Categories
нийгэм цаг-үе

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан балансыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ.
Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 79 мянган тонн буюу 19 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар, жимс, жимсгэнэ 1.0 мянган тонн буюу 25 хувиар өсөхөөр байна.
Улаанбуудайн үр технологийн шинэчлэл хийсний дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэж чанарын дэвшил гарлаа. Нэгжийн ургац сүүлийн арван жилийн үзүүлэлтээр хамгийн өндөр байна.
Хүнсний ногооны борлуулалтад урамшуулал олгох, үрийн дэмжлэг, техникийн хөнгөлөлт үзүүлсний үр дүнд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 18.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Categories
улс-төр цаг-үе

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан.
Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж байна. Мөн EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин долоон жилээр сунгалаа.
Энэхүү гэрээгээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн дөрвөн багц ажлууд нэг гэрээгээр зохицуулагдаж байсан, хоорондоо хамааралтай, удаашралтай байсныг гурав салгаж багц ажлуудын хэрэгжилт эрчимжих боломжтой болж байна.
Одоо EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хүлээгдэж байна.  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдээд байна.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн 3 байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг батал

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөхөөс өмнө гарсан гэрэл сонирхол татаж эхлэв DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Марокко улсад 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2,900 орчим хүний амь үрэгдэж, 5,500 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа билээ. Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн өмнөхөн тэнгэрт учир битүүлэг гэрэл гарч байсныг сошиал сүлжээнд хүмүүсийн нийтэлсэн дүрс бичлэгүүд харуулжээ. Тэнгэрт ийм гэрэл ажиглагдсан тухай олон зууны өмнөөс эхлэн тэмдэглэгдсэн байдаг ч судлаачид өнөөдрийг хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа юм байна. Газар хөдлөлтийг урьдчилж таах боломжгүй тул ийм үзэгдлүүдийн талаар зөвхөн хүмүүсийн дурсамжаас өөр баримт үлддэггүй байсан аж. Харин сүүлийн үед хяналтын камерууд хаа сайгүй болж, хүмүүсийн дунд гар утасны хэрэглээ нэмэгдсэнээс дүрс бичлэгт үлддэг болжээ.

Тухайлбал 2021 онд Мехико хотод, 2022 онд Япон улсын зүүн нутагт тус тус газар хөдлөхийн өмнө ийм гэрэл гарсныг хүмүүс камерын бичлэгээр баталгаажуулж авчээ. 1600-аад оноос хойших хугацааны баримтуудыг нэгтгэн судалсан АНУ-ын “SETI” хүрээлэнгийн геофизикч Фридман Фрюнд энэ үзэгдлийг статик цахилгаан цэнэгийн нэг хэлбэр байж магадгүй гэж дүгнэсэн байна. Үүнийг дэлхийн тектоник хавтангууд хоорондоо үрэлцэхэд үүссэн байх боломжтой гэж тэр тайлбарлажээ. Гэхдээ түүний тайлбартай зарим судлаачид санал нийлэхгүй байгаа гэнэ.Тухайлбал, Умард Каролинагийн их сургуулийн физикч Карен Даниэлс “Чулууг чулуугаар үрэхэд ийм их хэмжээний цахилгаан цэнэг ялгарах боломжгүй. Тиймээс би үүнийг тийм сайн тайлбар гэж бодохгүй байна” гэж хэлжээ. Гэхдээ тэр энэ үзэгдлийн учрыг тайлснаар газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломж нээгдэхийг үгүйсгээгүй байна. “Бид юмс үзэгдлийн шалтгааныг ойлгохоороо тайвширдаг. Ойлгохгүй зүйлээсээ айдаг. Газар хөдлөлтийн үед ажиглагддаг гэрлийн үзэгдлийг шимтэн сонирхож, судлаж байгаагийн нэг шалтгаан энэ юм” гэж тэр хэллээ гэж “New York Times” мэдээлэв.

