Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Цагаан хэрэм”-ийг экскаватораар нүхэлжээ DNN.mn

“Цагаан хэрэм”-ээс холгүй барилга дээр ажиллаж байсан хоёр хүн замаа товчлохын тулд экскаватораар түүхэн дурсгалт байгууламжийг нүхэлсэн хэрэгт буруутгагдаж байна. Хятадын төв телевиз энэ тухай мэдээлжээ.

The Great Wall of China: Two people detained for allegedly damaging cultural relic with excavator | CNN

Шаньси мужийн хойд хэсгийн Ююй аймгийн Шожоу хотын дүүргийн хэрмийн хананд нүх гаргасан байсныг илрүүлсэн. Улмаар зэргэлдээ аймгийн 38 настай эрэгтэй Чэн, 55 настай эмэгтэй Ван нар дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоожээ. Ажилдаа очих зам дэндүү тойруу учир замаа товчлохын тулд хэрмийг нүхэлснээ хүлээсэн тэднийг соёлын дурсгалыг эвдлэн сүйтгэсэн хэргээр баривчлан саатуулаад байна.

Categories
story-news

Х.Нямбаатар: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Х.Нямбаатар: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо Хөх хотод эхэллээ DNN.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болж буй “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцож байна.

Айлчлалын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй тэргүүтэй төлөөлөгчид Шадар сайдыг хүлээн авч уулзсан байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгааг Шадар сайд энэ үеэр онцоллоо. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хурэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бол энэ оны зургаадугаар сард Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн юм.

Яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг Шадар сайд онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” болон “Хэтийн зорилго 2035”-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тодотгож байна.

Цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум америк долларт хургэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа манай тал илэрхийлжээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгааг илэрхийлээд зам, гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ онцолжээ.

“Монгол, Хятадын экспо”-г анх 2015 онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгаас галын аюулгүй байдлын 4850 зөрчил илэрчээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж дууслаа. Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжуудыг хамруулав.

Нийтдээ 1170 барилга байгууламжид хяналт шалгалт хийж, 4850 зөрчлийг илрүүлсэн байна. Нийт зөрчлийн  16.8 хувийг газар дээр нь арилгуулж, бусдыг нь арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 611, мэдэгдэл 503, танилцуулга 14-ийг боловсруулж тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, дүрэм зөрчсөн таван хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2.3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан. Цаашид илэрсэн зөрчийг арилгуулах зорилгоор хүргүүлсэн албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг арваннэгдүгээр сарын 13-30-ны өдрүүдэд хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Наймдугаар сард 1805 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны наймдугаар сард 1,805.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн үнэт металл худалдан авчээ.

Оны эхнээс өссөн дүнгээр

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,079.6 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 661.2 кг үнэт металл тус тус худалдан авсан аж.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог.

Тэгвэл энэ оны наймдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 214,043.49 төгрөг байжээ.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм

Ц.Цэндхүү: Төрөөс барилгын ажилтны нэг өдрийн цалинг 19300 төгрөгөөр тооцон олгож буй нь барилгын ажлуудыг гацаах үндэслэл болж байна DNN.mn

Засгийн газрын 290 дүгээр тогтоолтой холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр барилга барьдаг компаниудын төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэндхүүтэй үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан юм.


-Барилгын салбарынхан хэвлэлийн хурал хийх болсон шалтгааныхаа талаар ярихгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 290 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолд Боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалттай ажлуудын үлдэгдэл ажилд магадлал хийх тухай шийд гарсан юм. Тиймээс бид нэгэнт магадлал хийж болж байгаа бол ганцхан боловсролын салбар биш бүх салбарт байгаа хуучин төсөвтэй, гүйцэтгэл удаан барилгуудад адилхан магадлал хийхийг шаардаж байгаа. Мөн магадлал хийхдээ УИХ-ын 2021 оны 88 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи үлдэгдэл ажлуудад магадлал хийлгэхийг шаардаж байна.

-Яагаад вэ?

-Яагаад гэвэл УИХ-ын 2021 оны 88 дугаар тогтоол барилгын төсөвт өртөгт магадлал хийх маш сайн тогтоол гарсан боловч хэрэгжих шатандаа гажуудаад, барилгын төсөвт өртөгт биш зөвхөн материалын үнийн өсөлтөд магадлал хийсэн. Ингэснээр маш олон төсөл арга хэмжээ царцаж ашиглалтад орох боломжгүй болж гацсан. Учир нь барилгын төсөвт өртөгт цалин, материал, тээвэр, машин механизм гэсэн гол дөрвөн зардал багтдаг. Гэтэл ганцхан материалын үнийн өсөлтийг түр журам гаргаж шийдсэнээр өнөөдрийн энэ хүндрэл гарч, барилгууд баригдах боломжгүй болоод байна.

