Month: July 2023
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.
-Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд та бүхэн Хятадын талтай хамтарч “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” формыг зохион байгуулсан. Тэрхүү форумын үр дүнг ерөнхийд нь дүгнэж хэлэхгүй юу. Нааштай олон эерэг нөлөөг авч ирлээ хэмээн Монголын хөрөнгө оруулагчид олзуурхаж байсан?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа айлчилсан айлчлалаас хойш таван жилийн дараа болж байгаа айлчлал. Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа форумд том бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бүх Хятадын худалдааг дэмжих хороо болон МҮХАҮТ хамтарч зохион байгуулсан. Форумд талуудын танхимууд маш өндөр ач холбогдол өгсөн.
Энэ утгаараа бизнес форумын агуулга, цар хүрээ маш өргөн байлаа. Форумд оролцогчид “Өмнө нь байгаагүй өндөр хэмжээний ач холбогдол, үр дүнтэй арга хэмжээ боллоо” гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, хүнс, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын гол компаниуд оролцсон. Арга хэмжээний үеэр 2.8 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ зурагдлаа. Манай экспортын гол худалдан авагч бол БНХАУ. Мөн дэлхийн хоёр дахь том зах зээл БНХАУ гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Тиймээс дээр хэлсэн гол салбарт бодит хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг хятадууд хүсч байна. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл бид гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, хууль эрх зүйн орчин нь тогтвортой бус, төрийн шийдвэр нь ойлгомжгүй, уялдаа холбоогүй, хөрөнгө оруулагчаа хохироодог байдалд хятадууд нилээд болгоомжилж байна. Тэд энэ асуудлаа та нар өөрсдөө мэдэж байгаа юу гэсэн асуултыг их тавьж байсан.
Ерөнхий сайд форумыг нээж үг хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл буруу зүйл хийсэн бол уучлал хүсье. Цаашид авлига, хүнд суртал, төрийн албаны ойлгомжгүй байдлаа бид алхам тутамдаа засч залруулна” гэсэн нь хөрөнгө оруулагчдад нилээд том итгэл өгсөн, итгэлийг сэргээсэн алхам болсон. Энэ үгэнд хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгч, дахин дахин цохон тэмдэглэж байсан.
Ер нь Хятадын хөрөнгө оруулагчид, төрийн ч хувийн ч том компаниуд, мөн олон улсын компаниуд Монголын эдийн засаг, бизнес, улс төрийн ойлгомжтой байдлыг хүсч байна. Юуг хийж болох нь ойлгомжгүй, мөн юуг хийж болохгүй нь ойлгомжгүй, яг хэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байдаг. Одоо цэгцтэй, тодорхой боллоо гэдэг байдлаар асуудалд хандаж байсан. Нөгөө талаар Олон улс судлаач Д.Баярхүү гуай дүгнэхдээ “Түүхэн айлчлал болж байна. Үүний дараа маш том бүтээн байгуулалт бий болно. Монгол-Хятадын харилцааг эрчимжүүлнэ” гэж дүгнэж байсан. Ковидын дараах дэлхий нийтийн хүндрэл, Орос-Украины дайнтай холбоотой үүсч байгаа геополитикийн нөхцөл байдлын ард дэлхийн хүчний төв зүүн өмнөд Ази, тэр дундаа Хятад руу шилжиж байна. Энэ шилжилтээс монголчууд өгөөж хүртэхийн тулд хамтын ажиллагаа чухал.
-Форумын үеэр хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүч чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь анзаарагдсан. Энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар таатай боломжийг бид бий болгох хэрэгтэй вэ?
-Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь форумд оролцсон. Маш том амбицтай байгууллага л даа. Монгол Улс тус банкны үүсгэн байгуулагч орон шүү дээ. ADB бол илүү япон төвтэй. EBRD бол европ талдаа. Харин Дэлхийн банк илүү Америк төвтэй. Эдгээр банкуудтай өрсөлдөхүйц том амбицтай байгууллага. ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь хэлсэн үгэндээ “Нүүрс болон нүүрстэй холбоотой эрчим хүчний чиглэлд бид хөрөнгө оруулалт огт хийхгүй. Бид ирээдүйд чиглэсэн, инноваци шингээсэн, ногоон хөгжилд анхаарна. Монголын сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, байгаль экологид ээлтэй гүн боловсруулалт, дэд бүтцийн санхүүжилтийг дэмжинэ” гэсэн.
Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц гурван тераватт. Энэ нь одоогийн манай нийт хэрэглээ 1.5 гегаваттаас бараг хоёр мянга дахин их. Үүнээс харахад ямар том нөөц боломж байгаа нь ойлгомжтой. Бид сэргээгдэх эрчим хүчийг өмнө нь Монголд хөрөнгө оруулалт хийсэн компаниудын хэмжээнд хараад байх шиг байна. Манайд байгаа технологи нь нилээд хоцрогдчихлоо. Бүтээмж муу байна. Түүнчлэн бага хэмжээгээр учраас системд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй. Технологи асар шинэ болсон байна. Энэ форумд оролцсон Хятадын сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний томоохон компаниуд өөрийн төслийг танилцуулсан. Салхины турбин хоёр мегаватт цахилгаан үйлдвэрлэдэг байсан бол одоо 10 дахин илүү бүтээмжтэй турбинууд бий болчихсон байна. Монголын говийн салхийг ашиглахад л Монгол Улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна Хятад руу экспортлох боломж бүрдэнэ гэж харж байна.
Өнөөдөр бид 1.5 гегаваттыг хэрэглэж байгаа. Үүний 0.5-ыг нь импортоор авч байна. Эрчим хүч импортлогч биш экспортлогч улс болоход хамгийн том боломж нь сэргээгдэх эрчим хүч юм. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэлээ ч худалдаж авах сонирхол байхгүй гэдгээ илэрхийллээ шүү дээ. Тиймээс том нөөц бололцоог, нарны салхины усны сэргээгдэх эрчим хүчийг маш их хэмжээгээр үйлдвэрлэх. Үүнийгээ экспортлогч болох хэрэгтэй байна. Ингэвэл санхүүгийн институциуд үүн дээр хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. энэ нь өөрөө монголчуудын хувьд экспортын маш том гарц гэж харах хэрэгтэй.
-Дэлхийн эдийн засгийн чиг хандлага Ази руу чиглэж байгаа энэ үед монголчууд үүнээс өгөөж хүртэхийн тулд нэн тэргүүнд яах ёстой вэ?
-Ази Европыг холбосон транзит тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэр дундаа зүүн европи Азийг холбосон. Зөвхөн Орос-Хятадын хооронд дахь худалдаа 200 тэрбум ам.доллар. Тиймээс Монгол нэмүү өртөг, орлого, ажлын байр бий болгосон тээврийн оролцоог бий болгох ёстой. Нөгөө талаар уул уурхайн гүн боловсруулалтыг Монгол Улс хийх ёстой. Өнөөдөр бид анхан юм уу, эсвэл нэгдүгээр шатны боловсруулалт хийж экспортолчихоод байна. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд АМНАТ-ын хуулийг эргэж харах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрчим хүч экспортын маш том боломж. Суурь хөрөнгө оруулалтыг хийчихвэл Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгож Азийн супер сүлжээнд холбож экспортлох боломж байна. Гуравдугаарт, аялал жуулчлал. Экспортыг дэмждэг том тулгуур салбар бол аялал жуулчлал. Үүний хамгийн ойр цэг бол Ази, зүүн өмнөд Ази. Аялал жуулчлалыг дагаж тухайн улсын маш олон үйлчилгээний салбар, тухайн улсын онцлог бүтээгдэхүүн үйлчилгээний худалдаа нэмэгддэг. Үүний тулд хөрөнгө оруулалтууд бий болж байдаг. ингэхийн тулд нөгөө л тээвэр логистикийн асуудал чухал. Агаарын болон газрын тээврээ илүү хялбаршуулж, сайн болгох ёстой. Өнөөдөр Замын-Үүд боомт зорчигч тээврийн ачаалал авч чадахааргүй байна лээ. Эндээс эхлээд бид асуудлаа цэгцэлж шинэ түвшинд хөгжүүлэх ёстой. Хятадаас агаарын тээврээр ирье гээд нислэгийн тийз олдохгүй байна. Эрэлт байхад яагаад урсгалаа нээж чадахгүй байна. Энэ мэтээр шийдэх асуудал их байна. Дараагийн том салбар нь Монголын органик хүнсийг боловсруулалт хийж экспортлох. Энэ бүгдийг бид дангаараа хийнэ гэж байхгүй. Хамтрах ёстой. Тиймээс түншээ зөв ойлгох хэрэгтэй. Бизнес хөрөнгө оруулалт гэдэг бол харилцан ашигтай байх тухай ярина. Манай өмнөх үе хөрөнгө оруулагчдыг хохироодог, дээрэмддэг, луйварддаг, зальддаг байсан бол бид шинэ орчинд ил тод, шударга бизнес хийх ёстой. Хариуцлагатай, ил тод, нээлттэй, төр засаг нь хөрөнгө оруулалтыг хамгаалдаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдах гэж байгаа. Энэ бол чухал, дэмжих ёстой. Ингэж байж Монголын эдийн засаг тэлнэ. Бидэнд өөр сонголт байхгүй.
-Манай мөнхийн хоёр хөрш орны худалдааны тариф маш өндөр байдаг. Саяны форумаар тарифын асуудал хөндөгдсөн үү?
-Саяхан гурван улсын Танхимуудын дээд чуулган болсон. Энэ үеэр тарифын асуудлыг хөндсөн. Оросын талын худалдааны танхим үүнд онцгой анхаарч ажиллая гэж хэлсэн. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы өмнөхөн Москвад айлчлахдаа хөндсөн. Энэ удаад энэ яриа харьцангуй нааштай байгаа. Хятадын талд ч энэ асуудлыг хөндсөн.
Ази Номхон далайн худалдааны хэлэлцээр гэж байдаг. Бид үүнд элсэж орсон. Үүгээр дамжуулж тарифыг тодорхой түвшинд хөнгөлж байгаа. Цаашид чөлөөт худалдааны хэлцлийн тухай бид ярих ёстой. Ер нь манай экспортын худалдааны баланс эерэг байдаг ганц улс нь Хятад. Энэ утгаараа авч болох бүх зүйлээ авч байгаа. Тиймээс үүнд болгоомжлох зүйл байхгүй. Хятад руу өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хүнсийг экспортлоход илүү хялбар болно. Ер нь татвар гэхээсээ илүү Хятадын зах зээл, тэдний эрэлтэд нийцсэн бараа бүтээгдэхүүнээ бүрэн зарах ёстой. Жишээлбэл, дэлхий дахинд Хятадын махны хэрэглээ хамгийн их өсч байгаа. Тэр дундаа хонь, үхрийн махыг маш ихээр сонирхдог. Бид үүнийг ашиглаж махан бүтээгдэхүүнээ сайн борлуулж чадахгүй байна. Хоорондоо ямар ч нэгдсэн уялдаа холбоо алга. Салбарын ч, компанийн ч, төрийн ч уялдаа холбоо алга. Тиймээс илүү цахимжуулах, хялбаршуулах хууль дүрмийг мөрддөг байх хэрэгтэй байна. ХХААХҮ-ийн яамнаас лиценз өгдөг. Тэрийг нь цөөн хэдэн компани авдаг. Тэрхүү лицензээ дамжуулан зардаг асуудал бий. Өөрсдөө 10 мянган тонны эрх авчихвал таван мянган тонныг нь шаглаад зарчихдаг. Энд чанар, стандартын асуудал үүсдэг. Энэ нь яваандаа бидэнд сөрөг нөлөө үзүүлнэ үү гэхээс ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй. Танхим үүнийг санаачилж “Эрхээ бидэнд өгөөч. Тэгвэл илүү зөв зохион байгуулъя” гэж байгаа. 100 мянган тонн мах экспортолмоор байна. Экспортын гол цэг Хятад байна. Бид 70-80 сая малтай гээд л байдаг. Гэтэл арилжааны биш байна шүү дээ. Бид дотооддоо ес орчим сая малыг хэрэглэнэ. Цаана нь 15-20 сая малыг эргэлтэд оруулж болно. Ер нь экспортыг зохион байгуулалттай, тодорхой дүрэмтэй хийдэг. Ингэж чадвал бид илүү ихийг олох боломжтой. Уул уурхайн бус салбараас хамгийн богино хугацаанд хамгийн их орлого олох боломжтой бүтээгдэхүүн бол мах. Брэнд хийх, маркетингийн зардал гаргах шаардлагагүй. Бид стандартаа барьж тоглоомын дүрмээ зөв тодорхойлоод уялдаа холбоотой нэгдмэл ажиллавал болчихно. Энэ мэтээр салбар салбараар асуудлаа ярих ёстой. Аль нэг компани дангаараа үүнийг хөөцөлдөнө гэвэл богино хугацааны тоглолт болчихоод байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
-Сонгууль болохын өмнөх жил сонгуулийн хуулийг шинэчилж байгаад та болон танай намын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан нам УИХ-д цөөнх л дөө. Тийм учраас шийдвэр ямар байх тал дээр голлох үүргийг МАН гүйцэтгэсэн. Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж хувь тэнцүүлсэн тогтолцоо оруулж ирсэн улсууд л суудлын тоог нь нэмсэн. Эмэгтэйчүүдийг жагсаалтад сөөлжүүлж оруулахаар болсон . Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоосон. Би үүнийг дэвшил гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сонгогчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Тиймээс тэднийг төрийн тусламжтайгаар дэмжиж, улс төрийн оролцоо, идэвхийг нь дээшлүүлэх гэх мэт асуудлуудад зөв алхам болно гэж хэлмээр байна. Иймд бид гарсан шийдвэрийг дэмжиж байгаа. Харин энэ шинэ нөхцөл байдалд улс төрийн нам өөрийгөө шинэчилж, шинэ маягаар ажиллах шаардлагатай.
-Ардчилсан нам нилээн хэдэн фракцад хуваагдчихаад байгаа шүү дээ. Ирэх жилийн сонгуульд Ардчилсан нам яаж оролцох вэ. Фракцууд нэгдэж чадах болов уу. 126 гишүүнтэй болж байгаа нь Ардчилсан намд ямар боломж олгож байгаа гэж харж байгаа вэ?
-Би аль нэг нам тэгээсэй, ингээсэй гэж санаа зовохоосоо илүү Монголын нийгэм ардчилагдаасай, монгол төр өөрөө ардчилсан байгаасай гэж хүсдэг. Ийм байх асуудал нь Ардчилсан намаас маш их хамаарч байгаа. Ардчилсан нам өөрийгөө шинэчилж чадвал сонгуульд чамгүй амжилт гаргаж болно. Ер нь улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүн байгаа бол тэр итгэл үнэмшилтэй байгаа хүн бусдын итгэл үнэмшил, үзэл баримтлалыг хүндэтгэдэг, хүлээн зөвшөөрдөг үүрэгтэй байх ёстой.
