Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Гурван том компанид зээл гаргасан Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнээс бусад нь хариуцлага хүлээнэ DNN.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой авлига, албан тушаалын томоохон гэмт хэргийн шүүх хурал 47 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн лхагва гаригт завсарлаад байна. Шүүх бүрэлдэхүүн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зөвлөлдөн, ирэх даваа гаригт шийдвэрээ танилцуулна. Шүүх байгууллагын түүхэнд хамгийн олон холбогдогчтой буюу дөрвөн аж ахуйн нэгж, 80 хүнийг буруутгаж шүүсэн уг шүүх хурлын шийдвэрээр хэн ямар авах нь удахгүй тодорхой болно.

Яллагдагчаар татагдсан 80 хүний дотор одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ч татагдаж, шүүх танхимд хэдэнтээ мэдүүлэг өгөв.

Прокуророос Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг 22.1.3-т зааснаар ялласан бөгөөд уг заалтад “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасч таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар ялласан байна.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйд ангиудаар яллажээ. Уг зүйл ангиудаар бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасч, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудын дараа эрэмбэлэгдэж буй Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд хэнд ямар ял төлөвлөсөн нь анхаарал татаж буй. Хөгжлийн банкны гэгдэх хэрэгт холбогдуулж шалгасан 80 хүний дунд Хөгжлийн банкны үе үеийн захирлууд, томоохон албан тушаалтай 37 хүн татагдсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Б.Чойжилжалбуу, Ч.Энхбат нарын 37 хүн багтжээ. Тэднийг ихэвчлэн Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар буруутган яллаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат, Б.Батбаяр нар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх магадлалтай байна.

Сар хагас үргэлжилсэн энэ том шүүх хуралд яллагдагчаар татагдсан хүмүүсийн 50 орчим хувь нь Хөгжлийн банкны хариуцлагатай албан тушаалтнууд. Гэвч хуулийнхан гол буруутай этгээдийг сугалж үлдээснийгээ өнөөдөр хүртэл тайлбарлаагүй байгаа юм. Тэр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ.

Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалыг хашиж байлаа. Түүнийг анх АТГ-аас “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг зарлаж байлаа. Гэвч Хөгжлийн банкны хэргийн шалгалт дуусах үеэр Я.Сод-Эрдэнийн хэргийг тусгаарлачихсан. Товчхондоо түүнийг энэ том хэргээс мулталчихсан гэсэн үг.

“Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумаар шахааны бизнес хийдэг, сүүлд Боловсролын сангийн зээлд хүүхдээ үнэ төлбөргүй сургасан зэргээр ёс зүйгүй үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр байгаа Я.Сод-Эрдэнээс бусад нь их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх нь тодорхой болж байна. Гагцхүү тэдний дунд зогсох ёстой хариуцлагатай албан тушаалтан байсан Я.Сод-Эрдэнэ дүүгийнхээ, намынхаа буянаар уснаас хуурай гарчихлаа гэж гэсэн холбогчид дунд, түүгээр зогсохгүй хуулийнхан, улс төрийн хүрээнд тархжээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
гадаад

Байдены хүү Хантер татвараа төлөөгүйгээ хүлээн зөвшөөрчээ DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдений 53 настай хүү Хантер Байден 2017, 2018 онд татвараа хугацаанд нь төлөөгүй гэдэг хоёр зөрчилд гэм буруутайгаа хүлээжээ.
Хууль сахиулагчидтай сая тохирсны дагуу, Байден хоёр  жилийн туршид мансууруулах бодис хэрэглэхгүй, мөн хэзээ ч галт зэвсэг эзэмшихгүй байх ёстой болж байгаа юм байна. Энэ хэлцлийг, Хантер Байдений өмгөөлөгчид болон АНУ-ын Делавер муж дахь Ерөнхий прокурор Дэвид Вайс нарын хооронд сүүлийн хэдэн сарын туршид хэлэлцсэний эцэст байгуулжээ. Хантер Байдений өмгөөлөгч Кристофер Кларк, “Миний үйлчлүүлэгч болон Делавер тойргийн Прокурор нарын хооронд хоёр хэлцэл байгуулагдсныг зарласнаар Хантерыг шалгасан таван жилийн мөрдөн шалгалт дууссан гэж би ойлгож байна” гэж мэдэгджээ. “Мөн Хантер амьдралын амаргүй үедээ гаргасан алдаа, дон хамаарлын асуудалдаа хариуцлага хүлээх нь чухал гэж бодож байгааг би мэднэ” гэж ярьсан байна. Одоо хоёр талын байгуулсан хэлцлүүдийг АНУ-ын Холбооны прокурор батлах ёстой аж. Мөн Хантер Байден өөрийн албан ёсоор оршин суудаг, мөн татварын зөрчил гаргасан хэрэг үйлдэгдсэн Делавер муж дахь Холбооны шүүхээр орж, гэм буруугаа хүлээх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

​Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ DNN.mn

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор “Усны тухай ярилцъя-3” ээлжит уулзалтаа энэ сарын 16-ны өдөр ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд Монголын МСС болон Америкийн Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг бидэнд танилцуулсан юм. МСК нь АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг юм. МСК эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд тодорхой шалгуурт нийцсэн бага, дунд орлоготой улс орнуудтай компакт гэрээ байгуулан, таван жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгодог байна. Тус корпорац Монгол Улстай 2007 онд анхны компакт гэрээгээ байгуулсан.

Өдгөө хоёр дахь компакт гэрээний хүрээнд усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд, ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хаягдал ус дахин боловсруулах төсөл, усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл зэрэг багтана. Эдгээр төслийг 2021.03.31-нээс 2026.03.31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “Ус нь хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжлөөр зогсохгүй улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн асуудал мөн” гэж хэлснийг онцлон тэмдэглэмээр байна. Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн нэг бол “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл” юм. Төслийн захирлаар Б.Батсүх томилогдон ажиллаж байгаа аж. Уг төслийн хүрээнд Туул голын дагуу орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын хоёр байрлалд нийт 30 худаг бүхий газрын доорх усны эх үүсвэр шинээр байгуулснаар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх юм. Мөн энэхүү газрын доорх усны эх үүсвэрийн талбайгаас цуглуулсан усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг Улаанбаатар хотоос 20 гаруй километр зайд орших Сонгинохайрхан уулын зүүн бэлд байгуулж байна. 2023 оны 5 дугаар сарын байдлаар бүтээн байгуулалтын ажил ноцтой саатал хоцрогдолгүй, төлөвлөгөөний дагуу, 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тус үйлдвэрийг барьснаар ус хангамжийн системд жилд 50 сая м3 газрын доорх усыг нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг ойролцоогоор 60 гаруй хувиар нэмэгдүүлэх юм. Энэхүү төслийн гүйцэтгэгч байгууллагыг олон улсын тендер зарлаж сонгон шалгаруулсан бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын “Мапа Иншаат” компани шалгарчээ. МСС-ийн Нийгэм, жендерийн асуудал хариуцсан захирал А.Отгончимэг бидэнд ажилчдын талаар мэдээлэл өглөө. Тэрээр: “Компакт гэрээний хүрээнд нийт ажилчдын 30 хувь нь эмэгтэйчүүд байхыг зорьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар энэ төсөл дээр 255 хүн ажиллаж байна. Бүх ажилчид мэргэжлийн хүмүүс. Тэдний 42 нь эмэгтэй ажилчид ба нийт ажилчдын 85 хувийг турк ажилчид бүрдүүлж байна. Монголчуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр туслан гүйцэтгэгчээрээ монголчуудыг ажиллуулж байна. Тэдний 50 гаруй хувь нь эмэгтэй ажилчид.

Турк улсын барилгын салбарт эмэгтэйчүүд бараг ажилладаггүй бөгөөд турк ажилчид эмэгтэйчүүд барилгын салбарт ажиллах боломжтой юм байна гэдгийг монголд ирээд ойлгож авсан” гэсэн юм. Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн нийт санхүүжилт 461.76 сая ам.доллар. Үүний 350 сая ам.доллар нь МСК-ын буцалтгүй тусламж бол 111.76 сая ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт юм. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал бидэнд санхүүжилт болон ажиллах хугацааны талаар мэдээлэл өглөө. “Санхүүжилтийн хувьд АНУ-ын талаас 350 сая ам.доллар нэг дор орж ирдэггүй. Тухайн улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаад, нэг улирлын өмнө санхүүжилтээ батлуулж авдаг. Ажиллах хугацааны хувьд 2024 оны II улиралд барилгын ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Монголд барилгын улирал маш богино. Тиймээс өвлийн улиралд барилгын доторх технологийн эд ангиудаа суурилуулна. Хүйтрэхээс өмнө цаг агаараас хамааралтай ажлуудаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Мөн төслийн нийт санхүүжилт болох 461.76 сая ам.долларын доллар нэг бүрийг хянаж ажиллаж байгаа ажээ. “Тийм ч учраас “Усны тухай ярилцъя-3” уулзалтад ирсэн сэтгүүлчдийн хоол цайг бэлтгэх тендер зарласан. Төслийн санхүүжилтээс нэг долларыг ч үүнд зарцуулаагүй харин ажилчдын хоолны газрын заалыг л ашиглаж байгаа” гэж тэд ярьж байлаа. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж, улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ААН-ийн дөрөвний гурав нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг ач холбогдол бүхий газар юм. АНУ-ын МСК компакт гэрээний үр дүнд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлж, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Ө.АНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл улс-төр

М.Чимэддорж: АН залууст өөрийгөө сорих, улс төрийн амьдралд оролцох хамгийн сайн орчин, боломж болж өөрчлөгдөж байна DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-АН шинэчлэлийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу. Сонгуулийн жил хаяанд ирлээ. Бүтцийн өөрчлөлтөө яаж хийж байгаа вэ. 21 аймгийн намын дарга нараа сонгож томилохгүй юм уу?

-Ардчилсан нам газар, хэлтсүүдээ байгуулан зохион байгуулалтад орсон, намын үйл ажиллагаа хэвийн явж байна. Цаашдаа намын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн орчин үеийн менежментийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Намын дарга орчин үеийн улс төрийн намуудын жишигт хүргэх ажлуудыг дэс дараатай зохион байгуулж байна. Ялангуяа мэдээлэл, харилцааны орчин үеийн технологиудыг ашиглан үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, намын бодлого, шийдвэрт гишүүдийн байнгын оролцоог идэвхжүүлэх цахим платформ бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна. Манай намын анхаарч байгаа гол асуудал бол бодлого боловсруулах чадавхаа бэхжүүлэх, бодлого боловсруулах процесст нь намын гишүүд идэвхтэй оролцдог болгох асуудлыг чухалчилж байна.

Мөн намын бодлогыг ажил хэрэг болгож чадах гишүүдээ намын төлөөллийн болон удирдах бүтцэд оруулах, цаашилбал төрийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд төвлөрч байна.

-Ирэх сонгуульд танай нам ямар бодлогоор ялгарах вэ. Залуу үеийнхнээ хэр дэмжиж байгаа бол?

-Ардчилсан нам бол үеийн үед улс орныхоо хөгжлийг тэтгэсэн, иргэдийнхээ боломжийг тэлсэн бодлого гаргаж, хэрэгжүүлж ирсэн нам. Цаашид ч хөгжлийн бодлогоороо өрсөлдөж, хэрэгжүүлэхэд Ардчилсан нам түүчээлж явна. Монголын ард түмэн ч Ардчилсан намаас үүнийг хүлээж байгаа. Тийм ч учраас АН-ын даргын санаачилгаар намын дэргэд Стратеги бодлого судалгааны хүрээлэн байгуулагдан захирлаар нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа томилогдон ажиллаж байна.

Энэ бол улс төрийн институцийнхээ хувьд хийж буй томоохон алхам юм.

Залуусын хувьд дэмжүүлж, тэтгүүлэх гэхээсээ илүү бодлого боловсруулах, хуулийн төслүүд дээр ажиллах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Мөн Ардчилсан нам залуусын өмнө үүд хаалгаа цэлийтэл нээж байна. Бид өрсөлдөөний шударга орчин, нээлттэй байх, ялгаварлахгүй байх зарчмуудыг залуусын улс төрийн оролцооны чухал нөхцөл гэж үздэг. Залуус ч идэвхтэй байна. Цаашдаа нас гэхээсээ илүү бодлого боловсруулах чадавхтай, эх орноо гэсэн сэтгэлтэй, эрч хүчтэй хүмүүсээ нэр дэвшүүлээд явна. Ардчилсан нам бол баруун төвийн үзэлтэй бүх хүнд, тэр дундаа залууст өөрийгөө сорих, улс төрийн амьдралд оролцох хамгийн сайн орчин, сайн боломж болж өөрчлөгдөж байна.

-АН-ын фракц өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоо бараг 10 гаруй фракцтай боллоо гэж дуулдсан. Нам арай хийж эв цавандаа орж байхад фракцууд дахиад л намыг хуваах юм биш үү?

-Ардчилсан нам бол фракцуудын нэгдэл биш. Ардчилсан нам бол нэг цул, нэгдмэл институц. Харин манай намын дотоод засаглал нээлттэй, үйл ажиллагаа нь ил байдгаараа, гишүүд нь асуудлаа шийддэгээрээ өрсөлдөгч намуудаасаа ялгаатай. Тиймээс намын дотоодод олон ургалч үзлийг дэмждэг. Зарим нь илүү ач холбогдол өгдөг бодлогын асуудлуудаар, зарим нь улс төрийн үзэл санааны мэтгэлцээний сонирхлоороо, зарим нь ажил мэргэжлээрээ нэгддэг, клубүүд байгуулдаг. Энэ бол улс төрийн намд байх ёстой эрүүл үзэгдэл төдийгүй, дэмжих ёстой амьд үйл явц. Манай намд ийм олон клубүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид бие биенээсээ суралцаж, биенийхээ хийж байгаа ажлуудыг дэмжиж хамтран ажилладаг. Үүнийг хатуу гараар удирддаг, коммунист арга барилыг илүүд үздэг зарим намуудын нөхөд маань ойлгодоггүй. Гоочлох, муучлах дөгөө, сэжүүр болгож ашиглаж байгаа харагддаг.

-Сая амралтын өдөр танай намынхан АСЕМ виллад сүрхий цугларцгаасан байна лээ. “Нэг Монгол” гэж ямар зорилготой хөдөлгөөн үүсчихэв ээ. Оросын талын бодлогыг дэмжигчид гар хөл нь гэж шуугиад байх юм?

-Манай нийгэмд элдэв хардлага байна. Нөгөө талаас олон улсын байдал нэн ээдрээтэй байгаа энэ үед Монгол Улс түүхэн үйл явцын буруу талд зогсчих вий, ялангуяа Ардчилсан нам алдчих вий гэсэн болгоомжлол манай намыг гишүүдэд ч, Ардчилсан намын дэмжигчдийн дунд ч байна. “Нэг Монгол” хөдөлгөөний уулзалтад оролцоогүй. Гэхдээ би үүнийг эрүүл саруул үйл явц гэж дүгнэж байгаа. Энд гадаадын аль нэг улс орны бодлогыг тээсэн, аль экс ерөнхийлөгчийн ашиг сонирхлыг тээсэн аливаа зүйл байхгүй гэж ойлгож байгаа. Харин ч тус хөдөлгөөний санаачилсан УИХ-ын гишүүдтэй ярилцаж байхад намын нэгдмэл байдлыг дэмжих, клубүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиглэлд ажиллах зорилготой санаачилга гаргасан гэж байна. Энэ бол зөв алхам. Нам эв нэгдэлтэй байхад хувь нэмрээ оруулах нь өнөөдөр намын гишүүн бүрийн үүрэг. Нам нэгдмэл байх тусам намын удирдлагын, төлөөллийн байгууллагын гаргасан улс төрийн болон бодлогын шийдвэр амжилттай хэрэгжих боломж нэмэгдэнэ.

Энд бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд манай нам бол эрх чөлөөний үзэл санааны дор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн хамтын байгууллага, баруун төвийн үзэл баримтлалтай нам. Энэ үзэл санааны эсрэг улс төрийн үйл ажиллагаа явуулсан, иргэн хүний амьдралд төрийн эрх мэдлээр дамжуулан оролцдог, чөлөөт эдийн засаг, хувийн хэвшлийн боломжийг хумих асуудал дэвшүүлдэг, дэлхий нийтийн хөгжлийн эсрэг зүйлс ярьж явдаг хүмүүсийг намаас сонгуульд нэр дэвшүүлдэггүй байх ёстой. Үүнтэй манай төлөөллийн байгууллагын гишүүд ч, намын удирдлага ч санал нэгтэй байгаа. Энэ бол сонгуульд ялахын тулд юу ч хамаагүй ярьж явдаг эрх баригч болон эрх баригчдын тэжээвэр намуудаас Ардчилсан намыг ялгаруулж буй бидний үнэт зүйл.

-АН бутарч нэгдэхдээ хурдан болохоор “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан гэж УИХ-ын гишүүд тайлбарлаж байх шиг. Харин иймэрхүү хөдөлгөөн фракцууд намыг улам хуваах юм биш үү?

-Ардчилсан намыг хуваагдмал байгаасай, дотроо эв түнжингүй байгаасай гэсэн гадны ч, дотны ч сонирхол их байна. Тэдний хувьд харамсалтай байж болох, монголчуудын хувьд баярлах нэг мэдээ дуулгахад Ардчилсан нам хуваагдахгүй, задрахгүй, тогтвортой байна. Өнөөдөр Ардчилсан намын төлөөллийн байгууллагын гишүүд ч, Ардчилсан намын дэргэдэх клубууд ч, саяхан байгуулагдсан “Нэг Монгол” хөдөлгөөн ч нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн төлөө, өнөөгийн удирдлагаа дэмжиж ажиллаж байгаа. Харин намын шинэчлэлийн явцад сэтгэл дундуур байгаа, ямар нэгэн аргаар Ардчилсан намыг гартаа оруулчих гэсэн улс төрийн ашиг хонжоо хайсан цөөхөн хуучны хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Шударгаар өрсөлдөхийн оронд Ардчилсан намыг хуваачихаж байгаад сонгуульдчих юмсан гэсэн эрх баригчийн сонирхол байхыг үгүйсгэж чадахгүй сууна. Геополитикийн энэ ээдрээтэй цаг үед сөрөг хүчнийг нь устгачихаж байгаад ардчилсан тогтолцоог нь үгүй болгочих гэсэн гадны хүсэл сонирхол ч байхыг ч таашгүй. Гэсэн ч нэг зүйлийг итгэлтэйгээр дахин хэлье. Ардчилсан нам монголчуудын итгэлийг дааж авч явах улс төрийн институц байна, эвдрэлцэхгүй, хуваагдахгүй. Ардчилсан намынхан хэрсүүжсэн. Өнгөрсөндөө өс санаж явдаг хүмүүсээсээ ангижирч, ирээдүйгээ бүтээх гэж яваа улс төрийн институц болж өөрчлөгдөж байна. Ганц нэг хүнд энэ нэгдэл таалагдахгүй байж болно. Тийм хүн байлаа гээд Ардчилсан нам хуваагдахгүй, тэдний хүсэл биелэхгүй.

-Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт явуулна. Хуулийн төсөлтэй холбоотой АН ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нам хууль санаачлагчид хуулийн төсөлд тусгах саналаа өргөн барихаас нь өмнө өгсөн. Харамсалтай нь манай намын саналууд бараг тусгагдаагүй байна. Ардчилсан нам Монголын нийгэм дэх хүний халдашгүй байдал, эрхэм чанарын баталгаа, олон ургалч байдлын хамгаалагч байж ирсэн. Бид өнөөдөр ч, маргааш ч энэ үнэт зүйлсийг тээж явна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ч асуудлыг энэ философийн үүднээс тавьж байгаа. Юуны өмнө иргэдийн эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхэнд саад хориг тавьж болохгүй, улс төрийн намуудыг парламентад суудалтай эсэхээр нь алагчлан хавчиж болохгүй. Үнэнийг хэлэхэд хуулийн төсөлд олон алдаа дутагдал байна. УИХ-д өргөн баригдсан төсөлд намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэхийн оронд эрх баригч намын дүрмийг хуульчлан бусад намууд мөрддөг хууль болгож оруулж ирж байна. Энд улс төр, эрх зүйн судалгааны туршлагатай олон хүн ажилласан. Ийм төсөл оруулж ирсэнд гайхаж байгаа. Пост коммунист намын хоцрогдсон, эрх баригч намын дотоод ардчиллыг хуулиар засч, ардчилсан тогтолцооны нэг оролцогч, улс төрийн нээлттэй институц болгоё гэхийн оронд бусад намуудаа хаалттай, дарга нь бүх асуудлаа шийддэг болгоё гэж байгааг хүлээн авах аргагүй. Өнөөгийн эрх баригч намын энэ хоцрогдол, бурангуй тогтолцооны гажиг өнөөдөр Монголын төрийн зовлон болчихоод байгааг бүгдээрээ харж байна. МАН-ын дарга ямар ч буруу шийдвэр гаргасан түүнийг нь шүүн тунгаадаг эрүүл саруул ухаантай хүн эрх баригч намын дотор алга. Одоо бүр парламентын бүтэц дотор хүртэл, Үндсэн хууль хэлэлцэхэд хүртэл нэг хүний харцнаас дальдарцгааж байна. Энэ бол ардчилал биш. Ер нь Монголын нийгэмд ардчиллын суурь институциүд алга болж байгаагийн шалтгаан эндээс үүдэлтэй. Яагаад чөлөөт хэвлэл уналтад орж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн шоронд явдаг болчихов. Яагаад авлига албан тушаалын хэргүүд гаараад байхад заримыг нь шалгаад, заримыг нь дардаг болчихов. Яагаад иргэний нийгмийн байгууллагууд дарга нарын хурлыг чимэглэдэг үзмэр болж хувираад байна вэ.

Дараагийн бас нэг асуудал бол улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг олгодог болгох нэрийн дор намуудын үйл ажиллагааг бүхэлд нь төрийн хяналтын байгууллагын хяналтад оруулах санаархал нуугдаж байна. Бид дээрх хоёр үндсэн шалтгаанаар хуулийн төсөлд болгоомжтой хандаж, зүйл заалт бүрийг нь нухацтай авч үзэж хэлэлцэж байгаа. Цаашдаа хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь АН-ын гишүүд саналаа өгөөд явна. Харин хүч түрж ардчиллын суурь институц болох улс төрийн намыг боомилох заалтуудаа хүч түрээд батлах дээрээ тулбал бусад улс төрийн намууд, иргэдээсээ дэмжлэг хүсч, хамтарч тэмцэх ёстой гэж бодож байна.

-Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлж шилэн болгосноор бизнесийнхний халааснаас гарна гэсэн шүү дээ?

-Энэ хуульд тусгасан нэг санаачилга нь төрийн санхүүгийн дэмжлэг.Манай орны эдийн засгийн өнөөгийн түвшин, авлигадаа идэгдсэн байдал, хуулийн хэрэгжилт сул байгаа нөхцөлд намуудыг авлигаас ангид байлгах, хэвийн үйл ажиллагаагаа бусдаас хамааралгүй байлгах нэг арга нь төрийн санхүүжилт байж болох юм. Гэхдээ ингэлээ гээд төрийг байгуулахад оролцдог улс төрийн намыг өөрийг нь төрийн хяналтад оруулж болохгүй. Намын үйл ажиллагаа ил тод, олон нийтийн хяналтад байх ёстой.

Иргэд улс төрийн үйл явцад идэвхтэй оролцдог хэдхэн арга зам бий. Саналаа өгөх, сонгуульд өрсөлдөх, аль нэг намын гишүүн болох мөн үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийг нь дэмждэг нам, улстөрчдөд хандив өгөх. Гэтэл энэ хуулиар улс төрийн намд хандив өгөх боломжийг бараг бүхэлд нь хаачихсан байна. Энэ бол иргэдийн эвлэлдэн нэгдэх нэг эрх юм. Ийм заалт оруулж ирж байгаагийн цаана ердөө л эрх баригчдын улс төрийн жижиг ашиг сонирхол нуугдаж байгаа юм. Хандивын дээд хязгаарыг, томоохон хандивлагчдын нэрсийг зарладаг байж болно. Гэтэл намд 1000 төгрөг хандивласан хүн хувийнхаа бүх мэдээллийг өгөх шаардлага тавьж байгаа нь зүйд нийцэхгүй.

Харин Ардчилсан намын саналд нам төрийг салгах, намуудыг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эзэн болчихдог байдлыг таслан зогсоох саналууд өгсөн. Намыг сонгуульд ялуулах үүрэг хүлээсэн, намын санхүүгийн асуудлыг шийддэг гүйцэтгэх удирдлага төрийн тамга бариад суудгийг болиулах санал ч оруулсан. Намын бүх шатны сонгуульт гишүүдийн нэрс ил тод байдаг болгохыг зорьж байгаа. Эдгээр саналуудаа хуульд оруулахын төлөө ажиллана.

-Энэ хуулиар парламентад олон намын төлөөллийг бүрдүүлж, намууд бодлогоор өрсөлддөг болно гэж байна. Хууль батлагдсанаар Монголын улс төр яаж өөрчлөгдөх вэ?

-Одоогийн төслөөрөө явбал намуудын дотоод засаглал эрх баригч намынхтай адил болж улс төрийн намууд иргэн төрийн холбогч байхаа болино. Мөн эрх барьж байгаа намын хүсэл, төрийн хяналтын байгууллагуудын оролцоотойгоор сонгуульд оролцох эсэхээ, үйл ажиллагаа явуулах эрхээ шийдүүлдэг болно. Цаашилбал эрх баригчдаар тэтгүүлэгч төлөөллийн байгууллагагүй намууд бий болж хүссэнийг нь биелүүлж, үгийг нь дамжуулагч, хуурмаг сөрөг хүчин бий болно. Товчхондоо ийм л байна.

-Сая орон нутгийн сонгууль боллоо. Энэ сонгуульд АН яагаад арван тойргийг сул хаячихав?

-Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцсон тойргуудын ихэнхэд нь ялсан байна. Цөөн тойрогт төлөөлөгчөөр ажиллаж байгаад нас барсан хүний оронд хүн дэвшүүлэхгүй байхаар орон нутгийн намын байгууллага шийдвэрлэсэн зэрэг шалтгаанаар сонгуульд оролцоогүй тохиолдлууд байна. Энэ бол хүн ёсны хувьд байж болох шийдвэр юм. Ерөнхий утгаараа бол Ардчилсан нам сонгуульд өрсөлдсөн тойргуудын олонход ялна гэдэг бол ирэх сонгуулийн өнгийг илэрхийлж байгаа нэг дохио. Цаашдаа Ардчилсан нам ирэх сонгуулиар сонгогчдын итгэлийг хүлээхийн төлөө, тэр итгэлийг нь дааж чаддаг хариуцлагатай нам байхын төлөө институцийнхээ хувьд хөгжих, төлөвших тал дээр шаргуу ажиллана.

-Боловсролын багц хуульд тусгагдсан англи хэлийг бага ангиас заах тухай заалтыг унагачихлаа. УИХ-ын дарга ОХУ-д айлчлалаар очсон өдөртэй давхцаж байх шиг. Энэ үйл явдлыг сөрөг хүчний хувьд юу гэж харж байна вэ?

-Өчигдөр энэ асуудлаар цомхон хүрээнд ярилцсан. Англи хэл бол шинжлэх ухааны хэл. Өнөөдөр хүн төрөлхтний мэдлэгийн санг тэлж байгаа судалгаа шинжилгээний ажлууд, шинэ патент, технологийн шийдлүүдийн 98 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж байна. Манай орон шиг цөөн хүн амтай, эдийн засгийн чадавх доогуур оронд шинэ бүтээл болгоныг орчуулан хэвлээд байх боломж өнөөдөртөө алга. Тийм учраас англи хэл бол монголчууд бидний хувьд мэдлэгийн далайд хүрэх үндсэн гарц, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй зэрэгцэн алхах ганц боломж болчихоод байна. Товчхондоо манай үндэсний эрх ашиг. Хөгжил дэвшлээс хоцорно, хоцрогдоно гэдэг үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал мөн. Гэтэл УИХ-ын зарим гишүүд англи хэл сурах нь үндэсний аюулгүй байдал юм шиг тайлбарлаж байгаа нь ард иргэдээ, сонгогчдоо тэнэг гэж байгаагаас ялгаагүй. Ардчилсан нам бүх нийтийн англи хэлний боловсролыг тууштай дэмжинэ. Энэ асуудлыг Ардчилсан намын болосвролын салбарын цогц бодлогын хүрээнд мөрийн хөтөлбөртөө тусгаад явна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
соёл-урлаг энтертаймент-ертөнц

О.Мөнхжин Олон Улсын Балетчидын тэмцээнд шилдэг дөрөвт үлдлээ DNN.mn

Дөрвөн жил тутам зохиогддог Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд энэ жил Монгол улсаас балетчин Ө.Мөнхжин оролцож сүүлийн шатанд шалгарлаа.

Тэрбээр өөрийн оролцож буй ахлах насны эрэгтэй бүжигчдийн ангилалд шилдэг дөрвийн нэгээр шалгарчээ. Ингэснээр түүнд медалийн төлөө өрсөлдөх эрх нээгдэж, шагнал гардуулах ёслолд өөрийн онцгой үзүүлбэрээ толилуулах боломжтой болсон байна.

Энэ жил тус тэмцээнд 17 орны 119 тамирчин өрсөлдсөн. Ялагчид 200 мянган долларын мөнгөн шагнал олгож, тэтгэлэг, байгууллагуудтай гэрээ хийх зэрэг боломж үүснэ. Гуравдугаар шат хүртэл тунаж үлдсэн бүжигчдэд 1500 долларын аяллын тэтгэмж олгосон билээ.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Бригадын генерал Б.Ууганбаяр: Аврах ажиллагааг гамшгийн үед бид гүйцэтгэж чадна. Чадахгүй байсан ч эцсээ хүртэл мөлхөөд ч болтугай гүйцэтгэнэ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Үйлчилгээний гавьяат ажилтан, Бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Шагнал авах мөчдөө Ерөнхийлөгчийн өмнө ёслохдоо юу хэлсэн юм бэ?

-“Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч танаа Бригадын генерал Ууганбаяр ирлээ” гэж ёсолсон. Төрийн ёс журмын дагуу ингэж илтгэх ёстой байдаг. Би болон манай хамт олон бүгд надтай адил илтгэсэн. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хариу өгөх шаардлагагүй. Илтгэсний дараа бид дөхөж зогсоод энгэртээ одон медалиа зүүлгэх журамтай.

-Генерал гэх эрхэм хүндтэй цолноос гавьяат гэдэг тэмдэг авах ямар санагдаж байв?

-Цол, шагнал хоёрыг хооронд нь холбож бодож үзээгүй юм байна. Төрийн албан хаагч учраас гүйцэтгэх ёстой ажлын үүрэг учраас түүнийг л бодсон.

-Онцгой байдлын албатай анх яаж холбогдсон түүхээсээ хуваалцаач?

-Би Иргэний хамгаалалтын байгууллагад 1996 оноос хойш ажилласан. Иргэний хамгаалалтын байгууллага гэдэг нь тухайн үед Монгол оронд байгалийн гамшиг, хөнөөх хэрэгсэлтэй тэмцэх үндсэн том чиг үүрэгтэй Засгийн газрын агентлаг байсан юм. Булган аймгийн ЗДТГ-ын цэрэг, Иргэний хамгаалалтын штабт ахлах мэргэжилтэн мөн аймгийн онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллахаар очиж байв. Тэр мөчөөс л эхлэн онцгой байдлын байгууллагаас салалгүй 28 жил ажиллаж байна. Улсын Иргэний хамгаалалтын газар 2003 онд Гамшгаас хамгаалах хууль батлагдсанаар улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван байгууллага нэгдэн эхэндээ Гамшгаас хамгаалах ерөнхий газар гэж нэрлэгдэж байв. Дараа нь 2004 онд Онцгой байдлын ерөнхий газар болон нэрээ өөрчилсөн. Үүнээс хойш орчин цагийн Онцгой байдлын байгууллага байгуулагдаад 19 жил болж байна.

Би Онцгой байдлын албаны дэд даргын үүргийг 2017 онд хүлээж авсан юм.

-Таныг дэд дарга болсны дараа дэлхий даяар цар тахал дэгдсэн. Тэр үед Шуурхай штабыг ахлан ажиллаж байсан хүний хувьд ямар нөхцөл байдалтай байсан мөн онцгой байдлын үед ард түмэн ямар байх ёстой вэ гэдэг талаас яриач?

-Тухайн цаг үед дэлхийн улс орнууд их бужигнасан. Харин тэр үед манай улс урьдчилан сэргийлж чадсан учраас бид хохирол багатай даван туулсан гэж боддог. ДЭМБ-аас Монгол Улсын хэмжээнд цар тахлаас үүдэн 40-50 мянган хүн амь эрсдэх эрсдэлтэй гэж тооцоолж байлаа. Энэ тооцооллыг одоогийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзвэл улс даяар маш амжилттай даван тууллаа гэж би дотроо дүгнэн боддог. Улсын онцгой комиссоос Шуурхай штабыг түүхэндээ анх удаа байгуулж, тус штабыг ахлах үүргийг надад хариуцуулсан. Би АНУ-ын Ойн албатай хамтран сүүлийн 10 жил орчим ослын удирдлагын тогтолцооны чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Онцгой байдлын ажиллагааны төв гэж яригддаг байсан тэрхүү сургалттай тухайн цаг үеийн нөхцөл байдал уялдсан болохоор Шуурхай штабыг ахлах хэрэгтэй хэмээн надад төрөөс үүрэг өгч, 2020 оны гуравдугаар сарын 12-нд Шадар сайдын тушаал гарсан. Ажиллагааны хүрээнд 20 гаруй байгууллагын 70 гаруй албан хаагчидтай хамтран ажилласан. “Ковид-19” өвчин нь дэлхий даяар 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд бужигнаж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар сарын 10-нд Франц иргэнээс анх ковид илэрсэн. Тиймээс Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, Шуурхай штаб байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “ЭМЯ энэ ажилд толгойлж ажиллахад маш хүндрэлтэй. Энэхүү онцгой нөхцөл байдалд цэргийн байгууллага удирдаж ажиллах нь зүйтэй” гэсэн санал гаргасан. Үүнээс үүдэн онцгой байдлын албан хаагчид энэ ажлыг удирдаж ажиллах даалгавар хүлээн авсан юм. Цар тахлыг даван туулсны дараа Шуурхай штабт хамтран ажиллаж байсан хүмүүстэйгээ ярилцахад “Анх ажлаа эхлүүлж байхад орой 17:30 гээд л харьчих юм байх гэж бодтол тасралтгүй тэндээ хоноглон ажиллаад, нэг мэдэхэд 2-3 жил болчихсон байна лээ” гэж өгүүлж билээ. Тэр үед хүндрэл бэрхшээлтэй зүйлс маш их байсан. Гэвч бид тэр болгоныг олон нийтэд хандаж яриад байдаггүй. Хөшигний ард олон зүйлс болсон. Түүний амьд гэрч бол би. Хожим үүний талаар ард түмэндээ ямар нөхцөл байдлыг бид туулснаа хүргэнэ гэж боддог. Эдгээр олон зүйлийг даван туулсны эцэст дотооддоо арван сар өвчин гаргахгүй барьж чадсан. Түүний үр дүнд вакцинтай золгож, ард түмэн минь хохирол багатай даван туулсан. Үүнтэй холбоотой маш том дүн шинжилгээг ЭМЯ-наас хийгээсэй. Вакцин хийлгэснээс хойш яаж урьдчилан сэргийлж чадсан бэ, хэрхэн эрсдэлийг бууруулсан бэ, ямар хүмүүс эрсэдсэн бэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ард түмэндээ тайлагнаасай гэж боддог. Эрүүл мэндийн салбарт учирч байсан хүндрэл бэрхшээл болгоныг Улсын онцгой комисс шийдэж ажилласан. Тэр салбарыг өвчинтэйгөө тэмцэх ажлаа л тасралтгүй хийгээсэй гэж бодон түүнээс бусад бүх хүндрэл бэрхшээл ажлуудыг Шуурхай штаб удирдлага зохицуулалтаараа хангасан. Үүний үр дүнд миний бие их доромжлол, шүүмжлэлийг үзсэн. Цар тахалтай тэмцэх ажлыг бүхэлд нь нэг том ажил гэж үзвэл түүний талыг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Шуурхай штаб, бүх шатны онцгой комиссууд, шуурхай штабт ажиллаж байсан байгууллагуудын хүчээр л давж чадсан. Үүнийг би баттай, баримттайгаар хэлж чадна. Биеэр туулсан учраас л бодит үнэн ямар байсан гэдгийг хэлж байгаа юм. Ганц эрүүл мэндийн салбар биш бүх байгууллагууд хамтдаа тэмцэж үүний ард гарсан гэдгийг л хэлэх гэсэн юм.

-Туркийн газар хөдлөлтийн дараа та онцгой байдлын албан хаагчдаа ахлаад, газар дээр нь очсон шүү дээ. Тухайн үед очиход нөхцөл байдал ямар байсан талаар хоёулаа ярилцаж байсан. Одоо эргээд харахад Монгол Улс даяар Стратегийн команд штабын сургуулилалт боллоо шүү дээ. Энэ сургалт хэр үр дүнтэй болов?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл болгосны дагуу бид Стратегийн команд штабын сургуулилалт гэдгийг түүхэндээ анх удаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч газар хөдлөлтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, тоо давтамж нэмэгдэж буй дээр ихээхэн анхаарч байгаа. Аюулгүйн зөвлөлөөс газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа хангахтай холбоотой Стратегийн команд штабын сургуулилалтыг зохион байгуулах шаардлагатай гэдэг үүрэг даалгаврыг 2022 оны эцсээр манайд ирүүлсэн. Тэгээд бид сургуулилалтынхаа бодлогыг боловсруулах, сургуулилтаа яаж хийх вэ гэдэг энэ зохион байгуулалтынхаа заавар дээр ажилласан. Сургуулилалтаа төлөвлөж байх мөчид буюу энэ оны хоёрдугаар сард Турк улсад асар хүчтэй газар хөдлөлт болсон. Тэр газар хөдлөлтийн голомтод Монгол Улсын эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажилласан. Газар хөдлөлтийн аюул ямар хор хөнөөлтэй юм бэ, ямар байгалийн аюул юм бэ, энэ байгалийн аюулын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөх юм байна гэдгийг тэрхүү баг бүрэлдэхүүн биеэрээ мэдэрч ирсэн.

-Та Онцгой байдлын албатай холбогдоод 28 жил боллоо гэлээ. Энэ 28 жилийн түүхэнд Монгол оронд болсон хамгийн хүнд хэцүү, бэрхшээлтэй гамшиг хэзээ нүүрлэж байв?

-Монгол оронд нийтлэг тохиолддог гамшиг нь өвлийн улиралд цас их орсноос болж бидний нэрлэж заншсанаар зудын гамшиг. Бид их азтай. Дэлхийн хүн төрөлхтөнд тохиолдож байсан том гамшигт хүмүүс олон мянгаараа нас бардаг. Бидний түүхэнд тийм зүйл байхгүй. Энэ бол аз. Гэхдээ сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлтийн эрсдэл өндөр болж байгаа. Зудын гамшигтай тэмцэхэд бидэнд цаг хугацаа олддог. Олон жил ийм зүйл тохиолдоод л байна. Менежментийг нь өөрчилмөөр санагддаг. Зуд болно гэдэг нь ойлгомжтой үед хүн бүхэн хөдөлмөрлөж, хадлан тэжээлээ бэлтгэж, жалганд ургасан халгайг хүртэл хадаад авчихдаг байгаасай. Хөдөлмөрч ард түмэн мөхдөггүй. Би зудын гамшгийн голомтод Дорнод аймагт ажиллаж байв. Буриад, халх хоёр айлд очсон юм. Тэдний амьдралын хэв маяг, нөхцөл байдлыг хүлээж авч байгаа сэтгэл зүй, тэвчээр хатуужил нь өдөр шөнө шиг ялгаатай нь харагдсан. Халх айлд ортол “Зуд болчихлоо, малаа үхүүлчихлээ, одоо яах вэ тусламж үзүүлээч” гээд буруу харж суугаад, уйлаад л байсан. Буриад айлд ортол “Би энэ жил малаа алдчихлаа. Ирэх жил энэ жилээс илүү хадлан тэжээл бэлтгэнэ” гээд настай хүн сууж байсан. Тэр үед би дотроо ямар эрс тэс ялгаатай юм бэ, ямар их хөдөлмөрч юм бэ гэж бодож байлаа. Зудын гамшигт маш том менежмент хийгээд өөрчлөх боломж бидэнд байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод маш богино талбайд их хэмжээний ус орж үер болдог. Гэхдээ үерийн гамшиг Монголд дэлхийн улсуудад болдог шиг гамшгийн түвшинд хараахан хүрээгүй. Бид уг нь болдог бол дэд бүтэц, барьж байгуулж, байгууламжуудаа чанартай, стандартыг нь хангаж, сэтгэл зүрхээ зориулж, Монгол орон минь гэж бодоод хийвэл тэр зэргийн усыг даагаад л гарчихна. Ус зайлуулах шугамгүй учраас зам дээр ус тогтоод зам нь удалгүй эвдэрчихдэг. Яаж амьдраад байгаагаа бид ерөөсөө ойлгодоггүй. Хамгийн том аюул бол газар хөдлөлт болж болзошгүй нөхцөл байдал. Тэрнээс л урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангамаар байна.

-Та дэлхийн олон орноор сургалт семинарт явж байсан хүн. Олон улсад ийм үед яаж хүлээж авч, өмнө нь яаж бэлтгэж ажилладаг юм байна?

-Сургалт, семинарт олон явсан. Тэр улс орны зохион байгуулалт, дэг журам, бэлтгэл бэлэн байдал гэх мэт хийж буй ажлуудыг нь хараад хувь хүнийхээ хувьд дотроо маш их атаархаж, бачуурдаг. Бид яагаад хийж болдоггүй юм гэж. Жишээ нь, Японд нэг сургалтад суулаа. Тэгсэн манайхаар бол наадмын цэнгэлдэх хүрээлэн шиг байгууламжийн сандлын дор нь газар хөдлөлт болбол ард түмэндээ тусална, хангана гээд био жорлонгоос авахуулаад хүрз, жоотуу, хувцас, цахилгаан үүсгүүр бүгдийг нь цэгцтэй хураачихсан байсан. Бидэнд тийм юм байхгүй шүү дээ. Зовлон үзсэн ард түмэн гэдэг юмыг хийхийн төлөө, төгс төгөлдөр болгохын төлөө зүтгэдгийг харсан. Японд байхдаа нэг өдөр гудамжинд явж байтал хүүхдүүд гялгар тор барьчихсан аав ээжтэйгээ хог цэвэрлээд явж байв. Сониучирхаад “яаж байгаа юм бэ” гэтэл “хүүхдийг багаас нь байгаа орчиндоо цэвэрч, соёлтой байлгах хүмүүжлийг олгохын тулд бид ингэж байгаа юм аа” гэсэн. Монгол орноо зарим улсуудтай харьцуулахад үнэхээр сэтгэлээр унахаар зүйл байдаг. Тэд яагаад ингэж хийж бүтээгээд, нэг ард түмэн шиг, нэг хүн шиг урагшаа зүтгэж болоод байдаг юм бол. Монголоо яаж өөрчилж, юу хиймээр юм бэ дээ гэж бодогддог. Сая БНТУ-д үүрэг гүйцэтгэх явцад бидний комбинзон хүнд, ариун цэвэр сахихад маш хэцүү. Тиймээс өмд цамц нь салдаг, уян хатан, өнгө үзэмж сайтай, биенд суучихсан байвал зүгээр. Олон улсад багаж хэрэгсэл гэхэд л бага оврын, өндөр технологитой болчихсон. Тэр давчуу орон зай руу мөлхөж ороод ажлаа хийх боломжтой гэх мэт асуудлыг ОБЕГ-ын дарга, МУ-ын Шадар сайдад танилцуулсан. Бид энэ талаар дорвитойхон ажил хийж, өөрчлөлт оруулахгүй бол болохгүй юм байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрсэн. Энэ мэтийн харьцуулж боддог зүйл их бий. Бодоод бодоод миний чадал хүрэх биш дээ.

-Онцгой байдлын алба гэдэг онцгой шүү дээ. Энд тэнд харахад халширмаар, шоконд ормоор зөндөө юм болдог байх. Таны сэтгэл санаанаас гардаггүй, хүнд хэцүү байдалд орж байсан үе хэзээ вэ?

-“Эко алтан Заамар”-ын осол болоод таван хүний цогцсыг хайхад маш хүнд байсан. Цогцосуудын зарим нь тасарчихсан, маш өндөр даралтын эрэг нурсан болохоор хүний яс нь бутарчихсан. Бид найм хоног хайгаад, найм дахь хоног дээрээ сүүлийн цогцсыг гаргасан. Ар гэр нь ирчихсэн. Хажуу талын эрэг нь маш зузаан цастай мөстчихсөн. Тэр мөс албан хаагчдын дээрээс уначих вий дээ гэж айгаад яг хажууд нь хамт л байлаа. Тэгвэл аврагчдад маань итгэл найдвар төрүүлнэ гэж бодсон юм. Өөрийгөө дарга гэж бодоод өндөр эрэг дээр нь гараад алсаас хараад зогсож байх юм уу. Үгүй шүү дээ, хажууд нь суугаад зовлонг нь хуваалцаад, тэдэнтэйгээ ярьж хөөрөөд, хажууд нь байх хэрэгтэй. Тэр газар үнэхээр өндөр эрсдэлтэй байсан. Усны ослоор явахад олон хоног усанд байчихсан цогцос загасны мах шиг болчихдог. Хувцаснаас үнэр нь гардаггүй. Манай залуучууд залуу болохоороо ороод л тэврээд гаргаад ирдэг. Залуу учраас л зоригтой байдаг. Өнөөдөр Монгол оронд Онцгой байдлын албан хаагч л янз бүрийн газраас хүний цогцос гаргаж байна. Жорлон дотор жирэмсэн эмэгтэй эхэсээ унагаачихлаа гэхэд манай ажилтнаар гаргуулахаар жорлон руу оруулсан. Үнэнийг хэлэхэд би заримдаа албан хаагчдаа өмөөрөөд уурлаж бухимдах, хэрэлдэх үе их гардаг. Гамшиг осол болчихоод байгаа юм уу, яагаад хариуцсан байгууллага нь шат тавиад орж болдоггүй юм, яагаад заавал Онцгой байдлын албан хаагчийг жорлонгийн нүх рүү оруулах ёстой юм гэж дарга нарт нь уурлаж, дургүй хүрсэн үед хэлэх үгээ хэлдэг. Үнэхээр гамшиг осол болоод давагдашгүй нөхцөл байдалтай тулгарсан үед бид үүргээ гүйцэтгэнэ шүү дээ. Зарим үед би ширүүн үздэг. Манай албан хаагчид, залуу хүмүүст хийморь лундаа гэж байна. Хууль хүчний байгууллагынхан манай ажилчдыг гамшгийн бус нөхцөлд үүрэг гүйцэтгүүлээд өөрсдөө зургийн аппаратаар зургийг нь дараад, хараад зогсчихдог. Сэлэнгэ аймагт таван хүүхдийн усны ослоор ажиллаад гаргаад ирлээ. Тэгсэн хэдэн хууль хяналтынхан зургийг нь дарчихаад “одоо энэ хар уутандаа хийгээдэх” гээд нэг уут аваад манай албан хаагч руу шидэж байна. Тэр үед би хажууд нь байсан. Дүрс гээд уур хүрээд, “юу гэнэ ээ та нар” гээд л босоод ирсэн. “Та нар ажлаа хийгээч” гэж тэдэнд хэлээд явъя гээд хэдэн аврагчдаа аваад явсан. Үндсэн үүргээ бид гамшгийн үед гүйцэтгэж чадна. Чадахгүй ч байсан эцсээ хүртэл мөлхөж байгаад ч болтугай ажиллана. Гэхдээ жирийн үед манай албан хаагчдыг тэгж ажиглахад би туйлын дургүй, айх ч үгүй. Юунаас ч айхгүй. Хууль хүчнийхнээ өмөөрөх ямар байгууллагын хүн байна, тэр надад огт хамаагүй. Би онцгой байдлын байгууллагын нэг эд эс. Аврагчдынхаа нэг эд эс нь би учраас өмөөрдөг. Өмөөрнө.

-Залуусаараа хамгийн их бахархаж байсан үе хэзээ байв?

-Монголын ард түмэн мэдэж байгаа. Малын өвчин гарсан ч манай залуучууд очно. Машины дугуй ариутгаад л зогсож байна. Уг нь энэ ажлыг мал эмнэлгийн салбарынхан хийх ёстой. Постон дээр гарахаар манай хэд гадна талд нь зогсоод л байж байна. Түймэр гарах, хүн алга болох, машин мөргөлдөх, усанд осолдох, зуд болоод өвс тэжээл хүргэж өгөх, машин шаварт суух, цасанд машин суух, үер болох гэх мэт маш олон тохиолдолд манай залуучууд л явдаг. Эд маань зуны амралтгүй шахам гол дагаад завин дээр суугаад урьдчилан сэргийлээд, аврах ажиллагаагаа хийгээд л явдаг. Үүнтэй хэн ч маргахгүй. Дулааны шугамын халуун усанд унаад ялзарчихжээ гэхээр манай албан хаагчид л явдаг. Бүх юманд манайхан л явдаг. Тушаал өгөхөөр гараад л явна. Тайлбар сонсдоггүй. Энэ залуучуудаараа бахархахгүй бол би өөр юугаар бахархах юм бэ. Надад өөр бахархах зүйл байхгүй. Энэ хэдээрээ л бахархдаг.

-Орчин үеийн онцгой байдлын байгууллага үүсч хөгжөөд 19 жил болоход төрийн байгууллагуудаас хамгийн нэр хүндтэй нь. Ард түмний сэтгэл ханамжийн баталгаа болсон ганц байгууллага танайх шүү дээ. 19 жилийн түүхэнд онцгой байдлыг нэр хүндтэй авч явахад залуусын оролцоо маш их байгаа. Та залуучууддаа хандаж үг хэлээч?

-Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар гурав нэгдээд орчин цагийн Онцгой байдлын байгууллага бий болсон. Тэр шийдэл нь ч зөв байсан. Маш шуурхай, удирдлагын шат дамжлагагүй, хүнд сурталгүй. Дэлхийн бусад улс орон манай улсын тогтолцоог зөв гэдэг. Харин ч Онцгой байдлын асуудал эрхэлсэн яамтай болох хэрэгтэй. Манай хоёр хөрш ийм яамтай болчихлоо. Урд хөрш саяхан ийм яамтай болсон. Дэлхийн улс орон болгон Онцгой байдлын асуудал эрхэлсэн яамтай болсон. Манайх л Засгийн газрын агентлаг гэж яваад байгаа. Залуучууддаа хандаж хэлэхэд, та нартайгаа 28 жилийн амьдралыг хамт тууллаа. Орчин цагийн онцгой байдлын байгууллага байгуулагдаад 19 жил нэг туган дор мөр зэрэгцэж ажиллалаа. Та бүхэн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гэдгийг баттай хэлье. Онцгой байдлын албаны 19 жилийн түүхийг мэдэх хүний хувьд хэлэхэд, залуучууд маань л хамаг ачааг үүрээд зүтгэж байгаа. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж, улс орныхоо аюулгүй байдлыг хангах манаанд тасралтгүй зогсож, хүндрэл бэрхшээл гарсан ч тайлбар тавихгүйгээр зүтгэж байгаа. Залуучууд минь хичээгээрэй, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж үг бий. Та бүхний ирээдүй гэрэл гэгээтэй, дардан, хурдны зам шиг байгаа шүү. Хамгийн гол нь хичээх л хэрэгтэй. Хичээгээд үр дүнгээ үзээрэй. Замаасаа битгий няцаарай. Та бүхэнтэйгээ чадахаа хүртэл хамт шүү гэж хэлмээр байна.

С.ОТГОНБАЯР

Ө.АНХЗАЯА

Categories
story-news

Л.Энх-Амгалан: Боловсролын багц хуулийн ач холбогдлыг англи хэлний хэрүүл болгоод унагааж болохгүй

Л.Энх-Амгалан: Боловсролын багц хуулийн ач холбогдлыг англи хэлний хэрүүл болгоод унагааж болохгүй

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Ширчингийн Баатар “Хайрхаан” DNN.mn

Энэ ном Ноён хутагтын шадар шавь Лувсанхайдавын цадиг намтраар бүтээгдсэн болой. Говийн догшин ноён хутагт гэнэт жанч халсанаар ар, өвөр Монголд түүний эзэлж байсан байр суурь эзгүйрчээ. Мянга есөн зуун гучаад оноос цаг төр ороо бусгаа болж халхууд дүрвэн Өмнөд Монголд ид очиж байсан үеэс ном эхэлнэ. Тэнд Дилав хутагт ар халхаас ойн гарч, өмнөдөд ид ажиллаж амьдарч байсан үе юм. Ар Монголын тагнуул Японд баригдаж тамлуулахдаа би Дилав хутагтын холбоочин гэж мэдүүлсэнээс үүдэн япончууд хутагтыг гишгэх газаргүй хянан цагдаж байжээ. Барьж, хорьж ч байсан аж. Гэвч хутагт үг алдаж хэрэг хүлээгээгүй байна. Энэ үед өмнөдөд бурхан шашин яг хуучин хэвэндээ байж япончууд тэдний сэтгэлийг эзэмдэн татах талаар олон ажил явуулж байв. Үүний нэг голлох ажиллагаа нь бурхан шашнаар бүх монголчуудыг татах байжээ. Өмнөдийн Сөнөд хошууны зурхайч лам гэх алдар хүнд нь түгсэн гэгээнтэн Лувсанхайдавыг өргөж авдаг. Хүүг Пэлжээ гэдэг байсан ч сахилын нэр нь Лувсанхайдав юм. Хүүг зургаан настай байхад нь өмнөд хошууны зартай баян эцэг нь зурхайч ламд өргүүлдэг. Өвчин ороогоод хоёр ч удаа айхтар айлгасан учир ийнхүү өөрийн багшдаа өргүүлжээ. Өмнөд монголчууд их Ширчингийн Баатар

“Хайрхаан” баян байсан бололтой юм. Номд бичсэнээр хүүгийн аавыг гурван түмэн хоньтой байсан гэжээ. Гучин мянган хоньтой эднийх хошуундаа баянаараа хоёрт ордог байсан аж. Тэргүүн баян нь дөрвөн түмэн хоньтой айл байв. Тэр нь үнэн бөгөөд яагаад гэвэл дөрвөн ган тулгатай байсан аж. Хошуу тамгаас нэг түмэн хоньтой болоход нь нэг ган тулгаар шагнадаг байсан. Пэлжээгийнх гурван тулгатай байсан гэнэ. Нэг, хоёр тулгатай айлуудыг нэг их баян тарган гээд байдаггүй гэнэ. Япончууд Өмнөд Монголыг бурхан шашины диваажин болговол хойд монгол татагдан орох болно гэж үзэж байлаа. Богд Жавзундамба таалал төгссөн учир түүнийг өмнөдөд тодруулбал хойдуул ядах юмгүй дагах болно гэж тэд тооцож байлаа. Түүнийг яаж тодруулах вэ гэвэл хойноос дүрвэн ирсэн Дилав хутагтаар дамжин үүнийг хийж болно гэж үзжээ. Хойноос ирсэн халхуудыг бөөгнүүлэн Дилав аймаг хэмээн байгуулж Дилав хутагтын нэр нөлөөгөөр удирдаж байв. Ингээд Дилав хутагтыг шахаж эхэлнэ. Богдыг тодруул хэмээн. Энэ нь Банчин богд ч цаг бусаар таалал болсон үе байв. Төв Азийн буддын шашны гурван томоос ердөө залуу Далай лам л амьд үе юм. Дилав хутагт шахаанд орохдоо цаг хожихын тулд жанч халсан ч говийн хойд өмнөд талд домог мэт нэр хүндтэй Догшин Ноён хутагтыг эхлээд тодруулъя гэж шийддэг. Ингэхдээ таалал болохынхоо өмнөх өвөл ирж өвөлжөөд буцахдаа дараа ирж авна гээд орхисон сүйх тэргийг нь тодрох ёр болгож үлдээжээ гэж үздэг. Энэ нь бусад дээдэст үнэмшилтэй дуулдана. Тодруулах ажлыг Лувсанхайдавыг өргөж авсан зурхайч лам гардан хийнэ. Тэгээд өөрийн өргөмөл хүүтэй нь нас бараг чацуу Догшин Ноён хутагтад гарынх нь шавь болгон явуулдаг. Ер нь япончууд Богд Жавзундамбыг өмнөдөд тодруулах гэж гурвантаа оролдсон байдаг юм. Ийнхүү Ноён хутагтын шавь хэрхэн дайн дажин хувьсгал тэмцлийг даван туулж өдгөө америкт 93 насыг зооглон амьдарч байгаа энэ номоос тухай уншаарай.
Categories
нийгэм онцлох-нийтлэл

DNN-СУРВАЛЖЛАГА: Улаанбаатарын элдэв арслангууд DNN.mn

Хот, төв суурин газруудад албан байгууллагууд үүдэндээ арслан залдаг уламжлал Монголд бий.

Дөрвөн хүчтэний нэг болох арслан нь эрч хүч, сүр жавхлан болон үүднээс элдэв муу бүхнийг зайлуулж хамгаалах учиртай хэмээн билгэддэг бөгөөд Манжийн үеэс ийнхүү энэ амьтан сайд, түшмэд, амбантны үүдийг сахидаг болжээ.

Нийслэл хотын төв хэсгээр байгаа чулуун арслангууд буюу арслангийн хөшөөнүүдийг сурвалжиллаа.

УЛААНБААТАРЫН АРСЛАНГУУД…


Уран дархан Б.Баяржавхлан “Эр эм арсланг заавал хосоор нь байрлуулдаг. Захиалагчийн сонирхлын дагуу өнгө, хэмжээнээс харгалзахгүй урладаг. Үнийн хувьд хосоороо 3-5 сая төгрөг ханштай. Тодорхой хэлбэр хэмжээ, стандарт гэж байхгүй” хэмээн ярилаа.


Төв талбай

Арсланг амаа ангайснаар дүрсэлсэн нь цагаан хэл амнаас холдуулж хамгаалдаг хосоороо байгаа нь хөрөнгө мөнгө, эд баялагийг тэнцвэржүүлдэг гэж бурханы шашин тайлбарладаг.


Сүхбаатарт дүүргийн прокурорын газар

Монгол Улсын Их сургуулийн нэгдүгээр байр

Төв Гандантэгчинлэн хийд

Гадаад харилцааны яам

Хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Сэц түшиг аудит ХХК

Авлигатай тэмцэх газар

Гандан

Арслантай гүүр

Шүүхийн ерөнхий газар

Хийдийн гаднах арслан

Сүхбаатарт дүүргийн прокурорын газар

Д.ОТГОНТУЯА

У.ЭНХЖИН

Т.МИЧИДМАА

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +16, өдөртөө +23 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +4…+9, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +14…+19, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20…+25, бусад нутгаар +9…+14, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +15…+20, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +26…+31, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +34…+39, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.