Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд дэх гаалийн улсын 27 байцаагч, 25 мэргэжилтэнд сахилгын арга хэмжээ авна DNN.mn

Гаалийн Ерөнхий Газраас энэ оны эхний гурван сард илэрсэн зөрчлүүдийг мэдээллээ.

2023 оны эхний гурван сард 427 зөрчил илрүүлжээ. Үүнээс зөрчлийн хэрэг бүртгэлтэй 7, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй дөрвөн зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Зөрчлийн улмаас 380 сая төгрөгийн торгууль, 750 сая төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.

Энэ талаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Очгэрэл “2023 оны гуравдугаар сарын 24, 25-нд гурван тээврийн хэрэгслээр чулуу, адууны өлөн Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Энэ талаар Хятадын гаалийн цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээллийг авлаа. Уг мэдээллээр, Монгол Улсын иргэн Бат-Эрдэнэ гэдэг жолоочийн машины эд ангид нуувч болгон ашигласан 314.9 килограмм хатаасан өлөн ил болсон байна. Чулуун гэгч жолоочийн машинаас 320 килограмм говийн чулуу, Галхүү гэх жолоочийн машинаас 51.2 килограмм чулуу илэрсэн байна. Эдгээр үйлдэлд Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт шалгалт хэрхэн хийгдсэн талаар дотоод хяналт шалгалтын ажил эхэлсэн.

Замын-Үүд дэх гаалийн газарт ажлын хэсгийн шалгалт хийгдсэн. Он гарснаас хойш уг гаалийн газарт илэрсэн 108 зөрчлөөс 56 зөрчилд хууль бус үйлдэл тогтоогдсоныг шалган 14 зуучийн компани, 25 бүртгэгдсэн мэргэжилтэн, 27 гаалийн улсын байцаагчид холбогдох зөрчилд дотоодын хяналт, шалгалт хийж, сахилгын арга хэмжээ авах ажил явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Зөрчил Монгол Улсын гаалиар гарсны дараа илэрч байгаа тухайд “Эрээн боомтод илэрсэн нөхцөл нь машины дугуйн дотор, машины рамд тоноглон хийж чулууг гаргасан байна. Үүнийг Эрээний тал рентген тоног төхөөрөмжөөр илрүүлсэн байсан. Манай улсад том ачааны машин шалгах боомтын цогцолбор дуусаагүй, зорчигчийнх ашиглалтад орсон.

Гэхдээ тухайн нөхцөл байдалд томилогдсон байцаагч машины эд ангийг үзэж, шалгах үүрэгтэй. Ажлаа хийсэн үгүй нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдоно” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Бямбахорлоо: ТӨХК-уудын нийт хөрөнгө 53 их наяд атлаа 300 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байна DNN.mn

СЭЗИС-ийн Эдийн засаг санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоотой төрийн өмчит компаниудын үр ашгийн талаар болон цаг үеийн асуудлаар ярилцаа.


-Төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж байгаа талаар таныг судалгаа хийж байгаа гэж сонссон. Яг ямар судалгаа хийж байна, үр дүн нь эхнээсээ яаж гарч байна вэ?

-Манай улс ардчилсан эдийн засаг, зах зээлтэй гэдэг атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаар буюу төрийн өмчит хувьцаат компаниудыг илүү хүчтэй гаргаж ирээд байна. Ер нь хувьцаат компанийн эцсийн зорилго нь ашиг олох, ашгаараа улсын төсвийг бүрдүүлэх гэсэн л үүрэгтэй. Тодорхой хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит газрууд бий. Одоогийн байдлаар тэр дундаа төрийн өмчит уул, уурхайн компаниудын талаар ярихад эдийн засаг талаасаа хангалттай үр дүн үзүүлж чадахгүй байна гэж хэлмээр байна. Ер нь нийт ТӨХК-ийн эргэлтийн хөрөнгө 53 их наяд төгрөг байдаг. Нийт ТӨХК гэхээр ойролцоогоор 94 аж ахуйн нэгж шүү дээ. Эдгээр компаниудын нийт хөрөнгө 53 их наяд гэсэн үг. Үүнээсээ ердөө 300 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байна. Нийт хөрөнгөтэй нь харьцуулбал юу вэ гэмээр тоо байгаа биз дээ. Үнэхээр хангалтгүй, маш муу ажиллаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр 300 тэрбумыг нь хэдхэн уул, уурхайн компани бүрдүүлж байгаа. Тэгэхээр 94 аж ахуйн нэгжээс дөрвөн л энэ хөрөнгийг бүрдүүлчихдэг. Харин үлдсэн 90 орчим ТӨХК нь алдагдалтай буюу ашиггүй ажилладаг гэсэн үг. Үүнээс 40 орчим ТӨХК нь санхүүгийн өндөр эрсдэлтэй буюу дампуурах болзлоо хангачихсан явдаг. Мэргэжлийн санхүүгийн үнэлгээгээр үнэлэхэд 45 хувь нь дампуурах болзлоо хангачихсан үзүүлэлттэй гарч ирдэг. 25 хувь нь цаашдаа санхүүгийн өндөр эрсдэлтэй гэдэг бол үлдсэн 14 орчим хувь нь ашигтай байж болох үзүүлэлт гардаг.