Энэхүү гэрлийг “https://youtu.be/MinWWRcup1Q” линкээр орж үзэж болох юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ DNN.mn

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс 2023 оны 9 сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
May be an image of text that says '93 улхедлех херенгийг худалдан борлуулах хегжлийн банкны ажлын явц емчлелд шилжсэн 25 ул хедлех ΧΘΡΘΗΓΘ борлуулсан 10 орон сууц 0014 авто зогсоол 03.8 3.8 тэрбум тегрег уйлчилгээний талбай 68 улхедлеххеренге худалдан борлуулах шинэ яармаг цогцолбор хорооллын в ZONE хэсэг гуйцэтгэл 35-80% 1 блок 7 блок орон сууц, 3блокуйлчилгээ илчилг соол'
Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангаас нийт 658.032 иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байна DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн 2023 оны наймдугаар сарын статистик мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэм транс” ХХК шинэ автобус авах төсвийн мөнгөөр 135 хуучин автобус авсан нь тогтоогджээ DNN.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх ажлууд хийгдээд олон жил болж байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гардаггүй.

Гэтэл хамгийн ноцтой нь “Эрдэм транс” ХХК нь нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “шинэ автобус” оруулж ирсэн хэмээн улсын төсвөөс их хэмжээний санхүүжилтийг гаргуулан авчээ.

Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хот”-д нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг болох “Эрдэм транс” ХХК нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн автобусыг импортлон оруулж ирэхдээ 135 автобусны “арлын дугаар” болон оныг засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогджээ. Уг хэрэг залилан болон их хэмжээний мөнгө угаах давтан үйлдлээр яг одоо хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Бүр ноцтой нь, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобуснуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байсан нь шалгалтаар илэрчээ.

Мөн энэ дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК -ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг , шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон байна.

Товчхондоо, “Эрдэм транс” гэдэг компани бол хохирогч биш залилагч байжээ. Учир нь тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 70-68 хувь нь он засчихсан байдаг гэсэн үг.

Categories
мэдээ спорт

Б.Анхзаяа туухай өргөлтийн спортоор дэлхийн аварга боллоо DNN.mn

Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож дэлхийн аваргатай боллоо.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, дэслэгч Баатартөмөрийн Анхзаяа нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон юм.Дэслэгч Б.Анхзаяа нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ба айлын ууган  охин. Хүндийн өргөлтийн спортоор 8 жил  хичээллэж байгаад 2019 оноос  туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ.Тэрээр саяхан Оросын Холбооны Улсын Башкортостан хотноо зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Монголбанк эр зориг гаргаж, сонгууль угтсан популизмд үгүй гэж ядаж нэг удаа хэлэх ёстой DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай 2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл болон төв банкны чиг үүргийн талаар ярилцлаа.


-Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ олон нийтэд танилцуулсан. Та тэнд оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр юу яригдав?

-Төв банкны удирдлага хоёр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Би өөрийнхөө ойлгосон хүрээнд хувийн байр сууриа хуваалцъя. Монголбанк 2024 оны үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд түшиглэсэн аж. Инфляци буурах, нүүрсний экспорт эрчимжих хандлага үргэлжлэх төлөвтэй гэнэ. Эдийн засгийн бодит өсөлт 2023 оны эхний хагаст 6.4 хувьтай байна. Бодлогын хүү өндөр буюу 13 хувь байгаа ч инфляци буурахгүй бол энэ хэвээр нь хэсэгтээ үлдээх бололтой. Инфляцийг дунд хугацаанд зургаан хувь орчимд барих зорилт дэвшүүлсэн байна. Дээш доош хоёр хувь хэлбэлзэж болох л гэнэ.

-Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар болж өссөн гэж мэдэгдсэн. Тийм бол инфляци, ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ?

-Төлбөрийн тэнцэл эрс сайжирсан учир гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн хэдэн жилийн рекорд үзүүлэлт гэнэ. Төлбөрийн тэнцлийг задлаад харахаар худалдааны тэнцэл их ашигтай гарчээ. Шалтгаан нь 2023 он гарснаас хойш 42 сая тонн нүүрс экспортолсон. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Өвөр Монгол болон Шанси мужийн нүүрсний уурхайнуудад томоохон ослууд их гарсан

Бараг сар бүр л олон хүний амь эрсэдсэн тохиолдлууд үүссээр байгаа учраас аюулгүйн зогсолтууд хийж байна. Үүнээс шалтгаалж манай нүүрсний экспорт эрс сайжирч. Гэвч “Эрдэнэс Таван толгой”-н хувьд олон нууц оффтейк гэрээ хийсэн. Гэрээний орлого нь мөнгөөр бүрэн орж ирж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, данс дээр нүүрс их гараад байгаа ч мөнгө нь орж ирэхгүй, өрөндөө суутгагдаад байх боломжтой.

