Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл эхэллээ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл Е-Mongolia системээр дамжуулан авна.

Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх хэрэгтэйг Нийслэлийн Боловсролын Газраас анхаарууллаа. Мөн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатай юм байна.

Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 20-ноос хойш бүртгүүлсэн дугаарт нь мессежээр илгээнэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхий сайдыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн Цэц унагах уу? DNN.mn

Бараг хагас жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлаар хуралдсан нь шуугиан тарьж байв. Тус зөвлөлийн зарим гишүүний санаачилгаар 2023 оны дөрөвдүгээр сард “Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байдаг. Түүндээ “Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй” гэсэн. Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэсэн. Дөрөвдүгээрт, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн. Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын Дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” хэмээсэн байдаг. Гэвч тухайн үед тогтоол нь албажиж чадаагүй юм. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн зургаа нь дэмжсэн. Гурав нь эсрэг байр суурьтай байжээ. Ингээд тогтоолын төсөл унасан. Харин энэ сэдэв хоёр долоо хоногийн өмнөөс дахин сэдэрлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх тогтоолыг дахин хэлэлцэж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болсон уг үйл явдал нийтэд мэдээлэгдсэний дараа тус зөвлөлөөс “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар шинэчлэн батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэж мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 5-ны УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Шүүх шударга биш байна гэж хэлсэн гэх агуулгаар намайг огцруулах санал хураалт хүртэл явуулсан байна. Үүнээс харахад авлигатай тэмцэх тэмцэл маш хялбар биш гэдэг нь харагдаж байна. Шүүхээс шаардахгүйгээр дохиогоор харьцдаг болох юм уу. Үүнийг сэтлэх ёстой. Ингэж байж иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ”, мөн УИХ-ын зарим гишүүнд “Шүүх намайг хэлэлцэж байхын оронд энэ авлигач шүүгчидтэйгээ хариуцлага ярих хэрэгтэй. Ингэж шийдвэр гаргаад байхаар авлига, албан тушаалын том хэргүүд яаж шийдэгдэх юм бэ. Ийм учраас л би “Шүүхийг нүд цавчилгүй хар” гээд байгаа юм” гэсэн байна. Наадмын өмнөхөн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Түүнчлэн сүүлийн хэд хоногийн турш орон нутагт ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, шударга ёсны талаар ярих бүртээ “Шулуухан хэлэхэд авлигын хэргүүд шүүх дээр л гацаж байна” гэсэн тайлбарыг өгч байна. Харин иргэд энэ асуудлаар түүнийг дэмжиж байгаа нь илтэд анзаарагдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэц Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах эсэх асуудлаар хуралдаж магадгүй гэх мэдээлэл тараад байна. Д.Ганзоригийн тухайд томилогдсоноосоо хойш Үндсэн хуулийн Цэц дээр хэд хэдэн асуудлаар очсон. Ялангуяа өнгөрсөн 2022 онд түүнд нэлээд хатуурхсан. Тухайлбал, иргэн Т-гийн “Ерөнхий шүүгч бус Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариулт өгсөн нь шүүн таслах ажиллагаанд оролцох эрхгүй захиргааны ажилтныг шүүн таслах ажилд оролцуулсан буюу шүүхээс гадуур шүүх байгуулсан нь хууль зөрчсөн”, мөн АН-ын гишүүн М-ийн “Ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ын даргын бүртгэлийг будилаантуулсан”, Иргэн Б-гийн “Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулах” зэрэг хэд хэдэн гомдол Үндсэн хуулийн Цэцэд очсон. Гэхдээ бараг бүгдээрээ “Д.Ганзориг Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтээр дууссан. Тэгэхээр одоо ямар асуудлаар Д.Ганзоригийг “шүүх” гэж буй нь тодорхойгүй байна.

Юутай ч ингэж засаг, шүүх хоёрын толхилцоон намрын улс төрийн нанчилдааны нэг хэсэг болж үргэлжлэхээр болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэж магадгүй нь ээ.

Ө.БААСт

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Үндэсний бөхчүүд өв тээгч юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн адгийн хүмүүс байхаар юм биш үү DNN.mn

Үндэсний бөхийг монголчуудын өв тээгч гэж сүүлийн үед ихэд өхөөрдөцгөөдөг болсон. Өв тээгч гэдэг бол тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь өндөр түвшинд өвлөн уламжилж эзэмшсэн, мэдлэгтэй хувь хүн, ах дүү, төрөл садан, ард иргэдийг хэлнэ гэж томьёолсон байдаг. Энгийнээр аливаа улс үндэстний жор гэж ойлгож ч болох аж. Бидний ярьдаг, хүсэмжилдэг жудаг, ёс суртахуун гэдэг хэмжүүр өв тээгчдийн үндсэн шалгуур юм уу даа.

Тэгвэл энэ ойлголтоор монгол бөхчүүд өв тээгч мөн үү. Өнөөдрийн бөхчүүд үндэсний бөхийн спортыг язгуур шинж чанараар нь өндөр түвшинд хөгжүүлж чадаж байгаа бил үү. Уран мэхээ уралдуулж ард олныг баясгадаг нь хэд билээ. Жудагтай бөх гэж ярьдаг. Гэвч монголчууд тийм бөхийг олж харж чадаж байна уу. Харин эсрэгээр нь жудаг муутай, хүн муутай, дээрээс нь ханаж цадахгүй шуналтай бөхчүүд гэж л яригддаг болоод удаж байна. Ийм жишээ захаас аваад бий.

