Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

Сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ DNN.mn

Энэ жилийн Сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ.

Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа.

Хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.

Монголчуудын хамгийн үзэх дуртай тус барилдааны тасалбар өнөөдөр 11:00 цагаас худалдаанд гарах бөгөөд хоёр өдрийн барилдааны тасалбар багцаараа 60 мянган төгрөгийн үнэтэй аж.

“Нэг тасалбараар хоёр өдөр үзэх тул тасалбараа гэмтээж, үрэгдүүлж болохгүй. Хэрвээ тасалбараа гэмтээсэн болон үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй” гэж Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Цочмог бронхиолитийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор цочмог бронхиолитийн эмийн эмчилгээг 492 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01, 02-р тогтоол
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Санжийн Баяр: Н.Энхбаярын шинэ төсөлд орсон санаануудын ихэнх нь миний хувьд эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй санагдсан DNN.mn

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


– Үндсэн хуулиа өөрчилнө, өөрчлөхгүй гэж дахиад л талцаж маргаад эхэллээ. Та хуульч хүн. “Парламентын засаглал” гэх сэдвээр дипломоо хамгаалсан, Москвагийн их сургуулийг төгссөн гэсэн. 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан хүнтэй Үндсэн хуулийн асуудлаар ярилцах гэсэн юм.

-Үндсэн хуультай холбож яривал миний гуншин ч овоо урт юм байна шүү. Тэгье ярилцъя. Чухам энэ сэдвийн хаанаас нь эхлэх юм.

-Эхлээд танаас нэг зүйл тодруулъя. Сая болсон Үндсэн хуулийн ойн үеэр би нэг сонин юм дууллаа. Таныг Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх ажилд идэвхтэй оролцсон. Гэхдээ ёсчлон батлах хуралд нь оролцоогүй хаяад явсан гэж ярих юм. “Ийм бантан болсон Үндсэн хуулийг би батлахгүй” гэж хэлээд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгч П.Очирбат руу шидчихээд, төрийн ордноос тэр чигтээ гараад явсан гэж дуулсан. Энэ үнэн үү. Яг юу болсон юм бэ?

-Залуудаа халуурч явсны минь нэг илрэл. Тиймэрхүү юм болох нь болсон. Гэхдээ арай ч Ерөнхийлөгч рүү өргөдлөө шидээгүй. Шинэ Үндсэн хууль батлахын өмнөх өдөр юм. Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн дарга, Ерөнхийлөгч П.Очирбат гуайн өрөөнд ажлын хэсгийн гишүүд цуглаад нэлээд халуун яриа өрнөсөн. Улсын Бага хурал боловсруулсан төслөө Ардын их хурлын өмнө хамгаалж гарч чадаагүй, маргааш нь эцэслэн батлах гэж байгаа төсөл маань учир дутагдалтай болсон гээд ширүүн маргаан болсон. Би тэр маргаанд нь оролцож байгаад, эцэст нь шатаж бухимдаад өргөдлөө тэр дор нь бичсэн байдаг. Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай өргөдөл. Тэгээд тэр өрөөнд сууж байсан Ардын их хурал болон Улсын бага хурлын удирдлагад нь өргөдлөө хоёр гардан ёслол төгөлдөр гардуулж өгөөд төрийн ордноос гарч явсан. Гэнэт л тэгж шийдмээр санагдсан. Дэндүү залуу, дэндүү халуун байж дээ, тэр үед.

Өргөдлөө гэнэт өгч Улсын Бага хурлаас гарсныхаа дараа та тэгээд хаачсан юм бэ. Танай намынхан юу гэж байв. Улсын Бага хурлын гишүүний суудал бол намын суудал биз дээ?

-Нам төрийн албанд байсан том ах нараас банга сайн хүртсэн. Гэхдээ нэгэнт өгсөн өргөдлөө буцаагаад авалтай биш. Тэгээд л чөлөөт иргэн болсон доо. Тэр хавраас нь Төр, нийгэм судлалын академид судлаач-багшаар ажилд орсон. Одоогийн Удирдлагын академи.

-Та тэнд юу судалж, ямар хичээл ордог байсан юм бэ. Таныг АНУ-д судлаачаар ажиллаж байсан гэдэг. Тэнд юу судалж байв?

-Намайг хуульч мэргэжилтэй, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулахад оролцсон хүнийхээ хувьд Үндсэн хуулийн эрх зүй заана шүү гэж эхлээд хэлсэн. Тэгэхэд нь би учирласан. Миний хувьд энэ сэдвээс одоохондоо хол байхыг хүсч байна. Шинэ Үндсэн хуулийн согог алдааг нь мэдэх хүний хувьд танай сонсогчдод этгээд юм ярьж, зааж магадгүй. Тийм учраас энэ сэдвийн багш болмооргүй байна. Тэрний оронд миний сонирхож буй “Жижиг орны аюулгүй байдал” гэх сэдвээрээ судалгаа хийж, энэ сэдвээрээ хичээл заавал яасан юм бэ гэж гуйсан. Академийн удирдлага зөвшөөрсөн. Жил гаруй багшлаад шинэ сэдвээ гүнзгийрүүлэн судлахаар АНУ-ын Вашингтоны их сургуулийн Хэнри Жэксоны нэрэмжит хүрээлэнг зорьсон. Тэнд гурван жил орчим ажилласан.

-Депутат, гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн, цаашаа өсөж дэвших боломжтой залуу боловсон хүчин яагаад гэнэт өргөдлөө өгөхдөө тулсан юм бэ. Цаад учир шалтгаан нь юу байв. “Ийм бантан болсон Үндсэн хуулийг би батлахгүй” гэж хэлсэн тань үнэн юм уу?

-Товчхондоо бол зүтгэсэн ажил, гарсан үр дүн хоёр маань хол зөрсөн учраас тэр. Хоёр сар гаруй хэлэлцээд, маргааш нь эцэслэн батлах гэж байгаа Үндсэн хуулийн төсөлд ноцтой хэдэн алдаа байна гэж үзээд, энийг засъя гэж ажлын хэсгийн дарга нарт урд нь хэдэн ч удаа хандсан байв даа. Ялангуяа төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэнцвэр ноцтой алдагдсан байхад үүнийг нүд анин өнгөрөөх гэж буй Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг буруутай гэж үзэж байсан. “Одоо л үүнийгээ засч залруулахгүй бол хожим хойно засах гэсээр байтал улс, нийгэм маань их хохирно. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг механизм дийлдэхгүй хүнд байхаар төсөлд тусгасан” гэж олон удаа ярьсан. Хүлээж авах шинжгүй байсан. “Шинэ Үндсэн хуулиа ийм олон хоног хэлэлцэж, арай ядан боож авч байхад олон юм ярилаа” гэхэд нь маш их бухимдсан. Уг нь бидний боловсруулж, Ардын их хуралд өргөн мэдүүлсэн төсөл бол төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэнцвэр зэргийг ягштал баримталж боловсруулсан байсан юм. Ардын их хурлаар хэлэлцүүлэх явцад юм юм өөрчлөгдөж, тэнцвэр нь алдагдаад, зарчим нь гажсан учраас над мэтийн хэсэг депутат эсэргүүцээд байсан хэрэг. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд Улсын бага хурлын байнгын хороодын дарга нар тодорхой бүлэг, хэсэг хариуцаж оролцсон. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд надад “Монгол Улсын төрийн байгуулал” гэх гуравдугаар бүлгийн “Улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар” гэх хэсгүүдийг хариуцуулсан байсан. Гэтэл шинэ Үндсэн хуулийн яг тэр хэсэгт нь зөрчилтэй хэд хэдэн заалт Ардын их хурлын депутатуудын санал хураалтаар орсон байсан. Байнгын хорооны даргын хувьд миний биечлэн хариуцаж байсан Үндсэн хуулийн хэсэг учраас би бусдаас илүү цамнасан байх. Тэгээд л эцэс сүүлд нь зөрчилтэй тэр заалтууд засагдахгүй юм байна гэдгийг мэдээд өргөдөл өгөхдөө хүрсэн.

-Болохгүй байгаа бүх юм, өнөөдрийн алдаа завхрал, хулгай зэлгий хүртэл Үндсэн хуулиас болсон, болоогүй гэж хүртэл туйлширч маргалдах юм. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Ямар ч асуудал дээр туйлшрах хэрэггүй. Болохгүй байгаа бүх юмны суурь Үндсэн хуульд бий гэдэгтэй би санал нийлэхгүй. Гэхдээ амьдралд байгаа буруу зарим зүйлийн эх үүсвэр нь Үндсэн хуулийн зохицуулалт дутуу, бүрхэг, зөрчилтэй байгаагаас болж буй гэдэгтэй санал нийлнэ. Асуудлыг бүхэлд нь, суурь үндсээр нь харж, шаардлагатай бол цогцоор нь засч янзлах ёстой. Үүнийг нас ахисан мань мэт цаг ахих тусам илүү сайн ойлгож явна. Долоо бүү хэл далан долоо хэмжиж байж огтлох ёстой асуудал. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ дангаараа, эсвэл Үндсэн хуулийн Цэцтэй хамжилцан Үндсэн хуульдаа хэдэн ч удаа гар хүрэв, эсвэл хүрэх гэж оролдов доо. Тэглээ гээд асуудлаа бүрэн гүйцэд шийдэж чадаагүй л явна. Дутуу дулимаг бодоод, цогц бус юм хийгээд байгаа учраас Үндсэн хуульдаа гар хүрэх асуудал байн байн гарч ирсээр байна. “Дордохын долоо” гэдгээсээ эхлээд л дутуу бодож хандсаны хар гай.

-“Дордохын долоо” гэснээс хэл ам дагуулсан энэ өөрчлөлтийн талаар таны байр суурь ямар байдаг вэ?

-1999-2000 он хүртэл хоёр он дамжиж өрнөсөн үйл явдал. Би тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хийж байсан. Тэр долоон өөрчлөлт гэж нэлээд сүр дуулиантай юм болсон. Ерөнхийлөгч Н.Багабанди Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгүй гэж үзэж байсан учраас мань мэт бол тэр л байр суурийг нь баримтлах үүрэгтэй нь ойлгомжтой. УИХ-ын гишүүдтэй байдгаараа үзэлцээд дийлээгүй. Тэр үеийн УИХ дахь олонх, цөөнх хоёр нийлээд тэр долоон өөрчлөлтийг хүч түрэн зүтгүүлж байсан учраас яаж ч дийлэх вэ дээ.

-Үндсэн хуулиа үнэхээр дордуулсан долоон өөрчлөлт байсан юм уу?

-Тэр долоон өөрчлөлт долуулаа болохгүй, бүтэхгүй зүйл байсан гэж би хэлэхгүй. Сонгож авсан парламентын засаглалаа илүү тогтвортой, баталгаатай болгоход чиглэсэн заалт дотор нь бас байсан. Гэхдээ нэмэлт, өөрчлөлт болгож оруулсан заалтууд нь оочин цоочин байхаас гадна эдгээрийгээ УИХ-аар хэлэлцэх горим журмаа зөрчсөн, илт хүч түрэн зүтгүүлж батлуулсанд асуудал их бий.

