Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Дундговь аймаг, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т аравдугаар сарын 25-ны 23:21 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад” Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00-17.30 334 тоот
2 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 “Үндсэн хууль”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 “Их засаг”
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
5 Эдийн засгийн байнгын хороо Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зэрлэг амьтан, шувуудад зориулан шаардлагатай 7 газарт хөв, цөөрөм байгуулав DNN.mn

БОАЖЯ болон “Юнител” группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.

Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийгээд байна.
-Говийн их ДЦГ-ын “Б” хэсэг,
-Говийн бага ДЦГ,
-Хөх Сэрхийн нурууны УТХГ,
-Хан Хөхийн нурууны УТХГ,
-Их газрын чулууны БЦГ,
-Тужийн нарсны БЦГ,
-Ховд аймаг,
– Говийн их ДЦГ-ын “А” хэсэг,
-Тост тосон бумбын нурууны БНГ,
-Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газарт 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид 7 байрлалд байгууллаа.

Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байна DNN.mn

2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 269.7 мянган га-гаас 387.2 мянган тонн үр тариа, үүнээс 235.8 мянган га-гаас 347.6 мянган тонн улаанбуудай, 17.5 мянган га-гаас 171.6.0 мянган тонн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тонн хүнсний ногоо, 61.2 мянган га-гаас 169.6 мянган тонн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Үр тариа хураалт 79.4 хувь, төмс хураалт 95.8 хувь, хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байна.

2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Мөнхбаатар: Сургууль, цэцэрлэг шинээр барих битгий хэл өргөтгөл хийх боломжгүй болтол газрыг нь авлигадаж, наймаалцаж дууссан DNN.mn

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.


Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэл хотод хурцаар тавигддаг. Сургууль, цэцэрлэг ойрхон биш учраас хүүхдээ зөөдөг. Энэ байдал нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж эцэг эхчүүд бухимддаг шүү дээ. Бодит нөхцөл байдал ямар байдаг юм бол?

-Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай том хот. Хамгийн тулгамдсан асуудал түгжрэл. Түгжрэлийг үүсгэж байгаа шалтгааны нэг нь сургууль, цэцэрлэг рүү явах урсгал байдаг. Энэ нь нэг ёсондоо манай сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг харуулж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн зөв зохион байгуулалт байхгүй. Ерөөсөө л өндөр өндөр хороолол, үйлчилгээний газруудаар л дүүрэн хот болчихсон. Хот төлөвлөлт аль дээр алдагдчихсан. Зөөлөн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй. Одоо шинээр барья гэсэн ч барих газаргүй болчихсон. Сургууль, цэцэрлэгүүд өргөтгөл ч барих сөөм газар алга. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр Улаанбаатар хотын газар наймаачид, авлигачдын гараар ороод дууссан. Тийм болохоор хүн амынхөө өсөлтөд уялдуулж сургууль, цэцэрлэг барьж чадахгүй байна шүү дээ. Газрыг нь авлигаар аваад хувьдаа өндөр байшин барилга болгоод авчихсан ийм л дүр зураг нийслэл хотод байгаа юм. Тэгсэн хэрнээ шаардлагагүй газарт орон нутагт маш олон сургууль барьдаг. Хоосон зай талбай ихтэй, хүүхэд дүүргэлт байхгүй.

Энэ нь өөрөө улс төрийн сонирхолтой, тойргоо усалсан л төсвийн илүү зарцуулалт болоод байгаа юм. Яг хэрэгцээтэй төв суурин газартаа барьдаггүй. Тийм сэтгэл байхгүй. Зөвхөн өөрсдийн ашиг хонжооны төлөө улсын мөнгийг иддэг, авлигаддаг болоод дуусч байна. Бүр бөөн сүр дуулиан болж, нэхэл хатуутай ганц сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлдэг. Дуусгаж өгдөггүй. Барих нэрээр улсаас мөнгө идээд байдаг жишээ ч байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга 4-5 жил дамнаж байна. Жил бүр төсөв дээр мөнгө тавигддаг. Жилийн дараа тийм ч үнэ өссөн гээд төсөв нь нэмэгддэг. Анх таван тэрбум төгрөгөөр барихаар эхэлж байсан барилгын нийт төсөв 20 тэрбум дөхөж байгаа байх.

-Хүүхдүүд нь суралцах орчин нөхцөлгүй болчихдог?

