Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс тахианы махны импортод жилд 50-60 сая доллар зарцуулдаг DNN.mn

Манай улс жилд 50-60 сая ам.долларыг тахианы махны импортод зарцуулж 22.5 мянган тонн мах авдаг байна. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд жилийн хэрэгцээний 2-3 хувийг хангадаг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тахианы махны импортыг бууруулж, дотоодын зах зээлд эрүүл, шинэ мах нийлүүлэх үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн юм. Үүний үр дүнд ойрын таван жилд тахианы махныхаа хэрэглээг дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэдгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчид хэлжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу арилжааны арван банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цасны зузааны мэдээг танилцууллаа.

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн нутаг, Ховд, Архангай, Хөвсгөлийн баруун, Увсын зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Завханы зарим газраар 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

 Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Үүнээс хамгийн их нь Баян-Өлгийн Толбод 18.0 см, Сагсайд 10.0 см, Ялалтад 8.0 см, Увсын Малчинд 9.0 см, Ховдын Дунд-Ус, Хөвсгөлийн Ханхад 7.0 см, бусад нутгаар 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр нийт 1924 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1484, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой” гэв DNN.mn

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах махны чиглэлийн тахианы аж ахуйн “Баялаг тахиа” ХХК-д ажиллав.

Тус компани нь “Махны чиглэлийн тахианы аж ахуйн цогцолбор”-ын төслийг 2022 онд эхлүүлж, 2023 оны 06 дугаар сард иж бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд жилд 50-60 сая ам долларыг импортод зарцуулж, 22.5 мянган тн тахианы махыг авдаг. Дотоодын аж ахуйн нэгжүүд жилийн хэрэгцээний 2-3 хувийг хангаж байсан юм.

Харин тус үйлдвэр нь сард АНУ-ын “Ross-308” үүлдрийн 240 мянган ширхэг тахиа үржүүлэх, мөн цагт 3000 шувуу нядлах, ангилан боловсруулах, савлах, хадгалах хүчин чадалтай юм.

Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тахианы махны дотоодын хэрэгцээний 10 хувийг дангаараа хангах боломж бүрджээ.

Тус компани 350 ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд ойрын 2-3 жилд хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах зорилт тавьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн тахианы тэжээлийн үйлдвэр 1 тэрбум төгрөгийн зээл авсан.

Харин “Баялаг тахиа” ХХК нь хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд хамрагджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилсны дараа тахианы махны импортыг бууруулж, дотоодын зах зээлд эрүүл, шинэ мах нийлүүлэх зорилгоор “Баялаг тахиа” төслийг эхлүүлсэн гэдгээ Ерөнхий захирал Д.Ангар энэ үеэр хэлж, үр дүн нь гарч эхэлснийг онцлов.

Тодруулбал, ирэх таван жилд тахианы махны дотоодын хэрэгцээг үндэсний компаниуд бүрэн хангах боломжтой гэдгийг мөн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойрын таван жилд 19 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилготой “Хүнсний хувьсгал”-д нэгдэн, санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлж, компанийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурал 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөх хотод сурсан 30 сувилагч гэрчилгээгээ гардлаа DNN.mn

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

Хөх хотод болсон энэ удаагийн сургалтаар европ анагаах ухаанаар мэргэшсэн сувилагчдад уламжлалт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, шинэ сувилагчийг чиглүүлэх төлөвлөлт, сувилагчийн үүрэг хариуцлагын талаар онолын мэдлэг олгожээ.

Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах монгол эмнэлгийн заслын аргуудаас эзэмших дадлага сургалтыг тус эмнэлгийн сувилагч нарын удирдлага дор хийлээ. Хөх хот дахь Олон улсын монгол эмнэлгийн хороонд богино хугацааны сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олгож, сургалтын гарын авлага гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн боомтуудын амрах хуваарь DNN.mn

БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх үндэсний их баярын өдөр Монгол, Хятадын хилийн боомтуудын амрах хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Сураггүй болсон хүүгийн хэрэгт 34 настай “Б” гэгчийг саатуулан шалгаж байна DNN.mn

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 7 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Сураггүй алга болсон хүүг өчигдөр нас барсан байдалтай олжээ.

