Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг зарлалаа DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн Банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгааг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг тус шүүхээс зарлалаа. Тодруулбал,

“хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан

Лхагвасүрэнгийн Аззаяа

Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ

Базархүүгийн Даажамба

Жамцын Ганхуяг

Норслойн Сүхболд

Цэндийн Баярсайхан

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан

Цэвээндээгийн Билгүүн

Дашжамцын Уянга

Түмэн-Өлзийн Оюунчимэг

Баасанхөхийн Чинзориг

Тэлэнгэдийн Мөнхтулга

Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн

Чимэдцэрэнгийн Цоожсүрэн

Сайнбаярын Батзориг

Авирмэдийн Хүчитбаатар

Ганбаатарын Гантогтох

Балганы Батбаяр

Чулуунбатын Энхбат

Чогсомын Мөнхбаяр

Даваагийн Цогтбаатар

Батлутын Будхүү

Лхачины Мягмаржав

Дашзэвгийн Дэлгэрсайхан

Дүгэрсүрэнгийн Бат-Очир

Жамсрангийн Үхэртар

Бадамын Махбал

Жигжидийн Оюунчимэг

Сандагийн Магнайсүрэн

Мягмарсүрэнгийн Баярмагнай

Бэгзсүрэнгийн Шинэбаатар

Баттулгын Амгалан

Отгонбатын Батбаатар

Чулуунцэрэнгийн Отгочулуу

Чулуунбатын Нэргүй

Мягмарсүрэнгийн Баянмөнх

Бадрахын Найдалаа

Бядраны Лхагвасүрэн

Рагчаагийн Батбаяр

Магсарын Золжаргал

Гантөмөрийн Дашзэвгэ

Ганбатын Одонтуул

Баасандоржийн Батзаяа

Нанзадын Баярчимэг

Хассуурийн Ганхуяг

Огнонгийн Хуягцогт

Батхуягийн Цолмон

Далрайн Даваасамбуу

Ганибалын Амартүвшин

Нанжидын Мөнхбат

Норовын Алтанхуяг

Нямжавын Батбаяр

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

Баяраагийн Чойжилжалбуу

Энхнасангийн Эрдэнэ

Хүрэлсайханы Баттулга

“мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан

Должидын Батбаяр

Гомбын Цолмон

“гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

Ёндонпэрэнлэйн Доржсумъяа

Бэгзжавын Цэрэндаваа

Цэрэндоржийн Цэвэгмэд

Мөнхтөрийн Цэлмэг

Баярын Баттөр

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

Цэрэндаваагийн Баатарбилэг

Бат-Очирын Батбаатар

Чулуундоржийн Өлзий

Лацайн Ням-Очир

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

Шүхэртийн Бүтэд

Гочоосүрэнгийн Санжмятав

Гэндэнпилийн Батдорж

Гонгорын Галсанням

Пүрэвийн Мягмардорж

Цогтжаргалын Ууганбаяр

Энхболдын Эрдэнэбилэг

Хадбаасангийн Бат-Эрдэнэ

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан

Төмөрбаатарын Болдмаа

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

Бэрэнбаралын Мөнхтөр

“хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

Гочоосүрэнгийн Байгалмаа

“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан

Цогбаатарын Содхүү

Ядмаагийн Батцэцэг

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

Оргойн Баяр

“улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

/2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

/2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК,

/4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

/4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.

Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлэв.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай заал, танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломж, хүч нөөц хязгаарлагдмал тул тус шүүхээс болон шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн болохыг мэдэгдэж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Categories
мэдээ нийгэм

Улсын асрамжид байгаа ахмад настнуудад эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийжээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллажээ

Тус эмнэлгийн долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус төвийн 174 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, холголт цооролтоос сэргийлэх арга хэмжээг авчээ.

Categories
мэдээ цаг-үе

Гадаад худалдааны тэнцэл 3.836.0 сая ам.долларын ашигтай гарчээ DNN.mn

2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21,244.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 32.0 хувь буюу 5,149.0 сая ам.доллараар өсчээ.

Мөн гадаад худалдааны тэнцэл 3,836.0 сая ам.долларын ашигтай гарлаа. Өмнөх оны мөн үеэс 1,437.5 сая ам.доллар буюу 59.9 хувиар өсөхөд импорт 1,855.8 сая ам.доллар, экспорт 3,299.3 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Экспорт: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч, эдийн засаг хэвийн байсан 2019 оны мөн үетэй харьцуулахад 4,920.8 сая ам.доллар буюу 64.6 хувиар, харин 2020 оны мөн үетэй харьцуулахад 4,964.1 сая ам.доллар буюу 65.5 хувиар өссөн байна.

Импорт: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр импорт 8,704.4 сая ам.доллар болж 2019 оны мөн үетэй харьцуулахад 2,576.9 сая ам.доллар буюу 30.3 хувиар, 2020 оны мөн үеэс 3,405.5 сая ам.доллар буюу 64.3 хувиар тус тус өссөн байна гэж ГЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ DNN.mn

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд “Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо.

Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.

Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.зураг

зураг

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ DNN.mn

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилнэ.

Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдрийн сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
Эрчим хүчний яам
Барилга, хот байгуулалтын яам
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
Эдийн засаг, хөгжлийн яам-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар- Гудамж төсөл
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар
Боловсрол, шинжлэх ухааны яам
Гаалийн ерөнхий газар
Шадар сайд
Сангийн яам
Иймд дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дуудсан байна.
Categories
гадаад мэдээ цаг-үе

Турк, Сирийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 болж нэмэгджээ DNN.mn

Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсгийн хил залгаа бүс нутагт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 орчим болж нэмэгджээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр 04:17 цагт хүмүүсийг унтаж байх үед Газиантеп хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн дараа гамшгийн бүсэд 13:30 цагийн орчимд дахин 7,5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болсон юм.

Ойр ойрхон хүчтэй газар хөдлөлт болж байгаагаас иргэд гэртээ болон хоргодох байгууламжуудад орохоос айж гудамжинд байрлацгааж байна.

Гамшигт Турк улсад 2379 хүн амь үрэгдсэн бол Сири улсад 1444 хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдлээ. Нурангин доороос хүмүүсийг аврах ажил үргэлжилж буй учир энэ тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулжээ.

Түүнчлэн олон мянган хүн гэмтэл авч, бүс нутаг дахь эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ. Аврагчид одоогоор 8000 орчим хүнийг нурангин доороос эсэн мэнд гаргаад байна.

Байгалийн гамшигт байшин барилга, гүүр ихээр нурж сүйдсэн тул олон газарт зам харилцаа нурангид даруулж боогдсон. Түүнчлэн бороо орж нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Дэлхийн улс орнууд Турк, Сирийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, яаралтай тусламж илгээхээ илэрхийлсээр байна.

Тухайлбал АНУ аврагчдын хоёр бүрэлдэхүүнийг Турк руу илгээхээр шийдвэрлэсэнг Туркт суугаа АНУ-ын элчин сайд Жефф Флейк мэдэгджээ.

Америкийн онцгой байдлын аврагчид, эрэлч нохой, эмч нараас бүрдэх хоёр тусгай багийн нэг нь 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй байх аж.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар холбогдож аврах ажиллагаа болон гамшгийн дараах сэргээн босгох ажилд шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн Германы олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны гишүүд Турк руу нисэхээр Кельн-Бонн нисэх буудлаас хөөрөхөд бэлэн болжээ.

Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажилд оролцохоор Швейцарын аврагчид болон эрэлч ноход Цюрихийн нисэх буудлаас хөөрсөн байна.

Түүнчлэн Унгараас 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Будапештээс хөөрөхөөр бэлтгэлээ хангасан бол Грек улс мөн аврагчдаа илгээсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө DNN.mn

УИХ-ын дэд дарга Салдангийн Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулган өндөрлөлөө.Таны бодлоор энэ удаагийн чуулган зорилгоо ямар хэмжээнд биелүүлэв?

-УИХ-ын намрын чуулганаар 18 бие даасан хууль, 271 нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан байна. Хаврын чуулганы үр дүнгийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Хэдийгээр олон хууль баталсан хэдий ч намрын чуулганд төлөвлөгдсөн Боловсролын тухай багц хууль, Газрын тухай, Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай, Худалдаа аж үйлдвэрийн тухай гээд томоохон хуулиудаа баталж чадсангүй. Тухайлбал иргэдийн хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа салбар бол боловсролын салбар. Л.Энх-Амгалан гишүүн Боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдоод боловсролын салбарын шинэчлэлийн үндэс нь эрх зүйн асуудал гэж үзээд боловсролын багц хуулийг өргөн бариад хоёр жил өнгөрч байна. Нэмээд Мэргэжлийн боловсролын тухай хуулиа ч өргөн барьсан. Харамсалтай нь бид энэ асуудалд онцгой анхаарал тавьж чадсангүй. Энэ нь нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудад хэтэрхий анхаарал төвлөрүүлж, бас төлөвлөгөөнд тусгагдаагүй хуулийн төслүүд яаралтай горимоор орж ирж цаг хугацаа алдсантай холбоотой. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдын өнөө маргаашаа бодсон, улс төрийн хожоо харсан бодлогын үр дүн гэж дүгнэж байгаа. Цаашдаа төлөвлөгөөнд тусгагдсан томоохон хуулиудаа батлахын төлөө ажиллах хэрэгтэй байна.

-Таны хувьд санаачилж оролцсон хуулиудаас онцолбол?

-Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн багт орж ажилласан. Ер нь төсөвт ингэж жил бүр өөрчлөлт оруулах нь Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудаа зөрчиж улс орны хөгжлийн бодлогод сөрөг нөлөөтэй шийдвэр гаргах боломж олгож байгаа юм. Тийм учраас төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон холбогдох мэргэжилтнүүд үүнийг байнга шүүмжилдэг. Төсвийн тухай хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Эдийн засаг, хөгжлийн яамнаас төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл хөтөлбөрт олон нийтийн саналыг тусгах, хөндлөнгийн нэгдсэн бодлогын тогтолцоо бүрдүүлэх гээд нэлээд хэдэн чухал өөрчлөлт оруулсан. Мөн Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй хамтран тэтгэвэр тогтоох жилийг долоо биш таван жилээр тооцох хуулийн төслийг өргөн барьж хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Гэхдээ энэ төслийг хэлэлцүүлэхгүй маш их цаг хугацаа алдсан. Тэр хэмжээгээр иргэд хохирч байна гэхэд болно.

Хамтын тэтгэвэр буюу тэтгэвэр өвлөгддөг байх хуулийг хаврын чуулганд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Намрын чуулганаар батлагдсан хуулиудаас онцолбол Зөвшөөрлийн тухай хуульд төрөөс олгож буй зөвшөөрлийн тоог тав дахин бууруулж, зөвшөөрөл сунгах, олгох процессыг цахимаар хийх, зөвшөөрөл олгох хугацааг 14-21 хоног болгосон. Энэ нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсан нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтын ажлуудыг төрд ачаалал үүрүүлэлгүй хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, гэрээний хугацаанд гардаг олон эрсдэлийг хэн хэрхэн хариуцахыг тодорхой болгосон.

-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд Улаанбаатар хотын хамгийн том асуудал болох утаа, түгжрэлийн эсрэг ямар ажил хийх ёстой гэж бодож байна?

-Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаад гурван жилийн нүүр үзлээ. Сайжруулсан гэх түлшний үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгээд бас л дөрөв дэх жилдээ орж байна. Утаагүй зуух гээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч утаа хэвээр үлдсэн. Утаагүй түлш хэрэглэлээ гээд утаа байдгаараа байсаар байгаа нь утаатай тэмцэж буй бидний стратеги буруу, хэрэгжилт нь дутуу байгааг харуулж байна. Утаанд зарцуулсан сүүлийн зургаан жилийн хөрөнгө нэг их наяд давсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд байна. Гэтэл нэг яндангаас гарч буй утаа хэрхэн багасав, тэр айл өрхийн хэрэглээний зардал хэрхэн өөрчлөгдөв, нийт яндангийн тоо хэдээр буурав, эсвэл буурсангүй юу гэх газар дээрх асуултууд эзэнгүй хэвээр байна. Утааны эсрэг гэх олон хурал чуулганд утаа хэрхэн буурсан, утааны хорт агууламж ямар түвшинд буурсан тухай сонсдог ч ард иргэд эрх мэдэлтнүүдийн иймэрхүү мэдээлэлд итгэхээ больж. Иргэд утаанаас болж хэн хүнгүй гадагш гарахаар амьсгалахад хэцүү болсон, хүүхдүүдийн ханиад хүндэрч хатгаа болж эмнэлгээр дүүрч байгаа, утааны хор жирэмсэн эх төдийгүй иргэдэд элэгний өвчин үүсгэдэг тухай мэдээг өдөр бүр сонсож байгаа болохоор яаж итгэх билээ. Утааны хорыг 10, 20 хувь бууруулах биш богино хугацаанд хэрхэн утаагүй болох шийдэл л чухал байна. Юуны түрүүнд захиргааны, зохицуулалтын, хуулийн олон талын арга хэмжээг хослуулах хэрэгтэй. Яндангийн тоо нэмэхгүй байх, гэр хорооллын суурьшлын бүсийг хатуу тогтоож мөрдөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны бүтээн байгуулалтыг төрийн бодлогоор дэмжиж эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх гээд олон ажлыг нэрлэж болно.

-Харин түгжрэлийн тухайд та юу хэлэх вэ. Өмнө нь байгаагүй их хөрөнгийг төсөвлөж байна шүү дээ?

-Түгжрэл бол зам дээрх утаа л гэсэн үг. Нийслэлчүүд жилд гурван их наяд төгрөгтэй тэнцэх алдагдлыг замын түгжрэлээс хүртэж байна. Нэг иргэн хоногт 2.5 цаг, жилд 35 хоногийг зам дээр алдаж байна. Дундаж нас 70 гэвэл зургаан жилийг нь машин дотроо зам дээр өнгөрүүлж байна гэдэг нь харамсалтай статистик. Хариуцсан сайд томилж, 2022 онд л гэхэд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулсан байх. 2023 онд үүнийг 20 гаруй хувиар нэмсэн. Түгжрэлийн асуудал дан ганц зохион байгуулалтын аргаар шийдэгдэхгүй. Ийм учраас зогсоолын төлбөрөөс авахуулаад метро хүртэлх бүхий л сонголтын хослолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-УИХ-аас байгуулагдсан Хяналтын түр хороо Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Хүмүүс энэ талаар янз бүрийн л бодолтой байх шиг байна. Таны хувьд…?

-Гишүүдийн саналаар Хяналтын түр хороо байгуулагдсан нь төрөөс гаргасан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх чухал алхам болсон. Мөн олон нийтэд нууц далд байсан олон асуудлыг ил тод болгох гээд олон сайн талууд байсан. Гэхдээ саяхан Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар зохион байгуулсан сонсгол ажил албан тушаалаа ашиглан арын хаалгаар зээл өгсөн албан тушаалтнуудын буруу үйлдлийг гаргахаасаа илүү хувийн хэвшил рүү хэт их дайрсан нь нийгэмд дахиад баялаг бүтээгчдийг ад үзсэн уур амьсгалыг бий болгох шиг боллоо. Би энэ сонсголыг тухайн зээлдэгч нэг бүрээр эхний ээлжинд хийж бүтээсэн зүйлийнх нь талаар тодорхой танилцуулга хийлгэж ард түмэнд хүргээд, дараа нь танилцуулгатай холбоотойгоор иргэний зээл авсан төслийн зорилго нь УИХ-аас хөгжлийн бодлогын асуудлаар баталсан бодлого, хөтөлбөрт хэр нийцсэн байна, гарах үр дүн нь улс нийгэмдээ ямар ач тустай юм, Хөгжлийн банк зээл олгохдоо дээрх бодлого шийдвэрийг хэр зэрэг харгалзан үзсэн байна, зээлийн барьцаа хөрөнгө нь бодитой юм уу, үгүй юу, зээлийн төлөлтөд УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, олон улсын байдал, “ковид-19” цар тахал, вальютын ханшийн өөрчлөлт хэрхэн нөлөөлөв, зээлийн зарцуулалт зориулалтын дагуу болж уу, үгүй юу гэх мэтээр төрийн нэрийн өмнөөс хууль тогтоомж, иргэнийхээ эрхийг дээдэлсэн, асуулт асууж, хариулт авах байх гэж бодсон. Харамсалтай нь энэ удаагийн төрийн түшээдийн удирдаж явуулсан сонсгол зээлдэгч иргэнийхээ юу хийж бүтээснийг нь огт сонсолгүй шууд л асуулт тулгаж, хэт хөтөлсөн байдлаар хандах шиг болсон. Зээлдэгчдийн ихэнх нь юм хийе бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүмүүс. Монголд жирийн үед бизнес эрхлэх ямар хэцүү билээ, гэтэл цар тахлын үед бүр ч амаргүй байсан нь ойлгомжтой. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд, жаахан ашигтай салбараараа ашиггүй салбараа нөхөөд хаалгаа хаахгүй аргалаад явж ирсэн. Түр хорооны гишүүд бизнес эрхлэгчидээ үгүйсгэж, тэдэнд хэт хатуурхаж телевизээр үзэж байгаа хүмүүст тэднийг үзэн ядуулах хэрэггүй байсан. Ийм л учраас хүний эрхийг дээдлэж, асуудалд хандах үүднээс бие даасан хууль хяналтын байгууллага гэж байдаг.

-Тэгэхээр Хянан шалгах түр хорооны ажил хүний эрхийг зөрчсөн, бүдүүлэг хандлагатай яваад байна гэж ойлгох уу?

-Бид иргэддээ төр засаг боломж олгож байна, та нар өөрсдөө хийж бүтээ гэж уриалаад, зээл олгох ажлыг байнга дэмждэг атал УИХ-ын түр хороо түүнийхээ эсрэг ажиллаж болохгүй л дээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “гэрч” болчихсон тайлбар хийж байна лээ. Үнэн зөвийг тогтооход хэрэгтэй л байх. Гэхдээ түр хорооны гишүүдэд өмнөх АН-ын Засгийн газрын гишүүд рүү дайрсан, улс төржсөн хандлага байсныг ч хэлэх хэрэгтэй. Мэдээж зээлдэгчдийн дотор хууль, дүрэм журам зөрчсөн, хувийн эрх ашгийн үүднээс зээл авч үрэн таран хийсэн албан тушаалтан, зээлдэгч байхыг үгүйсгэхгүй. Тэр бүхнийг олж тогтооход сонсгол чиглэгдэж, бодитой дүгнэлт хийсэн бол хууль хяналтынханд хэрэгтэй байсан байх. Үнэхээр тухайн төслийн бүтээн байгуулалт улс оронд эдийн засгийн үр өгөөжтэй ч янз бүрийн бэрхшээлээс болоод гацчихсан бол төрийн түшээдийн хувьд ялгаж салгаж, магадгүй төр засаг, банкны зүгээс хамтран ажиллаж, тухайн бүтээн байгуулалтыг дуусгаж, зээлийг нь төлүүлэх талаар санал ч гаргаж болно шүү дээ.

-Улс орны нийгэм эдийн засгийн байдал амаргүй байна. Долларын ханш, юмны үнийн өсөлт гээд…?

-Корона, дайн гэсэн хоёр шалтгааныг дурдсаар гурван жил өнгөрлөө. Өнөөдөр корона жирийн ханиадны түвшинд, дайн богино хугацаанд дуусахгүй шинжтэй болсон нь бид эдгээр эрсдэлийг дуусна гэсэн төлөвлөлтөөр биш эдгээр эрсдэлийн үед эдийн засгаа хэрхэн өсгөх вэ гэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн гадаад өрийн дарамтын өндөр жилүүд эхэлсэн тул улс орны эрсдэлийн үнэлгээ, бодлогын тогтвортой байдал их чухал. Учир нь бондыг дахин санхүүжүүлэх шаардлагатай. Урд хилийн төдийгүй бусад боомтуудын үйл ажиллагаа сэргэж буй нь экспортын орлого нэмэгдэх сайн дохио өгч байна. Урд нь хилээр аль болох их бүтээгдэхүүн гаргавал доллар орж ирж төгрөгийн ханш тогтвортой байна гэж төсөөлдөг байсан ч нүүрсний хэргийн сонсголын үр дүнд бүтээгдэхүүн гаргахаас илүү түүний төлбөр ямар нэг авлига, өөр тийш өөр юм болон хувирахгүй орж ирж буй эсэх нь чухал гэдгийг бүгд мэдлээ. Үүний адил зэс, төмрийн хүдэр гээд экспортын бүтээгдэхүүнээс татвараа гүйцэд авах, аливаа авлигаас ангид байлгах нь чухал байна. Тийм ч учраас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Түүнчлэн үүнээс дутахгүй ач холбогдолтой нэг зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Энэ нь зөвхөн доллар оруулж ирэх биш түүнийг даган орж ирэх техник технологи, мэдлэг, хүний нөөцийн хөгжил юм. Ингэснээр дотоодод өртөг бүтээдэг үйлдвэрлэл сэргэнэ. Ер нь урт хугацаанд бүтээлч үйлдвэрлэл л төгрөгийн ханшны баталгаа болно. Хэдэн биеэ тойрч юм зарж наймаалцаад тэнцүүгийн тэмдэгийн ард нөгөө тоо л үлдэнэ. Өөрөөр хэлбэл, доороо хий эргэнэ. Бидний өнөөдрийн нэг хүнд ногдох 4000 ам.доллар үүний нотолгоо.

