Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01’48.0″, У-100°25’12.0″/ өнөө өглөө буюу 03 дугаар сарын 15-ны өдрийн 06:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 21 удаагийн чичирхийлэл бүртгэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Уртнасан: Шүүхэд гомдол гарган улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг цуцлах зохицуулалттай DNN.mn

ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр сүүлийн үед уг байгууллагатай холбоотойгоор өрнөөд буй үйл явдлын талаар сэтгүүлчдийн асуултад ШӨХТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан хариуллаа.


-Гурил үйлдвэрлэгчдэд тавьсан торгуулийн дараа үйлдвэрлэгч эсэргүүцэн үнээ нэмсэн. Энэ нь эргээд энгийн хэрэглэгч ард иргэдэд дарамт болж байна. Танайхаас хийсэн шалгалтын үр дүнд үндэслэлгүй нэмсэн үнийг буулгах ёстой атал эсрэгээрээ нэмчихлээ. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-ШӨХТГ хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд найман хуулийн дагуу иргэдээс ирсэн гомдол саналыг үндэслэн хянал шалгалт хийдэг. Бид 11-11 төв болон өөрсдийн 115 дугаарын утсанд ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авдаг. 2023 он гарснаас хойш манайд хандсан 68 өргөдөл гомдол ирсэн. Эдгээр гомдлын дагуу хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироохгүй байхын тулд хохирлыг барагдуулах үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Хуульд заасны дагуу гурил үйлдвэрлэгчдэд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын үеэр зөрчил илэрсэн учраас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Хуулиараа бол улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг аж ахуйн нэгжүүд сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй бол шүүхэд гомдол гарган улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг цуцлах зохицуулалттай. Бид гурил үйлдвэрлэгч гурван аж ахуйн нэгжид шийтгэл оногдуулсан. Шүүхэд гомдол гаргасан өргөдөл нь одоогоор манайд ирээгүй байна.

Бид улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг өнөөдрийн байдлаар үндэслэлтэй хэмээн бодож байгаа. Хуульд заасан тухайн зөрчлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй. Аж ахуйн нэгж ч гэсэн илэрсэн зөрчлийг арилгах үүрэгтэй.

-Торгууль шийтгэлийн арга хэмжээг тухайн байгууллага ямар хугацаанд төлсөн байх шаардлагатай вэ?

-ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг нь үнийг өсгөх буулгах гэдэг асуудал биш. Харин тухайн зах зээлд давамгай болон монопол аж ахуйн нэгжүүд ноёлох үйл ажиллагаа явуулж байна уу үгүй юу, өртөг зардлаасаа хэт давсан өндөр үнийг тогтоож зах зээлд ноёлох, бусад аж ахуй эрхлэгчдийг тухайн зах зээлд оруулахгүй байх нөхцөл бий болох вий гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулдаг.

Өнөөдөр торгууль шийтгэл ногдуулаад, төлөлт хангалтгүй байна гэж байгаа боловч торгуулийн хууль эрхзүйн орчин дахь тодорхой хэмжээний өөрчлөлтийг шаардаж байгаа. Бид Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг хийгээд явж байна. Аж ахуйн нэгжүүддээ уриалаад хэлэхэд шударга өрсөлдөөнийг бий болгож ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Аливаа асуудалд сонголтыг эцсийн хэрэглэгч хийдэг. Тэгэхээр тэрхүү хоёр дахь сонголтыг хийх орчныг ШӨХТГ өнөөдрийн эрхзүйн орчныг бүрдүүлж хяналт тавьж ажилаж байдаг гэсэн үг.

-Ил хэлсэн нь “Алтан тариа” компани болохоос биш цаагуураа “За та нар торгож байгаа бол бид үнээ нэмнэ” гээд чимээгүйхэн нэмж байгаа тохиолдлууд бий л байх. Үүнийг хэрхэн арилгах вэ?

