Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтоороо татвараа төлөх асуулга явагдаж байна DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаан олголтоосоо татвараа төлөх асуулга аравдугаар сарын 18-22-нд eBarimt аппликэйшнээр явагдаж байна.

Үүнд “Тийм” товч дарснаар

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.

Өмнөх улиралд 18,846 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо 298 гаруй сая төгрөгийн хөрөнгийн албан татвар төлж байв.

Харин НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх талаар Татварын байгууллагаас тодруулахад “Одоогоор иргэдэд буцаан олголтын мөнгийг шилжүүлэх өдөр тодорхой болоогүй байна” гэсэн юм.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгажээ.

Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж, ашиглах шинэ зохицуулалтыг оруулсан байна.

Хороо, сум болгон хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа онцолж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр дуусна DNN.mn

Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл уг дархлаажуулалтын өдрүүд өнөөдөр дуусах юм. Тодруулбал, дээрх тушаалын хүрээнд “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байгаа.

Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байгаа ажээ.

Томуугийн вакцинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхдэд хийж байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг сум, өрхийн эрүүл мэндийн төв, тухайн эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээн хамруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын үдийн хоолны зардлыг 3000 төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргажээ DNN.mn

Сурагчдын үдийн хоолонд нэг ам.доллар зориулахад эрүүл мэндийн салбарт есөн ам.долларын зардлыг хэмнэдэг гэх тооцооллыг Дэлхийн Хүнсний Хөтөлбөр(WFP)-өөс гаргажээ.

Тэгвэл манай улсын хувьд 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолонд 1,500 төгрөг зарцуулж байгаа нь нэг ам.доллар байтугай 50 цент ч хүрэхээргүй дүн юм.

Ийм мөнгөн дүнд хүүхдүүдэд аль болох шим тэжээлтэй хоол бэлтгэх нь тогооч, сургуулийн хоол зүйчдийн хувьд амаргүй даалгавар. Өдрөөс өдөрт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдсээр байгаа энэ үед даалгавар нь улам хүндэрч буй.

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид 380 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Боловсролын ерөнхий хуулийн дагуу төрийн өмчийн сургуулиудын бага ангид суралцаж буй хүүхдүүдийн үдийн хоолны мөнгийг төсвөөс гаргах учиртай. Үүнд жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын үдийн хоолонд 72 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх оны улсын төсөвт 74.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа өгчээ. Ингэхдээ нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 3,000 төгрөг болгохоор тус яамнаас санал гаргасан байна.

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүд үүнийг дэмжвэл ирэх оноос эхлэн сурагчдад шим тэжээлтэй хүнс хэрэглүүлж, хоногт авбал зохих илчлэгийнхээ 35 хувийг үдийн хоолноосоо авах зорилтод нийцэх боломжтой болох юм.

Ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яам УИХ-д есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Өчигдөр эхний хэлэлцүүлэг нь болсон бөгөөд төсвийн төслийг УИХ-ын чуулганаар нийт гурван удаа хэлэлцэх бөгөөд энэ үед төсөвт тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох боломжтой.

Үдийн хоол хөтөлбөрийн ач холбогдол нь

  • Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг.
  • Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ.
  • Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно.
  •  Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ц.Цэрэнпунцаг: Ханшийг богино хугацаанд буулгах боломж манай улсын хувьд их хязгаарлагдмал асуудал DNN.mn

– УРАНЫ ЗАХ ЗЭЭЛ БАГА Ч БИДНИЙ ХУВЬД СТРАТЕГИЙН ӨӨР НЭГЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ –


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулганаар Эдийн засгийн байнгын хороо голлох ямар хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д оруулахаар ажиллаж байна вэ?