Тэгээд ч гадаад валютын нөөц нь дангаараа ханшийг тогтвортой барих цорын ганц хүчин зүйл биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа төгрөгийн гадаад ханш өөрөө хөрөнгө оруулагчдын итгэл, зах зээлд оролцогчдын хүлээлт, төв банкны хараат бус, бие даасан байдлаас ихээхэн хамаардаг. Харамсалтай нь манай улсад Засгийн газар нь Төв банкныхаа дээр нь гараад зайдлаад суучихсан учраас ханшны бодлого, дэглэм алдагдсан.

Нөгөө талаас төгрөгийн дотоод ханш буюу үнийн түвшин бас яригдана. Манайхан үүнийг инфляци гэдэг дээ. Нүүрсний гэнэтийн орлогод дулдуйдаад УИХ нь Засгийн газрын оруулж ирснээр төсвийг 1.7 их наядаар өсгөв. Монголбанкны судалгаанаас үзэхэд төсөв нэг их наяд төгрөгөөр тэлбэл 6-12 сарын дараа инфляци нэг нэгжээр өсдөг гэнэ. Тэгэхээр арай гэж нэг оронтой тоо руу орж тогтворжиж эхэлсэн инфляци дахиад хоёр нэгж хувиар өсөхийг үгүйсгэх аргагүй. Мөн төсөв нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл дээр 200 сая ам.долларын дарамт үүсдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглээний тодорхой хэсэг нь импортод зарцуулагдана. Ингээд 1.7 их наядын тэлэлтийн “ачаар” өнөө валютын нөөцөөс маань 300 сая ам.доллар хэрэглээг санхүүжүүлэх гээд урагшаа урсана гэсэн үг.

-Төсөв тэлснээр төгрөгийн нийлүүлэлт өсч байна гэсэн үг үү?

-Тийм. Статистикийн газраас гаргасан хамгийн сүүлийн тайлангаас үзэхэд банкууд дээрх харилцахын хэмжээ огцом өссөн байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт үерлэжээ. Ингэснээр төгрөгийн ханш сулрах болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буруу бодлогын үр дүнд төсвийн хэт тэлэлт нь төгрөгийн гадаад ханш болон дотоод худалдан авах чадварыг унагаж байна.

-Төсвийн тэлэлт нь, тодруулбал цалин тэтгэврийн өсөлт нь эдийн засагт түлхэц болохгүй юу?

-Үгүй. Сүүлийн хоёроос гурван жилд юмны үнэ дор хаяж 60 гаруй хувиар өссөн. Сая төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр нэмсэн гэх боловч дээд тал 15 орчим хувиар л өсөх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, бодит үнийн өсөлтийг гүйцэж чадаагүй. Харин ч цалин, тэтгэвэр нэмэгдсэн сургаар гурил, талхны үнэ дахиад өслөө. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч зуны төсвийн тодотгол нь эдийн засагт лай болох нь илэрхий байна. Төсвийг тэллээ гээд иргэдийн амьжиргаа сайжраад, эдийн засаг томроод байгаа зүйл огт байхгүй. Улсын төсөв дөрвөн жил тутам хоёр дахин томорч ирлээ. Тэр хэрээр эдийн засаг өссөн үү, ядуурал буурсан уу. Ажлын байр шинээр бий болсон уу. Үгүй. Америк доллараар илэрхийлсэн ДНБ зогсонги байдалд хэвээр байна. Ядуурал албан ёсоор 30 хувь гэж байгаа ч бодит байдал дээр хоёр дахин их байгаа. Ажилгүйдэл нэг оронтой тоонд орсон гэх. Гэвч хөдөлмөр оролцооны аргаар тооцвол ажилгүйдэл дор хаяж 30 хувьтай байна. Хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй байна. Залуучуудын далд ажилгүйдэл 20 хувиас буурахгүй байна.

-Эдийн засгийн ерөнхий төлөв байдал таныхаар ямар байна вэ?