-Манай байгууллага хяналт шалгалтын явцаар энэ зөрчлүүдийг илрүүлсэн. Нэгдүгээрт, 2022 онд тухайн зах зээл дээр байгаа аж ахуйн нэгжүүд хоорондоо үгсэн тохиролцож, үнээ нэмсэн асуудал байсан. Хоёрдугаарт, тухайн зах зээлийн бүтээгдэхүүний түүхий эд, хэрэглэгдэхүүний үнэ нэмэгдээгүй тохиолдолд нэгж бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Тэр хүрээндээ торгосон. Аж ахуйн нэгжийг торгоод тэр аж ахуйн нэгж торгуулийн мөнгөө эцсийн хэрэглэгчид үүрүүлж байгаа нь хууль бус.

Хэрвээ тийм асуудал байгаа бол бид тухайн бүтээгдэхүүний өртөг зардлын тооцоог хийж үзээд үндэслэлгүй байна гэж үзвэл мөн л манай хуулийн зохицуулалт тийм байгаа учраас хуульд заасан арга хэмжээгээ дахиад л авахаас өөр аргагүй.

-Юнивишн компани хэрэглэгчдийг ихээр хохироож байгаа тухай хэрэглэгчид байнга гомдол гаргах боллоо. Хоёр үнийн тарифтай ажилладаг. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Өрсөлдөөний тухай хуулиар тарифын зохицуулалттай ААН-үүдийн үйл ажиллагаанд ШӨХТГ-аас хяналт тавьдаггүй. Эрчим хүчний салбар, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг зохицуулалттай салбарууд байдаг. Өнөөдрийн байдлаар давамгай болон монопол 304 аж ахуйн нэгж байна. Эдгээрийн 100 гаруй нь зохицуулалттай салбарынх юм. Хуулиар зохицуулалттай салбарын үнэ тарифт ШӨХТГ хяналт тавьдаггүй. “Юнивишн” ХХК-ийн тариф тогтоосон асуудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хяналт тавьж, тогтоодог. Харин ШӨХТГ-аас тухайн зах зээлд давамгай байдалтай ажиллаж буй байгууллага хэрэглэгчдэд хоёр өөр үнийн дүнг оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй гэдэг асуудлаар шийтгэл оногдуулсан. Аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэгчдэд нэг үнийг санал болгох ёстой. Хэрэглэгчид иргэний журмаар гэрээ байгуулж ажилладаг. Гэхдээ аливаа сонголтыг эцсийн хэрэглэгч өөрөө хийдэг.

Тухайн аж ахуйн нэгж ноёлох үйл ажиллагаа явуулж буй эсэх, хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдгээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг ШӨХТГ явуулна. ААН-ийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд хэрэглэгчдэд нэг л үнийг санал болгох ёстой. Энэ нь хуульд заасан зохицуулалт. Тиймээс ч хоёр өөр үнэ санал болгож байгаа асуудлаар “Юнивишн” ХХК-д хуулийн дагуу арга хэмжээ оногдуулсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ардын намынхан амралтын өдрийн сэм уулзалтаараа ямар тохироонд хүрэв? DNN.mn

МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт хотоос гарч, сэм уулзацгаасан сурагтай. Тэд Тэрэлжид очиж үдийн зоог барьцгаажээ. Ардын намынхан хэзээнээсээ улс төрийн ямар нэг чухал шийдвэр гаргахдаа, тохироо хийхдээ тэнд уулздаг уламжлалтай. Энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, сайдууд болон Байнгын хороодын дарга нар, парламентын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд хөвөрч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бусад нь л бараг очсон юм уу даа. Тэд хаврын чуулган эхэлж байгаатай холбогдуулан ямар улс төр хийх талаараа нухацтай ярилцсан гэх. Ярианы гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яавал эвтэйхэн байдлаар явуулж болох гаргалгааг эрэлхийлж, энэ тал дээр санаа, оноогоо дэвшүүлцгээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Зөвлөлдөж шийдье” санал асуулгаар иргэд ҮХНӨ хийх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс төдийлөн үр дүн харагдахгүй байна гэж иргэд, эрдэмтэн судлаачид хүртэл хэлж байв.

