Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ЗГ: “Мазаалай”, “Чингис” , “Гэрэгэ” бондуудын төлбөрийг бүрэн төлж барагдуулав DNN.mn

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Дөрөвдүгээр сарын 28-нд Гэрэгэ бондын үлдэгдэл болох 368.4 сая ам.долларыг Засгийн газар бүрэн төлж барагдууллаа. Гэрэгэ бондыг 2017 онд авч байсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд бид үндсэндээ 1.5 тэрбум ам.долларын гадаадын өрийн зохицуулалтыг амжилттай хийж, Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын нийт өр төлбөрийг бүрэн хийж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа” гэв.

Сүүлйн 3 жил Засгийн газар 1 тэрбум 650 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлж, хугацаа тулаад байсан “Мазаалай”, “Чингис” , “Гэрэгэ” бондуудын төлбөрийг бүрэн барагдуулснаар дефолтын эрсдлээс бүрэн гараад байна.

May be an image of text

May be an image of map and text

May be an image of text

Categories
гадаад мэдээ

Хамтарсан мэдэгдэл гаргав DNN.mn

“Их долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааныг зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор авч явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан талаархамтарсан мэдэгдэл гаргав.

“ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна. Хиймэл оюун ухааны системүүдийн хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хувийн нууцлалыг зөрчих, мэдээлэл алдагдахвий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болоод байгаа юм. Уг хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээний тухай таван зарчмын талаар зөвшилцөлд хүрчээ. Үүнд хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэргийг тусгасан байна. Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.

Сайд нар хил дамнан мэдээлэл дамжуулах асуудлын талаар мөн хэлэлцэж, “мэдээллийн итгэлтэй чөлөөт урсгал”-ын үзэл санааг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр тохиролсон байна.Талууд мөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр дижитал дэд бүтэц нь хохирол амсаад байгаа Украинд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт хангалтгүй байна DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ бүрдэлтийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох хяналт шалгалтын хүрээнд нөөцийн махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг шалгаж байна. Нөөцийн мах худалдаалж буй цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд энэ сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийхэд нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт батлагдсан хуваарийн дагуу явагдах байсан нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт явагдаагүй байлаа. Мөн нөөцийн мах худалдаалж буй зарим хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн махны нийлүүлэлт удаашралтай, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх хаяг, самбар байршуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.

Нөөцийн махны нийлүүлэлт, худалдаалалтыг эрчимжүүлэх, хаяг байршлын мэдээллийг олон нийтэд хүргэх, өргөтгөсөн худалдааг батлагдсан хуваарийн дагуу тогтмол явуулах, худалдан борлуулж буй сүлжээ дэлгүүрүүдэд тавих хяналтыг сайжруулах талаарх зөвлөмжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жижиг “Таван толгой”-н хувьцааны луйврыг Л.Энхболд “эхнэртэй”-гээ нийлээд хийчихсэн юм биш үү? DNN.mn

Монгол Улсад сонгууль бүрээр сөхөгддөг цөөн хэдэн сэдэв байдаг. Одоогоос 25 жилийн өмнө Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг сонгуулийн жинхэнэ шоу болж, байсхийгээд л гаргаж ирдэг мөнхийн сэдэв болгосон. Хэдхэн хоногийн өмнө энэ хэрэгт гурван шатны шүүхээр ял сонсоод байсан хүмүүсийг цагаатгаж, хэргийг дахин олон нийтийн анхааралд оруулж ирлээ. Энэ бол сонгууль дөхсөний илрэл. Ингэж л С.Зориг амиа алдсан хэргээр сонгууль бүрээр шоу хийж, улс төрд байраа эзэлсэн олон эрхэм бий болсон.

Яг үүнтэй агаар нэг сэдэв бол “жижиг” Таван толгой буюу орон нутгийн “Таван толгой” компанийг тойрсон хувьцааны маргаан юм. Орон нутгийн “Таван толгой” компанийн хувьцааг ард иргэдээс луйвардсан, луйвардаагүй, ажнай Д.Бат-Эрдэнэ энэ хэргийн эзэн мөн, биш. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд энэ хэргийн ард байдаг, байдаггүй гэх ийм нэгэн будлиантай сэдэв сүүлийн 10-аад жил олны дунд яригдаж, сөхөгдөж ирлээ. Ерөөс ийм сэдвийг мухарлах ёстой юм. Олон нийтийг төөрөгдүүлсэн, туйлшруулсан, сонгууль бүрээр гаргаж ирдэг санаатай, зохион байгуулалттай юм шиг ийм асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэж, буруутай нэгэнд нь хариуцлага хүлээлгэн, энэ сэдвийг бүрмөсөн хаах хэрэгтэй юм. Эс бөгөөс олон нийт хий талцаж, нийгмийн бухимдлыг өдөөсөн муйхар сэдэв болж гүйцлээ.

…1994 оны арванхоёрдугаар сарын 5. Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын тогтоолоор Таван толгойн уурхайг хувьчлах тухай шийдвэрийг гаргаж байлаа. Ингэснээр тус компани нээлттэй хувьцаат компани болж, хэнбугай ч тус компанийн хувьцааг худалдан авах боломжтой болсон юм. Өнөөдөр эдүгээ “Таван толгой” компанийн 51 хувь нь орон нутгийн өмчит буюу Өмнөговь аймгийн мэдлийнх. Үлдсэн 49 хувь нь 23 орны 2600 гаруй хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийнх болсон.

Задалж харвал, “Таван толгой” компанийн 49 хувийг 19.69 хувийг эзэмшдэг “Ажнай” корпораци, 16.31 хувийг эзэмшдэг “Шандас импекс” буюу “Ээрмэл”-ийн С.Мөнхжаргал болон бусад хувьцаа эзэмшигчид гэж хуваагддаг.