-Засгийн газар ч яах вэ эдийн засаг сэргээд, өсөөд сайхан байна л гээд байгаа. Гэхдээ энэ бол нүүрсний өсөлтийн л нөлөө юм. Эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг өөр чухал үзүүлэлтүүд бий. Энд жишээ нь хөдөлмөрийн бүтээмж ямар байна вэ. Ажлын байрны тоо өсч байна уу зэрэг болно. Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, эдийн засаг эрүүлээр, органикаар өсөхгүй байна гэсэн үг юм. Эдийн засгийн гол мотор болсон уул уурхайн салбарт хөдөлмөрийн бүтээмж сүүлийн гурван жилд чөлөөт уналт гэж юу байдгийг үзүүлж байна. Энэ бол түгшүүрийн дохио шүү. Үр дагавар нь хоёроос гурван жилийн дараа их хүнд байдлаар илэрнэ. Ядуурлын шугам сард 184,700 төгрөг хэвээрээ. Жишээ нь, 185 мянгын зарлага гаргаж байвал ядуу биш гэсэн үг. Ядуурлын шугам нь бодит байдлыг илэрхийлж чадахгүй. Чанартай амьдрал өөрөө өртөгтэй. Ядуурлын шугам маань хүнлэг болох ёстой. Ядуурлын шугамыг бодит байдалтай нийцүүлж өсгөхөөс айх хэрэггүй юм л даа. Монгол Улс ядуурлын шугамаа сард ядаж 700 мянган төгрөг болгож өсгөх хэрэгтэй. Ядуу иргэдийн тоо огцом өсч таарна. Эрх баригч намын хувьд мэдээж таагүй үзүүлэлт. Гэхдээ бид бодит байдалтайгаа эртхэн нүүр тулах тусам ирээдүй хойч үед тустай.

-Хөрөнгө оруулагчдын итгэл хэр байгаа бол?

-Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “эрсдэл ихтэй” ангилалд хэвээр байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд эдийн засаг өсч байгаа мэдээг таатай хүлээж авч байна. Гэхдээ сонгууль хаяанд ирсэн учраас хэмнэлтийн байдалд орох болов уу. Тэгээд ч одоо удахгүй хүйтний улирал эхэлнэ. Бизнесийн мөчлөг хөрнө.

-Гадаад өрийн менежмент хэр байна вэ. Дефольт болох эрсдэлээс сэргийлсэн гээд байгаа шүү дээ?

-Монголбанкны мэдээлснээс үзэхэд энэ жил евро бонд болон Самурай бондыг эргүүлж төлөх хуваарьтай. Мэдээж дахин санхүүжүүлж болно. Эсвэл гадаад валютын нөөцөөс шууд төлөх ч боломжтой гэнэ. Ирэх жил гадаад зээлийн эргэн төлөлтөд 360 орчим сая ам.доллар хүлээгдэж байгаа гэнэ. Мөн хувийн хэвшлийн хэдэн бонд бий. Тэгэхээр энэ валютын нөөцөө хэмнэхээс өөр аргагүй. Хятадын төв банктай хийсэн своп хэлцлийг гурван жилээр сунгасан нь гадаад өрийн дарамтыг эрс сулруулжээ. Богино хугацаанд дефольт зарлах эрсдэл бага байна. Алсдаа гэхдээ эвгүй. Нүүрсний үнэ унах төлөвтэй. Мөн сүүлийн тав, зургаан жилд манай Засгийн газрын гадаад өр хоёр дахин өссөн. Гурван Чингис бондтой тэнцэх хэмжээгээр бид сүүлийн хоёр сонгуулиа хийчихсэн улс. Эрх баригч нам дахин ялсан. Татвар төлөгчид шинэ өртэй болсон.

-Жил бүр л мөнгөний бодлого баталдаг. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн жижүүрийн зорилт дэвшүүлдэг. Ирэх жилийн хувьд ямар онцлог байна гэж танилцуулсан бол?

-Монголбанкны танилцуулж байгаагаар бол ирэх оны мөнгөний бодлого хэд хэдэн онцлогтой юм байх. Үүнд, тогтвортой өсөлтийг дэмжих, инфляци зургаан хувь, инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, төв банкны бие даасан байдлыг хангах, гадаадын банкны салбар нэгжийг оруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон зээлийн үр дүнг сайжруулах, их өгөгдлийн системийг хөгжүүлэх, Big Data дээр ажиллах гэнэ. Өөрсдөө онцлогтой гээд байгаа боловч үнэндээ шинэ юм алга.