-Тодруулбал?

-Хуучин төсөвтэй буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх төсөвтэй барилгуудын цалингийн тариф гэхэд л аль дээр үе буюу 2009 онд төрөөс тогтоосон тарифт цалингаар бодогддог. 2009 онд туслах ажилтны нэг өдрийн цалинг тогтоохдоо 19300 төгрөгөөр тогтоож төр бидэнд олгодог. Гэтэл зах зээлийн бодит цалин өнөөдөр нэг өдрийн 100 мянган төгрөг болчихлоо. Тэгэхээр нэг туслах ажилтан ажиллуулахад өдөрт 50-80 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна, бид. Улмаар 10 ажилтан ажиллууллаа гэхэд нэг өдөрт 500-800 мянган төгрөгийн бодит алдагдал үүрч байгаа. Энэ бол бодит үнэн, барилгын салбарынханд тулгарч буй үнэн байдал. Ийм учраас хуучин төсөвтэй барилгуудын төсөвт өртгийг магадалж нэг мөр шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэдэг компаниуд нэлээд хүнд байдалд хүрсэн талаараа ярьж байна. Гол шалтгаан нь юу вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлыг 2020, 2021 оноос хойш гүйцэтгэж буй барилгын компаниудад маш хүнд асуудалтай тулгарсан. Учир нь 2021 онд ковидын цар тахалтай холбоотойгоор материалын үнэ огцом өссөн. Ингэснээр зураг төслийн дагуу батлагдсан төсөвт өртгөөр барилга барьдаг компаниуд хүнд байдалд орсон. Бодит жишээ хэлье. Энэ хавар 300 сая төгрөгөөр ажил хийгээд гүйцэтгэлээ бичихэд ердөө 102 сая төгрөг авахаар болж байна. Мэдээж ямар ч компани ийм хэмжээний алдагдал хүлээгээд яваад байж чадахгүй. Ажлаа зогсоож цаашид төсөвт өртөгөө магадлуулж шинэчлүүлтэл ажил хийж болохгүй юм байна, өрөнд орох юм байна гээд улсын төсвөөр хийгдэж буй ихэнх ажлууд зогсож байна. Саяын жишээ бол манай ТББ-ын гишүүн нэг компани. Үүнтэй адил ажлаа эхэлсэн болгон өрөнд орж байгаа учир барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй байна. Гэтэл захиалагч байгууллагууд үүнийг ерөөсөө ойлгохгүй. Та нар чадна гэж авсан, ажлаа хий гэдэг муйхар шахалт дарамтаа үзүүлсээр байна.

-Заасан хугацаанаас өмнөх компаниуд эрсдэлээ өөрсдөө үүрнэ гэсэн үг үү?

-Үгүй л дээ. Бид хувийн цэцэрлэг барьж байгаа бол эрсдэлээ өөрсдөө үүрнэ. Гэтэл бид төрийн захиалгаар улсад цэцэрлэг барьж өгч байна. Би өөрийнхөө компаниар жишээ авахад 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө зураг төсөл нь магадлалаар орсон гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Цэцэг сумын спорт заалны барилгыг 1.7 тэрбум төгрөгөөр барь гээд шахчихсан. Гэтэл миний бодит төсөв 2.3 тэрбум төгрөгт багтахаар байгаа. Би 600 сая төгрөг хаанаас олох юм бэ. Яг манайхтай адилхан мөртлөө 2021 оны нэгдүгээр сарын 3-нд зураг төсөл нь батлагдсан барилга 2.4 тэрбум төгрөг болж байна. Энэ барилга манай аймгийн Алтай суманд баригдаж байна. Би 1.7 тэрбум төгрөгөөр, нөгөө компани 2.4 төгрөгөөр барьж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөх үү. Яагаад ч зөвшөөрөхгүй шүү дээ. Миний буруу биш. Зөвхөн Барилга, хот байгуулалтын сайдын гаргасан тушаалын зөрүүтэй байдлаас үүсч буй алдагдал. Монгол Улсад хоёр адилхан барилгыг хоёр өөр мөнгөн дүнгээр барьж байгаа нь шударга ёс мөн үү, биш. Тиймээс би хөлөө хүрэх газартаа хүртэл тэмцэнэ. Тэр алдагдсан зөрүү мөнгөө олж авна. Яагаад гэхээр би компаниа дампууруулж болохгүй. Манай ажилчид ажилгүй амьдралгүй болж, би орон гэрээсээ сална. Улсын төсвөөр барилга барьж буй 400 орчим компаниуд яг манайхтай адилхан хүнд байдалд ороод байна. Үнэхээр харамсалтай.

