Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гаалийн татвар гурав дахин нэмэгдсэн учир үнийн өсөлт буурахгүй байна гэв DNN.mn

Замын-Үүдийн хил гаалийн нөхцөл байдал, ачаа тээврийн үнэ ханшийн талаар Замын-Үүдэд ачаа бараа зөөвөрлөдөг жолооч Б.Дашдаваагаас тодрууллаа.


– Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

– Ачаа тээврийн үнэ ханш буусан. КОВИД-ын өмнөх байдал руугаа ерөнхийдөө орчихсон. Нэг машин ачаа одоо дөрвөн сая төгрөгөөр ирж байгаа.

– Замын-Үүдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

– Нэгдүгээр сарын 8-ны өдөр хил нээсэн.

Гэтэл одоог хүртэл жижиг тэрэгнийхээ асуудлыг шийдээгүй. Одоогоор монопол тогтоосон хоёрхон компанийн автобус тээвэрт явж байна. Өмнө нь жижиг тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг байсан хүмүүс тээврээ хийж чадахгүй дүр зурагтай байна.

– Энэ талаар албаныхантай холбогдож, асуудлаа тавьсан уу?

– Өчигдөр албаны хүмүүстэй уулзсан. Эрээний консул, Иргэдийн хурлын дарга, Авто тээврийн үндэсний төвийн дарга, Гаалийн дарга гэсэн албаны төлөөллүүдтэй уулзлаа. Энэ асуудлыг яагаад шийдэж болохгүй байгаа юм бэ гээд асуудал тавилаа.

Тэгсэн Консул хэлэхдээ анхнаасаа манайхны тавьсан саналаар наймаас дээш хүний суудалтай гэсэн санал л тавьсан болохоос биш таван суудалтай, бага оврын тээврийн хэрэгслийн асуудлыг ер хөндөөгүй шүү гэсэн. Үнэнээ л хэлж байх шиг байна лээ.

Дарга нар нь бүх шатандаа асуудлыг тавиад яриад байгаа ч газар дээр нь хөөцөлдөх ёстой хүн нь Эрээн дэх консул Т.Мөнхгэрэл гэдэг хүн. Гэхдээ наад асуудлыг чинь одоо гаргаж тавиад, хөөцөлдөөд явж байгаа. Эрээний захиргаанаас үүнийг хүлээн зөвшөөрсөн. Дээрээс шийдвэр ирэхийг хүлээж байна гэсэн хариулт өгсөн.

– Жижиг тээврийн хэрэгсэл явснаар гарах үр өгөөж нь юу вэ?

– Одоо зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа. Анх 300 зорчигч өдөр бүр явна гэж байсан шүү дээ. Түүндээ тааруулж автобусаа явуулж байна. Тэр нь ачааллаа даахгүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарах хүмүүсийн урсгал нэмэгдээд, хятад талдаа ч мөн наашаа орох урсгал нэмэгдэж, шагийн үнээр автобусны билетийг борлуулж эхэлсэн. Билетийн үнэ 200, 250 юань хүрээд шаглагдах боллоо. Хятадууд нь түүндээ бүр гаршчихсан. Сая нэг хэсэг нэг ширхэг билет 250 юаньд хүрлээ. Өмнө нь өдөрт 1,000 жижиг тээврийн хэрэгсэл, дээрээс нь өнөөдөр явж байгаа энэ автобуснууд бүгд яваад энэ ачааллыг тэнцүүлдэг байсан шүү дээ.

Үүнд бас нэг ялгаатай зүйл бий. Энгийн иргэдийн жижиг тээврийн хэрэгсэл явахгүй байгаа мөртлөө өдөрт хэд хэдэн хувийн машинууд орж гараад байгаа. Энэ юуны машин бэ гэхээр тайлбар өгөх газар байхгүй. Мэдэхгүй, бид оруулаагүй гээд булзааруулдаг. Бид ингэж чөлөөтэй орж гараад байгаа жижиг машины дугаарыг авч өгөөч гэж Хил хамгаалах газарт хандсан.

Бүртгэлийг нь авто тээврийн газраас авч өгөөч гэдэг асуудлыг яриад байж байна. Тэгэхгүй бол мэдээлэлд ойрхон, дарга цэргийн машин өглөө болгон 150 юаниар нэг хүнийг бодоод зөөгөөд байдаг. Энгийн иргэд нь өөрсдийн машинаараа орж гарч чадахгүй байдалтай удлаа.

– Ерөнхийлөгч хил гаалиар ажиллалаа гэж байсан. Наагуур чинь очиход асуудлаа ярьж чадсан уу?

– Нэгдүгээрт, манайх боомтын сайдтай болсон, тийм үү. Гадаад харилцааны сайд, Боомтын сайд гэж байж байна. Дээрээс нь орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд байна. Аймгийн иргэдийн хурал, засаг дарга гэх мэт. Энэ нүсэр том бүтэц байгаа мөртлөө иймэрхүү жижиг асуудлаа шийдэж чадахгүй байна, Монгол Улс.

Ерөнхийлөгч нь, боомтын сайдтайгаа ирсэн. Ирээд иргэдтэйгээ уулзахгүй өөрсдийн маршрутаар яваад “Өө энд чинь ёстой гоё барилга барьчихсан юм байна шүү дээ” гэж хэлчхээд л явчихсан. Тэр барилгаар чинь дамжаад энгийн ард иргэд, за бид бүр больё гэхэд хил орчмоор бизнес эрхэлдэг хүмүүс өөрийнхөө машиныг унаад. хил гаалиар чөлөөтэй зорчиж, өмнөх шигээ л явдаг болмоор байна шүү дээ. Бүх том бүтэц нь байгаа мөртлөө жижиг асуудлаа шийдэж чадахгүй байна. Иймэрхүү байдалтай л байна даа.

