Categories
үндэсний-бөx цаг-үе

Допинг илэрсэн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ DNN.mn

Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг. Энэ жилийн наадамд 512 бөх барилдсанаас 32 нь допингийн шинжилгээнд хамрагджээ. Ингэхэд нэг бөхөөс допинг буюу сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар өнгөрсөн сард  Бөхийн салбар комисс мэдээлсэн. Допинг илэрсэн бөхийн нэрийг сорьцыг нь баталгаажуулж байж зарлана гэдгийг тухайн үед мэдэгдэж байв.

Тэгвэл допинг илэрсэн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ.

Энэ талаар Бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн. Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлнэ” гэжээ.

Допингийн А, Б сорьцыг зэрэг авдаг бөгөөд тамирчин А сорьцын шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг аж. 

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 04-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Амтай болгон ярих “Авлига хороолол” гэгчийг нураахгүй байх өчнөөн боломж бий DNN.mn

Амтай болгон “Авлига хороолол” гэгчийг нураах ёстой гэж шаардаж байна. Үүнийг нь баталж, Хотын захиргаанаас албадан буулгах захирамжийг өчигдөр танилцуулав. “Акуа Гарден” хотхоноос гадна цаана нь Дунд гол дагуу байрласан “Шунхлай” ШТС, “S outlet” худалдааны төв хоёрыг давхар нураах тушаал гарчээ. Энэ нь өнгөрсөн зуны үертэй холбоотой. Товчхондоо энэ гурван объект Дунд голын эрэг дээр баригдсан. Үерийн ус Буянгийн зам орчмын орон сууцууд руу хальж, хонгил, гараажийн хэсэг усанд автуулсан. Энэ нь дээрх гурван барилга голын голдиролыг шахаж барьсантай холбоотой гэж албаны хүмүүс зарласан. Үүнийг сонссон олон нийт нурааж, устгавал таарна гэж бах таваа ханган шуугьж ирлээ.

Үер бол байгалийн үзэгдэл. Байгалийн үзэгдэл хэзээ, хэрхэн болохыг хэн ч таахгүй. Тиймээс үер болж л байдаг. Энэ удаагийн үер тийм ч айхавтар томдоо орохгүй. Мэдээж хүний амь эрсдэж, эд хөрөнгө урссан явдал уруйн үерээс үүдэлтэй. Тэглээ гээд нэгэнт бүтээн байгуулаад босгочихсон хөрөнгийг нураана гэдэг муйхар арга. “Акуа Гарден”, Шунхлай ШТС, “S outlet” зэргийг буулгахгүйгээр авч үлдэх өч төчнөөн арга хувилбар байна. Өнгөрсөн хугацаанд энэ тухай ярьж, санаачилж байгаа явдал огт дуулдсангүй. Зөвхөн газрын хөрснөөс арчаад өг гэдэг агуулгыг л амтай бүхэн хэлж байна. Үнэндээ энэ үзэгдэл бид нийгмээрээ ядуу байгаагийн илрэл. Хөрөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй. Өөрсдөө бид баян болохыг хүсдэггүй, баян нэгнийг ядуу болгох л хүсэлтэй. Үүний л жишээ “Авлига хороолол” гэгчид хандсан байдлаас тодорхой харагдана.

Энэ барилгуудыг авч үлдэх ямар боломж байна вэ. Хамгийн наад зах нь голын ус хальсан хэсгээр цементэн далан босгож болох байв. Сэлбэ, Дунд голын эрэг дагуу хаана нам доор хэсэг байна, саяны үер аль хэсгээр сэтлэв, тэндээ л цементээр хана босгоход болох биш үү. Нарийн яривал усны мэргэжилтнүүд Сэлбэ голын эхэн дээр далан барих саналыг олон жил дэвшүүлж ирсэн. Далан гэдэг өөрөө голын усны түвшний тохируулга. Яг л сая болсон үер уснаас хамгаалах зорилгоор голын урсгал дагуу параллель чиглэлтэй баригдах ёстой бүтээн байгуулалт юм. Энгийнээр бол голын ус ихэдвэл багасгах үүрэг гүйцэтгэгч л гэсэн үг. Ийм маягаар үүссэн нөхцөл байдалд тал талдаа хохирол багатай даван туулж болох санал санаачилга яригдах ёстой. Ялангуяа хөрөнгөө нураалгах болчихоод байгаа эзэд өөрсдөө идэвх санаачилгатай хөдөлмөөр байна. “Хөрөнгө нураах гэлээ” гээд матрын нулимс унагаад зогсох хайран биш үү, та нарт. Түүний оронд хохирсон гэх иргэдээс уучлалт гуйгаад, хийсэн хэрэгжүүлснээ бүтэн авч үлдэх үндэслэлтэй арга хувилбар олж танилцуулаач. Үүн дээр чинь “Өдрийн сонин” гүүр болж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлж өгье. Олон нийт ч өөрөөр харна, санал санаачилга яригдана.