-Үндсэн хуулийн яг юуг нь өөрчилсөн долоон өөрчлөлт билээ, та сануулаач. Олон жил өнгөрсний хойно та тэр өөрчлөлтүүдийг өөрөө санаж байна уу?

-Жил тойрч маргасан долоон өөрчлөлт учраас одоо ч гэсэн цээжээр шахам мэднэ. УИХ-ын ажлыг хөнгөвчлөх гэсэн хэдэн өөрчлөлт орсон. Жишээ нь, ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг 50-иас доошгүй болгож хассан. УИХ-ын ирцийн босгыг буулгаж, нийт гишүүний дийлэнх олонх нь ирснээр чуулганыг хүчинтэйд тооцдог байсныг жирийн олонхоор тооцдог болсон. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг нууцаар биш, илээр санал өгдөг болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, намын сахилга батыг чангатгасан гэсэн үг. За цаашилвал уянгын халилаар “давхар дээл” гэж нэрийдсэн зүйлээ хуульчилсан. УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэдэг байлаа. Тэгвэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж өөрчлөн найруулснаар УИХ-ын гишүүд төрийн сайд болох боломжтой болсон. Ерөнхий сайдыг томилох, Засгийн газар байгуулах Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танасан. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байсныг санаж байгаа биз дээ. Ийн буцаадаг байсан үндсийг нь үгүй хийж, Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д үг дуугүй оруулах үүрэгтэй болгож өөрчлөн найруулсан. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлдэг байсныг хэвээр үлдээсэн. Гэхдээ Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн хоёр дахь хэсгийг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, сайд нарыг томилох, Засгийн газар байгуулах, бүтэц бүрэлдэхүүнийг нь тогтооход Ерөнхийлөгчийн оролцоо ёс төдий болж хувирсан. Хаа очиж энэ бол зөв өөрчлөлт. Парламентын засаглалтай л юм бол Засгийн газрын бүтэц нь ямар байх, Ерөнхий сайд, сайдаар хэнийгээ томилохоо парламентад олонхийн суудал авсан нам нь шийддэг байх нь зөв. Өөр юу билээ. УИХ-ын дэд даргын тоог нэмж, УИХ-ын нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгодог болсон гэх мэтийн долоон өөрчлөлт оруулж 2000 онд баталсан.

-Гэхдээ энэ долоон өөрчлөлт оруулсны дараа Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шинэ төсөл боловсруулж байна, ийм зорилготой ажлын хэсэг байгуулж байна гэж байнга л дуулддаг байсан биз дээ. Яагаад тэр вэ?

-Шинэ Үндсэн хууль маань эхнээсээ л зөрчилтэй хэдэн заалттай батлагдсан тухай би түрүүн ярьсан. Дараа нь оруулсан долоон өөрчлөлт нь оочин цоочин, дутуу дулимаг болсон. Гэтэл төрийн эрх мэдлийн харилцан уялдаа, тэнцлийг хангах, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх гэх мэт олон чухал зорилтыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулах шаардлага байсаар л ирсэн. 2000 онд долоон өөрчлөлт оруулсны дараах хорин жилд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг бараг арваад удаа байгуулж байсан байх шүү. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэлээд олон төсөл хувилбар боловсруулж ирсэн. Заримыг нь би сонирхон уншиж л байлаа. Авах, гээхийн ухаанаар хандах ёстой олон санаа томъёолсон байсан.

-Гэхдээ эдгээр төслийг албан ёсоор хэлэлцэж байгаагүй биз дээ?

-Үгүй. Заримыг нь УИХ-д өргөн барьсан гэсэн. Гэхдээ албан ёсоор хэлэлцэж байгаагүй. Харин эдгээр болон бусад олон төслийг нийлүүлж нэгтгэж байгаад УИХ-ын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг 2019 оны сүүлээр эцэслэн баталсан.

-Ямар ямар чиглэлээр, хэр олон, хэр зөв өөрчлөлт оруулсан гэж та үздэг вэ?

-Би энэ ажилд биечлэн оролцоогүй учраас сураг ажигаар л мэдэх төдий. Гэхдээ эрхбиш Үндсэн хуулийн асуудал учраас алсаас анхааралтай ажигласан байдалтай л байсан. Үндсэн хууль маань 70 зүйлтэй. Эдгээрийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн гэж мэдэгдэж байсан санагдана. Тэгэхлээр Үндсэн хуулийн гуравны нэг орчмыг өөрчилжээ гэсэн үг. УИХ-ын ажлын хэсэг Ерөнхийлөгч Х.Баттулгатай олон асуудлаар санал зөрчилдөж байна гэж хэвлэл мэдээллээс тэр үед дуулддаг байсан, санаж байгаа биз дээ. Хоорондоо ойлголцох гэж нэлээд маргалдаж байгаад зөвшилцөн байж оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бүрэн төгс, тулгамдаад байгаа асуудлаа бүгдийг нь хамарч бас л чадсангүй гэж надад санагдсан. Гэхдээ зөв зүйтэй зохицуулалт ч бас хийгдсэн байсан шүү. Олны санаа оломгүй далай гэгчээр олон хүний оролцоотой хийгдсэн ажлыг ор тас үгүйсгэх ёсгүй. Сайныг сайнаар нь, саарыг саараар нь хэлж байх ёстой.

-Саарын тухай дараа асууя. Сайн ямар зохицуулалт орсон юм бэ. Жишээлбэл?

-Жишээ юу. Жилийн жилд улсын төсвийг батлах цагаар мөнгөний хэрүүл дэгдэн, төрийн ордон бужигнадаг муу жишиг тогтоод удаж байлаа. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө мөнгө татах зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн төслийг тал талаас нь чангааж, урж тасдан утгагүй болгодог байлаа. Үүний үр дүнд

зарлага их хэмжээгээр нэмэгдэн, төсвийн алдагдал их наядаар тоологдож, улс эдийн засгийн хүндрэлд ордог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэхгүй байх зохицуулалтыг тусгасан нь тун сайн хэрэг. Сайн зохицуулалт хийсний өөр нэг жишээ. Засгийн газар танхимын зарчмаа баримтлан нэгдсэн бодлогоор ажиллах учиртай. Хууль зөрчсөн, хариуцлага алдсан сайдын асуудлыг шуурхай шийдэж байх нь зөв. Гэтэл Засгийн газраас “шүд сугална” гэж айлган УИХ-ын тодорхой гишүүдийн зүгээс дарамт, шантааж хийдэг явдал цөөнгүй гарч байв. Хууль зөрчсөн сайдтай хариуцлага тооцно гэхээсээ ихэнхдээ хувийн зөрчлөөс үүдсэн “тооцоо бодох ажиллагаа” байсан. Ийм зовлон үзээгүй Засгийн газар сүүлийн гучин жилд бараг байхгүй биз. Одоо тэгвэл Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг байх зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан. Одоо Засгийн газрын, түүний гишүүдийн бүхий л хариуцлага Ерөнхий сайд дээр байдаг парламентын засаглалын суурь зарчим зөв амилсан гэж үзэж болно. Өөр нэг жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн улиран сонгогдох боломжтой байв. Үүний улмаас Ерөнхийлөгч дахин сонгогдохоо бодоод улс төрийн намын харьяалалгүй болсноо умартан үе үе улстөрждөг байлаа. Мөн УИХ, Засгийн газрын ажилд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого, хатгалга хийсээр ирсэн тохиолдол цөөнгүй. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд өөрийнхөө болон аль нэг улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажилладаг зохисгүй байдал арилах учиртай юм. Энэ мэтээр 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу орсон эерэг нааштай, зөв зүйтэй заалт бий. Би санаанд орж ирсэн ганц нэг жишээ л татлаа шүү.

-Аль ч намаас сонгогдсон Ерөнхийлөгч эргээд намынхаа удирдлагуудтай, Ерөнхий сайдтайгаа зөрчилддөг, өөр хоорондоо дайсагнадаг байдал ажиглагдсаар ирсэн. Та ч энэ зөрчлийн нэг талд нь явж үзсэн хүн. Юунаас болоод энэ зөрчил давтагдаад байдаг юм бэ?

-Дандаа муухай ааштай, хэрүүлч хүмүүсийг л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа сонгож, томилоод л байсан байхгүй юу (инээв). Худлаа худлаа, тоглосон юм. Алдас болно. Үнэндээ бол дандаа л хачин сайхан ааштай, хайлан болсон хүмүүсийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа сонгож, томилж ирсэн (дахин инээв). За за. Тоглоом шоглоомгүй ярья. Манайд байсаар ирсэн нэг зөрчлийн тухай би сая хэлсэн. Зөрчлийн өөр нэг шалтгаан бол мөнгө, улсын төсөв юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй. Тус тусынхаа сонгуульд орохдоо аль аль нь ард түмэндээ юм амлана, мөрийн хөтөлбөртөө тэр амлалтаа тусгана. Гэтэл нэг улсын нэг төсөв хоёрын хоёр мөрийн хөтөлбөрийн ачааг даахад хэцүү болж ирдэг. Эндээс зөрчил үүссээр ирсэн. Парламентын засаглалтай улсын сонгодог жишгээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол энэ зөрчил арилна л даа.

-Үндсэн хуульд орсон сайн өөрчлөлтийн тухай та сая ярилаа. Одоо өөрчлөлтөөр орсон саарын жишээ юу байна?

-Шүүх эрх мэдлийн хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт дутуу санагдсан. Суурийг нь хөндсөн дорвитой өөрчлөлт хийхгүйгээр өнгөц заслаар бид хол явахгүй л дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг Үндсэн хуульд шинэчлэн тусгасан байна. Хууль зөрчсөн, алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох Шүүхийн сахилгын хороо байгуулах заалтыг нэмсэн байна. Үүнээс гадна шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хүртээмжтэй болгох зорилгоор шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зэрэг шинэ шинэ зохицуулалт тусгаж. Чиглэл нь зөв л дөө. Гэхдээ оруулсан энэ мэтийн оочин цоочин нэмэлт, өөрчлөлт нь асуудлыг сууриар нь нааштай шийдэхэд хангалттай биш. Шүүх бол давын өмнө шударга байх ёстой. Хуулиа чандлан мөрддөг байх ёстой. Шүүхийн ажиллагаа шударга огт болоогүй, хуулиас тэс гадуур явдгийг бидний хэсэг хүн шүүхийн танхим дотроос нь харсан. Тийм “сайхан бололцоо” нам намын төлөөлөл болсон бидний хэсэг нөхдөд олдсон юм. “Лифтэнд оцгонодог” хэмээн нэршсэн нэг этгээдээр дамжуулж ял яаж улайм цайм захиалдаг, урьдчилж зохиосон схемээр шүүхийн ажиллагааг яаж хөтөлж, захиалгат ялаа яаж өгдөг зэргийг бидэнд яруу тод харуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш биднийг шүүж байгаа санаатай юм шүү дээ. Бидэнд захиалгат ял өгч, шоронд хийсэн шүүгчдийн зарим нь одоо ажлаас халагдсан, зарим нь бага сага торгууль төлсөн гэж л дуулдсан. Өс санаж буй юм биш, гэхдээ “тэгээд л тэр үү” гэж асуумаар санагдана. Шүүхийн шударга шийдвэр гаргах чадвар, авлигаас ангид байх явдал гээд нийгэмд өрнөсөөр байгаа бухимдал, дургүйцэл хэвээр байхад шүүхийн хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт хангалттай гэж үзэх аргагүй.

-Оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөр ямар шүүмжлэл танд байна?

-Шүүмжлэлийн зэрэгцээ эргэлзээ цөөнгүй байгаа юм. Хүний хийснийг гоочлох амархан. Том байгууллага, том албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчил, ойлголт, мэдлэгийн зөрүү зэргээс үүдэж төрийн том, бага зохицуулалтыг шинэчлэх, өөрчлөх амаргүйг би мэднэ. Жишээ нь, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт хийж. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлага хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байхаар Үндсэн хуульд тусгасан байна. Зөв. Гэхдээ хангалтгүй. Зөвхөн ингэснээр орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал сайжрах уу. Үгүй. Үүнийг орон нутагт амьдарч буй ард иргэд маань, аймаг сумын удирдлагад байсан, байгаа хүмүүс бэлхнээ хэлж байна. Орон нутгийн бие даасан байдал гэдэг маань бас л нийгмийн суурь асуудал мөн. Хөдөөгийн хөгжил, хотын түгжрэл, хүн амын байршил, суурьшил гээд олон асуудлыг араасаа дагуулдаг. Үндсэн хуульд оруулсан, оруулах гэж ярьж буй нэмэлт, өөрчлөлтөө тэр талаас нь сайн тооцож, долоо хэмжмээр байгаа юм даа.

-“Оруулсан, оруулах гэж ярьж буй нэмэлт, өөрчлөлт” гэж та сая хэллээ. Гуравхан жилийн өмнө өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах амьдралын шаардлага бий гэж та үзэж байгаа юм уу. Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрээд байх нь хэр зөв юм бэ?

-Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь буруу. Гэтэл Үндсэн хууль маань амьдралын шаардлагад нийцсэн, нийгмийн амьдралд тус дэм болсон, хүмүүнлэг ардчилсан зарчмыг эрхэмлэж хэвшүүлсэн, жинхэнэ эцэг хууль байх ёстой. Үндсэн хуульд өнөөг хүртэл оруулсаар ирсэн нэмэлт, өөрчлөлтүүд атгаг муу сэдлээр хийгдээгүй нь лавтай. Эцэг хуулиа амьдралын шаардлагад илүү нийцүүлэх, нийгмийн амьдралд илүү тус дэм болгох үүднээс л хийгдсэн. Гэхдээ дутуу дулимаг юм хийгээд байгаа учраас Үндсэн хуулийн реформ маань нэг л өөдтэй болохгүй байна. Яагаад ийм дутуу дулимаг юм хийгээд байгаа юм гэсэн асуулт гарч ирнэ. Үүний учир шалтгаан олон биз. Гол нь том байгууллага, том албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил, ойлголт төсөөлөл болон мэдлэг, мэдээллийн зөрүү зэргээс үүдээд ийм юм болоод байна гэж би дээр хэлсэн. Үндсэн хуулийн реформ ерөөс хэрэгтэй юу гэх дараагийн асуулт гарч ирнэ. Амьдралын зайлшгүй шаардлага байвал өөрчлөлт реформ заавал хийх ёстой гэж би үздэг. Хийх ёстой реформыг цагтаа хийхгүй орхивол цаг хугацаа ахих тутам нийгэмд илүү хортой тусдагийг бид яс махаараа мэдэрч явна.

-Тэгвэл яг ямар өөрчлөлтийг амьдралын зайлшгүй шаардлагаар Үндсэн хуульдаа тусгах ёстой гэж та үзэж байна?

-Сая би ярьсан. Шүүх засаглалаа цэгцлэх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах гээд амьдралын зайлшгүй шаардлага ар араасаа шахаж байна. Гэхдээ эдгээрээс ч дутахгүй чухал, зайлшгүй засаж янзлах шаардлагатай нэг асуудал бий. Энэ бол сонгуулийн тогтолцоо. Үүнийгээ бушуу өөрчилж, дан мажоритараас пропорциональ систем рүү шилжих, үгүй ядаж 50:50 холимог болгох амьдралын шаардлага гарцаагүй байна. Энэ өөрчлөлтийг хийхгүй бол ардчиллын арга хэрэгсэл, ардчиллын баталгаа байх учиртай ардын сонгууль маань асар их мөнгөний бохир өрсөлдөөн болж хувирлаа. 1990 оноос хойш бид сонгуулиа мажоритар тогтолцоогоор нийт найман удаа, 2012 онд холимог тогтолцоогоор ганц удаа хийж. Мажоритар тогтолцоо манайд хэрэгжиж эхлэхдээ мөнгөний зарцуулалт тал дээрээ арай л учиртай байж. 1990-ээд онд сонгуульд оролцохдоо бид овоо их мөнгө зарлаа гэж боддог байлаа. Тэр нь хоёр гурван сарын цалинтай дүйх буюу хэдэн мянган төгрөг болдог байв. Гэтэл шинэ цагт хэдэн зуун сая, одоо бүр хэдэн тэрбумаар өрсөлддөг болж. Мөнгөний ханшны уналт, инфляц зэргээ тооцсон ч энэ бол галзуу их мөнгө. УИХ-ын гишүүн болохын тулд дор хаяж гурваас таван тэрбум хэрэгтэй гэсэн тооцоо гадуур яригдаж байна. Энэ юу гэсэн үг вэ. УИХ-д зөвхөн тэрбумтан бизнесмэн, эсвэл хэдэн тэрбум төгрөгийг яаж ийж байгаад босгосон хүмүүс л суух болж байгаа юм уу. “Яаж ийж байгаад” босгосон энэ их мөнгө нь юун мөнгө вэ. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэргээс үүсэл гаралтай мөнгө биш биз гэж аргагүйн эрхэнд бодогдоно… Сонгуульд зарцуулсан бүх мөнгийг бохир мөнгө гэж би хэлэх гэсэнгүй. Гэхдээ ихэнх нь “их л учиртай” мөнгө байх даа. Ардчилсан сонгууль нэртэй энэ асар их мөнгөний бохир өрсөлдөөнийг хувь нэр дэвшигч бүү хэл, улс орны эдийн засаг маань хүртэл даахгүй шинжтэй болж ирж байна. Тийм биз дээ. Нөгөөтэйгүүр, мажоритар тогтолцооны өөр нэг муу тал нь илэрсээр илэрсээр замаа алдсан. Улс орны хөгжлийн нэгдсэн бодлого алдагдаж, улсаа 76 ванлиг ханлиг шиг юманд хувааж тараасан мэт болж ирсэн. Жилдээ ганц хоёр ордог соёлын төв, спортын ордон сум болгонд шахам баригдсан. Гэтэл улсын нэгдсэн төсөв, бодлогоор баригдах ёстой цахилгаан станц, эмнэлэг, сургууль хүрэлцэхгүй байна гэж тувт халагласаар суух. Нөгөө олон жил яригдсаар ирсэн бүсчилсэн хөгжлийн бодлого маань мажоритар энэ тогтолцооны үед хэрэгжинэ гэж бодож байна уу.

-Таны хэлснээр мажоритараас пропорциональ систем рүү шилжээд, үгүй ядаж 50:50 холимог болгочихвол бүх юм сайхан болчих хэрэг үү?

-Хөөрхөн ёжилж байх шив дээ (инээв). Бүх юм сайхан хэзээ ч болчихгүй. Үүнтэй адил өндөг шиг өөгүй сонгуулийн тогтолцоо гэж хаана ч үгүй. Мажоритар, холимог, пропорциональ гэх сонгуулийн гурван үндсэн тогтолцоо бий. Тэд бүгд дотроо олон хувилбартай, эдгээр хувилбар нь бүгд л сайн, муу олон талтай. Амьдралын зайлшгүй шаардлагадаа нийцүүлэн арай гайгүйг нь сонгож авах л асуудал байгаа. Пропорциональ тогтолцоо нь сонгуулийг дан мөнгөний өрсөлдөөн болгоод хаячихдаггүй, улсаа нэгдсэн бодлогоор хөгжүүлэх илүү бололцоо олгодог онцлогтой учраас бидэнд өнөөдөр илүү тустай. Тэгээд ч парламентын засаглалыг сонгож авсан орны хувьд энэ тогтолцоо нь илүү тохиромжтой, илүү органик гэж би аль 1992 онд үздэг байсан. Чиний асууж байсан тэр өргөдлөө бичээд өгч байх үед шүү дээ. 30 жил тэгж үзсээр ирсэн, одоо ч тэгж үзсэн хэвээр. Гэвч энэ бол хувь хүний л бодол, итгэл үнэмшил маань. Эцсийн шийдвэрийг нийгэм, нийгмийн гол төлөөлөл болсон УИХ л гаргана.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан. Н.Энхбаяр гуайн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд “Монгол Улсыг Бүгд найрамдах улс болгоно, УИХ дээд, доод хоёр танхимтай байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс парламентын гишүүнээр шууд томилогддог болгоно” гэсэн утгатай санаанууд орсон байна. Энэ бол Монгол Улс ардчиллаас ухарч, социалист улс болгон системийн өөрчлөлт хийх санаа гэх шүүмжлэл нэлээд хөвөрч харагдана лээ. Үүн дээр та ямар санаа бодолтой байна?

-Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг нийгмийн сүлжээнээс олж харсан. Тэр захирамжинд нь, улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал дэвшүүлсээр байна. Тэдгээрийг судалж нэгтгээд саналаа танилцуулна гэсэн байсан. Тэрнээс биш шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад ир гэсэн юм алга. Н.Энхбаяр маань нийгмийн өндөр идэвхтэй хүн учраас улс төрийн намуудын санал онолыг судалж нэгтгэхийн оронд шууд л шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулжээ гэж би ойлгосон. Би тэрнийг нь үзээгүй. Харин орсон зарим санааг нь бас л нийгмийн сүлжээнээс олж харсан. Н.Энхбаяр Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулсныг нь гэмт үйлдэл хийсэн мэт, ардчиллаас ухарч, социализмаа санагалзлаа гэж дүгнэх нь юу юм. Тэр арай хэтэрнэ. Гэхдээ тэр шинэ төсөлд нь орсон санаануудын ихэнх нь миний хувьд тун эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй санагдсан, шулуухан хэлэхэд.

