Categories
мэдээ нийгэм

Ц.Эрдэмбилэг: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулсан DNN.mn

“Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг өчигдөр Дархан-Уул аймагт “Тэгш байдлыг хангая!, хүн бүр оролцъё!” уриан дор тэмдэглэж өнгөрүүлсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ХДХВ/ДОХ-той тэмцэхэд салбар, олон нийтийн хоорондын уядлаа холбоо чухал байна гэдгийг онцолсон юм.

Тэрээр “ХДХВ/ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдрийг “Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцъё” уриан дор Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбар дангаараа ХДХВ/ДОХ-той тэмцээд үр дүнд төдийлөн хүрэхгүй. Харин бусад салбар, олон нийтийн оролцоог хангаж байж халдварт өвчнөөс бид сэргийлж чадна. Орон нутгийн засаг, захиргааны байгууллагууд жил бүр халдварт өвчинтэй тэмцэхэд тодорхой хэмжээний төсвийг гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулж байгаа хөрөнгийн 60 орчим хувийг гадны донор байгууллагууд гаргаж байна. Энэ санхүүжилт зогсоход хүрвэл бид халдварт өвчинтэй тэмцэх аргаа боловсруулсан байх хэрэгтэй. Өнөөдрийн хуралд дөрвөн аймгийн эмч, мэргэжилтнүүд оролцож энэ асуудлыг мөн хөндлөө.
2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг орон даяар зохион байгуулж байна. Энэ үзлэг оношилгоонд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулж өгсөн. Тиймээс ард иргэдийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.

ХДХВ/ДОХ-аас сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороог Эрүүл мэндийн сайд С.Энхболд ахалж ажилладаг бөгөөд тус хорооны шийдвэрээр БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан юм.

Глобал сангийн дэмжлэгтэй төслийн зохицуулагч М.Сэргэлэн:
Глобал сан нь иргэний нийгмийн байгууллагуудыг төслийн үйл ажиллагаанд оролцуулж, эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажиллах зарчмыг баримталж ажилладаг бөгөөд Монгол Улсад 2003 оноос эхлэн ДОХ-ын найман төсөлд нийт 27 сая ам.долларыг зарцуулаад байна. Төслийн үр дүнд ХДХВ/ДОХ-ыг бага түвшинд барьж, жилд ойролцоогоор 3000 орчим эрсдэлт бүлгийн иргэнийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулж байна. Үүнээс гадна бэлгийн замаар дамжин халдварлах өвчний эмчилгээг ТББ-тай хамтран хийж, ХӨСҮТ-рүү илгээх замаар хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той 19 эх хянагдаж, 31 хүүхэд төрсөн. Бүх хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар аваагүй

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам:
ХДХВ/ДОХ Монгол Улсад бүртгэгдээд 30 жил болсон байна. Энэ хугацаанд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той 19 эх хянагдаж, 31 хүүхэд төрсөн. Бүх хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар аваагүй нь шинжилгээгээр батлагдсан. Монгол Улс ХДХВ/ДОХ-ын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр “үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа” гэж үнэлэгддэг. Энэ үнэлгээг эхээс урагт дамжих халдвар, эмнэлгийн орчинд цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж халдвар авсан уу гэдэг нь маш том үзүүлэлт болж өгдөг. Энэ 30 жилийн хугацаанд Монгол улсад цус, цусан бүтээгдэхүүнээс болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ХДХВ/ДОХ халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга:
Дархан-Уул аймагт 2003 онд энэ өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс хойш урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсооход бодитой хувь нэмэр оруулсан аймаг болсон. Тухайн үед урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой хийгээгүй бол тохиолдлын тоо өндөр гарах судалгаа гарсан. Манай аймгийн хувьд энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ламын гэгээн: “Бодь мөрийн зэрэг”-ийг уншиж ухаарвал сүсэгтэн олонд их хэрэгтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Ламын гэгээн наймдугаар дүр Лувсан­дан­занжам­бал­чойжиш­инэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Өдгөөгөөс 375 жилийн өмнө Чингэсийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн
хүү болж мэндэлсэн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны найм дахь дүр Баянхонгор аймгаас 2009 онд тодорсон
юм. Далай багш тухайн үед Ламын гэгээний наймдугаар дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг
сумын харьяат Болдын ганц хүү Эрдэнэбатыг нэрлэж байлаа. Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн
нэг, өндөр гэгээн Занабазарын дотны шавь, Төвдөд судар, тарнийн гүн ухааны ном үзэж
судалсан, анагаах ухааны номонд мэргэшсэн оточ нарт олгодог Лхажэ зэрэгт хүрч байсан
Ламын гэгээн өмнө нь Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн
Жанцан зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байсан юм. Дараагийн дүрүүд нь бүгд
Монголд хувилан төржээ.

