Categories
мэдээ спорт

Б.Хулан тулааны наадмын мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Саудын Арабын Рияадх хотноо болж буй “World Combat Games-2023” буюу Дэлхийн тулааны наадмын жюү жицүгийн -70кг жинд барилдсан Б. Хулан мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчинг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан юм. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдсанаар “World Combat Games-2023”-ын мөнгөн медальтан боллоо.

Дэлхийн чансаанд эхний 8-д бичигддэг тамирчид урилгаар очиж оролцдог тус наадамд спортын 16 төрлөөр 80 гаруй орны 1700 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Дэлхийн тулааны наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар 38-р байрт байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг ирэх сард нааж эхэлнэ DNN.mn

Тээврийн хэрэгслүүдийн RFID цахим гэрчилгээг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 1-нээс төв, зүүн, хангай, говь гэсэн бүсчилсэн байдлаар нааж эхэлнэ.

Эхний ээлжид хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдэд, орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдээр наах юм. Ингэснээр татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш бөгөөд тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон эсэхийг мэдээлнэ. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй аж.

Улаанбаатарт одоогоор 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөөд байгааг ЗТХЯ мэдээллээ.

Улсын бүртгэлийн санд өнгөрсөн онд 1.400.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байв. Шинэчилсэн бүртгэл хийснээр ашиглалтаас гарсан, сүүлийн таван жилд техникийн хяналтын үзлэгт ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг хасжээ.

Монголд одоогоор 1.180.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгт орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлөөд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан байрны уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх авто замыг хаалаа DNN.mn

Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх авто замыг хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийнэ.

Замыг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 07:00 цагаас 2023 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагийн хооронд асфальт бетон хучилт хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар өвс шатсан таван дуудлага бүртгэгджээ DNN.mn

Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын Хоёрдугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:39 цагт ирсэн. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны хоёр га шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Хоёрдугаар хэсэгт айл хашааны шар өвсийг шатааж, гал алдсан дуудлага ирснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид очин 1.5 га шар өвс шатаж байсныг унтраажээ.

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг ханган, ил задгай гал гаргахгүй байх, гэр хороолол, зуслангийн чиглэлд айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй, халуун үнс нурмыг таглаатай төмөр саванд хийж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Бадар-Ууган: Эхлээд газар, дараа нь хоёр тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх дайралт эхэлсэн DNN.mn


“Өөжин мед” эмнэлгийн өргөтгөлийн барилгатай холбоотой маргаан үүссэн талаар цахим орчинд мэдээлэл түгэх болов. Энэ үйл явдлын талаарх мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж, хэт нэг талыг барьсан өнцгөөр цацагдсан учраас олимпын аварга Э.Бадар-Ууганаас тодруулж ярилцлаа.


-“Өөжин мед” эмнэлэг үр шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаад багагүй хугацааг үдсэн санагдана. Өргөтгөл барих шаардлага яагаад үүссэн юм бэ. Зарим хүн эмнэлгийн өргөтгөлийг бариулахгүй гэж эсэргүүцсэн нь ямар учиртай юм бэ?

-“Эмнэлэг байгаа объеътыг газрын хамт 2017 онд хувь хүнээс худалдаж авсан юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх гээд олон зорилт тавьсан, үйл ажиллагаа ньхарьцангуй жигдэрсэн. Үр шилжүүлэн суулгах чиглэлээр, эмчилгээний чанараар Монголдоо номер нэг эмнэлэг гэж үйлчлүүлэгчид дүгнэдэг болсон. Манай эмнэлэгт үр шилжүүлээд 1400 гаруй хүүхэд хорвоод аз жаргал дагуулан мэндэлжээ. Одоо төрөх өдрөө хүлээж байгаа олон ээж байна. Үргүйдэл нь манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ноцтой асуудал болсон. Агаарын бохирдол, баталгаагүй хүнс зэргээс шалтгаалаад сүүлийн жилүүдэд үргүйдэл хүрээгээ тэлсэн.

Эмнэлгийн барилгыг газартай нь хамт 2017 онд худалдаж авахад үйл ажиллагаа нь доголдсон, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг объект байсан. Ийм барилгыг олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн байр болгоход маш их цаг хугацааг зарцуулсан, хичээсэн.Үүний үр дүнд манай улсын иргэдээс гадна урд, хойд хөршөөс үйлчлүүлэгчид олноор зорин ирэх болсон. Ачаалал маш их нэмэгдсэн гэсэн үг л дээ.Тиймээс эмнэлгээ өргөтгөх зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн. Жил гаруйн өмнө манай эмнэлгийн хөрөнгө оруулагч япон захирал Монголд гэр бүлтэйгээ ирсэн юм. Тэгээд эмнэлгийн ажилтай танилцах үедээ хэрэв холбогдох зөвшөөрлүүд гарвал эмнэлгийн  өргөтгөлд хөрөнгө оруулж дэмжье гэсэн сайхан мэдээг дуулгасан  юм.

