Categories
мэдээ нийгэм

Д.Болор: МҮХАҮТ бол намын дэргэдэх холбоо биш учраас улстөржилтөөс ангид, улс төрийн намаас хараат бус байх ёстой DNN.mn

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 20-нд болно. Монгол Улсын хувийн хэвшлийнхний толгой байгууллага гэгддэг Танхимын үйл ажиллагаа ирэх дөрвөн жилд ямар болж, бизнесийн орчинд ямар салхи эргэхийгтус сонгууль шийднэ. Энэхүү сонгуульд нэр дэвшигчидийн нэгбол Мобиком корпораци, Скайтел групп гэх мэт томоохон компанийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Д.Болор юм. Түүнтэй МҮХАҮТ-ын өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, бизнесийн орчны талаар  ярилцлаа.

-Хувийн хэвшилд олон жил удирдах албан тушаал хашиж, бизнесменүүдийн зовлон жаргалыг мэддэг хүн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад олзуурхаж байна. Яагаад нэрээ дэвшүүлэх болсон бэ гэдгээс яриагаа эхэлж болох уу?

-Би ШУТИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгсөж, ажил амьдралын гараагаа “Монголын цахилгаан холбоо” компанид ажилд орсноор эхлүүлж байлаа. Тэнд би жирийн инженерээс Технологи үйлчилгээ хариуцсан захирал хүртэл дэвшин, 2003 оноос хойш хувийн хэвшилд буюу “Мобиком” корпораци, түүний толгой компани “Ньюком” групп, “Скайтел” групп зэрэг харилцаа холбооны компаниудад Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. Сүүлийн жилүүдэд хувийн компаниа ажиллуулж байна.

Өөрийнхөө амьдралыг товчхон дүгнэхэд, их сургуулиа төгссөнөөс хойш 40 орчим жил ажиллахдаа тэн хагаст нь төрийн өмчит байгууллага буюу “Монголын цахилгаан холбоо” компанид, үлдсэн хугацаанд нь хувийн хэвшилд ажиллажээ. Дөнгөж байгуулагдсан жижиг аж ахуйн нэгжээс өгсүүлээд, харилцаа холбооны хамгийн том компани болох “Мобиком” корпорацийг хүртэл удирдаж үзлээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн зовлон жаргалыг өөрийнхөө биеэр туулсан гэсэн үг. Бизнесийн салбарт хүнд бэрх зүйл байсан. Дардан байгаагүй, хохирч явсан үе ч бий. Гол нь удирдсан компаниудаа загвар болгоё гэж төлөвлөдөг байсан. Түүндээ ч хүрч ирсэн. Хүнд туршлага гэдэг зүйл том баялаг байдаг. Өөрийнхөө туршлага дээрээ тулгуурлаад, МҮХАҮТ-д менежментийн шинэчлэл хийе, түүгээрээ дамжуулаад Монголын бизнесийн орчинг сайжруулъя, төр хувийн хэвшлийн харилцааг шинэ түвшинд гаргаж ирье гэж зориглон Танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа юм. Энэхүү сонгуульд олон сайхан залуус өрсөлдөхөөр зэхэж байх шиг байна. Эдгээр залуусын дийлэнх нь Танхимыг улс төрийн гараагаа эхлүүлэх хэрэгсэл ч гэж харж байж болох. Миний хувьд амьдралын болоод бизнесийн туршлага хуримтлуулсан, үүнийхээ үр өгөөжийг ч өнөөдөр хүртэж яваа, аливаа улс төрийн ашиг сонирхолгүй нэгэн учраас бусдаасаа өөр харагдаж байгаа.

-Яагаад заавал МҮХАҮТ-ын ерөнхийлөгч гэж. Бусад хүмүүс шиг УИХ-д дэвшээд ч юм уу энэ ажлаа хийж болохгүй юу?

-Миний хувьд өнгөрүүлсэн амьдралынхаа туршид нам улс төрөөс ангид байж бизнесийн салбарт ажилласан. Би зарим улстөрчид шиг гоё ярьж, популист амлалт өгч чадахгүй. Бизнесменүүдийн зовлон жаргалыг л гадарлахаас биш улс төрийн амьдралыг огт мэдэхгүй. Тиймдээ ч УИХ-д дэвшье, гишүүн болъё гэж нэг ч удаа бодож байгаагүй.

Харин бизнесийн байгууллага болж өгвөл улс төржилтөөс ангид байгаасай гэж хүсдэг. Монголд бизнес эрхлэх маш хэцүү. Бүх салбар хэт улс төржсөн, авлига хээл хахууль газар сайгүй, хүнд сурталтай, төгрөгийн ханш тогтворгүйгээс болоод зээлийн хүү өндөр, валютын ханш савлагаатай, зах зээл жижиг учраас бүх секторт бизнес эрхлэх хүндрэлтэй байгаа. Манай бизнесийн орчин ч хэт тогтворгүй. Энэ бүгдийг дан ганц төр засаг засаж сайжруулж чадахгүй. Аль нэг компани дангаараа зохицуулах бүр ч бололцоогүй. Харин МҮХАҮТ манлайлж, төр, хувийн хэвшил нь хоорондоо ойлголцож байж л улс орон хөгжинө гэж би итгэдэг. Хэрвээ МҮХАҮТ нь намчирхаад, улс төржөөд эхэлбэл эдгээр ажил биеллээ олохгүй. Танхим бол намын дэргэдэх клуб биш. Хэн нэгэн улстөрчийг намын дарга болгох шатны гишгүүр ч биш. Тийм ч учраас МҮХАҮТ улс төржилтөөс ангид, улс төрийн намаас хараат бус байх ёстой гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

-Улс орны эдийн засгийг төр засаг авч явах ёстой биш үү. Төр, Танхим хоёр нэлээд өөр субьектууд гэж нийгэмд хардаг шүү дээ. Ер нь Танхимын өнөөдрийн өнгө төрх, нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ. Энэ байгууллага өөрөө улс оронд ямар ач холбогдолтой байгууллага вэ?

-Төрийн чиг үүрэг бол бодлого зохицуулалтаа л хийх явдал. Харин бизнесийн байгууллагууд стратегийг хэрэгжүүлдэг байх ёстой. Жишээ нь, ковидын үеэр Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр, ус дулаан, цахилгааны төлбөрийг улсаас хөнгөлөх зэргээр санаачилгууд гаргасан. Цахим шилжилтийг төр манлайлж байна. Зөв буруу явсан нь тусдаа асуудал. Гол нь ийм санаа, санаачилгыг Танхим гаргаж, төрийн араас биш урд нь гарч манлайлж явах ёстой юм.

Олон улсын туршлагаас харахад хувийн хэвшлийн хөгжил өсөлттэй, тогтвортой, засаглал нь сайн байхад улс орны эдийн засаг ч үүнтэй зэрэгцээд өсөлттэй, тогтвортой байдаг. Үүн дээр Танхимын зүгээс бизнест учирч байгаа хүндрэл бэрхшээлийг давахад илүү санаачилгатай ажиллах, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх таатай нөхцөл, эрх зүйн орчин бүрдүүлэхэд манлайлж явах ёстой. Ганцхан жишээ татахад, компаниуд төдийгүй ажилчид хүртэл хохирлыг нь амсаж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга байна. Маш муу өөрчлөлт болсон. Үүн дээр Танхим өнөөдөр бизнесийнхний дуу хоолойг төрд хүргэж явах ёстой. Бизнесийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах санаа санаачилгууд гаргаж, төрийг шахаж, урд нь гарч манлайлж явах шаардлагатай. Гэтэл төр засаг л сайн муугаараа дуудуулан барин бүгдийг нь чирч байна. Танхим харин араас нь яваад байна.

Өөр нэг жишээ энгийн хэлье л дээ. Манай улсын Авлигын индекс 2018 онд 93 дүгээр байрт байсан бол 2022 онд 116 дугаар байр хүртэл ухарлаа. Авлига гэдэг бол шударга бизнесийг боомилогч хорт хавдар. Авлигын эсрэг МҮХАҮТ дуу хоолойгоо гаргадаг байх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Өнгөрсөн жилүүдэд ЖДҮХС-ийн зээл эзэндээ, тэр дундаа эгэл жирийн жижиг, дунд бизнесүүдэд хүрсэнгүй. Улстөрчид л хуваагаад идчихсэн. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Танхим ядаж ганц удаа ч шүүмжилсэнгүй. Засгийн газар л сайн муугаараа дуудуулан байж алдаагаа засах гээд үзээд байна. Зүй нь иймэрхүү асуудал дээр Танхим Засгийн газраа шахаж шаарддаг байх ёстой шүү дээ.

МҮХАҮТ бол хуулиар хамгаалагдсан, улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл хэрэгт таатай нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад дотоодын байгууллагатай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, дэмжлэг үзүүлэх зорилттой ажилладаг том байгууллага. Үндсэндээ эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж, манлайлж явах ёстой гэсэн үг. Харин гишүүн байгууллагын байр сууринаас ажиглахад сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа, идэвхтэй байдал нь нэлээд суларчихав уу даа гэж анзаарагдаад байгаа.

-За тэгвэл юунаас эхлэх ёстой вэ. МҮХАҮТ-ын үйл ажиллагаа хаашаа, хэрхэн чиглэх ёстой талаар таны харж буй шийдлүүдийг сонсъё л доо?

-МҮХАҮТ-ын өөрчлөлтийг өөрөөс нь эхлүүлэх шаардлагатай. Танхимын тухай хууль 1995 онд батлагдсан, өнөөдрийг нэг ч удаа өөрчилж, шинэчлээгүй. Гэтэл 1995 оноос хойш бизнесийн орчин ямар хурдтай өөрчлөгдөж байгааг та надаар хэлүүлэлтгүй харж байна. Тиймээс нэн тэргүүнд бизнесийн өнөөдрийн нөхцөл байдалд тохирсон хуулийн шинэчлэл шаардлагатай. Хуулийн шинэчлэлийг хийснээр Танхим гадаад дотоодод албан ёсны байр суурьтай болно. Бизнес эрхлэгчдийг өмгөөлөх хамгаалах боломжтой болно. Мөн дээр нь төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх суурь зохицуулалтыг хийх ёстой. Төрийн зүгээс хувийн хэвшилд хийж чадах зүйлсийг даатгая л гээд байгаа шүү дээ. Төр өөрөө аж ахуйн олон ажлыг хийж дийлэхгүй, чадах ч үгүй. Тиймээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, эрхлэх үйл ажиллагааных нь зааг ялгааг тогтоох гэх мэт зайлшгүй хийх шаардлагатай ажлууд олон байна.

Мөн МҮХАҮТ өөрөө маш чадварлаг байх ёстой. Ялангуяа Мэргэжлийн холбоодын хөгжлийг дэмжиж ажиллах маш чухал. Ядаж л төрөөс эхлүүлсэн цахим шилжилтэд хувийн хэвшлүүдээ холбогдоход нь мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Наад зах нь цахимаар гэрээ хэлцэл байгуулдаг болж байж бид өнөөдрийн цаг үетэй хөл нийлүүлж алхана.

-Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгч боллоо гэхэд хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Магадгүй Танхимын ерөнхийлөгчид сонгогдлоо гэхэд мэдээж залгамж халааг тодорхой хэмжээгээр үргэлжлүүлнэ. Гэхдээ маш чадварлаг залуу багийг нэмж оруулах, менежментийг нь сайжруулах шаардлагатай гэж хардаг. Надад хангалттай туршлагатай, байгууллагын ажлыг сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй, маш өндөр чадвартай баг бэлэн байна. Бизнесийн орчинд нэг хүнд асуудал байгаа нь хүний нөөц. Нэг талд нь баахан ажлын байр, нөгөө талд нь ажилгүй хүмүүс олон болчихоод байгаа. Энэ нь боловсролын систем маань бодит байдлаас тасарчихсаны үр дагавар. Бизнесийн байгууллагуудад эрэлттэй мэргэжилтнийг бэлдэж чадахгүй байна. Үүний цаана бас л төртэйгөө ойлголцох асуудал яригдана. Бид нэгнээ боломж гарвал шүүмжилж, зөвхөн таалагдсан шийдвэр, шийдлээ биендээ тулгаж, төрөөс л аливааг нэхсээр өдийг хүрлээ. Үнэндээ бидэнд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол бүх талын хамтын ажиллагаа. Хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж, худлаа амлалт биш, үр дүнг гаргах бүрэн боломжтой. Бас үүнийг хийж харуулна.

-Та түрүүн Танхим өөрөө чадварлаг байх ёстой гэлээ. Энэ нь гишүүн байгууллагууд, хувийн хэвшлүүдийг чадваржуулахад ч хувь нэмэртэй биз. Ер нь МҮХАҮТ-ын үйл ажиллагаа гэхээр хувийн хэвшлийн өнөөдрийн нөхцөл байдлыг ярьж таараад байна. Хуулийн шинэчлэлтээс эхлээд хүний нөөцийн шийдлүүд яригдах нь. Таны технологийн салбарын компаниудад хийсэн шинэчлэлүүд, шинэ туршлагууд өнөөдрийн компаниудад загвар болсоор байгаа. Тиймээс энэ чиглэлийн шинэ санаачилгууд юу байх бол гэж сонирхол татаад байна?

-Тэгэлгүй яахав. Танхим ур чадвартай байх нь маш чухал. Бизнесийн орчныг сургаж хөгжүүлэх тал дээр манлайлал үзүүлэх ёстой. Түүгээр зогсохгүй МҮХАҮТ-ын гишүүн байх үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлж, ялангуяа бизнесийн боловсролыг, чадварыг нэмэгдүүлэх шаардлага маш чухлаар яригдах ёстой. Тухайлбал, компаниудад хуулийн зөвлөгөө өгчихдөг, гэрээ хэлцэлд нь зөвлөн тусалдаг болох хэрэгтэй. Компанийн хувьд энэ нь маш чухал асуудал. Гэтэл компани бүр хуулийн зөвлөхтэй байх боломжтой биш шүү дээ.