-Нийт ашиг нь 300 тэрбум. Үүнийг нь гарын таван хуруунд тоологдох хэдхэн ТӨХК бүрдүүлчихдэг гэсэн үг үү. Бусад нь яагаад ашиггүй, бүр дампуурах болзлоо хангачихсан атлаа өдий болтол үйл ажиллагаагаа эрхлээд яваад байдаг юм бол?

-Хамгийн түрүүнд тодорхой засаглалын асуудал яригдана. Учир нь ТӨХК гэдэг маань өөрөө Засгийн газрын мэдэлд байдаг. Тэр утгаараа намын болоод улс төрийн томилгоогоор тухайн ТӨХК-ийн удирдлага тодордог. Тиймээс ТӨХК-уудын алдагдалтай ажиллаж байгаагийн нэг шалтгаан бол засаглалын тогтолцоо гажсаных гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл дандаа мэргэжлийн бус болоод намын, улс төрийн томилгоо явагддаг учраас тэр.

-Засаглалын тогтолцоо нь гажсан гэж байна. Энэ чиглэлээр судалгаа хийж байгаа эдийн засагчийн хувьд тодорхой жишээ байна уу?

-Мэдээж бид жишээ, бодит үйл явдал дээрээс үнэлэлт дүгнэлт хийж, судалгаагаа боловсруулж байгаа. Тэр утгаараа Эрдэнэт ТӨҮГ-аар жишээ авъя л даа. Тус ТӨҮГ-ыг 2016 онд анх хувьчлахад буюу 49 хувийг нь авсан газар нь санхүүгээ барьсан байдаг. Улмаар 2017 онд буюу нэг жилийн дараа хөрөнгийн эргэц нь 96 хувь болсон. Хөрөнгийн эргэц гэдэг маань хөрөнгийн нэг хэлбэрээс нөгөөд шилжих хөдөлгөөнийг л хэлээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 2016 онд тус үйлдвэр төрийн мэдэлд байхдаа 103 тэрбум төгрөгийн л ашигтай ажилладаг байсан. Гэтэл хувьд авснаараа нэг жилийн дотор ашгаа гурав дахин нэмсэн байдаг. Дараа жил нь бүр дөрөв дахин, 2019 онд тав дахин буюу 500 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Жил ирэх тусам хоёр дахин нэмэгдсэн ашигтайгаар ажиллаж ирсэн гэсэн үг. Гэтэл 2020 онд буцаагаад төрийн мэдэлд авсан. Ингэснээрээ тус үйлдвэрийн хөрөнгийн эргэц 0.4 хувь болтлоо буурсан. Үүнийгээ дагаад жил бүр өсөлттэй байсан ашиг нь бүр буураад 200 гаруй тэрбум төгрөг болсон. Нөгөөтэйгүүр тус үйлдвэр 2019 онд хувьд байхдаа 350 орчим тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардалтай байсан. Гэтэл 2020 онд төрд очоод энэ зардал нь хоёр дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл төрд очоод 771 тэрбум төгрөгийн зардалтай болж өссөн гэсэн үг. Үүнээс бид бүхэн аливаа бизнес, компани хувьд байх эсвэл төрд байх хоёрын ялгааг тодорхой харчихаж болохоор байгаа юм.