Хувьцааны луйвар гэх асуудал “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнийн нэгэн цагт брокер дээрээс худалдаж авсан хувьцаан дээр хөндөгддөг. Түүний худалдаж авсан хувьцаа иргэдийнх байсан. Иргэдээс хувьцааг нь авахдаа заримыг нь төөрөгдүүлж хууль бусаар авсан гэгддэг. Өнөөг хүртэл маргааны гол сэдэв болсоор байгаа хувьцааны ард яг юу болсон бэ. Эндээс л хувьцаа тойрсон будлиан эцэслэгдэх учиртай.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд хэвлэлд “…Нүүрсний араас хөөцөлдөж эхлээд над руу маш их сөрөг дайралтууд ирэх болсон. Миний эсрэг зогсож байгаа хүмүүс маш их мөнгөтэй. 1998 онд би ТУЗ-ын гишүүн /Тавантолгой/ байсан. Миний хувьд 49 хувь дотор нь 10 гаруй хувийг нь эзэмшдэг байлаа. Найз нөхдийн журмаар нөхөр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн брокерийн пүүс нааш цааш нь болгочихсон л доо. Тэр үед Ажнай корпораци руу шилжсэн үү, хэн нэгэн рүү шилжсэн үү тэгээд явчихсан. Тухайн үед тэднийг маш сайн таньдаг байсан учраас тоолгүй өнгөрсөн” хэмээн ярьсан удаатай. Ер нь иймэрхүү агуулгатай зүйлийг тэрээр үе, үе тэрээр хэвлэлд ярьдаг юм. Эндээс харахад иргэдийн алдсан гээд байгаа хувьцааны түүхийг Л.Энхболд хамгийн сайн мэднэ гэсэн үг. Үнэхээр ч тийм юм.

Д.Бат-Эрдэнэ, Л.Энхболд хоёрын харилцаа нэлээд эртнээс эхтэй. 1997 онд Улаанбаатар зочид буудлын том хувьцааг худалдаж авсан Д.Бат-Эрдэнэ тус буудлын гүйцэтгэх захирлыг томилох эрхтэй болсон байдаг. Тэрээр Л.Энхболдын ах, сүүлд Татварын ерөнхий газраар овоглох болсон, нэг нутаг Л.Нэргүйг томилжээ. Тэр үед Л.Энхболд ОХУ-д сурч байгаад Монголд ирчихсэн, тодорхой ажилгүй нэгэн байж. Шинэхэн захирал Л.Нэргүй дүү Л.Энхболдоо татаж, харуул манаачийн ажилд түр оруулсан байсныг Д.Бат-Эрдэнэ анзаарч, Маркетингийн албандаа ажиллуулах болсон гэдэг. Ингэж л тэдний харилцаа эхэлсэн гэж нутгийнхан ярьдаг юм билээ.

…1998 он. Энэ үед Монголын нүүрс өнөөдрийнх шиг эрэлттэй, үр ашигтай байсангүй. Үүний адил “Таван толгой”-н уурхай экспорт хийдэггүй, ойр орчмынхоо аймаг сумдыг нүүрсээр хангадаг, ашиг багатай жижиг үйл ажиллагаатай уурхай байв. Тиймдээ ч уурхайн хувьцаа үнэгүй шахуу. Нөгөө л цэнхэр, ягаан тасалбар шиг айлуудын авдарт үнэ цэнэгүй хэвтэж байсан. Ихэнх нь түүнийг ч мартсан.

Л.Энхболд хэвлэлд ярьдаг шигээ Таван толгойн хувьцаа эзэмшигч хэрхэн болсон гэдэг нь анхаарал татдаг. Тэрээр тус уурхайд ажиллаж байсан түүхгүй нэгэн. Харин тэр үед буюу 1998 онд түүний хамтран амьдрагч Н.Баярт-Од “Таван толгой” компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдаг. Нэг ёсондоо тэрээр тус компанийн санхүү, тэр дундаа хувьцааны талаар хамгийн сайн ойлголттой нэгэн байсан байж таарна. Ийнхүү Л.Энхболд, өөрийн хамтран амьдрагч Н.Баярт-Одтой орон нутгаар явж, Таван толгойн мартагдсан хувьцааг нь худалдаж авч эхэлсэн байдаг юм байна. Үнэ цэнэгүй шахуу, тэр үед хувьцааны зах зээл бужигнаангүй, Таван толгойн үйл ажиллагаа тийм ч сайнгүй байсан үе учир иргэд хувьцаандаа онц ач холбогдол өгсөнгүй. Тиймээс Л.Энхболд, Н.Баярт-Од нарын хэлсэн үнээр хувьцаагаа зарсан иргэд олон. Тэд иргэдээс хувьцааг нь зөвхөн худалдаж авахаас гадна зарим өндөр настай, араас нь хөөцөлдөх хүн бүлгүй, хувьцааны талаар мэдлэггүй хүмүүсийн хувьцааг өөрсдийнхөө данс руу шууд шилжүүлэн авсан ноцтой үйлдлүүд нь тодорхой болсон юм.

Хувьцааны маргаантай холбоотой энэ асуудал дээр хуулийнхан 2010-аад оны үед урт хугацаанд шалгалтын ажиллагаа явуулж байлаа. Тус хэрэгт хариуцагчаар татагдсан Н.Баярт-Од шүүхэд мэдүүлэхдээ “…Хамтран амьдрагч байсан Л.Энхболд нь хувьцааны үнэ өснө гэж тооцон Өмнөговь аймгаар явж хувьцаа цуглуулж байсан. Өөрөө уг хэрэгт гар бие оролцоогүй. Цуглуулсан хувьцаагаа Л.Энхболд хоёр нэрэн дээрээ данс нээн байршуулсан. Түүнийгээ Д.Бат-Эрдэнэд зарсан” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэвлэлээр ярьдаг Д.Бат-Эрдэнэд зарсан гэх 10 хувийн хувьцаагаа Л.Энхболд ийм л замаар бүрдүүлжээ.

