Categories
мэдээ нийгэм цаг-үе

47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижуулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.

Хурлаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гараашнуудыг чөлөөлж, НИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэх ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа юм. Тэгвэл өдгөө газар ашиглалтын байдалд судалгаа хийж, нийт 47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм. Тодруулбал,

Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га

Баянзүрх дүүрэгт 16 байршлыг 3.54 га

Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га

Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га

Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га

Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га

Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна.

Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1 байршилд тоглоомын талбай, 6 байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, 15 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 12 авто зогсоол, 10 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 3 байршилд ногоон байгууламж хийх юм.

Зөвлөлийн гишүүд дээрх ажлыг сайн жишиг гэдгийг тодотгон, хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Амартүвшин: “ТОП-100”-д эрэмбэлэгдсэн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарахад олон хөнгөлөлт, урамшууллыг санал болгоно DNN.mn

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулсаар ирлээ. Өнөө жилийн хувьд төрийн өмчит компаниудыг эрэмбээс хассан нь хувийн хэвшлийнхэнд том урам өглөө гэж байсан. Энэ удаагийн шалгаруулалтын онцлог юу байв?

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтраад 2022 “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Зохион байгуулах хороо болоод Засгийн газрын түвшинд шалгаруулалтад өөрчлөлт оруулъя, аж ахуйн нэгжүүдэд бодлогын дэмжлэг үзүүлье гэдэг асуудал яригдсан. Иймд төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг энэ жилээс зогсооё гэж шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар. Тэгэхээр уул уурхайн салбарыг бусад салбартай харьцуулж эрэмбэлэх нь учир дутагдалтай гэж үзсэн. Ер нь уул уурхайн салбар экспортын 93 хувийг эзэлдэг хэдий ч ажлын байрны дөнгөж 7-8 хувийг бүрдүүлдэг. Харин бусад салбар ажлын байрны ихэнхийг нь бий болгож байна. Энэ утгаараа уул уурхайгаас бусад салбарыг илүү таниулж, зөв эрэмбэлэх нь чухал юм гэж үзсэн.

Дараагийн нэг онцлог бол өнгөрсөн онд үйл ажиллагаа нь огцом сайжирсан, цоо шинэ салбар эсвэл экспортын илүү амжилттай байсан, инновацийг сайн нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтийг илүү харгалзсан.

-Ингэхэд топуудыг хэрхэн яаж эрэмбэлдэг юм бэ?

-Маш тодорхой журам бий. Ерөнхийдөө шалгаруулж байгаа гол таван үзүүлэлт байдаг л даа. Тухайн компанийн борлуулалтын орлого, нийт ашиг, НДШ, татвар төлөлт, хөрөнгийн үнэлгээгээр нь эрэмбэлдэг. Зарим архи, тамхи худалдаалдаг компаниуд онцгой татвар төлдөг шүү дээ. Бид ийм компаниудын татвар төлөлтийг 50 хувиар дискаунталж авч үздэг. Аль болох субъектив зүйл байхгүй. Тоо бол өөрөө жинлээд гаргаад ирдэг.

Ихэнх улс орон ингэж өөрийнхөө томоохон аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлдэг. Хятад улс гэхэд жил бүр “ТОП-500” аж ахуйн нэгжээ эрэмбэлсээр ирсэн. Гадаад ертөнцөд хөрөнгийн зах зээл хөгжсөн болохоор нэгж хувьцааны үнэлгээ, өгөөж нь ямар байна гэх зэрэг гол үзүүлэлтүүдийг бариад эрэмбэлчихдэг. Харин Монгол Улсын хувьд хөрөнгийн зах зээл тийм хэмжээнд хүрч хөгжөөгүй байгаа. Тэгэхээр бид цаашдаа хөрөнгийн зах зээлийг илүү хөгжүүлэхийг байнга зорьж байна. Энэ утгаараа өнөө жилийн “ТОП-100”-гийн шалгаруулалтыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан. Ингэснээр “ТОП-100”-д эрэмбэлэгдсэн компани бонд босгох, хувьцаагаа олон нийтэд санал болгох юм бол маш олон хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байгаа. Жишээлбэл, хөрөнгө үнэлүүлэхийг шаардахгүй. Бичиг баримт бүрдүүлэх болоод цаг хугацааны хувьд асар сайн нөхцөлийг санал болгоно. Ингэж “ТОП-100”-д шалгарсан компани нээлттэй болсноор бусад аж ахуйн нэгжүүд суралцах, энэ зах зээлийг сонирхох боломж нээгдэнэ гэж харж байгаа.

-Сая “ТОП-100”-д шалгарсан аж ахуйн нэгжүүдээс нээлттэй хувьцаат компани хэр зэрэг орж ирэв?

-Ерөнхийдөө арав орчим хувь нь нээлттэй компани байна. Сүүлийн үед системийн банкууд хувьчлагдаж байгаа нь энэ тоо өсөхөд нөлөөлсөн. Дээрээс нь хүнсний сүлжээ дэлгүүр зэрэг зарим компани хөрөнгийн зах зээл дээр ажилласан нь маш том амжилт үзүүлсэн байна. Жишээлбэл, CU борлуулалтаа гурав дахин, нийт ажлын байраа хоёр дахин тэлсэн амжилттай ажилласан компаниар шалгарсан. Эндээс харахад компаниуд аль болох нээлттэй байх, хөрөнгийн зах зээлийг том боломж болгож харах нь чухал. Энэ нь буцаад компанийн засаглал сайжрах, гадны хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа нь илүү тэлэх боломж бүрддэг юм.

-ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулдаг болоод 22 жил болсон. Гэтэл 20 жилд нь “Эрдэнэт” үйлдвэр нэгдүгээрт жагссаар ирсэн. Харин энэ жилээс төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийг хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдүүлэхээ больжээ. Хэрэв төрийн өмчит компаниуд олон нийтийн болбол эргээд “ТОП-100”-д орж ирэх боломжтой биз дээ?

-“Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй сүүлийн 20 гаруй жил “ТОП-100”-г манлайлж ирсэн. 100 хувь төрийн өмчит компани шүү дээ. Үндсэндээ улсын үйлдвэрийн бий болгож байгаа баялаг бүтээн байгуулалтыг бусад компанитай харьцуулах боломж ойрын үед тун хомс. Үйл ажиллагаа нь тогтмолжсон, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй явж ирсэн. Үүнийгээ дагаад борлуулалтын хэмжээ нь хамгийн том байдаг. Дээрээс нь тогтвортой 7000 орчим ажлын байрыг хадгалсаар ирсэн. Татвар төлөлт, нийгэм дэх оролцоо, хөрөнгийн үнэлгээ өндөр байдаг. Иймд жил бүр “ТОП-100”-д тэргүүлж ирсэн байдаг юм. Өнөө жилээс эхлэн 51 хувиас дээш төрийн өмчит компаниудыг энэ эрэмбэд оруулахгүй гэсэн шийдвэр гарснаар “Эрдэнэт” үйлдвэр “ТОП-100”-гаас хасагдсан. Ингээд “Оюу толгой” компани “ТОП-100”-г манлайлж байна.Энэ нь нөгөө талаараа зөв жишиг гэж харж байгаа. Нээлттэй хувьцаат компани, гадны хөрөнгө оруулалтыг татсан, дотоодын зах зээлд цоо шинэ соёл, мэдлэг, инновацийг нэвтрүүлж байгаа гээд олон зүйл бий. Бусад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөв мессэж болж очих юм. Цаашид аль болох төрийн өмчит компанийг нээлттэй олон нийтийн болгож байж засаглал нь сайжирна. Яг үнэндээ нийгэмд төрийн өмчит компанитай холбоотой ашиг сонирхол гаарсан. Авлига, тендер, бүтээмжийн байдал гээд маш их асуудал байна. Иймд аль болох нээлттэй компани болгох ёстой. Ингэхгүй бол гадны хөрөнгө оруулалт ч орж ирэхгүй, дотоодын компаниуд ч томрохгүй. Нийт дүнгээрээ Монголын эдийн засаг байнгын эрсдэлтэй нүүр тулсаар байна. Гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эд яаж хөдөлнө, эдийн засаг дагаж савладаг хэвээр байна гэсэн үг. Гүржийн жишээ байдаг. Томоохон улсын үйлдвэрийн газруудаа хувьчилснаар 3-4-хөн жилийн дотор тэдгээр компаниудынх нь нийт борлуулалт арав дахин тэлсэн. Төрийн өмчийг хувьчилснаар ямар үр ашигтай вэ гэдгийг эндээс бэлээхэн харж болно.

Төрийн өмчит компани гэдэг бол хувийн хэвшлийн орон зайгаас булааж байгаа. Зах зээл, ажлын байр, санхүүгийн нөөц боломж гээд бүх талаараа өрсөлдөж байна. Хувийн хэвшил бол төртэй өрсөлдөх боломжгүй. Тэгэхээр Засгийн газрын зүгээс цаашид төрийн өмчит компаниудын тоог бууруулах, аль болох нээлттэй олон нийтийн болгохыг зорьж байгаа. Тэгэхээр эдгээр компаниуд Монголын хөрөнгийн биржээр дамжаад нээлттэй болсныхоо дараа “ТОП-100”-д эргээд эрэмбэлэгдэх боломжтой.

-Энэ удаагийн “ТОП-100”-д шинээр ямар салбарууд орж ирэв?

-Нээлттэй хувьцаат компани болсон аж ахуйн нэгжүүд ихэнх нь “ТОП-100” руу амжилттай орж ирж байгаа. Жишээлбэл, дээр хэлсэнчлэн банкуудаас гадна эм, эмнэлгийн салбарын дөрвөн компани “ТОП-100”-д багтсан байгаа. Энэ бол том амжилт. Гадагшаа урсдаг эмнэлгийн төлбөрийн үйлчилгээг дотооддоо санал болгосноороо бид зах зээлээ тэлэх ач холбогдолтой. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг томоохон бизнесийн орон зай гэж харж, дэмжих нь зүйтэй гэдгийг харуулж байна. Мөн энэ жил “ТОП-100”-д хөнгөн худалдааны салбар орж ирлээ. “ТОП-100”-гийн 20 орчим хувь нь экспортлогч компани байна. Арав гаруй нь уул уурхайн бус компани байгаа. Жишээлбэл, “Ханбогд” кашмер байна. Эднийх нийт бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг дэлхийн томоохон брэндүүдэд шууд нийлүүлж байгаа нь үнэхээр том амжилт. Эдгээр том брэндүүд Монголын ноолуурыг онцолж сурталчилгаа хийдэг. Давхар Монголыг дэлхийд сурталчилж байна гэсэн үг.

-2022 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, улсад төлсөн татварын хувь хэмжээ өмнөх оныхоос ямар байсан юм бол?

-Энэ онд эрэмбэлэгдсэн “ТОП-100” аж ахуйн нэгжийг өмнөх онд шалгарсан компаниудын борлуулалтын дүнтэй харьцуулахад 8.5 хувиар өсөлттэй гарсан байна. Үндсэндээ 38.4 их наяд хүрлээ. Өмнөх оны дүнгээс гурван их наядаар нэмэгдсэн байна. Энэ нь ДНБ-ий 73 хувьтай тэнцэж байгаа юм. Төлсөн татварын хэмжээ 4.3 их наяд хүрсэн нь манай нийт татварын орлогын 28 хувийг бүрдүүлж байна. Ажлын олгож буй байдлыг статистикаас харахад 71.2 мянга буюу нийт ажлын байрны 6.2 хувьтай тэнцэж байна. “ТОП-100” аж ахуйн нэгж эдийн засагт ямар их жин дардаг нь тоон үзүүлэлтээс харагдаж байна.

-Топоор шалгарсан аж ахуйн нэгжид ямар боломжууд бий болдог вэ?