Ламын гэгээний найм дахь дүрийг тодруулах ажлыг 2000 оноос эхэлсэн
гэдэг. Гэгээнтнийг тодруулах эрэл нэлээд хэдэн жил үргэлжилж шалгуурт орсон хүүхдүүдээс
600 хүүхдийн нэрийг Далай багшид явуулжээ. Далай лам тэднээс гурван хүүхдийг нь
тодруулан судалж, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн
жил буюу 2009 онд найм дахь дүрийг нь тодруулсан түүхтэй. Ламын гэгээн наймдугаар
дүр Лувсан­дан­занжам­бал­чойжиш­инэн
Энэтхэгээс
Монголд түр хугацаагаар ирээд байгаа юм. Гэгээнтнийг Баянхонгор аймгийн Заг суманд
ирж сүсэгтэн олонд сургаалиа айлдах үеэр нь уулзаж ярилцлаа.


-Та
Баянхонгор аймгийнхаа сумдаар орж сургаалиа айлдаж байгаа юм байна. Сум бүрээр орох
болсон цаад шалтгаан бий байх?

-Надад бурхны шашныг олон түмэнд зөв талаас нь ойлгуулахсан гэсэн
чин хүсэл байдаг юм. Хүмүүс ном уншуулаад засал хийлгэчихлээ гэдэг. Энэ талаас нь
биш л дээ. Бурхны шашны номын утгыг энгийнээр тайлбарлаж байж хүмүүст хүрнэ. Ингэж
байж л энэ агуу ухаанаас сүсэгтэн олон хэрэгтэй зүйлээ олж авна. Ухаарна. Ийм ч
учир агуулгаар аймгийнхаа сумдаар явж байна. Төрсөн аймгийнхаа сумдаар явах их сайхан
сэтгэгдэл төрүүлж байна.

-Хүмүүс
таныг ном уншина, засал хийнэ гээд идээ будаагаа зэхээд ирчихсэн харагдсан…?

-Манай монголчууд их сүсэгтэй ард түмэн. Чин сүсэг нь сум бүрт л
мэдрэгдэж байна. Мэдээж ном уншина. Гэхдээ ном уншиж засал хийнэ гэхээсээ илүү Бурхны
шашныхаа ухааны суурь шим хэсгийг нь тайлбарлаад явж байгаа. Энэ л миний хийх ёстой
гол зүйл юм болов уу гэж боддог.

-Баянхонгорчууд
энэ жил Ламын гэгээний мэлмий гийсний 375 жилийн ойг тэмдэглэж байна. Та ойдоо оролцоод
буцах уу?

-Тэгнэ, наймдугаар сар гээд буцчих болов уу. Энэ жил миний визний
хугацаа дууссан юм. Аймгийн ИТХ-аас ой хийнэ гэсэн мэдээг сонсоод олзуурхсан. Ламын
гэгээн бол шашны том зүтгэлтний нэг. Энэ утгаараа мэлмий гийсний ой нь ард иргэдэд
бурхны шашныг ойлгуулах тал руу чиглээсэй гэсэн бодолтойгоор аймагтаа ирлээ.Баяр
цэнгээнээ голлох биш шашнаа түлхүү сурталчилбал зүгээр болов уу.