Гэхдээ иргэдийг төлөөлсөн төрийн хяналтын тогтолцоог бий болгохыг хамгийн ихээр дэмжсэн. Үүн дээр дөрөөлж ҮХНӨ хийх зайлшгүй шаардлагатай гэж зарим нь хэлжээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх бодлого үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг хангаад зогсохгүй Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай гэх санал ч гарсан бололтой юм. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх тал дээр уулзалтад очсон эрх баригч намынхан дотор дэмжсэн байр суурь илүү давамгайлсан гэнэ.

МАН-ын удирдлагуудын хөндсөн өөр нэг сэдэв нь сонгуулийн тогтолцоо байсан аж. Энэ парламентыг тарааж ирэх намар ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн боловч бүдэрсэн. Уулзалтад очсон гишүүдийн зүгээс ч ээлжит бус сонгуулийн эсрэг саналтай байжээ. “Одоо бидэнд гуравхан парламентын хугацаа үлдсэн болохоор бүрэн эрхээ дуусгачихмаар байна” гэх хүслээ нуулгүй илэрхийлсэн тухай дуулдав.Парламентыг тараахгүйн тулд ҮХНӨ-ийг дэмжье гэсэн ам өчгөө ч өгсөн гэлцэх юм. Олны яриа ортой гэдэг дээ. Юутай ч хаврын улс төр хэрхэн үргэлжлэхийг одоо харах л үлдлээ. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө тэд байр сууриа нэгтгэхийг чухалчилсан гэнэ. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийг өргөн барихад заавал УИХ-ын гишүүд гэлтгүй Засгийн газраас ч өргөн барих боломжтой. Иймд нам дотроо санаа нэгтэй дэмжих ёстой шүү гэсэн захиасыг эрх баригчид ой тоондоо ягштал мөрдөхөөр болжээ.

Ардын намын удирдлагууд энэ удаагийн уулзалтаараа эдийн засгийн нөхцөл байдал, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олны анхаарлын төвд орсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцсан аж. Ингэхдээ АТГ-аас яллагдагчаар татсан УИХ-ын зарим гишүүдийн асуудал, эзгүйрсэн сайдын суудалд хэн тохиромжтой байж болох гээд улс төрийн дараагийн нүүдлээ ярилцацгаажээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Оюу толгойн баатрууд С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар мөн DNN.mn

Оюу толгойн гүний уурхайн олборлолт өчигдрөөс албан ёсоор эхэлж Монгол Улсын хөгжилд түүхэн эргэлт гарч байна. Энэхүү гүний уурхай ашиглалтад орсноор манай улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдох хөгжлийн гараа эхэлж байгаа юм. Манай эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

Тухайлбал, Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилдээ тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг “Оюу толгой” компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Тэр хэмжээгээр манайд төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байгаа.

Мөн Таван толгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүхэн гаднаас эрчим хүч худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монголдоо үлдэх зэрэг эдийн засгийн олон олон бодит боломж бүрдэж байна. Тиймээс Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны буюу барууны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам болсныг тэмдэглэдэг нь ийм учиртай.

Оюу толгойн энэхүү гэрээнүүдийг улс төрийн түүхэн шийдвэр гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулсан баатрууд гэвэл Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мөн юм. С.Баярын хувьд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа 2009 онд Оюу толгойн гэрээг гуравдагчорны хөрөнгө оруулагчтай анх байгуулсан түүхэн гавьяатай хүн.“Би Ерөнхий сайдын хувьд энэхүү гэрээг байгуулах нь Монголын эдийн засагт зөв зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Монголын эдийн засаг Оюу толгойн хүчинд л өндийж ирсэн. Улсын төсөвт хамгийн өндөр татвар төлж ирсэн байгууллага бол Оюу толгой. “Эрдэнэт” үйлдвэр, Оюу толгой хоёр л Монголын эдийн засгийг авч яваа” гэж тэрбээр бардам хэлдэг.