Нөгөөтэйгүүр, жижиг дундынхан маань компанийн засаглалыг тоохгүй байгаа нь анзаарагддаг. Уг нь компани байгуулахаас эхлээд засаглалын элементийг бага багаар хийж явах ёстой. Бид жижиг компани, томорч байгаад лзасаглал ярина гэдэг. Үүнээс болж олон компани томорч чадахгүй, хөл дээрээ зогсохоос өмнө тарж бутарч байна. Том компаниудад ч засаглалын хувьд асуудлууд бий. Засаглал зөв байх нь бизнесийнхэний хувьд амин чухал. Үүн дээр мөн танхим дэмжлэг үзүүлж ажиллах ёстой.

Дээрээс нь менежментийн туршлагууд, ялангуяа олон улсын стандартыг дунд, том компаниуд хийж эхэлж байна. Бид олон улсын зах зээл дээр гарахын тулд гадны бизнесийн төгөлдөршлийн загварууд нэвтрүүлэх хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж байсан туршлагууд бий л дээ. 2007 онд Сингапурын хөгжлийн төгөлдөршлийн загварыг Азийн бүтээмжийн байгууллага, Сингапурын экспертүүдтэй хамтран Ньютел, түүний охин компани болох Мобиком корпораци дээр нэвтрүүлж Монголдоо анхдагч болж байлаа. Боломж үргэлж байдаг. Танхимын бүх үйлчилгээг 100 хувь цахимжуулахаас авхуулаад мэргэжлийнхээ дагуу миний хийж чадах ажлууд зөндөө бий. Гол нь бидэнд ганцхан асуудал байгаа юм.

-Ямар?

-Монголчууд бид нэгдэж, хамтрах сэтгэл зүй байдаггүй нь миний санааг хамгийн их зовоодог. Уг нь бид аль ч түвшинд нэгдмээр байгаа юм. Бид цөөхүүлэхнээ. Дэлхий ертөнцийн хөгжлийн хурд ямар байна, биднийх ямар байна. Технологи, бизнесийн хөгжил асар хурдацтай урагшилж байна. Энэ дунд монголчууд бид бизнесээ төрөлжүүлж, кластер байгуулж хүчээ нэгтгэж явахгүй бол ганц компани бүх зүйлийг хийж чадахгүй. Цөөхүүлээ учраас өөрсдийнхөө нөөц бололцоог харилцан ашиглаад нийтээрээ хожих ёстой. Нийлж нэгдэж чадвал асар том боломжийг бий болгож чадна. Харин тус тусдаа явна гэвэл амиа аргацаасан байдалтай байсаар л байна. Монголчууд бид бүгдээрээ нэг л завин дээр яваа үндэстэн. Бидэнд сэтгэл хангалуун сайхан амьдрал хэрэгтэй. Бид бол хоёр том гүрний дунд байдаг бахархалтай түүх соёлтойгоос гадна ардчилсан орон. Гол нь бидэнд эв нэгдэл л дутагдаад байна. Бизнесийн компаниуд ч нэгдэж, бие биенийхээ дутууг гүйцээж, илүү чанартай, илүү өртөг багатай олон улсын стандарт хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо байгаа. Үүн дээр МҮХАҮТ маань илүү санаачилгатай ажиллах ёстой. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа гэдэг шүү дээ.

 

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ соёл-урлаг

“Инээмтгий хүн” жүжиг таван “Гэгээн Муза” хүртлээ DNN.mn

Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадам 17 дахь удаагаа өчигдөр/2023.09.17/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжиг таван “Гэгээн Муза” хүртсэн юм.

Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг “Инээмтгий хүн” жүжгийн дүрээр

“Шинэ эрэл” шагналыг “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг

Драмын жүжгийн шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн “Инээмтгий хүн” жүжгээрээ

Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов “Инээмтгий хүн” жүжгээрээ

Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр  “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл тус тус тодорлоо.

Categories
мэдээ нийгэм

Пап Францисын айлчлал ба Монгол дахь хүний шашин шүтэх эрхийн байдал DNN.mn

Гэгээн Ширээт улсын Төрийн  тэргүүн Пап Францис Монгол Улсын   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад 2023 оны есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийгээд удаагүй байна.

Тэрбээр “Оюун санаа, сүсэг бишрэлийн  торгон мэдрэмж Монголын  соёлын мөн  чанарын эд эс бүхэнд гүн  гүнзгий оршдог  учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм” гэж дурдаад Монгол улсыг шашин шүтлэгийн  эрх чөлөөг  эрхэмлэгч түүхэн  уламжлалтай, даян дэлхийд үлгэр болохуйц улс  гэж дүгнэсэн. Үүнийг ч Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх бататган илэрхийлж Монгол Улсыг хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс мөн гэдгийг дэлхий нийтэд зарлан тунхаглалаа.

Энэ талаар эрх зүйч М.Төрбаттай ярилцлаа.


– Та Пап Францисын дээрх дүгнэлтийн талаар ямар бодолтой байна вэ?

– Монгол Улс  шашин шүт­лэгийн эрх чөлөөг эрхэмлэгч түүхэн уламжлалтай гэдгийг түүх харуулдаг. Энэ бол монголчуудын нэг том онцлог, үнэт зүйл гэдгийг Пап Францис дурдсанаас гадна энэ уламжлалаа цаашид хадгалж дэлхий дахинд үлгэрлэж явахыг хүссэн үг болов уу гэж би үзэж байна.

Папын дээрх үг, дүгнэлт нь Монгол Улсын төр засгийг хүний эрх, тэр дундаа шашин шүтэх эрх, эрх чөлөөг хангуулах тал дээр  улам  анхаарах, бусдад манлайлагч байгаасай гэсэн хүслээ дэлхийн нийтийн өмнө илэрхийллээ гэж ойлгож байна.

– Өнөөдөр Монгол Улсад хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөний байдлыг та яаж дүгнэж байна вэ?

– Монгол Улс шинэ ардчилсан  Үндсэн хуулиараа хүний шашин шүтэх, эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба энэ тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд хандан  онцлон дурдсаныг бид харсан.

Монгол Улсын нэгдэн орсон  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон  улсын пакт /ИБУТУОУП/-ын 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шү­тэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин болон шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу  хувийн жур­маар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана” гэж заасан байдаг.

Шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь онц бөгөөд дайны байдал зарласан үед ч хязгаарлаж үл болох хүний суурь эрх чөлөө болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.2 дахь заалт, ИБУТЭОУП-ын 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөн заажээ.

Шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь хувь хүн бодол санаа, дотоод ертөнцдөө хэрэгжүүлэх үед үл хязгаарлагдах, туйлын шинжтэй боловч олон нийтийн орон зайд шашин шүтлэг, итгэл үнэмшлээ илэрхийлэх, номлох тохиолдолд нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс зөвхөн хуулиар хязгаарлаж  болохыг ИБУТЭОУП-ын 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан.

Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах зарчмыг олон улсад баримталдаг.

Тодруулбал, хүний эрх, эрх чөлөөг  хязгаарлах  нөхцөлийг  зөвхөн хуулиар тогтоосон байх, хүний эрх, эрх чөлөөг хяз­гаар­лах бодитой шаардлага үүссэн байх, хүний  эрх, эрх чөлөөг  хязгаарласан байдал, хязгаар­лалтын хүрээ нь хууль ёсны  зорилгод  нийцсэн байх гэсэн тодорхой  гурван  шаардлагыг хангасан байх ёстой.

Гэтэл харамсалтай нь өнөөдөр Монгол Улсад хэн нэг албан тушаалтан, байгууллага дээрх зарч­муудыг зөрчин өөрсдийн мэдлэг, боловсролын түвшин, хандлага, үзэмжээр хүний шүтэх, эс шүтэх эрхийг хязгаарлах, хохироодог байдал гарсаар байна.

Энэ нь манайд хууль ёсоор  үйл ажиллагаа явуулж байгаа буддын, исламын, христийн гээд бүх л сүм хийдэд  тохиолддог нь хэдийгээр манай улсад Үндсэн хуулиндаа хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан боловч хэрэгжүүлэх тал дээр алдаа оноо байна гэж дүгнэг­дэхээр байна.

-Ямар  алдаа  дутагдал, зөр­чил байна гэж та үзэж байна?

-Жишээ нь ҮАБЗ-өөс Төр, сүм хийдийн харил­цааны тухай хуулийг шинэчлэн батлах хүртэл шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байх тухай зөвлөмжийг бүх аймаг, нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн байх юм.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комис­сын гишүүн 2022 оны  арванхоёрдугаар сард ҮАБЗ-ийн дээрх зөв­лөмжтэй танилцахад шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байх Монгол Улсын язгуур ашиг сонирхол, түүнийг хангах гадаад, дотоод нөхцөлд шууд нөлөө үзүүлэх бодитой баримт, үндэслэл байхгүй байна гэж дүгнэжээ.

Тус зөвлөмжөөр бол Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар хэлэлцэгдэн батлагдах хүртэл хүний суурь эрх болох шүтэх, эс шүтэх эрх зөрчигдөхөөр байгаа нь нэн харамсалтай.

Мөн нэг жишээг дурдахад нэр бүхий иргэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж, “Монголын будда бурхан шашинтны төв зөв­лөл” бай­гуулахаар хандахад зөвшөөр­лийг өгөөгүй байна.

НИТХ-аас татгалзсан шалт­гаанаа үндэслэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай” 02 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон заалтыг баримталсныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болгож тухайн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Шүүхийн шийдвэрийн  эмхэт­гэл, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын  жил  бүрийн тайлан илтгэлээс харахад сүм хийдийн бүртгэл, иргэдийн шүтэх эрхийг хангасан шүүхийн  шийдвэрүүд байдаг нь анхаарал татах ёстой асуудал мөн.

Мөн сүм  хийдүүд  хаяг байрш­лаа өөрчлөх, шинэ байранд шилжин байрших зэрэгт  байнга  дарамт  шахалт үзүүлдэг, сүмийн номлогч, санваартнуудын виз, оршин суух зөвшөөрөлтэй хол­боотой асуудалд хүндрэл их гардгийг засах ёстой гэж үзэж байна.

Энэ тухай холбогдох байгуул­лагуудад албан бичгээр  ханддаг боловч удаан хугацаагаар хариу өгдөггүй байна.

Шашны байгууллагыг бүртгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хү­рээнд хэвийн явуулах бүрэн боломж­тойгоос гадна бусад дүрэм журмаа тодорхой болгох шаардлагатай болжээ.

2019 оны долдугаар сард ХЗДХЯ-наас аймаг, нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн албан бичигт шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт тавих журам батлах эрхийг аймаг, нийслэлийн ИТХ-д хуулиар ол­гоогүй байна гэж үзээд тэднээс ирүүл­сэн журмуудыг бүртгэж авахаас  татгалзаж   өмнөх  батал­сан гэх журмуудаа хүчингүй бол­гохыг  шаардсан байдаг нь  өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд аймаг, нийслэлийн ИТХ-д өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж байгааг яаралтай залруулах нь зөв байх.

Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийн асуудал бол зөвхөн манай иргэдэд хамаатай асуудал биш бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тодорхой хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, харьяалалгүй гээд бүх хүнд хамаарах тул зүй ёсоор олон улсын анхаарлыг татдаг гэдгийг бид ойлгох ёстой.

-2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд ерөн­хий­лөгч Камала  Харрисын урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж “Монгол, Америкийн стратегийн гурав­дагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргасан.

Дээрх хамтарсан мэдэгдэлд хүний шашин шүтэх эрх, эрх чөлөө, итгэл үнэмшлийн  тухай тусгасан  байсан. Та энэ тухай юу гэж бодож байна?

-Шулуухан хэлэхэд дээрх хамтарсан мэдэгдэлд дурдсан хүний  шашин  шүтэх эрх, эрх чөлөө, итгэл үнэмшилтэй холбоо­той асуудал  бол Монгол Улсад хандсан зөвлөмж гэж ойлгож болно.

АНУ-ын төрийн департ­ментаас хүний шашин шүтэх эрхийн талаарх 2022 оны тайлан мэдээгээр Монгол Улс хангалтгүй дүн үзүүлсэн байдаг.

Ийм  шалтгаанаар  Монгол Улсыг хүний шашин шүтэх  эрх, эрх чөлөө, хүний итгэл үнэмшлийг хүндэтгэх тал дээр илүү анхаарч олон улсын гэрээ, конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаард­лага байна шүү гэдгийг дээрх мэдэгдэлд тусгайлан тусгажээ  гэж үзэж болохоор.

-Монгол Улс хүний шашин шүтэх  эрх, эрх чөлөөг хангах тал дээр цаашид  юун дээр анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх болон Пап Францис нар Монгол Улсыг шашин шүтэх эрхийн түүхэн уламжлалтай, дэлхий дахинд үлгэр жишээ болохуйц улс, ард түмэн гэж дэлхий дахинд нэгэнт зарласан.

Иймд бид түүхэн уламжлалаа хүндэтгэн хадгалж, одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, төрийн албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг сайжруулах, иргэдээ соён гэгээ­рүүлэх гэх мэт олон асуудлыг дэс дараатай шийдээд явах нь зүйтэй болов уу.

 

Categories
нийгэм цаг-үе

Их цэвэрлэгээний хүрээнд 2972.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан их цэвэрлэгээний ажлын хүрээнд 6692 аж ахуйн нэгж байгууллагын 25063 хүн оролцож 1.737.668м2 талбайгаас хог тээврийн 295 автомашинаар 639 рейс 2972.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийнхэнд төрийн хамгаалалт хамгийн чухал байна DNN.mn

Эдийн засагч, эрхзүйч Д.Бямбасайхантай улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тэрбээр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчээр ажиллаж байсан юм. Ойрын өдрүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэсэн яриа анхаарлын төвд байна. Нэр нь дуулдаж байгаа хүмүүсийн нэг нь Д.Бямбасайхан юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр эрчимтэй ажилласан цөөхөн хүний нэг. Зарим нь ч түүнийг “Хогны” Бямбаа гэж нэрлэх нь ч бий. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Ойрын өдрүүдэд хэвлэлээр МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн мэдээлэл их явах боллоо. Таны нэр тодорхой дуулдаж байна?

-Нэрээ дэвшүүлнэ гэдгээ хамгийн эрт мэдэгдсэн хүн нь бараг би байх. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын бодлогод төрөөс хувийн хэвшлийнхэнд зориулсан дэмжлэгийг хүсэх хэрэггүй юм билээ. Зүгээр л хамгаалалт хүсэх хэрэгтэй юм байна.

 Дэмжлэг гэж хангалттай ярилаа. Худлаа юм байна. Бизнест төрийн хамгаалалт хамгийн чухал цаг үе ирсэн байна.

-Та бол Монголын барилгын салбарт нэр нь тодорхой дуулддаг “Коёотэ” компанийг үүсгэн байгуулагч. Өнөөдөр хаа сайгүй бизнес их хүндэрлээ гэж ярьж бичицгээх боллоо. Бизнесийн орчин ямар байна вэ?

-Монголын барилгын салбар маань эргэлзээнд орсон. Энэ салбарт тооны машин барьсан хүүхдүүдтэй бид өрсөлдөж мэдэхээр болсон. Бартер ярьсан, тооны машин барьсан, чанар огт ярьдаггүй нөхөд. Ямар ч хамаагүй материалаар нэг барилга босгоод, гоё обой, шармал бариул хадаж, гялтгар гэрэл зүүгээд, гялтайсан ханын тавилга хийж өгөөд зарах. Хүн харахад үнэхээр гоё. Гэтэл чанартай барилгын үндэс нь хийц. Дэд бүтэцдээ чанар нь байдаг. Би барилгын бизнест голлон чанартаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийдэг. Барилга гэдэг дор хаяж 40, 50 жилээр чанараа даагаад явдаг. Байшин нурвал хэн хариуцлага хүлээх вэ. Барилгын салбарынхандаа одоо хэлдэг юм. Хятадын Ван овогт, Солонгосын Ким овогт Монголд ирээд баахан хороолол барьж зарчихаад явчихаж байна. Баталгаа нь хэн байх вэ. Асуудал үүсэхэд тэр хоёрт хариуцлага тооцож чадах уу. Баривчилж авчраад хохирлыг нь төлүүлж, хорьж цагдаж чадах уу. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал, үнэхээр хэрэгтэй байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хэлбэрээр нь ашиглах ёстойгоос биш гадны хүн өөрөө барьж босгоод, зарж, борлуулах нь буруу гэж. Ерөөсөө хариуцах эзэнгүй болгочихсон.

-Тэгээд яах вэ?

-Яахав дээ, бүх эрсдэлээ үүрээд зүтгэж л байна. Чанартай юм хийе гэхээр авлига, хүнд суртал, дарамт нь дийлдэхгүй. Дээр нь үнэгүй авах гэнэ. Барилга орон сууц барихаас л өөр аргагүй. Гэр хорооллын 200 мянган өрхийг хүн шиг амьдруулахад барилгын салбарынхан чухал үүрэгтэй оролцох ёстой. Одоо Яармагийн дэнж сайхан хот болчихлоо. Энийг хэн хийв. Бизнесийнхэн хийлээ. Бүх зүйлээ эрсдэлд оруулж, хамаг байдагаа барьцаанд тавьж, зээлээр Яармагийн дэнжид хэдэн мянган орон сууцны хороолол босгочихлоо. Тэгэхээр төрийн зүгээс ингэж ажиллаж байгаа хувийн хэвшлийнхнээ магтах, урамшуулах ёстой. Бизнесийн баталгааг нь өгөх ёстой. Эзгүй хээр газарт дэд бүтцийг нь татаад, маш үнэтэй газар худалдаж аван хот босгож байна.

-Тэдгээр аж ахуй нэгжүүдийн ашиг юундаа байна вэ?

-Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ Бямбасайхан 2.5 сая төгрөгөөр орон сууц зараад байна. Гэтэл Буянт-Ухаа-1, 2 хороолол нь 1.4 сая төгрөгт босчихлоо шүү дээ” гэж ярьсан юм. Гэтэл би газраа үнэтэй худалдаж авна. Буянт-Ухаа хороолол бол төрөөс үнэгүй өгсөн газар. Би барилгын материалаа худалдаж авна. Буянт-Ухаа хорооллыг барихад үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материалыг зээлээр өгчихнө. Дэд бүтцийг нь төрөөс хийгээд өгчихнө. Борлуулалтыг нь ипотекоор хийчихнэ. Манай компани бол бүгдийг өөрийн хүч хөрөнгөөр хийнэ. Газар тэнгэр шиг ялгаа байгаа биз дээ. Төр бизнест орохоор ингэж л хардаг, ярьдаг, эцэстээ “алдаг”. Монголын төр үнэндээ манай компани болох “Коёотэ”-г нухчихсан байхгүй юу. Ганц манайх бус ерөөсөө хувийн хэвшлийг алсан. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхлэхээр тэгээд л сөнөдөг. Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн үүрэг нь бизнес биш юм аа. Зүгээр л бизнест төрийн хамгаалалт чухал гэдгийг хаа хаанаа ойлгомоор байна. Сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж төр бизнес рүү орж болохгүй. Ард түмнийг ажилтай орлоготой байлгадаг нь бизнесийнхэн. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, тээвэр, ноос ноолуур… ерөөсөө хамаагүй. Бүх салбарт ажил олгогч л хамгийн чухал. Тэгэхээр энэ бүх салбарт ажил олгож байгаа эзэд гэдэг хүмүүст л төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Нэг өдөр төрөөс зэрэгцээд том үйлдвэр барьж хувийн компанийг дампууруулчихгүй биз гэсэн наад захын айдас Монголд байна. Төрийн зүгээс аж ахуй нэгжийг энэ талаас нь хамгаалах хэрэгтэй. Энэ мэтээр хүсэх зүйл их.

-Гэхдээ Монголын бизнесийнхэнд учир их бий. Алдаа их байгаа гэж хардаг?

-Бас үнэн. Жишээ нь гадны хөрөнгө оруулалтыг төр дэх луйварчидтайгаа нийлээд дээрэмдээд хөөгөөд явуулчихдаг. Тэгэхээр Монголд хэн хөрөнгө оруулах юм бэ. Гадны хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг тухайн Элчин сайдын яамд нь давхар хийж явдаг л даа. Манайд байгаа бүх орны Элчин сайдын яамд эдийн засгийн судлаачидтай, тэд манайхыг судлаад сууж байдаг. Монголын бүх хууль дүрэм журам, нөхцөл байдлыг судлаад, тэр мэдээллүүдээ нэгтгээд өөрийн орны төр засагт өгнө. Улс нь хэнд өгдөг гэхээр тухайн улс орныхоо бизнесийн толгой байгууллага болох, одоо манайхаар бол Худалдаа аж үйлдвэрийн танхимдаа өгдөг. Тэр байгууллага нь “Танайх тэр улс руу хөрөнгө оруулалт хийх, бизнес хийх гэж байгаа бол манай дээр ирж зөвлөгөө авна уу” гэх жишээтэй. Бизнес дэх төрийн хамгаалалт гэдгийг энэ мэт өргөн агуулгаар нь би яриад байгаа юм.

-Гэхдээ хувийн хэвшлийн зүгээс “Төрөөс дэмжлэг хэрэгтэй байна” гэж их ярьдаг шүү дээ?

-Томьёолол нь буруу гэдгийг эхэнд би хэлсэн. Төрөөс дэмжлэг хэрэгтэй байна, татварын орчин хэцүү байна гэж одоо яримааргүй байна. Асуудал мэдээж байгаа. Татвар их өгч байгаагаа илүү дарамталдаг. Жишээ нь НӨАТ байна. Улс орны мөнгөний гол урсгал хаана яваад байгаа дээр ухаалаг бодлого хэрэгжүүлдэггүй. Манай гадаад худалдаа нь ГХЯ дээр. Дотоод худалдаа нь ХААЯаман дээр байдаг. Энэ хоёр газарт нь зүгээр цаас бөглөгчид сууж байдаг. Аж ахуй нэгжүүдийн кассаар орсон орлогыг, Татварт өгсөн тайлантай нь баланслуулаад, тэгээд дотоод худалдааны эргэлт тэдэн их наяд, гадаад худалдааны эргэлт эдэн их наяд боллоо, алдагдалгүй ажиллалаа гэх шиг юм бэлдээд сууж байдаг. Зүгээр л Статистикийн газрын мэдээллийг бүрдүүлэгч. Угтаа бол гадаад худалдаа тэлээд байгаа юм бол хэдийг нь “Баялгийн сан” руу татах вэ. Хэдийг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр ард нь барьцаа тавьж байгаад мөнгө босгох вэ гэсэн бодлого наад зах нь явах ёстой. Бидэнд одоо нэг тэрбум доллар хэрэгтэй байна. Түүний 100 сая долларыг нь Засгийн газар гаргая, үлдсэн 900 саяыг нь гаргах санхүүгийн байгууллага дэлхий дээр байж байдаг. Ийм менежмент хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг худалдаа руу нь хийх үү, үйлдвэрлэл рүү нь хийх үү. Худалдаа-үйлдвэрлэл хоёр нь сэргэтэл тээвэр ложистик нь байдаггүй. Тэгэхээр үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд дэд бүтцээ барих уу. Ингэж эрэмбэлээд худалдааг дэмжихийн тулд ложистикоо эхлээд хийе. Үргэлжлүүлээд үйлдвэрлэлээ, залгуулаад экспортоо дэмжье… гэхчлэн явмаар байгаа юм. Ийм л эдийн засгийн анализ хийдэг газар байхгүй учраас миний бие 2013 оноос эхлэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлд орсон, Тэргүүлэгчээр ажилласан.

-Тодорхой зорилго чиглэлтэй л МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд орсон юм байна. Тэгээд ажил хэр амжуулав?

-Танхим дээр ирсэн төр, засгийнханд би нэг л зүйлийг ярьсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимд Худалдааны яамны статусыг л өгчих гэж. Бид худалдаагаа мэдэж хийе. Далд нууц мэдээлэл дээр бид судалгаа ч байхгүй дайрч орж байна. Өрсөлдөгчид учраас бид бие биедээ хэлэхгүй. Хулгайчид шиг дэлгүүр, зах, бөөний төвүүдээр хүн явуулж судлаад л… Уучлаарай хөгшөөн, зарж байгаагаас чинь хямдхан бараа оруулаад ирье гэдэг. Үнэндээ хямдхан юм л аюултай байхгүй юу даа. Оруулаад ирлээ, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байвал яах вэ. Бизнесээ босгосон хүний хөдөлмөр гэж 10, 20 жилээр яригдах үнэ цэнэ бий. Чанартай үйлдвэрлэл явуулах, зах зээлтэй болох… гээд. Энэ нь нэг өдөр л хямдхан бараанаас болж будаа болдог. Наад зах нь үүнээс Монголын бизнес эрхлэгчдийг хамгаалах тухай яриад байгаа юм. Энэ мэт олон асуудал дээр Худалдаа аж үйлдвэрийн танхим бодлого гаргаж, бодлого ярьж байх ёстой. Салбар бүрд салбаруудаараа дамжуулан хэрэгцээтэй ажлууд хийж байх ёстой.

-Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж сүүлийн үед басчиг их ярьдаг болжээ?

-Үүнийг нийгэм анхаардаг болсон нь сайн хэрэг. Бодит байдал дээрээ төр-хувийн хэвшил хоёр нь зодолдоод байдаг. Төр-иргэний хоорондын харилцаа нь улс төржчихсөн. Бид ер нь ийм байдалтай хэдэн жил явах юм бэ. Асуудал үүсэхээр бөөн уурласан хүмүүс гараад ирдэг. Ийм байдалд орохгүйн тулд анхнаасаа зөв бодлогыг гаргах. Миний зүгээс дахин дахин яриад байгаа таны хийдэг бизнес, таны бий болгосон хөрөнгийг төрөөс ингэж хамгаална гэдэг нь тодорхой байх ёстой. Энэ бол Үндсэн хуулиар заагдсан төрийн үүрэг. Та түрүүнд хэлсэн. Бизнесийнхэнд, өөрсдөд нь дутагдал бас бий гэж. Үнэн л дээ. Жишээ нь бизнесийнхэн бид Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Бизнесийн зөвлөл, Улаанбаатар хотын танхим, дээр нь Мэргэжлийн бүх холбоод… солиортолоо задарч, бутарсан байдалтай. Хуучнаар бол Манжийн бодлого маягтай. Салгаад, хооронд нь ажлыг нь булаацалдуулаад, хэрэлдүүлээд, амбицийг нь хөдөлгөөд. Энэ нь өөрөө их хортой. Бизнес эрхлэгчдэд дэндүү хортой. Хэнд ашигтай гэвэл бидний төлөө бодлого хууль хийж чаддаггүй төрд ашигтай. Амар байгаа байхгүй юу. Юу яриад байгаа юм, тэр холбоонд чинь л өгчихсөн шүү дээ гэдэг. Холбоотойгоо ярьцгаа, Танхим чинь л зохион байгуулна… гэх шиг. Үүн дээрээ бизнесийнхэн бид онцгой анхаарах ёстой.

-Худалдаа аж үйлдвэрийн танхимд гарал үүслийн эрхийг төрөөс шилжүүлсэн нь эцэстээ ийм байдалд оруулж байна уу?

