Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын цалин хөлс, хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ ба бусад улсын хүнс, цалингийн харьцуулалт DNN.mn

Улс орнуудад корона вирусын цар тахлаас хойш өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өсчээ. Дэлхийн зарим орны хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ болон Монголын барааны үнийг цалингийн хамт хүснэгтээр харьцуулан харууллаа.

Монголд 140000 гаруй төгрөгөөр авсан хүнс

БНСУ-д 100000 воноор авсан хүнс

Туркт 100000 төгрөгөөр авсан хүнс

Дээрх хүснэгтийг тухайн орны сүлжээ дэлгүүрүүдийн үнээс авч хийсэн болно. Тухайн орны хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг цалин хөлстэй нь харьцуулан тооцоход боломжийн үнэтэй. Харин Монгол Улсын цалин хөлсний хэмжээ хамаагүй бага. Тэгсэн хэрнээ өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ бусад орныхтой зарим нь дүйцэж, зарим нь өндөр үнэтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЗГ: Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа

“Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.
Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.

Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 483469 жуулчин иржээ DNN.mn

Монгол Улсад 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 483469 жуулчин иржээ. Ирж буй жуулчдын 37.23 хувийг ОХУ, 22.58 хувийг БНСУ, 16.91 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм.  Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.

Жуулчдын тоон мэдээллийг хүргэе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Ховд аймгийн Мянгад суманд 27 мм, Жаргалант суманд 15 мм, Ховд суманд 13 мм хэмжээтэй цас орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсаныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал цаг агаарын гамшиг үзэгдлийн жагсаалтыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор баталсан байдаг. Их цасны гамшигт үзэгдэл гэдэг нь 12 цаг түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг хэлдэг аж.

Түүнчлэн өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймгийн Алтай суманд -15 градус хүйтэн хоносон нь хамгийн хүйтэн нь байлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганхуяг аа, зоригтойгоор нэрлээд явах нь зөв шүү DNN.mn

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш эхэлнэ. Энэ хэргийн гол зангилаа, хөшигний ар дахь нууц, жинхэнэ эздийг мэдэж буй Б.Ганхуяг яаж дуугарснаас энэ хэрэг хаашаа эргэх нь шийдэгдэх чухал мөч ойртож байна. Үнэндээ түүнийг юу гэж хэлэх бол, хэн хэний нэрийг зарлах бол гэхээс нэг хэсэг хүмүүсийн яс нь хавталзаж, шүүх хурлын өдрийг амьсгал даран хүлээх гэхээсээ амьсгал ч авч чадахгүй хэцүүхэн өнгөрөөж буй нь тодорхой. Нүүрсний хэрэгт холбоотой, нүүрсний хулгайгаар нүүр, нэр нь “халтартсан” хэн боловч энэ хэргийн шүүх хуралд анхаарал хандуулж байгаа бол нийгэм, ард түмэн шударга ёс ялна гэдэгт итгэж байгаа. Эцсийн мөчид шүүх ард түмнийхээ талд зогсох нь дамжиггүй. Тийм ч болохоор Б.Ганхуягийн бие гэнэт муудлаа гэдэг мэдээ сэлт зарим хүнд баярламаар байсныг үгүйсгэх аргагүй. Түүнийг бараг шүүх хуралд оролцож чадахааргүй боллоо гэх ухааны юм “сэвэх” гэж үзсэн. Энэ бүгдийг харахад шүүх хурал битгий болоосой, Б.Ганхуяг битгий дуугараасай гэсэн хүсэл нүүрсний хулгайчид, тэдний тойрон хүрээлэгчдэд байгаа юм байна.

40 их наядын хулгайгаа 40 тэрбумын хэргээр дараад өнгөрөөх тактиктай байгааг хэн хүнгүй харж байгаа учир Б.Ганхуяг нүүрсний хулгайчдын нэрийг зоригтойгоор нэрлээд явчих нь одоо зөв бөгөөд өөрийгөө хамгаалах том боломж шүү.

Нэг намынхан гэж хөөрцөглөж сээр нуруугаа нийлүүлж явсан нөхөд чинь цаг нь тулахаар юун хамгаалж, өмгөөлөх вэ хамссан хэрэг нь олны анхааралд өртөөд эхлэнгүүт энэ хэргийн гол эзэн мэтээр нийгэмд харуулж, шонд өлгөх гэж байгааг Б.Ганхуяг биеэрээ хангалттай мэдэрч байгаа байх. Журмын гэх нөхөд чинь наранд байхад хамгаалаагүй юм чинь нарсанд сууж байхад хамгаална ч гэж юу байх вэ. Мэдээлэл өгье, хариуд нь амь насыг минь хамгаал гэдэг мессэжийг чинь Монголын шүүх, шүүгчид, түмэн олон ойлгосон. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас эхлүүлээд толгой дараалан бүгдийнх нь нэрийг зоригтой зарлаж өөрийгөө авар. Хэр их зоригтой дуугарна, тэр хэрээр хамгаалалт үүсч, төдий чинээ ард түмэн таны талд зогсоно

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дотоод орчны агаарын чанарт судалгаа хийсэн багийн гишүүн О.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дотоод орчны агаарын чанарын стандарттай болох ёстой DNN.mn