-Яг юуг нь эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа талаар танаас арай дэлгэрэнгүй тодруулж асууя. Монгол Улсыг Бүгд найрамдах улс гэж нэрлэх саналын талаар таны бодол юу вэ?

-Республик гэх үгийг монголчлохдоо яагаад ч юм “бүгд найрамдах” гэж буулгасан байдаг. Урд хөршийн хэрэглээнээс дамжиж ирсэн нэршил гэж би дуулсан. Гэвч би хэлний мэргэжилтэн биш учраас баттай хэлж мэдэхгүй. Республик гэдэг нь “рес, публикус” гэх латин хоёр үгийн нийлбэр. Махчилбал “нийтийн үйл хэрэг” гэсэн утгатай. Нийтийн сонгуулиар бүрддэг засгийг хаант засгаас ялгахын тулд гаргаж ирсэн эрт дээр үеийн нэр томъёо. 1924 оноос 1992 он хүртэл улсын маань нэр БНМАУ байлаа. Шинэ Үндсэн хуулиар “бүгд найрамдах, ард” гэх хоёр үг хасагдсан. Хасах гэж бас л бөөн маргаан болж байсан. Тэгээд “Монгол Улс” гэх маш энгийн, элдэв чимэггүй нэр үлдсэн. Миний хувьд бол нэмэх, хасах юм энд юу ч алга. Харин англи руу орчуулахдаа “Монгол Улс” гэдгээ зүгээр “Mongolia” биш “State of Mongolia” гэвэл арай сонсголтой, түүхэн сууриа тодотгож илтгэсэн болох юм шиг надад санагддаг. Гэхдээ энэ бол дахиад л хувь хүний бодол санаа.

-УИХ дээд, доод танхимтай байх нь манайд хэр зөв юм бэ?

-Нэгд, дээд доод танхимтай парламент нь гол төлөв хүн ам ихтэй, холбооны тогтолцоот том улсад байдаг бүтэц. Манайх бол холбооны улс биш. Нэгдмэл, цомхон улс учраас ийм бүтэц илүү санагддаг. Хоёрт, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх аль ч засаглал салаалах тусмаа хариуцлагын тогтолцоо алдагдаж, “чи, би” гэдэгтээ хүрэх гээд байдаг. Нэг ажлыг хоёр хүн хариуцахтай адил юм болдог. “Ямбыг өөртөө, ялыг өрөөлд” гэх хандлага, оролдлого манайд байсаар ирсэн нь нууц биш. Ийм хандлага хамаг ажлын садаа болсоор, хариуцлагын тогтолцоог будилуулж бүрхэгдүүлсээр ирсэн. Гуравт, манайд төрийн популизм газар авсан. Ийм нөхцөлд нэг танхим нь хууль тогтоох бодлогоо хэрэгжүүлж байтал, нөгөө танхимын гишүүд нь тодрох гээд л, “ард түмэндээ илүү хайртай” гэдгээ харуулах гээд л хэрэгжүүлж буй тэр бодлогыг нь хайр найргүй шүүмжлээд, хийсэн шийдсэн бүхнийг нь үгүйсгээд хууль тогтоох ажлыг бүр гацаачих магадлал өндөр.

-Парламентын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Энэ бол зөв санаа. 1992 оноос хойш хүн ам нэмэгдсэн учраас түүнийгээ дагаад парламентын гишүүдийн тоо ч нэмэгдэх ёстой. “Хорь хүрэхгүй хүн хууль батлаад сууж байна” гэдэг нь худлаа биш. Гэхдээ хүн ам өссөн тэр хэрээр нь нэмэгдэх ёстой. Гишүүдийн тоо хэт олон, эсвэл хэт цөөн байх нь ажилд нэмэргүй. Гишүүдийн тоо хэт цөөн байхаар нэг гишүүний эдлэх эрх мэдлийн хэмжээ хэт их болж “76 сайд, дарга” болох гээд байдаг. Нөгөө талаас хэлэлцэж баталж буй энэ олон хуулийнхаа үндэслэл тооцоо, амьдралын шаардлагад нийцэж буй эсэхийг судлах боломж нь хомс болдог. Үүнээс болж парламентын хууль тогтоох ажиллагааны чанар мууддаг гэх мэт зовлон бий.

-Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс парламентын гишүүнээр шууд томилогддог болох санаа байна. Н.Энхбаяр гуай энэ санаагаа тайлбарлахдаа “Би өөрийгөө хэлээгүй. Харин Очирбат гуай яагаад тэнд томилогдож болохгүй гэж. Бямбасүрэн гуай яагаад болохгүй юм. Баяр яагаад болохгүй юм?” гэж нэр заан ярьсаныг та юу гэж үзэж байна вэ?

-ОХУ, Казахстан зэрэг зарим улс оронд парламентын дээд танхим буюу сенатын гишүүдийг шууд томилдог практик бий. Манайд бол дээд танхим хэрэггүй учраас ийм практик ч бас хэрэггүй. Мань мэтийн динозаврууд бол “дуудвал оч, асуувал хариул” гэх ахмад настны алтан зарчмаар явж байхад болно. Тэрнээс биш хууль батлаад л, шийдвэр гаргаад л сууж одоо яах юм бэ. Цагийн юм цагтаа гэдэг. Төр засгийн тэргүүн байсан, парламентад олон удаа сонгогдож хашир суусан хүмүүсийнхээ мэдлэг туршлагыг ашиглая гэж байгаа бол өөр олон практик хэлбэр бэлхнээ байгаа шүү дээ.

-Та Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөлийг хэлж байх шиг байна. Тэр зөвлөл нь ямар давтамжтай хуралдаж, ямар асуудал хэлэлцдэг юм бэ. Та энэ Ерөнхий сайдад хамгийн түрүүнд юу зөвлөмөөр байна вэ?

-Зөвлөлийн хурлын давтамж, хэлэлцэх асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийддэг. Ихэнхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газраас авах гэж байгаа арга хэмжээний талаар бидний саналыг асуудаг, харилцан ярилцдаг. Харин чиний сүүлчийн асуултын хувьд гэвэл Ерөнхий сайдад зөвлөх юм байвал түүнийгээ би сурвалжлагчаар дамжуулж биш, өөрт нь шууд хэлсэн нь дээр байх аа (инээв).

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг та хэрхэн дүгнэж байна. Энэ удаагийн Засгийн газар хулгай зэлгий, авлига хээл хахууль зэрэг өмнөх Засгийн газруудын хийж амжаагүй, чадаагүй зүйлийг гүйцээж, болох бүтэхгүй болгонтой тэмцэж, шийдэж чадаж байна гэж та харж байна уу?

-Хулгай зэлгий, авлига хээл хахуультай энэ Засгийн газар, энэ Ерөнхий сайдын хийж байгаа тэмцэл болон өмнөх Засгийн газруудын хийж амжаагүй, чадаагүй зүйлийг гүйцээх тухай асуудал бол тусдаа том сэдэв гэж бодож байна. Жич дэлгэрэнгүй ярилцах ёстой сэдэв. Хоёулаа уг нь Үндсэн хуулийн асуудлаар л ярилцъя гэж эхнээсээ тохирсон. Өөр сэдэв рүү хазайж ороод л, ярилцлагаа уншихын аргагүй болгон томруулаад баймгүй байна. Тиймээс товчхон л хариулъя. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлсэн нэг үг тухайн үед олны анхаарал татсан байх. “Хулгай зэлгий, авлига хээл хахуультай тэмцэнэ гэдэг бол нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг, өөрийн зарим нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Үүнийг би сайн ойлгож байгаа” гэсэн утгатай үг хэлж байсан. Тухайн үед бол их л этгээд эрэмгий сонсогдож байсан үгс. Одоо бол тэр яг хэлснээрээ л тэмцэж байна. Энэ бол амаргүй ч, энэ Ерөнхий сайд, энэ Засгийн газрын хийж байгаа энэ тэмцэл амжилтанд заавал хүрэх ёстой. Гэхдээ дан ганц Засгийн газар тэмцээд барахгүй. Энэ тэмцэлд хууль шүүхийн байгууллага “муур хулгана” болж тоглолгүй жинхнээсээ оролцох ёстой. Энэ тэмцэлд нийгмийн өргөн дэмжлэг, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ энэ тэмцэл амжилтанд хүрнэ.

-Сүүлийн асуулт. Та Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслөөс гадна Таван толгой, ураны төсөл зэрэг асуудал шийдэх гэж нэлээд зүтгүүлсэн. Таны үед эхлээд арван жил гацсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил одоо л дахин хөдөлж эхэлж байх шиг. Төмөр замгүйгээс болж алдагдсан боломж гэж нийгэмд их ярьдаг. Энэ төмөр зам дээр хэн гавьяа байгуулж, хэн гай тарьсан гэж хардаг вэ?

-Төмөр замаа цагтаа амжиж бариагүйгээс болж алдагдсан боломж асар их. Алдагдсан боломжийг яаж тооцож, тоолох ёстойг бүү мэд. Алдагдлын хэмжээг тэрбум, их наядаар тоолоод барахгүй. Хэдэн жилийн улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүнээр л багцаалж хэмжих ёстой байх. Гэхдээ хамгийн гол нь мөнгө биш. Мөнгийг нөхөж олж болдог. Харин алдсан цаг хугацааг нөхөх аргагүй. Энэ зуур мөнгөнөөс гадна хичнээн их өөр олон боломж алдагдсаныг өнөөдөр хэн хэлж мэдэх юм бэ. Хэн гавьяа байгуулж, хэн гай тарьсаныг надаас асууж байна. Би хэлбэл хувийн бодлоо л хэлнэ. Хувийн бодол бол хувийн л бодол. Чиний асуултын эцсийн хариуг манайд одоо байхгүй байгаа ч,

бий болох ёстой шударга шүүх, эргэж нөхөх аргагүй цаг хугацаа хоёр л эцэслэн хэлэх байх даа.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн сард гадаадын 1479 иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ DNN.mn

Нэгдүгээр сард Гадаадын иргэн, харъяатын газраас гадаадын 3692 иргэний оршин суух хугацааг сунгаж, 1479 иргэнд шинээр оршин суух зөвшөөрөл олгоод байна. Мөн 22 улсын 536 иргэнд цахим виз, 451 иргэнд виз, 1999 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ.

Хувийн болон албаны хэргээр манай улсад оршин суух зөвшөөрөл, хугацаа сунгалт, түр оршин суугчийн бүртгэл, хасалт, виз сунгах асуудлаар 146 иргэнтэй биечлэн уулзаж, 2015 иргэнд утсаар, 3 иргэнд цахимаар мэдээлэл үйлчилгээ өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хамрын таславчийн эмгэгийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хамрын таславчийн эмгэгийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 1.3-2.3 сая мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХНХЯ: Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна DNN.mn

Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91% болох 1,151,300 хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Үүнээс өчигдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлсэн.

Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна. Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой хэмээн ХНХЯ-наас мэдээлэв.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг санууллаа.

Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ХСҮТ-д байдаггүй “MRI” шинжилгээгээрээ түрий барьсан “Мед портал” эмнэлэг Ж.Чинбүрэнгийнх үү DNN.mn

Хавдрын эмнэлгийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хавдартай өвчтөнүүд болон хавдартай эсэхээ мэдэх гэсэн иргэд тус эмнэлгийн гадаа хонон өнжин дугаарлан зогсож байна. Ингэж дугаарлан зогссоны эцэст сая нэг үзүүлэх хувь тохионо. Үзүүлээд үнэхээр хагалгаанд орох шаардлагатай бол дахиад 14-30 хоног хүлээж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Товчхондоо хавдрын эмнэлгийн ачаалал байж болох хамгийн дээд цэгтээ хүрсэн гэсэн үг. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж, хавдрын шинэ эмнэлэгтэй болох, одоо явуулж байгаа үйлчилгээ, эмчилгээгээ өргөжүүлэх шаардлагыг иргэдийн зүгээс удаа дараа тавьж байна. Энэ бол асуудлын нэг тал. Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийн ачаалал яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан байгааг эрүүл мэндийн салбарынхан ярьж байна. Хавдрын эмнэлэгт хөл гишгэх зайгүй байгаа. Үүнийг шийдэхийн тулд өргөтгөл барих эсвэл шинэ эмнэлэгтэй болох ёстой. Гэхдээ үүнээс өмнө тус эмнэлэг доторх “Мед портал” гэх хувийн эмнэлгийг гаргах шаардлагатай талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг саяхан үүрэг өгөөд явж. Үүнээс харахад ХСҮТ өөрөө өвчтөнүүдээ багтаан ядаж байж, яагаад хажууд нь хувийн эмнэлэгт алга дарам газраа хуваалцаж байгаа юм бэ гэдэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл хавдартай өвчтөнүүдийн эмчлүүлэх орчныг булаасан гэх “Мед портал” гэх хувийн эмнэлэг хэнийх вэ.

Хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү эмнэлэг нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийнх гэв. Тус эмнэлэг нь 2019 оноос ХСҮТ- ийн амбулатори дотор 190 ам.метр талбайд түрээсийн гэрээ байгуулан өдийг болтол үйл ажиллагаа явуулж байгаа аж. Түрээсийн төлбөр гэж сар бүр дөрвөн сая төгрөг төлдөг байна. Их хэмжээний ашиг, орлого олдог хувийн эмнэлэг атлаа хамгийн бага түрээс төлдөг гэж ХСҮТ-ийнхөн ярьдаг аж. Хавдрын эмнэлэг хавдрыг эрт илрүүлэх хамгийн чухал шинжилгээ болох компьютерт томографаар оношилгоо хийдэг.

Энэхүү төхөөрөмж нь “Мед портал”-д ч мөн адил байдаг байна. Харин хавдрын эмнэлэгт байдаггүй гэх MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг “Мед портал” эмнэлэг хийдэг байна. Үүнийгээ тус эмнэлэг маш овжин байдлаар ашиглаж ирсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл ХСҮТ-ийн ачаалал их байх тусам “Мед портал” эмнэлгийн ашиг орлого ихэсдэг талаар Эрүүл мэндийн яамныхан болоод хавдрын эмнэлгийнхэн дээр дооргүй ярьдаг аж. Их хэмжээний ашиг олдог учраас л өдийг болтол ХСҮТ- өөс гэрээгээ цуцалдаггүй, ХСҮТ нь ч явуулах дургүй байдаг гэв. Учир нь ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нь УИХ- ын гишүүн Ж.Чинбүрэнгийн дотнын найз. Мөн тус эмнэлгийн нягтлан Дэнсмаа нь Ж. Чинбүрэнгишүүний эхнэрийн хамаатан гэдгийг зарим эх сурвалжууд дурдсан байна. Энэ асуудал хууль хяналтын байгууллагуудад шалгагдах явцад Ж.Чинбүрэн “Мед портал” эмнэлгийн хувьцаа эзэмшигчээсээ татгалзаж, бусдад шилжүүлэн нэрээ цэвэрлэсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ өдийг болтол гишүүний оролцоо, нөлөөлөл, ашиг сонирхол тус эмнэлэгт байдаг учраас ХСҮТ-өөс гэрээг нь цуцалж чаддаггүй гэдгийг энэ салбарынхан хэлдэг юм билээ. Угтаа “Мед портал” гэх эмнэлэг Хавдрын эмнэлгээс гарчихвал тухайн орон зайд нь өргөтгөл хийгээд хавдартай өвчтөнүүдийнхээ ачааллыг багасгах бүрэн боломжтой ажээ. Гэвч ХСҮТ-д байдаггүй “MRI” шинжилгээгээрээ түрий барьсан “Мед портал” эмнэлэг улс төрийн нөлөөлөл, давуу байдлаа ашиглан хавдрын эмнэлэгт үйл ажиллагаагаа явуулсаар л байна.

Уг асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг анхааралдаа авч, ХСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрбээр хавдрын урдаа барьдаг ганц төв оношилгоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйтэй гэдгийг ХСҮТ- д ажиллах үеэрээ хэлсэн байдаг. Тиймээс “Мед портал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зайтал байгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өгсөн. Салбарын сайдын өгсөн үүрэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тун их дургүйцэж байгаа дуулддаг. Ж.Чинбүрэн гишүүн та цагаан нөмрөгт эмч хүн. Олны үг ортой гэдэг шиг үнэхээр ийм асуудал байгаа бол эмч хүнийхээ тангаргийг санаж, УИХ-ын гишүүнийхээ ёс зүйг бодож, дээрх үйлдлээ зогсоох нь зөв болов уу.

Ё.БААТАР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Арван хүний ес нь ядуу байна DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Сар шинийн баярт монголчууд байдгаа зориулдаг. Тэр утгаараа ирэх хавар иргэдийн амьжиргаа сайнгүй байх болов уу. Та хаврын эдийн засгийг яаж зураглаж байна вэ?

-Ирэх хаврын хувьд хоёр янзын дүр зураг ажиглагдаж байна л даа. Эхнийх нь цэвэр статистикийн хувьд харьцангуй гайгүй байх шинж харагдаж байгаа. Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр улиралд нүүрсний экспорт маш сайн байлаа. Манай нүүрсний салбарт түүхэн рекорд тогтоосон үе байсан гэж хэлж болно. Энэ нь өөрөө эдийн засгийг нэлээд өсөлттэй харагдуулах хүчин зүйл болж чадсан. Ирэх хавар ч энэ хандлага үргэлжилбэл статистикийн бичилтийн хувьд эдийн засгийн өсөлт гайгүй байх боломж байна. Гэвч бодит байдал дээр анхаармаар зүйлүүд байна. Жишээлбэл, 2021 онд “Эрдэнэс Таван толгой” компани нэлээд хэдэн офф-тейк гэрээ хийчихсэн юм билээ. Тэр гэрээнийхээ дагуу 2027 он хүртэл нүүрсээ хямд үнээр тогтмол нийлүүлэх бололтой байна. Нүүрсний экспорт өсөхөөр эдийн засаг сайжирч байгаа юм шиг харагдах боловч яг мөнгө орж ирэх нь эргэлзээтэй. Өр төлбөртөө суутгагдах учир бодитой мөнгө орж ирэх нь хэр зэрэг байдаг юм бол доо. Хоёрдугаарт, ажилгүйдэл хурдтай өсөж байна. Урьд нь гадагшаа явдаг хүмүүс ажилгүйдлийн статистикийг аятайхан харагдуулдаг байсан. Одоо гадагшаа явах боломж улам бүр хумигдсан учраас ажилгүйдэл нэлээд хүнд байдалд орохоор харагдаж байна. Яагаад гэвэл ковидын өмнөх жил 80 орчим мянган ажлын байрны захиалга ирдэг байсан.

Гэтэл өнгөрсөн онд ердөө 45 мянга байсан байна. Ажлын байрны захиалга хоёр дахин буурчээ. Ковидын өмнө буюу 2019 оны байдлаар жилд 90 орчим мянган хүн гадагшаа яваад түр хөдөлмөр эрхлээд ирдэг байсан. Тэгвэл энэ тоо 2022 онд 34 мянга болсон байх жишээний. Хөдөлмөрийн зах зээл нэлээд хүндэрсэн байна. Үүний үр дүн ирэх хавар гарах болов уу.

-Засгийн газраас ковидын жилүүдэд ажлын байрыг хадгалж чадсан гэж байгаа шүү дээ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн тойм мэдээг гаргадаг л даа. Эндээс харахаар эсрэгээрээ байна. Ажил зуучилж байгаа байдал эрс буурсан. Гадуур тогтвортой, чанартай ажлын зар байхгүй байна. Энэ нь ирэх хавар эдийн засагт гарцаагүй нөлөөлнө.

-Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлууд хийж байгаа. Энэ нь ямар үр өгөөжтэй байхаар байна?

-Валютын нөөц өсөж байна л гээд байгаа. Манай импорт ч бас өсөж байна. Валютын нөөц маань импортын хэрэглээг хангаж чадахаар байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Сая хэдэн бонд гаргаад, өмнөх бондуудаа дахиж санхүүжүүлж байна гэж байгаа боловч эргэн төлөх шаардлагатай байгаа мөнгөний хажууд бол бага. 2023 оны төсвөө батлахдаа бараг хоёр тэрбум ам.долларын өр зээл шинээр авна гэж тооцоолсон шүү дээ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэг тэрбум ам.долларын бонд босгоно. Төсвийн алдагдлыг хаахад мөн л нэг тэрбум ам.долларын бонд гаргана.

Нөгөөтэйгүүр валютын нөөц төгрөгийн ханшийг хамгаалах хэмжээнд байж чадахааргүй байна. Ядуурал их өсөж байгаа. Сая Засгийн газар хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж юм, ядуу иргэдэд очиж байгаа гэж мэдэгдсэн. Энэ халамж нийт өрхийн 91 хувьд нь очно гэж байна. Засгийн газар энэ мэдэгдлээрээ ядуурал 91 хувьд хүрснийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Яагаад гэвэл албан ёсоор ядуурлыг 178 мянган төгрөгөөр тооцдог шугам бий. Жишээлбэл, 185 мянган төгрөг зарцуулж чадаж байвал ядуу биш болчихож байгаа юм. Өнөөдөр энэ мөнгөөр нэг ширхэг ууц ч авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр манай ядуурлын шугам хэтэрхий доогуур, зохиомол байгаа юм. Албан ёсны статистик маань 10 хүний гурав нь ядуу гэж байна. Бодитоор арван хүний ес нь ядуу байгаа юм байна. Ирэх хавар бол ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хомсдолын үр дагаврууд ил гарах байх. Цагаан сар гэж бэлгэдлээ бодоод байгаагаас биш амьдрал хүнд байна шүү дээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Монголд орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх ямар боломжууд байна вэ?