-Энэ бүгд төсвийн бүрдүүлэлтэд хамааралтай асуудал байна. Тэр утгаараа төсвийн бүрдэлтийг хангах бүр илүү өсгөх гэж байгаа бол ер нь хувьд байсан нь дээр юм биш үү?

-Яг зөв. Төсөв бүрдүүлэлт талаас нь харвал төрийн менежменттэй байснаас илүү хувийн менежменттэй байсан нь ашигтай байгаа биз. Гэтэл иймэрхүү томоохон аж ахуйн нэгжүүдийг манайхан хувьд байхыг үзэн яддаг. Шууд хэлье, үзэн яддаг. Учир нь нэг хувь этгээд монголчуудын хөрөнгийг өөртөө зарцуулж байна гэж ойлгодог. Харин төрд байснаар бидэнд илүү үр өгөөжтэй гэсэн ерөнхий ойлголттой байна. Гэтэл эдийн засгийн тооцоо, судалгаа, үр дүнгээс энэ нь төрд бус хувьд байсан нь илүү ашигтай байгааг сая хэллээ шүү дээ. Тиймээс манай иргэд төрийн өмчийн ашиг, хувийн өмчид байхад яаж өсдөг, ямар илүү ашигтай байдаг талаар ойлголттой болох шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр хувьд илүү ашигтай байгаа зүйлийг төр заавал авах гээд байдаг хандлага, үйлдлээ цаашид зогсоох ёстой.

-Төрийн өмчит үйлдвэрүүдийн хамгийн их ашигтай байх компани нь таны жишээ авсан Эрдэнэт үйлдвэр биз дээ. Үүний дараа ямар компаниуд жагсаж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Дараа нь Эрдэнэс таван толгой компани жагсаж байна. ТӨХК-уудын нийт хөрөнгө 53 их наяд гэж хэлсэн шүү дээ. Үүний гучин хувь нь Эрдэнэс таван толгой компанийн хөрөнгө. Өөрөөр хэлбэл тус компани 15 их наядын хөрөнгөтэй байна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл Эрдэнэс таван толгой 15 их наяд төгрөгийн хөрөнгөөсөө хэдэн төгрөгийн ашиг олж, түүнийхээ хэдийг нь улсын төсөвт өгдөг юм бол?

-Энэ жилийн тооцоо судалгааг хараагүй байна. Харин өнгөрсөн 2021 онд тус компанийн нийт хөрөнгө 15 их наяд байсан. Үүнээсээ 110 тэрбум төгрөгийн л ашиг олсон байна лээ. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгийнхөө нэг хувьд ч хүрэхгүй ашиг олж байна гэсэн үг. Гэтэл тус хөрөнгөө өөр үйл ажиллагаанд зарцуулж зөв менежмент хийгээд явсан бол үүнээс ч их ашиг олох боломж хангалттай бий шүү дээ. Үгүй ээ, наанадаж бодлогын хүү 13 хувьтай байна. Бодлогын хүү гэдэг маань арилжааны банкууд хөрөнгөө байршуулснаар 13 хувийг нь аваад байж болохоор зүйл шүү дээ. Тэр утгаараа 15 их наядыг төв банкинд байршуулчихсан байхад дор хаяж 1.8 их наядын ашиг олох боломжтой байна. Зүгээр энгийн хар ухаанаар ойлгоход тийм биз дээ. Гэтэл Эрдэнэс таван толгой компани үйл ажиллагаа явуулаад л байдаг, эцэст нь 110 орчим тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ. Гэхдээ нэг зүйлийг онцлоод хэлэхгүй бол болохгүй. Саяхан Засгийн газраас тус компанийн менежмент засаглалыг өөрчиллөө. Ингэхэд тодорхой эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байдаг. Тухайлбал, борлуулалтын орлого нь гурав дахин нэмэгдчихэж байгаа юм. Эхний улиралдаа гэсэн үг. Яагаад орлого нь ингэж нэмэгдсэн бэ гэхээр энэхүү өөрчлөлтийг хийхдээ намын томилгоо гэдгийг болиулсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн удирдлагаар хангасан гэсэн үг. Тэр утгаараа менежмент нь сайжирснаараа бусад үзүүлэлт нь дагаад өсчихөж байгаа юм. Тиймээс хувьд байлгаж ашигтай ажиллуулж чадахгүй юм аа гэхэд ядаж энэ мэт мэргэжлийн багийг томилоод ажиллуулчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн болоод ямар нэгэн намын томилгоогоор бус мэргэжлийн багаар удирдуулах хэрэгтэй гэсэн үг.