Манай улс 2020 оноос сайжруулсан түлш буюу утаагүй түлшийг хэрэглэж эхэлсэн. гэвч жилийн жилд утаа нэмэгдсээр сайжруулсан түлш хэрэглэж эхлээгүй үетэйгээ дүйцэж очсон нь нүднээ илхэн харагддаг. Энэ талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Сономдагва ярихдаа “Тухайн сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн жилд салхи ихтэй, хур тунадастай жил байсан учраас хүмүүст агаарын бохирдол багассан юм шиг мэдрэмжийг төрүүлсэн. Харин 2021-2022 онд салхи багатай, хур тунадас урьд жилийнхээс бага орсон учраас буцаад агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн хэлж байв. Утаа ихэссэн шалтгааныг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Сүүлийн үед агаарын чанар муу, салхигүй байгаа учраас манан ихтэй байна. Тиймээс утаа ихэссэн. Хоёрдугаарт, шахмал түлш хямдарсантай холбоотойгоор хэрэглээ их байна. Өнгөрсөн жилийн өдийд өдөрт 2500 тонн шахмал түлш түлдэг байсан бол энэ жил 3500 тонныг түлж байна. Тэгэхээр утаа өнгөрсөн оныхоос 10-15 хувиар нэмэгдсэн” хэмээн хэлж байсныг иргэд мартаагүй байх. Харин энэ талаарх ул суурьтай шинжилгээ судалгааг хийсэн байдаг эсэхийг тодрууллаа.

Сайжруулсан түлшний хэрэглээг энгийн зуух болон төслийн зууханд ямар ялгаатай шатаж буй судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЦУОШГ-ын байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Монголын талбарын тархвар судлалын төгсөгчдийн холбоо, Нью-Йоркийн их сургууль, “Ач” анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хамтран “Сайжруулсан түлшний шаталтаас дотоод орчинд ялгарах хийн бохирдуулагчдын концентрацийг тодорхойлсон дүн” хэмээх судалгааг хийжээ.

Уг судалгаанд дурдсанаар “Гадаад орчны бохирдлоос гадна гэр сууцны халаалт, хоол үйлдвэрлэлд биомасс түлш, нүүрс хэрэглэдэг 2.5 тэрбум хүний эрүүл мэнд дотоод орчны агаарын бохирдол ноцтой эрсдэл учруулсаар байна. 2015 онд 3.8 сая хүн цаг бусаар эндсэн нь өрхийн агаарын бохирдлоос шалтгаалсан байна. Монгол Улс суурьшлын бүсийн агаарын бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч эх үүсвэрт чиглэсэн гэр хорооллын дахин төлөвлөлт орон сууцжуулалт, зуухны шинэчлэл, түүхий нүүрснийг сайжруулсан түлшээр солих зэрэг дунд хугацааны арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Гэвч суурьшлын бүсийн агаарын чанар ДЭМБ-ын удирдамжийн дунд хугацааны нэгдүгээр зорилтод ч хүрээгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна” хэмээжээ. Ингээд судалгааны баг нийслэлийн Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргээс 84 айлыг сонгон авч судалгаанд хамруулсан байна. Ингэхдээ энгийн болон төслийн зуухтай айлуудыг хамруулжээ. Судалгааг 24 цагийн турш тасралтгүй явуулав. Судалгааны дүнд “Өрхийн дотоод орчны агаар дахь химийн бохирдуулагчдын 24 цагийн дундаж концетраци хүхэрлэг хий Дөл зуухтай байшин сууцанд Монгол Улсын MNS4585:2016 стандарт болон ДЭМБ-ын 2021 оны удирдамжид заасан түвшинд байна. Харин энгийн зуухтай гэр болон байшин сууцанд сайжруулсан түлшийг түлэхэд 24 цагийн хүхрийн давхар ислийн концентраци Монгол Улсын MNS4585:2016 стандарт болон ДЭМБ-ын 2021 оны удирдамжид заасан түвшнээс 1.3-2.92 дахин өндөр байна. Сайжруулсан түлшээр галласан Дөл зуухтай байшин болон гэр сууцны дотоод орчны агаарын азотын давхар ислийн 24 цагийн дундаж концентраци Монгол Улсын агаарын чанарын MNS4585:2016 стандартад заасан түвшин байна. Харин энгийн зуухтай байшин сууцны дотоод орчны агаарын азотын давхар ислийн 24 цагийн дундаж концентраци Монгол Улсын агаарын чанарын MNS4585:2016 стандартад заасан хэмжээнээс 1.73 дахин ихэссэн байна” гэжээ. Тус судалгааны үр дүнгээр төслийн зуухтай байшин болон гэр сууцанд амьдарч буй хүмүүс агаарын чанар сайтай байна хэмээн гарчээ.

Тэгвэл сайжруулсан түлшийг төслийн зууханд түлсэн айлууд дотоод орчны агаарын хувьд стандарт нормд заасан хэмжээнд байсан уу гэдгийг иргэдээс тодрууллаа.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Булгантай ярилцлаа.

-Танайх ямар сууцанд амьдардаг вэ?

-Таван ханатай гэрт амьдардаг.

-Ямар зуухтай вэ?

-Өлзий зуухтай.

-Сайжруулсан түлшийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?

-Засгийн газрын шийдвэр гараад түүхий нүүрс суурьшлын бүсэд түлэхийг хориглосон цагаас хойш хэрэглэсэн.

Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар угаартах, эрүүл мэндэд сөрөг зүйл илэрсэн үү?

-Хэд хэдэн удаа угаартсан. Толгой өвдөж манарах, бөөлжих, дотор муухайрах шинж тэмдгүүд заримдаа ихээр илэрдэг болсон.

-Үүнийг та сайжруулсан түлштэй хамаатай гэж үзэж байна уу?