Энэ гурван барилгыг нураагаад гарсан хохирлыг төсвөөс даана, захиалагчдын хохирлыг барагдуулна гэж Хотын даргын орлогч өчигдөр ярина лээ. Хэрэв барилгыг нураахгүйгээр

дараагийн үер усны эрсдэлээс сэргийлж далан хана босговол гарах зардал ч бага тусна. Харин тэр хамгаалалт нь нэг удаагийнх биш урт настай байх ёстой. Зардал төсвийг нь дээрх

гурван компани, нийслэлтэй хамтраад гаргавал хэн хэндээ дэмтэй.

Саяхан баруун Европт болсон үерийн үеэр угсардаг далан босгочихож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байв. Яг л өрдөг тоглоом шиг, үерийн ус хэр хэмжээтэй байхаас шалтгаалаад далангаа өндөрлөчихөж байна. Хор хохирол ч бага тусах нь ойлгомжтой. Ер нь манайхаас бусад улс орон нураана, сөнөөнө гэдэггүй. Хийж бүтээснээ төр нь дэмжээд, эрсдэлээс хамгаалсан арга хувилбар, бүтээн байгуулалтыг зэрэгцүүлж явдаг. Харин манайд өчигдөр гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцалж, ард түмэн бизнес эрхлэгчдэдээ хоёр нүүр харуулдаг байдал хэвшчихсэн. Энэ удаа ч тэр. Жишээ нь, “Акуа Гарден” хотхоныг барих зөвшөөрлийг төр өөрөө олгосон байдаг. Анх 2007 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухайн үеийн ХУД-ийн 1-р хороонд орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 11.8 га газар олгохыг “Эм энд Жи констракшн ХХК”-д зөвшөөрсөн. Үүнийг нь үндэслээд ХУД-ийн Засаг даргын захирамж 2008 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр гарч, газар ашиглах эрхийг нь олгосон. Улмаар тухайн үеийн Хотын дарга асан Т.Билэгт тус компанид газар ашиглах эрхийн гэрчилгээг гардуулсан. Болсон процесс ердөө л энэ. Барилгын компани авлига хороолол гэгчийг сайн дураар бариагүй. Барих ч боломжгүй. Төр өөрөө зөвшөөрсөн, газар олгосон, эрхийг нь өгсөн байна. Харин өнөөдөр шийдвэрээсээ буцаж, нураана гэж байгаа нь маш ойлгомжгүй явдал юм.

Илүү үглэхэд, Да Хүрээг барих Богдын зураач нар үер ус, галын аюулыг эс тооцвол сайхан газар хэмээн өнөөдрийн Улаанбаатарын буурийг сонгож байсан гэдэг. Энэ тухай 1960 оны айхавтар үерийн дараа өвгөчүүл ярьж байсныг аав маань хуучилж байсан удаатай. Үер усны гамшиг хэзээ ч, хаана ч болох эрсдэлтэй. Нэг удаагийн үерт хийж бүтээснээ устгаад нураах биш хамтраад хамгаалаад явах л улс үндэстний нэгдмэл байдлын эд эс баймаар юм даа.

Categories
мэдээ нийгэм

Логистикийн өөрчлөлт: ОХУ болон Монгол Улс төмөр замын асуудалд анхаарлаа хандуулж байна DNN.mn

Монгол Улс нь ОХУ-ын хувьд эдийн засгийн чухал коридор бөгөөд хоёр улсын хоорондын ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр хуучин төмөр замыг нөхөн сэргээх, шинэ төмөр зам барих зэрэг хамтарсан төслүүдийг шинэ түвшинд гаргаж байна. Эдгээр асуудлыгОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаар хэлэлцэх төлөвтэй байна.Чуулга уулзалтын хэлэлцэх нэн чухал сэдвүүдийн нэг нь логистикбайх юм.

Жил ирэх тусам Монгол Улсын ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байна, тухайлбал 2013-2023 оны хооронд 21-45 сая тонн болтлоо өссөн. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар гэхэд хоёр улсын хоорондын ачаа эргэлт 42% дахин өсөж, 2,5 тэрбум доллараар нэмэгдсэн.

Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо ОХУ-ын “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай уулзсан юм. Тэр үеэр талууд Монгол Улсын төмөр замыг шинэчлэх асуудлыг судлахаар тохиролцсон билээ. Харин энэ жилийн 6-р сард УИХ-ын Дарга Гомбожавын Занданшатар Москва хотод айлчлал хийсэн юм.

“Большая Азия” цахим хэвлэлд дурдсанаар “Монгол, Оросын хамтарсан хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн урт хугацааны туршид шийдэж чадахгүй байсан өрний асуудлыг эцэслэж шийдэж чадлаа». ОХУ-ын төмөр замын мэргэжилтнүүд “УБТЗ”-ын мэдээллийн технологи, диспетчерийн алба, замуудыг шинэчлэх төсөл боловсруулсан. Оросын тал Транссиб болон БАМ-ын төмөр замуудыг амжилттай шинэчлээд байгаа билээ. “Оросын төмөр замууд” нйигэмлэгийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч дарга Андрей Макаров 2027 он гэхэд  тээвэрлэлтийн хүчин чадлыг 197 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байгаа тухай онцолсон юм.

Мөн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хөрш улс дэмжлэг үзүүлж байгааг Өвөр байгалийн мужийнЗасаг дарга Александр Осипов энэ оны 8-р сард Дорнод аймагт айлчлахүеэрээ дурдсан юм. Энэ нь 16 жилийн дараа болж буй анхны албан ёсны айлчлал болсон юм. Дорнод аймгийн Засаг дарга Бадамсүрэн “Монгол Улс ОХУ-тай 2 хилийн боомттой. Зорчигч болоод ачаа тээвэрлэлтийн Ульхан болон Соловьевск хоёр боомтыг шат дараатай шинэчилнэ”гэж онцлон тэмдэглэсэн.

