Categories
нийгэм цаг-үе

Хэрлэн гол дагуу 3 га талбайд бургас тарьж, нөхөн сэргээлт хийлээ DNN.mn

Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн анги нь Сүмбэр сумын 6 дугаар багт байрших Хэрлэн гол дагуух бургас, байгалийн ойн санг хамгаалах ажлын хүрээнд аймгийн “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 3 га талбайд 2500 ширхэг бургас тарьж ойн санд нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нөхөн сэргээлт, тарилт хийсэн далбайн арчилгаа, усалгааг тогтмол зохион байгуулан ажиллаж ургалтын чанарт анхаарч байна.
Тус ойн анги 2014 онд байгуулагдсан одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил нийт 30 мянга, энэ жил 73 мянган ширхэг мөчир тарилт хийгээд байна.
Мөн Хэрлэн гол дагуух 45 га талбайн ойн сан, аймгийн төвийн 28,8 га талбайн ногоон байгууламж, автозамын дагуух 52,7 га ойн зурвасыг бүрэн хариуцсан ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн өөрсдийн санаачилгаар голын сан бүхий газруудыг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Categories
нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар 30 хэмийг давж хална DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж үргэлжлэн халахыг анхааруулж байна.

22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +34…+39 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ченжүүд дотоодын цементэд 30 мянга, хятад цементэд 100 мянган төгрөг нэмж зарж байна DNN.mn

Монгол Улсад зам, барилга бүтээн байгуулалтын улирал ид үргэлжилж байна. Барилгын түүхий эдийн талх гэгддэг цементийн үнэ ханшийн талаар сурвалжиллаа.


Монгол цемент 420-440 мянга, хятад цемент380 мянган төгрөгийн ханштай байна

“Гурвалжин” барилгын материалын зах дээр Монцемент нэг тонн нь 420-430 мянга, Мак цемент 430-440 мянга, Хөтөлийн цемент 420 мянган төгрөгийн үнэтэй байна. 50 кг-аар савласан шуудайтай цемент 23-25 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Харин хятад цемент нэг тонн нь 380 мянган төгрөг бол шуудайгаараа 23 мянгаар зарж байна. Монгол худалдаачид Хятадын “Тунхуй” үйлдвэрээс цементээ голчлон татдаг гэнэ. Гэхдээ сүүлийн үед хятад цементийн худалдаа буурч байгааг худалдагч бүсгүй онцолж байв. Энэ нь сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрүүд зах зээл дээр хүчтэй гарч ирсэнтэй холбоотой гэж тайлбарлав.

Хил гааль чөлөөтэй болж, бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурч байгаа энэ үед цементийн үнэ буурч байгаа эсэхийг худалдаа эрхлэгчдээс тодруулахад “Он гарснаас хойш цементийн үнэ тогтвортой байна. Цаашид үнэ ханш буурах эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн байр суурийг тэд хэлж байлаа. Цементийн худалдаа хөл хөдөлгөөн нэлээд бага байна. Чингэлгүүдэд голчлон “Мак”-ын цемент хураасан харагдана. Худалдаачдын ярьж буйгаар тус цемент үнэ өндөртэй ч нэлээд эрэлттэй байдгийг дуулгав. Зарим худалдаа эрхлэгчид монгол, хятад цементийн үнэ харилцан адилгүй байдаг нь чанартай холбоотой гэж байлаа.

Барилгын материалын амин чухал түүхий эд болсон цементийн үнэ ханш дотоодынх болон Хятадынх харилцан адилгүй байдаг нь нийгэмд ч, барилга бүтээн байгуулалтын салбартаа ч хэл ам дагуулсаар ирсэн. “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хөрш Хятад улсын хувьд цемент маш хямдхан байдаг. Дундаж үнэ өнөөдрийн ханшаар 347 юань. Эрээний үйлдвэрийн цемент гаргаж байгаа хамгийн хямд үнэ 315 юань. Түүнийг нь монгол төгрөгөөр бодоход 151 мянга. Гэтэл дотоодын үйлдвэрийн үнэ 412 мянган төгрөг байна” гэсэн нь анхаарал татахаар мэдээлэл юм. Тиймээс монгол, хятад цементийн үнэ ханш хэрхэн бүтдэг талаарх мэдээллийг тоймлон бэлтгэв.

Хятад цемент үйлдвэр дээрээс 147.620 төгрөгөөр гарч, замын зардалд 132.000 нэмэгддэг

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд дурдагдсанаар БНХАУ-аас 2023 оны эхний таван сарын байдлаар 41,944,232.4 кг цементийг 2,916.3 ам.доллараар оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, нэг тонн хятад цементийг 150 мянган төгрөгөөр импортолсон байна. Тэгвэл хятад цементийг Улаанбаатарт тээвэрлэн авчирч, зах зээлд худалдаалдаг зардалд юу, юу багтдаг талаар Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны менежер Д.Амаржаргалаас тодруулсан юм.