– Тээврийн ханш буураад байхад өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байгаа нь юутай холбоотой юм бол?

– Тээврийн зардал буурсан ч гаалийн татвар нэмэгдсэн. Энэ нь үнийн бууралтад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх гэж жолооч нар ярьж байна лээ. Би Замын-Үүдийн жолооч нарын группт ачаа тээврийн үнэ ханш буугаад КОВИД-ын өмнөх үедээ оччихоод байхад өргөн хэрэглээний барааны үнэ яагаад буухгүй байна гэхэд “Гаалийн татвар КОВИД-ын өмнөх үеэс гурав дахин нэмэгдсэн, үнээ хэзээ ч буулгахгүй бодлого барьж байна” гэж жолооч нар бичсэн байсан. Түүнээс гадна олон зүйл нөлөөлж л байгаа байх.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас ачаа барааны үнийн талаар тодруулав.

“2023 онд өссөн дүнгээр 5,103 тээврийн хэрэгслээр 113,620.6 тн бараа материал орж ирсэн. 168 тээврийн хэрэгслээр 8,909.6 тн нүүрс тээвэрлэсэн. 970 тээврийн хэрэгслээр 445,535.4 тн ачаа экспортолсон байна. Ачааны үнийн хувьд Эрээн- Улаанбаатар хот хүртэл 7,000- 8,000 юань буюу 1 м3 ачаа 110-120 юанийн ханштай байгаа” гэсэн хариултыг албаныхан өгөв.

Харин энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ачаа тээврийн үнэ буурснаар үнийн хөөрөгдлийн хөөс хагарна. КОВИД-ын үед Эрээн-Улаанбаатарын хооронд нэг м.куб ачааны тээврийн хөлс 3,000 юань хүрч тэнгэрт хадаж байсан.

Дунджаар нэг чингэлэгт 64 м.куб ачаа ордог гэж үзвэл тухайн үеийн ханшаар тээврийн хөлс нь 192,000 юань буюу 86 сая 400 мянган төгрөгт хүрч байв.

Харин хил нээгдсэнээр Эрээн-Улаанбаатар хүртэлх чингэлэг тээврийн хөлс өнөөдрийн ханшаар гурван сая 900 мянган төгрөг болж 20 дахин буураад байна. Өөрөөр хэлбэл, нэг м.куб ачаа Эрээн- Улаанбаатар хот хүртэл одоо 112 юанийн ханштай байгаа нь цар тахлын өмнөх үеэс 50 хувь буурсан гэсэн үзүүлэлт юм. Учир нь 2019 оны есдүгээр сард тээврийн үнэ ханш Эрээн-Улаанбаатарын хооронд нэг м.куб нь 220- 250 юань байжээ” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Харин энэ талаар худалдаа эрхлэгч Д.Ариунжаргалаас тодруулахад “Бид үнэ нэмэхгүй аль болох барьж худалдаалахыг хичээж байгаа. Гэхдээ үнэ буурахгүй байх эхний шалтгаан нь гаалийн татвар өссөн.

Саяхан гааль дээр бүх ачааг задалж тоолоод ширхэг бараа бүрд татвар ногдуулах тухай яриа үнэний ортой юм шиг байна лээ. Мөн ам.доллар, юанийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Байнгын өсөлттэй байгаа. Тиймээс шилжүүлэг өндөр тооцогдож байна. Энэ мэтээр үнэ буурахад олон хүчин зүйлийн нөлөө орж байгаа байх” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Шинэ харилцаа, хамтын ажиллагааны эхлэл Катарын тэмдэглэл DNN.mn

Саяхан л хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болж, түм түжигнэж бум бужигнаж байсан Доха хотод шөнө дөлөөр буулаа. Монголын зуны орой шиг сэрчигнэсэн салхитай чийглэг бүлээн агаар бүхий энэ хот хөл хөдөлгөөн нам жим, жигтэйхан тайван унтаж байна уу гэлтэй. Зам талбай, барилга байшин нь харваас чинээлэг баян улс гэдэг нь тов тодорхой. Аргагүй билээ, газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравт эрэмбэлэгддэг улс. Зам тээвэр, дэд бүтэцдээ зориулан 30 тэрбум ам.доллар зарцуулсан, “Хамад” олон улсын нисэх буудал нь эрэмбээрээ дэлхийд 9-д ордог гэсэн уншиж байсан мэдээллээ нүдээрээ баталгаажуулж явлаа.

Тайлбар байхгүй.

Хүмүүс нь баян чинээлгээрээдэлхийд хоёрдугаарт ордог. Хангалуун чинээлэг хүмүүс бусдын хөрөнгө рүү илүү харах бодол байдаггүй биз, хууль нь ч чанга хатуу гэсэн, гэмт хэрэг хулгай бараг гардаггүй, амар амгалангаараа гайхагдсан улс. Бас архи зардаггүй, биеэ гаргасан задгай хувцас өмсөхийг хориглодог, нэг эмэгтэйд гурван эр хүн оногддог гээд биднээс тэс өөр амьдрал тэнд үргэлжилдэг.