Монголын төмөр зам, боомтуудын хөгжил болонМонголын бусад чухал төслүүдийг 9-р сарын 10-13-ны хооронд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн форумын үеэр хэлэлцэх төлөвлөсөн байгаа. “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжин цэцэглэлтэд хүрэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах тус форумын хэлэлцэх гол сэдвийн нэг нь “Логистикийн өөрчлөлт” байх юм.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Таалсандаа үйлчилдэг Монгол такси DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Ойрдоо гадаа удаан зогсохоор жинддэг болчихож. Ажлаасаа гараад 50 метр хүрэхгүй алхаад замаас такси барих хоорондоо голд хүйтэн орчих юм. Такси зогсохгүй бол бүр гар бээрж, ам зуурах янзтай. Замын хажууд гар өргөн зогсч байтал миний баруун гар талд дөрөв, таван настай гэмээр хүүгээ тэвэрсэн эмэгтэй гар өргөн зогслоо. Хүүхдийнхээ ам хамрыг нимгэвтэр ороолтоор хальт ороож, хүрэмнийх нь ханцуйг муухан буулгасан харагдав. Такси зогсвол түрүүлээд ээж, хүү хоёрыг суулгая гэж дотроо бодов. Гэтэл “такси” хаяггүй саарал өнгийн жижиг тэрэг миний өмнө ирж зогсоод цонхныхоо шилийг буулгаад “Хаашаа явах вэ” гэж асуув. Би ч нөгөө эмэгтэйг дуудаад энэ такситай явчих гэв. Жолооч “Хаашаа явах юм бэ” гэж дахин ууртай асуух. “Цирк” гэж өнөөх эмэгтэй яарсан янзтай хэлтэл хүүе гэхийн завдалгүй өнөөх машин яваад өгөв. Бодвол тэр зүг рүү явахгүй байсан юм байлгүй. Бидний хажууханд халамцуу хоёр эр мөн л такси барихаар гар өргөж харагдав. Нэг нэгнийгээ зам руу уначихвий гэж байнга татаж чангаах юм. Такси ар араасаа зогсох хэдий ч хэлсэн газар руу явах машин олдсонгүй. Бүгд л “Тийш ээ явахгүй ээ” гэж уцаарлах юм. Уг нь мөнгийг нь өгөхгүй, үнэгүй хүргээд өг гэсэн юм хэлээгүй байлтай. Эсвэл урдаа эхнэр, хүүхдээ суулгачихаад шахаад суучих гэх такси ч байх юм. Такси ч гэж дээ. Гэртээ харих замдаа хэдэн төгрөг олохоор халтуур хийж яваа нөхдүүд. Тэртээ тэргүй мөнгийг нь төлөхөөс хойш үйлчлүүлэгч хаашаа ч явах байсан хүргээд өгөх нь таксины үүрэг. Таксины үүрэг ердөө л энэ. Тэрнээс биш үйлчлүүлэгч нь анкет бөглөөд такси нь танилцаж байж зорчигчдоо авдаг юм байхгүй. Тэгсэн атлаа ганган, годгор охид гар өргөвөл бөөн бөөнөөрөө зогсохыг яана. Тэгээд бас таксиныхаа мөнгийг дандаа нэмж үйлчлүүлэгчдээ элдвээр хэлэхийг яана.

Гадны улс оронд такси үйлчлүүлэгчдээ хашаа явах, хаагуур явах зэргийг нь асуух бус харин ч бууж ирээд барьсан цүнхийг нь хүртэл машиндаа хийгээд хүссэн газар нь хүргэж өгдөг. Тэд үйлчилгээгээ мэдэрдэг, мэддэг. Харин манайхан гуйгаад машинд нь сууж байгаа аятай ярвагнаж, суудлаа ингэчих, наадах чинь машин муухай болгочихвий, миний машин гэр хороолол руу орохгүй гэхчилэн олон юм ярьдаг. Тэгвэл зүгээр л таксинд явахаа болилдоо.   Таксины үйлчилгээ үзүүлж л байгаа бол хаашаа явахыг нь битгий асуу.

 

Д.Даваасүрэн

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Баярмаа: Намрын улирал хүмүүст хүлээлтийн байдал үүсгэдэг DNN.mn

Нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Баярмаатай ярилцлаа.


-Намар хүмүүсийн болон нийгмийн сэтгэл зүй яаж өөрчлөгддөг вэ?

-Намар болохоор хичээл, ид ажлын үе эхэлдэг. Түүнийг дагаад хүмүүсийн шинэ ажилд орох, шинэ хичээлийн жил эхэлж байгаа болохоор шинэ хувцас, хичээлийн хэрэглэлээ бэлтгээд эдийн засаг талаасаа ч нөлөөлдөг. Нөгөө талаас улирал солигдож, нарны илч буурч байгаа байдал нь өөрөө хүний сэтгэлзүйд нөлөөлж байдаг. Намрын цаг агаарын байдал нь салхи сэвэлзээд, навч шарлаж унаад, тэнгэр бүүдийх ч гэдэг юм уу, өөрчлөлт их учраас түүнийг дагаад хүний сэтгэл зүй өөрчлөгддөг. Орчин цагт хүмүүс эморох гэж яриад байгаа. Хүүхдийн хувьд хичээл сургууль орох дөхсөн учраас хүлээлтийн байдал үүсгэдэг.