– Маш хүнд болдог. Зарим нь цахимаар, зарим нь гурван ээлжээр ч хичээллэдэг. Зориулалтын бус хичээлийн байр түрээслэдэг тохиолдол ч байна.

Хүүхдээ зөөж байгаа эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Гэрийнх нь ойролцоо сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байна уу?

-Хүүхдээ зөөнө гэдэг Улаанбаатар хотод зовлон болчихсон. Мэдээж гэрийнх нь ойрхон сургууль байхгүй. Байлаа ч даац хэтэрчихсэн гээд багтдаггүй. Нөгөө талаар хотын захын сургуулиудын чанар муу. Эцэг эхчүүд хүүхдээ гайгүй сайн сургуульд сургачих хүсэлтэй. Буруутгах аргагүй. Ингээд л хотын төвийн сургууль руу зөөж эхэлдэг. Өглөө төв рүүгээ 2-3 цаг түгжирч, шөнөдөө хотын зах руугаа дахиад түгжирдэг. Энд ямар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдаж байх вэ. Жишээ нь, Шархадны хүүхэд 23 дугаар сургуульд сурахаар дамжиж ирдэг. Нисэхийн хүүхэд хаа байсан Бөмбөгөр рүү 24 дүгээр сургууль руу ирж байна. Үүнийг дагаад хүүхдэд ямар олон эрсдэл үүсэх вэ. Уг нь төр эдгээр хүүхдүүдийг гэрийнх нь ойр цэцэрлэг, сургууль барьчихаад чанартай үйлчилгээ үзүүлчихээд оруулах ёстой юм. Даанч өнөөдөр хүүхдээ бодсон бодлого манайд алга.

Хичээл эхлэхэд сургууль бүр багш нарын орон тооны дутагдалтай байсан. Одоо нөхөгдсөн үү?

-Нөхөгдөж чадаагүй. Урсгалаараа жаахан буурч л байх шиг байна. Гэхдээ л багш авна гэсэн зар тасрахгүй байна шүү дээ. Уг нь нэг улирал өнгөрчихлөө. Гэтэл жигдрээгүй, орон тоо дутуу хэвээр л байна гэдэг үндсэн багш нар олон цагаар хичээллэх, ялангуяа бага ангийн багш нар хоёр ээлжинд явах нөхцөл үүсч байна. Тэгж хичээллэж ч байгаа. Ингэж ажиллалаа гээд хоёр багшийн цалинг нь өгөхгүй. Нөгөө талаар боловсролын хүртээмж ямар байх вэ. Төрийн авлига, хээл хахууль тасрахгүй л гарах юм. Төсвийг тоносон мөнгөн дүн нь хэдэн их наядаар яригдаад хэвшчихлээ. Гэтэл багш нарынхаа цалинг анхаарч чадахгүй байна шүү дээ. Багш нарын цалин сүүлийн 30 жил 300 доллараас хэтрээгүй. Дандаа үнэ ханшийн өсөлтөд идэгдэж явдаг. Явсаар өнөөдөр нийгмийн дундаж цалингаас ч бага цалинтай болчихоод байгаа юм. Тиймээс Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэл багшийн цалинг ам.долларын ханштай дүйцүүлж 1000 ам.долларт хүргэх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэж байж энэ салбар руу шинэ залуу боловсон хүчин орж ирнэ. У ИХ-аас цахим өргөдлийн флатформ бий болгоод байна. Үндсэн хуульд заасан ард түмний төр барих эрх хэрэгжиж эхэлж байна. Түрүүчээсээ саналууд 100 мянгын босгыг даваад эхэллээ. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлээс багшийн цалинг 1000 доллартай тэнцэхүйц болгоё гэсэн санаагаа төсөл болгон оруулсан байгаа. Энэ саналыг маань 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж, багшийн цалингийн асуудлыг УИХын түвшинд авч хэлэлцэх боломжтой. Тиймээс боловсролын салбарынхан, эцэг эхчүүд, олон нийт маань энэ саналыг дэмжиж өгөөрэй гэж уриалж байна.

Гэвч багш нарын цалинг ингэж нэмэх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Та бүхэн ямар тооцоолол гаргасан юм бэ?

