрх баригчид Канад улстай хамтран Хойд Америкийн агаар-сансрын батлан хамгаалах командлал (NORAD)-ын чадавхыг шинэчлэхээр төлөвлөжээ.

Энэхүү баримт бичигт Арктикийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах тухай Цагаан ордны төлөвлөгөөг жагсааж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг анхаарч, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ бүс нутгийн оршин суугчдын эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд Арктикийн тогтвортой хөгжилд хэрхэн, яаж шинэ хөрөнгө оруулахыг мөн багтаасан байна. Энэхүү шинэ төлөвлөгөөнд “үндсэн дөрвөн бүлэг, 30 гаруй зорилго, 200 гаруй үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэх хугацаа, үнэлэх шалгуурын

хамт нарийвчлан тусгасан байна гэж “Voice of Ameri­ca” (VOA or VoA) агентлаг мэдээлжээ.

Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал, сүүлийн үед Хойд туйл байгалийн хий, нефть гэх мэт асар их баялагтай болох нь тогтоогдоод байгаа бөгөөд бас мөс нь хайлж энд маш товч худалдааны далайн зам шинээр бий болж буй нь хүн бүхэнд тодорхой болсон. Харин Кремлийн дэглэм энэ бүхнийг бусад улсын оролцоогүйгээр оросууд дангаараа эзэмших эрхтэй гэж үздэг. Иймээс энгийн хүн ам суурьшдаггүй энэхүү Арктикийн бүсэд ОХУ болон НАТО-гийн хүчнүүд хоорондоо тулгарч дэлхийн III дайн жинхэнэ ёсоороо эхэлнэ гэж зарим цэргийн шинжээчид бичиж байгаа билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20.400.000 төгрөгийн торгууль оногдуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлтийн талаар цагдаагийн байгууллагаас товч мэдээллээ.

ЦЕГ-ын ХМТ-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан 50 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 246, сураггүй алга болсон 176 хүнийг олж тогтоожээ.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20,400,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 227 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлэг: “Ковидын төсвөөр нийтийн сонсгол” хийхийг шаардана DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүргээс “Ковидын төсвөөр нийтийн сонсгол” хийхийг шаардах талаар мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын бүлэгийн дарга О.Цогтгэрэл “Парламент дахь АН-ын зүгээс 2006 онд Хөгжлийн сан, 2009 онд Хүний хөгжлийн сан гээд Эвслийн засгийн газар байх үед бүх санаачилгыг гаргаж ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирээдүйн өв сангийн хуулийг өргөн барьж батлуулж байсан нь өнөөдөр үйлчилж байна. Энэ хууль зарчмын хувьд зөв хууль мөн. Гэхдээ үүний цаана уул уурхайн компаниуд төрийн өмчит компани гэдэг нь өнөө ирээдүй цагийн ард түмний биш өнөө цагийн дарга нарын, улс төрчдийн өмч болж чадахыг харсан. Иймээс бид иргэн нь баян, төр нь баян биш байдаг. Ирээдүйд өв үлдээсэн эдийн засгийн тусгаар тогтнолыг томьёолсон хуулийн төслийн өргөн барихад бэлэн болсон байна. Ирэх долоо хоногт УИХ-ын даргатай тов тогтоож уг хуулийг өргөн барина” гэлээ.