Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, зөвшөөрөлгүй байршуулсан 22 ТҮЦ-ийг чөлөөлжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, дүүргийн засаг даргын 2023 оны А/350 дугаар захирамжийн дагуу зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг чөлөөлжээ.

Тодруулбал, тус дүүргийн 18-р хороонд байрлах нийтийн эзэмшлийн зам талбай хааж, байршуулсан 22 түргэн үйлчилгээний цэгийг чөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Өнгөрсөн долоо хоногт 207 хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.185, мөрдөн байцаалтын 2401 хэрэгт хяналт тавьж, нийт 207 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– “Мал эмнэлгийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Д.У, нягтлан бодогч Г.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар ажлыг хийж гүйцэтгээгүй байхад төлбөрийг шилжүүлсэн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар чөлөөлөгдсөн албан тушаалтныг эргүүлэн өөр албан тушаалд томилж, цалин олгуулсан, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэх;

– “Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын ахмадын амралтын газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь иргэдийн үйлчилгээний төлбөрийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар шилжүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүй хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх авлига, албан тушаалын 2 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул болон Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүний амьд явахын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд болно DNN.mn

“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой.

Уламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ, сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм. Мөн гадаадын зохиолчид номын нээлтээ хийж, уншигчдадтай уулзалт хийнэ. Тухайлбал, ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм байна.

Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн байна. Номын баярыг дунджаар 240 мянган хүн зорин ирдэг байна.

Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан: Нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй DNN.mn

Нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүний эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна.

Шүүх хуралдааны завсарлагын үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан урьдчилсан хэлэлцүүлгийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энэ шүүх хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Яллагдагчаар татагдсан 11 хүн тус бүрдээ зүйл заалттай байгаа. Тэр бүрийг хамт уншиж байгаа учир надтай холбоотой гэж ойлгож болохгүй.

Урьдчилсан хэлэлцүүлэг нээлттэй болох учраас хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулах байх. Миний зүгээс хуульд хүлээсэн үүргийн дагуу ард иргэдэд мэдээллийг тодорхой хэмжээнд өгөх боломжтой.

Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй заалт байгаа.

Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг.

Тэгэхээр энэ заалт нь хүнийг гүтгэн доромжилж харлуулж, олон сар хэлмэгдүүлж буй эрүү шүүлт юм. Гэхдээ үүнийг шударгаар шийдэгдэнэ гэж үзээд хуулийн байгууллагад иргэний ёсоор шалгуулаад явж байгаа.

Нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол шалгуулах л хэрэгтэй. Би ч гэсэн шалгуулах гээд явж байна. Намайг авлига авсан гэх үндэслэлээр хангалттай шалгасан. Ямар нэгэн зүйл илрээгүй.

Миний ажлын албанд байсан хүмүүсийг 24 цаг хянан гэж байхгүй. Тэр хүмүүс хаана ажиллах нь өөрсдийнх нь асуудал. Хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзааж болохгүй. Тухайн үед ТББ-д ажиллаж байсан хүмүүс асуудалд холбогдсон эсэхийг шүүх эцэслэн тогтооно.

Би Ерөнхийлөгчтэй уулзаагүй удаж байна. Харин намынхантайгаа уулзах боломж хязгаарлагдмал. Аж ахуйн байгууламжийг найзуудынхаа хамт, хүч хөдөлмөрөөрөө байгуулсан.

Намайг өнгөрсөн 10 сарын хугацаанд хэвлэл мэдээллээр зохион байгуулалтайгаар харлуулах ажил явж байгаа. Үүнийг бодит нүүрсний хэргийг замхруулах, шүүх шийдчихлээ гэх байдлаар зарим этгээд хариуцлагаас мултрах гэж байна.

Оффтек гэрээ, нүүрсний ачаа тээвэр гэх мэт нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж байсан. Түүнээс аль ч хэрэг нь энэ шүүх хуралдаанд байхгүй. Ямар этгээдүүд зохион байгуулж, ард нь байгаа гэдгийг харж болно.

Би Тавантолгойн компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Нүүрсний сонсгол дээр өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргана” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чингис хаан үндэсний музей баасан гаригт ажиллахгүй DNN.mn

Чингис хаан музей нь өвлийн цагийн хуваарьт шилжиж буйтай холбоотой дотоод ажилтай тул есдүгээр сарын 15-ны баасан гаригт олон нийтэд үйлчлэхгүй болохыг мэдэгдлээ.

