Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Даатгал минь аминд орох цаг ирлээ DNN.mn

Улаанбаатар хотод энэ сарын 5-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эх орчим үерт автаж дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдэж, олон арван хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдэв. Үерийн усанд 97 айлын хашаа байшин, гэр, 100 гаруй автомашин өртсөн болохыг Хотын захиргаа мэдээлээд байгаа. Албаны зүгээс зам талбайг засч янзлах, тасарсан тог цахилгааныг холбох, орон гэргүй болсон иргэдийг тусгай байранд байршуулж, хохирсон иргэдэд олон нийт эрвийх дэрвийхээрээ тусалцгааж байна.

Үе усны гамшиг гэдэг ямар аюултай зүйл гэдгийг энэ үерээс Монгол даяараа харж, шимширлээ. Энэ аюулт үзэгдлээс олон сургамжийг Хотын удирдлагууд хийгээд иргэд авч байгаагийн нэг бол даатгалын үйлчилгээ гэдгийг ойлгоцгоож байна. Гэнэтийн аваар осол, өвчин эмгэг, гамшигт үзэгдэл зэрэг хүнд учирч болох гэнэтийн эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бол даатгал. Санхүүгийн зах зээлд эн тэнцүү хөгжиж байх ёстой гол гурван салбар банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэдэг. Гэвч манайд хамгийн хөгжилгүй нь даатгалын салбар гэдгийг эдийн засагчид халаглан ярьдаг. Яг л үүний баталгаа энэ аюулт үер усны гамшгийн дараах нөхцөл байдал харууллаа.

Үерийн улмаас гэр орон, авто машингүй болсон иргэд хохирлоо хэрхэн нөхөн төлүүлэх талаар хуульч Э.Энхцэцэг “Аж ахуйн нэгжүүд, хувь иргэн эд зүйлсээ гэнэтийн ослын даатгалд даатгуулсан бол гэрээнд заасны дагуу тодорхой хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой. Даатгуулаагүй бол ямар нэгэн нөхөн төлбөр авах боломжгүй. Төрийн хамгаалалтад байдаг эд зүйл үерт автсан бол эрсдэлийн үнэлгээг нь гаргаад Эрсдэлийн сангаас санхүүжилт гаргаж засах зохицуулалт бий. Харин хувь иргэн, аж ахуйн нэгжийн үерт автсан хөрөнгөд нөхөн олговор өгөх зохицуулалт байхгүй” хэмээн тайлбарлаж буй.

Гадны улс орнуудад даатгалын салбар янзтай хөгжсөнийг бид кинон дээрээс хардаг. Бүр эд эрхтнээ тус бүрээр нь даатгуулчихдаг гээд бодохоор олон зүйл тайлбарлах шаардлагагүй. Хүн гэдэг амьтанд гэнэтийн ямар ч зүйл тохиолдож болно. Манайд бол ах дүү, эргэн тойрны хүмүүсээсээ гуйж түүн, өөрсдийгөө болон бусдыг давхар эдийн засгийн хямралд оруулдаг. Харин гадныхан бол даатгал л хамгийн бодит дэмжлэг гэдэг зарчмыг яс баримталдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2022 оны дөрөвдүгээр улирлын тоон мэдээллээс харахад даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох даатгалын нийт хураамжийн орлого олон улсад монгол төгрөгөөр 3.1 сая байдаг бол манай улсад 87 мянган төгрөг л байна. Энэ бол ирээдүйд учирч болох эрсдэлээ монголчууд бид яаж үнэлдгийг харуулах тоо. Хэдий тийм ч сайн дурын даатгал хийлгэдэг иргэд бүр байхгүй гэсэн үг биш. Жил ирэх тусам даатгуулагчдын тоо бага хувиар боловч өсч буйг Санхүүгийн зохицуулах хороо тайландаа онцолсон байв. Манай улсад 20 орчим даатгалын компани олон төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Тэдгээрээс иргэд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээг 2021 онд 126.389 байгуулж байсан бол 2022 онд 195.174-ийг байгуулжээ. Хөрөнгийн даатгалын гэрээг 2021 онд 144.283 хүн байгуулсан бол өнгөрсөн онд 161.063 болж нэмэгджээ. Авто тээврийн хэрэгслийн даатгал 80.786-гаас 96.069 болж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 690.589-өөс 735.854 болж өсчээ.

Хэзээ ч хэрэг болох юм гэж итгэлгүй, тоомжиргүй ханддаг монголчууд бидэнд одоо л даатгалын ид шид гарч, аминд орж байна шүү дээ. Даатгалын компаниуд үерт өртсөн харилцагчдадаа нөхөн төлбөр хэдийнэ олгож эхлээд байна. Гэхдээ даатгалууд дотроо олон төрөл. Энэ удаагийн үерийн дараах хохирол дээр нэг эндүүрэл гарч буй нь авто машины даатгал болоод байна. 100 орчим автомашин үерт өртсөн. Хохирогчид авто машины даатгал хийлгэчихсэн юм чинь нөхөн төлбөр авах боломжтой гэж ойлгон, даатгалын компаниуд руу холбогдож эхэлжээ. Энэ нь үнэндээ авто машин оношилгоонд ороход даатгуулахыг шаарддаг, замын цагдаагийн шалгадаг албан журмын даатгал. Энэ бол замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч осол аваар гарган бусдад учруулсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх зориулалттай л даатгал юм. Харин гал усны аюул зэрэгт эд хөрөнгө нь өртөх эрсдэлийг тооцоолж даатгуулдаг нь сайн дурын даатгал.

Стастистикийн үндэсний хорооноос гаргасан 2022 онд 1.2 сая авто машин улсад бүртгэлтэй гэж тоологджээ. Сайн дурын даатгалыг жолооч нар 2022 онд 96069 хийлгэсэн нь нийт авто машины найман хувийг эзэлж байна. Жолооч нар голдуу авто машинаа банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан тохиолдолд албан шаардлагаар сайн дурын даатгалд хамруулдаг явдал дийлэнх хувийг эзэлж байгааг Албан журмын даатгуулагчдын холбоо дуулгав.

Түүнээс гадна хөрөнгийн даатгал буюу хашаа байшин, гэр орноо даатгадаг явдал бас л хангалтгүй. Хүн ам, орон сууцны бүртгэлээр 2022 онд Монгол Улсад 342.409 гэр, 546.979 байшин орон сууцны бүртгэгджээ. Эдгээрээс 161.063-т нь л даатгал хийгдсэн гэсэн үг. Бас л чамлалттай үзүүлэлт. Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Сүүлийн хоёр удаагийн үерт эд хөрөнгө нь хохирсон даатгуулагчдын нэхэмжилсэн хохирлын хэмжээ гурван тэрбум гаруй төгрөгт хүрч байна. Эдгээр хохирлын дийлэнх хэсгийг аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирол эзэлж байгаа юм. Иргэдийн хувьд даатгагдсан хохирлын хэмжээ бага байгаа бөгөөд ихэвчлэн тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой хохирлуудыг нэхэмжилж байна. Даатгалын компаниудын хувьд үерт хохирсон иргэдийн тээврийн хэрэгслийн даатгал нь үерийн уснаас үүдсэн хохирлоо даатгалын гэрээндээ тусгаж даатгуулсан бол нэг сая төгрөгийн хохирлыг нэн тэргүүнд урьдчилан өгч, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн шуурхай олгохоор ажиллаж байна. Иргэд болон хуулийн этгээдийн хувьд өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээ даатгуулах нь энэ мэт томоохон хохирол үүсэхэд аливаа санхүүгийн хүндрэлгүй даван туулах боломжийг олгодгоороо онцлогтой. Цаашид үер усны аюул давтагдах эрсдэлтэй тул иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө хамгаалах, шаардлагагүй бол бороо хур ихтэй үед аян замд гарахгүй байх, үерийн усанд эд хөрөнгийн хохирол үүсгэхгүйн тулд зөөвөрлөн шилжүүлэх, үр хүүхэд өндөр настнаа харж хамгаалах хүнгүй орхихгүй байх, хөрсний болон агаарын бохирдол үүсч гэдэсний халдварт өвчин ихсэх эрсдэл байгаа тул цэвэр ус хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, маск зүүх зэргээр үерийн дараах эрсдэлээс зайлсхийхийг зөвлөж байна” хэмээсэн. Тээврийн хэрэгслийн даатгалтай иргэд үерт машинаа алдсан бол ингээд л нөхөн төлбөрөө авчихаж байна шүү дээ.

Авто тээвэр, хөрөнгийн даатгалаас гадна эрүүл мэндийн даатгалыг хийлгэж хэвшвэл бүр ч илүү хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын өнгө төрх, монголчуудын гэнэтийн аваар осол, өвчлөл, нас баралт ямар түвшинд байгаа билээ. Урьдчилан сэргийлэлт эрүүл мэндэд чухал байдагтай эн дүйцэхүйц алхам бол эрүүл мэндийн даатгал гэж үздэг юм билээ.

Өнөөдрийн Монголд эрүүл мэнд, эд хөрөнгөдөө багахан төсөв зарцуулаад гадныхан шиг даатгуулаад хэвшчихвэл амьдралын чанар, насжилтад дориухан хувь нэмэр өгчихнө дөө.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Т.Болдхуяг: АН-ын асуудлыг ганц дарга мэдэхгүй, бид олонхоороо шийдвэр гаргадаг нам DNN.mn

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Болдхуягтай намынх нь асуудлаар ярилцлаа.


-Танай намын ҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал саяхан болж, намын ҮБХ-г энэ сарын 28-нд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Яг тэдний өдөр хурал болно гэсэн албан ёсны шийдвэр бидэнд хараахан ирээгүй байна. Хоёрдугаарт хурал боллоо гэхэд зөвхөн нэг талын ҮБХ-ны гишүүдийг оролцуулж ирсэн шударга бус тогтолцоо хэвээр байгаа юу гэдэг нь өөрөө том асуудал. Үнэхээр нийт ҮБХ-ны гишүүдийг уг хуралдаа оролцуулах уу.

Надад лав одоогоор тийм хурал болно гэсэн шийдвэр ирээгүй. Тиймээс миний хувьд өмнөх шигээ хэн нэгний эрх ашигт тулгуурласан хурал болох нь уу даа гэсэн хардалттай байгаа. Үнэхээр Ардчилсан намын ҮБХ-ны хурал нийт гишүүдээ оролцуулсан хурал болж чадвал энэ намын эв нэгдэл, дотоод асуудал үнэхээр дууссан гэж ойлгоно. Тиймээс дүрмийнхээ дагуу хурлаа хийх эсэхээс манай намын асуудал цаашид цэгцрэх эсвэл дахин бутрах уу гэдэг нь тодорхой болох байх аа.

-Яагаад зарим гишүүдийг оролцуулахгүй гэж. Өмнө нь та бүхнийг оролцуулахгүйгээр хуралдаж байсан гэж үү?

-2016 оноос эхлээд л АН-ын хурал дүрмийн бус явж ирсэн. Нэг талдаа албан ёсны хурал болдог ч нэг хэсэг нь түүнийг үгүйсгэдэг. Ийм гажиг систем бий болж улам тод илэрснээр АН-ын задрал бүрэн зургаараа олон нийтэд мэдэгдэж эхэлсэн гэж ойлгодог. Бид энэ оны нэгдүгээр сард намын даргаа сонгож, Улсын дээд шүүхээр бүртгүүлсэн. Мэдээж энэ хурал албан ёсны, нийт гишүүд оролцсон учраас хүчин төгөлдөр болсон. Гэвч хаана, ямар тохиролцоо явсан бэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс энэ сарын 28-нд зарлагдах хурлыг хүчин төгөлдөр болгоё л гэж бодож байгаа бол АН-ын үе үеийн ҮБХ-ны гишүүдийг бүгдийг нь оролцуулах шаардлагатай.

-Танай намын даргын хувьд сонгогдсоноосоо хойш долоон сар өнгөрч. Энэ хугацаанд угтаа намын бүтэц, өөрийн баг бүрэлдэхүүнээ хэдийнэ сонгочих ёстой байсан гэдэг. Гэтэл яагаад ингэж удсан шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Би түрүү нь хэллээ. Намын даргыг сонгох асуудал зуун хувь АН-ын гишүүдийн үзэл бодол, дэмжлэгээр явсан зүйл байгаагүй.

Өөрөөр хэлбэл АН-ын лидер гэгдэх хэсэг нөхдийн улс төрийн тохиролцооны үр дүнд Лу.Гантөмөр гэх хүн гарч ирсэн. Тиймээс тохиролцоогоор гарч ирсэн намын дарга багаа бүрдүүлэхэд бодох, тохиролцох асуудал олон байсан байх. Тиймээс л хагас гаруй жилийн хугацаанд чимээгүй суусан болов уу. Миний хувьд хичнээн тохиролцоогоор гарч ирсэн намын дарга байлаа ч Улсын дээд шүүх түүнийг бүртгэж авсныг нь хүндэтгэдэг. Нөгөөтэйгүүр намын асуудал дэндүү ёроолдоо унасан цаг үед намын дарга ямар ч байдлаар гарч ирсэн дэмжинэ гэсэн байр суурьтай байсан. Тэр утгаараа Лу.Гантөмөр яаж ч гарч ирсэн, түүнийг дэмжихээс өөр аргагүй үе байлаа. Одоо ч дэмжиж явна. Бидэнд одоо хагарал, маргаан хэрэггүй. Бидэнд шийдэл, хүчтэй сөрөг хүчин болох бодлого хэрэгтэй. Тэр утгаараа аль ч шатны намын их хурлыг зохих ёсных нь дагуу дүрэм журмаар нь зохион байгуулаасай л гэж хүсч байна. Нэг л дүрэм зөрчсөн үйлдэл гаргавал АН-ын хувь заяа дахиад л хоёр, гурван жилийн өмнөх рүүгээ буцна. Тэгвэл бидэнд ирэх 2024 оны сонгууль ёстой үлгэрийн далай болно доо. Ирэх сонгуульд бид ялалт авчрахгүй л бол АН дахин босоход хүнд болно. Тиймээс бид одоогоос дүрмээ Үндсэн хууль шиг л дагах шаардлагатай.

-Танай намын дэд дарга, генсект амбицлаж байгаа хүмүүс эхнээсээ тодорч байх шиг байна. Тэр хүмүүсийг таны хувьд дэмжиж байгаа юу. Ер нь дэд дарга, генсекээ яаж сонгож гаргадаг дүрэмтэй юм бэ?

-Намын жагсаалтаар парламент руу орох үүд хаалга эрх зүйн хувьд бүрэн нээгдсэн. Тиймээс намын дэд даргад амбицлах манай намын гишүүд цөөнгүй байна. Зарим нь намынхаа гишүүдтэй эртнээс уулзаж, тохиролцоогоо хийж байгаа сураг ч дуулдсан. Миний хувьд хэнийг нь ч дэмжихгүй. Учир нь тэд бүгд намыг хагалж, буталсан лидер гэх увайгүй улстөрчдийн цүнх баригчид. Хэн нь хэн бэ гэдгийг угаасаа намын гишүүд бид бүгд мэднэ. Тиймээс тэдний амбиц яаж явагдах, хэнтэй тохиролцох, хэнээр өргүүлэх нь бидэнд хамаагүй. Угаасаа намын асуудлыг дан ганц дарга шийддэг зүйл огт биш. Ардчилсан нам юуны төлөө ардчилсан нэртэй юм бэ. Тэр утгаараа аливаа асуудлыг дандаа олонхын саналаар шийддэг. Энэ л бидний үзэл баримтлал, зарчим. Ерөнхий дүрмээрээ намын дарга өөрийн томилохыг хүссэн хүний нэрийг ҮБХ-нд өгнө. Түүнийг нь ҮБХ хуралдаж, олонхынхоо саналаар асуудлыг шийддэг. Тиймээс манай намын дэд дарга, генсек тэр болно гэж хэлэхэд арай эрт байна. Арай эрт ч гэж угаасаа хурлын шийдвэрийн дараа энэ асуудал тодорхой болно. Түүнээс өмнө тодорхой болох ямар ч боломжгүй. Мэдээж амбицлах хүн олон л гарна. Гэхдээ өөрийнхөө нэрийг дэвшүүллээ гээд дарга болчихдог зүйл гэж үгүй.

-Тэгвэл танай нам бүтэц, бүрэлдэхүүн, удирдлагын багаа бүрдүүлэх гэж дахиад л хагаралдах юм биш үү дээ…?

-Үгүй ээ гээд шууд хэлж чадахгүй. Учир нь манай намд олон фракц, бүлэглэл, клуб бий. Тэр бүгд нийлнэ гэхэд хэцүү л дээ. Гэхдээ Улсын дээд шүүхээр батлагдсан дүрэм гэж бидэнд байгаа. Тэрхүү дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийдээд явах учиртай. Тиймээс л би дүрмийн дагуу аливаа үйл ажиллагаагаа нямбай, алдаа хийдэлгүй зохион байгуулах ёстой гэж анхааруулаад байгаа хэрэг. Дүрэм дагаагүйгээсээ болоод манай нам уналтад орсон. Хуваагдсан, задарсан. Нэгдэх гэж олон жил болсон. Тиймээс хүн болгон, АН-ын гишүүн бүр намынхаа батлагдсан дүрмийг дахин нэг сөхөөд харчихаасай гэж хүсч байна.

-Хэрэв хурал зохион байгуулалт муутай, мөн таны хэлж байгаа шиг дүрмийн бус болбол АН-ын даргыг огцруулах асуудал яригдах болов уу?

-Тэр мэдээж шүү дээ. Гэхдээ асуудал тэгж битгий хүндрээсэй. Анхнаасаа дүрмийнхээ дагуу явчихвал асуудал бүхнээ шийдээд явчихна. Анхнаасаа дүрмээ зөрчөөд эхэлбэл асуудал хүндэрнэ. Гэхдээ энд би нэг зүйлийг хэлье. Манай намын дүрмийг хамгийн их зөрчдөг хүмүүс бол намын лидерүүд. Түүнээс биш дунд, анхан шатны намын гишүүд хэзээ ч дүрмээ зөрчиж байгаагүй. Тэд намын дүрмээ Үндсэн хууль мэт дээдэлдэг. Харин намын дарга, удирдлагууд буюу лидерүүд намын дүрмийг шалны алчуур шиг гишгэлдэг. Үүнийг манай намын гишүүд намынхаа лидерүүдээс олон удаа харсан. Тиймээс дүрмийнхээ дагуу асуудалд хандаарай гэж намын лидерүүдээсээ хүсье, бас шаардаж байна. Та нар намын эзэд биш шүү. Ардчилсан нам бол хувь хүний байгууллага биш шүү. Энэ бол үндэсний нам. Тэр утгаараа Монголын нийт ардчилсан үзэл санаатай хүн бүхний нам шүү. Үүнийг та бүхэн битгий мартаарай

Categories
мэдээ нийгэм

Иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын хандив тусламжийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах хэрэгтэйг ажлын хэсгийнхэнд зөвлөлөө DNN.mn

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутагт байрлах 356 өрх, 25 аж ахуйн нэгж үерт өртөн хохирол амссан урьдчилсан мэдээлэл гараад байна.

Үерийн хор уршгийг арилгах чиглэлээр Нийслэлийн Онцгой комисс, холбогдох байгууллагууд 127 дугаар сургууль дээр Шуурхай штаб байгуулан сэргээн босгох, иргэдэд яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ХНХЯ-наас байгуулсан ажлын хэсэг өнөөдрийн байдлаар өрхүүдээр явж шаардлагатай холбогдох мэдээлэл, судалгаа бүртгэлийг албажуулж, иргэдээс ирсэн өргөдөл гомдол,  хүсэлтийг шийдвэрлэхээс гадна гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа талаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга н.Атармаа мэдээллээ. Мөн орон гэргүй болсон иргэдэд зориулсан түр байрлах байранд байрлах иргэдийн тоо нэмэгджээ.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Цэвэгдорж нар ажлын хэсгийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Зорилтот өрхөд тусламж дэмжлэг очихгүй байхаас сэргийлж иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын хандив тусламжийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах хэрэгтэйг ажлын хэсгийнхэнд зөвлөлөө.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

“Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг байдгийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү DNN.mn

АН эмхэндээ орж, дотоод хямралаа даван туулаад дуусч байх шиг байна. Үүнийг АН-ын гишүүд, тус намын олон зуун мянган дэмжигчид төдийгүй нийт ард түмэн тайван харж, хүлээж байжээ. 2024 оны сонгуулийн өмнө Ардчилсан хүчин сэргэж, улс төрд дахин хөдөлж эхэлснийг олон улс ч ажиглаж, иргэд, сонгогчдын боловсрол дээшилбэл ирэх оны сонгуулийн дүн цэнхэртэх магадлалтайг ярьцгааж байна. Учир нь 2020 оны сонгуульд тактикийн зарим алдаа гаргаагүй бол, эрх баригчдад луйвардуулаагүй бол хавьцаа үзэх боломж байсан. Үүнээс нь харвал АН-ын дахин сэргэлт нийгэм, эдийн засаг, олон улсад хүлээлт үүсгэж байжээ гэж харж болох нь.

Аливаа зүйлд, ялангуяа улс төрд залгамж чанар их чухал байдаг. Өөр нам ялж гарч ирлээ ч өмнөх жилүүдэд эрх барьж байсан намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь улс эх орны ирээдүй, хөгжилд маш чухал байдаг. Ийм залгамж чанарыг ард түмэн улстөрчид, улс төрийн хүчнүүдээс шаарддаг. АН-ын залуус, шинэ дарга нарынх нь амнаас “Бид юм хийх гэхээр экс тэр даргаас жаахан айгаад байна” эсвэл “Экс дарга дургүйцээд байна” гэх утгатай юм их ярих юм. Энэ бол залгамж чанар огтоосоо биш шүү, АН-ынхаан. Хэн нэгний халаас, барьцаанд орсон соосог, живхтэй нялхсын хэлдэг үгс, юу хийхээ мэдэхгүй байгаа хүний өөрийгөө өмгөөлсөн шахам өгүүлбэрүүд шүү.

Дотор гадна шалтгаан, зориуд хутган үймүүлж дотроос нь хүчгүйдүүлж, талцуулж Ардчилсан намыг алга болгох үйл ажиллагаа 2016 оноос хүчтэй явагдлаа. Монгол Улс бол Ардчилсан орон. Азийн ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улсад Ардчилсан хүчин, Ардчилсан нам байна гэдэг геополитикийн талаасаа ч олон улсын асар том агуулгатай. Ардчилсан намыг нухчин дарах гэсэн оролдлого үе шаттайгаар өрнөж, хооронд нь хэрэлдүүлж хүчийг нь тарамдуулсны үр дагаварт 2020 оны сонгуулиар АН-ыг гаргаж ирсэнгүй. Бүгд үүнийг харсан, ойлгосон. Эрх баригчдын гарт бараг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагууд дуугүй захирагдаж, АН, АН-ын хэдэн гишүүдийг зориуд харлуулсан мэдээ мэдээлэл илт явдаг. Ийм үед АН-ын шинэ дарга нар харин ч зоригтой байж, тэр бүгдийг сөрөн зогсох ёстой. Хүч тэнцвэргүй тулаан мэт харагдавч нийт ард түмний бодол эргэж, ирэх сонгуулиар өөр нам, өөр хүмүүс, тэр дундаа АН-аар төр бариулах цаг нь болсон гэлцэж байна. Тэр дарга маань, тийм хуучин дарга минь гэж айж хулчийж, намс намсхийхийн оронд зоригтой, шийдмэг хөдөлж, улс төрийн том алхам, өөрчлөлт хий. Хэрвээ хуучин дарга нарынхаа сүүдрээс гаралгүй, суга хавьцаа нь зогсоод тэдний замаар явна гэвэл одоо байгаа улны нам хэвээрээ л хоцорно шүү. Энэ системийг өөрчил, бүтэхгүй, болохгүй байгаа юмсыг эмхэлж цэгцэл, ардчиллын үнэт зүйлсээ хамгаал гэж олон мянган гишүүд чинь итгэл хүлээлгэж гаргаж ирсэн болохоос биш наад намаа консервлаад устгаад алга болго гэж лав сонгоогүй байх шүү.

Хуучин дарга нарынхаа нөлөөллөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахад та бүхэнд Ардчилсан нам гэж маш том бэлгэ тэмдэг, сүр хүч байна. “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг бийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү. Хэдийгээр АН сүүлийн жилүүдэд өөдөө нар үзээгүй ч Ардчилсан нам гэх сүр хүч нь хэвээрээ байгаа. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэх нь ч бий. АН хэн нэг дарга, хүний үг, аясаар хөдлөөд, гар далайхад нь ганхаад байхааргүй маш сайн суурьтай, үнэт зүйлстэй. Монголын ард түмний эрх, эрх чөлөөнд тэмүүлсэн халуун амьсгал дунд бойжиж гарч ирсэн том хүчин. Цаг үеийн захиалгаар өөрөө бүрэлдсэн нэгдэл. Энэ их хүчийг та бүгд мартаад байх шиг байна. Хүчгүй, сул дорой нэгнийг хэн ч тоодоггүй. Харин асар их эрч хүч, нөлөөлөлтэй, ард түмэн нэр хүндтэй хүнийг бусад нь дарж авах гэдэг нь хүн гээч төрлийн араатанлаг тал нь. Яг л ийм өнцгөөс АН-ыг улс төрийн тавцангаас зайлуулах гэж олон жил үзээд дийлсэнгүй. Яагаад вэ гэвэл АН хэдийгээр эрх барих хэмжээнд гарч ирж чадахгүй, боломжоо хулгайлуулж байгаа ч үзэл баримтлал, чиг шугам нь нийт хүн төрөлхтний явж буй шударга ёсны замтай нийлдэг учир хэзээ ч сүр цогоо алдахгүй, үргэлж хүчтэй байх болно.

АН-ын одоогийн дарга нар төлөвлөгөө, зорилго, зорилтоо тууштай хэрэгжүүлэхийн тулд зарим экс дарга нараа замаасаа холдуулж, шинэ үзэл баримтлалаа хамгаалж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй байна. Дайсан хол биш дэргэд байдаг гэгчээр нам доторх ардчиллаа

сэргээж, намын хөлд тушаа болж буй элэрсэн, баларсан хүмүүсээсээ намаа цэвэрлэ. Нам болон экс дарга нараа жингийн таваг дээр тавиад үз. Наад хуучин дарга нар чинь хэн ч биш, юу ч биш болсон. Үнэн царайг нь сонгогчид, гишүүд, дэмжигчид нь хангалттай харсан. Улиг болсон хүмүүсийн үгийг тоолгүй зоригтой алх. Ардчилсан Монголд АН-ын орон зай үгүйлэгдэж байсан. Тэр орон зайгаа нөх. Ардчиллыг бөхөөх, мөхөөх гэж хичээж байгаа, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байгаа үйлдлүүд дээр байр сууриа зоригтой илэрхийл.

Нэг нам тасралтгүйгээр Монголын төрд ноёлж байна. 2012-2016 онд л АН-ынхан зоригтойгоор бүтээн байгуулалт хийж, эдийн засаг үсрэнгүй хөгжиж эхэлж байжээ. Тэр үед нийслэл минь нийслэл шиг, улс минь улс шиг хөгжиж, үйлдвэр, компани олноор нээгдэж, эдийн засаг тэлж байжээ, тэгэхэд бүгд ажилтай байсан бол одоо тэтгэмж, халамжийнхан болж дээ бид гэж ард түмэн харамсан дуугарч байна. Ард түмэн одоогийн эрх баригчдад дүнгээ тавиад эхэлчихлээ. Ямар хүмүүст саналаа өгч толгой дээрээ гаргачихсан байснаа ясандаа тултал мэдэрч “Ирэх жилийн сонгуулиар та нарыг дээ” гэж шүд зууцгааж байна.

Салхи эргэж буй энэ үед та бүхэн экс дарга нарынхаа нөлөөнөөс хурдан ангижирч, хараат бусаар ажиллавал ард түмэн чинь итгэл хүлээлгэж, эх орныхоо ирээдүйг даатгах цаг нь хаяанд ирлээ, АН-ынхаан. Аливаа задралын шалтгаан ямагт дотроос эхтэй байдаг. Дотоодын хямралын шалтгаан, эздийг та нар өөрсдөө мэдсэн учир одоо тэдний үгийг хэрэгсээд юу хийх вэ.

Categories
нийгэм цаг-үе

6673 хэрэглэгчийн цахилгааныг залгажээ DNN.mn

​Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан уруйн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, авто замыг чөлөөлөх, нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхээр Нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн ангиуд шуурхай ажиллаж байна.

Үерийн үеэр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөө, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсанаас 139 дэд өртөө, 6673 хэрэглэгчийн 10/0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийж, хүчдэлд залгаж сэргээсэн аж. Өнөөдөр өглөөний 10.00 уагийн байдлаар 4 дэд өртөө, 253 хэрэглэгчийн хэрэглээ хараахан сэргээгүй байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас усанд автсан дэд өртөөнүүдийн усыг соруулах, гэмтсэн, хазайсан тулгууруудыг шинэчлэх, хүчитгэх, бусад эд анги, тоолуурын нэгдсэн хайрцгуудад үзлэг засвар хийж, сэргээн босгох ажлыг шуурхай ажиллагааны 78 ажилтан, 20 машин механизмтай баг бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

Categories
гадаад мэдээ

Украины армийн давуу талууд DNN.mn

АНУ-ын нэр хүндтэй гурван цэргийн шинжээч одоо явагдаж буй Оросын эсрэг Украины чөлөөлөх довтолгооны үйл явцад дүн шинжилгээ хийж, боломжит үр дүнг нь урьдчилан таамаглахыг оролдсон дэлгэрэнгүй нийтлэлийг “How the Ukraine Counterof­fensive Can Still Succeed-Украины сөрөг довтолгооны амжилтад хүрэх давуу талууд” нэртэйгээр “Time” сэтгүүлд хэвлүүлжээ.

Америкийн аж ахуйн нэгжийн судалгааны хүрээлэнгийн Фредерик Каган, Дайны судлалын хүрээлэн(ISW)-гийн тоймч, судлаач Каролин Хирд, Катерина Степаненко нар Украины амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлэх олон давуу тал байна гэж үзжээ. Тэд одоогийн довтолгооны кампанит ажилд Украин ялах гурван өөр хувилбар байгааг тодорхойлсон байна.

Нэгдүгээрт, Украины механикжсан довтолгооны оролдлого амжилттай болж, Украины Зэвсэгт хүчин үүнийг маш ашигтай ашиглан Оросын хамгаалалтын шугамын нэг хэсгийг эсвэл бүгдийг нь бут цохин устгах болно” гэжээ.

Хоёрдугаарт, ёс суртахуун болон зэвсэг, хоол хүнсний хангамж зэрэг бусад тогтолцооны асуудалтай байгаа Оросын арми Украины байнгын системтэй шахалтын дор “нугаран унаж” фронтоо хаян ухарч магадгүй гэж тэд үргэлжлүүлэн бичжээ.