-Саяхан батлагдсан Засгийн газрын 290 дүгээр тогтоол барилгын компаниудыг аврах биш бүр дампууруулахад хүргэсэн гэж ярьж байна. Үүнийг тодруулахгүй юу?

-БШУЯ-ны сургууль, цэцэрлэг рүү тоочиглосон Засгийн газрын 290 дүгээр тогтоол гарлаа. Энэ бол Л.Энх-Амгалан сайдын ажлаа сайн хийсний үр дүн. Тэгвэл ганцхан боловсролын салбарт хөрөнгө оруулалтын ажлууд байдаггүй. Ийм чухал асуудал яригдаж байхад Ч.Номин, С.Чинзориг гэх мэт сайдууд юу бодож суусан бэ. Яагаад энэ асуудалд анхаараагүй вэ, яагаад ийм алагчилсан шийдвэрийг Засгийн газар танхимаараа гаргаад сууж байсан бэ гэдэг л асуудал. Өөр нэг асуудал гэвэл боловсролын салбар царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудынхаа хөрөнгийг суулгаж, эрсдлээс хамгаалж шинэ объектуудад хүүхдүүдээ оруулах байтал, 200-400 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулж нэг удаагийн арга хэмжээ авч түрээсийн байранд сургууль цэцэрлэгээ оруулж байхаар 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудаа магадлалаар оруулж энэ мөнгөө олгоод бариулж болох байсан. Сүүлийн хоёр жил түрээсийн төлбөр төлж үргүй зардал гаргаж байна. Зөвхөн энэ жишээг харахад л монгол төр ухаантай ажиллаж байна уу. Хэн нэгний барьсан барилгад түрээс төлөөд үргүй зардал гаргана гэдэг үнэхээр санаанд багтахгүй юм. Тэр түрээс авч байгаа барилгууд ямар сайхан юм бэ. Ингээд л ялгавартай байдал үүсгээд байна. Хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Төрийн ажил хийснийхээ төлөө банкны зээлийн өрөнд орж, сэтгэл зүйн дарамтад байгаа нь миний эрх зөрчигдөж байгаа асуудал мөн биз. Монголын нэг аж ахуйн нэгж дампуурч байгаа нь улсын төсөв бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй биз дээ. Б.Жавхлан сайд бүх хөрөнгө оруулалтын газрууд руу, захиалагчид руу нэгхэн чиглэл өгөхөд л нэг том алхам хийх боломжтой. Юу гэхээр манай төрийн бус байгууллага араас нь явж байж төр засагтай хамтарч үнийн өсөлтөд тавигдсан 304 тэрбум төгрөгийг 2023 оны Төсвийн тухай хуулиар батлуулж чадсан. Энэ мөнгийг өгөхгүй таг царцаачихсан байна. Одоо есдүгээр сар. Арваннэгдүгээр сард хуулиараа барилгын ажил зогсоно. Бидэнд хоёрхон сарын хугацаа байна. Өнөө баталсан мөнгөө компаниудад өгөөч ээ, компаниудын нөхцөл байдал огцом дээрдэнэ. Ажлаа амжуулахын төлөө зүтгэнэ. Үнэн хэрэгтээ ядаж энийг ч хийж чадахгүй байна.

-Та бүхэн энэхүү тогтоолыг батлагдахаас өмнө мэдээлэл авсан уу, санал асуулга ч юм уу явуулсан уу?

