Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим хэсгийн айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүссэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 4-5 дугаар автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг хэвийн горимд оруулж, 32 дугаар хороо Мал бордооны хэсэгт 2 айл өрх рүү ус орсон, 2 автомашин усанд автсан байгааг аюулгүй болголоо.

Мөн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүсэж байсныг 3 км орчим газарт 16 автомашин шороо асгаж далан үүсгэж 60 гаруй айл өрхийг усанд автах эрсдэлээс хамгааллаа.

Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм улс-төр

МАН өөрсдийнхөө хулгайчдыг эхлээд барь, юун “Ажнай” Бат-Эрдэнэ, АН-ынхан буруутай болоод явчихав аа… DNN.mn

Нүүрсний хулгайчидтай хийсэн дайн нүргээнтэй эхэлсэн. Бөөн жагсаал цуглаан, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар шил шилээ даран төв талбайд гарч ирж 2,4 тэрбум ам.долларын оффтейк гэрээг зарласан. “Эрдэнэс таван толгой” компанийн бүх удирдлагыг барьж хорьсон. Нөгөөдүүл нь хоригдсон даруйдаа өөрсдөд нь нөлөөлдөг УИХ-ын гишүүдийг нэрлэж эхэлсэн. Түүнийг нь АТГ-аас шууд зарласан. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд… хэн хэн нь ч билээ. Араас нь залгуулаад Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гээд гарч ирэв. Ингээд эрч хүчтэй явж байтал тэр бүх нэрс живж алга болов. Ард түмэн нэг мэдсэн “Ажнай” Бат-Эрдэнэ гэсэн ганц нэртэй үлддэг байна шүү. Тэр нь тэгээд АН-ын гишүүн. Бүр сүүлдээ АН-ынхан нүүрс хулгайлсан гэх мэдээлэл явж эхлэх шинжтэй. Ард түмэн тэнэг биш шүү дээ, эрх баригчид аа. 2016 оноос хойш тасралтгүй Монголын төрийг засаглаж байгаа МАН хулгайчгүй болж, бүтэн найман жил гудамжинд яваа АН-ынхан нүүрсний хулгайчид болж хувирах нь ард түмнээ дэндүү доромжилсон хэрэг биш үү. Нүүрсний хулгай нийгэмд хүчээ авах үед энэ асуудлыг шалгах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Гэтэл Ажлын хэсгийн даргаар томилох гишүүн МАН дотроос олдохгүй, аргаа барсан намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “За одоо уул мөргөцгөөр нь биш уурын зуух төдийхний нүүрс хуссан юм даа, Өвөрхангайгаас сонгогдсон Ганболдыг Ажлын хэсгийн ахлагчаар тавья” гэж Их хурлын даргатай ярьж суусныг олон хүн гэрчилнэ шүү дээ. Ингэтлээ хулгайчдаар дүүрсэн нам. Нүүрсний хулгайд Л.Оюун-Эрдэнээс бусад нь оролцсон л байгаа байхгүй юу. Тэгсэн өнөөдөр хулгайчгүй, цэвэр ариун МАН болчих гээд тууж явдаг. Үнэндээ “Ажнай” Бат-Эрдэнийг хулгайчаар цоллоход хамгийн дөхөм. Учир нь тэрбээр орон нутгийн өмчит “Жижиг Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч. Тэр ордыг хувийн хэвшлийн хөрөнгөөр эдийн засгийн эргэлтэд оруулж, ашгаас нь Өмнөговь аймагт, өмнөговьчуудад хувьцаа хэлбэрээр тараадаг компанийг удирдаж байсан, ерэн оны үеийн бизнесмэн. Одоо бол УИХ-ын гишүүн юм.

Гэхдээ бас гуя дагуулж хүзүү гэгчээр намаасаа заавал нэг хүнээр туг тахихгүй бол нийгэмд шившиг болохоо МАН-ынхан мэднэ. Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Наранбаатар гэж залуухан гишүүний нэрийг түдгэлзүүлэхээр оруулжээ. Дээр нь нэмээд “Эрдэнэс таван толгой” компанийн захирал асан Ганхуяг шоронгоос “Чамтай л хамт үхнэ шүү, Аюурсайхаан” гэж орилсоор байгаа учраас, тэр нь нийгэмд нэгэнт гэрэлд цохиулсан болохоор Т.Аюурсайханы нэр явж байх шиг байна. Эцэстээ энэ хоёр нь Их хуралдаа үлдээд АН-ын гишүүн, “Ажнай” Бат-Эрдэнэ ганцаараа цоллуулж ард түмнийг доромжлох вий дээ. Ийм л сценари, увайгүй үйлдлийг эрх баригчид, МАН-ынхан хэрэгжүүлж эхэллээ. Уг нь төр түмэн нүдтэй л гэдэг дээ.

Эцэст нь нэг л бодит харьцуулалт хэлье. Сая Цагаан сараар орон нутгийн “Жижиг Таван толгой” компани буюу “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшдэг тус компаниас ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тараасан. Тэр нь 144 тэрбум төгрөг. Өмнөх жилийнх нь 60 тэрбум төгрөг. Жил бүр ингэж л тэрбумаар нь ногдол ашиг тарааж ирсэн компани. Тэгвэл Монголын ард түмэн бүгдээрээ 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс таван толгой” компани хэзээ хувьцааны ногдол ашиг тараасан юм бэ. Ашиг хуваарилаагүй шүү дээ. Ашиг орлогыг бүгдийг нь МАН-ынхан хулгайлж, эхнэр нөхөр, ах дүүс, нууц амрагуудтайгаа тансаглаж, дэлхийн тэрбумтнууд шиг амьдарч байгаад ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрэх гээд байгаа юм. Бодит үнэн ийм л байна. Иргэдэд 144 тэрбумын ногдол ашиг хуваарилсан орон нутгийн Таван толгойн хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг нүүрсний хулгайч болгоод, харин түүнээс 1000 дахин илүү ашиг олж байсан “Эрдэнэс таван толгой” компаниас хулгайлж баяжсан МАН-ын гишүүд ард нь сугарч үлдэх нь ард түмнийг, ардчиллыг доромжилсон дэндүү гутамшигтай үйлдэл.

Хоёр сонгууль дараалан Монголд ноёрхож байгаа МАН-ынхан ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замаас нийтдээ 40 их наяд буюу улсын төсвөө гурав дахин нийлүүлсэнтэй тэнцэх мөнгийг хулгайлчихаад байна. Энэ хулгайн схем нь тодорхой болсон. Төрийн өмчит компани дээр цүнх баригчдыг тавьж байгаад хулгайлдаг. МАН-ынхан энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бие биедээ барьцаалагдаж, эцэстээ сөрөг хүчний нэг гишүүнийг золиослох арга руу ил цагаан орсныг ард түмэн минь анхааралдаа авна уу.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байх жишээтэй. Тэрбээр “Миний бие бүх асуудалд нээлттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ нийгэмд илэрхийлсээр байгаа. УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гурван гишүүний нэрс дотор “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүний нэрийг оруулж ирсэн нь, түүн рүү нэгдсэн фронтоор дайрч байгаагийн цаана ийм л шившигт үйлдэл нуугдаж байна даа, монголчууд минь.

