Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үр удам олон байхыг бэлгэшээж “Наурыз”-аар будаатай шөл хийдэг DNN.mn

Арван нэгэн хүүхэд төрүүлж, өсгөсөн “Казахын сайхан ээж” өргөмжлөлт, өндөр настан С.Нурбике гуайтай уулзаж ярилцлаа. Өдгөө нас сүүдэр 73-ыг шүргэж яваа энэ буурал үр хүүхэд, ач, зээ нараа тойруулан Улаанбаатар хотод энх тунх аж төрж байгаа юм. -Танд “Наурыз”-ын баярын мэндийг хүргэе. Баяраа яаж тэмдэглэх гэж байна вэ? -Баярлалаа. Казах үндэсний баяр “Наурыз” айл бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай. Баярын өдрөө ах дүү, төрөл төрөгсөд, үр хүүхэд, худ ураг гээд олон айлаар зочилно. Мэдээж ганц өдрийн дотор амжихгүй болохоор баяр маань нэлээд хэдэн хоног үргэлжлэх юм. Тэгээд ч одоо бүх зүйл орчин үеийн маягтай болчихсон санагддаг. Хуучин таньж, мэдэхгүй нь хамаагүй хүсвэл баярын өдөр айл бүрт орж идээ, цагаа амсч гардаг байлаа. Харин одоо уриагүй, урилгагүй л бол тэр бүр мэддэггүй айлд очоод байдагг үй болсон.

-Таныг хүүхэд байхад “Наурыз”-ын баярыг ямаршуухан тэмдэглэдэг байсан тухай сонирхуулахгүй юу. Тэр үед ч гэсэн одоогийнх шиг бэлэг сэлт гэдэггүй л байв уу?

-Намайг хүүхэд байхад ч “Наурыз”-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Ах дүүсээрээ ахмад настныдаа цуглаж, найрлан, дуулж хуурдаад л өнгөрүүлнэ. Архи, дарс хэрэглэхгүй. Хөгшин залуугүй энэ өдөр казах үндэсний хувцсаараа гоёж сайхан байж билээ. Одоогийн зарим нэг залуусыг эс тооцвол “Наурыз”- аар үндэсний хувцсаар гоёдог уламжлал хэвээр байгаа. Т Намайг хүүхэд байхад одоогийнх шиг гэрт ирэх хүн бүрийг угтаж, дайлж, хүлээгээд суудаггүй байсан. Айл бүр баярын идээ, цагаагаа бэлтгэж тавиад гэрээ цоожгүй үлдээгээд явчихдаг хэрэг л дээ.

Таних, танихгүй нь хамааг үй тухайн айлыг зорьж ирсэн л бол бэлдэж тавьсан зоогноос амсаад явна. Тэр үеийн хүмүүс одоогийн хэлээд байдаг шиг хулгай энэ тэр гэсэн юм бараг мэддэггүй байлаа шүү дээ. Үнэт эдлэл байсан газартаа байж л байна. Харин бэлэг гэж сүйд болоод байдаггүй. Нас өндөр болсон хүмүүст, аав, ээждээ хүүхдүүд нь бэлэг өгч болно л доо. Гэхдээ “Цагаан сар”- ын баяр шиг хүний тоогоор бэлэг өгдөггүй.

-Халх ёсонд Цагаан сарын өглөө, мөр гаргаж, золгодогтой адил казахууд “Наурыз”-ын өглөө ямар зан заншлыг үйлддэг тухай ярьж өгөхгүй юу?

-Өдөр шөнийн тэнцэл болсон гуравдугаар сарын 22- ны өдөр казахууд “Наурыз”- ын баяраа тэмдэглэж ирсэн уламжлалтай. Баярын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гол, горхи, булагны нүдийг нээж, эмэгтэйчүүд, хөгшчүүл сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахыг хардаг жаяг бий. Дараа нь хоорондоо золгож, бие биедээ баяр хүргэдэг юм. Мөн өндөр настнууд нь залуустаа сургаал хайрлаж, “Наурыз көже”, идээ цагаагаа зооглодог. “Наурыз көже” гэдэг нь “Наурыз шөл” гэсэн утгатай. Манай ёсонд “Наурыз”-аар будаатай шөл хийдэг юм. Үр удам нь олон байхыг бэлгэшээж казахууд будаатай шөл хийдэг гэж хуучны хүмүүс ярьдаг байсан.

-Та аль нутгийн хүн бэ?

-Баян-Өлгий аймгийн Дэл үүн сумд төрж өссөн. Аавыг маань Сүлеймен гэдэг байсан. Би өөрөө айлын долоо дахь хүүхэд байгаа юм. Эхээсээ олуулаа өссөн дөө.

-Хэзээнээс Улаанбаатарт суурьшсан бэ?

-Улаанбаатар төмөр замд ажиллахаар 1955 онд нутгаасаа гарч, тэр цагаас хойш нийслэлд аж төрсөн. Өвгөн маань ч гэсэн тухайн үед төмөр замд ажиллахаар Улаанбаатарт ирж байсан юм. Бид нэг жилийн дараа 1956 онд гэр бүл болж гал голомтоо бадраасан. Төмөр замд хамтдаа ажиллаж байгаад хуучнаар Чойр хот руу нүүсэн. Тухайн үед Чойрт манайхаас өөр казах айл байгаагүй. Ингээд таван жилийн дараа буцаад Улаанбаатарт ирж, суурьшсан юм.

Манай өвгөн С.Сейлхан гэж хүн байсан. Дөрвөн жилийн өмнө хорвоог орхисон. Бид Чойроос Улаанбаатарт нүүж ирдэг жил тэр маань цэргийн ангид автомашины засварчны ажилд орсон. Харин би хүүхдүүдээ өсгөж хэсэг хугацаанд гэртээ л байсан. Учир нь тэр үед цэцэрлэг, ясли ч байгаагүй. Ингээд хэдэн жилийн дараа хуучнаар Гэр ахуйн оёдлын үйлдвэрт оёдолчин хийсэн. Улсад 25 жил ажиллаа. Манайх нэлээд өнөр гэр бүл байгаа юм. Олон хүүхэд, төрүүлж өсгөлөө.

-Олон хүүтэй айл гэж сонссон юм байна. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Би арван нэгэн хүүхэд төрүүлсэн. Найман хүү, гурван охинтой. Том хүүгээс маань бусад нь эрүүл энх аж төрж байгаа. Бүгдээрээ тус тусынхаа амьдралыг зохиож, гэр бүл болцгоосон. Нас өндөр болсон хойно төрүүлсэн үрээ алдана гэдэг хэцүү байдаг юм байна. Миний том хүү олон жил цэргийн ангид ажиллаж, өндөр насны тэтгэвэрт 2005 онд гарсан. Тэр жилээ хорвоог орхисон доо.

-Таны хүүхдүүд тань одоо, хаана, юу хийдэг вэ?

-Бүгд өөрийн гэсэн ажил төрөлтэй. Тэдний дунд багш, хуульч,цагдаагийн байгууллагад шинжээч, цахилгаанчин, жолооч, цаг уурч, барилгын мэргэжилтэй нь ч бий. Нэг хүү маань одоо Солонгост аж төрж байна.

-Таны хүүхдүүд бүгд гэр бүл болцгоосон гэлээ. Тэгэхээр ач, зээтэйгээ нийлээд нэлээд өнөр өтгөн болсон биз?

-Өөрийн төрүүлж өсгөсөн арван нэгэн хүүхдээ, ач, зээтэйгээ нийлүүлбэл 50 хүрсэн байх. Харин гуч, жичээ үзээгүй л байна. Үр хүүхд үүдийн маань заяа түшиж, сэтгэл хангалуун аж төрж байгаадаа баярлаж суудаг.

-Ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхэд яаж зав гаргадаг байсан бэ. Тэр үеийн дурсамжаас ярихгүй юу. Хөгтэй явдлууд их биз?

-Ажлынхаа хажуугаар бүхнийг амжуулах гээд цаг завгүй л явдаг байлаа. Биднийг залуу байхад одоогийнх шиг бэлэн юм байхгүй шүү дээ. Одоо бодоод байхад хүмүүс нь ч харанхуй, бүдүү- лэг байж. Ямар сайндаа плитка хэрэглэхгүй байх вэ дээ. “Тэр чинь тог их иддэг, тэр хэрээр мөнгө их төлнө гэнэ” гээд тэрүүхэндээ шивэр авир болцгоодог үе байсан. Хүүхд үүд эхнээсээ өсч, юу ч гэсэн ах нь дүүгээ хувцаслаж, хоол ундыг нь идүүлчихдэг болсон үед жаахан амсхийсэн байх. Тэрнээс өдөр бүр нормын ажилтай хүнд бараг амрах зав гарахгүй. Долоо хоногийн ням гаригт л амарна. Хүүхдүүдээ усанд оруулж, хувцас хунарыг нь угааж индүүднэ. Хоол унд хийж, гэрээ цэвэрлэсээр амралтын өдрийг өнгөрөөнө. Гэтэл одоогийн хүүхдүүд долоо хоногийн хоёр өдөр нь амардаг хэрэн завгүй гээд явж байдаг. Ямар ч гэсэн хүүхдүүдээ идэх хоолгүй хонуулж байгааг үй. Арван нэгэн хүүхдийн эхний тав нь хүү байсан. Хөвгүүд маань их дуулгавартай, охин хүүхдээс дутахаарг үй гэрийн ажилд нямбай байсан болохоор ээждээ их тус хүргэнэ. Харин дунд сургуульд дөрөв, таваараа зэрэг сурдаг байсан болохоор жаахан хүндрэлтэй үе байлгүй яах вэ. Наад зах нь эцэг эхийн хурлаас эхсүүлээд. Өвгөн маань ажил ихтэй болохоор бараг очиж амждаггүй. Ихэнхдээ би очно. Нэгнийх нь багштай уулзаж, хичээлийнхэн явцтай танилцаад дараагийн хурал руу яарна. Ингээд бүгдийг амжуулна даа. Одоо чинь хонхны баяр тэмдэглэх гэж сүйд болдог болж. Миний талийгаач том хүү наймдугаар ангиа төгсөхд өө хөвөнтэй дээл өмч байсан санагддаг. Ер нь хүний арван хуруу тэгш биш шүү дээ. Түүнтэй адилхан хүүхд үүдийн маань зан байдал өөр өөр. Юу ч гэсэн өнөөдрийг хүртэл аллахын авралаар хүүхдүүд маань буруу зөрүү зүйл хийж, нэр сэвтүүлж байсангүй.

-Казахууд хүүхдийг ой хүртэл нь модон оронд өлгийддэг. Яагаад тэгдэг юм бол?

-Эрт дээр үеэс хүүхдээ жижигхэн модон оронд өлгийддэг заншил казах ёсонд байсан. Одоо ч гэсэн хүүхдийг өлгийддэг. Ингэснээр хүүхэд эрүүл чийрэг өсдөг гэж хууччуул ярьдаг. Бас тухтай унтаж, амардаг гэж үздэг юм. Зарим хүмүүс хүүхдийг ингэж өлгийдсэнээс түнхний мултарал гээч зүйл болдог гэдэг юм билээ. Би үүний үгүйсгэдэг. Казахуудын хувьд он удаан жил мөрдөж ирсэн хүүхэд өлгийдэх дэг жаягаас болж дээрх зүйл тохиолдсоныг би лав харааг үй. Өлгийдсөн хүүхдүүд маань эсэн мэнд өссөн.

-Та хүүхдүүддээ юу гэж сургадаг вэ?

-Эх хүн гэдэг үргэлж үр хүүхдүүдийнхээ сайн сайхан, эрүүл энх явахыг л хүсэж суудаг. Нэг нь жаахан дүрсг үйтэж эсвэл өвдчихвөл санаа зовно. Би хүүхдүүддээ хүний сайныг дууриа. Үнэн ч, шударга байхыг сургадаг. Хөвгүүддээ худал ярьж, мууг дууриан бор дарсанд шунахг үй хол яв гэж л захидаг юм.

-Дээр үед бэр богтолж авдаг дэг жаяг казах ёсонд байсан. Хэдий энэ нь тогтсон заншил биш ч саяхныг хүртэл хэвээр л байлаа шүү дээ. Харин таныг айлд бэрх буухад ямар байсан бэ?

-Тийм ёс байдаг. Гэхдээ өвгөн бид хоёр сэтгэл нийлж л гэр бүлийн амьдралаа зохиосон. Сайхан амьдралыг бий болгохын төлөө зүтгэхдээ хэн хэн маань ч ядарсан гэж хэлж байсангүй. Бараа таваар хомс тэр үед эхлүүлсэн амьдралаа сайхан болгохын төлөө чадах чинээгээрээ хичээсэн. Одоо үр хүүхдүүд маань хэнээс дутахааргүй сайхан аж төрж байгааг хараад бахархаж суудаг. Биднийг залуу байхад Оросын бакиал гутал хүртэл олддоггүй байлаа шүү дээ. Одоо бол тэр үетэй харьцуулашг үй болжээ.

-Нутагтаа очдог уу?

-Очдог. Уржнан жил Казахстан руу яваад ирсэн. Казахстанаас Баян-Өлгий рүү нислэгтэй. Тухайн үед Өлгийд очиж, төрөлх нутаг Дэлүүн сум руу яваад ирсэн. Маргааш хаврын урин дулаан цагийн эхлэл, нарны баяр “Наурыз” болно. Энэ баяр хүн бүрт аз хийморь авчрах болтугай.

Ч.АННА

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк нэг их наяд 183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа DNN.mn

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс:

– 827.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,

– 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,

– 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсан.

– 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөг,

– 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,

– 1 зээл үнэт цаасаар төлөгдсөн.

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

– 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг,

– 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын ойн өдөр тохиож байна DNN.mn

“Эрүүл мод-Эрүүл хүн“ уриан дор өрнөж буй энэ жилийн “дэлхийн ойн өдөр”-ийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний VI хурлыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, биологийн олон янз байдлыг хадгалахад ойн экосистемийн гүйцэтгэх үүргийг онцолсон.

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүр гуравдугаар сарын 21-ний өдрийг дэлхий нийтээр ойн өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг . 2021 онд санаачлан, 2030 он хүртэл иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 130 сая мод тарихыг зорьж байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 хувь буюу 18.5 сая га талбайг ойн сан эзэлдэг. Сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэрт байдал алдагдсаны улмаас ой мод доройтож, хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбайн хэмжээ 297 мянган га-д хүрээд байгаа бөгөөд цаашид 1.1 тэрбум мод хөнөөлт шавжид сүйтгүүлж болох тооцоо гарчээ. Энэ нь 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарих үйл хэргийг үгүйсгэж болзошгүй тул ойн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх бодлого нэн чухал болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Өнгөрсөн жил уур амьсгалын асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох COP27-ын үеэр Европын холбооны санаачилсан Ойн түншлэлд Монгол Улс нэгдсэн бөгөөд ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэхэд Европын холбооны дэмжлэгийг авахаар болсон билээ.

ISS.GOV.MN

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа DNN.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн даваа гаригт дахин цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохтой ярилцлаа.


-Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт сулласан. Та бүхэн шүүхээс хуулийн дагуу сулласан гэж мэдэгдэж байв. Гэтэл өнгөрсөн даваа гаригт буцаагаад хорьчихлоо. Шүүгч шүүгчийнхээ захирамжийг хүчингүй болгосон нь ямар учиртай юм бэ?

-Эхлээд би өнгөрсөн хугацаанд болсон хуулийн процессыг тайлбарлая. Миний үйлчлүүлэгч Д.Мөнх-Эрдэнийг 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр цагдан хорьсон. Намын даргын хуралд оролцож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж буруутгасан. Тиймээс өмгөөлөгчийн хувьд миний бие хоёрдугаар сарын 9-нд хуваарилагдсан шүүгчид гомдол гаргасан. Гэвч миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Тиймээс эрхийнхээ хүрээнд шүүхийн ерөнхий шүүгчид 11-ний өдөр гомдол гаргасан.

Тэгэхэд ерөнхий шүүгч 14-ний өдөр өмнөх 9-ний өдрийн шүүгчийн захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шийдвэр мөн байна. Тиймээс ЭХХШТХ-ийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхгүй болно гэсэн хариуг надад өгсөн.

