Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 08.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00-17.30 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгийн уулзалт 14.00 “Үндсэн хууль”

 

4 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ГУРАВ. СОНСГОЛ
1 Эдийн засгийн байнгын хороо ·      Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол 10.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг 100 мянга гаруй хүн дэмжсэнээр хууль санаачлах боломжтой боллоо DNN.mn

Нийтийн өргөдөл, гомдлын систем“-д Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг 100,000 гаруй дэмжлээ.

Ингэснээр тус системд оруулсан эхний санал зорилтот хэмжээндээ хүрч, холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр НӨАТ-ын буцаан олголтыг 5% болговол ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай болох юм.

Одоогоор Нийтийн өргөдөл гомдлын системд

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн хувьд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж буйн хүрээнд лхагва гарагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдсан юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: Сүүлийн долоон жилийн хугацаанд төрийн нууцад оруулж худалдан авалт хийсэн олон их наядын хулгайг ил болгоно DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Төрийн нууцад оруулж тендергүй худалдан авалт хийсэн үйл ажиллагаануудыг хянан шалгах Түр хороог байгуулах санаачилга гаргах шалтгаан тань юу вэ?

-МАН эрх барьж байгаа өнгөрсөн долоон жилийн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн тухай хуулиар маш олон зөрчил гарсан байна. Энэхүү хуулийг буруу хэрэглэснээс болж Монголын татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан. Төрд хулгай нүүрлэсэн асуудлууд эхнээсээ ил тод болж байна шүү дээ. Тиймээс үүний эргэн тойронд болон өөр ямар асуудлууд байна гэдгийг хянан шалгах Түр хороо байгуулж, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэе гэж зорьж байна. Түр хороо мөрдөн мөшгих эрхтэй. Нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой. Шинжээчдийг томилж бодит нарийн мэдээллийг бий болгох боломжтой. Тиймээс асуудлыг ил болгох үүднээс ийм санаачилга гаргасан.

-Түр хороо байгуулах санаачилгыг одоогоор хэдэн гишүүн дэмжээд байна вэ?

-УИХ дахь АН-ын бүлгийн 12 гишүүнээс гадна ХҮН намын төлөөлөл Т.Доржханд гишүүн зурсан. УИХ-ын 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар Түр хороо албаждаг. МАН-ын бүлгийн нэг ч гишүүн зураагүй байна. Ард түмний элч төлөөлөгч болно, шударга үнэний төлөө явна, мэдээллийг иргэдэд ил тод хүргэнэ гэж үүрэг хүлээн иргэдийн дэмжлэгийг авч УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд зөвхөн намын эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаж гарын үсэг зурахгүй байгаа нь харамсалтай санагдаж байна. Тэд зөвхөн МАН-ынхаа эрх ашгийн хүрээнд, өөрсдийнх нь байгуулсан Засгийн газрынхаа асуудлуудыг нуун дарагдуулах зорилгоор гарын үсэг зурахгүй байна гэж хардаж байна.

Төрийн нууцад оруулж худалдаж авах ажиллагааг Тендерийн тухай хуульд тодорхой заасан байгаа шүү дээ. Тодруулбал, “Төрийн нууцад хамруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахгүй” хэмээн заасан байгаа. Гэтэл ногоон автобус Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал мөн үү. Биш. Нүүрсний оффтейк гэрээнүүд ҮАБ-д нөлөөлөхүйц хэмжээний асуудал мөн л биш. Эдгээрийг яагаад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал гэж нууцад хамруулав. Яагаад Төрийн болон албаны нууцын тухай хуулийг тэнд ашиглав. Үнэхээр энэ хуулийг ашигласан уу, үгүй юу. Энэ асуудлуудыг ил тод болгоё гэж байгаа юм.

Өнөөдөр энэ асуудалд ямар нэгэн хариулт өгсөн хүн алга. Үүнийг хэн нууцад оруулсан бэ гэдгийг өнөөдөр сэтгүүлчид ч тэр, жирийн иргэд ч тэр мэдэхгүй байна. Төрийн нууц гэдэг нэрэн доор хууль бус зүйл байна уу. Нээлттэй биш, нууц байх тусам түүний цаана хууль бус зүйл, хулгай явж байна гэж хардаг.

