Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайд С.Бямбацогт чингэлгийн түгжрэлийг арилгана гэв DNN.mn

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Жинжөү боомтод ажилласан бөгөөд чингэлгийн түгжрэлийг арилгах гарц эрэлхийлж, өмнөд хөршийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, томоохон дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх хүрээнд Жинжөү хотын дарга Ван Шиньюй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах ойлголцолд хүрчээ.

Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог байна. Жилдээ 100 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт аж.

Монгол Улс жилдээ 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаадаг. Импортын ачааны ихэнх нь дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тонн ачаа боловсруулдаг.Тяньжинд үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон хоёр дахь гарцтай болохыг чухалчилж байна.Тяньжин боомтын өрсөлдөгч Жинжөү боомт Монголоос 866 км зайд оршдог. Эл боомтыг ашигладаг болсноор чингэлгийн бөөгнөрөл арилж, тээврийн үнэ буурч, импортын ачаа маш хурдан ирдэг болно гэж үзэж байна.

Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх,

Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,

Ачаа тээврийн терминалуудыг байгуулах,

Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зэрэг зүүн бүсийн томоохон дэд бүтцийн цогц төслүүдээ хэрэгжүүлснээр чингэлгийн түгжрэлийг арилгах боломжтой гэж үзэж байна.

М.МӨНХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Уламбаяр: Эдүгээ “гуравдагч хөрш”-тэй тогтоосон хамтын ажиллагаа эдийн засгийн шинэ агуулгаар баяжин урагшилж байна DNN.mn

Монгол Улсын гадаад харилцааны асуудлаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

-Та Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын асуудлаар судалгаа хийдэг хүн. Энэхүү бодлогын түүхэн үндсийн талаар яриагаа эхлүүлье?

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь ХХ зууны туршид Монголын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн төлөө явуулсан тэмцлийн түүхэн сургамж, туршлагатай нягт холбогддог. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараах үеэс Монголын удирдагчид хоёр хөршөөс гадна гуравдагч гүрнүүд буюу өрнөдийн орнуудтай харилцаа холбоо тогтоохыг чинхүү эрмэлзэж байсан. Энэ нь гадаад улс төр, эдийн засгийн бодлогын чухал чиг шугам байжээ. Юуны өмнө өрнөдийн гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдгээр орнуудтай худалдааны харилцаа холбоо тогтоох замаар түүнийгээ бататгах үндэсний ашиг сонирхол хийгээд үндэсний аюулгүй байдалтай ямагт холбогдож байжээ. Гол нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж, монголчуудын тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх хүчин чармайлт ХХ зууны туршид үргэлжилсэн байдаг. Туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улсын өмнөд хөрштэй харилцаагаа тогтоон хөгжүүлэх үйл явц ялангуяа тус улсын XX зууны эхэн хагасын гадаад харилцаа, дипломатын түүхэн дэх хамгийн ярвиг төвөгтэй асуудал байв.

Үүнд саад болж байсан хүчин зүйлүүдийн гол учир нь Монгол-Оросын харилцаан дахь Хятад, Орос-Хятадын харилцаан дахь Монгол, Монгол-Хятадын харилцаан дахь Орос гэхчлэн харилцан хамааралтай байв. Гэвч ялгаатай эрх ашиг, сонирхол хосолсон “стратегийн гурвалжин” бий болсон явдал юм. Энэхүү эрх ашиг, сонирхол нь нэгдүгээрт, хэзээ ч Хятадын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй туурга тусгаар Монгол Улсын хууль ёсны бүрэн эрхт байр суурь. Хоёрдугаарт, Монголыг халхавч, бамбай байлгах гэсэн Хаант Орос, дараа нь ЗСБНХУ-ын баримталж ирсэн өвөрмөц геополитик. Гуравдугаарт, Монголыг Хятадын салшгүй хэсэг гэж үзэж байсан өмнөд хөршийн илэрхий бусармаг байр суурь, явуулга байв. Энэхүү гурвалжинд Японы хүчин зүйл тодорхой байр суурь эзэлж байсан. Дээр дурдсан гурвалжинд нөлөө үзүүлж байсан голлох оролцогч нь АНУ байжээ. Холбоотон гурван гүрний Ялтын бага хурлын үеэр байгуулагдсан болзолт хэлэлцээрт заасан БНМАУ-ын status quo”-г их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн заалтыг Дунд иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгт АНУ шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байдаг. Монголын тусгаар тогтнол сэргээн тунхагласны дараа 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Гадаад явдлын яамнаас нот бичиг үйлдэн Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд, Австри зэрэг есөн гүрэнд илгээжээ. Нот бичигт: “…дурдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож, … харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу” гэсэн саналыг дэвшүүлсэн байгаа юм. Энэ нот бичиг Монгол Улсаас гуравдагч гүрнүүдэд хандсан албан ёсны анхны баримт бичиг байв. Нэг сарын дараа Богд хаанаас хичээнгүйлэн Франц, Англи, Герман, Бельги, Голланд зэрэг таван улсын эзэн хааны амгаланг эрж, үүрд сайнаар найрамдахыг хүссэн албан бичгийг Бээжин дэх ЭСЯ-дад тухайлан илгээж байж. 1914 онд Монгол Улсын Гадаад явдлын яамнаас Бээжин дэх АНУ, Франц, Англи, Германы ЭСЯ-дад дипломат нот бичиг дахин илгээж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх шинэ оролдлогыг үргэлжлүүлэн хийж байсан. Монгол Улсын Засгийн газар гуравдагч гүрнүүдтэй харилцаа тогтоож, тусламж авах талаар Япон улсад ихээхэн найдвар тавьж байв. Тиймээс Монгол Улсын хаан, Засгийн газраас Японы эзэн хаанд хандсан дипломат ажиллагаа онцгой байр эзэлж байсан түүхтэй.