-Түүхий нүүрс хэрэглэдэг байхад ингэж угаартаж байгаагүй. Сайжруулсан гэх түлшний чанар жил бүр муудаж байна. Маш их тортогтой. Гал түлж эхлэхэд маш их утаа гардаг. Бүр хав хар утаа гарна. Шатаж дууссаны дараа маш их үнс гардаг. Гэрийн дээвэр тал хав хар тортогтой болдог. Түүхий нүүрс түлдэг байхад ийм их тортог суудаггүй байсан. Өвөлдөө бүх зүйл хүрэхэд л нил тортог, гар хумс хуруу байнгын нүүрсний өлөн хиртэй байдаг болсон. Угаагаад арилахгүй.

-Өөр зүйлүүд ажиглагдаж байна уу?

-Өглөө болгон толгой өвдөж сэрдэг. Үнэхээр хэцүү, толгой даагдахгүй. Ер нь л манай гэр бүл, гэр бүл ч гэлтгүй гал түлдэг танил тал, найз нөхөд, ойр хавийнхан бүгд ярьж байна. сайжруулсан түлшинд сайжирсан зүйл юу ч алга. Эхний жил овоо гайгүй байсан. Жил бүр муудсаар одоо худалдаж авахад л нил үйрмэг. Шуудайтай түлшний талаас илүү хувь нь үйрмэг болчихсон байдаг. Барьцалдуулагч бодисгүй хоёрдугаар гурил хольдог гэдэг нь үнэн байх. Гал түлэхээр зууханд хийх хооронд бужигнасан их тоос гардаг. Тэр нь гурил нь байх магадлалтай. Тэгээд үүнийгээ сайжирсан гээд байгаа. Энгийн хүний нүдээр харахад ч илт байна шүү дээ. Өөрсдөө гал түлж үзээгүй хүмүүс энэ талаар юу мэдэж шийдвэр гаргадаг юм бэ. Гал түлснээс хойш хувцас хэрэглэлээ угаахаар нэг эргүүлээд гаргаж ирэхэд л хав хар нүүрсэн дээр өнхрөөд боссон юм шиг л хир гардаг. Үүнийг шинжилж судалдаг газар гэж байна уу. Дунд боловсролтой би хүртэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нь мэдээд байна шүү дээ.

-Танай гэр бүлээс эсвэл таньдаг хүмүүсээс энэ түлшнээс болж эрүүл мэндийн асуудлаар эмнэлэгт хандсан тохиолдол бий юу?

-Манай худууд энэ түлшийг хэрэглэж эхэлсэн жил угаартсан. Эхнэр нь тэр даруй нас барж, нөхөр нь одоо хөгжлийн бэрхшээлтэй болж бэрийн маань асрамжид ороод байна.

-Энэ хэзээ болсон үйл явдал вэ?

-2021 оны нэгдүгээр сард болсон.

Иргэн ийн ярилаа. Сайжруулсан түлшинд хяналт шалгалт хийж байсан тухайн үеийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэн ингэж ярьж байлаа. “Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муудсан. Хоёрдугаарт, үүрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн. Бид “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Үүнийг тодруулахад, “Тавантолгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна. Бид түлшний бат бэх чанарт байнга хяналт тавьдаг. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулсан байдлаар үзэхэд, түлшний бат бэх нь стандартын хэмжээнд байсан. Айл өрхөд очихдоо яагаад үйрмэгтэй байна вэ гэхээр тээвэрлэлт, зөөвөрлөлт их байгаагаас үйрмэг үүсч байна” хэмээн ярьж байлаа. Тэгвэл тухайн үед төслийн зуух авч чадаагүй айлууд нийслэлийн хэмжээнд маш их байдаг аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Н.Базар ярихдаа “Анх төслийн зуух хорооноос өгөхөд нь авахаар очтол манай нэр дээр хүн авчихсан байсан. Нэг өрхөд нэг зуух гэж байсан учир тухайн үедээ олж авч чадаагүй. Тэгээд л өнгөрсөн. Дараа нь сураг сонсох нь ээ манай нэр дээрх зуухыг хорооны хэсгийн ахлагч аваад хөдөө хамаатан руугаа явуулчихсан байсан” гэв.

Ингэж иргэдэд ёстой байсан төслийн зуух замаасаа алга болсон тохиолдлууд олон. Тэгвэл төслийн зуухгүй айлууд л зөвхөн угаартаад байна уу. 2019 оны цагдаагийн байгууллагын тайланд “өмнөх арван жилийн байдлаар угаартсан 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлжээ. Үүний шалтгаан нөхцөлийг авч үзэхэд, гэрт 101, байшинд 202, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байв. Үүнээс ханан пийшинтэй нь 86, ханан пийшин, зуух эвдэрсэн 73, зуух, яндангийн холбоос завсартай 34, яндан хөө тортогтой 30, үнс дүүрсэн 44, түлшээ дүүргээд түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалтаа хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол, усгүйгээс зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр цагдаагийн алба хаагчид ажилласан тухай тайландаа дурджээ.

2023 оны эхний хагаст нийслэлийн долоон дүүрэгт, 21 аймагт нийт 1720 хүн угаарын хийн хордлогын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хамгийн сүүлд олон хүн бөөнөөр угаартсан тохиолдол тавдугаар сарын 31-ний шөнө нийслэлийн хэмжээнд 40 хүн угаартаж, найм нас барсан хэрэг гарсан байдаг. Үүний хоёр нь бага насны хүүхэд байсан.

Энэ талаар “Сайжруулсан түлшний шаталтаас дотоод орчинд ялгарах хийн бохирдуулагчдын концентрацийг тодорхойлсон дүн” судалгааг хийсэн багийн гишүүн, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай багийнхны хийсэн судалгаагаар төслийн зуухтай айлуудын дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнд байна гэсэн. Төслийн болон энгийн зуухны ялгаа ямар болоод бохирдол зөрүүтэй гарав?