-Тэгэхээр эцсийн бүлэгтээ аливаа бизнесийн байгууллагын үйл ажиллагааг ашигтай байлгахын тулд хувийн менежмент чухал гэж хэлэх гээд байна уу?

-Манай зарим иргэд төр өөрийн мэдэлдээ авч байж л зөв болох юм шиг ойлгодог. Төрийн өмчит газрууд яагаад ашиггүй ажиллаад байгаагийн шалтгаан нь тодорхой. Төр авч байна гэдэг нь тухайн хөрөнгийг нийтийн өмч болгочихож байгаа юм. Тэр утгаараа нийтийн өмчит хувь хүн ямар нэгэн байдлаар хайргүй хандана. Энэ үзэгдэл нь бидний энгийн нэг араншин шүү дээ. Гэхдээ бүгд биш. Жишээлбэл зарим хүмүүс нийтийн бие засах газарт орохдоо үнэхээр соёлгүй авир гаргаж байдаг. Гэтэл тэр хүмүүс өөрсдийнхөө ариун цэврийн өрөөнд орохдоо цэвэрлээд л, ядаж усаа татаад гардаг. Ийм хандлагаар буюу нийтийн өмч гэдэг байдлаар надад хамаагүй бусад нь хийг гэсэн сэтгэлгээ дагалдан явдаг. Тэр утгаараа нийтийн өмчөөс л дандаа хулгай гарч байна шүү дээ. Нүүрсний хулгай гэж яриад байгаа. Үнэндээ нүүрс гэдэг маань нийтийн өмч. Тиймээс л хулгай гараад байгаа юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой томоохон хэрэг гарсан. Учир нь Хөгжлийн банк нь төрийн өмч. Хэрэв хувийн өмч байсан бол бид өөрсдөө өөрийнхөө нүүрснээс хулгай хийхгүй. Өөрөө авлигал аваад өөрийнхөө хөрөнгөөс хүнд зээл өгөөд байх вэ дээ. Тэгэхээр хувийн болоод нийтийн өмчийн үйл ажиллагаанд төрөөс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол болохгүй. Үүгээрээ заавал төрийн өмчийг хувьд гарга гээд байгаа зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр ардчилсан эдийн засагтай, ардчилсан үзэл баримтлалтай л орон юм бол хувийн өмчийг бүх талаар нь дэмжих л ёстой юм. Өнөөгийн нийгэмд хувийн өмчийг дэмжиж яваа төрийн үйл ажиллагаа, бодлогын томоохон жишээ юу байна вэ. Юу ч алга. Харин эсрэгээрээ хувьд илүү ашигтай ажиллаад байна, үүнийг төр авах ёстой гээд булаах үйлдлүүд гаарсан цаг үе.

-Төрийн өмчит газруудын үр ашгийг нэмэгдүүлэх, цаашлаад төр нь хувийн секторуудыг дэмжихийн тулд яах ёстой вэ. Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргаад явах ёстой юу, эсвэл эрх зүйн орчныг нь өөрчлөх шаардлагатай юм уу?