-Яг нарийндаа яривал гарал үүслийн бичгийг олгож байгаа субъект чинь өөрөө нийтийн албан хаагч байх хуультай. Гэтэл шилжүүлээд танхимд өгсөн, самар гэхчлэн болох бүтэхгүй асуудлууд гарахаар “Энэ ер нь болохгүй юм байна” гээд төрөөс буцааж авах шийдвэр гаргачихаж байна. Ингээд л боллоо. Эрх өгсөн, болсонгүй. Тэгэхээр би юу ярих гээд байна гэхээр ийм асуудал үүсэх магадлалтай учраас Төр-Бизнес хоёр нягт хамтарч ажиллах ёстой. Асуудал үүсэх нь тодорхой зүйл дээр дуугүй байдаг. Асуудал үүсээд ирэхээр төр дэмжихгүй байна гээд зодолдоод эхэлдэг. Бид хоорондоо зодолдоод байх 100 сая хүн амтай улс орон биш. Гурван сая хүний чинь 500 мянган л энэ улс орныг тэжээнэ. Төрийн зардал их. Төрийг бид яаж баян болгох вэ гэдэг маш чухал ажил. Бид төрийг маш баян болгох ёстой. Бид чинь хилтэй, бас хэлтэй, түүхтэй, ёс заншилтай, үндэсний гэх юм бүгдтэй улс орон. Тийм болохоор төр засаг нь баян баймаар байна. Төр-Бизнес хоёр дайснууд биш сайн хамтрагчид байж гэмээнэ хөгжинө, баяжина, хүчирхэгжинэ. Төр нь хамгаалдаг, бизнес нь тэжээдэг. Энэ бүгд нь шударга. Тэжээнэ гэдэг нь авлига биш, давуу эрх биш, жалга довны үзэл биш, шударгаар боломжийг эн тэнцүү олгох, гарааны нөхцөл адилхан байх. Ингээд зах зээлийнхээ хуулиар босох нь босоод, унах нь унаад явна. Яг одоо ковидын үеийнх шиг ноцтой хямрал эхэлчихэв үү гэж яригдаад эхэлсэн. Өнөөдөр бизнесменүүдийн сууж байгаа оффис, ажиллуулж байгаа үйлдвэр, унаж байгаа машин, амьдарч байгаа гэр орон бүгд гоё байна. Гэтэл энэ бүх хөрөнгө нь тэр чигээрээ банкны барьцаанд байгаа. Энэ юу хэлж байна гэхээр Монголын бизнесмэнүүд тэр чигээрээ санхүүгийн хангалттай нөөцтэй болоогүй гэсэн үг. Монгол банкны нөөц дөрвөн тэрбум долларт хүрлээ гэх. Энэ мөнгийг хадгалаад байх ёстой юм уу. Эргэлтэд оруулах ёстой юу. Энэ бол төрийн бодлого. Чи бид хоёрын наймаа 100 сая дотроо эргэлдээд байх нь зөв үү. Хошин шогийн хоёр нөхрийн тоглолт байдаг шүү дээ. Хоёулаа нийлж хуушуур хийж зардаг. Бие биедээ хуушуураа зарж идсээр байгаад дуусчихдаг. Бүх хуушуураа зарсан, сав нь хоосон үлдсэн. Тэр хоёр дундаа ганц ширхэг 500 төгрөгтэй, түүгээрээ бие биенээсээ хуушуур авч идсээр байгаад дууссан. Хуушууранд гарсан зардал, цалин хөлс бүгд байхгүй. Ийм л жалганы бизнест Монгол Улс эргэлдэж болохгүй. Бизнесээ томсгох, тэлэх ёстой. Хамгийн аюултай нь монголчууд бид 500 жил, доод тал нь 100 жил бизнес хийчихсэн нөхөдтэй өрсөлдөх гээд байна. Ердөө 30 жилийн бизнесийн замналтай, анх удаа бие даасан толгойгоор ажиллаж, өрсөлдөх болчихлоо. Ярихаараа бид далайд гарцгүй учраас хөгжихгүй байна гэдэг. Гэтэл Хятад-Орос гэсэн аймаар том далай байна. Ийм урт хилтэй. Бид яагаад их газрын Венецийн суваг болж болдоггүй юм. Сэргээгдэх эрчим хүчний технологи өнөөдөр хоёр дахин хямдраад байна. Манайд “Ногоон сан”-гийн чинь эх үүсвэр байна. Манай эрчим хүчийг эко гээд зарахад хангалттай ашиг олно. Японд гэхэд нүүрсний тог, сэргээгдэх эрчим хүчний тог хоёрын үнэ тэс өөр дүнтэй. Монголын ийм их өргөн уудам нутагт юу л байна, сэргээгдэх эрчим хүчний эх ундарга л байна. Тэгэхээр бид төр засгаа хүчтэй баян болгоод, хүчтэй төрийн нөмөр нөөлөг дор, хамгийн гол нь хамгаалалтан дор бүх бизнес нь хүчтэй явмаар байна. Өгөх ёстой татвараа өгнө. Түүнийхээ хэрээр төрийн хамгаалалтаа авна. Боломжуудаа авна. Германы улстөрчид шинжлэх ухаанчдынхаа гаргаж өгсөн томьёолол дотор л улс төрийн бодлого, шийдвэрээ эргэлдүүлдэг. Тэрнээс хальж гарсан Канцьерыг шууд огцруулдаг. Тэгэхээр Монголын төр шинжлэх ухаанч байх ёстой. Бид нэг жижиг үйлдвэр оруулаад ирнэ. Заавал нэг гадны мэргэжилтэн, суурилуулах инженер, сургагч дагуулж ирнэ. Уг нь манай хүмүүс л суурилуулах ёстой. Басчиг Монголоор дүүрэн элдэв үйлдвэр байна. Тэр бүгд дээр манай эрдэмтэд ажиллах ёстой. Дэлхийгээс ирсэн технологиуд дээр. Гаднаас ирж байгаа тэр мэргэжилтний замын зардал, хоол унд, амьдрах байр, томилолтод чамгүй их мөнгөө урсгах уу, өөрсдийн мэргэжилтэн эрдэмтэддээ өгөөд үйлдвэрлэл, технологио сайжруулаад явах уу. Төр-Шинжлэх ухаан-бизнесийнхэн хамтраад, бодлогоор хайрцаглагдаад явах нь л хамгийн чухал байна. Миний зүгээс яриад байгаа гол концепци ерөөсөө л энэ. Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс анхаарах хамгийн чухал ажил энэ.

-Та ер нь тэгээд МҮХАҮТ-ыг яаж ажиллаасай, ямар үр дүнд хүрээсэй гэж харж байгаа вэ?

-Ний нуугүй хэлэхэд өнөөдөр МҮХАҮТ бол гадаад дотоод үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг, шинэ жилээр өргөмжлөл гардуулдаг газар болсон. Жишээ нь шинэ жилээр манай компанид өгсөн шилэн өргөмжлөлүүд цаана чинь байна. Би тэгээд хэлдэг юм, “Энэ шилдэг гэж бичсэн шилийг чинь барьж очихоор банк хөнгөлөлттэй зээл өгөх үү. Хотын захиргаан дээр очихоор үйлдвэрээ барь гээд газар шууд өгөх үү” гэж. Танхимаас шалгаруулдаг ТОП 100 аж ахуй нэгжид тэгээд үр ашиг нь юу байгаа юм бэ. Давуу юм юу байгаа юм бэ.

-ТОП 100 аж ахуй нэгжийн захирлуудад ногоон паспорт өгөх тухай яригдсан. Бүтсэн үү?

-Уг нь тэр ногоон паспортыг өгвөл цаг алдахгүй гадагшаа яваад яриа хэлцэл хийхэд хэрэгтэй л юм. Гэвч өгөөгүй. Яаралтай хөрөнгө оруулалтын ажлаар маргааш Сөүлд байх ажил гарвал би виз мэдүүлэх гээд Элчинд нь паспортаа 45 хоног өгчихөж байгаа юм. Одоо бүх зүйл цахимаар гэдэг болж. Гэвч эцсийн шийдвэрийг яг л нүүр нүүрээ харж шийддэг нь дэлхийд хэвээрээ шүү. ТОП 100 аж ахуй нэгжийн тухайд хил, гааль дээр хүртэл хөнгөн л баймаар байна. Хил гааль дээр нэг л их шалгасан, саатуулагдсан компаниуд. Арай өөр байх ёстой л доо. Өнөөдөр Монголд том сангууд байна. НДС, ЭМДС гэхчлэн. Мөнгө нь бэлэн байдаг байх. Гэтэл эрх мэдэлтнүүд яаж гараа дүрж байна. Гэтэл энэ хоёр сан нь ТОП100 аж ахуй нэгждээ нээлттэй байж болно. Шаардлага гарвал аль ч аж ахуй нэгж нь ТОП100 болсон эрхээрээ тэндээс нэг тэрбумын хөнгөлөлттэй зээлийг шууд авдаг. ТОП100-гийн шалгаруулалтын 100-д жагссан компани 100 сая төгрөгийн зээл авдаг ч юм уу. НДС-гийн мөнгийг нэг хувийн хүүтэй өөртөө байршуулах банк нэг ч байхгүй. Харин компаниуд бол дүүрэн байна. Ийм боломжуудыг олгож болно шүү дээ.

-Шулуухан асуухад манай томоохон компаниуд жижиг аж ахуй нэгжүүддээ боломж өгдөггүй. Бизнесийнх нь орон зайг булаадаг тодорхой асуудлууд бий. Та ямар байр суурьтай байна вэ?

-Гадны бизнесийн соёлыг хар. Жишээ нь би усны юм уу, ундааны бизнес эрхэлдэг байя. Гэтэл үйлдвэр нь огт өөр компани байх жишээтэй. Тухайн үйлдвэрт нь манайх брэндийн технологийн захиалгаа л өгнө. Ийм орцтойгоор, ийм хэмжээтэй, тэдэн сая ширхэг ус үйлдвэрлээд өг гэж. Танайхаас тэр ложистикоор, тэдний агуулах руу явна. Бизнесийн агуулга нь юу гэхээр бүгд ажилтай орлоготой байх. Тусдаа тусдаа бизнестэй амьдрах. Одоо Азийн хөгжиж байгаа орнууд бүгд ийм л байгаа. Төрийн зүгээс хамгаалалт сайн хийнэ. Япон гэхэд хэдэн том компаниа чадавхжуулна, дэмжинэ. Хооронд нь төрийн зохицуулалтаар өрсөлдүүлэхгүй. Боломжийг зааглаж олгоно. Танай үйлдвэр 10 сая хүнтэй энэ мужид байрлана. Энэ мужийн бүх хүүхэд сургуультай, эмнэлэгтэй, хөгшид нь хангалттай тэтгэвэртэй байх ёстой шүү гэхчлэн үүрэгжүүлдэг, хариуцуулдаг. Ийм эрх үүргийг тухайн корпорацид өгсөний дараа, тэдний ард банкууд нь дугаарлаад зогсож байдаг. Манайхаас санхүүжилт аваач, мөнгө нь байна гээд. Тэрбум доллар хүүгүй өгье гэж. Яагаад хүүгүй санхүүжилт өгч байна гэхээр нэг тэрбум долларын гүйлгээний шимтгэл нь маш их тоо байдаг.

-Манай арилжааны банкуудад энэ нөхцөл нь хэдүйн бүрдсэн харагддаг даа?

-Монголд зарим нэг банкууд хүүлэгч, ломбард болсон. Одоо болих хэрэгтэй, гүйлгээний шимтгэл чинь та нарт хангалттай ашиг өгнө. Дэлхий угаасаа ийм болчихсон. Манай улсад хоёр сая хэрэглэгчтэй банк байна. Нэг удаа гүйлгээ хийхэд 100 төгрөгийн шимтгэл гэж тооцвол 400 сая төгрөг. Карт ганц уншуулах, апп-аар ганц гүйлгээ хийхэд 100 төгрөгийг банк авна. Ийм сайн нөхцөлтэй болчихсон банк одоо эргэлтдээ сайн анхаарах ёстой. Гэтэл бахь байдгаараа хадгаламж их татаж, түүнийгээ өндөр хүүлж мөнгө олох зорилготой. Энэ технологи чинь одоо дэлхийд байхгүй болсон. Ингэж ярихаар нөгөө хадгаламжтай хүмүүс уурлаад эхэлдэг. Тэдэнд хэлэхэд “Уучлаарай, маш олон сангууд бий болчихлоо. Тэд санхүүгийн зах зээлийн менежментийг сайн хийж байна. Аль үйлдвэрт хөрөнгө босгож өгөх вэ. Судалгаа, шинжилгээ, баталгаа бүгдийг нь гаргаж өгдөг. Хадгаламж эзэмшигчдийг энэ зүг рүү явцгаа” гэмээр байна. Ирээдүйд хэдэн төгрөгийн хадгаламж үлдээх юм уу, сайн хувьцаа үлдээх үү. Бодох цаг нь болсон. Ингэж байж Монголын эдийн засаг том эргэлттэй, том мөнгөний зах зээл болно.

-Энэ бүх үйл ажиллагааны төв цэг нь МҮХАҮТ байх ёстой л гэж та яриад байх шиг байна?

