Categories
гадаад

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт эхлэв DNN.mn

Киевийн эрх баригчид албан ёсоор зарлаагүй ч Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт өчигдөр эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Фронтын шугамын олон хэсэгт Украины арми Өрнөдийн илгээсэн хүнд зэвсэг техникийн дэмжлэгтэй давшиж эхэлснийг Их Британийн батлан хамгаалах яам мэдээлжээ.

Өрнөдийн тулааны тактикт суралцаж бэлтгэгдсэн Украины армийн анги нэгжүүд, Өрнөдийн орнуудын илгээсэн байлдааны зэвсэг техниктэйгээр фронтын шугамын олон хэсэгт давшиж эхэлснийг Вашингтон Пост сонин бас мэдээлсэн юм.

Киевийн эрх баригчид үүнийг удаан хүлээгдсэн сөрөг давшилтын эхлэл гэж нэрлээгүй ч байлдааны томоохон ажиллагаа үргэлжилж байгааг баталжээ.

Украины дайныг эхнээс нь анхааралтай ажиглаж буй Institute for the Study of War (ISW) судалгааны хүрээлэн бас сөрөг давшилт эхэлснийг мэдээлсэн байна.

Украины армийн байлдааны ажиллагаа Запорожье болон Донецк муж дахь Оросын зэвсэгт хүчний байрлалууд руу чиглэсэн гэх мэдээлэл ирж байна.

Эндээс харвал сөрөг давшилт Оросын хяналтад байгаа бүс нутгийг дундуур нь тасалж, өмнөд хэсгийг нь салгах зорилготой байх магадлалтай юм.

Украины армийн сөрөг давшилт Оросын талын ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байгаа. Энэхүү ажиллагааны үр дүнгээс ерөнхий дайны хувь заяа шийдэгдэх юм.

Хэрвээ Украины тал эзлэгдсэн нутаг дэвсгэрээ амжилттай чөлөөлж чадахгүй бол Өрнөдийн холбоотнуудын дэмжлэг суларч, Оросын талтай хэлэлцээний ширээний ард суух дарамт шахалт Киевийн засгийн газарт ирэх өндөр магадлалтай.

АНУ-ын армийн генерал, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Марк Милли энэ долоо хоногт CNN сувгаар ярихдаа Украины арми сөрөг давшилтад “маш сайн бэлтгэгдсэн”, гэхдээ “үр дүнгийн талаар урьдчилж хэлэхэд хэтэрхий эрт байна” гэж хэлж байв.

Оросын тал өнгөрсөн хугацаанд сөрөг давшилтад сайтар бэлдэж, фронтын шугамын дагуу нуувч, хориглолтуудыг олноор байгуулсан гэдэг.

ISW хүрээлэнгээс өчигдөр гаргасан мэдэгдэлд “Сөрөг давшилтын эхний хэсэг хамгийн хэцүү байх бөгөөд хамгийн удаан үргэлжилж магадгүй. Учир нь энэ хэсгийн зорилго нь сайтар бэлтгэгдсэн хориглолтын шугамыг нэвтлэх юм. Украины армийн сөрөг давшилтын энэ үе шат амжилтгүй болох, их хэмжээний хохирол хүлээхийг үгүйсгэхгүй” гэж тайлбарлажээ.

“Механикжсан хүчний давшилтын нэвтрэлтийн үе шат хамгийн аюултай бөгөөд хамгийн их хохиролтой байдаг нь нэгэнт батлагдсан ойлголт. Энэ үе шатны амжилт болон бүтэлгүйтэл хэсэг хугацаанд тодорхой харагдахгүй байх боломжтой” гэж дээрх мэдэгдэлд бас өгүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэвлэлд ярихдаа хэдийгээр ялна гэдэгтээ итгэлтэй байгаа ч сөрөг давшилт маш хүнд болж, их хэмжээний хүн хүчээ золиослох эрсдэлтэйг хүлээн зөвшөөрч байлаа.

 

Эх сурвалж: Reuters, Associated Press

Categories
цаг-үе эдийн-засаг

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

 Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав.

Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэх, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн салбарын хөгжлийг төрөөс дэмжих, орон нутгийн алслагдсан бүс нутагт нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг бодлогоор дэмжих зорилгоор төслийг боловсруулжээ. Түүнчлэн агаарын тээврийг өргөжүүлэн тогтворжуулахад чиглэсэн оновчтой, үр дүнтэй эдийн засгийн зохицуулалтыг бий болгох, агаарын навигацын хураамжийн тодорхой хувиар нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэх, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санхүүжилтийн зарчмыг тодорхой тусгах асуудлуудыг төсөлд тусгасан байна. Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний чиг үүргийг тусгаарлах, агаарын навигацын, аэродромын болон аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг бие даасан аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх, шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэгч байгууллагыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хараат бус байх зэрэг асуудлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан “Иргэний нисэхийн загвар хууль”, стандарт шаардлага болон зөвлөмжид нийцүүлэхээр холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэв. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 51.4 хувь нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
нийгэм цаг-үе

Хүүхдийн тоглоомын 380 талбайд орчны аюулгүй байдал хангуулна DNN.mn

Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны барилга, хотхон, гэр хорооллын гудамжинд байрлах хүүхдийн тоглоомын 474 талбайн аюулгүй байдалд шалгалт хийжээ. Үүнээс хүүхдийн тоглоомын 380 талбайн орчны аюулгүй байдал алдагдаж, хотын стандартаас зөрсөн байна. Эдгээр зөрчилтэй тоглоомын талбайд орчны аюулгүй байдлыг хангуулж, хотын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлсэн тухай Хотын стандарт, хяналтын газраас мэдээллээ.

Түүнчлэн барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, тухайн материалаас дээж аван, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй материал болох нь тогтоогдсон байна. Ийнхүү 960 тонн арматурыг дахин боловсруулахаар үйлдвэрт буцаах аж.

“Барилгын материал үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн, тохирлын гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулсан долоон байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж эхэлжээ.

Categories
улс-төр

Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох саналыг дэмжив DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаанаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр 39.2 дахь хэсэгт заасан сурталчилгааг найман хэлбэрээр явуулах зохицуулалт хөндөгдөөгүй гэв.

Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг нь тойрогт нэр дэвшигчдэд зориулсан хэсэг байх аж. Сонгогч тойрогт нэр дэвшигчдээс сонголтоо хийж, дугуйлаад, хоёр дахь хуудаснаас улс төрийн нам сонгоно гэдэг тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ.

Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн аль нэг хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалтыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Д.Өнөрболор, Д.Ганбат нар тодруулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалттай, харин төслөөр 30 хувь болгохоор байгааг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд “Төсөл дэх хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалт Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 36 намд тэгш боломж олгох ёстой. Аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна гэдэг нь 126 нэр дэвшигчийнх нь 38 гэсэн үг.

Одоо мөрдөгдөж буй хуулиар 15 нэр дэвшигч аль нэг хүйсийн төлөөлөл байх ёстой байсныг хамгийн багадаа 38, улмаар 126 байх боломжтой болж байна” гээд энэ хэмжээний өөрчлөлтөөс гарах үр дүнгийн талаарх тооцооллыг мөн тайлбарласан. Олон улсын түвшинд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл нь дунджаар 40 хувиас багагүй байгаа бол парламентын бүрэлдэхүүний 26 (дунджаар) хувь нь нэг хүйсийн төлөөлөл байгаа гэдэг тоо мэдээллийг танилцуулсан. Дээрх өөрчлөлтийн үр дүнд хүйсийн төлөөллийн тэгш байдлыг хангахад дэвшил болж байгаа гэдэг хариултыг Д.Тогтохсүрэн гишүүн өгсөн.

Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхдээ хүйсийн тэгш байдлыг хангах, намуудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг нэлээд нарийвчилж хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Сум, дүүргийн Засаг дарга холбогдох журмын дагуу нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулахын зэрэгцээ үнэ төлбөргүй ашиглуулах юм байна. Улсын Их Хурлын сонгуулийн үеэрх хамгийн өндөр зардал болох ухуулагчийн урамшууллыг бууруулсан болохыг Д.Тогтохсүрэн гишүүн хариултынхаа үеэр хэлсэн. Одоо “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй” гэсэн зохицуулалттай байгааг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгаад байгаа аж.

Үүний зэрэгцээ нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зохицуулалтыг тусгасан, үүнийг намууд мөрдөж, санхүүжилтээ ил тод, нээлттэйгээр босгож, зардлаа “шилэн” байдлаар тайлагнах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гишүүн тайлбарлав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулах” гол эрх зүйн зохицуулалт хэлэлцэж буй төслийн хүрээнд явна гэдгийг М.Оюунчимэг гишүүн хэлсэн бол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоог нэг хэлбэрээр, тогтвортой явуулах саналыг Ч.Хүрэлбаатар гишүүн илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хүйсийн квотыг дэмжиж буй гишүүдэд талархал илэрхийлээд Улс төрийн намын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн, батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулна” гэдгийг цохон тэмдэглэсэн. “Эдгээр хуульд цогц өөрчлөлт хийж байж, Улсын Их Хурлын ирэх сонгуулиас эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн бодит үр дүн мэдрэгдэнэ. Аливаа шинэчлэлт өөрчлөлт нь боломж, эрсдэлийг дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно.

Ийм учраас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага, шалгуурыг өндөрсгөх талаар олон нийт болон ахмад улстөрчдөөс ирж байгаа санал, зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн явцад гарч болох эрсдэлүүдийг тооцож, түүнээс сэргийлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатайг тэрбээр ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгов.

Ийнхүү гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 62 томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Х.Нямбаатар: Интерполоор 47 хүн эрэн сурвалжилж байгаагаас 25-ынх нь байршлыг тогтоосон DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар мэдээлэл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5Ш” төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. “Шувуу” ажиллагаагаар хэрэгт шалгагдах ёстой этгээдүүдийг эх оронд нь авч ирж, гэм буруугүйн асуудлыг тогтоох зорилготой. Бид анх авлига албан тушаалын гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг танилцуулж байсан. Энэ тоо 127 болж өссөн. “Шувуу” ажиллагааны хүрээнд Интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Мөн дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэсэн мэдээллийг эхэнд өгөв.

Түүнчлэн энэ сарын 5-ны байдлаар Интерполын улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42 хүнийг олж тогтоогоод байгаа аж. Мөрдөн шалгах байгууллагаас олж, тогтоон авч ирсэн таван хүн байгаа бол сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн гэдгийг салбарын сайд онцлов.

Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжилж байгаа 47 хүнээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байгаа юм байна. Тодруулбал, Казахстанд гурав, Туркт дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьт нэг, Хонгконгт хоёр, Японд нэг, Швейцарь, Швед, Малайз, Киргиз улсад тус бүр нэг хүн байгаа гэнэ. Энэ талаар Х.Нямбаатар сайд “Эдгээр 25 хүний гадаад паспортыг бүхэл нь хүчингүй болгох бүртгэлийг хийж, холбогдох байгууллагад шилжүүлсэн.

Мөн эдгээрийн 12 хүнийг шилжүүлэн авч ирэх, хаяг тогтоогдсон 13 этгээдийг санамж бичгийн хүрээнд тус улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллана. Цаашид 22 этгээдийг эрэн сурвалжилж байна. Сонирхуулахад, Монгол Улс Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулсан. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс “Go travil” гэдэг программ хангамж байгаа. Энийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг хайдаг программ хангамжийг өөр дээрээ авч, хянана гэсэн үг. Сүүлд Наранхүү гэж нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгагдах ёстой хүн Хятад руу гарч БНСУ-д очсон байсныг авч ирэхээр ажиллаж байна” гэлээ. “Шувуу” ажиллагааны хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудыг хэрхэн авчрах асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ тухай салбарын сайд мэдээлэлдээ онцлохдоо “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авч ирэхээр ажиллаж байна. АНУ-д ажиллагаа явуулах боломжгүй. Хаана амьдарч байна гэдэг мэдээллийг иргэд ирүүлсэн.Засгийн газраас тодорхой хэмжээний зардлуудыг баталж, шүүхийн шатанд шилжээгүй учраас зардал мөнгийг нэхэмжлэх ажил эхлээгүй байна. Монголд гэмт хэрэг үйлдчихээд гадаадад очоод бас иргэдийг айлган сүрдүүлдэг гэмт хэрэг бүртгэгдэж байна. Харин Н.Удаанжаргал Малайз улсад байгаа нь батлагдсан. Бид бичгээр хүсэлтээ явуулсан. Гэм буруугүйн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс өөрсдөө хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. “Шувуу” ажиллагааг Монголд анх удаа хийж байгаа. Нэг удаа Францаас Д.Энхбатыг, АНУ-аас иргэн Батсүхийг авч ирсэн тохиолдол байдаг” гэлээ.

Түүнчлэн иргэн Г.Ган-Очир Францад хоригдож буй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбоотой байр суурийг илэрхийлээд байгаа юм. Энэ талаар Х.Нямбаатар “Би Франц улсад нөлөөлөх боломжгүй. Тухайн улсын иргэд нь хүртэл нөлөөлөх боломжгүй. Иргэн Г.Ган-Очирын талаар хэлэх үг олдохгүй байна, гэр бүлээ санаатай алах шахам гэмт хэрэг үйлдсэн. Хүн амьдарч байгаа айлыг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан хүн. Энэ хүн ирж, шалгагдах ёстой. Өөр олон үйлдэл бий. Гадаад харилцааны яамны шугамаар мэдээлэл авахад Европын холбоо руу нэвтрэхдээ хил зөрчиж орсон. Мөн тэнд байсан монголчуудын шинэ жилийн баяраар гэр бүлийн хүнийг зодсон учраас хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Би манайд шилжүүлж өгөх хүсэлтийг бичгээр өгсөн. Бид өөр улс орны дотоод хэрэгт оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ хүн худлаа ярьж байна” гэсэн юм.

Комедиан Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл түгээд байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас энэ мэдээллийн талаар тодруулахад“Койны асуудлыг яагаад ялгамжтай шалгаж байна вэ гэхээр анхдагч зах зээл эсвэл хоёрдагч зах зээл дээр койныг гаргасан юм уу, анхдагч зах зээлээс мөнгөө татаж аваад өөрсдөө хэрэглэхээ хэрэглэж, дотроо хувааж авсан уу гэдгээр шалгаж буй. Хоёрдагч зах зээл дээр гаргаж, эргэлтэд оруулж байгаа зүйл нь санхүүгийн эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Монголд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль гэж баталсан. Хуульд заасан шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бол хууль бус гэж үзэхгүй байх” гэлээ

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Пүрэвдорж: Эдийн засаг сайжирсандаа төсвийн орлого нэмэгдээгүй. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэж НӨАТ, гаалийн татвар нэмэгдсэнтэй холбоотой DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– Нүүрсний сонсгол сонгууль руу дөхөх тусам энэ Засгийн газар, МАН руу очих “гал” улам нэмэгдэнэ –


-Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжээгүй санал өгсөн. Гэтэл батлагдах үед дэмжлээ. Учир юу вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон нэг шалтгаан нь УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой. МАН-аас УИХ-ын 38 гишүүнийг жагсаалтаар, 38 гишүүнийг тойргоос сонгох Сонгуулийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Тэрхүү хуулийн төслөөр бол өнөөдөр парламентад суугаа гишүүдээс 18-20 нь дахин сонгогдох боломжтой. Ийм тохиолдолд УИХ-ын гишүүд өөрсдийгөө бодсон саналыг Сонгуулийн хуульд өгөх учраас тэр хууль батлагдахгүй байх өндөр магадлалтай байсан. Хэрвээ та нар дэвших гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлт буюу 152 гишүүнтэй болох хувилбарыг дэмж гэдэг нөхцөл рүү аваачсан. Үүний дагуу УИХ-ын 152 гишүүнтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл орж ирсэн. Эхний хэлэлцүүлэгт би үүний эсрэг санал өгсөн. Хэлэлцүүлгийн үеэр би Ховд аймгийн 13 сум, бусад таван аймгийн таван сумаар явж нийт 2500 орчим иргэдтэй би уулзалт хийсэн. Энэ үеэр 152-г дэмжиж байгаа ганцхан иргэн, 126, 108, 99-ийг дэмжиж байгаа 50 орчим хүн байсан. Иргэд гишүүдийн тоог нэмэхийн эсрэг байсан нь үүнээс харагдаж байгаа байх.

Ингээд олонх аргагүйн үнэнд гүйцэгдэж Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгээр гишүүдийн тоог 126 болгож бууруулж баталлаа. Гишүүдийн тоог 126 болгож өөрчилсөн нь сонгуулийн үр дүнд том нөлөө үзүүлнэ. Тэр дундаа МАН-д сөргөөр нөлөөлнө гэж харж байна. Үүний жийрэг болгож жагсаалтын асуудлыг оруулж ирсэн. Пропорциональ системийг Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд оруулах нь АН-ын гол зорилгуудын нэг. АН-ын бүлгийн гишүүд 126-г дэмжихээс аргагүй нөхцөл байдал нь жагсаалтаар сонгох сонголтын тухай асуудал байсан.

Нэгдүгээрт, жагсаалтыг оруулснаар сонгогчдын санал гээгддэггүй. Хоёрдугаарт, жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүд улс орны нийтлэг хөгжил дэвшлийн төлөө ажиллах боломжийг бий болгодог. Тиймээс Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө жагсаалтын буюу пропорциональ системийг дэмжсэн.

-Жагсаалтыг ямар байдлаар гаргахыг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар шийдэх үү. Ер нь жагсаалтыг яаж гаргах нь зөв бэ?

-Нам бүр 48 хүний нэрийн жагсаалт гаргана. Ингээд манай намын жагсаалтаар та бүхнийг төлөөлж ажиллах ийм улстөрчид байна гэдгээ олон нийтэд танилцуулна. Ер нь 2012 оны сонгуулиар бид жагсаалтаар нэг удаа сонгууль хийж үзсэн. Тиймээс тодорхой туршлага байгаа.

Намаа санхүүжүүлж жагсаалтаар парламентад орж ирдэг. Орж ирээд намаа санхүүжүүлснээсээ илүү хөрөнгө олохыг зорьсон хүмүүс 2012 онд аль аль намаас орцгоосон. Тиймээс 2024 оны сонгуулийн жагсаалтад намууд аль болох сайн боловсон хүчинг оруулах, иргэдийн итгэлийг төрүүлэхүйц нэр дэвшигчид, мөн багш эмч нарын төлөөлөл гэдэг ч юм уу сонирхлын бүлгүүдийн хамгийн шилдэг хүмүүсийг жагсаалтад оруулахаар өрсөлдөж таарна.

Жагсаалтад хумсын толионы чинээ алдаа гаргасан муу нэртэй хүн орвол тэр нь бусад тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүстээ нөлөөлнө. Мөн намыг нь шууд ялагдалд хүргэх нөхцөлд оруулах учраас энэ удаагийн сонгуульд намууд нэр хүндтэй хүмүүсээ жагсаалтаар оруулахаар зорих болов уу.

Энд нэг зүйлийг хэлэхэд, төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд би Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр нэлээд хатуу шаардлага тавьсны үр дүнд сонгуулийн санал тоолох машиныг шинээр худалдан авах, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хурууны хээ уншуулах тоног төхөөрөмж түүний программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болгосон. Үүний дагуу Улсын төсвийн тодотголд тодорхой тооны хөрөнгө оруулалтыг тавьж энэ асуудлыг шийдвэрлэж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр тойрог нэмэхээр болсон. Хаана нэмэх бол?

-Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрдээ 400 гаруй мянган хүн амтай. Тэнд сонгогчдын төлөөлөх төлөөллийн чадамж их муу байдаг. Тиймээс энэ тойргуудад хоёр мандат нэмсэн нь дээр гэж бодож байна.

-Хоёр мандат нэмэх эрх бүхий субъект нь аль вэ?

-Аль аймаг, аль дүүрэг хэдэн мандаттай байх вэ гэдэг сонгуулийн тойргийн асуудлыг УИХхоёрдугаар сарын 1-ний дотор багтаж тогтоолоор баталгаажуулж гаргана.

-Улс төрийн намын тухай хуулийн төсөлд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Ингэхдээ УИХ-д суудалтай болон суудалгүй бүх намын саналыг сайн авсан. Хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг төсөлд жишээ нь АН-аас өгсөн саналууд бараг бүрэн тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад парламентад суудалгүй намууд нэлээд санал өгсөн. Ер нь их сайн хуулийн төсөл орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд намуудад гардаг алдаа дутагдлыг засч дэвшилттэй зүйлүүдийг бүгдийг нь тусгаж чадсан хууль болсон. Цаашдаа намууд доторх бүтцийн байгууллагуудыг байхгүй болгож байгаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо, оюутны холбоо ч гэдэг юм уу холбоодыг байхгүй болгоно. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд магадгүй 10 жилийн дараа өөрчлөлт оруулж нам гишүүнчлэлгүй байх чиглэл рүү явна гэдэг нь улс төрийн намууд илүү төлөвших нөхцөл бий болно.

-Төсвийн тодотгол хийж цалин, тэтгэвэр нэмэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-2022 оны нэгдүгээр сарын сүүлээр төсвийн тодотгол хийж ахмадуудын тэтгэврийг нэмсэн. Тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байсныг 500 мянган төгрөг болгосон. Тэтгэврээ нэмж байгаа бол инфляцийг тогтвортой барих бодлогыг Засгийн газар хамт хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь түүнийгээ хийгээгүй. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмсэн ч тухайн үед инфляциа барьж чадаагүйгээс болж 50 мянган төгрөгийн үнэтэй байсан нэг шуудай гурил 110 мянган төгрөг болсон. Ийнхүү тэтгэвэр нэмсний үр дүн огт гарахгүй байна. Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ бүгдийг нь инфляцид буцаагаад алдчихаад байна.

Тойргийн гишүүдээ ирэхээр нь тэтгэвэр, цалингаа нэм, хүүхдийн мөнгийг 100 хувь олго гэж шаардаарай хэмээн би иргэдэд хэлсэн. Үүний дагуу энэ гурван асуудлыг шийдвэрлэж байна. Улсын төсвийн тодотголоор тэтгэвэр, цалин, хүүхдийн мөнгийг нэмж болно. Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний ханшийг өсгөхгүй байх чиглэлд Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой. Цалингаа нэммэгц бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихвөл авч байгаа арга хэмжээ нь иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чадахгүй.

-Цалингаа нэмсэн ч инфляцийг өдөөхгүй байх гарц нь юу вэ?

-Бараа бүтээгдэхүүний үнэд голлон нөлөөлж байгаа асуудал нь дэд бүтэц ложистикийн хямрал. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, түүний зардлыг буруулах чиглэлд ажиллах ёстой. Тэр дундаа хүнд суртал, авлигатай холбоотойгоор тээврийн үнэ өсч байгаа асуудлыг зохицуулах чиглэлд Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой. Жишээлбэл, гурван жилийн өмнө Замын-Үүд боомтоор нэг ачааны машин 3-5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол өнөөдөр 30-40 сая болсон. Ковидын үед 70 сая төгрөгт хүрч байсан. Энэ бүхэн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Гашуунсухайт эсвэл Эрээнээс Улаанбаатар орох зайнд ийм өндөр үнэтэй тээвэрлэлт хийж байгаа нь бусад аймаг руу хийх тээвэрлэлтийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Энэ хиймэл өсөлтийг байхгүй болгох, тэр дундаа тээвэрлэлтийн асуудлыг зөв зохион байгуулах боломжтой. Гэтэл Засгийн газар өнөөдрийг хүртэл хийхгүй байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна. Хоёрдугаарт, бусад улс орнууд ч инфляцитай байгаа. Бид бүтээгдэхүүн импортлохдоо тэрхүү инфяцитай нь авч ирээд байна. Энэ нь иргэдэд өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн болж хувираад байна. Төсвийн орлого жаахан нэмэгдэж байгаа. Бараа бүтээгдэхүүний өсөлтийн холбоотойгоор НӨАТ, гаалийн татвар нэмэгдсэнээс үүдэж төсвийн орлого нэмэгдэж байгаа болохоос эдийн засаг сайжирсандаа төсвийн орлого нэмэгдэж байгаа юм биш. Тиймээс тээврийн хямралыг зохицуулж, тээвэрлэлтийн үнийг буулгахад Засгийн газар хариуцлагатай ажиллах хэрэгтэй.

-Нүүрстэй холбоотой хэрэг, сонсгол яагаад гацчихав. Та цаад шалтгааныг нь юу гэж харж байна?

-Инфляцитай тэмцэх, эдийн засгийг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллах ёстой байтал шуугианаас шуугианы хооронд ажиллаад байна. Засгийн газар өөрсдөдөө байгаа мэдээллийг гаргаж ирж “шүгэл үлээж” байна хэмээн урдах асуудлаа хойдох асуудлаараа дараад байна. Хэдийгээр нүүрсний хулгай, төмөр замын тээврийн асуудал, боловсролын болоод бусад сангийн асуудлууд гараад хаана очоод хад мөргөж байна гэхээр МАН-ынхан дээр. Нүүрсний хэргээр заавал сонсгол явуулахыг АН-ын бүлэг хариуцлагатай шахаж шаардаж ажиллана. Хэзээ нэгэн цагт нүүрсний хэргээр сонсгол явж таарна. Тэр сонсгол нь сонгууль руу дөхөх тусам энэ Засгийн газар, МАНруу очих “гал” илүү их нэмэгдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд баруун аймгуудаар 30 хэмээс дээш гарч хална DNN.mn

Баруун аймгуудын нутгаар зургаадугаар сарын 6-ний өдрөөс эхлэн агаарын температур өдөртөө +30 градусаас дээш гарч халж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Дээрх халалт ойрын хоёр хоногтоо баруун аймгуудын нутгаар үргэлжлэх бол зургаадугаар сарын 11-нээс эхлэн ихэнх нутгийг хамарч халах төлөв гарчээ.

Зургаадугаар сарын 8-9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарыг харвал:

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнодын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Алтайн өвөрговиор +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

ТОЙМ: “Дур зоргын мал аж ахуйг зогсоох цаг болсон” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг “ҮХӨ ямар үр дүнд хүрэхийг улстөрчид, намууд л шийднэ” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Молор хонгор” галын морьд өнгөтэй байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дур зоргын мал аж ахуйг зогсоох цаг болсон” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын 2023 оны тодотголын төслийг өргөн мэдүүлэв.

421-р ангид хоригдож байгаа, хүний эрхийг хамгаалагч Ч.Мөнхбаяр “АН-ын цуглаанд оролцлоо гэж 10 жилийн ял өгөөгүй л юм бол эх орноосоо урваж, гадны байгууллагын гар хөл болж яваагүй” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад

Цахим шилжилтийг тал бүрээс нь хэлэлцэх “ICT Forum‘23” болж байна DNN.mn

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “1990 оны зах зээлийн шилжилтээс хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар юм. Энэ салбарын хөгжлийн ололт, хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй. “ICT Expo-2023”, “ICT Forum‘23” арга хэмжээг “Mindgolia” гэх уриан дор зохион байгуулж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх дараагийн 10 жилийг хамтдаа эхлүүлэх цаг болсон. “Mining to mind” буюу олборлолтоос оюун санаа руу чиглэсэн, шинжлэх ухаан, технологид суурилсан 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан. Тун удахгүй уг хөгжлийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. “ICT Forum‘23”-н хүрээнд хэлэлцэх гурван салбар хэлэлцүүлгийн агуулга нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, эко системийг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой байх талаар ярилцах юм. Мөн цахим хөгжлийг түүчээлэх талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа” гэлээ.

2020 оны аравдугаар сард E-Mongolia 1.0 хэрэглээнд нэвтэрч, төрийн 187 үйлчилгээг авах боломж бүрдсэн бол өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн E-Mongolia 3.0 хэрэглээнд нэвтэрснээр 80 гаруй байгууллагын 1072 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. E-Mongolia систем өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлснээр манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна.

“ICT Forum ‘23” арга хэмжээ өнөөдөр гурван бүлэг сэдэв, 27 илтгэл, 15 хэлэлцүүлгийн хүрээнд 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
соёл-урлаг

Уул уурхайн ашиглалтын улмаас нөхөн сэргээх шаардлагатай 8000 га талбай бүртгэгджээ DNN.mn

Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жаныбаевич, Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн төслийн багийн төлөөлөгчид болон Киргиз улсын Байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд иргэний нийгмийн төлөөллүүд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцохоор албан томилолтоор Монгол Улсад ажиллаж байна.

Гадаадын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч Дин Цао болон холбогдох албынхан хүлээн авлаа.

Монгол Улсын хувьд уул уурхайн салбар 100 жилийн түүхтэй бөгөөд ДНБ-ний 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг тус тус бүрдүүлдэг тэргүүлэх салбар. Манай улс уул уурхайн нөөц баялаг ихтэй хөгжиж буй 29 орны нэг гэдгийг Дэд сайд М.Ганбаатар онцлоод Монгол улсад ойролцоогоор 7,1 сая га талбайд 3077 хуулийн этгээд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 3.89 хувийг эзэлдэг.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас ард иргэд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд бий болж түүний дотор хөрсний эвдрэл, гадаргын усны бохирдол болон хомсдол, бэлчээрийн доройтол, тоосжилт, орчны бохирдлын асуудлууд тулгарч байгаа. Байгаль орчны доройтлыг бууруулах уул уурхайгаас үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх асуудлыг нэн тэргүүд тавин ажиллаж байгааг онцлов.

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2017-2018, 2020 онд Монгол Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг тус тус зохион байгуулсан.  Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон нөхөн сэргээх шаардлагатай 8000 га талбай байгааг тогтоож бүртгэсэн бөгөөд Засгийн газрын 2020-2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрт олон жил эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг мөн дурдав.

Албан томилолтын хүрээнд өнөөдөр БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж, танилцуулга мэдээлэл хийж байна.