Харин есдүгээр сарын 15-ныг хүртэл музей 09:00-20:00, тасалбарын касс нь 19:00 цаг хүртэл ажиллах юм байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

А.Дэлгэрдалай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв DNN.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн, Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, С.Батзаяа, Б.Зоригтөгөлдөр нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ.
Нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр, С.Батзаяа нарт 3,000,000 төгрөгөөр, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нарт 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Балжинням, С.Батзаяа, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр нараас тухайн гэмт хэргийг үйлдэж олсон орлого болох 5,250,000 төгрөгийг, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэргийн газраас хураагдсан бэлэн мөнгө болох 26,000,000 төгрөгийг улсын орлого болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 ширхэг гар утсыг зарж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Categories
нийгэм цаг-үе

Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно DNN.mn

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж байна.

Тодруулбал, өнгөрсөн жил нийслэлийн 161 байршилд RFID уншигч төхөөрөмжүүдийн дэд бүтцийг бүрэн суурилуулсан.

Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох бөгөөд 2024 оноос орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна.

Эхний ээлжид 442 мянган цахим гэрчилгээ болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программын суурилуулалт хийж байна.

Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгож, ирэх сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгох юм. Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа ажил учраас хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэхээсээ илүүтэй жолооч, иргэдийг соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох бололцоог хангах юм гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ. 

Categories
нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 12-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.
Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүй https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
нийгэм цаг-үе

Цахилгаан шатанд хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйг шалгаж байна DNN.mn

Цахилгаан шатанд эрэгтэй хүнийг зодож байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ээж, аав хоёр зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Э нь гэр бүлийн хамаарал бүхий Д-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаааг явуулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн сонгуулийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагаар хийлгэмээргүй байна DNN.mn

Монголын хэвлэл мэдээллийн салбар туйлын ядуу байна. Дийлэнх нь цалингаа тавьж хүчрэхээ байлаа. Бүхэл бүтэн зургаа, долоон сар цалингийн бараа хараагүй хэвлэлүүдийн тоо нэмэгдэх болов. Тэд эхнээсээ дампуурлаа зарлаад, хаалгаа барьж байна. Монголын хэвлэлийн салбар ийм ядуу дорой болсон дүр зураг саяхных. Энэ нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу фэйсбүүк, твиттертэй шууд холбоотой. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээлэлд зориулсан зар сурталчилгааны бүх мөнгийг тэд хуу хамдаг боллоо. Төр, хувийн хэвшил, бизнесийнхэн гээд цөм фэйсбүүк, твиттер хуудастай. Тэрүүгээрээ бүх төрлийн сурталчилгаагаа цацаж байна. Цаанаа асар өндөр төлбөр төлдөг. Сурталчилгааны төрөл нь олон янз. Фэйсбүүкээр зөвхөн бүүст хийхэд 1-1000 ам.долларын ханштай. Тухайн бараа, бүтээгдэхүүний сурталчилгааг 250 хүртэлх хүнд харуулъя гэвэл нэг ам.долларын өртөгтэй. Харин 50150 мянган хүнд хүргэх юм бол 1000 ам.доллар төлнө. Хугацааны хувьд 114 хоногийн сонголттой. Охин компаниудтай үндэсний хэмжээний аж ахуйн нэгж дээр жишээ аваад үзье л дээ. Ноос, ноолуур, архи, пиво гээд салбар болгон нь бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд гадаадын хэвлэлд мөнгө төлж байна. Монголчууддаа төдийгүй гадаад зах зээл рүү чиглэсэн сонголттой сурталчилгааг зөвхөн фэйсбүүкээр явуулахад зардал нь зуу, зуун саяар тоологдож байх жишээтэй. Бидний сайн мэдэх “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт”, “АПУ”, “Таван богд” гээд бүгд фэйсбүүк, твиттерт мөнгө төлж пиараа “даатгадаг”. “Тамгагүй төр” жүжиг дэлхийн тайзан дээр гарах хүртлээ сошиалаар ямар их шуугиуллаа даа. Тэр болгонд бид гадагшаа асар их мөнгөө алдаж байна гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд 180 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик тоо байна. Тэдэн дунд фэйсбүүк, твиттерээр сурталчилгаагаа явуулдаггүй байгууллага нэг ширхэг ч байхгүй гээд бод доо. Бүгд их, бага гэлтгүй гадны хэвлэлд мөнгөө төлөөд өөрсдийгөө сурталчилж байна. Гадагшаа гүйж байгаа энэ их мөнгө үнэхээр хайран байна. Монголын хэвлэл мэдээлэлд зориулсан зар сурталчилгааны бүх мөнгө гадны хэвлэлийн халаас руу урсдаг боллоо. Фэйсбүүк, Твиттерийн эзэд бол дэлхийн топ баячуудын жагсаалтыг тэргүүлдэг тэрбумтнууд. Элон Маскийн хөрөнгө гэхэд 187 тэрбумаар тоологдоно. Өнгөрсөн жил дэлхийн тэргүүн баянаар цоллогдсон. Тэгвэл М.Цукерберг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.