Түүгээр зогсохгүй Л.Энхболд, Н.Баярт-Од нар иргэдээс хууль бусаар хувьцааг нь авсныг хөдөлшгүй баримтаар тогтоосон тухай шүүхийн шийдвэрт дурдагджээ. Тодруулбал “…Н.Баярт-Одын худалдан авсан эдгээр 7979 ширхэг “Таван толгой” ХК-ийн хувьцааны 302 дугаар хэлцлээр худалдан авсан 100 ширхэг хувьцаа нь иргэн С.Мөнхжаргалын, 309 дүгээр хэлцлээр худалдан авсан 5292 ширхэг хувьцааны 2919 ширхэг хувьцаа нь иргэн Д.Отгонбаяр, Ж.Ганхүү нарынх, 312 дугаар хэлцлээр худалдан авсан 892 ширхэг хувьцаа нь иргэн М.Аварганэргүй нарын зөвшөөрөлгүй худалдагдсан буюу тус хороонд (Санхүүгийн зохицуулах хороо) хандан өргөдөл гаргасан эдгээр иргэдийн хувьцаа болохыг ҮЦТТТХ-ын дансны хуулгаар нотлогдож байна” гэжээ. Энэ тухай саяхан бас нэгэн хохирогч Ж.Ганхүү гэх иргэн ТВ8 телевиз ярьжээ. Тэрээр “1719 хувьцаагаа хулгайд алдсан. Хуурамч хэлцэл арилжаагаар хувьцаа маань зарагдсан байсан” гэж тодорхой хэлсэн байв.

Уг хэрэг шүүхээр эцэслэгдэж, 2010 оны аравдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “…Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг юм байна. Энэ үед хэрэг нь илэрсэн Н.Баярт-Од гадагшаа дүрвэж, олон жил гадаадад амьдарчээ.

Л.Энхболдын эзэмшиж байсан гэх “Тавантолгой”-н хувьцааны 10 хувийн түүх ерөөсөө л ийм аж. Нэг ёсондоо түүний “…1998 онд би ТУЗ-ын гишүүн /Тавантолгой/ байсан. Би 49 хувь дотор нь 10 гаруй хувийг нь эзэмшдэг байлаа. Найз нөхдийн журмаар нөхөр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн брокерийн пүүс нааш цааш нь болгочихсон л доо. Тэр үед Ажнай корпораци руу шилжсэн үү, хэн нэгэн рүү шилжсэн үү тэгээд явчихсан. Тухайн үед тэднийг маш сайн таньдаг байсан учраас тоолгүй өнгөрсөн” гэх ярианы тайлал энэ байна. Тэрээр Таван толгойн 49 хувийн 10 хувийг хамтран амьдрагч Н.Баярт-Одтой үгсэн яаж нутгийн иргэдээсээ луйвардсан, түүнийгээ Н.Баярт-Одоор дамжуулан бусдад хэрхэн зарсан нь шүүхийн шийдвэрээр батлагджээ.

Энэ бол нэг ёсны санхүүгийн луйврын хэрэг юм. Н.Баярт-Од нь Таван толгой компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үеийн албан тушаалаа урвуулан ашиглаж компанийн хувьцааг ямар иргэд эзэмшдэг, тэдгээрээс яаж хэрхэн авч болох талаар судлаад Л.Энхболдтой үгсэн иргэдийг хохироосон ноцтой үйлдэл юм. Тиймээс одоо хувьцаагаа луйвардуулсан иргэд Л.Энхболд, Н.Баярт-Од нараас хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй болж байна. Хэрэв тэд иргэдийг луйвардаж, төөрөгдүүлж хууль бусаар хувьцааг нь аваагүй бол хувьцааны арилжаа хийгдэхгүй байсан хэрэг. Тэгэхээр өнөөдөр хүртэл өрнөж байгаа хувьцааны маргааны эзэн Л.Энхболд ажээ. Тэрээр “Д.Бат-Эрдэнэд би 10 хувиа зарсан…Би Д.Бат-Эрдэнийг тэрбумтан болгосон” гэж хэлэх дуртай нэгэн. Мань эр 1999 онд Н.Баярт-Одоор дамжуулж 10 хувиа 300.000 төгрөгөөр зарсан. Л.Энхболд ашиг олсон уу, олсон. Хувьцааны үнэ хэзээ, хэрхэн өсөхийг хэн ч таашгүй. 1999 онд цаас шахам байсан Таван толгойн нэгж ширхэг хувьцаа өнөөдөр 11 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Хөрөнгийн зах зээлийн зарчим нь ерөөсөө л энэ юм. Үүнийг Л.Энхболд хүлээн зөвшөөрч чаддаггүй, нутгийн ард түмнээсээ луйвар залилангаар олж авсан хувьцаагаа өнөөдрийн ашигтай харьцуулж, бусдад зарсандаа харамсаж явдаг гэмээр үг, үйлдлүүд гаргадаг. Үүнийгээ сонгууль болохоор л амилуулж, энд тэнд ярьж олон нийтийг төөрөгдүүлдэг.

Үнэндээ энэ хэргийн жинхэнэ эзэн, санхүүгийн луйврыг зохион байгуулсан, нутгийн иргэдээ хохироосон гэмтнээр Л.Энхбодыг л хуулийн байгууллага шалгах учиртай ажээ.

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12.2 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 12.2, өмнөх оны эцсийнхээс 3.4, өмнөх сарынхаас 1 хувиар өслөө.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 21 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 3 дугаар сард өмнөх оны эцсээс 3.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.7, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 1.2, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 2, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.5, даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.3, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.8, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 4.7 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ардчиллын анхдагч С.Төмөрбүс: Ардчилал бол хүний дотоод эрх чөлөөг нээж өгдөг нүд, чих гэж би боддог DNN.mn

Монгол Улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод ардчилал, эрх чөлөөний талаар анхлан хүчтэй яригдаж эхэлсэн нь 1989 он юм. Энэ шинэ үзэл санаа нийслэлээс хальж хөдөө орон нутагт ч түгэн дэлгэрч байсан бөгөөд алс сумын нэгэн жижигхэн байшингийн цонх шөнө дөл болтол бүдэгхэн ч гэсэн гэрэлтэй байдаг боллоо. Тэнд хэдэн залуус ардчиллыг дэмжиж, нутаг орноо шинэчлэх, сайжруулах талаар ярилцдаг байсны нэг нь Сэрээтэрийн Төмөрбүс хэмээх эрхэм билээ. Ийм л сэтгэл нийлсэн олон залуусын хүчээр Ардчилсан хувьсгал Монголд ялж, бидний өнөөдрийн эрх чөлөөт ниймгийн суурь тавигдсан юм. Ардчиллын анхдагчдын нэг С.Төмөрбүстэй ярилцсанаа хүргэе.