-УИХ-ын байнгын хороо, тэр дундаа эдийн засгийн байнгын хороо гэдэг бол бүхий л хуулийн төслийг авч хэлэлцэж байх ёстой чухал хороо л доо. Мэдээж намрын чуулганаар яригдах гол зүйл бол ирэх оны улсын Төсвийн тухай хуулийн төсөл. Тэр утгаараа манай байнгын хороо энэ чиглэлд голлож анхаарч ажиллах байх. Өөр олон чухал хуулийн төслүүд орж ирнэ. Тухайлбал, Уул уурхайн тухай хуулийн төсөл орж ирж магадгүй. Энэ бол том хууль. Нэмээд Баялгийн сангийн тухай хууль явж байгаа. Энэ хуулийн ерөнхий зарчим бол ойлгомжтой байгаа байх. Баялгаас орж ирж байгаа үр өгөөжийг нийтэд тэгш хуваарилах асуудлыг зохицуулсан эрх зүйн өөрчлөлт шүү дээ. Бас л чухал хуулиудын нэг. Нөгөөтэйгүүр Хөрөнгө оруулалтын тухай хууль бас бий. Товчхондоо Эдийн засгийн байнгын хороогоор Улсын төсвийг хэлэлцэхээс гадна дээрх гурван том хуулийн төслийг хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна. Ер нь их завгүй байдаг байнгын хороодын нэг шүү дээ.

-Мэдээж энэ чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэгдэж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд орж ирж байгаа төсөвт ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж ирэх сарын 15-ныг хүртэл дан төсвөө л ярина. Одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс ирэх оны төсвийн төслөө УИХ-ын гишүүдэд нэг бүрчлэн өгчихсөн байгаа.

Тиймээс гишүүд төсвөө дор бүрнээ маш анхааралтай харж, судалж байгаа байх. Удахгүй Байнгын хороодоор ороод л явна. Тэр үед байнгын хороодын гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь үү, тэрийг нь тухайн үед мэдээллийг нь сонсоод явах байх. Хувь гишүүдийн тухайд гэвэл төсвөө гар дээрээ авчихсан байгаа. Тиймээс тойрог дээрээ тухайлан анхаарч харж байгаа болов уу. Ерөнхий том зургаараа гэж хэлбэл ирэх оны төсөв их тэлэлттэй орж ирсэн байгаа. Тэлчихсэн төсвийг шүүмжилдэгээрээ шүүмжлэх л байх. Ер нь аль ардчилсан орныг харахад гишүүд нь тойрогтоо өмнөх жилүүдээсээ илүү төсөв тавиулах сонирхолтой байдаг. Нэг талдаа гишүүдийн буруу биш. Угаасаа тойргоос сонгогдсон хүний хувьд тухайн тойрогтоо амласнаа хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй төсөв нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт оруулах асуудал дээр анхаарна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилүүдийн тухайд хөдөө орон нутагт шинээр хөрөнгө оруулалт хийх төсөв огт тавиагүй. Тэр утгаараа одоо орж ирж байгаа төсөвт шахагдсан, нэмэгдсэн зүйл байгааг үгүйсгэхгүй л дээ.

-Монгол Улсын макро эдийн засгийн түвшин нэмэгдсэн гэж байгаа. Эдийн засаг нэмэгдээд байхад ханш яагаад буурахгүй байна вэ?

-Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давчихсан явж байна. Хэдий дөрвөн тэрбум гарсан ч бидний хувьд энэ нөөц бол хангалттай түвшинд хүрсэн гэж үзэж болохгүй. Ирэх оны төсвийн төсөлд бол валютын нөөцийг таван тэрбум ам.долларт хүргэнэ гээд оруулаад ирсэн байна лээ. Тэгэхээр уг нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бид юун түрүүнд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Экспорт нэмэгдүүлэхэд гол саад болж байсан боомт, тээвэрлэлт, нэвтрэлт гээд асуудлыг Засгийн газрын хувьд маш зөв бодлогоор нэмэгдүүлсэн. Үүний хүчинд валютын нөөц өдий зэрэгт хүрсэн байх. Цаашид ч нэмэгдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Учир нь ойрын он жилүүдэд Монгол Улсын гадаад бодлого маш чамбай явж байгаа. Тухайлбал, урд болон хойд хөрштэйгөө бид харилцаа, хамтын ажиллагааны хувьд илүү өргөжсөн. Тэр дундаа урд хөрштэйгөө ойрын жилүүдэд илүү таатай харилцаатай явах байх гэсэн төсөөлөл байна. Тиймээс бидний хувьд урагшаа чиглэсэн экспорт жил ирэх тусам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь манай улсын экспорт нэмэгдэнэ гэж ойлгож байна.

-Экспортын хувьд ч нэмэгдэх асуудлыг эдийн засагчид хэлж л байсан. Энэ мэт эдийн засаг нэмэгдээд байхад яагаад дотоодод ханш буурахгүй байна вэ?

-Макро эдийн засаг сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ хамгийн чухал асуудал бол төсөв алдагдалтай байгаа. Зарим эдийн засагчдын тооцож байгаагаар төсвийн зарлагын 70 орчим хувийг импортын зардал эзэлж байгаа юм билээ. Тэгэхээр бид төсвийнхөө ихэнх хувийг гадагш нь өгчихдөг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл гадагшаа чиглэсэн валютын урсгал төсвийн зардалтайгаа шууд хамааралтай байгаа юм. Дээрээс нь ирэх оны төсөвт маш их хөрөнгө оруулалт тавигдсан байна лээ. Тэгэхээр импортыг бид санхүүжүүлэхийн тулд нөгөө л валютынхаа нөөц рүү орохоос өөр аргаггүй болно. Тийм болохоор бидний хувьд ханшийг бууруулах асуудал их хүндрэлтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадагшаа чиглэсэн валютын урсгал их байна. Төсвийн зардлын 70 орчим хувь нь импортод явчихаж байна. Ийм эдийн засагтай үед ханшийг буулгана гэдэг хэцүү. Тэгэхээр бид яах ёстой вэ. Нэгдүгээрт, импортыг орлосон бүтээгдэхүүнтэй буюу үйлдвэртэй болох ёстой. Хоёрдугаарт, экспортоо төрөлжүүлж, улам нэмэгдүүлэх шаардлагатай. Одоо манай экспорт жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч дагаад импорт огт багасахгүй байгаа нь валютын ханш буурахгүй байгаагийн гол шалтгаан болоод байгаа юм. Тиймээс богино хугацаанд ханшийг буулгах боломж нь өөрөө манай улсын хувьд хязгаарлагдмал байгаа юм.

-Экспортоо нэмэгдүүлэх нь мэдээж чухал. Нүүрс, алт, зэс гээд голлох бүтээгдэхүүн байгаа. Нэмэгдээд уран орж ирж байх шиг байна, тийм үү?

-Ураны зах зээл өөрөө тийм өргөн биш шүү дээ. Нүүрс, зэсийн зах зээлтэй харьцуулбал бага. Тиймээс биет хэмжээ болон хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр нүүрс, зэсийн хаана ч хүрэхгүй л дээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн Францад айлчлаад хийгдсэн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг харж байхад Монгол Улсын хувьд ямар ч тохиолдолд ашигтай байхаар харагдаж байна лээ. Тэгэхээр цэвэр эдийн засгийн үр өгөөж нь тэр чинээгээр нэмэгдэж орж ирнэ л гэсэн үг. Түүнээс гадна бид экспортоо төрөлжүүлж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Нэмээд хамгийн чухал зүйл бол Монгол Улс стратегийн өөр нэгэн хөрөнгө оруулагчтай болж байгаа нь бидний хувьд том давуу тал. Тэгэхээр зөвхөн эдийн засгийн ач холбогдлоос гадна улс орны аюулгүй байдал, гуравдагч хөршийн харилцаатай байна гэдэг нь өөрөө асар үнэ цэнэтэй зүйл юм аа.

-Байнгын хорооны зүгээс ядуурлыг бууруулах, байнгын ажлын байртай болгох чиглэлд ямар бодлого боловсруулан ажиллаж байна?

