Л.Самбуу-Ёндон 1967-1990 оны хооронд “ЗИЛ-130” машинаар тээвэр хийж байжээ
Хөдөлмөрийн баатар, “Саятан бригад”-ын хөдөлгөөнийг анх санаачлагч Л.Самбуу-Ёндонгийн 100 жилийн ойд
Автотээврийн алтан замналын эзэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, “Саятан бригад”-ын хөдөлгөөнийг анх санаачлагч, ахмад дайчин Лувсанпунцагийн Самбуу-Ёндонгийн 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Самбуу-Ёндон гуайн “Саятны бригад”-ын хөдөлгөөний санаачилгыг тухайн үеийн Намын Төв хорооны Улс төрийн товчоо дэмжин нийт тээвэрчдийн дунд эрчимтэй өрнүүлэх тогтоол гаргасан нь Монголын тээвэрчдийн урам зоригийг бадраасан онцгой үйл явдал болсон төдийгүй МҮЭ-ийн Төв Зөвлөл, Тээврийн яам, Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо саятны бригадын болзол гаргаж Монголын автотээвэрчдийн 70-80 хувь нь энэ хөдөлгөөнд хамрагдан олон арван саятан бригад, саятан жолооч, түүний дотроос хөдөлмөрийн аваргууд, гавьяат тээвэрчид, Хөдөлмөрийн баатрууд төрөн гарсан түүхтэй. “Саятан бригад” болон “Нэргүй саатал” хөдөлгөөнийг санаачилж Монголын автотээврийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан учир 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасан байдаг. Энэхүү он жилүүд бол чухамхүү Монголын автотээврийн түүхэн дэх алтан он жилүүд байсныг олон түмэн бахархан дурсдаг юм. Ингээд аавынхаа 100 жилийн их ойг тохиолдуулан үр хүүхдүүд нь ачит эцгийнхээ алдар замнал, цаглашгүй их гавьяаг нь бахархан өгүүлснийг хүргэе.
-Том хүү С.Найманжин: Аав маань 1923 онд Архангай аймгийн Жаргалант сумын нутаг Ажрагийн голд эхээс мэндэлсэн. 15 настай байхад эцэг нь хилс хэргээр хэлмэгдэж, мал хөрөнгийг нь хурааж амьдралын ядуу зүдүүг биеэрээ амссан байна. 16 настайдаа Жаргалант сумынхаа артельд орж ажлын гарааг эхэлсэн юм. 1948 онд цэргээс халагдаж ирээд Архангайн авто тээврийн 6 дугаар баазаас баатар болон дэвших аяныхаа алтан шар замыг эхэлсэн түүхтэй. 1966 онд Улаанбаатар хотын 1 дүгээр баазад ирж ажиллаад өндөр насны тэтгэвэрт гартлаа тус баазад ажилласан. Миний бие аавынхаа ажил мэргэжлийг залгамжилж жолооч болсон хувь заяагаараа бахархдаг. Манайх найман хүүхэд (гурван эрэгтэй, таван эмэгтэй)-тэй. Хамгийн том хүүгийн хувьд аавынхаа жолооч мэргэжлийг эзэмшиж эдүгээ 70 настай, 52 дахь жилдээ жолоочоор ажиллаад явж байна. Аавынхаа буянтай сайхан мэргэжлийг эзэмшсэний хувьд Монголын авто тээврийн түүхэнд байгуулсан гавьяа зүтгэлээр үнэхээр бахархдаг.
Аав минь 1964 онд авто тээврийн 6 дугаар баазад байхдаа “Саятан бригад”-ын хөдөлгөөнийг анх санаачилж Сайд нарын Зөвлөлийн 364 дүгээр тогтоол гарч уг хөдөлгөөнийг Монгол Улсын хэмжээнд өрнүүлж байсан. Тухайн цаг үед “100 мянгач” жолоочийн хөдөлгөөн өрнөж, хот хөдөөд “100 мянгач” жолооч нар олширч байсан хэдий ч үүрэг авсан жолооч бүхэн “100 мянгач”-ын үүрэг, амлалтаа биелүүлж байсангүйгээс гадна техникийн мэдлэг мэргэжил, дадлага туршлага багатай залуу тээвэрчид төлөвлөгөө, нормоо биелүүлэхгүй байсан учир “100 мянгач”-ын хөдөлгөөнийг хамтын болгож сая тонн.км-ийн төлөө “Саятан бригадын хамт олны хөдөлгөөн” болгохоор санаачилсан байна. Ингээд Архангай аймгийн 6 дугаар автобаазын хоёр ахмад, найман залуу жолоочоос бүрдсэн анхны саятны төлөө бригадыг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж таван жилийн хугацаатай үүрэг авчээ. Бригадаараа таван жилд 10 сая т/км-ийн үүрэг гүйцэтгэсэн нь тэр үеийн тээврийн улсын хэмжээний дундаж бүтээлээс хоёр дахин өндөр болж, өөрийн өртгийг 19.5 хувиар хямдруулан тухайн үеийн 504.0 мянган төгрөгийн цэвэр ашгийг улсад оруулж сэлбэг, шатахуун, дугуйнаас 176 мянган төгрөгийн хэмнэлт гарган Монголын тээврийн түүхэнд анхны “Саятан бригад” төрсөн нь аавын минь бахдам гавьяа юм.
Л.Самбуу-Ёндон, У.Дашдулам нарын хүүхдүүд гэр бүлийн хамт
Хотод шилжин ирээд Автотээврийн 1-р баазад ажиллахдаа нийслэлийн хэмжээнд “Саятан бригад”-ыг байгуулсан. 1965 онд ачаа тээврийн улсын аваргын болзлыг орон нутгийн жолоочдоос анх удаагаа хүртэж байсан. 1969 онд шатахуун тээврийн улсын аваргын болзлыг мөн хангаж байсан. Ачаа тээврийн болон шатахуун тээврийн хошой аварга. Аавын маань улс орон даяар өрнүүлсэн дараагийн хөдөлгөөн бол “Нэргүй саатал” юм. Монголын үйлдвэрчний төв зөвлөл тогтоол гаргаж, орон нутгийн бүх байгууллагууд “Нэргүй саатал”-ын туршлагыг хэрэгжүүлж эхэлсэн. Яагаад “Нэргүй саатал” гэж нэрийдсэн бэ гэвэл авто машинд эвдрэл гарлаа гэхэд тухайн эвдрэлээ маш богино хугацаанд засахын тулд багаж хэрэгсэл бүх зүйл бэлэн байх ёстой. Тэр бүхэн нь эмх цэгцтэй, цаг авахгүй байж гэмээнэ тээвэрчдийн ажлыг хөнгөвчилнөэ. Үүгээрээ жолооч бүхэнд үнэт цагийг нь үр ашигтай болгох жинхэнэ гол мөрдлөг байсан. Би аавынхаа “Нэргүй саатал”-ыг өөрийн биеэр мэдэрсэн жолооч. 1 дүгээр баазад ажиллаж байхдаа замд дугуй хагараад, запас дугуйгаа тавих гэтэл хий нь гарчихсан, дугайгаа нөхөх гээд зальтникийг нь авдаг галавчаак байдаггүй, зөвхөн түүний төлөө зам дээр гар өргөөд зогсож байсан удаатай. Үүнийгээ аавдаа хэлж зэмлүүлж байсан. Миний жолооч болох ч, аавынхаа дэргэд ёстой өдий байна даа гэж бодож байж билээ. “Би хэрэгжүүлсэн нэргүй саатал бүх жолооч нарт үр дүнгээ өгнө, гол нь бүгд хэрэгжүүлээд явбал болох нь тэр” гэж аав минь захиж байсан.