-“ТОП-100”-д шалгарсан компаниудыг дагаж ямар нэгэн хөнгөлөлт, урамшууллын асуудал дэлхийн аль ч оронд төдийлөн яригдахгүй. Яагаад гэвэл “ТОП”-д эрэмбэлэгдэж байна гэдэг бол тухайн компанийн зах зээл дэх үнэлэмж, нэр хүндийн баталгаа болж өгдөг. Жишээлбэл, манай урд хөршийн “ТОП-500”-д багтдаг компанид дэлхийн аль ч түнш хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг хүсдэг. Яагаад гэвэл энэ том гүрний ТОП аж ахуйн нэгжид багтана гэдэг бол дэлхийн хэмжээний компани болсон гэсэн үг. Үүнтэй ижил Монголын “ТОП-100”-д багтана гэдэг бол хөрөнгө оруулагчдын итгэлийн гол үзүүлэлт болж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сард албан паспорт олгох журамд өөрчлөлт оруулсан. Ингэснээр “ТОП-100” аж ахуйн нэгжид эрэмбэлэгдэх юм бол тухайн компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал удирдлагын түвшний хүмүүс албан паспорт авах боломжтой болж байгаа. Жишээлбэл, БНСУ руу бизнесийн уулзалтаар яаралтай явах боллоо гэхэд виз хүлээвэл удна шүү дээ. Харин албан паспорт ямар нэгэн визгүйгээр шууд зорчих боломжтой. Энэ бол дотоодын бизнес эрхлэгчдээ хөрөнгө оруулагч татах, үйл ажиллагаагаа томруулахад нь элч болгож байгаа том дэмжлэг юм. Ер нь “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийн хувьд эрэмбэд багтаж байна гэдэг бол ажилтнуудынх нь хамгийн том бахархал. Хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага нь ажлаа үнэлүүлэх гол шалгуур гэдгийг өнөөдөр ихэнх нь ойлгож байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүд энэ эрэмбэд багтахыг зорьдог болсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадаадын хэвлэл мэдээллээр явуулахыг хориглох хэрэгтэй” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын үндэсний
худалдаа аж үйлдвэрийн
танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин “ТОП-100”-д
эрэмбэлэгдсэн компаниуд
хөрөнгийн зах зээл дээр
гарахад олон хөнгөлөлт,
урамшууллыг санал болгоно” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Малчид “Мал, махаа залхуугийн
туйл болсон нийслэлчүүдэд
зармааргүй байна.
Гадагш нь зармаар байна” гэв.

МУИСийн Сэтгэл зүй, олон
нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор Б.Наранбаатар “Хэвлэл
мэдээллийн
хэрэгслүүд
нэгдэж хяналт
тавих ёстой” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгуулийн сурталчилгааг
гадаадын хэвлэл мэдээллээр
явуулахыг хориглох хэрэгтэй” гэв.

“MN partners”
хуулийн фирмийг үүсгэн
байгуулагч, гүйцэтгэх
захирал Ц.Мөнхбат “Засгийн газар нь
хувийн өмч рүү халдаад байх
юм бол Монгол Улсад хөрөнгө
оруулалт орж ирэхгүй” гэснийг I, VI нүүрээс уншаарай.

Доктор Д.Сүхбат “Дусал тариаг хэт их
ядарсан, ургалт муу модны ургалтыг
эрчимжүүлэх зорилгоор залгадаг” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгасан.

Иргэний нисэхийн тухай хуулийг 1999 онд баталж, 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн, агаарын тээврийн цар хүрээ улам өргөжиж байна. Түүнчлэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үүднээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хуулийг 2013 онд, Иргэний нисэхийн аюулгүй байдлын загварын хуулийг 2014 онд тус тус боловсруулж, гишүүн улс орнуудад мөрдөж ажиллахыг зөвлөмж болгожээ.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 10 бүлэг, 51 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар,

-Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирна.

-Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулна.

-Нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэнэ. Ингэснээр бие даасан үйл ажиллагаа явуулах, орон тооны давхардлыг арилгах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх боломжтой болно.

-Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ.

-Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Ингэснээр төр, иргэн, хуулийн этгээдийн хариуцлага дээшилнэ.

-Ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

-Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулна. Шинээр агентлаг байгуулахгүй тул бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсөвт дарамт үүсэхгүй бөгөөд орон тоо дунд хугацаанд нэмэгдэхгүй байхаар тооцсон байна.

-Засгийн газрын агентлагийн үзүүлдэг агаарын навигацийн болон нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн нисэх буудал, аэродром байгуулах, орон нутгийн агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг салбарын сайд танилцуулав.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ой, агаарын тээвэрлэгчдийн баярын өдрөөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хаврын хуурайшилттай үед иргэдийг гал алдахаас сэргийлэхийг анхааруулж байна DNN.mn

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Улаан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 70 км-т/ Суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 05.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас тус багийн “Улаан хошуу” гэдэг газрын чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан “УАЗ-452 Фермер” загварын автомашин 05.23-ны өдрийн 19:45 цагт шатсаны улмаас Б /2 настай, эрэгтэй/-ийн 2 гарын сарвууны хэсэг бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн Түшээ гүн гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 137 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Амбаар шатсан тухай мэдээллийг 05.25-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. 5х6 метрийн хэмжээтэй 2 амбаар 05.25-ны өдрийн 02:30 цагт шатсан тул орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн /аймгийн төвөөс урд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун зүгт 16 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 40х30 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд зүйл, агааржуулалтын хуванцар хоолой шатаж байсныг унтраасан. Утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж, 5 иргэн бага зэрэг угаартсан байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дугаар хорооны “Тахилт”-ын 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраалаа.

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иргэн та санамсар болгоомжтой байж, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Дархан 50 цогцолборын 2 байршилд цэвэр усны цэг байгуулжээ DNN.mn

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар Дархан хотын Соёл амралтын хүрээлэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар гурван байршилд цэвэр усны цэгийг байгуулахаар гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө оруулсан. Одоогийн байдлаар Дархан 50 цогцолборын хоёр байршилд цэвэр ус уух цэгийг суурилуулан ашиглалтад оруулаад байна. Яст мэлхийн дүрстэй цэвэр усны цэг нь зэс хоолойтой, мэдрэгчтэй, зэс хлор шүүх гурван төрлийн шүүлтүүртэй учраас усыг шууд уух боломжтой юм.

