Categories
мэдээ спорт

Cумо бөхчүүдийг тусад нь нисгэв DNN.mn

Японы өмнөд хязгаарын Амами аралд болох спортын наадамд оролцохоор Токио хотын Ханеда, Осака хотын Итами нисэх буудлуудаас сүмо бөхчүүд нисэх гэтэл тэдний дундаж жин 120 кг байсан нь ердийн зорчигчийн 70 кг-аас хол давж тэдний суух Boeing 737-800 онгоцны шатахуун хүрэлцэхгүй гэсэн тооцоо гарчээ. Иймээс JAL компани хоёр нисэх буудлаас хөөрөх нийт 27 бөхийг хамтатган Токио хотын Ханеда буудлаас тусгай онгоцоор тээвэрлэхээр болсон байна. Ингэхийн тулд Осакагаас хөөрөх байсан 14 бөхийг эхлээд Токиод тээвэрлэн авчирчээ. Сүмо бөхчүүдийг илүү даацтай онгоцоор нисгэхээр төлөвлөсөн ч Амами арлын жижиг нисэх буудалд том онгоц буух боломжгүй гэж үзсэн тул ийнхүү тусгай онгоц хөөргөхөөр болсон байна. “Онгоцны жингийн хязгаарлалтын улмаас тусгай нислэг үйлдэх болсон нь ер бусын ховор тохиолдол юм” гэж JAL компанийн төлөөлөгч орон нутгийн хэвлэлд ярьжээ. Тэмцээн өндөрлөсний дараа сүмо бөхчүүдийг мөн тусгай нислэгээр Токиод хүргэсэн байна гэж  CNN мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: Сурагчдын үдийн цайнд 1 ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт 9 ам.долларын зардлыг хэмнэнэ DNN.mn

Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Сургуулийн хоолны эвслийн анхдугаар чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байна.

Монгол Улс Сургуулийн хоолны эвсэлд энэ оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэгдэх амлалт бичгээ өгч, Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зуран баталгаажуулсныг мэдэгдэж, манай улс энэхүү санаачилгыг дэмжиж нэгдсэн гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс 2006 оноос бага ангийн сурагчдад зориулж “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оноос түүнийгээ өргөжүүлэн “Үдийн хоол” хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн хэдий ч тогтвортой хүнсний хангамжийн тогтолцоо, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал, мөн дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар зэргээс шалтгаалан дунд (6-9 анги) болон ахлах (10-12 анги) ангийн сурагчдыг “Үдийн хоол”-ны үйлчилгээнд хамруулах хугацаа тодорхой хугацаанд хойшлоод байгааг мөн мэдээллээ.

Хууль эрх зүйн хүрээнд тодорхой ахиц гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан 20 гаруй холбогдох баримт бичгийг гарган хэрэгжүүлж байна.

Сургуулийн хоолны эвсэл нь дэлхийн 87 гишүүн улс, Европын холбоо, Африкийн холбоог нэгтгэсэн байгууллага юм. Дэлхий дээр хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй 349 сая хүн байгаагийн 153 сая нь хүүхэд, залуучууд байна. Сургуулийн хоол нь энэхүү байдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Сурагчдын үдийн цайнд 1 ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт 9 ам.долларын зардлыг хэмнэх тооцооллыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргажээ.