-Засгийн газраас инфляц тогтворжиж байна гэж албан ёсоор зарлаж байгаа. Гэтэл гурил, бензин, цахилгаан, усны мөнгө яаж өссөнийг бүгд мэднэ. Бид мөнгөний урсгалыг татах том боломж бол гадаадын хөрөнгө оруулалт. Мөн гацаад байгаа барилгын салбараа гацаанаас гаргах хэрэгтэй. Ипотекийн зээл хэрхэн үргэлжлэх нь үнэхээр ойлгомжгүй байна. Төв банкнаас Засгийн газарт шилжинэ гээд дөрөв, таван жил болчихлоо. Энэ хугацаанд арилжааны банкууд, барилгын салбар хүнд байдалд орсон. Уг нь ипотекийн зээл бол хүмүүсийн орлогыг урт хугацааны хөрөнгө оруулалт руу хөрвүүлдгээрээ ашигтай. Уг нь Засгийн газар ипотекийн зээлийг хурдхан өөр дээрээ зоригтой шийдээд явчихмаар байгаа юм. Хоёрдугаарт, ам.долларын урсгал нэмэгдэх том найдвар бол Оюутолгойн далд уурхай. Гэхдээ экспорт өслөө гэдэг чинь өөрөө импорт болоод гарна гэсэн үг. Тогтвортой арга биш. Ер нь төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шийдэл нь нөгөө л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах юм. Харамсалтай нь одоо үнэхээр амаргүй цаг үе тулгараад байна. Учраа ойлгохгүй байгаа Засгийн газарт итгэж хөрөнгө оруулах газар байхгүй л дээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх өөр нэг арга бол алтны салбарыг дэмжих ёстой.

Орон нутгийн иргэдээсээ айгаад хөдөлдөггүй. Уг нь үндсэн ордуудаа ашиглачих юм бол алт чинь Монголбанкинд очоод гадаадын валютын нөөцийг өсгөнө. Иймэрхүү зоригтой прагматик алхмуудыг хиймээр байна. Дээрээс нь инфляцыг үүсгээд байгаа өөр нэг шалтгаан бол боомтын гацаа. Том дарга, сайд нарын машинууд төрийн нэрээр далайлгаад, шар зөвшөөрөлтэй энэ тэр гээд хоосон орж, гарч болоод байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн гацаад асар их алдагдал хүлээж байна. Энэ нь инфляцыг өдөөгөөд байгаа юм. Тэгэхээр хил боомт дээр байгаа саадыг арилгахын тулд дарга нарын цавчаа хийдэг машинуудынх нь монопол эрхийг яаралтай задлах хэрэгтэй.

-Ерөнхий сайд энэ өдрүүдэд БНСУ-д айлчилж байна. Хоёр улсын эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр түүний айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшлийнхний бий болгодог ажлын байрны хүрэлцээ асар их хумигдаж, харин эсрэгээр төрийн алба данхайсан. Нийгмийн баялгийг үйлдвэрлэдэг хэсэг нь ажлын байр бий болгож чадахгүй сульдаад байдаг. Харин нийгмийн баялгийг шимж амьдардаг

паразитууд болсон төрийн алба нь данхайгаад байна. Татвар, НДШ нэмэгдчихсэн болохоор хувийн хэвшил өндөр цалин өгч чадахаа болилоо. Чадалтай залуус ур чадвар цаг хугацаагаа өндрөөр үнэлүүлэхийг хүсэх нь тэдний жам ёсны эрх. Арга ядаад цалин багатай ажил хийж байгаа нь олон. За тэгээд төрд очихоор заавал улстөрчийн ая таалалд нийцүүлж ажиллаж амьдрах хоёрхон сонголттой болчихсон. Эндээс гарах нэг гарц нь Солонгос руу явах байгаа юм л даа. Солонгос, Монголын хөдөлмөрийн урсгалыг сайжруулахад Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хэрэгтэй юм. Гадаадад байгаа монголчууд жилдээ 500 орчим сая ам.доллар эх орон руугаа явуулдаг. Энэ нь манай долларын ханшид эергээр нөлөөлдөг. Ер нь Монгол Солонгосын агаарын тээврийг эрчимжүүлэх хэрэгтэй. Илүү либералчлаад, илүү олон онгоц нисдэг болгох ёстой. Дээр нь Солонгос бол аж үйлдвэржсэн улс. Ийм оронд газрын ховор элемент зэрэг үнэт металлууд их хэрэгтэй байдаг. Хайгуул, олборлолт дээр хамтарч ажиллах боломжтой юм. Тэгэх юм бол их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.

-Зэсийн үнэ сүүлийн хагас жил дээд түвшиндээ хүрлээ. Зэсийн үнийн ирээдүйн талаар ямар таамгууд зонхилж байна вэ. Дээрээс нь Оюутолгойн далд уурхай хоёрдугаар улирлаас ажиллаж эхэлнэ. Ер нь Монгол Улс зэсийн зах зээлд ямархуу байр суурь эзлэх бол?

-“Goldman Sachs”-ийн таамаглаж байгаагаар энэ онд зэсийн үнэ дунджаар 9750 ам.доллар байх гэнэ. 2024 онд дундаж үнэ 12 мянган ам.долларт хүрэх боломжтой гэжээ. Харин “IG Bank”-ны таамагласнаар Хятадын эдийн засаг сэргэнэ, мөн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх учир 9500 ам.доллар орчимд хэлбэлзэх гэнэ. “Bank of America”-ийн эрдэс баялгийн салбарын шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа. Ялангуяа оны сүүлийн хагаст тонн тутамдаа 10-12 мянган ам.доллар хүрэх боломжтой ажээ. Үнэ ингэж өсөөд дээр нь Оюутолгойн далд уурхай ашиглалтад орчихвол манай экспорт дор хаяж хоёр дахин өсөх боломжтой. Манай улс дэлхийн зах зээлд өчүүхэн бага хувь эзэлдэг. Хятадад ч тэр том тоглогч биш. Хятад өөрөө асар их нөөцтэй улс. Гэхдээ Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор бидний зах зээлд үзүүлэх жин нөлөө эрс өснө. Хятад бол зэсийн баяжмалын хувьд импортоос хараат орон гэдгийг анзаарах нь зүйтэй. Зэс, нүүрс хоёр энэ оны эдийн засгийг өнгөлнө. Гэхдээ ажлын байр бий болгох боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголд одоо цалин сайтай ажлын байрууд л хэрэгтэй байна. Иймд барилга, үйлчилгээ, аялал жуулчлал, тээврийн салбартаа зоригтой шинэчлэл хийж хөрөнгө оруулалт татах нь ус агаар мэт чухал болоод байна.

-Ингэхэд гадагшаа гаргаж байгаа алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд эрдэс баялгийнхаа мөнгийг Монголбанкаар дамжуулдаг болбол долларын ханш буурна биз дээ. Энэ тал дээр ямар гарц шийдэл байж болох вэ?

-Манай улс банкны хоёр шатлалт тогтолцоотой. Тиймээс төв банк нь мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд, арилжааны банкууд нь гүйлгээ, шилжүүлгээ хариуцдаг жишигтэй. Монголбанкаар шилжүүллээ гээд нийт урсгалд чанарын өөрчлөлт гарахгүй. Учир нь экспортын мөнгө тэртээ тэргүй урсгал зардлуудыг санхүүжүүлдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Бид иргэдийнхээ цалин хөлсийг 100 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн түүхэн шийдвэртэйгээр туулай жилээ угтаж байна DNN.mn

Улсын хэмжээнд шинээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалат, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ганц аймаг нь Өмнөговь. Нөгөөтэйгүүр тус аймаг нь жил бүр улсын төсөвт хөрөнгө бүрдүүлэн өгдөгөөрөө онцлогтой. Энэ жилийн хувьд Өмнөговь аймаг улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийг бүрдүүлэн өгчээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой ярилцсанаа хүргэе.


-Аймгийн төсөв бүрдэлтийг хэн хүнгүй мэдэх байх аа. Жил ирэх тусам өсч, тэр хэрээрээ улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймаг. Тэр утгаараа яриагаа Өмнөговь аймгийн энэ оны төсвийн талаас нь эхэлье ээ…?

-Юуны өмнө төсөв батлах хуультай. Уг хуулийнхаа хүрээнд энэ оны төсөв батлагдсан. Өөрөөр хэлбэл манай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд хуралдаж, энэ оны төсөв, хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хэлэлцэн баталсан гэсэн үг. Тэгэхээр энэ оны төсөв өмнөх жилүүдийнхээс нэлээд өндөр буюу 650 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан. Шинэ хуулийн зохицуулалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүн амын орлогын татвар 100 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 40 хувь нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй засаг захиргааны нэгжийн төсөвт ордог болсонтой холбогдуулан аймгийн төсөв өндөр дүнтэй харагдаж байгаа байх. Өмнөговь аймаг өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлэхээс гадна улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв бүрдүүлэх үүрэг хүлээдэг. 2023 оны хувьд манай аймаг улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвөө баталсан. Сая болж өнгөрсөн ИТХ-аас гарсан нэг онцлох шийдвэр нь орон нутгийн төсвөөрөө төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх тухай байлаа.

Энэ бол түүхэн шийдвэр гэж харж байгаа. Энэ шийдвэрийн хүрээнд орон нутгийн төсвөөр цалинждаг төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг шатлалаар нь 100 хүртэл хувь, “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдад сар бүр олгодог 30 мянган төгрөгийн урамшууллыг долоо дахин буюу 210 мянган төгрөг болголоо. Мөн улсын төсвийн байгууллагын албан хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрөөс олгодог урамшууллыг 400 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүллээ.

-Тухайлбал, танай аймгийн нэг залуу багшийн цалин хоёр сая төгрөгөөс дээш болсон гэж ойлгох уу?

-Тэгж ойлгож болно. Энэ бол Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлт буюу төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөө орон нутагт иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн албанд залуус тогтвор суурьшилтай ажиллах, хотоос хөдөөд шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж төвлөрөлийг сааруулах бодлогыг дэмжсэн чухал шийдвэр.

-Өмнөговь аймаг улсын төсөв бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр хэмжээгээрээ бас эрсдэл үүрдэг байх. Нөгөөтэйгүүр хилийн нөхцөл байдал, экспортын талаар та ямар бодолтой байна вэ?