-2017 онд таныг “Өөжин мед” эмнэлэг байгаа таван давхар барилгыг худалдажавахад одоо өргөтгөл барих гэж төлөвлөсөн газар хэний мэдэлд байсан юм бэ. Таныг олимпын хорооны эзэмшлийн газар дээр барилга барих гээд байна гэж олон нийт ойлгоод, зарим нь бухимдаад байх шиг?

-Энэ газар  Олимпын хороонд ямар ч хамааралгүй гэдгийг2014 онд шүүхээс албан ёсоор тогтоож өгсөн юм билээ.Тухайн үед шүүхийн шийдвэр ёсоор Б.Наранцэцэг гэдэг хүн дээр  очсон, хувийн өмчийн объект, газар байсан. Энэ явдлаас гурван жилийн дарааби 2017 онд худалдаж авсан гэсэн үг. Одоо өргөтгөл барих гэж байгаа газар ингэж шилжиж ирсэн юм. Түүнээс би Олимпын хорооноос газар аваагүй юм шүү. Энэ тухайгаа хүмүүст зөв ойлгуулж, үнэнийг хэлж байгаагүй нь миний алдаа байх. Юуг нь нуух вэ, зар дээрээс хэд хэдэн газар хараад,хөрөнгө оруулагч япон захиралд танилцуулаад, энэ газрыг сонгож худалдах, худалдан авах гэрээ хийгээд хууль ёсны дагуу мөнгөө өгөөд, татвараа төлөөд, худалдаж авсан түүхтэй.

-Япончууд хөрөнгө оруулахдаа тун хянуур ханддаг. Эмнэлгийн барилгын өргөтгөлийн бүх зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан  гэж нүүр бардам хэлж Та чадах уу?

-Бараг хоёр жил  шахам хөөцөлдөж холбогдох бүх баримт бичиг, зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан. Нийслэл дээр барилгын эскизээ батлуулаад, дараа нь өндөр  барилгын зөвшөөрөл гээд Барилга, хот байгуулалтын яамаар хэлэлцүүлдэг хууль, журамтай юм билээ. Яг энэ дагуу зөвшөөрлөө авсан.Өндөр давхар (23), тэр дундаа эмнэлгийн зориулалттай барилга гэдэг утгаараа өндөр шалгуур, нарийн стандарттай. Эмнэлгийн хог хаягдал, өрөө тасалгааны агааржуулалт норм гээд  бүх зүйл нарийн байдаг юм билээ. Тэр стандарт, нормын дагуу зураг төслөө хийж батлуулаад, барилга эхлүүлэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан.

-Танай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг бариулахгүй гэж эсэргүүцсэн хүмүүс  оршин  суугчид   юм уу, эсвэл  танай зэргэлдээх барилгын эзэд байв уу?

-Айл хүний  амь, саахалт айлын санаа нэг гээд сайхан үг байдаг даа. Хажуу талын барилгын эзэмшигч болох С.Энхтүвшин болон эхнэртэй нь манай гэргий бид  хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Барилга барихад манай талаас асуудал байхгүй гэж л хэлдэг байсан. Хамтарч ажиллая, орц гарцаа хаана яаж гаргах вэ гэх мэтээр ажил хэрэгч байдлаар ярилцаад явж байснаа сүүлдээ байдал биш болсон. Тэд өөрсдийнх нь хуульч Д.Баттулга гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн “Манай үйлчлүүлэгч С.Энхтүвшин хоёр тэрбум төгрөг авах саналтай байна” гэж палхийтэл хэлсэн. Би эхэндээ итгээгүй. Манай гэргий рүү хуульч нь холбогдоод яг л нөгөө мөнгөө нэхсэн. Би С.Энхтүвшин рүү мессэж бичээд, хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл гарсан байхад ямар учир шалтгаанаар ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг огтхон ч ойлгохгүй байгаагаа хэлсэн. Хамгийн хэцүү нь Японы хөрөнгө оруулагч энэ үйл явдлыг ойлгоогүй. Яаж ч ойлгох вэ дээ. Ингээд бүх зүйл хүндэрч эхэлсэн.

-Яг ямар үндэслэлээр ийм хэмжээний мөнгө нэхсэн юм бэ. Д.Баттулга гэдэг хүнүнэхээр хуульч мөн бол хуулийн үндэслэл эрхбиш хэлсэн байлгүй. Эсвэл та нарын хооронд газрын маргаан байдаг юмуу?

-Ямар ч маргаан байхгүй. Тэдний газраас сөөмийг ч манайх ашиглахгүй. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа юм бол ийм хэмжээний мөнгө өг л гэж нэхээд байгаа. Та бүхэнд мөнгө хэрэгтэй байгаа бол танай ЦДП-ээс мөнгөө төлж цахилгаан авъя гэсэн санал тавихад үгүй гэсэн. Ямартай ч манай бүх зөвшөөрөл  хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд “Хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтад өртөнө дөө” гэсэн. Нээрээ л маргаашаас нь эхлээд манайх руу элдэв хүмүүс явуулж,худал цуу яриа цахим орчинд тарааж, хамгаалалтын алба дэргэдээ байршуулж,манай хашааг цаанаас нь нураах зэргээрдайралтууд эхэлсэн дээ. Бичиг лоозон барьж орилдог хүмүүс хүртэл бэлдээд Э.Бадар-Ууган хууль бусаар газар авч барилга барилаа гэх гүтгэлгийг завсар зайгүй “үйлдвэрлэх” болсон юм. Би оршин суугчид ийм үйлдэл хийж байгаа гэж ерөөсөө бодохгүй байгаа. Энэ хавьд орон сууцны барилга бий ч оршин суугчдын эрх ашгийг зөрчих, тэдний цонхыг хаасан зүйл юу ч байхгүй. Цахим орчинд цацаад байгаа барилгын зураг манайх биш, шал өөр зураг гаргаж тавиад худал цуу тараагаад байгаа юм.

-Хэл ам хийгээд байгаа танай хөршүүд барилгаа хэзээ барьсан юм бэ. Ер нь барилгын бизнес хийдэг хүмүүс үү?

-Эднийх барилгаа (“Режис плэйс”)анх барихдаа манай газрыг ашиглаад барилгын материалуудаа байршуулаад, айл хөрш хүний санаагаар ойлголцоод явдаг байлаа. Том бүтээн  байгуулалт хийж байгаа хүмүүс гэж дотроо хүндлээд, дэм болчих гэсэн нь тэр. 2015, 2016 оны үед анх барилгын ажил эхлээд 2018 оны үед нэг хэсэг санхүүжилтгүй гээд ажил нь зогссон байснаа 2021 онд гэнэт үргэлжлээд маш хурдан ашиглалтад орсон юм. Ковидын үед миний таньдаг нэг хүнээрдамжуулж  манай газрыг авъя гэж санал тавьсан. Би тэр үед “Газраа зарахгүй ээ. Энд эмнэлэг л байх ёстой, насан туршдаа эмнэлэг хэвээр нь авч явнааа” гэж хэлсэн. Манай газрыг авч өөрийнхтэйгөө нэгтгэе гэсэн санааг хэд хэдэн удаа хэлэхэд ньби зөвшөөрөөгүй. Одоо бодоход гол зорилго нь манай газрыг л авах байжээ гэдгийг одоо над руу чиглэж байгаа гүтгэлэг, дайралтаас би ойлгож байна даа. Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга юм чинь энэ газрыг хууль бусаар авсан, эрх мэдлээ ашиглаж байна гэдэг өнцгөөр гүтгэе гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Би энэ газрыг Олимпын хорооноос аваагүй, эмнэлгийн барилгыг 2017 онд худалдаж авахад газар нь дагалдаж ирсэн гэдгийг дээр өгүүлсэн. Монголчууд надад хайр, хүндэтгэлээ харамгүй өгсөн. Энэ сайхан хүндлэлийн хариуд би хууль зөрчиж, хулгай хийхгүй, нийгэмдээ тустай амьдрах үүрэгтэй гэж боддог. Сонирхуулж хэлэхэд, Олимпын хороо 170 гаруй гишүүнтэй, аливаа шийдвэрийг гишүүн бүрийн оролцоо, саналыг авч гаргадаг. Би дур мэдэх,ганцаараа шийдэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Цар тахлын үед хил гааль хаагдаж, бүх барилгын ажил зогссон. 2021 онд барилгаа барьсан гэхээр овоо бийлэгжүү хөрштэй юм байна. Тэгсэн атлаа хоёр тэрбум төгрөг нэхэж шантаажилж байна гэхээр яачихсан ч хүмүүс юм бэ дээ. Ойлгоход нээрээ л бэрх санагдлаа.