-Харамсалтай нь үгүй. Уг нь хууль, дүрэм гаргахдаа бодит байдалтай нүүр тулж ажиллаж буй барилгын компаниудын дуу хоолойг сонсох, мэргэжлийн инженер, техникийн ажилчдын санал бодлыг сонсож байж хөрсөн дээрээ буусан шийдвэр гарах ёстой байхгүй юу. Гаргасан хууль, дүрэм нь хэрэгжилт дээрээ болохгүй байхад өөрчилж, шинэчилж болно шүү дээ. Хувь хүн, компанийг хохироосон шийдвэрийн дагуу хэдэн жил явах гээд байгаа юм. Амьд жишээ бид байна шүү дээ. Одоо манай барилгын компаниудын захирал, удирдлагууд эрүүл мэндийн хувьд маш муудаж байна. 34 настай барилгын компани толгойлдог залуу “Цэндхүү эгчээ амьдрах боломжгүй боллоо. Эхнэр салаад явсан” гэж байна. Энгийн сонсогдох боловч хамгийн нийтлэг тохиолдож байна. Үгүй энэ чинь монгол хүний үнэ цэнэ гэж байх ёстой биз дээ. Монгол хүн төрийн буруу шийдвэрээс болж хамаг орох орон, байр сав, машин тэргээ зээлийн барьцаанд алдаж байна. Бид өнгөрсөн жил их ярьсан учраас энэ удаа дурдаад өнгөрье.

-Дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц гаргалгаа бий юу?

-Манай компаниуд цаашдаа ер нь яах вэ. НӨАТ-ын хур өр үүссэн. Эхний ээлжинд барилгаа ядаж дуусгаад хүлээлгээд өгчих юмсан, өр зээлээ нимгэлээд салах юмсан гэж боддог болсон. Гэтэл цаана нь бүхэл бүтэн салбарын асуудал хөндөгдөж байгаа байхгүй юу. Төсвийн хөрөнгөөр барилга барьсан нь өрөнд ороод байхаар цаашдаа хэн барилга барих юм. Олон жилийн туршлагатай инженер, техникийн мэргэшсэн мэргэжилтнүүдтэй компаниуд салбараас гараад явахаар ирээдүйд хэн зааж сургах юм гээд улс орны хувьд асуудал их үлдэнэ шүү дээ. Бид Б.Жавхлан сайдад хүсэлт өгч байсан. Компаниуд өртэй нь үнэн. Тиймээс тухайлбал НӨАТ-ын өрийг үе шаттай төлөх боломж олгоод өгөөч ээ гэж. Ингэхдээ энэ хугацаанд биднийг тендерт орох эрхийг олгоод өгчих. Тэгвэл бид ажлаа ч хийнэ, өр зээлээ ч нимгэлэх боломжтой байв. Хэрэв тэгсэн бол ядаж бага багаар төлж байгаад компаниуд адаглаад НӨАТ-ын өрөөс гарна шүү дээ.

-Төрийн бус байгууллагын зүгээс Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлнэ гэж байсан. Энэ тухайд?

-Одоо бид орон нутаг руугаа явахгүй. Бид гурван жил хүлээж цаг алдлаа. Одоо бол үнэхээр тэсэхгүй нь. Нааштай шийдвэр гартал тэмцэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлнэ. Мөн бүх яамдуудад хандана. Барилга, хот байгуулалтын сайдын гаргах тушаалын агуулгаас хамаарч манай салбарын дуусашгүй яриа, цаашдын хувь заяа шийдэгдэх учраас бидний оролцоо, дуу хоолойгоо хүргэх чухал байна. Ц.Даваасүрэн сайд аа, таныг туршлагатай улстөрч хүний хувьд асуудлыг шийдэх байх гэж итгэж байна. Гэхдээ бидний оролцоог хангах хэрэгтэй шүү. Үнэхээр л төсөвт өртөг нь хүрэхгүй байхад энэ компаниуд яах юм бэ. Энэ бол үнэхээр шударга бус. Би эх орныхоо ирээдүйн шударга, сайн сайхан нийгмийг хойч үедээ үлдээхийн төлөө өнөөг хүртэл зүтгэж ирсэн хүн. Тиймээс би бол ямар нэг шийдэлд хүртэл тэмцлээ зогсоохгүй. Манай төрийн бус байгууллагад нэгдсэн компаниуд ч адилхан бодолтой байгаа. Алив Чинзориг сайд аа, Бат-Эрдэнэ аварга аа та нар чуулганы хурлаа тасдаад байдаг юм уу. Засгийн газраас 290 дүгээр тогтоол гарч байхад та нар таг чимээгүй сууж байсан юм уу. Салбарынхаа төлөө дуугарахад эрх ашигт чинь муугаар нөлөөлөх гээд байсан юм уу гэж асуумаар байна.