-Иргэдийн жагсаал олон өдөр үргэлжилж улс орны бодлогыг боловсруулж, хөгжүүлэх хууль тогтоогчдод шаардлага тавьсан. Үүний дагуу хийсэн ажлуудыг та хувьдаа ямар байдлаар үнэлж байна вэ?

-Ардчилсан улсын нэг баталгаа бол иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрх. Иргэд энэ эрхээ л эдэлж эрх баригчдад шаардлага тавьсан. Үнэндээ долоон жил дангаар эрх барьж УИХ-д 65, 62 гишүүнтэй засгийн газраа дангаар бүрдүүлэн ажиллаж буй хүчинд ард түмэн аргаа бараад шаардлага тавьсан. Бид хэт цөөнх учраас УИХ-ын танхимд дуу хоолой хүчтэй сонсогддоггүй байж болох ч эрх баригчдад ажил хэрэгч шаардлага, асуулга, сануулга өгсөөр ирсэн. Гэхдээ төрийн эрх барих байгууллагыг иргэд сонгодог ч тэр эрх нь иргэдэд хэвээр үлддэгийг санах хэрэгтэй. Төртэй, төрийн өмчит аж ахуйн нэгжтэй холбоотой, эрх мэдэлтэй холбоо хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран төрийн санд гараа дүрдэг, жирийн иргэдийн боломжийг булаадаг, бизнест шударга бусаар давуу тал олж авдаг бодит жишээ олон. Гагцхүү түүнийг хууль шүүхийн шатанд хаацайлж, хэргийг дарах, хэрэгсэхгүй болгох зэрэг шударга бус байдал л иргэдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн гэдэг үнэн. Эрх баригчид цочиж эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь сайшаалтай ч цаасан дээр биш амьдрал дээрх хэрэгжилт чухал. Би ч мөн иргэдтэйгээ нэг талд байгаа.

-Сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтүүд яагаад хийгдэхгүй байна, Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн гаргасан Үндсэн хуулийн төслийг үзсэн үү?

-Одоогоор Сонгуулийн болоод Улс төрийн намын тухай хууль өргөн баригдаагүй, яригдсан ч юмгүй л байна. Сонгуулийн тухай хуулийг Засгийн газар, Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барих ёстой. Уг нь энэ чуулганаар ярих л ёстой хуулиуд байсан. Яагаад гэвэл энэ оны долдугаар сарын 1-ний дотор л дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулж болох эрх УИХ-д бий. Миний хувьд энэ өөрчлөлт хийгдэх тухай яригдахад бэлтгэлтэй байх үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулсан гэх “Улс төрийн намын тухай” хуулийн төсөл дээр үндэслэн хуучин хуультай нь харьцуулалт хийж дүгнэлт гаргах зорилгоор хуучин УИХ-ын гишүүд, зөвлөхүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулаад хэд хэдэн удаа хуралдаж, санал дүгнэлтээ гаргаад УИХ дахь АН-ын бүлэгт нэг удаа танилцуулсан. Би хувьдаа энэ саналаа Ерөнхийлөгчид бүлгээс хүргүүлээд өргөн барихад нь тусгуулчихсан байх нь зөв гэж үзээд байгаа. Тийм учраас удахгүй бүлэг дээр арай өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж санал авахаар төлөвлөж байна. Үнэндээ Сонгуулийн болоод Улс төрийн намын тухай хуульд хэд хэдэн томоохон өөрчлөлт орох шаардлага гарч байгаа ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орох эсэхээс хамаарсан асуудлууд их байна.

-Тодорхой хэлбэл ямар өөрчлөлтөөс хамаарч байна вэ?

-Тухайлбал, сүүлийн үед парламентын чадавхийг дээшлүүлэхийн тулд гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог, пропорционал тогтолцоо руу шилжүүлэх гээд улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг хийж санал нэгдээд МАН ч хүлээн зөвшөөрч байх шиг байна. Тэгэхлээр энэ хоёрт өөрчлөлт оруулах асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хамаарна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулалгүй Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад хийж болох эрхийг ҮХЦ нээлттэй болгосон гэсэн үзэл бодол иргэдийн дунд яваад байгаа ч үнэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр гишүүдийн тоог өөрчилж болохгүй. Учир нь Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог өөрчилж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө. Гурав дахь удаагийн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайн Үндсэн хуулийн төслийг үзсэн. Энэ хуульд өнгөрсөн 31 жилийн дотор нийгэмд өрнөсөн бүхий л явц, эдийн засгийн харилцаа, төрийн байгуулалтын хүрээнд бий болсон зовлон бэрхшээл бүхнийг эрх зүйн хувьд шийдвэрлэх гэсэн оролдлого хийсэн нь сайшаалтай боловч боловсруулалтын хувьд сайн биш, эрх мэдлийн хуваарилалт, сонгох, сонгогдох зарчим, газрын харилцаа гэх мэт олон асуудал багагүй зөрчилтэй, ардчилсан зарчим, олсон ололтоосоо ухарсан санагдсан. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхийн тулд ард нийтийн дунд санал асуулга явуулахаас өгсүүлээд хэлэлцүүлгийн үе шат удаан болохоор батлагдах ямар ч боломж байхгүй гэж бодож байгаа. Нөгөө талаар энэ хуулийг УИХ-д өргөн бариад хэлэлцэх гэж байгаа юм шиг яриад байна. Үнэндээ энэ хуулийн төслийг хэвлэж тарааснаас цаашгүй. Албан ёсоор өргөн баригдсан юм ч байхгүй байгаа. Нөгөө талаар энэ хууль дээр иргэдийг баахан маргалдуулж, дуулиан шуугиан болгож байгаад шинэ үндсэн хууль гээч юмыг баталчих вий гэсэн болгоомж иргэдэд байна. Мэдээж, төр, төрийн интитуциудэд огт итгэхгүй иргэд болсон нь их хардлага төрүүлж байгаа болов уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу? DNN.mn