Цагдаагийн Ерөнхий Газраас “Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллийн дагуу тус аймгийн төвийн Хэрлэн сумын гуравдугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай  “Б” гэгчийг саатуулан шалгаж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гүндалайн Зайсанд зайдалсан түүх DNN.mn

Монголын улс төр бол бирд юм. Сайн муу, чадвартай, чадваргүй хэнбугай ч улс төрд орж чадвал хоосон буудаггүй. Багадаа л Богд уулын аль нэгэн аманд өөрийн гэсэн газартай, байшин барилгуудтай, төрийн аль нэг сангаас хүүгүй зээл авчихсан, Боловсролын сангийн зээлээр өөрөө биш юм гэхэд үр хүүхэд, хамаатан саднаа сургачихсан байдаг. Тэд хууль бус хөрөнгөө нэр дээрээ хадгалахгүй. Хамаатан садан, найз нөхдийнхөө нэр дээр гаргуулаад араас нь өөрсдөө удирдаж суудаг жишиг л Монголын улс төрд тогтоод байгаа. Жирийн монгол иргэн насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хөрөнгийг сонгуульт дөрвөн жилдээ бий болгож чаддагийг бирд гэхээс өөр юу гэх билээ.

Үүний бэлээхэн нэг жишээ бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. Тэрбээр 2000 оноос хойш УИХ-д Хөвсгөл аймгаас нэр дэвшин гурван удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар 2006-2007 онд ажиллаж байсан улс төрийн намтартай.

Түүнийг УИХ-ын гишүүн гэхээс илүү Зайсангийн эзэн Гүндалай гэдэг нэршил ард түмний чихэнд хоногшсон. Учир нь тэрбээр 2000-аад оны үеэс Зайсанд хууль бусаар газар авч, барилга бариулсан, бариулаагүй гэдэг маргаан 20 орчим жил үргэлжилж буй. Хэвлэлүүд баримт дэлгэдэг. Л.Гүндалай үгүйсгэдэг юм. Өнөөдөр ч тэрбээр нөгөө л Зайсандаа “Би хууль зөрчөөгүй, миний хөрөнгө биш” гэдэг худал үгээ хэлж, энэ ажиллагаандаа гэр бүл, хамаатан саднаа татан оролцуулж гаршжээ.

“Гишүүн асан Л.Гүндалай дархан цаазат Богд хан уулын аманд О.Одсүрэн гэгч дүүгийнхээ нэр дээр олон га газар авсан. Уг газар дээрээ барилгын компаниудаар орон сууц бариулангуутаа бүтэн орц, давхараар нь өөртөө байр авдаг. Барилгын компаниуд оршин суугчдад тоглоомын талбай, амарч зугаалах талбайтай гэх зураг төсөл үзүүлж, хууран мэхэлж зарчихаад эцэст нь уг газар дээрээ дахиад барилга барьдаг. Оршин суугчид шаардлага тавихаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа “Хууль зөрчиж барьсан орон сууцыг худалдаж авсан та нарын хохь” хэмээн загнадаг” гэсэн гомдлыг оршин суугчид өнгөрсөн 2021 оны эхээр гаргаж, нэлээд том маргаан дэгдэж байлаа. Өнөөдөр ч тэдгээр оршин суугчид гомдолтой байдаг гэх юм билээ.

Л.Гүндалайгийн халхавч О.Одсүрэн гэх залуу бий. Энэ залуу түүний төрсөн эгчийнх нь хүү. Тэрбээр дүүгийнхээ нэрийг ашигласан залилангийн томоохон нэг асуудал байдаг. Тодруулбал, түүний дүү О.Одсүрэн одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 оны есдүгээр сарын 4-нд барилгын “Мфикс Капитал” компанитай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан байдаг. Тэд тухайн үед тус, тусдаа орон сууцны барилгын төслүүд хэрэгжүүлж байсан бөгөөд тэдгээрийг дулаанаар хангах зорилгоор О.Одсүрэн өөрийн эзэмшлийн ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун талд байрлах Дүнжингарав гудамж дахь талбай дээр дулааны төв магистрал шугам татах, түүнд зориулагдсан тоног төхөөрөмж болон ДТТ-(дулаан түгээх төв)-ийн барилга барих талаар “Мфикс Капитал” компанитай зөвшилцөж, гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу О.Одсүрэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас дулааны техникийн нөхцөл, ДТТ- ийн барилгын зураг, ДТТ-ийг барих газрыг өөрийн нэр дээр бэлэн байлгах үүрэг хүлээсэн байна. Гэвч тэрбээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.1, 3.2, 3.3-д Б тал буюу иргэн О.Одсүрэн өөрийн нэр дээр байгаа дулааны 178 тоот техникийн нөхцөлд “Мфикс капитал” ХХК-ийн барилгын дулааны ачааллыг багтаах, ДТТ-ийн газрын гэрчилгээг бэлэн болгох, ДТТ-ийн барилгын зургийг хийлгэж барилга бариулах үүрэгтэй байж. Гэвч гэрээний үүргүүдээ биелүүлж чадаагүйгээс болж тухайн жилдээ шугам татах болон ДТТ-ийн ажил гацаж зогссон байна. ДТТ гэдэг бол аливаа орон сууцны амин чухал зүйл. Дулаан татаж чадахгүй бол орон сууц ашиглалтад орохгүй. Төсөл зогсоно, захиалагч, оршин суугчид эрсдэлд орох магадлалтай. Тиймээс “Мфикс Капитал” компанийн зүгээс орон сууцаа цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд 2009 оны зургадугаар сарын 17-нд Эрчим хүчний яамнаас 07/2009 техникийн нөхцөлийг Зайсан толгойн зүүн салаанд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын хамт гаргуулан авч ажлаа эхлүүлсэн байгаа юм. Шинэ техникийн нөхцөл гарснаар иргэн О.Одсүрэнгийн нэр дээр гарсан байсан дулааны 178 тоот техникийн нөхцөл хүчингүй, ач холбогдолгүй болж таарчээ. Сүүлд 2010 онд иргэн О.Одсүрэн хүчингүй болсон 178 тоот техникийн нөхцөлийн оронд өөрийн барилгуудыг дулаанд холбох 35/2010 тоот техникийн нөхцөлийг гаргуулснаар түүний өмнөх гэрээгээр хүлээгээд байсан 178 тоот техникийн нөхцөлийг ашиглаагүй нь нотлогдож байгаа юм.

2009 онд “Мфикс капитал” ХХК-ийн захиалгаар “Ану сервис” ХХК дулааны шугам, ДТТ-ийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн тухайн жилдээ Улсын комисст хүлээлгэн өгчээ. Уг бүтээн байгуулалтад 1.7 тэрбум төгрөг зарцуулагдсан гэдэг. Үүнээс 526,0 сая төгрөгийг “Мфикс капитал” ХХК, 1,2 тэрбум төгрөгийг “Ану Сервис” ХХК гаргасан нь баримтаар нотлогддог. Мөн тус ДТТ болон шугам сүлжээний урсгал засвар, зардлыг 13 жилийн турш “Ану Сервис” ХХК дангаараа хариуцан ажиллаж ирсэн. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13.нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц /ДТТөв/, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, гадна дулааны шугам сүлжээ, ДДТөв, тоноглолыг заавал тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэн, хангагчтай дулаан худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Жишээлбэл, нэг жилийн урсгал засвар 800,0 гаруй сая төгрөг байдаг бөгөөд 2023 онд шугам сүлжээ болон ДТТ-ийн шинэчлэлтийн ажилд 1,3 тэрбум төгрөг зарцуулжээ.

