Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгоно DNN.mn

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар явуулж буй.

Уг журмын хэрэгжилтийг хангахад төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 ширхэг гадна зар сурталчилгааны байгууламж хамаарах юм. Тодруулбал, нийтийн болон хувийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны самбарт зөвшөөрөл олголтыг хянах, зөвшөөрөлгүй байрлуулсан, гэрээ байгуулаагүй, сунгаагүй самбаруудын судалгааг дүүрэг бүрээр гаргаж, зөрчил арилгах арга хэмжээг авч байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хаасан, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж буй гадна зар сурталчилгааны самбаруудын судалгааг гаргаж байгаа. Түүнчлэн Монгол Улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлуулсан MNS 5283:2022 стандартыг нэвтрүүлж, хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгохоор төлөвлөж байна” хэмээв.

УБЗАА-ны Дугуйн зам ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй тулгуурт байгууламж 130, мэдээллийн 700 орчим байгууламж байна. Хаяг, хаягийн байгууламжид дүүргийн ЗДТГ нь хяналт тавьдаг. Хаягийг стандартын дагуу зөв байршуулах, монгол үсгээр бичих зэрэг асуудалд бид анхаарч, цаашид хотын стандартын худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагыг хэрэгжүүлэн ажиллуулна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Оюутан цэрэг 2023” сургалтын бүртгэл маргааш эхэлнэ DNN.mn

“Оюутан цэрэг 2023” сургалтын бүртгэл ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 6-нд эхэлж, гуравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагт хаагдана. Шалгуур хангасан оюутнууд энэ сарын 14-ний өдрөөс харьяа дүүргийнхээ цэргийн штабууд дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна.

Оюутан цэрэгт элсэх журамд:

  • Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх гэсэн шаардлага тавигдаж байна.

Одоогоор “Оюутан цэрэг 2023” хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан нэгдүгээр дамжааны 4887 оюутны оюутны мэдээлэл ирээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулна DNN.mn

Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал боллоо. 23 дахь удаагийн олимпиад энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох юм. Уг арга хэмжээ нь Монгол Улсад зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд засгийн газар тогтоол гарган зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан юм.

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад урьдчилсан байдлаар 30 гаруй орны 240 сурагч 60 багш оролцохоор байна. Манай улсын тухайд 2001 оноос хойш уг олимпиадад оролцож байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 3 хүрэл медаль, 4 тусгай байрын шагнал хүртжээ.
Монгол Улсад 1000 гаруй физикийн багш байна. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгу улснаар багш нарын мэргэжлийн ур чадвар дээшилж, сурагчдын амжилт ахина. Олимпиадад 300 иж бүрэн лаборатори ашиглах бөгөөд олимпиадын дараа лабораториудыг Еөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэж өгөх юм. Ингэснээр сургалтын баазыг бид бэхжүүлж чадна.
Үндэсний хороо нь Академик, зохион байгуулалтын, сургалтын гэсэн 3 дэд хороотой. Академик хороо нь олимпиадын бодлого боловсруулах үйл ажиллагааг хариуцаж байгаа бол 1 сараас хойш үндэсний хэмжээний физикийн сургалтуудыг сургалтын хороо хариуцан зохион байгуулсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Азийн Физикийн олимпиадад Нобелийн шагналт эрдэмтнийг ололцуулахаар урилга хүргүүлэн бэлтгэл хангаж байна.
Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар зохион байгуулалтын ажлын хуваарийг баталж, шаардлагатай санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхээр боллоо.
Эх сурвалж: БШУЯ
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан“ үндэсний музейг үзэх тасалбарын захиалга дуусчээ DNN.mn

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Тиймээс “Чингис хаан” үндэсний музейг бүх иргэнд цагийн хуваарийн дагуу үнэгүй үзүүлж буй. Харин ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор www.ticket.mn -ээс онлайнаар урьдчилан захиалга өгч байж үйлчлүүлэхийг тус музейгээс анхааруулсан.

Тэгвэл өнөөдрийн захиалга дууссан байна. Мөн музейг үнэгүй үзэх өдөр өнөөдрөөс дуусгавар болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж байна DNN.mn

2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, 2023 оны хоёрдугаар сарын 06-нд эхэлсэн. Энэхүү бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Харин Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусах учраас амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна.

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.
ЭЕШ-тай холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох гэнэ.

Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:

– Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.

– Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

– Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна.

– Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

– Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

– Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн манай төвийн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтайн хойлог шувууг агнаж, хууль бусаар худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ DNN.mn

Экологийн цагдаагийн алба 2023 оны эхний гурван сарын байдлаар хууль бусаар ан агнах 42 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор ховор амьтны жагсаалтад орсон алтайн хойлог шувууг агнаж, хууль бусаар худалдан борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна.

Ховор ан амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5,400,000-27,000,000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг заалттай.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт “…амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг.

Categories
гадаад мэдээ цаг-үе

2035 он гэхэд дэлхийн хүн амын тал нь илүүдэл жинтэй болох тооцоо гарчээ DNN.mn

Хэрвээ дорвитой арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд дэлхийн хүн амын талаас дээш хэсэг нь илүүдэл жинтэй буюу таргалалттай болохоор байгааг WOF (World Obesity Federation) байгууллагын өчигдөр нийтэлсэн судалгааны шинэ тайланд анхааруулжээ.

Тухайлбал дөрвөн тэрбум гаруй хүн энэ ангилалд орох бөгөөд хамгийн хурдтай хамрагдах хэсэг нь хүүхдүүд байх тооцоо гарсан байна.

Бүс нутгаар нь авч үзвэл Африк, Азийн дундаас доош орлоготой улс орнуудын хүн амын дунд таргалалт хамгийн их нэмэгдэх гэнэ.

Таргалалттай холбоотой жил бүр эдийн засагт учрах хохирлын хэмжээ 2035 онд $4 их наядыг давна гэж WOF-ын тайланд өгүүлжээ.

Хүүхдүүд, өсвөр насныхны дунд таргалалт 2020 оны түвшнээс хоёр дахин хурдтай өсөх тооцоо гарсан байна. Дэлхий даяар таргалалт нэмэгдэх гол шалтгаануудад боловсруулсан бэлэн хүнсний хэт хэрэглээ, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн муу боловсрол мэдлэг зэргийг дурджээ.

Шинэ тайланг даваа гаригт НҮБ-д танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар мөс цөмөрсөнтэй холбоотой 11 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Үүрэг нуурт цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргажээ.

Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Үүрэг багийн “Үүрэг нуурын шар булаг” гэдэг газар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км) ачааны автомашин “Үүрэг” нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, “Бонго Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргажээ.

Энэ он гарсаар улсын хэмжээнд 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман автомашиныг татан гаргаж, эрстэж болзошгүй 14 иргэний амь насыг авран хамгаалаад байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ганбат: Хоёр сарын хугацаанд 5800 барилгыг паспортжуулна гэж хэзээ ч байхгүй DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбаттай ярилцлаа.


-Монгол Улсад 5800 гаруй барилга байгууламж паспортгүй байна гэх. Барилгын паспорт нь ямар учиртай эд вэ?

-Хүнээр бол өвчний түүх гэж байдаг шүү дээ. Эмнэлгээр явахдаа карт бариад явдаг. Тэр юм л даа. Барилгыг л тийм юмтай болгоно гэсэн үг. Барилгын паспорт гэж бий. Мөн барилгын хувийн хэрэг гэж байдаг. Хувийн хэрэг дээр барилгыг барихаас эхлээд өвчний түүх шиг карт нээгээд, түүн дээр нь яаж барьсан, ямар материал хэрэглэсэн, ямар засвар хийсэн, ямар зөрчил дутагдал гарсан, ямар суваг шуудуу дүүрсэн, түүнийгээ яаж зассан, урсгал засвар хэдийд хийсэн, их засвар яаж хийсэн гэх зэргээр бүх нарийн мэдээллийг бичдэг. Барилгын паспорт гэдэг нь яг одоогийн нөхцөлд тэрхүү барилга ямар төлөв байдалтай байна вэ гэдгийг тодорхойлдог баримт бичиг байгаа юм.

-Гэтэл Монголд байгаа энэхүү 5800 гаруй паспортгүй барилгыг хоёр сарын хугацаанд үзлэг шалгалт хийгээд паспортжуулна гэж Барилга, хот байгуулалтын сайд мэдэгдсэн. Ийм хугацаанд амжих уу?

-Тийм зүйл байхгүй. Өмнө нь бүхий л аймаг орон нутгийг бүх барилгаа паспортжуул гээд шахаж л байсан. Өмнөговь аймагт 100 сая төгрөг батлаад, түүнийг нь хэн ч хийгээгүй л байна. Аймгууд үүнийг ерөөсөө тоохгүй байгаа шүү дээ.