С.Доржсүрэн

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Наранбаатар: Намайг хэлмэгдүүлэх нөхцөл бүрдчихсэн байна гэх болгоомжлол төрсөн учраас л бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулъя гэж байгаа юм DNN.mn

УИХ-ын нэр бүхий гишүүдийг нүүрсний гэх хэрэгт холбогдуулан хууль, хяналтын байгууллагаас шалгаж буй. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү саналыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Тиймээс прокуророос нэр нь орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нүүрсний хэрэгт холбоотой улстөрчдийн дунд таны ч нэр явж байх юм. Та үнэхээр энэ хэрэгт холбоотой юм уу. Яг яагаад нүүрсний гэх хэрэгтэй нэр холбогдчихсон юм бэ?

-Өнгөрсөн оны 12 дугаар сард нүүрсний хэрэгт холбогдолтой улстөрчдийг зарласан. Ингэж зарлахдаа надад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Өөрөөр хэлбэл таныг бид ийм хэрэгт холбогдуулан ингэж шалгаж байгаа шүү гээд нэг удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Байцаалт авъя гэж дуудаагүй. Гэнэт нэг өдөр л шууд нийгэмд миний нэрийг зарласан. Хууль хяналтын байгууллагын энэхүү үйлдлийг миний хувьд тодорхой хүний эрхийн чигтэй хуулиудыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Шалгаагүй, дуудаагүй, нэг ч мэдүүлэг, байцаалт аваагүй байж гэнэт нэг өдөр шууд нэрийг нь олон нийтэд зарлана гэдэг бол байж боломгүй том алдаа. Угтаа нэг удаа дуудаад гэрчээр мэдүүлэг авсан эсвэл яллагдагчаар татсан, бүр шүүхийн шийдвэрээр хэрэгт холбогдолтой гэж үзэж байгаа үйл явцын дунд ингэж нэр зарлаж болох л байх. Гэхдээ огт тийм зүйл болоогүй байхад шууд нэрийг нь зарлана гэдэг бол цаана нь том сонирхол байна уу гэж хардаж байгаа.

-Таны нэрийг шууд зарласныг та хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм уу?

-Ингэснийх нь цаад зорилго бол тодорхой харагдаж байгаа юм.

Юу гэхээр эхлээд Н.Наранбаатар гэх нөхрийг нийгэмд нэрийг нь цоллоод олон нийтээр яллуулчихъя. Дараа нь хэрэгт холбогдуулаад шалгачихаж болох байлгүй гэсэн зохион байгуулалттай хууль бус ажиллагаа явагдсан гэж харж байгаа. Тэр дундаа олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн, нийгмийн томоохон жагсаал цуглааны үеэр зарлаж байгаа нь миний хардах үндэслэл болж байгаа юм. Тодорхой биз дээ. Тухайн үеийн нөхцөл байдал, уур амьсгалыг намжаахын тулд л бидний нэрийг зарласан шүү дээ. Энэ бол нэг талдаа хүний эрхэнд ноцтой халдаж байгаа үйлдэл.

Ингээд нийгмийн анхаарал энэ хэрэгт тэр дундаа ямар улстөрчид холбогдох бол гэсэн гал дунд намайг шууд шидсэн. Тэр утгаараа буруу ч зөв ч улстөрч гэдэг утгаараа олон нийт шууд л хулгайч гэж үзэх нь тодорхой. Цаг үеийг нь олж, улс төрийн зорилгоо биелүүлж чадсан. Өөрөөр хэлбэл эхлээд нийгмээр биднийг яллуулсан. Энэ зорилго нь амжилттай болсон. Одоо нийгэмд намайг нүүрсний хулгайч л гэж ойлгож байгаа. Энэ зорилгодоо хүрснийхээ дараа намайг шалгаж эхэлсэн байдаг.

-Одоогийн байдлаар танаас хэдэн удаа мэдүүлэг аваад байна вэ. Та дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч байгаа юу?

-Мөрдөн байцаах ажиллагаанд миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй гэдэг утгаараа огт саад болоогүй. Дуудсан цагт нь очиж, холбогдох мэдээлэл, мэдүүлгийг өгч байгаа. Өнгөрсөн арванхоёрудугаар сард надаас хоёр удаа гэрчийн мэдүүлэг авсан. Харин Цагаан сарын дараа таныг яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой ирж танилц гэсэн. Улмаар тэрхүү яллагдагчаар татсан тогтоолыг нь харахад ямар ч үндэслэлгүй тодорхойлолтууд байсан.

-Үндэслэлгүй баримтуудаар яллагдагчаар татсан гэлээ. Яг ямар зүйлээр татаад байгааг та тодорхой хэлж өгч болох уу. Энэ нь эсвэл мөрдөн байцаалтын нууц уу?

-Яллагдагчаар татагдсан иргэн мөрдөн байцаалтын нууцыг задруулж болохгүй гэсэн үүргийг хүлээж гарын үсгээ зурдаг. Тиймээс тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй.

-Таны хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан шүү дээ. Тэр утгаараа таныг энэ хэрэгтэй холбоотой гэж үзээд байна уу?

-Миний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Өнөөдөр шуугиад буй нүүрсний хулгайн хэрэг яг тэр үетэй давхцаж яригддаг. Энэ нүүрсний хулгай гэдэг зүйл Таван толгойн орд, Гашуунсухайтын хилийн боомтод гарсан асуудал байх. Үүнтэй аймгийн Засаг дарга холбогдох ямар ч боломж байхгүй. Засаг даргын ажил гэдэг бол хуулиараа эрх үүрэг нь заагдчихсан албан тушаал. Засгийн газрын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлдэг л хүн. Төрийн ямар нэгэн яам, агентлагийн хүнтэй шууд харилцаад явах боломжгүй. Төрийн өмчит компаниудын болоод хил, боомтууд дээр шууд үйл ажиллагаа, бодлого гаргаад яваад байх боломжгүй. Тэр утгаараа нүүрсний хулгай гарсан гэх Эрдэнэс таван толгой компани бол зуун хувь төрийн мэдлийнх. Дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд ТУЗ нь явдаг, гүйцэтгэх удирдлага нь байдаг зүйл. Оффис, ажлын байр гээд бүх зүйл нь Улаанбаатар хотод байдаг. Тиймээс үүнд хаа байсан Өмнөговь аймгийн Засаг дарга оролцоод явах ямар ч боломж байхгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр хил дээр ажиллаж байгаа газрууд байна. Тэр нь Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гааль, Тагнуул, Цагдаа, Авто тээвэр гэсэн босоо удирдлагатай байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудын удирдлагуудын нэгийг ч аймгийн Засаг дарга томилдоггүй. Тэр утгаараа хил гаалиар хулгайн нүүрс нэвтэрч байна уу, үгүй юу гэдгийг аймгийн Засаг дарга мэдэх боломжгүй гэсэн үг. Тиймээс Засаг даргын ажил хийж байсан гээд нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй шүү дээ.