Түүний ярьснаар монголчууд БНХАУ-ын Эрээн хот дахь “Тунхуй” үйлдвэрээс түлхүү импорт хийдэг. Тус үйлдвэрээс нэг тонн цемент гарах үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар 305 юань байжээ. Нэг удаадаа вагонд 64 тонноор цемент ачигддаг. Эрээнээс Замын-Үүд хүртэлх төмөр замын зардал 3800 юань. Замын-Үүд дээр ирсэн 64 тонн цемент дээр гааль, НӨАТ зэрэг татвар хураамжид дөрвөн сая гаруй төгрөг төлдөг. Түүнээсээ Замын-Үүдээс Улаанбаатарт тээвэрлэн ирэх төмөр замын зардалд 1.6 сая төгрөг төлдөг. Ачиж буулгах хөлсөнд 800 орчим мянга. Тэр дунд илгээгчийн зардал 250 мянган төгрөг нэмэгддэг гэнэ. Энэ тооцоогоор бол Хятадын үйлдвэр дээрээс нэг тонн цемент 147.620 төгрөгт гардаг юм байна. Нэг тонн цементийг Улаанбаатар хүртэл тээвэрлэн авчрах зардалд 132 мянга орчим төгрөг зарцуулдаг. Ингээд нийт зардал өртөг нэмэгдэн 280 мянган төгрөг болдог аж. Зах зээл дээр өнөөдөр хятад цемент 380 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Дотоодын үйлдвэрүүдийн цементийн үнэ өндөр байдаг нь түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэв

Тэгвэл дотоодын үйлдвэрүүдийн үнэ өртгийг хэрхэн тооцоолдог талаар үйлдвэрүүдээс тодруулсан юм. Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК “Үйлдвэр дээр нэг тонн цемент 385 мянган төгрөгөөр, вагон дээрх үнэ 406.300 төгрөгөөр гардаг. Бид 2022 оны арванхоёрдугаар сард ТУЗ-ийн хурлаар компанийн бизнес төлөвлөгөөг батлуулахдаа цементийн үнийг энэ ханшаар тогтоосон. Манай үйлдвэрийн хувьд гөлтгөнө, нүүрс зэрэг цементийн гол орц бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс зэрэг компаниас гэрээ хийж тээвэрлэж авдаг учраас зардал нэмэгдэхэд нөлөөлдөг. Ялангуяа нүүрсний үнэ энэ жил өссөн. Өнгөрсөн жилийн хувьд нүүрс хямд байсан учраас манай цемент одоогийнхоос бага үнэтэй байсан. Энэ жил мөн шар нунтаг зэрэг түүхий эдийн үнэ 50 хувиар нэмэгдлээ. АМНАТ гэхэд өртөг зардлын таван хувийг суутгадаг. Мэдээж НӨАТ, татвараа төлдөг. Компани учраас ашигтай ажиллах ёстой. Тиймээс эцсийн бүтээгдэхүүний үнэ тонн тутам нь 385 мянга байхаас аргагүй байна” гэх тайлбарыг өглөө.

“Монцемент” компанийн хувьд ч мөн л түүхий эдийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байлаа. Тодруулбал, “Нүүрсний үнэ 2022-2023 оны хооронд 40 хувийн өсөлттэй байгаа. Ялангуяа 2022 оны арваннэгдүгээр сараас түлшний үнэ нэмэгдэж, нүүрсний уурхайнуудын өртөг өссөнөөр Тавантолгой орчмын уурхайнууд нүүрсний үнийг 100 хувиар нэмсэн. Нүүрс гэхэд тонн тутмын тээврийн зардал 309 хувиар өсчихсөн. Мөн цементийн гол түүхий чулуунцар үйлдвэрлэхэд хэрэглэдэг төмрийн хүдэр гэхэд 2012 оноос хойш 143 хувиар өсөөд байна. Эрчим хүчний үнэ тариф гэхэд дундаж өсөлт гэхэл 2018 оноос хойш 67 хувиар өссөн. Ялангуяа 2022-2023 оны хооронд 51 хувийн өсөлттэй байна. Төмөр замын тээврийн тариф он гарсаар 29 хувиар өссөн судалгаа бий. Нөгөө талаар авто тээврийн даацын хязгаарлалт 44 гэх стандарт мөрдөгдөж эхэлснээс цэвэр ачих жин багасч 25 тонн болсонтой холбогдуулан түүхий эдийн тээврийн үнэ хоёр дахин нэмэгдсэн. Энэ бүхэн цементийн үнэ ханшийг тогтооход голлон нөлөөлж байна” гэсэн юм. Монцементийн үйлдвэрээс цемент тонн тутам нь 410 мянган төгрөгөөр гардаг аж.

“Ховд эко цемент” компанитай холбогдоход “Компанийн санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл хаалттай” гэсэн тайлбарыг хийв. Тус компанийн үйлдвэрлэж буй цемент тонн тутам нь Ховд аймагтаа 445 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.

Эдгээр мэдээллээс харахад Хятадын цементийн үйлдвэрүүд өртөг зардал багатай үйлдвэрлэдэг ч Улаанбаатар хүртэл тээвэрлэн авчрах зардал, гааль НӨАТ гэх мэт татвар хураамжууд нэмэгдсээр тонн тутамд 130 мянган төгрөг нэмэгддэг ажээ. Ингээд Улаанбаатарт ирдэг нийт өртөг зардал 280 мянган төгрөг болж байгаа юм. Харин худалдаанд 380 мянган төгрөг буюу дунджаар 100 мянга орчим төгрөгөөр нэмэгдэлтэй худалдаалагдаж байна.

Харин дотоодын үйлдвэрүүд үйлдвэрээс өндөр өртөгтэй гардаг ч Улаанбаатарт тээвэрлэн авчрах зардал, ашгаа нэмээд 20-40 мянган төгрөгийн нэмэгдэлтэй зардаг юм байна.

Хятад үйлдвэрүүд цементийг хямд өртгөөр үйлдвэрлэдэг үндсэн шалтгаан их хэмжээгээр тогтмол үйлдвэрлэдэгтэй холбоотой. Харин манай улсын хувьд улирлын чанартай үйлдвэрлэдгээс өртөг зардал өндөр байдаг. Гэвч дотоодын үйлдвэрүүд өнөөдрийн үнэ өртгөө бага хэмжээгээр бууруулах боломжтой гэж салбарынхан хэлж байв.

Categories
нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг засжээ DNN.mn

Зам засвар, арчлалтын мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө.

Тэрбээр “Хотын гол болон туслах гудамж, замуудад засвар, шинэчлэлийн ажил хийж байна. Энэ хүрээнд 22-ын товчооны чиглэлд 2,200 ам метр талбайн нөхөөс, нүхэн эвдрэл засварлах ажлыг хийсэн.

Эмээлт, Хүй 7 худгийн замын нүхэн эвдрэлийг засах ажлыг зургаадугаар сарын 25-нд дуусгахаар ажиллаж байна.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварласан. Гол болон туслах 10 гудамж, замд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж байна.

Долоодугаар сарын 1-н гэхэд Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчооны замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дуусна” гэв.

Categories
нийгэм цаг-үе

2024 оны сонгуульд сурталчилгааны нэгдсэн самбар байрлуулна DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа.

Тэрбээр нэмэлт өөрчлөлтийн онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга нар бэлтгэж, байршуулах зохицуулаль орсон талаар мэдээллээ. Хороонд дээд талдаа дөрвөн л нэгдсэн самбар байна. Харин суманд хоёр, аймгийн төвийн суманд тав хүртэлх самбар байршуулах аж.

Харин намын зүгээс найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой. Харин арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхаар тусгаж, баталжээ.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Монгол төрийн сонгуулийг Кремль мэддэг болоход ядах юмгүй хууль батлагдлаа DNN.mn

Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт сая батлагдлаа. Энэ хуулиар сонгуулийн сурталчилгаатай холбоотой маш чухал заалт оруулах ёстой байсныг хэн ч тоосонгүй. Тэр нь “Гадаадын хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох” гэсэн заалт юм. Харамсалтай нь үүнийг УИХ-ын гишүүд, намын бүлгүүд, эрдэмтэн судлаачид, хууль боловсруулагчид гээд бүгдээрээ ойшоож үзсэнгүй. Яг үнэндээ монгол төрийн хувь заяаг сошиал буюу гадаадын хэвлэл мэдээлэл шийддэг болсон нь худлаа биш. Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийг сошиалаар удирддаг боллоо. Бид энэ тухай хэдэнтээ бичиж сануулсаар ирсэн. Сая Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт орж ирэхэд хүртэл үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хэлж л байсан. Тухайн үед тэрбээр энэ асуудлыг “Үнэхээр чухал юм байна шүү. Нээрээ анхаарах ёстой” гэж сүрхий хүлээж авч байв. Гэвч хуулийн төслийн хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнөж байхад огт яригдахгүй байсаар өнгөрлөө.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад Монголд 2.4 сая цахим хаяг бүртгэлтэй байдаг юм билээ. Үүний нэг сая нь хуурамч. Өөрөөр хэлбэл, албан ёсны эзэн биегүй. Энэ нэг сая троллын 400 мянга нь гадаадад бий. Ингээд бодохоор сошиалаар бидний тархийг яаж угаадаг нь харагдаж байгаа биз дээ. Хамгийн чухал нь Монголын төрд асар хортой гэдгийг дахиад хэлье. Тролл армиуд хилийн чанадаас сонгууль яаж явахыг заадаг боллоо. Сонгогчид болон ард түмний сэтгэл зүйг сошиалаар залж чиглүүлэх нь хэрээс хэтэрч байна. Тийм болохоор монгол төрийн сонгууль ямар болох нь ойлгомжтой. Гадны хэвлэлээр заалгана гэдэг бол тэдний хүссэн төр засгийг нь байгуулж өгч байна гэсэн үг. Тэд зөвхөн үүнийг л хүсч байгаа. Мэдээж, өөрсдийнх нь эрх ашигт харшлахгүй Засгийн газар байгуулагдчихвал зорилго нь хэрэгжинэ. Энэ бол хамгийн том аюул. Сошиал платформоор дамжуулж биднийг удирдсанаар төрийн бодлогыг дур зоргоороо шийддэг болох нь. Ингэж явсаар Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал ганхахгүй гэх газаргүй байна.

