Categories
мэдээ нийгэм

Сургуулийнхаа орчмоос сураггүй алга болсон хүүг олжээ DNN.mn

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Тарвагатай баг Ерөнхий боловсролын сургуулийн орчимд 10.26-ны өдрийн 12:00 цагийн орчимд 10 настай сурагч хүү сургуулийн гадаа тоглож байгаад сураггүй болжээ.

Сумын Цагдаагийн хэсгээс эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг  Аймгийн Онцгой байдлын газарт өгсөн ба  Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О/10 настай, эрэгтэй, Хүдэр сумын Баянцагаан багт оршин суугч/-г эрэн хайх ажиллагааг 10.26-ны өдрийн 16:51 цагаас эхлүүлж, мөн өдрийн 17:32 цагт тус сумын Баянцагаан багийн “Гайхан байр” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хичээлийн бус цагаар хаана яваад цаг ямагт анхаарч, болзошгүй эрсдэл, аюулд өртөхгүй байх зөвлөгөөг өгч байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо DNN.mn

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам амжилттай болж, өчигдөр /10.26/ гала тоглолтоо хийлээ. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.

Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75  сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Тодруулбал,

  • Тэргүүн байранд Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг,
  • Дэд байранд Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,
  • Гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,
  • Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг
  • Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын 3-р сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич,
  • Шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн “Сингапур” сургуулийн захирал Ж.Маргад,
  • Шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго
  • Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Эгшиглэн” хамтлаг,
  • Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,
  • Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлаг
  • Нийслэлийн боловсролын газрын “Арга зүйч багш” цол тэмдгээр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн хөгжмийн багш Чимэдцэрэн нар тус тус шалгарлаа.
Categories
мэдээ эдийн-засаг

Багш мэргэжлээр суралцагсдад тэтгэлэг олгоход 13 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Ирэх оны төсвөөс хүргэж байна.

Багш мэргэжлийн боловсон хүчний хүний нөөцийн асуудалтай холбогдуулан төрөөс багш мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг төрөөс 100 хувь даахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ арга хэмжээ төсвийн төсөлд тусгагджээ. Ингэхдээ нийт 13 тэрбум төгрөг зарцуулагдана хэмээн тусгасан аж. Үүнээс гадна боловсролын салбарт хөдөө орон нутгийн тэтгэмж эхний удаа 5 жил, дараагийн удаа 3 жил тутам 6 сарын тэтгэмж олгох, 15 дээш жил ажиллаж байгаа, Тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа багшийн хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах зэрэг арга хэмжээнүүд ч багтаж оржээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт товлогджээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

· Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/

·Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

·Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Бусад

·Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон түүхэн өдөр DNN.mn

Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн өдөр.

946 онд өргөдлөө өгч, бүтэн 15 жил цөхрөлтгүй зүтгэсний хүчинд 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх гишүүн нь болсон билээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагад Монгол Улс элсэхийн тулд анхлан байгуулагдсан 1946 оноос эхлэн нийт 5 удаа өргөдөл гаргаж, Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар дор хаяж 13 удаа хэлэлцүүлэг хийгджээ.

НҮБ-ын гишүүнээр элсэн орж, Төрийн далбаагаа мандуулах үеэр. 1961 он. Нью-Йорк хот

БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд маршал Х. Чойбалсан 1946 он болон 1948 онд, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал 1955 он болон 1956 онд, ГЯЯ-ны сайд С. Аварзэд 1957 онд тус тус НҮБ-д элсэн орох өргөдлөө сэргээн өгч байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Чулуунцэцэг: УИХ-ын гишүүд 300 хүүхдийн эрхийг хамгаалах мөнгөөр кофе уунгаа зовлон ярьсаар гарч ирсэн дээ DNN.mn

Төрийн ордонд өнгөрсөн лхагва гаригт болсон хүүхэд хамгааллын сонсголын үеэр Боловсролын судалгаа арга зүйн чадвар төвийн тэргүүн Ч.Чулуунцэцэг “Зочдод зориулсан кофены нийт үнэ 300 хүүхдийг бүтэн жил хамгаалах төсөвтэй тэнцэж байна” хэмээн шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Түүнтэй хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.