1921 оны Ардын хувьсгал ялсны дараа ч есдүгээр сард Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны тэргүүн сайд Д.Бодоо Хаалган хотноо Гадаад Монголыг тусгайлан хариуцаж суусан Америкийн анхны суурин консул Самуэл Сокобиныг анх хүлээн авч уулзсан. Ингэхдээ АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад хандсан нот бичгийг ноён консулд гардуулжээ. Нот бичиг Нью-Йоркт гардаг “The Nation” сэтгүүлийн 1921 оны арваннэгдүгээр сарын 13-ны дугаарт бүрэн эрхээрээ нийтлэгдсэн байдаг. Дээрх хоёр нот бичгийн нийтлэг үзэл санаа нь дипломат харилцаа тогтоох асуудлыг худалдааны харилцааг хөгжүүлэхтэй хамт хөндөн тавьж байсан явдал юм.

-Тэгвэл социализмын үед “гуравдагч хөрш”-тэй ямар түвшинд харьцаж байсан бэ?

-Социализмын үед “гуравдагч хөрш”-ийн бодлого гэж байгаагүй. Тийм шаардлага ч байгаагүй. Бас боломж ч байсангүй. Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчим нь социалист интернационализмын зарчим байсан. Гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь энэ зарчмыг удирдлага болгон ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай бүх талаар ойртон нягтрахад чиглэж байв. Тухайлбал, ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөнийг дэмжих. Ази, Африк, Латин Америкийн чөлөөлөгдсөн орнуудад өрнөж буй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хөхиүлж, эв санааны нэгдэлтэй байх. Тэдгээрээс социалист чиг баримтлалтай орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх. Монгол Улсын капиталист бус хөгжлийн замын туршлагыг түгээн дэлгэрүүлэх. Харин капиталист гүрнүүдтэй зөвхөн энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлан ёс төдий харьцаж байсан.

-Өнөөгийн Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын зорилго, мөн чанар ямар үр дүнд хүрч байна вэ. Судлаачийн байр сууринаас саналаа хуваалцахгүй юу?

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын тэргүүлэх, нээлттэй чиглэл нь өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудтай түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх, дагалдах. Далд чиглэл нь зөөлөн тэнцвэржүүлэхүйн бодлого юм. Энэ бол “гуравдагч хөрш”-ийн бодлогын гол хэв шинж л дээ. Монгол Улс өөрийн хүрээлэн буй геополитикийн орчинд “гуравдагч хөрш”-тэй болж, түүний эрх зүйн үндсийг тавьсан гэж үзэж болно. Эдүгээ “гуравдагч хөрш”-тэй тогтоосон хамтын ажиллагаа эдийн засгийн шинэ агуулгаар баяжин урагшилж байна. Түүнчлэн “гуравдагч хөрш”-ийн бодлогод гарсан шинэ хэлбэр бол Монгол Улс, АНУ, Япон, Монгол Улс, АНУ, БНСУ гэсэн хамтын ажиллагааны шинэ формат буй болж байнгын механизм болон төгөлдөршин хөгжиж байна. Хамтын ажиллагааны уг сурвалж нь нийтлэг хамтын үнэт зүйлс, Монгол Улсын газар зүйн байршил, байгалийн баялгийн шинэ үнэлгээ, ардчиллын зүгт хийсэн ололт юм. Эдийн засгийн үр дүнгээс дурдвал Британи, Австралид бүртгэлтэй Рио Тинто группийн Оюу толгой гүний уурхайн төслийн шинэ дүр төрх, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр босч буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Японы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, АНУ-ын Мянганы сорилтын компакт II гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усыг сайжруулах төсөл, Францын Орaнo группийн хөрөнгө оруултаар Зөөвч-Овоон ураны хүдрийг уусган баяжуулж, шар нунтаг боловсруулах төсөл, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр, шинэ технологиор 10 аймагт бүтээн байгуулж буй дулааны станц, Европын холбооны Ойн түншлэл хөтөлбөр зэргийг нэрлэж болох байна.

