Categories
эдийн-засаг

ЗАСГИЙН ГАЗАР КАЗИНОГИЙН ОРЛОГЫН 40 ХУВИЙГ ТАТВАРТ АВНА

УИХ-ын намрын чуулган завсарлахаасаа өмнө Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийг хэлэлцэн дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх хаврын чуулганаар уг хуулийн төслиг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгөхдөө “Орчин цагийн хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байж байгаад хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед би оюутан байсан. Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод түүнээс хойш монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр бид аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялалаар урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал байдаг. Энэ нь Хууль зүйн яамнаас бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Автомат тоглоомын ширээнүүд, фокерын ширээнүүдтэй газрууд байгуулагдсан. Үүнээс болоодд олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга яамныхаа ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял авсан гашуун түүх бий. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд монгол хүнийг оруулахгүй хязгаарлалттай казиног эхний ээлжид нээх нь олон залууг тоглоомонд донтохоос сэргийлнэ.

Эхний ээлжинд ганцхан аж ахуйн нэгжид казиногийн зөвшөөрөл олгоно. Тухайн аж ахуйн нэгж Хөшигийн хөндийд аялал жуулчлалын цогцолбор барихаас ажлаа эхлүүлнэ. Ийм шаардлага тавьж байгаа. Тэгэхгүй бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаад хэзээ ч хамаагүй хөрөнгө оруулалтаа буцааж татаад явчихдаг байж болохгүй. Үлй ажиллагаанд нь аль боох төр оролцохгүй. Татвараа л авна. Засгийн газар орлогынх нь 40 хувийг авна. Өөр ямар нэгэн оролцоо байхгүй, дарамт үүсгэхгүй” гэлээ.

Categories
нийгэм

САЙХАН СЭТГЭЛ ТӨЛБӨР НЭХДЭГГҮЙ

Хотхоноос төв зам руу орох гарцан дээр хоёр приус шүргэлцэн таг хаажээ. Өөр гарц орц байхгүй тул хотхоны бүх хөдөлгөөн гацав. Гацаж түгжирсэн жолооч нар дэмий л дуут дохиогоо орилуулна. Шүргэлцсэн хоёр жолооч болох бүдүүн махлаг араб сахалтай залуу, туранхайвтар боловч өндөр эр буугаад ирчихсэн хоёр тийш харан утсаар зогсоо зайгүй ярьж юуг ч юм тайлбарлах аж. Таньдаг цагдаа руугаа ч юм уу даатгалын газар луугаа ярьж байгаа буй за. Шүргэлцсэн хоёроос хэдэн машины ард дуут дохиогоо цөхрөлтгүй хангинуулж байсан түргэний тэргэнээс нэг хижээл эр буун бээцийсээр тэдэн рүү очлоо. Их л зориг гаргаж байгаа бололтой нөгөө хоёроос “Зам тавьж өгөөч, хөгшний минь бие муу байна. Ахдаа ингэж тус болооч” гэж гуйлаа. Нөгөө хоёрын сахалтай нь “Хөдөлчихвөл би хохирлоо гаргуулж авч чадахгүй болно шүү дээ ах минь, тус боллоо гээд миний хохирол барагдахгүйгээс хойш чадахгүй нь дээ” гэв. Өөртэй нь харьцсан болохоор нөгөө бүдүүн эр лүү хандан “Ах нь их баярлана шүү, ёстой мартахгүй” гэв.

Нөгөө эр “хм хоосон баярлалаагаар яах вэ, сайхан сэтгэл гаргалаа гээд хэн төлбөр төлж байлаа” гэж хэлээд ширэв татлаа. Хижээл эр “төлбөр нь хэд байдаг юм бол” гэхэд “Дор хаяж хоёр зуу болдог юм байгаа биз дээ” гэж араб сахалт зандарлаа. Хижээл эр “Ээ гончигсүм минь” гэж хэлээд дуугаа хураав. Гэтэл хажуугаар нь гарч явсан идэр насны эмэгтэй “та дансаа явуулчих” гэж нөгөө сахалт руу шууд хэлэв. Хижээл эр “охин минь би наадахыг чинь төлж чадахгүй байх аа тэтгэвэр…” гээд ээрч мууран юм хэлэх гэв. Эмэгтэй “Ах минь сайхан сэтгэлд төлбөр нэхдэггүй юм” гэж хэлээд утсаа гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Хилчид цасан шуурганд уруудсан 60 үхрийг эздэд нь хүлээлгэн өгчээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэний энэ сарын 10-нд өгсөн мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0285 дугаар ангийн эрэл хайгуулын бүлэг энэ сарын 11-нд ОХУ-ын хилчидтэй хамтран ажиллаж, шуурхай эрэл зохион байгуулан цасан шуурганд уруудсан 60 үхрийг хилийн зурваст илрүүлэн эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Иймд Монгол Улсын иргэнд учирч болох 60 сая төгрөгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. Түүнчлэн малчдад малаа эзэн хариулгатай байлгах, малаа алдахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
нийгэм

ДҮН ӨВЛӨӨР АРХИ ЗАРАХЫГ ХОРИГЛОЁ DNN.MN

Монголчуудын баяр ихэнхдээ дүн өвлийн жавар тачигнасан хүйтэнд болдог. Шинэ жил, цагаан сар, эмэгтэйч үүдийн баяр, эрчүүдийн баяр гэхчилэн. Манайхан шө- нөдөө гуч гарч хүйтрэх хүйтэн жаварт баяр тэмдэглэн согтож осгох нь сүүлийн жил үүдэд хэрээс хэтэрч байна. Саяын баяраар л гэхэд 23 хүн зүй бусаар хорвоог орхив. Осгож үхсэн нь талаас илүү. Бид цагдааг гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хийсэнгүй хэмээн шүүмжилдэг. Гэвч сая гаруй хүнтэй том хотын 650 гаруй баар, цэнгээний газрын алинд нь уугаад хаана нь согтоод уначихсаныг яаж ч олж барах билээ. Хаа байсан Хайлаастын эцэст гудамжинд тасраад уначихсан хүн азаар өөрөө л сэрэхгүй бол хөлдөөд л хонох шүү дээ. Бид архийг эр эм, охид хөвгүүдгүй их ууцгааж байна. Баяр болно гэдгийг архидалт болно гэсэнтэй агаар нэг ойлгодог болоод удлаа. Нэгэнт хүмүүс архидалт болохыг тэсэн ядан хүлээдэг болсон энэ үед төр засгаас зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй. Олон арга хэмжээ авч Дүн өвлөөр архи зарахыг хориглоё болмоор байгаа ч давын өмнө дүн өвлийн хүйтэнд архи зарахыг хориглодог баймаар юм. Энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл архи согтууруулах ундааг өргөн олонд худалдаалахыг болиулах хэрэгтэй мэт. Нэгэнт хүмүүс ухамсраараа тааруулж уух чадваргүйгээс хойш ингэж арга хэмжээ авахаас өөр гарц байхгүй байна. Төр засгаас хүмүүсийн амьд явах эрхийг ингэж л хамгаалахаас өөр яах билээ. Тэгэхгүй бол бид архиндаа живээд дээр нь хөлдөж үхээд дуусах бололтой.

Categories
мэдээ нийгэм

Зам талбайд цацдаг давсыг шинжилж авдаг болно DNN.mn

Улаанбаатарын зам талбайн цас, мөсийг хайлуулахаар цацаж буй зарим давс нь хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж хотын Захирагчийн ажлын албанаас үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулжээ.

Хэрвээ эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурдсан байна.

Цаашид компаниудын нийлүүлж буй давсыг шинжилгээнд хамруулж байхаар хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргажээ.

“Өмнө нь тендерт шалгарсан л бол нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь шинжлэлгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо уг тогтолцоог халж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” хэмээн албаныхан онцлов.

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Сурагчдын амралтыг сунгаагүй DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Ойрын өдрүүдэд хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор амралтыг сунгаж магадгүй гэх мэдээлэл гараад буй. Иймд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас энэ талаар тодруулахад “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа” гэлээ.

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ.

зураг

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

АТГ: Улсын хэмжээнд 13 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлсэн DNN.mn

Авлигатай тэмцэх газраас Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 13 мянган мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ цахим системээр шинэчлэн гаргасан байна.

Мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлын хүрээнд Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, тэдгээрийн харьяа байгууллагын мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдвээр танхимаар болон цахимаар сургалт зохион байгуулж, 5 мянга гаруй мэдүүлэг гаргагчийг хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвсүрэн: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол улс төрийн зорилготой хууль байна DNN.mn

-Хүний эрхийг хамгаалах нэрийн дор хүний эрхийг хязгаарлах хууль баталж болохгүй –

УИХ-ын 2022 оны намрын чуулганы отгон хуралдаанаар буюу өнгөрөгч баасан гаригт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аас баталсан. Уг хуулийн талаар хүний эрхийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг та ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг ийнхүү баталж байгаа нь ардчиллаас ухарсан үйлдэл боллоо. Энэ хуулийг үгүйсгэх үндэслэлтэй хэд хэдэн шалтгаан байна.