-За ер нь миний энэ яриад байх бүх сэдвийг нэгтгэж, төрийн хамгаалалтад оруулж чадвал Монголын бизнесийн орчин сайжирна. Үүнд МҮХАҮТ хамгийн их үүрэгтэй. Энэ бүгдийн үр дүнд системийн өөрчлөлт хийгдэнэ. Монголчууд өнөөдөр энэ дэлхий дээр хамгийн аюулгүй, эрсдэлгүй улс орны иргэд. Дайнгүй, шашины мөргөлдөөнгүй, цунами, хилийн маргаан, газар хөдлөлт… бүгд бидэнд байхгүй. Ийм нөхцөлд Монгол Улс дэлхийн санхүүг татах бүрэн боломжтой. Шулуухан хэлэхэд дэлхийн оффшор улс болох ёстой. Дэлхийн санхүүчид хаана хамгийн аюулгүй газар байна, тэнд мэдээллээ хадгалдаг болчихлоо. Том том дата центрүүд хадаглах найдвартай газар олдохгүй, далайд хүртэл датаг нь хадгалсан хөлөг онгоцууд хөвж байна. Тэдгээр дата центрүүдийн хүчинд л дэлхийн бизнес яригдаж байна. Дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн ололтууд хэрэгжиж байна. Манайх хамгийн гоё нь хүйтэн улиралтай. Тэр датануудыг авчирч хадгалъя. Цэвэр мөнгийг авчирч хадгалъя. Тэднээс татвар авахгүй, зүгээр жаахан шимтгэл авъя. Тэр нь бидэндээ хэдэн тэрбумаар орох мөнгө. Болж өгвөл тэр мөнгөнд нь манайх менежмент хийх боломжтой. Бусад улс орнууд өөр өөрийн онцлогтоо тохируулан яаж хөгжөөд байгааг олж харах цаг болсон. Бид ончтой харж, их мөнгөн дээр тоглож сурах цаг болсон. Амиа бодож довоо шарлуулаад 30 жил явцгаалаа. Одоо том харж, том сэтгэж, том тоглоё. Томоор ч хамаагүй алдаж суръя. Ингэж байж л Монгол Улс хөгжинө. МҮХАҮТ нь ийм хэмжээнд харж сэтгэж, эх орныхоо эдийн засгийг зөв зам дээр гаргахад голлох үүрэгтэй ажиллах ёстой. Энэ бүгдийн түшиг тулгуур нь бизнесийнхэн бид юм. Бид өөрсдөө ухаалаг, эх оронч, соёлтой байх нь хамгийн чухал. Ер нь бол төрөөс шалтгаалах тодорхой олон асуудал байгааг манай бизнесийнхэн дор бүрнээ мэдэж байгаа. Жишээ нь миний зүгээс АМНАТ-ийг цуцлуулах тал дээр МҮХАҮТ онцгой анхаарч төр засагтай ажиллах ёстой гэж үздэг. Үүнийг хийнэ. АМНАТ-ийн тухайд зүгээр гааль дээр л ганц татвар авах ёстой. Тэрнээс галт тэрэг өртөө бүр дээр зогсож, анхнаасаа аваад шалгуулчихсан тасалбарыг дахин дахин шалгаад байгаатай АМНАТ ялгаагүй болсон. Одоо МҮХАҮТ-ын дэргэдээс Арбитрыг авах юм шиг байна. Ингэж болохгүй л дээ, төрийн хамгаалалтыг МҮХАҮТ авна, Танхимын хамгаалалтыг бизнесийнхэн, аж ахуй нэгжүүд авдаг тийм зарчим үйлчлэх ёстой. Энэ мэт танхим дээр анхаарах, ажил хэрэг болгох олон асуудал бий. Эцэст нь хэлэхэд бизнесийнхэн бид хууль тогтоомжийг ягштал мөрдөж ажиллах ёстой. Үлгэр дууриал болох хэмжээнд. Тэгж байж төрөөс хамгаалалт хүснэ. Хүсэх эрхтэй болно. Тэрнээс хууль, дүрэм журмаас гадуур ажиллах нь эргээд бидний хоолойг боомилдог. Үүнийг бүгд мэддэг хэдүй ч “Ажлаа бүтээхийн тулд…” гэсэн зүйл ярьдаг. Энэ хандлага л эргээд Монголын бизнесийн орчныг тэр чигээр нь харлуулж байгаа юм. Үнэн хэрэгтээ Монголын бизнесийн орчин эрүүл болчих юм бол нийгэм тэр чигээрээ эрүүлжинэ шүү дээ.

 

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм

Эдийн засагчдын КАПИТАЛ ФОРУМ байгуулагдлаа DNN.mn

Эдийн засгийн бодлогын КАПИТАЛ ФОРУМ байгуулагдав. Форумын хэлбэрээр байгуулагдсан тус байгууллага нь чөлөөт эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эдийн засгийн бодлогын зөвлөмж боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Тус форумыг үүсгэн байгуулагчид нь өндөр хөгжилтэй барууны орнуудад эдийн засгийн болон төрийн удирдлагын боловсрол эзэмшсэн, санхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын чиглэлээр өндөр мэргэшсэн, гадаадын улс оронд болон Монголын эдийн засаг, санхүүгийн томоохон байгууллагуудад удирдах ажил хийж байсан туршлагатай залуус юм.

Тус форумын үүсгэн байгуулагчид КАПИТАЛ ФОРУМын зорилгыг тодорхойлохдоо Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшилд суурилсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөнийг дэмжсэн бодлого боловсруулах, Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бүтээмжийг дэмжсэн технологи нутагшуулах бодлого боловсруулах гэж тодорхойлж байна. Мөн тус форум нь Ардчилсан намын бодлого боловсруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллах бөгөөд улс төрийн фракц, клуб биш гэдгийг онцоллоо.

Капитал форумын үүсгэн байгуулагчид

  • М.Чимэддорж, Оксфордын их сургуулийн магистр, АНын Улс Төрийн Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн бодлогын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай
  • А.Батпүрэв, Сиднейн Их сургуулийн магистр, БНХАУ-ын эдийн засаг, бизнесийн их сургуулийн доктрант, санхүү хөрөнгө оруулалтын салбарт 15 жилийн туршлагатай Ашид Ассет Менежмент компанийн үүсгэн байгуулагч
  • П.Батхишиг, Манчестерийн их сургуулийн магистр, Шунхлай компанийн гүйцэтгэх захирал зэрэг бизнесийн салбарт 15 жил ажиллаж байсан туршлагатай
  • Б.Баяртбилэг, Английн Империал Коллежийн магистр, Голомт банкны зээлийн газрын захирал зэрэг банк санхүүгийн салбарт 15 жил ажилласан туршлагатай.
  • М.Сугар Оксфордын их сургуулийн магистр, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, санхүүгийн зөвлөхөөр 15 жил ажилласан туршлагатай, АНын гадаад харилцааны газрын дарга,
  • Г.Ганбат, Сассекксийн их сургуулийн магистр, UCL –ийн мэдээллийн доктрант, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10 жил ажилласан туршлагатай
  • О.Энхтайван, АНУын Гэгээн Петрийн их суруулийг төгссөн, Голдман Сакс зэрэг санхүү хөрөнгө оруулалтын салбарт 10 жилийн туршлагатай

КАПИТАЛ ФОРУМ –ын үүсгэн байгуулагч Баяртбилэг, О.Энхтайван, Ганбат нар АНд гишүүнээр элсэж, АНын дарга Л.Гантөмөрөөс намын батлахаа гардаж авсан байна.

 

Categories
нийгэм цаг-үе

“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.
ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан байдаг. 2023 оны байдлаар тус конвенцод 192 улс нэгдэн орсон бөгөөд 167 улсын нийт 1157 байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсний дотор 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байна.
Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноосоо хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015) зэрэг 5 өвийн газрыг бүртгүүлээд байсан бол Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 6 байгаль, соёлын өвийг бүртгүүллээ.
1972 оны конвенцод заасны дагуу Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнтэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгууруудаас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

О.Амартүвшин: Бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ыг ашиг сонирхлын дамжлага болгох ямар ч сонирхолтой эвлэрэх ёсгүй DNN.mn

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал энэ сарын 20-нд болно. Дөрвөн жилд нэг удаа болдог уг их хурлаар МҮХАҮТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах юм. Удахгүй болох хурал болон танхимын цаашдын хөгжлийн бодлогын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


– ТӨР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЬЕ ГЭВЭЛ МҮХАҮТ-ЫН ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ЁСТОЙ –

-Таны сонгуульт дөрвөн жил нэг мэдэх нь ээ өнгөрч, дараагийн ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэсэн асуулт олны анхаарлын төвд орлоо. Та нэр дэвших үү?

-Юуны өмнө нэр дэвшихгүй гэдгээ хэлье. Ажил аваад дөрвөн жил өнгөрч, өдгөө XXI их хурал зарлагдлаа. Ер нь олон нийтийн ажил хувь хүний санаачилга, манлайлалд суурилж урагшилдаг. Ямар нэгэн намын болон ком­панийн томилгоо биш шүү дээ. Би энэ байгууллагын ерөнхийлөгч болохдоо өөрчлөлт хийнэ гэж орж ирсэн. Ажил авсан бол ирж чаддаг, явж чаддаг байх ёстой. Аливаа олон нийтийн ажлыг удаан хийнэ гэдэг чанар, ач хол­богдлын хувьд таатай зүйл биш.

Менежментийн онолоор нэг хүн нэг ажлын байранд 4-5 жил ажиллахад хангалттай гэж үздэг. Монголд 90 мянган компани, аж ахуйн нэгж бий. Бүгд л өөрийн удирдагч, лидер, манлайлагчтай. Хэн нь илүү зохион байгуулалт хийж чадах амбицаа илэрхийлж, яаж өөрчлөх бодлогын мэт­гэлцээнээ хийнэ, тэр хүн биз­нес эрхлэгчдийнхээ ит¬гэлийг хүлээж, манлайлах ёстой. Олон хүнд дараагийн түвшинд реформ хийх амбиц, зорилго байгаа. Өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа оноо, доороо хий эргээд гацчихсан асууд­луудыг маш том реформ хийж байж л өөрчилнө.

Өн­гөр­сөн­тэйгөө зууралдаад шүүмжлээд байвал ямар ч реформ хийгдэхгүй. Энэ утгаараа би хувь хүнийхээ хувьд танхимыг ойлгож, бизнес эрхлэгчдийн төлөө ажиллаж илүү ойлгож чадах зөв хүнийг дэмжээд, сонгууль, хурлаа маш хариуцлагатай, зөв бас соёлтойгоор зохион байгуулчихаад ажлаа хүлээлгэж өгнө гэж төлөвлөөд байж байна.

-Удирдлагын түвшинд ажилласан дөрвөн жилд юу амжуулснаа сонирхуулаач. Манайд нэг гажиг бий. Эх­лүүлсэн ажлаа зөв хүн, баг, хамт олонд залгамжлуулахгүй бол УИХ-ын сонгууль шиг бүгдийг үгүйсгээд бүхнийг цоо шинээр эхлүүлэх гээд байдаг. Ингэчихвэл өнгөрсөнд ажиллаж бүтээсэн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл дэндүү хайран болно. Шуудхан хэлэхэд итгэл даахуйц залгамжлагчаа зарлахгүй л бол таны өмнөх жилүүдэд хийсэн ажлын үр дүн салхинд хийсч мэдэх л юм…?

-Монголчууд маш бухимдалтай байна. Болж байгаа зүйлийг ойлгохгүй, сөргөөр хардаг гэм бидэнд бий. Эсвэл өнгөрсөнтэйгөө зууралдаад салдаггүй асуудалтай. Реформ өнгөрснийг хардаггүй, маргаашийг ярьдаг. Өнгөрсөнтэйгөө зууралдаад, түүх яриад эхэлбэл бүх юм бахь байдгаараа үлдэж байрнаасаа хөдлөхгүй. Дөрвөн жилийн өмнө өөртэй тань ярилцахдаа би, нийгэмд хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэж, төрийн бодлого шийдвэрт тусгадаг болгоё, хувийн хэвшлийн нэгдмэл том хүчийг бий болгож, гадаад харилцааг шинэ түвшинд гаргасан танхимын байр суурийг хүргэмээр байна гэж байсан даа.

Мэдээж хамгийн гол нь хувийн хэвшлийнхний нэгдэл. Нөгөөтэйгүүр танхим бол улс төр хийдэг талбар биш. Судалгаанд үндэслэсэн саналаа төр засагт хүргүүлж, шийдвэр гаргахад дөхөм болохыг л зорьсон. Шуудхан хэлэхэд, танхимын хуулийг эрс шинэчилснээр бид бусад өндөр хөгжилтэй улсын танхимын түвшинд хүрч ажиллана. Тухайн үед арбитр сайн танигдаагүй бизнесийн маргаан дандаа шүүхийн процессоор шийдэгддэг байсан. Энэ нь нэгдүгээрт шүүхийн ачааллыг маш их нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт шүүх өөрөө бизнесийг мэргэжлийн нүдээр харахгүйгээр захиргааны байдлаар шийддэг байсан.

Арбитрыг хөгжүүлж чадвал бизнест нөлөөлөх хувь нэмэр нь их. Гадны хөрөнгө оруулалтыг татахад ч чухал нөлөөтэй. Бизнес эрхлэгчдийг мэдлэгийн хувьд цоо шинэ соёлд сургадаг. Энэ мэтээр олон асуудлыг шийдэж чадсан. Эргээд харах нь ээ, гадна талдаа ч, бодлогын талдаа ч олон алхам хийж чадсан. Өнөөдөр бид дэлхийн аль ч улсын худалдааны танхим, төрийн болон иргэний байгууллагатай ижил түв­шинд харилцаж чаддаг болсон. Чанарын болон тоон асар их дэвшилд хүрч чадсан.

-Саяхан Хөх хотод болсон экспогийн үеэр МҮХАҮТ Засгийн газраас илүү нэр хүндтэй байгаа нь анзаарагдсан гэх үнэлгээг эдийн засагчид хэлж байсан. Танхимын нэр хүнд гадаад талдаа илт өсчээ гэсэн мэдрэмж төрсөн. Таныг ажлаа авахад буюу дөрвөн жилийн өмнө байдал эрс өөр байсан санагдах юм?

-2019 онд ажил аваад удаагүй байхад Монгол-Хятадын III экспо зохион байгуулагдсан юм. Тэр үед Өмнөд Монголын танхим болон бизнесийнхэн ирж уулзсан. Эхний уулзалтууд маш хүнд хандлагуудыг мэдэрсэн сөрөг уур амьсгал дунд л эхэлж байлаа. Монголыг хариуцаж байсан албаны хүмүүсийн зүгээс Монголын бизнес эрхлэгчид болон танхимтай хамтарч ажиллах боломжгүй, сонирхолгүй байна гэдгээ удаа дараа илэрхийлсэн нь ердөө саяхны бодитой үйл явдал.

-Яагаад ийм сөрөг хандлагатай байгаагаа тайлбарласан уу?

-Өмнөх I, II экспогийн үеэр танхимын удирдлагын гаргаж байсан сөрөг хандлага, мэдлэггүй байдал бидний дунд үл ойлголцлыг бий бол­госон л доо. Аливаа зүйлд харилцаа маш чухал. Би хэлсэн л дээ. “Би таагүй байдлыг өөрчлөх гэж сонгогдсон, та бүхэн хамтармааргүй байна гэхээсээ илүү биднийг жаахан хараач ээ. Бидэнд өөрсдийгөө ойлгуулах хугацаа өгөөч” л гэсэн. Тэгээд л танхим яаж зөв зохион байгуулалттай байх, яавал түншүүдтэйгээ зөв ойлголцох тал дээр төвлөрч олон талын ажиллагаа зохион байгуулсан.

