Categories
гадаад мэдээ

Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn

зураг

Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилснаа өчигдөр парламентад хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн амь насанд халдсан хэргийн дараа энэ асуудал хурцаар сөхөгдөх болсон юм. Абэ агсны аминд халдсан этгээд нь их хэмжээний хөрөнгө мөнгөө Эв Нэгдлийн сүм буюу Мүүний шашны байгууллагад алдсан гэр бүлийн гишүүн байв.

Энэ хэргийн дараа Японы улс төрчдийн дотор дээрх байгууллагатай холбоотой хүмүүс олноор ил болсон юм.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газрын нэр хүнд муу байгаагийн нэг шалтгаан нь Эв Нэгдлийн сүмтэй холбоотой дуулиан болоод байгаа.

Шинээр санаачилсан хуулийн төсөлд шашны байгууллагад хандивласан мөнгөө дагагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд буцааж авах эрхтэй байхаар тусгажээ.

Бас дагагчдаасаа шүтлэг бишрэлийг нь далимдуулан дарамталж, хандив нэхэхийг шашны байгууллагуудад хориглох заалт оруулсан байна. Тухайлбал гай зэтгэрээс аврах нөхцөлтэй хандив, өргөл барьц авах гэх мэт.

Хэрвээ шашны байгууллагын төлөөлөгч ийм албадлагын арга хэрэглэж, хандив авсан нь батлагдвал нэг жил хүртэл хугацаатай хорих ял оноох болон мөнгөн торгуулиар шийтгэхээр болжээ.

Дуулиантай холбоотойгоор Эв Нэгдлийн сүмийг шалгах даалгаврыг аравдугаар сард ерөнхий сайд Кишида хуулийн байгууллагуудад өгч байв.

Шалгалтын дүнгээс шалтгаалан Эв Нэгдлийн сүм татвараас чөлөөлөгддөг шашны байгууллагын статусаа алдаж болзошгүй юм.

Дэлхийн Энх Тайван, Эв Нэгдлийн төлөө Гэр Бүлийн Холбоо гэсэн албан ёсны нэртэй дээрх байгууллагыг Сүн Мюн Мүүн 1954 онд Өмнөд Солонгост байгуулж байжээ.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ нийгэм

Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn

Дунд, ахлах ангийн математик сонгоны оройн цагийн сургалт - Сонгоны хичээл

“Тусгаар тогтнол” математикийн олимпиадын хоёрдугаар шат өнөөдөр эхэллээ.

Энэхүү математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал бүхий хоёр үе шаттай. Үндэсний ангилалд нийслэлийн зургаан дүүрэг болон 13 аймгаас нийт 2,306 сурагч оролцсон байна. Тэднээс 260 сурагч шалгарч алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын эздийг тодруулав.

Математикийн олон улсын олимпиадад Монголоос үндэсний олимпиадад шалгарсан 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөс гадна ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас 10 сурагч, Казахстан улсын ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас найман сурагч оролцохоор хүрэлцэн иржээ.

Олон улсын олимпиадыг 6-8, 9-10, 11-12 дугаар анги гэсэн гурван ангилалд зохион явуулдаг аж. Тодруулбал, 6-8 дугаар ангийн ангилалд анги бүрийн эхний 10 орчим сурагч, бусад ангилалд нь анги тус бүрийн эхний 15 орчим сурагч, хөдөө орон нутгаас оролцсон хамгийн өндөр оноотой болон нэг бүтэн оноотой бодолттой сурагчдад нэмж эрх олгодгоор онцлогтой.

Уг олон улсын олимпиадыг амралтын өдрүүдэд зохион байгуулж, ирэх долоо хоногийн Даваа гарагт дүнгээ танилцуулна гэдгийг оролцогчид хэлж байв.

“Тусгаар тогтнол” математикийн үндэсний олимпиад нь “Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, “Олонлог” сургуулиудын үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалангийн санаачилгаар 2011 онд зохион байгуулагдсанаас хойш найм дахь удаагаа амжилттай болж байгаа бөгөөд олон улсын олимпиадын хувьд дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй.