Өнгөрсөн Улсын баяр наадмын барилдаанаас эхэлье. Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг долоогийн даваанд амлалаа. Аварга, арслан хоёр үй зайгүй найзууд гэдгийг бөхийн хорхойтнууд мэднэ. Тэд нэгнийхээ барилдаан, сул талаас эхлээд бэлтгэл, сэтгэл зүй, бүр урьд орой нь ямар хоносныг ч мэднэ гэсэн үг. Найзыгаа гишгэж даваа авна гэдэг ядаж л жудагтай эр хүний шинж биш. Нэлээд дээр үед Налайхын барилдаанаар хоёр найз очиж барилдаад тавын даваа ирж ам авах болсон гэнэ лээ. Гэтэл найзуудын нэг нь нөгөөгөө амлачихсан гэдэг. Гайхсан нөгөө найз нь амласан нөхрөөсөө асуухад “Таньдаг нь чиний нэр л байлаа” гэсэн байдаг. Танихгүй бөх бол аюултай, өөрийг нь унагаж мэднэ. Тиймээс таньдгаар нь барилдаад давахыг бодъё гэж айсных. Ийм спорт байж болох уу. Тэр тусмаа улс үндэстний өв соёл тээгч гэх бөхчүүд ийм бэртэгчин байх хэрэг үү.

Цаашлаад манайд унасандаа шаралхаж учраа бөхийн дэвжээн дээр элдэвлэдэг явдал энгийн үзэгдэл болсон. Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд Улсын арслан А.Сүхбат Улсын заан Г.Өсөхбаяртай тунаж барилдаад давсан. Унасан заан босч ирэхдээ ардаа байсан арсланг тийрч унаган сүйд болгох дөхсөн. 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын зургаагийн даваанд Улсын харцага Л.Пүрэвжав Аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар учраа таарч байв. Б.Пүрэвсайхан унасандаа шаралхан Л.Пүрэвжавын гэдэс рүү тийрч бас л наадамчин олныг сандаргаад авсан удаатай. Түүний дараагийн жил Улсын заан Б.Соронзонболдтой Улсын арслан Г.Эрхэмбаяр барилдахдаа нүүр нүд рүү нь цохиж, Улсын начин Г.Баасандоржид өвдөг шороодсон Улсын харцага Д.Сэрээтэр шанаадсан зэрэг элдэв янзын танхай, балмад үйлдлүүд жил бүрийн баяр наадмаар олны нүдэн дээр гардаг. Энэ зуны барилдаанаар унасан даян аварга маань давсан бөхийнхөө араас салаавч гаргаад тэлчилж байв. Олон түмнээс эмээх, нэр төрөө эрхэмлэх, бөхийн спортоо хүндлэх наад захын ёс суртахууны хэмжүүрт тэд тэнцэхгүй.

Манай сумын эрчүүд нэг зун овоо тахихаар эд зүйлсээ базаагаад уул өөд нэлээд мацацгааж билээ. Хөгшин залуу, хүүхэд багачууд бүгд ачаа бараа, овоо тахихад хэрэгтэй зүйлсийг дааж ядан үүрч дүүрч явахад тэр дунд нутгаараа ханардаг Сумын заан нөхөр хамгийн хөнгөн цар таваг барьчихсан мацаж явж билээ. Эр бяртай, байнгын бэлтгэлтэй бөх залууд овооны тахилгын эд зүйлс тийм ч хүнд эд биш байлтай. Гэвч нутгийн хүмүүс хэлж зүрхэлдэггүй, сумын заан ч биеэ оторлон хамгийн хөнгөнийг нь толгой дээрээ барьчихаад дээрэнгүй өнгө аястай алхаж явсан нь одоо ч нүдэнд харагдах. Энгийн бидний ойлголтоор бол хамгийн хүндийг нь үүрээд л уул өөд мацаж явах байв.

Одоо бүр бөхчүүд Улсын баяр наадамд ямар ч хамаагүй аргаар түрүүлэхийг боддог увайгүй арга руу орчихлоо. Дараа нь юу ч болсон, ямар ч асуудал дэгдсэн хамаагүй баяр наадамд түрүүлэх уралдаан болж байна. Бөх гэхээр ханарчихдаг монголчууд төртэйгөө нийлээд байгаа бүхнээ бариад хөл алдаад гүйчихдэг. Жил бүрийн түрүүлсэн болон цолонд хүрсэн бөхчүүд байр, машин хэдэн янзаараа цуглуулдаг жишиг бий болчихлоо. Түрүүлсэн бөхчүүд хөлсөө хатаагүй байхад шахам л цолны найраа хийх гээд шогшчихдог болсон байна. Шинэхэн соньхон дээр нь бай шагнал, байр машинаа, бэлэг сэлтээ цуглуулах гэж тэр. Удвал нөгөө хэрэглэсэн юм нь ч илэрчихнэ гэж айдаг биз. Саяын Улсын их баяр наадмаар төрсөн арсланг хар л даа, нийгэмд ямар шуугиан дэгдэж байна. Монгол хүний ёсыг бодож эрүүл мэндийн асуудалтай байгаа үед нь олон зүйл бичихээ больё. Допингийн асуудал дэгдсэн энэ цаг үетэй уралдан Улсын гарьд Ц.Бямба-Отгон хэдхэн хоногийн өмнө цолны найраа хийж, Өвөрхангайн улстөрчид, бизнесмэнүүд бэл бэнчингээрээ уралдацгаав. Цолны найраа яаруу сандруу хийж, хөрөнгө хураасан гарьд одоо арслан болоод дахин найрлаж лус савдаг шиг их хөрөнгө хурааж дабльдана гэж яарч байгаа юм шиг л ойлгогдоно шүү дээ. Ийм жудаггүй, ёс зүйгүй харагдана гэдгээ тэд мэддэг үү.

Монгол бөхөд ам авахаас эхлээд ёс жудаггүй олон хэмжүүр бий. Ерөөс ам авна гэдэг аль ч спортод байдаггүй. Манай монгол үндэсний бөхөд аль чадалгүй, бэлтгэл муутай, мэх тааруу, өвгөрсөн нэгнийгээ нэр цохон гаргаж ирээд давдаг дээрэлхүү зарчим үйлчилдэг. Энэ бүгдийг хээвнэг үйлдэх монгол бөхчүүд өв тээгчид юм бол монгол эрчүүд юу болох вэ. Энэ дэлхийн хамгийн увайгүй, шуналтай, зальтай, луйварчин, хүчтэйд долдой, хүчгүйг дээрэлхсэн, эмэгтэй хүнд эрэлхүү хүмүүс болох биш үү.

Угтаа ёс суртахуунтай, жудагтай эр хүнийг гадныхан жентелмэн эр гэдэг. Наад зах нь хов ярихгүй, эмэгтэй хүнийг хүндэлдэг, өөртөө итгэх, их зан гаргах хоёрыг ялгаж чаддаг, чөлөөт сэтгэлгээтэй, баатарлаг, худлаа ярьдаггүй, амьдралаа аваад явчих ухаан, хөрөнгө бэлтэй, чангахан гар барьж хүний нүд рүү эгцэлж хардаг эр хүнийг барууныхан жентелмэн эр гэж хүндэлдэг юм билээ. Эх оронч сэтгэлгээ гэдэг гадны бүх үндэстэнд мах цусанд нь шингэсэн байдаг. Украины дайнаар дэлхийн ямар олон жирийн эрчүүд шилдэг тамирчид, олимпын аваргууд, урлагийн одод дайны талбар дээр баатарлагаар амь үрэгдэв. Одоо ч зэвсэг агсан тэмцэж байгаа дэлхийн алдартнууд тэнд бий. Муу ёрлосон хэрэг биш, хэрэв манайд дайны нөхцөл байдал үүсэхэд хичнээн эрс баатарлагаар босох бол доо. Нүдэн дээр нь эмэгтэй хүн олон том нохойд уруулж тасдуулж байхад машинтайгаа өнгөрөөд явчихдаг ёс суртахуунтай эр хүн дайн болбол зэвсэг агсаж огт танихгүй монголчуудын төлөө байлдах уу. Өв тээгч бөхчүүдийнхээр бол огт тэгж чадахгүй.

Уг нь доктор, профессор Т.Намжил жудагтай монгол эр хүнд ширүүн үг хэрцгий яриаг цээрлэдэг, ашиг хонжоо хичээсэн далд зальхай үг хэлдэггүй, хов зөөж хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй тайван амирлангуйг эрхэмлэдэг, гэр орон үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, цаашилбал улс орноо төвхнүүлж чадах эрдэм чадал бий гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Өнөөдөр ийм эрчүүд хэр олон бол. Мөн энэ тодорхойлолт бидний хөөргөн бахархаад байгаа нөгөө өв тээгчдэдээ тохирохгүй байна. Эхнэр хүүхдэдээ эр бяраа гаргадаг, гэр бүлийн хариуцлагаас зугтаадаг, бусдыг дээрэлхдэг, өчүүхэн омог гаргадаг, луйвар хийдэг нөхөд л өв тээгчидтэй адилхан харагдаад байх. Луйвар хийдэг гэдэг нь ил цагаан гэмт хэрэг хийдэг гэсэн үг биш л дээ. Бөхийн дэвжээн дээр найраа хийдэг, олон түмний өмнө худлаа унаж жүжиг тоглодог. Хамгийн жудагтай гэдэг монгол бөхчүүд хамгийн увайгүй болчихсон. Монгол бөхийг эд баялаг хураагч гэдэг нүдээр харсан зальхай залуус ингэж явсаар нэг л өдөр эхнэр хүүхэд, ээж аав, эх орноо ч зарж мэднэ.

Монгол бөхчүүд, монгол эрчүүд бусдад өгч сураагүй, өгч мэддэггүй. Бусдаас л авдаг, бусдаар хүндлүүлэх гэдэг өчүүхэн сэтгэлтэй. Ийм чанар, ёс суртахуун яван явсаар биднийг дэлхийн увайгүй үндэстэн болгож мэднэ. Болсон байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ядаж л монгол бөхчүүдийг өв тээгч гэж хөөргөхөө больё. Түүний оронд монгол бөхийг язгуур шинж чанараар нь хөгжүүлэхэд анхаарч, ам авахыг болиулахаас эхлээд найраа наймаа, авлигад дуудсан хэлбэрүүдийг нь өөрчлөх хэрэгтэй. Ингээд ирвэл монгол бөхчүүд, цаашлаад монгол эрчүүд жудаг, ёс суртахуун гэдэг зүйлийг ойлгохтойгоо болж ирж мэднэ. Тэрнээс бөхчүүдийг өв тээгч гээд бусдыг нь адилхан бай гэх юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн увайгүй шуналтай, хулчгар дорой эрчүүд болох биш үү.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох

Ирэх сонгуулиар жижиг намууд 60-100 мянган хүний санал авч байж УИХ-д нэг суудалтай болно DNN.mn

Сонгууль хаяанд ирлээ. Том намууд сонгуулиар хэнийг хаана дэвшүүлэх, намын жагсаалтдаа хэнийг оруулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж, ажиллаж байна. Харин улс төрийн бусад жижиг намуудын хувьд сонгуульд хэдэн хүний санал авч байж жагсаалтынхаа нэгдүгээрт бичигдсэн хүнээ УИХ-д оруулах вэ гэдгийг анхаарч, ажиглаж буй. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж баталсан чухал хуулиудын нэг бол Сонгуулийн тухай хууль. Энэхүү хууль бүхэлдээ шинэчлэгдсэн гэхэд хилсдэхгүй. Уг хуулиар ирэх жилийн сонгуулийг зангидаж явуулна. Тэгвэл ирэх жилийн сонгуулиар жижиг намууд хичнээн хүний санал авч байж УИХ-д суудалтай болох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг яалт ч үгүй татаж буй. Шинэ батлагдсан Сонгуулийн тухай хуулиар нийт сонгогчдын гурван хувийн саналыг авсан улс төрийн хүчин жагсаалтын эхний хүнээ УИХ-д оруулах эрх нээгдэнэ гэж заасан байна. Тэгвэл уг заалтын дагуу тооцоолбол улс төрийн жижиг нам багадаа 60 мянган хүний санал авч байж намынх нь дарга нь УИХ-д орж ирэхээр байгаа юм. Манай улсын нийт сонгогчдын тоо хоёр сая. Үүний гурван хувийн саналыг авна гэж үзвэл 60 мянган хүний саналыг багаар бодоход авах шаардлагатай. Түүнээс гадна шинэ Сонгуулийн тухай хуулиар өөр нэгэн шалгуурыг тавиад байна. Тодруулбал, улс төрийн хүчин сонгуульд багадаа 86 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаар орох эрхээ идэвхжүүлэх аж. Өөрөөр хэлбэл улс төрийн нам сонгуулиар тойрогт багадаа 36 хүнийг, харин пропорциональд 48 хүнийг дэвшүүлж байж, УИХ-д жагсаалтаар орох эрхээ нээх хуулийн зохицуулалттай болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр сонгуульд оролцсон улс төрийн нам багадаа 60 мянган хүний санал авлаа гэж бодоход шууд намын жагсаалтынхаа эхэнд бичигдсэн хүнээ УИХ-д оруулах эрх үүсэхгүй гэж ойлгох юм. Өөрөөр хэлбэл хоёр дахь шаардлага буюу намаас 86 хүн нэр дэвшсэн эсэхийг харгалзан үзнэ гэсэн үг ажээ. Харин шинэ Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааг тодорхой зааж өгсөн байна. Хуучин Сонгуулийн тухай хуулиар хэн мөнгөтэй нь илүү сурталчилгаагаа явуулдаг байсан. Харин шинэ хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааны санхүүжилтийг багасгах хүрээнд нийтлэг байдлыг илүүд үзсэн агуулгатай заалтуудыг оруулж өгсөн байна. Тухайлбал, нэг суманд намуудаас нэр дэвшигчдийн сурталчилгааг нэг л плакатад зэрэгцүүлэн байршуулах аж. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр адилхан цаг минутад сурталчилгаагаа явуулах ёстой. Үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо болон бусад албаныхан хянаж, холбогдох шаардлага, хариуцлагыг ярихаар хуульд тусгаж өгчээ. Харин бие даагчдын хувьд адилхан босгоор явна гэдгийг хуульчид хэлж байна. Тэгвэл ирэх жилийн сонгууль бие даагчдын хувьд хатуухан өрсөлдөөний талбар байх нь тодорхой болж байх шиг байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Лу.Гантөмөр: Ардчилсан нам дундаж давхаргыг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ DNN.mn

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.


-Ардчилсан нам эв нэгдлээ бүрэн дүүрэн хангаж чадав уу гэдэгт монголчууд, тэр дундаа танай хувь заяанд санаа зовдог хэсэг ихээхэн анхаарч байна. Та үүнд тодорхой хариулт хэлээч?

-Ардчилсан нам хуваагддаг, хоорондоо хэтэрхий өрсөлддөг байдал бол нэгдүгээрт, хамтын удирдлага байгаагүйтэй холбоотой гэж харж байна. Намд нэг хүний засаглал тогтоохыг зарим нэг нь оролдсон. Харамсалтай нь Ардчилсан нам бол эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүсийн нэгдэл учраас нэг хүний бодлого, удирдлагад ороход их төвөгтэй. Тиймээс хамтын удирдлагын зарчим руу шилжиж байж бүгд эвэндээ орно. Менежмент дээрээ анхаарвал болохоор юм байна гэсэн дүгнэлтийг бид олон судалгааны үндсэн дээр гаргасан. Яагаад эв нэгдлийг чухалчлаад байна гэхээр бид бараг хагас жилийн хугацаанд намын гишүүдтэйгээ ярилцлаа. Намын гишүүдийн 80, 90 хувь нь эвийг хичээх хэрэгтэй гэдгийг тэргүүн эгнээнд чиглэл болгож байна. Эвийг хичээх технологи, менежмент нь юу вэ гэхээр хамтын удирдлага. Хамтын удирдлага хаана хэрэгжих вэ гэхээр Улс төрийн зөвлөл дээр хэрэгжинэ. Өдөр тутмын улс төрийн бодлого гаргадаг түвшиндөө хамтын удирдлагыг оруулахгүй бол болохгүй. Энэ асуудлаа бүрэн дүүрэн шийдэж чадсан.

