Аргын тооллын гуравдугаар
сарын 30, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 9, өглөгт охин
одтой, улаагчин гахай өдөр.
Өдрийн наран 6:38 цагт мандан,
19:18 цагт жаргана. Тухайн өдөр туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг
түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл
туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг
эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг,
хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх,
нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох,
их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг
гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын
суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.
Month: March 2023
Гуравдугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдлийг хүргэж байна.
Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах, үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
1. Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
2. Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.
Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “АН-ын хамгийн том маргаан болоод
байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан” гэснийг II,V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Канадаас
ханиадны эм бүхий бага
оврын бараа захиалсан ахмад Б.Сандуйжав “Хэдэн их наядын хохиролтой
нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан
иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм
бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна” гэлээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бид нэг юм үзнэ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Нүүрсний экспортын анхны шанг
татсан “Ажнай”-г алдаршуулахын
оронд адалдаг нь ямар учиртай вэ!
Цоодолын Хулан: Эх болсон ард түмэндээ
хүргэх сонордуулга
УИХ-ын
гишүүн Ч.Ундрам “Боловсролын багц
хуулийн гол зорилго нь ялгаатай
байдлыг арилгах” гэв.
Монголын Геологийн
холбоодын нэгдсэн
Зөвлөлийн дарга, Монгол
Улсын зөвлөх инженер Я.Бат-Ирээдүй “Геологийн салбарын
эрх зүйн орчныг сайжруулах нь
өнөөдрийн тулгамдсан асуудал” хэмээв.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН”
Цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэл хотод мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мал, маханд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран байнгын хяналт тавьж байна.
Энэ сарын 30-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хурал дахь Ажлын хороодоор хэлэлцэж эхэлсэн.
Өчигдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ.
Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм.
Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ
Кофе бол хүн төрөлхтөний хамгийн түгээмэл хэрэглэдэг ундаануудын нэг бөгөөд сайн, муу нөлөөнийх нь талаар янз бүрийн мэдээлэл байдаг. Тэгвэл “The New England Journal of Medicine” сэтгүүлд кофены хэрэглээний хүнд үзүүлэх нөлөөний талаар жижиг хэмжээний туршилтын үр дүн нийтлэгджээ. АНУ-ын Сан-Франциско хотын Калифорнийн их сургуулийн анагаах ухааны профессор Грегори Маркус уг туршилтыг удирдсан байна. Түүний баг Сан-Франциско орчмоос эрүүл саруул биетэй 100 насанд хүрэгчийг сонгон туршилтандаа хамруулжээ. Тэдний дундаж нас 39 байв. Хоёр долоо хоног үргэлжилсэн туршилтын үеэр оролцогчдын алхалтын тоо, цусны сахар, зүрхний хэмнэлийг хэмжих зорилгоор Fitbit ухаалаг төхөөрөмж зүүлгэжээ. Ингээд тэдэнд хоёр өдөр хүссэн хэмжээгээрээ кофе уух, дараа нь хоёр өдөр завсарлах даалгавар өгсөн байна. Энэ давтамж хоёр долоо хоногийн турш үргэлжилжээ.
Кофе уусан өдрөө хүмүүс уугаагүй өдрөөсөө дунджаар 1,058-аар илүү алхсан байна. Харин унтсан хугацаа нь дунджаар 36 минутаар богиноссон байжээ.
Уух кофены хэмжээ нэмэгдэх тусам алхалтын тоо нэмэгдэж, нойрсох хугацаа буурч байсан байна. Үүнээс гадна кофе зүрхний ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлдөг нь энэ туршилтаас харагджээ. Тухайлбал хүнд заримдаа зүрх хүчтэй дэлсэх, заримдаа цохилт алгассан мэт мэдрэмж төрүүлдэг PVC (Premature Venticular Contractions) гэх зүрхний доод хоёр тасалгааны нэгнээс үүсдэг нэмэлт цохилт нь өдөрт нэгээс дээш аяга кофе уухад 50 хувиар нэмэгдэж байжээ. Тиймээс зүрхний хэм алдагдах асуудалтай хүмүүс кофе уухдаа болгоомжтой байхыг судлаачид зөвлөсөн байна. “PVC тохиолдол нэмэгдэхийн хэрээр зүрхний ажиллагаа мууддаг гэсэн ойлголт байдаг. Тиймээс зүрхний ийм эрсдэлтэй хүмүүс кофеноос татгалзах нь дээр байж магадгүй юм” гэж профессор Маркус ярьжээ. Тэрбээр туршилтынхаа дүнг нэгтгэж хэлэхдээ “Кофе ууснаар ямар ч аюултай үр дагавар гарахгүй гэдэгт хүмүүс итгэлтэй байж болно” гээд харин хувь хүн бүр өөрийн эрүүл мэнд, биеийн онцлогтоо тохируулж хэрэглэх нь чухал болохыг зөвлөсөн байна.
Г.АМАРСАНАА
Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувь нь нянгийн бохирдол их, хүнд металийн бохирдлоор бохирдсон гэсэн дүн гарчээ. Тэгвэл хүнд металь болон хөрсний бохирдол ямар өвчлөл үүсгэдэг талаар онцоллоо.
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхмөнхөөс тодрууллаа.
-Хаврын улиралд хөрсний бохирдол нэмэгддэг. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар өвчлөл үүсгэдэг вэ?
-Ерөнхийдөө гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай бие засах, үнс, угаадас, хог хаягдлаа ил хаях, автомашины задгай угаалгын газраас бохирддог. Томоохон зах худалдааны төвүүдэд хөрсөн дэх хар тугалганы хэмжээ 1,35 дахин, хүнцэлийн агууламж 2,52 дахин их гарсан.
Мөн гэдэсний халдварт өвчин, малаас хүнд дамжин халддаг халдварт, мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчин, шимэгч хорхой, тоосны халдваруудын өвчлөл үүсгэдэг.
-Хөрсийг гэр хорооллын нүхэн жорлонгоос гадна хүнд металлын бохирдол ихээр бохирдуулж байна гэлээ. Үүнийг тодруулбал?
-Хөрсөн дэх хар тугалганы агууламжийг дээж авсан цэг тус бүрээр судлахад “Да хүрээ” автомашины захын хойд талд 150 мг/кг, “Нарантуул” захын хойд хаалганы зүүн талд 141 мг/кг, Төв Гандангийн зүүн урд талын гэр хорооллын төв замын ойролцоо 108 мг/кг, Бичил хорооллын арын гэр хорооллын авто засварын газар орчим 102 мг/кг, Чингэлтэй дүүргийн 7-р хороо 115 мг/кг, 13-р хороо 106 мг/кг байгаа нь стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.02-1.41 дахин их байна.
-Хөрс ямар замаар хүний эрүүл мэндэд нөлөөлдөг вэ?
-Бохирлогдсон хөрс нь хүнд хоёр замаар нөлөөлж болно. Нэгдүгээрт хөрстэй шууд харьцсанаас буюу хүүхдүүд бохирдсон хөрс шороогоор тоглох, бохирдсон хөрсний тогтмол уснаас уух, жимс, хүнсний ногоог угаахгүйгээр хэрэглэх, ялаагаар дамжин халдварлана. Хоёрдугаарт шууд бус хавьтлын замаар буюу бохирдсон хөрсөнд тарьсан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, бохирдсон хөрснөөс нэвчсэн газрын доорх усаар дамжин хүнд гэдэсний халдварт үүсгэдэг байна.
–Ер нь ундны ус, газар тариаланд хэрхэн нөлөөлөх вэ?
– Ундны усны стандарт “MNS 900:2005”-д нийт нянгийн тоо 1 литр ундны усанд 100-аас ихгүй, E.coli болон эмгэг төрөгч нян илрэхгүй байхаар заасан байдаг. Хөрсний бохирдол нь худгийн усны чанарт нөлөөлж буй эсэхийг судлах зорилгоор худгийн уснаас дээж авч шинжлүүлэхэд зуны улиралд нянгийн тоо стандартад заасан үзүүлэлтээс 1.1 дахин их байна. E.coli, Proteus бактер илэрсэн нь ус бохирдолттой байгааг харуулах үзүүлэлт юм.
300 орчим дээжинд шинжилгээ хийхэд 88 хувьд бохирдол илэрсэн
ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ө.Ганзоригоос тодрууллаа.
-Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгаа гаргасан байна. Энэ хэр бодит тоо вэ?
-Улаанбаатарт хөрсний бохирдлын судалгааны дүнгээр хөрсний нянгийн бохирдлын 300 орчим дээжид шинжилгээ хийхэд 88 хувьд нь ямар нэгэн байдлаар бохирдол илэрсэн. Энэ нь зөвхөн нянгийн бохирдол. Мөн 5 элементэд хүнд металлын судалгаа хийхэд Монгол Улсын стандарт MNC 5850:2008 харьцуулахад 2,8-7,9 хувиар бохирдолтой гарсан.
–Нийслэлд хаагуур хөрсний бохирдол өндөр байна вэ?
-“Да хүрээ” болон хоёрдогч түүний эдийн цэгүүдийн орчим, харгиа цэвэрлэх байгууламж, томоохон зах худалдааны төвүүдийн орчимд хар тугалганы хэмжээ харьцангуй өндөр гарсан. 2021 онд Улаанбаатарын хэмжээнд 147 мянган нүхэн жорлон тоологдсон. Сүүлийн үеийн судалгаагаар гүний усанд нянгийн бохирдол ажиглагдсан. Зарим нэг гүний усанд нян илэрсэн. Тэгэхээр энэ их нүхэн жорлон бага багаар доошоо нэвчсээр бохирдол үүсгээд байгаа юм. Цаашид ч бохирдох эрсдэлтэй.
-Ер нь хөрсний бохирдлыг бууруулах ямар арга зам байна вэ?
-Техник технологи ашиглан жижиг оврын цэвэрлэх байгууламжаар бохирдлоо цэвэрлэх боломжтой. Өрхийн хэрэглээний усаа жижиг цэвэрлэх байгууламж руу хийгээд байгальд хаях боломжтой. Энэ нь 98 хувь хүртэл цэвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр хашаан дахь ногоогоо услах, автомашинаа угааж ч болно. Нүсэр байдлаар шугам сүлжээ байгуулахаас хялбар аргаар ч зохицуулах боломжтой.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав.
2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, энэхүү 8.1 хувийн өсөлтийн 6.3 хувь нь нүүрсний экспортоос бий болжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр дээрх нааштай үр дүн эдийн засагт бий болоод байна гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолсон юм.
Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, 7.5 үнэ нь дахин нэмэгджээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ 3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ийнхүү ил болоод байна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр яриандаа тодотгож байлаа. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар 2022 оны 10 дугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хэдий ч Засгийн газраас нүүрсийг хөрөнгийн биржээр туршилтаар арилжаалах түр журмыг баталж, мөрдөж ажилласны үр дүнд дээр дурдсан боломжууд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлт 8.1 хувь болоход Монгол Улсын төсвийн орлого өмнөх жилтэй харьцуулахад 30 гаруй хувиар өслөө. Эндээс Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийн менежментийг зөв хийх юм гэдэг нь харагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд УУХҮЯ, Монголын хөрөнгийн бирж, СЗХ-ноос гаргасан доод үнэ буюу анх дуудсан үнээс 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарагдсан нь маш сайн үзүүлэлт гэдгийг онцлон дурдав.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлэхдээ, Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкууд олон нийтийнх болох ажил хийгдэж байна. Энэ жилийн 06 дугаар сарын 30-наас өмнө энэ ажил дуусах ёстой. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк IPO гаргаад байгаа бөгөөд бусад банкууд бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Энэ оны хоёрдугаар сард төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3508.06 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 650.89 төгрөг, өмнөх сарынхаас 40.85 төгрөгөөр суларсныг Монголбанкаас танилцууллаа. Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 513.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 63.29, өмнөх сарынхаас 3.40 төгрөгөөр суларсан байна. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 48.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.63 төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй гарчээ.