Ардчилал Монгол оронд маш зөөлөн салхиар орж ирсэн


-Таны нэр, таны түүх намтартай Монголын Ардчилсан холбоо салшгүй холбоотой байдаг. Анх хэдийд яаж МоАХ-той холбогдож байв?

-Монгол Улсад 1989 оноос ардчилал, хүний эрхийн талаар ярьж, жагсаал цуглаан болж эхэлсэн. Манай суманд ч энэ үеэр МоАХ-ны анхны салбар байгуулагдаж, тэр үеэс л анхны гишүүдийн нэг болж төдийгөөс өдий хүртэл явж байна даа.

-Та чинь Төв аймгийн хүн байх аа?

-Төв аймгийн Баянцогт сум бол төрсөн нутаг минь. 1971 онд сумынхаа долоон жилийн сургуулийг төгссөн. Ангиас долоон хүүхэд Жаргалантын 10 жилийн сургуульд явж, бусад нь хөдөө аж ахуйн салбарт илгээлт авч гарсан даа. Би Жаргалантын 10 жилийн сургуулийг төгсөөд Дархан-Шарын голын Усны аж ахуйн техниккумд газар зохион байгуулалтын ангид орж байлаа.

– Ажлын гараагаа хаанаас хэрхэн эхэлж байсан бэ?

-Сургуулиа 1976 онд төгсөөд ХААЯаманд хуваарилагдаж байв, Монгол Улсын газар тариаланд зохимжтой хөрсний бүрхэвчтэй газрын нэг нь Дорнод аймгийн Халхгол орчмын газар нутаг гэж үздэг байсан. Халх голын хөрсний судалгааг урьд нь төдийлөн нарийвчилж хийгээгүй байсан юм билээ. 1976-1977 онд ЗХУ-аас иж бүрэн хээрийн судалгааны экспедиц ирж Халх гол, Матад сум, Сүмбэрийн САА, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутгийг хамарсан 5,6 сая га газарт судалгааны ажлыг газар дээр нь хийх томилолт аваад явсан юм.

Манай экспедицэд тухайн үеийн Улсын газар зохион байгуулалт, хайгуул зураг төслийн институтийн инженер С.Чимиддамба даргатай хөрс судлагч, геоботаникч, газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн манай ангийн М.Доржпалам, Б.Батмөнх, Ж.Орломжав, Д.Цолмон, Ц.Уртнасан, Л.Цогтоо, Г.Сувдаа, С.Нэргүй, Д.Баярмаа нарын бидний хэдэн нөхөд багтсан юм.

-Анхны томилолтын дурсамж одоо ч сэтгэлд тодхон биз?

-Буйр нуур гэж үзэсгэлэнтэй нуурыг анх харж байлаа. Тухайн үеийн манай орны загасны хамгийн том үйлдвэр Буйр нуурт байсан. Оросууд загас чанаад л өгнө, би идэж чаддаггүй байсан. Лусын амьтан гэж боддог байсан ч юм бил үү, одоо ч иддэггүй дээ. Мэнэнгийн талаар мөн ч олон удаа явсан даа. Тэр үед зээрийн сүргээс өөр айл, суурин, хүн мал юу ч байдаггүй байв. Нэгэн зохиолчийн шүлгэнд гардаг шиг өглөө асуухад Мэнэнгийн тал, өдөр асуухад Мэнэнгийн тал, орой асуухад дахиад Мэнэнгийн тал байлаа гэдэг нь ёстой л үнэн шүү. Хайлааст манхан, Хамардаваа, Тамсагбулаг, Элс уул, Булан дэрс, Нөмрөг, Сангийн далай Хэрээ уулын застав гэх хилийн бүс, мөн Халх голын дайны жинхэнэ халуун цэг байсан түүхийн дурсгалт газар нутагт судалгааны ажил хийж явснаараа одоо ч бахархаж явдаг юм аа.

-ХААЯ-нд мэргэжлээрээ ажиллаж байгаад Төв аймагт нутагтаа очиж амьдарсан гэдэг шүү дээ. Нутагтаа очиход хэрхэн хүлээж авч байв?

-Аав маань өнгөрч, ээж маань хүнд хагалгаанд орж, ээжийгээ асрах хэрэгтэй болсон юм. Сумандаа иртэл ажил олддоггүй. Өглөө бүр сумын боловсон хүчний үүдийг сахидаг ажилтай болов. МАХН-д элсэхгүй бол ажилд авахгүй шинжтэй байхаар нь намд элсэхээр өргөдлөө өгөөд, намын дүрэм журмыг сүрхий уншиж судаллаа. Тэгсэн ч намайг намд авсангүй. Тэгээд сумын тэжээлийн үйлдвэрт нярав боллоо. Өдөр шөнөгүй ажилладаг, баруун болон говийн аймгуудад машин машинаар тэжээл ачуулдаг. Нярав нэртэй ч грушик хүртэл хийнэ, хийхгүй юмгүй. Хүүхэд нялх болохоор ажлынхаа завсраар хүүхдээ хөхүүлээд ирэхэд олон нийтийн байцаагч Лхамхүү гуай таван минут хоцорлоо гээд л номхон зогсоогоод загнадаг байсан (инээв). Ажлаас хоцорлоо, “Олон нийтийн шүүхэд өгнө” гэж зэмлэнэ. Ийм үед л ардчилал, эрх чөлөөний тухай яриад эхэлсэн. Энэ бол Монгол оронд заавал байх ёстой үзэгдэл гэж би боддог. Ардчилал маш зөөлөн салхиар манайд орж ирсэн. Монголчууд ардчилалтай болох гэж цус, нулимс зэрэг хатуу хөтүүг үзээгүй. Тийм болохоор нэг их зөөлөн салхиар ардчилал манайд ирсэн гэж надад төсөөлөгддөг.

Миний хувьд би өөрөө ардчилал гэж санаачилж гүйгээгүй. Би МАХН-д элсэх гэхэд аваагүй. Мэргэжлээрээ ажиллая гэхэд зөвшөөрөөгүй. Мэргэжлээрээ яаманд ажиллаж байгаад ирсэн намайг ер нь дорд үзсэн хандлагатай байсан. Сангийн аж ахуйн удирдлагын аппарат нэг л болохгүй байгаа юм шиг санагддаг байсан.

-Яг ийм суурь дэвсгэр дээр л шинэ үзэл санааг та гар өргөн дэмжсэн юм байна, тийм үү?

-Өөрийн эрхгүй л дэмжсэн. Манай сумын Т.Хүчитбаатар гэдэг залуу анхлан санаачилж, надад санал тавьсан. Ц.Махвал, Г.Ганбаатар, Жамьянсүрэн болон Сангаа ах гээд бидний хэдэн залуус МоАХ-ны салбар нэгжийг сумандаа байгуулж, орой бүр уулзалт хийж ярилцдаг болсон. Баянбат, Гончигсум гээд залуу багш нар ч бидэнд дэм тус болдог байлаа. Сангаа ах, Хүчээ хоёр маань одоо бурхан болсон доо. Бид эхлээд шууд л сумын даргатай үзэлцсэн (инээв). Би таван настай хүүгээ дагуулаад энд, тэнд сонин наадаг байлаа. Хүмүүс эхэндээ ойлгохгүй, биднийг янз бүрээр ярина, шүүмжилнэ. Гэхдээ бид нэг их хатуу ширүүн зүйл үзээгүй ээ. Үүнийхээ хажуугаар тэжээлийн үйлдвэрийн нярвын ажил хийсээр л байсан. Өдөр шөнөгүй ажлаар дарна. Сангийн аж ахуйн дарга Дамдинсүрэн гуай гэж мундаг хүн байсан даа. Өөрийг нь шүүмжилдэг намайг шөнө өдөргүй пүүн дээр ажиллаж байгааг харчихаад “Энэ хүүхэд даарчихлаа. Дах дэгтий нөмөргө” гэж байх жишээтэй. Асар том агуулахаас машин машинаар бусад аймгууд руу тэжээл зөөдөг байсан үе л дээ.

-1989 оноос ардчиллын төлөө ажиллаж эхэлсэн гэхээр та нар бол ардчиллын анхдагчдын нэг юм байна шүү дээ...

-Анх л Монголд ардчилал ярьж эхлэхэд бид сумандаа бас ярьж, үзэл бодлоо нэгтгэж эхэлсэн. Төв аймагт ч янз бүрийн хөдөлгөөн өрнөөд эхэлсэн. Би аймаг орж, наашаа цаашаа явж байгаагүй, явж хөөцөлдөх хамаг ажлыг манай Хүчитбаатар хийнэ. Би сумандаа л ажилладаг байсан. Харин намын анхдугаар их хуралд 35 настайдаа анхны төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт ирж оролцож байлаа.

-Хүчитбаатар гуай анх танд ямар санал тавьсан бэ?

-Бид үдэш орой л уулзана. “Энэ Сангийн аж ахуй арай дэндлээ. Хэдүүлээ Сангийн аж ахуйг өөрчилье” гэсэн санаа бодолтой л нэгдэж нийлсэн. Хэтийн бодлогыг нь өөрчлөх том зорилготой байсан. Тусгаар тогтносон Монгол Улсад ардчилал байх ёстой, ардчилал байгаа учраас дэлхий бидэнтэй харилцах нь арай өөр түвшинд очсон гэж хувьдаа боддог доо.

-1990 онд Ардчилсан намын анхны их хуралд төлөөлөгчөөр оролцсон гэлээ. Их зүйл сонсч, шинэ мэдлэг мэдээлэлтэй болоод буцсан болов уу?

-Хөдөө, хотоос их олон төлөөлөгч ирсэн байсан. Бүгд л нийгэм болж бүтэхгүй байгаа талаар шүүмжилж байсан. Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө болохгүйг засч сайжруулах талаар л үзэл бодол нэгдэж байсан даа. Тэндээс сонсч дуулсан зүйл их ээ.

-Түүнээс хойш 30 гаруй жил та ардчилсан үзэл бодлоо өөрчлөөгүй, урваагүй явж иржээ?

-Урваагүй, урвах ч үндэслэл байхгүй. Би өнгөрсөн он жилүүдэд төрийн алба хашиж яваад тэтгэвэртээ суусан хүн. Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр гурван удаа, багийн даргаар найман жил ажилласан. Багийн дарга байхдаа сумандаа 30 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн тоглолтыг зохион байгуулж, баг маань хийсэн ажлаараа таван удаа тэргүүлж байлаа. Ингээд харахаар улс төрийн байгууллага, төрийн байгууллагын ажил зарчмын хувьд маш өөр. Энэ зарчим үүргийг яг барьж явахыг л би хичээсэн. Төрийн ажлыг чин сэтгэлээсээ, байх ёстой зарчмын дагуу л хийсэн. Нам, улс төрийн ажлыг ч тэр чиглэл үүргийнхээ дагуу л хийж байсан. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх нь миний үндсэн зарчим юм даа.


Байгаль орчны байцаагч, багийн дарга

-Ардчилал ялсны дараа таныг суманд мэргэжлээр тань ажилд авсан уу?