Гурав дахь охин С.Цэрэндэжид: Миний бие улсад 35 жил ажилласан, үүнээс 12 жилд нь Дарханы дулааны цахилгаан станцад Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажилласан. Аав минь зөвхөн жолооч хүн байгаагүй. Тэрээр Монголын түүхэн цаг үеийн нэгэн жаранд нэр мөрөө үлдээсэн төр нийгмийн зүтгэлтэн байсан. Үйлдвэрчний болон намын их хуралд долоо, найман удаа сонгогдож төр түмний төлөө үгээ хэлж, үйлс ажлаа зориулж ирсэн. Мөн намын Төв хорооны хянан шалгах комиссын гишүүн, аймаг, хотын депутат, АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарлаа гээд гэртээ зүгээр суугаагүй. 1 дүгээр бааздаа Алдрын музей буюу түүхэн музейг автотээврийнхээ ахмадуудтай хамтарч байгуулсан. Хүнд тус хүргэвэл өөрт нь эргэж сайнаар тусдаг гэх тэр л зарчмаар явж ирсэн. Тэргүүний тээвэрчдийн эгнээнд хүргэсэн 52 жолоочийн дотроос тухайн үеийн бааз, хот, улсын аварга тээвэрчин жолооч Ж.Арцсэд, шатахуун тээврийн 4 удаагийн улсын аварга, гавьяат тээвэрчин У.Шархүү, Хөдөлмөрийн баатар засварчин Д.Гантөмөр нарын олон хүмүүсийг дурдаж болно. Ингэж залуу үеэ алдрын зэрэгт хүргэсэн. Мөн “Саятны уянга”, “Мэдлэг мэргэжил, сэтгэл зүтгэлийн үр шим” хэмээх намтар дуртгалын хоёр бүтээлээ хэвлүүлж олны талархлыг хүлээсэн.
Багадаа эмээлийн мод хийж сурсан Жаргалант нутгийнхаа брэндийг мөн л нас өндөр болсон үедээ хийж олон хүнд Жаргалант хийцийн эмээлийн мод урлаж өгсөн. Аавын минь энэ их нөр хөдөлмөрийн үр шим яалт ч үгүй бид бүхний хайрт ээжтэй минь салшгүй холбоотой. Ээж Дашдулам маань олны хүндлэл хүлээсэн хөдөлмөрч, уран хүн байлаа. Тээвэрчин хүний амьдрал гэдэг бол жилийн 360 хоногийн гуравны хоёрт нь тээврийн замд явна. Энэ үед ар гэрийнхээ албыг хариуцаж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх өндөр хариуцлага ээжид минь оногдох нь мэдээж. Ээж маань 1975 онд бурхан болоход хамгийн том эгч маань 24-тэй, бага дүү маань дөрөвхөн настай үлдэж байлаа. Том эгч маань айлын хүн болсон, бусад долоон хүүхэд гэртээ хоцорч байсан. Аав ажилдаа явахдаа бүгдийг зааж зөвлөөд, мөнгө төгрөгийг томчуудад нь хуваарилаад явна. Ээжээс хойш биднийг тусдаа гартал биднийг ингэж хүмүүжүүлсэн. Бид өдий хүртэл эрүүл саруул, бүгд гэр бүлтэй үр хүүхэд ач зээ нар маань сайн сайхан явж байгаа нь аав ээжийн минь л буян. Найман хүүхэд нь өнөөдөр 98 хүн болсон байна. Үндсэндээ аав ээжээс минь 100 хүн салбарласан байна. Аав минь аливаа ажилд чин үнэнчээр хандахыг, бусдад үргэлжид тусалж, жудаг журмыг сахиж явахыг үр хүүхэд бидэндээ өөрийнхөө амьдралаар үлгэрлэсэн. 91 нас хүрч бурхны хутгийг олтлоо хайрт аав минь эрүүл хооллож, зөв сайхан амьдарсан. Эрдэнэт хүмүүн энэ амьдралд зөв сайхан амьдраад буцдагийг бид ааваараа харсан.
Дунд хүү С.Долоонжин: Би айлын зургаа дахь хүүхэд, хөвгүүдийн дундах нь. 1963 онд төрсөн. 1981 онд нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуульд элссэн. МУИС-д эдийн засгийн ангид шалгалт өгөөд тэнцсэн байсан ч хуваарь маань төөрч будилаад, аав минь Дээд боловсролын хорооны Энэбиш гэж хүнтэй уулзаад Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ар талын эдийн засгийн ангид оруулчихсан. Би өөрөө бол цэрэгт явъя гэж бодож байгаагүй ч аавынхаа шийдвэрээр цэргийн сургуульд орсон. Одоо эргээд бодоход бас л ховор хувь тохиол гэж санагддаг. Учир нь аав маань таван жил цэргийн алба хаахдаа жолоочоос жагсаалын дарга хүртлээ албан үүрэг гүйцэтгэсэн, тэгэхдээ бүр дайны талбарт үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай хүн. Тодруулбал, 1944 онд баруун хилийн тулгаралтын үед тэнд байсан цэргийн ангиудын шатахууныг ЗХУ-ын Бийск хотоос Ховд аймгийн төв рүү жил гаруй хугацаанд тээвэрлэсэн, мөн дараа нь чөлөөлөх дайны үед 8 дугаар дивизийн арын албанд цэргийн хүнс хэрэглэл, зэр зэвсэг тээвэрлэх байлдааны чухал даалгаврыг Жанчхүүгийн даваа хүртэл удаа дараалан тээвэр хийж дайн дуустал ажилласан байдаг. Долнуур хүрч цэргийн тээвэр гүйцэтгэж үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний учир “Бид ялав” медалиар шагнагдаж байсан ахмад дайчин юм. Тэр сайхан хувь заяа нь ивээж би цэргийн хүн болсон юм болов уу. Анх тээврийнхээ машинтай намайг сургуульд минь хүргэж өгсөн, гитлийн погоон захан дотор зах хадаж өгдөг, түүнийг минь хүртэл аав хадаж өгч байсан өнөөдрийн минь ажил үйлсийг аав минь эхлүүлсэн. Цэргийн сургуулиа төгсөөд Ленинградад Ар тал тээврийн академи төгсөж ирээд мэргэжлээрээ ажилласан. Жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын орлогч даргын албыг хашлаа, Батлан хамгаалах яаманд Хүний нөөцийн даргаар ажиллалаа. Энэ бүхэн аавын минь гавьяа гэж боддог. Хийсэн ажилдаа хүн үнэнч байх, мөн бусдад тусалж байх гэдэг бол ааваас минь ах эгч нараар минь дамжиж ирсэн алтан зарчим. Хувь хүн талаасаа чухам ямар хүн байв гэдгийг ганц нэгхэн жишээгээр хэлье. Жолооч гэхээр л бусдад тос болсон хувцастай, нүүр ам нь тоос шороо болсон тийм дүр зураг хүмүүст буудаг. Тэгвэл аав минь жолооч гэж гаднаас нь хараад дүгнэх аргагүй тийм цэвэр цэмцгэр гоё хүн байсан. Эцэг эхийн хуралд гэхэд л ёслолын хувцастай гоёмсог костьюмтай ирнэ. Гадагшаа яваад ирэхдээ ах эгч нарт авсан хувцасных нь сонголтыг харахад л гайхал төрөхөөр. Энэ хувцас удахгүй мода болно гэдгийг яаж тэгж мэдэж авдаг юм бол гэж бид гайхдаг байсан. Тийм л нарийн нандин мэдрэмжтэй, маш ариун цэвэрч хүн байлаа. Манай ээж ч бас л тийм хүн байсан учир бид аав ээжийнхээ энэ чанарыг өвлөж авсан. Би цэргийн хувцсыг бусад шиг зүгээр нэг өмсөхгүй, үнэ цэнийг нь бодож хүндэтгэж өмсдөг. Хүнд сайхан харагдахын төлөө биш өөрөө гоо сайхны мэдрэмж авч сэтгэл санаагаа өргөж явахын тулд хувцасладаг. Миний ханийг Пүрэвжавын Отгонгэрэл гэдэг. Манай хадам аав Эвлэлийн төв хороог 17 жил удирдсан Чойжилын Пүрэвжав. Лодонгийн Түдэв гуайд ажлаа өгч Эвлэлийн төв хорооноос буусныхаа дараа Намын төв хороонд хошууч генерал цолтой, барилга хариуцсан секторын эрхлэгчээр ажиллаж байсан. Яагаад би ханийнхаа тухай, хадам аавынхаа тухай дурсав гэхээр хоёр аав минь АИХ-ын депутатаар хамт байж, тэр бүү хэл 1971 онд аавыг Хөдөлмөрийн баатар болоход АИХ-ын тэргүүлэгчид гээд долоон хүн гарын үсэг зурахад тэр дунд хадам аав минь гарын үсгээ зурсан түүхтэй. “Ийм сайхан хөдөлмөрч хүний үр садтай миний хүү гэр бүл боллоо” гэж аав минь мөн их баярлаж байж билээ. Би тэр үед Өмнөговь аймагт хүнсний албаны дарга хийж байсан үе. Архангайн Жаргалантын цэцэрлэгийг аавын минь нэрэмжит болгосон бол Завхан айхмгийн Тэлмэн сумын сургуулийг хадам аавын минь нэрэмжит болгосон. Энэ бүхэн надад бахдал дүүрэн санагддаг.