Д.СҮРЭН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Франц улсад “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” үзэсгэлэн дэлгэгдэнэ DNN.mn

“Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” үзэсгэлэн Франц улсад 2023 оны 10 дугаар сарын 14-нд нээлтээ хийх гэж байна.

Үзэсгэлэнд Франц, Европын томоохон музей, цуглуулга, Монголын үндэсний сан хөмрөг, үнэт өвийг толилуулах юм байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах аж.

Categories
нийгэм цаг-үе

Стругагийн яруу тансаг үдшүүд ба Охридын үзэсгэлэн DNN.mn

Гэнэт ноход шуугилдаад, “Юусэн билээ” гэж цочин сэрлээ. Исламын сүмийн өглөөний мөргөлийн дуунаар Охрид нуурын эрэг дээрх “Дрим” зочид буудалд амрагчдын дагуулж яваа ноход дуу дуугаа авалцан өрөө өрөөнөөс хуцалдаж буй нь энэ. Цагаа харвал өглөөний 05:00. Мөргөлийн дуу намжиж, ноход ч тайвшрав бололтой. Урьд орой хөл хөдөлгөөн, дуу шуугиан, бүжиг наадам, амрагч, зугаалагчдын шуугианд дарагдаж байсан Охрид нуур ер бусын дөлгөөхнөөр эргээ хаялна. Намрын сэрүүн хэдийнээ Стругад айлчилжээ. Тагтны том хаалгаа хаагаад буцаж хэвтлээ. Яг одоо Улаанбаатарт өглөөний 11 цаг болж байгаа даа гэж бодохоор нойр эс хүрнэ. “Стругагийн яруу найргийн үдшүүд” буюу Дэлхийн яруу найргийн их наадмын дөрөв нугалж эвхсэн хөтөлбөрийг гаргаж ирээд өнөөдөр ямар ямар арга хэмжээ, уншлага, уулзалттай билээ гэж хэсэг харлаа.

Өчигдөр Македонийн нийслэл Скопье хотоос автобусаар давхисаар өдөр 12 цагийн алдад энд ирсэн. Автобуснаас буусан даруйдаа “Яруу найргийн цэцэрлэг”-т очиж Дэлхийн яруу найргийн их наадмын өнөө жилийн “Алтан хэлхээ” шагналын эзэн, Хойд Македонийн алдарт яруу найрагч Влада Урошевичийн дурсгалын мод суулгах ёслолд оролцоцгоосон юм. Тухайн жилийн “Алтан хэлхээ” шагналт яруу найрагч энд дурсгалын мод суулгаснаар “Стругагийн яруу найргийн үдшүүд” эхэлдэг уламжлалтай. Мод бүхний доор “Алтан хэлхээ” шагнал хүртсэн яруу найрагчийн нэр, QR код бүхий мэдээлэлтэй пайзыг байршуулжээ. 62 жилийн хугацаанд энд төдий тооны мод суулгасан гэсэн үг л дээ. Мод болгоныг сонирхож, пайзыг нь уншлаа. Тэвэрт багтамгүй бүдүүн мод байна. 1974 онд Дэлхийн яруу найргийн их наадмын “Алтан хэлхээ” шагнал хүртсэн Туркийн яруу найрагч Фазыл Хусну Дагларжагийн суулгасан мод аж. Энэ хүн бол 1914 онд Истанбулд төрсөн, нийт 60 гаруй шүлгийн түүвэр хэвлүүлсэн Туркийн алдартай яруу найрагч. Түүний шүлгүүд хүн төрөлхтөн, сансар огторгуйн зүй тогтлоос эхлүүлээд милитаризмын эсрэг сэдвүүдийг хөндсөн, Туркийн тусгаар тогтнол, дайн зэргийг хөндсөн байдаг. Ер нь Дэлхийн яруу найргийн их наадмын гол шагнал болох “Алтан хэлхээ”-г дэлхийн яруу найргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, үг хэлж үзэл бодлоо илэрхийлж, шударга үнэний дуу хоолой болсон яруу найрагчдад олгодог бололтой. Энэ жилийн “Алтан хэлхээ” шагнал хүртсэн Влада Урошевич гуай одоо 79 настай. Македонийн нийслэл Скопьед мэндэлсэн. Яруу найрагч, түүхч, зохиолч, утга зохиол-урлаг судлаач, эссэч, антологич, орчуулагч нэгэн юм. Нэг үгээр бол Хойд Македонийн өнөө цагийн оюун санааны оргилуудын нэг нь.