Харин III экспогийн дараа урд хөршийн хандлага эрс өөрчлөгдсөн. “Та бүхэн танхимаа өөрчлөхийг зорьж, итгэлцэл бий болгохын төлөө хичээж байгаа юм байна. Тиймээс бид та бүхэнд итгэж байна. Бүх талаар дэмжиж, харилцаагаа сэргээе” гэсэн. Үүнээс хойш Хятад ковидын хоёр жил, үргэлжлээд Орос, Украины дайнаас үүдэж хилээ хаасан. Энэ оны нэгдүгээр сард л хилээ нээлээ.

Ийм саад байсан ч бид өнгөрсөн хугацаанд маш олон талт үйл ажиллагаа зохион байгуулж чадлаа. Энэ оны зургадугаар сард гэхэд л Монгол-Хятад-Оросын худал­дааны танхимын дээд чуулган боллоо. Хятадын худалдааны танхимын дарга 12 мужийнхаа худалдааны танхимын дарга, ОХУ-ын танхимын ерөнхийлөгч Монголтой хиллэдэг муж улсуудынхаа танхимын дарга, бизнес эрхлэгчидтэйгээ ирж өндөр түвшний уулзалт хийсэн. Мэдээж төр засгийн хамтын ажиллагаа, дэмжлэг байсан. Дэд чуулганаар олон том төслийг ярьсан.

Эдийн засгийн хувьд хоёр улсын хооронд дэд бүтцийн гүүр болох эдийн засгийн коридорыг бодитоор ажиллуулах гэхчлэн олон сэдвийг хөндсөн. Дараахан нь Монгол Улсын Ерөн­хий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан айлчлал хийх үеэр манай улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцсон Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулсан. Энэ форумын үеэр 25 гаруй хөрөнгө оруулалтын гэрээ, нийтдээ 40 орчим “Санамж” бичиг зурагдсан.

-Нийт үнийн дүнг нь хэлэх боломжтой юу?

-Нийт үнийн дүн нь 2.8 тэрбум ам.долларт хүрсэн.

-Том тоо байна шүү. Форумын үеэр манай улсын Ерөнхий сайд Хятадын бизнес эрхлэгчдээс уучлалт гуйсан гэж сонсогдсон…?

-Монголтой төрийн түвшинд ойл­голцоход ч, хувь компанийн түвшинд ойлголцоход ч эргэлзээ төрүүлэхээр олон сөрөг жишээ байсан. Наад зах нь харилцан гэрээгээ зөрчих, хөрөнгө оруулалтыг үгүйсгэх, орхих, гомдоох гээд асуудал арвин их байсан. Тэр ч утгаараа Ерөнхий сайд форумын үеэр уучлалт хүсээд, цаашид аль болох итгэлийг буцааж сэргээхийг зорьж буйгаа илэрхийлсэн. Үүний үр дүнд Хятадын олон бизнес эрхлэгч МҮХАҮТ-аар дамжуулж мэргэжлийн компани, төр засагтай харьцах нь хамтын ажиллагааны зөөлөн хүчний бодлого гэдэг шиг зөв гарц юм байна гэдгийг илэрхийлж байсан.

Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга гэхэд л томоохон төсөл дээр танхимтай хамтран Монголд ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлсэн. Энэ мэт эерэг мессеж олон бий. Түүнээс хойш энэ зунжингаа уулзалт тасарсангүй. Хятадын хотуудын худалдааны танхимууд, намын дарга, бизнес эрхлэгчидтэй уулзсан уулзалтуудыг жагсаавал урт жагсаалт гарах байх. Хятадаас гадна Герман, Турк, Вьетнам, Тайландтай өрнүүлсэн харилцаа ч бий.

Бас Европын орнууд байна. Австри, Чех, Польштой хамтарч гадаад харилцаагаа цоо шинэ түвшинд гаргаж чадлаа. Энэ амжилт, ололтууд нь танхим мэргэжлийн байгууллага болсны том нотолгоо. Одоо хөрөнгө оруулалтын гэрээнүүд үзэглэгдэж байна. Хамгийн чухал нь Монголын компаниуд хаана алдаж байснаа харж чадлаа. Хамтын ажиллагаа түншлэлийг шинэ түвшинд гаргаж ирлээ.

Өнгөрсөн хугацаанд баг хамт олноо залуужуулж, чадавхжуулсны үр дүнд Бугатын эрчим хүчний Минянь гэх томоохон компани Монголд хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Монгол Улс олон жилийн турш эрчим хүчний хараат байдлаас гарах тухай ярьсан. Импортын хэрэглээтэй улс биш, экспортлогч улс болох суурь тавигдлаа гэх мэтээр яривал эерэг жишээ цөөнгүй бий.

-Эрчим хүчний хараат байдлаас гарах зорилготой төсөл эхлүүлсэн гэдэг сайхан мэдээ. Өөр ч олон хэрэгтэй, онцлох төслүүд бий байх…?

-Хятад бол манай уул уурхайн гол түнш. Нийт уул уурхайн экспортын маань 84 гаруй хувь Хятадаас хамааралтай. Нөгөөтэйгүүр Хятад улс ногоон бизнесийг бодлогоор дэмжиж, олон тооны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Ялангуяа Өвөр Монголын уул уурхайг ногоон бизнестэй холбох зарчмаар сэргээгдэх эрчим хүчний салбар хурдтайгаар хөгжиж явааг бид харж буй. Ордосын компаниуд нүүрсний хийн дээр хамтрахыг санал болголоо.

Үнэндээ Монголд уул уурхайн боловсруулах салбар учир дутагдалтай байгаа. Гүн боловсруулалтын тухайд ноолуурын шууд боловсруулалтыг Монголд хийх санал гарч байна. Үүнээс гадна хуш модны самрыг боловсруулах хамтарсан үйлдвэр барих санал ирсэн. Уг саналын дагуу Хятадын онцлох мужийн томоохон компаниуд Монголд хамтарсан үйлдвэрүүдээ бариад эхэллээ. Статистикаас харахад өмнө нь жилд 5-8 сая ам.долларын самар гардаг байсан бол энэ тоо өнөөдөр 100 саяыг давчихлаа. Хүмүүс асуудал яриад байдаг.

Харин бид экспортыг нэмэгдүүлэхийн тулд кластерын зохион байгуулалтад орсноор ямар амжилтад хүрдгийг нотолж чадлаа. Одоо Хятадаар дамжилгүй шууд Европын зах зээл рүү нийлүүлэх тухай асуудал самрын зах зээлд хөндөгдөж байна. Монголын дотоодын компаниуд дэлхийн анхааралд өртөж байна гэсэн үг. Дэлхий даяараа Монгол Улс самар боловсруулдаг гэх ойлголтгүй байсан бол 2021 оноос байдал өөрчлөгдсөн. Германы томоохон хэвлэлд Монголын самар дэлхийн нийт самрын зах зээлийн 30 хувийг эзэлдэг талаар дуугарлаа.

Монголын самар хятад самраас илүү органик байх учиртай гэсэн утга бүхий мэдээлэл цацагдлаа. Энэ мэт мэдээллээс үүдэж эрэлт ихсэх хандлага ажиглагдлаа. Энэ болгоны цаана Монголын хөрөнгө оруулалт, ажлын байр, татварын орлого нэмэг­дэж, цаашлаад Монголын нэр хүнд гадаад зах зээлд зөв гарах боломж нээгдэж байгаа юм. Сонирхуулахад саяхан бид Монгол-Япон-Хятадын бизнес зөвлөл байгууллаа. Зөвлөл байгуулагдсаны ач холбогдлыг томоор харж, том зүйл хүлээж байгаа.

-Ямар утгаар тэр вэ?

-Япон бол дэлхийд технологиороо хэт тэргүүлэгч гүрэн. Япон компаниудтай Монголын компаниуд шууд ажиллах гэхээр соёлын асар том ялгаа гардаг. Манайхны санхүүгийн нөөц бололцоо, технологийн нэвтрүүлэлт, боловсон хүчний туршлага жулддаг. Дунд нь Хятадыг оруулж ирснээр олон асуудал шийдэгдэж, Монголын түүхий эдийг хамгийн орчин үеийн боловсруулалт хийж Хятад, Японы зах ээлд гаргах боломж нээгдэж байна. Мөн Япон, Монголын компани хамтраад уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргах ажлын эхлэл тавигдлаа.

Энэ бүхэн Монголын аж ахуйн нэгжийг ажилтай орлоготой байлгаж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад дэм болно. Засгийн тухайд эрхзүйн оролцоог хангах л үүрэг оролцоотой байх юм. Хувийн хэвшлийн чөлөөтэй ажиллах орон зайг нь дэмжээд л байвал алсуураа засгийн бодлого ч биелнэ.

-Тэс хөндлөн, мөнгө цацаж гарч ирээд салбарын хөгжлийг самраад хаячихдаг гажуудал манай улсад амь бөхтэй оршсоор байгаа. Ийм үед танхимын ерөнхийлөгчийн сонгууль зөв шударга явах болов уу гэх эмзэглэл байгаа нь нууц биш. Та ч гэсэн энэ асуудалд сэтгэлээ чилээж суугаа байх. Зорьж хичээж эхлүүлсэн ажлыг нь дуусгалгүй дундуур нь самрахыг харах дуртай хэн байх вэ дээ?

-Бидний гол, том зорилго бол 1995 онд батлагдсан Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимын тухай хуулийг солих явдал. Тухайн үед ОХУ-ын ХАҮТ-ын хуулийг хуулбарласан юм билээ. Харин ОХУ-ын ХАҮТ-ын хуулийг 1992 онд америкууд бичиж өгсөн байдаг юм. Америк бол холбооны улс. 1967 онд АНУ-ын Нью Жерсид анхны худалдааны танхим байгуулагдсанаас арван жилийн дараа Америкийн нэгдсэн улс бий болсон түүхтэй. Америкийн соёлын тухайд хувийн өмчийг хамгаалж, нийгэм нь төр засгаа бүрдүүлэх зарчим үйлчилдэг.

Орос ч ялгаагүй том холбооны улс. Онцлог нь өмнө нь коммунист үзэл сурталтай байж байгаад шилжилт хийсэн. Үүгээрээ би одоогийн мөрдөгдөж буй хууль бидэнд нийцэхгүй гэх гээд байна л даа. Төр, засгийн оролцоогүйгээр хувийн хэвшлээ хүчтэй болгож, аялал жуулчлалын компаниуд нийлээд салбарынхаа хөгжлийг ярьж, боловсон хүчин, стандартын асуудлаа шийдэн, гадаад зах зээл дээр эн тэнцүү харьцаж чаддаг байх ёстой. Өнөөдөр манай улсад 23 мянган төрийн бус байгууллага байдгийн 3500 орчим нь бизнестэй холбоотой.

Гэсэн хэрнээ одоо ямар ч эв нэгдэл, бодлогын нэгдэл, уялдаа холбоо байдаггүй. Төр засаг солигдохоор дагаад л бүгд өөрчлөгддөг. Энэ бүх гажуудлыг зогсоох хүч нь танхимын хууль. Танхимын хуулийг шинэчилснээр маш том реформ хийх боломжтой. Төрийн тухайд эдийн засгийг тэлж, иргэдийнхээ амьдралыг сайжруулмаар байгаа бол энэ хуулийн шинэчлэлийг хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд дэлхийд ковид, дайн дэгдсэн. Үүнээс гадна бид Үндсэн хуульдаа хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа. Нөхцөл байдлыг дагасан улс төрийн намуудын хууль гэх мэт улс орны өмнө тулгамдсан асуудлууд бас байна. Энэ мэт шийдэж амжаагүй олон асуудлаас үүдэн танхимын хууль маань хойшлоод байна.

Дашрамд дахин хэлэхэд, гүй­цэтгэх удирдлагын баг илүү шинэ түвшинд гарч ажиллах ёстойг ойлгодог хүмүүс танхимын удирдлагад гарах ёстой. Өөрийнхөө жижиг ашгийн төлөө бус, хувийн хэвшлийн нэгдмэл байдал, дуу хоолойг хамгаалдаг байх их чухал шүү. Энгийнчилбэл, төртэй ажилладаг зөв схемийг бий болгох ёстой. Манай хувийн хэвшлийнхэн төр нэг юм шийдэх ёстой гэж хараад байдаг. Угтаа төрөөрөө асуудлаа шийдүүлдэггүй байх ёстой юм шүү дээ. Түүний тулд л бидний эхлүүлсэн ажлыг гарцаагүй зөв дуусгах ёстой. Тэгж байж Монголд эдийн засгийн реформ хийх суурь тавигдана.

-2019 онд Монголын эдийн засгийг яаж хурдан тэлэх вэ гэдэг санаачилга гарч, “Эзэн-900”-г бай­гуулж байсан. Энэ ажлын явц хэр байна вэ?

-Манай танхимын Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилийн цикльтэй. Яг ажиллах хугацаа нь 900 хоног юм байна гэж тооцоолоод энэ хугацаанд ямар ажил хийж болохыг судалсан юм.

Ингэж л “Их сэргэлтийн бодлого”-оо боловсруулж, танилцуулсан. Эргээд харахад хөл хорионы жилүүд, хоёр улсын хоорондын дайн бидэнд маш том сорилт болсон ч асуудлаа цэгцэлж, форматлах боломжийг давхар олгосон. Харамсалтай нь энэ боломжоо ашиглаж чадсангүй л дээ. Гэхдээ л реформыг урагшаа харж хийдэг. Гарцаагүй хийх ёстой.

Аль болох хурдан хийж гэмээнэ хувийн хэвшил хүчтэй болно. Хувийн хэвшил хүчирхэгжихээс болгоомжлох шаардлагагүй. Хүчирхэгжиж байж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, авлига, ашиг сонирхол буурна, ажиллаж буй хүмүүсийн цалин орлого нэмэгдэнэ. Тэр хэрээр эдийн засаг тэлнэ. Ний нуугүй хэлэхэд төр, аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд эдийн засаг тэлж байсан түүх ховор доо.

-Ашиг сонирхол өндөрсөхийн хэрээр хор найруулах аргачлал нарийсдаг.Танай танхимын ээлжит сонгуулийн үеэр ч хор найрагдах байдал тод ажиглагдах байх…?