институцийн хувьд бэхжихэд стратеги хэрэгтэй. Хоёр дахь шийдэл нь алсын стратегитай болж, түүнийг тойрч АН-ын гишүүд цул болох юм. Алсын стратегийн боловсруулалт одоогоор хийгдэж байна. Сонгуулийг угтаж стратегиа танилцуулах ёстой. АН-ын гишүүд 20, 30 жилийн хугацаанд тэрхүү стратегид төвлөрч ажиллана. Өөрөөр хэлбэл нэг чиг, нэг бодолтой явна. Түүнийхээ төлөө ажиллана.

Гуравдугаарт, эрх баригч болох үеийн стратеги. Эрх баригч болсон үедээ намын ерөнхий том стратегийг байнга хангаж биелүүлэх учиртай. Засгийн газар нь стратегийн Засгийн газар байх ёстой. Хүмүүсийн амьдралд, бизнест оролцдог, үг хэлэх эрх чөлөөнд халддаг гэдэг ч юмуу салаа мөчрөөрөө хүмүүсийн амьдралд нөлөөлөх гэж оролддог одоогийн Засгийн газар шиг байж болохгүй. Ардчилсан нам аль ч цаг үедээ стратегийн ухаалаг Засгийн газрыг байгуулах ёстой. Энэ гурван зүйлийг хийхэд АН урт хугацаандаа институцийн хувьд хүчирхэгжиж, бэхэжнэ.

Дахин хэлэхэд, нэгдүгээрт хамтын удирдлагатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, холын стратеги. Гуравдугаарт, ухаалаг Засгийн газар, ухаалаг төрийн төлөө явах хэрэгтэй. Үүнийг ажил хэрэг болгохын тулд бид анхан шат руугаа орсон бодлого хэрэгжүүлнэ. Агаарын улс төр хийхээс илүү анхан шатанд, амьдрал дунд АН бэхжих нь чухал гэж харж байгаа. Эдгээрийг ажил хэрэг болгочихвол ирээдүйд АН дахин хуваагдах, хоорондоо муудалцах зүйл гарахгүй.

-АН-ын бүтэц, зохион байгуулалт нийгмийн анхаарлыг татлаа. Эв нэгдлийг хангах үүднээс бүтцийг байгуулав уу. Яагаад 15 дэд даргатай бүтцийг байгуулсан юм бэ?

-Олон дэд даргатай болсон үндсэн шалтгаан нь бид сонгууль руу чиглэж байгаа. Намаа төлөөлж ажиллахгүй бол нэг хүн, эсвэл нэг бүтцээр бид МАН-тай өрсөлдөж чадахааргүй харагдаж байна. Учир нь МАН-ын сайд нар, агентлагийн дарга нар төрийн мөнгөөр, төрийн машинаар, төрийн зардлаар намынхаа ажлыг хийгээд байна. Бүх сайд нар МАН-ын дүүргийн, аймгийн намын даргын албаг хашиж байна. Төрийн мөнгө, төсвийн ажилтнуудын оролцоотойгоор намын ажлаа маш хүчтэй явуулж байна. Тиймээс энэ хүмүүстэй өрсөлдөхөд бидэнд олон дүр хэрэгтэй. Олон оролцогч хэрэгтэй. Олон хүн хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим дээрээс гарч ирсэн.

Хоёрдугаарт, 15-ны сар бүтэн байдаг шүү дээ. Тэрийг би хувьдаа бэлэгдсэн. Ардчилсан нам 15-ны сар шиг бүтэн байя. Монголын төр бүтэн болох ёстой. Монголчууд элэг бүтэн байх хэрэгтэй. Ардчилсан нам элэг бүтэн байх ёстой гэсэн утгаар энэ тоог бэлгэдэж намын даргын хувьд дур мэдэн сонгосон.

Дараа нь залуу үеэ гаргаж ирье. Шинэчлэл явуулъя. АН-д дараагийн үе гарч ирэх цаг нь аль 10 гаруй жилийн өмнө бий болсон. Гэтэл нам шинэчлэл хийгээгүй гацчихсан. АН-ын дарга Лу.Гантөмөр гэдэг хүний хувьд энэ хаалгыг нээх хэрэгтэй. Гэхдээ нэг, хоёр хүнд хаалга нээгээд явахгүй. Тиймээс 10, 15-аар нь, олноор нь нээж олон түмэнд хүргэж, олон нийтэд оруулах хэрэгтэй байгаа юм. Намын даргын үүрэг хүлээхээр хариуцлага гэдэг зүйл яригдана. Үүрэг хариуцлага хүлээсэн хүн эрхээ эдлэхээс гадна үүргээ хэрэгжүүлнэ. Хариуцлагаа хүлээнэ. Ажил хийнэ. Иргэдийн, намын гишүүдийн дунд орно. Ард түмнийхээ дунд орно. Монголчуудын ахуй амьдралтай танилцана. Тиймээс намын ажил руу олон залуусыг оруулж алдаа гаргадаггүй, туршлагатай, ажил хийгээд сурчихсан дараагийн үеийг бэлтгэж, гаргаж ирэхийн төлөө хийж байгаа. Тооны хувьд миний сонголт байсан. Бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдэх алхам гэж хэлж болно. Монгол төрийг өөрчлөх, монгол төрийг шинэ бодлого руу аваачихын тулд тэрхүү хүмүүс нь өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Энэ хүмүүс нь мэргэжлийн болохын тулд нам дээр хариуцлага хүлээж, сонгууль болоход хариуцлага, үүргээ хэр гүйцэтгэсэн бэ гэдгээс шалтгаалж цааш ахиж дэвжих асуудал яригдана.

-Анхан шатандаа яаж анхаарч, ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Нэн тэргүүнд байнгын харилцаа хэрэгтэй юм билээ. Намын 15 дэд дарга аймаг, дүүрэг гэхчлэн нэг нэг бүтцийн байгууллагыг хариуцна. Өөрөөр хэлбэл, байнгын харилцаа, хамтын ажиллагаанд орж байгаа юм. Нам цөөхөн ажилтнаар дамжуулж харилцах гэхээр зарим сумтай холбогдож чаддаггүй. Зарим сумд саналаа хэлж чаддаггүй. Зарим хороо, зарим гишүүд үгээ хэлж чаддаггүй. Ингээд ойлголцдоггүй. Нэг хүн, нэг алба, нэг шугамаар тэдгээр 200 мянган гишүүн үгийг сонсож чадахгүй. Бид сошиалаар үгээ хүргэж болно. Лу.Гантөмөр гэдэг дарга хэвлэлийн хурал хийгээд ч юм уу, эсвэл танд ярилцлага өгч байгаа шиг ярилцлага өгөөд 200 мянган гишүүндээ үгээ хэлж болно. Харамсалтай нь 200 мянган гишүүний үг надад ирэхгүй. Тиймээс сая тэдгээр хүмүүсийнхээ дуу хоолойг сонсохын тулд бүх аймгаар явлаа. Бүсийн, залуу үеийн форумыг зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулж байна. “Хөх Монголын-Хөх туг” аян зохион байгуулж байна. Нэг бүтцээр, нэг хүнээр дамжиж очихоор харилцааны алдаа гараад байна. Тиймээс энэ алдааг засахын тулд нэг хариуцлагатай дэд дарга нэг аймгийг хариуцаж тэр аймгийн хүмүүсийн дуу хоолойг сонсож бодлого, шийдвэр гаргахад дуу хоолойг тусгах хэрэгтэй байгаа юм. Ер нь Монголын төр ард түмнээ сонсож чаддаг, монголчуудын эрх ашгийг хамгаалж чаддаг, монгол хүн нэг номер гэдэг бодлого гаргахын тулд тэр хүмүүсийн зовлон бэрхшээл, стресс, элдэв асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээр макро тоо хараад суугаад байвал, өдрөөс өдөрт Монголын дундаж давхарга алга болж байна. Тиймээс баруун төвийн намын хувьд иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалж дээдлэх, санаа бодлыг мэдрэхийн тулд анхан, дунд шаттайгаа ажиллаж чаддаг нам болгож бойжуулах хэрэгтэй.

-Орон нутгийн Ардчилсан нам даргагүй байгаа юм биш үү. Орон нутгийн намын дарга нарын томилгоог яаж хийх вэ?

-Дотоод сонгуулийн хороо шинэчлэгдсэн. Дотоод сонгуулийн хороо өөрийн бүтцийн дунд шатны дотоод сонгуулийн хороогоор дамжуулан бүх шатны сонгуулиа ойрын хугацаанд хийнэ. Ингэснээр намын хороод хуралдаж өөрсдийн даргыг солих нь сольж, үргэлжлүүлэх нь үргэлжлүүлж тодорхой шийдэл гаргана. Ингээд намын хороод бүтэн болохоос гадна намын удирдлагуудыг сонгох ажлууд хийгдэнэ. Урьд нь хэн хийх, хэн зохион байгуулах вэ гэсэн маргаан Дотоод сонгуулийн хороонд гараад байсан. Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороонд гарсан маргаанууд арилж байгаа нь давуу тал болж байна.

-Нийслэлийн Ардчилсан намын даргын асуудал нийгмийн анхааралд байх шиг байна. Янз бүрийн л мэдээ, янз бүрийн нэрс харагдах юм. Нийслэлийн Ардчилсан намын даргаар хэнийг тавих тухай асуудалд та тайлбар өгөөч?

-Нийслэлийн Ардчилсан нам бол том бүтэцтэй байгууллага. Есөн дүүргийн төлөөлөл орж Нийслэлийн намын хороо өөрсдөө шийддэг эрхтэй. Би тэр эрхэнд халдмааргүй байгаа юм. Лу.Гантөмөр гэдэг дарга бодлого явуулж, ямар нэгэн байдлаар Нийслэлийн намын хорооны бүрэн эрхэд халдахгүй гэсэн зарчим барьж байгаа. Тиймээс хэдийгээр өнөөдөр Нийслэлийн намын хорооны үйл ажиллагаа сайнгүй байна, Нийслэлийн намын хороо эзэнгүй байна гэдэг бэрхшээлүүд байгаа ийм үед намын дарга үүрэг гүйцэтгэгч тавьж болно. Миний хүндэтгэлтэй хандаж байгаа зүйл бол энэ том бүтцийг би өөрөө мэдэж, сайн дураараа зохион байгуулахад хүнд байна. Дээр хэлсэн сонгуулиудыг өөрсдөө хийж шинэ даргаа тодруулах нь зөв. Тэрхүү сонгогдсон даргаа тойроод менежментээ хийх хэрэгтэй. Нийслэлийн нам гэдэг бол Монгол Улсын тал болчихоод байна шүү дээ. Тиймээс энэ намын санаа бодол, хүсэл зориг руу шууд халдах бодол надад алга. Хэвлэлээр гарч байгаа нэр ус бол сонгогдох магадлалтай хүмүүсийн талаар яригдаад байна. Оргүй хүмүүс биш л дээ. Энэ хүмүүс сонгогдох байх, магадгүй энэ хүмүүс намын даргын таалалд нийцэх байх ч гэдэг юм уу өрсөлдөх гэж байгаа хүмүүс ийм яриа гаргасан гэж бодож байна. Гаргаг. Яриг. Сайн ярилцах хэрэгтэй. Олонхын дэмжлэг авч чадсан хүн нь намаа удирдах ёстой. Түүнээс Лу.Гантөмөр шууд Нийслэлийн намыг удирдана, дүүргүүдийг удирдана гэвэл миний стратеги гаргах ажил яагаад ч амжихгүй.