-Төслийн зууханд гал түлснээр дотоод орчны бохирдол ялгаатай байгаа болохоос төслийн зуух нь агаарын бохирдол үүсгэдэггүй гэсэн үг биш. Яагаад гэхээр зуухан дотор нүүрс шатна. Тэр тохиолдолд дотоод орчинд их бага ямар нэг хэмжээгээр бохирдол үүснэ. Нүүрс шатахын тулд хүчилтөрөгч зарцуулна. Хүчилтөрөгч зарцуулах явцдаа дутуу шаталт үүсч байдаг. Тэр дутуу шаталт дотоод орчинд зуух яндангийн битүүмжлэлээс хамаарч бохирдол үүснэ. Ямар ч зуух заавал ч үгүй агаар оруулах нэг нүхтэй. Тэр нүхээр бохирдол гадагшилж л байдаг. Энгийн зууханд нүүрс шатаах үед гарч байгаа бохирдуулагчийн түвшин, төслийн зууханд шатаах үед гарч байгаа бохирдлын түвшин ялгаатай гарсан. Энэ Нэгдүгээрт, үүнд шаталт болон ялгарч байгаа бохир дуудагчдын ялгарч буй концентрацийн хувьд ялгаатай зүйлүүд байдаг. Хоёрдугаарт, төслийн зуухтай ч гэсэн маш их бохирдол гарч буй айлууд бий. Тэр нь буруу галлагаанаас эсвэл ямар нэг байдлаар зуухны битүүмжлэл алдагдахад үүддэг. Зуухаа хэт дүүргэх, буруу шатаах, буруу талаас нь галаа түлэх гэх мэтээр бохирдол их гаргадаг. Жишээ нь, төслийн зуухтай хэрнээ угаартсан айлууд бий. Тэд дээрх жишээгээр буруу галласан. Зарим нь яндан дээрээ давхар яндан хийсэн. Тэгээд доторх яндан нь хугардаг шалтгаанууд бий.

-Энгийн зуух болон төслийн зуух бохирдлын хувьд дээрх ялгаатай юм байна. Агаарт бохирдол үүсгэхэд галлагааны тоо хамаарах уу?

-Гал түлж эхлэхэд утаа ихээр гардаг. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлдөг. Жишээ нь, бидний хийсэн судалгаагаар өдөржин гэртээ хүнтэй байдаг төслийн зуухтай айлууд өдөрт дунджаар 2.1 удаа гал түлж байсан бол энгийн зуухтай айлууд 3-4 удаа гал түлж байсан.

-Сайжруулсан түлшийг туршилтаар хэрэглэсэн тухай сүүлд мэдэгдэл гарсан. Өмнө нь туршдаггүй юм уу?

-Нүүрс түлж байгаа дотоод орчинд ямар бохирдол үүсч байна вэ гэдгийг хэр олон удаа туршиж үзсэн бэ гэдэг судалгааг хэд хэдэн удаа хийсэн бэ? Энэ бол тухайн түлш үйлдвэрлэж байгаа газар мэдээлэл хийх ёстой. Гэтэл шууд хүн дээр туршаад байна уу? Бас энэ асуулт мэдээлэл хүргэх хэрэгтэй. Үүнийг тухайн түлш үйлдвэрлэгч компани өөрийн лабораторид судалгаа хийж, тухайн технологийг шинэчлэх эрмэлзлэлийг хэрхэн хийсэн тухай судлах ёстой. Нүүрс түлэх гэр, байшин янз бүрийн орчинд бий. Янз бүрийн зуух байна. Гэтэл дотоод орчинд ямар бохирдол үүсдэг вэ. Хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний бохирдол үүсч байна уу. Тэгвэл тэр технологийг яаж сайжруулах вэ. Үүнийгээ хийж байгаа юу. Эцсийн хэрэглэгч нь хүн, өрх айлууд байгаа. Өрх дотор хэн байдаг вэ. Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд гээд хамгийн эмзэг бүлгийнхэн байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл хөдөлмөрлөх насны хүн ам орно. Эцсийн хэрэглэгч нь хүн учраас хүн хордож, эрүүл мэндэд асуудал үүсгэхгүй байх ёстой. Өнөөдөр дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүйгээс болоод хамгийн энгийн, дэлхийд маш ховор тохиолддог нүүрстөрөгчийн давхар ислийн хордлогод хүүхдүүд өртөж байна. Жишээ нь, сүүлийн үед гараад байгаа ерөнхий боловсрол сургуулийн зориулалтын бус байранд сурагчдыг хичээллүүлж байгаа асуудал , Налайхад болсон үйл явдал тийм байх боломжтой. Налайхад CO2-оос хордсон гэдгийг тархвар зүйн судалгаагаар гаргаад ирсэн. Сургуулийн хүүхдүүдийг олноор нь сургах байрыг сонгохдоо стандарт дүрэм журмыг бариач ээ, үүн дээр нь хяналтаа тавиач ээ гэдэг зөвлөмжийг бид удаа дараа өгсөн. Энэхүү зөвлөмжийг дагаагүй. Яагаад гэхээр дагах нөхцөлд нь нэг чухал хэсэг нь орчны эрүүл мэндийн үнэлгээ хийлгэх ялангуяа хамгийн түрүүнд дотоод орчны агаарын чанарын үнэлгээ хийгдэх ёстой байсан. түүнийг стандартаар мөрдүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад тэр стандарт байхгүй. Бид энэ стандартыг батлуулахаар судалгаа хийгээд хоёр жил есөн сарын хугацаанд ажиллаж байна.