-Энэхүү хүлээлтийн үед юу болдог вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийг бэлтгэхдээ ямар нэгэн бахархуулах зүйл хийхийг шаарддаг. Сайн сураарай, амжилт гаргаарай, гамтай хэрэглээрэй, цэвэрхэн байлгаарай гэх мэтээр. Хүүхэд тэр үед нь би заавал онц сурах ёстой юм байна, сайн байх ёстой, ямар нэгэн байдлаар бахархуулах зүйл аав ээжийнхээ өмнө хийж байж хайрлуулах юм байна. Би тийм байж сайн хүүхэд байх юм байна гээд байдаг.

Энэ нь давтамжтай явснаар аав ээжийнхээ өмнө хайрлагдахгүй байх, үнэлэгдэхгүй байх, шилдэг нь биш байх зүйлүүдээс болоод хүүхэд эцэг эхийнхээ өмнө ямар нэгэн байдлаар буруутай мэдрэмж төрүүлж, ямар нэгэн байдлаар сурлага, хөдөлмөр, ажил үйлс, эрдэм ном, найз нөхдөд нь нөлөөлж байдаг. Яагаад гэвэл хүүхэд сайн сурахаас гадна сайн найзтай байх ёстой, авьяастай байх ёстой гэх мэтээр өөрийнхөө доторх өөрөөрөө биш аав ээждээ таалагдах, ээж аавын хүлээлтэд нийцэх тал руугаа явдаг.

Намрын улирал өндөр хүлээлттэй байгаа, шинэ хичээлээ эхэлж байгаа, шинэ гарааны үе байдаг учраас яг энэ үед өөрийнхөө бодит боломж чадварт нийцсэн зорилго тавьж, тийм хүлээлтийг бий болгон явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэт өндөр хүлээлт үүсгэн, зорилго тавих нь хэт өндөр ачаалалтай ажиллах, сурах, хэт их хичээл чармайлт гаргах, эсвэл хичээж чадаагүйгээсээ болоод сэтгэлээр унах, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийг төрүүлдэг.

Ээж аавдаа хэлсэндээ хүрээгүйгээс болоод сэтгэл зүйн дотоод эсэргүүцэлтэй тулдаг. Түүнээсээ болоод аливаа зүйлийг хийхээс халшрах, хойш нь тавьж жийрхэх, хойшлуулах, мартах зэрэг үйлдэл гаргадаг. Хүний сэтгэл зүйд өөрийгөө хамгаалах дотоод механизм явагдаж байдаг. Тэгээд ирэхээр нойр муудах, хоол ундандаа муудах, идэх дуршилгүй болох зэрэг сөрөг нөлөөтэй. Намрын улиралд хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө бодитой талаас нь харж, амьдралаас таашаал авах, сурах үйлдээ хүн өөртөө дотооддоо чин сэтгэлээсээ хичээх, өөрийн удирдлага зорилготой суралцахуй гэж нэрлээд байгаа. Ээж аавынхаа өмнө онц сурдаг байх гэж, багшийн өмнө сайн сурагч байж таалагдах гэж хичээх биш өөрөө өөртөө эзэн нь байх гэж л суралцах хэрэгтэй. Аав ээжийн хувьд хүүхдээ энэ жил хичээгээд үзээрэй, заавал сайн байгаарай гэж шахаж шаардах биш өөрийнхөө хэмжээнд сурлагаа ахиулах боломж байвал ахиулаарай, чи юуг чадахгүй байна, юуг чадаж байна, өөрөө өөрийгөө бусадтай харьцуулахгүй өөрийнхөө хүссэн зүйлийг олж хийгээрэй, бид чамайг үргэлж хайрлана. Буруу зөв хийх нь хамаагүй өөрийнхөө хэмжээнд байх нь чухал гэдгийг хүүхдүүддээ сануулж байх нь зөв юм.

-Навч унаад, моддын өнгө өөрчлөгдөөд, хүйт ороод эхлэхээр хүмүүсийн сэтгэл санаа нэг л өөрчлөгдсөн мэт ажиглагддаг. Энэ үед хүмүүс сэтгэл санаагаа яаж өргөх вэ?

-Намрын улиралд сэтгэл гутралын ямар нэгэн эмгэг нь сэдрэх, өмнө нь сэтгэл гутралтай байсан нь эргэж сэдрэх тохиолдлууд их байдаг. Энэ нь намрын улирлын өнгө солигдож байгаа, усны шувууд буцах, хүйт орох зэрэг зүйлүүдээс гадна өндөр хүлээлттэй байж байгаад өнгөрсөн жилийн намар би тийм зүйлийг сайн хийж чадаагүй, өнгөрсөн жил би ингэж ажлаа эхэлсэн боловч үр дүнд хүрээгүй гэдэг юм уу, намар болгон нэг зүйл хийж эхлээд, эхэлсэн зүйл нь ямар нэгэн байдлаар амжилтгүй болсноос үүдэн дотоодын сэтгэл зүйн дарамт болдог. Тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн хувьд өөрийгөө үнэлж чадаагүй, үнэлэмж бий болоогүйгээс үүдсэн цөхрөл нь сэтгэл гутралын шалтгаан болоод үлдчихсэн байдаг. Үүнд хайр сэтгэлийн асуудлууд ч илүү тодорч гарч ирдэг. Хаврын улиралд хичээл сургууль тарна, амралт эхэлдэг учраас хүмүүс ихэнхдээ хөнгөн дэврүүн болдог. Намар эсрэгээрээ бүх зүйлийг шинээр эхлэх ёстой гэсэн хүлээлтийн үе болдог.

-Бас нэгэн зүйл ажиглагддаг нь хичээл сургууль ороод амарч байсан хүүхдүүд сургуульдаа явна. Хөдөө орон нутагт аав ээж, эмээ өвөөгийндөө амарсан хүүхдүүд нь буцна. Үлдэж буй хүмүүсийн хувьд сэтгэл санаанд нөлөөлж ганцаардах мэдрэмж төрдөг байх?

-Намар хэн нэгэн нь хичээл сургуульдаа явна. Сайхан найзалж нөхөрлөж байгаад, тус тусынхаа замыг хөөнө. Энэ байдлаас ямарваа нэгэн салалтын зүйлүүд намрын улиралтай давхацдаг. Тэр болгоноос үүссэн хайр сэтгэл ч юм уу, найз нөхөрлөлийн харилцаа нь дуусгавар болчихлоо гэх мэтээр ямар нэгэн сэтгэл гутралын шалтгаан нөхцөл болж өгдөг. Эмээ өвөө нар их хэлдэг. Зунжин бужигнаж байгаад хүүхдүүд яваад өгөхөөр хоосон оргиод эхэлдэг гэж. Хөдөө орон нутагт ар гэрээ хараад үлдэж байгаа хүмүүсийн хувьд бужигнаад дүүрэн байсан хүмүүс нь яваад өгөхөөр орон зай нь үгүйлэгддэг. Хаягдсан мэт мэдрэмж төрнө. Ороод ирэх болов уу гээд хэсэг сэтгэл нь тогтохгүй хуйсгануур болдог. Орчин үед техник технологи хөгжсөн үед хэрэв хөдөө эмээ өвөөгөө орхиод ирсэн бол дүрст дуудлага хийх, утсаар ярих гээд боломжууд бий болсон. Тиймээс хааяа ч гэсэн хөдөө байгаа ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаарай. Тэдний хувьд хоосон орон зайг нь нөхөж, хаягдсан мэт санагдах сэтгэл санааг нь өргөх боломж нь харьцангуй бий болсон шүү. Санах, санагалзах мэдрэмжүүдийг нь бодоод санаж байгаа бол санаад байна гээд ярьчихдаг. Хичээл сургуульдаа ороод ямар сурч байгаагаа дуулгачихдаг, тодорхой хэмжээгээр ганцаардаж, санагалзаж байгаа хоосон орон зайг нь хуваалцах нь чухал. Ихэнхдээ монгол хүмүүс дотооддоо байгаа мэдрэмжээ хуваалцахгүй, ярихгүй, мэдрэмжээ илэрхийлэхгүй дотооддоо хураагаад байдаг. Хураагаад байгаа тэр таагүй, сөрөг, тухгүй мэдрэмжүүд нь давхцаж удаан хугацаанд явсаар аажимдаа хүний сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг бий болгодог.

