МАН-ын томчууд зөрчилдөж эхэлсэн. Өнгөрсөн оны намраас эхэлсэн нүүрсний хэргийн дуулиан үргэлжилсээр энэ хавраас эрх баригч намын удирдлагууд ил далд зөрчилдөх шинэ өнцөг болсон. Тиймээс сүүлийн хэдэн сар МАН-ын удирдах зөвлөл албан ёсоор хуралдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаагаар бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гэх хүмүүс, дээр нь УИХ, Засгийн газар дахь фракц, бүлэглэлүүд нууцаар уулзалдах болжээ. Ингэхдээ нийслэлээс гарч, бүр алс хязгаар бөглүүд газруудад амралт сувилалд сувилуулах нэрээр, аймгуудын тэмдэглэлт ойд уригдах завшаанаар уулзалтуудаа хийсэн нь ил болцгоов. Тухайлбал, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоор алс баруун хязгаарт МАН-ынхан цуглаж юу ярьцгаасан нь нийгмийн сүлжээ, хэвлэлээр бичигдэж буй. Тэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ- ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Б.Энх- Амгалан нарын намын нөхөд цугласан бол зэргэлдээх Ховд, Хөвсгөл аймгуудад ч энэ зун томоохон уулзалт болсон байгаа юм. Өөр ч бас бус уулзалтууд төвийн болон зүүн аймгуудаар болсон сурагтай. МАН-ын томчуудын цуварсан энэ нууц уулзалтуудын үндсэн сэдэв сүүлийн үед шуугиан болоод байгаа хэргүүд, түүнд татагдсан намын нөхдийн хувь заяаг хэрхэх, түүнийг хууль шүүхээр хэрхэн шийдвэрлүүлэх, бүр зарим хэргийг яаж замхруулж болох яриа хөөрөө өрнөсөн бололтой. Нөгөө талаар нууц уулзалтуудаар хамгийн олон хүний санаа чилээсэн, хэлэлцүүлэг маргаан өрнүүлсэн сэдэв нь нүүрсний сонсгол гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. МАН-ын засаг барьж байх жилүүдэд улс орны амин чухал санхүүг бүрдүүлдэг нүүрсний экспортоос хумслаж, төсвөө тоносон дарга нар, төрийн албатууд, намын томоохон албан тушаалтнуудын нэрийг хуулийн байгууллага албан ёсоор зарласан. Бүр нэр бүхий УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ эгүүлэн татагдаж, энэ хэргийн улмаас улсад учруулсан хохирол албан бус байдлаар 40 их наядаар яригдаж олон нийтийн бухимдлыг дээд цэгт хүргэж байгаа нь эрх баригч намын толгойны өвчин болсон н ь гарцаагүй. Тиймээс нийслэлээс гадна болж буй уулзалтын гол сэдэв нүүрсний хэрэг, тэр дундаа нүүрсний сонсголын талаар өрнөжээ. Өнгөрсөн өвлөөс хойш нүүрсний сонсгол хийх тов нэг бус удаа зарлагдсан ч тодорхойгүй байдлаар хойшилсоор сураг алдарсан. Олон нийт одоог хүртэл сонсгол хийхийг шаардаж буй . Тиймээс өнгөрсөн хавраас эхлээд зун дамжин, өнөөдрийг хүртэл хотын гадна болж буй МАН-ын удирдах зөвлөлийн албан бус уулзалтуудын үндсэн гол сэдэв бол шулуухан хэлэхэд нүүрсний сонсголыг хийх, хийхгүй тухай, хэрэв хийвэл яаж олон нийтийн бухимдлыг дарж хийх, хийхгүй бол ямар сенсааци дэгдээж замхруулах, яаж нүүрсний сонсголгүйгээр 2024 оны сонгуультай золгох зэргээр арга мэхүүд яригдсан гэдэг мэдээлэл байна. Хамгийн сонирхолтой н ь МАН-ын УЗ намын цагаан байрандаа биш хотын гадна аймаг, сум дамжин эзгүй бөглүүд газарт хуралдах болсон нь учиртай. Намын цагаан байрных нь хана туурга, хаалга үүд нь хүртэл чихтэй болж, Удирдах зөвлөлөөр яригдаж ирсэн улс орон, намын талаарх далд нууц, ноцтой яриа, улс төрийн хор нь удаа дараа гадагшаа алдагдсантай холбоотой гэнэ. Тиймээс эрх баригч намын фракц бүлэглэлүүд цагаан байрандаа ойртож чадахаа больсон тухай гишүүд нь ярьж явна. Нэг ёсондоо намынхаа Удирдах зөвлөлийн хурлыг албан ёсоор хуралдуулахаас цээрлэсэн бололтой. Тэгвэл ирэх баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал товлогдсон байна. Тэд бас л “уламжлал” ёсоор намын цагаан байрандаа бус хотоос гадуур хуралдахаар болсон бололтой. Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өөрийн байрандаа албан ёсоор хуралдаж чадахгүй, үүнийгээ нууж ядан энд тэнд нууц газар уулзалдах болсон дүр зураг нийгэмд юуг харуулж байна вэ?
Month: August 2023
Манай улсад аяллаар ирсэн Францын эмэгтэй жуулчид хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт мандав. Энэ тухай анх хохирогч гэх Франц улсын иргэн Margaux Derville өөрийн цахим хуудастаа сэрэмжлүүлснээр ил болсон юм. Тус мэдээлэлд “BTT Nature Travel agency болон түүний менежер Ерөөлтөөс болгоомжлоорой. Тэр хүн биднийг хар тамхиар мансууруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдлээ. Дахин ийм зүйл гаргахгүйн тулд бид гомдол гаргасан. Болгоомжтой байгаарай” гэсэн агуулгатай мэдээллийг цахим хуудастаа нийтэлсэн байв.
Margaux Derville нь өөрийн найз Duhamel Gwennaёlle Isabelle Dominique-ийн хамтаар Монгол Улсад аялахаар өнгөрсөн сард иржээ. Тэд “BTT Nature Travel” компанид захиалга өгсөн байжээ. Уг аялал нь Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Найман нуур цэцэрлэгт хүрээлэн рүү морин аялал хийдэг маршруттай байсан байна. Аяллыг “BTT Nature Travel” компанийн менежер Д.Ерөөлт ахалж явсан бөгөөд аяллын багт хохирогч гэх бүсгүйчүүдээс гадна 10 гаруй аялагч явсан байна. Жуулчид “Mondial assistance” гэх өөрийн улсын зуучлалын компаниар дамжуулан Монголд иржээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна. Энэ талаар ЦЕГ-аас “Франц Улсын хоёр иргэн Монгол Улсад аялж явахдаа бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Мөн гомдол гаргасан хоёр иргэний цусны дээжээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээг хийж ажиллаж буй. Харин Прокурорын байгууллагаас хэргийн харьяаллыг хаана үргэлжлүүлэн шалгах талаар шийдвэрлэнэ” гэлээ. “Mondial assistance” компани хохирогч эмэгтэйчүүдийн өмнөөс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ сарын 8-нд гомдол гаргажээ. Үүний дагуу тус хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлж, энэ сарын 9-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хандан, дээрх эмэгтэйчүүдийн цусны дээжээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх шинжилгээг авч, шинжилж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас хохирогч гэх эмэгтэйчүүдээс тайлбар мэдүүлэг авсан байна. Мөн аялалд хамт явсан аялагчдыг ч гэрчээр татан байцааж байгаа аж. Хэрэгт холбогдсон Д.Ерөөлт болон уг аяллыг зохион байгуулсан “BTT Nature Travel” компанийн удирдлагуудыг байцааж эхэлжээ.
Уг хэргийн талаар тодруулахаар “BTT Nature Travel” компанийн нэгэн ажилтантай холбогдон, цөөн асуултад хариулт авлаа.
-Танай компаниар үйлчлүүлсэн аялагчдад мансууруулах бодис тарьж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй ноцтой хэрэг мандаад байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Энэ мэдээллийг сонсоод манай компанийнхан ч шоконд орсон байдалтай байна. Юун хүчин, мансууруулах бодис вэ. Тийм зүйл огт болоогүй. Хоёр хүүхний заль мэхэнд автаад манай компани, холбогдоод байгаа ажилтан ч хүнд байдалд байгаа.
-Залилан гэдгийг тодруулахгүй юу. Бүр цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байсан шүү дээ?
-Манайх олон жилийн турш аялал жуулчлалын салбарт нэр төртэй үйл ажиллагаа эрхэлж ирсэн байгууллага. Аялал жуулчлалын салбар өөрөө маш зарчимтай байхыг шаарддаг. Бид тэр зарчмаараа л ажиллаж ирсэн. Ажилтнууд маань ч чадварлаг мэргэшсэн хүмүүс байдаг. Гэтэл нэг л өдөр хоёр хүүхнээс болж үзээгүй юм аа үзэж сонсож байна. Тэнд ямар ч ноцтой гэмт хэрэг болоогүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа шиг тийм аюултай зүйл болоогүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэлж болохгүй байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл гаргахгүй байхыг шаардсан гэсэн. Маш ноцтой зүйлүүд харагдаж байгаа.