-Бурхны
шашны ухааныг энгийнээр ойлгуулъя гэдгээс улбаалж сонирхох нэг асуулт байна. Сүүлийн үед бурхны
номыг хийд хүрээ газар төвдөөр биш монголоор орчуулж хуръя гэж их ярих болсон. Энэ
тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Зүгээр, байж болох санал. Гэхдээ шууд орчуулчихад ойлгох, буух талаасаа
бас хэцүү. Монголоор буулгалаа гэхэд хуучны хэллэг ямар утгатай буухыг шууд таах
аргагүй. Нэг үг янз бүрийн утгаар явдаг учраас хэцүү бэрх талдаа. Бурхны шашны ухааныг олонд хүргэхийн тулд тайлбарлаж
таниулах л хэрэгтэй.

-Лам
хуврагууд өөрсдөө тайлбарлах ёстой гэсэн үг үү?

-Тийм ээ, лам нар сургааль, номын утгыг сүсэгтэн олонд хэлж таниулаад
байвал үр дүн нь гарна.

-Та
гэгээнтнээр тодрох үедээ ямар сургуульд сурч байсан бэ?

-“Номгон” сургуулийн су­рагч байсан. Тэр үед би 13 настай байсан
юм. Гэгээнтнээр тодрохын өмнөх өдөр нь манайд хэсэг хүмүүс ирсэн л дээ. “Маргааш
өглөө дээлээ өмсчихөөд байж байгаарай” гэчихээд яваад өгсөн. Тэгээд л Ганданд хоёр
хоноод Энэтхэг явсан.

-Очоод
шууд ном үзээд эхэлсэн үү?

-Тэр үед цагаан сарын үе таарсан учраас бараг хагас сар амарч байж
ном үзэж эхэлсэн.

-Төвд
бичиг мэдэхгүй болохоор эхэндээ амар биш байсан байх?

-Дунд сургуульд сурч байгаад шууд очсон болохоор үсэг бичиг сурахаас
эхлээд хялбар биш байсан. Би Балданбэрээвэн хийдийн Гомон дацанд анх очсон. Одоо
ч дацандаа ном үзэж байна. Тав дахь жилээ ном үзэж байгаа.

-Дахиад
хичнээн жил ном үзэх вэ?

-Нэлээд хэдэн жил болно оо.

-Яг
одоо ямар ухаанд суралцаж байна?

-Философи дотроо олон ухаантай. Нэг ухаан нь болох шалгадаг ухаанд
суралцаж байгаа.

-Ирээд
хийд хүрээ байгуулъя гэсэн бодол бий юу?

-Тийм бодол бий. Ямартай ч эхлээд ном эрдмээ сайн суръя гэсэн зорилгыг
өмнөө тавиад хичээн судалж байна.

-Дацангийн
ном үзэх дэг гэж байдаг байх. Өглөө их эрт босдог гэж сонссон…?

-Оройдоо л зургаан цаг гэж босдог юм. Дацангийн дэглэм гэж бий. Өглөө
босоод цайлчихаад номоо үзнэ. Философийн хичээлтэй өдөр өглөөний есөөс 11.00 цаг
хүртэл ном үзнэ. Өдрийн хоол арваннэг хагаст. Арванхоёр цагаас хичээлтэй нь номоо
үргэлжлүүлж үзнэ. Ер нь бол арванхоёр цагаас өдрийн нэг хагас хүртэл унтлагын цаг
байдаг. Хичээл өдрийн хоёр цагаас ахиад үргэлжилнэ.
Гэхдээ энэ үеэр номоо бие дааж үзэцгээдэг. Оройны тав хагас бол хоолны цаг. Оройн хоолны дараа өглөөний цээжилсэн номоо сэргээж уншдаг. 19.00 цагаас философийн хичээлтэй. Оройны есөн
цаг хүртэл үргэлжилнэ. Дараа нь гэртээ ирээд
уншлага ном байвал уншчихаад амардаг.

-Гомон
дацанд монгол хүүхдүүд олноор сурдаг гэсэн. Одоо хичнээн хүүхэд сурч байгаа вэ?

-Намайг анх очиход зуугаад
монгол хүүхэд байсан бол одоо 300 давсан.

-Монгол
хүүхдүүд хамтдаа амьдардаг уу?

-Амьдрах байр нь тусдаа. Нэг байранд бүгдээрээ байна гэж үгүй. Гэхдээ
сая намайг Монголд ирэхээс өмнө тусгай байр барьсан л даа. Тэр байранд монголчуудын ихэнх нь орсон.

-Номын
багш тань ямар хүн байдаг вэ?

-Манай багш 2012 онд гэвш лхарамбын мяндаг хамгаалсан. Өнгөрсөн жил
нууц тарнийн ёсоор аграмбын дамжаа барьсан мундаг хүн бий.

-Далай
багшийн хэлсэн сургааль айлдвараас сэтгэлд ойр санагддаг үг гэвэл юуг нь онцлох
вэ?

-Багштай уулзахаар өөрийн эрхгүй сүрдэх сэтгэл төрдөг. Сандрах, баярлах
зэрэгцээд ирдэг юм. “Номоо сайн үзэж олон хүний итгэлийг даагаарай” гэдэг үгийг
намайг очих болгонд хэлнэ. Яагаад ч юм өдөр бүр энэ үг нь бодогддог. Ном сайн үзээд
ард иргэддээ хэрэгтэй зүйл хийхсэн гэдэг л миний чин хүсэл. Багшийн өнгөрсөн онд
хэлсэн нэг айлдвар санаанд тод байна. “Монголчууд омогтой хүмүүс, архи зохихгүй.
Айргаа бол хүссэнээрээ уух хэрэгтэй” гэж хэлсэн. Өмнө нь ч гэсэн “Архиа бага ууж
айргаа тааваар ууцгаагаарай” гэж хэлж байсан шүү дээ. Далай багшийн энэ айлдвар
л түмэн олонд минь хэрэгтэй гэж боддог. Хэрэгжүүлбэл их сайхан айлдвар.

-Таныхаар
Бурхны шашны гайхамшиг нь юу вэ?

-Цаад гол шим нь төгс гэгээрлийг олох. Богд Зонховын айлдсан “Их
бодь мөрийн зэрэг” гэж бий. Энгийн бидэнтэй адил хүмүүнээс бурхны шашны төгс гэгээрлийг
олох чиг зам тэр номонд бий. “Бодь мөрийн зэрэг”-ийг уншиж ухвал их хэрэгтэй. Бурхны
шашинд утгаар нь ойлгоод сонсох, санах, бясалгах гэж ярьдаг юм. Тэгж байж гол зүйлдээ ордог.

-Сонсох,
санах, бясалгах гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Сонсох гэдэг нь багшаас ном сонсохыг хэлж байгаа юм. Сонссон номоо
гэртээ ирээд санах хэрэгтэй. Санасан зүйлсээ
бясалгах хэрэгтэй гэсэн санаа л даа.

-Бясалгалыг
хүмүүс их хүндээр ойлгоод байдаг. Тусгай орчинд, тусгай багштайгаар хийдэг айхтар
эд гэж ойлгоод бясалгал гэдэг үгийг тэр бүр ухахыг хичээдэггүй. Ер нь бурхны шашинаар
бясалгал гэж юу вэ?

-Зарим хүмүүсийн хувьд бясалгалыг
гаднаас нь хараад чимээгүй, юу ч бодохгүй аг чиг суух гэж ойлгоод байх шиг санагддаг. Далай багшийн нэг үг санаанаас гардаггүй юм. Багшийн
таньдаг хүн бясалгал хийхээр ууланд гараад сууж л дээ. Гурав, дөрвөн жил суугаад
бууж ирснийхээ дараа “Огт юм мэдэхгүйгээр бясалгана гэдэг хэцүү эд юм. Юу ч бодохгүй,
юуг ч толгойндоо эргэлдүүлэхгүй болохоор оюун ухаан мууддаг юм байна” гэж хэлсэн
гэсэн. Тэгэхээр сонссон номынхоо гол зүйлсийг сэтгэлдээ хэрэгжүүлэх л бясалгал юм.

-Ярилцлагын
төгсгөлд сүсэгтэн олондоо хандаж айлдвар, сургаалиа хэлнэ үү?

-Шашныг мухар сүсгээр биш зөв талаас нь ойлгож, чин сэтгэлээсээ хандан,
буян, нүглийн цаад утгыг ухаарч, буян их
хураагаарай.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк арваннэгдүгээр сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2022 оны 11 дүгээр сард 2,667.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 19.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,332.0 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 11 дүгээр сард дундаж үнэ 197,545 төгрөг байв.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/11)Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/11)

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.11)

Categories
гадаад мэдээ

Украинаас 7.8 сая гаруй иргэн дүрвэжээ DNN.mn

Украинаас энэ оны хоёрдугаар сарын сүүлээс хойш 7.8 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэсэн талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлжээ.

Тэдгээр иргэний 5 сая орчим нь Украинтай хөрш зэргэлдээ оршдог Баруун Европын орнуудаас түр оршин суух зөвшөөрөл хүсээд байгааг тус байгууллагын цуглуулсан тоон мэдээлэл харуулсан байна.

“Украинд мөргөлдөөн хурцдаж байгаагийн улмаас энгийн иргэд амь насаа алдаж, иргэний дэд бүтцийг сүйдэж байгаа нь украинчуудыг аюулгүй байдал, тусламж эрэлхийлэн дүрвэхэд хүргэж байна” гэж тайланд тэмдэглэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 545.2 (28.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 380.2 сая, үйлчилгээний худалдааны алдагдал 204.1 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин урсгал дансны алдагдал энэ оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 183.2 сая ам.доллароор багасаж, 34.1 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 803.5 сая, зарлага 2.2 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 253.6 сая, зарлага 457.8 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 204.1 сая ам.доллароор өсөж, 1.4 тэрбум ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 106.4 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 19.4 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 2022 оны 9 дүгээр сард 24.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 58 сая ам.доллароор нэмэгджээ. Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 236.1 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин энэ оны 9 дүгээр сард 189.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 299.7 сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 778.7 сая ам.доллароор нэмэгдэв. Харин энэ оны 9 дүгээр сард 163.1 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх сарынхаас 368.3 сая ам.доллароор нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайг тохижуулж байна DNN.mn

Төв талбайд баярын тохижилтын ажил эхэлжээ.

Талбайд жил бүр нэг том гацуур мод байрлуулдаг бол энэ жилийн тухайд олон жижиг гацуур гаргаж ирснийг иргэд шүүмжилж байна. “Green fest – 2022″ үйл ажиллагааны хүрээнд хийж буй тохижилтын ажил аж.

“Green fest – 2022″ арга хэмжээ нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд нэгдэн Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй төсөл юм байна.

May be an image of 2 people, christmas tree and outdoors

Төсийн хүрээнд Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, үндэсний компаниуд дахин боловсруулсан модоор хийсэн гацуур засаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний хулгайн мөнгөний хүү алдангийг тооцож төсөвт зарцуулж, цалин мөнгө нэмэхийг МҮЭХ-ноос шаардав DNN.mn

Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МҮЭХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ дараах шаардлагыг тавьж байна. Үүнд,

  1. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын Капитал банкнаас авах авлагын талаар нээлттэй сонсгол хийх, тус банкнаас зээл авсан хүмүүсийн нэрсийг ил тод мэдээлэх
  2. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг нээлттэй ил тод байршуулах
  3. Хөгжлийн банкны зээлдэгчдэд хариуцлага тооцох, хүү алдангийг төлүүлэх, хуульд өөрчлөлт оруулах
  4. Гааль, ААН, хууль хяналтын байгууллагад хяналт шалгалт оруулах, уг системд өмнө нь ажиллаж байсан, байгалийн баялгийг хяналтгүй гаргасан хүмүүст хариуцлага тооцох
  5. Нүүрсний хулгайн мөнгөний хүү алдангийг тооцож төсөвт зарцуулж, цалин мөнгө нэмэх
  6. Иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашгийг өгөх тухай багтжээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Иргэд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг чадан ядаж төлж байдаг. НД, ЭМД, нийтийн сангийн тайланг олон нийтэд мэдээлэхийг хүсэж байна.

Мөн Хөгжлийн Банкны мөнгө ялгаа байхгүй бидний мөнгө. Тэгэхээр нэг хэсэг шуурч байгаад хаяж болохгүй. Иймд нийтийн сангууд, төрийн батлан даалттай сангуудаас зээл авсан хүмүүс хүү алдангиас чөлөөлөгддөггүй байх. Хуулиар дамжуулж хэдэн их наяд, тэрбумын хулгай хийж байгааг засах цаг болсон. Зээлийн тухай хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, нийтийн сангаас мөнгө авчхаад өгөхгүй байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэж, асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Дараагийн нэг асуудал нь нүүрсний хулгай. Миний дуулснаар УИХ-ын 10-20 гишүүн өмгөөлж хамгаалж, нүүрсний сүлжээгээ хэвээр байлгахыг хүсэж байна гэдэг зүйл сонсогдсон. Нүүрсний мафийг дийлэхгүй гэж ярьдаг гэсэн. Бүр сүлжээ болчихсон юм байна. Монгол Улс баялгийн хараал хүртчихжээ. Маш их баялагтай мөртлөө иргэд нь ядуу байна. Татвараа авч чадахгүй, баялгаа зөв зохистой удирдаж чадахгүй байна. Энэ бол хоосон улс төржилт биш. 100 тонны нүүрс гарч байхад нүдээ аньж өнгөрөөнө гэж байх уу.

Шилний цаанаас чихэр долоолгож хэсэг хүмүүс нь хагартлаа баяжиж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс тооцно DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн 11 дүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгөөд байна.

Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байна.

Categories
мэдээ нийгэм

Машин нь эвдэрч, тусламж хүсэхээр явсан иргэн осгож амиа алджээ DNN.mn

Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгахыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт сураггүй алга болсон талаарх мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн Лхагва гарагт Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгджээ.

Ангиас эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлснээр тухайн өдөр иргэн А-гийн эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлсэн байна.

Болсон үйл явдлыг тодруулахад, иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр буюу тусламж ирэхээс гурав хоногийн өмнө Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарчээ. Иймд тэрбээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явсан аж. Харамсалтай нь иргэн А нь машинаасаа 3 км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон болохыг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Иймд эрс хүйтэрч байгаа энэ үед иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулав.

Categories
мэдээ цаг-үе

ХХААХҮЯ: Энэ өвөл 84.5 хувийн өвс, тэжээлийн нөөцтэй байна DNN.mn

Өвс тэжээлийн нөөц бүрдүүлж байна

Улсын хэмжээнд энэ өвөл бэлтгэвэл зохих өвс, тэжээлийнхээ 84.5 хувийг базаажээ.

Тухайлбал, нийт 1.1. сая тонн өвс, 15 мянган тонн сүрэл, 88 мянган тонн ногоон тэжээл, 32.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тонн гар тэжжээл, 13.1 мянган тонн дарш, 92.2 мянган тонн хужир шүү бэлтгээд байна.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21 мянга, тэжээл 8.2 мянган тонныг бэлтгэжээ. Ингэснээр аймаг, нийслэл, сум, дүүрэгт бэлдвэл зохихөвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94, тэжээлийн 69 хувийг зэхсэнийг ХХААХҮЯ мэдээллээ.

Түүнчлэн, газар тариалангийн үйлдвэрлэлийн ногоон тэжээл, гурилын үйлдвэрээс гарах тэжээл, мөн тэжээл болгох улаанбуудай зэргээс 220 мянган тонн хүчит тэжээл бэлтгэнэ. Мөн баруун аймгууд жилд 25-30 мянган тонн хүчит тэжээл импортолдог нь энэ жилийн хувьд нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Өвлийн бэлтгэл хангах хүрээнд малчдын түвшинд 1.2 сая тонн өвс, 14.9 мянган тонн сүрэл, 88.5 мянган тонн ногоон тэжээл, 57.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 88.6 мянган тонн гар тэжээл, 13.1 мянган тонн дарш, 116.9 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянга, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгсөн билээ.