-Энэ байдал хэдий хугацааг өнгөрөөж байж зүгээр болох вэ?

-Хугацаа гэхээсээ илүү хүн болгон өөр өөр учраас хувь хүний өөрийнх нь сэтгэцийн үйл нь өөр өөр байдаг. Зарим хүмүүс хүнд маш удаан дасдаг. Зарим нь маш хурдан дасна. Зарим хүн нь зуны турш хамт байсан хүмүүс нь явахад маш гүнзгий хагацлын мэдрэмж авдаг байж болно. Зарим хүмүүст тийм биш байдаг. Үүн дээр хугацаа гэхээсээ илүү сэтгэцийн хувьд өөр өөр учраас хувийн онцлогоосоо шалтгаалаад хэвийн байдалдаа орно. Дотоод мэдрэмж сэтгэлээ хуваалцаж чаддаг хүн байхад, зарим нь тэгж чаддаггүй. Тэгэхээр явж байгаа хүмүүс нь үлдэж байгаа хүмүүстэйгээ байнгын харилцаатай байж, ямар байгааг нь асууж, тэр хүмүүсийг тайтгаруулах, тайвшруулах, сэтгэл санааг нь амар байлгах нөхцөлийг нь бүрдүүлж байдаг.

-Хэдхэн хоногийн дараа хичээл орох гээд хүмүүс хүлээлтийн байдалтай байгаа. Тэгэхээр яг энэ үед хүн сэтгэл зүйн тал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Шинэ зүйл эхэлж байгаа учраас ихэнх тохиолдолд хүмүүст санхүүгийн асуудал нэлээд тулгардаг. Үүнээс үүдээд миний хүүхэд бусдаас муу хувцастай байх вий, ажилд орж байгаа, амраад ажилдаа ирж байгаа хүний хувьд заавал нэг шинэ хувцас авч өмсөх ёстой гэсэн ойлголтууд байгаад байдаг. Тэр нь өөрөө тухайн хүний дотоодыг түгшээх, түгшүүрийн мэдрэмжүүдийг өндөрсгөж өгдөг. Энэ нь бусадтай өөрийгөө харьцуулах талын зүйлүүд өндөр ажиглагддаг. Тэгэхээр намрын хугацаанд амраад ажилдаа орж байгаа бол, хичээл сургуульдаа орохоор бэлтгэхдээ заавал бүгдийг шинээр авах биш өмнө нь хэрэглэж байсан зүйлээ хэрэглэх, хуучин хувцсаа өмсөх нь бусдаас санаа зовох шалтгаан биш юм шүү. Есдүгээр сарын нэгэнд амраад ажилдаа орж байгаа, хичээлдээ ирж байгаа тавтай тухтай мэдрэмжийг төрүүлдэг байх ёстой болохоос гадаад үзэмж талдаа илүү анхаараад байна уу даа гэж харагддаг. Тэгэхээр тэр гадаад төрхөндөө өгөх ач холбогдлоо багасгамаар санагддаг. Өөрсдийгөө харьцуулах талын зүйлийг багасгаарай. Хуучин зүйлээ хэрэглэхийг уриалж, хуучин зүйлээ хэрэглэснээр ямар нэгэн гадуурхагдах зүйл байхгүй гэдгийг ойлгуулах нь зөв байх.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах төлөвтэй гарчээ DNN.mn

2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 629.6 мянган га-д тариалалт хийсэн байна. Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

ЭНЭ ЖИЛ УЛААНБУУДАЙ 17 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГОО 18 ХУВЬ, МАЛЫН ТЭЖЭЭЛ 42 ХУВИАР ӨСӨХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа юм. Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 70 мянган тонн буюу 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар өсөх төлөв гарсан байна.

Энэ жилийн хувьд 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс 5-7 хоногоор хожуу эхэлсэн. Ургалтын хугацаанд газар тариалангийн төвийн бүсэд цаг агаар тааламжтай, хур тунадас дунджаас ахиу орсноор таримлын өсөлт хөгжилт сайжран, ургацын болц жигдэрч ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр байна. Мөн улаанбуудайн үр, технологийн шинэчлэл хийсний үр дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.8 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэх төлөв гарсан хэмээн Улсын ургацын комиссын хуралдаанаар мэдээлэв.