-Тодруулж болохгүй юу?
-Цагдаагийн байгууллага хэвлэлээр ярьж болохгүй гэсэн гэнэ лээ. Маш хатуу шаардсан гэсэн. Тэгсэн хэрнээ хохирогч гээд байгаа эмэгтэйчүүдэд албан бичиг хийж өгөөд л, тэд олон нийтийн сүлжээнд түгээгээд их л сэжигтэй. Хэлж чадах зүйл бол хүчингийн гэмт хэрэг, мансууруулах бодис үйлчлүүлэгчдэдээ тарина гэдэг манай салбарт, манай компанид, манай ажилтнуудад байх боломжгүй зүйл. Түүнийг л баттай хэлж чадна. Гэтэл сошиал сүлжээ ямар аюултай юм бэ. Зөвхөн нэг талын мэдээллээр ямар их туйлширч, гүтгэн доромжилдгийг харж байна. Зогсоож болдоггүй юм байх даа.
-Хэрэгт холбогдсон Д.Ерөөлт гэх ажилтны талаар та хэр мэдэх вэ?
-Мэдэлгүй яахав. Олон жил энэ салбарт ажиллаж байгаа чадварлаг залуу. Ялангуяа Франц, Монголын аялал жуулчлал хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хүн гэж хардаг. Ийм асуудалд холбогдсоныг дуулаад маш хэцүү байгаа.
Арав гаруй жилийн хөгжлийн явцад БРИКС-ийн орнуудын (Хятад, Орос, Энэтхэг, Бразил болон Өмнөд Африк) хамтын ажиллагааны үндэс суурь бэхжиж, хамтын ажиллагааны чиглэлүүд аажмаар өргөжин тэлж, хамтын ажиллагаа нь улам бүр үр өгөөжтэй болсоор байна. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэгийг нь авч, олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой бөгөөд бүтээлч хүчин болж байна.
Бээжингийн Багшийн Их Сургуулийн дэргэдэх БРИКС-ийн хамтын ажиллагааны төвийн захирал Ван Лэйн хэлснээр, өнгөрсөн 17 жилийн хугацаанд БРИКС-ийн хамтын ажиллагааны амжилтын туршлага нь хөгжлөө түргэтгэж, тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалан хамгаалахыг эрмэлзэгч хөгжиж буй орнуудын итгэл болон дэмжлэгийг хүлээсэн юм. Ялангуяа БРИКС-ийн орнууд Өмнөд Африкийг бүрэн эрхт гишүүнээ болгосноос хойш хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнууд олноороо БРИКС-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсээр байна.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса өнгөрсөн долдугаар сард мэдэгдэхдээ “Удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр олон орон БРИКС-т нэгдэхийг хүсэж байгаа тул тус механизмыг өргөжүүлэх асуудлыг нухацтай авч үзнэ” гэсэн юм.
БРИКС-ийн санаачилсан дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцооны өөрчлөлтүүд эрчээ авч буй болохыг сэтгүүлч Энтони Роули “South China Morning Post” сонинд гаргасан нийтлэлдээ онцолжээ. Түүний хэлснээр, БРИКС хүрээгээ тэлэх нь чухал биш, харин дэлхийн эдийн засагт түүний үзүүлж буй нөлөө нэмэгдэж, Олон улсын валютын санд дуу хоолойгоо бэхжүүлж буй нь чухал юм. “Дэлхийн үйл хэргийг тэнцвэржүүлэх хүчин” болж, тус механизмын нэр хүнд, нөлөө урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна.
БРИКС-ийн орнууд нь хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал тавцан болохын хувьд олон талт үзлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн засаглалын тогтолцоог идэвхтэй шинэчилж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг өргөжүүлэхийг эрмэлзэж байна. БРИКС-ийн орнууд нь олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой бөгөөд бүтээлч хүчин болсон. БРИКС-ийн механизм байгуулагдсан цагаасаа хойш асар олон орны хувь заяа, хамтын ажиллагааг нягт уялдуулж өгсөн юм.
Испанийн “Rebelion” сонинд бичсэнээр, АНУ хэдэн арван жилийн турш эдийн засгийн хувьд дэлхийг бараг бүхэлд нь хянаж, долларын гүйлгээ хийхээс өөр аргагүй болгосон бөгөөд үүнээс нь олон улс орон залхаад байна.
Цагаан ордны зааварчилгааг дагаж мөрдөхгүй л бол хориг арга хэмжээ, эдийн засаг, санхүүгийн шантаажинд өртдөг. Тэгвэл БРИКС-ийн орнууд нь ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр улс орнуудын хөрөнгө оруулалт, худалдааг хөгжүүлж, дэмжихэд бэлэн байдаг.
“Хамгийн гол нь БРИКС-ийн орнууд олон туйлт, олон талт үзлийг дэмжинэ… Тэд хүйтэн дайны үеийн үзэл суртлыг эсэргүүцэж, бүх оролцогчдод харилцан ашигтай, тэгш эрхэд суурилсан олон улсын эдийн засгийн шударга дэг журмыг санал болгож байна” гэж Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель нэгэн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, БРИКС болон ШХАБ-д элсэх хүсэлтэй орнуудын дараалал үүсээд буй нь эдгээр механизмын үүрэг нэмэгдэж байгааг илтгэн харуулж байна.
Барууны орнууд тогтвортой байдлыг алдагдуулж, геополитикийн өрсөлдөгчдийн нөлөөг хязгаарлахын тулд цэргийн хүч, улс төрийн шантааж, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев долдугаар сард Өмнөд Африкт болсон БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгчдийн уулзалтын үеэр хэлсэн юм. Харин БРИКС-ийн орнууд дэлхийн харилцааг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлээд, “БРИКС нь олон талт хамтын ажиллагааг цаашид төлөвшүүлэх, дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэсэн билээ.
2022 оны 6 дугаар сарын 15-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао боомт хотод авсан зураг. Шаньдун мужийн Циндао боомтын хөл хөдөлгөөн ихтэй Цяньвань терминалд бараг өдөр бүр БРИКС-ийн боомтуудаас ачааны хөлөг онгоцууд ирж, эсвэл тэдгээр орон руу ачаатай хөлөг онгоц хөдөлж байдаг юм. /Синьхуа/
БРИКС нь хөгжиж буй орнуудад болзол нөхцөл тавихгүйгээр санхүүжилт олгох замаар тэгш бус байдлыг бууруулахад тусалж чадах тул дэлхийн үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж чадна гэж Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва мөн энэ сарын эхээр мэдэгдсэн юм.
БРИКС-ийн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь болон олон улсын худалдаанд оруулж буй хувь нэмэр мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Тэд дэлхийн эдийн засагт үл тоомсорлогдошгүй чухал хүчин болоод байна. Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнууд нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эерэг хандлагыг түгээж байна. БРИКС-ийн орнуудын экспортын өсөлт дэлхийн дунджаас давсан нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийн чанарыг ахиулахад чухал хувь нэмэр оруулж байна.
БРИКС-ийн механизм нь цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, ихэнх улс орны хүсэл эрмэлзэлд нийцэж, хөгжлийн зөв чиглэлийг тодорхойлж байна.
Олон улсын хүнд хэцүү нөхцөл байдал, сорилттой тулгарсан ч БРИКС нь цаашид олон улсын үйл хэрэгт илүү эерэг бөгөөд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно.
БРИКС-т эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий
2021 оны 9 дүгээр сарын 7-нд Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямэнь хотноо БРИКС-ийн орнуудын Инновацийн хөгжлийг дэмжих бааз байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр авсан зураг. Сямэнь олон улсын үзэсгэлэнгийн төв. /Синьхуа/
БРИКС-т эрх тэгш бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их нөөц боломж бий бөгөөд Өмнөд Африкт удахгүй болох гэж буй БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт нь тус холбоо олон улсын харилцаанд аль хэдийн чухал үүрэг гүйцэтгэдэг болсныг харуулах болно гэж ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Дэлхийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор Ирина Кокушкина саяхан “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн юм.
Оросын шинжээчийн хэлснээр, БРИКС хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны хүчирхэг хэрэгсэл болсныг БРИКС-ийн эдийн засаг, хөдөө аж ахуй болон сансар судлал зэрэг олон салбарт гаргаж буй ололт амжилт гэрчлэн харуулж байна. Өнөө үед зарим улс орны улс төрийн шахалтад өртөлгүйгээр худалдаа, эдийн засгийн найдвартай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь маш чухал.
“Олон жилийн турш Өрнөдийн колоничлол, неоколоничлолын улмаас зовж шаналж буй хөгжиж буй орнуудын хувьд эрх тэгш нөхцөлтэй хамтын ажиллагаа гэдэг нь туйлын чухал ” гэж И.Кокушкина хэлэв.
Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаанд Өрнөдийн орнуудын ноёрхсон байр суурийг эсэргүүцсэн улс орнуудыг эдийн засгийн хувьд ялгаварлаж, хавчин гадуурхдаг “Өрнөдийн нэгдсэн бодлого”-ыг сөрөн зогсох нь БРИКС-ийн зорилго, зорилтуудын нэг юм гэж тэрбээр хэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, БРИКС-ийн олон улсын тавцан дахь нөлөө мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд тус бүлэг нь дэлхийн үйл хэргийг шийдвэрлэхэд нөлөө бүхий хүчин болоод байна. БРИКС-ийн орнууд нь уур амьсгалын өөрчлөлт, худалдаа болон хөгжил зэрэг дэлхийн олон төрлийн асуудлаар хамтдаа дуу хоолойгоо цуурайтуулж байна.
“Хамтын ажиллагаа гүнзгийрэх тусам олон улсын дэг журмыг цогцлооход тус бүлгийн нөлөө улам бүр нэмэгдэх болно” гэж И.Кокушкина онцлон тэмдэглэв.
Хятад улс бол дэлхийн хамгийн том эдийн засагтай бөгөөд улс төрийн асар их нөлөө бүхий улс орнуудын нэг гэдгийг тэрбээр мөн цохон тэмдэглэсэн юм. Өрнөдийн олон орны байдал адармаатай байгаа энэ үед олон улсын харилцааны үйл хэрэгт Хятад улсын оруулж буй хувь нэмэр нь хөгжиж буй орнуудын харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна.
БРИКС-ийн гишүүн орнууд нь одоогоор дэлхийн газар нутгийн 26 хувь, хүн амын 42 хувийг эзэлж байна. И.Кокушкина БРИКС-ийг өргөжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд тус бүлэг өргөжснөөр геополитикийн ач холбогдол нь нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“БРИКС-ийн гишүүнчлэлийн цар хүрээ өргөжиж байгаа нь БРИКС дэлхийн ихэнх орны нийтлэг ашиг сонирхлыг үнэхээр төлөөлж чадаж байгааг дэлхий нийтэд харуулж байна” гэж шинжээч дүгнэн хэлсэн юм.
Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчлахтай холбогдуулан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор, профессор С.Цолмонтой уулзаж Монголын их хаад, Ромын Ватикантай харилцаа холбоотой байсан талаар товч тодруулга авлаа.
-Ромын католик сүм хийдийн тэргүүн Францис тун удахгүй манай улсад айлчлахаар товлогджээ. Тэрбээр манай улсад айлчилснаар ямар ач холбогдолтой вэ?
-Манай улс даян дэлхийд энх тайван байдлыг тогтоох, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож аюулгүй байдлыг сахин хамгаалах, зэвсэг хураах, хүний эрхийг хамгаалах зэрэг асуудлаар олон санал санаачилга гаргаж дэлхийн улс орнуудын дэмжлэгийг олж олон талт хамтын ажиллагааг тогтвортой явуулж ирснээрээ олон улсад нэр хүндтэй улсын тоонд зүй ёсоор ордог.
2023 онд манай оронд дэлхийн томоохон улс орны төрийн тэргүүн, удирдагчид ээлж дараалан айлчилсан нь үүний томоохон баталгаа гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байгаа тухай Монгол болон олон орны хэвлэлүүд онцолж байна.
Энэ нь манай хоёр орны түүхэн харилцаа, улс түмнүүдийн харилцан ойлголцол энх тайвнаар зэрэгцэн орших, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхээрээ ач холбогдолтой юм.
Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна. Ромын пап Францис өнгөрсөн оны наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.
-Папын очсон газар бүрд асар олон хүн цугладаг. Манай улсад анх удаа айлчилж ирэх Францисийг дагаж Монголд гадаадын хичнээн мянган хүн ирэх бол. Аялал жуулчлалын салбарт жин дарж чадах уу?
-Энэ асуултыг миний хувьд хариулахад төвөгтэй асуулт байна. Та нартай л адил хэвлэлээс авсан мэдээлэлтэй байна. Папыг дагалдан албан ёсоор 1300 хүн, мөн олон улсын сэтгүүлчид, мөн сүсэгтнүүд зэрэг маш олон хүн дагалдаж ирэх болов уу. Энэ нь Монгол орныг зөвөөр сурталчлах, танин мэдэхэд ач холбогдолтой айлчлал болно гэж найдаж байна.
-Манай улсын хүн амын 50-иас илүү хувь нь буддын шашинтай. Харин 1500 гаруй католик шашинтан байдаг гэсэн судалгаа бий. Францисийн хувьд “Хамтдаа найдацгаая” гэсэн уриатайгаар манай улсад айлчилна гэдгээ зарласан. Энэ нь юуг хэлж байна вэ?
-Монголын их хаадын Төрийн бодлого нь шашин шүтлэг, угсаа гарвалаар нь ялгаварлан өөрсдийн үзэл бодлыг тулгадаггүй байснаараа амжилтад хүрч шашин соёлын, угсаа гарвалын асар их ялгаатай том эзэнт гүрнийг 200 гаруй жил захирч чадсан байдаг.
Дэлхийн шашны томоохон удирдагчид ч даян дэлхийд энх тайван тогтоох, хүн төрөлхтний ирээдүйг амар амгалан байлгахын төлөө шашнаар ялгаварлан гадуурхахыг урьтал болголгүй эв эеийг хичээж сайн үйлсийг дэлгэрүүлэхийн төлөө хүмүүсийг хүчээ нэгтгэхийг уриалдаг.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд короновирусын цар тахлын халдвар хэнийг ч ялгалгүй дэлхийн бүх улс орныг хамарсан. Тиймээс хамтаараа сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэж ирээдүйдээ итгэж амьдрахыг уриалсан хэрэг юм болов уу гэж бодож байна.
-Монгол Улсад католик шашны сүм байгуулагдсаны болон Монгол Ватиканы хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой тохиож байна. Харин түүхээс харахад тэртээх XIII зуунд католик сүмийн элч төлөөлөгчид Монголд ирж байсан гэдэг. Манай хоёр орны эртний уламжлалт харилцааны талаар та дэлгэрүүлэхгүй юу?
-1992 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улс Ватикантай албан ёсны дипломат харилцаа тогтоосон билээ. Гэхдээ Монголын эзэнт гүрний их хаад, Ромын Ватикантай XIII зууны үеэс харилцаатай байсан түүхэн уламжлалтай.
XIII зуунд Ромын Пап IV Инносентийн захидлыг Монголын их хаанд хүргэхээр илгээгдсэн элч Плано Карпини нь Францын Лион хотоос 1245 оны дөрөвдүгээр сарын16-нд гарч дорно зүгийг зорин элдэв саад бэрхшээлийг даван туулж явсаар жилийн дараа Каспийн тэнгисийн ойролцоо орших Бат ханы ордонд иржээ.
Плано Карпини Бат ханд Ромын Папын захидлыг гардуулах гэхэд тэрээр Хархорумд удахгүй Их хаан өргөмжлөгдөх гэж байгаа тул түүнд захидлыг барих нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Тэрээр тийм хол газар явж чадахгүй хэмээн бэрхшээл тоочсон ч Бат ханы ятгалгаар шинээр өргөмжлөгдөх гэж буй их хаанд Папын захидлыг өргөн барихаар Монголын Эзэнт улсын нийслэл Хархорумыг зорин хөдөлжээ. Плано Карпини Бат хааны өргөөнөөс1246 оны дөрөвдүгээр сарын 8-нд гарч 1246 оны зургадугаар сарын 16 хүртэл өмнөхөөс бараг хоёр дахин их замыг хоёрхон сарын хугацаанд туулж өртөөгөөр гайхамшигтай хурдтай явсан тухайгаа “Монголчуудын түүх” хэмээх аяллын тэмдэглэлдээ бичсэн байдаг. Өөрийн эрхшээл нөлөөг өрнө зүгт тэлж байсан Монголын эрх баригчдын үйл ажиллагаа нь, Европ улмаар дорно зүг рүү нөлөөнийхөө хүрээг тэлж байсан Ромын Папын тэргүүлсэн католик шашны эрх ашигтай зөрчилдөх болов. Эрдэмтэн судлаачид “Папын дэлхийг үзэл санааны хувьд нэгтгэх гэсэн үзэл нь монгол хаадын дэлхийг нэгтгэхтэй сөргөлдсөн гэж үзсэн юм. Тухайн үеийн дэлхийн хөгжлийг тодорхойлогч улс төр, шашны хоёр их хүчин өөрийн эрхшээл нөлөөг тогтоохын төлөө улс төрийн, дипломат харилцааны, шашны бүхий л хэлбэрээр өрсөлдөх болов. Тиймээс Ромын Пап алс холын тал нутаг руу элч илгээж, Монголын Их хаадад захидал бичиг илгээж байсан ба тэд ч зохих хариуг нь өгч байжээ.
Ромын Пап IV Иннокентийн захидлын хариу болгож Монголын Гүюг хааны 1246 оны арваннэгдүгээр сарын сарын 3-11-нд бичиж илгээсэн захидал өдгөө Ватиканы нууц архивт хадгалагдаж байгаа юм. Перс хэлээр бичүүлсэн энэ захидлыг Францын нэрт эрдэмтэн Поль Пеллио орчуулж “Монголчууд, Папын улс” хэмээх бүтээлдээ нийтлүүлснийг доктор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Төмөрхүлэг монгол хэлнээ орчуулж “Франц болон бусад гадаад хэлээрх Монголын түүхийн холбогдолтой баримт бичгийн эмхэтгэл” хэмээх номдоо хэвлүүлсэн байдаг.
Энэ захидлын хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч нар Ватиканд айлчилсан үед хуулбарлаж өгсөн бөгөөд Монгол Улсын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж байна.
Зуны дэлгэр өдрүүд шувтарч, намрын улирал эхэллээ. Хөдөө аж ахуйн орон гэгддэг монголчууд бидний хувьд намрын гурван сард бүх ажил бужигнадаг. Хичээл сургууль эхлэхээс авахуулаад ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гээд салбар бүрийнхэн л хөдөлж эхэлнэ. Ялангуяа газар тариалангийн салбарынхны хувьд хамгийн чухал улирал. Энэ жилийн хувьд нийт нутгаар зуншлага сайхан болж, өвс тэжээлийн гарц ч арвин байгаа сайхан мэдээтэй. Сүүлийн таван жилд болоогүй сайхан зуншлага боллоо гэж малчид шагшиж байна. Хур бороо элбэг байж хангай гэлтгүй тал хээрийн нутгаар ч шагай давсан өвстэй, халиуран ногоорч байна. Өмнөх жилүүдэд гантай зун болж өвс хадлан тэжээлээ бэлтгэж чадалгүй бусад аймгаас нөөцөө татдаг байсан баруун чиглэлийнхэн энэ өвлийг өнтэй давах нь. Зуншлага сайхан гарч, хадлан тэжээлийн гачигдалд орохгүйгээр бэлтгэлээ базаахаар малчид ярьцгааж байна. Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу гээд өнгөрсөн өвөл нэлээд сандарсан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудын малчид энэ жил амьсгаа авахаар сайхан зуншлагатай байна.
Өнгөрсөн жилийн намар гэхэд малчид 1.2 сая тонн өвс, 1.8 мянган тонн сүрэл, 18.6 мянган тонн ногоон тэжээл, 73.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 82.6 мянган тонн гар тэжээл, давс, хужир, шүү гээд бэлтгэж байв. Дээрээс нь улсын нөөцөд ч чамгүй их өвс тэжээл бэлтгэж, өвлийн хүнд үед малчдад тараасан. Тэгвэл энэ намар малчид дээрхээс нэлээд ахиу хадлан, тэжээл бэлтгэж авах нь тодорхой болжээ.
Өвс хадлангийн гарц сайн байгаа дээр нь дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа экспортлох боломжтой байдаг. Худалдан авагч нь БНХАУ-ын Өмнөд Монголын хилийн аймгууд. Монгол, БНХАУ-ын хоёр талын хэлэлцээрээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болох улаан буудайн гурил, өвс, хивэг гээд нэлээд олон төрөл зүйлийг монголчууд экспортод гаргадаг. Анх 2015 онд манай улс БНХАУ руу өвс экспортолж байв. Хятад улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч, томоохон хэрэглэгчийн хувьд сүүлийн жилүүдэд уламжлалт тариалалтын аргачлал өөрчлөгдөн байгаль экологийг хамгаалах үүднээс малын тэжээлийн зах зээл дутагдалд орсноор ийнхүү манай улсаас өвсний импортыг эхлүүлж байв. Энэ худалдаа 2020 он хүртэл үргэлжлэн, ковидоос үүдэлтэйгээр экспортыг зогсоосон байдаг. Тэгвэл энэ жил өвс экспортлох сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд малчид, орон нутгийнхан олон байгаа аж.
Уг нь ч өвс тэжээлийн гарц сайтай энэ жил экспорт хийхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа гэдгийг салбарынхан онцолж байна. Энэ нь манай талд эдийн засгийн хувьд чамлахааргүй хувь нэмэртэй. Хилийн аймгууд болох Сүхбаатар, Дорнод, Хэнтийнхэн малчдынхаа нөөцийг бэлтгээд илүү гарсан өвсөө экспортлох сонирхолтой байна.
Гэтэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс экспортлохыг хориглосоор байна.
Тэд зөвшөөрөл хүсч очсон аж ахуйн нэгж, иргэдэд толгой сэгсрээд сууж байна. Хамгийн боломжтой цаг хугацаа, нөөцтэй жилд экспортоо гаргаж мөнгө олохоо бодох ёстой. Тэр боломж нь яг л энэ жил тохиогоод байна. Ялангуяа экспортлогч БНХАУ-ын Өмнөд Монголын хилийн аймгуудад энэ жил гандуу зун болсныг зүүн аймгууд ярьж байна. Тиймээс өвс хадлангийн гарц тун муу байгаа гэнэ. Тэгэхээр бид толгой өвдөхгүй өвсөө экспортлох боломж байна. Үүнийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, түүний албатууд огт тоохгүй, цаг үеэ мэдрэхгүй сууцгааж болох уу.
Нөгөө талаар өнгөрсөн өвөл нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг 10 гаруй аймаг өвс тэжээлийн бэлтгэл тааруу, болж үнэ нь ч тэнгэрт хадсан. Нийслэлд боодол өвс 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байхад орон нутагт малчдын гар дээр 30 мянгаар хүрч байсан. Хивэг ч үнэ нь тэнгэрт хадаж, 25 кг нь 20 мянгад хүрсэн байдаг. Үүнээс үүдэж улсын хэмжээнд 2022-2023 онд 3.1 сая бод мал, 2.6 сая бог мал хорогдсон. Малын хорогдлоор Увс, Завхан, Архангай, Хэнтий, Сүхбаатар аймгууд хамгийн их хохирол амссан юм. Гэтэл ийм хүнд нөхцөлд хор хохирол ихтэй өвөлжсөн хэрнээ ХХААХҮЯ хивэг экспортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Тоон мэдээллээс харахад 2022 онд 33 тонн хивэг экспортод гаргасан бол 2023 он гарсаар 5.6 мянган тонныг БНХАУ руу экспортолжээ. Яг л өвөлжилт, хаваржилтын хүнд цаг үед хивгээ экспортлоод байсан гэсэн үг. Зуд болж мал, малчид зүдэрч байхад гол тэжээл хивгийг нь гадагшаа гаргахыг зөвшөөрөөд сууж байсан дарга нар цаг сайхан, өвс хадлангийн гарц арвин жилд экспортын зөвшөөрлийг олгодоггүй нь ямар учиртай вэ. Өнөөдөр ч хивэгний үнэ өндөр хэвээр байна. Энэ нь хивгийг экспортод гаргаж, дотоодод хомсдол үүсгэж байгаатай холбоотой. Хэдийгээр экспортолж болох ч дотоодын үнэ ханшид салбарын яам бодлого баримтлах хэрэгтэй. Үнийг нь буулгаж чаддаггүй юм бол экспортлохоо зогсоосон ч буруудахгүй.
Харин үүний оронд өвс экспортлох ажилд анхаарлаа хандуулмаар байна. Гэтэл энэ тухай салбарын яамныхан тодорхой хариулт өгч чадахгүй байна. Харин өвс экспортлох зөвшөөрөл хүссэн хүмүүст ямар ч тайлбаргүйгээр татгалзсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь зөвшөөрөл өгөх нэрээр гар харж, авлига авахыг санаархаж буй явдал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Хэдийгээр хадлан тэжээл бэлтгэх цаг эхлээгүй ч экспортлох зөвшөөрлийг урьтаж авах ёстой. Одооноос зөвшөөрөл олгож байж экспортын бэлтгэл ажлууд хангагддаг юм байна. Тэгэх нь ч аргагүй. Сар хүрэхгүйн дараа ургац хураалт, өвс хадлангийн ажил буцална. Үүнээс өмнө хичнээнийг дотооддоо бэлтгэх, хэр хэмжээтэйг гадагшаа экспортлох вэ гээд улс юм бол төлөвлөгөө зорилтууд хэдэн сарын өмнөөс гарч, түүнийг ягштал хэрэгжүүлж байх учиртай. Ялангуяа цаг үеийг мэдэрсэн шийдэл, шийдвэрүүд хөдөө аж ахуйн салбарт маш чухал. Гэтэл эсрэгээр нь цаг үе хүнд байхад хивэг тэжээлээ экспортолчихдог. Дотооддоо малчдадаа хомсдол үүсгэж, эдийн засгийн хүндрэлд оруулдаг бодлого хэрэгжүүлдэг дарга даамлуудтай яам байхын хэрэг байна уу. Зуд болж байхад хивгээ гаргадаг байж, зун болж байхад өвсөө гаргаач!
Андуурагдсан гүйлгээг өөртөө үлдээж олз болгодог цаг ард үлджээ. Төв аймгийн Архуст сумын иргэн Б.Нацагийн дансанд таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн байна. Үүнийг нэгэн байгууллагын нягтлан данс андуурч шилжүүлснээр асуудал эхэлсэн аж. Уг мөнгө зээлд татагдсанаар иргэн Б.Нацагт хариуцлагын асуудал яригджээ. Асуудал дэвэрч шүүхийн танхимд хүрсэн байна. Болсон хэрэг явдлын талаар Б.Нацагаас тодруулга авлаа.
-Андуурагдсан гүйлгээг зээлд татуулсан асуудал тань шүүхийн өмнө очжээ. Тийм ноцтой асуудал болов уу. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хоёр жил орчмын жилийн өмнөх явдал шүү дээ. Наадмын дараахан гэсэн үг. Миний .. дугаар тоот дансанд нэгэн компанийн нэртэй гүйлгээгээр таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн юм билээ. Би тухайн үед үүнийг нь мэдээгүй. Гэтэл дээрх гүйлгээ нь банкны зээлд татагдсанаар асуудал ийм дээрээ тулж өндрөө авлаа. Миний хувьд банкнаас зээл авч хувийн бизнес эхлүүлээд байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Ингээд зээлээ төлж барагдуулахад хүндрэл үүсч эхэлсэн. Яг ийм үед дансанд орж ирсэн мөнгө маань зээлд татагдсанаар шүүгчээр алх тогшуулсан. Уул нь би шунахайн сэдлээр тухайн мөнгийг зарлагадаагүй. Ийм л зүйл болчихлоо.
-Таны дансанд мөнгө орж ирснийг та яаж мэдэв?
-Над руу эхлээд банкнаас холбогдсон. Тухайн үед хөдөө интернэт орох боломжгүй байсан учраас дансаа шалгаж чадаагүй юм. Ингээд сүлжээ ороод дансаа шалгахаар болсон ч нууц үгээ мартсан учраас нэвтэрч чадаагүй. Учир нь тухайн данс хар дансанд бүртгэлтэй болчихсон учраас мөнгө ороход л шууд татчихдаг байсан. Тэр бүр хэрэглэдэггүй байлаа. Гэтэл андуурсан гүйлгээ энэ данс руу маань орчихсон. Сумын төвийн банк ороод гүйлгээг шалгаад үүнийг мэдсэн. Дансанд бараг мөнгө үлдээгүй байсан. Ингээд л буцсан. Төд удалгүй цагдаагаас залгахад нь болсон явдлыг учирлахад нэн даруй төлбөр барагдуулахыг тушааж, өөдөөс янз бүрийн хууль эрх зүйн заалтууд ярьж намайг дарамталсан.
-Асуудал цаашид яаж өрнөв?
-Зээлд татагдсан мөнгийг нь барагдуулъя гэсэн ч тухайн үед надад боломж үнэхээр байгаагүй. Цагдаа дахин дахин залгаад дарамтлаад байхаар нь андуурч гүйлгээ хийсэн хүнтэй холбогдож ярьсан. Ингэхэд төлбөрийг нэн даруй барагдуулахыг шаардаж “шоронд хатаана” гэж сүрдүүлсэн. Уул нь тухайн мөнгийг би гуйж аваагүй, зээлдээгүй. Дээрэмдээгүй. Өөрөө дур мэдэн захиран зарцуулаагүй. Тухайн хүний хайнга үйлдэл л ийм нөхцөл байдалд намайг хүргэсэн. Тэгээд дарамталж дээрэлхсэн үйлдэл нь надад таалагдаагүй. Би уул нь асуудлыг эвээр шийдэх гэж их үзсэн. Сард 500 мянган төгрөг төлөөд барагдуулъя гэж гуйсан ч зөвшөөрөөгүй. Тухайн үед миний боломж ийм л байсан. Гэсэн ч заавал бөөнөөр нь өгөхийг шаардсан.
-Шүүх дээр ямар шийдвэр гарав?-Надад торгуулийн арга хэмжээ авсан. Дээрээс нь төлбөр барагдуулж, нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсан. Уул нь би тухайн мөнгийг залилж аваагүй, булааж аваагүй. Надаас огт хамааралгүй дансанд орж ирсэн гүйлгээ. Би өөрөө нөхцөл байдлыг ойлгож төлбөрийг боломжоороо барагдуулах талаараа ч хэлсэн. Гэсэн ч ийм арга хэмжээ авлаа. Анзааргагүй, хайнга нэгний үйлдэл надад хар тамга даруулчихлаа. Үүнээс үүдэж наашаа, цаашаа явах зардал, хоолны мөнгөнөөс авахуулаад сая гаруй төгрөг үрлээ. Ардах ажил цалгардаад цалин авч чадсангүй. Адгийн зарга 10 хоног гэж хоёроос гурван сая төгрөгийн цалин авах цаг, боломжоо алдлаа. Хажуугаар нь торгууль төлөхөөр болж байна. Нэмээд өнөөх андуурагдсан гүйлгээг богино хугацаанд төлж барагдуулна. Ингээд 10 орчим сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Энэ хугацаанд миний сэтгэл санаа яаж гутарсныг ээжээс минь өөр хүн мэдэхгүй. Хэн ч тоодоггүй. Шүүх энэ бүхнийг харгалзах болов уу гэж харсан ч тоосонгүй. Мөнгө орж ирэхэд нь л шууд цагдаад хандах ёстой юм билээ. Би мөнгө орж ирснийг тухайн үед нь мэдээгүй” гэв.Андуурагдсан гүйлгээ зээлд татагдсанаар хариуцлага хүлээсэн залуу ингэж ярьж байна.
Энэ асуудлын хууль эрх зүйн орчны талаар хуульч Б.Агар-Эрдэнийн байр суурийг хүргэе.
-Алдаатай гүйлгээг ямар нэгэн байдлаар зарцуулах тохиолдол бий. Үүний эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?-Иргэд андуурагдсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг мэдсээр байж завшсан нь гэмт хэрэг гэдгийг бүрэн ухамсарлаагүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна.Тодруулбал, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол хуульд заасан хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг.Гэмт хэргийн бүрэлдэ-хүүн тэй, шүүхийн байгуул-лагаас гэм буруутайг тогтоо-сон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байгаа.-Бусдын гээсэн эд хөрөнгөд эзэн нь юм шиг ханддаг нийтлэг үзэгдэл манайд бий. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх нь?-Эзэнгүй аливаа эд хөрөн гө, алдаатай гүйлгээг иргэдийн зүгээс хуулийн дагуу, эсхүл гэрээний дагуу, өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн хүсэл зоригийн үндсэн дээр олж аваагүй бол үүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ. Тиймээс иргэн танд хууль ёсны дагуу өмчлөх эрх, эзэмших эрх үүсээгүй л бол тус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн харилцаа үүсгэж болохгүй бөгөөд эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Хууль бус үйлдэлд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа учраас тухайн хөрөнгийн үнэлгээ, олж авч байгаа үйлдлээс шалтгаалж эрх зүйн санкц буюу хариуцлагын хэмжээ өөр өөр байдаг.-Бусдад учруулсан хохир лоос шалтгаалж хүлээх хариуцлага нь өөр хоо рондоо харилцан адилгүй байх нь…?-Дээр дурдсанаар үйлдсэн үйлдэл, хохирлын хэмжээнээс шалтгаалж хариуцлага өөр өөр байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол нэг сараас зургаан сар хүртэлх зорчих эрхийг хязгаарлах, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийх, 450.000 төгрөгөөс, 2.700.000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авдаг. Харин тус гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энд дурдагдсан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. Харин “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын эдийн засгийн үр ашгийн талаар судлаачийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Ерөнхий сайдын айлчлалаар сая хоёр улсын “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ. Эдийн засгийн агуулгаараа хэрхэн жин дарах вэ?
-Нэг хэсэг глобалчлал гэж их ярьдаг байлаа. Харин одоо Хятад суурьтай азийн орнууд. Нөгөө талдаа Америк суурьтай тухайн тивийн орнууд, Герман суурьтай европ тив гээд тус тусдаа бүс нутгийн хөгжил тал руугаа яваад эхэлсэн. Бүс нутаг хоорондын харилцаа бол бие биенээ дэмжихгүй чиглэлтэй. Ялангуяа Хятад гэхэд зүүн болон төв ази руу төмөр зам, урт хугацааны зээл гээд маш олон бодлого дээр хамтын ажиллагаагаа тэлж байна. Ингээд үзэхээр их гүрнүүд бүс нутаг болгондоо хүчээ хадгалах том сонирхол байгаад байгаа. Яг ийм үед Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилсан нь олон улсын анхаарлыг татаж чадлаа. Тэр дундаа манай мөнхийн хоёр хөршийн хувьд Монгол Улстай дипломат харилцаагаа сайжруулах, тусгаар тогтносон улс гэдэг зүгээс нь харах боломж өнцгийг гадаад талдаа нээсэн болов уу гэж бодож байна. Монгол Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа гэвэл уул уурхай, түүн дотроо ховор элементийг олборлоход тус улсын хөрөнгө оруулалт хийхэд хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичиг зурлаа. Манай улсын Америктай холбогдох зүйл нь уул уурхайн баялаг байдаг. АНУ бас уул уурхайн баялагтай орон. Тэгэхээр энэ салбарт Америкийн хөрөнгө оруулалтыг татах тал дээр эдийн засгийн хамтын ажиллагааны үр ашиг оршино. Дээрээс нь олон жил мөрөөдсөн АНУ руу шууд нислэг биеллээ олж чадлаа.
-АНУ руу шууд нислэг үйлдсэнээр иргэдийн хувьд ямар давуу талууд үүсэх вэ. Мөн манай улсад орж ирэх валютын урсгал хэрхэн нэмэгдэх бол?
-Одоо Америк руу очихын тулд Истанбулаар тойрч 20-иод цаг нисч хүрдэг.
Шууд нислэгтэй болсноор мэдээж нислэгийн хугацаа богиносохоос гадна тийзний үнэ хоёр дахин буурах төлөвтэй байгаа. Энэ бол иргэдэд маш том давуу тал болно. Шууд нислэгтэй холбоотойгоор жуулчдын тоо нэмэгдэх хандлага их байна. Ер нь манай хоёр орны гадаад худалдаа 200 сая ам.доллар шүү дээ. Энэ бол тийм ч өндөр дүн биш. Магадгүй хоёр улсын гадаад худалдааны дүн цаашдаа нэмэгдэх боломж нь агаарын тээвэр. Тэр дундаа аялал жуулчлал байна гэж харж байна. Ингэснээр валют ахиу орж ирэх болов уу. Өнөө жилийн зун солонгосчууд манайд их ирлээ. Энэ нь “Монголд тавтай морил” уриатай сурталчилгааг түлхүү явуулсны үр дүн байв. Үүнтэй зэрэгцүүлээд Монгол орноо Америкт сурталчилбал аялал жуулчлалыг дагаад валютын урсгал ч нэмэгдэнэ.
-Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд Америкийн хөрөнгө оруулалт аль, аль салбарт нэмэгдэхээр харагдаж байна вэ?
-Дээр дурдсанчлан уул уурхайн салбар буюу газрын ховор элемент, ураны салбарт хөрөнгө оруулалтууд бий болно. Мэдээж тээврийн салбарт тодорхой хэмжээний хамтын ажиллагаа байна. Ер нь Монголд байгаа зүйл гэвэл уул уурхайн баялаг л байна. Тэрийгээ дагасан хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орох боломжтой. Мэдээж хөдөө аж ахуйн салбарт том нөөц байгаа ч гэсэн үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгоод АНУ-руу экспортлох боломж одоогоор харагдахгүй байна. Гол хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орж ирэхээр хүлээгдэж байгаа. Мэдээж хамтын ажиллагааны санамж бичиг учраас олон процесс үргэлжилнэ.
-Манай улс NASA-тай хамтарч ажиллахаар болжээ. Шинжлэх ухаан технологийн дэвшил эдийн засгийн өсөлтийг сайжруулахад нөлөөлнө гэж байсан. Хөрш орнууд яаж хүлээж авах бол?
-Энэ тал дээр тодорхой бус зүйл байгаа. Мэдээж туршилтын янз бүрийн байгууламж барих юм бол хоёр хөршийн бодлого юу гэж харах вэ гэдэг нь чухал өнцөг л дөө. Тэгэхээр ямар байдлаар хамтарч ажиллах гэж байгаагаа тодорхой болгосон нь дээр байх. Одоогоор талууд санал нэгдсэн байна. Хамтын ажиллагаа тодорхой болсны дараа эдийн засгийн өсөлтийг сайжруулахад яаж нөлөөлөх нь тодорхой болно. Нөгөө талд хоёр хөрш яаж хүлээж авах вэ гэдгийг улс төрийн хэмжээнд сайн харах ёстой. Хайтангтон “1990-ээд оноос хойш үеийн үед Монгол Улсын тусгаар тогтнолын гол баталгаа бол ардчилал шүү. Ардчилал эрх чөлөөгөөрөө Монгол Улс цаашдын баталгаагаа хангаж явна” гээд судалгаандаа хэлсэн байдаг. Тэгэхээр бид гуравдагч хөршийн бодлогыг онцолж байгаа. Гуравдагч хөршийн бодлого гээд ярихаар тухайн улсын хөрөнгө оруулалт манай нутаг дэвсгэрт орсон байх ёстой.
Дээрээс нь тэдний ашиг сонирхол давхар хөндөгдөж байж тэдний хувьд бид ач холбогдолтой чухал болно. Тэрнээс энх цагт гуравдагч хөрш гээд хэн ч сайхан яриад л байна. Жишээлбэл, Канадын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Энэ бол бодит хөрөнгө оруулалт хийчихсэн хамгаалах ёстой компани нь байгаа учраас гуравдагч хөршийн бодлогыг бүгдээрээ ярьж болно. Тэгэхгүйгээр ямар ч эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй бол бэлгэдэл төдий зүйл болох эрсдэлтэй. Цаашид бид гуравдагч хөршийн бодлогоо эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд сайн хөгжүүлэх ёстой. Дээрээс нь урд, хойд хөрштэйгөө гадаад худалдаа, улс төрийн хувьд бие даасан залгамж халаатай бодлогыг хэрэгжүүлээд явах нь чухал.
-Ерөнхий сайдын айлчлалын үеэр талууд хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсны дотор манай улсын Оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газартай хамтран ажиллахаар болжээ. Үүний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Хил гаалиар гарах бараа бүтээгдэхүүнд чанарын шаардлага хангасан байх ёстой гэсэн том шалгуур тавьдаг шүү дээ. Гэтэл манай улс байнга унадаг. Наад зах нь стандартын мах, ямар нэгэн бүтээгдэхүүн гаргах боломж хомс байдаг. Тэгэхээр саяын айлчлалаар манай Оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газартай хамтарч байгаа нь цаашид экспортын шаардлага хүрэлцээнд эерэг нөлөө үзүүлнэ. Том зургаараа гадаад худалдааг дэмжих гол суурь нь гэж ойлгож болно.
Дахин хэлэхэд манай улсын бараа бүтээгдэхүүн дэлхийн стандартад байнга бүдрээд байдаг учраас Америкийн Патент, барааны тэмдгийн газартай хамтрах нь өөрөө тодорхой стандартуудыг хангах, дэлхийд экспорт хийх боломжуудыг нээж өгнө.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 5-ны өдөр орж эхэлсэн аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, Дарь-Эх, Монель, Шинэ монель, Цагаан даваа орчмын айлууд үерт автсан. Иймд айлуудын жорлон хальж орчны бохирдол үлэмж нэмэгдсэнээр гэдэсний халдварт өвчин ихсэх эрсдэл бий болсон. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Б.Болормаатай цаг үеийн нөхцөл байдлыг тодруулан ярилцлаа.
Үер болсны маргааш буюу наймдугаар сарын 6-наас эхлээд БЗД-ийн 21 дүгээр хороонд нийт зургаан тохиолдол хордлогот суулгалт гэж оношлогдсон. Гэхдээ энэ тохиолдлыг лабораторид шинжлээд нянгийн халдвартай эсэхийг хараахан гаргаагүй. Товчхондоо илэрсэн шинж тэмдгээр нь оношилсон. Ер нь хөрсний бохирдлоос үүдээд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсөд цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Үүнд цусан суулга, гэдэсний хижиг, сальмонеллёз, бусад хордлогот халдвар нярай болоод сургуулийн насны хүүхдүүд дунд улам гаарах эрсдэлтэй.
-Удахгүй хичээлийн жил эхлэх гэж байна. Энэ үеэр энэ халдварт өвчлөлүүд улам ихсэх эрсдэл юу?
-БЗД-ийн хэмжээнд энэ сарын 1-13-ны өдрүүдэд ХӨСҮТ-д 44 хүн цусан суулга өвчний оноштой очсон. Үүнээс 23 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид ч энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Уг нянгийн халдвараар голчлон бага насны хүүхдүүд мэдрэмтгий байдаг. Учир нь хүүхдүүд гадаа тоглох явцдаа орчны бохирдолд шууд хүрэлцэж байдаг. Эрүүл ахуйн хүрээнд наад зах нь гараа угаахгүй, гаднаас худалдаж авсан жимс ногоог угааж, ариутгалгүй шууд хэрэглэж байна. Иймд иргэд өөрсдөө, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гарыг тогтмол угаалгаж, халдваргүйжүүлэх нь энэ эрсдэлээс сэргийлэх гол алхам.
-Гэдэсний халдварт өвчлөл эдгэрэх явц хэр хугацаа зарцуулдаг юм бол. Эм тарианы олдоц хэвийн үү?
-Дунджаар 7-14 хоногт бүрэн эмчлэгддэг. Цаашлаад өвчтөний хүнд хөнгөн зэргээр нь ангилан хүндэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өвчтөний сорьцыг ХӨСҮТ-ийн лабораторид оношлон ямар төрлийн, юунаас үүссэн нян болохыг тогтоон шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Харин хөнгөн зэргийн халдварт өвчлөлийг Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрт нь тусгаарлаж, эмчийн хяналтад авч байгаа. Эм тарианы олдоц хэвийн хэмжээнд байна.
-Энэ удаагийн үерээс үүдсэн агаар хөрсний бохирдол хүнсний чанарт нөлөөлөх үү?
-Үерт өртсөн айл өрхүүд гэртээ байсан хүнсний бүтээгдэхүүнүүдээ шууд ариутгалгүй хэрэглэж байгаа тохиолдол элбэг ажиглагдаж байна. Үерийн нянгаар бохирдсон хүнсээ устгах хэрэгтэй. Ариутгал хийсэн ч нөлөөлөхгүй болов уу хэмээн эмч хүний зүгээс харж байна. Хэрэв хэрэглэсэн тохиолдолд гэдэсний халдварт өвчлөл, хордлогот халдвар болох эрсдэлтэй. Мөн үерээс болж бохирдсон орчинд хүнсээ ил задгай хадгалахгүй байх хэрэгтэй. Гадуур ил зарагддаг хүнсний ногоо, жимс жимсгэнэ авахдаа гарал үүсэл нь тодорхой эсэх дээр анхаарахыг зөвлөж байна.
Манайд дан ганц энэ зун гэлтгүй жил бүрийн хавраас эхлээд гэдэсний суулгалт нэмэгддэг. Иргэд үерийн улмаас дэгдэлт үүсэх вий гэх айдастай байгаа байж магадгүй. Саяны үерийн үед шуурхай хариу арга хэмжээг авсан. Мөн л ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих түвшинд хийсэн. Одоогоор бол дэгдэлт үүсээгүй байна. Модон жорлонтой айл өрхүүд бие засахдаа солих углааш зэргийг бэлдэх хэрэгтэй. Гадны нян гутлын улаар гишгэгдэн гэрт орж агаарт тархах магадлалтай. Үерээс үүдэж усны түвшин нэмэгдсэн үед бохир халих асуудал үүссэн учир айл өрх бүр дор бүрнээ хувийн болоод ахуйн ариун цэврийг сайтар сахих нь чухал.
-Өнгөрсөн долдугаар сард гэдэсний суулгалт маш их байсан талаар дуулдаж байна. Ямар учиртай юм бол?
-Өнгөрсөн сард гэдэсний суулгалтын жилийн оргил үе байлаа. Манай дүүргийн хэмжээнд гэхэд л 83 тохиолдол илэрснээс 13 нь цочмог цусан суулгалт байсан. Харин энэ энэ сарын эхээр 44 тохиолдол илэрч зургаа нь цочмог усархаг суулгалт гэж оношлогдоод байна. Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомлоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цочмог цусан суулга гэдэг. Дээрх тоо өмнө жилийг бодвол улам нэмэгдэх төлөвтэй болсон.
-Тэгвэл уг төрлийн халдварт өвчлөлийг хэрхэн бууруулах вэ. Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Гэдэсний халдварт өвчин дөрөвдүгээр сараас огцом нэмэгдэж есдүгээр сарын үеэс буурч эхэлдэг. Шат шатны боловсролын байгууллагуудад гэдэсний халдварт өвчин гэхээсээ илүүтэй амьсгалын замын халдварт өвчин нэмэгддэг. Зарим тохиолдолд гэдэсний цусан суулгалт зэргийн өвчлөл ханиадтай хавсарч илүү хүндэрдэг аюултай. Тиймээс иргэд дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиж, эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ гарал үүслийн тодорхойгүй чихэр, жимсний хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй байгааг дахин хэлье.
-Бас энэ зун хүмүүс шумуулд хатгуулснаас болж тухайн газар хавдаж, буглаа үүсэн мэс засалд орох тохиолдол элбэг байгаа юм байна. Шумуулд хатгуулсан тохиолдолд иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Буглаа, идээт халдвараар өвчлөөд мэс ажилбарт орсон иргэд цөөнгүй байна. Хүн бүрийн бие физиологийн шинж чанар болоод дархлаанаас хамаарч шумуулд хазуулаад буглаж болно. Зарим нь загатнахаас өөр зовиургүй байгаа тохиолдол бий. Хэдий тийм ч гарын ариун цэврийг сахиж, тухайн хатгасан газрыг маажиж гарын хор оруулахгүй байх нь чухал.
Энэ удаагийн “Ном ярьж өгье” буланд Голландын алдарт уран зураач Винсент Ван Гогийн “Дүүдээ бичсэн захидлууд” номыг товчлон хүргэж байна.
2023 оны нэгдүгээр сард худалдаанд гарсан тус номыг орчуулагч Б.Гэрлээ монгол хэлнээ хөрвүүлэн хүргэжээ.
Уг номын тухай өгүүлэхэд номын зохиолч амьдралынхаа туршид 2000-аад захиа бичиж, ихэнх захидлаа Парист уран зургийн наймаа хийдэг дүү Тео Ван Гогтоо хаягладаг байв.
Хүний амьдралын жаргалтай, гунигтай хором мөч бүр хэрхэн өнгөрдөг талаар “Дүүдээ бичсэн захидлууд” гэх номоос уншиж болно.
Тэрээр нийт захианыхаа 800 гаруйг дүү Тео Ван Гогтоо бичдэг байсан ч дүүгээс нь түүнд 80 гаруй захиа ирсэн гэдэг.
Арав гаруй жилийн турш дүүдээ бичсэн энэ захидлуудад зураачийн зан суртахуун, хүмүүжил төлөвшил, үзэл санаа шингэжээ. Ерөнхийдөө хоёр хүний харилцан захидал гэхээс илүү ах нь дүүдээ өөрийнхөө байгаа байдал, өөрт тохиолдсон явдал, хобби, өөрийн зурах гэж буй зургийнхаа өнгө үзэмж, тухайн цаг үеийн улс төрийн асуудал, алдартай зураачдын тухай, философи гээд маш олон зүйлийн тухай бичсэн захидал юм.
1890 оны зургадугаар сарын 4… Одоогоор эмчийн хөргийг зурж байна. Саравчтай цагаан малгайтай, гэрэл цацарсан цайвар гэзэгтэй, гарын сарвуу нь мөн цайвар, хөх хүрэмтэй, гүн цэнхэр дэвсгэртэй хөрөг зураг дээр тэрээр шар ном, нил цэцэгтэй мөчир тавьсан улаан ширээг тохойлдон сууна. Энд ирэхдээ авчирсан миний өөрийн хөрөгтэй их төстэй эд. Гаше гуай хөргөө хараад ёстой л алмайран гайхаж, өөртөө ав адилхныг зурж өгөөрэй гэж шалах боллоо. Би ч зурахдаа дуртай байна” гээд л тухайн мөчийг цаасан дээр буулган сууна.
Тэрбээр хааяа “Ах нь энд ирээд хэдхэн сар болж байгаа ч Парист байсан бол цагийн дотор хүрээ хэмжүүргүйгээр завь зурж чадахгүйгээ мэдээд байна. Тиймдээ ч ажилласан хүн ам тосодно гэж ярьдаг нь үнэн юм шүү. Бага цэцэрлэгт хүрээлэнгийн шавар шавхайд хатаж гандан буй сайн зураачдыг энд авчрах бэлтэй болох сон…” хэмээн санаа алдан бичнэ.
Тэр дүүдээ илгээсэн захидалдаа “Миний ирээдүй илүү тодорч, амьдрал минь илүү хялбар болж эхэлж байгаа санагдаж байна. Бүх зүйл өөрчлөгдөж байгаа ч миний доторх бодол, аливааг харах өнцөг минь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Надад гарсан өөрчлөлт гэвэл хийж байгаа зүйлдээ улам гүнзгий дурлаж, цаашид хийх зүйлдээ итгэх итгэл минь ундарсаар байна” хэмээн бичиж байв.
Түүнчлэн захидал бичихийнхээ хажуугаар уран зураг зурж явуулна. Ван Гогийн хамгийн алдартай зургуудын нэг болох “Одод түгсэн шөнө”-ийг ихэнх хүмүүс шөнийн тэнгэрийн оддыг харангаа зурсан гэж боддог. Гэвч тэрээр энэхүү зургаа эмнэлгийн өрөөнөөс төсөөллөөрөө зуржээ. Энэ тухай ч тэр дүүдээ дурдсан байдаг.
Винсент Ван Гогийн зургууд дундаас Наран цэцэг болон Одтой шөнө хэмээх зургууд нь түүнийг алдартай болгосон аж.
1885 оны дөрөвдүгээр сар, Нюэнэн … Тариачдын зургийг засч өнгөлөх шаардлагагүй. Зургаас өөх тос, утаа тортог, төмсний уур ханхалж байвал онох нь тэр. Буй байдал тийм юм. Үхрийн хорооноос өтөг үнэртвэл сайн. Хороо ийм л байдаг. Тариан талбайгаас хөх тариа, төмс, сангас, өтөг ханхийвэл тэр тусмаа хотынхон зүйтэй гэж үзнэ. Зургийг минь үл ойшоосон Дюран-Рюэльд юутай ч “Төмс идэгчид”-ийг үзүүлээрэй. Хачин муухай юм гэх нь тодорхой ч тэр хамаагүй. Үзээд эрэл сурал минь эрчтэй байгааг мэдрэг… хэмээн нэгд нэгэнгүй тайлбарлаж бичнэ. Энэ хэсэгт өгүүлэх төмсөөр хооллож буй гэр бүлийн зургийг зурахын тулд хэдэн сарын турш уг зургийнхаа бүтцийг ажилласан гэдэг.
Энэ мэтчилэн зохиолчийн зурсан зураг, түүний сэтгэл хөдлөл, хэрхэн амьдарч, юу мэдэрч байсныг дээрх номоос нь уншаарай.
Эмнэлэгт үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 13А маягтын талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэнгээс тодрууллаа.
-Цахим орчинд иргэдийн дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой бухимдал, төөрөгдөл үүсгээд байгаа 13А гэж ямар учиртай маягт вэ?
-Эрүүл мэндийн тухай хуулиараа эрүүл мэндийн салбар 1000 гаруй стандарт, 2000 гаруй удирдамж, зааврыг хэрэгжүүлж байна. 13А маягт бол тэдгээрийн нэг бөгөөд тухайн өвчтөнийг оношлох, онош тогтоох, эмчлэх зорилгоор дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээдэг бичиг.
Эрүүл мэндийн салбар Эрүүл мэндийн тухай хуулиараа анхан буюу лавлагаа шат гэсэн хоёр шатлалтай ч ард иргэд нэг, хоёр, гуравдугаар шатлал гэхэд илүү сайн ойлгодог. Нэгдүгээр шатлалд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрх, сум, сум дундын эмнэлгүүд, хоёрдугаар шатлалд дүүргийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд, гуравдугаар шатлалд төрөлжсөн буюу лавлагаа шатлалын эмнэлгүүд ордог. Тэгэхээр 13А нь эдгээр шатлал хооронд өвчтөн илгээх маягт юм.
-Иргэдийн зүгээс эмнэлэгт цаг авахад хүртэл 13А маягт шаардаж байгаад их бухимдаж байна. Энэ асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэж болохгүй юу?
-Манай эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Энэ тогтолцоогоор эрүүл мэндийн байгууллага иргэдэд чанартай тусламж үйлчилгээ хүргэснийхээ үр дүнгээр санхүүжилтээ ЭМД-ын сангаас авах бөгөөд 13А маягтыг цахимжуулснаар тусламж үйлчилгээний ачааллыг зөв зохицуулах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Эмнэлэгт үзүүлэх цаг авахын тухайд иргэн И-Монголиа, лавлагаа, өөрөө биеэрээ очих зэрэг хэд хэдэн арга байгаа. Дүрэм журмаараа бол иргэн хаалга баригч буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах бөгөөд боломжгүй бол дараагийн шатлалын эмнэлэгт илгээх ёстой юм.
13А буюу өвчтөн илгээх маягтыг нэвтрүүлэхээр манай улсад 1998 оноос ажиллаж эхлээд 2000 оноос өрхийн эрүүл мэндийн тогтолцоотой хамт хэрэгжсэн. Тухайн иргэний эрүүл мэндийн байдлыг үнэлээд дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг бичиг шүү дээ. Үүнийг цахимжуулсан гэхээр иргэн И Монголиа дээр 13А маягт байдаг, түүнийг нь хүссэн үедээ аваад эмнэлэгт үзүүлнэ гэж ойлгоод байна. 13А маягт гэдэг нь анх удаа гарчихсан, иргэн болгонд цахим дээр нээлттэй байдаг зүйл биш. Эмч үзэж, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргаж байж хаана үзүүлэх ёстойг тодорхойлох ёстой биз дээ. Цаг авна гэдэг нь анхан шатны байгууллага эсвэл лавлагаа шатлалын байгууллагаас эхнээс нь үзүүлж байна уу, давтан үзлэгт орж байна уу гэдгийг чиглүүлж байгаа бичиг баримт.
-Наймдугаар сарын 1-нээс хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдэд ачаалал үүсгэж байна. Өмнө нь утсаар яриад авчихаж болдог байсан гээд байгааг яаж шийдэх вэ?
-Бидэнд чанартай тусламж үйлчилгээ маш чухал байна. Төрийн анхан шатны 535 байгууллага, лавлагаа шатлалын 68 байгууллага байгаа. Эдгээр бүх байгууллагын ачааллыг бууруулах гэж зохицуулагдсан маягт бол 13А юм. Нөгөө талаас иргэнийг чирэгдүүлэхгүйгээр маш оновчтой зөв газар руу илгээхэд чиглүүлж байгаа бичиг баримт юм.
Өрхийн эмнэлэг дээр яагаад ачаалал үүсч байгааг ойлгохгүй байна. Тус байгууллага харьяаллынхаа өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцаад гэрээ хийгээд ажиллаж байгаа шүү дээ. Иргэнийг хамгийн анхан шатанд үзэх ёстой гол нэгж нь өрхийн эмнэлэг. Өвдсөн бол эхлээд өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. 13А бол эмч үзээд эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгдөг маягт болохоос хэн хүссэн нь утсаар яриад авчихдаг зүйл биш л дээ.
-Зарим тусламж үйлчилгээг 13А маягтгүй үзүүлж болох ч дараагийн холбоотой үйлчилгээг авахад шаарддаг гэж иргэд бухимдалтай байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Жишээ авъя. Би өрхийн эмчдээ үзүүлэхэд намайг зүрх судасны өвчтэй гэж оношлоод 13А маягттай Нэгдүгээр эмнэлэгт илгээлээ. Очоод зүрх судасны тасагт үзүүлсний дараа тархи, мэдрэлийн амбулаторит үзүүлэх шаардлагатай боллоо. Энэ тохиолдолд би дахиж 13А маягт авах шаардлагагүй. Учир нь миний анх ирсэн онош дээр нэмж байгаа хавсарсан онош юм. Эмч нар үүнийг хавсарсан оношоор явуулахад л болно. Эрүүл мэндийн байгууллагуудад арав гаруй ийм тохиолдол гарсныг засч сайжруулаад, эмч нарт тодорхой мэдээллүүдийг өгөөд явж байна.
ЭМДҮЗ-ийн долдугаар сарын 28-ны наймдугаар тогтоол наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нэмэлтээр 0-18 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх хяналтыг 13А маягт шаардахгүй болгож тусгасан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг зохицуулах өөрөөр хэлбэл гуравдугаар шатлалын эмнэлгүүд хүнд оноштой хүнээ авч чадахгүй, анхан шат, хоёрдугаар шатлалаас тусламж үйлчилгээ авч болох хүмүүст үйлчилж цаг алдах, чирэгдэл үүсэх зэрэг асуудал байгааг өөрчлөхөд үр дүнгээ өгөх учраас иргэнд ээлтэй зохицуулалт гэж харж байгаа.