-Төрийн ордонд хэлсэн таны үг товчхон хэрнээ нэлээд юм бодогдуулсан. Олон нийт ч ингэж харж байгаа нь нийтийн сүлжээнд бичигдэж байна. Ерөөсөө бид хүүхэд хамгаалал, хүний эрхийн асуудлыг ярихдаа мэдрэмжтэй байхаас л эхлэх ёстой юм биш үү гэж бодогдсон?

-Өчигдөр (лхагва гаригт) хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болсон. 12 настай охины амиа алдсан хэрэг болон сүүлд хүүхдийн эрх зөрчигдсөн хүнд кейсүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ дээр Хүүхэд хамгааллын хуулийг хэлэлцүүлж батлуулахаар ард нийтээс сонсгол явуулсан нь тэр. Тэнд би байгууллагынхаа өмнөөс оролцогчоор бүртгүүлээд орсон. Миний хүлээлт өөр байсан. Ер нь хуулиа чангатгах юм байна, хүүхэд хамгааллын асуудлаар дорвитой хөдлөх нь. Сонгууль ойртож байгаа учраас эмзэг сэдэв рүү орж байгаа ч далимдуулаад хүүхэд хамгааллын хууль батлагдаад авбал болж байна гэж харсан. Тэртээ тэргүй улстөрчдийн арга барил ийм шүү дээ. Гэвч үнэндээ үр дүнд хүрэх ямар ч зорилгогүй сонсгол байсан. Зүгээр л зовлон яриад кофе уугаад, зовлон яриад кофе уугаад суусан. Үүнийг зүгээр хоёр эмэгтэй гэртээ суугаад хонины мах татаад бууз хийж идэнгээ “Яана аа, энэ хүүхдийн хүчирхийлэл хэцүү байна тэ” гээд ярьж болно. Гэвч ийм яриа Төрийн ордонд өрнөлөө. Болохгүй шүү дээ.

2017 онд хүүхэд хамгааллын зардал 2.5 тэрбум байсан. 2018 онд З.Нарантуяа гишүүн Ажлын хэсгийг ахалж байгаад найман тэрбумд хүргэсэн байдаг юм. Гэтэл өнөөдөр 2023 онд энэ төсөв хэвээрээ л байна. Таван жилийн өмнө талхны үнэ 720 төгрөг байсан. Өнөөдөр хэд хүрсэн билээ. Гэтэл хүүхэд хамгааллын зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй. Уг нь хоёр сая хүүхдийг хамгаалах тухай асуудал ярьж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхэд хамгаалалд мөнгө нэмээд л байна. Гэтэл үр дүнд хүрсэн юм байхгүй. Би одоо хяналтын карт бөглүүлдэг юм бил үү” гэж байсан нь маш цочирдмоор сонсогдсон.

-Юу гэсэн үг вэ?

-Хүн өвчнийхөө картыг алдахад хүртэл осолтой болсон нийгэм. Энэ нь өөрөө хүний эрхийн асуудал. Гэтэл хүүхэд өөрөө хүчирхийллийн карт хөтлөөд биедээ аваад явах юм гэнэ. Ийм юм ярьж болох уу. Би өөр ч олон зүйл яримаар байсан. Гэтэл үг хэлэх хугацааг гурван минутаар хязгаарлачихсан. УИХ-ын гишүүд өөрсдөө болохоор 20 минут ярих эрхтэй, нэмэлт цаг нь 10 минут. Ингээд 30 минут нэг гишүүний ярихыг сонсож бид өдөржин суусан. Өглөө 09:30 цагт очоод 16:00 цагт гарч ирсэн. Гэвч ямар ч үр дүн байхгүй. Хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг төсөвлөснөө уулга алдаад байгаа хэрнээ сонсголд оролцсон 100 гаруй хүнд кофе тавьчихсан. Дундаж үнэ нь 8900 төгрөг гэхээр 300 хүүхдийн нэг бүтэн жилийн хамгааллын зардал. Ийм том зардлыг нэг удаагийн сонсголоор уучхаж байна. Ийм арга хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд тав дахь удаагаа болж байгаа. Тэгэхээр 1500 хүүхдийн эрхийг хамгаалах төсвийг уучихсан хэрэг.