-Сүүлийн долоон жилийн хугацаанд нууцад хамруулж ажил үйлчилгээ хийсэн зүйл хэр их байна вэ?

-Төрийн нууцад хамрагдсан л гээд байгаа болохоос яагаад нууцад оруулсан, хэн оруулсан юм бэ гэдэг нь хаалттай байна. Нүүрсний оффтейк гэрээнүүд нууцад хамрагдсан гэсэн мэдээлэлтэй л байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал болоод хувирсан. Нууцад хамрагдсан учраас энэ асуудалтай УИХ-ын гишүүд бид өнөөдрийг хүртэл танилцаж чадахгүй байгаа. Нууцад хамруулсан мэдээлэлтэй танилцахаар “Та төрийн нууцад хамруулсан мэдээлэлтэй танилцсан. Тиймээс энэ талаарх мэдээллийг ямар нэгэн байдлаар гаргавал та Монгол төрийн нууцыг санаатайгаар ил гаргасан хариуцлага хүлээлгэнэ гэдэг. Төрийн нууцын тухай хуулиар хэрвээ тухайн асуудал нь тухайн үедээ нууц байсан бол хугацаа, үйл ажиллагаа нь дууссаны дараа олон нийтэд ил болгох эрхтэй юм билээ. Харамсалтай нь энэ байдал өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй.

Дээрээс нь нийслэлийн худалдан авалтууд хүртэл нууцад орчихсон. Ногоон автобус, Улаан автобус. Цагдаагийн, түргэн тусламжийн машинууд зэрэг. Үүнээс өөр нууцад оруулсан асуудал хэд байгааг хэн ч мэдэхгүй. Нууцад орсон гэж зохион байгуулалт хийж байгаа болохоос яг нууцад орсон уу, үгүй юу. Хэн нууцад оруулсан нь тодорхойгүй. Засгийн газар оруулсан уу. Эсвэл Засгийн газраар дамжуулаад Тагнуулын ерөнхий газар оруулчихсан уу. Тэр нь нууцад оруулах субъект мөн үү, биш үү гэдгийг ил болгомоор байна. Хэрвээ нууцад оруулсан бол Засгийн газар оруулсан байх ёстой. Засгийн газар үнэхээр нууцад оруулсан уу, үгүй юу гэдгийг өнөөдрийг хүртэл гаргаж тавихгүй байна. Энэ нууцынх гэдгээ гаргаж тавих хэрэгтэй шүү дээ. Түр хорооны зорилгын нэг нь хэдий хэмжээний гэрээ нууцад орсон бэ гэдгийг ил болгох зорилготой.

-Хэр их хэмжээний мөнгө нууцын ард зарцуулагдав гэдэг мөн чухал л даа?

-Гадаадын зээл, тусламж, хувийн аж ахуйн нэгжүүдийн өгсөн хандив мөнгөний нийт зарцуулалт 20 их наяд төгрөг байгаа юм. Үүнээс нууцад оруулсан асуудлууд байна. Шууд худалдан авалтууд хийсэн асуудал ч байна.

Үүнээс гадна бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн худалдан авалтуудыг шууд төр худалдаж авна гээд тендерийн тухай хуульд заачихсан. Энэ хуулиар дамжуулж шууд худалдан авалтууд хийдэг. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалчихаад байхад энэ хуулиа ашиглаад байна. Жишээлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалбал вакцин зэрэг худалдан авалтууд ердийн худалдан авалтаар явах ёстой. Нээлттэй тендерээр худалдан авалтыг зохион байгуулах ёстой. Харамсалтай нь тэгж явахгүй байна.

-ҮАБЗ-өөс гадна тухайн асуудлыг төрийн нууцад оруулах эрхтэй субъект байдаг юм уу?

-Засгийн газар төрийн нууцад оруулна. Хоёрдугаарт, УОК-оос онц байдал зарласан үеийн нөхцөл гэдэг юм уу, эсвэл гамшгаас хамгаалах бэлэн байдал зарласан бол тухайн нөхцөл байдалтай уялдуулж төрийн худалдан авалтыг зохион байгуулах чиглэлийг яамд хэрэгжүүлсэн асуудал бий. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдчихаад байхад хэрэгжээд байна. Энэ асуудлууд бол ноцтой л доо.