Тухайлбал, Монголын хууль гурав хоног гэсэн эрх зүйг үгүйсгэх нигилизм байдаг. Энэ хэлц үг биеллээ оллоо гэж харж байна. Учир нь Монголын түүхэнд өмнө нь хэзээ ч гурав хоногийн дотор хууль өргөн барьж, хэлэлцэн, баталж байгаагүй. Энэ хуулиар харин ийм зүйл байдгийг харуулж, жишиг тогтоох нь. Амьдрал баялаг яаралтай горимоор хэлэлцэх хууль байлгүй яахав. Үүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх захирамжийг УИХ-ын дарга гаргана. Гэтэл энэ хууль бол үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудал биш. Түүнтэй холбоотой хууль болон хууль тогтоомжийн төсөл биш. Тиймээс нэн яаралтай хэлэлцүүлсэн. нэгдүгээрт, хууль зөрчиж байна. Аливаа хууль тогтоомжийг боловсруулахад Хууль тогтоомжийн тухай хуулийг баримталдаг. Энэхүү хуулийн төслийг өргөн барихаас авахуулаад хууль тогтоомжийн хуулийг огт баримтлаагүй, холбогдох судалгаануудыг хийгээгүй байна. Наанадаж үр нөлөө, тандан судалгаа болон бусад академик судалгаа хийгээгүй нь харагдаж байна. Энэ хууль гэнэтийн хууль байгаагүй. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ хуулийн ажлын хэсэг хоёр, гурван жилийн өмнө ХЗДХ-ийн яам дээр байгуулагдсан. Юу ч хийгээгүй чимээгүй байж байснаа нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн барьж, 19-нд холбогдох байнгын хороодоор хэлэлцэхийг нь дэмжээд, 20-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдчихлаа.

Товчхондоо, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэж байгаа боловч угтаа олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах хууль боллоо. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” заасан байдаг. Энэ зарчмыг алдагдууллаа.

Түүнчлэн энэ хууль зургаан бүлэг, 12 зүйлээс бүрдэж байгнаа юм. Зургаан бүлэгтэй юм бол 12-хон зүйлтэй хууль гэж ямар хууль байдаг юм. Журам бол яахав гэсэн ч. Хууль гэхэд ичмээр журам байж болохоор юм билээ. Гэтэл үүнийгээ хууль болгоод хүч түрээд баталчихлаа.

-Энэ хуулийн хоёрдугаар бүлгийн зургадугаар зүйл их анхаарал татсан. Ер нь иргэдийг мэдээлэл түгээх ямар ч сонирхолгүй болгох хууль болчихов уу?

-12 төрлийн контентыг зөрчилтэй контент гэж энэ хуулиар үзсэн байгаа юм. Зөрчилтэй контент гэдэгт төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв, зан заншил болон түүх соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон гэх зэргээр заасан байгаа юм. Хамгийн гол нь юуг гутаан доромжилсон гэж үзэх вэ. Жишээ нь, “No naadam” жагсаалыг зан заншил болон түүх соёлоо гутаан доромжилсон гэж үзэх болж байна уу. Энэ хуулиар жагсаал цуглааны асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлбэл зөрчилтэй контентод хамаатуулж үзэх болж байна уу. Учир нь зөрчилтэй контентод олон нийтэд хүргэхээр нийтэлсэн текст, тэмдэг, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс зэргээр үзэл бодлоо илэрхийлэх бүх л мэдээлэл орсон байна лээ.

Хоёрдугаарт, энэ хуулийг нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн барихад бусдыг заналхийлэх, доромжлох бусдын нэр хүндийг гутаан доромжилсон бол зөрчилтэй контент гэж үзнэ хэмээсэн байсан. 6.1.3-т байсан уг заалтыг батлагдахаас өмнө буюу 19-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавигдаж шүүмжлэгдэхээр нь аваад хаячихсан. Ийм сэтгэл хөдлөлөөр хууль хийж болох уу. Судалгаа, тооцоогүй гээд байгаагийн нэг илрэл бол энэ шүү дээ.

Мөн энэ хуулийн 6.3-т байсан нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглоно гэсэн заалтыг хууль батлагдахын урьд өдөр нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэгдэхээр нь аваад хаячихсан. Ийм байж болохгүй. Нөгөө талаас хууль салаа утгагүй бичигдэх ёстой. 6.3-ийн энэ заалт бол хуулийн бичилт огт биш. Аль аль талаар нь тайлбарлаад хуулийн хэрэглээний буруу жишиг тогтох боломжтой нөхцөл байдал үүсгэж байгаа юм.

Маш өндөр эрсдэлүүдийг дагуулсан байж боломгүй хууль. Энэ хууль бол бидний шийдвэр гаргалт, сонгуульд хүртэл нөлөөлнө. Хэн нэгнийг хүчирхийлэлд өдөөн турхирсан, садар самуун сурталчилсан гэдэг ч юмуу, олон янзын үзлээр буруутгаж болно. Зөрчилтэй контентод орж байгаа 12 зүйл тус бүрдээ хуультай. Жишээлбэл, энэ хуулийг өргөн барьсан сайд нь хүүхдийн эрх гээд л уянгалаад популизм хийж байна лээ. Гэтэл Монгол Улс Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай гэсэн хоёрын хоёр хуультай. Эрүүгийн хуульд “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэсэн том бүлэгтэй. Садар самууны асуудал гэвэл Садар самуунтай тэмцэх хуультай. Зөрчилтэй контент гэдэгт жишээ нь, 2012 оны Зар сурталчилгааны тухай хууль үйлчилнэ. Цахим сүлжээ ашиглан залилан, мансууруулах бодис гэдэгт Эрүүгийн хууль, Шүүхийн шинжилгээний хууль, Зөрчлийн хууль гэх зэргээр олон хууль үйлчилж байгаа. Оюуны эрхийн зөрчилтэй контентыг энэ хуулиар хаана гэж байгаа. Уг нь манайх Оюуны өмчийн хууль, Оюуны өмчийн газартай улс. Ингээд тус бүрд нь үзвэл хуульгүй биш хуультай.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ гэдэг нь ерөөсөө хууль гэхээсээ илүү технологийн дэвшил дээр явдаг болчихоод байна. Технологийн дата аналистууд, НҮБ-ын тусгай илтгэгчид, хүний эрхийн экспертүүд, мэдээллийн томоохон агентлагуудын шинжээчдийн өгч байгаа хамтарсан зөвлөмж бол энэ. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж ЮНЕСКО-гоос хамтарсан зөвлөмж гаргуулдаг. Тэр зөвлөмж дээр ч дурдсан байдаг. Ерөөсөө худал мэдээлэлтэй хуулиар тэмцдэггүй. Технологийн боломж дээр тулгуурлаж тэмцье гэдэг. Бидний өргөн хэрэглэдэг фэйсбүүк рефортлох боломжтой байдаг. Хүчирхийлэл, садар самуун, бусдыг өдөөн турхирсан, үзэн ядах үг хэллэг ашигласан, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж байгаа бичлэгийг харуулсан зохисгүй контентыг mute хийх, блоклох, рефортлох зэргээр авах арга хэмжээ нь байдаг шүү дээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газарт өгсөн НҮБ-ын хүний эрхийн холбогдох зөвлөмжүүд бий. Энд зөвлөмжид цахим орчинд нэрээ нууцлах эрх гэж байдаг. Гэтэл энэ хуулиар нэрээ нууцлах эрхгүй болж байна.

-Энэ хуулиар Олон нийтийн нэгж гэх байгууллага байгуулагдана гэж ойлгосон. Мөн зөрчилтэй контент мөн эсэхийг хянаж цензурдэх зөвлөл байгуулагдах нь. Үүнд та ямар шүүмж хэлэх вэ?

-Энэ хуульд захиргааны байгууллага давуу байдал эдэлж байгаа асуудал бий. Үндсэн хуульд гэм буруугүйн зарчим гэж бий. Тодруулбал, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим байдаг. Энэ зарчмын эсрэг явж байна. Аль нэг яамны харьяанд олон нийттэй харилцах бие даасан нэгж байгуулагдаж тэр нь хариуцлага тооцох эрхтэй болж байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 17-нд Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулийг баталсан. Энэхүү хууль байхад дахиад ийм хууль батлах хэрэг юу байна. Өмнөх баталсан хууль нь хэрэгжээд жил ч болоогүй байна.

-Энэ хуулийн 7.1.4-т “Монгол Улсаас бүртгэлтэй 300000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар байгуулах” гэж заасан байсан. Энэ заалт хэрэгжих боломжтой юу?

-Энэ хуулийг зүйл заалт бүрээр нь бус ерөөсөө л бүхэлдээ буюу үзэл баримтлал, зарчмын асуудлын түвшинд буруутгаж байгаа. Агуулгын хувьд харилцан өөр өөр асуудлуудыг хууль болгоод биччихсэн зүйлүүд байна. Жишээлбэл, таны асууж байгаа заалт. Нийгмийн сүлжээний томоохон тоглогчид болох твиттер, фэйсбүүк, инстаграм бүгд Монгол Улсад 300 мянгаас дээш хэрэглэгчтэй. Эдгээр байгууллагууд Монголд төлөөлөгчийн газраа байгуулах уу, Монгол Улс сонирхдог зах зээл нь мөн үү гэдэгт мэргэжлийн хүмүүс нь хариулах байх. Минийхээр бол үгүй. Монголд битгий хэл Монголоос хэд дахин илүү хүн амтай оронд фэйсбүүкийн төлөөлөгчийн газар орж ирнэ гэж бодохгүй байна. Монголд тэд орж ирэхгүй л байхгүй юу. Ийм тооцоо, судалгаа, үндэслэлгүй хандаж болохгүй. Яахав Герман, Франц зэрэг хэдхэн оронд л төлөөлөгчийн газар нь байдаг. Зохисгүй контент нийтэлсэн бол төлөөлөгчийн газар нь томоохон торгуулиудыг тавьдаг. Үүнийг хараад хэрэгжих боломжтой гэж өнгөц дүгнэсэн юм шиг байгаа юм.

-Энэ хуулийг дагаж дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор зохицуулагдсан. Үүнээс Харилцаа холбооны тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтөөр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй болж байна уу?

-Тийм. Харилцаа холбооны тухай хуулийн 23.2-т “Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсч болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж байгаа юм. Нийгэмд өрнөөд байгаа жагсаал цуглаан зэрэг асуудлуудыг анзаарч байгаа байх. Тиймээс энэ хууль бол улс төрийн зорилготой хууль болчихсон. Энэ хуулиа улс төрийн зорилгодоо ашиглах боломжтой болж байна. Сонгуулиа дахин явуулах, өөрсдийнх нь асуудлаар шүүмжлэл өрнүүлэх, эсвэл нийгэм дэх асуудлаар шударга шүүмжлэл өрнүүлэх боломжгүй болгож байгаа юм. Энэ хуулийн гор жагсаал цуглааны үеэр удахгүй харагдана. Эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ авч үлдэхийн тулд улайран тэмцэх хэрэг байхгүй. Хүний эрхийг хамгаалах нэрийн дор хүний эрхийг хязгаарлах хууль баталж болохгүй. Бүх юм ном журмын дагуу явах ёстой. Олон нийтээр хэлэлцүүлж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулиа боловсруулах ёстой. Энэ хуулиар эрх нь хөндөгдөх иргэдээс саналыг нь наанадаж авах ёстой. 2022 оны байдлаар Монгол Улсад фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг 2.2 мянган иргэн байна гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн бүр цаашилбал 3.4 мянган хүний эрх ашиг зөрчигдөж байна. Хууль тогтоомжийн хууль дээр мэргэжлийн байгууллагын “санал дүгнэлтийг авсан байна” гэсэн заалт бий. Ийм хууль батална гэдэг нь ардчиллаас ухарсан явдал боллоо. Олон нийтийн саналыг авах завдал өгсөнгүй ш дээ. Арай ч гурав хоногийн дотор хууль баталчихгүй байх гэж бодсон чинь баталчихдаг л юм байна.

Тиймээс үүнтэй холбоотойгоор НҮБ-аас Хүний эрхийн байгууллагаас хүний эрхтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргуулъя санал гаргаж байгаа. Энэ хуультай холбоотойгоор Монгол Улсын нэр олон улсад унана шүү.

2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 36 дахь чуулган болсон. Энэ чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн. Ингэхдээ хүний эрхийн зөвлөлөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах талаар холбогдох хэдэн зөвлөмжийг манай улсад өгсөн байдаг. Энэ дотор гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээг авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд аливаа шийтгэл хүлээнэ гэсэн айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэж байгаа юм. Гэтэл бид эсрэгээрээ хааж боомилж байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон жагсаал цуглааныг зохион байгуулсан иргэдийг өнөөдөр Цагдаа, Тагнуулын байгууллага олон үндэслэлээр шалгасаар байгаа шүү дээ. Энэ хуулиар өнгөрөгч арванхоёрдугаар сарынх шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээргүй болчихлоо. Жишээлбэл, Эмоцийн Цогтоо ч гэдэг юмуу. Түүнээс гадна олон хүн бий. Тэгвэл тэд бүгдээрээ үндэсний аюулгүй байдал ч гэдэг уриалан дуудсан, өдөөн хатгасан хэрэгт унаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болж байна.