-Таны хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа холбогдох байгууллагуудын удирдлагуудыг томилдоггүй байсан учраас энэхүү хэрэгт холбогдолгүй гэж байна. Нөгөөтэйгүүр оффтэйк гэрээгээр дамжуулан нүүрсний хулгай явагдсан гэж үзээд байгаа. Үүнд та ямар нэгэн байдлаар оролцоотой юу?

-Үүнд бас л миний оролцоо гэж юу байх билээ дээ. Оффтэйк гэрээ гэж маш өндөр дүнтэй гэрээнүүд байгуулагдсаныг мэдэж байгаа. Нийтдээ есөн гэрээ байгуулагдсан гэж ойлгож байгаа. Эдгээр гэрээ хэзээ яаж байгуулагдсан, ямар үнэ өртгөөр хийгдсэнийг аймгийн Засаг дарга мэдэх боломжгүй. Үүнийг нууцын зэрэгт авчихсан байсан. Нөгөөтэйгүүр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг аймаг, орон нутаг өөрөө удирдаж зохион байгуулсан зүйл байхгүй. Энэхүү том бүтээн байгуулалт хийгдэж байхад орон нутгийн зүгээс иргэд, малчдынхаа амьдрах орчин нөхцөл ямар байна, тэр чигийн ажлуудаа л зохицуулаад явж байсан. Миний хувьд тэр нүүрсний гэрээ яаж хийгддэг, хэн нь зөвшөөрснөөр хийдэг юм гэдгийг огт мэдэхгүй ээ. Мэдэх ч сөхөөгүй, орон нутгийнхаа ажилд л анхаарсан. Нөгөөтэйгүүр манай аймагт олон аж ахуйн нэгж уул, уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс болж аймаг, орон нутгийн байгалийн сүйрэл явагдаж байгаа нь үнэн. Хөрш, шороо шимгүй болсон, ус татарсан, цөлжилт гамшгийн хэмжээнд хүрсэн гээд байгаль, экологийн асуудлууд үнэхээр санаа зовох асуудал болсон. Тэр утгаараа миний хувьд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудад Засаг даргын хувиар маш их шаардлага тавьж ажилладаг байсан.

-Засаг дарга байхдаа уул, уурхайн компаниудад өндөр шаардлага тавьж ажилладаг байсан гэж байна. Эдгээр компаниудын цаадах эзэд нь одоо тан дээр улс төрийн тоглолт хийгээд байгаа юм биш үү. Та асуудлыг энэ өнцгөөр нь харж байгаа юу?

-Миний хувьд энэ асуудлыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн байдлаар тэдгээр компаниудын эзэд намайг харлуулъя гээд зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулж байгааг худлаа гэж хэлэхгүй. Бусдаар бол ямар нэгэн намайг харлуулах сонирхолтой бүлэг байхгүй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нам талаасаа гэдэг юм уу, улс талаасаа тийм зүйл байхгүй. Зарим хүмүүс асуудаг. Тан дээр улс төр хийгдээд байгаа нь тойргийн зодоон хүчтэй явагдаад байгаагийн илрэл биш юм уу гэж. Би бол тэгж бодохгүй байгаа. Учир нь 2020 онд УИХ-д нэр дэвшиж өрсөлдөхөд нам дотроо битгий хэл өрөөлийн намаас ч намайг дайрсан зүйл огт ажиглагдаагүй. Тиймээс улс төр талаасаа ямар нэгэн явуулга байхгүй болов уу гэж хараад байгаа. Манай аймгийн хувьд ч улс төрийн асуудал бусдаасаа харьцангуй тайван явагддаг газар шүү дээ. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг зарим нэг хариуцлагагүй уул уурхайн компаниудын зүгээс намайг харлуулах, улс төрийн захиалгаар татаж унагаах үйлдлүүд хийж байж болзошгүй.

-Жагсаалын үеэр олон нийтэд нэрийг минь зарласан гэж байна. Тухайн үед танай намаас тантай хамт таван гишүүний нэрийг АТГ-аас зарласан байдаг. Гэтэл өнөөдөр прокуророос орж ирж байгаа нь таны нэр л байна. Нөгөө дөрвөн гишүүний нэр яагаад орж ирсэнгүй вэ. Үнэхээр тэд буруугүй та буруутай болж таарч байна уу?

-Би өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгээ маш сайн мэдэж байна. Бусад гишүүдийн асуудлыг би яаж мэдэх билээ. Хуулийн байгууллагууд нь шалгаад зарим гишүүдийг холбогдолгүй гэсэн байна лээ. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед миний нэрийг яагаад зарласныг та асуусан. Магадгүй надад муу санасан, өмнө нь таарамжгүй харьцаатай байсан хүмүүсийн зүгээс мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа дандаа аймгийнхаа төлөө, орон нутаг, иргэдийнхээ төлөө л ажилладаг байсан. Хувь хүн талаасаа тэднээс ямар нэгэн зүйл шаардаж, шахалт үзүүлсэн үйлдэл огт гаргаж байгаагүй.

-Таны хувьд асуудал маргааш, нөгөөдрийн чуулганаар яригдана. Тэр утгаараа гишүүдийн олонх таныг түдгэлзэх шаардлагатай гэж үзвэл яах вэ?

-Мэдээж олонхын шийдвэрээр л явах байх. Гэхдээ миний хувьд үнэхээр түдгэлзэх шаардлагатай байна уу гэдэг нь эргэлзээтэй. Би түдгэлзэхгүйгээр шалгуулчихъя л гэж байгаа. Ямар нэгэн байдлаар гишүүний дархан эрхийн дор нуугдаад бусдын үйл ажиллагаанд саад үзүүлээд байсан зүйл үгүй. Хууль хяналтын байгууллагуудын дуудсан цагт нь очоод мэдүүлэг юмнуудаа өгөөд явж л байна. Угаасаа миний хувьд ямар ч хууль бус үйлдэл гаргаагүй, буруу зүйл хийгээгүй учраас нууж хаах, шалгуулахгүй байх зүйл огт алга. Бүх зүйл нээлттэй. Бүгдийг нь шалгаж болно. Бусад гишүүдийн хувьд асуудлаа бүрэн эрхтэйгээ шалгуулаад л явж байна. Болохгүй ч юм алга. Тэр утгаараа гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэхгүйгээр шалгуулахад миний зүгээс ямар ч саад гарч ирэхгүй гэдгийг хэлмээр байна.