Хуульд “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц” гэдэг томьёолол байгаа юм. Энэ томьёоллоор Засгийн газар тухайн асуудал ҮАБ-д нөлөөлөх эсэх, төрийн нууцад оруулах эсэх шийдвэрийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг. Энэ процессоор явж байна уу, үгүй юу. Нийслэлийн асуудал энэ дарааллаар хийгдсэн үү гэдэг нь маш эргэлзээтэй. Ер нь Тагнуулын ерөнхий газар үүн дээр ямар нэгэн зөвлөмж өгч, түүнд нь үндэслэж нууцад хамруулах боломжгүй юм билээ. Засгийн газар тэрийг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.

Энд нэг зүйлийг хэлэхэд, цөөнхийн буюу сөрөг хүчин Түр хороог ахалж, зохион байгуулж чадвал мэдээллийг олон нийтэд ил болгож чадах юм билээ. Түүнээс эрх барьж байгаа намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Түр хороог даргалахаар Засгийн газартай тодорхой түвшинд мэдээллээ солилцоод алийг нь ил гаргах, алийг нь нууцалж иргэдэд мэдээлэхгүй байх вэ гэдгээ зохион байгуулдаг юм билээ. Хөгжлийн банкны сонсгол дээр энэ процесс харагдсан.

Яагаад гэхээр цөөнхөөс орж ирсэн УИХ-ын гишүүдэд мэдээллийг харилцан адилгүй өгч байгаа юм. Өөрсдөө түрүүлж мэдээлэл авдаг. Харин цөөнхийн бид хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтаас олон нийт авч байгаа мэдээлэлтэй яг адил хэмжээнд мэдээлэл авч байгаа юм. Тэд түрүүнд мэдээлэл авч асуултуудаа бэлдчихээд, харин бид шинжээчийн мэдээллийг авалгүйгээр шууд сонсголд орох нь утгагүй. Нүүрсний сонсголын хүрээнд шинжээчид ажиллаад тэрхүү мэдээлэлтэй танилцаж нээлттэй сонсгол хийх гэтэл хугацааг нь хойшлуулсан. Дараа нь Түр хороог бүр татан буулгачихсан. Энэ бол олон нийтэд тэр мэдээллийг хүргэхийг хүсээгүй гэсэн үг. Ковидын зарцуулалтын түр хороог мөн адил замхруулсан.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бохирын цооногт хоёр хүн унаж нас баржээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрийн 04:40 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр иргэн …гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
story-news

Н.Ганибал: Сүүлийн долоон жилийн хугацаанд төрийн нууцад оруулж худалдан авалт хийсэн олон их наядын хулгайг ил болгоно

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Бужигнааны буруутан нь Л.Оюун-эрдэнэ DNN.mn

Манай Монгол өнөөдөр маш замбараагүй байна. Дайны цаг мэт өдөр бүр авлигын шинэ мэдээлэл дэлбэ үсэрнэ. Гутармаар, бухимдмаар мэдээнүүд үргэлжилнэ. Авлигагүй салбар гэж алга. Албан тушаалаа хувьдаа ашиглаагүй дарга ч үлдэхгүй нь бололтой. Авлигын ийм мэдээ сэлтийн жагсаалт ахиад ч үргэлжлэх нь тодорхой ажээ.

Ердөө энэ онд л гэхэд нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн хулгай, хамгийн сүүлд ногоон автобусны луйвар ил боллоо. Одоо нийслэл тойрсон барилга, газар, нийтийн тээврийн гэх бас нэг том хулгайн хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэллээ.

Ерөөсөө энэ бухимдлыг үүсгээд байгаа гол буруутан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Тэрбээр стратегийн ордууд, төмөр зам, нүүрс зэс, газар, өмч хувьчлал, үнэ цэнэтэй объектуудаас эхлээд төрийн тендер,бонд, тусгай зөвшөөрөл, албан тушаал гээд бүгдэд хулгай луйврын гар хүрчихсэн. Энэ бүхнийг хийдэг бүлэглэлүүд бий болчихсон. Эдгээр нь бүтэн 30 жилд боссон “бүтээн байгуулалт” юм. Тэд Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Цагдаа, Тагнуул, АТГ-ын дарга, Төрийн өмчит компаниуд, тэр дундаа Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой зэрэг хаялгатай компанийн захирал зэргийг багтай нь томилж ирсэн. Томилогдсон хүмүүс нь тэдэндээ үйлчилдэг. Тэгээд л авлига цэцэглэдэг. Ийм л систем 30 жил ажилласан. Ингэж байнга ярьдаг.

