Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 4-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр /04-р сарын 01-ний/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн баруун хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -15…-20 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +1…+6 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх гол орчмоор +8…+13 градус, Хангайн нурууны өвөр бэл , говийн бүс нутгийн хойд хэсгээр +4…+9 дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө хүйтэрч -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө хүйтэрч -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө хүйтэрч -5….-7 градус хүйтэн байна.

2023 оны 04 дүгээр сарын 02-06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 4,5-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нүхэн жорлонгоо буулгаагүй жуулчны баазын газар эзэмших эрхийг цуцална DNN.mn

Аялал жуулчлалын бүсийг “НҮХЭН ЖОРЛОН”-гоос салгах даалгавар жилийн өмнө гарсан хэрэгжихгүй байсан тул энэ хавраас буулгаж эхэлсэн.

Өнөөдрөөс буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 01-нээс буулгаагүй, нүхэн жорлонтой аялал жуулчлалын баазуудын газар ашиглах эрхийг цуцалж, аялал жуулчлалын бүс болгох ажлыг эрчимжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилалт хийв DNN.mn

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.4 дэх заалтад “Ажилтан албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн гал түймэр унтраах, аврах 34-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилалтыг Монголын Хүүхдийн ордны албан хаагчид болон дугуйлангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уг тактикийн сургуулилалтаар гамшгийн нөхцөл байдал, газар хөдлөлт болон гал түймрийн аюулын талаар мэдээлэл өгч, болзошгүй гамшиг, ослын үед гал сөнөөгчидтэй богино хугацаанд шуурхай хамтран ажиллах, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зэргээр дадлага хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хяналтгүй зарцуулагдсаар байна DNN.mn

Ковидын үеэр коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх нэрээр хувийн эмнэлгүүд нэлээд их хэмжээний мөнгө угаасан. Хөнгөн өвчтөнийг хүндэвтэр болгож өвчний түүх бичиж, тав болон долоо хоноод эмнэлгээс гарсан өвчтөнийг заавал 10 хоногоор тулгаж бичээд Эрүүл мэндийн даатгалын сангаас төсвийг нь авдаг. Ковидын жилүүдэд нэг өвчтөнд дунджаар 200.000 төгрөгийн эмчилгээ хийгээд улсаас 2.1 сая төгрөг болгон нэмж авсан эмнэлэг ч байгаа юм. Ийм луйврыг эмнэлэг дангаар хийдэггүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхантай үгсдэг гэж байгаа. Энэ маягаар цар тахлын үед ямар их хэмжээний хөрөнгө бусдын халаас руу хяналтгүй орсныг тооцох боломжгүй юм.

Өнөөдөр ч Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй байна. Байсхийгээд иргэдийн гар утсанд “Та эрүүл мэндийн даатгалаар тэдэн төгрөгийн үйлчилгээ авлаа. Таны эрүүл мэндийн даатгалаас суутгалаа” гэх мессэж ирдэг болоод удлаа. Гэтэл тухайн иргэн эмнэлэгт очоогүй байдаг. Иргэн Д.Сайханцэцэг ийм баримтыг ярьж байна. Тэрбээр “Өнгөрсөн сард миний гар утсанд 133103 дугаараас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 456.450 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Таны эрүүл мэндийн даатгалаас суутгаж авлаа” гэсэн мессэж ирсэн. Би бараг сүүлийн нэг жилийн хугацаанд эмнэлэгт хандаагүй. Гэтэл яагаад даатгалаас маань ийм их хэмжээний мөнгийг суутгаж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар тодруулах гэсэн боловч дорвитой хариулт олж авч чадаагүй байна” гэлээ. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Уранбилэг “Надад ч бас ийм явдал тохиолдсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур Эрүүл мэндийн даатгалын газраас 219.000 төгрөгийн үйлчилгээ авсан байна, баталгаажуулна уу гэсэн мессэж ирсэн. Би одоо жирэмсэн ч гэлээ ойрын үед эмнэлэгт очоогүй. Энэ талаар лавлахаар ЭМДЕГ-тай холбогдохоор мэдэх хүн олдохгүй юм” гэж байв. Энэ тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “Иргэдийн өвчний түүх дээр утасны дугаарыг нь тэмдэглэж авдаг. Тэр дугаарыг л бид ашигладаг. Гэтэл түүн дээр өөрийнхөө дугаарыг хүмүүс бичихгүй хамт яваа хүн, хамаатан садан, дүү, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн утасны дугаарыг биччихдэг. Магадгүй эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад нь мессэж ирж байгаа бол миний ойрын ямар хүн эмнэлэгт хэвтлээ, эмнэлэгт үзүүллээ, тусламж үйлчилгээ авлаа гэдгээ бодох хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгдөг. Цахим үндэстэн, Цахим Монгол гэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үед ийм тайлбар хэтэрхий бойтог юм.

Түүгээр зогсохгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалаас мөнгө үрэгддэг асуудал зөвхөн гар утсанд мессэж ирснээр зогсохгүй. Эмнэлгийн үйлчилгээ авахаар очсон иргэд үйлчилгээгээ авч чадахгүй буцах тохиолдол байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Б.Цэцгээ ээжийгээ БНСУ-д эмчлүүлээд иржээ. Монголд ирээд улсын эмнэлэгт үзүүлэхээр хандахад “Дөлгөөн амьдрал” гэх эмнэлэгт битүүмж үүссэн байна гээд эмнэлгийн тусламж үзүүлээгүй тухай ярьж байна. Тэрбээр “Ээж маань улсын эмнэлэгт үзүүлж чадахгүй байгаа. Бас дээр нь өрхийн эмнэлгээсээ хөнгөлөлттэй эм бичүүлж авсан гэж гарч ирээд байгаа. Үнэхээр гайхаж байна. Солонгост багагүй хугацаанд эмчлүүлсэн. Монгол Улсад ойрын хугацаанд байгаагүй. Гэтэл тэр хооронд нь ээжийн маань эрүүл мэндийн даатгалын мөнгийг ашиглаж байгаад гомдолтой байна” гэж байв.

Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гомдол тасардаггүй юм байна. Рашаан сувиллууд ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр хэвтүүлэн эмчлээд улсаас өндөр мөнгө татдаг нөхцөл байдал ч байдаг юм байна. Энэ тухай иргэн Г.Доржсүрэн “Би Оргил рашаан сувилалд эмчлүүлэхээр хэвтсэн. Гэвч сувиллаас гарахад тав хоног дутуу байхад хувийн шалтгаанаар гарсан. Гэтэл эрүүл мэндийн даатгалыг маань хааж өгөхгүй байсаар тав хоногийг нь гүйцээгээд хааж байна. Нэг ёсондоо эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад авсан болгож тооцдог юм байна. Уг нь тухайн хүний авсан үйлчилгээний төлбөрийг л Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг баймаар юм. Ийм байдлаар улсыг маш их хохироодог бололтой” гэсэн юм. Нэрээ нуусан бас нэгэн иргэн өөрт тохиолдсон жишээг дуулгасан билээ. Тэрбээр “Би “Натур мед” эмнэлэгт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амрааж байгааг дуулаад хэвтсэн юм. Анх хэвтэхэд надаас ор хоногийн мөнгө гэж 280.000 төгрөг, нэмээд шинжилгээний төлбөр гэж 100.000 төгрөг авсан. Ингээд эмчлүүлээд гарахад баримтаа автал “1.624.000 төгрөгийг ЭМДЕГ-аас авав” гэсэн байсан. Нэг хүн долоо хоног хэвтэхэд ийм өндөр төлбөртэй үйлчилгээ авах боломжгүй шүү дээ. Иргэдийн авсан үйлчилгээг хэд дахин нэмэгдүүлж даатгалын сангаас авч байна гэж хардахаас аргагүй” гэлээ.

Энэ мэтчилэн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө үр ашиггүй, хяналтгүй зарцуулагдсаар байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Буянбадрах: Монгол Улсад нэмүү өртөг шингээсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг улам хааж боогдуулж байна DNN.mn

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ГҮТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-Та ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөлтэй танилцсан уу?

-Танилцсан. Хэлэлцүүлэгт нь оролцсон. Ашигт малтмалын тухай хууль Монгол Улсын хөгжлийг тодорхойлдог маш том хууль. УИХ-ын сүүлийн дөрвөн чуулганаар хэлэлцүүлээгүй маш удаан боловсруулагдсан гэхэд судалгаа муу, энэ салбарт болж байгаа алдаа, хүндрэлийг засч залруулахыг хүсээгүй, хүнд суртлыг улам дэмжсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ямар ч тодорхой заалтгүй маш муу төсөл болжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид, бизнесмэнүүд, салбарын ахмадууд хуулийн төслийг хангалттай шүүмжилсэн. Шүүмжлэлийг хүлээн авахгүй бол энэ салбар хөгжихгүй улам л уруудахааар болжээ. Уул уурхайн салбарыг нөөц сайтай 3-4 компанийн экспорт нүүрс тахалж байна.

-Та баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн АМНАТ-ийн асуудлыг их хөндөж ярьдаг даа. Энэ талаар хэрхэн тусгагдаж вэ?

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих бус улам дампууруулах, ашигт малтмалаа ямар ч баяжуулалт, боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь экспортлох зорилготой хуулийн төсөл болжээ. Ашигт малтмал хэдийгээр “Төрийн нийтийн өмч” боловч хэт өндөр хувь хэмжээгээр АМНАТ ногдуулснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Татварын хувь хэмжээ оновчтой, үр ашигтай байж компаниуд нь төлж чаддаг. Өндөр татвартай ашиггүй төсөлд ямар ч хөрөнгө оруулагч орохгүй. 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөс хойш өөрийн ордгүй 30 орчим баяжуулах үйлдвэр татварын өрөнд орж 1500 орчим хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон, хэд хэдэн үйлдвэр АМНАТ-өөс болж үйлдвэрээ барьчихаад ажиллуулж эхлээгүй. Ийм үед ямар ч судалгаа хийхгүйгээр хуулийн төслийг боловсруулжээ. Сангийн яам, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамныхан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын шат бүрт /НӨАТ шиг/ АМНАТ ногдуулдаг бодлогыг дахин баримталсан байна. Бусад улс оронд “Роялти”-г олборлолт, баяжуулалтын шатанд зөвхөн нэг удаа авдаг. Товчхон хэлэхэд, төрийн өмч байхад нь олборлогч АМНАТ төлөөд олборлогч компанийн өмч болно. Энэ компанийн өмчийг худалдаж аваад өмч эзэмших дахин шилжээд баяжуулаад, боловсруулаад зарахад дахин “Роялти” ногдуулдаг улс энэ дэлхийд байхгүй. Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд агуулга багатай жоншны болон төмрийн хүдэр, нүүрсийг АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдан авч, баяжуулаад, боловсруулаад, угаагаад эдийн засгийн эргэлтэд оруулахад дахин АМНАТ төлдөг болгосноор бүгд ажиллах тусам алдагдалтай тул үйл ажиллагаагаа зогсоосон.

-Ямар түвшиндээ үйлдвэрлэл, экспортын бодлого алдагдаад байна?

-Яамдын түвшинд судалгаа хийдэг, бодлогын алдаагаа засах чадвартай дарга, мэргэжилтнүүд байхгүй болжээ. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрсний хий гаргахад хамтарч ажиллана, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо боомилсон бодлогыг хэрэгжүүлээд дөрвөн жил гаруй боллоо. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийг бодоод баяжуулах үйлдвэрүүдийг ажиллуулж бусад татварыг нь төлүүлэх нь улс оронд илүү ашигтай байх хувилбарыг ерөөсөө ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд яриад байдаг баяжуулах, боловсруулах салбар дээр маш их валютын орлого олох боломж байгааг олж хардаггүй бололтой. Энэ бодлого Засгийн газар дээр засагдахгүй бол УИХ дээр засагдаасай билээ. АМНАТ-аар дарамталж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татваруудаа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой.

-Хуулийн төсөлд баяжуулах үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгох талаар тусгажээ. Баяжуулах үйлдвэрүүд тусгай зөвшөөрлөө авч чадах уу?

-УИХ, Засгийн газар тусгай зөвшөөрлийн тоог бууруулна гэдэг ч доод шатандаа нэмэх сонирхолтой. Ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрлийг өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд авах боломж маш бага. Яагаад гэвэл Татварын ерөнхий газраас бүх компаниудад маш өндөр /АМНАТ/ нөхөн татвар, торгууль, алданги тавигдсан бүгд өртэй болсон. Татварын алба авч чадахгүй авлагатай, татвар төлөгчид хэзээ ч төлж чадахгүй өртэй болсон. АМНАТ-ийг хугацаандаа төлөөгүй бол Тусгай зөвшөөрөл шууд цуцлагдахаар заасан. Энэ заалт ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх этгээдэд хамаарна. Тэгэхээр Улсын комисс үйлдвэрийг хүлээж авдаг болно. Тэр комисс ямар хүнд сурталтай байдаг билээ дээ. Баяжуулах үйлдвэрүүд хаалтын үйл ажиллагааны санхүүжилтийн баталгааг бүрдүүлнэ. Өрөнд орсон компаниуд хаанаасаа ямар баталгаа гаргах юм бол. Монгол Улсад нэмүү өртөг шингээсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг улам хаан боогдуулж байна.

-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар саналаа хэлэхгүй юу?

-Төмрийн баяжмал дээр жишээ авъя. Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулдаг. Тухайлбал, төмрийн баяжмалаа 1 тн-ыг 80 ам.долараар зарсан байхад 120 ам.доллараар зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Биржийн арилжааг бид дэмжиж байна. Биржийн үнээрээ АМНАТ ногдуулдаг хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлвэл экспортлогч компаниудад маш их хэрэгтэй.

-Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Үндсэн хуультай зөрчилдсөн хэд хэдэн заалт орохоор байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар баяжуулах, боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэхгүй, агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй хаягдаж валютын орлого орж ирэхгүй, ажилгүйдлийн тоо буурахгүй, улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэхгүй, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалга, Шинэ сэргэлтийн бодлого “Аж-Үйлдвэржилт” хэрэгжихгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 1, Санчир гариг. Билгийн
тооллын 11, үнэг одтой,
шарагчин үхэр өдөр. Өдрийн
наран 6:32 цагт мандан, 19:21
цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох,
хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл
байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж
өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал
үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун хойш мөрөө гаргавал
зохистой. Тэрсүүд өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрхтэн хурц болно