-Яагаад та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчихаж болохгүй гэж…?

-Миний бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл намайг сонгосон 72 мянган иргэний төлөөлөл УИХ-д алга болно. Өөрөөр хэлбэл Өмнөговийн 72 мянган иргэний төлөөлөл байхгүй болно гэсэн үг. Эдгээр иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд төлөөллөө явуулсан. Гэтэл ингээд түдгэлзүүлчихээр эдгээр иргэдийн эрх ашгийн төлөө хэн дуугарах вэ. Нөгөөтэйгүүр шуудхан хэлэхэд эдгээр 72 мянган иргэний сонгох эрхийг ямар нэгэн байдлаар няцаачихаж байна шүү дээ. Тэр дундаа Өмнөговиос сонгогдсон УИХ-ын хоёр гишүүнийг явуулах гэж байна. Дараагийн сонгууль болоход жил гаруйн хугацаа л үлдлээ. Миний хувьд гишүүн болсон цагаасаа эхлээд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн бодитой ажлууд цөөнгүй бий. Хийж хэрэгжүүлж эхэлчихсэн төслүүд ч их байна. Цаашид говийн бүсийн байгаль, экологийн асуудал, ус, цөлжилтийн асуудлаар чанга дуугарч ажиллахгүй бол болохгүй байна. Нөгөөтэйгүүр гишүүний бүрэн эрхээр дамжаад УИХ, парламентын бүрэн эрх, халдашгүй байдал яригддаг. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг бол халдашгүй байх ёстой. Тэр утгаараа нэг гишүүнийг хамгаалаад байгаа асуудал огт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэдхэн гишүүдээсээ хоёр гурваар нь мултлаад байвал цаашид энэ УИХ чадамжгүй болно. Тиймээс миний асуудлыг заавал гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой л гэж харж байгаа.

-Та хэдийн зүгээс жинхэнэ хулгайчдыг зарлаач гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Тэр утгаараа жинхэнэ хулгайчид зарлагдахгүйгээр өмнөөсөө таныг болоод бусдыг түлхэж байна уу?

-Магадгүй. Жинхэнэ хулгайчдыг зарла гээд байгаа. Миний хувьд Өмнөговийн Засаг даргын ажил хийж байснаараа л зарлагдсан, энэ хэрэгт холбогдсон. Өмнөговьд би төрснөөрөө л зарлагдсан. Бусдаар бол өөр аймгийн Засаг дарга байсан бол намайг хэзээ ч зарлахгүй. Жинхэнэ хулгайчид гэж байна. Жинхэнэ хулгайн гэрээ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр хийгдэхгүй. Том, том хулгай, луйврын гэрээнүүд Улаанбаатарт л хийгддэг. Түүнээс биш Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс таван толгой компанийн захирлын өрөөнд энэ гэрээнүүд чинь хийгдээгүй шүү дээ. Тэр гэрээг аймгийн Засаг дарга үүрэг өгөөд хийчихдэг ч зүйл биш. Аймгийн Засаг дарга зохицуулаад тэр олон босоо удирдлагатай хил гаалийн байгууллагуудын хяналтаас гадуур нүүрсний хулгай хийж явдаг гэж ер нь юу байсан юм бэ. Нэг ёсондоо нүүрсний хэрэгт миний нэр холбогдсон асуудал бол жинхэнэ хулгайчид нь үлдээд, мань мэтээр туг тахиж, золиосонд гаргаж байгаа л улс төрийн нэг үзэгдэл. Гэхдээ энэ асуудлын үнэн зөв нь ялгарна. Арай ч дээ, намайг ингээд хэлмэгдүүлчихгүй байлгүй дээ. Жинхэнэ хулгайчдыг олж чаддаггүй юм гэхэд надад холбогдсон үндэслэлгүй хэргийн буруу, зөв нь ялгарах байлгүй дээ. Асуудал бол тодорхой байгаа. Гэрээнд гарын үсэг зурсан нь хэн юм. Тэр байгуулсан улсууд нь одоо ч хараад байж л байна. Тэд бидний өмнөөс энэ нэг нөхөр золиос болоод явчихаасай гэж бодоод сууж л байгаа.

-Нам дотроо энэ асуудлаа та ярьсан уу. Намынхаа даргатай уулзсан уу. Таны асуудалд ямар хандлагатай байх шиг байна вэ?

-Нэр дуудуулснаасаа хойш нэг ч уулзаагүй байж байгаад сая чуулган эхлэхэд намынхаа даргатай уулзсан. Уулзаад намайг ийм, ийм байдлаар ингэж татаж байна гэдгээ хэлсэн. Намын удирдлагуудын хувьд асуудал нь хууль хяналтын байгууллагаар тодорхой болно биз дээ л гэдэг зүйлийг хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Нөгөөтэйгүүр миний хувьд намынхаа удирдлагуудтай болоод намын нөхөдтэйгөө муудсан, сайндсан зүйл огт байхгүй. Нам дотор янз бүрийн тэрс үзэл гаргаад бүлэг фракц байгуулаад явсан зүйл байхгүй. Намын бодлого, Засгийн газрын бодлогыг дэмжээд л явдаг.

-Та бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулчих хүсэлтэй байгаа юм байна. Нөгөөтэйгүүр таны хэлснээр үнэхээр таныг ингэж гүтгэж өдгөө бүр яллагдагчаар татсан үйлдэл нь зохион байгуулалтай, хэн нэгний захиалгатай зүйл бол яах вэ. Гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзээд шалгуулчихвал зохиомол хэрэгт хэлмэгдүүлчихнэ гэсэн болгоомжлол танд байна уу?

-Яг энэ чигийн болгоомжлол надад байгаа учраас л би бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулъя л гээд байгаа юм. Нөгөө хүн нь олдвол хэрэг нь олдоно гэдэг шүү дээ. Өргөдлөө өгөөд бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах сонголт надад байгаа. Гэтэл намайг хэлмэгдүүлбэл яах вэ. Энэ хулгайн хэрэг асар том мөнгөн дүнгээр зохион байгуулагдчихаад байна. Тэр утгаараа өмнөөсөө хүн явуулах, хэлмэгдүүлэх байдал байж болзошгүй гэдэг болгоомжлол төрж эхэлсэн. Анх миний нэрийг зарласнаас хойш л надад тийм бодол төрж эхэлсэн. Юм гэдэг үнэхээр шударгаар явдаг байсан бол намайг ингэж яллагдагчаар татахгүй л байсан шүү дээ. Тэгэхээр эхлээд надаас нэг ч мэдүүлэг, нэг ч тайлбар аваагүй гэнэт миний нэрийг олон нийтэд зарласан. Ингээд нийгмээр намайг яллуулсан. Дараа нь бас л гэнэт яллагдагчаар татсан. Тиймээс явж ирсэн энэ процессыг харахад намайг хэлмэгдүүлэх нөхцөл байдал бүрэлдчихсэн юм биш байгаа гэсэн болгоомжлол төрж эхэлсэн. Бусдаар бол хэрэг хийгээгүй нь үнэн юм чинь өргөдлөө өгөөд шалгуулчихад асуудал алга байна шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ү.Амарбат: Өрх тусгаарлаж буй хүүхдэдээ хөрөнгө өгөхдөө бичлэг хийж баримтжуулах нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ DNN.mn


Өдөрт ойролцоогоор арван гэр бүл салж байгаа тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос хэлж байна. Гэр бүл салалтын үзүүлэлтийг дагаж гарч ирсэн асуудал нь хөрөнгийн маргаан. Иргэний хэрэг дээр шийдвэрлэгдэж байгаа асуудлын дийлэнх нь гэр бүл салалт, түүнтэй холбоотой хөрөнгийн маргаан байгааг шүүхээс мэдээлж байгаа юм. Үүний ард чинээлэг нэгэнтэй гэрлэлт батлуулаад хөрөнгийг нь хуваагаад салдаг жишиг нийгэмд түгээмэл болжээ. Гэр бүлийн хөрөнгийн маргааны эрхзүйн орчны талаар эрхзүйч Ү.Амарбаттай ярилцлаа.


-Нийгэмд гэрлэлт цуцлуулах асуудал түгээмэл гарах болжээ. Үүнийг дагаад хөрөнгө хуваах асуудал хөндөгддөг. Үүнийг зохицуулах эрх зүйн орчин нь ямар байдаг юм бэ?

-Гэрлэлт цуцлуулахад гардаг гол гурван асуудлын нэг нь хөрөнгө хуваах асуудал байдаг.

Ер нь хөрөнгө хуваах асуудлын талаарх ойлголт хүмүүст дутмаг байдаг. Хүний өмч, хөрөнгөтэй холбоотой асуудлыг иргэний хуулиар зохицуулдаг. Иргэний хууль дотроо гэр бүлийн өмч хөрөнгийн асуудал нь тусдаа зохицуулалттай. Үүнд хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь гэр бүлийн дундаа өмчлөх хөрөнгө, нөгөөх нь хувийн эд хөрөнгө.

Дундаа өмчлөх хөрөнгө гэдэг нь хэрэв гэрлэлтээ цуцалж хуваах болоход үүнийг гэр бүлийн бүх гишүүдэд хуваана. Хувийн хөрөнгө гэдэг нь гэрлэгчид салсан байсан ч, хамт амьдарч байсан ч тухайн хувь хүний өөрийнх нь хөрөнгө юм. Шинээр гэр бүл болж байгаа айлд зориулж хөрөнгө өгдөг уламжлал манайд бий

Найран дээр хөрөнгөө өгөхдөө ч айл болоход нь зориулж өгье л гэж өгдөг. Энэ нь үүнээс цааш энэ гэр бүлийн дундын хөрөнгө юм шүү гэх утгыг илэрхийлнэ. Харин энэ мал миний хүүгийн хуваарьт хөрөнгө юм аа гэж тухайн хүнд оноож өгсөн бол эсрэгээрээ эхнэрт мал хуваах асуудал яригдахгүй. Дараа нь гэрлэлтээ цуцлахад ч шүүх дээр гэр бүлийн гишүүдэд биш хэн нэгэнд нь оноож өгсөн юм аа гэдгээ баримтаар нотолж чадвал тухайн хүний хуваарьт хөрөнгө болж, хөрөнгөө хуваах асуудал үүсэхгүй. Тэгэхээр анх өгсөн зориулалтаар хөрөнгийг хуваах эсэх нь тодорхойлогдож байгаа юм.

-Хүү нь бэрээ дагуулаад очиход мал тасалж өгөөд тусад нь гаргадаг уламжлал өнөөдөр ч манайд бий. Тэгэхээр тухайн гэр бүлийн дундын хөрөнгө болох уу?

-Мал тасалж өгөхдөө зориулалтыг нь юу гэж хэлсэн бэ гэдэг нь л чухал. Айл болж байгаа хоёртоо гээд баривал дундын хөрөнгө болно. Харин “Хүүдээ өгч байна аа” гэвэл хувийн хөрөнгө болно гэсэн үг. Гэхдээ хүүгийнхээ найранд “Энэ хоёр салбал ингэнэ дээ” гэж бодоод сууж байдаг хүн гэж бараг байхгүй. Бэлгэ дэмбэрэл талаасаа ч байж болохгүй гэж үздэг шүү дээ. Тийм учраас л салах болоход хөрөнгөө шууд хуваах болдог.

-Гэр бүлийн хөрөнгө хуваах асуудалд шүүх дээр юуг баримт гэж үздэг юм бэ?

-Шүүх баримт, нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргана. Барууны орнуудад гэрлэлтийн гэрээ гэж зүйл байдаг. Нийлж байх үеийн хөрөнгө, үүнээс хойш бий болсон хөрөнгөө гэр бүл цуцлуулбал яах вэ гэдгээ гэрээндээ тодорхой заасан байдаг. Гэрлэлт цуцлах болоход тухайн гэрээ нь нотлох баримт болдог. Манайд бол ийм соёл байхгүй. Байхгүй учраас нэгдүгээрт хөрөнгө хэний нэр дээр байна, нэр дээр нь шилжсэн хугацаа, гэрлэгчдийн хөрөнгө бий болоход оруулсан хувь нэмэр зэрэг нь баримт болдог. Хоёрдугаарт гэрчээр нотолдог.

Найран дээр аав, ээж нь өгсөн юм уу, хэн юу гэж хэлсэн гэх зэргээр нотлуулдаг. Гэхдээ үүнийг нотлох магадлал бага учраас шүүх дээр дундын өмч гээд гэр бүлийн гишүүдэд хуваагдах нь түгээмэл. Гэр бүлийн нийт гишүүдэд хуваагдана гэсэн үг. Таван гишүүнтэй гэр бүл байлаа гэж үзье л дээ. Ээж дээр гурван хүүхэд үлдэж байгаа бол хөрөнгийн 80 хувь нь ээжид үлдээд, 20 хувь нь аав дээр очно гэсэн үг.

-Гэр бүл болохоос өмнөх хөрөнгийг яаж шийдвэрлэх вэ. Энэ талаарх ойлголт манайд бага байдаг шүү дээ?

-Иргэний хууль дээр зохицуулалт бий. Гэрлэхээс өмнө тухай, тухайн хүн дээр байсан хөрөнгө бол хуваарьт хөрөнгө буюу өөр хэн нэгэнд хуваахгүй хөрөнгө юм. Харин гэр бүлд зориулж өгсөн хөрөнгө дундын хөрөнгө байна. Гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь хэн ямар хөдөлмөр зарцуулж хурааснаас үл хамаарч дундын хөрөнгө байна гэж заасан байдаг. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. А гэж залуу байртай байж байгаад Б-тэй гэр бүл боллоо гэж үзье. А-гийн зүгээс энэ миний байр ч манай гэр бүлийн хөрөнгө гэж үзээд ордер дээрээ эхнэрийнхээ нэрийг оруулаад явахад байр тэдний дундын хөрөнгө болно.

Харин ингэж ордер дээрээ хамтдаа бүртгэлтэй хэрнээ А, Б хоёр салахдаа А “Энэ миний хуваарьт хөрөнгө, эхнэр энэ хөрөнгийг бий болгоход ямар ч оролцоо байгаагүй. Бүр гэрлэхээс өмнө би өөрөө авсан байсан юм” гээд маргавал хэдийгээр хоёулангийнх нь нэр дээр байгаа ч А-гийн хуваарьт хөрөнгө буюу зөвхөн А-гийн өмч болох боломжтой. Өөрөөр хэлбэл хөрөнгө хэзээ үүсэж бий болсон, гэрлэгч талын үүрэг оролцоо байсан уу гэдэг нь хөрөнгө хуваахад шийдвэрлэх ач холбогдолтой.

-Хөрөнгө чинээтэй нэгэнтэй гэрлэлт батлуулаад хөрөнгийг нь хуваагаад салдаг үзэгдэл түгээмэл байх шиг. Хүүгээ, охиноо гэр болоход нь хөрөнгө өгөхдөө юуг анхаарах вэ?

-Хуучин цагт хүний чанар сайхан гэр бүлийн хөрөнгийн маргаан тэр бүр гардаггүй байж. Цаг үе өөрчлөгдөж гэр бүлийн асуудал тогтворгүй болж салалт түгээмэл болжээ. Зөвхөн хөрөнгийг нь хуваах зорилготой гэрлэх явдал гарах болсон байна. Өөрөөр хэлбэл гэрлэлтээ батлуулаад л хөрөнгийг нь хуваагаад салдаг. Ийм цагт гэрлэлт батлуулахдаа хууль эрхзүй талаасаа анхаарч, нарийн мэдлэгтэй байх нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Таны хүү нэг охин дагуулаад очдог. Шууд л хоттой малаасаа хуваагаад тусад нь гаргачихвал тухайн мал дундын хөрөнгө болоод эрсдэлд орж болно гэсэн үг. Энэ асуудалд хүлээцтэй хандах нь зөв. Өнөө үед зөвхөн хөрөнгө хуваах зорилгоор гэрлэлт батлуулах хүмүүс мэр сэр байх болжээ. Ийм төрлийн маргаан шүүх дээр ч их ирж байна. Тэгэхээр дээр дурдсан шиг аль аюулгүй байдлаар хөрөнгөө тасалж өгье гэвэл “Энэ малыг хүүдээ тасалж өгч байна” гэж хэлээд, найрынхаа тэр хэсгийг бичлэг хийж хадгалах ч юм уу, эсвэл өөр хөрөнгө шилжүүлж өгч байгаа бол мөн адил хүүдээ юм уу охиндоо өгье өө гэдгээ хэлээд, түүнийгээ боломжтой бол гэрээгээр боломжгүй бол дүрс бичлэгээр баталгаажуулах нь урьдчилан сэргийлэх нэг арга зам болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны гуравдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.3 хувь өсжээ.

Харин өмнөх долоо хоногоос хоёр хувиар өссөн болохыг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Тухайлбал, хонины мах, үхрийн мах, гурил, төмс, өндөг, цагаан будааны үнэ өнгөрсөн долоо хоногоос өссөн байна.

Хүснэгт. Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ, үнийн индекс

Барааны нэр 2023 2023.III.27 2023.III.27
II сарын дундаж III.20 III.27 2023 II 2023.III.20
1 “Алтан тариа” гурил дээдийн дээд, савласан, кг 3 432 3 432 3 432 100.0 100.0
дээд, савласан, кг 2 582 2 604 2 604 100.8 100.0
I зэрэг, савласан, кг 2 194 2 240 2 248 102.4 100.4
2-р зэрэг, савласан, кг 1 463 1 463 1 470 100.5 100.5
2 Талх “Атар”, 600 гр 2 132 2 132 2 132 100.0 100.0
“Зууван чех”, 600 гр 2 462 2 462 2 462 100.0 100.0
Хар талх, 300 гр 1 790 1 790 1 790 100.0 100.0
3 Цагаан будаа, кг 4 646 4 646 4 664 100.4 100.4
4 Хонины мах, ястай, кг 11 721 12 580 13 236 112.9 105.2
5 Үхрийн мах, ястай, кг 14 416 14 982 15 524 107.7 103.6
6 Үхрийн мах, цул, кг 16 603 16 847 17 634 106.2 104.7
7 Адууны мах, ястай, кг 11 919 12 198 12 298 103.2 100.8
8 Ямааны мах, ястай, кг 9 437 9 664 9 664 102.4 100.0
9 Сүү задгай, л 3 429 3 347 3 293 96.0 98.4
“Элекстер”, 0.5 л 2 245 2 245 2 245 100.0 100.0
“Шинэ Сүү”, л 4 429 4 429 4 429 100.0 100.0
10 Тараг, савласан, 900 гр, “Цөцгийтэй” 3 950 3 950 4 045 102.4 102.4
11 Цөцгийн тос, 200 гр 7 389 7 389 7 389 100.0 100.0
12 Ургамлын тос, л 8 407 8 179 8 201 97.5 100.3
13 Элсэн чихэр, кг 3 771 3 771 3 771 100.0 100.0
14 Ногоон цай, савласан, 90 г 3 788 3 788 3 788 100.0 100.0
15 Өндөг, ш 509 540 546 107.3 101.1
16 Алим, кг 6 708 6 708 6 708 100.0 100.0
17 Төмс, кг 1 477 1 685 1 697 114.9 100.7
18 Лууван, кг 2 356 2 359 2 387 101.3 101.2
19 Байцаа, кг 2 292 2 356 2 384 104.0 101.2
20 Хүрэн манжин, кг 3 386 3 521 3 558 105.1 101.0
21 Сонгино, кг 3 564 3 625 3 644 102.3 100.5
22 Шатахуун Аи-80 автобензин, л 2 347 2 347 2 347 100.0 100.0
Аи-92 автобензин, л 2 390 2 390 2 390 100.0 100.0
Дизелийн түлш, л 3 850 3 850 3 850 100.0 100.0
ДҮН 105.3 102.0
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Зураач Р.Гал-Од: Далд ухамсар ямар хариу үйлдэл үзүүлдгийг бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон байдаг DNN.mn

Зураач Р.Гал-Одын бие даасан үзэсгэлэн Инээдмийн баярын өдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд нээгдэх нь. Түүнтэй ярилцлаа.


-Үзэсгэлэнгийнхээ талаар мэдээлэл өгөөч…?

-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн ангийг 2013 онд төгссөн. 2009 оноос сонирхлоороо шог зургийн чиглэлээр дагнаад 10 гаруй жил уран бүтээлээ туурвиад явж байна. 2012 онд анхны үзэсгэлэнгээ Парк дээр гаргаж байсан. Тухайн үеийн алдар нэртэй хүмүүсийн төрхийг зурсан шог зургийн үзэсгэлэн. Одоо бол хоёр дахь томхон хэмжээний бие даасан үзэсгэлэнгээ Хаан банкны галерейд дөрөвдүгээр сарын 1-нд нээхээр бэлтгэж байна.Шог зураг бол аж байдал, ахуй амьдрал, дотоод сэтгэлийг илэрхийлсэн гэх мэтээр уран зургийн бүхий л төрөл рүү орж чаддаг өвөрмөц онцгой төрөл. Түүгээрээ миний сонирхлыг маш их татсан. Үзэсгэлэнд шог зургийн бүхий л төрлөөр зурсан бүтээлүүд маань тавигдана.

-Та голчлон алдартай хүмүүсийг зурдаг. Захиалгаар зурдаг уу?

-Захиалга ирвэл хүлээж авдаг. Захиалгаар зурахыг хүмүүс халтуур хийлээ гэж ойлгох гээд байдаг. Үнэндээ үгүй юм. Нэг найзыгаа зуруулаад өөрт нь бэлэглэлээ гэж бодоход дотоод сэтгэлийн гоо сайхан, гэр бүлийн амьдралыг харуулсан сэдэвт зургууд нь тухайн хүндээ аз жаргал, таашаал, баяр баяслыг өгч байдаг болохоор урлагийн бүтээл юм даа.

-Танай багш нар гэвэл…?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр миний багш. Багшийг маань мэдэхгүй хүн ховор байх. Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит зураач О.Энхтайван багш маань байна. Намайг чиглүүлж, мэргэжлийн суурийг маань сайн тавьж өгсөн багш нартаа талархаж явдаг.

-Зураач хүний нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Хэр завтай байдаг вэ?

-Уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуул хийж байдаг. Дотогшоогоо их өнгийнө. Зарим өдөр зургаа ширтээд, илэрхийлэмжээ төгс гаргах талаар бодсоор байгаад өнгөрдөг. Эсвэл маш их үйлдэл хийж, үр бүтээлтэй өнгөрүүлдэг ч үе байна. Янз бүр. Бүхий л ажлаа амжуулна гээд хүмүүс яаж амьдардаг, тэгж л амьдарч байна.

-Цогтбаяр багш чинь “овоо доо” гэж үнэлсэн зургаасаа нэрлээч…?

-2014 онд маршал Х.Чойбалсан гуайн хөргийг зурахад багш маань их үнэлж магтаж байсан. Одоо гарах үзэсгэлэнд тавигдах гол бүтээлүүдийн нэг. Нийгмийн бухимдал стресс шог зургаар хамгийн сайн илэрдэг. Болохгүй байгаа бүхнийг л шог зургаар шүүмжилж болно. 2021 оны арваннэгдүгээр сард би доктор профессор Моломжамц ахын тэргүүлдэг Монголын шог зураачдын холбооны гишүүн болсон. Холбооны зүгээс Монголын шог зураачдын үзэсгэлэнг байнга гаргаж, нийтийн хүртээл болгож байдаг. Хөрөг шог зураг зурж эхэлсэн 2009 оноос хойш би судалгаа хийж эхэлсэн. Хүний нүүр царайны донж төрхөн дээр юуг олж авч, анзаарч чадсан юм гэхээр тухайн хүний төрх донж өөрийнх нь сөрөг сэтгэл хөдлөлтэй маш холбоотой байдаг. Тэр нь цаашаа сэтгэл судлал, хүний далд ухамсартай холбогдоно. Энэ нь шог зураг бүхий л зүйлтэй нарийн нягт холбоотой байдгийн илэрхийлэл. Үүнийг юугаар баталж харуулах вэ гэхээр Шотланд гаралтай Америкийн гүн ухаантан Гэрри Жон Бишофийн хувь хүний хөгжил, сэтгэл хөдлөл, философийн талаар хийсэн 30 гаруй жилийн судалгааны үр дүнгээр тайлбарладаг. Энэ хүн судалгааныхаа үндсэн дээр Урбом философийн урсгалыг хүртэл гаргаж ирсэн. Бишофийн хэлсэн ярьсан зүйлс, эшлэл дүгнэлтүүд нь надад төсөөлөгдсөн шог зургийн ойлголтуудыг 100 хувь баталж өгсөн. Одоогийн гарах үзэсгэлэн маань ч энэ үзэл дээр тулгуурлагдсан. Хүн төрөлхтөн бүгд адилхан. Хүн бүхий л амьдралынхаа турш 97 хувиа огт мэдэлгүй өнгөрөөдөг. Үүнийг нь далд ухамсар гэдэг. Хүн өсч торнин, ажиллаж амьдарч, үр хүүхдээ өсгөн нийгмийн амьдралд оролцоно. Өөрийнхөө хэлбэр дүрсийг мэднэ, юунд дуртай, дургүйгээ мэддэг. Энэ бүх амьдрал бол бидний мэдэх гуравхан хувь. Гурван хувиа л хүн мэддэг гэсэн үг.

Зүүн гар талаас эхний хүн нь зураач Р.Гал-Од


-Тийм бага уу?

-Тийм бага. Мэдэхгүй түвшин нь маш их. Энэ үлдсэн 97 хувийн далд ухамсар бидний бүх амьдралыг шийдэж байдаг. Хүн гэдэг амьтан бусад руу хараад “энэ ямар амьтан юм бол” гэж бодож судалдаг болохоос өөрийгөө хэзээ ч судалдаггүй. Харамсалтай нь, далд ухамсарын түвшинд бид юу ч бодож, ямар ч шийдвэр гаргадаггүй. Бидний сөрөг сэтгэл хөдлөл, таагүй эмоциуд уран сайхны хэтрүүлэг донжоор шог зурагт бууж байгаа нь бидний үл ухамсарлахуй буюу далд ухамсар л царайн дээр нь илэрч байна гэсэн үг. Үүгээрээ асар гүн гүнзгий ач холбогдолтой.

-Хүн хөрөг шог зургаа зурууллаа гэхэд өөрийнхөө далд байгаа мэдэхгүй зүйлийг зургаасаа мэдрэх боломжтой гэсэн үг үү?

-Маш зөв. Өөрийнхөө тухай, өөрийнхөө анзаарч хараагүй зүйлүүдээ л харна гэсэн үг. Та бодоод үз л дээ, хүн төрөлхтөн өөрийнхөө 100 хувийн дөнгөж гурван хувийг л мэдэж амьдарч байгаа. Харин таны мэдэхгүй тэр далд ухамсар шог зургаар таны царай төрхөнд илэрч байдаг. Эндээс харахад хүн өөрийгөө насан туршдаа хуурч амьдардаг юм байна. Үнэнийг нь хэлэхээр хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. “Үгүй, би тийм биш. Би өөрийгөө хэзээ ч хуурдаггүй. Би өөрийгөө мэддэг” гэдэг ч эсрэгээрээ байдаг.

-Яагаад хүн өөрийгөө хуурдаг гэж…

-Хүний өөрийгөө мэддэг гэх энэ гурван хувийн хүсэл эрмэлзэл, бодол мөрөөдөл нь далд ухамсрын хүсэл эрмэлзлийнхээ яг эсрэг нь байдаг. Түүнийг л хэлж байгаа юм. Хүн далд ухамсраа удирдаж чадаж байвал өөрийгөө жинхэнээр нь мэдэж удирдаж байна гэсэн үг.

-Хүний хөрөг шог зургийг зурахдаа хэт хэтрүүлбэл доромжилсон болох уу?

-Харин ч хэтрүүлэх ёстой. Доромжлол болохгүй. Доромжлол гэж хүмүүс хараад байдаг нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Тэр хүний зургийг хичнээн ч хэтрүүлсэн байсан хүлээн зөвшөөрч инээж байвал далд ухамсраа таньж мэдэж байгаа нэг хэлбэр. Өөрийгөө хуурч байгаа нэг жижигхэн хэлбэр бол шог зургаа хараад “би ийм биш” гэж уурлах.

-Гэхдээ та хөрөг шог зураг зурахдаа хүмүүсийг уурлатал нь хэтрүүлж зурдаггүй биз дээ?

-Уурлуулъя гэж бодож зурдаггүй. Үнэнийг л зурахыг хичээдэг.

-Танаар хөрөг шог зургаа зуруулсан хүмүүсийн хэдэн хувь нь уурладаг вэ?

-99,9 хувь нь уурлах маягтай байдаг.

-Тэгвэл хүнийг дургүйцүүлэн дургүйцүүлэн ингэж зурах хэрэг байна уу?

-Харин ч хэрэгтэй, шаардлагатай. Урлаг заавал хүнд таалагдаж таашаал өгч байх зүйл биш. Үнэнийг нь хэлж өгч байх ёстой. Урлагийн гоо сайхныг энэ өнцгөөс нь мэдрэх ёстой. Гоо зүй, гоо сайхан гэдэг өөрөө ямар асуудал юм. Тэр бол заавал гоё юм үзэж таашаал авахын нэр биш.

-Таны үзэсгэлэнг очиж үзээд хүмүүс юу мэдрэх вэ?

-Яг л миний саяын хэлснийг үзнэ. Далд ухамсар ямар хариу үйлдэлтэй байдаг вэ гэдгийг шог зургийн бүхий л бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон. Үзэсгэлэн маань 22 хоног үргэлжилнэ.

-Таны пэйж хуудасны эхэнд “Шог зургаас та бүхэн өөр хаанаас ч авч чадамгүй баяр баяслыг мэдрэх болно” гэж бичсэн байсан…?

-Мэдэрнэ. Хүн өөрийнхөө хөрөг шог зургийг хүлээн зөвшөөрөхгүй хэрнээ инээгээд байдаг. Хүний дотоод сэтгэлд хоёр өөр төрлийн туйлшрал зөрчил явагддаг. Гэхдээ үүнийгээ анзаарч мэддэггүй. Сонирхолтой байгаа биз.

О.Туяа


Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний лхагва гаригт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нийт 1516 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1227, гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2025 онд хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ DNN.mn

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онд хэрэгжүүлж өчигдөр үр дүнгээ танилцууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон үндэсний судлаачид хамтран агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа байгааг нотолсон судалгааны дүнгүүдээс онцлон хүргэе.

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байна.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг

НҮБ-ын Хүүхдийн сангаас Монголын хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын дунд хийсэн 2019 оны судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан агаарын бохирдлын улмаас жилийн орлогынхоо 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргадаг гэжээ.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл Монголын эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг бөгөөд 2016 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь Улаанбаатар хотын эрүүл мэндийн төсвийн 4.6 хувь. Цаашид агаарын бохирдлыг бууруулахгүй бол 2025 он гэхэд энэ тоо 24.8 тэрбум төгрөг болж өсөх тооцоо гарсан байна.

33%⬆

PM2.5 агууламж тав хүртэл насны хүүхдийн амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг 33 хувиар нэмэгдүүлж байгаа.4

40%⬇

Улаанбаатар хотын бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины ажиллагаа бохирдолгүй агаараар амьсгалж байгаа хүүхдийнхээс 40 хувиар бага.5

42.4%

Улаанбаатар хотын 0-18 насны, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 42.4 хувь нь хатгалгаанаас болж эмнэлэгт хэвтсэн байна.4

2011 онд Улаанбаатар хотын 10 мянган хүн тутмын 903 нь амьсгалын замын өвчний улмаас амбулаторид хандсан бол 2019 онд 1,961 болж өсжээ.

Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөө, орон нутгийн хүүхдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, эмнэлэгт хандаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГИХГ гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд уг журмыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн шинэчиллээ. Журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр боллоо.

Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу “Туртелком” ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгож, “Аверс секьюрити” ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахгүй болсныг мэдэгдэж байна.

Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний хураамжийг доорх дансанд тус бүр шилжүүлнэ үү.

Албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн Суралцагч гадаадын иргэн

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар “

Гүйлгээний дүн:

Энгийн 135 000 ₮

Яаралтай 255 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар “

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар “

Гүйлгээний дүн:

Энгийн 45 000 ₮

Яаралтай 75 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар “

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Мөн дээрх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгох юм.

Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгахдаа

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар “

Гүйлгээний дүн:

Энгийн 87 000 ₮

Яаралтай 159 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: ” Гадаадын иргэн, ХГазар “

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Та төлбөрөө төлөхдөө дансны дугаар, хүлээн авагчийн нэр, үйлчилгээний төлбөрийг сайтар нягталж, хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Санамж

  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар, мөн оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар авч ирж, хураалгана.
  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.
  • 2023.04.01-ээс өмнө олгогдсон оршин суух үнэмлэх хүчинтэй хугацаандаа хүчин төгөлдөр бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.
  • 2023.03.31 хүртэл ирсэн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шийдвэрлэн олгоно.

Эх сурвалж: ГИХГ