Categories
нийгэм цаг-үе

Энэ сарын 15-наас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбоно DNN.mn

Есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбох бол ААН, байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-нээс холбоно.

Түүнчлэн байгууллагууд бүгд дулааны тоолууртай байдаг тул хүйтэрвэл есдүгээр сарын 20-ноос УБДС ТӨХК-д мэдэгдэж, дулаанаа холбуулах боломжтой аж.

Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 16 байршилд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл хийжээ. Дэлхийн банкны санхүүжилтээр долоо, УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр тав, улсын төсвийн хөрөнгөөр гурван байршилд засвар хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав DNN.mn

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа  амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа гардууллаа.

Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг 7 сая, хүрэл медальтныг 4 сая, тусгай байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиад зохион байгуулах хороо тус бүрийг 10 сая төгрөгөөр урамшууллаа.

Энэ жил олон улсын:

  • Математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Япон Улсын Чиба хотод,
  • Биологийн олимпиад 07 дугаар сарын 02-11 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад,
  • Химийн олимпиад 07 дугаар сарын 16-25-нд Швейцарын Холбооны Улсын Цюрих хотод,
  • Физикийн олимпиад 07 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод,
  • Мэдээлэл зүйн олимпиад 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Унгар Улсад болж Монгол Улсаас нийт 25 сурагч, 14 дасгалжуулагч багш оролцсон юм.

Математикийн олимпиадад зургаан сурагч оролцсоноос алт медаль-1, хүрэл медаль-4, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-3, физикийн олимпиадад 5 сурагч оролцсоноос мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, нийт 1 сурагч алтан медаль, 1 сурагч мөнгөн медаль, 13 сурагч хүрэл медаль авч, 4 сурагч тусгай байр эзэлжээ.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.

Categories
нийгэм цаг-үе

Ч.Батзориг: Богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна DNN.mn

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна.

Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ” гэлээ.


-Наадамчдын өргөн чөлөөнд хайс, хашлага тавьснаас хойш хэд хэдэн машин осол гаргаж, үүнийг мөргөсөн. Хохирлыг хэрхэн барагдуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд гурван байршилд хайс, хашлага эвдсэн. Үүнээс хоёр этгээдийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна. Нэг үйлдэл дээр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт хийж байгаа.

-Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа яваа вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна. Хувийн тээврийн хэрэгслийн тухайд Засгийн газраас түр журмыг баталсны дараагаар цахим гэрчилгээг иргэдэд 44 байршлаар тараана. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн жил 161 байршилд дэд бүтцийн ажлуудыг хийж, мөн 442 мянга гаруй цахим гэрчилгээг худалдаад авчихсан байгаа.

-Наадамчдын өргөн чөлөөний замын ачааллыг бууруулах чиглэлээр хоёр байршилд авто зам тавьж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Наадамчдын өргөн чөлөөг ТЭЦ 4-тэй холбох гүүрэн байгууламж арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад орно. 2.8 км замын үндсэн далангийн ажил, хучилтыг хийж, зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байна. Харин “Мишээл” худалдааны төвөөс урагш чиглэсэн замын хучилт дууссан. Хойшоо “Эрэл” компани руу явсан замын тухайд 65 хувьтай, тус компанитай холбоотой 750 метр замын ажил шүүхийн шийдвэрийн дагуу зогсчихоод байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс он гарснаас хойш 40.9 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Манай улсын энэ жилийн эхний найман сарын гадаад худалдааны эргэлт 15.9 тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үеийнхээс 2.5 тэрбумаар буюу 19.4 хувиар өсжээ. Экспортод 10 тэрбум ам.долларын түүхий эд бараа нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 29 хувиар нэмэгдсэн дүн аж. Тухайлбал 1-8 дугаар сард 40.9 сая тонн чулуун нүүрс борлуулсан нь 2022 оны мөн үеийнхээс 2.8 дахин нэмэгдсэн дүн гарсан байна.

Түүнчлэн 1.02 сая тонн буюу 2022 оны 1-8 дугаар сарынхаас 4.7 хувиар их зэсийн баяжмал нийлүүлж, экспортын орлогын 17.7 хувийг бүрдүүлсэн байна. Харин импортод зарцуулсан хөрөнгийн 21.1 хувиар нь нефтийн бүтээгдэхүүн, 14.1-ээр нь ачааны болон суудлын автомашин, тоног төхөөрөмж, эд анги, 2.1-ээр нь эрчим хүч худалдан авсан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунхорол: Хөшигийн хөндийд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болох хамгийн том бүтээн байгуулалтыг босгох болно DNN.mn

Хөшигийн хөндийн Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод хот байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад жилийн хугацаа өнгөрчээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явагдаж байна вэ?

-Монгол Улсын засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах эдийн засгийн чөлөөт бүс бүхий Шинэ зуунмод хот байгуулах шийдвэрүүдийг гаргасан.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол батлагдсан. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэд бүтэц, хууль эрх зүйн бодлогын баримт бичгийг бэлэн болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ өндөр хөгжилтэй орнууд болон зах зээлийн эдийн засгийн харилцаанд амжилттай шилжсэн орнуудын хот төлөвлөлт болон хууль эрх зүйн бодлогын баримт бичгүүдийг судалж төлөвлөлтдөө тусгасан.

Шинэ бүтээн байгуулалтын хувьд эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд 56.8 км урттай үерийн хамгаалалтын суваг, ус хангамж, ариутгах татуургын 50 км урттай шугам болон цахилгаан хангамжийн ажлын санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж улмаар барилга угсралтын ажил явагдаж байна.

-Дэд бүтцийн ажил явагдаж байгаа юм байна. Тэгвэл барилга, байшин барих ажил хэзээнээс эхлэх вэ. Энэ том төлөвлөлтүүдээс алийг нь эхлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай улсын хувьд 1980 оноос хойш 40 жилийн дараа шинэ хот байгуулах төлөвлөлтийг хийж байна. Хот байгуулна гэдэг шууд байшин барилга сүндэрлүүлээд эхлэх зүйл биш өмнөх хот төлөвлөлтийн алдааг давтахгүйн тулд хууль эрх зүйн орчин, инженерийн дэд бүтэц болон нийгмийн дэд бүтцийг маш сайн боловсруулж хүний урсгалыг татах ажлын байруудыг бий болгож амьдрах таатай хотыг босгохоор зорьж байна. Хүний урсгалыг яаж татах вэ гэдэг тооцооллыг дотоодын болон гадаадын судлаачид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж нягт нямбай боловсруулсан. Энэ утгаараа Хөшигийн хөндийд ямар ч аж ахуйн нэгжид газар олгоогүй. Газрыг зөвхөн ерөнхий төлөвлөгөө болон нарийвчилсан төлөвлөгөөний дагуу олгож бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Эхний ээлжид Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

-Төрөөс бүтээн байгуулалтын ажилд хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж “Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газар доорх инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх учиртай хэмээсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газраас манлайлал үзүүлж, Хөшгийн хөндийн дэд бүтцийн асуудлыг төрөөс бүрэн шийдвэрлэхээр болсон. Барилга, хот байгуулалтын яамнаас шаардлагатай зураг төслийн ажлуудыг гүйцэтгүүлж, эхний ээлжийн хэсэгчилсэн дэд бүтцийн санхүүжилтийг улсын төсөвт суулган дэд бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд явж байгаа. Сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгаа БХБЯ-ныхандаа энэ дашрамд талархлаа илэрхийлье.

-Эхний ээлжинд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг ажлыг эрчимжүүлнэ гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн тухайд гэвэл гол цөм нь аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний салбар байх юм. Өнөөдрийн байдлаар 450 мянган орчим жуулчин манай улсад ирсэн байна. Үүний 50 хувь нь Хөшигийн хөндийн “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаар Монгол Улсад нэвтэрсэн. Цаашдаа энэ тоо улам ихсэх болно. Тиймээс Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд жуулчдыг хүлээж авах зочид буудал, энтертайнмэнт төв, битүү цэнгэлдэх хүрээлэн, олон улсын хурал, үзэсгэлэнгийн цогцолбор, тээвэр логистикийн төв, үйлдвэрлэлийн бүс, худалдаа, үйлчилгээ, татваргүй барааны төв, олон улсын санхүүгийн төв, эрүүл мэндийн цогцолборыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн дагуу үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлж, өндөр цалинтай мянга мянган ажлын байрыг бий болгоно гэж тооцож байгаа.

-Энтертайнмент төв, битүү цэнгэлдэх хүрээлэнгийн талаар тодруулахгүй юу?