Үнэхээр Санжийн Баяр түүхэн шийдвэр гаргаж Оюу толгойн төслийг эхлүүлээгүй бол Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдалд асуудал үүсэх байсныг тулхтай улстөрчид болоод судлаачид хэлдэг. С.Баярын энэхүү түүхэн шийдвэрийг ажил хэрэг болгож, Оюу толгойн төсөл хөтөлбөр хэрэгжихэд онцгой гавьяа байгуулсан хүн бол С.Баярын хамтарсан Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байсан Сангажавын Баярцогт юм.

Тэрбээр энэ тухайгаа “Би 2009 оны долдугаар сард Оюу толгойтой анх холбогдсон. Ерөнхий сайд С.Баяр үүрэг өгч “Чи үүнийг босгож ир. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Хэрвээ энэ төсөл босч ирэхгүй бол хамтарсан Засгийн газар ч байхгүй, ард түмэнд амласан амлалт ч байхгүй болно” гэж хэлсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолд бүх асуудлыг нийцүүлж хийх хэрэгтэй гэсэн, түүнээ нийцүүлсэн. Оюу толгойн 34 хувийг Монгол Улсын нэр дээр авсан. 30 жилийн дараа 17 хувийг нэмж авна гэж гэрээнд тусгасан. Гэрээ байгуулах бэлтгэл ажил дууссантай холбогдуулан ээлжит бус чуулганыг наймдугаар сард хийж, аравдугаар сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед ганц л зүйлийг шүүмжилж байсан. Тэр нь “Чи яагаад 17 хувийг нь 30 жилийн дараа авч байгаа юм бэ. Энэ 34 хувь чинь бага байна” гэх асуулт. 17 хувийг нэмж авснаар Монголын тал 51 хувийг эзэмшинэ. Гэхдээ тухайн үед мөрдөж байсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар уг ордын нөөцийг хөрөнгө оруулагч өөрөө илрүүлсэн бол төрийн эзэмшиж болох хувь хэмжээний дээд хязгаар

34 хувь байсан. Бид тэр хязгаарт нь тулгаж дээр нь 17 хувийг нэмж авахаар гэрээлсэн” гээд энэ гэрээг хийж хэрэгжүүлснийх нь төлөө С.Баярын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй гэж хэлдэг.

Ийнхүү С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Дараа нь Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэг тэрбум доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтийг хийсэн байдаг. Энэ бүхний хүчинд Монголын эдийн засаг түүхэндээ анх удаа 17.5 хувийн өсөлттэй гарч байсан. Оюу толгойн бодит хөрөнгө оруулалт Монголд ингэж нөлөөлсөн.

Дараагийн түүхэн гавьяатай баатар бол яах аргагүй Ерөнхий сайд асан Чимидийн Сайханбилэг. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлж байхдаа улс төрийн түүхэн шийдвэр гаргаж 2015 онд Дубайн гэрээг байгуулсан. Энэхүү Дубайн гэрээ зурагдсанаар Оюу толгойн далд уурхайд зарцуулагдах 4.3 тэрбум долларыг босгож ирсэн юм. Хэрвээ 4.3 тэрбум доллар босгох Дубайн гэрээ хийгдээгүй бол өнөөдрийн Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орохгүй байх байсан, ийм л түүхэн гэрээ. “Манай Засгийн газар Дубайн гэрээний асуудлыг шийдвэрлээгүй бол Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2023 онд биш 2030 он хүртэл хийгдэж чадахгүй байх байлаа. Бүтэн 7-8 жилээр энэ гэрээ хойшилсон бол улс орны эдийн засагт ямар том хохирол учрах нь мэдээж. Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк санхүүгийн 15 байгууллага өөрийнхөө хөрөнгө оруулалтын зээлийг өгсөн” гэдгийг Ч.Сайханбилэг АНУ-аас мэдэгдэж байсан.

Дубайн гэрээг хийж хэрэгжүүлсний дараа уг гэрээг хүчингүй болгосон. Үндсэндээ энэхүү түүхэн үүргээ гүйцэтгэж хэрэгжүүлснийх нь дараа Дубайн гэрээг хүчингүй болгосон, үүнийг хүмүүс сайн ойлгодоггүй. Харин улс орны эдийн засагт ийм онцгой байгуулсныхаа төлөө Ч.Сайханбилэг өнөөдөр ялтан мэт хилийн цаана сууж байна. Мөн Оюу толгойн гэрээг явуулсныхаа төлөө С.Баяр, С.Баярцогт нар шоронгийн хаалга татсан. Тэр тухай бүгд мэдэх учир ингээд орхиё.