Хамгийн анхны математикийн олон улсын олимпиад 1894 онд Унгар улсад зохион байгуулагдаж байжээ. Манай улсад математикийн олимпиадыг анх ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн багш нарын санаачилгаар 1960 онд Улаанбаатар хотын сонирхогчдын дунд зохион байгуулж байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв нь Азийн сан, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудын дунд “HR-2022” чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд НИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн ажилтнууд оролцож, мэдээлэл солилцон, тус салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, харилцан суралцлаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Төрийн албанд шинээр орж буй болон ажиллаж байгаа хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. Төрийн албанд тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, иргэдэд анхан шатанд үйлчилгээ үзүүлж байгаа дүүрэг, хороод дээр хүний нөөцийн мэргэжилтэн дутагдалтай, төрийн албанд орох залуучуудын тоо буурсан. Нөгөөтэйгөөр, төрийн албан хаагч байнга хөгжиж байх ёстой. Харилцаа, хандлага муу албан хаагч иргэнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргээгүйгээс шалтгаалж төрийн албаны нэр хүнд унадаг. Төрийн албанд анх ажиллаж байгаа хүн иргэдийн төлөө ажиллаж, төрийн албанд үнэнчээр зүтгэх учиртай” хэмээлээ.

Тус чуулганы талаар НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд “Төрийн бүтээмжийн асуудал хурцаар яригдах болсон. Мөн төрд гэлтгүй хувийн хэвшилд хүний нөөцийн мэргэжилтэн дутагдалтай, ажиллах хүч хомс байна. Иймд хүний нөөцийн мэргэжилтнүүдэд арга зүй, мэдлэг чадвараар хангахыг зорьсон нэг өдрийн арга хэмжээ болж байна. НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс албан хаагчдын хандлага, идэвх, оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж буй. Тухайлбал, Нийслэл “RISE-Academy”, “Нийслэл-110” менторшип хөтөлбөр болон мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан. Цаашид нутгийн захиргааны байгууллагууд үлгэр авах загвар ажиллагаануудыг зохион байгуулж байна” гэсэн.

Хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага өөрчлөгдөж байгааг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор, дэд профессор У.Амарзаяа хэлж байлаа. Тэрбээр “Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д хүний нөөцийн менежмент, төрийн захиргааны менежмент, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Хичээлийн хөтөлбөрт шинэчлэл хийж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Үүнд байгууллагын сэтгэл зүйд тулгуурлан арга хэмжээ зохион байгуулах, сэтгэл зүйг удирдах замаар амжилттай ажиллуулах зэрэг олон ёс зүйн хичээл нэмэгдсэн” гэв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

61 жил ханилсан хос “Очир-Эрдэнэ”-ийн хуримаа хийжээ DNN.mn

Өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны өдөр өчигдөр тохиож, 61 жил ханилсан хос “Очир-Эрдэнэ”-ийн ёслолоо “Гэрлэх ёслолын ордон”-нд хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэжээ.

Азай буурлуудын энэхүү үйл явдал нь залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсныг тус ордноос онцолсон байна.

Мөнгөн хуримыг 25-аас дээш жил ханилсан гэр бүл хийдэг бол алтан хуримыг 40-50 жил ханилсан хосууд хийдэг. Харин Очир-Эрдэнийн хуримыг 60-аас дээш жил ханилсан бол хийдэг.

Төр улсдаа үнэлэгдсэн

Түмэн олондоо хүндлэгдсэн

Ахан дүүстэй ачлалтай,

Ач гуч, үр хүүхдэдээ өмөг түшиг болсон

Очир-Эрдэнийн хуримын эздэд дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг “Гэрлэх ёслолын ордон” зүгээс дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын “их эрсдэлтэй” гарчээ DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 орчим хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй гэж гарчээ.

Зуд болох нэн их эрсдэлтэй сумдад:

  • Баян-Өлгийн Сагсай, Алтай, Булган, Баяннуур,
  • Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Түргэн, Тариалан, Малчин, Завхан,
  • Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Булган, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Цагаанчулуут,
  • Говь-Алтайн Жаргалан, Шарга, Тайшир, Бугат,
  • Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Жаргалант, Хүрээмарал, Заг, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт,
  • Хөвсгөлийн Цэцэрлэг, Төмөрбулаг, Галт,
  • Архангайн Цахир, Хангай, Өгийнуур, Хашаат,
  • Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Төгрөг, Баянгол, Хархорин, Өлзийт,
  • Булганы Баяннуур,
  • Төвийн Баянхангай, Баяндэлгэр зэрэг 11 аймгийн 50 сум орж байна.

Харин их эрсдэлтэйд 18 аймгийн 144 сум багтжээ. Үүнд,

  • Баян-Өлгийн Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Дэлүүн, Толбо, Улаанхус,
  • Увсын Ховд, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан, Тэс, Зүүнговь, Наранбулаг, Баруунтуруун, Өндөрхангай, Давст, Ховдын Дөргөн, Буянт, Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Алтай, Үенч, Чандмань,
  • Завханы Тэс, Асгат, Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ургамал, Идэр, Завханмандал, Нөмрөг,
  • Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Дарви, Тонхил, Халиун, Цээл, Цогт, Эрдэнэ,
  • Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Баянлиг, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст
  • Хөвсгөлийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Жаргалант, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант,
  • Архангайн Тариат, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Эрдэнэмандал
  • Өвөрхангайн Сант, Богд, Бат-Өлзий, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Хужирт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Гучин-Ус
  • Булганы Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Бүрэгхангай, Баян-Агт,
  • Төвийн Архуст, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Баянчандмань, Баян, Лүн, Заамар, Цээл, Алтанбулаг, Сэргэлэн, Баянжаргалан, Баянцогт, Аргалант, Орхоны Жаргалант, Хэнтийн Жаргалтхаан, Баянхутаг, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, Баян-Адарга, Мөрөн,
  • Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Дарьганга,
  • Говьсүмбэрийн Сүмбэр,
  • Өмнөговийн Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо, Баяндалай, Ноён, Хүрмэн,
  • Дундговийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Өндөршил,
  • Дорноговийн Даланжаргалан, Мандах, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн хамрагдаж байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ХАА-н цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсвийг 67.4%-ийн саналаар баталлаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсвийн төслөө танилцуулахдаа “Ирэх онд нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ.

Үүнээс нэг их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх орлогыг татварын бус орлогоор бүрдүүлнэ” гэж байв.

Тэгвэл уг төслийг хэлэлцэх явцад НИТХ дахь МАН-ын бүлгээс ирэх оны төсвөөс ₮10.6 тэрбумын зардлыг бууруулах саналыг гаргасан.

Тухайлбал, Сэлбэ гол төслийн ₮3.1 тэрбумын санхүүжилтийг эргүүлэн татах саналыг хэлэлцээд дэмжсэн юм. Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлэх аж.

Мөн Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг ₮1.9 тэрбумаар, Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газрын төсвийг ₮2.8 тэрбумаар тус тус бууруулан төсөвт тусгалаа.

Түүнчлэн

  • Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардалд 558.6 сая,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны зардалд 684.5 сая,
  • Боловсролын арга хэмжээнд 400 сая,
  • Эрүүл мэнд арга хэмжээнд 400 сая,
  • НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 1.2 тэрбум төгрөг,
  • Хэвлэл мэдээллийн зардалд 650 сая төгрөгийг төсөвлөх саналыг МАН-ын бүлэг гаргасныг дэмжсэн юм.
Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn

Орхон аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ дахин тэргүүллээ

Орхон аймагт энэ оны гуравдугаар улирлын дүнгээр 1,977 хүн шилжин очжээ.

Тодруулбал,

  • 35.8 хувь нь Улаанбаатар хотоос
  • 27.1 хувь нь Булган аймгаас
  • 6.1 хувь нь Сэлэнгэ аймгаас
  • 5.4 хувь нь Хөвсгөл аймгаас шилжин очсон нь дийлэнх хувийг эзэлжээ.

Насны хувьд шилжин очсон иргэдийн 49.6 хувь нь 15-54 насныхан байжээ.

Тус аймагт шилжин ирэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар нэмэгдсэнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn

СУДАЛГАА: Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог байна. Гэвч энэ дүн Монгол Улсад дөрөв дахин өндөр буюу насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи ногддог аж. Түүнчлэн манай улсын насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Намайг алгас” аяныг зохион байгуулж байна.

Архидан согтуурах нь гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлийн эх үүсвэр төдийгүй хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, улс орны хөгжил зэрэгт олон сөрөг үр дагаврыг үзүүлдэг.

Тодруулбал,

  • Архи, согтууруулах ундаа хэрэглэж бусдын биед өдөрт ес, сард 277, жилд 3,328 хүн гэмтэл учруулсан байна.
  • Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6,935, жилд 83,231 хүн эрүүлжүүлэгджээ.

Манай улсад жилд дунджаар 4,500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас бардаг. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хордлогоор өдөрт нэг, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсан. Сүүлийн 5 жилд архины хордлогоор 1,718 хүн амь насаа алдсан харамсалтай тоон мэдээ бий. Архины хэрэглээ ихсэхийн зэрэгцээ архины өндөр хэрэглээтэй залуусын тоо улам нэмэгдэж байна.

Архи, согтууруулах ундааг өөрийн сонирхлоор хэрэглэдэг гэхээс илүүтэй найз нөхдөө сэтгэл санаагаар унасан үед нь тайвшруулах зорилгоор архи уувал тайвширна гэж санал тавих, архи ууж сурах хэрэгтэй гэж зөвлөх, нэг нэгнээ дарамтад оруулах, найз биш болох, нэгнийгээ өөдгүй гэх мэтчилэн үгээр сүрдүүлж архи, согтууруулах ундаа хэрэглүүлэх явдал элбэг байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.


Categories
мэдээ эдийн-засаг

Геологийн төв лабораторийн захирал О.Даваасамбуу үе үеийн удирдлагууд болон шинэхэн гавьяатуудаа хүлээн авч уулзлаа DNN.mn