-1991 онд байгаль орчны хяналтын улсын байцаагч гээд босоо удирдлагатай бүтэц аймагт бий болсон юм. Аймгийн анхны эмэгтэй гурван улсын байцаагчийн нэг нь би. Хоёр жил улсын байцаагч хийхдээ аймгийн аварга болж, жуух бичиг авч л явлаа. 2004 онд л би ажлаа дуусгаж, хот руу орж ирсэн юм. Сумын дарга Сүхээ, Хурлын дарга Бат-Очир гуай Тамгын газрын дарга Базарсад гээд үнэхээр нуруутай сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан даа. Хэдийгээр өөр өөр намын харьяалалтай ч гэсэн үнэхээр гар нийлж ажилласан, их ч зүйл сурсан. Сүхээ дарга “Хоёулаа энэ жил аймагт түрүүлэх үү” гэнэ. “Тэгье ээ, ажлаа л сайн хийе” гэдэг. Тэгж хэлсэн жил аймагтаа сум, баг маань тэргүүлж, аймгийн сонинд гарч байлаа. Тэр үед сумын төвийн клубын ар талд дээр нь өвс шарилж ургаад олон жил болсон маш том хогон овоолго байсан юм. Тэр хогийг багийн дарга байхдаа зөөж, тэгшилж булаад мөн олон жижиг бие засах цэгийг нэгдсэн болгож өөрчилсөн юм. Гол, жалга гууд хаясан үхсэн малын сэг зэмийг бүгдийг нь ачуулж цэвэрлэнэ. Сумын баруун талын хогонд загон татуулж хумьсан гээд санаачилж хэрэгжүүлсэн ажлууд бий. Захиргааны баруун урд талд ургасан том модод бол миний үед ажиллаж байсан баг хамт олны л хийсэн ажил. Замын хаалтууд хийж, сум руу ордог ганц модон гүүр болон хадлангийн талбайн жижиг модон гүүрүүдийг засч сэлбэсэн гээд боломжийнхоо хэмжээнд л ажилласан. Хийлгүй ч яахав дээ, төрсөн нутаг орондоо. Тэр бүү хэл хэдэн тарвагаа ч тоолдог байлаа шүү дээ (инээв).

-Тарвагыг яаж тоолох вэ?

-Дошоор нь тоолно. Нэг дошинд хэдэн тарвага байгаагаар нь багцаа тоо гаргадаг байсан. Хань маань байгаль хамгаалагч байсан юм. “Манай хойд модонд нэг баавгай байдаг. Самрын нэг хуш мод бий” гэж ярьдаг ч яг хаана байдгийг нь хэлж байгаагүй. Би ч асууж шалгааж байсангүй. Ер нь манай Баянцогтын хойд талын хангай бол рашаан ус, ан амьтантай, юм юмтай баян сайхан нутаг.

-Та Баянцогт суманд төрсөн үү?

-Жирмийн цагаан нуурын ард Алтан уул гээд ганц хайрхан байдаг даа. Тэр хайрхны ар хормойд төрж, өссөн хүүхэд. Багадаа өвөл үхрийн хавиргаар уулын уруу гулгана. Арай жаахан томроод модон чаргаар сүнгэнүүлдэг болсон. Хонио хариулж явахдаа шаазангийн хагархай түүж тоглоно. Хүй долоон худгийн урд араас мөөг түүнэ. Тоглож өссөн нутаг минь юм. Ноднин Хүй долоон худагт наадам үзэж явахдаа “Миний тоглож өссөн нутгийг хотойтол наадаарай” гэж залбирч, ярьж явлаа. Ер нь бол манай нутаг чинь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй хил залгаа юм шүү дээ. Баянцогт сум, сангийн аж ахуй маш том газар нутагтай байсан. Сүүлд Нөхөрлөл, Атар гээд шинэ сум байгуулагдаж, газар нутгаасаа тасдаж өгсөн байдаг юм.

-Таныг байгаль орчны байцаагч байх үедээ нэлээд чанга хатуу байсан гэдэг. Байгаль орчны төлөө хатуу байхаас аргагүй дээ…?

-Тарвагачилж яваа хүмүүсийн бууг хурааж, замагнуудыг нь цүнхэлчихээд явж байдаг. Тэгээд яахав дээ, жаал айлгаж байгаад нутгийн хүмүүст бууг нь буцаагаад өгнө. Надтай дахиж битгий таарч үзээрэй гэж нөгөөдүүлдээ хэлнэ. Дахиж таарвал үг дуугүй хураана шүү гэж захина. Тэд ч таарахгүйг хичээдэг байсан байх. Буу нь үнэмлэхтэй юу, замагны дугаар гол төмрийн дугаар таарч байна уу гэж заавал шалгана. Зөрчилтэйг нь шууд хурааж, проткол үйлдээд аймаг руу явуулна, торгоно. Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Угтаал, Залуучууд сумынхныг айлгадаг л байцаагч байлаа. Урд талын сумдыг Батжав гээд байцаагч бас л айлгана. Би ажлаа өгөхдөө нутагтаа улаан “планет-4” үлдээгээд явсан. Намайг байцаагч байхад аймгийн орлогч дарга Г.Дашренчин байсан юм. Г.Дашренчин маань Баянцогт тэргүүтэй таван суманд таван улаан мотоцикль ачуулж байсны нэг нь тэр юм. Ингээд 2003 оны намар хотод ирсэн.


Модны хулгайтай тэмцсэн он жилүүд

-Хотод ирээд юу хийв?

-Талийгч нөхөр маань Нийслэлийн байгаль орчны газар, би өөрөө Мэргэжлийн хяналтын газарт ажил хүсч, өргөдлөө өгсөн. “Хэзээ ч ажилд ор гэж дуудах юм билээ, Солонгос явъя” гэж шийдээд бичиг баримтаа хөөцөлдөж байхад нөхөр маань өвдсөн. Юун гадагшаа явах манатай, хоёр жил гаруй бид хавдрын эмнэлгээр явсан. Талийгч маань ч бурхан боллоо. Яахав дээ, амьдрал үргэлжилж л байсан. Би хүргэн, хүүхдүүдтэйгээ нийлж хонины толгой авч хуйхалж, сайхан цэвэрлэж, чанаад ногоо цагаатай хольж зарж эхэлсэн.