-Манай улсын хүн амын 70 орчим хувийг 35 нас хүртэлх залуучууд эзэлдэг. Үүний тод илрэл нь энэ зун төв цэнгэлдэх хүрээлэнд болсон шоу арга хэмжээнүүдийг 30-40 мянган хүн үзэж сонирхсон байна. Эдгээр арга хэмжээний үед 1 мкв-д талбайд таван хүн шахцалдан үзэж байгаа нь олон улсын хөгжмийн наадмуудын стандартаар нэг хүнд оногдох талбай 1- 3 м.кв байх ёстой хэмжээнээс хэт доогуур байна. Гэтэл манай улсад дэлхийн хөгжмийн наадмын стандартаар олон үзэгч хүлээж авах багтаамжтай заал танхим одоогоор байхгүй. Тиймээс энтертайнмент, шоу, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах 20 мянган хүний суудалтай битүү цэнгэлдэх хүрээлэнг Эдийн засгийн чөлөөт бүсэд барихаар төлөвлөсөн.

Олон улсын жишигт нийцсэн битүү цэнгэлдэх хүрээлэнтэй Монголын уран бүтээлчид ганц зуны улиралд баригдахгүйгээр шоу тоглолт, арга хэмжээгээ зохион байгуулах боломж нээгдэнэ. Мөн дэлхийн алдартай хамтлаг, дуучид, уран бүтээлчдийг урьж эх орондоо шоу тоглолтыг нь үзэх боломж нээгдэнэ. Энэ нь эргээд шоу энтертайнментийн салбарын хөгжилд том хувь нэмэр болохоос гадна жуулчдын урсгалыг татах том суваг болно гэж харж байгаа.

-Хөшигийн хөндийд Казино байгуулах асуудал юу болж байна. Казиногийн хуулийн төсөл ямар шатандаа явна вэ?

-Улс орнууд казиног орлого олох үр өгөөжтэй бизнес гэж үзэж хөгжүүлж байна. Дэлхийн 156 орон казинотой байсан бол шинээр Япон, Арабын нэгдсэн Эмират улс болон Тайланд улс казино байгуулах шийдвэрээ гаргаад бүтээн байгуулалтуудаа эхлүүлчихлээ. Бид хөгжиж буй болон хөгжингүй орнуудын казино байгуулсан туршлага, эерэг, сөрөг талууд, хууль эрх зүйн орчны судалгаануудыг хийж, ХЗДХЯ-ны ажлын хэсэгтэй хамтран ажилласан. Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг 2022 оны 12 дугаар сард УИХ-д өргөн барьсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан байгаа.

-НҮБ-ын цөлжилтийн СОP-17 хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Уг хурлыг хийх газрын нэгээр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг сонгосон гэж сонссон?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хуралд оролцох үеэрээ “Цөлжилттэй тэмцэх конвенцийн “СOP- 17” дугаар бага хурлыг Монгол Улсад зохион шийдвэрийг гаргасан. Уг хуралд оролцохоор 180 гаруй орноос 5000-7000 төлөөлөгч Монгол Улсад ирэх төлөвтэй байна. 2019 онд БНЭУ-ын Шинэ Дэли хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн талуудын бага хуралд 6000 орчим хүн оролцсон. Харин 2022 онд Кот Д’ивуар улсын Абижан хотод зохион байгуулагдсан COP-15 хуралд 7000 орчим хүн оролцсон байна. Ер нь улс орнууд “СОР”-ын хуралд зориулж стандартын дагуу Олон улсын хурлын иж бүрэн цогцолборын барьж байгуулсан туршлагууд байна. НҮБ-ын зүгээс хурлыг зохион байгуулах орнуудад 3000 хүний суудалтай хоёр их танхим болон 200-300 хүний багтаамжтай 15 орчим танхим, өндөр техник тоноглолтой байна гэх мэт шаардлагуудыг тавьдаг. Дээрээс нь хурлын аюулгүй байдал, эрсдэлийн хамгаалалт гээд зам хаахаас эхлүүлээд асуудлууд үүснэ. Тиймээс хурлын танхимуудыг Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс дэх Олон улсын хурал, үзэсгэлэнгийн цогцолборын төлөвлөлтөд оруулж шийдэх боломжтой юм. Ингэснээр “MICE” /хурал зөвлөгөөн, урамшуулалт хөтөлбөр, чуулга уулзалт, үзэсгэлэн/эвэнт, энтертайнмент/ буюу аялал жуулчлалын багцыг хөгжүүлэх боломж нээгдэж байна.

-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд СOP-17 хурлыг зохион байгуулах гол шалтгаан юу вэ?

-Нисэх буудалдаа ойрхон байршлын давуу талтай, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн, бүтээн байгуулалт хийж болох эрүүл, сул газартай. Чөлөөт бүс нь өөрөө визний тусгай дэглэмтэй, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувь хүмүүст зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулж виз, татвар, зөвшөөрөл гээд төрийн олон үйлчилгээг тэндээ үзүүлдгээрээ онцлогтой юм. Мөн бүтээн байгуулалт хийж байгаа ААН-үүдэд татварын хөнгөлөлтүүдийг олгодог давуу талтай. Энэ том хурлыг угтаад олон улсын шаардлагад нийцсэн хурал, үзэсгэлэнгийн цогцолбор, зочид буудал, дагалдах үйлчилгээнүүдтэй болсноор цаашид олон улсын хурлуудыг аваад байх боломжтой.

Шинэ хотынхоо суурь бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн зэрэгцээ байгальд ээлтэй эко, ногоон төлөвлөлттэй шинэ орчинд НҮБ-ын хурлыг зохион байгуулсан улс болно.

-ЭЗЧБ-ийн бүтээн байгуулалт ямар үе шаттай, хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2030 он гэхэд бүрэн байгуулж дуусгахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал шаардлагатай байна. Манай улсын хувьд гадаад нөхцөл байдал, инфляцийн хэмжээ, хөрш орнуудын хил гаалийн бодлогоос шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа. Өмнөх туршлагад тулгуурлан олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дотоодын эдийн засагт үүсэж байгаа бодит эрсдэлүүд нэлээд хүндрэл бэрхшээл учруулахаар байна. Иймд гадаадын банк, санхүүгийн байгууллагаас орох санхүүгийн урсгалыг дотоодын эдийн засаг руу татах, улмаар дотоодын банк, санхүүгийн үйлчилгээг олон улсын санхүүгийн зах зээлтэй холбосон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн тогтолцоонд шилжүүлэн өөрчлөх нь онцгой ач холбогдолтой зорилт болж байна.

-Олон улсын санхүүгийн зах зээлтэй хэрхэн холбох вэ?

-Энэ талаар Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч нарийн тусгасан байдаг. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод олон тулгуурт эдийн засагтай улс болох, 2021-2030 онуудад олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх зорилт тавьсан. Манай дотоодын санхүүгийн зах зээл банкны салбараас хэт хамаарсан, банкуудын өрсөлдөх чадвар сул, зээлийн хүү өндөр, санхүүгийн зуучлалын үйлчилгээний төрөл хязгаарлагдмал, чанаргүй зээлийн багц өндөртэй байгаагаас бүтээн байгуулалтын том хэмжээний төслийн санхүүжилтийг дангаар хийхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс бид олон улсын санхүүгийн төвийн чиглэлээр судалгаануудыг хийж, хуулийн төслийг боловсруулсан. Санхүүгийн төв нь бие даасан хууль эрх зүйн зохицуулалттай байна. ХЗДХЯ, СЯ, ЭЗХЯ, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд олон салбарын оролцоотой ажлын хэсэг байгуулагдан хуулийн төсөл дээр нарийвчлан ажиллаж байна. Санхүүгийн төвд үнэт цаасны ажил үйлчилгээ, арилжаа, санхүү, даатгал, хөрөнгө оруулалтын бизнесийн харилцааг нийтийн эрх зүйн /com­mon law/ зохицуулалтаар тусгайлан зохицуулах ба эрүү, захиргаа зэрэг бусад эрх зүйн харилцаа нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдахаар хуулиа боловсруулж байгаа. Энэ хууль батлагдаж олон улсын санхүүгийн төвтэй болсноороо эдийн засгийн хөгжлийг урагшлуулах гарц, боломж нээгдэж томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ.

-Бүтээн байгуулалтыг гадны хөрөнгө оруулалтаар шийднэ гэж ойлгож болох уу?

-Бүтээн байгуулалтын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж явуулна. Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндийд төр хувийн хэвшлийн түншлэлээр босох хамгийн том бүтээн байгуулалт бий болно. Хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч их байгаа. Тэдний зүгээс олон улсын гэрээ, дүрэм давамгайлсан эрх зүйн таатай, тодорхой орчин, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг хангах тал дээр анхаарах хүсэлтүүдийг тавьсан.