Дархан хотын Соёл амралтын хүрээлэнгээс удахгүй “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд дахин нэг цэвэр усны цэгийг байршуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.


2023 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 28-30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The HU” хамтлагийн задгай талбайн тоглолт зургадугаар сарын 1-нд болно DNN.mn

Эсктрим, экспо, энтертайнмэнт хосолсон Монголын анхны “POWER Expo & Festival” наадам зургаадугаар сарын 1-4-нд 22-ын товчооны орчимд байрлах “Авто худалдааны цогцолбор”-т болно.

Энэ талаар арга хэмжээний үүсгэн байгуулагч Б.Жигмэддорж “11 дэх жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээнийхээ нэр төрөл, цар хүрээг өргөжүүлсэн бөгөөд үйл үндсэн ажиллагаа гурван хэсгээс бүрдэнэ. Энтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдаа гэсэн чиглэлээр зохион байгуулна. Эх үрсийн баярын өдөр арга хэмжээ эхлэх учир хүүхдүүдэд зориулсан, сонирхолтой тоглоом, үйлчилгээ олон бий. Мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар дрифтийн тэмцээнийг зохион байгуулна. Түүнчлэн The HU хамтлаг DJ RayRay, артист Ginjin & Mrs M, Nisvanis, Niciton, Big GEE гэх мэтчилэн монголын алдартай уран бүтээлчдийн тоглолтыг дөрвөн өдрийн турш сонсох боломжтой. Жишээлбэл, зургаадугаар сарын 1-ний орой “The HU” хамтлаг задгай талбайн бүрэн хэмжээний тоглолтыг хийнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

​О.Оюун-Эрдэнэ: Чанаргүй будаг, барилгын заслын материалаас нэгдүгээр зэргийн хорт хавдар үүсгэгч бодисууд ялгарч байна DNN.mn


Чанаргүй барилгын материал, будаг, доторлогооны хавтангаас үүдэлтэйгээр дотор агаарын чанар муудаж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь нэгэнт тодорхой болсон. Тэр дундаа хорт хавдар тусах эрсдэлийн нэг томоохон хүчин зүйл болж буйг ч эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид тогтоогоод буй. Тэгвэл дотор агаарын чанар муудсанаар ямар эрсдэл үүсдэг талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дотоод орчны агаарын бохирдол гэж юу вэ. Ямар тохиолдолд дотоод орчны агаар бохирддог юм бол?

-Эхлээд дотоод, гадаад орчноо ялгаж ойлгох нь зөв. Гадаад орчин гэдэг ямар нэг хязгаарлалтгүй, агаар чөлөөтэй урсаж байдаг орчин. Аль нэг бохирдуулагчийн эх үүсвэрээс хамаарч бохирддог. Дотоод орчин бол хязгаарлагдмал. Хүний механик оролцоотойгоор агаар сэлгэлтээ хийдэг орчин юм. Ажлын байр, гэр орон, автомашины бүхээг хүртэл үүнд багтана. Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Гэтэл дотоод орчныг бохирдуулагч эх үүсвэрүүд нь гадаад орчныг бохирдуулагчаас хэд дахин их.Гадаад орчныг бохирдуулагч нь хүний хүчин зүйлээс хамаарсан, хөдөлгөөнт болон суурин эх үүсвэрүүд л байдаг. Гал түлж байгаа эх үүсвэрүүд, автомашин, үйлдвэрийн хаягдал, оршуулгын газар гэх мэт.

Гэтэл бидний дотоод орчинд хэрэглэж байгаа бүхий л зүйл бохирдуулагч болдог. Гэр, байшингаа халаах гээд нүүрс, мод, бусад зүйлсийг түлж байна. Бохирдуулагч эх үүсвэр.Зарим төрлийн хавтан, будаг, барилгын материалууд мөн адил. Гэртээ тамхи татдаг. Хоол хийхэд ялгарч байгаа бодисууд, гэр орноо цэвэрлэхэд ашигладаг угаалга, ариутгалын шингэнүүд ч мөн адил бохирдуулагчийн эх үүсвэр.Гоо сайхны хэрэгсэл, хумсны лак гээд тоочоод байвал гэр дотор л гэхэд дотоод орчны агаарыг бохирдуулагч бодисууд маш их байгаа биз.

Дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүд яагаад бидэнд гадаад орчны бохирдлоос илүү хортой нөлөө үзүүлж байна вэ. Яагаад гэвэл бид амьдралынхаа 85-90 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг. Гэтэл барилга, байгууламж дотор агаарын солилцоо муу байдаг. Түүнээс гадна, дотоод агаарын чанарыг хортой болгоод байгаа бүх эх үүсвэрүүд нь байж л байдаг. Гэрийнхээ ханыг будсан будаг чинь өөрөө ховхроод уначихгүй. ОСБ болон зарим төрлийн муу хавтангуудыг сонгоод тавилгаа хийлгэх, байшингаа доторлосон бол хороо ялгаруулаад байж л байна. Өдөр болгон, цаг тутамд, минут бүрт хороо ялгаруулна. Тийм орчинд амьдарвал байнга л хортой агаар амьсгална. Тиймээс дотоод орчныг хамгийн зөвөөр төлөвлөж, эрүүл мэндэд хор нөлөө учруулахгүй барилгын материал, будаг, хавтанг хэрэглэж байж урт удаан амьдрах нөхцөл бүрдэнэ.

-Дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй гарч буй эрсдэл юу вэ?

-ДЭМ-ийн байгууллагын гаргасан судалгаагаар дотоод орчны агаарын чанараас үүдэлтэйгээр жилд 3 сая хүн нас барж байна. Энэ нь цагаасаа өмнө нас барж буй хүмүүсийн 10 хувийг эзэлж байгаа. Маш өндөр тоо. Ялангуяа гадаад орчны агаарын бохирдол ихтэй, түүхий нүүрс их хэрэглэдэг, хүн ам шигүү байршсан, үйлдвэржилт хэт ихэссэн бүс нутгууд, ядуу буурай орнуудад дотор агаарын чанараас үүдэлтэй нас баралт их байна.

-Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа олон зүйл байна. Тэр дундаа чанаргүй хавтан, будаг илүү ихээр бохирдуулж, хорт бодис ялгаруулж байгаа гэж ойлгоход болохоор. Энэ чиглэлд илүү их мэдээлэл өгөөч?

-НЭМҮТ 2007 оноос эхлэн дотоод орчны агаарын чанарт судалгаа хийж эхэлсэн. Одоогоор бид 17-18 төрлийн судалгаа хийгээд байна. Тодорхой нотолгоонуудыг гаргаад, асуудлуудыг дэвшүүлээд, эрх мэдэлтнүүд болон иргэдэд мэдээлэл өгч байгаа. Монголд дотоод орчны агаарын чанарыг хэмждэг, хортой хий буюу органик дэгдэмхий нэгдлүүдийг илрүүлдэг хувийн лабораторийг “Ногоон титэм” ТББ байгуулсан. Олон улсын стандартчиллын итгэмжлэл авсан байгууллага. Энэ лабораторийн дэмжлэгтэйгээр дотоод орчны агаар хэрхэн бохирдож байгааг судалж, баталгаажуулж байна. 2020 онд ЭМЯ, “Ногоон титэм” ТББ, НЭМҮТ-ийнхөн хамтраад Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 8 төрлийн барилгын материалыг цуглуулж, шинжилж үзсэн. Тухайн барилгын материалуудаар лабораторийн орчинд хиймэл орчин үүсгэж, засвар хийж, будсан. 3, 7, 28 хоногийн дараа тодорхой хэмжилтүүдийг хийсэн. Засвар хийсэн материалуудаа ангилсан. Будгаа дангаар нь хэрэглэх, шингэлэгч нэмж хийх гэх мэтээр. 8 төрлийн будаг ашиглаж, шинжилсэн. Мөн цавуутай хавтангуудыг ч гэсэн ангилж ашиглаж, шалгасан.

Монгол чинь дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой ямар ч стандартгүй шүү дээ. Тиймээс ДЭМБ-ын гаргасан зөвлөмж, стандартыг баримталсан. Будаад 3 хоносоны дараа шинжлэхэд тэр стандартаас хэд дахин давсан. Зарим тохиолдолд бүр 100 дахин давсан нь бий.7 хоногийн дахин шинжлэхэд огт буураагүй. Уг нь дотоод орчны бохирдол, хор нөлөө тодорхой хувиар буурах ёстой байдаг. 28 хоногийн дараа шинжлэхэд тодорхой хувиар буурсан ч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь хэвээр байсан. Тэр дундаа цавуутай хавтангууд, шингэлэгч ашигласан будаг зэрэг нь 10, 20 дахин их хор ялгаруулж буйг тогтоосон.Шингэлэгч бодисууд дотор формальдегид, бензол, ксилол, толуол зэрэг Монголд хэмжиж чадаж байгаа 7 төрлийн хорт бодис бүгдээрээ илэрч байгаа. Дурьдсан бодисууд бүгдээрээ хорт хавдар үүсгэдэг. Ялангуяа формальдегид, бензол нэгдүгээр зэргийн хорт хавдар үүсгэдэг бодисууд.

Хятадын судлаачид формальдегид, бензол ньхүүхдүүдийн хорт хавдар тусаж байгаа шалтгаан мөн гээд баталчихсан

-Зун болоод, хичээл амрахаар л сургууль, цэцэрлэгт засвар хийх болдог. Тендер зарлаад, засвараа хийх гэсээр байтал намар хүүхдүүд будаг ханхалсан анги, танхимд ороод суудаг. Уг нь будаг үнэртэх ёсгүй шүү дээ. Үүнээс болоод хүүхүүдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байна?

-Дэлхий дахинд олон судалгаагаар дотоод орчны органик дэгдэмхий нэгдлүүд болон тоос, тоосонцор хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталчихсан. Ялангуяа Хятадын судлаачид 1980 оноос хойш хийсэн дотоод орчны агаарын судалгаагаа багцлаад, 2022 онд хэвлүүлсэн. Энэ судалгаанаас үзэхэд, барилгын материалаас гарч байгаа дотоод орчны бохирдуулагчид хавдар үүсгэх маш өндөр магадлалтай байгааг бичсэн. Тэр битгий хэл формальдегид, бензол нь хятад хүүхдүүдийн хорт хавдар тусаж байгаа шалтгаан мөн байна гээд баталчихсан.

Манай улс Хятадаас барилгын материалынхаа ихэнх хувийг авдаг. Гэтэл Хятад улс дотоод орчны агаарын чанарын стандартаа хоёр дахь удаагаа өөрчилсөн. 2010 онд баталсан, 2020 онд дахин шинэчилсэн. Одоо дахиад стандартыг чангатгах шаардлагатай, хүний эрүүл мэндэд нөлөөлөөд байна гэж үзсэн талаар мэдээлж байна. Будаг, барилгын материалд эко шошго олгохын тулд лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Лабораторид шалгаад, шошгожуулаад, эко бүтээгдэхүүн гэж үзэх 4 ангилаллын зэрэгт хувааж байгаа юм билээ.

-Хаана ашиглахаас хамаарч ангилж байгаа гэж ойлгож болох уу?