-Мөнгөтэй, бололцоотой болохоороо л манай газрыг авах гэж удаа дараа санал тавьж байсан байх. Бизнесийн ашиг орлогоо хаанаас бүрдүүлдгийг нь би мэдэхгүй. Бидний дунд асуудал үүссэнээс хойшхи хэдэн өдөрт над руу янз бүрийн мэдээлэл ирж л байна. Надаас хоёр тэрбумыг нэхээд байгаа “Режис плэйс”-ыг барихдаа нийгэмд маш том дуулиан дэгдээсэн нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн, мөнгөугаасан байж болзошгүй гэдэг хардлага хүчтэй байгаа юм билээ. Олны үг ортой л гэлцдэг. Гэхдээ энэ бүх хардлагыг би биш холбогдох хууль хяналтын байгууллага л эцсийн байдлаар тогтоож, мэдээлэх ёстой байх.

-Эмнэлэг барина гэж зүтгээд хөрш компанидаа шантаажлуулаад, элдвээр гүтгүүлж байхын оронд бусдын жишгээр орон сууц юмуу өөр барилга бариад ашиг хийгээд амьдаръя гэж бодож болсонгүй юу?

-Яг үнэндээ манай улсадтулгамдаад байгаа үргүйдлийн чиглэлээр эмнэлэг барихад хөрөнгө оруулагч олдоно, бүх талаар дэмжиж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дэндүү завшаантай хэрэг л дээ. Гадаад хүн манай улсад үргүйдэлтэй нүүр тулж шаналж байгаа залуу гэр бүлүүдийг хараад сэтгэл нь эмзэглээд, тусалж дэмжье гэж байна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх ийм сайхан боломж тэр бүр олдохгүй.

Эсэргүүцэл гараад барилгын ажил зогссон гэж ойлгосон. Одоо яг ямар байдалтай байна вэ?

-Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон.Манай улс хуультай, ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шатаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроосхүмүүсийг турхираад л. Хуульгүй авирлаж, шантааж хийж байгаа энэ хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч, хашаа  нураасан үйлдэл дээр нь хэрэг үүсээд шалгуулаад явж байгаа.

Бидний цөөхөн монголчууд уг нь хоорондоо ингэж нэгнээ харлуулаад явмааргүй л байна. Яах вэ, хууль шүүхийн байгууллагаар хэнийх нь зөв байсан нь ил болоод дүгнэгдээд явна. Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хөрөнгө оруулагч. Бүх зөвшөөрөл нь гарчихсан байхад танай улсад хууль ёс гэж хаана байна гээд тэд гайхаж байна. Төр, хувийнхан дээр дооргүй гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, тэднийг гомдоож, дээрэлхэж, хөөж гаргасан алдаагаа засъя гэж яриад байдаг. Яг бодит амьдрал дээр хууль биелүүлж байгаа нь хохирч, хуульгүй авирлаж байгаа нь хожиж байна. Чанга орилсных нь зөв байдаггүй. Би өөрийн зан төлвөөс болоод тэр бүр дуугараад, элдэв юм яриад явдаггүйг хүмүүс мэднэ. Энэ удаад гүтгэлэг, дайралт хэрээс хэтэрч, хууль зөрчигчид дэндүү даварч байна. Уг нь Монголд хэрэгтэй, монгол хүний эрүүл мэндийн төлөөх ийм хөрөнгө оруулалтыг төр, засгаас эхлээд бүх хүн дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчинуудаас болоод гацчихлаа.

-Хөрөнгө оруулагчдаа яаж тайлбарласан бэ. Хүн бүр уул уурхай гэж амны уншлага болтол ярьдаг болжээ. Эрүүл мэндийн салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтаа тавиад туучихгүйн тулд Та ч бас тэмцэх, гүтгэлэг дайралтыг сөрөөд үнэний төлөө явах ёстой юм биш үү?