 

Влада Урошевич “Эрх чөлөө” шүлэгтээ эрвээхэй лааны дээгүүр нисэхдээ далавчаа шатаадаг шиг яруу найрагч хүн үг хэлэх эрх чөлөөгүй боллоо ч шүлэг бичих эрх чөлөө нь үлддэг, сансрын хөлгөө орхин гарч буй сансрын нисгэгч бол дэлхий рүү буцахаас татгалзсан өндөрт шидсэн чулуу юм даа…хэмээжээ. Цэцэрлэгт хүрээлэнд уншсан түүний шүлгүүд бол тэр чигээрээ тайтгарал, байгаль эх дэлхийдээ талархсан мялаалга байлаа.

No description available.

Өнөө жилийн “Алтан хэлхээ” шагналын эзэн, Хойд Македонийн алдарт яруу найрагч Влада Урошевич”

Өдрийн хоолоо зочид буудлын хоолны том танхимд идэцгээлээ. Өглөөхөн л автобусанд суухын өмнө гар барин танилцсан орон орны яруу найрагчид үдийн хоолны ширээний ард дөрөв, таваараа сууцгаалаа. Хатаасан яншуй цацсан улаан лоолийн зутан, элдэв зууш. Араас нь нухсан төмстэй, жигнэсэн луувантай, тахианы цээж мах сэлт. Хоолны дараа амттан ирлээ. Яруу найрагчид орой эхлэх нээлтийн ёслолын өмнө амсхийхээр өрөө өрөөндөө орцгоов.

Байрласан өрөө минь Охрид нуур руу харсан цонхтой, гаднаа тагттай. Тагтан дээр нь гарч эргэн тойрныг ажиглалаа. Эрэг дээр наран шарлагын ор, сандал, сүүдрэвч. Усны хувцастай хүүхэд, залуус, эмэгтэйчүүд…нууран дээгүүр хурд мэдэн сүлжилдэх хэд гурван моторт завь… усаар тоглож наадах хүүхэд багачуудын бүдэг бадаг дуун тагтны нээлттэй хаалгаар зочилно. Нуурын зүгээс тааламжтай зөөлөн аясын салхи айлчлан орж ирж хөшгөөр наадан Улаанбаатар-Бээжин-Франкфурт-Скопье гэсэн чиглэлээр урт зам туулж ирсэн аян замын алжаалаас минь чөлөөлөх мэт.

“Стругагийн яруу найргийн үдэш 62” буюу Дэлхийн яруу найргийн их наадмын албан ёсны нээлт наймдугаар сарын 24-ний үдэш “Ах дүү Миладинов”-ын нэрэмжит Соёлын төвийн гадаах талбайд салют буудуулснаар эхэллээ.

Тайзнаа Хойд Македонийн яруу найрагч Влада Урошевич, Ирландын яруу найрагч Гавин Брадлей, Албанийн яруу найрагч Аржан Каллцо, Белгийн яруу найрагч Филип Меерсман, Болгарын яруу найрагч Роза Бояанова, Хорватын найрагч Иван Херцег, Эстонийн яруу найрагч Каролина Пихеглас, Францын яруу найрагч Алексис Бернаут, Германы яруу найрагч Биргит Крейпе, Грекийн яруу найрагч Димитрис П.Краниотис, Унгарын яруу найрагч Кристина Рита Молнар, Монголын яруу найрагч Давхардаваагийн Гансаруул, Италийн яруу найрагч Анелиза Алева, Косовогийн яруу найрагч Бесник Камаж, Люксембургийн яруу найрагч Гая Хелмингер, Монтенегрогийн яруу найрагч Павле Горанович, Селимир Радулович, Сербийн яруу найрагч Милутин Дурикович, Зелика Аврич, Словакийн яруу найрагч Эрик Ондричка, Испанийн яруу найрагч Чема Паз Гаго, Туркийн яруу найрагч Гонца Озмен, Кан Ягит Тунцман, Их Британийн яруу найрагч Адам Хоровитч, Крис МакКабе нар эх хэлээрээ шүлгээ уншицгаалаа. Энэ наадамд эдгээр яруу найрагчдаас гадна Хойд Македонийн 40 орчим яруу найрагч хүрэлцэн ирсэн байлаа. Биднийг шүлгээ уншихад арын дэлгэц дээр англи, македони хэл дээрх орчуулга нь давхар гарч байсан юм. Ямар ч илүү дутуу дуу хуур, бүжиг наадамгүй. 25 улсын хэлээр шүлгээ унших яруу найрагчдыг сонсох гэж, сонирхох гэж Стругагийн олон зуун иргэн цугласан байлаа. Нээлтийн ёслол ийнхүү өндөрлөж, зочид буудлын задгай талбайд дарстай босоо хүлээн авалт болж орон орны зочин яруу найрагчид ойртон танилцаж, ном, нэрийн хуудсаа солилцсон танилцах үдэшлэг маягийн юм болж, жазз хөгжмийн аянд дарс шимцгээн инээлдэн хөгжилдөж, энд тэндгүй зураг хөргөө даруулан шөнийн 00:00 цаг хүргэцгээсэн юм.