-Хүүхэд хамгаалалд асуудал нь тодорхой байна. Ноцтой кейсүүд гарсан. Тодорхой шийдэл, гарц л хүлээгдэж байгаа. Энэ тухай яригдсан уу?

-УИХ-ын гишүүд ерөөсөө “Маш их мөнгө зарцуулж байна, яагаад хүүхэд хамгаалж чадахгүй байна вэ. Энэ цагдаа нар яагаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Яагаад, яагаад вэ гэдэг асуулт л тавьж суусан. Уг нь бид энэ асуултыг тавьж, хариулт авах гэж очсон шүү дээ. Хууль тогтоогч, төсөв баталж байгаа хүмүүс “Яагаад чадахгүй байгаа нь ийм шалтгаантай байна” гэж хэлэх юм байх гэтэл биднээс асуугаад л сууцгааж байсан. Уг нь түүний оронд “Энэ асуудлыг ингэж шийдмээр байна. Барилгын салбарт хүүхэд хамгааллыг ингэмээр байна. Та нарт ямар санал байна. Уул уурхай дээр ингэж хиймээр байна, эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын ийм ажлыг үр дүнд хүргэмээр байна. Дунд шатны агентлагууд бодлогын хувьд ингэж ажиллах ёстой. Иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл та ямар санал хэлэх вэ” гэж асууж, ярилцах юм байх гэж очсон. Үгүй, чадаагүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь “Яагаад хүүхдийг хамгаалж болохгүй байна вэ” гэж асуугаад суухаар гудамжинд байгаа би юу гэж хариулах вэ.

Тэгээд л хурал тарчихсан. Сүүлийн хүмүүсийг үг хэлүүлээгүй. Олон хүн үг хэлэх байсан. Гэвч асуудал эвгүй тийшээ эргэхээр хаачихсан байх. Хүмүүс ярих болохоор “Тарах цаг боллоо” гээд сануулаад байсан. Миний дараа ганц нэг хүн яриад л хаачихсан. Ер нь төрийн түшээд шүүмжлэл хүлээж авахаас асар их эмзэг ханддагийн л илрэл. Айлын гурван настай охин хүүхэд хүчиндүүлээд нас барахад эмзэглээгүй мөртлөө иргэд өөрсдийг нь шүүмжлээд эхлэхэд маш эгдүүцэж байсан. Ер нь энэ байдлыг бид олон жил харлаа шүү дээ.

-Нэг удаагийн кофены зардалд 300 хүүхдийг хамгаалах төсөв байна гэдэг харьцуулалт олон зүйлийг хэлж байна л даа. Бид хүүхдэдээ хайргүй, элэггүй юм?

-Төрд байгаа хүмүүс хүүхдийн асуудалд эмзэглэдэггүй. Гал хэвээр нь үлдээчихдэг. Жаахан юмаар дараад л газар авахуулдаггүй. Өөрсдийнх нь талаар том асуудал босоод ирэхээр дарахын тулд хүүхдийн асуудлыг сөхөөд гаргаад ирдэг технологитой болчихсон. Сая бол сайд нараа томилохын тулд 12 настай охины асуудлыг сөхөж гаргаж ирлээ. Дараа нь дөрвөн хүүхэд алга боллоо. Олон нийтийн анхааралд орохгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс хүүхэд хамгааллыг хүсэхгүй байна гэж хардахаас аргагүй.