Уул уурхайн салбар дахь Монгол төрийн “нүд, чих” гэгддэг Геологийн төв лабораторийн 65 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн өдрийг угтаж лабораторийн захирал О.Даваасамбуу үе үеийн удирдлага болон гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Лабораторийн захирлын өрөөний голд байрлах модон бор ширээг тойрч суугаад хуучны дурсамж, салбарынхаа талаар хөөрөлдөх тэд энэ жил дөрвөн Аж үйлдвэрийн гавьяаттай болсон талаараа олзуурхан ярьж байлаа.
Геологийн төв лабораторийн захирал О.Даваасамбуу: “Монгол Улсын газрын хэвлийн мэдээллийг бий болгох, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдол бүхий түүхий эд, эрдэс баялгийг нээн илрүүлэх, түүний нөөцийг тогтоох, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон улсын түвшинд гурван стандартаар магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, шинжилгээний үр дүнгээр бид хангаж ирсэн. Бидний амжилтын үр дүнд манай салбар Монгол Улсын хөгжлийн чиг баримжаанд өөрчлөлт оруулж, өнөөдөр улсын төсвийн орлогын 30 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлэгч эдийн засгийн тулгуур салбарын хэмжээнд хүрсэн.
Мөн олон улсын лабораториудтай өрсөлдөхүйц хэмжээний дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн лаборатори болж чадлаа. Энэхүү түүхэн хөгжлийн хуудсыг бүтээхэд өөрийн мэдлэг чадвар, ажил үйлс, сэтгэл зүрхээрээ хувь нэмрээ оруулсан үе үеийн инженерүүд, ажилтнууд, удирдлагууд болон аж үйлдвэрийн ууган гавьяат болох Ө.Доржханд болон шинэхэн дөрвөн гавьяатуудаараа бахархаж байна. Манай лабораториос энэ жил нэг дор дөрвөн гавьяат төрсөнд бидний хувьд ихээхэн баяртай үйл явдал боллоо” хэмээв.
Геологийн төв лабораторийнхны магнайг тэнийлгэж нэг жил нэг байгууллагаас төрсөн дөрвөн гавьяат бол О.Доржренчин, Б.Батжаргал, М.Пүрэв-Очир, Г.Бат-Эрдэнэ нар юм. Аж үйлдвэрийн шинэхэн гавьяат О.Доржренчин гуай бол энэ л лабораторид амьдралаа зориулсан нэгэн. Тэрбээр 1967 онд Эрхүүгийн Их сургуулийн химийн ангийг төгсөж ирээд Геологийн төв лабораториос ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өдгөө тэтгэвэртээ суусан ч шинэ залуу мэргэжилтнүүд зөвлөгөө, туслалцаа хүсвэл лаборатори дээрээ хэдийд ч гүйгээд ирэхэд бэлэн хэмээн уулзалтын үеэр хэлж байв. Тэрбээр мэргэжлийнхээ талаар “Мэс заслын үр дүн ямар болсноос тухайн өвчтөний алтан амь яригддаг. Тэгвэл геологичийн судалсан газар тухайн илэрц байгаа эсэх, тэр нь орд болох эсэх, хэрвээ орд бол чухам ямар найрлага агуулгатай вэ гэдгийг бидний хийсэн шинжилгээ тодорхойлдог. Эрдэнэт, Оюу толгой шиг том ордоор жишээлж яривал, 0.1 хувиар алдаа гаргахад л нөөц бодоход маш том нөлөө үзүүлдэг. 0.1 хувиар багасгачихвал том ордын нөөцийг бууруулах асуудалд хүргэнэ. Харин өсгөчихвөл дэндүү их нөөцтэй орд гэдэг хоосон төсөөлөл өгнө. Тиймээс бидний мэргэжил бол улс орны эдийн засагт зөв мэдээлэл өгөхийн тулд алдах эрхгүй мэргэжил. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, тэр дундаа гадаад руу экспортолж байгаа бүтээгдэхүүний ихэнх хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Бидний ажлын үр дүн, геологич нөхдийн олсон ордын дээж гадныхны сонирхож байгаа элемент нь хэдэн хувийн агуулгатай, ямар найрлагатай байгааг манай лабораторийн инженер техникийн ажилчид гаргаж өгдөг. Тиймээс бид эрдэс баялгийн салбарыг чухам үнэн зөв үр дүнгээр хангах үүргийг хүлээж ирсэн лабораторийн түүхийн 65 жилийн турш бид энэ л үүргээ хангалттай биелүүлж ирлээ” хэмээн ярив.
Харин Г.Бат-Эрдэнэ гавьяат хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн дээр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг цолоор шагнагдсандаа туйлын баяртай байгаа. Төр засгаас геологийн салбарт ажилласан ажлыг минь үнэлж энэ том шагналыг хүртээлээ гэж ойлгож байна. Миний ажиллаж байсан он жилүүдэд Геологийн төв лаборатори маань олон улсын түвшинд итгэмжлэгдсэн төдийгүй нөхдийнхөө хамт хамтарч ажиллаж одоогийн орчин үеийн лабораторийн түвшинд хүргэсэнд бахархдаг аа. Ер нь Геологийн төв лаборатори гэдэг бол улс орны хэмжээнд геологийн судалгаа шинжилгээний хувьд маш их чухал объект юм. Монгол Улсын нутаг дэвсгэр геологийн 1:50.000 зураглалын ажил нь одоогийн байдлаар дөнгөж 40 гаруйхан хувьтай явагдаж байна. Үүний зэрэгцээ 60 хувь нь нарийн судлагдаагүй байгаа энэ үед Геологийн төв лабораторийн үүрэг маш их” гэв.