-Агаарт байх тоосонцрын хэмжээ дэлхийн стандарт нь PM2.5 байх ёстой. Гэтэл манайд үүнээс их байна гээд байгаа. Та бүхэн энэ талаар судалсан уу?

-Бид дотоод орчны агаарын чанарыг ямар хэм хэмжээнд байгааг тогтоох зорилготой Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд 9 сарын турш үргэлжилсэн 24 цагийн тасралтгүй хэмжилт судалгааг хийсэн. Өвлийн улиралд дотоод орчны PM2.5 тоосонцорын концентраци агаарын чанар ДЭМБ-ын зөвлөмжөөс 4 дахин болчихдог. Харин гадаад орчин дахь Монголын MNS4585:2016 стандартаас 1.1 дахин их байдаг. Зуны улиралд PM2.5 бохирдуулагч дотоод орчинд 24.8 мкг/м3-30 мкг/м3 -ын хооронд байдаг. Гэтэл ДЭМБ-ын 2021 оны удирдамжаар үүнийг 24 цагийн дундажийг гадаад орчинд 15мкг/м3 болго гээд заагаад өгчихсөн.

-Сайжруулсан түлш хэрэглэдэг айлууд жил ирэх тусам чанар нь муудаад байна. Үнс, тортог ихтэй, үйрмэгтэй байна гэдэг. Энэ нь дотоод орчны бохирдол агаарын чанарт нөлөөлдөг гэсэн үү?

-Тортог дотоод орчны бохирдолд нөлөөлнө. Тортгийн судалгаа дэлхий нийтэд хийгдэж байгаа. Гэхдээ стандартчилах түвшинд хийсэн судалгаа ховор. Тортог өөрөө олон янзын эх үүсвэрээс гардаг. Гэхдээ тортгийн судалгааг зайлшгүй хийх ёстой. Судалгаа шинжилгээний дэмжлэг олон чиглэлээр бидэнд хэрэгтэй байгаа. Олон улсын байгууллагуудаас л тодорхой хүрээнд дэмжлэг үзүүлж дээрх судалгаануудыг гүйцэтгэсэн.

-Сайжруулсан түлшний хоруу чанар түүхий нүүрснээс их байна гээд байгаа. Мэргэжлийн хүмүүс үүнийг судалсан болов уу?

-Дотоод орчинд сайжруулсан түлшний PM2.5 тоосонцрын хэмжээг тодорхой хувиар бууруулах боломжтой. Гэхдээ дотоод орчныг бохирдуулахгүй гэсэн үг биш. Яагаад гэвэл ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс өндөр гарсан. Манай оронд стандарт байхгүй учраас бид ДЭМБ-ын зөвлөмжтэй харьцуулахаас өөр аргагүй. Харин хоруу чанарын хувьд аваад үзэхэд угаарын хийн хордлогын өртөлтийг нэмэгдүүлж байна. Энэ нь олон талтай. Нэгдүгээрт, түүхий нүүрс дутуу шаталт өгөөд эхэлхээр униар угаар гараад хүний нүдэнд тоос тоосонцор үүсгэж, утаа нь харагддаг. Тэгэхээр хүмүүс хоолой хорсоод, нүд хорсож, нулимс гарахаар хаалга үүдээ онгойлгож, агаарын солилцоо явуулдаг. Тэнд гарч буй угаарын хийг гадагшлуулдаг. Гэтэл угаасан нүүрс буюу сайжруулсан түлшнийх хүний нүдэнд харагддаггүй. Энэхүү угаарын хийг хүн мэдэрдэггүй. Ганцхан хулгана мэдэрдэг. Тэгэхээр үнэр, өнгө, амт байхгүй. Харагдахгүй, үнэрлэх мэдрэмжид огт нөлөөлөхгүй. Угаар мэдрэгч л түүнийг илрүүлнэ. Хүн өөрийнхөө мэдрэмжээр түүнийг тодруулах боломжгүй. Тийм учраас энэ угаарын хийн хордлого хүнийг шууд үхэлд хүргэж байна. Үүгээрээ сайжруулсан түлш түүхий нүүрснээс хортой. Тиймээс л дотоод орчны агаарын чанарын стандарт Монгол Улсад хэрэгтэй. Стандартыг тогтоосныхоо үр дүнд бид тэр нүүрсээ лабораторид судалж үзээд, дотоод орчинд тийм бодис ялгарч байна, энэ нь илүү байна гэх мэтээр судлаад, мэдээлээд тухайн хорт бодис, хоруу чанарыг бууруулахын тулд арга хэмжээ авч технологи сайжрах ёстой. Ингэж агаарын чанарыг сайжруулах ёстой. Иргэддээ энэ мэдээллийг өгөх ёстой. Өнөөдөр нэн даруй яаралтай батлах стандарт дотоод орчны агаарын чанарын стандарт юм.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын намын сонгуульд ялах тактик Оросоор айлгах юм шиг байна DNN.mn