Оюу толгойн дараагийн баатар бол одоогийн Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Тэрбээр Оюу толгойн төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдлаа, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн 2.3 тэрбум ам.долларын өрөнд орлоо, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсныг төр засгийн зүгээс хөрөнгө оруулагч талд албан ёсоор тавьсан.

Энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд Монголын төр “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол баталж, УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулж багагүй хугацаанд хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалт ийнхүү ашиглалтад орж байна. Энэ бүхэн залуу Ерөнхий сайдын гавьяа.

Монголын эдийн засаг гурав дахин нэмэгдэж, жилдээ тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу толгой компани дангаараа үйлдвэрлэх боломж бүрдэж байна гэдэг бол улс орны хөгжлийн маш том суурь. Энэхүү нөхцөл боломжийг бий болгосон дээрх эрхмүүд бол Оюу толгойн баатрууд. Эдгээр хүмүүсийн түүхэн гавьяаг улс орон нь алдаршуулах ёстой. Гуравдагч хөрш буюу барууны хөрөнгө оруулалт гэдэг улс орны тусгаар тогтнолын баталгаа мөн. Яг үүн шиг олон олон Оюу толгойн хөрөнгө оруулалт Монголд орж ирж, эдийн засгийн эргэлт хийх хэрэгтэй байна. Тэр бүгдэд гавьяа байгуулсан хүмүүсийг үндэсний баатрууд гэж цоллодог, зарладаг, тунхагладаг баймаар байна. Эцэст нь дахин хэлэхэд С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар Оюу толгойн баатрууд мөнөөс мөн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 15, Буд гариг. Билгийн
тооллын 23, гар одтой, хар бич
өдөр. Өдрийн наран 7:6 цагт
мандан, 18:56 цагт жаргана.
Тухайн өдөр хулгана, луу
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба жилтнээ могой, морь сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа
хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах,
эд агуурс авах, зээл авах, арвижуулах,
дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг
сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг
байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө
хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
луу, могой, хонь, нохой болой. Хол газар
яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Юань гүрний залгамжлагч нь Хятад мөн үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамны Төрийн
нарийн бичгийн дарга
Г.Өнөрбаяр “Даатгуулагчид
олон эх үүсвэрээс тэтгэвэр
авдаг болно
гэснийг VI, VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ардчилсан намын
дарга Лу.Гантөмөр “Манай намын асуудал
шийдэгдэнэ. Тохироо
явахгүй. Зарчим үйлчилнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Юань гүрний залгамжлагч нь
Хятад мөн үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Монгол
хушны
самрыг нэг
кг-ыг нь 800
гаруй мянган
төгрөгөөр
худалдан
авчээ

МҮХАҮТ-ын дэд
ерөнхийлөгч Т.Дүүрэн ” Катар, Кувейтэд болсон бизнес уулзалтууд монголчууд гуравдагч
орны зах зээлд бүтээгдэхүүнээ шууд экспортлох боломжийг олгож байгаа” хэмээв.

Д.Мөнх-Эрдэнийн
эхнэр Д.Баянжаргал “Нөхөр маань
гэмт хэрэг хийгээгүй.
Прокурор, шүүгчид захиалгаар
яллах гэж улайрч байна”
гэв.

АТГ: 11000 гаруй тээврийн хэрэгслийн хилийн дээс
нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал
тогтоогдсон


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан” музейн сан хөмрөгийг баяжуулахад хамтран ажиллах саналыг Туркийн тал дэмжив DNN.mn

Гадаад харилцааны сайд бөгөөд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЮНЕСКО-ын Туркийн үндэсний комиссын дарга Др.Проф. Өзал Огузтай уулзалт хийв.