-Бид шууд нэг өдөр нэм гэж шаардаагүй шүү дээ. Төр энэ талаар бодлого гаргаж, шат дараатайгаар нэмээд өгөөч гэж уриалж байгаа юм. Мэдээж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж мэдэрч байна. Боловсролын салбарын төсөв 2023 онд 3.2 их наяд байсан. 2024 оных 4.2 их наяд болж ирж байгаа. Гэвч багшийн цалинг 10 хувиар л нэмнэ гэж байгаа. Багш нарын цалин урамшууллын сан нийт 1.5 их наяд байдаг. Уг нь нийт төсөв маань нэг их наядаар нэмэгдэж байхад тал хувь болох 500 тэрбумыг цалингийн сандаа зарцуулахад болохгүй юм байхгүй шүү дээ. Цалин хангалттай 30 хувиар нэмэгдэх боломжтой. Гэвч энэ нэг их наядын нэмэгдэл сонгууль дөхсөн шоунд л зарцуулагдана даа гэж харж байна. Нөгөө л хөдөө орон нутагт тойргоо усалсан байдлаар шинэ сургууль цэцэрлэг эхлүүлнэ. Тэнд нь ямар ч хэрэгцээ байхгүй. Түүгээр зогсохгүй боловс ролын салбар үндсэн хэрэгцээгээ хангаж чадаагүй хэрнээ том том поп зориултууд дэвшүүлдэг. Орон даяар бүх сургуулийг компьютертэй болгоно, ухаалаг анги танхим байгуулна гэж ирээд л ярьцгааж байна. Үзүүлэнгийн шинжтэй л хийх байх. Гол нь хүүхэд бүрийн сурах орчин стандартдаа нийцэж байна уу. Ширээ сандал нь бүрэн байна уу, анги танхимдаа стандарт 30-аараа сууж байна уу гэдгээ эхэлж анхаарч шийдмээр байгаа юм. Гэвч энэ асуудал чухал биш, попрох, олон нийтээс оноо авах өнгөц ажил руу хошуурдгаараа л явж байна. Ерөөсөө л манай улсын сүүлийн олон жилийн дүр төрх ийм шүү дээ. Гол нийгмийн салбарынхаа хөгжлийг хаяж, амин хувиа хичээсэн, ашиг хонжоо хай сан, авлигын схем л хамгийн сайн ажиллаж ирлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Одонтуяа: Ирэх онд цалин нэмэхээр төлөвлөснийг сонгуульд зориулсан популизм гэж хэлэхээс өөр аргагүй DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хар тамхины хэрэглээ манай улсад нэмэгдэж байгаа нь үнэхээр том асуудал болж байгаа талаар та цахим хуудаснаа оруулсан байсан. Таны харж судалсанаар өнөөгийн нийгэмд хар тамхины хэрэглээ ямар түвшинд хүрсэн гэж үзэж байна вэ?

-Сэтгэл түгшээсэн тоонууд хараад хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс гадна төсөв хөрөнгийг зайлшгүй яаралтай шийдэх хэрэгтэй байна. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй гэх мэт. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байгаа нь тодорхой болсон. 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан тохиолдол ч гарсан байна. Хүүхдүүд мансуурах бодист татагдах, донтох шалтгааны талаар холбогдох албаныхны хийсэн судалгаанаас үзэхэд их төлөв сониуч зангаасаа болсон, хор хөнөөлийнх нь талаар ойлголтгүйгээс болсон байх юм. Цагдаагийн байгууллагад шалгуулсан 10 хүүхэд тутмын долоо нь хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу ял оноодог болохыг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын дөрөв нь найзуудаа даган дууриаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж мэдүүлж. Компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй гэсэн дуудлагаар очиж шалган 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Энэ бол маш аймшигтай, сэтгэл түгшээсэн тоон баримт.

Өсвөр насныхны дунд энэ төрлийн бодис хэрэглэх тохиолдол нэмэгдэж байгаа юм байна, тийм үү. Яг юунаас болоод хүүхдүүд уг аюулыг сонирхоод байна вэ. Энэ өнцгөөр та судалгаа харав уу?

-Мансууралд өртсөн хүүхдүүдийн гэр бүлийн байдал, амьдралын нөхцөлийг нягталж үзэхэд эцэг эх нь салсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин, бага насандаа дам архидалт дунд өссөн хүүхдүүд дийлэнх нь байдаг гэнэ. Тогтвортой, бүтэн гэр бүлд, хүчирхийллээс ангид, эрүүл хэвийн орчинд өссөн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ тун бага ажиглагдаж байна. Энэ бүхнээс харахад хар тамхинд донтох нь нийгмийн шинж чанартай үзэгдэл болж. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц том эрсдэл нь хар тамхины хэрэглээ монгол хүний удмын сан, генд сөрөг нөлөө, гажуудал учруулах аюул юм.