-Статистик мэдээллээс харвал нэг зүйлийг хэлээд байгаа л даа. Ядуурал их байна, ажилгүйдэл их байна гэдэг ч юм уу. Гэтэл үнэндээ цаасан дээр тоо харж суухаар бодит амьдрал дээр гараад хараад, судлаад үзвэл байдал шал өөр байгаа юм билээ. Миний хувьд Завхан аймгаас сонгогдсон улстөрч. Тэр утгаараа тойргийнхоо нөхцөл байдалтай танилцаад үзэхээр асуудал бас өөр байна. Тухайлбал, Тосонцэнгэл суманд дулааны цахилгаан станцыг өөрийнхөө хөрөнгөөр барьж байна. Уг төсөл маань ирэх онд ашиглалтад орно. Уг төсөл ашиглалтад орсныхоо дараа 100 гаруй тогтмол ажлын байр бий болгож байгаа. Гэтэл эдгээр ажлын байрт ажиллах хүн үнэхээр олдохгүй байна. Бүр өөрсдөө сургаж, бэлтгээд ажиллуулъя гэхээр зарим нь янз бүрийн шалтгаан хэлээд ажлынхаа дундаас явчих юм. Зөвхөн миний мэдэх нэг жишээн дээр л ийм байна. Гэтэл Монгол Улсад олон аж ахуйн нэгж бий. Тэр бүгдэд ажлын байр хэдэн зуугаараа байгаа. Харин ажиллах хүн байдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орчихсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр ажиллах сонирхолтой хүн гэж алга. Ажил хийе гэсэн хандлагатай хүн ховордчихож. Ажиллах хүсэлтэй нэг нь Солонгос руу эсвэл самар түүхээр явчихаж байна. Гэх мэт олон шалтгаан байна. Гэтэл иргэд та нар ажлын байр бий болгооч ээ гэж маш их шүүмжилдэг. Үнэндээ ажлын байр хангалттай байгаа. Гол нь ажиллах хүн нь алга байна.

-Цалин бага байгаа учраас тэд тогтмол ажлын байр бус орлого ихтэй салбарыг илүүд үзээд байгаа юм биш үү. Цалин мөнгө сайн болохоор л Солонгос руу явчихаад байна шүү дээ. Тэгэхээр цалингаа нэмэх ёстой биз дээ?

-Мэдээж цалин бага байгаа газрууд байна. Ажил үүргийн онцлогоос хамаарсан цалингийн бууралт ч байна. Манай хувийн хэвшилүүд гадны орнуудын өгч байгаа цалинг өгье, ажил хийх хүн байна уу гэхээр олдохгүй байна гэсэн асуудлаа их ирдэг. Нөгөөтэйгүүр шинээр ажлын байр бий болго гэдэг. Гэтэл мянган ажлын байр бий болгоод гадны орнуудын өгч байгаа шиг цалин өгөх хэмжээний бүтээмжтэй ажлын байр бий болгохгүй л бол энэ нь хоосон байшин л болно.

-Ер нь Солонгос улсаар жишээ авъя л даа. Тэнд сарын дундаж цалин төгрөгөөр гурван сая гаруй байна. Гэтэл манайд хэд билээ. Ядаж тэр улсын дундаж цалинд ойртуулж болохгүй юу. Өөрөөр хэлбэл дундаж цалинг ядаж 1.5 сая болгож болохгүй юу?

-Цалин яаж өсдөг вэ гэхээр цалин бүтээмжтэй холбоотойгоор л өсч байгаа. Цалин бүтээмжтэйгээ шууд холбогдохгүй л бол инфляци үүснэ. Цалин нэмж болно. Нэмчихлээ гэхээр зүгээр л цаас нэмсэнтэй ялгаагүй зүйл болно. Харин ч эсрэгээрээ эдийн засагт хор хөнөөлтэй. Тиймээс бүтээмж ямар байна, цалин тийм л байх хэрэгтэй. Бүтээмж сайн бол цалин нэмэгдэнэ. Бүтээмж сул бол цалин бага л байна гэсэн үг. Өнөөдөр манай улсын инфляци өндөр байгаа нь ерөөсөө бүтээмжтэй холбоотой. Нэмээд энэ олон хулгай, авлигын асуудал байна. Тэгэхээр бид цалин нэмэхийн тулд бүтээмждээ анхаарах ёстой. Цалин яаж нэмэх вэ гэхээс илүүтэйгээр бүтээмжээ бид яаж өсгөх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Бүтээмжийг нь өсгөчихвөл цалин хүссэн, хүсээгүй нэмэгдээд явна. Ингэж нэмэгдсэн цалин эдийн засагт ямар ч дарамт учруулахгүй. Харин ч бодит байдлаараа эдийн засаг сайжирна гэсэн үг. Тэгэхээр бид Солонгостой адил бүтээмжээ дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Ковидын үед зарцуулсан хөрөнгийн задаргааг нээлттэй болгож, энэ чиглэлээр УИХ түр хороо байгуулан сонсгол хийхээр болсон. Үүнд байнгын хороо ямар чиг үүрэгтэй оролцож байна. Сонсгол хийхийг та хувьдаа дэмжиж байгаа юу. Нөгөөтэйгүүр зарцуулсан 20 их наяд төгрөгт хулгай орсон гэж үзэж байгаа юу?

-Үүнийг үнэхээр мэдэхгүй байна. Засгийн газрын сайд нарын тэр дундаа үе үеийн Эрүүл мэндийн сайд нарын зарцуулалтыг мэдэхгүй. Гэхдээ ковидын үед бид нэг их наяд төгрөгийг 300 мянгаар нь хуваагаад авчихсан шүү дээ. Энэ мэт зардлууд ковидын үеийн зардалд орсон явж байгаа. Хүмүүсийн ярьж байгаа шиг 20 их наяд төгрөг зарцуулагдсан гэж би бодохгүй байна. Миний харж байгаагаар энэ зардал хоёр орчим их наяд төгрөгт л багтаж байгаа байх. Одоо сонгууль ойртчихлоо. Тэр утгаараа ямар нэгэн асуудал болгон дээр улстөржилт асар их хийгдэх болж. Ямар ч асуудлыг улстөржүүлж байна. АН-ын хувьд ковидын үеийн зарцуулалтыг нээлттэй сонсголоор мэдээллийг нь ил тод болгоё гэж байгаа. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ зарласан товыг нь хойшлуулах эрх хуулиараа надад байхгүй. Энэ асуудлаа тэр хүмүүс өөрсдөө зохицуулаад явах бүрэн боломжтой. Заавал Эдийн засгийн байнгын хороо тус сонсголын товыг хууль зөрчин барин хойшлуулах шаардлага байхгүй. Хууль нь байгаа бол би хойшлуулахад асуудал алга. Даанч хойшлуулж болно гэсэн хууль байхгүй болохоор уг асуудлаа өөрсдөө шийд гэдэг байдлаар байр сууриа илэрхийлсэн. Хүний өмнөөс хууль зөрчих зарчим гэж байх ёсгүй.

Categories
мэдээ нийгэм

Сэжигтэн баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулжээ DNN.mn

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн.

Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буйгаас харахад манай улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ:

-Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох;

-Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, Улсын онц чухал объект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох, энэ өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох өөрчлөлт, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагатай бол сунгах;

-Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох;

-Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах,
-Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгт хүнийг алах /ЭХ 10.1/, Хүчиндэх /12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/; Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг; Авлигын гэмт хэрэг; Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг; Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалахгэмт хэргүүдийг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг хамааруулж, Хулгайлах, Мал хулгайлах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэргийн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.

Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Categories
гадаад мэдээ

Израил улс Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөв DNN.mn

Израил улс Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийн цуваа оруулахыг зөвшөөрчээ.

“Хамас”-ын эсрэг дайн зарласан Израилын Засгийн газар зэвсэгт хямрал эхэлснээс хойш 12 дахь хоног дээр ийнхүү анх удаа, гэхдээ тодорхой болзлуудтайгаар хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрсөн байна.