-Гэр орон, хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчинд ашиглаж болох нь ногоон шошготой, А зэрэгтэй байна. Цаашлаад В, С, D гэх зэрэглэлээр хуваана. Энэ барилгад ийм будаг, барилгын материал ашиглана. Дараа нь орчны агаарын шинжилгээг тэдэн хоног хийгээд, ямар нэг хорт бодис илрэхгүй бол ногоон барилга гэж үзэж, хүн амьдарч, хүүхэд суралцаж болно гэсэн зөвшөөрөл өгөх юм. Үндсэндээ будаг, барилгын материал нь ногоон шошготой байхаас эхлээд л шаардлагаа тавьж эхэлнэ.Засал хийсний дараа хяналт тавихад бас л эко, ямар нэг хоргүй байх ёстой.Бүр баталгаажуулаад, стандартын дагуу үзэхэд ч гэсэн эко, ногоон, эрүүл, аюлгүй байх ёстой гэсэн шаардаж байгаа. Түүний дараа тэр барилгад хүн амьдарч, хүүхэд хичээллэхийг зөвшөөрнө.

-Ямар ч аюулгүй барилгын материал ашигласан, дотоод орчны бохирдол үүсгэхгүй гэдгийг нь шат шатанд нь батлах юм байна?

-Гурав, дөрвөн үе шаттайгаар шалгаж, баталж байж энэ барилга ногоон, эко, аюулгүй гэдэг үнэмлэхийг олгож байгаа. Хятадууд ийм өндөр шаардлага тавиад эхэлчихлээ. Энэ дагуу ажил хэрэг болгоод эхэлчихсэн байна. Түрүүнд дурьддаг 4 ангиллын зэргийг тогтоочихсон.Өмнөд хөрш ийм өндөр шаардлагуудыг тавиад, хоёр удаа стандартаа шинэчлээд, дахинд сайжруулах гээд байж байна. Гэтэл манайх хаана яваа вэ.

Европын Холбооны улсуудад гэхэд 1970-аад оноос хойш энэ чиглэлд маш сайн судалгаа хийж, стандарт гаргаж ажиллаж байна. Бүр Европын холбоогоороо 5 жил тутамдаа сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг нарийн хянадаг. Барилгын материалаас нь хор ялгарч байна уу, агааржуулалтын систем нь ажиллаж байгаа юу гэдгийг шалгадаг. Улмаар эрсдэлийн үнэлгээ хийгээд, яаж сайжруулах ёстойгоо шийдээд, зөвлөмжүүдээ гаргаад, улс орон болгон нь дагаж мөрдддөг. Дагаж мөрдөөгүй тохиолдолд хүүхдийн эрхийг нь зөрчиж байна гэж үздэг. Дэлхийн улс орнууд ингэж анхаарч байна.

Гэтэл Монголд яадаг билээ. Тендерийн тухай хуулиараа хамгийн бага үнийн санал өгснийг шалгаруулдаг. Арай гэж тендерээ зарлаад, засвар хийх барилгын компаниудаа сонгочихлоо. Мөнгө төгрөгийг нь шийдэж өгөхгүй дахиад хэд хонодог билээ. Арай гэж мөнгөө аваад, засвараа хийх гэж бас удна. Ингэж явсаар зуны амралт дуусдаг. Намар хичээл эхлэхтэй уралдаад л арай гэж дуусгадаг. Бодит байдал л энэ.Есдүгээр сарын 1-ний өдөр анги, танхимынх нь будаг хатаагүй байхад л бид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгдөг. Тэгвэл дэлхий нийтийн болон манайхаас хийсэн эрсдэлийн судалгаагаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хорт хавдарт хамгийн их өртөх магадлалтай байна.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хорт хавдраар өвчлөх маш өндөр магадлалтай гэсэн судалгааны дүн гарсан

-Монголдоо, тодорхой газруудад дотоод орчны агаарын чанарын судалгааг хийсэн гэсэн. Хэчнээн газар шинжилгээ, судалгаа хийв. Ямар үр дүн гарсан бэ?

-Бид 2019-2020 оны хооронд 144 нэгжээс 583 дээж цуглуулж аваад, Олон улсын математикийн загварчлалаар, АНУ-ын хавдрын эрсдэлийн аргачлалын дагуу үнэлгээ хийсэн. Тэгэхэд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хорт хавдраар өвчлөх маш өндөр магадлалтай гэж гарсан.

-Энэ судалгаа, шинжилгээг хийж байх үед хэчнээн тооны хүүхэд хорт хавдраар өвчилсөн байсан гэсэн нарийн тоо байгаа юу?

-Сүүлийн 10 жилийн тоон судалгаа гэж байгаа. Түүнээс үзэхэд, жилд 120 хүүхэд шинээр хорт хавдраар өвчилдөг. Үүний 44 хувь нь цусны эсийн хорт хавдраар өвчилж байгааг ЭНЭМҮТ-ийн статисик мэдээллээс харж болно. Цусны эсийн хорт хавдраар өвчлөхөд нөлөөлж буй гол эх үүсвэр нь формальдегид, бензолын агууламж.Улс орнууд өөрсдийнхөө судалгааг хийгээд, бензол тэдэн цагийн хугацаанд эдэн хувьтай байхыг зөвшөөрнө, үүнээс давбал зөвшөөрөхгүй гээд стандартаа тогтоочихсон. Харин ДЭМБ бензол дотоод орчинд огт илрэх ёсгүй. Илэрвэл хорт хавдар үүснэ гээд хориглосон байдаг.

Харин манай улс энэ бодисуудыг шинжилдэг анхны, хувийн ганц лабораторитай л боллоо. Хоёр удаа магадлан итгэмжлэл авсан. Өнөөдөр бид ингээд яриад, нотолгоотой, судалгаатай баримт дурьдаад сууж байгаагийн ач гавьяа тэр лаборатори. Улсад хувийн ч гэсэн шинжлэх лаборатори байна. Түүнээс гадна, энэ бүхнийг хянах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай. Наанадаж л стандарт хэрэгтэй байна.Аргаа барахад, сургууль, цэцэрлэгийн засвар хийх тендерийнхээ материалд ногоон, эко шошготой, А зэрэглэлийн будаг, бусад засварын бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж зааж өгөх хэрэгтэй. Тийм бүтээгдэхүүн сонгож байгаа компани тендерт сонгогддог байхаар журамлаж өгмөөр байна. Ингэж чадвал бид сөөм ч болов урагшаа ахих гээд байна.