1975 онд Геологийн төв лабораторид дагалдангаас эхлээд инженер, инженерээс тасгийн дарга, орлогч дарга, орлогч даргаас лабораторийн захирал болж, 22 жил энэ айлын бодлогыг зангидаж явсан хүн бол Б.Батжаргал захирал. Тэрбээр “Геологийн төв лаборатори бол өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил, эдийн засагт асар их хувь нэмэр оруулж ашигт малтмалын ордыг нээж илрүүлэх, түүний нөөцийг тогтооход үнэмлэхүй амжилт гаргасан байгууллага. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологийн тандан судалгаа 1:200.000, 1:50.000 зураглал, эрэл хайгуулын гээд энэ бүх ажилд манай лаборатори 65 жилийн турш зүтгэж ирсэн. Үүний хүчинд Монголд олон арван орд газар нээгдэж, уул уурхай өндөр хөгжиж, дэлхийн тэргүүлэх уул уурхайн салбарыг бий болгож чадсан. Цаашид ч эрч хүч нь буурахгүй.
Монголын геологи уул уурхайн салбар дэлхийд ноёлох цаг маш ойрхон байгаа. Монгол бол маш их байгалийн баялагтай улс. Энэ баялгийг судлахад төр өөрийнхөө нүдээр харж, чихээр сонсох ёстой. Төрийн тэр “нүд, чих” нь Геологийн төв лаборатори. Тиймээс энэ лабораторийн үйл ажиллагааг зогсоох биш өргөжүүлэх ёстой. Бие даасан байдал гэдэг бол дэлхийн хэмжээний маш чухал асуудал. Бие даасан хараат бус байдлыг дэлхий эрхэмлэдэг. Бие даасан хараат бус лабораторийн гаргасан үр дүнг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Түүнээс хэн нэгэн, ямар нэгэн байгууллагын харьяа лабораторийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй. Бид төрийн нэрийн өмнөөс шинжилгээ хийдэг. Бид олон жил Оюу толгойд хяналтын шинжилгээ хийж байна. Оюу толгойн баяжмалаас АМНАТ тооцож байгаа. Энэ үр дүнг Геологийн төв лаборатори гаргаж өгдөг. Геологийн төв лабораторийн үр дүнг дэлхий хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид үр дүнгээ бие даасан хараат бус гаргах ёстой. Хэрвээ нэг байгууллагын харьяанд байвал үүнийг дагаад нөлөөнд орох эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Геологийн төв лабораторийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үе үеийн төлөөллүүд олон арван жил хөдөлмөрлөсөн. Үүнийхээ үр дүнг гаргачихсан. Гэтэл өнөөдөр энэ үр дүн талаар болж байгаад харамсалтай байна. Геологийн салбар олон удирдлага, олон толгойтой болж байна. Геологийн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нэг байгууллага ажиллах ёстой. Тэр байгууллага нь ирэх 5, 10 жилд ямар судалгааны ажлыг хаана төвлөрүүлэх ёстой вэ гэдгээ шийдэж байх ёстой” хэмээн ярьж байв.
Мөн энэ үеэр Физикийн ухааны доктор, Геологийн төв лабораторийн захирал асан Н.Тэгшбаяр “Өнөөдөр уулзалтад ГТЛ-ийн төрөн гарсан 4 гавьяат маань, мөн лабораторийн үе үе удирдлагууд ирсэн байна. Геологийн төв лаборатори бол эрдмийн уурхай юм. Манай лабораториос олон эрдэмтэн төрсөн. Тэрний нэг нь би болж энэ л лабораториосоо физикийн ухааны доктор болсноороо бахархдаг. Геологийг төв лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори бөгөөд АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар стандарт загвар үйлдвэрлэгч, Ур чадварын сорилт зохион байгуулагч, олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны байгууллага юм. Би захирал байхдаа Ази Номхон далайн бүсийн хэмжил зүйн хөтөлбөрийн гишүүн болгож байсан. Ер нь бол ийм гайхамшигтай газар даа” гэсэн юм.
Р.ЖАРГАЛ
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2022 оны 12-р сарын 02-ны 20 цагаас 12-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 39-44 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32-37 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 27-32 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 26-31 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.