“Чиглэл” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бумцэндтэй ярилцлаа.
-Танай байгууллага дотооддоо хүнсний ган савыг үйлдвэрлэж байна. Хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Манай “Чиглэл” ХХК хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, импортын худалдаа, засвар үйлчилгээ явуулдаг 32 жилийн түүхтэй байгууллага. Жижиг дунд үйлдвэрлэлийн хүнсний зэрэглэлийн гол төлөв сургууль, цэцэрлэгийн гал тогооны төхөөрөмжийг үйлдвэрлэж худалдаалж байна. Эх орондоо баялаг бүтээж, хөгжлийг эрхэмлэгч хамт олон бид хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, нийлүүлэлтдээ үндэсний болон олон улсын эрүүл ахуйн чанар, стандартын шаардлагыг мөрдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан, хэрэглэгчээ дээдлэн салбартаа тэргүүлэгч байх зорилготой. Бид хүнсний ган савыг хоёр дахь жилдээ үйлдвэрлэж байна. Энэ савыг үйлдвэрлэж эхэлсний шалтгаан нь манай улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн хүрээлэн гэх мэт бүх шатны эрүүл мэндийн байгууллагаас хуванцар савны хор хөнөөлийн тухай мэдээлсээр байна. Манай улс оронд хэрэглэх савгүйн улмаас хуванцар савыг өргөнөөр хэрэглэсээр байна. Хуванцар сав нэгдүгээрт хямд, хөнгөн. Хуванцар саванд агуулагддаг хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхжүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан, хоолны дуршил муутгаж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай. Формальдегид нь хоёрдугаар зэргийн аюултайд тооцогдох хоруу чанартай бодис бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх бүтээгдэхүүн болон ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст болон амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт үүсгэх эрсдэлтэй. Тиймээс ундны ус, сүү, айраг, жимс бүх төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх зориулалттай амт чанарт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй, зэвэрдэггүй ган савыг хүссэн хэмжээ загварын дагуу үйлдвэрлэж байна. Би хүнсний тоног төхөөрөмжийн засвар механикийн мэргэжилтний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ бүтээгдэхүүнийг хийхээр болсон. Хүнсний ган савыг хоёр дахь жилдээ үйлдвэрлэж байна. Улаанбаатар хотод хоёр үйлдвэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нэг үйлдвэр бий. Өнгөрсөн наадмаар орон нутагт үйлдвэрээ нээсэн.
-Түүхий эд нь юу вэ, хаанаас хангаж байна вэ?
-Түүхий эд нь зэвэрдэггүй цэвэр ган, түүхий эдээ 100 хувь БНХАУ-аас импортоор авдаг. Түүхий эд болон тээвэрлэлт үнэтэй учраас бүтээгдэхүүн нэлээд үнэтэй гарч байна. Гэхдээ нэг удаа авчихсан байхад насан туршийн хэрэглээ. Ирэх жилүүдэд хотод саваа үйлдвэрлээд орон нутаг руу сум суманд нь хөл, таг зэрэг гагнуурын ажлыг хийж эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилготой. Тухайн орон нутагт ажлын байр бий болгоно. Сав эрүүл бол хүнс эрүүл шүү дээ. Одоогийн нөхцөл байдлаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг ярихаас биш яг ямар саванд үйлдвэрлэж, хадгалж, тээвэрлэж байгааг чухалчлахгүй байна. Төрөөс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах тухай ажлыг хэрэгжүүлж байх ёстой.
-Хүнсний ган савыг ямар хэмжээтэй, хэдэн төрлөөр үйлдвэрлэж байна?
-Усны савны хувьд 20, 30л, зөөврийн устай газар хэрэглэх 80-250л хүртэл үйлдвэрлэж байна. Үүнээс том хэмжээтэйгээр захиалгаар хийлгэж болно. 25-30л хэмжээтэй нь 180-220 мянган төгрөг, 35 литрийн бедон 350 мянган төгрөгийн ханштай үйлдвэрлэж байна. Хүмүүс манай бүтээгдэхүүнийг үнэтэй байна гэж хэлж байна. Энэ бол гааль, орлогын албан татвар гэх мэт төрд бүх төрлийн татвараа төлчихсөн нэмүү өртөг шингэсэн үнэ.
-Одоогоор өдөрт хэдэн ган сав үйлдэрлэх боломжтой вэ?
-Одоогоор тасралтгүй үйлдвэрлэл огт явуулахгүй байна. Бүх төрлийн хэв, загвараа бэлдчихсэн байдаг. Захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Захиалгагүй үед I хоол хийх зориулалтын “НМЗ-Я” маркийн олон үйлдэлт цахилгаан тогоо, II хоол хийх зориулалтын хайруулын “УНЗ-Я” маркийн ширмэн тогоо, шарах шүүгээтэй, шүүгээгүй цахилгаан зуухнууд, хоол халуун байлгагч, угаагуур, тавцантай тавцангүй, хэвийн боов чанах тогоо, тос шүүгч, ааруул хатаагч, ааруул шахагч, төрөл бүрийн хэмжээтэй нержин тавцантай бэлтгэлийн ширээ гэх мэт бусад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бид ойролцоогоор өдөрт 50 усны сав үйлдвэрлэх боломжтой.
-Худалдан авалт ямар түвшинд байна?
-Иргэдийн худалдан авалт маш муу байна. Эдийн засаг хүндэрч байгаатай холбоотой, бүх юмны үнэ өссөн. Хоногийн хоолоо яая гэж байхад юун усны сав авах вэ гэж байна шүү дээ. Канитнарын тээвэрлэлт хийдэг болсноос хойш үнэ 30 хувь нэмэгдсэн.
-Түүхий эд болох ган хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй материал уу?
-Тийм, зэвэрдэггүй ган хүнсэнд ямар нэг өнгө, амт, үнэр оруулдаггүй.
-Цаашид өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой вэ?
-Шарах шүүгээ гэхэд автомашинаар тээвэрлэж байхдаа зардал хямд байсан. Одоо маш үнэтэй болсон. Хоосон агаар импортлохгүй гэх зорилгоор ирэх жилээс хөргөгч, хөлдөөгч үйлдвэрлэхээр бэлтгэж байна.
-Зэвэрдэггүй ганг Монголдоо үйлдвэрлэх боломж бий юү?
-Монгол Улсад гангийн үйлдвэр байгуулчихвал ган сав байтугай их юм үйлдвэрлэнэ шүү дээ. Уг нь төмрийн хүдэр нь бий. Үйлдвэр байгуулах боломжтой. Манай төр засагт улс орноо хөгжүүлье гэх сонирхол алга.
-Танай үйлдвэрт хэд орчим хүн ажилладаг вэ?
-Нийтдээ 100 орчим хүн ажиллаж байна. Өвөл болж сүү цагаан идээ гарахгүй байгаатай холбогдуулан Өвөрхангай дахь үйлдвэр зогссон. Хавар, зунаас үйлдвэрлэл эхэлнэ. Яваандаа жилийн дөрвөн улиралд ган саваа үйлдвэрлэх зорилготой. Гадны хараат байна гэдэг ямар гамшиг вэ гэдгийг цар тахлын үед сайн ойлголоо. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ өмсөж, идэж, хэрэглэх нь улсын тусгаар тогтнолд маш чухал юм. Захиалгаар нийт 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Төрд сүүлийн дөрвөн жил бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Нийслэлд дөрвөн салбар худалдааны цэгээр борлуулж байна.