-Энэ хуульд хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан байна вэ?

-Энэ хуульд өндөр мөнгөн торгууль эсвэл эрүүгийн, зөрчлийн хариуцлага ногдуулна ч гэдэг юмуу хариуцлагын асуудал гэж байгаа юм. Харин сүлжээг нь 72 цагийн хугацаанд хааж хязгаарлах, блоклох зэргээр хариуцлага тооцно гэсэн байна. Зөрчилтэй контентыг хааж бооно гэдгээр энэ хуулийн төслийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Хуультай хуулгүй фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ өөрөө хариуцлага тооцох механизмтай шүү дээ. Дээр хэлсэнчлэн блоклох, рефортлох зэргээр.

-Энэ чиглэлээрх олон улсын туршлага нь ямар байдаг бол. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай орон дэлхийд хэд байдаг вэ?

-Яг ийм хуультай орон байхгүй. Цөөн хэдэн орон олон нийтийн сүлжээг зохицуулах хуультай. Жишээлбэл, ХБНГУ 2015 онд ийм хуулийг баталсан. Австрали цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуультай. Зөвхөн хүүхэд гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, Дэлхий нийтэд яагаад өргөн зохицуулдаггүй вэ гэхээр хүний эрхийг орхигдуулах том асуудал учраас яаран оролдлого хийдэггүй. Нөгөө талаас НҮБ-аас том зөвлөмж өгсөн. Онлайн болон онлайн бус орчноос үл хамааран хүний эрх хамгаалагдаж, хангагдана, хязгаарлагдана гэж үзсэн байдаг. Энэ хууль дэлхий нийтийн туулж ирсэн цензурийг тогтоож байна. Цензурийг тодорхой түвшинд хориглох ёстой.

-Энэ хуулийн 3.2-т “Олон нийтийн сүлжээнд гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцхад энэ хууль үйлчлэхгүй” гэсэн заалт яг ямар учиртай вэ?

-Олон нийтийн сүлжээнд гурваас дээш тооны хэрэглэгч хоорондоо харилцахад үйлчилнэ. Олон нийтийн сүлжээний тодорхойлолтыг дэлхий нийт өгч байгаа. Ер нь сошиал медиа, олон нийтийн сүлжээ гэдэг үгээ ойлгох хэрэгтэй л дээ. Гурав гэдэг тоог хаанаас гаргаж ирсэн нь тун эргэлзээтэй. Төрийн албаны том агентлаг биш, харилцдаг байгууллагын дотоод систем, хувийн асуудлаа бичдэг аппликэйшнүүд, групп чатууд зэргээр бүгд орох нь. Үүнд манай хууль үйлчлэх үү. Ийм утгагүй заалт харах ичмээр юм аа, үнэндээ.

-Олон нийтийн эрхийг хязгаарласан, амыг нь барьсан энэ хуулийг хүчингүй болгох хуулийн ямар гарц бидэнд байна вэ. Баталчихлаа гээд дуугүй сууж болохгүй биз дээ?

-Бид ийм асуудалтай хэзээ ч эвлэрч болохгүй. Учир нь ямар ч хууль дүрэмгүйгээр дур зоргын шинжтэй хуулийг батлаад байна шүү дээ. Гурав хоногийн дотор хууль батлаад байх юм бол бүх зүйл утгаа алдана. Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавина гэсэн багахан ч гэсэн найдлага байна. Ерөнхийлөгчид бүрэн эрх нь байгаа шүү дээ. Гурван сая иргэнээ арай л дорд үзэж байна. Хүн хог ч гэж хэллээ. Парламентын гишүүд нь хууль зөрчиж нэн яаралтай оруулж ирж байгаа нь асуултын биш, анхаарлын тэмдэг. Хүний эрхийг хамгаалах бус өөрсдийн улс төрийн зорилго яваад байна.