-Төв банк макро орчныг хэрхэн харж үнэлж байх шиг байна?

-Мөнгөний бодлогыг сахиулагчдын харж байгаагаар бол инфляци алсдаа буурах хүлээлттэй байгаа юм байна. Одоогийн энэ инфляцид дотоодын хүнс гол өдөөгч болж байна гэнэ. Ялангуяа гурил, гурилан бүтээгдэхүүний инфляцид эзлэх хувь өндөр буюу 21 байна. Мах, махан бүтээгдэхүүн 12 хувь байна гэнэ. Инфляци тооцоход ашигладаг 400 гаруй бүтээгдэхүүн бий. Тус сагснаас 199 бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрч буурч байна. Сууриараа буурах боломжтой л гэнэ.

-Бизнесийнхэнд зээл олдохгүй байгаа гэсэн гомдол их байна. Энэ талаар Монголбанк ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

-Зээл өсч байгаа ч 70 хувь нь хэрэглээний зээл аж. Цалингийн, хадгаламж барьцаалсан зэрэг хоёр жилийн хугацаатай зээлүүд их байна гэсэн үг. Төв банк инфляцитай тэмцэх нэрийдлээр бодлогын хүүгээ өсгөсөн. Дагаад иргэдийн хадгаламжийн хүү өслөө. Өөрөөр хэлбэл, банкны зардал өссөн. Банкууд нэмэлт зардлаа нөхөхийн тулд гол орлого олдог зээлийн хүүгээ өсгөсөн. Зээлийн хүү өссөнөөр хувийн хэвшилд зардал өснө. Өөрөөр хэлбэл, бизнесийн санхүүжилтийн өртөг өснө. Ингэж мөнгөний хатуу бодлого хувийн хэвшилд хүнд тусч байгааг Монголбанк олж харсан бололтой. Гэхдээ тэдний хувьд хийж чадах зүйл хомс биз.

-Төгрөгийн ханш цаашид хэрхэх бол?

-Би хувьдаа төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь экспорт өндөр байгаа ч энэ нь данс дээрх бичилтийн үзүүлэлт. Тэгээд ч орж ирсэн шигээ хурдан гараад явчихна. Өөрөөр хэлбэл, импорт болно. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах цорын ганц хүчин зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг татах чиг үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэвч Монголын түүхэнд байгаагүй муйхар Засгийн газартай, дээр нь сонгуулийн галзуурал мөд эхлэх гэж байхад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх найдвар алга даа. Америкийн төв банк бодлогын хүүгээ өсгөсөн. Дэлхий нийтийн хувьд Америкт хөрөнгөө байршуулах нь эрсдэлгүй бас ашигтай. Эрсдэлгүй хүүгийн түвшин өссөн учир гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос илүү хүү нэхэж байна. Дээр нь Оюу толгойн хоёрдугаар шат дууссан. Өөр том төсөл яаралтай хэрэгтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нь Оюу толгойгүйгээр жилд ердөө 200 сая ам.доллар байна. Гэтэл Оюу толгой сард 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. Гэвч ирэх жилээс энэ эрс буурна. Тэгэхээр Оюу толгойн урсгалыг нөхөх хэмжээний бизнес босгохгүй бол төгрөг улам л суларна.

-Ирэх жилийн мөнгөний бодлогод валютын ханшны зохицуулалт хэрхэн туссан бэ. Төгрөгийг хамгаалах зорилгоор интервенц их хийвэл нөөцөө ч барна, ханшаа ч алдана гэсэн шүүмжлэл их байдаг шүү дээ?

