2023 оны эхний 6 сард Монгол улс дэлхийн 140 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 11838.1 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 2581.6 сая ам.доллар буюу 27.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 3290.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Month: July 2023
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар хятад судлаач Х.Баатархүүтэй ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын онцлог юу байв. Түүний айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?
-Сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдсэн засгийн газрын тэргүүнүүдийн айлчлалуудаас харьцангуй их үр дүнтэй айлчлал боллоо. Өнгөрсөн хугацаанд манай төр, засгийн удирдлагууд БНХАУ-д олон давтамжтай айлчилж ирсэн. Тэр дундаас энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал урт хугацаатай, олон салбарт хүрсэн ажил хэрэгч байлаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад харилцааны идэвхжил 2022 оны турш, 2023 оны эхний хагас жил хүртэл маш хүчтэй явагдсан энэ цаг үед хийгдсэн айлчлал байлаа. Дэлхий тэргүүлэгч улс гүрнүүдийн төр, засгийн тэргүүнүүд, гадаад харилцааны сайд нар Монгол Улсад айлчилж, олон улсын анхаарлын төвд манай улс байлаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тэргүүн энэ цаг үед БНХАУ-д айлчилсан нь хоёр улсын харилцаанд онцгойлон ач холбогдол өгч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд БНХАУ-д сая хоёр дахь удаагаа айлчиллаа.
Эхнийх нь 2022 оны хоёрдугаар сард болсон Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцсон. Энэ удаа харин зуны Давос гэж буюу дэлхийн эдийн засгийн олимп гэж нэрлэж ч болох томоохон арга хэмжээнд оролцлоо. Түүний айлчлалын бас нэг онцгой зүйл нь Монгол Улсын төр засаг тогтвортой байгаа гэсэн мессежийг өглөө. Яагаад гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад 1.6 жилийн давтамжтай айлчлахдаа хоёр ерөнхий сайдынх нь урилгаар очиж, албан ёсны хэлэлцээ хийсэн нь ховор тохиолдол юм. Ер нь 1990-ээд оноос хойших айлчлалуудаар БНХАУ-ын ерөнхий сайд зарим үед манай 2-3 Ерөнхий сайдтай уулзаж байсан шүү дээ.
Энэхүү айлчлалаас хүлээж байгаа үр дүнгийн хувьд өргөн утгаараа харилцан ашигтай түншлэлийг нэмэгдүүлсэн, идэвхжүүлсэн айлчлал болсон. Ойрын болон дунд хугацаандаа эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш чухал айлчлал болсныг онцлон тэмдэглэе.
-Эрчим хүчний асуудлыг голчилсон гэдэг утгаар урьд өмнөх айлчлалууд дундаас анхных нь боллоо гэж судлаачид үзэж байна. Манай улсын эрчим хүчний асуудлыг шийдэх ямар ажлууд хийгдэх вэ?
-Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй, бие даасан байдлыг хангахад онцгой нөлөө үзүүлж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн хэлэлцээрийг эцэслэснээр үйл ажиллагаа нь эрчимжиж, богино хугацаанд ашиглалтад орох боломж бүрдлээ гэж харж байна. Мөн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг өргөтгөх төслийн зээлийн хэлэлцээрийн гэрээг сунгалаа. Энэ нь зүүн бүсийн эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэх болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Сэргээгдэх эрчим хүчний боломжит хувилбаруудын талаар яриа хэлэлцээ өрнөлөө. БНХАУ өөрөө ногоон эрчим хүчийг онцгойлон анхаарч байгаа. Өнөөгийн цаг үед сэргээгдэх эрчим хүч бол Хятад улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр арвин баялаг. Иймд цаашид сэргэгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж, Хятад улсаар дамжин Зүүн хойд Азийн супер сүлжээнд нэгдэхэд энэ удаагийн айлчлал тодорхой хэмжээнд ахиц дэвшил авчирлаа гэж харж байна. Тухайлбал, Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний барилгын корпорацид зочилж, удирдлагуудтай нь сэргээгдэх эрчим хүчний талаар болон түүнийг хэрэгжүүлэх Монгол Улсын төр засгаас баримталж байгаа бодлого шийдвэрүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагч талд итгэл төрүүлсэн үйл явдал болсон. Саяхан манай улсад айлчилсан Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ оны эхний улиралд БНХАУ-д зочилсон. Олон улсын судлаачид, эрчим хүчний аюулгүй байдлын шинжээчдийн харж байгаагаар Хятад, Францын цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа илүү ахисан түвшинд гарч, Францын технологийн нутагшуулах талд хоёр улсын анхаарч байгааг олонтаа илэрхийлж байгаа. Монгол Улсын хувьд Франц улстай хамтарч цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох шар нунтгийг үйлдвэрлэж, үүнийгээ бусад болон ялангуяа БНХАУ-д баригдаж байгаа цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүдэд нийлүүлэх сонирхолтой. Ингэснээр Монгол, Хятад, Франц гэсэн гурван талын хамтын ажиллагааны гадаад орчин бий болж байгаа нь тун таатай юм.
-Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд талууд гангийн үйлдвэр хамтран барихаар тохиролцлоо. Хэзээнээс ажил хэрэг болох бол?
-Ер нь гангийн үйлдвэрлэл бол дэлхийн дэд бүтцийн эдийн засгийн маш чухал шийдвэрлэгч салбар. БНХАУ жилд нэг тэрбум тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 50 хувь, хэрэглээний 55 орчим хувийг эзэлдэг. Ер нь Монгол Улстай хамгийн ойр оршдог Хэбэй муж гэхэд Хятадын нийт гангийн үйлдвэрлэлийн 21.7 хувь, Таншань хот 12.6 хувийн хангадаг. Зөвхөн Хэбэй мужийн энэхүү хэмжээ дэлхийн гангийн үйлдвэрлэгчдийн том өрсөлдөгч. Жилд 110 сая тн-ыг үйлдвэрлэж байгаа нь Энэтхэгтэй ойролцоо очихуйц хэмжээ юм. 2022 оны байдлаар Хятад улсын нэг тн ган үйлдвэрлэх өртөг нь 1000 юань байгаа. Монгол Улс дотооддоо гангийн үйлдвэр байгуулах нь барилгын болоод дэд бүтцийн салбарын түүхийг дотоодоосоо хангах, цаашлаад эдийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал. Гэхдээ бидэнд урьдчилан тооцох зүйлс байна. Жишээлбэл, гангийн үйлдвэрлэлийн нийт өртгийн 30-40 хувийг эзэлдэг коксын үйлдвэр хараахан ашиглалтад ороогүй байна. Нэг тн төмөр үйлдвэрлэхэд чанараас нь шалтгаалаад 250-380 кг кокс ордог. Тэгэхээр бид коксын үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, усны хангамжийн системдээ анхаарал хандуулах ёстой. Нэг тн ган үйлдвэрлэхэд 29 куб метр ус ашигладаг. Бидэнд үндсэн түүхий эд болох төмрийн хүдэр, дагалдаад жонш зэрэг байна. Боломжит түүхий эдээ ашиглаад гангийн үйлдвэрлэл явуулахад бидэнд нэн шаардлагатай зүйл бол коксын үйлдвэрээ барьж, усны судалгаагаа хийх юм. Ойрын хугацаанд гангийн үйлдвэрлэл барихад тооцоо судалгаа, байгаль орчны аюулгүй байдал нэн чухал. Сүүлийн үед зарим улс орнууд гангийн үйлдвэрлэлийн байгаль орчинд хортой байх асуудлыг онцгойлон анхаарч байгаа. Хэрэв гангийн үйлдвэрлэл байгуулбал хамгийн орчин үеийн технологитой үйлдвэрлэл оруулж ирэх хэрэгтэй. Өртөг зардлын хувьд бусад улс оронтой өрсөлдөхүйц хэмжээнд байснаар гангийн үйлдвэр цаашид оршин тогтноно.
-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болж байна. Талууд ямар тохиролцоонд хүрэв. Манай улс далайд гарцгүй орон. Тэр утгаараа урд хөрш рүү гарах гарцаа нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд яригдсан бэ?
-Монгол Хятадын 1955 оны хилийн төмөр замын гэрээг шинэчлэх тал дээр хоёр тал эцэслэн тохиролцоонд хүрснээр энэ асуудал шуудрах тал руугаа орлоо. Ханги-Мандалын төмөр зам зургаан км дутуу буюу холбох цэг рүү ойртоод ирчихсэн байгаа. Үүнийг дараа жил гэхэд холбох эрх зүйн орчныг Хятадын тал бий болгох байх. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын боомт нь БНХАУ-ын улс ардын аж ахуй эдийн засгийг хөгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд нь тусгагдаагүй юм билээ. Ханги-Мандалын төмөр замын боомтыг нээн ашиглах эрх зүйн орчин урд хөршид бий болсны дараа манай улсад холболт хийхэд ойрхон байгаа. Магадгүй 2024 оны хоёрдугаар улиралд эхний экспорт Ханги-мандалын замаар хийгдэх боломжтой гэж харагдаж байна. Нэмэлтээр энэ оноос бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа Шивээхүрэн-Сэхэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил маш хурдтай явснаар энэ оны арванхоёрдугаар сар гэхэд дуусаж холболт хийгдэх байх. Мөн 2020 онд оруулсан Монгол Улс, БНХАУ-ын хилийн дэглэмийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлтийн дагуу Бичигт, Ганцмод, Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын боомтын асуудал хурдан шийдэгдэх боломжтой. Гэхдээ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын техникийн асуудлууд нэлээд хүндрэл бэрхшээл авчрахаар болоод байгаа. Энэ оны сүүлч гэхэд холболт хийх болон Манай талд баригдах ачааны терминалыг барьж байгуулах зураг төсөл хийгдэж дуусна. 2024 онд бүтээн байгуулалтын ажил дуусч, 2024 оны сүүлч гэхэд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр зам ашиглалтад орох өөдрөг төсөөлөл байна. Цаад хугацаа нь 2025 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт-Ганцмод чиглэлд төмөр замаар нүүрсний экспорт хийх боломжтой. Харин Шивээхүрэн-Сэхэгийн чиглэл энэ ондоо дуусчих байх. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар Бичигтийн төмөр замыг барьж байгуулах талаар хөрөнгө оруулалтын эхний хэлэлцээрүүд хийгдсэн. Ингэснээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын экспортыг өсөн нэмэгдүүлэхэд эдгээр хилийн төмөр замууд онцгой эерэг нөлөөлөл авчирна. Зөвхөн экспорт төдийгүй импортын ачааг нэмэгдүүлэх боломжтой. Цаашлаад Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа транзит ачааг нэмэгдүүлэхэд онцгой үр нөлөөтэй гэж бодож байна.
-Төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээ энэ онд эцэслэхээр болсон нь сайшаалтай. Дээрээс нь Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлэх тал дээр талууд санал нэгджээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Хилийн төмөр замын хэлэлцээрийг энэ ондоо эцэслэн шийдвэрлэх нь Монгол Улсын хувьд нэн ач холбогдолтой. Энэхүү айлчлалын хүрээнд шийдэгдсэн бас нэг чухал асуудал бол Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлэх тухай. Талууд эхний тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хоёр талаас бэлтгэл ажил хийгдсэнээр Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх транзит ачаа, хилийн худалдаа, чөлөөт бүсийн хөгжил, аялал жуулчлалын салбарт онцгой үр нөлөөтэй.
Дээрх асуудлуудаас гадна БНХАУ-ын Засгийн газар 2022 оны арван хоёрдугаар сарын 1-нээс эхлээд хөгжил буурай 10 орноос импортлох бараанд 98 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Эдгээр арван улсын заримын ДНБ нь Монгол Улсынхаас ч том, 40 тэрбум, 67 тэрбумаар хэмжигдэж байх жишээтэй. Тэгэхээр бидний хувьд цаашид Хятадын талтай ний нуугүй ярилцаж, экспортын тарифын хөнгөлөлтөд хамрагдах талаар яриа хэлэлцээ хийвэл боломжтой хувилбар байж болох юм. Ингэж чадвал Монгол Улсаас экспортолж байгаа уул уурхай, хөдөө аж ахуйн бусад бараа бүтээгдэхүүн Хятадын болоод гуравдагч орны зах зээлд өрсөлдөх боломж илүү нэмэгдэнэ.
-Ерөнхий сайдын айлчлалаар гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Аль салбарт илүү зонхилж байна вэ?
-Айлчлалын хүрээнд зам тээврийн салбарт илүү их хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Хоёр улсын төрийн болон Засгийн газар хоорондын байгуулсан санамж бичиг, гэрээ хэлцлүүдээс харахад боомтын сэргэлт, худалдааг хөнгөвчлөх, аялал жуулчлал, байгаль орчин, эрчим хүч, экологи гэсэн салбаруудад илүү их хөрөнгө оруулалтуудыг төвлөрүүлэхээр харагдаж байна. Мэдээж мөн тодорхой хэмжээний буцалтгүй тусламжийн төслүүдийг дурдах нь зүйн хэрэг. Бас манай улсын гадаад өрийн менежментэд чухал байр суурь эзэлж байсан Монгол банк, БНХАУ-ын Ардын банкны хоорондын своп хэлэлцээрийн хугацаа энэ сард дуусах байсныг дахин гурван жилээр сунгаж чадлаа.
-Өнөөдөр монголчууд бензин шатахууны хувьд зөвхөн оросоос хараат байгаа. Тэгвэл сая Ерөнхий сайдын айлчлалаар БНХАУ-аас евро стандартын шатахуун, түлш авах суваг нээгдлээ. Цаашид долларын ханш буухад том хөшүүрэг болно гэж эдийн засагчид таатай хүлээж авч байгаа харагдсан. Энэхүү бизнесийн хамтын ажиллагаа хэр удаан хугацаанд оршин тогтнох бол. Судлаачийн байр суурийг сонирхъё?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын хугацаанд БНХАУ-ын Газрын тосны үндэсний корпораци (CNPC)-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны салбарын олборлолт, ашиглалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөтгөх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, цаашид дизель болон Евро стандартын түлш шатахууныг Монголын зах зээл, хэрэглэгчдэд нийлүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хийн хоолой дамжуулах төслийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцсон байна.
Евро стандартын түлш шатахууныг манай хэрэглэгчид хэрэглэснээр байгаль орчинд ээлтэй, автомашины хэрэглээ уртсах гэх мэт олон давуу талтай нь мэдээж.
Манай шатахууны 90 гаруй хувийг нийлүүлж буй ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэр жил бүр найм, есдүгээр сард ээлжит засварын ажил хийдэг. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт багасах асуудал үүсдэг ба зарим жилд нь энэ хугацаанд БНХАУ-аас түлш шатахууныг авч богино хугацааны хүндрэлийг даван туулдаг нь үнэн. Евро стандартын түлш шатахууны үнэ нь өнөөгийн импортолж байгаа шатахууны үнээс илүү буюу дизель түлш 50-100 ам.доллар авто бензин 100-150 ам.долларын зөрүүтэй гэсэн албаны хүний мэдээллийг авч байсан. Дээрх Евро-5 стандартын арай үнэтэй бас чанартай шатахуун худалдан авч хэрэглэх нь бидний л сонголтын асуудал байх. Харин 2027 онд Дорноговь аймагт баригдаж байгаа өөрийн үйлдвэрийн шатахуунаа хэрэглэж эхлэх үед импорт шаардлагагүй болох талтай.
-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал БНХАУ-ын төр засаг, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын талаарх зөв мессеж хэрхэн хүрэв?
-Энэ тал дээр хэд хэдэн зүйл онцолмоор байна. Нэгдүгээрт, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг, тодорхой бүтэцтэй, тэдэнд илүү хурдан, шуурхай, нээлттэй үйлчилдэг гэсэн тогтолцоогоо Хятадын төр засгийнханд өгч чадсан. Хоёрдугаарт, хувийн хэвшлийг илүү дэмжихийг олонтаа амлаж байгаа. Монгол болон Хятад улсад болсон олон удаагийн хурал уулзалт, эдийн засгийн форум хэлэлцээрүүдийн явцад “Тодорхой томоохон дэд бүтцийн болон бусад төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог дэмжье. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлье” гэсэн.
Ингэснээр Монгол Улсын төр засаг хариуцлагатай, ил тод, нээлттэй байхаа зарласан. Энэ удаагийн айлчлалын хүрээнд өрнөсөн Монгол Хятадын эдийн засгийн форум дээр ч гэсэн Ерөнхий сайд онцлон дурдсан. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажил онцгойлон ахиц дэвшил гаргаж байгааг Хятадын дотоодын хэвлэл, нийгмийн сүлжээнд олонтоо мэдээлсэн. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдад илүү их итгэлийг төрүүлж байгаа юм. Монгол Улс бол гадаадын хөрөнгө оруулагчдын найдвартай түнш гэсэн зөв сурталчилгаа болж байгаа гэж харж байна. Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газар, төр засаг тогтвортой ажиллаж байгаагаа энэ удаагийн айлчлалаар харууллаа. Төрийн залгамж чанар хангагдан ажиллаж байгаа нь Хятадын бизнес эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад болон бүх түвшинд хамтран ажиллах төрийн байгууллагуудын хувьд итгэлийг нь сэргээж чадлаа. Айлчлалаар аялал жуулчлалын салбарыг онцгойлсон. Энэ салбарыг хөгжүүлэхэд Монгол Хятадын харилцааг илүү өргөн хүрээнд харж, хөрш зэргэлдээ орны хувьд хил орчмын болон Монгол Улсаар дамжин өнгөрөх аялал жуулчлалыг илүүтэй хамтран хэрэгжүүлэхэд хоёр орон онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлсэн. Энэ бол БНХАУ-ын иргэдэд Монголд аялахад нь зөв мессеж өгсөн.
Эцэст нь дүгнээд хэлэхэд Монгол Улс бол өмнөд хөрштэйгөө түншлэх, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа бүхий л хэлбэрээр илэрхийлж чадсан маш үр дүнтэй айлчлал боллоо.
“Үндсэн хууль-Эрх чөлөөний дархлаа” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийг “Урбан” иргэдийн форум төрийн бус байгууллага болон “No war”, “No double standart” хөдөлгөөнөөс хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр “Шүүхийн практик дахь үндсэн эрхийн зөрчлийн шалтгаан кейс” сэдвээр “Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн илтгэл тавилаа. Түүнтэй сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Эхлээд танаас нэг зүйлийг тодруулах нь зүйн хэрэг байх. Өмгөөлөгчдийн холбоо таныг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг санагддаг?
-Жижиг зүйлээс эхэлнэ л дээ. Өмгөөлөгчдөд тараагддаг дүрэмт хувцсыг бид бүхэнд 148 мянган төгрөгөөр шахахыг оролддог. Оёдолчиноос үнийг нь судалж үзтэл 35 мянгаар оёно гэсэн. Зүгээр л нэг мөнгө олох гэсэн газар. Тийм ч учраас Өмгөөлөгчдийн холбоотой би үргэлж алалцаж, гол дайсан нь болсон. Намайг улстөрчид рүү “Би л өмгөөлж чадна” гэж хэлдэг гэх зэргээр янз бүрээр л ярьдаг.
-Та илтгэлдээ хэд хэдэн жишээ дурдсан. “No war”, “No double standart” хөдөлгөөнийхөнтэй яаж холбогдсон юм бэ?
-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүс хууль тэгш бус үйлчилдгийн хамгийн том золиос болж буй хүмүүс.
Миний зүгээс зарим үед үнэгүй өмгөөлж, заримдаа үнэ хөлсөө тохирон энэ хүмүүстэйгээ хамтраад явдаг. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 2 сая төгрөгөөр торгуулсан нилээн олон хэргийг нь хэрэгсэхгүй болгож байлаа. Хууль яаж өөр өөрөөр үйлчлээд байгааг нэг жишээгээр тайлбарлая. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл, Албан тушаалын гэмт хэрэг нь 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүчингүй болсон. Түүнээс хойш хоёр сар 24 хоногийн дараа буюу 2008 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буцаад хуулийн зүйл заалтад орж ирсэн. Энэ хооронд энэхүү хэргээр ял авах байсан албан тушаалтнууд хэргээс мултарсан. “Яагаад хууль хоёр сарын хугацаанд алга болчихоод буцаад гараад ирэв” гэсэн асуудал яригдахад Улсын их хурлын Тамгын газрын нэг ажилтны буруу болоод тэр хүн ажлаасаа халагдаад л өндөрлөсөн. Албан тушаалтнууд хуулийг хоёр сар илбэдэж алга болгож байгаад ялгүй үлдчихдэг. Гэтэл манай залуусын гав зүүх болсон шалтгаан нь цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлсэнгүй, хууль бус зүйл хийлээ гэсэн үндэслэлтэй. 461 дүгээр хорих ангиас иргэн Д.Монголхүүг хүчээр авч гарсан гэж ярьж байсан. Нотлох баримтыг шалгаж үзэхэд 461 дүгээр ангийн ажилчид өөрсдөө үүрээд гаргаж өгч байгаа юм. Гэтэл Э.Одбаярыг түүнийг хүчээр авч гарсан гэж яриад байгаа юм. Энэ бичлэг чинь ил тодорхой байна гэхээр “Аа үгүй ээ. Хүчээр авч гарсан” л гэж яриад байгаа. Өмнө нь Э. Одбаярын шэйрлэсэн гэгдээд байсан бичлэгийг сэтгүүлчдээс эхлээд олон хүн хуваалцсан. Хүмүүс ч бас шэйрлэсэн зүйлийг би бас хуваалцсан шүү дээ гээд цаг хугацаатай нь Э.Одбаяр үзүүлэхээр “Тэр хамаагүй ээ. Чи шэйрлэсэн. Чамд л ял өгнө” гээд байгаа юм. Үг үзэл бодлоо илэрхийлсэн, сошиал орчинд идэвхтэй байснаар ялладаг. Иймэрхүү байдлаар л эдгээр хүмүүст ял өгөөд байна. Энэ ч болохгүй, бүтэхгүй байна гээд яривал маш олон асуудал бий.
-Та бас Цэцийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг тухай илтгэлдээ дурдсан. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Үндсэн хуулийн манаач нь үндсэн хуулийн цэц өөрөө байх ёстой. Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх зөрчигдвөл хуулиа хамгаалах замаар тэрхүү иргэний эрхийг Цэц хамгаалах ёстой. Үндсэн хуулийн цэцийн бүтэц бүрэлдэхүүнийг хуульд нь нийцсэн бүрдүүлэхгүй бол чадваргүй, улс төрийн нөлөөнд автсан, улс төрийн захиалгаар хэрэг шийддэг хүмүүсээс бүрдэнэ. Тиймээс энэ байдлыг шийдэхийн тулд Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Процессын хуулийг шинэчлэх гэхээр өнөөх улстөрчидтэйгөө нийлж байгаад энэ шинэчлэлийг 10 гаруй жил гацааж байна. Жишээлбэл, 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хууль нь бүхэлдээ иргэний эрхийг зөрчдөг. Энэ хуулиар бүрэн эрхтэй төлөөлөгч, бүрэн эрх нь хэрэгжиж буй бүс нутаг дээр очиход ямар ч хууль үйлчлэхгүй. Бүрэн эрхт төлөөлөгч хаан шиг эрх эдлэх боломжтой. 1992 онд Үндсэн хууль батлагдсан байхад, 1991 оны хуулиар яагаад шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд огт нийцэхгүй хуучин социалист нийгмийн үндсэн хуулийн чиг баримжаагаар яваад байгаа юм бэ гэж бид Цэцэд мэдээлэл гаргасан. Цэцийн өгсөн хариулт “Бид 1992 оны хоёрдугаар сарын 8-нд батлагдсанаас хойших хууль дээр л хяналт тавина. Өмнөх хууль хамаагүй” гэсэн. Тэр хугацаанаас нь хойш батлагдсан хууль дээр хяналт тавих заалтыг нь хүчингүй болгох хүсэлтийг өгөхөд Цэц дээр хүчингүй болгочихож байгаа юм. Одоо Засгийн газарт эрх олгох тухай хууль чинь үндсэн хууль зөрчөөд байна гэхээр маргаангүй, хэрэг үүсгэхгүй гэсэн хариултыг л өгдөг. Маргаан үүсгэхгүй гэсэн ганц өгүүлбэр дээр нь гомдол гаргахаар дараагийн шатан дээр нь мөн л маргаан үүсгэхгүй гэсэн хариултыг өгдөг. Бид Цэцэд Үндсэн хууль зөрчсөн заалтыг маш олон үндэслэл гарган өгөхөд няцаасан хариулт биш зөвхөн маргаан үүсгэхгүй гэсэн өгүүлбэрийг хариулт болгон өгдөг. Манай улсад иргэн үндсэн эрх нь зөрчигдсөн маргааныг Цэц хүлээж авдаггүй. Жишээ нь, Германы үндсэн хуулийн шүүхийн шийдэж буй маргааны 92 хувь нь иргэний үндсэн эрх зөрчигдсөнтэй холбоотой маргаан байдаг. Иргэн өөрийнхөө үндсэн эрх зөрчигдсөн гэсэн мэдээллийг өгөхгүй ч гэсэн тухайн хууль чинь өөрөө үндсэн хууль зөрчөөд байна гэдэг агуулгаар мэдээлэл гаргаж, хуулийг нь хүчингүй болгох замаар үндсэн эрхээ хамгаалуулъя гэхээр маргаан үүсгэхгүй ээ л гэсэн хариултаа өгдөг. Яагаад гэвэл цаана нь буй улс төрөөс нь намын эрх ашиг явж байгаа учраас маргаан үүсгэж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгдөг нь олон зүйл дээр батлагддаг. Үндсэн хуулийн бүх л заалтыг зөрчиж байхад маргаан үүсгэхгүй л байна. Үндсэн хуулийн цэц бол хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим гэж заагдсан газар мөртлөө хамгийн их зөрчдөг байгууллага. Нийтлэг ажиглагддаг зүйл нь Цэцэд мэдээлэл өгөхөд 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийдэж, 30 хоногийн дотор маргааныг шийдвэрлэж, шаардлагатай бол дахиж 30 хоног сунгадаг. Энэ хугацаанд маргааныг шийднэ гэж заасан. Гэтэл яг тэр хугацаандаа шийдвэрлэж байсан түүх байхгүй. Хамгийн хурдан нь гурван сар, түүнээс цааш 3-4 жилийн дараа тухайн асуудлыг маргаан үүсгэсэн тохиолдолд шийддэг. Үүнээс үүдэж “Та нар өөрсдөө яагаад хууль зөрчөөд байгаа юм бэ. Энэ нь наад зах нь иргэдээс төрийн байгууллагад Өргөдөл, гомдол гаргах журмын тухай хуулийг зөрчиж байна шүү дээ” гэхээр бусад хууль бидэнд хамаагүй гэдэг. Тийм учраас би Цэц рүү очоод “Цэцийн дээр хөх тэнгэр байгаа гэдэг үгэндээ битгий итгээд хөөрөөд байгаарай, Цэцийн дээр иргэдийн Үндсэн хууль байгаа шүү” гэж хэлж байсан. Хоёр дахь жишээ нь, 2020 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсноор ардчилсан эрх зүйт төртэй гэж хэлэх улсад хэзээ ч байх ёсгүй хууль баталсан. Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийг сэргээж, шалгах тухай хууль баталснаар хэрэг нь шүүхээр хаагдчихсан олон хүмүүсийн хэргийг дахин сэргээж шалгасан. Тухайн үед Цэцэд мэдээлэл гарган, түүний дагуу маргаан үүсэж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиараа тухайн хэрэглэх гэж буй хууль нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн маргаан үүссэн тохиолдолд шүүхэд хэрэглэгдэхгүй гэсэн заалт байдаг. Тэгэхээр улс төрийн хэрэг дээр шүүх нь тэр заалтаа барилгүй хэрэг шийдээд явчихдаг. Шүүхэд очоод та нар яагаад энгийн иргэн дээр тус заалтаа бариад байж, улс төрийн хэрэг дээр энэ заалтаа барихгүй байгаа юм бэ гэхээр “Чи битгий өөр хэрэг яриад бай” гэсэн тайлбар өгдөг. Цэцээс тухайн хууль нь Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэсэн маргаан үүсгэсэн тохиолдолд хэргийг түдгэлзүүлсэн нь үнэн гэсэн заалтыг Цэц нь өөрөө хүчингүй болгочихдог. Улс төрийн захиалгаар хоёр өмгөөлөгчид үүрэг өгөөд, өнөөх өмгөөлөгчид нь маргаан үүсгэхэд, Цэц нь өөрсдийн хэрэглэдэг хуулийг хүчингүй болгоод Цэцэд ямар ч маргаан үүссэн байсан тухайн хуулийг шүүхэд хэрэглэж болно. Дараа нь Цэц тухайн хуулийг хүчингүй болгочих юм бол Үндсэн хуульд харшилсан хуулиар ял авсан хүмүүсийн хохь болоод л дуусна. Суллагдах ч гэсэн, хэдэн сар, хэдэн жилээр шоронд суугаад л гарч ирнэ. Гарч ирээд Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасны дагуу “Бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон бол хохирлоо барагдуулах хэрэгтэй” гэсэн заалтаараа хохирлоо барагдуулах гэхээр түүнтэй холбоотой зохицуулсан хууль байхгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд л амь нас нь хохирсон бол 10 сая төгрөг өгнө гэсэн зохицуулалт байдаг. Түүний дагуу шүүх дээр хохирлоо барагдуулах гэхэд сангийн яамнаас “Үүнд төсөвлөсөн мөнгө байхгүй. Дараа жил ирээрэй” гэдэг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтын хуулийг нь хүчингүй болгосон ч Улсын Дээд шүүхээс хуультайгаа яг адилхан тайлбарыг гаргаад түүнийгээ хэрэглээд явчихдаг. Цэц дээрээ дахин очиж, “Та нарын хүчингүй болгосон заалтыг улсын дээд шүүх тайлбар гаргаад сэргээчихлээ” гэхээр “Улсын дээд шүүхийн тайлбарыг Цэц хянах эрх байхгүй. Ерөнхий шүүгчийн гаргасан шийдвэрийг л Цэц хянана” гэж хариулдаг. Ерөнхий шүүгч чинь ямар ч тодорхой шийдвэр гаргахгүй шүү дээ. Тэр хүн чинь Дээд шүүхийнхээ дотоод бүтцийг л зохиохтой холбоотой шийдвэр гаргана. Тэр нь иргэдэд хамаатай асуудал биш шүү дээ. Тийм байхад тэр хүний гаргасан шийдвэрийг Цэцэд өгөөд байх шаардлага байхгүй. Иймэрхүү асуудлаа хүртэл зохицуулахгүй бол иргэний үндсэн эрх нь зөрчигдсөөр байна.
-Цэцийн асуудлыг хэрхэн шийдвэл зөв гольдролдоо орох бол?
-Эрх мэдэлтэй хүмүүст тааруулан хууль дүрэм нь шийдэгдээд байдаг. Нөгөө талаас Цэцийн даргыг Улсын дээд шүүх нь томилсон. Тийм учраас Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргаж чадахгүй гацаж байгаа юм. Удахгүй Цэцийн дарга нь солигдож шинэ хүн томилогдоно. Тэр үед эдгээр хэрэг шийдэгдэж, тухайн хугацаанд иргэд нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Дээд шүүхийн тайлбараар ял аваад яваад л байна. Тийм учраас үндсэн хуульд заасан эрхүүдээ хамгаалахын тулд нэн тэргүүнд Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулиудаа өөрчлөх шаардлагатай байна. Үндсэн хуульд мэргэшсэн хуульчдыг томилох шаардлагатай. 1992 оноос хойших Цэцийн гишүүдийг харвал мэргэшсэн хуульч нь мэргэжлийн бус хүмүүсээсээ бага. Энэ нөхцөл байдлаа өөрчилж Цэц шинэчлэгдэхгүй бол хичнээн сайн хуультай байгаад ч тэрхүү хуулийг хамгаалах ёстой институт нь хамгаалж чадахгүй учраас Үндсэн хуульд заасан бусад заалт хамгаалагдахгүй.
Нийслэл хотод 2023 оны долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжилсэн их хэмжээний бороо орж үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь нас. эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон автотээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн.
Иймд
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж,
- Хан-Уул дуүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар,
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг 2023 оны долдугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хаах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.
Авто зам, замын байгууламж хаасантай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт, хэв журам зөрчигдсөн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус үүрэг болгосон байна.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдлээ.
Тодруулбал түүнд оноосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийдвэрт өөрчлөлт орохгүй.
2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Ч.Маралмаа нь “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай хоёр хүүхдийг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргаж, шүүхээр гэм буруутайг тогтоон зорчих эрхийг хязгаарлах ял оноосон билээ.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.
Тандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан “Дулааны улиралтай холбогдуулан агаар дуслын халдварын тохиолдол буурсан. Гэвч үер усны болзошгүй аюулаас шалтгаалан гэдэсний халдварт өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 3800 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн. Түүнчлэн 490 гаруй хүн цусан суулгаар өвдөөд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Иргэд орон нутаг руу аялахдаа хүнсээ зөв сонгох, бага насны хүүхэд идэхэд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авч явахгүй байх хэрэгтэй. Мөн үер ус туулах үед гэдэсний халдвар авах магадлалтай.
Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гарыг тогтмол угаах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэхийг анхааруулж байна. Ялангуяа амралт зугаалгаар явахдаа тахиа, үхэр, гахайн махыг дутуу болгож, шарж хэрэглэснээр болж бичил нянгаар үүсгэгдэх халдварт өвчин нэмэгддэг. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сахих шаардлагатай байна.
Хуульч Б.Мэргэн: Албан тушаалтнууд хуулийг хоёр сар илбэдэж алга болгоод ялгүй үлдчихдэг. Гэтэл залуус гав зүүх болсон шалтгаан нь үзэл бодлоо илэрхийлсэн төдий
Аялал, жуулчлалын компаниудын цөм нь фургон машинаар үйлчилгээ үзүүлдэг. Хол замд энэ нь эрсдэл дагуулдаг талаар шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл фургон нь жуулчин тээвэрлэхэд эрсдэлтэй тээврийн хэрэгсэл гэж үздэг. Фургонтой жуулчид осолдсон нэг биш удаагийн тохиолдол гарлаа. Фургоноор хүн тээвэрлэх нь ямар эрсдэл дагуулдаг талаар автын инженер П.Даваахүүгээс тодруулга авлаа.
-Манайх энэ жилийг Аялал жуулчлалын жил болгож зарлалаа. Үүнтэй холбоотойгоор жуулчдын цуваа тасрахгүй нь бололтой. Жуулчдад үйлчилгээ үзүүлэх компаниудыг харахад түлхүү фургон ашиглаж байгаа харагдах юм. Фургон аюулгүй тал дээр ямар тээврийн хэрэгсэл вэ?
-Фургоны тухайд туулах чадварын тухайд шилдгүүдийн л нэг. Манайхан түгээмэл хэрэглэдэг УАЗ-469 ч үүнтэй яг ижил. Туулах чадвараараа сайн ч аюулгүй байдал, тав тух тал дээр маш муу. Үүнийг би ч хэлж байгаа юм биш л дээ. Япон, Солонгос зэрэг орны зохион бүтээгчид дээрх тээврийн хэрэгслийг ачаа тээвэрлэхэд зориулагдсан тухай хэлдэг. Зорчигч тээвэрлэхэд аюулгүй байдал талаасаа ч, тав тух талаасаа ч эрсдэлтэй.
-Ямар учраас эрсдэлтэй гэж үздэг юм бэ?
-Бартаат замд зориулагдсан гэсэн үг л дээ. Хол замд жуулчин тээвэрлэхэд эрсдэлтэй гэсэн үг. Сүүлийн үед фургонууд өөр болсон байх. Манайд тэр нь өргөн хэрэглэгддэггүй. Өнөөх л бартаат замд зориулагдсан фургоноор жуулчин зөөгөөд байдаг. Энэ олон мянган жуулчин ирж байхад фургонд суулгаж зөөгөөд байгаа нь эрсдэлтэй л ажил.
-Манайх шиг замын нөхцөлд фургон л хамгийн боломжтой нь юм шиг.
-Хөдөө бартаатай замд бол боломжтой л байх. Гэхдээ тав тух хангасан, аюул эрсдэлгүй сонголт хийж болно шүү дээ. Зардал нь бага зэрэг өндөр тусна. Жуулчлалын компаниуд хэдэн арван хүн суулгачихаад л хэдэн мянган километр газар давхиад байдаг. Аюулгүй байдал талаасаа өндөр эрсдэл дагуулдаг. Ланд 200 ч гэх юм уу, өөр сонголтууд нээлттэй байдаг. Фургонаар тээвэрлэж байгаа бол хурдаа тохируулж туйлын сонор сэрэмжтэй явах ёстой. Өөр нэг түгээмэл харагддаг асуудал нь аялалд гарахдаа машинаа өндөрлөдөг. Энэ нь үйлдвэрлэлийн стандартыг алдагдуулж байгаа үйлдэл. Үйлдвэрийн стандарт алдагдахаар осол гарах магадлал үлэмж хэмжээгээр нэмэгддэг. Өндөрлөсөн машин уначихаад ухаан мэдрэлгүй яарч, хурдалж байгаа үйлдэл бол шууд хэлэхэд эрүүл хүнээс гарах үйлдэл биш. Хамгийн аймшигтай нь гэр бүлээ суулгачихаад ингэж хурдлах юм. Манайд зам тээврийн ослоор жилд л 600-аад хүн нас бардаг статистик бий. Энэ нь өндөрлөсөн машинаар хурдалдагтай холбоотой гэж хардаг юм. Манайд замын нөхцөл байдал ямар билээ дээ, та мэдэх байх. Ийм нөхцөлд хурдны хязгаар давуулах нь галзуурсан хүнээс гарах үйлдэл.
-Энэ жил жуулчин авч яваад осолдсон нэг биш тохиолдол гарлаа. Фургонаар тээвэрлэж яваа үед юуг анхаарах вэ?
-Үүнээс аль болох татгалзах л хэрэгтэй. Жуулчдын тав, тух аюулгүй байдалд анхаарч зориулалтын тээврийн хэрэгсэл сонгох нь зөв. Фургонаар жуулчин тээвэрлэж байгаа нөхцөлд замаа сайн мэддэг, туршлагатай жолооч хэрэгтэй. Олон хүний амь нас, эд хөрөнгө хариуцаж яваагаа ухамсарлаж болгоомжтой явах нь чухал. За тэгээд бүрэн бүтэн байдалд онцгой анхаарах хэрэгтэй.
О.ДАШ
Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.
Үүний улмаас өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан байна.
Харин өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 43-р хороо Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар, граж, 26-р хороо Баянмонгол хорооллын нүхэн гарц, Сэлбэ гол дагуу “S outlet дэлгүүр”, Баруун уулын далан, Дүнжингарав худалдааны төвийн далангийн байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 243 ажилтан алба хаагч, 46 нэгж техниктэйгээр усыг соруулан шуудуу, далан татан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бэлгийн заан буцаж ирэв DNN.mn
Тайландаас Шри-Ланка улсад 2001 онд бэлэглэж байсан 29 настай нэрт заан эх орондоо буцаж иржээ. Бэлгэнд авсан улс нь заантай зүй бусаар харьцаж, тамлан зовоож байгаа тухай мэдээлэл ил болсны дараа өнгөрсөн онд Тайландын тал өгсөн бэлгээ буцааж авахаар хөөцөлдөж эхэлжээ. Дөрвөн тонн жинтэй Чан Майд зааныг “Илюшин 76” ачааны нисэх онгоцоор тусгайлан зассан төмөр саванд тээвэрлэн авчирсан байна. Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча “Заан Чан Майд эсэн мэнд ирлээ. Тэр таван цагийн турш нисэхдээ ямар ч асуудалтай тулгараагүй, хэвийн байсан” гэж нисэх буудлаас мэдэгдэв. Зааныг тээвэрлэхэд Тайландын дөрөв, Шри-Ланкын нэг маллагч дагалдан, тээвэрлэлтийн явцыг хоёр ширхэг камераар байнга хянаж байжээ. Мал амьтны хорио цээрийн дэглэмийн дагуу зааныг эхлээд хэсэг хугацаанд тусгаарлан ажигласны дараа дархан цаазат газарт тавих гэнэ. Зааныг эх оронд нь тээвэрлэн авчрах зардал $700,000 болсныг Тайландын албаныхан мэдээлжээ.
Шри-Ланкийн Буддын шашны хийдэд олон жил хүнд нөхцөлд амьдарсан зааныг мод бэлтгэлийн ажилд боолчилж, зодож занчиж байсан нь тогтоогдсон тул бэлгийн зааны асуудал Тайланд, Шри-Ланка улсуудын хооронд дипломат маргаан үүсгэсэн юм. Тайландын тал зааныг буцааж өгөх шаардлага тавьсныг Шри-Ланкын байгаль орчны сайд Павитра Ванниарачи “хэтэрхий хатуу шаардлага” гэж шүүмжилж байжээ. Мөн Шри-Ланкын Ерөнхий сайд Динеш Гунавардена өнгөрсөн сард парламентад үг хэлэхдээ заантай холбоотой маргааны асуудлаар Тайландын хаанд өөрийн биеэр гомдол илэрхийлнэ гэж мэдэгдэж байв. Тайландад ирсний дараа бэлгийн зааны зүүн урд хөлийнх нь гэмтлийг эмчлэхээр болжээ. Тайландын засгийн газар энэ явдлаас хойш гадаад улс орнуудад заан илгээхээ зогсоохоор шийдвэрлэв. Мөн өмнө нь гадаадад гаргасан заануудаа шалгах дипломат элч нарыг дэлхийн олон улсад илгээж байгааг Тайландын Байгаль орчны сайд мэдээлсэн байна.
Г.АМАРСАНАА