Categories
мэдээ нийгэм

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ DNN.mn

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ?

Хатгалгаа гэж юу вэ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

  • Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
  • Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:

  • Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
  • Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
  • Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
  • Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.
  • Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:

  • Ханиалгах
  • Халуурах
  • Нус гоожих
  • Тайван бус болох
  • Хоолонд дургүй болох
  • Заримдаа амьсгаадах
  • Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:

  • 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
  • 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
  • 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
  • Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
  • Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.
  • Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.

Ханиадыг гэртээ яаж эмчлэх вэ?

Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараахи эмчилгээг хийнэ.

  • Ханиалга намдаах зөөлөн чанарын эм бэлдмэл /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.
  • Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.
  • Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
  • Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
  • Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.

Хүүхэд өвчилсөн үед:

  • Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
  • Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
  • Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.

Дараах шинж тэмдгийг ажиглаарай

  • Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
  • Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
  • Бөөлжих
  • Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
  • Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
  • ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
  • Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.
  • Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
  • Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар


Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн DNN.mn

Мэдээ.МН

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

2023 оны 01-р сарын 01-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -29-34 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.


2023 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 4, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Эрүүл хүнс хэрэглэж, хоолны хордлогоос сэргийлье DNN.mn

Хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Шинэ жилийн баяр, амралтын өдрөөр хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдгыг эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх
  • Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэх
  • Осол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
  • Хоолоо тохируулан идэх
  • Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэх:

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгох
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
  • Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 44 тонн давс, 18 тонн бодис цацаад байна DNN.mn

Зам талбайд 186 тонн бодис, 282 тонн давс цацжээ - Eguur.MN

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь гудамж, зам, талбайд найман камазаар давс, бодис цацжээ. Өчигдрийн 14:00 цагийн байдлаар 44 тонн давс, 18 тонн бодис цацаад байна.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“STEM” Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр энэ сарын 3-нд болно DNN.mn

Arslan.mn

“Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр” 2023 оны 1-р сарын 03-ны өдөр эхлэхээр боллоо.

Шинжлэх ухаанч охидыг дэмжих чиглэлээр Монголд анх удаа хэрэгжих гэж буй уг хөтөлбөр нь STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт мэргэжил эзэмшиж манлайлах хүсэл эрмэлзэлтэй 11 болон 12 дугаар ангийн охид оролцох боломжтой.

Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр нь STEM салбарт шинэ үеийн манлайлагч нарыг олж нээх, бэлдэх замаар салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгах зорилготой.

Лавлах зүйл байвал: 89990921

Шаардлагыг хангаж байгаа оролцогчид доорх https://forms.gle/od96Zni8QRYQFvY27 холбоосоор бүртгүүлээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Салхин цэцэг өвчний эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна DNN.mn

Салхин цэцэг өвчний эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор салхин цэцэг өвчний эмийн эмчилгээ 435 мянга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1535 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 235 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай энд дарж танилцаарай.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийт хүн амын 99 хувь нь шаталсан татварын нэмэгдэлд хамрагдахгүй DNN.mn

Та яагаад татвар төлөх хэрэгтэй вэ - BUSINESS.MN

2023 оны төсвийн тухай хуульд шаталсан татварын талаар тусгасныг ТЕГ-аас мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, иргэдийн цалингийн орлогын хэмжээнээс хамаарч татварыг дараах шатлалаар ноогдуулах юм.

Цалингийн орлогоос авах шаталсан татвар:

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлөх

Өөрөөр хэлбэл, сарын 11 сая төгрөгийн орлоготой иргэний 10 сая төгрөгт нь 10%, үлдсэн нэг сая төгрөгт 15 хувийн татвар ногдуулан тооцно гэсэн үг.

Нийгмийн даатгалын санд бүртгэлтэй буюу хөдөлмөр эрхлэгч 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа аж. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой нийт 1300 иргэн байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Номико сэтгүүлч on Twitter: "Өвөл Цастай өвөл мөстэй өвөл Цан хүүрэг  жавартай өвөл Хүүхэд бидний хүлээсэн өвөл Хүйтэн гэлтгүй хүсдэг өвөл :)  https://t.co/AEiff72umq" / Twitter

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны 01 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа.

Нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас хүйтэн, хур тунадас дунджийн орчим байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар ОЖД-аас ялимгүй их цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх боловч сарын дунд үеэр (нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн) ОЖД-аас 3–4°С-ээр хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд говийн аймгуудын нутгаар орох давтамж их байна.Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур ОЖД-аас бага зэрэг дулаан. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр температур өмнөх үеэсээ хүйтрэнэ.

Арав хоногуудын эхэн үеээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар хүйтрэнэ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн баруун болон Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар хүйтрэнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн ихэнх, Говьсүмбэрийн нутаг болон Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дундаас гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар температур ОЖД-аас 2–3°С-ээр хүйтэрнэ.

Гурван арав хоногийн дунд болон сүүлч үеүдээр ихэнх нутгаар бага зэрэг цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Хууль зөрчсөн банк бус санхүүгийн байгууллагуудыг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Оюутнуудын дүнг нэмж мөнгө авсан багшийг 2.9 сая төгрөгөөр торгов

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас банк бус санхүүгийн байгууллагуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтад 2021 оны борлуулалтын орлогоороо тэргүүлэх 50 ББСБ-ыг хамруулснаас иргэдэд олгож буй зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон байж болзошгүй үйлдэлд нэр бүхий 26 ББСБ-д зөрчлийн хэрэг нээж шалгасан байна. Шалгалтын явцад зээлдэгчээр төлүүлж буй зээл олгосны шимтгэлийг үндэслэлтэй тогтоолгүйгээр зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулалгүйгээр зээл олгосны шимтгэлийг 1 хувь, хугацаа сунгахад үлдэгдлээс 1 хувь гэж тус тус тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулсан ББСБ-уудад тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн ББСБ-уудад зээл олголтын шимтгэлийг зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатарын талбайд “Мөнгөн үдэш” баярын арга хэмжээ боллоо DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд залуу хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс шинэ жилийн арга хэмжээнд оролцож буй иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга Б.Оюутболд “Өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” баярын арга хэмжээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Мөн Сүхбаатарын талбай орчмыг хариуцан ажилладаг Замын цагдаагийн хэлтэс болон Хэв журмын хэлтсийн алба хаагчид ажиллаж байгаа. Одоогоор цагдаагийн байгууллагад арга хэмжээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага бүртгэгдээгүй. Иргэд шинэ жилийн арга хэмжээнд маш идэвхтэй оролцож байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ дагуулан ирж байгаа тул хүүхдүүдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэг мэдээллийг тараасан” хэмээв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Х.Анхбаяр:

-Шинэ жилийн баярын арга хэмжээ, ёслолын буудлагатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс гал унтраах хоёр автомашин, 43 алба хаагч хоёр байршилд үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Сүхбаатарын талбайд нийт 35 алба хаагч ажилласан бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд найман албан хаагч ажиллалаа. “Мөнгөн үдэш” арга хэмжээ хоёр жил завсардсан болохоор иргэдийн сэтгэгдэл их өндөр байна. Ирж буй 2023 онд гамшиг, аюулт ослын дуудлага багасаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол буураасай гэж хүсэж байна. Нийслэлчүүд маань 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай байгаасай гэв.

Талбайн гэрэл зурагчин С.Тамара:

-Би 28 жил Сүхбаатарын талбайд гэрэл зурагчнаар ажиллаж байгаа. Жил бүр энд шинэ оноо гаргадаг гэсэн үг. Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг олон жил үзэж байна. Сүүлийн хоёр жил завсардсан болохоор энэ жил ийнхүү зохион байгуулж байгаад нь сэтгэгдэл их сайхан байна. Хүмүүсийн дурсамжийг мөнхөлдөг болохоор ажилдаа дуртай. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг нийслэлчүүд маань сайн мэддэг болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр зохион байгуулсан. Өнөөдрийн баярын хөтөлбөрт залуу дуучид, хамтлагуудыг урьж оролцуулж байгаа. Талбай дээр ч залуу үзэгчид их байна. Энэ жил бид Сүхбаатарын талбайд олон улсын байгууллагуудын гацуур моддыг засаж, мөсөн гулгуур, мөсөн баримлуудыг хийн, гэрлэн чимэглэлүүдийг урласан. Мөн худалдаа үйлчилгээний цэгүүдийг нээж, халуун уух зүйлсээр иргэдэд үйлчилж байна. Өнөөдрийн баярын арга хэмжээнд хамтлаг, дуучдаас гадна төрийн албан хаагчид маань ажилласан. Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээний ард ажилласан бүх ажилтан, алба хаагчид, уран бүтээлчдэдээ нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлмээр байна. Шинэ оны мэнд дэвшүүлье” хэмээсэн юм.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар