Төв аймгийн Сүмбэр сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бөх Улсын начин Галсан-Очирын Ганжадтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Даншиг-Хүрээ цам” наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж Даншигийн заан цолны болзол биелүүлсэн юм.
-Та Улсын наадмын дутуугаа Даншиг наадмын дэвжээнд гүйцээлээ. Даншиг наадмын барилдаанууд ямар болов?
-Даншиг наадам өргөн дэлгэр боллоо. Газар газраас олон хүн цуглаж Хүй долоогийн дэнж хотойтол сайхан наадлаа. Даншиг наадмын бөхийн барилдаанд энэ цагийн шилдэг бөхчүүдийн цөм нь барилдлаа. Хэдхэн хоногийн өмнө Улсын наадамдаа түрүүлж үзүүрлэсэн арслан, гарьд хоёр маань зодоглож наадамчин олноо баясгалаа. Шилдэг бөхчүүд чуулсан өргөн цар хүрээтэй барилдаанд үзүүрлэж Даншигийн заан боллоо сайхан байна. Таны хэлж байгаагаар Улсын наадмын шөвгийн даваанд унасан дутуугаа Даншиг наадмын дэвжээнд үзүүрлэж гүйцээлээ. Сэтгэгдэл өндөр байна.
-Таны барилдааныг харахад Улсын наадмаар цол ахисан бөхчүүдийн цөмийг нь давлаа шүү дээ. Шийдвэрлэх даваануудад ямар барилдаан төлөвлөж гарав?
-Даншиг наадмын нэг онцлог нь бүх даваанд сугалаагаар барилддаг. Иймдээ олон хүний анхаарал татдаг. Ямар нэгэн яриа хөөрөө, найраанаас ангид цэвэр шударга өрсөлдөөн энэ наадмаар харагддаг юм. Энэ наадмын дөрвийн даваанд л гэхэд Ц.Бямба-Отгон гарьд Б.Бат-Өлзий заантай нугарч байх жишээтэй. Даншигийн барилдаануудаа эргээд харахад энэ жилийн наадмаар цол ахисан бөхчүүдтэй сугалаа таарч барилдсан байна лээ. Дөрвийн даваанд л гэхэд Увсын Д.Тогтохжаргал начинг давсан. Тавын даваанд харин шинэ арслан М.Бадарчтай хүч үзэж өвдөг шороодуулсан.
Шинэ арслан мөн ч ир, бяртай байсан шүү. Барилдаан хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй үед хавираад туг тойрсон. Ингэж би Даншигийн начин болсон. Харин заан цолны төлөө залуу харцага С.Сүхбаттай оноолт таарч шийдсэн мэхээ хийгээд давсан даа. Сүхбатын тухайд өнгөрсөн наадмаар М.Лхагвагэрэл зааныг давж шуугиан тарьсныг та бүхэн харсан байх. Сая тулахад их л бяртай санагдаж байлаа. Миний тухайд бол барилдаанаа нэг их урьдчилж төлөвлөөд байдаггүй юм. Тухайн агшинд төрсөн мэдрэмжээрээ л барилддаг. Өмнө нь тэгж ингэнэ гээд төлөвлөөд байдаггүй.
-Шинэ арслан М.Бадарчийг давж таавар эвдсэн барилдааныхаа талаар ярихгүй юу?
-Бид зургаагийн даваанд таарч барилдсан. Барилдаан яаж ч шийдэгдэж болох эгзэгтэй үед хүчийг нь дагуулаад хавирчихсан юм. Тухайн хормыг мэдрэлгүй алдсан бол би унаж ч болох байлаа. Арслантай тулахад ойгүй их бяртай нь мэдэгдэж байсан шүү. Ийм сайн бөхийг давж Даншигийн заан болох замаа зассан даа, сэтгэл хөдөлсөн шүү. М.Бадарч арслангийн тухайд цаашдаа илүү сайн барилдаж цолоо ахиулах байх аа. Өөрөө бол туйлын хөдөлмөрч хүн. Үүний үр шимээр л улсын наадамд түрүүлсэн гэж хардаг юм.
-Даншигийн арслан цолны төлөө та Б.Зоригтбаатар харцагатай барилдсан шүү дээ. Харцагыг аргалж болсонгүй юу?
-Гарч ирсэн ирийг нь дарж барилдахаар тооцоолж байлаа. Барилдаан миний тооцоолсноос өөрөөр эргэсэн. Б.Зоригтбаатар чинь дайрч давхар хамж сугадаад л надад боломж олгосонгүй. Түрүүлэх бөх тэгээд өөр байдаг даа. Тэр өдөр Б.Зоригтбаатар үнэхээр сайн байсан. Энэ жил өссөн нутаг Төв аймгийн минь түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Улсын наадмаар дээшээ даваанд зорьж барилдсан ч санасандаа хүрсэнгүй. Харин Даншиг наадмын дэвжээнд үзүүрлэж нутгийн зон олноо тодорхой хэмжээнд баясгаж чадсан болов уу гэж бодож байна.
-Даншиг наадмаар таны хүү аавынхаа малгайг өмсөөд явж байна лээ. Хүүгээ та бөх болгох нь уу?
-(Инээв) Би таван хүүтэй хүн. Эд маань бөх болох болов уу гэж дотроо горьддог л юм. Заавал барилд гэж шаардахгүй ээ. Бөх чинь хүнд спорт. Үнэхээр их сонирхолтой байж л амжилт үзүүлнэ. Бүх зүйлээ л зориулна шүү дээ. Миний хүү өөрөө сонирхвол барилдана биз. Аав нь бүх зүйлээр нь дэмжинэ. Миний дунд хүү барилдахад дагаж явах дуртай. Нартай, бороотой ямар ч үед аавынхаа хувцсыг бариад зогсож байдаг юм. Хүүгээ дагуулаад явахаар унаж болохгүй, хариуцлагатай барилдана. Доогуур даваанд уначихвал хүүдээ юу гэж хэлэх юм бэ, их хэцүү. Бага хэмжээний дарамттай барилддаг гэх үү дээ. Хүүгээ дагуулж наадамд явснаараа мартагдахааргүй гоё дурсамж бүтээж байна л гэж боддог доо. Магадгүй удахгүй хамтдаа барилдаад явдаг болох биз. Амьдралын зөв хэв маягийг сонгоод явахад тэр хүртэл аав нь барилдаад явж болох байх аа. Төсөөлөхөд сайхан байна шүү. Ер нь бид энэ их өв соёлыг энэ цагт тээж яваа улс. Цаашид түгээж явах улсаа бэлтгэж л байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйд бидний үр хойч л тээж явах учиртай гэж хардаг. Үүнийг орхигдуулбал хэдэн мянганы элээж энэ хүрсэн өв соёл цаашид бүдгэрч болох талтай. Үүнд бид анхаарах нь зөв.
-Энэ жилийн наадмаар өндөр даваанд гарч барилдах зорилготой байсан талаараа хэлж байна. Даян аварга Н.Батсуурь таныг шөвгийн даваанд амлаж хүч үзсэн шүү дээ. Барилдаан ямар болов?
-Энэ жил бэлтгэл их сайн байсан шүү. Өвөл, хаврын барилдаануудад ч шөвгөрч сайн барилдсан. Наадмаар тавын даваанд энэ цагийн манлай монгол бөх Н.Батсуурь аварга намайг амласан. Аваргатай өнгөрсөн хавар заалны барилдаанд таарахад би давж байсан юм. Тийм ч учраас давна гэсэн бүрэн итгэлтэй гарсан. Гэтэл хавар надад унадаг Н.Батсууриас шал өөр формтой хүн зогсож байсан даа. Аварга хүн ч тэгээд аварга л байдаг юм билээ. Огт хий зай байхгүй, нягт, барилдааны мэдрэмжтэй.
-Тухайн барилдаандаа та ямар дүгнэлт хийв?
-Эргээд харахад аваргыг хүлээж барилдсан нь миний алдаа байжээ. Барилдааны эхнээс л ажиллаад барилдсан бол гэх бодол сүүлд орж ирсэн. Гэхдээ Н.Батсуурь аварга өөрийгөө дээд түвшинд бэлтгэж гарч ирсэн байна лээ. Товчхон дүгнэхэд ийм л барилдаан болсон. Аварга уналаа гээд тэгж их харамсаад байсан зүйл алга. Өөрийнхөө хэмжээнд сайхан л үзсэн.
-Дөрвийн даваанд та Завханы Б.Чимэдвандан начинтай их удаан барилдсан шүү дээ. Тавын давааны өмнө сэргэлт авч чадсан уу?
-Бэлтгэл сайн байхад жаахан амсхийгээд л сэргэчихдэг. Тэгж их хялайгаад байдаггүй. Миний хувьд форм сайн байсан учраас их амархан сэргэсэн. Барилдаандаа бүрэн төвлөрч гарсан.
-Та наадмын хоёр ч аваргатай хүч үзээдэхлээ. Тэр жил Ч.Санжаадамба аваргатай хийсэн барилдаан шуугиан тарьсан даа.
-Энэ цагийн өнгийг тодорхойлж буй аваргуудтай наадмын дэвжээнд бяраа үзнэ гэдэг сайхан шүү. Хэн хэн нь л цолондоо дүүрэн сайхан бөхчүүд. Хүмүүс Санжаадамба аваргатай хийсэн барилдааныг өөр өөрийнхөөрөө л дүгнэдэг. Янз бүрийн л юм ярьж байдаг. Тухайн үед ажилласан Цэцүүдийн л гаргасан шийдвэр. Миний тухайд начин цолоо ахиулахаар үзээд л байна. Өдөр тутмын бэлтгэлээ үүний тулд хийж байна. Хичээгээд зүтгэхэд цолоо ахиулах өдөр ирэх байх аа. Гэхдээ энэ сайхан цолондоо эзэн болж явж байгаа болов уу л гэж боддог. Заалны барилдаануудад ч тогтмол барилдахыг л эрмэлздэг.
-Бөхчүүдийг анзаарахад наадмын дэвжээнд нутгийн дүүгээ дэмжих, илтэд худал барилдах, нэгнийхээ үйлдэл гаргах юм. Сүүлдээ камерын өмнө утсаар ярьж ч найраа хийж байна. Таны хувьд хэн нэгэнд өгөх, авах тохиолдол байх уу?
-Үгүй ээ. Тийм зүйлээс хол. Илтэд дургүйцдэг юм. Үүнийгээ ч ил цагаан илэрхийлдэг. Ийм учраас янз бүрийн гуйлт надад ирдэггүй. Би ч давна гэсэн хүнээ л амлаад барилддаг. Унахдаа унана, давахдаа давна. Шударга л барилддаг. Миний ард олон хүн итгэж дэмжиж байхад худлаа барилдаад байж болохгүй. Хүнд өгөхгүй, хүнээс гуйхгүй өөрийнхөөрөө л явж энд ирлээ. Цаашид ч өөрөөрөө л барилдана.
-Улсын харцага С.Сүхбатаас авахуулаад шинэ мянганы залуус тодроод гарч ирлээ. Тэдэнтэй тулахад ямар мэдрэмж төрж байх юм.
-Тэгж их онцгой санагдах юу байх вэ. Залуустай сайн барилдаад давахдаа даваад, унахдаа унаад л явж байна. Энэ их баярыг минь хуваалцсан та бүхэнд баярлалаа. Төрөлх нутаг Төв аймгийнхаа зон олонд түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье.