Categories
нийгэм цаг-үе

Гарааш байсан газрыг тохижуулав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн баруун талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн тухайн газрыг нөхөн сэргээж, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дууслаа.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэв.

Categories
эдийн-засаг

Улаанбаатар хотод 1363 чингэлэг ачаа байна DNN.mn

2023 оны долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбаатарт нийт 1363 чингэлэг ачаа, Замын-Үүдэд 234 импортын чингэлэг байна.

Нийслэлд буй 1363 чингэлгийн ихэнх хувийг импортын авто машин эзэлж байгаа юм. Ачааг иргэд, аж ахуйн нэгжүүд буулгаж авсны дараа хоосон чингэлгийг БНХАУ-руу өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгнө.

2023 оны долдугаар сарын 1-23-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын Үүд чиглэлд 53 галт тэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол Улс руу явах 4000 чингэлгийн үлдэгдэлтэй байна. Тяньжин боомтоос хөдөлсөн ч Замын-Үүд рүү орж ирэх хугацаа ойролцоогоор 10 хоног зарцуулдаг.

Хятадын төмөр замын төлөвлөгөө хувиараар хоногт 1.4 галт тэрэг /1 галт тэрэг 50 вагон: 50*1.4=70 вагон/ хоногт манай улс руу ачиж явуулдаг.

Тяньжин боомтоос чингэлгийн их хэмжээгээр татах үед нийслэлд чингэлгийн бөөгнөрөл үүсдэг. Шалтгаан нь нийт импортын чингэлэгтэй ачааны 60 орчим хувь нь автомашин байдаг. Иргэд шуурхай хугацаанд авахгүй чингэлэгт нь удаан хугацаанд хадгалуулснаар бөөгнөрөл үүсдэг.

Түүнчлэн хятадаас ачаатай чингэлэг авах, хоосон чингэлэг буцааж өгөхөд удааширч байгаа байгаа шалтгаан нь Эрээн өртөө манайхаас өргөн царигаар хоногт чингэлгийн 4 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай холбоотой.

УБТЗ дээрх хоёр нөхцөл байдлыг уялдуулж тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
story-news

ТОЙМ: “Нийслэл хотод амьдрах дүрэмтэй болъё​” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Нийслэл хотод амьдрах дүрэмтэй болъё​” хэмээн өгүүллээ

Categories
гадаад шинжлэх-ухаан-технологи

Олон тооны лугшагч од шинээр илрүүлжээ DNN.mn

Дэлхийн хамгийн том, Хятадын FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) радио дуран авай 2016 онд ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй лугшагч /пульсар/ одыг шинээр илрүүлжээ. FAST-ийн илрүүлсэн эдгээр шинэ одны тоо энэ хугацаанд гадаадын дурангуудаар илрүүлсэн одны тооноос гурав дахин их байгааг уг дуран авайн ерөнхий инженер Жян Пэн онцолжээ.

Лугшагч буюу маш хурдтай эргэлддэг нейтрон од нь супернова гэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас мөхөж буй асар том од буюу нарны цөмөөс үүсдэг. Гэхдээ ихэнх од болох нарнууд зул шиг зүгээр л мөхөн гэрэлтэхгүй болдог бол цөөн нь л лугшигч од болон үлдэж улмаар дэлбэрч сүйрдэг аж. Иймээс лугшигч оддыг ажиглах нь FAST-ийн хувьд ажиглалтынх нь мэдээллийг таталцлын цацраг, хар нүх байгааг батлахад, мөн физикийн бусад олон чухал асуултын хариултыг олоход ашиглаж болох чухал даалгавар юм.

Сүүлийн жилүүдэд FAST радио тэсрэлт, ионжоогүй атомын устөрөгчийн хий, лугшуур оддыг судлахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд Орчлон ертөнцийн бүтцийг ойлгох боломжийг ихээхэн өргөжүүлжээ.

Энэ жил уг дуран авай хос одны системтэй пульсаруудын хувьд нэг одоо тойрон эргэх хамгийн богино буюу 53 минутын хугацаатай хос лугшагч одоос гадна, наногерцийн таталцлын долгион оршин байгааг нотлох гол нотолгоог олж илрүүлсэн байна. FAST буюу “Хурмастын мэлмий” хэмээн нэрлэдэг энэхүү дуран авайн голч нь 500 метр бөгөөд үүнээс өмнө дэлхийн хамгийн том гэж тооцогддог байсан Пуэрто-Рикогийн дуран авайн диаметр нь 305 метр юм.

Г.АМАРСАНАА

Categories
нийгэм цаг-үе

Олон улсын химийн олимпиадаас Монгол улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ DNN.mn

“IChO 2023” буюу Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ оны долдугаар сарын 16-25-нд зохион байгуулагджээ.

Нийт 87 орны 348 сурагч оролцсон тус олимпиадад манай улсын дөрвөн сурагч оюунаа уралдуулж хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртсэн байна.

Тодруулбал:

  • Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль
  • Орчлон сургуулийн сурагч Б.Номин-Ундрах хүрэл медаль
  • Шинэ Монгол Харумафужи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай байрын шагнал хүртэв.

Олон улсын химийн олимпиадын хаалтын үйл ажиллагаа долдугаар сарын 24-нд болж, байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулжээ.

зураг
Categories
мэдээ онцлох-нийтлэл улс-төр

Г.Түвдэндорж: Монголд одоогийн байдлаар 226 мянган жуулчин ирлээ. Үр дүнд нь валютын орлого 120 сая ам.долларт хүрч гурав дахин өссөн байна DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Наадмын өмнө Монголын эдийн засгийн чуулган болсон. Энэхүү чуулганы гол зорилго ач холбогдлын талаар та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Энэ удаагийн чуулган манай улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэх зорилгоор зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээнд анх тооцоолсноос хоёр дахин илүү буюу 2.450 төлөөлөгч оролцсоноос 500 орчим дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын корпорацийн төлөөлөгчид, хүндэт зочид хүрэлцэн ирсэн. Мөн гадаад, дотоодын 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагууд чуулганы үйл ажиллагааг шууд дамжуулан, олон нийтэд мэдээлж ажиллаа. Чуулганы эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг үндсэн хэлэлцүүлгүүд дээр нэмэгдээд бодлого боловсруулагчид болон бизнесийн манлайлагчид хоорондын ярилцлага, олон улсын голлох үзүүлэлтүүд болон өрсөлдөх чадварын индекст эзлэх байрыг хэрхэн ахиулах талаарх хэлэлцүүлэг, оюутан, залуучуудын дунд технологийн шийдлүүдийг эрэлхийлэх хакатон, шинэ үеийн залуусын үзэл бодол, саналыг сонсох, нээлттэй асуулт, хариулт, ярилцлага, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга болон хувийн хэвшлийн нэр бүхий компаниуд нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан зэрэг чухал ач холбогдол бүхий арга хэмжээ зохион байгууллаа. Эдгээр бүх арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн ойлголцлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын дунд нетворк үүсгэж, харилцан хөрөнгө оруулалт хийгдэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж бодож байна.

-Эдийн засгийн чуулган бүрээр монголчуудын хүсдэг гол зүйл бол гадны хөрөнгө оруулагчдыг татах. Нөгөөтэйгүүр тэдний Монголд хөрөнгө оруулах сонирхол, таатай орчныг бид бүрдүүлэх шаардлагатай. Энэхүү чуулганы үеэр гадаадын хөрөнгө оруулагчид биднээс юу хүсч байна вэ. Тэднийг оруулж ирэх орчныг бид бүрдүүлж чадсан уу?

-Тухайн улсын хөрөнгө оруулалт, бизнесийн талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь хэр тодорхой, ойлгомжтой вэ гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгдөг. Ялангуяа тэдний бизнесийн найдвартай байдлыг хангах, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр төрөөс баталгаа гаргах, дэмжлэг үзүүлэх, аливаа бизнесийн маргаан гарсан тохиолдолд хаана хандах, хэрхэн шийдвэрлэх тогтолцоо тодорхой байгаа эсэх нь хамгийн чухал байдаг. Хөрөнгө оруулагчдад тулгардаг асуудлыг бүрэн шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх ашгийг хамгаалах, институтийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах чиглэлээр манай яамнаас хийж буй ажлууд тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч, хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулан, байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2019 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчдаас гаргасан 32 гомдлын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдлыг шийдвэрлэх талаар үүрэг даалгавар өгсөн.

-Эдийн засаг, хөгжлийн яам бол шинэ бүтэц. Гэхдээ энэ цаг үед яалт ч үгүй голлох яамдын нэг болох ёстой. Тэр утгаараа танай яамны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого ямар түвшинд явж байна вэ?

-Яам байгуулагдаад жил гаруй хугацаа болж байна. Манай яам нь улсын макро эдийн засгийн бодлого, хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улс орны эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь сайжруулах чиг үүрэгтэй. Мөн Үндсэн хуульд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд нэгдмэл цогц, залгамж чанартай, харилцан уялдаатай байх ёстой. Энэ хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, салбар дундын бодлогын уялдааг хангаж, нэгдсэн төлөвлөлт, тооцоо судалгаагааг салбар бүрээр хийж ажиллаж байна.

-Энэ жилийг бид Монголд зочлох жил болгон зарласан. Нэг талдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх нөгөө талдаа гадаадаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой гэж бодож байна. Яг одоогийн байдлаар валютын дотогш чиглэсэн урсгал ямар хэмжээгээр нэмэгдээд байна вэ. Үүнээс гарах ач холбогдол нь юу байгаа вэ?

-Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны есдүгээр сарын дундуур 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан. Энэ үед “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлуулсан. Тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлын хэрэгжилтийг хангах, хяналтыг тавих чиг үүрэгтэй ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Сая дурдсан ажлууд болон манай улсын эдийн засгийн бусад бодлогын үр дүнд 2022 оны 11 дүгээр сараас экспортын орлого, гадаад валютын орох урсгал нэмэгдэж 2023 оны зургаадугаар сарын байдлаар 3.8 тэрбум төгрөгт хүртэл өсөж, бараа үйлчилгээний импортын 4.6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн. Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр энэ үзүүлэлтийг гурван сар ба түүнээс дээш байх нь зохимжтой гэж үздэг. Гадаад валютын албан нөөц нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжиж, энэ оны гуравдугаар сараас эхлэн чангарч эхэлсэн. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжсоны нөлөөгөөр инфляцийн түвшин буурах эерэг нөлөөг үзүүлж эхэлсэн. Мэдээж Засгийн газрын бодлоготой зэрэгцэн инфляцийн эсрэг мөнгөний бодлогын тохируулгууд хийгдсэнийг дурдах хэрэгтэй. Улмаар цар тахлаас хойш хамгийн оргил үедээ 16.1 хувь байсан жилийн инфляци буурсаар одоо 10.6 хувьд хүрсэн. Энэ сараас эхлэн нэг оронтой тоонд орох байх гэсэн хүлээлттэй байна. Манай улсын валютын орлогын дийлэнх хувийг уул уурхайн экспорт болон гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлдэг хэдий ч бид валютын орлогыг нэмэгдүүлэх бусад салбаруудаа анхаарах шаардлагатай. Аялал жуулчлалын салбар бол манай валютын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх нэг чухал салбар юм. 2023-2025 оны хооронд гадаадын 34 улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлахад визийн шаардлагаас түр чөлөөлөх арга хэмжээг авсан. Мөн бусад арга хэмжээнүүдийн нөлөөгөөр Монгол Улсад 2023 оны эхний хагасын байдлаар 226 мянган жуулчин ирсэн нь нь өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгдсэн байна. Үр дүнд нь энэ оны эхний хагаст жуулчлалын валютын орлого 120 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн байна. Энэ дүн дээр нэмэгдээд олон улсын нислэгийн үйлчилгээний орлого мөн валютын орлогыг нэмэгдүүлсэн.

-Монгол Улсын макро эдийн засгийн байдал ямар хэмжээнд өсч байна. Цаашид бид эдийн засгаа тэлэх, солонгоруулахын тулд ямар бодлого баримталж, юунд анхаарах шаардлагатай вэ?

-Манай улсын бодит ДНБ-ний хэмжээ 28.5 их наяд төгрөгт хүрч, цар тахлын өмнөх түвшнээ давж, эдийн засгийн өсөлт таван хувиар тэлсэн. Бүтцээр нь задалж харвал худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн байна. Гэсэн ч цар тахал тохиолдоогүй байсан гэж төсөөлөөд тооцоолол хийвэл цар тахлын өмнөх үеийн эдийн засгийн өсөлтийн урт хугацааны трэндийн түвшиндээ хараахан хүрээгүй байна. Манай эдийн засаг уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс өндөр хамааралтай, гадаад зах зээлийн сөрөг нөлөөнд эмзэг байдалтай байна. Түүнчлэн, Монгол Улс нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн түвшнээрээ дэлхийн 141 оронд хийгдсэн судалгаагаар 102-т жагсаж, сүүлийн 15 жилд экспортын сагсанд ердөө дөрвөн төрөл зүйлийн бүтээгдэхүүн шинээр нэмэгдсэн байна. Иймд үйлдвэрлэлийн өсөлтийг эрчимжүүлэх, салбаруудыг төрөлжүүлэх, экспортын голлох салбаруудын боловсруулалтын түвшнийг ахиулах, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдыг татах бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна. Он гараад хагас жилийн хугацаанд уул уурхай, тээврийн салбарын өсөлтийн нөлөөгөөр эдийн засагт эерэг үр дүн гарч, нэгдүгээр улиралд эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар өслөө. Бидний тооцоогоор оны эцэст гэхэд 6.0 хувиар өсөх эерэг хүлээлттэй байна.

-Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт сүүлийн байдлаар ямар гарч байгаа вэ. Цаашид гадаад худалдаанаас олох ашгаа бид хэрхэн нэмэгдүүлэх ёстой юм бэ?

-Засгийн газраас богино хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс дурдвал бүх төрлийн арьс, ширийг экспортод гаргах, үхрийн махнаас бусад махны экспортын квотыг цуцлах, угаасан ноолуурыг хилээр гаргахгүй байх хоригийг түр хойшлуулах зэрэг бодлогын арга хэмжээг авч ажилласан. Ингэснээр 2023 оны эхний хагас жилийн байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспорт 150 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 66 дахин, арьс, ширний экспорт гурван сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 74 хувиар өсөөд байна. Цаашид гадаад худалдаанаас олох ашгийг нэмэгдүүлэх хүрээнд гадаад худалдааны орчин, экспортын үйл ажиллагааг сайжруулж, худалдааг хөнгөвчлөх хэд хэдэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 178 дугаар тогтоол”-ыг батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тогтоолын хүрээнд гадаад худалдааны цахим нэг цонхны системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гадаад худалдааны явцад бүрдүүлдэг баримт бичгийн тоог цөөрүүлэх, давхардлыг арилгах, үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа болон зардлыг бууруулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний татварыг хувааж төлөх буюу хойшлуулах, экспортын бүтээгдэхүүнд шаардагдах импортын орц, завсрын бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ.

-Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд засаглал, эрх зүйн орчны реформ хийж байгаа гэж та хэлж байсан. Яг ямар реформ хийж байна вэ?

-Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах буюу шинээр хөрөнгө оруулалт орж ирэх үеийн бүртгэл, тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчилж, хөрөнгө оруулалтын үе шатад тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагаа шуурхай явуулах нөхцөлөөр хангах, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. УИХ-аас 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаас хойш нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон боловч дийлэнх нь бусад хуулийг дагалдаж орсон өөрчлөлт тул хуулиар зохицуулж буй зарим төрлийн харилцааг тодруулах, хууль хоорондын уялдааг сайжруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа. Манай яамнаас эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлж байгаагийн дотор хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д энэ оны зургаадугаар сард өргөн бариад байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь эдийн засгийн бүх салбарыг хамарсан ерөнхий хууль учир нийгэм, эдийн засгийн бүх салбар, хувийн хэвшлийн саналыг авч, хуулийн төсөлд тусгахад онцгойлон анхаарсан.

-Хуулийн төсөлд ямар зохицуулалтыг тусгаж өгөөд байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглож, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэг болгон тусгах, төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах, тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгаад байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хөрөнгө оруулагчдын талаас хөрөнгө оруулалтын баталгаа нь хангагдаж, үйл ажиллагаагаа саадгүй явуулах нөхцөл бүрдэж, манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтэрснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирч, инновацийг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Үүнийг дагаад тогтвортой ажлын байр бий болж, шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж, ажиллах хүчний оролцоо, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж өрхийн орлого нэмэгдэх юм.

-Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Энэ утгаараа компанийн засаглал чухал байх. Нөгөөтэйгүүр төрийн өмчит компаниудыг шат дараалан хувьчлах асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад Үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниудаа л төр нь хяналтдаа байлгадаг бөгөөд бусад компаниуд нь хувийн хэвшилд харьяалагддаг жишиг ажиглагддаг. Түүнчлэн төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд гэрээгээр шилжүүлэх, төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар менежментийг сайжруулан төрийн үйлчилгээг илүү хурдан, хүртээмжтэй уян хатан болгох шилжилтийг хийж байна. Манай улсын хувьд УИХ-ын “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай”, Засгийн газрын “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” тогтоолуудаар Төрийн банк болон нэр бүхий 26 компанийн 34 хүртэл хувьд IPO хийж, нээлттэй аж ахуйн нэгж болгон олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахаар шийдвэрлэсэн. Эдгээрээс Төрийн банкны тодорхой хувийг анхдагч зах зээлд амжилттай арилжаалсан бөгөөд зарим ТӨХК-ийг олон нийтийнх болгох ажил явагдаж байна.

-Эцэст нь асуухад Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гол зорилт юу юм бэ, дэд сайд аа?

-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол зорилго нь тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах явдал юм. Энэ нь нийгмийн бүх давхаргын сайн сайхан байдлыг дээшлүүлсэн, ядуурал, тэгш бус байдлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангасан эдийн засгийн тогтолцоог бий болгохыг эрмэлзэнэ гэсэн үг. Энэхүү зорилгод хүрэхийн тулд өмнө ярьсанчлан гадаад худалдааг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бизнесийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх замаар эдийн засаг дахь салбаруудын төрөлжилтийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүний зэрэгцээ макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж инфляци, ханшийн өөрчлөлт зэрэг хувийн хэвшил, өрхийн эдийн засагт учрах эрсдэлийг бууруулах шаардлагатай. Эдгээр зорилтыг хангаснаар эцэстээ Монгол Улсын бизнес, үйлдвэрлэлийн өсөлтийг тэтгэж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх юм.

Categories
нийгэм цаг-үе

“Авлига хороолол”-ын барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарчээ DNN.mn

Дунд голын хөвөөнд баригдаж буй “Aqua Garden” хорооллын барилгын ажлыг зогсоохоор болжээ.

Энэ тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудсандаа “Авлига хороолол гэж олны дунд нэрлэгдээд буй “Эм энд Жи констракшн” ХХК-ийн барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлж, ажлыг зогсоохоор яамнаас шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдэв.

Тус хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг “Престиж инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг усны мэргэжилтнүүдийн уулзалтаар онцолж байсан юм.

зураг

зураг
Categories
нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр нутгийн өмнөд хагаст, цаашдаа ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Урьдчилан сэргийлэлт :

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Илрэх шинж тэмдэг:

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах/ ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Авах арга хэмжээ:

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, / Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
  • Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Ж.Золжаргал: Нүүрсний метан хийг авч ашигласнаар Монгол өөрийн гэсэн байгалийн хийтэй болж байна гэсэн үг DNN.mn

Нефтийн инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Өмнөговь аймгийн Гурван тэс суманд метан хийн орд илэрсэн тухай мэдээлэл гарсан. Энэ хийг ашиглаж эхлэх нь манайд хэр ашигтай вэ?

-Метан хий эдийн засгийн хувьд болоод эрчим хүчний өндөр ач холбогдолтой. Метан хий гэдэг нь байгалийн хий. Дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэрүүдийн нэг. Далайгаар дамжуулдаг, далайгаар тээвэрлэдэг тэрхүү байгалийн хийн найрлага нь метан хий юм. Тэгэхээр нүүрсний метан хийг авч ашигласнаар монгол өөрийн гэсэн байгалийн хийтэй болж байна л гэсэн үг.

-Манайд энэ хийг олборлоод ашиглах боломж нь бий юу?

-Бүрэн боломж бий. Нүүрсний метан хий гэдэг нь нүүрсэн дотор байдаг жижиг бичил нүх сүв ан цавуудад бага хэмжээний метан агуулагддаг. Нүүрсний ордын хүрээнд тархчихсан нүх сүв дотор нь байж байдаг учраас нэгдүгээрт, эдийн засгийн хувьд ач холбогдолтой байна уу, үгүй юу, ашиглаж болох уу гэдгээс хамаарна. Хоёрдугаарт, цооног өрөмдөөд соруулахад нүүрснээс цуглуулж авах нь амар биш. Байгалийн хийн орд нь цэвэр байгалийн хийн орд эсвэл нефтийн дагалдах хийн орд зэрэг нь нефть, байгалийн хийн коллектор тогтоц дунд хуримтлал үүссэн байдаг. Чулуун доторхи нүх сүвэн дотор нь. Тэгэхээр нэг зэрэг том нөөцтэй ордыг харьцангуй бага зардлаар олборлох боломжтой байдаг. Нүүрсний метан хий нь нүүрсэн давхаргаар чигжсэн нүх сүвүүдэд бага хэмжээгээр тархсан учраас зардал ихтэй, арай үнэтэй. Чулууг соруулж авах техник технологийн хувьд үнэтэй, хүндрэлтэй байдаг. Уламжлалт бус газрын тосны эх үүсвэрт авч үздэг ялгаатай.

Манайд ашиглах боломжийн хувьд нэгдүгээрт, үйлдвэрлэлийн боломжийн нөөц тогтоочихсон. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд соруулж цуглуулж авахад боломжийн гэсэн дүн гарвал ашиглаж болно. Түүнээс үйлдвэрлэлийн нөөц биш ерөөсөө л нүүрсэн дотор метан байдаг гэх юм бол бүх төрлийн нүүрсэнд метан хий бий. Монголын олон тэрбум ашигладаггүй газрын гүнд байх нүүрсэн дотор метан хий байж л байгаа. Гэхдээ энэ бүгд нөөц гэсэн үг биш.

-Юунд хэрэглэж болох вэ?

-Түлшинд, ахуйн түлшинд. Гэр хорооллын халаалтын түлшинд хэрэглэж болно. Гадаадын улс орнууд гэртээ газан хоолойгоор хангагдсан байдаг. Орон сууцандаа газ хэрэглэж болно. Цахилгаан станцууд нүүрс биш газ хэрэглэж болно.

Шохойн болон цементийн үйлдвэрүүд зэрэг түлш хэрэглэдэг үйлдвэрүүд газ хэрэглэж болно.

Газ хэрэглэвэл нэгдүгээрт, агаарын бохирдол буурна. Хүлэмжийн хий буурна. Техникийн ашигт үйлийн коэффициентод аль ч талаараа ашигтай.

-Манайд газ хэрэглэх дэд бүтэц байгаа юм уу?

-Хэрэв нөөц хангалттай байх юм бол дэд бүтцийг шийдэж болно. Дэд бүтэц нь хоёр янз байна. Нэг нь турба хоолой, нөгөөх нь цистерн. Турбай хоолойг хийхэд том хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгтэй. Монголд говиос турба татаад Улаанбаатарт ашиглана гэдэг бараг л худлаа байх. Хоёр дахь нь 160 градуст хөргөөд, шингэн төлөвт оруулаад төмөр зам, авто замын системээр тээвэрлэж болно. Жишээ нь, Япон, Солонгос зэрэг улс нь Өмнөд Америк, Ойрхи дорнодоос шингэрүүлсэн байгалийн хийг усан онгоцоор авдаг. Оросоос ч авдаг. Түүнтэй л адилхан шингэрүүлсэн хэлбэрээр цистерн болгож зөөдөг. Монгол Улсад шингэрүүлсэн метаныг оросоос оруулдаг компани бий. UB метан гэж. Улаанбаатарт метаны агуулахтай 1-2 компани байгаа. Тэгэхээр тэр бол шинэ зүйл биш. Техникийн хувьд ч боломжтой.

-Өмнөговьд илэрсэн тэрхүү ордын нөөцийг тогтоосон юм болов уу?

-Өмнөговь, Дундговьд миний мэдэхийн 2-3 компани хайгуул хийж байгаа. Одоогоор нөөц нь таамаг шатандаа яваа байх. Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан нөөц байхгүй. Туршилтын олборлолтын цооног сая тавьсан гэсэн мэдээ авсан. Тэр бол нүүрсний болон газрын тосны хайгуулын том талбайн дотор байгаа нэг жижигхэн л цэг. Тэр нь Нарийнсухайтын нүүрсний ордтой давхцаж байгаа. Нарийнсухайтын нүүрсний уурхайн асар том талбайн дунд метан хийн хайгуулын жижигхэн цэг л бий. Яагаад тэндээс эхэлж байгаа вэ гэхээр Нарийнсухайтын уурхай нүүрсний хайгуул хийгээд олон арван жил олон арван мянган дээж авсан. Зөндөө цооног өрөмдсөн. Хаана хий байдаг тухай урьдчилсан мэдээлэлтэй. Тиймээс тэндээс эхлэх нь илүү хялбар, ойлгомжтой. Цооногоос амжилттай хий гарч ирсэн. Хоёрдугаарт, энэ уурхайн дэргэд яагаад хийж байна гэхээр гаргаж ирсэн хийгээ газар дээр нь шатаагаад, цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Тэр нь хүнд технологи биш. Заавал станц барихгүй. Дизелийн генератор гэж манайхан мэднэ. Энгийн яриагаар хонда мотор шиг л зүйл. Тэр нь газаар ажилладаг хөдөлгүүрээр цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгж бага хэмжээний цахилгаан газар дээр нь үйлдвэрлэх юм бол уурхайнууд гэх мэт хэрэглэгчид нь бэлэн учраас нүүрсний уурхайг түшиж эхлүүлж байгаа байх. Энэ нь ч зөв. Тэгвэл заавал дэд бүтэц яах вэ гэх зүйл тулгарахгүй. Газар дээр нь бага хэмжээгээр ашиглах боломжтой л гэсэн үг. Тэгэхээр хайгуулаа улам баталгаажуулаад, үйлдвэрлэлийн нөөцөө батлуулаад, их хэмжээний нөөц илрэх юм бол тэр хийг Улаанбаатарт авчирч ашиглана уу, газар дээр нь химийн үйлдвэр барина уу яаж ч ашиглаж болно. Дагаад байгалийн хийн, нүүрсний химийн үйлдвэр, шатахуун, нийлэг хуванцар материал, цавуу, будаг, лак, тэсэлгээний материал бүгдийг хийж болно. Тэр дараагийн шатны юм.

-Метан хий олборлох технологи хүнд гэлээ. Манайд олборлох технологийн хувьд хэр боломжтой вэ?

-Олборлох боломжтой. Манайд одоогоор туршилтын олборлолт явуулж байна. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлага бага. Судалгааны туршлага бол байгаа. Энэ чиглэлийн мэргэжлүүд Монголд бий. Дотоодын нөөц ч бий, гадаад ажилчид ч байна. Австралитай хамтарсан компани байгаа. Австрали, Хятад, АНУ зэрэг орнууд нүүрсний метан хийн тэргүүлэгч. Оросууд ч мөн олборлож байгаа. Технологи манайд танил болчихсон. Асуудал нь байгалийн хийг бодвол өртгийн хувьд арай өндөр. Олборлолтын ордын нөөц хэмжээ нь арай бага байдаг. Түүнээс технологийн хувьд боломжийн нэвтэрчихсэн. Тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчийн хувьд ч олон эх үүсвэрээс авах боломжтой.

-Манайд байгаа станцууд хэрэглэж болох уу. Айл өрхүүд өөрсдөө багахан хэмжээгээр технологио шийдээд ашиглаж болох уу?

-Одоогоор том төсөл болоогүй, олборлолт жигдрээгүй, үйлдвэрлэлийн нөөц батлаагүй байхад шууд хэрэглэх нөхцөл байхгүй. Түүнээс нөөц байвал хэрэглэх боломжтой. Цахилгаан станц ч, айл өрхүүд ч хэрэглэж болно. Шинэ цахилгаан станц барих уу, хуучин станцынхаа технологид өөрчлөлт оруулах уу, шингэрүүлээд тээвэрлэж ирсэн хийг Улаанбаатарт буцааж ууршуулаад, хийн төлөвт оруулаад, айлууд руу хүргэх хоолойн систем байгуулах ёстой. Түүнээс биш метаныг жижиг баллонд савлаад түгээж ашиглаж болдоггүй. Баллонд савладаг, Солонгос, оросоос оруулж ирдэг газ байгалиас олборлодог биш нефтийн үйлдвэрээс дайвраар гардаг. Амархан савлаж болдог, шингэн төлөвт шилжиж болдог хүнд хий байдаг. Метан бол хөнгөн хий. Илүү цэвэр шатдаг.

-Тэгэхээр ач холбогдол илүү өндөр гэсэн үг үү?

-Ач холбогдол нь өндөр. монголчууд нүүрсний хайгуул эхэлснээс хойш л метаныг их, багаар сонирхсоор ирсэн. 30-40 жилийн түүх бий. Хуучны геологичдын судалгаа, Нарийнсухайт, Оюу толгойг хайж байх үеийн Сторм кап гэх канадын компани цооног тавиад метаны анхны үзүүлэлтүүдийг харж байсан юм билээ. Арван жилийн өмнө намайг тэнд ажиллаж байхад Америкийн байгал орчин хамгаалах газрын Ногоон хөгжлийн санхүүжилтээр үнэгүй тандалт судалгаа хийж байсан. Түүний үр дүнд боломжийн талбай байна. Хий гаргаж аваад, жижиг хэмжээний цахилгаан станц байгуулж, цахилгаан үйлдвэрлээд, уурхайд нийлүүлье гэсэн концепц явсан. Нүүрсний уурхайнууд энэ концепцийг үзүүлэх гэхээр эрх зүйн орчинд хий болчихоор яах билээ, хоёрдугаарт гол үйл ажиллагаа нь уурхай байсан учраас ач холбогдол өгөх нь бага байсан. Түүний дараа Газрын тухай хуульд уламжлалт бус гэж шинэ зүйл орж ирээд зохицуулалт нь бий болоод тендер зарлагдаж, хайгуулын компаниуд мэргэжлийн байгууллага үүсээд хийн мэргэжилтнүүд дагаж гарч ирсэн. Үүнд баяртай байгаа. Бидний харж дүгнэж байсан зүйлүүд зөв л байж. Мэргэжлийн үүднээс аваад үзэхэд их баяртай байна.

 

С.ОТГОНБАЯР

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 07-р сарын 27-ны 20 цагаас 07-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.