Харин Л.Гүндалай /О.Одсүрэн/ өнгөрсөн 13 жилийн хугацаанд уг шугам сүлжээ, ДДТ-ийн засвар үйлчилгээнд нэг төгрөг ч гаргаагүйгээс гадна өөрсдийн хамаарлын барилгуудад зөвшөөрөлгүй дулаан татсанаас гадна бусад компаниудад дулаан зарсан баримтууд байдаг. Нэгэнт өөрсдийн хүчин чармайлтаар техникийн нөхцөлөө гаргуулж, хөрөнгө оруулалтаа хийн ДТТ-ийг оруулсан “Мфикс Капитал” компанийн хувьд иргэн О.Одсүрэнтэй байгуулсан гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн байна. Гэвч ДТТ-ийг барих газрын эзний зүгээс зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн хариуг өгөлгүй таг болжээ. Тиймээс компани гэрээг цуцлахыг зөвшөөрсөн гэж үзэн, Дулааны төвөөс бусад орон сууц, аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр дулаан авахыг зөвшөөрсөн байна. Учир нь Зайсан орчмын дулааны ганц эх үүсвэр “Мфикс Капитал” компанийн ашиглалтад оруулсан ДТТөв юм.

Гэтэл гурван жилийн дараа буюу 2012 онд “Мфикс Капитал” компани шүүхэд дуудагджээ. Нэхэмжлэгч нь иргэн О.Одсүрэн. Тэрбээр гурван жилийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөсөө ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй ДТТ-ийг хамтран эзэмшинэ гэж үзжээ. Тухайн жилд гурван шатны шүүх О.Одсүрэнгийн талд шийдвэр гаргасан байдаг. Нэг жилийн дотор хуурамч бичиг баримт бүрдүүлэн гурван шатны шүүхээр өөрийн талд шийдвэр гарахад нь, Л.Гүндалайгийн хуурай ах гэгддэг тухайн үед ШЕЗ-ийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндорж нөлөөлсөн байж болзошгүй гэсэн яриа сонсогддог. Дулааны төвийг тойрсон маргаан 2018 онд дахин шүүхийн шатанд ирсэн байдаг. Энэ удаа О.Одсүрэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-д хаяглаж, “Мфикс Капитал” компанийн барьсан дулааны төвөөс дулаан авч байгаа бусад байгууллагуудын гэрээг цуцалж, ДДТ-ийн 50 хувийг эзэмших эрх тогтоолгохыг хүсч шүүхэд ханджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч “Мфикс Капитал” компани давж заалдсан. 2018 оны 10 дугаар сарын 18-нд болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх бодит байдлыг харжээ. Шүүх “…Нэхэмжлэгч О.Одсүрэн нь Эрчим хүчний хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т өөрийн эзэмшлийн шугам тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй тул гуравдагч этгээдүүдэд зөвшөөрөл олгож, гэрээг шинээр байгуулахад саад болох учиргүй” гэж үзсэн байдаг. Ингэснээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийг “Мфикс Капитал” компанийн ДДТ-өөс дулаан авч буй байгууллагуудын гэрээг цуцал гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэн О.Одсүрэн, “Мфикс Капитал” компанийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тэд зөвхөн “Мфикс Капитал” компанийн хөрөнгийг эзэмшинэ гээд зогсохгүй Дулааны төвөөс хууль ёсны гэрээгээр дулаан авч буй бусад аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний мөнгө нэхдэг байдал удаа дараа гаргасан гэдэг юм билээ.. Тухайлбал, тус дулааны төвд холбогдсон “Номин констракшн” ХХК-иас Л.Гүндалай 300 сая төгрөг хууль бусаар нэхэж байжээ. Энэ тухай “Номин констракшн” итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “…О.Одсүрэн, түүний ах Л.Гүндалай нар нь зарим гуравдагч этгээдийн дулааныг тасална гэж сүрдүүлж дарамталж байгаад их хэмжээний мөнгө авсан. Тэгээд дараа нь шүүхийн нэхэмжлэлээсээ татгалздаг. Үүнийг батлах баримтууд олон удаагийн шүүхийн шийдвэрүүдэд байдаг. “Номин констракшн” компаниас л гэхэд 300 сая төгрөг нэхэж байсныг би гэрчилнэ” гэсэн байдаг. Түүгээр зогсохгүй тэд өөр ч хоёр компанид 100 болон 800 сая төгрөгөөр дулаан зарсан баримтууд шүүхийн шийдвэрт авагдсан байдаг.