Үндэсний комиссын дарга нар эртний түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг уялдуулж, нүүдлийн соёл иргэншлийг хамтран судлах, сурталчлах, соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэх чиглэлээр туршлага солилцож, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Тухайлбал, Монгол Улсад төвтэй Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нүүдлийн соёл иргэншлийг дэлхий дахинаа таниулах, сурталчлах, “Нүүдэлчдийн түүх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энто спорт зэрэг ижил төстэй үндэсний уламжлал, зан заншлаа сурталчлан өвлүүлэх, ЮНЕСКО-ын Дэлхийн биет болон биет бус өвд бүртгүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болжээ.

Мөн ирэх онд тохиох Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Чингис хаан” музейн сан хөмрөгийг баяжуулах, нүүдлийн соёл иргэншлийн тухай судалгааны бүтээл гаргах чиглэлээр хамтран ажиллах манай саналыг дэмжиж буйгаа Др.Проф. Өзал Огуз онцолж, ойрын хугацаанд үр дүн гаргаж ажиллахаа нотлов.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Categories
мэдээ нийгэм

Замын зорчих хэсэгт халтиргаа үүсчээ DNN.mn

Өнөөдөр Сүхбаатарын өмнөд, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн авто зам дагуу үзэгдэх орчин хязгаарлагдмал байх тул анхаарал болгоомжтой зорчино уу.
А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын дагууд цас орж, цасан шуургатай байна.
А0503 дугаартай Чойбалсан-Халхгол-Улсын хил чиглэлийн авто замын дагуу цасан шуургатай байна.
Дараах чиглэлийн авто замуудад цас орж, замын зорчих хэсэгт халтиргаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу.

A0401 Улаанбаатар-Дархан чиглэл

А0402 Дархан-Сүхбаатар чиглэл

А0403 Сүхбаатар-Алтанбулаг чиглэл

А1001 Дархан-Орхон чиглэл

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оноос 31.9 хувиар нэмэгдэх магадлалтай DNN.mn

УБТЗ 2018 онд 25 сая гаруй тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилттай ажиллалаа

Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын /ТЗХАБ/ гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн зөвлөгөөн болж гишүүн орнуудын төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ тохиролцсон байна.

2023 онд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн, Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3.5 сая тонн, Хятадаас Орос руу 1.5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш орнуудын төмөр замуудтай тохиролцжээ.

Энэ нь өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр УБТЗ-аар экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт 17.5 км автозам ашиглалтад орно DNN.mn

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 17.5 км автозам ашиглалтад орно.

ТОДРУУЛБАЛ:
2021 ОНД 5 БАЙРШИЛД 5,8 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН
1. 4 дүгээр хороо 1.7 км авто зам
2. 10 дугаар хороо 1.0 км авто зам
3. 14 дүгээр хороо 2.6 км авто зам
4. 17 дугаар хороо 0.2 км авто зам
5. 20 дугаар хороо 0.28 км авто зам
2022 ОНД 5 БАЙРШИЛД 5,2 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН
1. 9 дүгээр хороо Нисэхийн шинэ эцэст 1040 м.кв талбайд нийтийн тээврийн зогсоол
2. 17 дугаар хороо 1 км авто зам
3. 20 дугаар хороо 0.8 км авто зам
4. 21 дүгээр хороо 0.19 км авто зам
5. 5,16,21 дүгээр хороо 3.2 км авто зам
2023 ОНД 5 БАЙРШИЛД 6,5 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО
1. 3 дугаар хороо 2.2 км авто зам
2. 9 дүгээр хороо 0.8 км авто зам
3. 16 дугаар хороо 2.2 км авто зам
4. 19 дүгээр хороо 0.65 км авто зам
5. 23 дугаар хороо Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт ажлын баримт бичигт үнэлгээ хийгдэж байна.
✅Засаг даргын захирамжаар дүүргийн гэр хороолол, явган хүний зам засварыг дүүргийн Зам засвар хариуцсан байгууллага тогтмол засаж, сайжруулах ажил үргэлжилж байна.