Сүүлийн үед өмнөд монголчууд бүгд крилл хаягтай болжээ. Эндээс харахад крилл бичигтэй цахим хаягны цаана аль улсын хэн гээч байгааг хэн ч анзаардаггүй. Өнгөц гүйлгэхэд монгол нэр л зурайна. Энэ мэтчилэн гадны троллууд нэр, зүсээ монголчилсон байх жишээтэй. Тэр дундаас хамгийн голлож байгаа нь Оросын талын хаягууд байна. Тэд хэзээнээсээ маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Цахим хаягаар дамжуулан Монголд байгаа Оросыг дэмжигчдийг шууд удирдаж байдаг. Ер нь Монголын сонгууль Орост илүү ач холбогдол өгдөг. Тэдний явуулж байгаа мэдээллээс ажиглахад бүх юм тодорхой байна шүү дээ. Аль намыг ялуулж, ямар улстөрчийг гаргаж ирэхээр санаархаж байгаа нь андашгүй. Энэ өнцгөөс харвал Монголын сонгуулийг Кремль мэднэ гэсэн үг. Дүгнээд хэлэхэд, гадаадын хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоогүйгээс ийм л хортой байгаа юм.

Дээрх хуулийн заалтыг юмны учир начир сайн ойлгох УИХ-ын гишүүд, намын бүлгүүд дэмжээгүйд гайхаж цочоод байх ч зүйл алга. Тэд угаасаа ашиг харж хөдөлдөг улс. Өөрсдийн сайт, тролл армидаа найдаж байгаа гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь Монголын хэвлэл мэдээллийнхэн ган гэж дуугарсангүй. Уг нь энэ заалт Монголын хэвлэл мэдээллийн ирээдүйг шийдвэрлэхэд үнэхээр их ач холбогдолтой байсан юм. Улс орныхоо маргаашийг хардаггүй юм аа гэхэд бүхэл бүтэн салбарынхаа хөгжил, эрх ашгийн төлөө идэвхтэй дуугарах ёстой хүмүүс бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Гэвч тэгсэнгүй. Арга ч үгүй биз. Монголын хэвлэл мэдээллийн байууллагуудын гүйцэтгэх захирлууд дандаа хүний юман дээр ажилладаг улс. Тэд Монголын болоод хэвлэл мэдээллийн салбарын хувь заяаг ерөөсөө сонирхохгүй байсаар өдий хүрсэн. Яагаад гэвэл тэр хүмүүс хамгийн тансаг хэрэглээтэй, хангалуун амьдардаг. Орон байр, унасан машин, өмссөн хувцас, эдэлж хэрэглэж байгаагаа сошиалаар гайхуулж, брэндээр өвчилсөн улс л явах юм билээ. Дагасан сэтгүүлчдийг нь адилтгаад харахаар газар, тэнгэр шиг. Авч байгаа цалин цагаа нь хаанаа ч хүрэлцэхээргүй. Ийм байж гадаадын хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг эсэргүүцэхээс айж бас залхуурлаа. Ажилтнуудаа ч боддоггүй хэвлэлийнхний гүйцэтгэх удирдлагуудыг харахаар үнэхээр эмзэглэмээр санагдлаа. Хэвлэл мэдээлэл бол хувийн сектор. Энэ салбар төрөөс ямар ч санхүүжилт авдаггүй. Зөвхөн зар сурталчилгаанаас олсон мөнгөөрөө оршин тогтнодог. Тэгэхээр хэвлэлийн салбарынхны цалинг сайжруулж, дэлхий хэмжээний статустай болгох гол нөлөөлөл нь зөвхөн зар сурталчилгаа л байдаг. Тэр дотроо төр засгийн, бүр нарийн яривал сонгуулийн зар сурталчилгаа голлох үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн жилийн цикльтэй сонгуулийн үеэр л хэвлэл мэдээллийнхэнд мөнгө хийх боломж гарч ирдгийг бүгд мэднэ. Гэтэл энэ бүхнийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд тоосонгүй. “Бөөн хэл ам ядаргаа, дээрээс нь эзэн уурлана” гээд төвөгшөөн хаялаа.