Өнөөдөр бид сошиалд их хэмжээний мөнгө зарцуулж, эздийнх нь дансыг ийм зузаан болтол нь хувь нэмрээ оруулж байна. Нөгөө талд Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой сошиалын хор нөлөөг хүмүүс огт анзаардаггүй. Тэр бол төрийн сонгууль юм. Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийг твиттер, фэйсбүүк ашиглан гаднаас удирддаг болсон. Шуудхан хэлэхэд, монгол төрийн сонгуулийг троллууд явуулж байна. Манай улсад 2.4 сая цахим хаяг бүртгэлтэй байдаг юм билээ. Нэг сая нь хуурамч буюу албан ёсны эзэнгүй. Үүний 400 мянга нь гадаадад байдаг гэж судалгааны байгууллагаас танилцуулж байсан. Тэгэхээр тролл армиуд хилийн чанадаас монгол төрийн хувь заяаг өлхөн шийдчихэж байна. Харин Монголд байдаг тэр олон зуун мянган сошиал хаяг хэдхэн хүний гарт байдаг гэх юм билээ. Энэ салбарынхны ярьж байгаагаар нэг хүний ард хэд бол хэдэн мянган хуурамч хаяг үүсэх боломжтой. Үүнийг хиймэл оюун ухаан төвөггүйхэн биелүүлдэг байна. Монгол хүнтэй төстэй царайтай зураг дэлхийн хаанаас ч олоод шинэ хаяг нээчихнэ. Дэлгэцийн цаанаас команд өгөхөд сонгуульд нэр дэвшигчийг яаж л бол яаж мандуулж бас дэвсэлж чадах аж. Жишээлбэл, нэр дэвшигч Доржийг сонгуульд ялуулахад ядах юмгүй. Түүний талаарх мэдээлэл бүрийг сошиалаас шүүж гаргаж ирэнгүүтээ коммент хэсэгт нь “долоох” түлхүүр үгийг сануулахад хангалттай. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар троллууд хоногийн 24 цагийн турш тасралтгүй Доржийн талаар эерэг мэдээлэл түгээнэ гэсэн үг. Ингээд бодохоор сошиалаар бидний тархийг яаж угаадаг нь харагдаж байгаа биз. Ерөнхийдөө сошиал хаягуудын харьяаллыг харахад андашгүй. Ард нь хуруу дарам цөөхөн хүн сууж байдаг. “Сонгуульд аль намын хэнийг дэмжих үү” гэдэг нь ийм хэдхэн хүний гарт орчихсон. Үзэл суртлын шинжтэй. Үр дүн нь ард түмний санал худлаа шахам. Тиймээс захын хүн “76-г буудаж алъя” гээд байгаа юм. Үүнийг хаацайлахын тулд “Сонгуулийн ирц хангалтгүй байна” гээд мажоритар тогтолцоо руу хамаг бурууг чихдэг. Энэ нь ч үнэний ортой. Гол нь сонгогчдын тархийг сошиалаар угаачихаад байгаа юм. Сонгуульд саналыг нь өгүүлэхгүй байх санаатай. Харин саналаа өгсөн хүмүүсийг нь буруу тал руу залчихаад байна. Энэ бол монгол төрийн сонгуулийг сошиал атгачихсаны тод хэлбэр. Гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний амьдралд ингэж л нөлөөлж байна. Харь орны нэг компанийн эзэмшилд байгаа сошиал платформыг тэтгэх нь эргээд үндэсний аюулгүй байдалд хортой. Тийм болохоор сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах ёстой.

