Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй DNN.mn

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жил Монголд зочлох жил гэдгээрээ аялал жуулчлалын салбарт онцгой үе тохиож байна. Энэ хүрээнд гадаадын олон жуулчин манай улсыг зорин ирж, буцсаар байна л даа. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдэн жуулчин хүлээж аваад байна. Цаашид жуулчдын тоо хэд хүрэхээр байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ жилийн хувьд эхний жил учраас суурь ажлуудыг бид маш сайн хийхээр ажиллаж байна. Тухайлбал эрх зүйн орчныг маш ойлгомжтой, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ээлтэй болгох, аялал жуулчлалын бүсчлэлийг нарийвчлах, хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх, агаарын тээврийг либералчлах, визнээс чөлөөлөх зэрэг суурь ажлууд хийгдэж байна. Бид нэг саяас давсан жуулчин авах стратегийг гарган ажиллаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 350 мянга орчим жуулчин ирээд байна. -Зарим аялагч, жуулчдын хувьд дэлхий дахинд танигдсан алдартай хүмүүс ирж байна. Эдгээр хүмүүсийн зарим нь Монголыг сурталчилсан контент бэлтгээд буцаж байх шиг. Энэ нь мэдээж манай улсын хувьд бүх талын ашигтай байх. Яамны зүгээс цаашлаад Засгийн газрын зүгээс энэхүү чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Нэгдүгээрт гадаад сурталчилгаа. Хоёрдугаарт дотоод сурталчилгааг гадагш чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл танигдсан, нөлөөлөгч, нэртэй хүмүүсийг эх орондоо авч ирэхийн тулд ажиллаж байгаа гадаад сурталчилгааг сайн явуулах, тохиролцох, гэрээ байгуулах, сурталчилгааны сувгуудаа тодорхойлох гэсэн үг. Энэ утгаараа аль болох алдартай нөлөөлөгчдийг эх орондоо авч ирэхийг зорин ажиллаж байгаа. Ирсэн хүн бүхэн уулга алдаж байгаа тэр мэдрэмжийг бид тухайн хүмүүсээр дамжуулан хүргэх нь чухал. Энэ нь дотоод сурталчилгааг гадагш буюу эх орныхоо гоё сайхан бүхнийг нөлөөлөгчдөөр түгээх ажил гэсэн үг. Удахгүй “Nas, daily” нарын 400 гаруй сая дагагчтай 20 гаруй нөлөөлөгчдийг авч ирэхээр болж байна. Энэ нь бид эх орноо энэ жил сайн сурталчилж ирэх жилүүдийн жуулчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа гэсэн үг юм.

-Таны хувьд Солонгосоос ирсэн топ моделиудыг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтыг олон нийт сошиал орчинд янз бүрээр шүүмжилж, санаа бодлоо илэрхийлсэн. Зарим нь Монголын төр арай л жижиг байна гэх юм. Үүнд таны байр суурь ямар байгаа вэ. Яагаад тэр хүмүүсийг хүлээн авч уулзав?

-Нэгдүгээрт бид төр юу хийх ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Төр гэдэг нь дээр залсан бурхан мэт намбайсан чимээгүй байх тухай биш ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын тулд ажиллах ёстой гэж боддог. Төрийн төлөө иргэн оршдоггүй. Иргэний төлөө төр оршдог гэдэг үг бий. Бид эдийн засгийн эргэлтийг сайжруулж, тэлэлтийг хийх хэрэгтэй. Аялал жуулчлалын салбарын нөлөөллөөр 16 орчим салбар үр өгөөжийг нь хүртэж байдаг. Үүний ард дандаа монгол хүний ажил, орлого яригдана. Нэг жуулчин ирэхдээ онгоцоор ирж агаарын тээврийн салбарт орлого оруулна. Буугаад автобус, такси, автомашин түрээслэж, төлбөрөө төлж үйлчлүүлнэ. Энэ нь тээврийн салбарт оруулж буй орлого. Зочид буудалд бууж таарна. Энэ нь зочлох үйлчилгээний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт. Мэдээж идэж ууна, үйлчилгээ авна. Энэ нь хүнсний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт. Соёл урлагийн тоглолт үзнэ. Мөн л соёл урлагийн салбарт оруулж буй хөрөнгө. Хөдөө явна. Малчид дээр маань очно. Төлбөрөө мөн л төлнө. Ингээд бодоод үзэхээр олон салбарт мөнгөө үлдээж байгаа юм. Ер нь нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг сая жуулчин ирэхэд 1-1.2 тэрбум ам.доллар үлдэнэ. Монгол төгрөгөөр бол дунджаар 4.5 их наяд төгрөгийг үлдээж байна гэсэн үг. Нэг хүнээс нэг сая хүнд үйлчлэхэд үзүүлэх нөлөөлөл өндөр. Тэр хэмжээгээр ажлын байр, орлого нэмэгдэж байгаа.