Үнэндээ хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг их мөнгө биш шүү дээ. Энэ мөнгө чинь АТҮТ-ийн нэг ажилтны оймсон дотроос гарч ирдэг л мөнгө. Гаалийн ажилтан Цэцгээгийн хоёрхон үл хөдлөх хөрөнгийн үнэ. Цаана нь гаруй үл хөдлөхтэй гэж хэвлэлээр баримтууд нь гарна лээ. Ингээд харахаар хүүхдийг төрийн хамгаалалтад оруулах ёстой, бодлогыг зангидаж байх ёстой хүмүүст бидний хүүхэд сонин биш. Улныхны хүүхэд олуулаа ч байх шаардлагагүй гэж тэд үздэг. Ядарсан ард түмний хүүхэд үхэх, хорт хавдартай болох хэнд ч хамаагүй. Харин тэд өөрсдийнхөө хүүхдийг төрийн мөнгөөр хамгаалчихдаг. Гэрийн үйлчлэгчтэй, хичээлийг нь бэлдүүлдэг багштай, хоолыг нь хийдэг тогоочтой. Зөвхөн сургуульд нь зөөдөг тусгай жолоочтой. Баянхошуунд байгаа айлын охин машинд дайруулж үхэх, Дарь-Эхэд байдаг айлын охин гудамжинд явж байгаад гэмт этгээдэд хүчиндүүлээд жорлонд хаягдах аймшигт хэргүүд сонин биш. Б.Баярсайхан гишүүн гишүүн Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүн биз дээ. Гэтэл саяны сонсгол дээр “Эцэг эхчүүд утсаа ухаад хүүхдээ харж хандахгүй байна шүү дээ” гэж маш мэдрэмжгүй зүйл ярина лээ. Өнөөдрийн нийгэмд эцэг эхчүүд утсаа ухах завтай байна уу. Яаж хүүхдээ хоолтой хонуулах вэ гэж хөлсөө урсгаж яваа. Харин тэд өөрсдөө чуулган дээрээ утсаа ухаад суудаг биз дээ. Ядарсан ард түмэн утсаа ухаад гурван минут суухад ард нь 500 төгрөг олох боломж алдагдана. Гишүүн хүн улны хэдэн боловсрол мэдлэггүй ядуу хоосон нөхөд утсаа ухаад, эсвэл архи ууж сууж байтал хүүхэд нь үхээд байна гэж тавлаж байна шүү дээ.

-Бусад гишүүд ямар байр суурь илэрхийлэв. Гарц гаргалгаа ярьсан гишүүн байна уу?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын Х.Булгантуяа сайд “Би хүүхэд хамгааллын сайд, карт авч явж хөтөлдөг юм бил үү гэж бодож байна” гэх жишээтэй. П.Анужин “Энэ хурлыг бид байнга хийдэг. Үр дүн байхгүй. Үр дүнтэй болгомоор байна. Та юу хийгээд суугаад байгаа юм бэ. Ажиллаж чадахгүй” гэж хэлээд гараад явчихсан. Үнэндээ ажиллаж чадахгүй байгаа хүмүүсийн нэг нь өөрөө. Хэнд ялархаад байгааг ойлгоогүй. П.Анужин өөрөө лобби бүлэгтэй. Нам нь 65-уулаа, хууль батлах боломжтой. Өөрөө нөлөөллийн ажил хийж байсан, контент үйлдвэрлэгч. Түүнд маш их боломж бий. Б.Баярсайхан “Найман тэрбум төгрөг бол хангалттай мөнгө. Очих ёстой газартаа очихгүй, дээрээ идчихээд байна” гэж байсан. Дээрээ гэхээр парламентаараа идээд байгаа юм байна гэж ойлгосон. Хурал 10:00 цагт эхлэх ёстой байтал 11:37 цагт эхэлсэн. Нэг цаг 37 минут хоцорсон. Учир нь гишүүд ирж өгөөгүй. Б.Жаргалмаа “Хүүхдийн асуудлыг бүх зүйлээс нэгд тавьдаг байя” гэдгийг сонсголд нэг цаг 40 минут хоцорч орж ирчихээд ярьсан. Хоцорч ирж байгаа хугацаандаа нэг, хоёр, гуравдугаар асуудлаа зохицуулсаар байгаад бараг хоёр цагийн дараа ирээд ингэж ярина лээ.