-Хамгийн чухал нь Засгийн газрын тодорхой менежментийн бодлого. Менежментийн зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээндээ тодорхой салбаруудыг хувьчилчих. Хоёрдугаарт, ТӨХК стратегийн салбарууддаа тодорхой мэргэжлийн багуудыг бий болгох шаардлагатай. Өнөөдөр ТӨХК-ийн ТУЗ гэхээр хэдхэн л хүн байдаг. Гэтэл тэр хүмүүс нь өөр хэдэн ч компанийн ТУЗ-д явдаг юм, мэдэхгүй. Бараг нэг хүн 5-6 компанийн ТУЗ-д явж байх жишээтэй. Тиймээс Засгийн газрын зүгээс эдгээр хүмүүстээ шаардлага тавих, өөрчлөх, ТУЗ-ийн үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, бодлогын арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай. Нөгөөтэйгүүр хүний хувийн өмчийг хүчээр төр авдаг үйлдлээ зогсоох ёстой. Энэ бол ямар ч ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Гэхдээ манайхан зөв бодлого явуулчих л даа. Хувь гэдэг нь нэг хүн байж болохгүй. Ерөөсөө хувьцаат компани л байх ёстой. Жишээлбэл, Хөтөл компанийн хувьд багадаа 400 хүн хувьцааг нь эзэмшдэг байсан бол төр ингэж шууд авч чадахгүй байсан болов уу. Үүнээс юу харагдаж байна гэхээр компанийн засаглал ямар байх вэ гэдгээ бид одоо ойлгох цаг болсон. Хөгжлийн банкны асуудал гээд сүүлийн үед их шуугиан боллоо. Би энд нэг зүйлийг сайн ойлгодоггүй. Манай төр чинь Төрийн банк гээд банктай. Үүнийхээ хажуугаар Хөгжлийн банк гэж байгуулчихсан. Тэгсэн атлаа мөн арилжааны банкуудтай. Үүнээс одоо юу гэж ойлгох вэ. Хувийн банкуудтайгаа төр нь өрсөлдөх гээд байна гэж ойлгох уу. Угтаа тодорхой шалгуур тавиад санхүүжилтийг нь гаргаж өгөөд арилжааны банкуудаар эдгээр зээлийг явуулчих ёстой байсан. Тэгсэн бол өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй зээл гэдэг асуудал гарч ирэхгүй л байсан байх. Тиймээс төр зарим талдаа бизнесийн салбар руу хэт орохоос татгалзаж байх шаардлагатай юм. Аль болох хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, тэдний бизнес хийх орчин нөхцөлийг нь төгс бүрдүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтаа гаргаж явбал, эдийн засаг их амархан өснө.

-Нэг зүйл нэмж асуухад гадаад худалдаа эерэг байхад яагаад ам.долларын ханш буухгүй байна вэ. Үүнийг Засгийн газар зориудаар өндөр байлгаад байна уу. Эдийн засагч хүний хувьд энэ асуудлыг ямар өнцгөөр харж байна вэ?

-Тийм сонирхол байгаа. Засгийн газрын орлого валютаар, зарцуулалт нь төгрөгөөр хийгдэж байгаа. Тиймээс валютын ханш өндөр байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хиймэл валютын хэрэгцээ байна. Иргэд ханш өснө гэсэн хүлээлтээр хэрэгцээгүй ам.долларын нөөцлөлт хийж байна. Гуравдугаарт далд эдийн засаг авлигын гол хэрэгсэл нь валют болоод байна. Үүнээс болоод ам.долларын ханш буурахгүй байна гэж ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.03.28/ хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эдгээр хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Гадаад харилцааны яамны мэдээллийг хаалттай горимоор сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Виз найдвартай гаргана” гэх зараар мөнгө залилуулсан иргэд нэмэгдсээр байна DNN.mn

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаад улс оронд ажиллаж амьдрах нь нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна.

Залилах гэмт хэрэг улсын хэмжээд 2022 онд 11839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9810 бүртгэгдсэн нь 4570 буюу 87.2 хувиар тус тус өссөн байна.

Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас мөнгө зээлэх, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэсэн хуурамч зарын дагуу хэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг авч залилсаар байна. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд нэмэгдсээр байна.

Солонгос Улс руу зорчих визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Богдхан төмөр замын трассын нийт урт 144.9 километр байна DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус X хуралдаан энэ сарын 30-нд болно.

Уг хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг Ажлын хороод нь тогтоожээ. Тухайлбал, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өчигдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцсэн байна.

Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан.

Тус төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1,207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж.

Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нь мэдээлэв.

Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын авто замын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байгаа аж.

Уг бүтээн байгуулалтад 630-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх урьдчилсан тооцоолол бий.