Хоёр хайрцаганд тус бүр 25 ширхэг чанасан толгойтой Бөмбөгөр дээр ирж зарна. Сайхан сэтгэлтэй хүмүүс их тусалсан. Толгойгоо дор нь зардаг боллоо. Орой нэлээд мөнгөтэй болчихоод харина. Сүүлдээ бүр томорч Барс дээрээс шуудайгаар сонгино авдаг болсон. Одоо ч надад Бөмбөгөр зах их дотно сайхан санагддаг. Юм авах бол шууд л тийшээ очдог. Таньдаг хүмүүс маань ч байна. Манай хүүхдүүд “Ээж Бөмбөгөрөөс өөр дэлгүүр мэддэггүй” гэж шоолдог юм. Тэгж байтал нэг өдөр утас дуугарч “Мэргэжлийн хяналтаас ярьж байна. Та ажилдаа ор” гэдэг юм. Тэнд байгаль орчны улсын байцаагчаар ажилласан. Тэнд ороод модны хулгайтай хөөцөлддөг боллоо. Бас л шөнө орой хулгайн мод ачсан машинтай хөөцөлдөнө, одоо бодоход эмэгтэй хүнд арай л ахадсан ажил байж дээ.

-Ид модны хулгай гаарч байх үед таарч дээ…?

-Орой 17 цагаас хойш маяактай цэнхэр УАЗ-69 унаад шалгалтаар гарна. Нэг цагдаатай, хоёр гурван байцаагч явж байгаа юм. Баруунсалаа, Нарангийн цаад ам, Шижирийн даваа, уулын ард гараад гэрлээ унтраагаад зогсоно. Сэлэнгэ, Эрдэнэт, Бугантын мод тэр замаар хот руу орж ирдэг. Мод ачсан машинуудын гэрлийг тосч барьж аваад, журмын хашаа руу нөгөөдүүлийгээ тууна. Тэр л хамгийн хэцүү нь явахгүй гэнэ, зарим нь зугатна, хэрүүл зодоон болно. Машины кабин бүрд нэг нэгээрээ сууж авч явна гээд эрсдэл ихтэй. Цагдаа маань араас дагана. Сонирхолтой ч юм шиг, аймаар ч юм шиг үйл явдал орой бүр л өрнөнө. Нэг орой Шижирийн даваа Бумбатын аманд хулгайн мод ачсан машинууд байна гэсэн дуудлага ирлээ. Бид цагдаа, жолоочтойгоо дөрвүүлээ явлаа. Их нарангийн зүүн талын амны доод замыг портероор хааж зогсоогоод өөрсдөө уул руу явган гарлаа даа. Тэр шөнийн харанхуй, модонд явахын хэцүүг хэлэх үү, үнэхээр аймаар. Ойн чөлөөнд мод ачсан чиргүүлтэй 30 машин данхайгаад зогсчихсон, дээр нь дружба хөрөөнүүдээ хүлж баглачихсан байсан. Нэг ч хүн ил байхгүй, мэдээж модны цаанаас биднийг хараад л байж байгаа. Манай гурав “Та нар гараад ирцгээ” гээд наанаас нь хашхирч эхэллээ. Хэн ч гарч ирдэггүй, санаандгүй нэг жолоочийг нь барьж авахад хутгатай байсан шүү. Ийм л байсан. Тэгээд өнөөдүүлтэйгээ “Дор бууж байж учраа ололцъё” гэж байж буулгаж авч байлаа.

-Ямар эрсдэл ихтэй алба юм бэ?

-Тэр үед модны хулгай оргилдоо хүрээд байсан юм. Хэдэн байцаагч, цагдаа нар ингэж явж л илрүүлдэг байлаа. Нэг өглөө Найрамдлын ам, Баруун салааны байгаль хамгаалагч Нацагдорж, Мандалхүү бид Их нарангийн наад амнаас хүрэн УАЗ-69 машинтайгаа хоосон 30 машинд хөөгдөв өө. Биднийг дайрч ална гээд хоосон 30 машин элдээд хөөчихсөн. Үнэхээр аймаар. Хаашаа зугтвал баригдахгүй байх вэ гэж байгаад Орбит руу зугтаж төв рүүгээ ойртож байж нэг юм салсан. Хэрэв Найрамдал руу зугтсан бол дороо баригдах байсан юм билээ. Хүний амьдралыг, юу хийж, яаж ажиллаж байсан юм гэдгийг хүн мэддэггүй. Одоо энэ бүхнийг эргэн санахад сайхан л байна. Заримдаа бид хулгайн мод ачсан машинуудыг журмын хашаанд журамлаад явна. Өглөө ирэхэд ямар нэгэн даргын мод байдаг, тэгээд аваад явна. Ийм тохиолдол зөндөө л байсан. Шөнөжин нойр хоолоо хасан хөөцөлдөж, өчнөөн эрсдэл давж ажилласан маань хөөс болоод замхарч байгаа хэрэг.


Шилдэг архивч, ахмадын хорооны дарга

-Байгаль орчны байцаагчаар хэр удаан ажиллав. Модны хулгайчдын араас хэр хугацаанд хөөцөлдөв?