-Сүүлийн өдрүүдэд намын жагсаалтад хэнийг оруулах тухай асуудлаар МАН нийгэмд мэдээлэл өгөөд эхэллээ. Танай нам намын жагсаалт, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих вэ?

-Үүнийг мэдээж намын Улс төрийн зөвлөл хамтын удирдлагын хүрээнд шийднэ. Хоёрдугаарт, Үндэсний бодлогын хороо шийднэ. Шийдвэр гаргах байгууллагууд бол эд нар. Намын дарга ямар санал оруулах вэ гэсэн миний байр суурийг сонирхож байна гэж ойлголоо. Миний байр суурь бол нэгдүгээрт, намын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хоёрдугаарт, олон нийт буюу тодорхой салбарын төлөөлөл байх хэрэгтэй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Гуравдугаарт, илүү залуу, илүү эрч хүчтэй хүмүүсийг гаргаж ирнэ. Ямар нэгэн байдлаар бохир асуудалд хутгалдаагүй, олон түмний талархал хүлээж чадах “цэвэр улстөрч” гэж нэрлэгддэг хэсгээс бид оруулж ирэх ёстой. Ингэхийн тулд маш их сургалт хийнэ. Мэргэшсэн парламентыг бид хүсч байгаа. Ардчилсан намын үзэл баримтлал, үзэл санааг дээдэлж чадах, парламент дээр хамгаалж чадах, тэр бодлогыг хэрэгжүүлж нэвтрүүлж чадах хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Ардчилсан нам дахин сэргэлтийн үе дээрээ ирлээ хэмээн танай намынхан мэдээлж байгаа. Үүнийг нийгэм ч эергээр хүлээж авч байна. Намын шинэчлэлд үеийн асуудлыг яаж анхаарч байгаа вэ?

-Ардчилсан нам хүний нөөцийн хувьд шинэчлэгдэж байгаа. Жишээлбэл, Лу.Гантөмөр гэдэг хүн хоёрдугаар үеийн улстөрч мөн. Би Ардчилсан хувьсгалд оролцоогүй. Ардчилсан хувьсгалын үед гадаадад суралцаж байсан. Тиймээс Ардчилсан нам анх удаа хоёрдугаар үеийн партизануудыг оруулж ирлээ гэж ойлгож болно. Миний үүрэг бол гуравдугаар үеийг гаргаж ирэх, гуравдугаар үеэ бэлтгэх. Учир нь монгол төрийг удирдахад туршлага хэрэгтэй. Бодлого хэрэгтэй.

Өнөөдрийн төрд нэгдүгээрт, бодлого алга. Хоёрдугаарт, туршлага асар нимгэн байна. Гуравдугаарт, бэлтгэгдэж амжаагүй нь яах аргагүй анзаарагдаж байна. УИХ-аас гарч байгаа шийдвэрүүд, төрийн анхан, дунд шатанд гарч байгаа шийдвэрүүд, иргэдийг дарамталж байгаа байдал, бизнест хандаж байгаа сөрөг хандлага, гаргаж байгаа мөнгөний бодлого зэрэг зүйлүүдэд төрийн туршлага алдагдсан гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс АН богино хугацаанд хүмүүсээ бэлтгэх, үзэл санаандаа үнэнч байдлыг байнга хадгалах ёстой. АН-ын эрх чөлөөний тунхаг удахгүй гарна. Тэрхүү тунхагт үнэнч байх, түүнийгээ мөрдлөг болгож төрийн ажил хэрэг болгох тухай тусгана. АН-ын нэг гишүүн аймгийн дарга боллоо гэхэд тэр аймагт байгаа бизнес цэцэглэх ёстой. Тэр аймагт байгаа ард түмний амьдрал сайжрах хэрэгтэй. Тэр боломжийг ард түмэнд олгож чадахуйц хүмүүс гарч ирэх ёстой.