Ер нь барилгуудын одоогийн төлөв байдал ямар байгааг тодорхойлж гаргаж ирэх ёстой. Хоёр сарын хугацаанд 50 барилгын хяналт шалгалтыг хийгээд паспортжуулбал их юм. Хэзээ ч энэ хугацаанд 5800 барилгыг паспортжуулна гэж байхгүй. Хоёрдугаарт, газар хөдлөлтийн талаар нэг мэдээлэл гарахаар яамныхан нь юу ч мэдэхгүй байж том том юм ярьдаг. Цаад мэдээлж байгаа хүмүүс нь ч тэр буруу ташаа мэдээлэл өгдөг байх.

-Арматурын чанарыг шалгана гэсэн. Ямар стандарт нормтой байдаг юм бол?

-Арматурыг шалгах нь зөв. Хятадынх байтугай дотоодод үйлдвэрлэснээ ч шалгах хэрэгтэй. Стандартын хувьд манайх ч тэр, орос, хятад ч тэр зарчмын хувьд нэг л стандарт байгаа. Өөрөөр хэлбэл, хаана хэрэглэхийг нь химийн найрлагыг нь ингэж тодорхойлно, ийм ийм үзүүлэлттэй байна. Тэр үзүүлэлт нь тэдэн хувь байна гэх мэтээр стандарттай. Түүнээс дан ганц Хятадаас орж ирж байгаа арматурыг шалгана гэвэл өрөөсгөл асуудал. Гаднаас импортоор орж ирсэн ч бай, дотоодын үйлдвэрлэл ч бай бүгдийг нь шалгах нь зөв. Ер нь барилгын бүхий л материалыг шалгах нь зүйн хэрэг.

-Барилга барихад арматурын төмрийг хэдэн ширхэг зангидаж байж стандартад нийцдэг вэ. Даац хэмжээ, давхраасаа хамаарах уу?

-Хэд ч байж болно. Тухайн үеийн тооцооллоосоо болно. Багана гэдэг чинь босоо элемент шүү дээ. Гол ажлын арматур нь босоо чиглэлтэй юм байна. Барилгын зургаасаа хамаараад 6, 8, 12, 18 янз бүр байж болно. Хэдэн давхар барилга байх, ямар ачаалал авч байна гэдгээсээ шалтгаалаад, баганын даах чадвараасаа хамаарч хэдэн ч арматураар багана зангидаж болно. Тооцоогоор тогтооно. Тооцоогоор тогтоосон зүйлийг харин дутуу хийж болохгүй. Жишээлбэл, 28-ын арматур олдохгүй 25-ынхаар хийхээр болбол тоо нь арай их ч юм уу, зохицуулалт хийгээд барьж болно.

-Цементийг бас шалгана гэсэн байна лээ. Цементийн стандартыг яаж тогтоодог юм бол?

-Цементийн стандартыг манайд хангалттай баталсан байдаг. Үйлдвэрүүд өөрийн гэсэн лабораторитай байгаа. Тэр лабораториасаа гарсан үр дүнгээр энэ стандартыг хангаж байна гэсэн нотолгоо болгож, туршилтын шинжилгээнийхээ үр дүн болох дагалдах бичиг баримтуудаа өгдөг юм. Жишээлбэл, 500 маркийн цемент доторх химийн найрлага нь ийм шүү гэж нотолсон бичиг баримтуудаа өгнө. Үйлдвэр өөрөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор тодорхой давтамжтайгаар хянуулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, манай лаборатори зөв ажиллаад бид зөв норм стандартын дагуу үйлдвэрлэж байгаа гэдгээ хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж байна гэсэн үг. Нөгөө талдаа цемент хэрэглэхээр авч байгаа гүйцэтгэгч компаниуд, бетон зуурмагийн үйлдвэрүүд авсан цементээ итгэмжлэгдсэн лабораториор заавал давхар баталгаажуулж байх хэрэгтэй. Барилгын баталгаанд хамруулах барилгын материалыг баталчихсан байдаг юм. Үүнд цемент, хайрга, бетон зуурмаг болбол түүнийг, арматур, хуванцар хоолой, ган хоолой гэх мэтчилэн маш олон материал бий. Энэ материалуудыг бүгдийг нь барилгын аюулгүй байдлыг хангахын тулд хөндлөнгийн лабораториор заавал баталгаажуулах ёстой гэсэн норм стандарт ч бий.

-Нэгэнт баригдсан барилгын арматурыг зөв зангидсан уу, норм стандартыг зөв хангаж байна уу гэдгийг шалгах багаж төхөөрөмж байдаг юм болов уу?

-Багажаар тийм арматур байна гэдгийг тодорхойлж болно. Дундаа тасалдаад байх юм бол хэцүү л дээ. Ерөнхийдөө ямар арматураар хийсэн юм, ямар материал хэрэглэсэн гэдгийг явцын хяналт, акт баримт, зураг хөрөг гээд бүх нотлох баримтаар л баталгаажуулсан байх ёстой.

-Арматурын хэрэглээний хэдэн хувийг дотоодоос хангадаг вэ?

-Тааруухан даа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хийхгүй байгаа. Багануурт уг нь нэг үйлдвэр хийдэг байсан. Тэр үйлдвэр одоогоор даацын материал хийхгүй байгаа юм шиг байна лээ. Ихэнхдээ манайх арматурын төмрөө гаднаас л аваад байгаа.

-Дорноговь аймагт баригдах газрын тосны үйлдвэрийн ажил удаашралтай яваа гэх. Яагаад гээд сонирхохоор Монголд үйлдвэрлэсэн болон Хятадаас оруулж ирж байгаа арматурын төмөр чанарын шаардлагад нь нийцэхгүй гэсэн зүйл ярьжээ. Тиймээс заавал Энэтхэг улсаас барилгын материал бүтээгдэхүүнээ оруулж ирнэ гэж. Үйлдвэрлэлийн барилгын арматурын стандарт нь өөр байдаг хэрэг үү?

-Хятад, евро, монгол стандартууд бараг зөрүүгүй ойролцоо ижил түвшнийх. Хөрөнгө гаргаж байгаа улсууд өөрсдийн бараа материалаа хэрэглэнэ гэдэг. Жишээлбэл, хятадууд нэг төсөл хэрэгжүүлэхээрээ заавал өөрийн компанийг оруулж, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа материалыг хэрэглэдэг. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг л ханддаг.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувь хүн сугалаа явуулсан тохиолдолд ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх, татвар ногдуулах боломжгүй гэв DNN.mn

Олны танил, олон дагагчтай хүмүүс сугалаа хэлбэрээр эд зүйлсээ зарж, хонжвор зохион байгуулах болсон.

Энэ талаар тодрууллаа. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Сугалааны зөвшөөрлийг Сангийн яамнаас олгож, татварын алба татвар ногдуулах ёстой байдаг” гэв. Татварын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Өнөрөөс сугалааны талаар тодруулахад “Сугалаа явуулах зөвшөөрлөө аваад албан ёсоор явуулж буй тохиолдолд манайхаас хуулийн хүрээнд татвар ногдуулж авдаг. Сангийн яамнаас албан ёсны зөвшөөрөл аваагүй сугалаа явуулсан тохиолдолд Татварын тухай хуулиар биш өөр хуулийн дагуу шийтгэл ногдуулдаг. Зөвшөөрөл авсан тохиолдолд Татварын хуулийн дагуу орлогын хувиас тооцон татвар авна. Хэрэв тусгай зөвшөөрлийн үүргийн дагуу татвараа төлөөгүй тохиолдолд Татварын хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Манай байгууллагаас сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаас 2018 онд 5 сая төгрөгийн татвар авч байсан бол 2022 онд энэ тоо 865 сая болж өссөн байна” гэлээ.

тусгай зөвшөөрлийн талаар Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржоос тодруулав.

-Сангийн яаманд сугалаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, хувь хүний хэдэн бүртгэл бий вэ?

Сугалаа явуулахад заавал тусгай зөвшөөрөл авах хуулийн заалт бий. Тусгай зөвшөөрлийн хуулиараа энэ нь аж ахуйн нэгж рүү чиглэсэн байдаг. Аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн гурван жилийн татварын ямар нэгэн өргүй байх, аудитаар баталгаажсан тайлангаа ирүүлэх гэх мэтээр зохицуулдаг. Сангийн яам өөрт оногдсон зөвшөөрлийн дагуу одоогоор аж ахуйн нэгжид сугалаа явуулах тусгай зөвшөөрөл олгож байна. Одоогийн байдлаар сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 12 байгууллага бий.

-Хувь хүнд тэгэхээр сугалаа явуулах тусгай зөвшөөрөл олгодоггүй гэсэн үг үү. Үүнд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй юу?

-Одоогийн байдлаар Монголд хувь хүмүүс сугалааг маш идэвхтэй явуулж байна. Хувь иргэн хүний хувьд авч үзвэл үүнийг ямар нэгэн байдлаар хуулиар хориглосон зүйл байхгүй. Нөгөө талдаа хуулиар иргэний эрхийг хязгаарлаагүй учраас ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх, татвар ногдуулах боломжгүй байгаа.

Харин хууль зүйн талаасаа хувь хүн сугалаа явуулахад ямар зохицуулалттай байдаг талаар хуульч Б.Мэргэнээс тодрууллаа.


Олны танил, олон дагагчтай иргэд өөрийн цахим хаягаараа сугалаа явуулж буйг ямар хуулиар зохицуулах вэ?

-Зөвшөөрлийн тухай хууль шинээр батлагдсан шүү дээ. өмнө нь Аж ахуй эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж байсан. Аль аль нь ялгаагүй сугалааг тусгай зөвшөөрөлтэй явуулна гэж байгаа. Тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно гэж заасан. Хуулийн этгээд бол заавал тусгай зөвшөөрөл авч сугалаа явуулна, хуулийн этгээд биш бол зөвшөөрөл авахгүй байж болно гэж ангилсан зүйл байхгүй. Хонжворт сугалааг тусгай зөвшөөрлөөр явуулна л гэсэн заалт бий. Тэр заалт хуулийн этгээд мөн ч, биш ч үйлчлэх ёстой. Сангийн яам өөрсдөө олгохдоо хуулийн этгээдэд олгодог байж болно. Энэ нь өөрөө хонжворт сугалаа явуулахдаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулна гэсэн шаардлага болохоос хуулийн этгээд биш хувь хүн хамаагүй гэсэн үг биш. Энэ утгаараа тусгай зөвшөөрөлгүй бол хонжворт сугалаа явуулахыг хориглоно гэсэн үг.

-Тэгэхээр тусгай зөвшөөрөлгүй өөрийн цахим хаягаараа хувь хүн сугалаа явуулснаар ямар нэгэн татвар төлдөггүй болж таараад байгаа юм. Үүнд хуулийн хүрээнд ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Сангийн яаманд хонжворт сугалаа явуулах эрхтэй 30-аад компани бий. Сангийн яамны сайт руу ороод үзэхээр хонжворт сугалаа эрхлэх зөвшөөрөлтэй компаниудын нэрс байгаа. Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд татвар төлнө, хувь иргэд зөвшөөрөлгүй учраас татвар төлөхгүй байна гэдэг нь логикийн хувьд алдаатай шийдвэр. Тэгвэл тусгай зөвшөөрөлтэй газрууд татвар төлнө, тусгай зөвшөөрөлгүй нь үйл ажиллагаа явуулаад байгаа мөртлөө татвар төлөхгүй гэсэн тайлбар л байна л даа. Нөгөө талаасаа тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэж бас бий. Уг хуулиар хувь хүн орлого олсон л бол түүнээсээ татвар төлнө. Төлбөр, таавар бооцоот тоглоомын хонжвороос 40 хувийн татвар авдаг. Тэгэхээр хонжворт сугалаанаас ялгаагүй 40 хувийн татвар авах байх. Жишээ нь, тухайн сугалаанаас машин хожсон хүн машиныхаа үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх ёстой. Тэр татварыг сугалаа явуулсан газар нь өөрсдөө суулгаж авах үүрэгтэй. Хүнд нь хонжворыг нь өгчихөөд татвараа төлөөрэй гээд хаях эрх байхгүй. Өөрөө суутгаж аваад татварын байгууллагад тушаах ёстой. Тухайн иргэн цахим хаягаараа сугалаа явуулаад 100 саяар машинаа зарсан бол 40 сая төгрөгийг суутгаж аваад татварт тайлагнах ёстой. Өөрөө үйл ажиллагаа явуулсан бол бас татварт тайлан тавих ёстой. Гэтэл хуулийн этгээдэд л тусгай зөвшөөрөл олгоод сугалаа явуулдаг. Хувь хүн тусгай зөвшөөрөлгүй мөртлөө үйл ажиллагаа явуулаад татвар төлөхгүй байна гэдэг нь хууль зөрчиж л байгаа асуудал шүү дээ. Тэгвэл Зөвшөөрлийн тухай хууль гэж байгаад яах юм бэ. Би ч гэсэн тэгвэл нэг газарт очиж алт ухаад татвар төлөхгүй явъя. Надад шаардлага тавихаар нь “Наадах чинь хуулийн этгээдэд тавьдаг шаардлага” гэчихээд ухаад байж болно гэсэн үг юм уу. Ийм л логикгүй юм яваад байна