Тайлбар байхгүй.

Энэ өдрүүдэд Катарт шөнөдөө 15, өдөртөө 30 орчим грудас дулаан байна. Зун бол 50 градус хүрч хайлуулах дөхдөг гэнэ. Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өвөл зохион байгуулсан нь цаг агаарын хувьд хамгийн тааламжит сайхан үе нь байжээ.

Тайлбар байхгүй.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор “Welcome to Mongolia”буюу “Монголын соёлын өдрүүд”-ийгКатар, Кувейт улсад зохион байгуулж байгаа юм. Катар улсад тоглосон Монголын Үндэсний их театрын уран бүтээлчдийн тоглолтыг үзэхээр Катарын албаны хүмүүс төдийгүй энгийн иргэд ч хүүхдүүдээ хөтлөн ирсэн байлаа. Манай үндэсний урлаг тэр дундаа бүжиг, хөөмий, уртын дуу тэдэнд өвөрмөц, содон сонин байсан болов уу гэж бодогдоно. Учир нь “Жалам хар”-ын аяанд хүүхдүүд нь инээд алдан даган бүжиглэж хөөрхөн хөгжөөд авсан. Эцэг эх нь утсаараа бичлэг хийж харагдсан. Ямартаа тоглолтын дараа Катарын зүгээс Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийг 2030 онд болох Азийн тоглолтын нээлтэд бүрэн бүрэлдэхүүнээр нь урилаа. Манай зураачдийг ч ирж үзэсгэлэнгээ гаргахыг хүссэн юм. Ганзага дүүрэн л явж байна.

Тайлбар байхгүй.

Катар улс гурав сая орчим хүн амтай, 80 хувь нь нийслэл Дохадаа амьдардаг. Өглөө эрт ажил нь эхэлдэг бөгөөд өдрийн их халуунаар буюу үд дундад ажлын цаг нь дуусдаг. Өдөр бол хотын гудамж эль хуль. Харин орой сэрүү унаад ирэхээр хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Бүр шөнө харанхуй болсон хойно ч цэцэрлэгт хүрээлэндээ гэр бүлээрээ ширээ засаад тухалчих юм. Хүүхдүүд нь хөөцөлдөж гүйгээд, бөмбөг өшиглөөд ёстой нэг чилээгээ гаргаж байгаа болтой шуугилдана. Дэлгүүрүүд нь асар том. Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болдог стадионы дэргэдэх худалдааны төвөөр орлоо. Лангуунууд нь төв хаалганаасаа хоёр тийшээ сунаад зах нь харагдахгүй мушгиран оджээ. Гадаа явж байгаа мэт үүл хөвсөн дээвэртэй, салхи сэвэлзэх мэт сэрүүн, лангуунууд нь хоёр давхар үргэлжилсэн байшин хэлбэртэй. Дотроо Венецийн гудамжинд ирэв үү гэж андуурам усан замаар нь завьтай хүмүүс хөлхөнө. Дэлхийн бүхий л брэндийн салбарууд өрөөстэй байхын сацуу зоогийн газрууд хоолоороо даллана. Зэргэцээд хүнсний дэлгүүр үргэлжилнэ. Ер нь катарчууд дэлгүүртээ амьдардаг гэлтэй, гадаа байхгүй их хөл хөдөлгөөн тэнд өрнөнө. Дэлгүүр орох гэсэн машины түгжрэл ч үүсдэг ажээ.

Хун шувууг бид ганган гоё эмэгтэй хүнтэй зүйрлэдэг. Гоё сайхны бэлгэдэл хун байдаг. Арабад хун шиг цэмцгэр ганган хүмүүс нь эрчүүд юм. Үндэсний урт цагаан өмсгөлөө өмсөөд араб алчуур зүүсэн эрчүүдийнх нь ихэмсэг гэж. Дэгдээхэй шиг цагаан өмсгөлтэй хөвгүүдээ хөтлөөд явах юм. Эмэгтэйчүүд нь хар өмсгөлтэй, нүүрээ маш нямбай гоё будсан нь харагдана.

Катарт дэлхийн 30-аад орон оролцсон олон улсын морин спортын тэмцээн үзэх завшааныг манай Элчин сайдын яамныхан олгосон юм. Катарын хаан нь зориуд бариулсан асар том спортын ордонд уг тэмцээн манай Цагаан сарын үеэр эхэлж гуравдугаар сарын эхээр дуусч байгаа нь энэ аж. Тэнд гэр бүлээрээ яваа арабууд их харагдана. Эхнэрийн нь ард филлипин болов уу даа, гэрийн үйлчлэгч нь хүүхдүүдийг нь харж хамжааргалж явна. Тэгсгээд эхнэр хүүхэд нь үнэтэй ганган ганган машиндаа суугаад яваад өгөх юм.

Дээрх олон улсын морин спортын тэмцээний сүүлийн өдөр бол тун сэтгэл догдлуулсан үе байв. Томталбайд өндөр, давхар хаалттай, дараалсан ойр зайтай гээд нийт 16 саадыг амжилттай давах даалгавартай аж. Хоёр метрээс хол өндөр араб морьдын толгойтой тэнцэхүйц өндөр саад ч байна. Дараалсан давхар өндөр саад дээгүүр харайх даалгаврууд ч хэд хэд харагдана. Морь унаач тамирчид нь тэмцээн эхлэхийн өмнө талбайг алхаагаараа хэмжээд л алхаад байх юм. Саад бартаа бүрийн дэргэд очиж хоорондын зайг нь баримжаалж тактикаа боловсруулдаг байна. Яг тэмцээний үеэр бол морио хад мэт хантайрч ааг омгийг нь дардаг болтой. Тэгээд хаана яаж хурдлуулах, яаж харайлгах гэх мэт нь унаачийн толгойд нь багтаж, ур чадвараар нь илэрдэг ажээ.