-Улс, орон нутгийн төсөв хэлэлцэхээс өмнө уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, бууралт, хил боомтын нөхцөл байдал, өмнөх жилүүдийн байдал, ирэх жилийн төлөв байдал гээд олон талын судалгаа тооцоолол гаргаж байж төсвийн орлогыг төлөвлөж, эрсдэлүүдээ тооцоолдог. Хуулиараа аж ахуйн нэгжийн татварын 40 хувь орон нутгийн төсөвт ордог. Гэхдээ аймгийн төсвийн ихэнхийг орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компанийн 51 хувийн ногдол ашгаар бүрдүүлдэг хэвээрээ. Тэр утгаараа эрсдэл бий. Өмнөговь аймгийн төсөв гэлтгүй Монгол Улсын төсөв уул уурхайн экспортоос хамааралтай шүү дээ. Төсөөлж байгаагаар уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ЗГ-ын гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах шинэ зохицуулалт, гол худалдан авагч Хятадын нүүрсний хэрэгцээ, худалдан авах төлөвлөлт гээд олон хүчин зүйлээс харахад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт одоогоос дээрдэнэ гэдэг эерэг төсөөлөлтэй байгаа. Гэхдээ урд хөрш цар тахлын дэглэмээ сулруулж, хилээ нээх шийдвэр гаргаж байгаа зэрэг эерэгээр нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа учир орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд хүндрэлтэй биш байх гэж тооцоолж байгаа.

-Та түрүү нь хэллээ. 2023 оны аймгийн төсвөөр төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чухал шийдвэр гаргасан тухай. Тэр утгаараа иргэдэд үр өгөөжтэй ямар ажлууд хийхээр төлөвлөж төсөвтөө тусгав?

-Орон нутгийн хөгжлийн нэг чухал асуудал нь дэд бүтцийн хөгжил. Бидний хувьд аймгийн төв, сумын төвийн дэд бүтцийн хөгжил, тэр дундаа иргэдийн амьдрах орчныг сайжруулахад онцгой анхаарч, энэ чиглэлийн ажилд орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг зарцуулж байна. Өмнөговь аймаг 2008 оноос иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, энэ хүрээндээ аймгийн төв болон сумдад төрийн албан хаагчид, багш эмч нар, орлогод багатай иргэдэд зориулсан түрээсийн орон сууц барих, мөн орон сууцны үнийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөн гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлуудыг үе шаттайгаар хийж ирсэн. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд энэ бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа төдийгүй “Хашаандаа сайхан амьдаръя” гээд гэр хорооллын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ. Заавал нийтийн орон сууц гэлгүйгээр иргэдийг өөрийн эзэмшлийн газар, хашаандаа нийтийн орон сууцнаас дутахааргүй ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхээр айл өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд хөнгөлөлттэй үнээр холбох, дулаан алдагдалгүй пассив хаус, гэрийн дулаалга, орчин үеийн халаалтын шийдлийг орон нутагт нэвтрүүлэхэд онцгой анхаарч, тодорхой ажлууд хийж хэрэгжүүлж байна. Аймгийн төв, сумын төвийн бүх айл өрхийг нийтийн орон сууцтай болгож, гэр хороололгүй болгоно гэдэг биелшгүй зүйл амлах бус гэр хорооллоо хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Хамгийн чухал нь гэр хорооллын гудамж бүрд цэвэр, бохирын шугамыг хүргэх. Өнгөрсөн жил гэхэд орон нутгийн төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын гэр хорооллын 132 айлыг 60 хувийн хөнгөлөлттэй үнээр холбосон. Ихэнх сумдад энэ чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн.

-Үнэхээр гэр хороололгүй болгоно гэхээс илүү таны яриад байгаа гэр хорооллын хөгжлийг анхаарах ажлаас нийслэл хот ч санаа авмаар санагдаж байна шүү…?

-Иргэд нь өөрийн эзэмшлийн хашаандаа дулаан алдагдалгүй, цэвэр, бохирын системд холбогдсон амины орон сууцтай, хашаандаа мод тарих, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой, гэр хорооллын гудамж нь хатуу хучилттай замтай, гэрэлтүүлэгтэй, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвтэй болчихвол энэ чинь гэр хорооллын хөгжил шүү дээ. Нөгөөтэйгүүр төв суурин газрын хамгийн чухал асуудал нь иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилт юм. Өнгөрсөн жил Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс зэрэг томоохон сумын төвд хатуу хучилттай зам шинээр барьж, Даланзадгад сумын төвийн төв замыг иж бүрэн засварласан. Дэд бүтцийн бүтээн байгуулалт өртөг өндөртэй тул гурав, дөрвөн жилд бүгдийг шийдчих боломжгүй учир зөв төлөвлөөд үе шаттайгаар хэрэгжүүлэх нь л чухал.

-Зам гэснээс Даланзадгадаас Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай аймаг нийслэлээс 600 гаруй км зайтай, өргөн уудам нутагтай, сум, суурин газруудын хооронд зай их хол, зам харгуй нь бартаа ихтэй. 2013 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд өмнөговьчууд бид хоёрхон жилийн дотор нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Мөн Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачлан 2016 онд эхлүүлсэн Цогтцэций сумыг нийслэл, аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох бүтээн байгуулалт 2020 он хүртэл буюу дөрвөн жил гацсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн 2020 оноос энэхүү замын бүтээн байгуулалтын ажлыг УИХ, ЗГ-ын түвшинд хөөцөлдөж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж ажилласны хүчинд 59.6 км авто зам 2021 онд бүрэн ашиглалтанд орсон. Энэ зам манай улсын хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн стратегийн зам төдийгүй манай аймгийн зүүн бүсийн хамгийн гол замын нэг. Дараагийн асуудал нь баруун чиглэлийн зам. Орон нутагт АН засаглаж байх үед буюу 2012 оноос Даланзадгад-Гурвантэс сумыг хатуу хучилттай замаар холбох санаачлага гаргаж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2013 онд энэ чиглэлийн замыг эхлүүлж байсан. 2020 оноос бид “Нутгийн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд 44 км хатуу хучилттай замыг барьж ашиглалтанд орууллаа. Энэ бүтээн байгуулалт 2022 оны Монгол Улсын онцлох бүтээн байгуулалтаар шалгарсан. Өнөөдрийн байдлаар Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн нийт 302 км автозамын 144 километрийг нь Өмнөговь аймаг өөрийнхөө хөрөнгөөр хатуу хучилттай больчихоод байна гэсэн үг. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, танхимын сайд нартай Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Даланзадгад-Гурвантэс чиглэлийн үлдсэн 160 км замын 80 км замын төсвийг 2023 оны улсын төсөвт тусгахаар амласан. Гэвч 2023 оны улсын төсөвт шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй, дутуу байгаа бүтээн байгуулалтыг дуусгах бодлого баримталж тусгагдсангүй гэж ойлгож байгаа. Харин бид 2023 онд орон нутгийн төсвөөр Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай замыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхээр төсөвтөө тусгасан. Баруун чиглэлд хатуу хучилттай замтай болсноор аялал жуулчлал илүү хөгжих, ард иргэдийн амьдрал ахуй, орлого ашиг өсөн нэмэгдэх үр өгөөжтэй нутгийн зам юм.

-Төсөв хөрөнгө, бүтээн байгуулалтын ажлыг дахиад ярина. Тэрний өмнө Өмнөговь аймгийн хувьд тулгамдсан асуудал юу байна. Хүн амын өвчлөл, ялангуяа хорт хавдрын өвчлөл өндөр байх шиг харагдсан. Энэ чиглэлд та хэрхэн анхаарч байна вэ?

-Манай аймгийн хувьд суурин хүн амаас гадна хөдөлгөөнт хүн ам ихтэй. Тиймээс эрүүл мэндийн салбарын ачаалал өндөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид тодорхой хүндрэл бэрхшээл үүсдэг нь үнэн. Товчхондоо Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төв, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдын эрүүл мэндийн байгууллагууд өөрийн аймгийн иргэдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн харьяалалтай иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа гэж хэлж болно. Бүртгэлтэй 70 гаруй мянган хүн амаас гадна энэ тооны хөдөлгөөнт хүн амтай гээд тооцохоор Өмнөговь аймаг 160 гаруй мянган хүн амтай гэсэн үг. Эрүүл мэндийн асуудлаас гадна нийгмийн болон төрийн үйлчилгээний хүртээмж, гэмт хэрэг зөрчил гээд асуудал яривал их ч гэлээ хүний өөрийн гэлгүй хүн бүрд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна. Өмнөговь аймаг сүүлийн 10 гаруй жилд орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн салбарт зарцуулж ирсэн. Одоо ч мөн адил. Олон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжтэй, төсвөө өөрөө бүрдүүлдэг, нэг үгээр хэлбэл боломжтой гэдэг байдлаар улсын төсвөөс эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт бага хийгддэг нь үнэн. Харин сүүлийн хоёр жилд Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачлагаар алслагдсан сумд туулах чадвартай, бүрэн тоноглогдсон рентген аппарат бүхий автомашинтай боллоо. Хамгийн сүүлд гэхэд хэдхэн хоногийн өмнө Гурвантэс, Цогтцэций, Ханбогд, Ноён сумдын Эрүүл мэндийн төв, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв гээд таван эмнэлэгт туулах чадвартай, эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглогдсон авто машин хүлээлгэж өглөө.

-Өмнөговь аймагт уул уурхай түлхүү хөгжсөн, нэг ёсондоо уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай аймаг. Өмнөговь аймгийн Засаг даргын хувьд аймгийнхаа хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Өмнөговь аймгийн хөгжлийг зөвхөн уул уурхайгаар төсөөлөх, төлөвлөж учир дутагдалтай. Магадгүй сүүлийн арав гаруй жилийн уул уурхайн салбарын хөгжлөөсөө харахад тэгж ойлгож болно. Өнгөрсөн 10 гаруй жил, яг одоо уул уурхайгаас хамааралтай байж болно. Харин бид цаашдаа ухаад дуусдаг баялгаар хөгжлөө төлөвлөх үү гэдэг асуулт бий. Өмнөговь аймаг уул уурхайн ч бүс, мөн аялал жуулчлалын ч бүс нутаг. Энд Монгол Улсын уул уурхайн стратегийн орд газрууд үйл ажиллагаа явуулж байна. Монголд ирж буй гадаадын жуулчдын 80 гаруй хувь нь Өмнөговь аймгийг зорин ирдэг. Тэгэхээр бид хүн амын төлөвлөрөл, уул уурхайн ханган нийлүүлэлтийг түшиглэсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн жижиг дунд үйлдвэрийг бий болгох, аялал жуучлалын салбарыг бодлогоор дэмжих, аялал жуулчлалын салбарт орон нутгийн боловсон хүчнийг бэлтгэх, нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч байгаа. Нөгөө нэг чухал салбар нь хөдөө аж ахуйн салбар. Говийн бэлчээрийн ургамал хамгийн шим тэжээлтэй байдаг учир говийн мах амт чанар сайтай байдгийг хүн бүр мэдэх байх. Тиймээс бэлчээрийнхээ даацыг тодорхойлж, малаа тооноос чанарт шилжүүлэх, мал аж ахуйгаа зөв хөгжүүлж, мал, малын махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, уламжлалт мал аж ахуйгаа авч явах залуу малчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгүүр говийн бүс нутгийн хөгжлийг ус, усан хангамжийн асуудлыг тооцоолохгүйгээр төлөвлөх боломжгүй. Бид “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд говь нутаг руу ус татах асуудлыг тусгасан. Засгийн газраас бас говь руу ус татах асуудлыг ярьж байгаа. Энэ бол орон нутаг, Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй өндөр өртөгтэй ажил. Гэхдээ орон нутаг, Засгийн газар аль аль нь энэ асуудал дээр нэг санаачлага гаргаж, нэг санаа, нэг байр суурьтай байгаа нь хамгийн чухал. Орон нутгийн хувьд “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд бэлчээр усжуулалтын хоёрдугаар аяныг зарлаж, усны хайгуул хийх, худаг шинээр гаргах, нарны үүсгүүр суурилуулах гээд цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд жилдээ 100 гаруй худаг ус шинээр гаргах зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа.

-Говь нутагт алтнаас илүү үнэтэй зүйл бол ус гэдэг нь ойлгомжтой. Та түрүү нь аймаг орон нутгийнхаа тулгамдсан асуудалд усны асуудлыг болгоомжлон ярьсан. Мөн сая ус татах төслийг хэрэгжүүлнэ гэж байна. Энэ талаараа тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Ус бол манай аймгийн хувьд эмзэг асуудал хэвээрээ байгаа. Ер нь хатуухан хэлэхэд бусад аймгуудаас хамгийн түрүүнд усгүй болох магадлалтай нь Өмнөговь. Манайхаас бусад аймгуудын газар нутгийн ихэнх нь хангайн сумд байгаа. Харин Өмнөговийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь говийн бүсэд ордог. Ийм онцлогтой. Тэр утгаараа томоохон гол, мөрөн, нуурууд байдаггүй. Ганцхан байдаг нь Хангайн нуруунаас эх аван урсан орж ирдэг Онги гол байна. Гэхдээ зарим цаг үед Онгийн гол маань тасардаг. Заримдаа хэдэн долоо хоногоор ч ирдэггүй. Ийм онцлог бүс нутагт оршдог аймаг. Нөгөөтэйгүүр уул уурхай олонтой аймаг. Тиймээс эдгээр уурхайнууд гүний усыг ашиглаж баяжуулах үйлдвэрлэлээ ажиллуулж байгаа. Тэр утгаараа эмзэг байгаа усаа хэмнэх тал дээр тодорхой бодлого барьж ажиллаж байна. Энэ хүрээнд газар тариалан, төмс, хүнсний ногоо, мал аж ахуй эрхлэгчдэд ус, худаг гаргах ажлыг 2020 оноос хойш идэвхтэй хэрэгжүүллээ. Одоо ч хэрэгжүүлсээр байна. Өөрөөр хэлбэл жил тутам гурван тэрбум төгрөгөөр тодорхой тооны худаг, ус гаргаж, малчдадаа, иргэддээ хүлээлгэн өгч байна. Оройлцоогоор жилд 100 гаруй худгийг хүлээлгэн өгч. Нөгөөтэйгүүр дарагдсан, эвдэрсэн худгуудыг сэргээх, засварлах ажлуудыг идэвхтэй хийж байна.

-Сонирхож асуухад танай аймагт нэг литр усны үнэ, өртөг ямар байдаг юм бэ?

-Ер нь бусад аймагтай харьцуулшгүй өндөр шүү. Тухайлбал, ахуйн хэрэглээний ус гэхэд Цагаан хаданд нэг литр ус 50 төгрөг байдаг. Гэхдээ заримдаа энэ нь бүр 100 төгрөг болж, өсдөг. Гэхдээ бид хөдөө аж ахуй эрхлэгчдэд болон мод, ургамал тариалах гэж буй иргэдэд худаг, ус гаргаж өгөх ажлыг онцгойлон анхаарч, хэрэгжүүлнэ. Нөгөөтэйгүүр Хэрлэн говь, Орхон говь гэдэг нэрээ өөрчлөөд Хэрлэн Тоонот, Орхон Онги болсон. Эдгээр төслийг манай өмнөговьчууд хүлээсээр байгаа. Хэзээ орж ирэхийг нь хэн ч мэдэхгүй, ийм төслүүд байгаа. Гэхдээ бид зүгээр хүлээж суухгүй. Засгийн газрын ажлыг угтуулж, орон нутгаас хамтарч, дэмжиж эдгээр төслийг хийе гэж байгаа. Энэ хүрээнд хамгийн хурдан хийгдэх боломжтой төсөл бол Орхон Онги төсөл. Тухайлбал, Орхон, Онги голын хооронд байгаа 50 км гүвээг давуулж, Орхон голын үерийн усыг хуримтлуулсан нуурнаас нааш нь татах асуудал бий. Улмаар Онги голд нийлүүлснээр Улаан нуурын усны түвшин эрс нэмэгдэнэ. Ингээд Улаан нуурнаас наашаа буюу Тавантолгойн орд газраас Даланзадгад руу цэвэр усны хоолой татах ажил хийх, ийм төсөл байгаа юм. Энэ ус Тавантолгойд ирэх нь тодорхой гэж ойлгож байгаа. Тиймээс бид Даланзадгад, Тавантолгойг холбосон цэвэр усны шугам барих зураг төслийн ажилдаа орчихсон явж байна. Эцсийн дүндээ бид усаа хэмнэх технологийг илүү дэмжих шаардлагатай.

-Ус, худаг гаргах ажлыг эрчимтэй хийж байна гэсэн. Ер нь хэдий хэр хэмжээний гүнээс ус гарган авч байна вэ?

-Усны гаралтын хувьд зарим газраас 100 метрээс ус гардаггүй байсан бол одоо бүр 200 метрийн гүнээс ус гаргах хэцүү болчихоод байна. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний хэрэглээнээс болж байгаа эсэхийг манай улсын эрдэмтэд, олон улсын судлаачтай хамтраад олж тогтоох шаардлагатай гэж үздэг.

-Иргэдийн хувьд усаа бараадан нүүдэллэдэг. Ер нь танай аймгийн хувьд энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ. Хавар гэж бас хүндхэн цаг үе тулж байх шиг байна шүү дээ?

-Өвөлжилтийн нөхцөл байдал үнэхээр хүнд болж өнгөрч байна. Өнгөрсөн жилийн зун бороо, хур төдийлөн сайн ороогүй, хур тунадас тун бага байсан. Газар нутгийн тавхан хувьд нь бороо орсон гэсэн судалгаа гарсан. Тэр утгаараа аймгийн хэмжээнд таван хувийн газар нутагт өвөлжилт харьцангуй гайгүй боловч бусад нутгаар үнэхээр хүндхэн байна. Мэдээж говь газарт хаврын улирал хэцүүхэн болж өнгөрдөг. Салхитай, шуургатай хаврын урт өдрүүдэд малчид, иргэдэд илүү хүнд явагдахаар байгаа. Мөн аймгийн хэмжээнд 400-500 орчим мал отрын байдалтай буюу хөрш аймгуудын нутагт бэлчээрлэж байна. 1000 гаруй малчин өрхийн мал оторлож байна гэсэн үг. Бидний хувьд өвс, тэжээлийг хангайн аймгуудаас хямдралтай үнээр авч, нөөцөлсөн. Одоо тэрхүү өвс, тэжээлийг малчдад эхнээс нь тараах ажлыг хэрэгжүүлж байна. Монгол даяар хүндхэн өвөл болж байгаа учраас өвс, тэжээлийн олдоц муудаж, үнэ нь өдөр ирэх тусам өсч байна. Тэр утгаараа малчдаа дэмжих үүднээс орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул, уурхайн компаниуд боломж бололцоогоороо дэм болж хамтран ажиллаж байгаа. Цаашдаа урин цаг ирж, өвс, ногоо цухуйх хүртэл цаг яагаа ч үгүй байна. Тиймээс тэр болтол эдгээр компаниудыг малчдаа туслах тусламжийн аянаа үргэлжлүүлээрэй гэж уриалъя.

-Таны хувьд аймгийн Засаг даргад сөрөг хүчнээс сонгогдон ажиллаж байгаа. Тэр утгаараа эрх баригч намын бодлого, тэдний үйл ажиллагаа, үзэл бодолтой зөрөлдөх ч гэх үү, бүр таныг сөрөг хүчнийх гэдэг хандлагаар ямар нэгэн байдлаар шахалт ирдэг үү. Ер нь эрх баригч намтайгаа, Засгийн газартайгаа хэр уялдаа холбоотой ажиллаж чадаж байгаа гэж боддог вэ?

-Аймгийн Засаг дарга гэдэг бол тухайн орон нутагтаа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Тэр утгаараа бид бүгдээрээ л нэг Монгол Улсын төлөө зүтгэж яваа хүмүүс. Нөгөөтэйгүүр эдийн засагчдын судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн 55 хувийг Өмнөговь аймгийн нутагт дэвсгэрт байрлах уул уурхайн төслүүд, компаниуд бүрдүүлдэг. Тэр утгаараа Гашуунсухайт боомт 48 хувийн экспорт, Шивээхүрэн боомт 28 хувийг, нийлээд экспортын бүтээгдэхүүний 76 хувийг эзэлдэг гэж үздэг. Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас шалтгаалж, эдийн засаг болоод нийгмийн амьдрал хүндхэн байсан. Энэ хугацаанд Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж ирсэн. Бидний хувьд хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэн явж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын зүгээс биднийг дарамтлах ч гэдэг юм уу, шахсан зүйл нэг ч байхгүй ээ. Харин бид улсад төвлөрүүлэх орлогоо сайн биелүүлээд саяхан 200 сая төгрөгөөр шагнуулсан.

-Удахгүй Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байна. Тэр утгаараа нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Мэдээж бид бүхний уламжлалт баяр удахгүй болох гэж байна. Энэ жилийн тухайд манай аймгийн таван сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Өнгөрч байгаа бар жилд манай аймгийн хувьд амжилт бүтээл арвин байж өнгөрлөө. Улс орны эдийн засгийн болоод орон нутгийн хөгжилд бодитой өөрчлөлт орсон жил боллоо. Тухайлбал, орон нутагт ажиллаж байгаа иргэдийнхээ цалин хөлсийг хамгийн багадаа 100 хүртэлх хувиар нэмэгдүүллээ. Энэ мэт олон сайхан амжилт, өөрчлөлтүүд, бүтээн байгуулалттайгаар туулай жилээ угтаж байгаадаа баяртай байна. Монгол түмэндээ тэр дундаа өмнөговьчууддаа ирж буй туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ийм боломж олгосон танд болон танай сонины хамт олонд ч мөн адил сар шинийн мэнд хүргэж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 17, Сугар гариг. Билгийн
тооллын 27, суулга одтой,
улаан морь өдөр. Өдрийн
наран 7:56 минутад мандан,
18:17 минутад жаргана. Тухайн
өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе,
эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх,
гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх,
бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн
зүйл авах, лусыг тахих, тангараг тавих,
гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр
бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй
газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар
яваар одогсод баруун урагшаа мөрөө
гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өлзийтэй сайн