Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын ИНЗ-ын гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин” төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраатай ярилцлаа.
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Манайд хүүхдийн эрх ямар хэмжээнд байна вэ. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дагнаж ажилладаг хүний зүгээс та ямар дүгнэлт хэлэх вэ?
-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сүүлийн 20 гаруй жилийн турш ажиллаж байгаа хүний зүгээс хэлэхэд хүүхдийн эрх хүнд нөхцөлд байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн хавдар өвчлөл гээд олон үзүүлэлтээр Монгол Улс хүүхдэд ээлгүй орон гэдэг нь харагддаг. Монгол Улс 1.3 сая хүүхэдтэй. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь орчны эрсдэлд, зургаан хүүхэд тутмын нэг нь эцэг эх, гэр бүл, хэвлэл мэдээлэл, цахим орчны эрдэлтэй нөхцөлд амьдарч байна. Сүүлийн таван жилийн хугацаанд аваад үзэхэд 18600 хүүхэд ямар нэг байдлаар гэмт хэрэгт өртсөн байна. Эдэн дунд гэмт хэргийн хохирогч болсон нь ч бий, гэмт хэрэг үйлдсэн хүүхэд ч бий. Энэ бол төрийн байгууллагаас гаргасан судалгааны үр дүн. Хүүхдийн өмнө бүх салбар нэгж, насанд хүрэгчид үүрэг хүлээдэг. Гэтэл зөвхөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэдхэн нийгмийн ажилтан л үүрэг хүлээдэг гэх түгээмэл ойлголттой явж ирсэн.
Төрийн анхан шатнаас авахуулаад дээд шат дарга нар нь хүртэл ийм сэтгэхүйтэй байгаад нь харамсдаг юм. Байгаль орчин, газар зохион байгуулалтын шат шатны мэргэжилтнүүд л гэхэд хүүхдэд эрүүл орчин бүрдүүлэх тал дээр шат шатандаа анхаарах үүрэгтэй. Эндээсээ авахуулаад л анхаарах цаг болсон.
Сая дөрвөн аймгийн 37 суманд ажиллахад эрүүл шүдтэй хүүхэд алга. Эрүүл мэндийн яаманд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа ч үр дүн нь огт харагдахгүй байна. Хүүхдэд ээлтэй орчин алга. Хүүхдийн чөлөөт цаг өнгөрүүлэх тоглоомын талбайд стандарт бус байна. Саяхны жишээ дурдахад л 12 хүүхэд тоглоомоос унаж нэг нь нас барлаа. Эцэг, эхчүүдэд ч хүүхдээ урлаг, спортоор нийгэмшүүлж зөв иргэн болгож төлөвшүүлэх ойлголт алга. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр эцэг эхчүүдэд “Та хүүхдийнхээ хөгжил төлөвшилд юу хийж байна вэ” гэх асуулт тавимаар байна.
-Ахуйн хүрээнд хүүхдийн дэргэд архидан согтуурдаг үзэгдэл манайд түгээмэл байх шиг. Энэ нь хэрцгий хэргүүдийн суурь болж байна уу гэж харагдах юм. Энэ тухайд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хүүхдийн дэргэд архидан согтуурахыг Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар хориглодог. Хүүхдийн дэргэд архидан согтуурвал архидсан хүн бүрийг 300 мянган төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, хүүхдийн дэргэд тавуулаа архидаж байхад хажуу хөрш нь дуудлага өгвөл архидсан хүн бүр 300 мянгаар торгуулна гэсэн үг. Харамсалтай нь, энэ хууль огт хэрэгждэггүй. Таны хөрш хүүхдийнхээ дэргэд архидаад чимээ шуугиан гаргаад байвал тэр дор нь цагдаад дуудлага өгөх хэрэгтэй. Ахуйн хүрээний архидалтын ард цоожтой хаалганы цаана хүүхдэд ямар ч эрсдэл учирч байх боломжтой. Цагдаад дуудлага өгснөөрөө тухайн хүүхдэд учирч болох ямар нэгэн эрсдэлээс сэргийлнэ. Төрийн зүгээс ч шалгалт явуулж энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх хэрэгтэй. Сонгуулийн үеэр ухуулагч гэх янз бүрийн хүмүүс айл бүрийн хаалга нүдээд брошур тараагаад явдаг.
Тэд хүүхдийнхээ дэргэд архидвал ийм хууль зөрчдөг, хүүхдэд чинь ийм эрсдэлтэй гэх ухуулга хийвэл нийгэмд илүү хэрэгтэй санагддаг. Ер нь ажлын хамт олон, хамаатан, ах дүүгээрээ нийлж хүүхдийн дэргэд архидах нь ямар эрсдэл дагуулдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бяцхан үрийнхээ дэргэд бусадтай нийлж архидах нь нэг талаараа амь нас, эрүүл мэндэд нь заналхийлж байгаа үйлдэл мөн. Ухаанаа алдтал архи уусан хүнээс ямар ч авир гарч болно. Үүнийг тооцоолох боломжгүй. Иймд ахуйн хүрээнд бусадтай нийлж архидаж мансуурдаг зуршлаа яг одоо хаях нь зөв. Иргэд ч үүнд гярхай хандаж цагдаагийн байгууллагад мэдээлж байх нь таны үүрэг юм шүү.
-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн найман настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэрэг нийгмийг айдаст автууллаа. Энэ мөн л архидалттай холбоотой байх шиг.
-Эцэг, эх хүүхдээ үл хайхарсан байдлыг л гэмт хэрэгтэн олзолж охиныг зэрлэгээр хөнөөсөн байна. Энэ нь мөн л архидалттай холбоотой харагддаг.
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах механизм манайд дутагдалтай байгаа харагддаг. Энэ тухайд?
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг нөхөн сэргээх төв Монголд одоогоор алга. 2018 оноос хойш судалгаа хийхэд өнөөдрийг хүртэл бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2954 гэмт хэрэг гарсан байна. Задлаад хэлэхэд хүчиндэх гэмт хэрэг 2394 бүртгэгдсэн байгаа юм. Үүний 60-70 хувьд нь хүүхэд хохирсон. Эдгээр хүүхдүүдэд төрийн зүгээс эрүүл мэнд, хууль эрх зүйн, өмгөөллийн үйлчилгээ хангалтгүй байна. Миний зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байр ажиллуулдаг. Төрийн зүгээс үүнд ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Сүүлдээ ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын татварын өрөнд ороод дуусч байна. Хүүхэд хамгаалах төрийн байрууд үзүүлэнгийн чанартай л ажилладаг. Хариу тусламж үр дүнтэй ажиллаж байгаа нь тун цөөн.
-Хүүхэд хамгаалах байрууд төсөв хангалтгүй гэх байр суурь илэрхийлдэг.
-Энэ бол Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, салбар зөвлөлүүдийн хийх ёстой ажил. Тэд мөнгө байхгүй гэдэг ганцхан үгтэй. Миний харж байгаагаар эд нар ажлаа бүрэн хийж чадахгүй байна. Урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь илрүүлэх ажлыг хийвэл урьдчилан сэргийлж болно. Баг, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, ангийн багш, эцэг эхчүүд нь анхаараад хариуцлагатай ажиллахад Монгол Улс хүчирхийллээс ангид байж болно. Миний хийсэн судалгаагаар манайд 250-300 мянган хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.
-Манайхан хүүхдэдээ тавих анхаарал сул байх шиг. Энэ нь хүчирхийлэл гарах нэг үндэслэл болж байна уу?
-Өөрийн үр хүүхдийг хайрлаж халамжлахаас гадна бусдын хүүхдийг хайрлах сэтгэл ор мөргүй алга болжээ. Бусдын бяцхан үрийг хайрлах нинжин сэтгэлгүй, хэрцгий болсон байна. Хүний хүүхдийг цохиод авдаг болж. Монголчууд ийм л аминч үзэлтэй, энэрэх сэтгэлгүй болсон учраас гэмт хэрэг хүчирхийллийн орон болчихлоо. Ийм хэрцгий цаг үед бие биедээ гэрэл түгээж, нэг нэгнийгээ хайрлах цаг иржээ. Бид үүнд сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй байна. Сүүлд нь онцлоход бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг төр хамгаалах цаг болсон. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаарддаг. Нийгэмд сэтгэл зүйн, эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Хүнд цохилтод орсон ар гэрийнхэнд нь ч энэ төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг төв байгуулах цаг ирсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхий сайд маань хүүхдийн өмнө үүрэг хүлээж нөхөн сэргээх төв байгуулах тушаал шийдвэр гаргах болов уу гэж хүлээж байна даа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүний зүгээс үүнийг л хүсэх байна.