Биднийг дуугүй, хүлцэнгүй байлгах, хамгийн гол нь эрх мэдлээ хадгалах гэсэн зорилго явж байна. Энэ хууль батлагдсанаар ЖДҮ, нүүрсний, Хөгжлийн банкны хулгайнууд шиг шинээр гарах олон хулгайг ярьж чадахгүй амаа үдүүлэх нь. Учир нь төрийн албаны нууцтай холбоотой мэдээллийг зөрчилтэй контентод үзчихнэ. Хоёрдугаарт, хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой. Гэтэл энэхүү хууль бол энэ зарчмыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн хяналтад орно гэсэн горьдлого байна. Гуравдугаарт, Европын холбоо 2021 оны Хүний эрхийн форумаар Монгол Улс хүний эрхээс ухарсан үйлдэл хийвэл жагсаалтад оруулдаг гэдгийг Элчин сайд нь онцгойлон анхааруулж хэлж байсан. Бид ардчиллаасаа ухарсан, хүний эрхийг хумьсан хууль баталснаараа олон улсын өмнө нэр хүнд унах, хориг жагсаалтад орох зэрэг олон сөрөг үр дагавар гарах нь

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 хэм хүйтэн хонолоо DNN.mn

Өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаарх мэдээллийг хүргэж байна

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50…-53 хэм хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 хэм хүрээгүй байсан юм. Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 хэм хүрч хүйтэн хонолоо.

Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээр -35 хэм, туул голын дагууд -41 хэм хүйтэн хонолоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Төмөрхуяг: Хоёр танхимтай байхын давуу талыг Монголын авралын од, хямралаас гарах гарц гэж хардаг DNN.mn

Олон улсын эрх зүйч, улс төр судлаач Б.Төмөрхуягтай Үндсэн хууль болон хоёр танхимтай парламентын асуудлаар товчхон ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг дахин ярьж байна. Та улс төр судлаач хүнийхээ хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Миний мэдэхийн л 10 гаруй жил Үндсэн хуулиа өөрчилье, шинэчилье гэдэг зүйлийг ярьж байна. Үе үеийн парламент, Засгийн газар, улс төрийн нам эвслүүд энэ асуудлыг ярьдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл дорвитой өөрчилсөн зүйл алга. Тэртээ 1999 онд томоохон өөрчлөлт орсон. Түүнээс хойш 2000, 2019, 2022 онд бага зэргийн өөрчлөлтүүд орлоо. Ингэхдээ төрийн эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлт буюу давхар дээл, Ерөнхийлөгчийн эрх гэх зэргийн өнгөцхөн өөрчлөлтүүдийг хийсэн. Өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга гэдэг эрх зүйн хувьд өөр, өөр ойлголтууд байдаг. Үндсэн хуулийн аль нэг заалтыг хасах, нэмэх, үг, утга санааг солихыг Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг. Харин Үндсэн хууль бүлэг нэмэх, бүлэг хасах зэргийг өөрчилж байвал үүнийг нэмэлт өөрчлөлт гэж хэлнэ. Нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 30 хувиар хязгаарлагддаг.

Өөрөөр хэлбэл, 30 хувьд нь л нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрнө гэсэн үг. Шинэчилсэн найруулга гэдэг бол бүхэлдээ хуулиа шинэчлэх, өөрчлөх асуудал юм. Ямар өөрчлөлт хийхээр байна, тэрхүү агуулгаасаа хамаараад асуудал өөрчлөгдөнө.

-Гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай парламенттай болох зэргийг нэмэлт, өөрчлөлтөөр хийж болох уу?

-Гишүүдийн тоог нэмэхийг л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулж болно. Харин хоёр танхимтай парламенттай болгох асуудал нь өөрөө тогтолцооны суурь өөрчлөлт учраас Үндсэн хуулиа шинээр найруулна л гэсэн үг. Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдаад 30 гаруй жил боллоо. Энэ хугацаанд төрийн эрх мэдэл үнэхээр хүчтэй болсон. Тогтолцооны алдаа, дутагдал маш их бий болж байна. УИХ, Засгийн газар, Шүүх гурав ижил тэнцүү эрх мэдэлтэй байх атал. Засгийн газрын эрх мэдэл нөгөө хоёроосоо илүү болчихлоо. Энэ гурван эрх мэдэл тэнцүү байх үед нийгэмд шударга ёс, хариуцлага, тэгш эрх алдагддаггүй. Харин аль нэг нь илүүрхчихээрэй авлига, хүнд суртал, шударга бус байдал болон хуулийн хэрэгжилт суларч эхэлдэг. Өнөөдөр Монгол Улсын нийгэм ямар байна вэ. Хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж байна уу. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж чадаж байгаа бил үү. Эрх мэдэлтнүүд нэгэндээ хариуцлага тооцож чадаж байна уу. Ингээд үзвэл яалт ч үгүй тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй болсон нь тодорхой гарч ирж байгаа юм. Тиймээс жижиг, сажиг өөрчлөлт бус харин томоохон тогтолцооны өөрчлөлтийг хийх шаардлага аль аль талаас нь бодсон бүрэлдчихсэн гэж ойлгож болох юм.

-Хоёр танхимтай парламент болох агуулгыг та тайлбарлахгүй юу. Ямар байдлаар энэ асуудлыг Үндсэн хуульд оруулах ёстой юм бэ?

-Би өөрийнхөө санааг л хэлье. Хоёр танхим гэдгээ дээд, доод гээд үзчихнэ. Мэдээж хоёр танхимтай болж байгаа учраас гишүүдийн тоо төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Ойролцоогоор 180 орчим гишүүнтэй болох ёстой. Дээд танхим нь 80 гишүүнтэй, харин доод танхим нь 100 гишүүнтэй. Доод танхимд түүнээс ч олон гишүүд байж болно. Гишүүдийг сонгохдоо сонгуулийн хуульдаа мөн өөрчлөлт оруулна гэсэн үг. Сонгуулийн хоёр л тогтолцоо байгаа. Нэг нь намыг, нөгөө нь хүнийг сонгодог. Тиймээс нийт ард түмний төлөөллийг хангахын тулд энэ хоёр тогтолцоог хослуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дээд танхимын гишүүдийг мажоратор тогтолцоогоор сонгох. Доод танхимын гишүүдийг пропорциональ тогтолцоогоор сонгох нь зөв. Ер нь бол дээд, доод хоёр танхим хоёулаа улс орныхоо үйл ажиллагааг шийддэг байнгын, тогтмол үйл ажиллагаатай хоёр танхимынхаа хүрээнд төрийн эрх барих бүрэн эрхтэй байна. Тэгэхдээ нийлээд улс орныхоо эрх ашгийг төлөө явдаг, сонгодог тоглолцоотой парламент байх ёстой гэж бодож байна. Дээд, доод хоёр танхим хоёулаа хууль баталдаг. Дээд танхим нь цөөн хүнтэй, түүнээсээ ерөнхий хууль тогтоомж, батламжаа гаргадаг. Улс орныхоо бүх шийдвэр, Монгол Улсын хувь заяанд нөлөөлөх зүйлд анхаарлаа түлхүү хандуулдаг ийм л парламентын тогтолцоо манайд хэрэгтэй байна. Төрийн бус байгууллага, зарим намууд Монголын авралын од, хямралаас гарах гарц гэж хоёр танхимтай байхын давуу талыг хардаг. Миний хувьд ч мөн адил ингэж харж, ойлгодог. Гишүүд нь жинхэнэ ард түмний төлөөлөл болж ард түмнээсээ сонгогдоно. Тиймээс ард түмний төлөөлөл болсон Их хурал, хууль тогтоох байгууллага гэсэн уламжлалт тогтолцоо талаас нь харах хэрэгтэй.

-Хоёр танхимтай парламенттай болсноор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг яаж сонгох ёстой вэ?

-Ерөнхийлөгчийг дээд, доод танхимын нэгдсэн хуралдаанаар тодруулчихаж болно. Харин Ерөнхий сайдаа дээд танхимаасаа сонгочих. Ийм сонгодог парламентын тогтолцоог олон улс тэр дундаа хөгжингүй орнууд Үндсэн хуульдаа тусгаж өгсөн байдаг. Бид ч мөн Үндсэн хуулиараа энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх шаардлагатай. Ер нь бол хийгдэх нь цаг хугацааны асуудал. Өнөөдөр шийдэхгүй ч дараагийн гучин жилд шийдэгдэх л асуудал. Тиймээс цаг хугацаа алдаж байхаар эртхэн шиг эдгээр том өөрчлөлтүүдээ ярих шаардлагатай. Аль нэг засаглалд нь эрх мэдлийг төвлөррүүлсээр байвал улс орны хөгжил урагшлах биш ухарна. Өнөөгийн 76 “хулгайч”-ийн бүрэн эрх нь дууссан ч сонгуулиар өөр нэг 76 “хулгайч” гараад л ирнэ. Өмнөх хулгайчуудынхаа идэж ууснаас ч их зүйлийг биднээс хулгайлна гэсэн үг. Энэ байдлаараа явбал бид удахгүй Африкийн араас орно. Тиймээс л тогтолцооны өөрчлөлтөө нэн яаралтай хийх шаардлагатай.