-Бодитой болсон жишээ байна уу?

-Энэ аюул бодитоор илэрсэн жишээ бий. Саяхан нэг эмэгтэй төрөх тасагт хүүхдээ төрүүлжээ. Гэтэл нярай зогсоо зайгүй уйлаад болихгүй байж. Эх баригч эмч, сувилагч нар шалтгааныг нь олж чадахгүй сандарч байтал туршлагатай эмч ээжид нь хэдэн асуулт тавьснаар эх нь хар тамхи байнга хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна. Нярай хүүхэд эхийн хүйнээс салаад хар тамхины тэжээлээс салсан учир хэрэглээгээ нэхэж, уйлж байсан нь тогтоогдсон гэсэн үг. Мансууруулах бодисын нөлөө урагт хүртэл нөлөөлдгийг энэ тохиолдол харуулж байгаа юм. Мөн 2030 он гэхэд орлогын түвшин бага, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглэгч 43 хувиар өсөх хандлагатайг мэдээлсэн.

Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлэх э рсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 оноос хар тамхи хэрэглэгчид ихсэж буй орны тоонд орох болсон гэдэг мэдээлэл үнэн болов уу?

-Юу үнэн, энэ үнэн шүү. Хамгийн түгшүүртэй мэдээ бол энэ. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, х эрэглээ өндөртэй улсуудад тооцогддог. Тиймээс нөлөөлөл нь манай улсад хэдийнээ илэрч байна. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэссэн. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашигласан гэдгээс ямар эрсдэлт нөхцөл үүсээд байгааг ойлгож болох байх. Энэ оны гуравдугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэй гэж тооцогдож байгаа юм. Метамфетамин буюу хэрэглээний нэршил нь мөс зэрэг химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан мансуурах төрлийн бодисыг тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг илтэд өсч байна. Химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хямд, хурдан, гүн үйлчилгээтэй учир хэрэглэгчдийг хүчтэй татаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг гэсэн. Шинэ төрлийн нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, хэрэглээ хөрш орнуудад энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх олноор бүртгэгдсээр байгаа юм. Хөршүүдээс гадна бусад улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улс руу нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна.

Та хууль санаачлагчийнхаа хувиар энэхүү нийгмийн өмнө тулж ирээд байгаа аюулын эсрэг хэрхэн тэмцэх гэж байна вэ. Мэдээж хууль, эрх зүйн хувьд өөрчлөгдөх, шинэчлэх зүйл байгаа л байх даа…?

– Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн ч хууль эрх зүйн зохицуулалт, нийгмийн олонхын мэдээлэл, ойлголт шаардлагын түвшинд хүрээгүй байгаа байдал ажиглагдаж байна. Тиймээс миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах б одисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар мэргэжилтнүүдтэй санал солилцон ажиллаж байна. Энэ чиглэлээр ажиллаж байна. Уг асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид та бүхэн саналаа харамгүй илгээхийг хүсч байна.

Ирэх оны төсөв ямар байдлаар орж ирж байна. Сөрөг хүчний гишүүн тэр дундаа УИХ-ын дэд даргын хувьд орж ирж байгаа төсвийг дэмжиж байгаа юу?

-Ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлэг хийгдлээ. Өмнөх жилүүдэд хэлж байсан зөвлөмж шүүмжүүдийг дахиад л хэлье. Дунд урт хугацааны төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг баримт бичгүүдийн ач холбогдол хэр байна бэ гэж. Нэг талаас нүүрс, зэс гээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тоо хэмжээг хэт өөдрөг төсөөлж тэр хэрээр зар лагаа өсгөдөг жишгээ үргэлжлүүлж байна. 2016 онтой харьцуулахад 3-4 дахин их мөнгө зарцуулдаг төр боллоо. Харин иргэд, аж ахуйн нэгжийн зарцуулдаг мөнгө ингэж өссөн үү гээд бодох хэрэгтэй. Ирэх онд сонгуульд зориулав уу гэлтэй 5.8 их наядын хөрөнгө оруулалт тавихын зэрэгцээ 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин хөлс нэмэхээр төлөвлөжээ. Үүнийг сонгуульд зориулсан популизм гэж хэлэхээс өөр аргагүй. Монгол банкны мөнгөний бодлоготой хэр уялдсан болдоо. Инфляци өндөр үед цалин хөлс хэдий нэмлээ ч бодит худалдан авах чадвар унасан хэвээр байна. Статистикаар инфляци нэг оронтой тоонд орлоо гэж байгаа ч зах, дэлгүүрт очоод иргэдтэй уулзахад хоёр оронтой тооноос давсныг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлт айл өрхөд яагаад очихгүй наалдахгүй байна гэдэгт төсвийн хэлэлцүүлгээр хариу өгөх хэрэгтэй. Уул уурхайн цөөхөн бүтээгдэхүүнээ зарсан мөнгөө зарцуулаад суухаас илүү ажлын байр бий болгож буй аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талд сонирхол татах зүйл алга. Төсвийн хэлэлцүүлэгтэй цуг өмнөх төсвийн зарцуулалт, түүнд мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмж, шүүмжүүдийг ч хамтад нь ярих цаг болжээ.