Эх сурвалж: БШУЯ

Categories
гадаад мэдээ

Палестинчуудыг хүн гэж тоож үзэхгүй байна DNN.mn

Иран албан ёсоор “Газын зурваст хийх гэж буй халдлагаа зогсоохгүй бол Израилийн тал ” төсөөлшгүй сөрөг холын үр дагаварт хүрнэ” гэж анхааруулав. Мөн Тегеран НҮБ-ын сувгуудаар дамжуулан олон нийтэд анхааруулсан мессеж илгээж, хэрэв Израиль Газын зурвас дахь радикал исламист ХАМАС хөдөлгөөнийг устгах кампанит ажлаа үргэлжлүүлбэл Иран мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох болно гэж мэдэгдсэн тухай “The Jerusalem Post” сонин мэдээлэв. Уг сонинд мэдээлснээр, өмнөх өдөр нь Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан Ливаны нийслэл Бейрут хотноо НҮБ-ын Ойрхи Дорнодод энх тайвныг зохицуулах төлөөлөгч Тор Веннесландтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Дараа нь Ираны сайд Катарт ХАМАС-ын удирдагч Исмаил Ханиетэй уулзаж, Хамасын Израильд хийсэн террорист халдлагын талаар ярилцаж, Палестины бүлэглэлийн зорилгыг дуусгахын тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар ярилцсан гэж ХАМАС-ын мэдэгдлийг иш татан мэдээлсэн байна. Ираны сайд Амирабдоллахиан нь Ханиятай уулзах үеэр ХАМАС-ын израильчуудын эсрэг хийсэн террорист ажиллагааг өндрөөр үнэлж, “Израилийн Палестины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлсэн явдалд цохилт өгсөн түүхэн ялалт” гэж хэлснийг тус сонин онцлон тэмдэглэжээ.

НҮБ-д суугаа Ираны суурин төлөөлөгчийн газар X платформ дээрээ “Израиль өөрийн апартейд дайн, геноцид гэмт хэргийг нэн даруй зогсоохгүй бол нөхцөл байдал хяналтаас гарч, өргөн хүрээтэй үр дагаварт хүргэж болзошгүй” гэж мэдэгджээ. Харин НҮБ-д суугаа Израилийн төлөөлөгч Гилад Эрдан өөрийн зүгээс ХАМАС-ын удирдагч Абдоллахиантай уулзахдаа террорист үйлдэл явуулсныг мөн Палестины радикалуудыг дэмжсэн Ираны үйлдлийг буруушаасангүй гэж НҮБ-ын Ойрхи Дорнодод энх тайвныг зохицуулах төлөөлөгч Тор Веннесланыг эрс буруутгав. Тэрбээр “Та ХАМАС-ын удирдагчтай гар барьсны дараа Израилийн нялх хүүхдүүдийн цусыг өөрийн гарнаас угаахаа мартав. Израилийг устгахыг ил тод уриалж буй Ираны нацист дэглэмд НҮБ-аас өгч буй хууль ёсны иймэрхүү дэмжлэгийг бид цаашид хүлээн зөвшөөрөхгүй” гэж бичжээ.

Эдгээр үйл явдалтай давхцан Израиль цаг агаарын таагүй байдлаас болж Газын зурваст хийхээр төлөвлөж байсан хуурай замын ажиллагаагаа хэд хоногоор хойшлуулж байна гэж мэдээлэв. Төлөвлөгөөний дагуу довтолгоо энэ долоо хоногийн сүүлээр эхлэх ёстой байсан юм. Гэвч палестин иргэдийг ХАМАС-ын байрлалаас нүүлгэхийн тулд эдгээр иргэдийг цохилт өгөх газраас гарахыг Израиль анхааруулсан. Палестинчуудтай гарал нэг Арабын 19 улс байгаа боловч цагаа тулахад тэдний нэг нь ч палестинчуудыг нутагтаа оруулсангүй. Тухайлбал, Газын зурвасыг орхин гарахыг хүссэн олон мянган хүн Египеттэй хиллэдэг Рафах боомтыг түр нээж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа тэнд цугларчээ. Мөн нөгөө талаас нь Палестинчуудад зориулсан хүмүүнлэгийн тусламж ачсан олон арван ачааны машин Египетийн хил рүү чиглэн иржээ. Гэсэн хэдий ч Израилийн хяналтгүй цорын ганц шалган нэвтрүүлэх цэг хаалттай хэвээр байна.