-Тэгэхээр шинээр хууль эрх зүйн орчныг бэлдэж байж хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэх үү?

-Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтад шаардлагатай хууль эрхзүй, хөрөнгө оруулалтыг сайжруулах техник туслалцааны төслийг Япон улсын засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага хэрэгжүүлэхээр болсон. Нэгэнт чөлөөт бүс гээд тусдаа хуулиар зохицуулагддаг, олон улсын жишгээр хөгжих бүс байгуулж байгаа юм чинь удирдах, хөгжүүлэх арга, хэлбэрийг нь мөн олон улсын туршлагад үндэслээд өөрчлөх шаардлагатай байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан корпорацийн хэлбэрт оруулаад, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад шийдвэрээ гаргаад явах оновчтой хувилбар гэж үзэж сонгосон.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хэрхэн хангах вэ?

-Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах итгэл бий болно. Нөгөө талаараа захиргааны шинжтэй хязгаарлалт, хүнд суртлыг бууруулж чадна гэж харж байна. Олон улсын судлаачдын зүгээс компанийн засаглалыг сайжруулж байж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ. Чадварлаг менежерүүдийг татах, тогтоон барихын тулд цалин урамшууллыг зах зээлийн зарчимд үндэслэн олгох хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Ер нь хариуцлагатай, ур чадвартай менежментийн баг зардлаа нөхсөн өндөр үнэ цэнийг авчирч, урт хугацаандаа мөнгө хэмнэнэ. Мөн чөлөөт бүсийг хөгжүүлэх оновчтой санхүүгийн механизм бий болгох хэрэгтэй. Газрын арилжаа, түрээс ба хуваарилалт зэргийг бизнесийн хөгжлийн зарчимд суурилж, хөгжүүлэлтийг хатуу хуваарийн дагуу хийнэ. Эс тэгвээс, хөгжүүлэлтийн ажиллагаа явагдахгүй газрын наймаа болж хувирах эрсдэлтэй тулгарна. Бизнесийн үйл ажиллагаа явуулах процессыг хялбаршуулж өгнө. Одоогийн процессууд хэт нүсэр, хүндрэлтэй байна. Бизнесийн процессуудыг аль болох хялбаршуулж, шат дамжлагыг цөөлөх хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулагчдад таатай уур амьсгал бүрдүүлэх нь хамгийн чухал байна. Тэдний сонирхлыг татахын тулд урт хугацааны тууштай арга хэмжээ, үйл ажиллагаа шаардагдах болно. Хөрөнгө оруулагчид бизнест ээлгүй бодлого, дүрэм журмын золиос болж шийтгүүлэх учиргүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын зорьж хэрэгжүүлж байгаа ажил үйлсэд өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын төсөл маань амжилттай хэрэгжиж Эдийн засгийн чөлөөт бүс бүхий Шинэ Зуунмод хот бий болж эдийн засгийг солонгоруулах цаг удахгүй ирэх байх аа.

 

Д.САРНАЙ

 

Categories
мэдээ нийгэм

Нарийнтээл сумын нутагт хөв цөөрөм байгуулжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргын А/543 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их булгийн ам” хэмээх газарт байгуулсан 11745.6 м³ ус бүхий хөв цөөрмийг хүлээж авлаа.

Тус хөв цөөрмийн зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Гидро-Фантан” ХХК гүйцэтгэсэн бол бүтээн байгуулах ажлыг 2023 онд “Усны барилга” ХХК гүйцэтгэсэн.

Хөв цөөрмийн боомтын урт 83.8 м, өндөр нь 4.23 м, хярын өргөн 4 м бөгөөд мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Энэ бүс нутагт жилийн нийлбэр хур тунадас 129.5 см байдаг ба хур тунадасны 80 хувь нь дулааны улиралд ордог.

Мөн хөв цөөрмийн дэргэд хаврын шар ус, зуны үерийн усыг нэвтрүүлэх хамгаалалтын сувгийг байгуулсан гэж Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Алтангэрэл: Эрээнээс материалаа өөрөө захиалж байшингаа барихад 20 гаруй сая төгрөгт босоод ирэхээр байна DNN.mn

Налайх дүүргийн иргэн Н.Алтангэрэлийнх наадмын дараа шинэ байшиндаа оржээ. Наран талдаа цэлийсэн цонхтой энэ байшингийн хэмжээ нь 70 м.кв. Онцлог нь тэрбээр барилгын материалаа Эрээнээс татаж байшингаа өөрөө барьсан гэнэ. Дотроо гурван тасалгаатай байшинг босгоход ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарчээ. Өөрийнх нь онцолж байгаагаар мөрөөдлийн байшингаа босгоод буй нь энэ гэнэ. Түүнтэй хөөрөлдөж туршлагыг нь хуваалцлаа.

-Танай гэр бүл шинэ байшиндаа ороод удаагүй байгаа юм байна. Хэдий хугацаанд байшингаа босгов?

-Ковидын үед гэртээ амарч байхдаа байшингаа шинэчлэх талаар бодож эхэлсэн. орон сууц худалдаж авах гэхээр үнэ нь тэнгэрт хадчихсан, м.кв-т багадаа хоёр сая давсан үнэтэй. зээлд хамрагдах бараг боломжгүй. Хөөцөлдөөд зээл авлаа гэж тооцоолоход үлдсэн насаа өр төлж өнгөрөөх гээд байв. Ингээд аавынхаа хашаанд амины орон сууц барихаар шийдсэн. байшингаа босгох ажил өнгөрсөн хавар эхлээд зуны адаг сартай уралдаад дууслаа. Өмнө нь манайх том шавар байшинд амьдардаг байлаа. Шинэ байшинд орохтой зэрэгцээд хүү минь мэндэллээ. саруулхан байшинд шинэ хүнээ хүлээж аваад сайхан байна.

-Та байшингаа босгохдоо материалаа урдаас татсан гэв үү. Ямар хугацаанд ирж байна вэ?

-Тийм ээ. барилгын материалаа цуглуулахаар 100 айл зах орсон ч үнэ нь дийлдэхээргүй юм билээ. Урдаас оруулж ирээд даруй гурав нугалаад зарж байна лээ. Өөрт байгаа боломжоо тооцоолж үзэхэд 100 айлаас барилгын материал авахад яагаад ч хүрэлцэхгүй байсан юм. урдаас барилгын материал захиалахыг судалж үзсэн. эрээн дэх дэлгүүрүүд рүү Wеchat хаягаар нь хандахад барилгын материалын үнэ маш хямдхан байсан л даа. Эндээс захиалахад каргонд тавиад өгдөг юм байна. Захиалсан бараа материалаа ердөө хоёр долоо хоногийн дараа л хүлээж аваад шууд ажилдаа орсон. Тоо, хэмжээ нь яг захиалснаар л ирж байна лээ.

-Урд барилгын материал ямар үнэтэй байна вэ. Та байшингаа ямар өртгөөр босгов?

-Эрээнд сонголт өргөн юм билээ. энд захуудад худалдаалагдаж байгаа материалуудыг анзаарахад хамгийн хямд нь орж ирдэг шиг санагдсан. Миний тухайд бол байшингаа босгосон нийт зардал маань 20 гаруй сая төгрөг болсон. үүнд урдаас захиалсан барилгын материал, тээврийн зардал, дотор тохижилт зэрэг бүгд багтсан. Үнийн тухайд эндэхтэй харьцуулах аргагүй. Байшингийн хаалга л гэхэд 250-800 мянган төгрөгийн хооронд өргөн сонголттой байна лээ. Манайд бол доод тал нь 550 мянган төгрөгийн ханштай. Хамгийн доод үнэ нь ийм. Урдаас чанартай хаалгыг л 400 мянган төгрөгөөр авч байгаа юм. Миний авсан хаалганы ижил нь зах дээр сая давсан үнэтэй байна лээ. Мөн байшин барихад чухал хэрэгтэй дээврийн төмөр ширхэг нь ердөө 8000 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн чанартай хар паниар ширхэг нь 42 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Гипсэн хавтан л гэхэд ердөө 10 мянган төгрөг.