Сошиал бидний амьдралд ямар нэмэртэй вэ. Эдийн засаг болон тусгаар тогтнолд үр өгөөжөө өгөв үү. Том зургаараа Монголын хөгжилд дэвшил авчирч чадсан уу гэвэл эерэг нь ч бий эсрэг нь байдаг. Яахав нэр нүүрээ нууж байгаад шударга бусыг зоригтой шүүмжилж буй нь сайн талтай. Гэхдээ ихэнхдээ дэмий юманд бүүр эсрэгээрээ учрыг нь ололгүй зориудаар хаяж өгсөн сэдэв дээр маргалдан өдрийг бардаг. Өдөрт дор хаяж нэг удаа Монгол Улс сүйрч байгаа юм шиг л шуугиан дэгддэг. Гаднаас нь харсан хүмүүс ийм оронд ирж амьдрахаас сүнс нь зайлмаар аймшигтай юм бичицгээдэг. Дээр нь шуугиад шуугиад ямар ч шийдэл, ач холбогдол байхгүй. Зүгээр л асуудлыг дэвэргэж, нийгмээр нь давлагаалуулах ашиг сонирхол ард нь үйлчилж байгаа. Тэр шуугиан болгоныг тогтож харвал гэм хор нь бага юм шиг. Голдуу хэнд ч хэрэггүй дэмий хов жив. Иймэрхүү үйл явдлуудыг албаар нийгэмд цацаж, массаар нь хэрэлдүүлж алалцуулж, чухал асуудлаас хүмүүсийн анхаарлыг байнга сарниулдаг. Монгол Улс хөгжихгүй дорой байгаагийн шалтгаан бол сошиалтай шууд холбоотой. Сүүлийн 15 жил сошиал манай улсад хүчтэй дэлгэрснээс болж ажил хийдэг хүнгүй боллоо. Харин хаа сайгүй утсаа ухаж хэвтээд цэцэрхдэг хүмүүсээр дүүрлээ. Тэгэхээр фэйсбүүк, твиттер зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн нөлөөллөөс хүн болгон өөрсдийгөө, ойр дотныхноо, гэр бүлээ хамгаалах нь юу юунаас чухал болоод байна. Монголд хэрэгтэй гэсэн шийдвэр хэрсүүгээр бодож гаргана гэхэд ийм олон өлөн атаархсан ажилгүйгээсээ болоод гиюүрсэн хүмүүсийг давж гарна гэдэг ч боломжгүй шахуу юм даа.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Ч.Ундрам: Гуравхан сая хүн амтай манай улс англи хэлээр дамжуулж дэлхийн боломжийг хүүхэд бүрд олгомоор байна DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Англи хэлийг гуравдугаар ангиас нь заах тухай хуулийн заалтыг дэмжсэн цөөн гишүүний нэг нь та. Байнгын хорооны гишүүдийн олонх энэ заалтыг дэмжээгүй шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын хурлаар хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдэхэд энэ заалт дэмжигдсэн. Хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг БСШУС-ын байнгын хороо өчигдөр хийлээ. Энэ үеэр зарим гишүүд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс хөтөлбөрөөрөө шийдье. Энэ заалтыг хасуулъя” гэсэн санал гаргасан. Үүнийг байнгын хорооны дийлэнх олонх гишүүд дэмжсэн учраас уналаа. Ер нь хувийн сургуулийн улсын сургуулиас ялгарах давуу тал нь англи хэл. Тиймээс бизнесээ бодоод энэ заалтыг эсэргүүцсэн байх.

Миний хувьд эх хэлээ үгүйсгээгүй. Дэлхийн иргэнийг багаас нь бэлтгэх хэрэгтэй учраас л энэ заалтыг дэмжиж байгаа юм. УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар энэхүү заалтыг хасах эсэх асуудал шийдэгдэнэ.

-Энэ заалтын нийгэмд үзүүлэх бодит үр нөлөө нь юу вэ?

-Нэгдүгээрт, англи хэл бол дэлхийн хэл. Дэлхийн маш олон хүн англи хэлээр ярьдаг. НҮБ-ын үндсэн хэл юм. Дэлхийн мэдлэг, шинжлэх ухаан, дэлхийн түүх, уран зохиол зэрэг дэлхийн байгаль, хүмүүнлэгийн шинжлэх ухааны 90 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж, архивлагдаж, ном болж гарсан байдаг.

Хиймэл оюун ухаантай холбоотой хамгийн сүүлийн үеийн ололтууд болох биотехнологи, нанотехнологи зэрэг шинжлэх ухааны ололтууд англи хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэж дэлхийн мэдлэгийн санд ордог. Хэрвээ бид хурдтай хөгжье, дэлхийн шинжлэх ухааны сангаас мэдлэг олж авъя, хэрэглэе гэж байгаа бол, мөн эзэмшсэнээ дэлхийн мэдлэгийн санд хувь нэмэр оруулъя гэвэл англи хэл шаардлагатай. Дэлхийн мэдлэгийн санд байршуулж байгаа бүтээлийг орчуулаад хэрэглэнэ гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд алдагдалтай байгаа юм. Тиймээс цөөн хүн амтай манай улс шинжлэх ухаан талаасаа хурдацтай хөгжих гарц нь англи хэл юм.

Хоёрдугаарт, дэлхий дахинд хөл нийлүүлж алхъя. Ямар нэгэн тархи угаалт, үзэл суртал, улс төрийн өнгө аясгүй, үнэн бодит мэдээллийг олон улсын баталгаатай эх сурвалжаас хурдан шуурхай олж авъя гэвэл мөн л англи хэл шаардлагатай. Дэлхийн иргэний хувьд цар тахал гарав уу, дайн болж байна уу, дэлхий дахинаа нийгмийн ямар үйл явц өрнөж байгааг мэдэхийн тулд англи хэлний мэдлэг хэрэгтэй.

Гуравдугаарт, Монгол Улсын, монгол үндэстний эрх ашиг зөрчигдвөл бид дэлхийд дуу хоолойгоо хүргэх ёстой шүү дээ. “Манай улсын эрх ашиг зөрчигдөөд байна, НҮБ-аа” гэдэг ч юм уу олон улсын байгууллага руу англи хэл дээр үндэслэж хандана. Тэгж байж тэд биднийг ойлгоно.

Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлье, тэргүүлэх салбар болгоё гэж байна. Арилжаа наймаа, бизнес хийе гэхэд мөн л англи хэл шаардагдана. Боловсролын сангаас зээл, тэтгэлэг авмаар байгаа бол TOEFL, IELTS-ийн шалгалт өгч байж топ сургуульд орно. Энэ мэтчилэнгээр бидэнд англи хэл маш чухал байна. Тийм учраас Монголын үндсэн гадаад хэлийг англи хэл болгоё гэсэн заалтыг оруулсан.

-Товчхондоо англи хэл монголчуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад том нөлөө үзүүлнэ гэж дүгнэж болох уу?

-Тийм. Өнөөдрийн байдлаар англи хэл сайтай хүүхдүүдийн ихэнх нь хувийн сургууль төгссөн байгаа. Хувийн сургууль төгссөн, англи хэл сайтай хүүхдүүд TOEFL, IELTS-ийн шалгалтад хамгийн өндөр оноог авч байна.

Хувийн сургууль төгссөн хүүхдүүд энэ шалгалтыг ч сайн өгч байна. Гадаадын топ сургуулиудад орж байна. Тэтгэлэг ч элбэг авчихаж байна.

Дэлхийн хэмжээний мэдлэг авсан хүүхдүүд дэлхийн хэмжээний компанид ажилд орно, дэлхийн хэмжээнд сэтгэж, ярина биз дээ. Хүрээлэл нь ч дэлхийн хэмжээний болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, ангийнхан нь олон улсын байгууллага гэхчилэнгээр арай өөр түвшинд ажиллаж таарна. Ингээд тухайн хүүхдэд асар том боломж бий болно. Тиймээс гуравхан сая хүн амтай манай улс англи хэлээр дамжуулж дэлхийн хэмжээний боломжийг хүүхэд бүрд олгомоор байна. Суманд хэн очиж англи хэл заах юм бэ гэхчилэнгээр шалтаг олоод хэлээд байвал үеийн үед л хэлнэ. Тэр хэрээр боломжоо алдаад байна. Тиймээс бид зоригтой дайрах ёстой.

Суурь нь болоогүй байна, нийгэм бэлтгэгдээгүй байна гээд зүрхшээх нь бидний асуудал биш. Иргэдийн өмнө итгэл хүлээсэн гишүүний хувьд “галтай” байсан ч барьж аваад хийх гэж бид сонгогдсон. Түүнээс хэцүү гээд зүрхшээгээд суух байсан бол яах гэж сонгуульд оролцож, амлалт өгсөн байх вэ.

-Та нэр бүхий дөрвөн гишүүний хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан. Уг хуулийн төслийг өргөн барих нийгмийн хэрэгцээ шаардлага юу вэ?

-Малчдад эдийн засгийн бодит дэмжлэг болохуйц хуулийн төсөл юм. Тодруулбал, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж иргэн бүрд өвөлжөө, хаваржааны зориулалттай 1.5 га газрыг олгох юм. Үүнийхээ нэг га газарт нь төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалж болно гэсэн заалт бий. Тэгэхээр тухайн иргэн өөрийнхөө өвөлжөө, хаваржааны газрыг шууд эзэмших эрхийг нь өгч байгаа юм. Үүнийхээ нэг га газарт газар тариалан эрхлэх эрхийг өгч байна гэсэн үг л дээ. Өмнө нь тухайн газрыг хагалж болно. Засгийн газрын тогтоолоор иргэн атар газар хагалах эрх авдаг байсан. Тэгвэл одоо малчид өвөлжөө хаваржаандаа зориулж 1.5 га газраа эзэмшинэ. 0.5 га-д нь малаа бэлчээхээс гадна нэг га газарт нь өөрийн хүнсний хэрэгцээнд зориулсан хүнсээ тариалж эдийн засгийн эргэлтэд оруулах, хүнсний аюулгүй байдлын асуудлаа өөрийнхөө хэмжээнд шийдвэрлэх боломжтой болно. Өнөө цагт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ. Хотонд нь мах нь байгаа малчин хүн хүнсний ногоогоо өөрөө тариалдаг болсноор эдийн засгийн хувьд маш том бодит дэмжлэг болно гэж гэж харж байгаа.

-100 хувь дотоодоосоо хүнсээ хангах Ерөнхийлөгчийн санаачилгатай ч нийцэх юм байна.

-Тийм. Түүнчлэн Засгийн газраас “Хот хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах” бодлого хэрэгжиж буй. Иргэдийн орон нутагт амьдрах эрмэлзлийг дэмжиж байгаа Засгийн газрын энэхүү бодлоготой ч яв цав нийцнэ.

-Малчдын одоо эзэмшиж байгаа өвөлжөө хаваржаанаас гадна 1.5 га газар эзэмшүүлнэ гэсэн үг үү?

-Өмнө нь 0.77 га газрыг иргэн бүрд эзэмшүүлэх эрхийг өгсөн. Тэгвэл одоо 1.5 га газрыг малчид эзэмшиж болохоор болж байна. Энэ нь бэлчээрийг хамгаалсан бодлого гэж бид үзэж байгаа. Учир нь одоо бол мал хувийн өмч. Газар төрийн өмч болчихоод байгаа шүү дээ. Дуртай газраа шилжин суурьших эсвэл оторлоод байгаагаас бэлчээр талхлагдах, бэлчээрийн даац хэтэрч байгаа асуудал бий. Тэгвэл 1.5 га газрыг малчдад эзэмшүүлснээр тухайн хүн газраа хамгаална, нөхөн сэргээнэ.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөс гадна Бэлчээрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй УИХ-ын 21 гишүүн өргөн барьсан. Энэ хуульд малчдын бэлчээрийн менежменттэй холбоотой зохицуулалт туссан. Тухайн багийн иргэдийн нийтийн хурлаар хэн, хаана бэлчээрийн газар эзэмших вэ гэдгээ тогтоох, мөн өвөлжөө хаваржааны газарт зусч, намаржихгүй бэлчээрээ хамгаалах зохицуулалтыг тусгасан.

-Газрын янз бүрийн маргаан гарвал хэрхэн шийдэхээр туссан бэ?

-Газрын тухай хуульд оруулж байгаа бидний нэмэлт өөрчлөлтийн дагуу багийн иргэдийн нийтийн хурал нь шийднэ. Хэрвээ чадахгүй бол сумын Иргэдийн нийтийн хурлаар шийднэ гэж заасан.

Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн газар, тариалангийн бүс нутаг нь тодорхой байдаг. 10 га газар байвал даац нь ийм байна. Тиймээс энэ малчид энэ газарт малаа бэлчээж болох юм байна гээд хуваарилна. Энэ газраасаа 0.5 га-г нь Газрын тухай хуулиар малчид эзэмшинэ. Түүнийхээ нэг га газарт нь хүсвэл хүнсний ногоо тариалах боломжийг нь олгож байна гэсэн үг. Энэ нь нэгдүгээрт, бэлчээрээ хамгаалах, зүй зохистой менежментийг хийхэд, газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад их чухал хууль болж байгаа. Түүнчлэн ямарч зөвшөөрөлгүйгээр өөр аймаг, сумаас малаа тууж ирээд оторлодог. Энэ нь маргаан, асуудал ихээхэн дэгдээдэг байсан. Тэгвэл одоо зөвшөөрөл авахаар болж байгаа. Аймаг хооронд оторлохоор бол Засгийн газраас зөвшөөрөл авна. Сум хооронд бол аймгийн Иргэдийн хурлаас зөвшөөрөл авна.

Бэлчээрийн даацдаа тохируулж ийм хэмжээний малтай байна гэчихвэл хэн нэгэн нүүдэллэж оторлох боломжгүй болчихож байгаа юм. Учир нь хүн өөрийн эзэмшлийн газрын даацыг нь хэтрүүлж бэлчээрийн доройтолд оруулъя гэж бодохгүй шүү дээ. Тиймээс бэлчээрээ тооцоолдог, хайрлаж, хамгаалдаг болно. Түүнчлэн бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулахгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог болох гэж байгаа. Маш товч тодорхой, малчдын амьдралд тулгардаг газрын маргааныг шийдвэрлэсэн, бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлсэн хууль болсон гэж үзэж байна.

-Он гарснаас хойш нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн орлого анх удаа давж биелсэн, эдийн засаг ч өсөлттэй гарсан гэхчилэн эерэг мэдээлэл бий. Гэхдээ энэ нь цаасан дээрх тоо. Манай улсын эдийн засаг эрсдэлтэй байдалд хэвээр байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна л даа?

-Ерөнхийдөө манай улс гурван жил хүнд нөхцөл байдалд байлаа. Ковид болон олон улсын геополитикийн байдлаас үүдэж эдийн засаг хүндэрч, агшсан. Үүнтэй холбоотойгоор мэдээж олон арга хэмжээ авсан. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн хууль, Ковидын хууль, төсвийн чанга бодлого гэхчилэнгээр эдийн засаг, санхүүгийн бодлогуудыг хэрэгжүүлсэн. Түүнчлэн БНХАУ-ын “Zero-Covid” бодлогын хэрэгжилт дууссан. Мөн ДЭМБ-аас ковидыг цар тахлын ангиллаас хасч Хятад нээлттэй болсон. Ингээд олон асуудлын үр дүнд төсвийн орлого давж биелсэн.

Эдийн засагч хүний хувьд байр сууриа илэрхийлэхэд, бид хонгилын үзүүрт жаахан гэрэл гарангуут шууд үрээд байж болохгүй. Хоёрдугаарт, цалин, тэтгэвэр нэмчихээр инфляцид нөлөөлнө. Ингээд нэмсэн мөнгө нь ямар ч нэмэргүй болчих эрсдэл байгаа юм. Тиймээс төсвийн чанга бодлогоо энэ жилдээ бариад ирэх жилээс төгрөгийнхөө ханшийг чангатгах арга хэмжээг авбал урт хугацааны үр дүнтэй зөв арга хэмжээ болно.

Харин иргэдийг төлөөлж байгаагийн хувьд дүгнэхэд, нийгмийн хэрэгцээ шаардлага яах аргагүй байгаа юм. Зарим салбарууд маш бага цалинтай. Түүгээрээ амьжиргаагаа залгуулахад хүнд зэрэг олон асуудал байна. Хүүхдийн мөнгийг яагаад хүүхэд бүрд олгохгүй ялгамжтай хандаж байгаа юм бэ гэхчилэн асуудал бий. Тиймээс өөрт байгаа нөөц бололцоонд тулгуурлаж сонгогчдынхоо хүсэл саналын дагуу тэтгэврийн итгэлцүүр, цалинг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, Улаанбаатарын түгжрэл гэсэн дөрвөн гол зүйлд чиглэсэн төсвийн тодотгол хийсэн. Гэхдээ цаашид жаахан орлого нэмэгдмэгц зарлагаа нэмээд байж болохгүй. Энэ чиглэлд тогтвортой, урт хугацааны эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байж төгрөгийн ханшаа чангаруулна. Эдийн засгаа чангаруулна гэдэг нь иргэдийн цалинг нэмж байгаагаас өөрцгүй. Тиймээс эдийн засгаа сайжруулах чиглэлд анхаарч ажиллах нь зөв.

-Одоогийн үнийн өсөлт дээр нэмж дахиад инфляци өдөөгдөх нь. Энэ үед зэрэгцүүлээд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, бид үйлдвэрлэгч орон болох шаардлагатай. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгомоор байна. Ядаж л хүнсний бүтээгдэхүүнд зориулсан мөнгө гадагшаа урсгаад баймааргүй байна. Хоёрдугаарт, төсвийн бодлого болон мөнгөний бодлого уялдаатай байх ёстой. Одоо бол хоёр тийшээ харсан юм шиг нөхцөл байдалтай байна. Монголбанк Засгийн газраас хараат бусаар өөрийн бодлогоо хэрэгжүүлдэг байгууллага гэдэг утгаар УИХ-ын харьяанд байдаг. Тиймээс уг байгууллага илүү зоригтой, хараат бус байх зарчмаа баримталж ажиллах ёстой гэж харж байна.

-Монголбанк мөнгөний бодлогоо чангатгаж, хэрэгжүүлж чадахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Өнгөрсөн хугацаанд шаардлагатай үед бодлогын хүүгээ өсгөж чадаагүй нь нэг том алдаа гэж харж байгаа. УИХ-ын чуулганы үеэр Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд бодлогын хүүгээ чангатгаж, өсгөөч гэсэн шаардлагыг Монголбанкинд удаа дараа тавьж байсан. Энэ мэтээр яаралтай авах арга хэмжээг цаг тухайд нь хийж чадаагүй.

Жишээлбэл, ипотекийн зээл мэдээж төрийн албан хаагчдад маш хэрэгтэй зүйл. Гэхдээ үүнд Монголбанк мөнгө хэвлэж санхүүжүүлж болохгүй. Энэ мэтээр Засгийн газрын ажил руу орж мөнгө хэвлэж төгрөгийн ханшийг унагасан буруу бодлогыг их явуулсан. Энэ бол Засгийн газраас хараат байгаагийн илэрхийлэл. Монголбанкинд мэргэжлийн эдийн засагчид ажиллаж байгаа шүү дээ. Тэд юу хийх ёстой, юу хийж болохгүй вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа. Асуудал нь хараат байж чадахгүй байгаад гэж бодож байна.

Categories
цаг-тооны-бичиг

2023-06-21

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Categories
энтертаймент-ертөнц

“Шөнө дундын бүжиг“ жүжгийг дахин тоглоно DNN.mn

“Шөнө дундын бүжиг” жүжиг энэ сарын 23-29-нд дахин тоглохоор болжээ. Тодруулбал,“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг зургаадугаар сарын 02-ноос “Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэсэн. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон байна.

“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид, Цэнгэлийн дүрд загвар өмсөгч С.Төгс нар тоглож байгаа юм.

Categories
гадаад

Бидний амьсгалаар бичил хуванцар нэвтэрдэг DNN.mn

Олон улсын физикчдийн баг анх удаа хүний амьсгалын дээд замаар дамжин өнгөрөх хуванцрын бичил хэсгүүдийн хөдөлгөөнийг судалж, амьсгалын замын эрхтэнд цаг тутамд дунджаар 16 орчим бичил хуванцар ордог болохыг тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт хуванцрын бохирдолтой тэмцэх шаардлагатайг дахин нотолж байна гэж Америкийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлэв. Тайван ба түргэн амьсгалах үед янз бүрийн 1.6-5.56 микрометр хэмжээтэй бичил хуванцрууд хүний амьсгалын замд орсны дараах хөдөлгөөнийг эрдэмтэд судалжээ.

Эдгээр бичил хуванцрын нэлээд хэсэг нь амьсгалын замын зарим хэсэгт, тухайлбал хамрын хөндий болон амны хөндийн залгиур хоолой орчимд үлддэг болохыг тооцоолол харуулжээ. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд судлаачид асар их хэмжээний хуванцар хог хаягдал болон бичил хуванцруудыг гол мөрөн, нууруудаас төдийгүй аварга том “хогон толбо” үүсээд байгаа дэлхийн далай тэнгисийн алслагдсан бүсээс илрүүлсэн.Салхи, хур тунадас, далайн гүний урсгалаар зөөгдсөн бичил хуванцрыг саяхан Марианы хавцлын ёроолоос болон Эверестийн ноён оргилооос олсон билээ. Сиднейн Технологийн их сургуулийн ахлах судлаач Мохаммед Исламаар удирдуулсан Австрали, Хятад, Ираны физикчид хүний амьсгалын замын эрхтэнд орсныхоо дараа бичил хуванцрууд “хэрхдэг” болохыг судалжээ.

Эрдэмтэд энэ асуудлыг сонирхох болсон нь жилийн өмнө эмч нар хуванцрын бичил хэсгүүд заримдаа амьсгалын замд маш гүн нэвтэрдгийн анхны нотолгоог олж илрүүлсэнтэй холбоотой ажээ. Судлаачид цаашид хүний амьсгалын замд тогтож үлдсэн янз бүрийн хэлбэртэй бичил хуванцрууд эрүүл, өвчтэй уушгинд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар төлөвлөж байна.

Г.АМАРСАНАА