Бага хүү С.Баасанбаяр: Би, аав ээжийнхээ найман хүүхдийн хамгийн отгон нь. Аавынхаа 47 насан дээр төрсөн. Намайг нэг настай байхад 48 насандаа аав минь Хөдөлмөрийн баатар болсон. Яг ид хөдөлмөрлөж байсан үед нь би төрсөн. Яагаад үүнийг тодотгов гэхээр манайхнаас би ганцаараа сөөнгө хоолойтой. Энэ тухай аав “Хүүгээ төрөхөөс 3-4 жилийн өмнөөс аав нь цаг наргүй зүтгэж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан. Ажилдаа махран зүтгээд биеэ умартаж байсан. Хоолой их өвддөг ч эмчлүүлэх завгүй зүтгэдэг байсан, тиймээс миний хүү ийм сөөнгө хоолойтой төрсөн” гэж хэлж байсан. Миний хувьд сургууль төгссөнөөсөө хойш 27 жил хувийн салбарт борлуулалт, маркетинг, менежментийн чиглэлээр ажиллаж байна. Аав ээжийн ген дамжаад зохион байгуулах, шинийг санаачлах хувь хүний ур чадвар дээрээ тулгуурлан ажил хийж өнөөдрийг хүртэл явж байна. 27 жил ажиллахдаа хамгийн удаан буюу 11 жилд нь автомашины салбарт ажиллаж байна. 2012 онд автомашины салбарт ёстой огт санаандгүй орсон. Монгол Улсад албан ёсны дистрибьютер дилерийн эрхтэйгээр автомашин борлуулдаг компанид анх удирдах ажил хийж байгаад сүүлд нь өөрөө энэ салбарт албан ёсны автомашин брэнд оруулж ирэх ажил эрхлээд явж байна. Сүүлийн найман жил Албан ёсны дилер дистрибьютеруудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хэдийгээр жолоочоор биш ч гэсэн аавынхаа салбарт ажиллаж байгаадаа билгэшээж баярлаж явдаг. Аавын минь Хөдөлмөрийн баатар болоход гол тулгуур болсон “Саятны хөдөлгөөн”-ий гол санаачилга бол зөвхөн шилдгүүдийг цуглуулаад, ганцхан хүн өөрөө амжилт гаргахаас илүү манлайлагч, дагагч, шүүмжлэгч гээд бүх хүнийг нэг баг болгон амжилт үзүүлнэ гэдэг бол орчин үед маш том менежмент. Өнөөдөр олон улсын компаниудын амин чухал үзүүлэлтийг аав минь тэртээ жараад оны эхээр Саятны хөдөлгөөн гэдгээрээ бий болгосон. Залуу үеэ сургаж дэмжиж нүүдэлчин монголчуудад иймэрхүү арга ухаан байсан юм гэдгийг бий болгож чадсан нь надад маш бахархалтай санагддаг.