-Солонгос моделиудын тухайд та хариулаач…?

-Саяны моделиудын хувьд хэлэхэд Тоурайд гэдэг компани шинэ зах зээлд ажиллахаар ажиллаж байгаа юм байна лээ. Тухайлбал БНСУ-ын фото моделиудыг дэлхийн тавцанд гарахад Монголын сайхан байгаль, өвөрмөц тогтоц, цаг уурын нөхцөл байдал их том суурь гэж өөрсдөө хэлж байсан. Тухайлбал Солонгост байхгүй мөнх цаст уул, хүрхрээ, далай мэт их элс, цэнгэг нуур, нэг ч уулгүй хээр тал гээд л. Мөн нэг өдөрт жилийн дөрвөн улирлын зураг авалтыг шууд хийх боломжтой газар бол Монгол Улс. Солонгос Улс фото моделиудаа дэлхийд гаргахаар ажиллаж байна. Энд хамгийн том түшиц газар нь Монгол. Таван сая дагагчтай фото моделиуд ирсэнээр, магадгүй цаашдаа энэ тоог нэмэгдүүлсэнээр манай улс хичнээн жуулчин авах боломж бүрдэж байна гэж бодож байна. Таван сая дагагчийн 10 хувь буюу 500 мянган жуулчин ирэхэд л манай сая жуулчны тавин хувь шууд бүрдэж байгаа юм шүү дээ. Засгийн газрын гишүүд, сайд нар эдийн засгаа тэлж, ард түмнийхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хийх бүхнээ хийх үүрэгтэй хүмүүс. Би ажлаа л хийж байна. Энэ бол аялал жуулчлалын сайдын хийх ёстой ажил.

-Манай улсыг зорин ирэх жуулчдын хөл хөдөлгөөн 11 дүгээр сар хүртэл эрчимтэй үргэлжлэх болов уу гэж бодож байна. Ирж байгаа жуулчдаас тийм хэмжээний ашиг орлого бүрдүүллээ гэхээс илүү тухайн жуулчдын аюулгүй байдал, сэтгэл ханамжтай буцаах зэрэг нь том асуудал байх. Энэ чиглэлд яамны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна. Буцаж байгаа жуулчдын сэтгэл ханамж өндөр байна уу?

-Бид жуулчдад зориулсан үнэлгээний системтэй болсон. Ресторан, зоогийн газрууд, нисэх буудал, зочид буудал, такси гээд бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд энэхүү системийг жуулчдадаа өгч үнэлгээ хийлгэх боломжтой болсон. www.reviewmongolia.com/28# гээд хаягаар ороод шууд үнэлгээг хийж байна. Эндээс бид сэтгэл ханамжийн мэдээлэл, засч сайжруулах мэдээллээ мөн авах болно.

-Манайд ирсэн зарим жуулчид Монгол Улс үзэсгэлэнтэй сайхан байгальтай ч түүнийг үзэж сонирхож явахад зам, дэд бүтэц тааруу байна гэх юм. Үүнтэй та санал нэг байна уу. Цаашид ирэх жуулчдын тав тух, аюулгүй байдлыг бид хэрхэн хангах ёстой юм бэ. Үүнд чиглэсэн төрийн бодлого яаж явах учиртай вэ. Мөн хувийн хэвшлийн оролцоо үүнд чухал байх, тийм үү?

-Засч сайжруулах бүхнийг засч сайжруулаад л явна. Тухайлбал Хөвсгөл аймагт Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Ашихай гээд 37.9 км авто замыг тавьж байна. Шаардлагатай бүх зогсоол, танин мэдэх музей, төвүүдийг барьж байгаа. Орон нутагт дотоодын нислэгийг нисгээд эхэлсэн. Энэ үргэлжилнэ. Бид аялал жуулчлалын бүсийг бий болгоогүй учраас энэ бүх асуудал нэг дор хуралдсан байгаа юм. Төрөөс шийдэх бүхнээ шийдээд явна.

-Энэ жил Монгол Улсын нийт нутгаар хур бороо арвинтай байна. Үүнээс улбаалж зарим газар нутагт тэр дундаа нийслэлийн бүс газруудад цаг агаарын нөлөөллөөс үүдсэн асуудлууд их байна. Ялангуяа үерийн дараах байгаль орчны бохирдол, хөрсний бохирдол аюулын түвшинд хүрсэн гэх юм. Үүнд танай яамнаас судалгаа шинжилгээ хийж үзэв үү. Хариу дүгнэлт хэрхэн гарч байна. Нэмээд асуухад нийслэлийн ундны ус болсон Туул гол үертэй байгаа. Үүнээс шалтгаалж, ундны усны бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа юу?

-БОАЖЯ-ны ундны усны стандартын дагуух шинжилгээг Монгол Улс даяар хийсэн. Хангалтгүй гарсан. Төрийн байгууллагууд стандартаа барихгүй, аж ахуйн нэгжүүд хууль дүрмээ мөрддөггүйтэй л холбоотой асуудал. Бороо ордгоороо орно. Ус урсдаг газраараа л урсана. Бид стандартаа зөрчсөн үйлдлүүдээ зогсоох хэрэгтэй. Таны асуултад товчхон хариулахад ийм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэвэл энд яриад барахгүй олон үзүүлэлт, шалтгаан, судалгаа бий. Тиймээс шаардлагатай гэвэл манай яамны холбогдох газар, хэлтсээс хувь хүн хүссэн мэдээллээ авч болно.

-Томоохон нуур, гол мөрөн дагуу аялагчдын хөл их байна. Үүнийг дагаад хог хаягдлын асуудал яригдаж байгаа. Яамны зүгээс хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн соёлыг зөв чиглэл рүү болгох асуудалд ямар ажил хийж байна вэ?

-Аялагчдын хандлага, эх орондоо байгальдаа хайртай байх, эргээд бид энэ орчиндоо амьдарна гэдэг ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Хоносон газраа сүйтгээд явчихаж байна. Хогоо дуртай газраа хаяж байна. Аваад явсан бол аваачаад хогийн цэгт нь хаячих төлөвшилтэй байх хэрэгтэй. Хог хаягдал цэвэрлэх ажлыг БОАЖЯ байнга хийж байгаа. Хэдэн зуун машин хогийг түүж, хогийн төвлөрсөн цэгт аваачиж хаяж байна. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Гадаадын жуулчид хэрэглээнээсээ гарсан хогоо авч явж байгаад яг хог хаях цэгт нь очоод хаячихаж байна. Гэтэл манай дотоодын аялагчид, амрагчид маань тэр хандлага соёл арай л дутуу байна уу даа гэж харж байгаа. Ер нь хогийг хогийн саванд хийх ёстой гэсэн хандлагыг зуршил болгомоор байгаа юм. Зарим нь мэддэг ч “за ганц удаа л хаялаа” гэх үзэлтэй байдаг. Энэ бол зуршил болж чадаагүй гэсэн үг. Тиймээс хогийг хогийн саванд хаяж сурах зуршлыг нийтээрээ эзэмших, ойлгох хэрэгтэй байна.

-Өнгөрсөн хаврын чуулганаар Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийн голлох өөрчлөлт юу байв. Одоо хэрэгжилт ямар байна. Цаашлаад аялал жуулчлал, байгаль орчны салбарт дутагдаж байгаа эрх зүйн зохицуулалт юу вэ?