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын ирээдүйн ойрын төлөв ямар байх бол?

-Бусад улс гүрнүүдийн санаачлан хэрэгжүүлж байсан тухайлсан чиг бодлогыг ажиглахад эхлэл, үйл явц, төгсгөл гэсэн үе шатуудыг дамжсан байдаг. Монгол Улсын хувьд “гуравдагч хөрш”-бодлогыг хэрэгжүүлээд, үр дүнг нь нэгтгэн дүгнээд “хавтаст хэрэг”-ийг нь хаачихад нэн учир дутагдалтай. Монгол Улс хоёр хөрштэйгөө мөнхөд хаяа дэрлэн орших нь тодорхой. Одоогийн үйл явцыг ажиглавал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь урт удаан хугацаанд баримтлах стратегийн зорилт тул залгамж шинжтэй байх ёстой болов уу. Дараагийн ээлжинд Энэтхэг, БНСУ-тай тогтоосон стратегийн түншлэл, Турктэй тогтоосон иж бүрэн түншлэлийн түвшнийг шат ахиулах явдал юм. Brexit-ийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Их Британитай түншлэлийн харилцааны эрх зүйн үндсийг шинээр тогтоох, Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай Канад, Австралийг “гуравдагч хөрш”-д албан ёсоор оруулах хэрэгтэй болов уу.

-Ер нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын сорилт нь юу байв. Хятад, Орос хоёр хөрш хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын том сорилт нь хоёр хөрш, “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитик, гео-эдийн засгийн сөргөлдөөн болж байна. Өргөн утгаар нь хэлбэл, “шинэ хүйтэн дайн” бодит зүйл болсон. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын тухайд хоёр хөршийн судлаачид ямар байр суурь, хандлагатай байна гэдэг анхаарал татсан нэн чухаг асуудал мөн. Өмнөд, Умард хөршүүд албан ёсны түвшинд дурдсан асуудалд тааламжгүй эсвэл бүр сөрөг байр суурь албан ёсоор илэрхийлж байгаагүй ч, олон улсын харилцаа, геополитик, стратеги судлаачид олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж ирсэн. Хятадын албан ёсны төв хэвлэлүүдэд гарч буй өгүүллүүдэд Монгол Улсыг “жинхэнэ хөрш”-үүдтэйгээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн чухлыг “зөвлөж”, зарим тохиолдолд “сургах”, тэгээд “найрсаг сөргөлдөөн” байж болохгүй хэмээн бичиж буй нь ажиглагддаг. ОХУ-ын судлаачид Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь утоп буюу үл гүйцэлдэх үзэл бодол хэмээн бичиж, зарчимдаа тавласан шинж байдал ажиглагддаг. Сүүлийн үед хоёр хөрш болон “гуравдагч хөрш”-үүдийн хоорондын геополитикийн зөрчилдөөн гүнзгийрч буй үед хөрш орнуудын шүүмжлэл хоёрдугаар сувгийн түвшнээс 1.5 дугаар сувгийн түвшинд шилжих төлөвтэй байна. Энэ нь анхаарах асуудал мөн.

-Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн, айлчлалын үр өгөөжийг хэрхэн үнэлж байна вэ?