Л.Гүндалай дүү О.Одсүрэнгийн нэрээр 2008 оноос хойш бусдаар дулааны төв магистрал шугам татуулж, ДДТ-ийн барилга бариулан тэндээсээ өөрийн мэдлийн орон сууцныхаа дулааныг хангаад зогсохгүй тэнд эзэмшигч болохыг санаархаж шүүхэд хэд, хэдэн удаа нэхэмжлэл гаргасан. Тэд 2021 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хандсан байдаг. Нэхэмжлэл нь нөгөө л “Мфикс Капитал” компанийн барьж ашиглалтад оруулсан Дулааны төвийн бичиг баримт дээр өөрийн нэрийг оруулах хүсэлт гаргасан байгаа юм. Шүүх хурал 2021 оны долдугаар сарын 28-ны өдөр товлогдоход О.Одсүрэн шүүх хуралдаа шалтгаангүйгээр оролцоогүй нь шүүхийн протоколд тэмдэглэгджээ. Шүүгч түүний энэ үйдлийг үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.0-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн юм. Ингэснээр О.Одсүрэн бусдын эзэмшилд санаархах боломжгүйг шүүх ийнхүү баталгаажуулсан байна.

О.Одсүрэн, Л.Гүндалай нарын 13 жил бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл 2021 онд дуусгавар болсон юм. Учир нь 13 жилийн өмнө Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулан 50/50 хувь эзэмшсэн иргэн О.Одсүрэнгийн ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун талд байрлах Дүнжингарав гудамж дахь газар нь бусдын эзэмшил болж таарсан байдаг. Тодруулбал, “Жэй эн моторс” гэх компанийн эзэмшлийн газрыг иргэн О.Одсүрэн гэрчилгээг нь хуурамчаар үйлдэн өөрийн мэтээр бусдад ойлгуулан хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан баримт ил болжээ. Уг баримтыг сөхөж үзвэл “Жэй эн моторс” компани 2004 оны зургадугаар сарын 4-нд ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун талд 2.8 га газар эзэмших гэрчилгээг гаргуулж байжээ. Ингээд тэд 2017 онд өөрийн эзэмшлийн газартаа хөрөнгө оруулалт татан аялал жуулчлалын зориулалттай үйлчилгээний төв барихаар төлөвлөн кадастрын зураг хийлгэхээр болжээ. Гэтэл хэмжилт хийлгэхэд өөрийн талбай дээр нь ДТТөв баригдсан байсныг мэдсэн байна. Энэ нь иргэн О.Одсүрэнгийн 2008 онд “Мфикс Капитал” компанитай гэрээ байгуулан хийсэн ДТТөв байлаа.

Мэдээж өөрийнх нь эзэмшил бүхий талбайд дур мэдэн барилга барьсан үйлдлийг “Жэй эн моторс” компани хүлээн зөвшөөрөөгүй. Барилгыг албадан буулгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа юм. Шүүх хурал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 8-нд болж, нэхэмжлэгч компанийн талд шийдвэрлэжээ.