Categories
гадаад мэдээ

Скандинавын орнууд агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах болсноо зарлалаа DNN.mn

Скандинавын дөрвөн орон болох Дани, Финланд, Норвег, Швед улсын Агаарын цэргийн хүчний командлагчид агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах болсноо энэ сарын 24-нд зарлалаа. Энэхүү нэгдсэн хүчин байгуулах үндсэн зорилго нь ОХУ-ын зүгээс тэдэнд учирч буй аюул, заналхийллийг эсэргүүцэх явдал гэж Нордикийн орнууд гэж үзэж байна.

Нордикийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчинд Норвегийн 57 нэгж F-16 сөнөөгч, 52 нэгж F-35 сөнөөгч, Финляндын 62 нэгж F/A-18 Hornet бөмбөгдөгч онгоц, 64 нэгж F-35 сөнөөгч, Данийн 58 нэгж F-16 сөнөөгч, 27 нэгж F-35 сөнөөгч, Шведийн 90 нэгж Gripens тийрэлтэт онгоц зэрэг 250 онгоц багтах бөгөөд тэдгээрийн тал орчим хувийг нь захиалгаар нийлүүлнэ. Тухайлбал, Норвег 15, Финланд 64, Дани 27 нэгж F-35 сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдан авах төлөвтэй байна.

АНУ-ын Агаарын цэргийн Герман дахь Рамштейн агаарын баазад болсон Нордикийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах гарын үсэг зурах ёслолд НАТО-гийн Агаарын командлалын тэргүүн, генерал Жеймс Хекер оролцсон нь НАТО-гийн аргачлал, концепц, удирдлагад суурилсан хамтын ажиллагаа болохыг харуулж байна.

Скандинавын дөрвөн орны агаарын довтолгооноос хамгаалах хамтын ажиллагаа нь агаарын орон зайн нэгдсэн удирдлага, хяналт, тандалт, шуурхай төлөвлөлт, гүйцэтгэл, хүчний уян хатан байршуулалт, хамтарсан хээрийн сургуулилт, дадлага сургалтад чиглэгдэх бөгөөд шаардлагатай үед байлдааны онгоцнуудаа нэгдсэн нэг хүчин болгон ашиглах бололтой. Эдгээр ажиллагааг шинээр боловсруулах “Агаарын хамтарсан ажиллагааны Скандинавын үзэл баримтлал” баримт бичигтээ тодорхой тусгах төлөвтэй байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

“Монгол аялгуу” хос пянзны нээлт болно DNN.mn

Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн “Монгол аялгуу” хос пянзны баярын нээлт энэ сарын 31-нд “ON’N OFF PRODUCTION HOUSE”-д болно.

Энэхүү пянз нь “Мөнгөн мод-2022” наадмын “Дуу хөгжмийн шилдэг бүтээл” төрөлд шилдгээр шалгарсан билээ. Баярын үеэр Морин хуурын чуулгын тоглолтоос гадна дуудлага худалдаа зохион байгуулж, азтан шалгаруулах зэрэг олон арга хэмжээ болох аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн галт тэрэг тогтмол аялна DNN.mn

Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит “Хүүхдийн төмөр зам” сургалтын төв дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс ажиллана.

Тодруулбал, лхагва-ням гараг хүртэл тогтмол 11:00-18:00 цаг хүртэл цаг тутам галт тэрэг аялуулж байхаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.

“Хүүхдийн төмөр зам” нь 750 мм-ийн царигтай, зэхэлт, засвар үйлчилгээ хийх депо, өртөө, автомат хаалт дохиолол бүхий явган хүний 6, автомашины нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний хангамжтай, 2.3 км урттай иж бүрэн төмөр зам юм.

Нээлтээ хийснээс нь хойш тус төмөр замаар дан ганц хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч олноор үйлчлүүлдэг болжээ.

Тус хамт олны зүгээс үйлчлүүлэгчдэдээ зориулан дараах үйлчилгээг санал болгож байна. Байгууллага, хамт олон, найз нөхөд, хувь хүмүүсийн захиалгаар галт тэрэгний аялал зохион байгуулахаас гадна сургалт, хурал зөвлөгөөн, төрсөн өдөр, баяр ёслол зэрэг бүхий л төрлийн арга хэмжээг өөрийн байранд зохион байгуулах боломжтой хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: 34 авто угаалгын газар саарал ус ашиглах төхөөрөмж суурилуулжээ DNN.mn

БОАЖЯ-наас энэ сарын 13-ны өдрөөс эхлэн бүх авто угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглосон. Энэ талаар БОАЖЯ-ны харьяа Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Сайханжаргалаас тодрууллаа.