-Ёс бус хуйвалдаан тоглоомын дүрэм ойлгомжгүй нөхцөлд бий болдог. Тоглоомын дүрэм ойлгомжтой болчихвол асуудал цэгцэрчихнэ. Бидний өргөн барьчихаад хүлээж байгаа танхимын шинэ хуулиар танхимын бүтэц, танхимын ерөнхийлөгчийн сонгууль маш тодорхой болох юм.

Дундаас нь эрүүл бүтэц бий болно. 21 аймгийн танхим дээр мэргэжлийн эдийн засгийн салбар нэмэгдээд 50-иад танхим байгуулагдана. Өнөөдрийн хувьд танхимын гишүүнээр хувь хүн, компани, орон нутгийн аж ахуйн нэгж, гадны хувь хүн ч элсэж болно гэсэн дүрэм үйлчилдэг. Энэ дүрэм замбараагүй байдал үүсгэчихээд байгаа юм. Сүүлийн дөрвөн жилтэй харьцуулахад энэ удаагийн танхимын удирдлагын төлөөх өрсөлдөөн маш өндөр түвшинд болох байх. Олон хүн сонирхлоо илэрхийлж байгаа нь нэг талаараа сайн хэрэг. Залуус өөрчлөлтийг хийнэ гээд явж байна.

Санаа зовж байгаа нэг зүйл нь уулзаж буй бүх хүн “Би намын даргатай уулзаад зөвшөөрөл авчихсан, сайдтай уулзаад тохирчихсон, нам надад даалгавар өгсөн” гэх маягийн зүйл ярих юм. Тэгж шийдэх юм бол тан­химаар яах юм бэ. Намын дэргэдэх агентлаг болгочиход л болох биш үү. Улстөржиж болохгүй салбар, институт гэж бас байдаг юм. Тийм салбарын тод жишээ нь МҮХАҮТ.

-Ерөнхий сайдын үгэнд төр, бизнесийг салгана гэх үг олонтаа дурдагддаг. Таны ажиглаж буйгаар хэрэгжилт нь хэр байна вэ?

-Хувийн хэвшил өөрийгөө удирд­даг. Танхим ч тэр. Төрөөс нэг ч төг­рөг авдаггүй. Тэр утгаараа бизнес эрхлэгчид шүүмжлэхээс айх, эмээх ямар ч шаардлагагүй. Магадгүй өнөөдөр төрөөс хамааралгүй сүүлчийн институци нь танхим болж үлдсэн байх. Тэр утгаар нь энэ институцийг төрийн хэт нөлөөллөөс хамгаалах ёстой. Бизнес эрхлэгчид өөрсдөө хамгаалах ёстой. Бизнес эрхлэгчид эвлэлдэн нэгдээд, төртэйгөө эн тэнцүү төвшинд яриа хэлцэл хийдэг болох учиртай. Тэр индэр нь МҮХАҮТ. Товчхондоо танхим, бизнесийнхэн хамтарч байж л улсаараа урагшилна.

-2019 онд танхимын ерөнхийлөгч болохдоо та “төр, хувийн хэвшил нэг зоосны хоёр тал юм” гэж хэлж байсан…?

-Үнэн. Нэг нь нөгөөгөө дарангуйлдаг хэл­бэр байж болохгүй. Хамтдаа өнхөрч байж л урагшилна. Унавал хамт л унана гэдгээ ойлгоосой. Миний хувьд өнөөдрийг хүртэл МҮХАҮТ-ыг улс төрөөс аль болох ангид байлгах, засагт судалгаа тооцоотой хувилбар гаргаж өгч, асуудлыг зөв ойлгуулахыг эрмэлзэж ажилласан. Ялангуяа ковидын хорио, Орос, Украины дайн гэхчлэн хүндрэлийн үед маш их судал­гаа хийж, олон ч санал хүр­гүүлсэн. Мэдээж тэндээс бизнесийг хамгаалсан сайн шийдвэрүүд ч гарсан, зарим үед цаг хугацаа алдаж хохирсон шийдвэр ч гарсан. Гэхдээ бүхэлдээ энэ бай­гууллага зөв ажиллах нь төрд ямар том түшиц болохыг ойлгуулж чадсан байх аа.

-Танхимыг хамгийн олон жил удирдсан хүн нь С.Дэмбэрэл. Одоо болох танхимын ерөнхийлөгчийн сонгуульд Тордайн Ганболд нэр дэвшихээ илэрхийлсэн нь олон нийтийн зүгээс өв залгамжилдаг хаан ширээ, угсаа залгамжлах ван­гийн суудал уу гэх шүүмжлэлийг дагуулж байна. Мөнгөөр цохиод бужиг­нуулах вий гэсэн эмзэг­лэл байгаа нь сошиалд ил цагаан өр­нөж байна. Ийм юм болбол яах вэ. Сонирхлоо илэрхийлж буй хүмүүсийн дунд өөрийн тань санаж сэдээд эхлүүлсэн ажлыг аваад яв­чих, итгэл даах зөв зам мөртэй хүн байна уу. Шуудхан нэрлүүлчихмээр байх юм?

-Мэдээж олон сонирхол гарч ирж байгаа нь сайн үзэгдэл. Нэр дэвшигчид маань хамгийн гол нь танхим гэдэг байгууллагыг, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг ойлгож, ирээдүйд илүү сайн түвшинд хүргэх тал дээр ухаан санаа, оюун бодлоо төвлөрүүлэх ёстой.

Түүнээс биш УИХ-ын сонгуулиар ард иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг, төр засагтай нийлээд хүчээр шийдэж болдог гэж бодож байвал том эндүүрэл. Тордайн Ганболдыг С.Дэмбэрэл даргын дүү, компаниудад маш их мөнгө төгрөг өгч санал худалдаж авах санал тавьж байгаа гэх яриаг би ч сонссон. Үнэн бол харамсалтай үзэгдэл. Бизнес, олон нийтийн ажил гэдэг ганц компанийн төлөөх ажил биш. Нэг компанид, нэг төр засагт үйлчилдэг байгууллага бүр биш.

Эдийн засгийн сууриар олон компанийн эрх ашгийг хамгаалах, бодлогын өмгөөлөл үзүүлэх, тодруулбал яавал хамтраад хөгжиж болдгийг ойлгуулж, таниулах маш өргөн цар хүрээтэй ажил. Орон нутагтайгаа нийлээд танхимынхан гэх дээвэр доор 140-өөд хүн ажилладаг. Улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй, цэвэр өөрсдийн үйл ажиллагааны идэвхжилээр ажлаа явуулдаг. Гадна, дотны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, судалгаа хийдэг. Энэ утгаараа маш эрүүл байх ёстой салбар. Мөнгө төгрөг тарааж ерөнхийлөгч болчихоод дараа нь юунд ашиглах гээд байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Энэ байгууллагыг ямар нэг зүйлийн шат дамжлага болгох гээд байгаа бол бизнес эрхлэгчид эвлэрэх ёсгүй. Би ч эвлэрэхгүй.

-Эхлүүлсэн зарчмын олон ажил байна. Та өөрөө ажлаа үргэлжлүүлж болохгүй юм уу?

-Хүмүүс та үргэлжлүүлээд удирд л даа гэх санал тавьж байна. Миний хувьд нэр дэвшихгүй өөр төлөвлөсөн ажил байгаа. Харин аль болох зөв хүнийг л дэмжинэ гэж бодож байна. Бизнесийн тогоонд чанаг­даж, унаж боссон, банкны зээл ямар хүнд байдгийг ойлгодог, зөв зам мөртэй, татвар мөнгөө цаг тухайд нь төлдөг, ажилтнуудаа хохироодоггүй ёс зүйтэй хүнийг л дэмжмээр байна.

Миний сая хэлсэн үзүүлэлтүүд бол анхны шалгуур. Хэдийгээр бизнес ашиг олохын төлөө байдаг ч ёс зүй маш чухал. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, бусдадаа хүндлэгдсэн, төлөөлж чадах, аль нэг компанийн эрх ашгийг төлөөлж, тэрнийхээ тө¬лөө миний бизнесийг яах бол гэж болгоомжилдоггүй нэр дэвшигчийг л дэмжинэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ш.Отгон-Өлзий: Нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж төр, өрийн дарамтыг бууруулах, экспорт руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ DNN.mn

 

МҮХАҮТ-ын Ерөнхий­лөгчийн сонгууль энэ сарын 20-нд болно. Нэр дэвшигч “Монгол Брэнд Холбоо”-ны тэргүүн Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа.

-Та МҮХАҮТ-ын Ерөн­хий­­лөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний нэр Шагдарсүрэнгийн Отгон-Өлзий, МУИС-ийн Математик компью­терийн сургуулийг Програм хангамжийн инже­нер мэр­гэжлээр, БНХАУ-ын Тай­ваньд Олон нийтийн бодлого судлаачаар мастер хамгаалсан, төрийн алба, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага гээд салбаруудад 20 орчим жил ажилласан туршлагатай.

Анх 2005 онд ажлын гараагаа Бодь групп, Электроникс салбараас эхлэн хувийн хэвшлийн салбарт үйл ажиллагааг нь автоматжуулах, програм хангамж технологийн шинэч­лэл, шийдэл гаргах төсөл хөтөлбөрүүдэд төслийн менежер, шинжээч, програм хангамжийн инже­нерээр ажлын гараагаа эхэлж байсан. Энэ чиглэлээр төр хувийн хэвшлийн салбарт төрийн олон арван байгууллагуудын дэд цахим системүүд, цахим хуудаснууд, тусгай зориулалтын мэдээлэл технологийн прорграм хангамжийн шийдлүүдийг баг хамт олноороо боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэн ажилласан юм. Энэ төсөл хөтөл­бөрүүд дотор ЕТГ-ын төсөл хөтөл­бөрүүд захиалгаар хэрэгжиж энэхүү төслийн багт хариуцлагатай сайн ажилласан. Мөн мэдлэг ур чадвар тэнцсэн бо­лов уу 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон нийтийн сувгууд, тамгын газрын IT,  болон тамгын газрын албан ёсны цахим хуудас олон нийтийн сүлжээг хариуцах, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт­тэй харилцах гээд хариуц­лага өндөртэй салбар хариу­цан 7 жил гаруй хугацаанд 2 Ерөн­хийлөгчийн багт олон нийт­тэй харилцах мэргэжилтнээс эхлээд, Мэргэжилтэн, Референт, Шинжээч, Төрийн албан хаагч, Хэлтэс алба­ны ахлах, дарга болтлоо дэвшиж мерит зарч­маар явж төрийн алба­ны шал­галтад тэнцэн тангараг өргөн төрийн албанд ажилласан түүхтэй.

2016 оны 9 дүгээр сард Мон­голдоо бүтээц­гээе уриатай “Монгол Брэнд холбоо”-г хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулсан. “Монгол брэнд холбоо нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд үндэсний томоохон  үйлвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон олон улсын зах зээлд цахим хэлбэрээр таниулан сурталчлах,  борлуулалтыг нэмэг­дүүлэх, экспорт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Тухайн үед засгийн газраас импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байсан энэ хүрээнд Монголдоо үйлдвэрлэгч, бүтээгчдээ дэмжих чиглэлээр МОНГОЛ БРЭНД www.mongolbrand.mn онлайн платпормыг хөгжүүлж түлхүү уул уурхайн бус салбарыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, борлуулалтад бодитоор дэмжлэг үзүүлэх чиглэлээр  илүүтээ ажиллаж одоогоор бид энэхүү системдээ 400 орчим жижиг дунд үйлдвэрлэгчдийн 1000 орчим бараа бүтээгдэхүүний танилцуулга зураг мэдээллийг нийтлэн ажиллаж байна.

Мөн ЖДҮ-эрхлэгчдийн 50 гаруй нийтлэл медиа нэвтрүүлэг, контент бүтээж, бүтээгдэхүүн  үйлчилгээний мэдээ мэдээллийг тусгайлан бэл­дэж Монгол брэнд төслийн www.mongolbrand.mn цахим хуудас олон нийтийн сүлжээнд байршуулж, интернэт, сошиал ме­диа хэрэглэгчдэд хүргэсэн ажлуудыг шат дараатай хийж  ирлээ. Дашрамд бидний бүтээсэн энэхүү платформд бараа бүтээгдэхүүн,  үйлчилгээний мэдээллийн зураг дүрс, тайлбар­тайгаар өөрийн интернэтэд хол­богдсон бүхий төхөөрөмжөөр бүрт­гүүлэн орж үнэ төлбөргүй нийтлэх мэдээллийн санд илгээж нийтэлж удирдах  бүрэн  боломжтой системийг IT-ийн чадварлаг баг хамт олонтой хамтран загварчилж төсөл дээр гар бие, сэтгэл хөрөнгө оруулалт зарцуулсан ажилласаар ирлээ.

-Та ЖДҮ-бизнесийг дэмжих чиглэлээр чамгүй их ажлууд хийж Бодлого боловсруулах чиглэлээр хийсэн ажлуудаасаа хуваалцвал?

-2018 оноос 2020 оны хооронд БНХАУ-ын Тайваньд Олон нийтийн бодлогын чиглэлээр суралцсан. Энэ хугацаандаа судалгааны сэдэвээ илүү Монгол Улсын эдийн засгийн салбарт болон өөрийн ирээдүйн ажил албанд хэрэгтэй гэж тооцож “БНХАУ-МОНГОЛ УЛС-ОХУ-ын эдийн засгийн коридорын хэрэгжилт, Монгол Улсад учрах үр нөлөө” сэдвээр судалгаа хийж Магистрын зэрэг хамгаалсан.

Бид  зөвхөн   ЖДҮ эрхлэгчдийн   50 гаруй  нийтлэл  медиа нэвтрүүлэг, 400 орчим жижиг дунд үйлдвэрлэгчдийн 1000 орчим бараа бүтээгдэхүүний танилцуулга нийтлээд зогсоогүй төрийн албанд зүтгэж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс  үйлдвэрлэлийг дэмжих зарлиг гаргуулах чиглэлээр судалгааг хийж засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж ажилттай ажилласан.

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн  үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргуулсан энэхүү зарлигт Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиү­лэн дэмжиж, экспортыг нэмэг­­­дүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор 13 зүйл заалт бүхий Засгийн газрын хэрэг­жүүлэх чиглэгдсэн зарлиг гарсан.

Мөн 2017 онд тэдгээр үйлдвэр­лэгчдийн бүтээсэн Монголын Брэндүүдийг олон улсад экспорт хийхэд дэмжиж, урамшуулах, олон улсад сурталчлан таниулах зорилготой зарлигийн төсөл боловсруулж 6 сар ажиллаж засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн харамсалтай нь 2016 онд ээлжит УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засгийн газар хүлээж аваагүй буцааж бидний хүргүүлсэн төсөл хөтөлбөрийг хуулбарлаж “Үндэсний брэндийн зөвлөл” гэдэг ЗГХЭГ-ын даргын дэргэд байгууллага байгуулж эхний жил 5 тэрбум дараагийн жил 5 тэрбум төгрөг юунд зарцуулсан тодорхойгүй 10 тэрбум төгрөг хэрэгжүүлж дуусгаад сүүлд тэр байгууллагаа татан буулгасан түүхтэй юм билээ. Тэр мөнгө жинхэнэ стандартаа нэвтрүүлж  бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд олон улсад гаргах гэж байсан байгууллагуудад очсон бол өнөөдөр хэд дахин нэмэгдээд Монголд цэвэр валют орж ирж шууд болон дам хэлбэрээр эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж олон ажлын байр нэмэгдэж эерэг нөлөөг үзүүлэх байсан.

Тэгэхээр төрийн түвшинд нэг бодлого боловсруулж амжилттай батлагдсан нөгөө нь хуулбарлагдаж муу хүмүүсийн гараар орж нөгөө ЖДҮ-ийг дэмжих зээлийг дээгүүрээ хуваагаад идсэн шиг муу түүх давтагдсан. Харамсалтай…

-Танай холбоо АНУ-ын талтай их холбоо хамтын ажиллагаатай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн энэ талаар хуваалцвал?

-2018 онд Миний бие АНУ-д зочилж “Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим”-тай хамтран “Америкт экспортолъё” хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх яриа хэлэлцээг амжилттай хийж. Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Ази, Америкийн Худалдааны Танхимын нэр бүхий БНХАУ-ын олон аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд амжилттай гаргаж чадсан чадварлаг чиглэл бүрийн 4 экспертийг Монгол Улсад урин ирүүлж тэдгээр экспертүүд манай улсын бизнес эрхлэгчдэд зориулан АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийн талаар тусгайлсан сургалтыг зохион байгуулж, төслийн үнэлгээг хийж тус тусад нь хаалттай хэлбэрээр бизнесийн зөвлөгөө өгч ажилласан. Шалгарсан байгууллагуудын төлөөлөл АНУ-ын талд зочилж бизнесээ өргөжүүлэх ажлууд эрчимжих төлөвлөгөөтэй байгаад ковидийн улмаас хил гааль хаагдсан асуудлуудаас хойшлогдож байгаад 2023 оноос дахин сэргээж тодорхой үр дүнгүүд гарч байгаа тухайлбал 2023 оны 3 дугаар сард АНУ-ын Нью Иорк хотод Монголын талаас Мэдээллийн технологийн Эхлэл групп, Авто машины үйлчилгээний чиглэлийн Омерта, Уул уурхайн түүхий эдийг иноваци технологи шингээн хийн түлш гаргах салбарын төлөөлөл “Бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд”, АНУ-ын хил гааль, татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжууд, зах зээлийн судалгаа, брэнд маркетинг хэрхэн хийх, экспорт, импортын нөхцөлүүд, үйл ажиллагааны стратеги, худал­даа хамтын ажиллагааны бай­гууллагуудтай танилцах, хамтран ажиллах эхлэлийн хөтөлбөрүүд багтсан сургалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Мөн 6 дугаар сард Монголоос Олон Улсын Тээврийн салбарт ажилладаг баг хамт олон хамрагдаж АНУ-ын тракны бизнест хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг өргөжүүлээд ажиллаж үр дүнгүүд гарч байгаа сайн жишээнүүд олон байна.

-Монголоос Уран зургууд экс­порт хийж олон улсад борлуулж буй төслөөсөө танилцуулахгүй юу?

-2021 оноос Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, уран бүтээлийг гадны зах зээлд нэвтрүүлэх, худалдан борлуулах, Монгол Улсынхаа түүх соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх түүгээр дамжуулаг сурталчлах урлагаа экспорт хийх ажлыг эхлүүлээд байна. Үүний хүрээнд хийгдэж буй нэг төсөл бол АНУ-ын                                                    www.FINEARTAMERICA.COM уран бүтээлийн худалдааны цахим хуудсанд /MONGOL ART/ https://fineartamerica.com/profiles/1-mongol-art  нэртэй өрөөг албан ёсоор нээн ажлуулсан. Энэхүү  өрөөндөө Монгол Уран бүтээлчдийн  бүтээлүүд, фото зургийг нэгтгэн нийтлэх, эдийн засгийн эргэлтэд оруу­лах, дижитал хэлбэрээр  дэлхийн зах зээл дээр худалдан борлуулж 14 Монгол уран бүтээлчийн 458 бүтээл зарагдаж байна. Одоогоор 25 бүтээлүүд жижиг том хэлбэрээр амжилттай  борлуулсан ам долларууд бидний дансанд төвлөрсөн уран бүтээлчдээ тохирсон төлбөрийг нь өөрөөсөө хийгээд амжилттай явж байна яг  өнөөдөр 16,945 гадаад  дотоодын зочид үйлчлүүлэгчдэд Монголын соёлоо, уран бүтээлүүдээ сурталчиллаа. Нэг том асуудал байгаа  Paypal олон улсын төлбөр тооцоогоор бидний орлого Монгол Улсруу шилжиж орж ирэхгүй байгаа. Энэ чиглэлээр Монгол Банк, Сангийн яам, Засгийн газар маш муу ажиллаж байгаа. Монгол банкнаас эхлээд салбарынхантай уулзаж байгаа шийдэл гарна гэдэгт найдаж байгаа энэ талаар тусад нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө.

Бидний нэгдсэн Fineartamerica.com платформ нь 2006 онд анхлан үүсгэн байгуулагдсан АНУ-ын технологи, хэвлэлийн компани юм. Одоогоор тус платформ олон улсын 100,000 мянган уран бүтээлчдийн 10 сая гаруй уран бүтээлүүд цахим хэлбэрээр нэгдэж хэрэглэгчдийн  бүх төрлийн хэрэгцээг хангах шийдлээр хэвлэгдэж олон улсад худалдаалагдаж байна. Тус бай­гууллага  нь хэрэглэгчдийн маркетинг сурталчилгаа хийх боломж, худал­дан авалтын данс тайлан тооцоо, тээвэр, хүргэлт, хэвлэл гэх зэрэг уран бүтээлчид гардаг бүх хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь шийдсэн нэр хүндтэй олон улсын байгууллага юм.

-Эдийн засаг бизнесийн салбарын  нөхцөл байдал ямар­шуу байна?

-Монгол Улсын Эдийн засаг бизнесийн салбарын нөхцөл байдал гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан нэг хүнд ноогдох өр 30 орчим сая төгрөгт хүрсэн өрсөлдөх чадварын индексүүд муу хэвээр байгаа тэр тусмаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн байдал хүндэрч үүд хаалгаа хаасан ковидийн дараах эдийн засгийн байдал бүрэн тогтворжоогүй гээд олон үзүүлэлт төдийлөн сайнгүй байна.

Өнөөдрийн байдлаар Үйл ажиллагаа явуулж байгаа 89,425 Үйл ажиллагаа эрхлээгүй 47,225 Үйл ажиллагаагаа түр зогсоосон 110,057 зөвхөн энэ онд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон 3,910 олдохгүй байгаа болон бусад шалтгаантай 4,259 нийт 254,876 аж ахуйн нэгжүүд бүртгэгдсэн  статистик тоон мэ­дээлэл байгаа ковид болон төр, өрийн дарамтаас шалтгаалж шинээр 8 мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Нарийвчилсан статистик судалгаагаар харахад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан 40.000 мянган аж ахуйн нэгжийн тоо 32.000 хүрч буурч хамгийн багаар тооцоход 40.000-50.000 мянга түүнээс ч илүү иргэд ажлын байраа алдаж тэдний гэр бүл эрсдэлтэй гэдэг нөгөө улны гэдэг ангилал руу жин дарах тоонд нөлөө үзүүлж ихэнх нь Солонгосыг зорьсон. Энэ бол Монгол Улсын эдийн засаг нийгмийн байдалд шууд нөлөөг үзүүлж байгаа. Иймд эдгээр сөрөг үзүүлэлтүүдийг багасгах эерэг үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр  төр хувийн хэвшил бүх сектерүүдтэй хурдтай, уялдаатай ажиллах нэн шаардлагатай байгаа. Аль нэгэн намын эдийн засаг гэж байхгүй Монгол Улсын Эдийн засаг л гэж байгаа.

-Ерөнхийлөгчид нэр дэвших­дээ дэвшүүлсэн мөрийн хөтөл­бөрөөсөө хуваалцвал?

-Энэ удаагийн танхимын сонгуульд маш тодорхой 5 бүлэг дэд хөтөлбөртэй цомхон хэмжигдэхүйц, стратегийн мөрийн хөтөлбөр боловсруулсан.

Энэхүү стратегийн хөтөлбөр маань танхимын өмнө хийж хэрэг­жүүлсэн сайн төсөл хөтөлбөрүүд цааш үргэлжлэх, саар ажил төс­лүүдийн бодлогын алдааг засаж сайжруулахад чиглэгдсэн ирээдүйг харсан судалгаа, үндэслэлтэй хэрэгжүүлэхэд гацаа багатай мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн цөм нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг түрүүлж бодитоор дэмжиж, тэлэх, тэдний ажил үйлчилгээг хэрэгжүүлэх явцад гацаад  байгаа саад тээг төрийн дарамт, уялдаа холбоог менежмент хийх, бизнесийн, үйлдвэрлэлийн явцад дотоодын болон олон улсад мөрдөгдөх стандартуудыг яаралтай зөв бодлогоор бүх салбарт тэгш хүртээмжтэй  нэвт­рүүлэх,  Уул  уурхайн бус сал­барт экспортын баримжаатай зоригтой алхсан шийдлүүд, гадаад хамтын ажиллагаа, эргэлт болон үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг татах, нутагшуулах бодлогууд, олон улсын зах зээлд бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг холбож гаргаж чаддаг туршлагатай баг, хамт олнууд олон улсын бизнесийн байгууллагуудтай баг болж хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлсэн заалтуудтай товч, тодорхой  цөөн заалтуудтай цогц цөм хөтөлбөр боловсруулсан.

Миний хувьд бодлого боловс­руулан түүнийгээ хэрэгжүүлсэн бодит хөрсөнд ургуулж бас сайжруулсан, мөн алдсан оносон олон туршлага байна. Эдгээр туршлагаа олон жи­лийн түүхтэй Монгол Улсын тусгайлсан хуультай, дагаж мөрдөх дүрэм журамтай МҮХАҮТ хэмээх энэ том их айлд өмнөх болсон болоогүй гэдэг тал руу анхаарал бага хандуулж тэнд бэлтгэгдсэн хамт олон албан хаагчидтай нийцэж халаа солио бүтцийн өөрчлөлт энэ тэр хийхгүй манлайлал үзүүлж төр хувийн  хэвшил, бизнесийн салбарын бүх талуудтай ээлтэй, нээлттэй, хариуцлагатай дэмжиж хамтран ажиллаж чадна гэж үзэж итгэл дүүрэн байгаа.

Мөн хувь хүний хувьд шийдсэн нэг шийдэл гэвэл зөвхөн танхимын ажлыг өдөр тутам хэрэгжүүлж өөрөө хувийн хэвшил компани бизнесийн үйл ажиллагаа давхар эрхлэхгүй гэж амлалт өгч хэрэгжүүлж ажиллана. Өмнөх үеийн удирдлагуудыг харахад бүгд ямар нэгэн том жижиг байгууллагын захирлууд ажилласан тэдэнд давуу болон сул талууд гарсан. тэд өөрсдийн бизнесдээ анхаарч цаг хугацаа зарцуулсан л зарим нэг эрх ашгууд их багаар хөндөгдсөн байгаа.

Миний хувьд нийт бизнес эрх­лэгчдийн нийтлэг эрх ашиг эрэмбийг нэг­дүгээрт тавьж танхимын хууль болон  дүрэм журмуудыг чанд мөрдөж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хурал шийдвэрүүдийг цаг тухайд нь тайлагнаж хяналтын зөвлөлийг ажиллах боломжийг бодитоор олгож тэдэнд өрөө тасалгааг албан ёсоор гаргаж өгч ил тод нээлттэй  ажиллах болно. Check in balance зарчим дээр тулгуурлан ажиллана. Энэ нь хэн хэндээ хэрэгтэй одоогийн удирдлагуудыг шүүмжлэл дагуулаад байгаа төсөв, төсөл хөтөлбөр мөнгө, тайлан хэлэцүүлээгүй төсөв тооцооны асуудалд хутгалдахгүй алдааг засаад зөвхөн урагшаа харж ажиллаж үр дүн нь нийт бизнес эрхлэгчдэд чиглэгдсэн тааламжтай эко систем байх болно. Холбооны гишүүн байгууллагууддаа, XXI-р Их хурлын төлөөлөгчдөдөө хандан хэлэхэд хамтдаа энэ эерэг өөрчлөлтийг хийе та бүхний оролцоо дэмжлэг хэрэгтэй байна. Миний хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөртэй www.mongolbrand.mn цахим хуудсаар зочилж мөрийн хөтөлбөр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.

-Танд амжилт хүсье цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

-Танд баярлалаа.

 

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 43 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-17-нд нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 22 суманд 43 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс

  • хүний үйл ажиллагаатай ес
  • гал түймрийн тохиолдол 32
  • биологийн гаралтай аюулт үзэгдэл нэг
  • геологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр гарчээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас зургаан хүн нас барж, дөрвөн хүн бэртэж, гэмтсэн харамсалтай тохиолдол бүртгэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.