1971 онд тусгаар тогтнолоо зарласан Катар улс Их Британи, Португали улсын колони байв. Загас агнуур, сувд түүж худалддаг байсан энэ улс газрын тос, хийн асар их нөөцөө илрүүлснээс хойш сувд түүдэг байсан газар энэ тэрээ хиймэл арал байгуулж, музей болгочихсон. Дурсамж юм даа, жуулчдад үзүүлэх сонин үзмэрүүдийн нэг нь. Ажиллах хүчээ дийлэнхдээ гаднаас авна. Бидэнд үйлчилж байсан автобусны залуу гэхэд Кени улсын иргэн. Ирээд дөрвөн жил болж байгаа, ирэх намар буцна, гурван хүүхэдтэй эхнэр нь нутагт нь буй гэж ярих. Өөгүй цэмцгэр өргөн зам дээр машин тэргээ баахан будилуудуу барих улс юм билээ. Нийтээрээ л тийм шинжтэй харагдана. Үйлчилгээний газруудад, барилга байгууламж гээд бүхий л ажилд гаднаас ажиллах хүч авдаг нь илхэн. Арабууд өөрсдөө өндөр цалин хангамжтай. Катарын мөнгөн тэмдэгтриал нь манай мянга орчим төгрөгтэй дүйцнэ. Тэд ядруухан хүмүүстээ улсаас маш их халамж үзүүлдэг, хүнсний талон өгдөг гээд өөд нь татаад явчихдаг болтой. Өөрсдөө үйлдвэрлэл явуулдаггүй, идэж уух, өмсөх зүүх, гоёл чимэглэлээ дийлэнхийг нь импортлоно. Хамгийн чанартайг нь оруулж ирнэ. Хятадууд л гэхэд монголоос авдаг махаа энд хэд дахин өндөр үнэтэй зардаг гэж байгаа. Тиймээс монгол хонины махны амт шимтийг сайн мэддэг болжээ. Энэ сонирхол дээр нь тулгуурлаж мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж асар их

байгаа аж. Ямартаа ч Монголоос ирсэн мах махан бүтээгдэхүүн, хүнс, аялал жуулчлал, шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 шахам компаниуд Катарын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр эхний уулзалтаа хийж, танилцуулгаа тавилаа. Катарын энэ чиглэлийн мөн 20 шахам компанийн удирдлагууд ирж, тухтайхан сууж сонсов. Дараа дараагийн гэрээ хэлэлцээр хэрхэн өрнөхийг тусгайлан мэдээлэх болно.

Катар улс хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулахад ойролцоогоор 220 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тоо харагдсан. Лав л долоон цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, хөлбөмбөгийн холбогдолтой өдий төдий зүйлс хийжээ. Тэр бүхэн гудамж талбайгаар ньилхэн харагдана. 12 эгнээ хурдны замыг давуулан сүндэрлүүлсэн хөлбөмбөгийн асар том хаалга ч байх шиг. Бөмбөг өшиглөөд гүйж яваа тамирчны жижиг баримал ч байх шиг. Дэлхийн аваргын лого, хөлбөмбөгийн холбоотой энэхүү дүрс дурсгал дээр жуулчид дүүрэн, зураг хөргөө татуулна.

Монголын соёл урлаг, бизнесийн төлөөллөөс бүрдсэн томхон баг анх удаа ийн Катарт ажиллаж байна. Хар хувцастай араб авхай зураг авлаа гэж манай зураглаачийн бичлэгийг устгуулсан, загвар өмсөгчдийг тайзнаа гарахын өмнө хэт ил задгай байна гэж хар өмд, трико өмсүүлсэн, цамц углуулсан гээд соёлын уламжлалын эрс өөр ялгаа гарч л байна. Ингэлээ гээд бид ч хичээж, тэд ч тайлбарлаж, төлөвлөсөн ажил үргэлжилж л байна. Энэ бүхний ард хоёр улсын харилцаа эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал гээд бүхий л төрлөөр илт сэргэж, шинэ түвшинд гарна гэсэн хүлээлт үр дүнтэй болох нь эргэлзээгүй юм.

