Categories
гадаад мэдээ

Ухаалаг утасны борлуулалт буурчээ DNN.mn

Ухаалаг гар утасны зах зээлийн хямрал ирэх онд ч үргэлжлэхээр байгааг “Sony” группийн Үйл ажиллагаа хариуцсан захирал мэдээлжээ.

Ухаалаг гар утасны дүрс таних төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Sony” баасан гарагт тайлангаа танилцуулах үедээ ухаалаг гар утасны зах зээлийн төлөв сөрөг байгааг анхааруулсан байна. Мөн агуулахад бэлэн бүтээгдэхүүний нөөц хуримтлагдсан нь тус компанид дарамт учруулахаар байгааг дурдсан байна.

Өнгөрсөн оны дийлэнх саруудад дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны зах зээл болох БНХАУ-д борлуулалт 10-аас дээш хувиар буурчээ. 2023 оны эхний гурван сард ч мөн буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилчин офицер сурагч хүүгийн амийг аварчээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Цамбагарав орчимд байрны гадаа ухаан алдаж, амьсгал нь зогсонги байдалд орсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хилийн цэргийн офицер цаг алдалгүй анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.

Тусламж үзүүлэх явцад иргэний амьсгал нь 20 гаруй удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тэрбээр Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын алба хаагч юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүрэн баавгайг хоёр бамбарууштай нь агнасан хэргийг илрүүлжээ DNN.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б энэ оны дөрөвдүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгай 1 /эм/, 2 бамбарууш агнажээ. Улмаар Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар иргэн Б нь нас бие гүйцсэн эх баавгайг хууль бусаар галт зэвсгээр буудаж, төрөөд 1 сар ч болоогүй 2 бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж хороосон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн 3 ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авав.

Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.5-7.5 сая төгрөгөөр үнэлсэн.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ спорт

Пара жүдочид хоёр алтан медаль хүртлээ DNN.mn

Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болов.

Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нарын удирдлага дор таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос хоёр алтан медаль хүртлээ.

Тодруулбал эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэж байхдаа 17 шар өвсний гал түймрийг бүрэн унтрааж, хашааныхаа шар өвсийг шатаасан, гагнуур хийсэн 6 зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгууллаа.

Мөн ногоон бүсэд зорчсон 161 автомашин, 567 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, гал түймэр гарч болзошгүй 12 зөрчлийг арилгуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг чанга яригчаар иргэд, олон нийтэд хүргэж, 150 ширхэг зурагт хуудас тарааж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-SPEAK OUT: Та НӨАТ-ын мөнгөө юунд зарцуулсан бэ?

Энэ удаагийн “DNN-SPEAK OUT” булангаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал, цуглааныг зохион байгуулж байна. Энэхүү жагсаалд оролцож буй иргэдээс НӨАТ-ын мөнгөө юунд зарцуулсан талаар асуулаа.


Иргэн Х.Ганчулуун: 70 мянган төргөг орсон. Дараагийн НӨАТ-ын мөнгө орох хүртэл энэ мөнгөөрөө болгодог л байх даа.

Иргэн У.Энхбаатар: “НӨАТ- ын мөнгө олгоно” гээд л насаар нь идүүлчих мөнгө өгөх гэж байгаа аятай сeнсацлаад байх юм.

 НӨАТ-ын хэдхэн төгрөгийг тэсэн ядан хүлээгээд, асуугаад, эрэл сурал болоод байгаа нь ард түмний амьдралын хомсдолыг тодоос тод харуулаад л байна. Үүнийг төрийн түшээд анзаардаг болов уу?. Хэдэн сараар нь идэж, уучихмаар их мөнгө авдаггүй.  Дансанд ороод л гэр бүлдээ зарцуулсан байх.

Иргэн Б.Сансар: Хүний эрүүл мэндэд хандивласан. Ядахдаа буян үйлдсэн болно биз дээ.

Иргэн Р.Цэвэлмаа: Хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. 3 ширхэг сүүний л мөнгө шүү дээ.

Иргэн С.Баярцэцэг: Бүх худалдаачид НӨАТ өгдөг болгочих хэрэгтэй. Тэгээд 10 хувиа авъя. Энэ улс үнийн дээд зэргийн хий өсөлттэй. Дээр нь дахин 10 хувь нэмж авна. Буцааж өгөхдөө 2 хувь ч биш 1,8 хувийг л өгдөг юм билээ. Өдөрт хэдэн сая төгрөгөөр худалдан авалт хийдэггүй юм бол 20, 30 мянган төгрөгийн худалдан авалтын буцаан олголт гэж олигтой юм орж ирэхгүй шүү дээ. Юунд зарцуулснаа мэдэхгүй байгаа ч олигтой хоол авч хүрэхгүй л байх

Иргэн Н.Гэрэлмаа: Хадгалдаг гэхээр хүүхдийн мөнгө шиг хасчих байх даа. Юунд нь мэдэгдэхгүй үрэгдээд л дуусдаг.

Иргэн Л.Анар: “Iphone” 14 Pro Max aвсан.

Иргэн Ж. Нарангарав: Муурандаа хэвтэр авсан. Нэг их мөнгө авдаггүй 60 мянган төгрөг л орсон.

Иргэн Э.Тэнүүн: Нэг талх, уут боорцог л авсан даа. Буцаан олголтын хувиа л нэмчихмээр байна. Үнэхээр үнийн өсөлтөд туйлдаж байна шүү.

Иргэн О.Нямцэцэг: Тог, усныхаа мөнгийг төлсөн. “CU” орж нэг мантуун бууз, Тэгээд цуйван авсан юм байна.

Иргэн Б.Жаргалсайхан: Хоёр 2кг мах авсан. 8 хувиа явъя гэж шаардахгүй бол хэт доромжил амсаж байна.

Д.Баттогтох

.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллагын 61 албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ DNN.mn

“Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагын хэрэгжилт, хүний нөөцтэй холбоотой цаг үеийн асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын ЗУГ-ын дарга Б.Хосбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шүүр ажиллагааны хүрээнд 1,445 гаалийн улсын байцаагч, төрийн үйлчилгээний 465 гаалийн ажилтнуудын албан хэргийн хөтлөлтийн материалыг шалгалаа. Ингэхэд төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй 61, тусгай шалгалт өгөөгүй 88 албан хаагч байна.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд тэнцвэл эргээд гаалийн байгууллагад ажиллаж болно. Харин тусгай шалгалт өгөөгүй 88 албан хаагчаас бид төрийн тусгай шалгалт авах бололцоотой.

АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийг засаж залруулах шаардлага ирсэн. Энэ дагуу 20 орчим гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан.

Гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, хүний нөөцийг цаашид бүрдүүлэхээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргана. Урт хугацааны гэдэг нь 3-5 жилийн төлөвлөлт. Дунд хугацааных 2025 он хүртэлх төлөвлөлт.

Богино хугацааны төлөвлөлт гэдэг нь 400 орчим гаалийн байцаагчийн сул орон тоо байгаа учир энэ ондоо багтаан хийх ажил юм” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Сагил суманд газар хөдөлжээ DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны 5-р сарын 1-ний өдөр Увс аймгийн Сагил сумаас баруун урд зүгт 47 километрийн зайд 12:46:57 цагт газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн хүч 3,7 магнитуд байжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 824 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

– “А” нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;

– Гадаадын иргэн, харьяатын газрын албан тушаалтан “М” нь удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх;

– Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “Э” бусдад давуу байдал бий болгосон гэх;

– “Ц” нь Нийслэлийн соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх;

– УБТЗ-ын албан тушаалтан “Ү” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

– “О” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;

– “Т” нь төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.