ЗҮҮН БОЛОН БАРУУН АЙМГУУДАД БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛАН УРГАЦ БАГАССАН ГЭВ

Харин Увс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгуудад зуны эхэн үед хур тунадас бага орж гандуу байсан, мөндөрт цохиулах зэргээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын өсөлт хөгжилт саарч, ургацын болц жигд бус, ургацын хэмжээ өмнөх жилүүдээс харьцангуй буурахаар байгааг сануулав. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах үүднээс ургацын зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, ургац хураалтад оюутан, сонсогчид, иргэдийг ажиллуулах боломж, нөхцөлөөр хангах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

7 МЯНГАН ГА ТАЛБАЙГ УСАЛГААТАЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд найман аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын дөрвөн услалтын системийг шинэчлэн сайжруулснаар нийтдээ 7 мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах юм. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг долоон аймгийн 10 суманд нийт 3031 га талбайг услах хүчин чадалтай услалтын системүүдийг барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилдээ дунджаар 8 мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байгааг мэдээлсэн юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл үндэсний-бөx

Улстөрчид бөхчүүдийнхээ допингийн шинжилгээг аргалж өгсөн гэв үү DNN.mn

Допингийн асуудлаар Улсын аварга цолоо хураалгаад буй Э.Оюунболд БНСУ дахь допингийн шинжилгээний лабораторид хүсэлт гаргажээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өгсөн шинжилгээний хариуг нягтлуулах хүсэлт гаргаж ДНК шинжилгээнд хамрагджээ. Учир нь Э.Оюунболдоос ийм допинг илэрсэн гэх албан бичгийг түүний гарт өгөөгүй нь асуудал дагуулсан гэнэ. Э.Оюунболдын хүсэлт тун удахгүй шийдэгдэх талаар өөрөө хэлж байгаа юм. Шинжилгээний явцад ямар нэгэн алдаа гаргасан нь тогтоогдвол тэрбээр Улсын аварга цолоо буцаан, нөхөж авна. Үүний хажуугаар барилдах эрх нь сэргэнэ. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор нөхөн төлбөр авах боломж үүсэх гэнэ.

Энэ жилийн наадмын допингийн шинжилгээ араасаа мөн л дуулиан дагууллаа. Наадмын түрүү М.Бадарч шинжилгээнд бүдэрснийг Бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг цаагуураа хэлчихсэн. М.Бадарч шинжилгээний хариутайгаа танилцсан. Түүнд хариуцлагын асуудал тооцох үеэр спортын арбитрт хандахаар төлөвлөөд байгаа гэнэ. Допингийн шинжилгээний хариуг зарлахад процессын алдаа гарсан гэж үзэж байгаа юм байна. Түүгээр ч барахгүй энэ жилийн наадамд зодоглосон хэд хэдэн бөх допингийн зөрчил гаргасан гэх асуудал үүний хажуугаар хөндөгдөж байна.

Ирэх сонгуулиар орон нутагт нэр дэвших улстөрчид шинжилгээнд бүдэрсэн нутгийн зарим бөхчүүдээ сугалаад үлдээчихсэн гэх. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариуг нь янзалсан гэх мэдээллийг ойрын эх сурвалж хэлж байгаа юм.

Энэ асуудлыг мухарлахаар бөхчүүд нийлж Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хандахаар ярилцаж байгаа юм байна. Тэд допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариуг ил гаргах шаардлага хүргүүлэх гэнэ.

Цаашлаад зарим бөхчүүд Дэлхийн допингийн эсрэг байгууллагад хандах, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад шалгалт оруулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Шалгалтаар зөрчил илэрвэл манай тамирчид ирэх олимпын наадамд оролцох эсэх хүртэл асуудал хөндөгдөж болно.

О.Билэгт

Categories
нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2023.9.3, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2023.9.3, Ням гараг
Наран ургах шингэх: 06.12-19.31
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.