Гэргий У.Дашдуламын хамт
Дараагийнх нь орон даяар хэрэгжүүлж байсан “Нэргүй саатал” гээд хөдөлгөөн байгаа. Бүтээмжийг өндөр болгох тухайд Япон, Сингапур гээд Азийн орнууд ихэвчлэн манлайлдаг. Тээвэрт явж байхдаа хэдэн цагт унтах, хэдэн цагт босох, цаг алдахгүйн тулд маргааш өглөөний цай юу уух, хэдэн цагийн үед хоол идэх зэрэг бүгдийг зохицуулна гэдэг үнэхээр том ухаан. Монголд Япон төв дээр иймэрхүү сургалтууд их болдог. Түүнд сууж байхад аавыг таньдаг мэддэг хүмүүс надад “Танай аавын л хийж байсан Нэргүй саатал гэдгийг энд шинжлэх ухааны хэлбэртэй нь болгочихсон байна” гэж хэлдэг. Энд би аавыгаа ярьж байгаа боловч цаад утгаараа нүүдэлчин монголчууд өөрийн гэсэн арга ухаан, менежменттэй ард түмэн байсныг хэлж байгаа хэрэг юм. Автотээврийн талбарт борлуулалт маркетингийн чиглэлээр ажиллаж байхад аавын хийж байсан тухайн үеийн бүтээлүүд яалт ч үгүй санаанд ордог. Ер нь маркетинг гэдэг чинь бусдаас өөрөөр, шинээр сэдэх л асуудал шүү дээ. Аавын “Саятаны хөдөлгөөн”, “Нэргүй саатал” зэрэг шинэ санаачилгууд Монголын автотээврийн түүхэнд эргэлт авчирсан шинэ маркетинг, менежмент юм. Гуравдугаар ангийн боловсролтой тэр хүн гэр бүлийн хүмүүжил, өөрийн хувь заяаны өгөгдлөөрөө орчин цагийн юмыг шинээр сэдэж хийж байж дээ. Аавтай холбоотой дурсамж гэвэл баруун аймгууд ялангуяа Говь-Алтай, Баянхонгор руу явсан тээвэр байна. Олон удаа явсан болохоор замын уул толгодыг бараг цээжилчихнэ. Намайг тоглож байх хооронд аав хэвтээд л шууд унтана. 15 минут дугхийгээд шууд хөдөлнө. Одоогийнхоор цагийн өндөр менежэнттэй хүн байсан. Би чинь 14 нас хүртлээ хичээл амарсан л бол зуны гурван сарын туршид аавын кабенд явдаг байлаа.
Дунд охин С.Гэрэлмаа: Аав минь амьдрал дээр ямар аав, ямар сайн хань байсан тухай би цөөн үгээр хэлье. Аав маань тээврийн жолоочийн цаг завгүй ажлын хажуугаар ар гэрийнхээ амьдралд байнга оролцон өрхийн тэргүүн, аавын үүргээ дээд зэргээр гүйцэтгэж ирсний жишээ нь биднийг өмсөж зүүх, идэх уухаар элбэг хангалуун өсгөж, зөв хүмүүжүүлсэн нь одоо оршин буй нийгэмдээ үр хүүхдүүд бид бүгд элэг бүтэн, нэр цэвэр, нүүр дүүрэн амьдарч байгаа билээ.
Аав минь тээвэрт явж ирээд гэртээ ганц хоёрхон хонож амсхийх зууртаа бидний хичээл сургуульд анхааран бас эмнэлэг домлогт үзүүлээд ээжид минь тус нэмэр болоод бүхнийг амжуулдаг байлаа. Бидний эцэг эхийн хуралд сууна, хичээлийн дэвтэр номыг үе үе шалгана. Жил бүрийн шинэ жилийн өмнө ёлконы модоо хүүхдүүд бидэнтэйгээ хамтдаа засдаг уламжлалтай байв. Аав минь жолооч хүн хэдий ч бүдүүн бойрго араншингүй нарийн торгон мэдрэмжтэй, ухаалаг аливаа зүйлд зүйчхэн ханддаг олон сайхан сэхээтэн найз нөхөдтэй хүн байлаа. Бидний багад аавын найз танилууд гээд Монголын олон олон нэр төртэй зохиолч, сэтгүүлч, эмч, Улсын баатар цолтон , жүжигчин гээд сайхан сайхан хүмүүс зочилдог байсан сан. Тийм хүмүүсийн нөлөө ч байсан болов уу өөрөө сэхээтэн хүн шиг л биеэ сайхан авч явдаг зөв боловсон яриа хөөрөөтэй нэгэн байв. Аав минь найман өнчин хүүхэдтэй үлдэж, ёстой нөгөө гадаа гарч эр, гэрт орж эм болж хагацахын хатууг амссан ч, үр хүүхэд биднийгээ хүний зэрэгтэй хүмүүжүүлж, хөлийг минь дөрөөнд гарыг мин ганзганд хүргэсэн ховрын ховор хосгүй ачтан билээ.