-Монгол Улс 2004, 2005 онд АНУ-тай “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэл”, 2018 онд “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”, 2019 онд “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа Стратегийн түншлэл”-ийн эрх зүйн үндсийг тавьж, ямагт ахиц дэвшилттэй хөгжиж ирсэн байдаг. Өнгөрсөн сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр “Монгол Улс, АНУ-ын хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан Мэдэгдэл”, “Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн хамтын ажиллагааны Замын зураглал”-д гарын үсэг зурсан. Миний харж буйгаар хоёр орны харилцааны түвшин “Стратегийн түншлэл”-ээс шат ахиж “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д шилжсэн гэж дүгнэх гээд байгаа юм. Олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Үүнтэй холбогдуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлэхдээ, “Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар иргэд хоорондын улам олон солилцоог хөнгөвчлөх, илүү олон зочинтой болох, илүү олон жуулчин, илүү олон оюутан, илүү олон бизнесийн удирдагчид нааш цааш явах болно. Эдийн засгийн Замын зураглал нь цэвэр эрчим хүчний шилжилтийн тухай, тэр дундаа чухал ашигт малтмалын талаарх худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг улам бэхжүүлнэ” гэсэн байна. Мөн дижитал эдийн засгийг хамтран хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын тухайд хамтын ажиллагааны шинэ зорилт тусгагдсан.

-Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисын айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн, Гэгээн хутагт Францисын Монгол Улсад хийсэн дөрвөн өдрийн айлчлал амжилттай өндөрлөв. Олон ач холбогдлыг дахин давтахгүйгээр нэг зүйлийг онцолбол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Пап Францис нар Төрийн ордны “Их Монгол” танхимд хэлсэн үгэндээ хоёр орны харилцааны үндэс суурь 777 жилийн өмнө тавигдсаныг чухалчлан тэмдэглэсэн. Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийснээр 1.3 тэрбум хүн ам бүхий католик ертөнц төдийгүй дэлхий дахинд Монгол Улсыг шинээр таниулсан нь мөнгөөр хэмжиж үл болох үнэ цэнэ юм. Нөгөө талд Монгол Улс, ард түмний энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, ардчилал, оюун санаа, шашны эрх чөлөөг дэмжсэн бодлогын тод илрэл болов. Энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд алтан хуудсаар бичигдэн үлдэж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Их хядлагын дүгнэлт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Их хядлагын дүгнэлт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 13, Буд гариг. Билгийн тооллын 29, их морь одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 6:26 цагт мандан, 19:11 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

09-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25….+30 градус,  бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +5…+7 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Их хядлагын дүгнэлт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Эдийн засагч
Ч.Отгочулуу “Монголбанк эр зориг гаргаж, сонгууль угтсан
популизмд үгүй гэж ядаж нэг удаа хэлэх ёстой ” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн “Сэхээтэн, дундаж давхаргын хүмүүс цөөхөн байгаа нь нийгмийн сэтгэл зүй хэврэгшихийн гол шалтгаан” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Их хядлагын дүгнэлт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Эрх чөлөөний тухай хуулийг ирэх сонгуульд барьж орно” гэлээ.

Монголын тамирчид ирэх олимпод цагаан тугийн доор жагсах нь

Сайд С.Бямбацогт чингэлгийн түгжрэлийг
арилгана гэв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сэтгэлзүйн оношилгоо, сорилыг 100 хувь үнэгүй хийнэ DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Онцолбол, насанд хүрэгчид болон хүүхдийн сэтгэлзүйн оношилгоо, сорилын зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцна.

Иргэд эдгээр оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

“Hi sainuu” үйлчилгээний 200 гаруй дугуй эвдэрчээ DNN.mn

“Hi Sainuu” компани өнгөрөгч наймдугаар сарын 24-нөөс түрээсийн 1,000 дугуйг үйлчилгээнд нэвтрүүлээд буй.

Гэвч хэрэглэгчдийн санаатай үйлдэл болон дугуйн замын хүрэлцээгүй, эвдрэлтэй байдал зэргээс үүдэн 200 гаруй дугуйг үйлчилгээнд дахин ашиглах боломжгүй болсон байна.

Тус байгууллагын зүгээс “энэхүү үйлчилгээ нь нэг талаараа иргэдийн эрүүл мэнд, замын түгжрэлд эерэг нөлөөтэй ч нөгөө талаараа хүмүүсийг аливаа үйлчилгээг боловсон, ухаалаг хэрэглэх соёлд сургаж буй явдал. Иргэд маань эргээд өөрийнхөө болон өрөөлийн ашиглах дугуйд ариг гамтай хандаасай” хэмээн уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 861 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 840 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 1 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 2 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “З” нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа Зорчигчийн вагон депогийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хахууль авсан гэх;
  • “С” нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх;
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын албан тушаалтан “Б” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.

Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, амжилт хүсэн ерөөв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, доктор Ч.Даваабаяраар ахлуулсан энэ зөвлөл анхдугаар хуралдаанаа хийн, ажлынхаа талаар санал солилцож, эрдэмтдийн гаргасан саналыг нэгтгэж байна.