Монгол Улс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын шатахууны хоригт оров. Энэ үйл явдал монголчуудыг тэр чигт нь доргиолоо. Нийт түлш, шатахууныхаа бараг 90 хувийг хойд хөршөөс авдаг манай орны хувьд тэвдэж сандрахаас ч аргагүй юм. Бензин колонкуудад урт очер дараалал үүсч, салбарын сайд нь ч яаран мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Удахгүй Оросын Төрийн думын дарга Монголд айлчилна. Энэ үеэр шатахууныхаа асуудлыг төрийн дээд түвшинд ярилцаж шийдвэрлэнэ” гэж ард түмнээ тайвшруулав. Үнэхээр ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин манай улсад ирээд “Та нарыг хоригт оруулахгүй” гээд хэлчихлээ. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар “В.Володин дарга манайхыг хоригт оруулахгүй гэсэн” гээд жигтэйхэн зоримог дуугарч байгаа харагдах юм. Өнөөдөр монголчуудын хамгийн их болгоомжилдог зүйл нь “Бид оросуудын дургүйг хүргэвэл шатахууны хоригт орно” гэх айдас. Нийгмийн энэ сэтгэхүйг эрх баригчид өөрсдөдөө давуу байдал болгон ашиглаж ирсэн. Сая болсон үйл явдлаас харж байхад Ардын нам сонгуульдаа бэлдээд эхэлсэн нь илт байна.

Ингэхэд МАН-ын ирэх сонгуульд ялах тактик нь ард түмнээ Оросоор айлгах юм шиг байна. Хойтонгийн сонгууль хүртэл монголчууд их ч юм үзэх бололтой. Тэр болтол хахир өвлийн хүйтэн, хаврын урт өдрүүд сунайж байна. Өвлийн хүйтнээр, хаврын тариалалтын цагаар Оросоос авдаг шатахуун, эрчим хүч хэд л бол хэдэн удаа тасарч мэдэх байх. Хөхөө өвлөөр тоггүй бас шатахуунгүй болчихвол монголчууд ёстой хэцүүднэ. Халаалт, дулаанаа ч тавьж дийлэхгүй улс даяараа тас, няс хөлдөнө. Энэ байдлыг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм болохоор байсхийгээд л “Манай улс шатахууны хомсдолд орлоо. Оросоос ирдэг эрчим хүч тасарлаа” гэсээр сонгуультай золгох байх. Энэ болгонд Ардын намын дарга нар хойд хөрш рүү давхиж очоод л уулзах болов уу. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар нь хамгийн түрүүнд манлайлан гүйх биз. Ингэж гуйж гувшиж ирсэнийхээ дараа “Намайг байхад шатахуун, эрчим хүчээр айлтгүй гэсэн” гэдэг юм ярьж байх нь шиг байна. Нийгэмд өрнөж байгаа үйл явдлыг хараад байхад Ардын намын сонгуульд барьж орох тактик ийм байх аж.

“Хэрэв монголчуудыг Оросоор айлгавал бид сонгуульд ялсаар байх болно” гэж эрх баригчид бодож байна. Явж, явж оросуудын эрхшээлд байх нь МАН-ынханд өөрсдөд нь ашигтай л даа. Магадгүй оросууд манайх руу ороод ирсэн ч энэ намд хохирол байхгүй. Яагаад гэвэл эд нар орос ахтайгаа нийлээд төр бариад явчихна гэж санаж байгаа. Тэд хуучин Монголын төрийг хамтран шахам барьж явсан цаг саяхан. Тэд харин нео либералуудаасаа сал гэж шаардана. Манай Ардын нам коммунистуудын бодлогыг сөрдөг, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний талд зогсдог залуусыг хамгийн түрүүнд барьж хорихоор шамдах биз. Яг л “Алтан ураг бол феодалын эзэн. Тиймээс алтан ургийг устга гэсэн” гэдэг шиг “даалгавар”-аар бүгдийг нь чимээгүй болгоно. Аягүй бол “Нео либерализм, оросуудыг муу хэлдэг ардчиллынхны нэгийг гаргаад ир гэсэн” гээд өнөө хэдэн үзэж чаддаггүй сөрөг хүчнийхнийгээ шоронд хийчих ч юм билүү. Ийм маягаар мөнхөд эрх барих нь үнэхээр ашигтай гэж Ардын намынхан тооцож байна.

МАН-ын явуулж байгаа бодлогоос харахад тэд гадаад харилцаандаа  “гурван нүүр”-тэй болжээ. Өмнөд хөршдөө тал засч гүйгээд л. Эсвэл оросуудын өмнө сөгдөхөөс наагуур бөхөлзөөд л. Харин гурав

дахь хөршдөө “гурав дахь хөрш” гэдэг нүүрээ харуулна. Тэд ингэж “гурван нүүр” гаргаад яваад байж болно гэж бодож байвал том эндүүрэл. Өнөөдөр “гурван нүүр” гаргаад удаан явахгүй ээ. Энэ байдлыг чинь дэлхий хараад ядах юмгүй ойлгоно. Уг нь ковидын дараах дэлхийн улс гүрнүүдийн төрийн дээд хэмжээний айлчлал идэвхжиж байгаа өнөө үед бид гурван нүүр гаргавал өөрсдөө л хохирно. Монгол Улсыг гуравдагч хөршүүд нь шууд хаяна. МАН-ын гаргаж байгаа “гурван нүүр” ийм л хортой. Магадгүй та нар “Яахав дээ, хоёр нүүртэйгээ үлдэхэд хангалттай” гэж бодож байгаа байх. Хэрэв “Орос ах нартайгаа байхад болно доо” гэж үзэж байгаа бол алдаж байна шүү. Яг үнэндээ Орос нь сайн ах байж чадахаасаа нэгэнт өнгөрсөн. Украинтай байлдаад сүйрч дууслаа. Цаашид амиа яая гэж байгаа улс. Юун бидэнд нөлөөлөх манатай байна. Дэлхийн эдийн засгийн хоригт орчихсон Орос гүрэн хэзээ мөдгүй “шүдгүй арслан” боллоо. Үүний баталгаа нь Азербайжан байна. Оросын байгуулсан уулын Карабахыг ганцхан өдөрт бут цохиод өөртөө нэгтгэчихлээ. Энэ бол асар том дохио. Харамсалтай нь үүнийг манай Ардын намынхан ойлгохгүй байна. Хойд хөрш Украинтай эхлүүлсэн дайнаа яая даа гэж байхад дээрээс нь Монголд нөлөөлөх гэвэл бүр ч баларна. Тэгэхээр Орос биднийг айлгаж чадна гэж бодож байвал том эндүүрэл.