-Авто угаалгын газруудын цэвэр ус ашиглалт болон хаялтын зөрчлийн талаар мэдээлэл өгөөч?

-Улаанбаатар хотын ус ашиглалтын 0.2 хувийг авто машин угаалгын газрууд эзэлж байна. Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Байгаль орчны яам болон холбогдох төрийн байгууллагууд усны газар хамтран Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Хуулиар ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх зарчим хэрэгжээд авч байгаа усаа ашиглахаас гадна хаяхдаа бид тодорхой хэмжээгээр стандартын шаардлага хангаж байгаль дэлхийд болон төв шугамд нийлүүлэх хэрэгтэй байдаг.

Тухайлбал, төв шугамд нийлүүлэхдээ бид 65,61 гэсэн стандарт тогтоож, тэндээсээ туул гол руу нийлүүлэхдээ 40,43 гэхчлэн стандартуудыг хангуулаад хаяж байх ёстой. Тэгэхээр машин угаалгын газрууд 2022 оны байдлаар гурав дахин их бохирдуулсан усыг стандартаас давуулж шугамд нийлүүлдэг тохиолдлууд гарсан.

-Саарал ус ашигладаг авто угаалга энэ чиглэлийн ААН байгаа юу?

-2020 оноос эхлээд машин угаалгын газруудыг ашигласан усаа урьдчилан цэвэрлээд дахин ашиглах тоног төхөөрөмжүүдийг суулгах шаардлагатай гэсэн шаардлагыг Ус суваг удирдах газар болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Улмаар 34 нэгж байгууллагууд тодорхой хэмжээгээр ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй болсон.

-Саарал ус ашиглаж байгаа ААН-д ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Ус бохирдуулсан төлбөрийн тухай хуульд хэрвээ усыг цэвэршүүлж ашиглавал цэвэршүүлж эргүүлэн ашигласан усны хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөх ААН байгууллагуудыг дэмжсэн зохицуулалтууд байдаг. Тэгэхээр энэ чиглэлд л дэмжлэг үзүүлнэ.

-Саарал усны төхөөрөмжид чанарын шаардлага яригдах уу?

-Ямар усыг ашиглах шаардлагатай вэ гэхээр бид 2018 онд 67,34 гэж стандарт баталсан байдаг. Тэгэхээр энэ нь дахин ашиглах цэвэршүүлсэн усны техникийн ерөнхий шаардлага. Энэ дээр аливаа усыг ус ашиглагч хэрэглээд хаяж байгаа тохиолдолд стандартын шаардлага хүртэл цэвэршүүлсэн усыг гурван чиглэлд ашиглаж болж байгаа. Тухайлбал, үйлдвэл, үйлчилгээ, хүрээлэн байгаа орчин буюу ДЦС-ууд, байгалийн гал унтраахад, авто угаалга, байгууллагууд ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр бид дахин ямар усыг ашиглах вэ гэдэг стандартыг боловсруулж, батлуулаад мөрдөн ажиллаж байна.

-Зарим хүмүүс стандарт хамаарахгүй саарал ус л бол хортой гэсэн ойлголттой байдаг. Тэгэхээр энэ тал дээр ерөнхий мэдээлэл өгвөл?