Энэ хүн 2016 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш л иймэрхүү зүйлийг яриад эхэлсэн. Анх удаа гишүүн болоод л анхдугаар чуулган дээр “АН-ын алдаа бол хэтэрхий эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байсан. Энэ нь эрх мэдлийн салангид зарчим алдагдсанаас болсон гэж боддог. Энэ алдаа нь батлагдчихсан, Монголын ард түмэн дүгнэлт хийчихсэн. Ийм зүйлийг давтаж сая УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн. Ийм учраас миний хувьд эсрэг кноп дарсан” гээд л эхэлсэн. Намар нь 2017 оны төсвийг хэлэлцэх үеэр “Оюу толгой”-гоос, “Эрдэнэт” үйлдвэрээсээ ч татвар авч чаддаггүй. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь бүгд ашиггүй ажилладаг. Тэгсэн мөртлөө хамгийн их халамж ярьдаг” гэсэн.

2017 он гарлаа, зун нь “65 суудалтай Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх санал оруулах, дөрвөн жилийн биш 20, 20 жилийн томоохон реформыг хийх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж гаргаж ирэх, хүндрэлээс гарах зэрэг маш хурдтай, далайцтай, хүчтэй байх ёстой. Гэтэл чадахгүй байна. Танил тал тохой татсан, сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүдээсээ саналыг нь авахгүйгээр хэсэг бүлэг хүний хүрээлэлд шийдвэрээ гаргадаг Засгийн газар болсон.

УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч үйлдэл хийхгүй байна. Үүндээ хариуцлага хүлээх ёстой. Цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгтэй болж байна. Үүнийг шийдэх ёстой байсан. Гэтэл Засгийн газрын таван сайд 2.8 тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө нэрийн компани дээр авсан. Үүнээс болоод УИХ-ын гишүүд тойрогтоо очих нүүргүй боллоо. Би “Шударга ёсыг тогтооно” гэдэг амлалт өгөөд гарч ирсэн УИХ-ын гишүүн. Энд орж ирэхэд улайм цайм нүдний үзүүрт хуйвалдаан, хээл хахууль явж байхад яах ёстой юм бэ” гэсэн. Мөн намардуухан “60 тэрбумтай холбоотой асуудлын сэдэл нь өөрөө системийн авлига. Төрийн бүх системийг авлигад татан оролцуулах гэдэг бол бидний мэдэх Зимбабве, Нигер улсад л байдаг асуудал. Тийм учраас үүнийг хамгаалж болохгүй. Үүнийг тогтоох ёстой. Бичлэг хийгдсэн үү гэдэг дээр маргаад хэрэггүй. Хийгдсэн нь тодорхой. Харин бичлэг дээр байгаа схем өөрөө хэрэгжсэн үү гэдгийг тогтоох чухал. Бид УИХ-ын даргыг ч уриалсан. Та ч гэсэн шалгуулах ёстой. Таныг энэ асуудлыг хэрэгжүүлсэн гээд байгаа юм биш. Худлаа ярьсанд чинь л ард түмэн дургүйцээд байна. Тийм учраас үнэнээ хүлээ. Тэнд байгаагүй, миний хоолой биш гэж хэлсэн нь худлаа гэдгийг нь бүгд мэдсэн. Ард түмний дургүйцээд байгаа зүйл бол 60 тэрбумын асуудал хэрэгжсэн үү гэдэг нь биш ийм сэдлээр ярьсанд, дараа нь үүнийгээ худлаа гэж мэлзсэнд дургүйцэж байна” гэж ярьсан.

Солонгост Элчин сайдаар томилогдох гэж байсан Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол 2017 оны сүүлчээр болсон. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ орж үг хэлэв. Дараахан нь Б.Хурц АТГ-т хандлаа. Тэр дагуу АТГ-т мэдүүлэг өгч гарч ирээд “Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Ерөнхийлөгч хаана явна. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна. Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв. Тэгээд Л.Оюун-Эрдэнэ 2018 оны зун УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Сүүлдээ УИХ-ын даргыг огцруулах саналыг гаргасан. Удалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамт Сүхбаатарын талбайд хоёр ч удаа томоохон жагсаал зохион байгуулсан. Ингэсээр 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь гаргасан юм. Г.Занданшатар УИХ-ын дарга болж, Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Энэ томилгоонуудын дараа УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулсан. Мөн 2018 оны Мартын 8-наар “Эрдэнэт”-д ажиллагаа явуулж баахан лацдаж ломбодоод удалгүй улсын мэдэлд авсан. Бас Хөгжлийн банкны зээл, өмч хувьчлалуудыг сөхөөд эхэлсэн. Араас нь нүүрсний хулгайг ч бас дэлгэв.

2021 он гарч дэлхийгээрээ ковидод нэрвэгдчихсэн Монгол хөл хориотой байх үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон. Тэгэхдээ ч УИХ-ын чуулган дээр “Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “Үгүй” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ. Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Авлигатай хийх тэмцлийг зөвхөн хогийн ургамалтай нь биш түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийнэ. Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхөдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно” гэж хэлсэн.

Ийм л учраас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ерөөсөө л хэрэг төвөг, авлигал, гэмт хэрэг ярьдаг Ерөнхий сайд гэсэн шүүмжлэл гардаг. Хийж байгаа нь ч тэр, адилхан.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр бас л өнөөхөө ярьжээ. “Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь, юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ. Нийгмийн шилжилтийг далимдуулж, өмч хувьчлал, эрдэс баялгийн лиценз, газрын наймаа өнөөдрийн тэгш бус байдал, баян ядуугийн эрс ялгаа, нийгмийн бухимдлын суурийг тавьсан гэдэг нийгмийн дүгнэлт бодитоор улс даяар тогтсон байна. Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм.

Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсч байна” гэлээ. Л.Оюун-Эрдэнэ ярьдгаа ярьж, хийдгээ хийсээр… Харин бид бужигнасаар…

Ө.БААСТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Америк хүчтэй тэгээд ардчилсан байдаг нь дэлхий нийтийн зол юм DNN.mn

Орос улс Украин, Гүржийн газар нутгийн нэг хэсгийг цэргийн хүчээр булаан авч, тэднийгээ өөрсдөөр нь тусгаар улс гэж зарлуулсан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Улмаар Орос улс өөрөө Украинд халдан довтолсон нь бүрэн хэмжээний дайн болон өргөжив. Оросын хөлсний цэрэг “Вагнер” Африкийн зарим улсад цэргийн эргэлт хийж дайны голомт бий болгов. Бас л Оросын оролцоотойгоор Ази тив буюу Уулын Карабахад хоёр ч удаа дайн болж түр амсхийв. Оросын талын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам санаачлан Гүржийн ардчилсан ерөнхийлөгч Саломе Зурабишвилийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр парламентын гишүүдийн хангалттай санал авч чадалгүй дампуурав. Иран, Оросын оролцоотой Палестины ХАМАС хөдөлгөөн Израильд халдан довтолж, орос цэргүүдийн Украинд үйлдсэнтэй яг адил яргалал үйлдэж дэлхий нийтийг дахин цочоов.

Энэ бүхэн бол дэлхийн III дайны эхлэл мөн. Учир нь бид өнөөдөр албан ёсоор дэлхийн II дайныг 1939 оны есдүгээр сарын 1-нд фашист Герман Польш улсад довтолсноор эхэлсэн гэж үздэг.

Гэтэл энэ өдрийн дэлхий нийтийн сонин, сэтгүүлд дэлхийн дайн эхэлсэн тухай ганц ч өгүүлбэр байхгүй гэдэг нь хэтэрхий гэмээр ойлгомжтой зүйл. Энэ бол үнэндээ хожим түүхчдийн тогтоосон буруу цаг, хугацаа билээ. Учир нь энэхүү халдлагын өмнө болсон ЗХУ-ын Финляндад довтолсон дайн, Испанийн иргэний дайн, Япон Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авсан дайн юу байсан болж таарах вэ?! Өөрөөр хэлбэл дэлхийн I дайнд ялагдсан Германы өшөө авах гэж А.Гитлер дэлхийн II дайныг өдөөсөн бол Хүйтэн дайнд ялагдсан ЗХУ-ын өшөөг авах гэж В.Путин дэлхийн III дайныг өдөөсөн болж таарч байна.