Гуравдугаарт, Украины армийн байнгын дарамт шахалт, “уутанд оруулах” аргаар холын зайнаас орос цэргүүдийг бүслэн их буу, пуужингийн цохилт өгч, их хэмжээний хохирол учруулж байгаа цэргийн кампанит ажил нь Оросын фронтын шугамуудад цоорхой үүсгэн Украины цэргүүд эхлээд хэсэгчилсэн газраар, улмаар илүү гүнзгий, өргөн зайгаар довтолж оросын армийг бут цохих магадлалтай” гэж бичжээ.Зохиогчдын таамаглалаар эхний болон хоёр дахь хувилбар нь хэрэгжих боломж харьцангуй бага боловч боломжтой хэвээр байгаа аж. Харин гурав дахь хувилбар бол Украинд амжилтанд хүрэх хамгийн өндөр магадлалтай зам гэж шинжээчид таамаглан бичжээ.

Каган, Хирд, Степаненко нар гурав дахь хувилбар өнгөрсөн жил Украины Зэвсэгт хүчнийг Харьков, Херсон мужуудад амжилтад хүргэсэн гэдгийг онцолсон байна. Шинжээчид Украины цэргүүдэд Азовын тэнгис рүү хүрэх зам нээгдэх ч энэ тулалдаан маш ширүүн, хохирол их, урам хугарах явдал ч гарах магадлал өндөр байх болно. Энэ бол дайнд тохиолддог энгийн зүйлс гэсэн байна. Мөн тэд Украины сөрөг довтолгоо бүтэлгүйтэж магадгүй магадлалтай ч амжилттай болох магадлал нь хамаагүй илүү байгааг онцолжээ. Энэ нь тулалдааны талбарын газар зүйн байршил, Оросын арми нөөцөө шавхаж, улам бүр чадваргүй байдалд орж байгаа явдал, Оросын армийн хангамж, удирдлагын тогтолцооны чадваргүй байдал зэрэг хэд хэдэн чухал хүчин зүйлээс хамаарч байгааг дурджээ.

Уг нийтлэлд Оросын арми хэтэрхий сунасан хангамжийн шугамтай байгаа учир Украины арми нэг цэг дээр довтлон фронтыг сэтлэн Азовын тэнгист хүрч Украины өмнөд хэсэгт байрлах Оросын бүх цэргийн хангамжийг бүр мөсөн таслах том аюул байгааг онцолжээ. Хэрэв ийм зүйл тохиолдвол хангамжгүй болсон Оросын өмнөд бүлгийн бүх цэргийн хувь заяа юу болох нь тодорхой юм. Энэ зорилгыг биелүүлэхэд Украины армид заавал далайн эрэг хүртэл байлдах шаардлагагүй бөгөөд хэсэгхэн газрын төмөр зам, авто замыг л хяналтдаа авахад л хангалттай гэсэн байна. Ингэснээр Оросын армийн өмнөд бүлэг ямар ч хангамжгүй болох ажээ. “Өөрөөр хэлбэл, украинчууд фронтын баруун талын бараг бүх нутаг дэвсгэрийг хянах чадвартай болохын тулд ганц чиглэлд фронтыг сэтлэхэд л хангалттай байгаа бол Оросын армийн хувьд фронт даяар давамгай байдлаа хадгалж байх шаардлагатай.Энэ бол хэт тэнцвэргүй буюу Украины армид хэт ашигтай нөхцөл”гэж зохиогчид дүгнэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ: Эмнэлгүүд 0-18 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт шаардахгүй DNN.mn

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.

Ингэхдээ хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт нэхэж байгаа нь хүндрэлтэй байна гэж иргэд шүүмжилж буй. Тэгвэл ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, “Эрүүл мэндийн даатгалын цахим системд 0-18 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын тусламж, үйлчилгээний анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад шилжих тохиолдолд илгээх бичиг шаардахгүй байх зохицуулалтыг оруулсан.

Иймд дээрх тусламж, үйлчилгээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 13А маягтыг шаардахгүйгээр иргэдэд чирэгдэл учруулахгүй ажиллахыг хүсье” гэжээ.

Categories
нийгэм цаг-үе

Есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ DNN.mn

Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж буй.

Үүнтэй холбогдуулан тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно.

Энэ оны 9 дүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна. 9 дүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.

БШУЯ

Categories
нийгэм цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авна.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Жич: Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.

Categories
нийгэм цаг-үе

Дубайн хүнсний худалдааны төвд монгол хонины махны дэлгүүр нээгджээ DNN.mn

Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор 2023 оны дөрөвдүгээр сараас нийлүүлж эхэлсэн билээ.

Монгол хонины махыг Эмиратын хэрэглэгчдэд илүү ойртуулан хүргэх зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд монгол хонины махны дэлгүүр нээгджээ.

Манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Иран, Казахстан, Япон, Эмират зэрэг улс руу мах экспортолдог.

2022 онд 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Үүнээс хамгийн их буюу 32.7 сая хонь, 27.6 сая ямаа тоологдсон байна.