-Саарал ус гэдэг нь бидний ахуйгаас гарч байгаа буюу өтгөн шингэн нийлээгүй бусад ахуйгаас гарч байгаа ус. Тэгэхээр банн, дүүш, угаалгын машин зэргээс гарч байгаа усыг саарал ус гэж хэлээд байгаа юм. Өтгөн, шингэн буюу нойлоос гарч байгаа ус болохоор хар ус болдог. Харахад ч өнгө нь саарал ус байдаг. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд та бүхний мэдэхээр бидний шугам хоолой бүгд саарал болон хар ус нь нийлсэн шугам хоолойнууд явдаг. Иймд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын засгийн газар хоорондын мянганы сорилтын сангийн компакт гэрээ гэж байгаа. Энэ гэрээ 2025 он хүртэл хэрэгжих хүрээнд бид Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг цэвэршүүлээд, цэвэрлэсэн усаа техникийн ус руу өгч байгаа юм. Тэгээд мэдээж шаардлагатай бол машин угааж болно. Тэгэхээр Монгол Улс анх удаа хаясан усаа цэвэршүүлээд дахин ашиглах боломжтой стандартад хүргэдэг үйлдвэр барьж байна. Энэ үйлдвэр маань 2025 онд ашиглалтад орохоор үйл ажиллагаа нь эхлээд бүтээн байгуулалтын ажил явж байгаа.

Саарал ус гэдэг нь Европын EN 12056 нормын дагуу угаалтуур, угаалгын машин, ванн, шүршүүр, гал тогооны тосгуур зэргээс урсан гардаг, найрлагадаа ялгадас, шээс агуулаагүй хаягдал ус юм. Харин эдгээрийг тусад нь авч цэвэршүүлээд дахин ашиглахыг саарал усны технологи гэж нэрлэдэг.

Улаанбаатар хотод 240 гаруй авто машин угаалгын газар байдаг. Үүнээс 34 нь саарал ус ашиглах шахуурга, тоног төхөөрөмж суурилуулжээ. Тус угаалгын газрууд бохирдлоос нь хамаараад бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг байна. Харин олон автомашин хүлээн авах хүчин чадалтай, том угаалгын газрууд нэг машин угаахад ойролцоогоор 100-150 литр ус зарцуулдаг аж.

Бохир ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлсэн эдгээр угаалгын газрын нэг нь “Эко экспресс” авто угаалгын газар юм. Тус угаалгын газар саарал усыг дахин ашиглах технологийг 8 жилийн өмнө нэвтрүүлжээ.

Эко экспресс авто угаалгын газрын үйл ажиллагааны менежер Я.Тулга “Манайх 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Авто угаалгын газар нээсэн цагаасаа хойш саарал ус ашиглаж

байна. Төхөөрөмжөө Америкаас оруулж ирсэн. Coleman Hanna брэндийн автомат конвейр, угаалгын бодисуудыг ашигладаг. Энэ технологи нь саарал усаа 60-70 хувийг нь эргүүлэн ашиглаж болдгоороо онцлогтой. Энэ нь тооцоогоор нэг машин угаахад 80 литр цэвэр ус ашигладаг бөгөөд саарал усаар дахин хоёроос гурван удаа угааснаар 200 гаруй литр ус хэмнэдэг. Түүнчлэн манайд 9-15 тонн ус хадгалах багтаамжтай 4 худаг байгаа. Бүгдээрээ өөр, өөр түвшинтэй усыг нь физик чанараар нь бохир нь доошоо тунаад цэвэр ус нь дээрээ тунадаг. гэсэн үг. Буцааж соруулахдаа 3 фильтерээр шүүж дамжуулдаг. Долоо хоног тутамд нэг удаас саарал усаа шинэчилдэг. Өвлийн улиралд саарал ус ашиглахад тохиромжгүй. Нүүрсний тоос тортогтой усыг худагт цэвэрлэхэд Нефтийн бүтээгдэхүүн шиг хар болчихсон байдаг” гэв.


Д.БАТТОГТОХ



Categories
мэдээ нийгэм

“Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүлжээ DNN.mn

Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн ногоон бүсийг шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүллээ.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд ногоон бүс, зуслангийн чиглэлд хөрсний шар өвс шатсан нийт 105 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 152.78 га газар шатлагад өртсөн байна.

Дуудлага мэдээллийг дүүргээр нь ангилвал Баянгол-5, Баянзүрх-23, Сүхбаатар-13, Сонгинохайрхан -41, Хан-Уул-8, Чингэлтэй-15 удаа гарсан байна.

Хаврын хуурайшилтын үед шар өвсний гал түймэр, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагаас ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх магадлалтай, хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан хуурайшилт ихтэй байхыг мэдээлж байна.

“Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяны хүрээнд цахим орчинд иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлэх мэдлэг түгээж, нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.