Сонин болгох үүднээс, одоогоос 10 гаруй жилийн өмнө Монгол Катарын харилцаа ямархуу түвшинд байсныг Египтэд элчингээр сууж байсан Д.Баярхүү гуайн нэгэн дурсамжийг бичье. Тэрбээр бичихдээ “ Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын VI бага хурлын дарга Катарт төрийн мэдлийн ганц их сургуульд нь Засгийн газрын шугамаар анхныхаа монгол оюутныг манай улс 2010 онд илгээв ээ. Миний Элчин сайд байхдаа хөөцөлдөж бүтээсэн ажил байв. Монгол ганц оюутныг эхний нэг жилд нь ёстой тансаглуулав. Зүйрлэвээс 4 одтой буудал шиг дотуур байр, зарц үйлчлэгчтэй, өдрийн гурван хоол цаанаасаа, дээр нь сар бүр 400 ам.долларын ханшаар гарын мөнгө гэж тэтгэлэг олгоно. Монгол оюутан нэгдүгээр курсээ төгсөн нутагтаа амраад эргээд очтол хэрэг бишдэв. Сургалтын төлбөр гээд арван хэдэн мянган ам.доллар тавьчихаж. Хоол хош байхгүй, оюутны байрны хөлс өндөр. Учир нь хоёрдугаар курсээсээ төлбөртэй сургалт руу яв гэдэг хуультай гэнэ. Нөгөө оюутны аав нь өр тавьж төлбөр (30 гаруй мянган ам.доллар) хийчихээд сурч байтал Деканы газраас дуудуулжээ. Энэ их мөнгөний гачлангаас гарах ганцхан мэргэн арга байна. Даруй л мусульман болчих, тэгээд л бүх жаргал буцаж ирнэ гэв. Тэр ч бүү хэл ойролцоох мечетийн хамба нь цоо шинэ жиип машин бэлэглэхээр амлаж бүр цонхон дор нь авчирч тавьчихаад байж. Мань хүн тэр ятгалга дарамтаас залхаад хичээлээ хаяад эргээд ирэв ээ. Засгийн газрын тэтгэлэг өнгөрөв” гэсэн байв.

Гэхдээ одоо цаг өөр болжээ. Энэ бол 10 гаруй жилийн өмнөх харилцаа юм шүү. Энэ удаагийн “Welcome to Mongolia” бол харилцан ашигтай хамтран ажиллах шинэ харилцаа, хандлагын эхлэл юм.

Үргэлжлэл бий

Д.Оюунтуяа

Катар улс 2023.03.06

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна DNN.mn

Манай улсын нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр (69.6%) нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь (30.4%) хөдөө орон нутагт амьдарч байна.

Эмэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 350.5 мянган төгрөгөөр доогуур байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсын нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо.

Энэхүү өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос монгол эмэгтэйчүүдийн талаарх тоон мэдээллийг танилцуулсныг хүргэж байна.

Манай улсын нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний 69.6% нь хот суурин газарт амьдардаг байна.

Мөн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, хамгийн түгээмэл нэр нь Хулан. Харин Гангантогосөлзийбаясгалан хэмээх эмэгтэй Монголын хамгийн урт нэртэй эмэгтэй юм байна. Март нэртэй 946 эмэгтэй байдаг аж.

Боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг харвал, монгол эмэгтэйчүүдийн 49 хувь нь хөдөлмөр эрхэлж, дунджаар 1.4 сая төгрөгийн цалин авч байна. Энэ нь эрэгтэйчүүдийнхээс 350.5 мянган төгрөгөөр доогуур үзүүлэлт юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Маргааш буюу гуравдугаар сарын 8-н олон улсын эмэгтэйчүүдийн өдөр. Бүх нийтээрээ амарна.

Нийтээр тэмдэглэх баярын өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

Харин Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйг ЗХУТ сануулав.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
– Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам,
– Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогооны явц, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 17 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Жалбуу: Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид, эрх бүхий албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулдаг


Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай Цагдаагийн ёс зүйн талаар ярилцлаа.


-Олон нийтийн амгалан тайван байдлыг сахиулж байгаа цагдаа хүн энгийн иргэдтэй яаж харилцах ёстой вэ?

-2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” хэмээн тодорхойлсон байдаг. “Тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ” гэж заасан.

Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн хамгаалахаас гадна ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэлийг хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтлан жилладаг. Мөн Цагдаагийн алба хаагч нь дээрх хуулиас гадна тусгай дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрддөг бөгөөд хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хандах эрхэм үүргийг удирдлага болгон иргэд олон нийттэй харилцан ажиллах үүрэгтэй.

-Цагдаагийн ёс зүйн дүрмийн заалтууд байдаг шүү дээ. Түүнд юу гэсэн заалтууд бий вэ?

-Хамгийн сүүлийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны зургадугаар сарын 28-ны өдрийн А-201 дугаартай тушаалын дагуу Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг баталж, даган мөрдөж байгаа.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр алба хаагчийн ёс суртахууны нийтлэг хэм хэмжээ шаардлагыг тодорхойлон, түүнийг хангуулах үйл ажиллагааны зохион байгуулалт, журмыг тогтоож, ёс зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулж өгсөн. Дээрх дүрмээр цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаандаа баримталж ажиллах үүрэг, шаардлагаас гадна сахилга хариуцлага алдвал хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг тусгасан байдаг тул албан хаагчдын чанд сахих хэм хэмжээ болдог. Тухайлбал, алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэнтэй эелдэг, хүлээцтэй тэвчээртэй, ажил хэрэгч, зарчимч, даруу төлөв харьцах ёстой бөгөөд бүдүүлэг, хүйтэн цэвдэг, дээрэнгүй, балмад согтуу хөлчүү харьцаж, хүнийг айлган сүрдүүлэх, дарамтлах, хясан боогдуулах, эрхшээлдээ оруулах, хувийн харьцаа тогтоохоос зайлсхийх ба басамжлан доромжлохгүй байх. Мөн олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудад зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд албаны мэдээ, мэдээлэл оруулахгүй, ажлын цагаар хувийн асуудлаар цахим сүлжээнд орохгүй байх зэрэг хязгаарлалтуудыг тогтоосон байдаг.

-Олон нийтийн сүлжээнд дайныг эсэргүүцэж жагссан иргэдийн бичлэг доор цагдаагийн нэгэн алба хаагч “Хорь цагд, байя аа, больё оо гэтэл нь шээс баастай нь холь” гэх мэтээр бичсэн байсан. Цагдаа хүний эрхэд тэгж халдаж болох уу?

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тавигдсан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд нийтээрээ санал шүүмжлэлтэй хандаж тэрийгээ дагаад бодит баримттай зүйлд бус хэн нэгний үзэл бодлоо илэрхийлсэн мэдээлэлд хэт ач холбогдол өгөх хандлага нийгэмд их байна.

Учир нь техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед иргэд мэдээллийг цаг алдалгүй авч байгаа нь сайшаалтай боловч өөрсдийн үзсэн, уншсан зүйлд хэт нэг талыг барьж хандаж байгаа нь харагддаг. Хэрэв цагдаагийн алба хаагч олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж бусдыг “Хорь цагд, байя аа, больё оо гэтэл нь шээс баастай нь холь” гэх мэтээр бичсэн асуудал байгаа бол холбогдох дотоод хяналт шалгалтын байгууллага нь шалгаад буруутай гэж үзвэл ёс зүйн дүрмэндээ заасан тодорхой арга хэмжээг авах ёстой. Гэтэл дээрх иргэнийг цагдаагийн байгууллагад ажилладаг үгүйг тогтоолгүйгээр түүний цагдаа хувцастай гэрэл зургийг ашиглан нийт цагдаагийн нэр хүндийг унагах үйлдэл гаргах нь зохимжгүй юм. Тухайн иргэнийг цагдаагийн алба хаагч үнэхээр мөн үү, одоо цагдаагийн албанд ажиллаж байгаа юу гэдгийг огт тогтоогоогүй байж шууд цагдаагийн алба хаагч олон нийтийн сүлжээгээр хүний эрхэд халдсан гэж үзэх нь учир дутагдалтай гэж харж байна. Үүнд шалгах ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагч мөн эсэхийг хянаж, шалгах тогтоох нь зүйн хэрэг байх.

-Цагдаа шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй иргэнээс мэдүүлэг байцаалт авахдаа яаж харьцах ёстой вэ?

-Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэхдээ гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох хүмүүсээс мэдүүлэг авдаг. 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар байцаалт гэх ойлголт байхгүй болсон. Гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах гэж хуульчилж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан байдаг. Мөн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглодог. Тиймээс цагдаагийн алба хаагч нь иргэдээс мэдүүлэг авахаар дуудахдаа түүнийг утсаар, нэг бол прокурорын дуудан ирүүлэх хуудсаар дуудаж болдог ба ямар хэрэгт мэдүүлэг авах гэж байгаагаа тайлбарлан тухайн мэдүүлэг өгөх хүнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч өөрт нь уншуулсаны дараа мэдүүлэг авах ёстой. Иргэд өөрсдийн зүгээс “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн үндсэн эрхээ мэдэж байх шаардлагатай.

-Цагдаагийн эрх үүргээ хэтрүүлэн ёс зүйн дүрмээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид ямар шийтгэл ногдуулдаг вэ?

-Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулахаар заасан байдаг. Үүнд сануулах, албан тушаалын сарын үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах, албан тушаал бууруулах, цагдаагийн цолыг бууруулах, цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын шийтгэлүүдээс тухайн албан тушаалтны гаргасан зөрчлийн хэр хэмжээнд тааруулан эрх бүхий албан тушаалтан оногдуулдаг.

-Хууль биелүүлэгч, хуулийг биелүүлэхийг шаарддаг гол субъект нь цагдаа. Тэгвэл цагдаа өөрөө хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн Эрүүгийн шинжтэй үйлдэл гаргасан бол түүнд хариуцлага үүрүүлэх дараагийн субъект нь хэн бэ?

-Бид хууль засагладаг нийгэмд амьдарч байгаа тиймээс хууль биелүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч цагдаагийн үйл ажиллагаа ч гэсэн хууль тогтоомжийн хүрээнд нарийн дэг журамтайгаар явагддаг болохыг өмнө нь дурдсан. Тухайн албан хаагч хуульд заасан эрхээ хэтрүүлбэл Цагдаагийн байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хуульд сахилгын шийтгэлийг оногдуулах эрх бүхий байгууллага нь дээд шатны эрх бүхий албан тушаалтан нь байна. Өөрөөр хэлбэл, тухайн албан хаагчийн шууд харьяалах албаны даргад гомдол гаргаж болно. Харин зөрчлийн болон эрүүгийн хэргийн шинжтэй

йлдэлд шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэнэ.

-Энгийн иргэний хуулиар олгогдсон хэм хэмжүүрийг зөрчин, ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж мэдүүлэг, байцаалт авсан алба хаагчийн тухай мэдээллийг энгийн иргэд хаана хандаж, гомдол мэдээллээ гаргах ёстой вэ?

-Цагдаагийн алба хаагчийн хууль зөрчсөн үйлдлийн талаарх санал гомдлоо иргэд тухайн цагдаагийн байгууллагын даргад амаар болон бичгээр гаргаж болно. Мөн 126, 70191000 гэсэн дугаарын утсаар холбогдож цагдаагийн албан хаагчийн ёс зүйн асуудлын талаар гомдол гаргаж холбогдох мэдээллийг өгөх боломжтой.

С.ОТГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээжтэй хүн ээжээрээ гайхуулж, ээжгүй нь сэтгэл зүйн дарамтанд ордог баяр эхэлж байна DNN.mn

Цагаан сарын дараагаас л “Мартын 8” залгаж манайхны ээжүүдийн баяр эхэлдэг. Үндсэндээ хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд үе хүртэл ээжүүдийн баяр үргэлжилнэ. Энд тэндгүй дуучдын нэгдсэн тоглолт, хошин шогийн үзүүлбэрүүд, 1000 ээжийн баяр, одонтой ээжүүдийн баяр, аймаг, сум, нийслэл, дүүргийн шилдэг ээж, эмэгтэйчүүд гээд цэцэг навч, дуу хуур, баяр хөөрт умбасан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зогсоо зайгүй болно. Ингэж баярлалдах нь, ээжүүдээ магтан мандуулж, олон нийтэд өргөмжлөх нь буруу гэж байгаа юм огтоос биш л дээ.

Хамгийн гол нь монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэж буй энэхүү баяр нь яг жинхэнэдээ ээжтэй хүн нь ээжээрээ гайхуулсан, ээжгүй хүмүүс нь байж суухын аргагүй болтол сэтгэлзүйн дарамтанд орсон, ийм л баяр болдог. “Ижийгээ баярлуулж яваарай” гээд дуу хуур, найр цэнгүүн нь эхэлдэг.

“Бид бүхний энэхүү ёслолд та ижийтэйгээ хамт оролцоорой. Заавал ээжийгээ баярлуулаарай. Ижий бурхан гэдэг чинь…” гээд хий хоосон цэцэн үг урсгадаг. Ээжүүдийн алдар гавьяа бадартугай. Эрхэм таныг төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн ачлал буянтай ижийдээ яг одоо бүгдээрээ баярлалаа гэж хэлцгээе ч гэж байх шиг.

Энэ бүх үгс, зарлалын самбар шиг уран яруу тодотголууд ээжгүй хүмүүст, ээжийгээ алдаад, ээж гэдэг үгийг бодохоос өр нь эмтэрч, сэтгэл нь шархирч явдаг хүмүүст аятай таатай санагддаггүй. Сэтгэл санааны хувьд цочирдолд ордог. Ээжгүй болсон хүнд “Та заавал ээжтэйгээ ирээрэй” гэж хэлээд байгаа нь нэг талаас тухайн хүнээ тохуурхаад ч байгаа юм шиг таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Тиймээс ээжгүй хүмүүс байдаг гэдгийг, ээжгүй хүний сэтгэл зүрх эмзэг байдаг гэдгийг бид эхлээд бодох ёстой.

Хүний эрхэмлэж явдаг хамгийн дээд үнэт зүйлээр нь тухайн хүнийг элдэвлээд байна гэдэг угтаа сэтгэл зүйн асар хорлонтой дарамт гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг юм. Ээж хүн гэдэг үр хүүхдэдээ хамгийн дээд эрдэнэ. Энэ хорвоод эхийн хайр энэрлийг зүйрлүүлж хэлэх зүйл нэгээхэн ч үгүй. Ээж хүнийг юугаар ч орлуулшгүй. Тиймээс юугаар ч орлуулж нөхөж болшгүй үнэт зүйлээр нь оролдоод, зарим нэг нь гайхуулаад, нийгэм тэр чигтээ амьсгалаад байна гэдэг тухайн хүнд асар хүнд тусдаг нь ийм учиртай ажээ.

“Ээждээ захидал бичээрэй” гэх уралдаан байх юм. Хүн бүхнийг ээжтэй байх юм шиг санаж, өнгөцхөн бодож байгаа нь харамсалтай санагддаг. Ээждээ та юу гэж хэлмээр байна, түүнийгээ бич гэж тулгахыг нь яана. Хүний орчлонд чинь ээжтэй хүнээс ээжгүй хүн нь олон байдаг юм шүү дээ. Захидлын тэр уралдааныг болих хэрэгтэй” гэж философийн ухааны доктор, зохиолч Г.Батнасан бичсэнийг санахад илүүдэхгүй болов уу.

Ээжүүдийн баярын сэтгэл зүй монголчуудад ингэж нөлөөлж байна. Гуравдугаар сарын 8-ныг ээжүүдийн баяр гэхээсээ илүү Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэх үндсэн ойлголтынх нь хүрээнд тэмдэглэдэг болох хэрэгтэй. Эхчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай ярьсан, охид бүсгүйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа кейсүүдийг нийгэмд дэлгэсэн, тухайн жил хичнээн бүсгүй хүчирхийлэлд өртөв, яагаад охид эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болоод байна гэдгийг хурцаар шүүмжилж олон нийтэд цочроо өгсөн ийм л өдөр болгож тэмдэглэдэг баймаар байна.

Хэдэн жилийн өмнө “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” аяныг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион явуулж бүх аймаг сумдын эмэгтэйчүүдийн төлөөллийг Улаанбаатарт цуглуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Уг аяны хүрээнд эмэгтэйчүүдийн саналыг хүлээн авахад нийтдээ 30 мянган эмэгтэйн санал ирснээс 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, архины дарамт, хардлага сэрдлэг дунд байдгаа айж ичилгүйгээр хэлсэн байдаг.

Энэхүү уулзалтыг эмэгтэйчүүдийн холбоо НҮБ болон Хүнийн эрхийн үндэсний комисстой хамтарч жил бүр явуулдаг жишгийг Монголын нийгэмд тогтоох хэрэгтэй. Үүнд хүний эрхийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуульч, өмгөөлөгчид, дээрээс нь УИХ-ын эмэгтэй гишүүд оройлж манлайлж оролцох ёстой.

Тэдний эрх бөгөөд

үүрэг мөн. Охид хүүхнүүд нь хүчирхийллийн золиос болж, дарамт шахалтан дор амьдаараа тамлагдаж байхад байхад дүлий дүмбэ оргиод эмэгтэйчүүд, ээжүүд мандтугай хэмээн худлаа уриа лоозон, цэцэг навч, баяр хөөр болох нь үнэндээ утгагүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 330 охины өмнөөс туулайн бүжингийн суулт буюу төв талбайд бас нэг акц болж байсан. Ганцхан жилийн дотор гэхэд 330 охин бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртөж нас барсан охидын эмгэнэлт хэрэг сүүлийн үед нийгмийг цочроох болсныг бид харж байна.

Мөн жилд 4000 орчим өсвөр насны охид төрж, 70 хувь нь өрх толгойлсон ээж болж байгааг охидын хөгжил манлайллын төлөө ажилладаг “Охидын түүх” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Цэцэгсайхан манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан. Тэрбээр “Энэ тоо жилээс жилд өсч байгаа, 10 гаруйхан настай хүүхдүүд жирэмсэн болж буйд эцэг эхчүүд гол буруутан нь” гэж хэлж байсан. Үр хөндөлтөд орж байгаа охидын ихэнх нь 13, 14 настай нялх охид байгааг эмэгтэйчүүдийн эмч нар халаглан ярих болсон.

Охид бүсгүйчүүдийн өмнө тулгарсан, нийгмийн өмнө тулгарсан энэ бүх асуудлыг хурцаар тавьж, бодлого болгож, жишиг болгож ярихгүйгээр зөвхөн ээжүүдийн баяр мэтээр нийтээрээ туйлшран баярлаж байгаа нь стандарт биш байна. Ер нь монголчууд бидний бүх л зүйл стандарт биш болоод удаж байна. Аливаад дэг журам, үнэт зарчим гэж байхгүй, нийгмээрээ л хөөрсөн, баярласан, хий хоосон цэцэрхсэн, нэгнээ хий хоосон шагнаж өргөмжилсөн, худлаа дүр эсгэсэн, нэр хичээсэн ийм л байдалтай байгаа. Тиймээс хөгжил дэвшлийн тухай ойлголт бидэнд байдаггүй, хөлөөрөө толгой хийсэн, толгойгоороо хөл хийсэн энэ байдал хөгжил дэвшилд асар их саад болдог.

Мартын 8-ны өдрөөр охид бүсгүйчүүд эрхээ хамгаалуулах тухай, тэгш эрхийн тухай ярьж тэмцдэг, хүний эрх, эрх чөлөөг ярьдаг, ёс суртахуун, үнэт зарчмыг ярьдаг ийм өдөр болгож, үндсэн мөн чанарыг нь нийгэмд ойлгуулж, дархлаа тогтоож өгөх нь чухал байна. Хэрвээ ийм дархлаа ойлголтыг шинэ залуу үед суулгаж өгөхгүй бол нийтээрээ архидан тэмдэглэдэг, эмэгтэйчүүдийн, ээжүүдийн өргөмжлөлт баяр мэтээр ойлгоод улам л хөнгөн, нимгэн тал руугаа явах хандлагатай боллоо.

Сүүлд нь дахин хэлэхэд, эмэгтэйчүүдийн тэгш эрх, үнэт зүйлсийн тухай ярих учиртай энэ баяр маань ээжээрээ гангарч, ээжгүй нэгнээ дарамтад оруулсан тийм нэг стандарт бус алиа цэнгэлийн хөнгөн хуумгай, утга учиргүй баяр болсныг хатуу анхаарах цаг нь болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 7, Ангараг гариг. Билгийн
тооллын 15, бага морь одтой,
хөх хулгана өдөр. Өдрийн
наран 7:22 цагт мандан, 18:44
цагт жаргана. Тухайн өдөр луу
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа
хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах,
эд агуурс авах, зээл авах, арвижуулах,
дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих,
хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны
үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь
уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар
яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Алсран одож буй ардчилал” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрчим хүчний зөвлөх
инженер, доктор Г.Ёндонгомбо “Монгол Улс
метан
хийгээрээ
Оросын гол
өрсөлдөгч
болохыг
үгүйсгэхгүй
гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Замын-Үүдэд
ачаа бараа зөөвөрлөдөг
жолооч Б.Дашдаваа “Гаалийн татвар гурав дахин
нэмэгдсэн учир үнийн өсөлт
буурахгүй байна гэв”

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Алсран одож буй ардчилал” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир “Цагааннуурын
чөлөөт бүс, Даянгийн
боомтыг ашиглаж баруун
бүсийн үнийн хөөрөгдлийг
шийдэх бололцоо байна” гэлээ.

ТОМИЛОЛТ: Шинэ харилцаа, хамтын ажиллагааны эхлэл
Катарын тэмдэглэл

Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга
Э.Мөнхнасан “Шинэ дугаар авах, эзэмшигчийн нэр
шилжүүлэх гэх мэт бүртгэлтэй холбоотой
ажиллагааг цахимжуулахаар төлөвлөж байгаа- гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