No description available.

Ийнхүү өчигдрийн үйл явдлаа эргэцүүлэн өнөөдрийн хөтөлбөрөө харвал Охрид нуурын эрэг дээрх хуучин сүм рүү аялах, тэр сүмийн дэргэдэх “Biser” зочид буудлын задгай талбайд олон улсын яруу найрагчдын “Circles” яруу найргийн уншлагатай аж. Тэнд намайг “Тариан талбайн дэргэдэх жижигхэн байшинд” шүлгээ уншихыг сануулсан байлаа.

Өчигдөр оройны танилцах үдэшлэгээр нүүр хагарцгаасан яруу найрагчид өглөөний цайн дээр сүрхий мэнд устай болцгоожээ. Нэг нэгнээ ширээнээ урин хамт цайлахыг хүснэ. Нүүрэндээ инээд тодруулж “Сайхан амарсан уу” гэцгээнэ.

Манай ширээнийхэн “Чиний өчигдөр орой нээлтэд өмссөн үндэсний хувцас чинь маш сайхан харагдсан. Үнэхээр тансаг байсан шүү. Чи дахиж өмсөх үү. Өмсвөл хамт зургаа даруулна шүү” гэцгээнэ. “Монгол Улс хэдэн хүн амтай вэ”, “Нийслэл нь ямар нэртэй билээ”, “Улаанбаатар хэдэн хүн амтай вэ”, “Танай үндэсний хувцас хийц сайтай юм. Хүмүүс нь хэр түгээмэл өмсдөг вэ”, “Ямар улстай хиллэдэг вэ” гэж ойр зуурын юм асууцгаана. Ширээ ширээнээ халуун дотно яриа өрнөж, хоолны танхим дуу шуутай, халуун дулаан гэж жигтэйхэн. Хэн хэдэн цаг нисч Македонид ирснээ ярьж инээлдлээ. Олон дамжиж, олон мянган км зам туулж ирсэн яруу найрагчдаараа бахархацгааж ойр хавийн улсуудын яруу найрагчид “Өглөөний цайгаа уучихаад гэрээсээ гараад өдрийн хоолоо Македонид идсэн” хэмээн хошигноно. Анх удаа биесээ харж буй орон орны хүмүүс цайны ширээний ард энгийн зүйлс ярьснаар нөхөрлөл нь эхэллээ. Ингээд автобусаар Калишта руу хөтөлж, Охрид нуурыг эмжээрлэж давхисаар “Our Lady” сүмд ирлээ дээ.

No description available.

Охрид бол Европын хамгийн гүн, цэнгэг устай нуур. Охрид нуурын эрэг орчмын газрыг 1979 онд ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд дараа жил нь Охрид хотыг соёл, түүхийн өвөрмөц бүсийг багтаасан газар хэмээн зарласан түүхтэй. Түүгээр ч үл барам 2014 онд Албани болон Хойд Македонийн дунд орших хил дамнасан Дархан цаазат газар болох Охрид-Преспаг ЮНЕСКО “Дэлхийн шим мандлын нөөц газар”-ын сүлжээнд нэгтгэсэн юм байна. Охрид нуурыг тойрч Хойд Македонийн Охрид, Струга, Албани улсын Поградек гэсэн гурван хот оршино. Мөн хэд хэдэн загас агнуурын тосгон байдаг ч загасчлалаар бус аялал жуулчлалаар орлогоо бүрдүүлдэг гэсэн. Охрид нуурын хотуудад нийт 131 мянган хүн амьдардаг гэсэн тоо баримтыг хөтөч өгүүлж байлаа. Түүхэн дурсгалт газрууд, нуурын онгон дагшин байгаль нь Охрид нуур руу жуулчдыг татдаг гол хүчин зүйлүүд. Охрид 30.4 км урт, өргөнөөрөө 14.8 км. Эргийн урт нь 87.5 км юм байна.