Египетийн эрх баригчид өөрсдийн ажилчдын аюулгүй байдлын баталгааг Израилийн талаас авахаас нааш хилийн боомтыг нээхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн. Харин Израил Газын зурвас руу орж буй бүх ачааны машиныг цэргийн ачаа тээвэрлээгүй гэдгийг шалгахыг хүсч байна. Гэтэл Израилийн хянагчдын аюулгүй байдлыг хэн хангах нь огт ойлгомжгүй байна. Нэмж дурдахад, Каир зөвхөн гадаадын иргэдэд Газаас гарах боломжийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ нь Газын байнгын оршин суугчдыг хилээрээ оруулахгүй гэсэн үг бөгөөд тэднийг дэмжиж байгаа гээд байгаа “ах, дүүс” улсууд нь ч палестинчуудыг хүн гэж тоож үзэхгүй байгаа нь тодорхой болж байна. Иймээс Израилийн Батлан хамгаалах хүчин ХАМАС-ын газар доорх хот бүхий Газын зурвасын хойд хэсгээс оршин суугчдыг өмнө зүгт аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд зориулж өөр зам гаргах болсон гэж мэдэгдэв.

Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас “Газын зурвасыг хянаж байгаа радикал исламист ХАМАС хөдөлгөөний үйл ажиллагаа, бодлого нь Палестины ард түмний эрх ашигт нийцдэггүй” гэж мэдэгдсэнийг Палестины WAFA агентлаг мэдээлэв. Аббас мөн Палестин болон Израилийн аль алиных нь энгийн иргэдийг хөнөөхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, “хоёр талд энгийн иргэд болон хоригдлуудыг суллахыг уриалав” гэж WAFA мэдээлжээ. Палестин-Израилийн мөргөлдөөнийг хүчирхийллээр бус улс төрийн аргаар шийдвэрлэх ёстой гэж Махмуд Аббас мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Палестинчууд ХАМАС-ын оролцоогүйгээр тусгаар улс болох эрхтэй” гэж хэлсэн нь Израиль Газын зурвасыг мэдэлдээ оруулахгүй зөвхөн террорист ХАМАС бүлгийг устгах зорилготой гэдэг нь тодорхой болов. Энэ нь үүссэн байдлыг цаашид хурцатгахгүй байх үндсэн нөхцөл юм.

Израилийн Эрчим хүчний сайд Исраэль Кац тус улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийсний дараа хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хөнгөвчлөх зорилгоор Газын зурвасын өмнөд хэсгийн усан хангамжийг сэргээхээр болсон гэж мэдэгдэв. Уншигчдадаа сануулахад, Израил хэрэв Палестины дэд бүтцэд цохилт өгч цахилгаан, түлш, усан хангамжийг нь тасалсан бол Женев болон Гаагийн конвенцийн заалтаар дайны гэмт хэрэгтэн болох байв. Харин хэрэглэгч нь дайсан болсон тул өөрсдийн нийлүүлж байсан ус, түлш, цахилгааныг тасалсан тул Израиль олон улсын дүрэм журмаар ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй юм.

Зэвсэгт дайчид нь террорист халдлага хийж 1300 гаруй хүнийх нь аминд хүрсэн Палестины ХАМАС бүлэглэлийн цэрэг, улс төрийн удирдлагыг устгах зорилгоор Газын зурвасын хойд хэсэгт “газар, ус, агаараар” өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулна гэсэн Израилийн шийдвэр хүчинтэй хэвээр байна. Мэдээж дараа нь ХАМАС-ын хувь заяаг тэдний ард байсан Иран, Орос хоёр давтана гэдэг нь өдөр ирэх бүр улам ойлгомжтой болж байна. Том зургаараа Израиль ХАМАС-ын тулаан ардчилал, дарангуйллын тогтолцоо хоорондын дэлхийн дайны эхлэлийг тавьж байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд цэрэг татлага өнөөдөр эхэлнэ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.

Тодруулбал,

  • Баянзүрх дүүрэг-14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг-83 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг-96 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг-34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг-5 дугаар сургууль
  • Багануур дүүрэг- “Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг- “Хангай” цогцолбор сургууль
  • Налайх дүүрэг-“Налайх” политехник коллежид зохион байгуулна.