-Удалгүй манай хэлтэс татан буугдаж, хэсэг завсарлаад дүүрэгт газар зохион байгуулагчаар ажилла гэв. Тэнд ажиллаагүй. Харин дүүргийн архивч, архивын эрхлэгчээр орсон. Бөөн тоос шороо, замбараагүй бичиг цаас угтсан. Нэг өдөр цэвэрлэгч, үйлчлэгчидтэйгээ нийлж байгаад архивын өрөөг тоос шорооноос нь салгаж зад цэвэрлээд өөрөө тэндээ суудаг боллоо. Арван дөрөв, таван мянган хавтастай баримт бичиг бүрдүүлж, цэгцэлж эмхэлж янзалж өгсөн. 2015 онд улсын үзлэг ирэх болов. Тэгээд нийслэлдээ манай архив тэргүүлсэн. Дараа нь есөн дүүргийн үзүүлэх сургуулилалт манайд болсон. Яахав дээ, өдөр шөнөгүй ажилласны үр дүн нь тэгж гарсан. Архивынхаа буянаар Орос, Хятадад сургалтанд сууж, номын дуу сонсоод ирсэн. Одоо ч дүүргийнхэн маань надад их сайн байдаг юм. Дараа жил нь Улаанбаатар хотын хүндэт иргэн болсон. Дүүргийн VII хорооны иргэдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Дүүрэгт дөрвөн жил ажиллаад 2017 онд тэтгэвэртээ гарсан даа.

-Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байхдаа хорооны Иргэдийн хуралд хүртэл ажиллаж, улс төрийн нэлээн идэвхтэй байжээ дээ, Та?

-2011 оны намар СХД-ийн 32 дугаар хороо шинээр байгуулагдсан юм. Өдөржин явган явж, гишүүн цуглуулаад 60 гишүүнтэй болж, сонгуульд орж байлаа. Их л уйгагүй ажилладаг байж дээ. Сүүлдээ сонгуулийн үеэр штаб ахална, хэсгийн хороо, нарийн бичгийн дарга гээд сонгуульт ажлуудыг хийж явлаа. 2019 оноос дүүргийн АН-ын дэргэдэх Ахмадын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Ахмадуудынхаа дунд янз бүрийн эко аялал, уралдаан тэмцээн зохион байгуулна. Хөдөөгийнхөндөө тусалъя гээд аян зохион байгуулахад ахмадуудтайгаа хамтран идэвхитэй оролцсоор байна.

-Та МоАХ-ны архивыг цэгцэлж, он цагийн дараалалд оруулж байгаа гэсэн үү?

-2018 оноос одоог хүртэл МоАХ-ны архивт ажиллаж байна. Намайг архивт ажиллаж өгөөч ээ гэж санал тавьсан юм. Өнгөрсөн 30 жилийн материал гэж бас л эмх замбараагүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй холилдсон байсан. Би бичиг баримт бүрийг нэг нэгээр нь задалж, он оноор болгосон. Он дотор нь тогтоол, тушаал, явсан, ирсэн бичиг баримт, уриалга, мэдэгдэл, шаардлага гээд бүгдийг нь ялгаж ангилсан. Анх хоёр гуравхан сарын дотор эмхэлж цэгцлээд явна аа гээд төлөвлөгөө гаргаад эхэлсэн, байхгүй ээ. Хоёр жил ноцолдож эмхэлсэн. Одоо бол ажил цэгцэрсэн болохоор аажуу уужуу ирж, өдөр тутмынх нь бичиг баримтыг нь цэгцэлж янзалж байна. Фото архивыг нь хийгээгүй, дутуу байгаа. Фото архивыг нь их гоё эмхэлж өгнө дөө.

-1989 оноос хойш үзэл бодолдоо тууштай, үнэнч яваа мянга мянган ардчилагчдын нэг нь Та. Таныхаар ардчилал гэж юу юм бэ?

-Хувь хүн эрх чөлөөтэй, эрх тэгш, үг үзэл бодлоо хэлдэг байх ёстой. Ардчилал гэдэг бол хувь хүний дотор байгаа энэ бүхнийг нээж өгдөг нүд чих юм гэж би хувьдаа боддог.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

6

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

Categories
мэдээ нийгэм

Идэр голын усад суусан ЗИЛ-131 автомашиныг татан гаргахаар ажиллаж байна DNN.mn

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Дунд цагааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Идэр голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлага тавдугаар сарын 01-ний өдрийн 06:01 цагт ОБГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Ц-ийн ЗИЛ-131 загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-нд болно DNN.mn

Үндэсний номын баярын хамрах хүрээг энэ жил илүү өргөжүүлж, арга хэмжээгээ аймгуудаас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Арга хэмжээний зохион байгуулалтын талаар “Номын соёлт ертөнц” ТББ-аас тодруулахад “Номын баярын арга хэмжээг энэ жил аймгуудаас эхлүүлнэ.

Тавдугаар сарын 19, 20, 21-нд аймгуудын төв талбайд номын баярын арга хэмжээг зохион байгуулна. Үүний дараа буюу тавдугаар сарын 26, 27, 28-нд Д.Сүхбаатарын талбайд арга хэмжээ үргэлжлэх юм” гэлээ.

Мөн номын баярыг шинэлэг түвшинд хийхээр төлөвлөж буйгаа зохион байгуулагчид нь мэдээлэв.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ юм. Өнгөрсөн жил номын баярт давхардсан тоогоор 180,000 хүн иржээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр”-аар аялуулна DNN.mn

“Орфей” театр хөшгөө Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр 2021 онд нээсэн. Түүнчлэн удаах уран бүтээлээрээ АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэсэн.

Тэгвэл тус хамт олон ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, ихэнх театр, чуулга, урлагийн байгууллагууд зуны улиралд уран бүтээлээ завсарлаж, үзвэрийн жилийн нээлтээ намар нээдэг бол “Орфей” театрынхан ирэх зун шинэ уран бүтээл хүргэхээр шийдсэн аж.

“Зуны шөнийн театр” төслийн хүрээнд “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг толилуулна. Эл зохиолыг театрын урлагт дурлагсад зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” нэрээр нь эчнээ мэдэх бөгөөд “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. Харин удаа эл жүжгийг содон нэр, сонирхолтой өнгө төрх, шинэлэг найруулга, тавилттайгаар хүргэхээр зорьжээ. Ташрамд сонирхуулахад, “Fucked up night” кабаре драм нь насанд хүрэгчдэд зориулсанаараа онцлог аж.