“Our Lady” сүм нь Бурханы ариун эхийн мэндэлсний баят зориулсан хоёр сүм, элч гэгээн Петр, Паул нарт зориулсан сүм, Гэгээн ариун Гэгээнтэнд зориулсан агуйн сүмээс бүрдсэн цогцолбор газар байлаа. Сүмээр нь оронгуутаа л бүгд гар утсаа гаргаж гэрэл зураг дарж, бичлэг хийнэ. Хэн ч харсан бишрэл төрүүлмээр ур хийц, өнгө будаг. Яруу найрагч, зохиолчид голдуу явж байгаа болохоор ч тэр үү хийдийн доторх чимэглэл зургаас эхлүүлээд өчүүхэн жижиг хэсгүүдийг хүртэл нарийн тогтоон харж зургийг нь дарж, хөтчөөс сонирхсоноо асууцгаана. Энэ үеэр нутгийн сүсэгтнүүд гэр бүлээрээ, хоёр гурваараа мөргөл залбирал хийж, сүмээр орж үүдэнд байх тусгай хэсэгт шар өнгийн урт, нарийн лаа асааж залбирч байлаа. Агуйн сүм рүү орлоо. Агуй гэхээсээ асар том хадыг ухаж, сийлээд бясалгал, мөргөл, мацгийн олон өрөө тасалгаа гаргачихсан мэт харагдах. Энэ сүмийг XIV зууны үед бүтээсэн бөгөөд огтоосоо сэргээн засварлаагүй, анхны төрхөөр нь жуулчид, мөргөлчдөд үзүүлдэг юм байна. Модон шатаар өгсөж өрөөнүүдийн үүдээр шагайж, зарим өрөөнд нь орох завшаан тохиов. Өргөлийн хэсэг, лаа дэн тавьдаг тавцануудтай, хана, туурга тааз гээд бүхий л хэсэг нь чимэглэл зураг, хөрөгтэй. Энд санваартнууд мөргөл хийж, мацагладаг, хүний нийгмээс өөрийгөө тасалж гэгээрэлд тэмүүлдэг ариун газар нь байжээ. Зарим өрөө рүү нь хүн оруулахаас сэргийлж хориг татжээ. Агуй учир дотроо сэрүүхэн. Хуучин эд зүйлс нь тоос буртаггүй бөгөөд анхны төрх байдлаараа хадгалагддаг нь сайхан.

Сүмээс гарч ирээд яруу найргийн уншлагадаа орцгоолоо. “Biser” хэмээх зочид буудлын задгай талбайд зассан ширээнээ сууцгаалаа. Яг дэргэд Охрид нуур цэлэлзэн мэлтэлзэнэ.

 

үргэлжлэл бий…

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний номын баяр энэ сарын 15-17-нд болно DNN.mn

34 дэх удаагийн Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17-нд нийслэлийн төв талбайд зохион байгуулагдахаар товлогджээ.

Энэ үеэр ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдрийн 23:59 цагт дуусах тул сонирхсон иргэд энд дарж бүртгүүлэх боломжтой.

Жил бүр номын баярт оролцох, зорин очих иргэдийн тоо нэмэгдэж, хүрээлэл тэлсээр байгаа юм. Тухайлбал 33 дахь удаагийн номын баярын үеэр хийсэн судалгаагаар оролцогчдын 42.2% нь эрэгтэй, 57.8% нь эмэгтэйчүүд байгаа нь эрэгтэй уншигчдын тоо өнгөрсөн жилээс нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн Номын гэрэлт ертөнц ТББ-аас мэдээлэв.

 

Categories
нийгэм эдийн-засаг

Хонины махны дундаж үнэ 12.868 төгрөг байна DNN.mn

Хонины махны дундаж үнэ аймгийн төвүүдэд 10 476 төгрөг байна. Харин нийслэлд хонины цул мах 14 мянга, ястай мах 12 мянган төгрөгийн үнэтэй байна. Хархорин захад хамгийн хямд буюу нэг кг хонины ястай мах 9500 төгрөг болж үнэ буурчээ.

Долдугаар сард нийслэлд нэг кг хонины ястай мах 13 237 төгрөг байсан юм. Үхрийн мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ 4-ний байдлаар Улаанбаатарт хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.7 хувь, өмнөх долоо хоногоос 0.1 хувиар тус тус буурчээ.