-Бид бодит байдлыг л хэлсэн. Зөвшөөрөл, бүх зүйл хууль журмын дагуу гарсныг тэр  хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг л үзүүлсэн. Одоо үнэн ялдаг  юмуу, зохион байгуулалттайгаар орилж хашгирсан нь ялдаг  юмуу гэдгийн эцсийг үзнэ дээ гэж л бодож байна даа. Манай улс  зөвхөн уул уурхайд л гадаадын хөрөнгө оруулалт  авдаг улс болчихоодбайна.Харин бид эмнэлгийн салбарт хөрөнгө оруулалт татаад, монгол хүний эрүүл мэнд, хүн амаа өсгөхөдхувь нэмрээ оруулъя гээд хамт олноороо зүтгэж байна. Үүнийг буруу зорилго гэж боддоггүй. Олон хүний сэтгэлийг харлуулж  байгаад би хувь хүнийхээ хувьд маш их харамсаж байна. Үргүйдлийн эмчилгээний үнэ цэнэ, зорилго нь бүгдэд нээлттэй, ил байгаа.Гадаад улсын эмнэлгийг зорьсон монголчуудын урсгал хэр байдаг билээ дээ. Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулснаас хойш гадаад орон, тэр дундаа БНСУ руу үргүйдлийн чиглэлээр явдаг урсгал илт буурсан. БНСУ дахь эмнэлэг болон манай эмнэлгийн үйлчилгээний үнийн  зөрүү  тэнгэр  газар шиг шүү дээ. Монголчуудын БНСУ руу зорьж очдог байсан эмнэлэг урсгалаа алдахгүйн тулд манайх руу холбогдоод хамтарч ажиллая гэж санал хүртэл тавьж байсан. Манай эмчилгээ, үйлчилгээ дэлхийн түвшинд хүрснийг энэ саналаас харж болмоор. Монгол хүнийхээ хувьд, олимпын аваргын хувьд энэ бүгд бол эх орныхоо төлөө хийж буй өчүүхэн хувь нэмэр гэж боддог. Монгол хүн эрүүл байх нь үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хамгийн том хүчин зүйлгэдгийг ярианыхаа төгсгөлд хэлье.

 

Ярилцсан: Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

 

 

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ыг жинхэнэдээ Б.Жавхлан биш парламент мэднэ дээ DNN.mn

УИХ-аас нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох саналыг энэ сарын 17-ны өдөр байршуулсан. Долоо хүрэхгүй хоногийн хугацаанд дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 100 мянга хүрч, УИХ-ын босгыг давчих шиг боллоо. Харин энэ явдалд Сангийн сайд Б.Жавхлан дургүй байгаа. Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтын хувь дээр шулуухан хэлэхэд ямар ч боломжгүй асуудал. Сонгууль дөхсөн хийрхэл болж таарах байх” гэж УИХ-ын чуулган дээр хэлчихсэн. Энэ байр сууриа хамгаалах гэж шаралхаж яваад золтой л төсвөө унагаачихсангүй. Гэвч тэрбээр бууж өгөхгүй л байгаа бололтой. Таарсан сайд, гишүүн болгонд НӨАТ-ын хувийг тав болгох саналыг бүтэхгүй болохыг учирлаж нэг, уурлаж нэг хэлж яваа сурагтай.

Монгол Улсыг, монголчуудыг парламент мэддэг. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан. Олон нийтийн шүүмжлэдгээр парламентад мэдлэгтэй, мэдлэггүй, ёс зүйгүй, тэнэг мангар, ичмээр хэн ч сонгогдсон тэд бол бүх ард түмнийг төлөөлсөн жижиг ард түмэн. УИХ өөрийн гэсэн бүрэн эрхтэй. Сангийн сайд Б.Жавхлан яаж ч дэвхэцсэн парламент юуг хэрхэн шийдэхээ мэднэ.

Зөвхөн энэ удаагийн НӨАТ ч биш Путин, хийн хоолой, уран, Ерөнхийлөгчийн айлчлал, үйлдэл, стратегийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гээд зарим нь шүүмжлэгдэж, зарим нь магтагдаж байна. Эцсийн дүндээ эдгээрийг хэрэгжүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Дараа нь үүсэх гайг нь ч, гавьяаг нь ч парламент өөрөө даана. Ийм байх үүргийг Үндсэн хуулиараа 1992 онд олгочихсон юм. Тэгэхээр дээр хэлснээр НАӨТ-ын хувийг нэмэх эсэхийг Сангийн сайдын санал бодолтой, бодолгүй УИХ шийдвэрээ хараат бусаар гаргана.

Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэхээс гадна өөр ч агуулгуудаар санал асуулга үргэлжилж буй. Энэ үйл явдлыг шүүмжлэх бүлэг ч байна. Олон нийтээс хүссэн асуудлаар нь санал асуулга аваад хууль өөрчилж батлаад байвал үндэсний аюулгүй байдалд халтай, өөр улс орныг дагаар орчих юм биш үү гэж ирээд УИХ-ын зарим гишүүд ярьж байх шиг байна. Олон нийтээс сонгогдсон парламентын засаглал үндсэн үүргээ л биелүүлж байна. Тэд ард түмний санал бодол, байр суурийг технологийн дэвшлийг ашиглан шууд сонсох боломжийг бий болгочихлоо. Харин тухайн саналыг хуульд оруулах, оруулахгүйг УИХ л мэднэ. Хууль журамд өөрчлөлт оруулж ч болно, үгүй ч байж болно. Энэ нь өнөөдрийн парламентын бүрэн эрхийн асуудал. Нэг ёсондоо УИХ-д хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болдоггүй бүрэн эрх нь юм.

Гэтэл сүүлийн Засгийн газрын гишүүд, сайд нар УИХ-ыг үл тоодог, томордог байдал ажиглагдах болсон. УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Монгол Улсын 2024 төсвийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын өрийн талаар тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан “Өрийн асуудлыг ярих юм бол нэлээн удаан ярьж болно. Та бүхний тавьсан Чингис бондын өрийг арайхийж төлж дууслаа, Та баярлах хэрэгтэй шүү дээ. Монголын ард түмний тавьсан татвараар төлсөн” хэмээн нэлээд өндөр дуугаар хариулна лээ. Тэрбээр бас НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх УИХ-ын санал асуулгыг “Сонгууль дөхсөн хийрхэл…” гэж ирээд УИХ-ын хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлж байгаа үйлдлийг шүүмжилж буйгаас л харагдана. Парламентын засаглалаа тоншдог Засгийн газрын

өөр ч гишүүд бий. 2024 оны төсөвтэй холбоотойгоор өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр халамжийн бодлогын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Халамж 2016 онд 285 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.4 их наядын халамж тараах нь. Баялаг бүтээгчид махаа зулгааж татвар төлдөг. Ирэх оны төсөвт хувийн хэвшлийг дэмжсэн зүйл байна уу” гэсэн асуухад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Халамжийн ихэнх нь хүүхдийн мөнгө. 2020 оноос хүүхдийн мөнгө тав дахин өссөн. Та ч хүүхдийн мөнгийг хасах ёсгүй гэж ярьдаг хүний нэг…” гэж ирээд л чимхэж суусан.

Үнэндээ сүүлийн жилүүдэд Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдээс илүү эрх мэдэлтэй гэж эндүүрдэг болчихсон. Үүнийгээ ч ийнхүү үе, үе чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлж, бүдүүн хүзүү гаргадаг болоод удлаа. Учир нь өөрсдийг нь УИХ-ын гишүүд биш Ерөнхий сайд томилдог, сайдын албан тушаал нь хязгааргүй үргэлжлэх юм шиг эндүүрч явдаг бололтой. Ерөнхий сайд ч үе, үе парламентын эрх рүү халдсан агуулгатай мэдэгдлийг хийдэг болоод удаж байгаа.Үнэндээ сайд нарыг ч, Ерөнхий сайдыг ч огцруулж чадах эрх мэдэл зөвхөн УИХ-ын гишүүдэд, парламентад бий шүү дээ. Энэ зарчмаа манай зарим улстөрчид, сайд нар мартчихдаг юм байна. Ийм нөхдийг УИХ нэг л өглөө хууль сануулаад явуулчихаж чадна.

Ерөөсөө монголчуудын 30 жилийн өмнөх ардчилал, хүний эрхийг тунхагласан Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын тогтолцоо байсан юм. Парламент бол ардчиллын үндэс. Парламент гэдэг улс төрд бий болсон идээ бээр, хууль бус зүйлийг тогтолцоогоороо шахаж гаргадаг. Хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулиар Монгол Улсын парламент 128 гишүүнтэй болно. Олон ургальч үзэл, төсвийн төрийн хяналт улам батажна. Өнөөдөр УИХ-ын цөөн хэдэн гишүүнийг лоббидож, авлигадаж зорилгоо гүйцэлдүүлэхийг оролддог байсан бол 128 гишүүнтэй болоод ирэхэд тэд зогсохоос аргагүй. Энэ л Монгол Улсын, монголчуудын сонгосон парламентын тогтолцооны үр нөлөө юм. Тиймээс Засгийн газрын гишүүд УИХ-ын бүрэн эрхэд халдсан үг, үйлдэл гаргадаг явдлаа эргэж харахгүй бол кабинетаараа огцрох асуудалд холбогдож ч мэдэх юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нууцын зэрэглэлд оруулсан Ковидын зарцуулалтын зах зухаас … DNN.mn

Ковидын цар тахлын үед төр, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ 20 гаруй их наяд төгрөгөөр хэмжигддэг. Бүхэл бүтэн улсын төсвийн дайтай энэ их хөрөнгийг юу, юунд хэрхэн яаж зарцуулсан задаргаа одоо хүртэл олон нийтэд ил болоогүй. Тухайн үед нэг өвчтний эмчилгээний төлбөр найман сая төгрөг байсныг л хүмүүс мэднэ. Тэгвэл ковидын төсөв гэдэг нэрээр нийслэлийн 200 мянган өрхийг яндангаас салгах хэмжээний мөнгөөр эрх баригчид хэрхэн туйлсан нь зах зухаасаа сонсогдож эхэллээ.

Пакт 1: -Ковидын эмчилгээнд зориулж ганцхан нэр төрлийн тариаг 10 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Гэвч өвчтөнүүдэд хүрч чадалгүй хугацаа нь дуусаад актлагдсан байна. Анхнаасаа хугацаа нь дууссан тариа худалдаж авсан уу. Эсвэл хугацаа нь дуусаад устгалд оруулахаар зэхэж байсан тариагаа үнийн дүнд тооцуулсан уу гэдэг нь асуултын тэмдэг болов. Ямартай ч хаанаас, ямар гэрээгээр худалдан авалт зохион байгуулсан нь тодорхойгүй. Учир нь улсын нууцад оруулсан болохоор бүх мэдээлэл нь хаалттай.

Пакт2: -Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай ярилцаж байгаад Эрүүл мэндийн яамны оролцоогүйгээр 1.6 сая тун вакцин оруулж ирсэн мэдээлэл бий. Гэвч үнийн дүн нь нууцын зэрэглэлд багтсан. Хамгийн хачирхалтай нь энэ их хэмжээний вакциныг устгалд оруулсан нь анхаарал татна. Яагаад устгалд оруулсан талаарх мэдээллийг хэн ч өгдөггүй.

Пакт 3: -Хуульд өөрчлөлт оруулж, олон нийтэд сурталчлах нэрийдлээр 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилна гэжээ. Яг үнэндээ хэвлэлүүдэд ийм их хэмжээний мөнгө цутгасан гэх баримт байхгүй. Үнэн хэрэгтээ хэвлэлийн нэрийг барьж төсөвлөсөн энэ их хэмжээний мөнгө хэний халаасанд орсон нь мөн л нууцын зэрэгт багтсан.

Пакт 4: -Цар тахлын үеэр иргэдийн мэдэх эрх ноцтой зөрчигдсөнийг хүний эрхийн байгууллагууд онцолдог. Нэг төрлийн мэдээллийг бүх телевизээр зэрэг цацаж, ард түмний мэдэх эрхэд халдсан. Жишээлбэл, бүх оддын оролцоотой шоу нэвтрүүлэг өдөржин цэнхэр дэлгэцээр ээлжлэн гардаг байв. Тэгвэл ганцхан энэ нэвтрүүлгийг хийхэд Соёлын яам, Улсын онцгой комиссоос хөрөнгө мөнгийг нь шийдэж байжээ. Бидэнд ирсэн мэдээллээр зөвхөн Соёлын яам гэхэд энэ нэвтрүүлэгт зориулж хоёр удаа тус бүр 200 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Пакт 5: -Ковидын үед Эрүүл мэндийн яамнаас бусад яамд хэмнэлтийн горимд шилжсэн. Гэтэл Эрүүл мэндийн яаманд оны сүүлээр 50 тэрбум төгрөгийн төсөв илүү гарчээ. Тус яам Ковидод зориулах ёстой мөнгөө үрж дийлэхгүй болоод өөр зүйлд зарцуулсан баримт байна. Эрүүл мэндийн яамны харьяа Хан-Уул дүүргийн эмнэлэгт 50 тэрбум төгрөг илүү гарангуут 25 тэрбумаар нь ажилчдын орон сууц барихаар зураг төсөл хийлгэж байсан гэдэг.

Пакт 6: -“Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа аврах арван их наядын хөтөлбөр”-ийг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Үүнээс хоёр их наядыг нь ажлын байр хамгаалах зээлд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Жилийн гурван хувийн хүүтэй уг зээлийн хүүгийн зөрүүг нь улсын төсвөөс төлөхөөр тусгасан тухай мэдээлж байв. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, иргэд гурван хувийн хүүтэй зээл авсан. Үлдсэн 7-9 хувийн хүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн болж таарч байна. Нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэснээс 1.9 их наяд төгрөгийн зээл олгожээ. Хүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа энэ зээлийг ямар компаниуд авсан талаарх мэдээллийг хав дараастай байна. Уг нь Монголбанкнаас энэ талаарх мэдээллийг нээлттэй өгөх үүрэгтэй. Хэний хамааралтай, ямар компани, иргэд энэхүү зээлийг авсныг олон нийтэд ил болгох ёстой. Түүгээр ч зогсохгүй дээрх зээлийг авахад барьцаа хөрөнгө шаардахгүйгээр батлан даалтын сангаар баталгаа гаргуулан зээл авсан гэсэн мэдээлэл бий. Тодруулбал, ямар ч барьцаа хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгжүүд ч зээл авсан байж болох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд 500 сая, иргэн 50 сая хүртэлх зээл авах хязгаартай. Зээлийн 80 хувийг тоотой хэдхэн компани хагас тэрбумаар нь хуваагаад авчихсан гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ ил болжээ.

Пакт 7: -Ковидын үеийн худалдан авалтаас гадна хандив тусламжийн тайлан огт нийтэд ил зарлагдаагүй. Ганцхан жишээ дурдахад Монголын морин спорт уяачдын холбоо Ковидын үед 120 сая төгрөг хандивласан гэх юм билээ.

Пакт 8: -Ковидын үеийн тусгай хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн албан хаагчид томилолтоор явсан зардал болон хорио цээрийн дэглэм сахиулах хугацааны нэмэгдэл гэж олгогдоогүй тухай яриа байдаг. Тэгвэл албаны эх сурвалж үүнийг баталж, ЦЕГ өөрсдийн хөрөнгө зардлаар болгосон гэдэг тайлбар өгсөн удаатай. Анхны тусгай хамгаалалтын бүс болох Сэлэнгэ аймаг руу 70 албан хаагч явжээ. Тэд 18 хоног 24 цагаар өвөл гадаа зогсохдоо нэмэгдэл юу ч аваагүй байна. Онц байдлын хуулиар гурав дахин нэмэгдүүлэн олгоно гэсэн заалт мөрдөгдөөгүй гэнэ. 18 хоногийн мөнгөн дүн болох 300 сая төгрөг албан хаагчдын хэнийх нь ч гарт очоогүй байна. Энэ жишгээр цагдаагийн албаны 800 мянган залуус бүтэн хоёр жил гаруй онц байдлын хуулийн дагуу цалингаа аваагүй байх жишээтэй.

Сүүлийн үед сөрөг хүчин Ковидод зориулсан 20 тэрбумын зарцуулалтыг олон нийтэд тайлагнахыг эрх баригчдаас удаа дараа шаардаж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар өчигдөр товлогдоод байв. Харамсалтай нь одоо хүртэл холбогдох байнгын хорооноос шинжээч томилж өгөөгүй болохоор хойшиллоо.

Энэ тухай сөрөг хүчин “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан иргэд бидэнд хандсан. Хамгаалах хэрэгслийг 63 тэрбумаар худалдаж авсан. 30-аад тэрбумыг нь хэрэгцээ шаардлагагүй болсон байхад шууд худалдан авалт хийсэн. Эдгээр нь агуулахад хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Санхүү хариуцсан дарга нар хаус авсан мэдээлэл ч байгаа. “Ковид-19” цар тахлын үеэр тендер зарлалгүйгээр худалдан авалт хийсэн асуудлууд маш их бий. Цар тахлын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих сонсголыг албаар үр дүнгүй болгох сонирхол эрх баригчдад байна” гэсэн юм.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 25, Буд гариг. Билгийн тооллын 11, Шувуун хошуут одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 07:25 цагт мандан, 17:47 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Васюки тосгонд 100 жилийн өмнө нэг удаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын багш нарын
үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатар “Сургууль, цэцэрлэг
шинээр барих битгий хэл өргөтгөл хийх боломжгүй болтол газрыг нь авлигадаж, наймаалцаж дууссан”   гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Ирэх онд цалин нэмэхээр төлөвлөснийг сонгуульд зориулсан популизм гэж
хэлэхээс өөр аргагүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт   нийтлэлч Баабарын “Васюки тосгонд 100 жилийн өмнө нэг удаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын зууны манлай заан, гавьяат дасгалжуулагч Д.Мягмар “Наадмаар батламжийг нь гардуулаад, допингийн шинжилгээний дараа цолыг нь олгож байя”  гэлээ.

Монгол Киргизийн бизнесийнхний хооронд хэлхээ
холбоо тогтоож, хөрөнгө оруулалт, экспортыг харилцан
дэмжинэ гэв

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