Израилын бөмбөгдөлт тасралтгүй үргэлжлэхийн хэрээр Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож, нэг сая шахам хүн орох оронгүй болсон гэдэг мэдээллийг НҮБ-аас өгч байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын хэлэлцээний араас Жо Байден Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиситэй утсаар хэлэлцээ хийснээр Еипетийн тал хилээ нээж, хүмүүнлэгийн тусламж ачсан 20 хүртэл тооны ачааны машиныг эхний ээлжинд гаргахаар зөвшөөрсөн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ DNN.mn

УИХ-ын чуулганы энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр Ерөнхий аудитор Д.Занданбат Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихдаа төрийн аудитын байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Хуулийн төслүүдтэй холбогдуулж, гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Гишүүд үнийн зөрүүнээс үүдэлтэй магадлан, аудитын дүгнэлт хийлгэсэн зарим  хөрөнгө оруулалтын төслүүдийг төсвийн төсөлд тусгаагүй шалтгааныг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн төсвийн төсөлд үнийн өсөлтийн зөрүүтэй холбоотой хэчнээн хөрөнгө оруулалтын төсвийг тусгасан болон тэдгээрийн нийт төсөвт өртгийн хэмжээг лавлав.

Мөн нийслэл болон зарим орон нутагт шахмал түлшийг сайжруулах туршилтыг хийх асуудлыг зогсоох, энэ талаар улсын төсөвт хөрөнгө төсөвлөсөн талаар болон ирэх оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын санд хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөснөөр эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэх эсэх, төрийн албан хаагчид, ялангуяа орон нутагт төрийн үйлчилгээ үзүүлж буй боловсон хүчний цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж буйг илүүтэй тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, “2020-2023 он буюу “КОВИД-19” цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, төсвөөр санхүүжиж буй төслүүд үнийн өсөлтөд нэрвэгдсэн. Төслүүдээ амжилттай дуусгахын тулд сүүлийн хоёр жил төсөв дээр ачааллыг нь авч байгаа. Гэхдээ төсөв өргөн барих өдөр хүртэл аудитаар хянуулсан, бүх магадлан хийлгэсэн үнийн өсөлтийн зөрүүтэй холбоотой төслүүдийг тусгасан гэдгийг тодотгоод 2023, 2024 онд нийтдээ 851 төслийн 863 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн нэмэгдлийг төсвийн ачаалалд авсан” гэж хариулав.

Түүнчлэн “Засгийн газраас 2023, 2024 онд реформын шинжтэйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Энэ жилийн төсвийн тодотголоор нийт төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмсэн. Ирэх жил энэ суурин дээрээ орон нутагт төрийн үйлчилгээ хүргэж буй бүх албан хаагчдыг албан тушаал, босоо хэвтээ тогтолцоог үл хамааран сумын албан хаагчдынхыг 40, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувь, төрийн нийтлэг үйлчилгээнийхнийг 20 хувиар цалинг нь нэмнэ. Харин тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр хуульчилсан тул ирэх жилийн төсөвт 10 хувиар эх үүсвэрээ төсөвлөсөн. Төсөв батлагдсаны дараа жигд эсвэл хувилж нэмэх үү гэдэгт Засгийн газар бодлогоо гаргана” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт тайлбарыг өгсөн.

Улаанбаатар хотын гэр хороололд ашиглаж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор түүхий эдэд нь хагас коксжуулалт ашиглахаар туршилт хийсэн. Лабораторид хийсэн туршилтын үр дүн, үзүүлэлт сайн гарсан. Хагас коксжуулалт гэдэг нь үйлдвэрийн аргаар нүүрсийг шатаах үед ялгардаг хорт бодис дэгдэмхийг ялгаж авсан бүтээгдэхүүн бөгөөд энэхүү түлшийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хариултдаа дурдсан. Мөн тэрбээр, “Хүндрэлтэй ганц асуудал нь түлшний өөрийн өртөг нь өндөр. Тиймээс үйлдвэр барих хүртэл гаднаас импортоор авах санал дэвшүүлж байсан. Энэ ажлыг нийслэлээс гаргах бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ асуудал тодорхой хугацаанд саатаад байна. Улсын төсөвт энэхүү төсөлд төсөвлөсөн хөрөнгө байхгүй” гэж байлаа.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дуусахад 21 цаг хүрсэн тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг дахин үргэлжлүүлэхээр тогтов.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно DNN.mn

Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 “Үндсэн хууль”
2 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00-17.30 334 тоот
3 Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 “Үндсэн хууль”
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо ·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 09.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2023 оны  10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22, 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.