Цэрэгт татлагад ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, 3Х4 хэмжээтэй цээж зураг бүрдүүлж ирнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.10.18-19/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·         Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын       сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  нэг дэх хэлэлцүүлэг/    

·      Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

·      Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүд

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бусад

·      Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн сурагчид арваннэгдүгээр сарын 6-наас амарна DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг батлан гаргадаг билээ. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулиуд гурван улирлаар хичээллэсэн бол энэ жил дөрвөн улирлаар хичээллэнэ.

Тэгвэл нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 6-наас эхлэх бөгөөд бүх сурагч долоо хоног амрах юм. Хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх бөгөөд бага, дунд, ахлах ангиас хамаарч өөр хугацаатай байна. Гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сард, дөрөвдүгээр улирлын амралт зургаадугаар сараас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна DNN.mn

Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.

Томуугийн вакцинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг сум, өрхийн эрүүл мэндийн төв, тухайн эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээн хамруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл эхэллээ DNN.mn

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор зөрчил буурч байна DNN.mn

 Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягтай ярилцлаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой ял шийтгэлийг чангаруулах хуулийн төсөл яригдаж эхлээд олон нийтийн анхаарлыг татлаа. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн зөрчил сүүлийн үед буурсан тухай дууллаа. Тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд буюу 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 мянган зөрчлийг илрүүлж таслан зогсоосон. Энэ оны эхний есөн сарын байдлаар 33164 зөрчлийг замын хяналтаар илрүүлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн авсан мэдээ, мэдээлэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд нөлөөлж байх боломжтой. Сүүлийн үед хоногт илэрч байгаа энэ төрлийн зөрчил бага зэргийн бууралттай байгаа. Өмнө нь хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80-120 зөрчил илэрдэг байсан бол сүүлийн үед 80 болон буурсан байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор “Уусан бол бүү жолоод” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсаар байгаа.

-Зөрчил буурч байна гэдэг таатай мэдээлэл байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны үр дагавар бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлдэг нь гол аюул шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол он гарснаар өнөөдрийг хүртэл 615 бүртгэдсэнээс 74 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн жил гэхэд зам тээврийн ослоор 300 гаруй хүн амь насаа алдсан. Үүнээс 38 нь бага насны хүүхэд байсан.

-Согтуугаар жолоо барьсан үед оноодог одоогийн ял шийтгэл ямар байна. Ер нь ямар байх ёстой юм бэ?

-Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.3 буюу 400 мянган төгрөгөөр торгож, нэг жилээр эрх хасдаг. Хуулийн санкцийн тохиромжтой эсэхийг бид хэлэхгүй. Ер нь гадаадын улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын энэ хуулийн санкц чангадаа ордоггүй. Мэдээж хуулийн шинэчлэлийг хууль батлах эрх бүхий субъектууд батална. Манай байгууллагаас бусад улс орны нөхцөл байдалтай харьцуулсан судалгааг хийн саналаа хүргүүлсэн.

-Шинэ хуулийн төслөөр ял шийтгэл санкц нэлээд чангарч байгаа. Зарим хэсэг нь үүнийг цагдаажих нь, шоронжих нь гэх зэргээр шүүмжилж байгаа. Заавал ингэж чангаруулах хэрэг байсан уу?

-Хуулийг чанга байна гэж бухимдах нь “Бид зөрчмөөр байна” гэж байгаатай адилхан. Тэгэхээр та зөрчихгүй байхад л хууль чанга, сул байх эсэх асуудал хамааралгүй шүү дээ. Манайд жилд 500 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амиа алддаг. Үүний 200 орчим нь согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осолтой холбогддог. Нэг ёсондоо 40 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол эзлээд байгаа. Тиймээс хяналт шалгалтыг яагаад ч сулруулж болохгүй зөрчлийн нэг. Тийм ч учраас цагдаагийн байгууллага долоо хоногийн 24 цагт шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажилладаг.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй л бол 200 орчим хүн эрүүл саруул, амьд сэрүүн байх боломжтой байж. Жолооч нарт энэ талаар ямар зүйлийг сэрэмжлүүлэх вэ?

-Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодохгүй байх олон сонголт, боломж бий. Мэдээж согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэж бид хэлэх эрхгүй. Гэхдээ хэрэглэсэн тохиолдолд автомашинаа камерын хяналттай зогсоолд байршуулах, найз нөхдөө, гэр бүлийн хүмүүсээ дуудаж хүргүүлэх зэрэг олон сонголт байгаа. Энэ нь өөрөө жолоочид ч, бусдад ч аюулгүй байх боломж юм.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Ганхуяг: Жилд 2500 гадаадын хөрөнгө оруулагч шинээр орж ирдэг байсан бол 10 болтлоо буурсан DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлаар иргэдээс санал авах санаачилгыг та бүхэн гаргасан. Таван хувь болгосноор иргэдэд ямар ашигтай вэ?

-Иргэд хууль батлалцдаг, хуульд иргэдийн саналыг авах тогтолцоог D- Parliament-аар өнгөрөгч онд бий болгосон. Тэгвэл үүний үргэлжлэл болгож өчигдөр D-petition нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүллээ. Ингэснээр тодорхой нэг асуудлаар 33 мянган иргэний санал гаргавал тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулна. 70 мянган иргэн санал ирвэл тухайн асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулж, сонсгол хийх боломжийг олгож байна. Үүнийг УИХ-ын тухай хуулийн 31.1 дэх заалтад оруулсан. Харин 100 мянган иргэний санал ирвэл тухайн асуудлаар холбогдох байнгын хороо хууль санаачилна. Ингээд УИХ-аар хэлэлцэж батлах боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, иргэн бүр УИХ-ын 77 дахь гишүүн болно гэсэн үг. Хэрвээ иргэний эрх зөрчигдөж байгаа ямар нэгэн асуудал, эсвэл хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл та тухайн асуудлаар өргөдөл гаргаж иргэдээс санал авна. Таны саналыг 100 мянган иргэн дэмжвэл түүнтэй холбоотой хуулийг холбогдох байнгын хороо санаачилна гэсэн үг. Харин 70 мянган иргэн дэмжвэл тухайн асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж, сонсгол хийнэ. Жишээлбэл, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилгыг иргэний хувиар гаргаж иргэддээ хандлаа. Буцаан олголтыг таван хувь болгосноор ойролцоогоор 600 тэрбум төгрөгийн дарамт төсөвт ирнэ. Гэхдээ буцаан олголтыг нэмэгдүүлснээр татварын бааз суурь өргөжинө.

Буцаан олголтыг олгодог болсноор НӨАТ-ын орлого 2.7 их наяд байсан бол хоёр хувь болгосноор 4.7 их наяд болж өссөн. Ихэнх худалдааны төв, захууд НӨАТ олгохгүй байна. Учир нь иргэд НӨАТ-аа нэхэхгүй байна. Хоёр хувийн төлөө и-баримт руугаа шивж оруулахаас залхуурч байгаа хэсэг ч бий. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор иргэдийн оролцоо идэвхжинэ.

Сугалаа гэж байхаар таван хувийн буцаан олголт өгдөг болчихвол татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Магадгүй дараа жил 4.7 их наяд төгрөгийн татварын орлого тав, долоон их наяд гэдэг ч юм уу татварын орлого нэмэгдэнэ. Товчхондоо олон талын ач холбогдолтой. Иргэдийн орлого нэмэгдэнэ. Хяналт сайжирна. Татварын бааз суурь нэмэгдэнэ.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох хууль батлагдчихвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Хууль батлахдаа хэзээнээс хэрэгжиж эхлэх саналаа оруулдаг. Магадгүй ирэх жилээс хэрэгжих боломж нь бүрдэнэ. 100 мянган иргэний саналаар дэмжигдвэл тухайн байнгын хороон дээр хуулийг санаачилж УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор аж ахуйн нэгжид татварын дарамт очих болов уу?

-Аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт нэмэгдэхгүй. НӨАТ төлөгч компани тоо нэмэгдэнэ. Учир нь ямар нэгэн худалдан авалт хийхээр зарим компаниуд нь НӨАТ төлөгч, зарим нь НӨАТ төлөгч биш байдаг. НӨАТ төлөгч биш компаниас худалдан авалт хийхээр дахин 10 хувийн зардлыг тухайн компанийн өмнөөс төлөх ч гэдэг юмуу зардал үүсдэг. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор иргэд НӨАТ-аа нэхэж эхэлнэ. Компаниуд худалдан авагч хийхдээ НӨАТ төлөгчөөс илүү худалдан авалт хийх их сонирхолтой байдаг. Ингэснээр НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх сонирхол нь нэмэгдэнэ.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийн гол ач холбогдлыг ярихгүй юу?

-Дэлхийд цөөн хэдэн эдийн засаг байгаа. 190 орон буюу 190 эдийн засаг хэдийгээр хамтарч ажилладаг ч гэсэн ямагт өрсөлдөж байдаг. Тэр дундаа хөгжиж байгаа орнуудын хувьд худалдааны орлого илүү олох, хөрөнгө оруулалт татах зэргээр өрсөлддөг. Хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуулт Оюу толгойн гэрээ хийгдсэнээс хойш нийгэмд их явлаа. Тийм ч хөрөнгө оруулалт хэрэггүй, ийм ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэггүй гэхчлэнгээр маргаан их явсан. Үүний улмаас ямар үр дүнд хүрэв гэхээр 2020, 2021 онд жилд 1800-2500 аж ахуйн нэгж гадаадаас шинээр хөрөнгө оруулагчаар бүртгүүлдэг байсан бол 5-10 компани болтлоо буурсан. Хөрөнгө оруулалт яагаад хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт, төлбөрийн тэнцэлд ашигтайгаар нөлөөлдөг. Хоёрдугаарт, ноу-хау шилжиж орж ирдэг. Шинэ технологи нэвтэрч байдаг. Ажлын байрыг шинээр бий болгодог. Татвар төлөгч шинээр нэмэгддэг. Энэ талаасаа дэлхий даяар хөрөнгө оруулалтыг татахаар өрсөлдөж байдаг. Гэхдээ nationalism буюу байгалийн баялгийн хараалд орсон орнууд ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцдэг. Жадлан эсэргүүцдэг шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтын бий болсон баялаг, хөрөнгийг булааж авах зорилгоор иргэдэд хөрөнгө оруулах хэрэггүй гэж ухуулан, ойлгуулдаг. Хоёрдугаарт, цөөн тоглогчтой олгиополь зах зээл гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах сонирхолгүй байдаг. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр тухайн салбарт өрсөлдөөн нэмэгддэг. Энэ нь тухайн барааны үнэ өртөг буурахын сацуу эргээд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ашиг буурч байдаг. Бодит жишээ нь, И-март манай худалдааны салбарт орж ирлээ. Ингэснээр барааны үнэ тодорхой хэмжээнд буурч эхэлж байна. Хоёрдугаарт, үйлчилгээний өрсөлдөөн бий болж эхэлж байна. Өмнө нь дотроо машины зогсоолтой худалдааны төв гэж ер нь байгаагүй. Үнийн өрсөлдөөн, бүтээгдэхүүний чанарын болоод үйлчилгээний чанарын өрсөлдөөнийг гадаадын хөрөнгө оруулалт үргэлж нэмэгдүүлж байдаг. Тиймээс олгиополь зах зээлтэй салбарууд гадаадын хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцдэг. Үүнийгээ иргэдэд маш сайхнаар тайлбарладаг. Яаж тайлбарладаг гэхээр тухайн ард түмний хамгийн дургүй субъектээр эсэргүүцдэг. Жишээлбэл, Солонгосын иргэд Японд дурамжхан байдаг. Учир нь дайн гарч байсан ч гэдэг юм уу. Ингээд Солонгост Японы хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр япон новшнуудын нөлөө ихсэх гээд байна ч гэдэг юмуу иймэрхүү байдлаар эсэргүүцлийг бий болгодог байсан. Монгол хамгийн түгээмэл нь “Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэх гээд байна. Хятадууд Монголд их болох гээд байна” гэхчлэнгээр эсэргүүцдэг. Иймэрхүү зүйл дэлхий дахинд түгээмэл бий. Учир нь ихэнхдээ хөрш орнууд ямар нэгэн байдлаар түүхэн хугацаанд үл ойлголцол үүсч байсан байдаг. Үүнийг нь пиар болон олон нийтэд ухуулж сэнхрүүлэх байдлаар жадлан эсэргүүцэж хөрөнгө оруулалтыг царцааж байсан түүх их бий. Манайд ч гэсэн үүнийг давтлаа. Манайд нэгдүгээрт төмөр зам, дэд бүтцээс гадна хөрөнгө оруулалтыг зогсоосноор сүүлийн 15 жилийн хугацаанд эдийн засаг 12 тэрбум ам.долларт гацсан байдаг.

Сөрөг пиар иргэдийн сэтгэхүйд нөлөөлснөөр гадаадын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг зогсооход нөлөөлсөн. Сүүлийн хоёр жил “Шинэ сэргэлтийн Засгийн газар”-ын бодлогын үр дүнд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ирсэн. Хамгийн том хөрөнгө оруулагчидтай хэл амаа олж чадсаны үндсэн дээр хөрөнгө оруулалт бага багаар нэмэгдэх үүд хаалга нээгдэж эхэлж байна. Тиймээс үүнийг хуулиар нээж өгөх ёстой.

Одоо үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль нэгдүгээрт, өндөр босготой. 10 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгө оруулагч гэж үзэж зөвшөөрлийг нь өгдөг. Ийм өндөр босго дэлхийн 20-иод оронд бий. Хоёрдугаарх нь, энэ энэ салбарт хөрөнгө оруулахыг хязгаарласан зүйл заалт байдаг. Тухайлбал, стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд заавал зөвшөөрөл авч байж хөрөнгө оруулдаг. Тухайн компани төрийн өмчит компани бол зөвшөөрлөө авдаг гэхчлэнгээр хоёр гурван босготой, хязгаарлалттай хууль үйлчилдэг байсан. Үүнийг нь эргэж харах хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгыг өргөн барьж байгаа юм.

-Шинэчилсэн найруулгаар хуулийн энэхүү тээг гацааг яаж зохицуулж байгаа вэ?

-Нэгдүгээрт, босгыг байхгүй болгоно. Хоёрдугаарт, гадаадад суугаа элчин сайд төлөөлөгчийн газруудад хөрөнгө оруулалт гадаад хамтын ажиллагаа хариуцсан субъекттэй болно. Атташа ч гэдэг юм уу. Анзаарсан бол гадаадын аж ахуйн нэгжүүд тухайн оронд ирсэн бол хамгийн түрүүнд Элчин сайдын яамныхантай уулзалт хийдэг. Ингэж тухайн орныхоо хууль тогтоомж, орчин нөхцөл, асуудлыг судалдаг. Үүнийхээ дараа дараагийн алхмаа хийдэг бол манайх гадагшаа яваад Элчин сайдын яамныхантайгаа уулздаггүй. Элчин сайдын яамныхан нь ч тоодоггүй. Энэ хандлагыг нь өөрчилье гэж байгаа юм. Тухайн орны Элчин сайдын яам нь өөрсдийн аж ахуйн нэгждээ үйлчилдэг байх, хөрөнгө оруулагчийг нь олоход тусалдаг байх, Монгол руу хөрөнгө оруулалт татахад гарц болох, эдийн засагжуулдаг. Тиймээс энэ чиглэлээр өөрчлөлт оруулж байгаа.

Гуравдугаарт, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад зохицуулалт орж байгаа. Гэнэт лицензийг нь цуцалдаг ч юмуу, эсвэл өмч хөрөнгө рүү нь халддаг. Тухайн хөрөнгө оруулагчийг хар тамга дарж хөөж гаргаад дараа нь тэрхүү компани дээр нь янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг тохиолдол нэг бус удаа гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам дээр хөрөнгө оруулагчийн маргааныг шийдэх зөвлөл байгуулна. Эхний ээлжид өргөдөл, маргааныг нь авч хэлэлцдэг байя гэж байгаа юм. Үүнийхээ дараа шүүх рүү шилжинэ.

Ирэх долоо хоногоос салбар бүр дээр хэлэлцүүлэг хийх бодолтой байгаа. Одоо үйлчилж байгаа хууль нь том хөрөнгө оруулагч юмуу, уул уурхайн компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын хууль байгаа юм.

Уул уурхайн бус эдийн засагтай болмоор байна. Эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байна гэчихээд Хөрөнгө оруулалтын хуулиа зөвхөн уул уурхайн компаниудад зориулаад биччихээр бусад салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Тиймээс тогтворжуулалтын гэрээг магадгүй хөдөө аж ахуйн салбарт хийвэл дүн нь бага байх боломжтой. IT-ийн салбарт тогтворжуулалтыг бүр ч багаар хийх боломжтой. Бусад орнуудад нэг сая ам.долларт тогтворжуулалтын гэрээг хийж байгаа юм. Салбараасаа хамаарч байна. Манайд 100 тэрбум ам.доллар гээд тавьчихдаг. Тиймээс ийм байдлаар салбаруудад нь тодорхой хэмжээний тогтворжуулалтын гэрээ байдаг ч юмуу, дэмжих хөшүүргийг хуульд оруулах нь зөв гэж харж байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулагчид манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Манайх эрчим хүчний хувьд хараат шүү дээ. Тиймээс энэ салбарт ямар зохицуулалт хийх вэ?

-Эрчим хүчний хөгжилтэй хамгийн их харшилддаг зүйл нь энэ салбар 100 хувь төрийн зохицуулалттай байдаг. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарыг хөгжүүлье гэхээр сэргээгдэх эрчим хүчний салбарт л гадны санхүүжилт, хөрөнгө оруулалт олдоно. Энэ салбарт нь хөрөнгө оруулалт хийе гэхээр төрийн захиргааны төв байгууллага нь дургүй байдаг. Учир нь сэргээгдэх эрчим хүчний тариф нь хатуу зохицуулалттай, өндөр үнэтэй байгаа. Тиймээс энэ салбарт сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт хийе гэхээр лиценз эзэмшиж байгаа сэргээгдэх эрчим хүчний хувь нь 10-15 ирчихсэн. Манай эрчим хүчний салбар 80-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Гэсэн хэрнээ сэргээгдэх эрчим хүчний салбар 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг. Тариф нь үнэтэй байдаг. Тиймээс төрийн захиргааны төв байгууллага нь нэмэгдүүлэх сонирхолгүй байдаг. Орж ирж байгаа мөнгөнийх нь өрмийг сэргээгдэх эрчим хүчний компаниуд аваад байдаг гэсэн үг. Тиймээс цаашид бид сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг үнийг нь чөлөөлөх ёстой. Өөрөөр хэлбэл, үнээр нь өрсөлдүүлж байж зөвшөөрлийг нь өгөхгүй бол хатуу тариф тогтоочихоор шинэ хөрөнгө оруулалтыг дэмжиж чадахгүй нөхцөл байдал байна. Цаашид энэ салбарт хөрөнгө оруулалт татъя гэвэл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар тарифыг шинэчлэх ёстой. Хамгийн хямд үйлчилгээ үзүүлэх боломжтой компанийг сонгох байдлаар явбал технологи нь хөгжөөд тариф нэлээд буурах боломжтой болсон.

Р.ХИШИГЖАРГАЛ