Дотор агаарын чанарын стандартыг яаралтай батлах хэрэгтэй байна

-Одоо болтол дотоод орчны агаарын чанартай холбоотой стандарт байхгүй хэвээрээ л байна уу. Саяхан мэргэжлийн байгууллагаас нь стандарт байгаа гэсэн хариулт өгөөд байсан?

-Бид 2019 оноос хойш стандартаа боловсруулаад, зохих зөвлөлүүдээр нь хэлэлцүүлээд явж байгаа. Гэтэл манай улсад тогтолцооны асар их гажуудал байдаг. Агаарын тухай хуульд зааснаар БОЯ дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудлуудыг бүгдийг нь хариуцана. Нэгэнт хуульд тэгж заасан болохоор бид дотоод орчны агаарын чанартай холбоотой стандарт батлахдаа заавал БОЯ-наас санал, зөвшөөрөл авах шаардлагатай болчихоод байгаа юм. Хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байна.

Гадаад орчны агаарын чанарын MSN 45852016 гэж стандарт бий.Үүнийг өөрчилж байж дотоод орчны агаарын чанарын стандарт батлагдах шаардлагатай болчихсон. Энэ стандартыг гадаад орчны агаарын чанарын хэмжилт, үнэлгээг хариуцдаг яам болох БОЯ өөрчлөх хэрэгтэй.Яагаад өөрчлөх хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирэх байх. Заавал мөрдөх MSN 45852016 стандарт дотор дотоод орчны агаарыг хянана гээд оруулаад өгчихсөн. Гэтэл гадна орчны агаарт бидний яриад байгаа идимхий органик нэгдэл, хортой химийн бодисууд огт байхгүй. Зөвхөн PM2.5, бичил загвар хоёр л байгаа.

-2019 оноос хойш дотоод орчны агаарын чанартай холбоотой стандартыг боловсруулаад, ажиллаж байгаа гэсэн. Энэ хугацаанд БОЯ-ны холбогдох хүмүүстэй уулзаж, холбогдсон л байх.Яагаад ажил хэрэг болгохгүй байгаа юм бол гэсэн асуулт гарч ирж байна?

-Тэд яагаад энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгааг бид мэдэхгүй. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг л хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Бүх нотолгоог гаргачихсан. Гэртээ гал түлж байгаа айлуудын дотоод орчинд PM2.5-ын агууламжДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр байна. Тэнд илэрч байгаа органик дэгдэмхий нэгдлүүд ч бас өндөр гарч байгаа. Бүхий л орчинд бид агаарын чанарыг сайжруулах шаардлагатай. Европын холбооны сайн жишгийг нэвтрүүлж, дагаж яагаад болохгүй гэж. Европт барилгын дотоод орчныг үнэлж, ногоон шошготой, эко байвал хүлээн зөвшөөрдөг. Түүнээс гадна, гадаад орчин, барилгын насжилт, агааржуулалт гээд бүгдийг нь үнэлдэг. Гэтэл барилгын насжилт өндөр байх тусмаа радоны хэмжээ их болдог. Цацраг идэвхт бодисын хэмжээ их болно гэдэг өөрөө хорт хавдар үүсгэх нэг нөхцлийг бүрдүүлж өгч байдаг. Тиймээс барилгаа хүртэл шошгожуулаад, тэр дагуу үнэлж байна, Европт.

Дотоод орчны агаарын чанарын үнэлгээг хамгийн түрүүнд хийнэ. Тэгээд ойр орчимд нь үйлдвэрүүд байна уу гэдгээс хамаарна. Эргэн тойронд нь том үйлдвэр байх тусмаа барилгын үнэ хямдардаг.Гэрэлтүүлэг муутай, машины зогсоол багатай, хүүхэд тоглох орчингүй байвал үнэлгээ дахиад буурдаг. Харин манайд одоогоор дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүй байна. Энэ стандартыг батлуулах шаардлага маш өндөр байгаа.Хоёрдугаарт, сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл тарахтай зэрэгцэж эхлээд, 14 хоногт шахаж дуусгадаг. Зуны 3 сарын хугацаанд агааржуулалтыг маш сайн хийж, дотоод орчныг ямар нэг хор нөлөөгүй болгох хэрэгтэй. Намар хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд хүлээж авдаг баймаар байна. Эцэг, эхчүүд ч асуудлаа мэддэг, шаардлага тавьдаг болох цаг болсон. Бид будаг нь ханхалсан биш хатсан, элдэв хортой бодис ялгардаггүй анги танхимд хүүхдүүдээ суулгах ёстой юм.

Иргэд байшингаа барихдаа эрүүл мэндэд хоргүй барилгын материал сонгодог болмоор байна

-Дотоод орчны агаарын бохирдол хүүхдүүдэд бүр ч илүү аюултай байна гэсэн дээ. Хүүхэд цэцэрлэр, сургууль, гэртээ л ихэнх цагаа өнгөрөөдөг. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн орчныг зайлшгүй эрүүл, аюулгүй байлгах шаардлага тулгараад байна?

-Барилгын компанид ажилладаг, материал зардаг, засвар үйлчилгээ хийдэг хүмүүс “Таны зассан сургууль, цэцэрлэгт таны хүүхэд гүйж яваа шүү” гэж бодож ажиллаач. Яагаад хүүхэд хамгийн эмзэг бүлэг вэ. Учир нь хүүхдийн бодисын солилцоо насанд хүрэгчдийнхээс 2.5 дахин хурдан явдаг. Мөн илүү хурдан амьсгалдаг, бүх эрхтэн систем нь хөгжиж байдаг. Ялангуяа биеийн жингийн кг тутамд хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг. Түүнийгээ дагаад уушги томорч, үйл ажиллагаа нь хөгждөг. Цаашлаад бүх дархлааны болон зохицуулгын системүүд ид хөгжиж байдаг.

Бага насны хүүхэд цэцэрлэгтээ, гэртээ унтдаг. Унтаж байхдаа авч буй амьсгал сэрүүн үеийнхээс хэд дахин илүү. Сайн унтах нь өсөлтийг дэмжиж байгаа шалтгаан нь энэ. Унтаж байхдаа хүчилтөрөгчийн хэрэгцээ маш ихээр нэмэгддэг учраас дотоод орчны агаарын чанар сайн байх ёстой. Гэр, цэцэрлэг, сургуулийн орчинд аюулгүй байдлыг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай.

-Хорт хавдар тусах эрсдэл маш өндөр гэдэг нь хамгийн том аюул. Түүнээс гадна, жил бүр л ханиад томуу дийлдэхгүй байна. Харшилтай хүүхдүүдийн тоо ч их нэмэгдэж байгаа.Бид зөвхөн гадаад орчны агаарын бохирдлоос болж байгаа л гэж яриад байдаг. Гэтэл дотоод орчны агаарын бохирдол маш ихээр нөлөөлж байгааг энэ бүх тоо, баримтууд нотолж байна?

-Дэлхийн болон бидний хийсэн судалгаануудаас харагдаж байгаа. Органик дэгдэмхий нэгдэл, тоос тоосонцорууд нь харшлын гол шалтгаан болдог. Хамар битүүрэх, нүд хорсох, загатнах, хий ханиалгах зэргээр ксилол, толуолын хордлого илэрдэг. Бидний сонгож авсан барилгын материал, хулдаас, тавилгаас ялгарч байгаа хорт бодисууд тархи мэдрэл, амьсгалын эрхтэн систем, бөөрний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Маш гоё модон байшин барьдаг. Түүнийгээ шингэлэгч бодисоор шингэлсэн лакаар будчихдаг. Маш буруу.Ямар эко аргаар байшингаа засах, гоёх вэ гэдгээ иргэд маш сайн бодолцох хэрэгтэй. Барилгын материал үйлдвэрлэж байгаа, импортоор оруулж ирж байгаа хүмүүс ч энэ тал дээр анхаарах ёстой.

-Ногоон шошготой, А зэрэглэлийн, хүний биед хоргүй будаг, хавтан, барилгын материал урд, хойд хөршид ч байна, Европт ч байгаа.Ямар нэгэн шингэлэгч ашиглах шаардлагагүй, усан суурьтай, зөвхөн цэвэр усаар шингэлдэг будгууд бий. Энэ мэт материалыг ашиглах нь дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, эко орчин бий болгох нэг шийдэл байх?

-Бидний сонголтын гарц. Хэрэглээ болон бодлого дээр тулгуурласан хоёр гарц бий. Бид хэрэглээгээ зөв болгочихвол наанадаж амьдарч байгаа гэртээ хортой агаар амьсгалахгүй гэсэн үг. Бодлогын түвшинд бид хүүхэд рүүгээ илүү их анхаарч, суралцаж, хүмүүжиж байгаа орчныг нь сайжруулахгүй бол болохгүй. Бид намар есдүгээр сараас хавар зургадугаар сар хүртэл 10 сарын турш сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдээ өдрийн 8 цагаар үлдээж байгаа гээд бод.

-Эцэг, эхчүүд шаардлага тавихаар арай л хүчгүйдэх байх. Зайлшгүй л бодлого гаргаж, хууль, журмандаа оруулж, стандартаа хурдан батлах ёстой юм байна гэж бодлоо?

-Хууль, журамд оруулж, стандарт батлахын тулд эцэг, эхчүүдийн шаардлага, гомдол санал хэрэгтэй байна. Энэ чинь иргэдийн эрхийн асуудал. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тийм. Үндсэн хуульд заачихсан байгаа. Хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд суралцуулахын тулд шаардлага тавих эрхтэй юу гэвэл эрхтэй. Бид өөрсдийн хийсэн судалгааныхаа мэдээллийг Хүний эрхийн комисст өгчихсөн. Нэг, хоёр эцэг, эх ХЭҮК-т мэдээлэл өгөхөд л шаардлага болно. Хүмүүс мэдэхгүйгээсээ болоод энэ асуудалд анхаарал тавихгүй байна. Би гэртээ засвар хийгээгүй юм чинь, надад дотоод орчны агаарын чанар хамаагүй гэж боддог. Гэтэл таны хүүхдэд хамаатай.

-“Ногоон титэм”-ийнхэнтэй холбогдож, өөрсдийн амьдарч буй орон байрныхаа дотоод агаарын чанарыг шинжлүүлж, хортой байгаа эсэхийг нь тодорхойлуулах боломжтой болов уу?

-Боломжтой, тухайн компанийнхантай холбогдоод үзүүлчихэж болно. Иргэд хаус, зуслангийн байшин захиалаад бариулдаг. Бид судалгаа хийж үзэхэд, эсгийн материал бүхий дулаалгатай хаусны дотор агаарын чанар маш муу байсан. Амины орон сууц, хаус бариулахдаа барилгын компани ямар материал сонгож байгаа вэ гэдгийг судалж, мэдэх хэрэгтэй. Сайхан агаарт, гоё байшинтай болчихлоо гэж боддог. Гэтэл барилгын заслыг хийхдээ сонгосон материалууд нь чанаргүй бол яах вэ. Хамаг мөнгөө өгч байшин бариулчихаад, хордоод байх уу.

Бүр ийм тохиолдол гарсан. Сайхан хаус худалдаад авчихлаа гээд хүүхдээ аваад очсон. Хоёр хоноод хүүхдийнх нь хамраас цус гарсан. Байшинд нь очоод “Ногоон Титэм”-ийнхэн шинжлэхэд дотор агаарын чанар муу, хор илэрсэн. Сарын дараа очоод шинжилсэн ялгаагүй байж л байсан. Тэр айл барилга барьсан компанидаа хэлж, бүх материалыг нь солиулж, дахин засвар хийлгэх шаардлагатай болсон. Ийм тохиолдлууд гараад байна. Тиймээс байшин худалдаж авахдаа хэмжилт хийлгэдэг болъё. Барилгын материал сонгохдоо эрүүл, эко, ногоон шошготойг нь авъя. Мэдлэг, мэдээлэлтэй болмоор байна, иргэд.