Тиймээс манай намыг дараагийн үеэ бэлтгэх ажил хурдтай явж байгаа. Нэгдүгээрт, хүнээрээ ч шинэчлэгдэнэ. Хоёрдугаарт, бодлогоороо ч шинэчлэгдэнэ. Бодлого цоо шинэ байна. Дундаж давхаргыг хамгаалсан төрийн бодлогыг бид гаргаж ирнэ. Иргэд аз жаргалтай амьдарч болох төрийн бодлогыг гаргана. Тэгэхгүй бол нийгмийн 70, 80 хувь нь маш их бухимдалтай, стресстэй байна. Учир нь төр өөрөө ард түмний ахуй амьдралыг самраад байна. Амьдрал руу хэтэрхий оролцож байна. Бэлэнчлэх сэтгэлгээг туйлын их бий болгож байна. Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгохын тулд МАН төрийн зардлыг нэн их өсгөсөн байна. Тэрхүү өндөр зардлыг бий болгохын тулд бизнес эрхлэгчдийг маш ихээр дарамталж доош нь чангааж байна. Ажил, бизнесээ хэвийн хийгээд явж байсан хүмүүс төрийн харалган бодлогоос болж доошоо унаад байна. Ажилгүй болоод байна. Солонгос руу явж ажил хийхээс өөр аргагүй болж байна. Амьдралаа дахин сайжруулж дундаж давхарга руугаа очихыг бүгд хүсч, мөрөөдөж байна. Тиймээс бид шинэ бодлогоор энэ бүхнийг хангах ёстой.

Хамтын удирдлага гэдэг бол Ардчилсан намын шинэчлэл мөн. Бүх гишүүдийн оролцоо гэдэг бол АН-ын шинэчлэл мөн. Бодлогын байгууллага намын дэргэд байгуулж байгаа нь АН-ын шинэчлэл мөн. Сургалтын академи дэргэдээ байгуулсан. Х.Тэмүүжин ахлаад явж байгаа. Энэ бол АН-ын шинэчлэл мөн. Эв нэгдэлтэй байх менежментийг хийж байгаа. Энэ бол АН-ын шинэчлэл мөн. Одоо бодлогын шинэчлэл хийгдэнэ. Энэ шинэчлэлийн бодлого нь стратегитай байна. Тэрхүү стратеги монголчуудын төлөө байна. Монголын ардчилсан төрийг хамгаалахын төлөө ажиллана.

-Энэхүү бодлогоо боловсруулчихсан уу, эсвэл судалгааны ажил нь хийгдэж байна уу?

-Судалгаанууд хийгдчихсэн. Дүгнэлтүүд гарчихсан. Ерөнхий бодлогын зургууд зурагдаж байна. Бид Монголын ард түмэнд ашигтай хувилбарыг санал болгох ёстой. Түүнийгээ урт удаан хугацаанд холбиролтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрхүү бодлого бол дундаж бодлогыг тэлэх бодлого юм. Үүнийг ямар мөнгөний бодлого, ямар төсвийн бодлого, ямар төрийн байгууллагын шинэчлэл, ямар хуулийн засаглалаар, яаж хийж байж дундаж давхаргыг тэлэх вэ гэсэн бодлого гарч ирнэ.

-АН-д клубүүд шинээр мэндэлж байна. 20 гаруй клубтэй болчихлоо. Энэ сайн зүйл үү, эсвэл муу юу?

-АН-ын алтан зарчим юу вэ гэхээр нэгдүгээрт эх орноо бод. Хоёрдугаарт, намаа бод. Гуравдугаарт, фракц найз нөхдөө бод. Хамгийн сүүлд өөрийгөө бод. Энэ бол АН-ын үйл хэргийн алтан зарчим. Энэ зарчмыг барьж байгаа тохиолдолд бодлогын, улстөрийн, уран сайхны ямар ч клубүүд байж болно. Бүгдийг нь зөвшөөрнө. Хүмүүс эвлэлдэн нэгдэж байгаа нь сайн. Гол нь АН-ын үйл хэргийн алтан зарчмыг баримтлах хэрэгтэй. АН-ын даргын зарчим шударга байна. Ардчилсан зарчимтай байна. Хуулийг дээдэлнэ. Бүх хүнд тэгш байдлыг олгоно. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг АН хатуу баримтална.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

 

2023.9.11, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27 НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.9.11, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 06.23-19.15
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
story-news

Лу.Гантөмөр: Ардчилсан нам дундаж давхаргыг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Ойрын хоёр хоногтоо төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Дорнодын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Монгол Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +11…+16 градус,  говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25….+30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20….+25 градус,  бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…-2 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +13…+18 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна. 14, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Төрийн сонгуулийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагаар хийлгэмээргүй байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга
Г.Төгөлдөр “Талцаж, хуваалцдаг сэтгэхүй дээр их гүрнүүд тоглолт хийдэг” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хуульч Г.Цолмонгэрэл”Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны ганц шүүхтэй байгаа нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг
үүсгэсэн”гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн сонгуулийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагаар хийлгэмээргүй байна” хэмээн өгүүллээ.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол “Хөшигийн
хөндийд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болох хамгийн том бүтээн байгуулалтыг босгох болно

Налайх дүүргийн иргэн Н.Алтангэрэл “Эрээнээс материалаа өөрөө захиалж байшингаа барихад 20 гаруй сая төгрөгт босоод
ирэхээр байна” гэлээ.

Ирэх сонгуулиар жижиг намууд 60-100 мянган хүний санал авч байж УИХ-д нэг суудалтай болно.

Ерөнхий сайдыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн Цэц унагах уу?

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Монгол бөмбөг намнаа” төрлөөр үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсын Соёлын яам, Монголын Морьт Харваачдын Холбоотой хамтран зохион байгуулж буй Монгол соёлын биет бус өвийн төрөл болох Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны есдүгээр 7-10-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 21 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол бөмбөг намнаа нь албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна.

Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн энэхүү төрлийг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилгоор “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байгаа юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.