Цар тахлын үед өрхийн амьжиргааг дэмжиж хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ бодлого хэрэгжиж эхлэхэд Монгол Улсын хэмжээнд 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг хүртээж байгаа гэж Засгийн газраас мэдээлж байв. Тэгэхээр хүүхдийн мөнгөнд 1.2 их наяд төгрөгийг зарцуулсан гэсэн үг. Тэгвэл үүний 300 тэрбум нь хий бичилт байсан гэнэ үү. Хэрэв энэ үнэн бол эрх баригчид хүн ам зүйн бүртгэлийг ашиглан хүүхдийн тоог зохиомлоор нэмж, 300 тэрбум төгрөгийг хулгайлсан байх нь.

Энэ оны улсын төсөв батлагдахад хүүхдийн 100 мянган төгрөгийн дүнд өөрчлөлт ороогүй. Харин өндөр орлоготой өрхүүдийн хүүхдэд өгөхөөс татгалзсан шийдвэр гарсан. Энэ хүрээнд манай улсын нийт хүүхдийн есөн хувь нь 100 мянгаасаа хасагдаж байгаа юм. Харин үлдсэн нэг сая 367 мянган хүүхэд сар бүр 100 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авна. Ингэснээр төсөвт 320 тэрбум төгрөгийн сул орон зай үүснэ гэж сайд нь ярьж байв. Энэ шийдвэртэй холбоотойгоор сая хүүхдийн мөнгөний бүртгэлийн будилаан олон нийтийг цочирдуулсан. “И-Монголиа”-д айл болгоны хүүхдийн тоо нэмэгдсэн байв. Жишээлбэл, ганц бие хүмүүс 2-3 хүүхэдтэй болсон нь энгийн үзэгдэл байлаа. Хэдэн арван тэрбумаар тоологдох хөрөнгө бүртгэгдсэн өрхүүд ч олширч, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх тамга даруулжээ. Амьжиргааны түвшин доогуур өрхүүд хүртэл хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан зэрэг бүртгэлийн будилаан одоо ч цэгцрээгүй байгаа. Хороо, татвар, халамжийн төвүүд иргэдийг нааш, цааш олон дахин явуулж, өөрсдөө ч тайлбарлаж мэдэхгүй гацаанд орсон нь бодит үнэн. Яагаад хүн болгоны хүүхдийн тоо зохиомлоор өсч, худлаа бүртгэл гарав. Үүний цаана асар их мөнгөн дүнтэй хулгай байж болзошгүйг хэлээд байна. Айл бүрд илүү бичсэн хүүхдийн тоогоор сул мөнгө авдаг байсны том нотолгоо.

Эрх баригчдын энэ увайгүй үйлдэл ил болмогц иргэд өөрсдөө мэдээллээ баталгаажуулаагүйн алдаа мэтээр хаацайлсан нь үнэнд нийцэхгүй байгаа юм. Сүүлийн арав гаруй жил шилжилт хөдөлгөөн огт хийгээгүй, шинэ байр аваад л тэр хаяган дээр амьдарч байсан өрх сая хүүхдийн мөнгөнөөс хасагдсан шалтгаанаа хартал хүүхдийн тоо нь гурваар нэмэгдээд зогсохгүй, аманд багтахааргүй хөрөнгөтөн болсон байж. Ийнхүү төр нийтийн санхүү буюу татвар төлөгчдийн мөнгийг дахин зарцуулахдаа дур зоргоороо хусдагийг хүүхдийн мөнгөний бүртгэлийн будилаан барьж өглөө.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам ард түмний нийслэлийг нүүлгэх эрхтэй юу? DNN.mn

Орхоны хөндий бол тэр чигээрээ түүх, соёлын дурсгалт газар. Нийслэл Улаанбаатар хотоос 360-аад км алс энэ нутагт олон зууны турш талын нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрнүүд төвхнөж байв.Эртний нотолгоо нь VIII зууны үед Түрэг угсаатан оршин тогтнож байсныг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Билгэ хаанд зориулсан Руни бичээстэй чулуун хөшөө, эд зүйлс зэргийг археологичид нээж тогтоосон юм.Тэр утгаараа туркүүд Орхоны хөндийд анхаарлаа хандуулж ирсэн. Хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд туркүүд Хархорин-Хөшөө цайдамын автозамыг тавьж өглөө гээд сүйд болцгоож байсан нь саяхан. Бас болоогүй хэдэн хөшөө дурсгалыг хамгаалах төсөл хэрэгжүүлж, өөрсдийн хөрөнгөөр Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулна гэцгээж байв.Тэд өвөг дээдсээ нутаглаж байсан хэмээн хүндэтгэж монголчуудад бүтээн байгуулалт өрнүүлж өгөх юм байна гэсэн ойлголтыг нийгэм аваад байв. Тэгтэл энэ нь сүүл рүүгээ улсын нийслэлийг зөөх асуудал болж хувирлаа.

Ардын намынхан ард түмний нийслэлийг Хархорин руу нүүлгэх тухай хулгайгаар яриа гаргах болов. Энэ яриа гэнэт өнөөдөр ч үүсчихсэн юм биш. Мэдээж, үүнийг ард түмэн зөвшөөрөхгүй гэдгийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бас Үндсэн хууль зөрчинө гэдгээ мэдэж байгаа. Үндсэн хуульд улсын нийслэл бол Улаанбаатар хот байна гээд хоёргүй заагаад өгчихсөн байгаа. Ийм хулгай луйвар гарахыг сум нэгдлийн хашир дарга нар таамаглаж ч байсан биз. Эд нар юу гэж нийт массын анхаарлыг өөрсдөдөө наахыг хүсэхэв. “Шинэ Хархорин хот бол Монгол Улсын нийслэл болно шүү” гэж цочирдом мэдэгдэл хийхгүй. Иймд өөрсдийнхөө мөрөөдөл, зорилгыг түмэн олноор хүлээн зөвшөөрүүлж, нийгмийн дэмжлэг авахын тулд аядуухнаар эхлүүлсэн.Айлын хөрөнгөөр Орхоны хөндийгөө тохижуулаад шинэ суурьшлын бүс болгон томруулах боломжтой мэтээр ярьдаг байв.Улаанбаатарын хүн, машин нь багталцахгүй боллоо, яаралтай шинэ суурьшлын бүс байгуулах хэрэгтэй. Улаанбаатар бол хүн амьдрахад хамгийн ээлгүй муу хот гэж төрд гарсан хүн бүр сүүлийн жилүүдэд ам ангайх тоолондоо хэлдэг болов.Хамгийн түрүүнд дагуул хот байгуулах ёстой, худалдааны төвүүдээ хотоос гаргая гэдэг шийдэл бол зүгээр жижүүрийн яриа болсон.Тэрийгээ ч тэгж шийднэ, энийгээ ч ингэж хөгжүүлнэ гээд гоё, гоё хөгжлийн загварууд их ярина.Даанч хэрэгждэггүй.Хэрэв биеллээ олдог бол манай улс бурхан бумбын орон болчих ёстой л доо.

УИХ-аас саяхан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг яаралтай горимоор батлав. Төсөл нь ч шуурхай бэлэн болчихно лээ.Өнгөрсөн зун УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн хэдэн гишүүн Орхоны хөндийгөөр баахан явж, газар нутагтай нь танилцсан.Гурван аймгийн найман сумын нутгийг хамарсан энэ хөндийд хангайн бүсийн тулгуур төв болох шинэ Хархорин хот байгуулна гэж байлаа. Төд удалгүй төсөл бичигдээд өрөнд баригдаж билээ. Нүүрсний хулгайн асуудал эд өндрөө авч, жагсаал цуглаан нийгмийн хамаг анхаарлыг татаж байсан үе л дээ.Судлаад үзтэл МАН-ын улсын хөгжлийн бодлогын зорилтыг тодорхойлохдоо 2021-2030 онд “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж хэдийнэ төлөвлөчихсөн байж. Өнгөн дээрээ шинэ нийслэл байгуулна энэ тэр гэж огт дурдаагүй. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон гол дагуу сунасан тэр уужим хөндийг суурьшлын бүс болгосноор түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, валют олдог уурхай болох мэтээр тайлбарлаж байсан сан. Сүүлдээ хараад байсан чинь тэнд Ерөнхийлөгчийн ордон барина гээд сүйд болоод явчихлаа. Алсуураа Монгол Улсын нийслэлийг нэг бол тийш нь нүүлгэх, эсвэл улс нийслэлээ хоёр хуваах маягтай бодлого бололтой. Тэнд Ерөнхийлөгчийн тусгай ордон барих юм гэнэ үү. Тусгай ордон нь Туркийн мөнгөөр босно. Төрийн тэргүүн гэж нэг хүн гадаадын мөнгөөр баригдсан хотод зургаан жил тарвалзах юм байх.Ганцаараа ч очихгүй, төрийн захиргааны баахан улсуудыг дагуулахаар янз бүрийн л хувилбарууд ярьцгааж буй аж. Бас болоогүй, Төрийн тэргүүн Ерөнхий сайд хоёр тусдаа ажиллаж болдоггүй юм байна гээд Засгийн газраа дэргэдээ аваачина. Тэр үед юу болох вэ, та нар бод доо. Ерөнхийлөгч, Засгийн газаргүй Улаанбаатар хот засуулсан азарга шиг л болно. Ямар ч сүнс сүлдгүй, хийморьгүй хот болж хувирна.Хархорин хотыг байгуулчих л юм бол эхлээд Төрийн гурван өндөрлөг, нийслэлийн засаг захиргаа, 76-тайгаа очсон байхад бусад нь албан бусаар цуварч нүүсээр тэнд очиж л таарна гэсэн тооцооллыг эрх баригчид сэдсэн юм уу даа.Уучлаарай, ийм эрх Ардын намд байхгүй шүү.

Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн гэж тодоос тод нэрлэсэн байгаа.Үндсэн хуулийн заалтыг дураараа өөрчилж эвдэх эрх хэнд ч олгоогүй. Хуучин эрх мэдэлд хүрсэн болгон нь “Нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьдаг байсан. Тэр үед хэн ч тэднийг Үндсэн хууль зөрчлөө гэж чичилж байгаагүй. Гэвч улсынхаа нийслэлийг нүүлгэх нь Үндсэн хуульд харш юм байна гэдгийг анзаарч мэдсэн даруйдаа тэд өөрсдөө чимээгүй болдог байсан. Улаанбаатараараа оролдож дураараа авирлавал улстөрч ч, нам ч тэр дорхноо нэр хүндээ алдаж улс төрийн карьер нь дуусах юм байна гэж мэддэг байсан болохоор тэр юм. Тэгвэл одоо МАН-ын арга улам бүр нарийсчээ. Ард түмний гараар могой бариулахаар санаархаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ҮХНӨ-ийг явуулахаар Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар эхлүүлэх гэж байгаа. Иргэдийн саналыг авах асуулгадаа Улаанбаатар гэдэг нэрийг сугалж хаяхыг санаархаж, Орхоны хөндий рүү нийслэлээ зөөхөөр мөрөөдөж байна. Иймд Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэд, ард түмэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Улсын нийслэл Улаанбаатар хот бол монголчууд бидний тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын дархлаа юм. Монгол Улсын эдийн засгийн гол цөм нь энд бий. Нийслэлийн засаг захиргаа, яам тамгын газар, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиуд бол Улаанбаатар хотын эдийн засаг гол тэжээгч амин судал нь юм. Тэгвэл нийслэлээ нүүлгэчих юм бол Улаанбаатарыг тэтгэж, босгож байх цусны эргэлт зогсоно. Яагаад гэвэл, одоо бидний амьдарч байгаа энэ нийслэлд маань ганц олигтой үйлдвэр байх биш ямар ч мөнгө үлдэхгүй. Тэгэхээр Улаанбаатар нийслэлийн статусаа алдвал хэдэн ядуус шавсан, навсайсан, хаягдсан хот болж хувирна. Монголын түүхэнд анх удаа сая гаруй хүн амтай болж чадсан энэ том хотыг устгах эрх МАН-д байхгүй. Улаанбаатар хотоо алдаж байхаар МАН-ыг татан буулгаж устгасан нь монголчуудад хамаагүй ашигтай биз ээ.

Төрийн тэргүүн гэдэг хүнд Монгол Улсынхаа сайн сайхны төлөө зүтгэнэ гэж ард түмэн итгэж, найддаг. Тиймээс У.Хүрэлсүхийг зургаан жилМонгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгээрэй гэж сонгосон болохоос нийслэлийг нь устгаж, өөртөө эрх ямба нэмээд дарангуйлагч ноён болж тусгаарла гээгүйг мартчихаа юу. Хэрэв ингэж ажиллаж чаддаггүй юм бол Төрийн тэргүүнийхээ суудлыг сайн дураараа өгөөд яв л даа. Ямар явж сураагүй биш, УИХ-ын гишүүн байхдаа хариуцлагаас зугтаад бүрэн эрхээсээ татгалзаж байсныг чинь ард түмэн санаж л байгаа.

Ер нь Улаанбаатар хотыг устгаж яасан ч болохгүй. Гэхдээ мөнгө ямар хүчтэй билээ дээ. Гадны хөрөнгөөр Хархорин нэртэй шинэ хот хурдан бий болж магадгүй байна. Далдуур тэнд Түрэг улсын нийслэл гэж байгуулах шинжтэй байж ч мэднэ.Хэдэн жилийн дараа Түрэг нь Турк болоод өөрчлөгдөх вий. Тэгвэл Турк нь манай байгуулсан хот гээд биднээс авчихыг ч үгүйсгэх газаргүй юм. Хархорины хийрхэлээс харахад эрх баригчид иймэрхүү маягтай улс төрийн буруу нүүдэл хийгээд байна.Тэд үнэхээр ажил хийж чаддаггүй хүнээр буюу гадны бэлэн тусламж гэдэгт найддаг учраас ийм буруу замаар эрх мэдэл ноёлох санаархалаа бодит болгож мэднэ. Ядаж л Яармагийн нүхэн гарцыг бүтэн жил яриад бараагүй юм чинь бүхэл бүтэн хот байгуулна гэхээр хүмүүс тоохгүй байсан. Даанч сүүлийн үед Улаанбаатараа тойруулаад дагуул хотууд сүндэрлүүлнэ гэдэг яриа намжаад байсан нь гадны мөнгөөр шинэ нийслэл барьж өөрсдөө утаа түгжрэлээс ангид диваажинд заларч ард түмнийг өмхий утаа улаан түгжрэл дунд нь хаях гээд инээд алдан гараа үрчээд сууж байсан юм байна л даа.Ганц байгуулсан ард түмний нийслэл Улаанбаатараа устган байж барих Хархорин хот чинь манай нийслэл болох уу, Туркийн нийслэл болох юм уу эрх баригчид аа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 7, Ангараг гариг. Билгийн
тооллын 17, их морь одтой,
улаан бич өдөр. Өдрийн наран
8:12 цагт мандан, 18:01 цагт
жаргана. Тухайн өдөр хулгана,
луу жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү
сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах,
арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм
дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг
байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө
хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
луу, могой, хонь, нохой болой. Хол газар
яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.