-Нэг үгээр хэлбэл эдийн засгийн тэлэлт хийх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Аялал жуулчлалын салбарын гол ашиг хүртэгчдийн нэг нь тухайн нутагт амьдарч буй иргэд байх ёстой. Тэр ч утгаасаа нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх концепцийг оруулж өгсөн. Мөн манай улсад ирсэн жуулчдад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь жорлон буюу ариун цэврийн байгууламж байдаг. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж ариун цэврийн байгууламж байгуулбал аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх хэлбэрээр буцаан мөнгийг нь олгоно. Мөн татварын буцаан олголт хийхээр болсон гээд ач холбогдол талаасаа эдийн засагтай их холбогдож байгаа.

-Аялал жуулчлалын тухай хуулиар тусгай зөвшөөрлөөр ан, агнуур хийлгэх асуудлыг дуудлага худалдаагаар зохицуулах болгосон. Үүнд дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүй, оролцсон ч дуудлага худалдаагаар зөвшөөрлийг нь авах эдийн засгийн болоод оролцоо дутаж байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ. Ер нь дуудлага худалдаагаар зохицуулж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Аялал жуулчлалын тухай хуулиар биш Зөвшөөрлийн тухай хуулиар ан, агнуурын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгохоор заасан. Харин ч таны асуусны эсрэгээр буюу дотоодын аж ахуйн нэгжүүд л оролцох эрхтэй байгаа. Хэдхэн хүний халаасанд ордог байсан мөнгийг хаасан. Энэ нь магадгүй тухайн хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байх. Харин ч нээлттэй, шударга, ил тод зарчим руугаа орж байгаа.

-Өөрөөр хэлбэл энэ хуулийн өөрчлөлт Агнуурын бүс нутгийн менежментийн тогтолцоог эвдсэн эрх зүйн зохицуулалт болсон гэдэг өнцгөөр шүүмжилж байна л даа. Та үүнд тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Халаасанд нь ордог байсан мөнгө алга болсон хүний үг байна. Харин ч эсрэгээрээ жинхэнэ менежментийн хэлбэртээ орж байгаа.

-Төр угтаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, тэдний орлого олох нөхцөлийг нь хаах ёсгүй биз дээ. Одоо дуудлага худалдаагаар асуудлыг зохицуулахаар энэ салбарт олон жил явсан аж ахуйн нэгжүүд хаагдах, орлого нь тасрах, бизнесийн үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй биш үү?

-Би дахиад хэлье. Дотоодын аж ахуйн нэгжүүд орлого алдахгүй. Хуучин тогтолцоо нь хэдхэн хувь хүний халаасанд ордог байсныг аж ахуйн нэгжийн дансанд ордог болгосон гэж ойлгоорой.

-Наадмын өмнө Монголын эдийн засгийн форум (МЭЗФ) болсон. Энэхүү чуулганы үеэр БОАЖ-ын салбарын хөрөнгө оруулалт, энэ салбарын хөгжилд ач холбогдол өгөх төсөл, хөтөлбөр юу яригдав. Хэрэгжих зүйл юу байна вэ. Нөгөөтэйгүүр энэ салбарын яг аль чиглэлд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхүү татаж байна вэ?

-МЭЗФ-оор олон асуудлууд яригддаг. Олон ч жил яригдсан. Ганцхан эргэлзээн дээр очоод зогсдог. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс хамгаалах эрх зүйн тогтолцоотой юу, хөрөнгө оруулагчдаа хамгаалах уу гэдэг асуулт. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үүнд маш тодорхой хариултыг өгсөн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг болон хөрөнгө оруулалт, хөрөнгийг хамгаална гэдгээ нээлттэй зарласан нь олон хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн байх. Манай салбарт бол мэдээж аялал жуулчлал талдаа түлхүү хөрөнгө оруулалт яригдаж байна. Сая батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулалтыг татах хүрээнд Улсын аялал жуулчлалын бүсийг гаргахаар оруулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл санал болгох эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл тодруулж асуухад, Бээжин рүү монголчууд хувийнхаа автомашинаар зорчих, аялах боломжтой болгоно гэж байсан. Энэ талаар танд мэдээлэл бий юу. Ийм болох боломж хэр вэ?

-Энэ оны есдүгээр сард Ухань хотноо БНХАУ-Монгол-ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын дээд хэмжээний уулзалт болно. Тус уулзалтаар “Цайны их зам” буюу Эдийн засгийн коридор Ази Европыг холбосон Торгоны замыг сэргээх асуудлаар шийдэлд хүрэхээр хэлэлцэгдэж байна. Энэхүү гурван улсын уулзалт амжилттай болбол таны хэлсэн асуудлууд бүрэн шийдвэрлэгдэнэ.

Categories
нийгэм цаг-үе

Улаагчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 7, Сумьяа гариг. Билгийн тооллын 21, Шийдэм одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:36 цагт мандан, 20:20 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, бороо орохгүй DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг байдгийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Байгаль орчин, аялал жуучлалын сайд ​Б.Бат-Эрдэнэ “Нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай. 

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөнө​.​

Энэ жилийн Даншиг наадам монгол туургатнуудыг нэгтгэв​.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг байдгийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү​” гэв.

Хоёр иргэн болон 10 сартай хүүхэд үерт эндлээ​.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” нүүрт “Эрдэнийн анги байсан, байсаар байх болно” хэмээв.​

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 209 гомдол, хүсэлтийг хүлээн авсан DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 209 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 785 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 180 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 605 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой байгаа бол 205 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 8 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 13 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Усанд живсэн машиныг бүрэн хаттал асаахгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ УБЦТС ТӨХК -аас үерийн дараах цахилгааны аюулаас сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ.

зураг

Categories
нийгэм цаг-үе

300 хүний багтаамжтай түр байр гаргалаа DNN.mn

Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас уулын үер бууж, хүнд нөхцөл үүссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дээр түр байр гаргаад буй.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга И.Баттөгс:

-Үерийн улмаас орон гэргүй болсон хүмүүст зориулан гаргасан энэ түр байр 300 хүний багтаамжтай. Одоогоор 140 орчим хөнжил гудас, халуун хоол, цай зэрэг шаардлагатай зүйлийг бэлдсэн. Урд шөнө энд гурван гэр бүлийн найман хүн ирж хонолоо. Цаашид энд ирж байрлах боломжтой талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна. Ирсэн хүмүүст халуун хоол, цайгаар үйлчлэн, эмчийн үзлэгт хамруулж байна. Мөн шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үерт өртөж хохирсон, орон гэргүй болсон иргэдэд хандив тусламж мөн ирж буй. Эдгээрийг хүлээн авах, тараах, дэмжлэг үзүүлэх ажлыг энд зохион байгуулж буй хэмээв.

Categories
цаг-үе эдийн-засаг

​Монгол Улсад өчигдөр 3568 жуулчин иржээ DNN.mn

Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр 3568 жуулчин иржээ.

Ирж буй жуулчдын 40.86 хувийг ОХУ, 19.43 хувийг БНСУ, 16.92 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.

Categories
мэдээ нийгэм

Х.Булгантуяа: Гамшигт өртсөн айл өрхүүдэд орон байр, хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ DNN.mn

Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас хохирсон иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар УОК-оос мэдээлэл өглөө.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа “НҮБ, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудтай хамтарч гамшигт өртсөн айл өрхүүдэд дэмжлэг үзүүлнэ. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийхэд олон нийт, хувийн хэвшлийн оролцоог хангах, тодорхой санхүүжилтийг шийдэх ажлыг ХНХЯ Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулна” гэв.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас БЗД-ийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан.

Categories
нийгэм цаг-үе

Үерийн улмаас гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан иргэд 101, 105 утсанд хандана уу DNN.mn

Өчигдрийн орсон хүчтэй борооны улмаас БЗД-ийн хэсэг хороод үерийн гамшигт өртөөд буй. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны иргэд гэр бүлийн хүмүүсээсээ хол байгаа бол яаралтай холбогдож мэдэгдэх шаардлагатай байна. Хэрэв холбогдож чадахгүй байх, үер усны гамшгаас хойш чимээ сураггүй байгаа бол 101 болон 105 дугаарын утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлэхийг нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб ерөнхий боловсролын 127 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байна.

Мөн Онцгой байдал, цагдаа байгууллагын алба хаагч, төрийн байгууллагын нийт 700 орчим ажилтан Баянзүрх дүүргийн үерт өртсөн байршилд ажиллаж, ор сураггүй болсон, нас барсан хүн байгаа эсэхийг тодруулах, аюулгүй байдлаа хамгаалах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байгаа аж.