-Бодлогын хувьд инфляцийг онилоход бүрэн чиглэх бөгөөд төгрөгийн гадаад ханш уян хатан байх гэнэ. Энэ нь зөв байр суурь. Гэхдээ хуулийн хувьд хэрэгжүүлэхэд хэцүү. Учир нь Төв банкны тухай хуульд зааснаар Монголбанкны чиг үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гэсэн заалт бий. Энэ заалт бол Монголын хөгжлийг чөдөрлөсөн хамгийн гайтай заалт. Яагаад гэвэл хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог. Манайх шиг жижиг улс нэг бол гадаад ханшаа, үгүй бол дотоод ханшаа л барих ёстой. Европын төв банк хүртэл зөвхөн дотоод ханшаа онилдог хуультай. Инфляциа хоёр орчим хувьд тогтворжуулна. Евро”-гийн гадаад ханш зах зээлийнхээ зарчмаар тогтоно гэдэг. Хонг Конг зөвхөн гадаад ханшаа тогтвортой байлгадаг. Дотоод ханш зах зээлийнхээ зарчмаар тогтох ёстой. Тэнд юмны үнэ өсөөд байна гэж үзье. Тэгвэл энэ нь хувийн хэвшлийнхэнд ашиг олох боломж болно. Нийлүүлэлт өснө. Юмны үнэ буурна. Үүний тулд зах зээл чөлөөтэй, элдэв хүнд суртал бага, эрүүл өрсөлдөөнийг хангах ёстой.

-Тэгэхээр яах ёстой вэ. Хуулиа өөрчлөх үү?

-Хамгийн зөв шийдэл бол төв банкны хуулийг өөрчлөх л байна. Монголбанк зөвхөн төгрөгийн дотоод ханшийг л нэг мөр хариуцдаг болох хэрэгтэй. Харин Засгийн газар төгрөгийн гадаад ханшийг дангаараа хариуцдаг болох ёстой. Ингэж чиг үүргийн том реформ хийхгүй бол төгрөг үүрд мөнхийн сульдаатай мөнгөн тэмдэгт болж үлдэнэ. Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хуулиар хамгаалж, бэхжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дурын нэг сайд нь агентлагийнхаа даргыг загнаж буй мэт төв банкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад зандраад суудаг маш буруу жишиг тогтлоо. Гэхдээ би хувьдаа энэ УИХ-ын үед ийм реформ хийгдэнэ гэдэгт итгэхгүй байна. Ардчиллын 30 жилийн түүхэнд байгаагүй мулгуу бүрэлдэхүүнтэй энэ УИХ нэг их самрахгүй байж байгаад ирэх сонгуультай золгоод авбал учиртай. Залуусын хэлдгээр нар мандах өдөр ирж л таарна.

-Хууль өөрчлөхгүйгээр ямар арга хэмжээ авах боломжтой вэ?

-Монголбанк эр зоригтой байх ёстой. Сонгууль угтсан популизмд үгүй гэж ядаж нэг удаа хэлэх ёстой. Улсын төсөв тэлэх бүрд инфляци гаарч байна. Инфляцитай тэмцэх нэрийдлээр хүү өсгөсний төлөөсийг хувийн хэвшил үүрдэг. Зээл олдохгүй. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Ингээд ажлын байр устана. Өрхүүд ядуурна. Энэ Засгийн газрын алдааг нуудаг, далдалдаг хоёр газар байна. Нэг нь Үндэсний статистикийн хороо, нөгөөх нь Монголбанк. УИХ уг нь энэ хоёр байгууллагыг ашиглаад Засгийн газрыг хянах, ажлыг нь хийлгэх учиртай. Даанч энэ УИХ үнэндээ усан тэнэгүүдээр дүүрчээ. УИХ-ын гишүүдэд ойлгомжтой болгох үүднээс нэг жишээ авъя. Жаахан хүүхдийг хог шүүрд гэв. Тэр хүүхэд шүүрдсэн хогоо тосгуурт хийж гаргаж хаяхын оронд залхуураад хивсэн доогуур нуугаад байвал яах вэ. Засгийн газар яг л ийм байдлаар ажиллаж байна. Монголбанк өөрөө Засгийн газрын хогийг нуудаг хивс болсон байна.

-Ажлын байр их байхад ажиллах хүн олдохгүй байна гэсэн шүүмжлэл бий. Гэтэл нөгөө талд ажилгүйдэл өсөөд байна гэдэг?

-Манайхан ажлын байр гэдгийг өнөө л социализмын үеийнхээрээ хардаг. Тоон үзүүлэлт гэж үздэг. Гэтэл ажлын байр үнэндээ чанарын үзүүлэлт юм. Ажлын байр бол амьжиргааны баталгаа байх ёстой. Манайд ажлын байрны чанар буюу цалин маш бага байна. Дор хаяж сард мянган ам.долларын цалинтай ажлын байруудыг олноор бий болгох ёстой. Гэвч манайд ажлын байр бий болгодог хүмүүсийг торгодог тогтолцоо тогтсон. Нэг жишээ хэлье. Ноднин буюу 2022 оны эхний хагаст 40 мянган ажил олгогч менежертэй байжээ. Гэтэл энэ 2023 оны эхний хагаст 33 мянга болж буурчээ. Үүнээс корпорацийн менежер 19 мянга нь харьцангуй тогтвортой байна. Харин жижиг, дунд бизнесийн менежерүүд, старт-ап, энтрепрэнэрүүдийн тоо ганцхан жилийн дотор долоон мянгаар буурчээ. Бодвол бүгд бизнесээ хаагаад Солонгос явж байгаа байх. Манай улсад 1.1 сая хүн ажил хийдэг. Гэвч тэдний олонх нь малчид, төрийн албан хаагчид. НДШ тогтмол төлдөггүй улирлын чанартай ажиллагсад байдаг. Сонгодог утгаараа хөдөлмөрийн харилцаанд ордог тогтвортой ажиллагч 300 мянга л байсан. Өөрөөр хэлбэл, энэ 300 мянган хүний нуруун дээр энэ улсын эдийн засаг тогтдог юм. Тэгвэл тэдний тоо 280 мянга болж буурчээ. Яагаад. Цалин бага байна. Цалин яагаад бага байна вэ. Хөдөлмөрийн бүтээмж алга байна. Хөдөлмөрийн бүтээмж яагаад бага байна гэхээр хөрөнгө оруулалт ба технологи алга. Энэ Засгийн газрын байгаа царай нь ч тэр элдэв гялтгар хурал хийхдээ сайн боловч эдийн засгийн гүнд ямар аймшигтай хямрал нүүрлэж байгааг огт олж харахгүй байна.

-Тэгвэл ямар шийдэл байна вэ?

-Шуурхай авах арга хэмжээ бий бий. Жишээ нь, ипотекийн зээлийг Засгийн газар хүлээж аваад нэгэнт хөлөө олсон хувийн хэвшилтэйгээ Монголоо бодоод хамтраад ажиллах хэрэгтэй. Ипотекийн хөтөлбөрөөр 114 мянган өрх байртай болсон. Энэ эрэлтийг хангах гэж 100 мянган ажлын байр бий болж байв. Боловсруулах салбарт ажлын байр хурдтай хорогдож байна. Ийм үед аж үйлдвэржилт ярих ямар ч боломжгүй. Боловсруулах салбарыг НӨАТ болон АМНАТ-өөс хэдэн жил чөлөөлчих хэрэгтэй. Түр зууртаа төсөвт алдагдалтай ч урт хугацаанд эрүүл хүчирхэг эдийн засагтай болох болно.

Одоо энэ УИХ, Засгийн газарт үг хэлээд нэмэргүй биз. Харин Монголбанкны удирдлагад хандаж нэг үг хэлмээр байна. Монголбанкны эцсийн хэрэглэгчид чинь ААН, өрх гэрүүд шүү. Түүнээс биш хоноцын сэтгэлтэй улстөрчид биш юм. Энэ улсад өнөөдөр социалист үеийн бэртэгчин систем сэргэж байна. Асуудлыг өөрсдөөсөө зайлуулдаг хүнд сурталтнуудын тогтолцоо эргэн ирж байна гэсэн үг. Инфляци болон төгрөгийн ханшийн уналт нь эдийн засгийг сүйрүүлдэг чөтгөр юм. Энэ чөтгөртэй тэмцэх үүрэгтэй гурван газар байна. Эдгээр нь Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк гурав боловч аль нь ч эцсийн хариуцлага хүлээдэггүй. Энэ гурав дундаа “бөмбөг өшиглөдөг”. Энэ тоглоомын хожигдогч нь хувийн хэвшил, өрх гэрүүд болдог. Монголбанк энэ чөтгөрийн тойргийг тас цохих хэрэгтэй байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
гадаад мэдээ

 М.Подоляк: В.Путин дайны гэмт хэргээ далдлахыг оролдож байна DNN.mn

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Ерөнхийлөгч Зеленскийг В.Путин “Нацизмыг алдаршуулж буй еврей хүн” гэж хэлсэнд тайлбар хийж “Путин өөрийнхөө бий болгосон худал, хуурмаг, ямар ч чадваргүй орчин болох “хөөсөн” дотор амьдардаг нэгэн” гэж мэдэгдэв. “Энэ нь Оросын ерөнхийлөгч өөрийн ертөнцөд, бодит байдлаас тусгаарлагдсан хиймэл хөөсөн дотор амьдарч байгаагийн бас нэг баталгаа юм. Энэ нь бас түүнийг ямар ч чадваргүй, түүнтэй ямар ч хэлэлцээр хийх боломжгүй субъект болохыг нотлож байна” гэж Подоляк X сүлжээнд (хуучнаар Twitter) бичжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн мягмар гаригт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг “нацизмыг алдаршуулж буй явдлаа нуун дарагдуулдаг хүн”, “барууны ивээн тэтгэгчид нь хэргээр энэ албанд байрлуулсан еврей хүн” гэж олон нийтэд мэдэгдсэн юм. Владимир Зеленский үнэхээр еврей гаралтай ч Путины мэдэгдлийн бусад зүйл нь бодит байдалтай огт нийцэхгүй байгаа билээ.

Путин мөн сэтгүүлчдэд Зеленскийн талаар “Интернэтэд еврейчүүдийн бичсэн зүйлийг уншихыг” уриалж “Еврей хүн нацизмыг алдаршуулж, нэгэн цагт Украинд Холокостыг удирдаж байсан хүмүүсийг халхалж, хамгаалж байгаа нь үнэхээр ичгүүртэй явдал” гэж хэлсэн юм. Тэгвэл “Интернэт, компьютер огт ашигладаггүй Оросын ерөнхийлөгч гэх хүн ерөнхийлөгч Зеленскийн талаар еврейчүүд интернэтэд юу бичиж байгааг харахыг уриалан Украинд дайн өдөөсөн гэмт хэргээ далдлахыг оролдож байна” гэж Подоляк хариулжээ. Мөн Украины ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх “Тусгаар улсад халдан довтлох, пуужингаар дайрах, үй олноор хөнөөх, хүчиндэх, хүүхэд хулгайлах, хот тосгодыг сүйтгэх зэрэг тушаалыг санаатай өгч байгаа хүн өөрийн сэтгэхүйн хэвийн бус, тахир дутуу байдлаа нуун далдлахыг дахин оролдож байна” гэж X микроблогтоо бичжээ.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн талаар хийсэн ээлжит мэдэгдлийг “Антисемитизм гэх еврейчүүдийг үзэн ядах явдал Оросын элитүүдэд гүн гүнзгий шингэсэн байдаг. Путин Украины ерөнхийлөгчийн угсаатны гарал үүслийг дурдаж буй нь үүнийг улам архагшуулж буй нэг илрэл” гэж мэдэгдэв. Украины ГХЯ-ны төлөөлөгч мөн өөрийн фэйсбүүк хуудастаа “Орчин үеийн ертөнцөд үндэстэн ястан хооронд үзэн ядалт байх ёсгүй” гээд “Оросын ерөнхийлөгчийн антисемитийн мэдэгдлийг хатуу зэмлэн буруушаахыг дэлхий нийтэд уриалж байна” гэж бичжээ.

Энэ нь Путин Украины Ерөнхийлөгчийн эсрэг ийм мэдэгдэл хийж буй анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн зургаадугаар сард В.Путин бас ийм утгатай, доромжилсон мэдэгдэл хийж үүнийг нь еврейн нийгэмлэгүүд, ялангуяа Украины тэргүүн раввин Моше Реувен Азман болон дайнд үрэгдсэн еврейчүүдийн “Баби Яр” дурсгалын цогцолборын хяналтын зөвлөлийн гишүүн Натан Шаранский нар эрс эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан билээ.

Г.АМАРСАНАА

 

Categories
story-news

“Эрдэм транс” ХХК шинэ автобус авах төсвийн мөнгөөр 135 хуучин автобус авсан нь тогтоогджээ

“Эрдэм транс” ХХК шинэ автобус авах төсвийн мөнгөөр 135 хуучин автобус авсан нь тогтоогджээ