Тийм ээ, өнөөдөр дэлхийн I, II дайн болж байсан яг л тэр газар нутгуудад дайны голомт үүсч цэрэг эрс төдийгүй энгийн иргэд амь үрэгдэж байна. Гол ялгаа нь дэлхийн II дайнд оросуудын талд байсан 16 улсыг тэргүүлж байсан АНУ, Их Британи өнөөдөр ОХУ-ын эсрэг зогсож буй 53 улсыг тэргүүлж байна. Оросын талд Хойд Солонгос, Иран зогсож байна. Олон улсад хууль бус гэж үздэг ерөнхийлөгчтэй Беларусь улс үнэндээ ОХУ-ын нэг муж болж хувирсан тул Оросыг дэмжигч улсад тооцогдох аргагүй болсон.

Харин Хятадын эрх баригчид Оросын зүүн хэсгийг өөрийн нутагт оруулан “зурж”, Социалист систем гэж байсан шиг доллараар бус юанаар гүйлгээ хийдэг Хятад системийн улсуудын холбоо байгуулахаар зүтгэж байна. Хятад Тайванийг нэгтгэвэл Евразийн эх газар энэ арал хоёрын завсрын Формозын хоолойгоор орж гарах бүх онгоцонд Бээжин дураараа татвар оногдуулдаг болно. Хамгийн гол нь Тайванийг нэгтгэснээр хятад үндэстний хувьд ардчилал бүрэн устах болно.

Маш товчоор ардчилал болон дарангуйллын тогтолцоо хоёр үхэх сэхэхээ үзэх дэлхийн дайн эхлэх суурь нэгэнт тавигдчихаад байна.

Хүмүүн бидний түүх ердөө 200 мянган жил. Энэ хугацаанд гарын таван хуруунд багтах улс л дэлхий нийтийг урагш нь чирч явсан бөгөөд тэд бүгд тухайн үедээ ардчилсан тогтолцоог бий болгож байжээ.

Эртний грекчүүд цэнгэлдэх хүрээлэндээ хар, цагаан өнгийн чулуугаар саналаа өгч, түүнийгээ тоолж асуудлыг олонхын саналаар шийдэн, хүнд суртлыг арилгаж, хурдтай хөгжин цэнгэлийн манлайд хүрэв.

Дараа нь ромчууд сонгуулиар бүрддэг Сенат гэх төлөөллийн парламент бий болгож Цезарь гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй болж бас л олонхын саналаар асуудлаа шийдэж байв.

Харин XIII зууны монголчууд “Их хуралдай” гэх байнгын бус парламентын олонхын саналаар улсын гол чухал шийдвэрүүдийг гаргаж, “Их засаг” хэмээх Үндсэн хуулиа батлан мөрдсөн бөгөөд энэ хуулийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн Чингис хаан хүртэл дагаж мөрдөж байв. Дэлхийн түүхэнд Ромын үеийг “Pax Romana”, Монголын үеийг “Pax Mongolica” буюу “Ром, Монголын их амар амгалан” гэдэг.

Англичууд сурвалжит давхаргаас бүтдэг, эзэлсэн нутгуудын эрх ашгийг илэрхийлэх парламентын танхимаас гадна сонгуулиар бий болж хууль баталдаг, хоёр шатлалтай сонгодог парламент бий болгов. Гүйцэтгэх засаглалыг ерөнхий сайд тэргүүлнэ.