Үүнээс гадна байшингийн цонхны тухайд мкв нь ойролцоогоор 130 мянган төгрөгийн үнэтэй. Сангийн материалууд бол хэд дахин хямд үнээр захиалж авах боломжтой. Байшин барихад чухал хэрэгтэй дутавр гэхэд 12 мкв нь 400 мянган төгрөгийн үнэтэй. Энэ мэтчилэнгээр материал тус бүрээс мөнгө хэмнээд байхад хямдхаан өртгөөр чанартай барилга барих боломжтой санагдсан. Миний тухайд чанартай материалууд сонгож бариад өртөг нь ийм гарсан. Илүү төсөр зардлаар ч босгох боломжтой юм билээ. Ойролцоогоор 25 сая төгрөгөөр загварлаг тухтай зуслангийн байшин босоод ирнэ. Зөвхөн барилгын материалын үнэ нь ийм биш. Шууд ороод суухад бэлэн байшин л ийм өртгөөр босно.

-Амны орон сууц барихад гол асуудал нь дулаалга. Дулаалгын материалд гол үнэ нь явчихдаг шүү дээ. Та дулаалгын асуудлаа яаж зохицуулав?

-Байшингаа юугаар дулаалж болох талаар их судалсан. Олон ч хүн рүү хандсан. Дулаан байлгахын тулд том цонх хэрэгтэй юм билээ. Ингээд хоёр том цонх хийсэн юм. Дулаалахдаа шилэн хөвөнг сонгосон. Боодолдоо зургаан ширхэгтэй шилэн хөвөн 19000 төгрөгийн үнэтэй. 5 см зузаантай энэ шинэ хөвөнг хүмүүс түгээмэл ашигладаг юм билээ. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой нь гэж ойлгосон. Ийм шилэн хөвөнгөөр дулаалгаа шийдсэн олон айл дулаахан өвөлжихийг олон жишээнээс харсан л даа. Ингээд үүнийг сонгосон. Том цонхоор дулаана аваад гадагшлуулахгүй байхад гэрт гал түлж дулаалах хэрэгтэй огт байхгүй юм билээ. Хамгийн гол нь орж ирсэн дулаан гадагшаа сийгэхгүй байхад л тасалгааны дулаан 20 давсан градустай байдаг. Заавал нүүрс, түлээ гэх шаардлагагүй. Байшингаа сайтар дулаалаад л орон сууц шиг цэвэр орчинд байх боломжтой.

-Дотор тохижилтод бага биш зардал гардаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулав?

-Энд тааз их үнэтэй байдаг. Урд бол хөнгөн цагаан тааз 60-200 юанын хооронд ханштай. 28 мянгаас дээш үнэтэй гэсэн үг. Сонголт мэдээж маш өргөн. Мөн паркетан шал чухал. Энэ мөн л өргөн сонголттой. Чанартай паркетыг 18000 мянган төгрөгөөр л захиалаад авчихна. Энд ирэхээрээ үнэ нугарч байна лээ. За тэгээд гал тогооны тавилга төрөл бүрээрээ бий.

Заавал энд зөөж ирсэн ченжүүдийн аманд орж хэлсэн үнээр нь бараа авах огт шаардлагагүй. Хэрэгцээндээ тааруулаад өөрөө захиалахад л хоёр долоо хоногийн дотор л ороод ирнэ. Хямд төсөр зардлаар чанартай байшин барих боломж бүрэн бий. Эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа ч чанартай материалаар санаандаа таарсан байшин босгож болно. Заавал тоосго өрөх биш. Төрөл бүрийн материалаар хүссэн загвараараа байшин бариад сууж болно.

 

Categories
гадаад мэдээ

Хятадын хямрал улс төрийн шалтгаантай DNN.mn

Урд хөршийн эдийн засаг дотоод эргэлт, гадаад экспорт гэсэн хоёр тулгуур дээр тогтдог. Тэгвэл Хятадын эдийн засаг нэг тулгууртай болж буй талаар BBC-ийн тоймч Алексей Калмыковын бичсэн “Хятадын эцэс төгсгөлгүй хямрал. Яагаад Си Жиньпиний удирдлага дор Хятад Америкийг гүйцэх магадлал бага байна вэ?”нийтлэлийг хүргэж байна.


Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, баяжин дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий гүрэн АНУ-ыг гүйцэж түрүүлэх нь хэнд ч ойлгомжтой болоод байв. Гэвч сүүлийн гурван жилд Хятад улсын эдийн засгийн өсөлт огцом удааширч, ач холбогдлоо алдав. Энэ зун барууны мэргэжилтнүүд, улстөрчид “бүдгэрч” буй Хятадын эдийн засгийн удаашрал дэлхийн бусад улс орнуудад хэрхэн нөлөөлөх талаар ярьж эхэлсэн юм. Учир нь Америкийн хувьд Хятад улсын эдийн засгийн аюул хуучирч, улс төр, цэргийн шинэ аюул болж хувирав. Харин Хятадын эдийн засагт үүссэн энэхүү “шинэ нөхцөл” Азийн хөршүүдэд нь барууны бизнес, хөрөнгө оруулалтыг татах боломж болж хувирсан. Оросын хувьд Хятадын “гайхамшиг”-ийн бууралт нь энэ улсын гол бүтээгдэхүүн болох эрчим хүчний экспортын орлогыг бууруулна гэдгийг нь тодорхой болгож орхив.

Азийн “нисдэг луу” яагаад гэнэт мөлхөж буй өт болон хувирав?

Товчоор Хятадын эдийн засгийн гол хөдөлгүүр болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл гацчихаад байна. Гэхдээ энэ нь Хятадын хүн ам гол нь Коммунист нам болон түүний удирдагч Си Жиньпиний удирдах, чиглүүлэх үүрэгт үл итгэх явдлаар илэрч гарах нэн хүнд өвчний анхны шинж тэмдэг юм. Орос шиг ядууралд нэрвэгдээд байсан Хятад улс 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжиж, барууны орнуудад нээгдсэн даруйдаа нэг их удалгүй баяжсан. Баялгийн хэмжээ жилд 10-15%-иар өсч байсан ч аажмаар үйлдвэржилт, хотжилт хүчээ шавхаж, Си Жиньпингийн үед эдийн засаг аль хэдийнэ хоёр дахин удаан буюу жилд 5-7 хувиар өсч эхлэв. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт ердөө 3 хувь орчим байсан бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд уг өсөлт 3 хувиас давсангүй. Хятад улс Ковидын 2022 онтой харьцуулахад жилийн өсөлт дор хаяж 5 хувь байх ёстой байв. Хятадын энэхүү хямралыг эдийн засгийн бус улс төрийн шалтгаантай гэдгийг шинжээчид нэгэн дуугаар онцолж байна. Энэ нь коммунист удирдагч Си Жиньпин тус улсад эрх мэдлээ нэгтгэн нэмэгдүүлж, өөрийн “перестройка” болох өөрчлөн байгуулалт эхлүүлсэнтэй холбоотой юм. Тэрбээр экспортын хурдацтай өсөлт, зээлсэн хөрөнгө оруулалтад суурилсан өмнөх өсөлтийн загварыг орлох барууны орнууд шиг хэрэглээнд суурилсан эдийн засаг бий болгохыг хичээж байна. Гэхдээ энэ нь иргэдэд сайн сайхан амьдрал авчрах нь юу л бол. Учир нь өсөлт авчирч байсан хуучин эх үүсвэрүүд хүчээ барж дуусаад эдийн засгийг ёроол руу нь татаж байна. “Энэ бол бүтцийн шалтгаантай удаашрал. 2008-2016 онд эдийн засгийн өсөлтийг хангаж байсан “хөдөлгүүр”-үүд хог хаягдал болов. Үл хөдлөх хөрөнгийн салбар Хятадын эдийн засгийн 25 хүртэлх хувийг бүрдүүлдэг. Энэ салбарын удаашрал, зогсолт нь ерөнхийдөө эдийн засгийн өсөлт буурах гол шалтгаан болж байна” гэж АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төв(CSIS)-ийн Логан Райт хэлэв. Нэгдүгээрт, орлого нь өмнөх шигээ өсөхгүй болсон, хоёрдугаарт, буцаад хямд үнэтэй орон сууц шаардлагатай болж байгаа учраас, гуравдугаарт, иргэд ирээдүйдээ итгэхгүй болж байгаагаас шалтгаалж байна.

Хятадуудын хувьд орон сууц бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт байсан юм. Банкны хадгаламжийн хүүг Коммунист намын бодлого үргэлж дарж, иргэд бүх мөнгөө банкинд хадгалуулах сонирхолгүй болсон. Тиймээс Хятадууд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө өсгөдөг болов. Орон сууц нь хадгаламж болохоос гадна хүмүүс өөрсдөө амьдарч болдог байв. Хотжилт, хүн амын өсөлт нь хотуудын орон сууцны эрэлтийг дэмжиж байв. Эдгээр бүх хүчин зүйл одоо үгүй болов. Үнийн гацалт, уналт нь үл хөдлөх хөрөнгийг хадгаламжийн объект болгох сонирхолгүй болгов. Хотжилт бараг алга болж, хүн амын өсөлт зогсов. АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн ажилтан Зое Лю “Айдас төрүүлж байгаа зүйл нь орон сууцны эрэлт буурснаар хүн амын өсөлтийг бууруулж байна. Хотжилтын оргил үе ард хоцорч, 2013 оноос хойш гэрлэлтийн тоо буурч байна” гэж хэлэв. Нэгдүгээрт, хятад иргэдийн орлого өмнөх шигээ өсөхгүй байна, хоёрдугаарт, орон сууц хямдарсаар байна, гуравдугаарт, тэд ирээдүйдээ итгэхгүй болчихоод байна гэв.

Өмнө нь Хятадын бүтээн байгуулагчид банкнаас зээл, улсаас газар авч, суурийг нь ухангуут, дуусаагүй барилгаа иргэдэд зарж, олсон мөнгөөрөө барилгаа дуусгалгүй, харин шинээр газар худалдаж авч, шинээр зээлэнд барьцаалж, дахин суурь ухан зарж энэ явдал давтагдан явагддаг байсан. Мэдээж хэзээ нэгэн цагт энэ “хөөс” хага үсрэх нь тодорхой байв. Ийм явдал эхлэнгүүт Коммунист нам хөндлөнгөөс оролцож, зохицуулалтыг чангатгаж эхэлсэн ч орон сууцанд оруулсан бараг бүх хөрөнгө оруулалт нь орон сууцны дуусаагүй барилга, суурийг нь ухсан нүх болж хувираад байна. Хэн ч шинэ нүх ухахгүй болж 2021 оны дунд үеэс үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаа хоёр дахин буурав. “Энэ бол Хятадын хөрөнгө оруулалтыг зогсонги байдалд оруулсан гол хүчин зүйл” гэж CSIS-ийн Логан Райт хэлэв. “Үл хөдлөх хөрөнгийн салбарыг орлох Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах өөр эх үүсвэр байсангүй. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн эргэлт огцом удааширснаар тайлбарлагдана” гэж тэр хэллээ. Энэ нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Хятад улсыг урагшлуулсан өсөлтийн “хөдөлгүүр”-үүд гацаж дор хаяж дараагийн арван жилд үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болсон гэсэн үг билээ. Харин хөрөнгө оруулалтын энэхүү бууралтыг Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг болох хэрэглээ, экспортоор нөхөх ёстой. Гэхдээ энэ бол үнэхээр хэцүү зүйл болчихоод байна.

Хүмүүсийг мөнгөө үрэх нөхцөл бий болгох нь Хятадын Коммунист намын гол ажил юм. Одоогийн байдлаар энэ ажлын ахиц дэвшил бага байна. Ажилгүйдэл нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн эргэлт зогсож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна. Ийм нөхцөлд хятадууд мөнгөө зарцуулах бус өрөө төлж, хуримтлал үүсгэхийг илүүд үзэж байна. Гэхдээ гол зүйл бол ирээдүйдээ итгэх итгэл. Бүхэл бүтэн нэг үеийнхний дассан сайн сайхан байдлын тасралтгүй өсөлтийг хангах Коммунист намын чадварт итгэх иргэдийн итгэл улам бүр багасч байгаа явдал.

Нам болон Си Жиньпин юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа гэдэгт би итгэж байна. Тэдэнд эхлээд ковидын хатуу түгжрэл, дараа нь иргэдийн эсэргүүцэл тохиосон. Үүний зэрэгцээ Си “нийтийн хөгжил цэцэглэлтийн” төлөө тэрбумтан, алдартай жүжигчдийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн ч удалгүй бодлоо өөрчилсөн. Мөн энэ бүх хугацаанд барууны орнуудтай Хятадын зөрчилдөөн улам бүр нэмэгдэж, Тайванийн төлөөх дайн хийх нь гэсэн айдас хүн амын дунд улам ихсэж байгааг сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад руу гурван удаа хийсэн айлчлалаасаа би харсан. “Хүмүүс аль болох бага мөнгө зарцуулж, илүү их хэмнэж байна. Шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хагарсан “хөөс” биш юм шиг надад санагдсан. Энэ нь улс орон буруу чиглэлд явж байна гэсэн мэдрэмжээс болж ерөнхийдөө итгэл алдарсантай холбоотой. Үүний үр дүнд шинэ Жэк Ма болж, гутамшигт нэрвэгдэх хүсэлтэй хятадууд улам бүр цөөрсөөр байна” гэж Скотт Кеннеди хэлэв.

“Ажилгүй болсон залуучууд том асуудал болоод байна” гэж АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн Зое Лю асуудлын үндсийг тайлбарлав. “Эрх мэдлийн төвлөрөл нь бусад бүх хүний дуу хоолойг хаачихаад байна. Иймээс эрс шинэчлэл хийх амлалтын дохио хамгийн дээд цэгээс буюу Си Жиньпинээс ирэх ёстой” гэж Логан Райт хэлэв. “Мэдээжийн хэрэг, Хятадын удирдлагад өр барагдуулах болон хүн ам зүйн өсөлтийн аль алиныг нь шийдвэрлэх шаардлагатай болно. Гэхдээ гол асуудал нь өөр. Тэд шинэ нэгдмэл зорилго олж, хүн амыг татах хэрэгтэй. Баруунтай харилцах харилцааны хурцадмал байдлыг намжаан тэд улс орныг хэрхэн чадварлаг удирдахаа мэддэг гэдгээ батлах ёстой. Энэ тохиолдолд эдийн засгийн шинэ өсөлт ирэх нь бүрэн баталгаатай биш ч эрх баригчид хүн амын ирээдүйд итгэх итгэлийг хэсэгчлэн сэргээж, хэрэглээг нь сэргээх боломжтой болно” гэж түүний хамтран зүтгэгч Скотт Кеннеди энэ дохионы мөн чанарыг тайлбарлав. “Энэ нь Си Жиньпин өөрийн одоогийн чиг хандлагыг өөрчлөх шаардлагатай гэсэн үг” гэж Гадаад харилцааны зөвлөлийн Зое Лиу нэмж тайлбарлав.

Өсөлт өмнөх шигээ өндөр байх чадваргүй болсон ч Хятадыг орхих дэндүү эрт байна гэж бараг бүх мэргэжилтэн үзэж байна. АНУ-д төвтэй Петерсоны Олон улсынэдийн засгийн хүрээлэнгийн Ник Ларди “Мэдээж Хятадын эдийн засгийн гайхамшигт өсөлт нэгэнт ард хоцорсон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд хэзээ ч жилийн 8-9%-ийн өсөлт рүү буцаж очиж чадахгүй. Учир нь үүнд томоохон хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай болсон бүтцийн асуудал саад болж байна” гэж хэлэв. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн уналт дууссан гэдэгт итгэлтэй байна. Хятад улс туйлдаа хүрсэн бололтой. Одооноос эхлэн эдийн засгийн өсөлт харин ч хурдасч, ойрын жилүүдэд одоогийн гурван хувиас хамаагүй өндөр байх болно гэж CSIS-ийн дугуй ширээний уулзалтын үеэр судлаачид дүгнэжээ. Өнгөрсөн долдугаар сард гахайн тахал гарч, гахайн махны үнэ огцом өссөн нь шууд нөлөөлсөн дефляцийг нэг их зүйлд бодох шаардлагагүй. Учир нь Хятадад цалин нэмэгдэж, бодит орлого нь жилийн дүнгээр 5-7 хувиар нэмэгдэж байна. Гэсэн ч иргэдийн хуримтлал эсрэгээрээ буурч байна. “Мэдээж хэрэглэгчдийн итгэл үнэмшилтэй холбоотой асуудал байгаа ч орлого энэ хурдаар өссөөр байвал хэрэглээ ямар ч байсан өснө” гэж Ларди итгэлтэй хэлэв. Гэвч эдийн засгийн нөгөө хоёр гол хөдөлгүүр болох хөрөнгө оруулалт, экспортын тэлэлтэд найдах шалтгаан одоогоор алга. “Хятад улс 2000-аад оны сүүлчээс хойш дэлхийн тэргүүлэх экспортлогч хэвээр байгаа ч ДНБ-д эзлэх экспортын хэмжээ буурч байна. 15 жилийн өмнө эдийн засгийн үйл ажиллагааны гуравны нэгийг хангаж байсан экспорт одоо тавны нэг нь болж буураад байна” гэж Гадаад харилцааны зөвлөлийн гишүүн Зое Лю дурсав. “Хэдийгээр Хятад улс үйлчилгээний экспортоо нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч хэвээр байгаа ч экспортоос ДНБ-ий өсөлтийг хурдасгах боломж маш бага байна” гэж тэр хэлэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Төгөлдөр: Талцаж, хуваалцдаг сэтгэхүй дээр их гүрнүүд тоглолт хийдэг DNN.mn

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөртэй ярилцлаа.

– Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсанаас хойш 1937 оны их хэлмэгдүүлэлтийн яг хэчнээн хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулаад байна вэ?

– Хүмүүс хэлмэгдүүлэлтийг 1937 оны их хэлмэгдүүлэлтээр ойлгоод байдаг. Хэлмэгдүүлэлт 1921-1990 онд явагдсан. Богд хааны дэргэд 1921 онд зөвлөхөөр байсан Төвдийн иргэн Саж лам Жамъянданзанг Ардын засгаас гадаадын тагнуул гэж шалгасан. Харамсалтай нь түүнийг мөрдөн шалгаж байсан, тушаал шийдвэрийг гаргаж байсан Д.Бодоог 1922 онд Саж лам Жамъянданзангийн хамт буруутгаж, Шархаданд 14 хоног гавлан хорьж, дараа нь цаазаар авснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг.

Коминтерний бодлогоор хамгийн анх цаазлуулж, хэлмэгдсэн хүн бол Монголын орчин цагийн төрийн Ерөнхий сайд байсан Д.Бодоо. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн энэ хэлмэгдүүлэлт 1921 онд эхэлсэн. 1924 онд Монголын анхны Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулийг батлах намын хурал дээр Гадаад хэргийн сайд С.Данзанг улс төрийн зорилгоор мөн хэлмэгдүүлсэн.

Ямар учир шалтгаантай вэ гэвэл бүх дэлхийд коммунизмыг байгуулах Коминтерний үйл ажиллагаа эхэлсэн. Үүний хүрээнд Монголд коммунизмыг бүтээх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чөлөөт зах зээлийн эдийн засаг, нийгмийг сонгосон эсвэл өөрийн улс орны онцлогт тохируулсан Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гэсэн Д.Бодоо, С.Данзан нарын хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Тэр үед Д.Бодоо “Бид дээрээ хэмжээт эрхт хаантай Монгол Ард улс байна” гэж хэлсэн.

Коминтерн хаангүй болгохыг хүссэн. Тиймээс Д.Бодоог цаазалсан нэг шалтгаан нь энэ. Харин С.Данзан “Бид ганцхан Оростой харилцахгүй. Олон улстай харилцана. Швейцар лугаа хөгжмөөр байна. Иргэн баян бол улс баян” хэмээн чөлөөт зах зээлийг баримталсныхаа төлөө, капитализмыг алгасахгүй, түүхийн он дарааллыг зөрчихгүй гэсэн үндэслэлийнхээ төлөө цаазаар авхуулсан.

Хэлмэгдүүлэлтийг зөвхөн хүн алсан буудсан гэдэг утгаар биш яагаад хороов гэдгийн гол зангилаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн оршин байгаа энэ цэг

Ингээд Монголд нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн. Анхны Үндсэн хуулиар иргэдээ ангилсан. Лам нар, ноёд феодалууд, ажилчин тариачин, малчин гэж ангилж, анги давхарга үүсгэсэн. 1925 онд хөрөнгө хураалт эхэлсэн. Баян айлын хөрөнгийг хурааж ядууст тараасан. Ийм үйл явдал өрнөсөөр 1928 онтой золгосон. 1928 онд ЗХУ-ын Удирдах бүрэлдэхүүнтэй Коминтерний орон орны төлөөлөгчид Монголд ирээд Монголын төрийг эргүүлсэн.

Улс төрийн туршлагагүй, Коминтерний бодлогыг үг дуугүй биелүүлдэг зүүнтнүүдийг Засгийн эрхэд тавиад буруу бодлого явуулсан. Үүний урхгаар ард түмэн тартагтаа тулсан. Алтан ургийнхныг, лам нарыг хядаж эхэлсэн. Сүм хийдэд дааж давшгүй татвар ногдуулж эхэлсэн. Ингээд ард түмэн аргаа бараад дүрвэсэн. 30-аад мянган хүн дүрвэсэн байдаг.

Сүүлдээ тэсэхээ байгаад бослого гарсан. Тэр бослогыг социализмын үед “Хуучин эрх ямбаа эргүүлж авах гэсэн феодал ноёд, том толгой лам нар бослого гаргасан” гэж заадаг байсан. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар бослогод маш цөөхөн лам, ноён байсан. Ихэнх нь жирийн иргэд, цэргийн анги нэгтгэлүүд, намын гишүүд байсан. Засаг дарга нь хүртэл бослогын толгойд байсан. Гэхдээ нэгэнт шашин орсон нь үнэн.

Аливаа шашин оролцсон бослого үймээн их харгис болдог. Амьдаар нь зүрхийг нь тахисан, амьдаар нь арьсыг нь хуулсан, мөчилсөн асуудал гарсан учраас үйлдлийг нь зөвтгөх аргагүй. Гэхдээ ер нь лам нарын биш ард түмний бослого байсан. Үүнийг нугачин дарсан. Үүний дараа Сталин “Монголд гарсан бослогыг бид улсын зоригоор дарж болохгүй. Тэгвэл бид дэлхийд муухай харагдана. Энэ үед гай болж цаанаас япончууд ороод ирвэл Япон чөлөөлөгчийн арми болж ЗХУ дарангуйлагч болно” гэж хэлсэн. Тэр үед Япон Хятад руу дайралт хийж манай Дорнодтой хиллэсэн Манж Го улсыг байгуулсан. Тиймээс эхлээд улс төрийн чиг хандлагыг өөрчилж, дараа нь өөрсдийг нь өөрсдөөр нь даруулах аргыг Оросын Коминтерн явуулсан. Үүний тод жишээ бол Лхүмбийн хэрэг.

Эрдэмтэд энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдэг. Энэ бол геноцид гэдэг. Төрлөөр нь хоморголон баривчлах үйл явц. Ангилж байгаад устгасан. Буриадуудыг, тэр үеийн сэхээтнүүд болох лам нарыг, баяд ноёдыг.

Өвөрхангай аймгийн харьяат Лхүмбэ нарийн бичгийн дарга байсан. Оросын бодлогоор адил эрх мэдэл бүхий гурван нарийн бичгийн даргатай болчихсон. Нэг ёсондоо удирдлагыг саармагжуулж байгаа юм. Лхүмбийг золиосонд гаргасан. Японы тагнуул гээд Лхүмбээр далимдуулж буриад зоныг хядсан. 1500 гаруй хохирогчтой хэрэг л дээ. Буриадууд цагаант хаант Оросын үеэс эхлээд Монголтойгоо нэгдэхийг хүссэн. 1930-аад он хүртэл буриадуудын Монголтой нэгдэх гэсэн үйлдэл маш их эрчимтэй байсан. Монголыг нэг цул хүчирхэг байлгахыг хүсээгүй учраас Лхүмбийн хэрэг гэдгээр буриадуудыг баривчилж хоморголон хядсан.

Нэг түүхэн баримт хэлэхэд “Насанд хүрсэн буриад хүн үлдсэнгүй. Одоо хэнийг баривчилна” гэсэн байдаг. Ингээд бослогын дараа буюу 1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр ЗХУ-ын генерал Приновский гэж нөхөр заговор буюу хуйвалдаан гэсэн нэртэй 115 хүний нэр бүхий бичгийг Монголд авч ирж Х.Чойбалсанд өгсөн. Эдгээр хүмүүс Японы талтай нийлж хуйвалдаан зохион байгуулж Монголын төрийг авахыг санаархаж байна гэсэн. Мөн өдөр нь Х.Чойбалсан дээрх хүмүүсийг баярын хуралтай гээд бүгдийг нь дуудсан. Цэргийн хүмүүс нь одон медалиа зүүгээд хуралдаа ирсэн. Уг хурал дээрээс 60 орчим хүнийг шууд баривчилсан. Энэ баривчилгаа эхэлснээр хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрч их хэлмэгдүүлэлтийн он жилүүд эхэлсэн.

Ингээд Х.Чойбалсан, Бага хурлын дарга, Улсын дээд шүүхийн дарга гэсэн гуравхан хүний бүрэлдэхүүнтэй Онцгой бүрэн эрхт комиссыг байгуулсан. Энэ гурван хүн 1937 оны есдүгээр сарын 10-наас 1939 оны дөрөвдүгээр cap хүртэлх хоёр жил хүрэхгүй хугацаанд 51 удаа хуралдаж 20 мянга гаруй хүний хэргийг шийдсэн байдаг. Тэрхүү 20 мянган хүний 18 мянга гаруй нь лам мяндагтнууд байсан. Лам мяндагтнуудын 75 хувийг цаазаар авсан. Их хэлмэгдүүлэлт ингэж өрнөсөн.

Тиймээс энэ өдрөөр томьёолон хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бий болгосон. Энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэж байна.

– Цэргийн зүтгэлтнүүд ч тэр аяараа хэлмэгдсэн байдаг бил үү. Ер нь Монголын сэхээтэн давхаргыг тэр чигт нь хядчихсан эмгэнэлт түүх шүү дээ?

– Тийм. 1939 онд Халх голд дайн болсон. Дайны үед цэргийн маш олон зүтгэлтэн хэлмэгдсэн. Монголын армийн удирдах бүрэлдэхүүний өнөөдрийн генерал цолтой дүйцүүлж болох удирдлагуудын 95.5 хувь нь цаазаар авхуулсан. Өөрөөр хэлбэл Монголын арми байлдаанд удирдлагагүй орсон гэсэн үг. Үүнийг цэргийн судлаачид тодорхой ярих байх. Дивиз армийн мөн 90 хувь нь цаазаар авхуулсан байдаг.

1926 онд монголчуудад Алтан ураг гэж ямар чухал нөлөөтэй байв. Монголын Алтан ураг гэж юу вэ, хэнийг алтан ургийн ноёд, Чингисийн удам гэж үзэх вэ гэсэн Орос-Монгол хэл дээр лавлах толь гарсан. Үүний дагуу бүртгэл явуулсан.

Ингээд 1940-өөд он гэхэд Чингисийн шууд угсааны Алтан ургийн 44 засаг ноён эрэгтэй хүүхдүүдтэйгээ, мөн 1,250 тайж алуулсан. Тухайн үеийн гавжийн дамжаа бол одоогийн докторын эрдмийн зэрэг, Лам нарын 75 хувь нь мөн л алуулсан.

Лам гэдгийг одоогийн лам нараар харж ойлгох нь маш явцуу дүгнэлт болно. Тухайн үеийн Монголын соёлын, боловсролын систем тэр чигтээ лам нар байсан. Лам нарыг хядсанаар боловсролын систем байхгүй болчхож байгаа юм. Тэр үед сургууль соёл гэж байгаагүй. Хийдэд очиж шавилдаг. 18, 19 төрлийн эрдэм ном үздэг. 20 гаруй жил сурч төгсдөг. Анагаах ухаан, математик тооны ухаан, зурхайн ухаан зэрэг боловсролыг эзэмшдэг байсан. Ингээд боловсролын систем рүү дайралт хийсэн.

Коминтерний бодлого нь монголчууд дээр туршилт хийгээд социализм байгуулах гэсэн чинь нөгөөдүүл нь юм мэддэг, боловсролтой, алтан ургийнхныхаа үгийг сонсдог зан заншилтай байсан учраас болохгүй байсан. Тиймээс тэдэн рүү чиглэсэн дайралтыг хийсэн.

Сэхээтэн элит давхаргаа устгаад бусдын үгийг сонсдог, дагадаг үндэстнийг бий болгож байгаа юм. Тухайн үед Монгол Улс 700 орчим хүн амтай байсан. 100 орчим мянга нь хэлмэгдүүлэлтэд өртсөн. Монгол үндэстний хувьд энэ бол маш том гарз. Тэрхүү 100 орчим мянга нь дандаа элит хэсэг байсан. Өнөөдрийн яриагаар бол боловсролтой, юмны учрыг мэддэг, зан заншлаа тээдэг хүмүүс байсан.

Нэг жишээ хэлье л дээ. “Анар” студийн захирал Алтанхуяг “Намайг бага байхад манай эмээ 200 гаруй уртын дуу мэддэг байсан. Гэтэл өнөөдрийн уртын дууны жагсаалтыг гаргахад 100 хүрэхгүй байна” гэж саяхан ярьж байсан. 100 гаруй дуу эзэнтэйгээ юутай ийтэйгээ байхгүй болчихсон байна. Өөрөөр хэлбэл соёлын өв байхгүй болчхож.

Үүнээс гадна сүм дуганыг өнөөдрийн Гандан гэдгээр битгий хар. Тэр бол урлагийн бүтээл. Монголчууд эсгий гэртэй л байлаа шүү дээ, тэр үед. Залуус түүхээ мэддэггүйгээс ч тэр үү тэднийг устгаж байж орчин үеийн Монгол гарч ирсэн гэдэг. Гэтэл орчин үеийн Монгол байшингаар хэмжигдэхгүй шүү дээ. 1920, 1930 он шүү дээ. Тэр үед дэлхий ямар байсан билээ. Хийдээ нураагаад дөрвөн давхар байшин барьсан нь хөгжил мөн үү.

Монгол Улсын өрлөг жанжин Дэмидэд наймдугаар сарын 22-нд Оросын цэргийн сургуулилалтыг үзэх урилга ирүүлсэн. Наймдугаар сарын 22-нд Приновский гэх хүнтэй Эрхүүд таарсан байдаг. Уулзалт хийгээд цааш явсан. Оросын Тайх өртөөн дээр нас барсан. Шалтгаан нь консервын хордлого. Үүний дараа Дорнодоор Оросын цэргийн анги орж ирж Монголын газар нутаг дээр байрласан. Үүний дараа буюу есдүгээр сарын 10-нд тэрхүү 115 хүний нэрийг Чойбалсанд өгсөн. Тэгэхээр энэ ямар тактикийн арга хэмжээ вэ. Дарамталж байгаа биз.

– Х.Чойбалсаны талаар олон нийт янз бүрийн л дүгнэлт хэлдэг. Түүхээс харахаар тэр монголчуудаа хядсан алуурчин юм шиг. Судлаачид ер нь түүний талаар ямар дүгнэлт өгдөг вэ?

– Нэг талаасаа алуурчин мөн үү гэвэл мөн. 20 гаруй мянган хүнийг буудан хороох гарын үсэг зурсан хүн мөн.

Нөгөө талаасаа “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн тусгаар тогтнолыг та бүхэнд үлдээв” гэсэн алдарт үгийг хэлсэн. Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгосон хүн мөн. Монгол Улс 1946 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хоёр хөршөөрөө хүлээн зөвшөөрүүлж байж тусгаар тогтнолоо олсон. Их хядлага үүнээс өмнө болсон. Үүнээс өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг ЗХУ зөвхөн хэлбэрийн төдий дэмжиж байсан. Хэлмэгдүүлэлтийг зөвхөн хүн алсан буудсан гэдэг утгаар биш яагаад хороов гэдгийн гол зангилаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн оршин байгаа энэ цэг.

Ер нь Х.Чойбалсан, эсвэл монголчууд бие биенээ хядчихсан асуудал биш. Хядсан нь үнэн. Гэхдээ энэ нь өөрөө дэлхийн орчин цагт оршин тогтнох гэж байсан дэлхийн том гүрнүүдийн геополитик, цэрэг стратегийн маш чухал газар байсан учраас энэ хэлмэгдүүлэлт явагдсан. Цаашид ч энэ геополитик, стратеги байна.

Соёл, уламжлал, зан заншил, алтан ураг, Монгол гэсэн бүхнээ Зөвлөлт холбоот улсын дарангуйлалд байх үедээ бид өөрсдийн гараар үгүй хийсэн. Ингэж үгүй хийснийхээ төлөөсөнд бид тусгаар тогтнолоо олж авсан

Хойноо ч урдаа ч том хөрштэй. Тэгэхээр тэр үеийн дэлхийн улс төр, цэрэг стратеги, геополитикийн гол төв Монголд төвлөрч байсан. Цагаан хаант Орос улс буугаад хувьсгал ялж Орос Алс Дорнодод өөрийн нөлөөг бэхжүүлэх оролдлого хийсэн. Энэ үед хаалттай байсан Япон улс гарч ирж эх газар руу довтолж манай хил дээр тулж гарч ирсэн. Хятад дотроо байлдаантай байсан. Тиймээс Орос шууд Хятадтай хиллэхийг хүсэхгүй. Дундаа заавал гупер улстай байхыг хүснэ.

Япон өвөр монголчуудыг ивээн тэтгэсэн. Эрх чөлөө олгосон. Автономит болгосон. Зарласан. Өвөр монголчуудыг Японд аваачиж сургасан. Өвөр монголчууд Дундад иргэн улсын дарлалаас салахын тулд япончуудад маш найртай хандсан. Хэрэвзээ Монголд Японы арми ороод ирсэн бол монголчууд ч дагахад бэлэн байсан. Амар, Бодоо, Данзан, Дэмид бүгд Оросоос тусламж гуйсан. Тэр үед Орос манайд тусалсан ч Монголыг яаж хувааж авах талаар Хятадтай нууц гэрээтэй байсан. Олигтой дэмжлэг үзүүлээгүй.

Өөрийн нөлөөнд байлгахыг хүссэн. Тиймээс Монголын удирдагчид гуравдагч хөршийг хайж эхэлнэ. Тэр нь Япон. Манайхтай хиллэж байсан. Болохгүй бол Японыг бид дагана гэдгээ ил тод хэлдэг байсан. Үүнийхээ төлөө дараа нь Гэндэн ч тэр. Дэмид ч тэр Японы тагнуул гээд бүгд цаазаар авхуулсан.

– Өнгөрсөн жилүүдэд энэ тухай танай байгууллага их ярьсан. Одоо ер нь хойч үеийн бид хэлмэгдүүлэлтийн тухай юуг санаж сэрж явах ёстой вэ?

– Хүний амьдрал их богинохон. 1980-аад оноос хойших залуус, тэр дундаа улс төр сонирхдог залуус энэ түүхийг сайн уншиж байж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаална.

Нэг болохоор манай ах нар гээд оросуудад сайн хандаад, нэг болохоор Украинтай дайтдаг алуурчид гээд байна. Муу сайн хужаа нар гээд л байх юм. Хэн ч сайн, хэн нь ч муу биш. Тэд бол зүгээр л манай хөрш, адилхан улс орон.

Оросуудын хийсэн тэр үйл явц Оросынхоо талд маш сайн. Бидэнд муу. Ер нь сошиал дээр талцдаг хуваалцдаг энэ сэтгэхүй дээр их гүрнүүд тоглолт хийдэг. Ингэхдээ маш бага хэмжээгээр. Дахин тодотгож хэлье. Маш бага хэмжээгээр. Ингээд сүүлдээ бид түүнд нь итгэж эхэлдэг.

Солонгосын киног бүгд үзэж байна. Нэг хэсэг монголчууд нийтээрээ үзлээ. Одоо Хятадын кинонууд явж байна. Кинон дээр гардаг шиг тийм мундаг хаад ноёд Солонгост байсан уу. Тийм сайхан сүм хийд, тийм сайхан хувцастай, нисдэг хүмүүс Солонгос, Хятадад байсан уу. Байгаагүй. Үзсээр байгаад сүүлдээ итгэж эхэлж байна шүү дээ. Ямар мундаг юм бэ, ямар аугаа соёлтой юм бэ гэцгээгээд л байна. Соёлын довтолгоо бол энэ.

Гэтэл манайх бүх салбарт гэр бүлийн хэмжээний агуулга харуулсан зүйл гаргаж байна. Үндэсний аюулгүй байдал гэдэг бүх салбарт явагддаг шинжлэх ухаан. Соёл, уламжлал, зан заншил, алтан ураг, Монгол гэсэн бүхнээ Зөвлөлт холбоот улсын дарангуйлалд байх үедээ бид өөрсдийн гараар үгүй хийсэн. Ингэж үгүй хийснийхээ төлөөсөнд бид тусгаар тогтнолоо олж авсан юм.

– Хэлмэгдүүлэлтээс цагаатгах боломжгүй хүний тоо хэчнээнээр яригдах вэ. Ер нь хэлмэгдэгсдийн талаарх бодит баримтууд архивт хэр байдаг вэ?

– Цагаатгах боломжгүй гэдэг бол өргөн ойлголттой.

Жишээлбэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 31,595 хүнийг цагаатгасан. Он гарснаар шүүхээс 16 хүнийг мөн цагаатгасан. Одоо ТЕГ-ын архив дээр судлаачид 700-аад хэрэг дээр ажиллаж байна. Гэтэл 1935 оны эсэргүү бослогын үеэр. түүнээс өмнө болон хойно мал шиг аваачаад буудчихсан хүн зөндөө байна. Цагаатгах гэхээр бичиг баримт байхгүй. Шүүхийн шийдвэр гарч байж цагаатгана. Шүүхийн шийдвэргүй буудчихсан хүнийг яах вэ.

Хуулийн процесс болохоор ийм зүйл ангиар шийтгэсүгэй гэсэн бичиг байх ёстой. Түүнд үндэслэж энэ хүн хэрэг хийгээгүй байж гээд цагаатгана. Гэтэл шүүхээр оруулаагүй шоронд тарчилж байгаад үхчихсэн хүнийг яах вэ. Жишээлбэл алдарт зохиолч Буяннэмэх. Машинд ачигдаж явж байгаад бүтээд үхчихсэн. Дээр дээрээс нь давхарлаж ачаад дээр нь эсгий тавиад шорон орон руу зөөдөг байсан. Ингэж нас барсан хүнийг цагаатгах гэхээр яллаагүй.

Өөр нэг жишээ. Өмнөговь аймагт нэлээд харгис хэрцгий төлөөлөгч очдог байсан. Хийдээр ороод эхний тааралдсан таван хүнийг шууд буудан алдаг. Дараа нь бүртгэл хийж баривчилдаг. Эхний таван хүнийг цагаатгаж болдоггүй. Ийм асуудал бий.

Манай ажилчны нагац ах нар болох Яруугийн хүрээний хоёр лам баригдаад явсан. Яасныг нь мэддэггүй. Хайгаад олдоггүй. Баривчлаад авч явахдаа замдаа буудсан уу, эсвэл Орос руу цөллөгөнд явуулчихсан уу. Ямар ч бичиг баримт байдаггүй. Ийм хүний тоо 20-30 мянга бий гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан. Өөрөөр хэлбэл бичиг баримт байхгүй, алга болчихсон 20-30 мянган хүн байна.

Гэтэл 1940 онд хүн амын тооллого явагдахад байсан. Яасныг нь мэдэхгүй алга болчихсон. Одоо үр хойч нь байна. Цагаатгуулах гэсэн юм, ямар ч бичиг баримт байдаггүй гэсэн 20 мянган хүний өргөдөл манайд байгаа. Архивт ямар ч бичиг баримт байдаггүй. Хайгаад олдоггүй. Ялласан шүүхийн тогтоол байхгүй болохоор цагаатгах боломжгүй байгаа юм. Үр хүүхэд нь байдаг. Баримт байхгүй. Хонины бэлчээр дээр тоо гүйцээгээд буудчихсан уу. хоморголсон баривчилгааны үед буудчихсан уу. Алга болчихсон.

Монголын түүхэнд байтугай хүний түүхэнд байх боломжгүй гарсан асуудал бий.

Нийт 60 орчим эмэгтэй хэлмэгдсэн гэсэн тоо байдаг. Долоо нь цаазаар авхуулсан. Гурав нь жирэмсэн байсан. Богдын сүүлчийн хатан Гэнэнпил жирэмсэн байхдаа буудуулсан. Дэмид жанжныг нас барьсных нь дараа эсэргүү болгож хэлмэгдүүлээд эхнэр Навчааг нь жирэмсэн байхад нь буудчихсан. Хэнтий аймгийн Засаг дарга байсан Дунгаржид гэж эмэгтэйг гурван сартай жирэмсэн байхад нь буудчихсан. Энэ бол Монголын байтугай хүн төрөлхтний түүхэнд байхгүй бузар асуудал.

Гэхдээ тэр үед бүртгэл маш нарийн байсан байгаа юм. Жишээ нь хутагтууд. Хүүхэд байхад нь баривчилсан. Сулласан. Дараа нь насанд хүрэхээр нь буудсан. Ямар нарийн бүртгэл явж байсныг үүнээс харж болдог. Эрдэмтэд энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдэг. Энэ бол геноцид гэдэг. Төрлөөр нь хоморголон баривчлах үйл явц. Ангилж байгаад устгасан. Буриадуудыг, тэр үеийн сэхээтнүүд болох лам нарыг, баяд ноёдыг.

Categories
мэдээ эдийн-засаг

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх шийдвэрийг хэвээр үлдээлээ DNN.mn

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх Дээд шүүхийн шийдвэр гарлаа.

Тодруулбал нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, ШӨХТГ, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр хэлэлцсэн аж.

Давж заалдах шатны шүүхээс энэ оны зургаадугааар сард арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр гарсан. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарах байсан юм.

Ийнхүү дээд шүүхийн шийдвэр гарсан тул 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй болж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай ЭНД дарж танилцах боломжтой.