Үүнийг “Өдрийн сонин” хэдэнтээ хөндөж байна. Дахиад л хэлье. “Хэдүүлээ улс төрийн сонгуулиа дотоодынхоо хэвлэл мэдээллээр явуулъя. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон заалт Сонгуулийн хуульдаа оруулаад өгөөч” гэж өчнөөн бичсэн дээ. Улстөрчдөд шаардах хуудас хүртэл хүргүүлсэн. Харамсалтай нь хэн ч тоогоогүй. Хамгийн хачирхалтай нь хэвлэлүүд маань ер ойшоосонгүй. Эрхбиш хэвлэл мэдээллийн эзэд нь уншсан л баймаар юм. Даанч ган гэж дуугараагүй. Аргагүй биз дээ. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч нар хүний хөрөнгөн дээр байдаг улс. Өөрсдөө хангалттай цалинтай болохоор хүчлээгүй байж болно. Ядахдаа дагасан хэдэн сэтгүүлчдээ боддоггүй юм уу. Ний нуугүй хэлье. Улс төрийн сонгууль гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд алтан боломж. Дөрвөн жилд нэг удаа мөнгө олдог үе. Бодит үнэнийг худлаа нэрэлхэж нууцгаагаад яахав. Хэвлэл мэдээлэл хариуцдаг хүн бүхэн мэдэж байгаа. Улс төрийн сонгуулиар таван цаас олно доо гээд итгэл дүүрэн хүлээдэг. Энэ бол буруу зүйл биш. Хэний ч мэдэхгүй нэр дэвшигчдийг ард түмэнд таниулж өгөөд ажлынхаа хөлсийг авч байна. Гэтэл дотооддоо үлдэх боломжтой тэр их мөнгө гадаадын хэвлэл мэдээлэл рүү явчихаад байгааг бид бичсэн. Хэрэв хуульд дээрх заалтыг оруулсан бол хэдэн сэтгүүлчид чинь мөнгөтэй болох байсан шүү, хэвлэлийн эзэд ээ. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Энэ асуудлыг дахин цааш нь идэвхийлэн авч хөөцөлдмөөр байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын арилжааны телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо болон хэвлэлийн байгууллагуудын удирдлагууд та бүхэн анхаарч үзээрэй. “Сонгуулийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулна” гэсэн заалт хуульд ороод ирвэл Монголын хэдэн сонин, телевиз, сайтууд сэпхийгээд өндийчихнө дөө. Том зургаараа Монгол Улсын тусгаар тогтнол бэхжинэ. Бодит байдал дээр энэ хэдэн хэвлэл мэдээллийнхэн чинь мөнгөтэй хүний төлөө юугаа ч барьж идэхэд бэлэн болоод байна. “Сэтгүүлчид мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй” гэж олон нийт биднийг дүгнэдэг. Явж, явж хэвлэл мэдээллийг дагасан хэл амтай бүх л асуудал мөнгөтэй холбогддог. Хэрэв гадны хэвлэлүүдэд цацаад байгаа тэрбумаар яригдах мөнгө дотооддоо үлдвэл эдийн засагтаа ч нэмэртэй. Наанадаж муу хэлүүлээд байгаа хэвлэлүүд чинь мөнгөтэй болгоны төлөө гүйгээд байхгүй. Реклам сурталчилгаа ахиухан байсан хуучин цагт хэвлэл, мэдээллийн салбар тийм л байсан шүү.

Аливаа улсын хэвлэл мэдээлэл гадаадын сошиал сүлжээний платформын гарт шилжиж байгааг өндөр хөгжилтэй, ардчилсан улсууд цохон тэмдэглэж байна. Үүний тод жишээ бол Монгол. Тэгэхээр зарим улс орнууд дотооддын хэвлэл мэдээллийн салбараа гадаадын сошиал нөлөөнөөс хуулиараа хамгаалдаг жишээ олон. Тухайлбал, Солонгос байна. Тус улсын төрийн өмчит компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах хуулийн зохицуулалттай. Хөгжсөн орнууд зах зээлээ ингэж л хамгаалж байна. Харин манайх эсрэгээрээ хэдэн хэвлэлүүдээ боомилсон хуультай. Тэгэхээр бид дотоодын сошиал сүлжээтэй болмоор байна. Энэ тухай Монгол HD телевизийн захирал залуу жиргэсэн харагдана лээ. Үнэхээр зөв санаа. Гэхдээ сонгуулиас өмнө амжихгүй байх л даа. Ер нь Монголын бүх мөнгө фэйсбүүк, твиттер гэсэн гадны хоёр байгууллагаар урсаж гарч байгааг ухаарах цаг хэдийнэ болжээ.