Энэ үйл явдал “Мфикс Капитал” компанид хүнд туссан нь ойлгомжтой. 2008 оноос хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулж өөрийн эзэмшлийн орон сууц болон бусад гуравдагч компаниудын орон сууцыг гэрээний үндсэн дээр дулаанаар хангаж байсан үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Тиймээс тус компаниас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа уг гомдлыг хэлэлцэн, 2012 онд Дулааны төвийн барилга байгууламжийг О.Одсүрэнгийн талд шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Нэгэнт хэргийн эзэд бусдын талбайг өөрийн эзэмшлийн газар хэмээн хууран мэхэлж, Дулааны төв бариулсан, холбогдох шугам хоолойг татуулсан. Үүнийг газрын жинхэнэ эзэд илрүүлэн шүүхэд хандсан. Шүүхээс О.Одсүрэн, Батсарай ХХК-ийн хүний газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилгуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг /Ү-2206024181/ хүчингүй болгоод зогсохгүй, зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг албадан буулгах шийдвэр гаргаад хоёр жилийн нүүр үзэж байхад УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК-иуд цахилгаан, дулаанаар хангасаар байгаа нь хачирхалтай. Угтаа бол Эрчим хүчний хуулийн дагуу газрын маргаантай, эзэмшигчийн нэр зөрсөн тохиолдолд дулаан болон цахилгаанаар хангах техникийн нөхцөл хүчингүйд тооцож эрчим хүчээр хангахгүй байх журамтай.

2012 оноос эхэлсэн 11 жилийн хугацаанд болсон шүүхийн процессыг тоймлоход ийм. Бусдын эзэмшлийн газрыг өөрийнх хэмээн луйвардаж, бусдад дамлан Дулааны шугам сүлжээ татуулж, ДТТ-ийг хүртэл бариулан тэндээсээ өөрийнхөө хамаарал бүхий барилга, хотхонуудыг дулаанаар хангуулж ирсэн. Өөр бусад компаниудаас ч мөнгө шантаажилж явсан хүмүүсийн үйлдэл илэрч, олон байгууллага, иргэдийг хохироогоод байна. Түүгээр зогсохгүй 2012 оноос хойш Монголын шүүх байгууллагуудад удаа дараа ээлжлэн хандаж цаг хугацаа, хөрөнгө мөнгө хожиж ирсэн зальжин арга ч хэрэглэж иржээ. Өнөөдөр ч тэд хийсэн гэмт үйлдлээ зөвтгөж, гэмгүй нэгэн мэтээр сошиалд аашилж сууна.

Д.САРНАЙ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх оны төсвийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барина DNN.mn

Ирэх 2024 оны төсвийн төслийг өнөөдөр /2023.09.29/ УИХ-д өргөн барих төлөвтэй байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан мягмар гарагт /2023.09.26/ болсон билээ. Хуралдаанаар:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг.

Засгийн газрын хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосон аж.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд С.Амарсайханы амны уншлага СТАНДАРТ гэдэг үг байгаа нь хамгийн чухал DNN.mn

Монгол Улсад “Могойд барьдаг мод” болсон нэг улстөрч бий. Гал усны гашуун зовлон, Цар тахал, Стандарт бус нийгэм… ер нь энэ улсад болохгүй бүтэхгүй байгаа бүх бэрхшээлтэй хамгийн түрүүнд төрийн нэрийн өмнөөс нүүр тулдаг Шадар сайд С.Амарсайханыг “Энэ албыг хашиж байгаа нь чиний хохь” гэж хэлмээр санагддаг. Түүнийг сайн зүхэцгээх хэрэгтэй. Ингэж байж ард түмэн сайн улстөрчийг бүтээдэг. Дэлхийн практик өөрөө тийм юм.

Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы шууд харьяаны байгууллага. Сэтгүүлчийнхээ хувьд миний бие “Монголын нийгмийн салбар бүрд Стандарт ягштал мөрдөгдөж гэмээнэ хөгжил бий болно. Хөгжсөн, аз жаргалтай нийгэм гэдэг бол Стандарт яс тас мөрдөгддөг улс орныг хэлдэг юм аа” гэж үргэлж бичиж ирсэн. Ер нь бол энэ салбарт, энэ сэдэвт үргэлж анхаарч, тэр хэрээрээ Монголд Стандартыг мөрдөж, хэрэгжүүлэхийн төлөө Шадар сайд С.Амарсайхан ямар ажил хийж, хэрэгжүүлж байгааг анхааралтай ажиглаж ирсэн юм. Тийм болохоор өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байгаа “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгт ач холбогдол өгч байна. Улмаар Монголын Стандарт, хэмжил зүйн байгууллага нь өнгөрсөн 100 жилийн хугацаандаа өнөөдрийнх шиг сэргэлттэй байсангүй гэдгийг итгэлтэй хэлэх байна. Өмнөх 30 жилтэй харьцуулаад хараарай. Өнөөдөр байгууллага, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс бүгдээрээ “Стандарт” гэдэг үгийн үнэ цэнийг мэдэрч, ажил амьдралын маань салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгох болжээ. Энэ бол урьд хожид байгаагүй нийгмийн сэтгэл зүйн том ололт юм. “Бид Стандарттай нийгэмд л хүн шиг амьдрах ёстой юм байна” гэсэн сэтгэлгээний энэхүү өөрчлөлт нь энэ салбарын 100 жилийн ой дээрх хамгийн том реформ, хамгийн том амжилт.

Стандартыг ийм түвшинд, оюун санааны шатанд аваачихад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы гүйцэтгэсэн үүрэг онцгой их. Сайн ажлыг сайнаар хүлээн зөвшөөрөх соёл монголчуудад бий болсон. С.Амарсайханы амнаас гарч байгаа авиа бүрээс СТАНДАРТ хэмээх үг өнгөрсөн жилүүдэд байнга гарсан. Бүр залхмаар. Өнөөдөр ч үргэлжилж байна. Үр дүн нь гарч байна.

Ойрын өдрүүдэд орон нутагт зогсоо зайгүй албан томилолттой ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн иргэдтэй хийж буй уулзалтаас энэ бүхэн бас харагдаж байна. Уулзалт бүр дээр СТАНДАРТ яригдаж байна. Засгийн газрын бүтэц дэх олон агентлаг, газрууд дотор Стандарт, хэмжил зүйн газар нь тод биш, ач холбогдол багатай мэт байсан нь түүх болсныг Засгийн газрын тэргүүн мэдрэв бололтой. Улаанбаатар хот, аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Стандарт, хэмжил зүйн газрын салбар нэгжийн бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний чадавх, материаллаг бааз урьд хожид байгаагүйгээр сайжирсаныг Засгийн газрын удирдлагууд ард иргэдээр дамжуулан ойлголоо.

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр болж байгаа Стандарт хэмжил зүйн 100 жилийн ойд зориулсан өдөрлөгт харьяа салбар газрууд болон 21 аймгийн хэлтсүүд оролцож иргэдэд үйл ажиллагаа, үйлчилгээгээ таниулан мэдээлэл өгч, чанараар тэргүүлэгч харилцагч байгууллагуудын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа нь хэр чадавхтай салбар болсныг илтгэх бас нэг том үзүүлэлт юм. Өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Сорьцын хяналтын газар, Хэмжих хэрэгслийн, шалгалт баталгаажуулалтын газар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Нийслэлийн лаборатори, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвүүд оролцож байгаа нь Монголын нийгэмд СТАНДАРТ-ыг мөрдөж хэрэгжүүлэхийн төлөө Шадар сайд С.Амарсайхан ямар айхавтар өргөн фронтоор, далайцтай ажиллаж байгааг харуулж байна. Үүнийг бүр онцлон хэлэх ёстой. Стандартгүйгээр Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардын эрүүл, аюулгүй амьдрах боломж яригдахгүй. Тийм болохоор Стандарттай нийгмийг байгуулахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хүчин чармайлт чухал байгаа юм. Ингээд салбарын нийт ажилтан ажиллагсадад 100 жилийнх нь ойн баярын мэнд хүргэе. Монголын нийгмийн салбар бүрд, эд эс бүхэнд Стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэхийн төлөө махаа зулгаан зүтгэж яваа Шадар сайд С.Амарсайханы ажилд ганц удаа ч болтугай амжилт хүсье.