Харин Цахим хөгжлийн сайд Н.Учрал бүтэн суусан байх. Хүүхдийн байршил тогтоодог “E-kids” аппликэйшн хийснээ танилцуулж байсан. 10 мянган хүн бүртгүүлээд байгаа гэсэн. Ийм байдлаар бүтээлч ажил хийж болмоор юм. Мөн дээр нь хүүхдийн хоолны төсөв яригдсан. Хүүхдийн хоолны төсөв өнөөдөр 1500 төгрөг. Нэг телевизээр гарч байсан. Сурвалжлагч захын гэр хорооллын сургуулийн нэг сурагчаас “Сургуульд сурах гоё уу” гэхэд “Гоё”. “Юу нь гоё байна” гэхэд “Хоол өгдөг” гэж хариулсныг хүмүүс харсан байх. Маш эмзэглэмээр зүйл шүү дээ.

-Гэтэл өнөөдөр 1500 төгрөгөөр талх ч авч чадахгүй байгаа. Ийм төсвөөр хүүхэд хооллож чадаж байгаа юу?

-Бодож үзье л дээ. УБТЗ-ын нэг орлогчийн гэрээс долоон тэрбум төгрөг олдсон. Тэр мөнгөөр нэг хүүхдэд 5000 төгрөгөөр чанартай хоол өглөө гэхэд 1.4 сая хүүхдийг хооллох төсөв. Энэ бол 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд чанартай үдийн хоол өгчих мөнгө. Тэгвэл нэг жилийн хугацаанд хүүхэд хичээлд явах өдрийг тооцоод үдийн хоол өгье гэвэл нэг хүүхдэд 990 мянган төгрөг л зарцуулах нь. Нэг сая хүүхэд гэвэл 990 тэрбум төгрөг болно. Авлигын хэргээр их наядаар нь идсэн хэрэг зөндөө байгаа. Монголын нийт сурагчдад бүтэн жил чанартай хоол өгье гэхэд 141 төрийн албан хаагчийн авлигаар авдаг мөнгө л зарцуулагдахаар байна. Өнөөдөр төрийн албан хаагчид үнэтэй машин унадаг болсон. Дундаас дээд албан тушаалтнууд цайны газарт ороод хоёр ширхэг мантуун бууз идэхгүй. Өдөр бүр том ресторанд хооллодог. Гэтэл цалин нь сая гаруй л төгрөг. Үүний цаана юу байх вэ.

-Нэгэнт хүүхэд хамгааллын асуудал ярьсных таны харж байгаагаар ямар ажил хийх шаардлагатай байна вэ. Энэ талаар гарц шийдэл санал болгох уу?

-Засгийн газраас хүүхэд хамгааллын асуудлыг ганц агентлагт хариуцуулаад хаячихсан. Мал төрийн хамгаалалтад байдаг. Хүүхэд байдаггүй. Уг нь эсрэгээрээ хүүхэд төрийн хамгаалалтад байх ёстой. Яагаад гэвэл тэд ирээдүйн Монголын эзэд. Хүүхэд ээжээс төрлөө. 18 жилийн дараа энэ улсын эзэд, энэ улсын хувь заяаг шийдэх иргэн болно. Энэ утгаараа төрийн хамгаалалтад байх ёстой.