Дараа нь АНУ Үндсэн хуульдаа Чингис хааны “Хөх тэнгэрийн дор бүгд адилхан” гэсэн философийг суурь болгон, олонхын саналаар шийдвэр гаргадаг байсан тогтолцоог хуулбарлан муж улс болгон бие даасан өөрийн хуультай нэгдсэн, цэл залуухан ардчилсан улсыг бий болгов. Дэлхийн тэргүүлэх гүрнүүд ингэж л ардчиллыг чирч ирсэн байдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден “CBS News сувгийн 60 minutes” нэвтрүүлэгт оролцсон. Сэтгүүлч түүнээс “Одоо Газын зурвас дахь дайн эхэллээ. Украинд өгөх тусламжаа багасгаж Изриальд тусламж өгөх үү, Хоёуланд нь тусламж өгвөл манайд хүнд биз дээ ” гэж асуусан. Ерөнхийлөгч Жо.Байден “Бид бол АНУ. Бурханы авралаар бид дэлхийн хамгын хүчирхэг гүрэн.Цаашлаад дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрэн байсаар байх болно. Бид эдгээр улсуудад хоёуланд нь туслахын зэрэгцээ өөрийгөө ч батлан хамгаалах чадвартай.Бидэнд ингэх нөөц боломж бий. Бид ингэх үүрэгтэй, хэрвээ бид биш бол өөр хэн хийх вэ” гэж хариулсан.

Өнөөдрийн дэлхийн тэргүүлэх гүрэн Америк ийнхүү дангаараа Украин, Израиль, Тайванийн ардчилсан тогтолцоог хамтад нь дарангуйллын халдлагаас хамгаалж чадна гэдгээ дэлхий нийтэд зарлаж чадаж байна. АНУ ардчилал бол технологи, технологи гэдэг нь мөнгө бас хөрөнгө, мөнгө хөрөнгө нь хүч чадал гэдгийг батлан харуулсан. АНУ-аас урьд байсан дэлхийг эрхшээн түүхийг урагшуулан чирэгч дөрвөн ардчилсан улс, гүрэн ч өөрийн цаг үед ийм л байсан байж таарна.

Иймээс өнөөдөр АНУ оршин байгаа нь дэлхий нийтийн хувьд үнэхээр том зол юм. Бас манай улсын хувьд бол тэнгэр тэтгэсэн завшаантай хэрэг гэдэг нь маргаангүй. Бид хэдийгээр түүхэн гүрэн ч энэ цаг дор таран бутарч олон хэсэг болон жижгэрч эдийн засгийн боломж муу, чадал хүчээр дорой мөчлөгт оршин байгаа нь нууц биш. Ийм ороо бусгаа цаг дор монголчууд ардчиллыг сонгосон нь тусгаар тогтнол гал голомтоо хадгалан үлдэх их хүслийн баталгаа болж байгаа билээ. Манай улсын хөршүүд хэтэрхий гэмээр том гүрнүүд. Тэдний их гүрний хатуу ширүүн гадаад бодлогыг тэсэн гарахад бидний сонгосон ардчилал амин чухал тустай юм. Тэгвэл дэлхийн тэргүүлэгч гүрэн Америк ардчиллыг хамгаалж чадна гэж баталгаа гаргаж байгаа нь манай тусгаар тогтнолд ч мөн баталгаа гаргаж байгаа хэрэг мөн.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 23, Сумъяа гариг. Билгийн тооллын 9, Тооно одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 07:22 цагт мандан, 17:51 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Азийн цомын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн Монголд болно DNN.mn

Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн анх удаа Монголд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн аравдугаар сарын 27, 28-нд Буянт -Ухаа Спорт цогцолборт явагдана.

ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээнийг Уран сайхны гимнастикийн “Старлит клуб” санаачлан эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.

Тэмцээний ивээн тэтгэгчээр “МоЭнКо” ХХК, “Emart”, “Jur Ur Bakery”, “Гачуурт март”, BCI хэвлэлийн компани ивээн тэтгэн оролцож байгаа юм. Тасалбарыг shoppy.mn хаягаар борлуулж байна.

2023 оны байдлаар Монгол Улсад нийт 1000 гаруй охид уран сайхны гимнастикаар тогтмол хичээллэж байгаа.

Тэдгээрийн ердөө 10 хувь нь л хувиасаа зардлаа гарган олон улсын тэмцээнд оролцохоор явдаг ажээ. Тиймээс тус спортыг Монголд хөгжүүлж, олон улсын чанартай олон тэмцээнийг эх орондоо зохиогоосой хэмээн эцэг эхчүүдийн зүгээс уриалан энэхүү тэмцээнийг анх удаа Монголдоо зохион байгуулж байгаа нь энэ юм.