Бодит нөхцөл байдал дээр МАН биднийг Оросоор айлгаад амжилт олохгүй. Одоо хэдүүлээ Оросын нөлөөнөөс салахын тулд МАН-ыг сонгуулиар ялах хэрэгтэй байна. Харин ч эсрэгээрээ Оросыг буруутгах биш. Монгол Улс хоёр хөрштэйгөө эвтэй найртай байх улс төрийн шинэ хүчнийг гаргаж ирэх ёстой. Улс төрд төлөвшсөн, хүчтэй нам гэвэл одоо АН байна. Үнэндээ МАН бол үеэ өнгөрөөсөн бодлого барьж байгаа. Одоо шинэ нам, шинэ бодлого гарч ирэхгүй бол бид мөнхөд ядарсан Оросын дор явах болно. Ядарсан орны нөлөөнд бүр ч ядарсан орон болох гээд байна. Энэ янзаараа явбал өнөөдрийнхөөс ч дор ирээдүй биднийг хүлээж байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс 1989 онд биеэ даана гэж Ардчилсан хувьсгал хийсэн. Одоо үүнийгээ гүйцээж бие даах хэрэгтэй болсныг өнөөгийн монголчуудын амьдрал бэлхнээ харуулж байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпын наадамд цагаан тугаа өргөх анхааруулгын цаад шалтгаанууд DNN.mn

Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА)-ын үйл ажиллагаанд “муу” дүн тавьжээ. Тодруулбал дараах зургаан зөрчлийг илрүүлж засах үүрэг өгсөн байна.

Үүнд:

lдопингийн эсрэг үндэсний дүрэм,

lэмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандарт,

lшинжилгээ мөрдөн шалгалтын олон улсын стандарт,

lүр дүнгийн удирдлагын олон улсын стандарт,

lдопингийн эсрэг боловсролын олон улсын стандарт,

lгарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх олон улсын стандарт зэргийг мөрдөж ажилладаггүй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээ авахдаа олон улсын стандарт мөрддөггүй нь тогтоогджээ. Энэ байдал цаашид үргэлжилбэл Монгол Улс ирэх жилийн олимпын наадамд цагаан тугийн дор оролцохыг Олон улсын олимпын хорооноос албан ёсоор мэдэгдээд байгаа.

Энэ нь МОНАДА-д оруулсан шалгалтаар илэрсэн зөрчлүүд. Үүний цаана бөхчүүдээс допингийн шинжилгээ авахдаа авлигал нэхэж “аргалж” өгдөг нь олон эх сурвалжийн амаар батлагддаг. Энэ хэрэг гэрэл цохиж асуудал АТГ-т очиж нийслэлийн прокурорт шилжсэн ч тэгсхийгээд чимээгүй болсон. Тэгвэл допингийн шинжилгээний цаана хөшигний ард өрнөдөг үйл явцын талаар энд онцолъё.

Баяр наадамд дөрөв давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж саванд шээдэг. Олны нүднээс далд өрнөдөг энд л хамаг юм явагддаг байна. Тодруулбал шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд шүүс нууж ордог асуудал түгээмэл гардаг байна. Ингэхдээ хажуу дахь хянагчаа аргалаад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг юм байна.

Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сургалтад хамрагдаж сертификат авсан этгээд допингийн шинжилгээнд ажиллах ёстой.

Манайд бол энэ үйл ажиллагаанд хэн дуртай нь ажиллаж бөхчүүдтэй ханцуйдаа наймаалцдаг гэнэ. “МОНАДА”-д албан ёсны сертификаттай байдаггүй аж. Допингийн шинжилгээний талаар бөхчүүд дараах байр суурийг илэрхийлж байна.

Улсын аварга О.Хангай “Би 2017 онд допингийн шинжилгээ өгсөн. Энэ үеэр нэр бүхий бөх шээсээ солих гэж оролдоод баригдсан. Тухайн бөх допингийн шинжилгээнд бүдрэх нь үү гэж харж байсан ч тийм зүйл болоогүй. Допингийн шинжилгээ авах явцыг хуулийн байгууллага хянаж байх ёстой. Түүнчлэн тухайн бөхөд өвдөг шороодсон бөх давхар хянах ёстой. Би допингийн шинжилгээнд хамрагдахад миний дээжний савны кодыг давхар хянаж зургийг нь дарж баталгаажуулаад хариу нь ирэхэд тулгаж болно. Допингийн шинжилгээг хянаж байгаа эмч болон хянагчтайгаа хуйвалдаад л шээсээ солих бүрэн боломжтой”