Ингэж явсаар энэ сарын 2-нд гэм буруугийн шүүх хурал зарлагдлаа. Гэвч тухайн өдөр шүүх хурал болоогүй, 10-н хүртэл хойшилсон. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм. Би гуравдугаар сарын 13-нд хуваарилагдсан шүүгчид дахиад гомдол гаргасан. Тэгэхэд шүүх 15-ны өдөр өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж Д.Мөнх-Эрдэнийг ЭХХШТХ-ийн 14.5 дугаар зүйлд зааснаар хязгаарлалт тогтоох арга хэмжээг авч, Д.Мөнх-Эрдэнийг сулласан. Энэ захирамжаа гаргахдаа шүүгч гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсан байдаг.

Гэтэл 17-нд нь прокурор шүүгчийн тэр захирамжид гомдол гаргасан. Утга нь ЭХХШТХ-ийн 15.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг хязгаарлачихлаа гэж гомдсон байна лээ. Ерөнхий шүүгч нь тэр хүсэлтийг хүлээж аваад нэгд, прокурорын гомдол эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарласан байна. Хоёрт, шүүхийн шатанд шүүгдэгч, өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдол гаргах эрх байхгүй гэсэн байдаг. Ингээд өмнөх 15-ны өдрийн Д.Мөнх-Эрдэнэд хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод, шүүх хурал болтол цагдан хорихоор шийдвэрлэчихэж байгаа юм.

-Маш сонин процесс өрнөжээ. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг хязгаарласан шүүгчийн захирамжийг ерөнхий шүүгч цуцлаад прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан нь хууль ёсных уу?

-ЭХХШТХ-ийн 15.8 дугаар зүйлийн нэгд прокурор оролцогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гурав хоногийн дотор гомдол гаргаж болно. Мөн энэ хуулийн 15.1, 15.2-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болохоор хуульчилсан байдаг.

Тэгэхээр аль ч үе шатанд гомдол гаргаж болно гэдэг хүсэлт нь ЭХХШТХ-ийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хязгаарлалт тогтоох хувийн баталгаа гаргах, барьцаа авах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх хэмжээг шүүгч авна гэдэг. Өөрөөр хэлбэл, шүүгчийн гуравдугаар сарын 15-нд гаргасан Д.Мөнх-Эрдэнийг сулласан захирамж нь хүчинтэй. Хууль зөрчөөгүй гэсэн үг. Харин ерөнхий шүүгчийн шийдвэр үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ерөнхий шүүгч хуулийн дагуу прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй байх ёстой байсан. Энэ нь өөрөө шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл боллоо. Нэг ёсондоо шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэрэг.

Түүгээр зогсохгүй Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ. Шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно гэж байдаг. Тиймээс ерөнхий шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна. Мөн энэ хуулийн 6 дахь хэсэгт заасан хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг. Ерөнхий шүүгчийн үйлдэл энэ зарчмыг ч давхар алдагдууллаа.

-Сэжигтэн яллагдагчийн 30 хоногийн баривчилгаатай холбоотой маргаан Д.Мөнх-Эрдэнийн үйлдлээс үүдэлтэй өрнөөд байна шүү дээ. Яг ямар зарчим алдагдаад байна вэ?

-ЭХХШТХ-ийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт цагдан хорих үндсэн хугацааг нэг сар байна гэдэг. Нэг ёсондоо энэ хугацаа хэрэг бүртгэл мөрдөн байцаалт прокурорын шатанд хэрэгждэг байх нь. Гэтэл шүүхэд шилжсэн хэрэгт хэргийн холбогдогчийг шүүх хурал болтол цагдан хорино гээд шүүгч үздэг болоод байгаа юм. Бүр нийтлэг болчихлоо. Шүүх хурал болтол хорино гэсэн хуулийн томьёолол ямар ч хуульд байхгүй. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил. Хуульчлаагүй практик болчихоод байна.

Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорьсон шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд хоригдох этгээдийг ЭХХШТХ-д заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт заасан хугацаагаар хорино гэж байгаа. ЭХХШТХ 14.10-т 30 хоног гээд заачихсан. Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорьсон шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд хоригдсон этгээдийг суллах журам бий. Энэ журмаар сэжигтэн яллагдагчийг хорьсон 30 хоногийн хугацаа дуусах үед хорих байрны захиргаа 24 цагаас доошгүй хугацаанд эрх бүхий албан тушаалтанд хугацааг сунгах эсэхийг тодруулж бичгээр мэдэгддэг. Хэрэв 24 цагийн дотор хариу ирэхгүй бол шүүхийн дарга, шүүхийн захиргаа хоригдогчийг нэн даруй суллах үүрэгтэй. Гэвч энэ хууль огт хэрэгжихгүй байгаа юм. Ийм байдлаар маш олон сэжигтний эрх зөрчигдөж байгаа. Шүүх хурал болтол хүнийг цагдан хориод байгаа нь залхаан цээрлүүлэх эрүү шүүлт яваад байна гэсэн үг. Энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлж нэг мөр ойлгогдохоор тогтоохгүй бол шүүгч бүр өөр өөрийн ойлголтоор хуулийг буруу хэрэглээд байна.

-Д.Мөнх-Эрдэнийг дахин дахин цагдан хориод байгааг янз бүрээр тайлбарлаж байна. Ар гэрийнхний хувьд захиалгат үйл ажиллагаа гэж хардаж байгаагаа илэрхийлээд байгаа. Өмгөөлөгчийн хувьд прокурор, шүүгчийн үйлдлийг юу гэж харж байна вэ?

-Олон нийтийн сүлжээгээр шүүх, прокурор худалдагдсан байна. Нөлөө бүхий улстөрчдөд худалдагдсан, тэдний талд ажиллаад байна гэх зэргээр мэдээллүүд явж байна. Өмгөөлөгч миний хувьд арай тийм хэмжээнд хүрээгүй гэдэгт итгэж байна.

-Ерөнхий шүүгч хууль зөрчсөн гэлээ. Та гомдол гаргасан уу?

-Өнөөдөр /өчигдөр/ ЭХХШТХ-ийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлд хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно, энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүх таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэнэ гэсний дагуу, 14.6 дугаар зүйлд заасан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд өглөө. Хүсэлтийг хуульд зааснаар 24 цагийн дотор шийдвэрлэх ёстой. Маргааш /өнөөдөр/ шүүх хуралдах болов уу. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Төөрсөн, сураггүй болсон, цасанд суусан 27 иргэнийг олсон DNN.mn

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1-7 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурсан.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас:

  • Гуравдугаар сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увсад хоёр,
  • Гуравдугаар сарын 21-нд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт зургаа (үүнээс нэг хүүхэд) буюу нийт 16 иргэн малдаа явж байгаад болон автомашинтайгаа төөрсөн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэний амийг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт автомашинаар зорчиж яваад цасанд суусан 14 зорчигчтой гурван автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Хүчтэй салхи, шуурганы улмаас:

  • Увс аймагт нэг, Өмнөговь аймагт 2 айлын гэр нурсан
  • Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 дугаар тулгуур багана унажээ.

Тухайн эвдрэлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, тус өдрийн 22:00 цагт хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна DNN.mn

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Улаанбаатарын цагаар 22.59 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Тус хамтарсан баг гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Нэр нь өргөн баригдсан гишүүдийг УИХ хамгаалж үлдэхээр хөөцөлдөж эхэлжээ DNN.mn

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас өнгөрсөн сард нэр бүхий 17 улстөрчийг олон нийтэд зарласан. Үүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ нарын нэр эхэлж гарч ирсэн. Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан нар нэмэгдсэн. Харин явцын дунд Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нарын гишүүдийг тухайн хэрэгт холбогдолгүй гэж зарласан. Юутай ч одоогийн байдлаар прокуророос Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нарын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн гэх. Энэ долоо хоногоос эхлээд зарим нэр бүхий гишүүдийн асуудлыг холбогдох Байнгын хороод хэлэлцэж эхлээд байна. Өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэж, ямартай ч эхний удаа түүний хүсэлтийг хүлээн авахыг дэмжжээ. Түүний хувьд энэхүү хуралд оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Одоо УИХ-ын чуулганаар асуудлыг эцэслэж шийднэ.

Харин УИХ нүүрсний хэрэгт холбогдсон дээрх гишүүдийгээ эгнээндээ авч үлдэхээр хөөцөлдөж эхэлжээ. Хөрөнгө мөнгө гаргаж, тэднийгээ өмгөөлж хамгаалах ажлыг хийхээр бужигнаж байгаа бололтой. Иргэдийн хувьд нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон гишүүдийг УИХ бүгдийг нь чөлөөлж, хуулийн дагуу шалгуулчих байх гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь эрх баригчид гишүүддээ авч үлдэхийн тулд зохион байгуулалтад орсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Угтаа олон нийтийн зүгээс энэхүү хэрэгт холбогдсон улстөрчдийг АТГ-аас ил тод болгосныг зөв жишиг, зөв хандлага тогтож байна гэж ойлгосон. Гэвч УИХ иргэдийг бус гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалсан шийдвэр гаргахаар ажиллаж эхэлсэн нь тоогүй. Нөгөөтэйгүүр эрх баригчид үнэмлэхүй олонхоосоо нэг ч суудлыг эзэнгүй болгохгүйгээр ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуультай золгохоор шийдсэн гэлээ. Хэрэв энэ үнэн бол хаврын улс төр мөн ч айхавтар болно гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь авлигал, хээл хахууль, хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийнхөө хэргийг шийдэж, шударга ёс тогтох эхлэл тавигдлаа гэсэн хүлээлт, итгэл ард түмэнд төрж эхэлж байсан юм. Иргэдийн энэхүү хүлээлтийн хариуд УИХ хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалан авч үлдэх гэж байна. Хэрэв нэр холбогдсон дээрх гишүүдийг УИХ аваад үлдвэл хаврын улс төр гэж айхавтар үйл явдал болох нь гарцаагүй. Ард түмэн хүссэн хүсээгүй төв талбай дээр жагсаж, эсэргүүцлээ илэрхийлнэ. Ингэж гарч ирсэн ард түмний хөлд Монгол Улс тэсэж үлдэх үү, эрх баригчид аа. Хаврын улс төрийн халалтыг яаж давах, ямар үр дүн гарахыг тооцож үзсэн үү, гишүүд ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Батшугар: Олон орны Төв банк бодлогын хүүгээ огцом нэмснээр сүүлийн 20 жилд байгаагүй хүндрэлүүд гарч байна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-Чуулганы завсарлагааны хамгийн шуугиантай сэдэв Хөгжлийн банкны сонсгол байлаа. Сонсголын үр дүнгээс ярилцлагаа эхэлье?

-Чуулганы завсарлагааны үеэр гурван шаттай сонсголыг хийлээ. Энэхүү сонсгол парламентын түүхэнд тод үлдэх байх. Учир нь парламентын хянан шалгах хороо анх удаа байгуулагдсан. Анх удаа явагдаж байгаа сонсгол ч гэлээ амжилттай дуусгалаа. Хөгжлийн банкны сонсголын гол зорилго нь нотлох баримтад дүн шинжилгээ хийж, олон нийтэд мэдээлэх. Мэдээж гэм буруутайг нь шүүх тогтооно гэдгийг онцолж хэлье. Гэхдээ ямар хэмжээний луйвар хулгай, зохион байгуулалттай үйлдэл явж байсныг бүгдийг нь ард түмэнд ил болголоо.

Товч дүгнэж хэлэхэд, зээлийг зориулалтын бусаар ашигласан байдал их гарсан. Хямд их үүсвэрээр бусдын боломжийг хааж өөрсдийнхөө давуу эрх ашиглаж зээл авсан. Ингэхдээ авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байна. Тухайлбал, нэг зээлдэгч төмрийн үйлдвэрт ган хайлуулах үйлдвэр барина гэж зээл авчихаад тэр мөнгөөрөө Макао, Сингапурт казино тоглосон хэрэг гарлаа. Сонсголын шууд дамжуулалтын үеэр үүнийг ард түмэн харсан байх.

Хөгжлийн банкны үндсэн үүрэг нь экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барихад санхүүжилт олгох. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой том том төслүүдийг хэрэгжүүлэх юм.

Хөгжлийн банкнаас зээл хүсэхдээ том үйлдвэр барина. Экспортыг дэмжиж импортыг орлох, валютын урсгалыг Монгол Улсад үлдээнэ хэмээн төсөл бичиж зээл авчихаад тэрийгээ хувийн хэрэгцээндээ ашигласан эдгээр үйлдэл бол санхүүгийн гэмт хэрэг.

Хоёрдугаарт, маш их хэмжээний мөнгийг дандаа холбогдох этгээдүүд авсан байна. Холбогдох этгээд гэдэг нь нэг эзэмшигчтэй олон компанид зээл өгсөн гэсэн үг. Эсвэл нэг эрх мэдэлтний хамаатан саданд зээл олгосон байна.

Гуравдугаарт, зээлээ эргэж төлөхгүй байгаа зээлдэгчид байна. Зээлээ эргэн төлөөгүй янз бүрийн шалтгааныг хэлж байна. Жишээлбэл, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Төрөөс дэмжлэг өгөөгүй гэх мэтчилэн. Энэ бол мөн л зөрчил. Бусдын боломжийг хаасан. Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйлүүдийн нэг жишээ гэж харж байна.

Зээлдэгчээс гадна Хөгжлийн банкны удирдлагууд том алдаанууд гаргасан асуудлууд байна. Тухайлбал, нэгдүгээрт зээл олгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргасан зүйл байна. Жишээлбэл, бүх хорооны шийдвэрийг нэг өдөр гаргасан. Эсвэл банк хэзээ ч зээл олгохооргүй, санхүүгийн үзүүлэлтгүй компаниудад зээл олгосон. Эсвэл муу зээлийн түүхтэй компанид зээл олгосон асуудлууд байна. Ямар нэгэн банк санхүүгийн байгууллага зээл авагчийн зээлийн төлөлт хийгдэж байгаа эсэхэд хяналт хийх ёстой. Үүнд хяналт хийгээгүй байдал илэрлээ. Санхүүч хүний нүдээр харахад ханшны зөрүүнд ямар нэгэн менежмэнт хийгээгүйгээс их хэмжээний алдагдал хүлээсэн гэж байна. Олгож байгаа зээл нь төгрөгөөр эсвэл өөр валютаар байвал түүнд нарийн менежмэнт хийх хэрэгтэй. Ам.доллараар зээл олгож байгаа бол тухайн зээлдэгчийн орлого нь ам.доллараар орж ирдэг байх ёстой. Тэгж байж зээлээ ам.доллараар төлнө. Ингэвэл Хөгжлийн банк ч алдагдал хүлээхгүй. Монгол Улс ч ханшны дарамтад орохгүйгээр төсөл нь хэрэгжинэ. Энэ мэтээр алдаа их гарсан. 2011-2017 онд ямар нэгэн байдлаар ханшны эрсдэлд менежмэнт хийгээгүй нь харагдсан. Дээрээс нь маш их хэмжээний алдагдал гаргасан.

Үүнээс гадна тодорхой компаниуд өөрийнхөө банкаар дамжуулж зээл аваад өөрийнхөө банкинд байгаа зээлээ хаасан нөхцөл илэрсэн. Мөн олгосон зээлийн нотлох баримтуудаа устгасан гэмт хэргийн шинжтэй зүйлүүд гарсан. Жишээлбэл, Капитал банк өөрийнхөө банкнаас цааш дамжуулан зээл олгохдоо “олгоогүй” гэсэн бичилт хийсэн байна. Хөгжлийн банкны баримт дээр Хөгжлийн банкнаас Капитал банк руу яалт ч үгүй мөнгө шилжсэн байгаа юм. Иймэрхүү зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй зүйлүүд илэрсэн. Энэ бүхнийг ард түмэн ч, УИХ-ын гишүүд ч мэддэггүй байсан. Сонсголын үр дүнд их хэмжээний нотлох баримт илэрлээ.

Сонсголын тайланг УИХ-д танилцуулж, шүүхэд нотлох баримт болгож өгнө. Мөрдөн байцаагчдын баримт дээр нэмээд сонсголын нотлох баримттай болж байна. Ингэснээр шүүх хэргийг илүү нягталж шийдэх бололцоотой болж байна. Тиймээс шүүх хурдан хугацаанд хэргийг шуурхай шийдэх хэрэгтэй. Ингэж байж ирээдүйн зээлдэгч нарт том сургамж болно. Мөн Хөгжлийн банкны ирээдүйн үйл ажиллагаа үндсэн функтээрээ явах нөхцөл бүрдэнэ.

Хөгжлийн банк бол маш том институц шүү дээ. Учир нь монгол ард түмний нэрийг, Монголын Засгийн газрын нэрийг ашиглаж гаднаас хөрөнгө босгох эрхтэй, боломжтой байгууллага. Хөгжлийн банкны эх үүсвэрийн дийлэнх нь бонд болон бусад гадны эх үүсвэрээс бүрддэг.

-Монголын хамгийн нөлөө бүхий хүмүүсийг та бүхэн “ухаж төнхлөө”. Ер нь ажлын хэсгийнхэн та бүхэнд ямар нэгэн хавчлага, шахалт гарав уу. Ажлыг удаашруулах гэсэн нөлөө ирэв үү. Намын “том” ах нартайгаа үзэлцэхэд амаргүй байсан байх, та ний нуугүй яриач?

-Бусад гишүүдийнхээ өмнөөс би хариулж чадахгүй. Миний хувьд лав ямар нэгэн дарамт, шахалт ирээгүй. Хамгийн гол нь энэ бол аль намаас үл хамаарч Хөгжлийн банкыг дээрэмдэж, тоносон хэрэг. Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын хөгжил, эдийн засгийн асуудал учраас үүнийг чөдөрлөсөн, боомилсон бүх хүнд хатуу хариуцлага тооцох ёстой.

Ажлын хэсэг ажлаа хэвийн явуулахад гэрч ирэхгүй байх асуудал их гарсан. Хоёрдугаарт, анх удаа явагдаж буй, бүхнийг шинээр хийж байгаа учраас бичиг цаасны асуудал, нотлох баримтуудаа цуглуулахад тодорхой хэмжээний бэрхшээл гарсан. Тухайлбал, банкууд нотлох баримт өгөхдөө заавал прокурорын зөвшөөрөлтэй өгөх ёстой гэсэн гэдэг ч юм уу. Гэхдээ бид ямартай ч ажлаа сайн хийлээ. Энд УИХ-ын дарга Г.Занданшатар дарга манлайлж их дэмжлэг үзүүлсэн. Тиймээс энэ завшааныг ашиглаад талархал илэрхийлье.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа цааш явах ёстой. Хөгжлийн хөтөлбөрөө санхүүжүүлэх ёстой. Учир нь БНСУ, Япон, Вьетнам, Хятад зэрэг олон орон энэ институцийн нөлөөгөөр үйлдвэржсэн. Зүүн, баруун Герман нийлэхэд ч ийм институц байсан. Тиймээс энэ институцийг зөв ашиглаж, мандатынх нь дагуу үйл ажиллагааг явуулах нь чухал байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намууд ойлголцсон гэгдэж буй. Тиймээс энэ хаврын чуулганы гол хууль Үндсэн хууль болох нь. Та ер нь ҮХНӨ оруулах, эсвэл шинэ Үндсэн хууль батлах асуудлын алийг нь дэмжиж байна вэ?

-Энэ бол их өргөн хүрээтэй сэдэв. Тиймээс өөрийн байр суурийг маш товчхон илэрхийлье. Ардчилсан Үндсэн хуулийг батлаад 31 дэх жилтэйгээ золгож байна. Одоо хэрэгжиж байгаа Үндсэн хууль өөрийн үүргээ биелүүлсэн гэж боддог. Монгол Улс 1992 онд социалист тогтолцооноос ардчилсан тогтолцоо руу, зах зээлийн нийгэм рүү шуудхан шилжсэн. Тухайн үед мэдэхгүй зүйлүүд байсан гэж боддог. Тухайлбал, хоёр шатлалт банкны тухай, Хөрөнгийн биржийн тухай, татвар гэх мэтчилэн асуудлаар нарийн ойлголт тухайн үед байгаагүй гэж боддог. Гэхдээ 1992 онд маш олон зүйлд зохицуулалт хийж Төв Азийн ардчилсан Монгол Улс зах зээлийн нийгмээ баталгаажуулж чадсан. Үүний үр дүнд гадаадын банк санхүүгийн байгууллагаас Монгол Улс бонд босгож чадсан. Чингис бондыг энд дурдъя. Өнөөдөр бүтцийн өөрчлөлт хийж дахин санхүүжүүлээд явж байна. Зах зээлийн эдийн засагтай дэлхийн улс орнууд манай улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг үүнээс харж болно. Бид ямар нэгэн зүйлийг шинэчлэхээсээ өмнө хаана алдсан байна вэ гэдгээ дэнслэх хэрэгтэй. Тиймээс үүндээ дүн шинжилгээ хийж тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Жишээ нь сонгуулийн тогтолцоо. Сонгогчдын санал гээгдэж байгаа талаар нийгэмд их шүүмжлэл өрнөдөг. Тиймээс санал гээгдэхгүй пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна.

-Тодорхой хэмжээний өөрчлөлт гэдгээр та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Нэмэлт өөрчлөлт, эсвэл шинэ Үндсэн хууль гэж аль нэгийг нь зааж хэлмээргүй байна. Асуултын эхэнд хариуллаа шүү дээ. Энэ бол өргөн хүрээний том асуудал. Тиймээс ярилцлагын дунд дурдаад өнгөрөх нь зохимжгүй. Үндсэн хуулийн асуудлаар маш олон хэлэлцүүлэг өрнөсөн. Олон намууд оролцсон. Нам бүр шинэ Үндсэн хууль боловсруулсан байдаг. Тэгэхээр энэ том концепцийг харахдаа тусгайлсан сэдэв болгож алдаа, оноогоо дэнсэлж, өөрчлөлтөөр ирээдүйд ямар нөлөө учрах вэ гэдгийг ярих нь зүйтэй.

Нэмж хэлэхэд, Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан протоколыг харах ёстой. Тэр үеийн Үндсэн хуулийг боловсруулсан хүмүүс ирээдүйг хэрхэн харж байсан. Үндсэн хуулийн заалт нэг бүр дээр төвлөрч ямар үр дагавар гарах вэ гэдгийг хэлэлцсэн тухай. Мөн тэдний хүссэн үр дүн өнөөдөр бий болсон эсэх. Хэрвээ үгүй бол бид юун дээр алдсанаа харах нь зөв гэж бодож байна. Ийн нарийн хандах ёстой гээд байгаа шалтгаан нь Үндсэн хуулиар ирээдүйн Монгол Улсын дүр зургийг тодорхойлдог болохоор тэр.

-Н.Энхбаярын даргын боловсруулж, танилцуулсан шинэ Үндсэн хууль нийгмийн анхаарлыг их татсан. Нэг хэсэгтээ л шуугиулсан. Та тэрхүү хуулийн төслийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхий сайд Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн ахлагчаар нь миний аавыг томилсон. Нам бүр өөрийн боловсруулсан Үндсэн хуультай байсан. Тиймээс намуудтай уулзаж, бүгдийнх нь төслийг судалж, зөвшилцсөний үндсэн дээр зөв шийдэл нь энэ гээд тэрхүү Үндсэн хуулийг Ерөнхий сайдад гардуулж өгсөн. Социализмын Үндсэн хууль бол нам төвтэй байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль төр төвтэй. Харин шинэ боловсруулсан Үндсэн хууль бол хүн төвтэй хууль. Ардчилсан нийгэмд хүний эрх гэдэг бол хамгийн чухал, том сэдэв. Тиймээс миний аавын боловсруулсан төсөл бол хүнийг төв болгосон хууль л даа.

-Та Үндсэн хуулийн сэдэв одоохондоо эрт байна гэсэн болохоор дараагийн сэдэв рүүгээ оръё. Та санхүүч хүн. Энэ улс орны иргэд ам.долларын өсөлт, үнийн хөөрөгдөлд дарлуулж байна. Богино хугацаанд бид үүнээс яаж гарах вэ?

-Эдийн засаг бол миний ярих дуртай сэдэв шүү. Таны асуултад хариулахын өмнө гадаад орчны байдлыг ярих нь зөв болов уу. Гадаад орчин хүнд нөхцөлд орчихсон байна. Сүүлийн 20 жилд байгаагүй санхүүгийн тулгамдсан асуудлууд гарчихлаа. Тэр дундаа дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа том асуудал бол үнийн өсөлт. Турк улсын үнийн өсөлт 80-аас дээш хувьтай болчихлоо. Америк, Европын холбоо болон бусад улс орнуудын инфляци сүүлийн 25 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Үүнд улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөн нь нөлөөлсөн. Америк бодлогын хүүгээ чангаруулсан байгаа. Энэ жил дахин чангаруулна гэсэн төлөвтэй байна. Бодлогын хүү чангарахаар автоматаар ам.долларын ханш чангарна. Бүх валютын эсрэг ам.долларын ханш чангарч байна. Үүнээс гадны Орос-Укрианы байдал дэлхийн үнийн өсөлтөд нөлөөлсөн.

Америкийн Төв банк бодлогын хүүгээ өсгөсний дүнд хоёр сонголтын өмнө зогсож байна. Нэгдүгээрх нь, эдийн засгаа хатааж нурааж үнийн өсөлтөө барих. Учир нь үнийн өсөлтөө барихын тулд эдийн засгаа хатааж эдийн засгийн өсөлтөө барьж байж эрэлт нийлүүлэлтийг багасгана.

Өнгөрсөн долоо хоногт санхүүгийн зах зээлд том шок үүслээ. 209 тэрбум ам.долларын активтай Sili­con Valley Bank дампуурсан. Дээрээс Нью-Йоркийн 110 тэрбум ам.долларын активтай Sig­nature Bank дампуурсан. Үүнийг дагаад 212 тэрбум ам.долларын активтай First Republic Bank дампуурлын ирмэгт ирж АНУ-ын бусад банкууд 30 тэрбум ам.долларыг түр байршуулснаар дампуурлаас аварсан байдалтай байна. Санхүүгийн зах зээлд маш том цочроо явж байна. АНУ-ын Төв банкны хүү огцом нэмэгдсэнээр нэгдүгээрт, зээлдэгчид нь мөнгөө эргэж төлж чадахааргүй болчихоод байна.

Учир нь Америкийн банкуудын дийлэнхийнх нь зээл нь хэлбэлздэг хүүтэй. Хатуу хүүтэй биш гэсэн үг. Бодлогын хүү дээр нэмэх нь тэдэн хувь гэж явдаг. Бодлогын хүү өсөхөөр зээлийн эргэн төлөлтийн сарын төлөлт нь ихэсчихэж байгаа юм. Ингэхээр банкууд нь төлж чадахгүй хүнд байдалд орчихоод байна. Хоёрдугаарх шалтгаан нь, АНУ-аас олон банк бонд авчихсан байдаг.

Бодлогын хүү ихэссэнээс үүдэж бондын үнэлгээ болон барьж байгаа активын үнэлгээ нь багасчихаад байгаа юм. Ингээд зохистой харьцаа нь алдагдаж банкууд хүнд байдалд орж байна. Суурь нөхцөл ийм байна. Үүнээс шалтгаалж өнгөрөгч амралтын өдрүүдэд юу болсон бэ гэхээр дэлхийн топ 10-т ордог Швейцарийн Credit Suisse bank дампуурлын ирмэгт ирсэн. Швейцарьт хоёрдугаарт, дэлхийд 10-т ордог банк дампуурч байгаа нь 2008, 2009 оны хямралыг шинээр авч ирэх нөхцөл үүссэн. Үүнийг засахын тулд Швейцарийн Төв банк Credit Suisse bank-нд 54 тэрбум ам.долларын дэмжлэг өгсөн. Түүнчлэн тус банк дампуурахгүй нь тулд Швейцарийн хамгийн том банк болох UBS-тай өнгөрөгч ням гаригт нэгдлээ. Швейцарийн хамгийн том 575 тэрбум ам.долларын бланстай банкийг UBS bank 3.2 тэрбум ам.доллараар өөртөө нэгтгээд авчихлаа. Дээрээс нь Швейцарийн Засгийн газар 100 тэрбум ам.долларын баталгаа өгч байна. 2008, 2009 оны санхүүгийн нөхцөл байдлыг ахиж үүсгэхгүйн тулд улс бүрийн Засгийн газар, Төв банкууд хурдтай арга хэмжээ авч байна. Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал эмзэг, тогтворгүй байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Дэлхийн олон орны Төв банкууд бодлогын хүүг огцом нэмсэн нь сүүлийн 20 жилд байгаагүй хүндрэлүүд гарч байна.

Харин Монгол Улсын эдийн засгийг ярихад өнгөрсөн онд манай улсын эдийн засагт 4.8 хувийн өсөлт гарсан. Бусад орнуудтай харьцуулбал, харьцангуй гайгүй үзүүлэлт. Тулгамдаж байгаа гол асуудал нь төгрөгийн ханш суларч ам.долларын үнэ өслөө. Мөн үнийн өсөлт байна. Энэ хоёр асуудалд дотоодын бодлогоос илүү гадаадаас ирж байгаа санхүүгийн салхи нөлөөлж байна. Монгол Улс тодорхой хэмжээгээр давж чадлаа. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжид хангалттай бодлогын өөрчлөлт болж чадсангүй гэсэн шүүмжлэл явж байна. Бид чадах бүхнээ хийсэн. Учир нь Монголын эдийн засаг өөрийн гэсэн тодорхой хэмжээний нөөцтэй. Боомтын сэргэлтийн хүрээнд 32 сая тонн нүүрс гаргаж, түүхэндээ хамгийн өндөр орлого буюу 12 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ жил 40 сая тонн нүүрс экспортолчихвол Монголын эдийн засагт том өгөөж авч ирнэ. Үүнийг дагаад Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсан. Нүүрсийг биржээр арилжаалж байгаа нь ханшинд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Валютын нөөцөд ч эерэг нөлөөтэй.

Хаврын чуулганаар Аялал жуулчлалын тухай хууль хэлэлцэгдэнэ. Нэг сая жуулчныг авчирвал Монгол Улсын эдийн засагт 1-1.5 тэрбум ам.долларын өгөөж ирэх боломжтой. Энэ бол манай улсын жилийн хэрэглээний гуравны нэг гэсэн үг л дээ. Валютын нөөцөд мөн эерэг нөлөө үзүүлнэ. Ханшийг тогтвортой байхад ч нөлөөлнө. Аж ахуйн нэгжүүд тэр дундаа аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ. Ажлын байр бий болно. Татварын орлого нэмэгдэнэ гэх мэтчилэн эерэг нөлөө гарна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Х.Булгантуяа: Гашуунсухайт боомтын шинэчлэлтийг эхлүүлснээр Монгол Улсын экспортын хамгийн том гарц болгох боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Боомт хариуцсан сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газрын гишүүний хувьд “Шүгэл” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Үүний голлох шалтгаан, ач холбогдлыг та юу гэж тайлбарлах вэ?

-Энэ бол дэлхий дахинд шинэ зүйл биш. Тэр дундаа хөгжсөн улс орнууд “Хүчирхийллийн шүгэл”, “Хүүхэд хамгааллын шүгэл” хэмээн аль хэдийнэ үйл ажиллагаандаа хэрэглэж, дадсан зүйл. Тухайлбал, намайг Австралид дунд сургуульд суралцаж байхад шүгэлтэй байх ёстой гэж бидэнд зөвлөдөг байлаа. Тухайн үед охидын хувьд шүглээ гоёл чимэглэл, бугуйвч болгон зүүж хэрэглэдэг байв. Улмаар хүчирхийллийн ямар нэг нөлөөнд орохоосоо өмнө шүглээ үлээдэг жишиг тогтсон. Үүнээс шалтгаалж тус төслийг хэрэгжүүлсэн улс оронд хүүхдийн хүчирхийлэл эрс буурсан юм. Тэр утгаараа энэхүү төсөл нь монгол хүүхдүүдийн хувьд маш их ач холбогдолтой. Өнөөдөр бид хүүхдийг хүчирхийлэлд өртөж, осол аваарт орсных нь дараа хамгаалахаас илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудалд анхаарах нь чухал.

Бидний нэг алдаа байна. Тэр нь эцэг, эх, хүүхдүүдэд өгч буй мэдээ, мэдээллийг харахад дандаа аюулд өртсөнийх нь дараа хүүхдээ хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг зүйлийг ярьж байна. Бид хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхэд хамгааллын тусгайлсан бүтэцтэй болж, 2018 оноос төсөв суулгаж эхэлсэн. Түүнчлэн хүүхэд хамгааллын цагдаатай болсон гэх зэргээс харвал энэ асуудалд ахиц дэвшил гарч байгаа ч хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудал байсаар байна.

Дээр нь хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж харагддаг. Монголд ядуурал, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл их байна. Тэр утгаараа хүний ёс зүй хэт алдагдсан зэрэг үр дагавраас болж хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийн хүчирхийлэлд нөлөөлдөг суурь шалтгаанууд засагдана хэмээн зүгээр хараад сууна гэж байхгүй. Хэрвээ тэгвэл хүүхдүүд үе үеэрээ, хэдэн мянгаараа хохирно. Тэгэхээр хүүхэд хамгааллын тогтолцоог осол, аваар, хүчирхийлэл, аюулд өртөхөөс өмнө хүүхдийг хамгаалж, аюулд өртсөний дараа ч үргэлжлүүлэн хамгаалдаг байдлаар бий болгох шаардлагатай. Хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгохын төлөө төсөв, санхүү төрийн бодлого ч чиглэгдэх ёстой.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт сул байна гэсэн үг үү?

-Хүүхэд хамгааллын тухай хуульд НҮБ-ын хүүхдийн сангаас үнэлэлт хийсэн байдаг. Дүгнэлтээр Хүүхэд хамгааллын тухай хууль харьцангуй сайн ч хэрэгжилт дээр нь хүн хүч хүрэлцэхгүй байгаа талаар дурдагдаж байсан. Нөгөөтэйгүүр хүчирхийлэлд өртсөн хүүхэд хаана, хэрхэн хандахаа мэдэхгүй байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утас руу дуудлага өгдөг нь сүүлийн хэдхэн жилийн хугацаанд л бий болсон тогтолцоо. Товчхондоо өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийн асуудал маш хүнд болсон. Тиймээс хүүхэд бүрийг шүгэлтэй болгох төслийг санаачилж буй юм. Илрэл нь аль болох энгийн, хямд өртөгтэй байх нь хүүхдүүдэд тохиромжтой гэж бодож байна. Үүнийг заавал төр засгаас хангаж өгөх ёстой гэж бодолгүй эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ авч өгч, хэрэглүүлж сургаасай гэж хүсч байна. Нөгөөтэйгүүр шүглийг зөв хэрэглэх тал дээр бид анхаарах шаардлагатай. Тиймээс сургалтуудыг сайн дурын байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргээс эхлэн сургах ажлыг сургууль бүрд зохион байгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн, төрийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч манай улсад хүүхэд хамгаалал нэн чухал асуудал хэвээр байна гэсэн үг. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр олон улсын хүүхэд хамгааллын практикт түгээмэл хэрэглэдэг “Шүгэл” үлээх арга хэрэгслийг орон даяар хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргээс ийн эхлүүллээ.

-Нөгөөтэйгүүр эцэг, эх, хүүхдүүдийн харилцааг энэ чиглэлд илүү уялдаа холбоотой байлгах нь зөв юм биш үү?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэйгээ эцэг, эхчүүд хэрхэн харьцахаа ч мэддэггүй гэх судалгаа гарсан байна лээ. Ихэнхдээ юу ч ярихгүй бол хүүхэд маань удахгүй мартана гэж боддог. Энэ бол бидний энгийн хандлага. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхэд хэзээ ч үйл явдлаа мартдаггүй. Тиймээс өөрт тулгарсан асуудлаа эцэг, эхтэйгээ ярихаас төвөгшөөж байвал сэтгэл зүйчид ханддаг тогтолцоог бий болгох ёстой. Дэлхий даяар хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 70-аас 80 хувь нь таньж, мэддэг хүнийхээ гарт хүчирхийлүүлсэн байдаг. Энэ тохиолдолд хүртэл эцэг эхчүүд нь хоорондоо муудалцаж, гэр бүл салах тохиолдол цөөнгүй. Үүнээс үүдэн хүүхэд давхар сэтгэл гутралд орж, надаас боллоо гэж өөрийгөө үргэлж буруутгадаг. Тэгэхээр энэ бүгдийг Монголд эцэг эх, хүүхэдтэй нь ч ажиллаж, урьдчилж хамгаалдаг, олон нийтийн соёл дадал болгож байж хүүхдийн эрхийг бид хамгаална.

-Тантай уулзсаных боомтын сэргэлтийн талаар асуулгүй өнгөрч болохгүй. Боомтуудыг шинэчлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Боомтын сэргэлт бол Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт бичигдсэн асуудал. Яагаад гэвэл манай улсын уул уурхайн компаниуд жилд 120 гаруй сая тонн нүүрс олборлож, үйлдвэрлэж, экспортолж чадна гэж хэлж байгаа. Тэгвэл энэхүү олборлолтыг хүссэн хэмжээгээр гаргаж чадах уу гэх асуудал боомтуудын хүчин чадлаас шууд хамаарна. Орос, Хятадын талын хилийн боомтуудад бараг хот суурин сүндэрлэсэн байдаг. Гэтэл манай хилийн боомт гэж дээр үеийн багийн байр шиг байранд төрийн албан хаагчид нь амьдарч, ажил хийж Монгол Улсын төсвийг бүрдүүлж сууна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай эзэлдэг. Хэрвээ бид боомтын асуудлыг шийдвэрлэхгүйгээр өнөөгийнх шиг тээвэр логистик хөгжихгүй, ийм өндөр үнээр, ярвигтай байдлаар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирсээр байвал дотоод зах зээл дэх нэгж барааны үнэ буурахгүй. Дотоодын үйлдвэрлэл, эдийн засаг ч хөгжихгүй. Нөгөөтэйгүүр бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тиймээс ямар нэгэн зүйлийг гаднаас авах болоход түүний үнэ нь шингээд л ороод ирдэг. Үүнийг бид саяны цар тахлын үед маш их анзаарлаа. Үүнтэй холбоотойгоор боомтын сэргэлт Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүн зэргийн бодлого болсон. 2017 оноос эхлүүлэн эдийн засгаа сэргээхэд хамгийн их саад тушаа болсон асуудал нь боомтын сэргэлт байсан. Импортлогч улсаас үйлдвэрлэгч улс болъё гэвэл хилийн боомтуудаар төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг оруулж, мөн экспортолж чаддаг байх ёстой. Саяхан нүүрсний экспорттой холбоотой бүх нийтийн сонсголд УИХ-аас боомтын дэд бүтцийг сайжруулах, автоматжуулах, камержуулахгүйгээр бид хулгайтай тэмцэхгүй гэдгийг тодорхой харлаа. Нийгэмд боомт дээр хэсэг бүлэг хүмүүс баахан мөнгө авч аливаа бараа, бүтээгдэхүүнийг оруулж, гаргадаг гэсэн ойлголттой байна. Хэрвээ боомтууд камержиж, илүү их нээлттэй, гаалийн бүрдүүлэлт ил тод болчихвол авлигын асуудал багасах боломжтой. Тэр утгаараа одоо “gaali.mn” дээр иргэн та өөрийн бараа бүтээгдэхүүнийг бүрдүүлэлт хийн гаргаж болдог болсон. Ялангуяа нэг төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж буй компанийн жолоочид өөрсдөө гар утсан дээрээ “gaali.mn” дээр бүрдүүлэлт хийчихдэг болсон. Хуучин бол бүрдүүлэлтийн зуучлалын компанид мөнгө өгч хийлгэдэг байсан. Харин бидний хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээний үр дүнд хэдхэн сарын хугацаанд 100 гаруй сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл дундын зуучлалд мөнгө өгөх шаардлагагүйгээр иргэн өөрөө бүрдүүлэлтээ хийдэг болсон.

-Тээвэрлэлтийн хувьд ямар шинэ технологи, бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн бэ?

-Гэрээний нэгдсэн системийг гаалийн шуурхай штабын төв дээр системчлэн бий болгосноор томоохон боомтуудаар гарч буй машины дугаарыг камераар хардаг болсон. Ингэснээр тухайн машин ямар компанид нүүрс тээвэрлэхээр гэрээ хийсэн, хаана зогссон, хэдэн тонн нүүрс гаргасан зэрэг тооцооллыг хийж чаддаг болсон. Ингэж байж авлига хээл хахууль, хил дээр үүссэн хүмүүсийн дургүйг хүргэсэн, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг, хулгайгаар Монгол Улсын баялаг гардаг асуудалтай тэмцэнэ.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд жишиг болохуйц терминалыг шинээр бий болголоо. Тухайлбал, Замын-Үүдийн зорчигч тээврийн терминал. Удахгүй ачаа тээврийн терминалууд ашиглалтад орох гэж байна. Үүнийгээ дагаад бүх дэд бүтцийг шинэчилж байгаа. Гашуунсухайт боомтын зарим нэг шинэчлэлтийг ирэх сарын 1-нээс эхлэх гэж байна. Ингэснээр тус боомт Монгол Улсын экспортын хамгийн том гарц болно. Энэ боомт автомажиж, ухаалаг гаалийн бүрдүүлэлттэй холбогдсоноор нүүрсний хулгай гэх зүйл гарах үүд хаалгыг хааж байна гэсэн үг.

Замын-Үүд бол барилгын материал орж ирдэг гол боомт. Тиймээс барилгын материалын маш том лаборатори баригдаж байгаа. Орж ирж буй барилгын материал дээр хяналт тавьдаг болсноор чанартай, аюулгүй барилгад амьдрах тогтолцоог бий болгох юм. Гаалийн шинэчлэлт 2017 оноос эхлэн хийгдсэний үр дүнд бид олон боомт дээр камержуулалт, рентген машинуудыг шинэчилж тавьж байна.

-Импортын бүтээгдэхүүний дийлэнх нь Замын-Үүд боомтоор орж ирж байгаа. Ер нь Монгол Улс нэг боомтоос хамаардаггүй олон гарц, үүд хаалгатай байх чиглэлд хийсэн ажлууд юу байна вэ?

-Энэ бол хамгийн чухал сэдвүүдийн нэг. Өнөөдөр яагаад Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор хүмүүс маш их бухимдалтай орж гардаг вэ. Замын-Үүд, Алтанбулаг боомт зорчигч тээврийг тэр чигт нь даан авдаг. Түүнчлэн Алтанбулаг боомт ОХУ-аас орж ирж буй ачаа тээврийн ихэнхийг, БНХАУ, гуравдагч орноос орж ирж буй машинууд Замын-Үүдийн боомтоор орж ирдэг. Түүнчлэн экспортод уул уурхайн зарим бүтээгдэхүүнүүдийн 60 гаруй хувийг Гашуунсухайт боомтоор гаргадаг. Гэтэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Гашуунсухайт боомт дээр бараг ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Арав гаруй жилийн өмнө гадны зээл тусламжаар сэндвичин байшин барьсан нь одоо ч хэвээрээ л байгаа. Тэндээс Монгол Улсын экспортын 60 гаруй хувь, улсын төсвийн бүрдүүлэлтийн ихээхэн хувь хамаардаг. Шивээхүрэн боомтод мөн адил, хувийн хэвшил нь төрийн байгууллага ажилладаг хяналтын оффисын байр барьж өгсөн. Яг түүгээрээ л байгаа. Тиймээс боомтуудын шинэчлэлт, сэргэлтийг бид цаг алдалгүй хийх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, улмаар үр дүн нь бодитой мэдрэгдэж эхэлсэн. Цаашид бид энэ чигийн ажлуудыг илүү чанартай явуулсаар байх болно. Тэгэхээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боомтуудын бүтээн байгуулалтыг заавал төрөөс хийх албагүй. Зарим боомтуудаар 5-6 компани экспорт хийж байгаа учраас орц, гарцаа сайжруулж, талбайгаа засч, камержуулалтаа хийх бүрэн боломжтой. Харин стандарт, бодлогыг нь төрөөс гаргаж өгөх ёстой. Учир нь бид өөрсдөө хяналтаа тавихгүйгээр боомтын хөгжлийг ярих боломжгүй. Тэгэхээр энэ бүгдийг бид бодлогын хүрээнд авч үзэхгүй бол болохгүй. Нөгөөтэйгүүр бид аялал жуулчлалыг идэвхтэй дэмжинэ гэж ярьж байгаа. Гэтэл хилийн боомтуудаа бид зөвхөн бараа бүтээгдэхүүн экспортолж, импортоор авдаг гэсэн ойлголттой байна. Өөрөөр хэлбэл бужигнасан нүүрстэйгээ хамт гадны жуулчдыг хилээрээ оруулах асуудал хөндөгдөж байна гэсэн үг юм. Тэгэхээр бид зорчигч тээврийн терминал болон аялал жуулчлалыг татах тал дээр боомтуудыг хөгжүүлэх бодлогыг давхар авч явах ёстой. Тэр утгаараа энэ чиглэлд бид олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, боомтуудын шинэчлэлийн хүрээнд шинээр зураг төслүүдийг бэлдүүлж байна

-Дорнод, Баян-Өлгий, Увсад байрших хилийн боомтуудыг хэрхэн амь оруулах вэ, сайд аа…?

-Боршоо боомтын ажил аль хэдийнэ Азийн хөгжлийн банкны төслөөр ашиглалтад орчихсон. Боршоо боомтын Оросоос маш олон иргэд ирж машинаа засуулж, эмнэлгийн үйлчилгээ авдаг, ийм цэг болсон байна. Энэ бол Увс аймгийн эдийн засагт маш хүчтэй нөлөөлөхөөр байгаа юм. Боршоо боомтын ажил 100 хувь хийгдэж дууссан. Алтанбулаг боомтын ачаа тээврийн терминал дууссан, зорчигч тээврийн терминалын барилгын ажил энэ зун, оройтлоо гэхэд ирэх намар дуусна. Гашуунсухайт боомтын ажил дөрөвдүгээр сард эхэлж ирэх намар дуусах юм. Энэ жилийн хугацаанд олон боомтуудын шинэчлэл явагдана.

Булганы боомт гэхэд хувийн хэвшил нь бид шинээр орц, гарц гаргах энэ бүх ажлыг хийхэд бэлэн байна гэсэн. Олон улсын байгууллагуудын зүгээс “Энэ хамгийн зөв бүтээн байгуулалт байна. Монгол Улс шиг далайд гарцгүй, хоёрхон улстай хиллэдэг ийм улс орон бол орох гарах гарцуудаа нэмэгдүүлж байж, олон газраас бараа бүтээгдэхүүнээ татаж, олон газарт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Тэгэхээр үнийн хувьд ч өрсөлдөөнтэй болох учраас энэ нь зөв хөрөнгө оруулалт байна” гэж Азийн хөгжлийн банкны зүгээс дараагийн төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Бид бүх урьдчилсан тооцоо судалгааг хийсэн, төсөл нь 2023, 2024 оноос хэрэгжихээр хүлээгдэж байна.

-Боомтууд “амьгүй” байдгийн шалтгааныг та юу гэж харж байна. Дэд бүтэц хөгжөөгүйгээс болж байгаа гэж үзэх үү?

-Ер нь бол дэд бүтэцтэй холбоотой. Засгийн газрын зүгээс улсын төсөв, эдийн засаг хүнд байсан ч боомтуудаа авто замаар холбох бодлогыг тууштай барьж байна. Хилийн боомтуудад хэдий гоё байшин барьсан ч муу замтай бол бараа бүтээгдэхүүн гарахгүй, аялал жуулчлал хөгжихгүй шүү дээ. Тиймээс бүх боомтыг авто замаар холбох чиглэлд тодорхой санхүүжилтийг улсын төсвөөс, заримыг нь концессаар хийхээр байгаа. Зарим ажлыг нь олон улсын байгууллагын санхүүжилтээр ч хийхээр байна. “Ковид-19” цар тахлын үед их амаргүй байлаа.

Ажил эхэлсэн ч компани нь ажлаа хөл хорионоос болоод эхэлж чадахгүй, бараа материал нь орж ирэхгүй зэрэг хүндрэлүүд гарсан. Одоо энэ хавраас замын ажлууд эрчимжихээр байна. Нэгдүгээрт, замуудаа тавьж, хоёрдугаарт, үүнтэйгээ зэрэгцүүлэн барилга байгууламжаа сайжруулна. Гуравдугаарт, манай маш олон боомт нөгөө талаасаа цахилгаан эрчим хүчээ авдаг, 100 хувь шууд хамааралтай гэж ойлгож болно. Хэрэв эрчим хүч өгөхгүй шууд хаавал манай улсын боомт хаагдана л гэсэн үг. Тэгэхээр эрчим хүчний хувьд хараат бус болгох хүрээнд Эрчим хүчний сэргэлтийн бодлоготой уялдуулан авч явах ёстой гэсэн бодлогыг барьж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Алтны үнэ 2000 ам.доллароос унав DNN.mn

Даваа /2023.03.20/ гарагт спот алтны үнэ 1.6 хувиар өсөж өнгөрсөн оны гуравдугаар /2022.03/ сараас хойших хамгийн дээд цэгтээ хүрч нэг унц 2009.59 ам.доллар хүрсэн. Гэтэл үд дунд гэхэд унц нь 1977.42 ам.долларт хүрч 0.6 хувийн алдагдалтай болсон байна.