АН-ын бүлгээс ковидын үеийн зардлыг хянах, ил тод болгох сонсголыг хийх гэсэн боловч шинжээч томилогдоогүй учраас хойшилсон. Шинжээч томилох асуудал хаанаа гацаад байна вэ?

-Ковидын сонсгол хийх нь зөвхөн АН-ын санаачилж зохион байгуулах ажил гэхээсээ илүү мэдэх эрхийнхээ хүрээнд асууж буй иргэдийн санаачилга гэж ойлгох хэрэгтэй. 20 их наяд төгрөг зарцуулсан Ковидын нэрийн дор УИХ-аас бүх эрхийг авч хэрэгжүүлсэн Засгийн газрын ажилд иргэд дүн тавих эрхтэй. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, ногоон автобус гээд олон их наядын хулгайтай зэрэгцэхүйц том дүнтэй шууд худалдан авалт зарцуулалтыг нэг төгрөг бүрээр хянаж дүгнэж буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой. Сонсгол зохион байгуулах шийдвэр гарснаас хойш төрийн холбогдох байгууллагууд руу удаа дараа албан бичиг явуулж мэдээлэл хүссэн боловч тэднээс ирүүлсэн хариу нь ерөнхий, бөөрөнхий, бүхэл, тодорхойгүй байгаа нь гол асуудал болоод байна. Ийм учраас шинжээч томилуулах хүсэлт байнгын хороонд тавьсан ч ирц хүрээгүй шалтгаанаар энэ асуудлыг гацаасан. Хөндлөнгийн шинжээчгүй сонсгол хийгдвэл АН-ынхан попорлоо гэсэн малгайн дор 20 их наядын зарцуулалтаа хаацайлаад өнгөрөх тул бид шинжээч томилуулан ажилласны дараа олон нийтийн сонсголоо хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

– НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор эдийн засагт ямар нөлөө учрах вэ. УИХ дээр л энэхүү асуудлыг одоо шийднэ биз дээ?

– НӨАТ-ын буцаан олголтыг тав болгохыг дэмжиж байна. Төсөвт ирэх дарамт 400-600 тэрбум төгрөг байж мэдэх ч 4-6 их наядын далд эдийн засаг ил болж ч болно. Иргэдэд очих мөнгө бол иргэдийн хэрэглээнд зарцуулсан мөнгөний багахан хувь. Гэтэл төсөвт хэдэн сумын хөшөө, соёлын төв, хэзээ ч дуусдаггүй байшин барилгуудын нэмэлт төсөвт хичнээн тэрбумыг зарцуулж байна. Товчхондоо НӨАТ-ын буцаалтаас иргэдэд 15000 30000 төгрөг улиралдаа очих ба тэр хэрээр иргэд зах, дэлгүүрүүдээс НӨАТ-тай худалдан авалт хийх замаар далд эдийн засгийг ил болгоно. Тодруулбал зах зээл дээр шударгаар татвараа төлдөг аж ахуйн нэгж, иргэд НӨАТ төлөөд байхад нэг хэсэг нь НӨАТ төлөхгүй байх нь шударга бус өрсөлдөөний нөхцөл гэж ойлгох хэрэгтэй. Ингэхээр иргэдэд ч аж ахуйн нэгжид ч ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 26, Бархасвадь гариг. Билгийн тооллын 12, Могойг хүлэгч одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 07:27 цагт мандан, 17:45 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө долоон иргэн гал түймэрт өртөж нас баржээ DNN.mn

Өнгөрсөн шөнө буюу 2023.10.25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэрт долоон хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдож буурахгүй байна. Иймээс иргэдийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг НОБГ-аас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна!

#TV5Mongolia

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.