Улсын начин Д.Цэрэнтогтох “Намайг допингийн шинжилгээ өгч байхад хэд хэдэн зөрчил илэрч байсан. Допингийн шинжилгээ өгөхөд хянагч эмч болон гэрч л хамт байлцдаг. Дүрэм нь ийм. Гэтэл Улсын начин Ж.Ням-Эрдэнэ допингийн шинжилгээ өгөхөд хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар шинжилгээний өрөөнд орчихсон Ч.Насанбат эмчтэй уулзаад наагуур цаагуур гүйгээд байсан. Үүнийг би хоёр нүдээрээ харсан. Х.Цагаанбаатар допингийн шинжилгээний үйл ажиллагаанд орох эрхгүй хүн шүү дээ. Ямар учраас тэнд явж байсныг ойлгоогүй. Энэ бол допингийн шинжилгээ авах журмыг зөрчсөн ноцтой үйлдэл мөн. Түүнийг допингийн шинжилгээнд нөлөөлсөн гэж хардаж байгаа”

Улсын арслан Х.Мөнхбаатар “Допингийн эсрэг байгууллага төрийн наадмаар 20 жил тоглолоо. Долдугаар сарын 12-ны орой хэдэн дадлагын оюутан допингийн шинжилгээний дээж аваад л ор сураггүй алга болчихдог. Шинжилгээний дээж хаана хадгалагддаг, хэний хяналтад тээвэрлэдэг нь тодорхой биш. 40-50 хоногийн дараа шинжилгээний хариу нь ирээд л хэн нэгнийг яллаад хэн ч биш болгодог. Ийм хууль бус шинжилгээг бөхчүүд өгөх хэрэггүй. Шинжилгээ өгөхдөө 24 цагийн дотор хариугаа авах шаардлага тавих хэрэгтэй. Бүтэн сар болсон шинжилгээний хариугаар яллаж байгаа нь хууль бус”.

Өөр нэг бөх “Допингийн шинжилгээ нүднээс далд явагддаг. Үүний ард асуудалтай олон үйл явдал болдог. Энд би ганцханыг нь л онцолъё. Хэдэн тамирчин шинжилгээнд хамрагдах юм тэр тоогоор шинжилгээний сав байдаг. Өөрөөр хэлбэл, 32 бөх шинжилгээнд хамрагдахад сорьцын өрөөнд 32 сав л байх ёстой. ВАДА-гийн дүрэм ийм. Намайг шинжилгээ өгөхөд илүү сав өрөөстэй байгаа нь анхаарал татсан. Илүү савыг юунд зарцуулдаг нь ойлгомжгүй. Үүний ард шинжилгээний дээж сольдог асуудал байхыг үгүйсгэх арга байхгүй. Бөхчүүд өөр хүний шээс өвөртөлж ороод хольж сольдог явдал болж л байдаг. Допингийн хяналтын ажилтнуудтай хуйвалдаад уснаас хуурай гарах бүрэн боломжтой. Энэ асуудал АТГ-ын чихэнд хүрч шалгагдаж байсан. Эмч нартай холбоотой авлигалын асуудлыг шалгаж илрүүлээд прокурорт шилжүүлсэн ч таг чиг болсон. Өнөөх яригдаад байдаг 38 бөхийн асуудал чинь үүнтэй л холбоотой”.

Допингийн шинжилгээний талаар энэ цагт ид сайн барилдаж буй бөхчүүд ийм байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн допингийн шинжилгээнд ажилладаг эмч нар шинжилгээний хариугаар шантаажилж мөнгө нэхдэг асуудал түгээмэл болсныг бөхчүүд дуу нэгтэй хэлж байгаа юм.

Энэ бүхнээс харахад МОНАДА допингийн шинжилгээ авахдаа Допингийн эсрэг олон улсын байгууллагын стандартыг мөрддөггүй нь нь харагдаж байна. Сүүлдээ ид сайн барилдаж байгаа бөхийг допингийн асуудалд оруулахаар заналхийлдэг болсон гэх. Энэ бүх идээ бээр нь ил гарч Монгол Улсын тамирчид олимпын наадамд цагаан туган дор жагсах дээрээ тулж ирлээ.

Дээрх асуудал өндрөө авч МОНОДА-гийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Энэ асуудлыг богино хугацаанд шалгаж, шийдвэрлэхгүй бол 2024 оны Парисын олимпын наадамд Монгол Улс цагаан тугаа өргөж ороход ойрхон байна. Олон улсын допингийн хорооны зүгээс энэ бүх завхралаа 2024 оны нэгдүгээр сар хүртэл засах хугацаа өгөөд байна. Энэ хугацаанд дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол төрийн далбаа Парисын тэнгэрт мандахгүй нь. Олимпын тэнгэрт цагаан тугаа өргөх болсон шалтгааны зах зухаас дурдахад ийм байна. Цаашлаад санхүүжилт тайлагнадаггүй гэх мэтчилэн олон асуудал бий.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийнэ. Энэ үеэр улсын их баяр наадмын түрүү бөх М.Бадарчийн допингийн шинжилгээний “Б” сорьцын хариуг албан ёсоор зарлана. Зарим хэвлэлд мэдээлж байгаагаар бол түүний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн нь дахин батлагджээ. Энэ хариуг зарласны дараа Баяр наадам зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг хэлэлцэх юм. Допингийн эсрэг үндэсний журамд зааснаар бол түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, Улсын арслан цолыг нь хурааж авна.

Улсын арслан М.Бадарчийн зүгээс шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа. Тэрбээр шинжилгээний явцад процессын алдаа гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Цаашид арбитрын шүүхэд хандаж, өөрийн эрхээ хамгаалахаар төлөвлөж байгаа юм байна. Өмнө нь барилдах эрхээ найман жилээр хасуулсан Э.Оюунболд арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээж байсан юм.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 27, Буд гариг. Билгийн тооллын 13, чөдөр одтой , шар хулгана өдөр. Өдрийн наран 6:45 цагт мандан, 18:42 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. “

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 27, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.