Хэрэв би Ерөнхий сайд байсан бол 15 чиглэлийн яамдад, доошоо бүх агентлагт нь чиглэл өгнө. Жилийн нийт төсвийн тодорхой хувийг хүүхэд хамгаалалд зарцуул гэж. Жишээ нь, барилгын салбарт нэг хотхон барихад эхлээд хүүхдийн тоглоомын талбайг байгуул. Хэрэв үүнийг байгуулаагүй бол Улсын комисс хүлээж авахгүй. Уул уурхайн салбар нөхөн сэргээлт хийхээс гадна хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруул. Байгалийн баялгийг ашиглаж байгаа бол ирээдүйн хүүхдүүдийн хүртэх ёстой баялгийн өгөөжийн хуримтлал үүсгэх ёстой. Эрүүл мэндийн салбар бол маш чухал салбар. Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийн жагсаалт гэж байдаг. Тэнд хүүхдийн өвчлөлийг оруулчихсан. Миний охин зүрхний цоорхойтой байлаа гэж бодъё. Монголд хангалттай эмчилнэ гээд гадагшаа явахыг зөвшөөрдөггүй. Хоёр настай хүүхэд Монголд эмчлэхдээ цээжийг нь ярж нээлттэй хагалгаа хийдэг. Үүний оронд 0-18 насны хүүхэд гадаадад эмчлүүлж болно, төлбөрийг нь төрөөс бүрэн хариуцна гэвэл би охиноо Япон руу аваачаад чанартай эмчилгээ хийлгэчихнэ биз дээ. Цавь руу нь дуран оруулаад л ангиогоор эмчлүүлэх боломжтой. Тэгвэл миний охин цээжээ яруулахгүй, эрсдэлгүй, насжилт нь уртасна. Гэтэл манай төр ийм зэрлэг харгис. Гадаадад эмчлүүлэх жагсаалтад нь ховор төрлийн хэдхэн өвчин багтдаг. Түүгээр бол Монгол Улс анагаах ухаанаар дэлхийд бараг цойлж байгаа юм байна гэж харахаар. Бусдыг нь Монголд эмчилнэ гээд байдаг. Яагаад эдгээрийг хийх сонирхолгүй байна гэхээр сайд гишүүдийн хүүхэд өвдвөл дурын улс руугаа аваад явчихдаг. Учир нь төрөөс мөнгө нь гаргана. Эцэг эхийнхээ ядуу хоосны бурууг хүүхэд үүрэх ёсгүй шүү дээ. Энэ мэтчилэн Хууль зүйн яам, Боловсролын яам, Соёлын яам ажиллах ёстой. Ингээд харвал хүүхэд хамгааллын асуудал ярихгүй салбар гэж байхгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагвасүрэн: Энэ оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна DNN.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газраас буцаагаад Монголбанк руу шилжүүлсэн. Ипотекийн зээлийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрөгч оны өдийд УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байх явцад ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлье гэсэн санал гарч тогтоолын төсөл хэлэлцэгдсэн. Учир нь Ковидын түр хуулийн дагуу ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулсан байсан. Тухайн үед Ковидын түр хуулийн үйлчлэл дуусгавар болсон. Ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаж Засгийн газарт шилжүүлнэ гэж тухайн үед яригдаж байсан ч УИХ-ын тогтоолын төсөлд “хагас жилд багтаж” гэсэн нэр томьёогоор орж ирж батлагдсан.

Тухайн үед манай банкны зүгээс хөтөлбөрөө шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Засгийн газарт шилжүүлэх ажлын хэсэг гарч ажилласан. Тогтоолд туссан “хагас жил” өнгөрөгч долдугаар сарын 1-нд дууссан. Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийг авч явах тогтолцоо байхгүй учраас авч чадахгүй нь гэсэн. Ингээд долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл гарахгүй байсан. Засгийн газрын хурлаар Монголбанкинд ипотекийн хөтөлбөрийг түр хугацаанд хариуцуулахаар хэлэлцэж шийдсэн.