Тэр утгаар нь хангах юм бол Ардчилсан нам дотор фракц, клубүүд байгуулагдсан нь өөрөө эерэг үзэгдэл. Энэ нь намыг шинэчлэх бас нэг түлхүүр гэж хэлмээр байна. Олон клуб, фракц бий болж байна гэдгийг нам хагарч байна гэж харахын эсрэг байгаа. Дэлхий даяар өөрчлөлт явагдаж байна. Тэр өөрчлөлтөд зохицох гэж намууд янз янзын хариу олох гэж оролдсоор явна. Тэр хариуныхаа зөрүүнээс болж фракц, клуб болж хуваагддаг. Тэгэхээр эдгээр клуб хоорондоо нэгдэж, дундын шийдвэр олох явдал нь өөрөө ардчиллыг сайжруулах том алхам юм.
-Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт таны бодлоор ямар шатандаа явж байна. Цаашид нөхцөл байдал ямар болох бол?
-Эдийн засгийн байдал тийм сайн биш байгаа. Гол шалтгаан нь Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус тээвэрлэлт, дэд бүтцээс хамааралтай эдийн засаг болчихсон. Би нэг удаа өөрийнхөө нийтлэлд бичиж байсан. “Бид нүүрснээс хамааралтай биш, нүүрсний тээвэрлэлт хийж байгаа төмөр замаас хамааралтай эдийн засагтай болчихсон” гэж. Тийм учраас төмөр замын хувьд зөв бодлого, зөв чиглэл гаргах хэрэгтэй. Өмнөх алдаануудаа засах хэрэгтэй. Ингэж чадвал дэд бүтцийн өргөн бололцоо нээх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж болно. Ер нь зүгээр эдийн засгаа өсгөе гээд хоосон гүйгээд байвал дэд бүтцийн сул хөгжилд хашигдаад, өсч чадахгүй байх аюултай.
-Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн шүү дээ. Энэ нь улс орны эдийн засагт хэр нөлөөлөх вэ?
-Томоор харвал Монголд том төсөл хэрэгжүүлж болдог юм байна гэж гадны хөрөнгө оруулагчдад сигнал буюу дохиолол болж байгаагаараа маш чухал ач холбогдолтой. Далд уурхайн олборлолт явагдсанаар Оюу толгой компанийн өөрийнх нь үр ашиг дээшилж байгаа гэсэн үг. Энэ утгаар нь аваад үзвэл Монголын эдийн засагт том үүрэг рольтой. Төсөвт төлөх төлбөр нь Эрдэнэттэй бараг ойролцоо. Тун удахгүй түүнээс ч илүү болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр бид уул уурхай түшсэн эдийн засаг байгуулсан. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татаж байж дараагийн том төслийг хэрэгжүүлэх бололцоо нээгдэнэ.
-Манайх мал аж ахуйн орон. Мал аж ахуйгаа яаж эргэлдүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах вэ?
-Төсөвт өгч байгаа хөрөнгө мөнгө, татвар, нийгэмд оруулж байгаа баялгийнхаа хэмжээгээр уул уурхайтай мал аж ахуйг харьцуулахын арга байхгүй жижигхэн. Гэхдээ мал аж ахуй манай үндэсний соёл иргэншилтэй холбоотой. Олон хүний амьдрал түүн дээр тогтож байгаа учраас төрөөс дэмжсэн, тусалсан. Тэднийг шинэ технологи, төлөв байдалд оруулах гэсэн дэмжлэг ажлыг зохион байгуулж байх ёстой л гэж хэлмээр байна.
-Та шүүхийн шийдвэрээс хамаарч ирэх жилийн сонгуульд нэр дэвших боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр залуу үеэ бэлтгэж байгаа юу. Яаж бэлтгэж сонгуульд оролцох гэж байна вэ?
-Би шинэ залуу үедээ итгэж байна. Өөрчлөгдсөн, шинэ бодол санаатай болсон. Ганцхан бодлогын хувьд цэгцлээд өгөх юм бол амжилт гаргаж чадна. Хувь хүнийхээ хувьд УИХ-д амбиц гаргах сонирхол надад байхгүй. Улс төрийн муйхар тэмцлээс болоод шүүгч надад төрийн албан ажил хийхийг хориглочихсон. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тийм учраас би өөрийгөө дэвшинэ гэж хэзээ ч бодохгүй л явж байна.
-Үндэсний бодлогын хорооны хурлыг хойшлуулах тухай санал гарч байна. Хэзээ товлогдсон байгаа вэ. Хойшлогдох боломжтой болов уу?
-Хойшлох, хойшлохгүй нь намын гишүүдийн өөрсдийнх нь шийдэх асуудал. Цаг хожъё гэвэл эрт хийнэ. Бэлтгэл сайтай, бүх юмаа бодож байж зөв шийдвэр гаргая гэвэл хугацаа хэрэгтэй. Энэ хоёртой аль алинтай нь би санал нэг байгаа. Хойшлуулах эсэх нь энэ асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн намын удирдлагатай шууд хамааралтай. Тэр хүний сонголт. Тэгэхээр бид нөлөөлөхөд хэцүү л дээ. Хүсэлтээ л гаргана.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3…+8 градус, Алтайн өвөр говиор +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө баруун аймгуудын нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгороор +27…+32 градус, Алтайн өвөр говиор +31…+36, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам долдугаар сарын 10-15-нд болно.
Эдгээр өдөр хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Гаалийн Ерөнхий Газраас танилцууллаа.
Баяр амралтын өдрүүдэд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг төмөр замын боомтууд ердийн цагийн хуваариараа ажиллана. Чингис хаан олон улсын нисэх буудал нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол авто замын ихэнх боомт долдугаар сарын 11-15-нд амрахаар байна.
Үерийн голомтод ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад зориулсан зөвлөмж
Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж, сэтэрсэн талыг битүүлэх арга хэмжээ авч буй. Мөн Цагаандаваанаас хайрга, дайрга зөөж даланг хүчитгэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын барилга, оффис руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж буй. Голын урсацыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрүүдийг нураах шаардлагатай байна. Энэ асуудлыг бид УОК болон бусад байгууллагатай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргана” хэмээлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үер, усанд өртөөд байгаа зургаа, өртөж болзошгүй 20 барилга байгууламж байна. Эдгээр барилгад 7000 орчим хүн бий. Одоогоор бид барилга байшингийн зоорийн болон нэгдүгээр давхраас эд хогшлыг зөөж гаргах, хүмүүсийг дээш нь шилжүүлж аюулгүй байдлыг хангаад байгаа. Нөгөө талаас, Сүхбаатар дүүгийн 13,14 дугаар хороонд байдал хүндэрч байна. Тухайлбал, Сэлбэ дэд төвийн станцад ус нэвчсэн гэсэн мэдээлэл ирлээ. Мөн 15 дугаар хорооны Дамбадаржаа орчимд 50 айл өрх усанд автсан, 150 өрхийг нүүлгэн шилжүүлэх, тараан байрлуулах арга хэмжээ аваад байна” гэсэн юм.
Засгийн газрын хуралдаанаар 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Их хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан 2023 оны зорилтоо тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулан газар тариалангийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж, хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулан ажиллалаа. Энэ жилийн хувьд 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн, хөрсний дулаан үр суух гүндээ нэмэгдэхгүй, дулааны хангамж дутагдалтай байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс арай хожуу эхлэж 05 дугаар сарын 15-наас жигдэрснээр урьдчилсан байдлаар 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.6 мянган га-д тариалалт хийгээд байна. Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулан үзэхэд нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га талбайгаар нэмэгдсэн.
Хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэснээр тариалалтын ажлыг технологийн хугацаанд буюу 17-25 хоногт багтаан гүйцэтгэв.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 313.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололтоор сайн үнэлгээтэй гарсан байна.
Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдээд байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам,
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна.
Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй байршилд байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй юм.