Энэ чиглэлээр агентлаг байгуулсны дараа Монголбанкнаас шилжүүлэн авахаар яригдаж байна. Өнөөдрийн хувьд ипотекийн хөтөлбөрт Монголбанкны эх үүсвэрээр нийт 4.6 их наяд төгрөгийн мөнгө эргэлдэж байна. Энэ оноос эхлэн ипотекийн зээл сар бүр хэвийн хэмжээнд төлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор ипотекийн зээл авсан иргэдийн сарын төлбөр сар бүр орж ирж байгаа гэсэн үг. Энэ эх үүсвэрээр ипотекийн зээл олгоно.

-Ер нь сард хичнээн хэмжээний ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаа вэ?

-Шаардлагатай эх үүсвэрийн дүн Монголбанкинд ирдэг. Тодруулбал, 800-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байна гэсэн мэдээлэл ирсэн. Бидний хувьд энэ хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлэх үү, эсвэл өөрсдөө хариуцвал хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт чиглэл гаргах ёстой. УИХ-аас Монголбанк үргэлжлүүлэн хариуц, эсвэл Засгийн газарт хурдан хугацаанд шилжүүл гэсэн ямар нэгэн чиглэл шийдвэр гарах ёстой гэж харж байна.

Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг Улаанбаатар болон орон нутагт ялгамжгүй буюу 150 сая төгрөг гэж холбогдох журам, гэрээнд тусгасан.

-Ипотекийн найман хувийг зургаан хувь болгоход шаардлагатай эх үүсвэрийг Монголбанк гаргах бүрэн боломжтой гэсэн байр суурийг зарим улстөрчид илэрхийлсэн. Үүний эх үүсвэрт хичнээн хэмжээний мөнгө шаардагдах вэ?

-Энэ чиглэлээр өмнө нь ажлын хэсэг ажилласан. Найман хувийг зургаан хувь болгоход 400-500 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүний зардал гарахаар байгаа юм. Энэ мөнгийг хэн гаргах вэ гэдэг нь асуудал. Монголбанк бол төрийн байгууллага. Мэдээж манайх төсөвтэй ч, энэ дарамт нь төрийн нуруун дээр ирнэ. Энэ мөнгийг гарга гэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарах ёстой. 400-500 тэрбум төгрөг бол бага мөнгө биш, их хэмжээний тоо.

-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байна гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Энэ чиглэлд Сангийн яамтай хэрхэн хамтарч ажилласан бэ?

-Төсөв их хэмжээний тэлэлттэй байгаа үед макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого яах аргагүй хатуу байхаас аргагүй. Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдал буюу үнийн тогтвортой байдлыг хангах. Нэгэнт инфляци 10 орчим хувьтай өндөр байгаа тохиолдолд 6-8 хувьд хүргэхийн тулд бид мөнгөний хатуу бодлого явуулна. Энэ бол зөвхөн Монголд барьж байгаа бодлого биш. Дэлхий дахины олон орны Төв банкууд мөнгөний хатуу бодлого явуулж байна. Зорилго нь инфляцийг богино хугацаанд нам дор түвшинд аваачих.

-Инфляцийг бууруулах үүднээс Мөнгөний хатуу бодлого бариад ч инфляци буурсангүй шүү дээ. Нөгөөтэйгүүр мөнгөний хатуу бодлогын улмаас аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олдохгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна?

-Инфляци зөвхөн манай улсад буурахгүй байгаа юм биш. Дэлхий дахинд байгаа үзэгдэл. Энэ нь олон учир шалтгаантай байна. Саяхан ОУВС-гийн жилийн уулзалт болсон. Уг уулзалтын үеэр энэ асуудал яригдсан. Цар тахал гэхээр хоёр гурван жилийн өмнөх асуудал яригдах хэдий ч өнөөдөр ковидын ард гарсан улс орон хэд байна вэ. Өнөөдөр ч тэр байдлаасаа гарч чадаагүй төвөгтэй нөхцөлд байгаа улс ч байгаа шүү дээ. Цар тахлын дараах олон улсын хурцадмал нөхцөл байдал нэмээд дайны шинжтэй зүйл байн байн гарч байна. Энэ нь эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Гадаад худалдаа, тээвэр, барааны хомсдол үүсгэж байгаа учраас инфляци аль ч оронд өндөр байгаад байна л даа.

Төв банкны үндсэн зорилго нь инфляцийг нам доор түвшинд аваачих. Тиймээс сонголтгүйгээр мөнгөний хатуу бодлогыг барьж байна. Төсөв алдагдалгүй бол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж гарч ирнэ.

-Ирэх жил инфляцийг 8.5 хувьд хүргэнэ гэж Сангийн яам мэдээлсэн. Энэ боломжтой юу. Ирэх жилийн төсвийн алдагдал таван их наяд шүү дээ?

-Энэ оны эхэнд Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж байхдаа энэ онд инфляци нэг оронтой тоо руу орно. Нарийн тооцоолбол найм орчим хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан. Хагас жилийн дараа төсөв 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Долдугаар сард 9.2 хувьтай байсан инфляци есдүгээр сард 10.1 хувь буюу хоёр оронтой тоо руу орчихлоо. Анх төсвийн тодотголыг хийж байхад Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс инфляцид хоёр нэгж хувийн дарамт үзүүлэх юм байна гэж байсан. Бидний төсөөллөөр 8.5 хувьд байсан инфляцид хоёр нэгж хувийн дарамт очиж 10.1 хувьд болсон. Одоогийн байгаа энэ тоо бидний төсөөллөөс ялгаатай биш байгаа. Оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна. Энэ бол мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаагийн үр дүн юм.

-Ирэх оны төсөвт цалин тэтгэврийн нэмэгдэлд 4.6 их наяд төгрөг туссан. Энэ нь инфляцид нөлөөлнө. Тэгэхээр инфляцийг 8.5-д барих нь боломжгүй биш үү?

-1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд инфляцийн ямар дарамт гарч ирж байгааг би сая хэллээ шүү дээ. Үүнтэй адил ирэх оны төсөв ямар хэмжээгээр томорч байна, тэр хэмжээгээр инфляцийн дарамт ирэх нь ойлгомжтой. Энэ дарамт нь цалин тэтгэврийг нэмсэн хугацаанд гарч ирнэ. Ер нь төсөв, мөнгөний бодлогын үр дүн зургаан сарын дараагаас идэвхэждэг. Тиймээс цалин нэмэхтэй холбоотой зардлын дарамт ирэх оны төгсгөл рүү гарах байх гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГА

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлнэ DNN.mn

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан. УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг зургаадугаар сард баталсан юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалт тусгасан. Энэ зохицуулалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.6-д “Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ” гэжээ. “Мөнгөжүүлсэн орлого” гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг ойлгоно.

Categories
нийгэм

Өчигдөр өвс шатсан дөрвөн дуудлага бүртгэжээ DNN.mn

Өчигдөр /2023.10.26/ Онцгой байдлын газарт гал түймрийн 10 дуудлага бүртгэгджээ. Үүний дөрвөн тохиолдолд нь өвс шатсан байна.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны Доод-Өлзийтийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:40 цагт очиход иргэн Б-ын хашаанд 2 тн өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Бугат сум. Бугын гол багийн “Буга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:41 цагт очиход иргэн М-ны хашаанд 9 тн өвс шатаж байсныг 1 цаг 36 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 8 дугаар багийн “Донойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, Бэрх тосгоноос баруун зүгт 32 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Тахилгат тосгоны мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй очиход иргэн Б-ын 14 бог мал, 16х6 метрийн хэмжээтэй малын саравч, 300 боодол өвс, хураалттай аргал, малын бууц бүрэн шатаж байсныг 58 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Харсай 10 дугаар багийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:58 цагт очиход иргэн Б-ны 4х8 метрийн хэмжээтэй амбаарт 3.5 тн өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 08.30 “Их засаг”
2 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00-17.30 334 тоот
3 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

09.00 “Их Эзэн Чингис хаан”